Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Энэрэл: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж болохгүй DNN.mn

Улс төрийн боловсрол олгох “UnFilter” подкастын үүсгэн байгуулагч, сэтгүүлч нийтлэлч Э.Энэрэлтэй ярилцлаа.


-Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Тойрог томорсноор саналын хуудас дээр бичигдэх нэр дэвшигчдийн жагсаалт нэмэгдэж байгаа. Сонгогчид яавал төөрч будилахгүйгээр саналаа өгөх вэ?

-Сонгуульд оролцоно гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс сонгогдох эрхээ эдэлж, хэсэг бүлэг хүмүүс сонгох эрхээ хэрэгжүүлж байгаа үйл явдал юм.

Сонгох эрхээ эдэлж байгаа иргэн бүрийн хувьд алдаа мадаг гарахгүй, нэгж иргэн таны санал үнэгүйдэхгүй байх нь нэн чухал. Бас өөрийгөө төлөөлүүлж элч болгон илгээж байгаа учраас тэр хүн итгэл даах, нийгмийн бүлгээ төлөөлж чадах хүн байх ёстой. Тэгэхээр тийм итгэл даах хүнийг намууд нэр дэвшүүлж өгөх ёстой.

Одоогоос жилийн өмнө иргэдийн дэмжлэг хангалттай биш байхад энэ парламент маань нэгж гишүүнд ирдэг эрх мэдлийг сааруулна, парламентын төлөөлөх чадварыг сайжруулна гэсээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосныг бүгд мэдэж байгаа. Иргэдийн хувьд үнэхээр сайжрах юм бол яамай даа гэсээр дуулгавартайгаар тэр өөрчлөлтийг хүлцсэн. Гэхдээ одоо намуудын нэр дэвшүүлэх үйл явц, яригдаж байгаа хүмүүс, сонгуулийг бүсчилсэн тойрог болгож асар том тойрог руу шилжүүлсэн зэргийг харахад хангалттай үр дүн харагдахгүй л байна. Манайх өмнө нь томсгосон мажоритор тойргоор хоёр ч удаагийн сонгуулиа өгч байсан ч анх удаа бүсчилсэн буюу хэдэн аймгууд нийлж, зарим дүүргүүд нийлсэн ийм хэлбэрээр төлөөлүүлэн саналаа өгөх гэж байна. Үүнийг судлаачид дэлхийд байдаггүй жишиг гэж байгаа. Эрх баригчид маань бүсчилсэн хөгжилтэй холбож юм, юм яриад л байгаа. Өнгөрсөн жил суурь хуулиуддаа дэвшилтэт өөрчлөлтүүдийг хийсэн ч, сонгууль дөхүүлж байгаад ямар хэлбэрээр явуулбал өөрсдөдөө ашигтай байх вэ гэж тооцоо гаргаж шийдсэн бүсчилсэн тойрог зарим нэг хүндрэлүүдийг яах аргагүй бий болгож байна.

Жишээлбэл энэ удаагийн холимог тогтолцоогоор, 10 мандаттай тойрогт наад зах нь 250 хүний нэрсээс өөрийгөө төлөөлүүлэх хүнээ сонгоно. Дээрээс нь нам эвслийг сонгоно. Энэ бол өмнө нь сонгогчдод ирж байгаагүй том даалгавар учраас төөрч будилах нь тодорхой. Угаасаа төөрч будилах эрхийг нь иргэдэд өгөх хэрэгтэй. Маш сайн мэдээллээр хангах хэрэгтэй. Арван мандаттай газар есөн хүнд санал өгсөн бол, нэг нам эвслээс илүүг тэмдэглэсэн бол таны саналын хуудас хүчингүй болно. Яг тэр өдөр хэрэв та андуурч бичээд саналын хуудсаа хүчингүй болговол нэг удаа солих эрх нээлттэй шүү, айж ичих хэрэггүй чөлөөтэй хэлээд аваарай гэдгийг хүмүүст хэлж өгөх хэрэгтэй. Цаг хугацаанд баригдалгүй тайвнаар сонголтоо хийх боломжийг ч хангах учиртай. Иргэдэд хандаж хэлэхэд энэ бол таны төрийн эрхийг албан ёсоор барих үнэт эрхээ өөр хүнд албан ёсоор төлөөлүүлэн шилжүүлэн өгөх гэж байгаа хариуцлагатай үе учраас тэнд очоод танил харагдсан нэрээ дугуйлж болохгүй шүү гэдгийг сайн хэлмээр байгаа юм. Танай тойрогт хэдэн хүн нэр дэвшиж байна, хэн байна гэдгийг судлаад сонголтоо хийгээд очоорой гэдгийг бүр гуймаар байна. Та өөрийнхөө амьдралын төлөө хариуцлагатай байх үедээ хариуцлагатай байхгүй бол улс төрийн нам хүчнүүд бидний амьдрал дээр яаж “танц” эргэдгийг бид хангалттай харлаа шүү дээ. Дээрээс нь намуудын нэр дэвшүүлж “шахсан” хүмүүсээс нэр дугуйлах биш харин сөргүүлэн ямар хүмүүсийг хүлээж байгаа, хүсч байгаагаа илэрхийлэх шаардлагатай. Яг одоо намууд нэр дэвшигчдээ тодруулахаар ид ажиллаж байгаа үед нь бид илэрхийлэх хэрэгтэй. Бид бүгдээрээ нүүр номоороо үүнийг шахаж нэхэж болно, хүн болгон л фэйсбүүкийн хэрэглэгч байна шүү дээ. Намуудын шахсан нэрс дээр биш ямар хүнээр төлөөлүүлмээр байгаагаа нийтээрээ илэрхийлээсэй.

-Бид улс төрийн намаар дамжуулж төр улсаа байгуулах тогтолцоог эргэлт буцалтгүйгээр сонгосон. Гэтэл одоо улс төрийн намын нэр хүнд хамгийн доод түвшиндээ хүртэл унаад байна. Үүний шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Төлөөллийн ардчилалд хувь иргэн бүр өөр өөрийн үзэл баримтлалд тохирсон төлөөллийн байгууллага буюу улс төрийн намаар дамжуулж засаглалд оролцдог. Ардчилалд алдаа оноо олон бий. Гэхдээ энэ замаас буцах тухай ярьж болохгүй. Харин хэрхэн сайжруулж болох вэ гэдгээ л хаа хаанаа ярих ёстой. Өнөөдөр хүмүүс нам муухай, нам дагасан хүмүүс муухай гээд зугатаад байдаг болж. Нэг талаас тэгж харагдаж байгаа нь үнэн. Гэхдээ тэгэх тусам бидний оролцоогүйгээр хэдэн хүн бидний амьдралыг шийдээд байна. Нэгэнт улс төрийн намаар л дамжуулж засаглалд оролцох боломжтой байдаг юм бол тэр намуудыг цэвэр зөв, авлигаас ангид, оролцоо төлөөллийг хангасан, бодлогын нам байх ёстой гэж бид шахах хэрэгтэй байна. Түүнээс нам муухай гээд зугатахын хэрээр бидний оролцоогүйгээр тэнд хэдэн хүн бидний амьдралыг шийдээд байгааг ойлгох цаг болжээ. Бидний засаглалд оролцох боломжоор хангах төлөөллийн байгууллага нь яг энэ зарчмаар ажиллаж чадаж байна уу, зөвхөн эрх мэдэлд хүрэх гэсэн хэсэг бүлэг хүний төлөө ажиллаад байна уу гэдгийг бид хянах хэрэгтэй. 2023 онд хийгдсэн судалгаагаар улс төрийн нам хамгийн нэр хүнд муутай байгууллагаар тодорсон. Иргэдийн 80 хувь улс төрийн намуудад итгэхгүй байна. Тэгэхээр намууд ч иргэдийн итгэлийг олж авахын төлөө хичээх ёстой, дотоод ардчилал, соёл төлөвшил дээрээ анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Нийт сонгогчдын насны иргэдийн 50 хувь нь залуучууд байна. Тэдний хандлага нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдсөн. Гэтэл намын хөгжил нь гацчихсан. Хууль эрх зүйн хүрээнд асуудал байгаа, түүнийгээ бага багаар шийдээд явж байгаа ч намын доторх соёл хандлагыг хууль өөрчлөхгүй шүү дээ. Гишүүд нэг бүрийн бодит оролцоо, удирдлагын манлайлал л үүнийг өөрчилж чадна.

-УИХ-ын төлөөлөх чадварыг ярихын өмнө түүнийг бүрдүүлдэг улс төрийн намын төлөөлөх чадварыг ярих нь зөв юм биш үү. Ер нь ямар хүн нэр дэвших ёстой вэ, намууд яг яах хэрэгтэй байна гэж та харж байна вэ?

-Яг зөв. Бид хаа хаанаа парламентын төлөөлөх чадварыг л яриад байхаас улс төрийн намын төлөөлөх чадварыг ярьдаггүй. Улс төрийн нам гэдэг бүлгийг муухай бохир л гээд оролцохоос ч, ярихаас ч аль болох зугатааж ирсэн. Гэтэл энэ улс төр, засаглал, нийгмийн хямралын эхлэл цэг нь нам өөрөө болчихоод байна. Тэгвэл бид тэрийг өмхий ч гэсэн угааж цэвэрлэхээс өөр замгүй. Өнөөдрийн нам маргаашийн Монголын төр шүү дээ. Улс төрийн намын төлөөлөх чадвар, соёл, төлөвшил гээд бүх зүйлийг эмхэлж цэгцэлж байж бид парламентаа сайжруулах боломжтой. Нам өөрөө үүнийг ухамсарлахгүй бол сонгууль ямар ч тогтолцоогоор явсан, 126 гишүүнтэй болсон ч чанарын хувьд ямар ч өөрчлөлт гарахгүй л дээ. Дахин хэлэхэд, залуус, манай сонгогчид тун хэрсүү болсон. Тэдэнтэй хөл нийлүүлж нам хөгжиж,хэл хөл зэрэгцэж ирэхгүй бол болохгүй цаг ирсэн шүү гэдгийг хэлмээр байна.Тиймээс намууд өөрсдөө тэсч үлдэхийн тулд энэ удаад нэр дэвшүүлэх хүмүүсээ маш ихээр бодох хэрэгтэй, судлах хэрэгтэй. Яг л олон түмний төлөөлөл болох нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангалттай оруулж ирэх хэрэгтэй. Алдагдсан итгэлийг олж авахын төлөө хичээх нь нэг талаас намд нь хэрэгтэй, цаашлаад төр засаг, улс орны эрх ашигт хэрэгтэй юм даа.

-Сонгуулийн зардал асар их өсөхөөр байгаа. Хямд төсөр аргаар сонгууль явуулах ямар боломжууд харагдаж байна вэ?

-Сонгуулийн зардлыг бууруулна гэдгийг ярьсаар өнгөрсөн жилийн өдийд Сонгуулийн тухай хуулийг баталсан. Сонгуулийн зардлыг бууруулахад том алхам боллоо гэж харж байсан. Гэтэл сонгуулийн тойргоо бүсчилж зураад энэ зорилгоосоо ухарчихлаа. Тоглоомын дүрэм биднээс шалтгаалахгүй ингээд зурагдчихсан. Намууд аль хувилбар бидэнд ашигтай вэ гээд бодоод ирэхээрээ тэр хуулийг баталж байгаа нөхөд амин хувийн эрх ашгаа тооцохоор гажуудал үүсгэдэг. Өнөөгийн парламентад байгаа дөрөв, тав сонгогдсон нөхөд одоо хуучин тойргоосоо гарах боломжгүй, харин зэргэлдээ аймгуудтайгаа нийлчихсэн тохиолдолд надад ямар боломж гарч ирэх вэ гээд тоо бодчихсон тал байгаа нь үнэн. Үнэхээр 10-20 жил энэ хүнээр төлөөлүүлээд юу ч өөрчлөгдсөнгүй гэж бодсон иргэн өөрчлөлт хийе гэхэд нөгөө тойргийн иргэн арай таньдагаар нь өнөө нөхрийг л дугуйлах гээд байгаа хэрэг шүү дээ.

Өнөөдөр хэдэн аймаг дамнаад хэдэн зуун км давхихад зардал чирэгдэл үнэхээр их байна. Намын жагсаалтад нэр дэвшигчдээсээ нам нь авах мөнгөний тоо ч тав, арван тэрбумаар яригдаж байна. Хуулиар дэнчин байхгүй ч намуудын дунд энэ тоо яригдаж байгаа нь нууц биш. Дахиад л нөгөө намуудыг хэлэх гээд байна.

Намд сонгуулийн зардлыг бууруулах хүч нь байгаа. Техник технологийн дэвшлийг ашиглаад арай өөр соёл тактикаар сонгуульдах боломж байгаа шүү дээ. Зүгээр сэтгэл байгаад санаачилга байвал олон боломж бий. Өнөөдөр гишүүд хийсэн ажлын тайлангаа тавих хуулийн хугацаа эхлээд явж байна. Зарим гишүүд сошиал сүлжээгээ ашиглаад тайлангаа тавьж байгааг би хувьдаа зөв гэж харж байна. Сонгуулийн зардлын дийлэнх хувь хэвлэл мэдээллийн зардалд зарцуулагддаг.

Сонгогчдыг хараад байхад, хэвлээд өгсөн тайланг нь хогийн саванд хийснээ чухал зүйл гэж бодоод байх шиг байна. Юу хийсэн бэ гэж асуугаад юмаа ярихаар уурлаад байдаг. Нэг талаас иргэдийн итгэл ингэж унатал өнгөрсөн хэдэн арван жил явж ирсэн байна, нөгөө талаас иргэд бид ингэлээ гээд юуг ч өөрчлөхгүй гэдгээ ухаарах цаг болсон. Харин хэн яг ямар хууль баталсан, тэр нь бидний амьдралд ямар ач тус авчирсныг нөгөө ясыг нь цайтал асуух хэрэгтэй, тайланг нь нэхэх хэрэгтэй. Ухаалаг утсаа ухаалгаар ашиглаад, тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсээ судлаад үзээрэй гэж уриалмаар байна. Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж ирсний хор уршиг өнөөдрийн бидний байгаа байдал шүү. Сонгогч та ч сонгуульд үүрэг хариуцлага хүлээх ёстой. Эс бөгөөс энэ улс төр танаас улам л алсрах болно гэдгийг хэлмээр байна.

-Ямар хүмүүст ээлтэй, ямар хүмүүст халтай сонгууль болох бол?

-Дээр хэлсэнчлэн олонд танигдсан хүмүүст боломж илүү. Залуучууд, шинэ тутам хүмүүс, эмэгтэйчүүдэд энэ боломж үнэхээр хумигдмал байгаа нь илт. Уг нь гишүүдийн тоог 126 болгоно гэхдээ төлөөллийг хангана гэсэн ч энэ байдал харагдахгүй л байна. Хүн амын 51 хувь болсон эмэгтэйчүүдийн төлөөллийг хангаагүй байхад залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бусад бүлгийн төлөөлөл хангагдах нь ёстой наян нэг дэх асуудал болчихож. Одоо энэ маягаараа 126 гишүүний 100 нь эрэгтэй гишүүн гарахаар байна. Жагсаалтын 50 хувь нь эмэгтэй гэж байгаа ч тойрогт ердөө 14 эмэгтэйг л явуулахаар намууд төлөвлөж байгаа нь нууц биш. Тэгэхээр 13 тойрогт 14 эмэгтэй. Арван мандаттай тойрогт ганц эмэгтэй нэр дэвшигч байна л гэсэн үг. Сонгуулийн тухай хуулинд аль нэг хүйсийг нэр дэвшүүлэх доод хэмжээ нь 30 хувь байна шүү гэж зааж өгсөн нь дөнгөж тэр босгоо давуулаад нүд хуураарай гэсэн үг биш л дээ. Уг нь өнгөрсөн жилийн өдийд манай улс төрийн 10 нам өөрсдийн дотоод бодлогоороо аль нэг хүйсийн оролцоог дор хаяж 40 хувьд хүргэнэ гэж амласаны сонины хуудас нь шарлаж амжаагүй байгаа. Тэр 10 нам арвуулаа СЕХ-нд бүртгэгдсэн 25 нам дотор байгаа. Тэгэхээр тэднийг амлалтадаа хэрхэн хүрэхийг харъя гэж бодож байна. Хэвлэлүүдээр тойргуудад хэн, хэн явах тухай сонгуулийн прогноз эмэгтэйчүүдийн тоон дээрээ алдсан байх гэж л найдаж байна даа. Нээрээ, дээр хэлсэн иргэд улс төрийн намуудад итгэхгүй байна гэдэг дээр яагаад гэхэд юу гэж хариулсан гэж бодож байна?

-Юу гэж хариулсан юм бол?

-Намууд амласандаа хүрдэггүй учраас иргэд итгэхгүй байна гэсэн. Сонгуулиар амласныг нь дөрвөн жилийн дараа мартчихдаг гэж намууд боддог бол иргэд хэрсүү болсон шүү. Жилийн өмнөхийг бүр ч мартаагүй байгаа шүү гэдгийг анхааруулчихья.

-Монголчууд зөв хүнийг төрд гаргах ёстой гэдэг. Гэтэл тэр зөв хүмүүс нь мөнгөгүй байдаг. Мөнгөгүй хүмүүс сонгуульд ялах боломжгүй. Тэгэхээр яавал зөв хүмүүсийг УИХ-д гаргаж ирэх вэ?

-Бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Сонгууль дөхөөд ирэхээр эд нар царай алдаад ирдэг юм, гуйдаг юм гэж бидний дийлэнх боддог. Үнэхээр ч тэгдэг. Бид ч арай дээр гэж бодсондоо саналаа өгдөг, тэд мартдаг. Одоо бид ч бас алхам хийдэг болох хэрэгтэй. Яг үнэндээ биднийг төлөөлж чадах сэтгэлтэй, зүтгэлтэй зөв хүмүүст мөнгө байхгүй. Өнөөдрийн улс төрийн тоглоомын дүрмээр тоглож чадахгүй. Нүүрсээр мөнгө олохгүй, зээлийн сангуудаас мэдээлэлд ойр гээд мөнгө авдаггүй. Энэ төр улсаа байгуулах үйл явц бол бидний үүрэг учраас хэн над дээр ирэх вэ гээд хүлээж суулгүй, хэн шиг хүнийг дэвшүүлбэл танай намд саналаа өгөх вэ гэдгээ илэрхийлж сурах хэрэгтэй. Намууд санал их авч, суудлын тоогоороо төр засаг байгуулах эрхээ авдаг. Тиймээс тэдний чих зөөлөн байх энэ үед бид хэлэх хэрэгтэй. Нөгөө талаас “дүлий” энэ намуудыг иргэдээ сонсдог болгох хэрэгтэй. Бид улс төрийн боловсрол, иргэний боловсролоо нэмэгдүүлэх шаардлагатай.

Бид энэ чиглэлд хэдий чинээ харанхуй байна, намууд тэр хэрээр наадаж байна шүү дээ. Бид өөрсдөө УИХ-ын гишүүн хүний хийх ёстой үүргийг ч мэдэхгүй, сургуулийн дээврийн зардал, аар саар юм нэхсээр байгаад үндсэн том бодлогын өөрчлөлтийг тэд хийхгүй аргацааж ирлээ. Тийм ажил хийж байгаа хүмүүсээ үнэлж, ялгаж салгаж чадахгүй. Орон нутгийн сонгуулийн ач холбогдлоо мэдэхгүй, ирцэндээ ч хангалттай хүрэхгүй явсаар өнөөдөр ямар аймаг, ямар хотод амьдарч байгаагаа хар л даа. Тэгэхээр бид яг энэ мөчид улстөрчид ингээд байна гэхээсээ бид юуг хийж чадах вэ гэж асуувал өөрчлөлтийг илүү түргэн авчрах юм шиг санагдах болсон шүү. Сонгуулийн өдөр эртхэн очоод саналаа өгчих хэсэг байхад орой болтол нэг санал хэдэн төгрөг болох бол гээд хүлээдэг хүмүүс бий болсон. Энэ бүхэн өнөөдөр бидний амьдралыг чөтгөрийн тойрогт оруулсан шүү. Таны саналыг мөнгөөр авч байгаа хүмүүс бол таны ирээдүйг юугаар ч худалдахад бэлэн хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс өөрийг чинь үнэ цэнтэй байлгах тэр эрхэнд чинь мөнгөөр халдахыг хэнд ч битгий зөвшөөр. Тийм оролдлого хийж байгаа хүмүүсийг төрд гаргавал тэр аргаараа бүгдэд хандах этгээд гэж хар жагсаалтадаа бичээд аваарай. Ингээд өөрийн зүгээс нэг алхам хийхэд, дараа дараагийн олон шат урагшлах боломж гарч ирнэ гэж хэлмээр байна даа. Нэг үеэ бодвол юмс сайн тал руугаа эргэж байгаа гэж санагддаг. Ядаж итгэхийг хүсдэг.

Өнгөрсөн хугацаанд бидний алдаа бол улс төрийн намын төлөвшлийг өөрт нь даатгаж үлдээсэн явдал. Энэ алдаагаа засаж, намыг төрөөс санхүүжүүлэх, үүрэг хариуцлагыг санхүүжилттэй холбосон гээд олон чухал өөрчлөлтүүд хийгдсэн. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг хэрэгжүүлэх нь нам. Харин ямар тохиолдолд энэ боломжтой вэ гэвэл олон нийтийн хяналт дор. Тэгэхээр иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх тал дээр л ажиллах шаардлага гарч байна. Гэтэл улс төрийн боловсрол олгох хамгийн том платформ бол улс төрийн нам өөрөө байдаг. Шинэ хуулиар улс төрийн боловсрол олгох, нийгмийн бүлгийн төлөөллийг хангахыг үүрэгжүүлж, хариуцлагыг санхүүжилттэй нь холбож өгсөн нь хамгийн том амжилт гэж харж байна. Гэхдээ хариуцлагын механизмыг сайжруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Ингээд харахаар бүх зангилаа нам руу чиглэж байгаа биз. Тэгэхээр нэг талаасаа намууд хичээж нөгөө талдаа иргэд бид ч хичээх ёстой. Тэр ч утгаараа олон жил улс төрийн тойм нийтлэл бичиж ирсэн миний хувьд улстөрчтэй үзэлцээд байсан аргаа өөрчилж, иргэдэд улс төрийн мэдлэг боловсрол олгох чиглэлд ажиллаж байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана DNN.mn

“Шинэ хоршоо” хөтөлбөрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.


-“Шинэ хоршоо” хөтөлбөрийг санаачлан өнгөрсөн хугацаанд бүсүүдэд нээлт хийлээ. Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэн гүй мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Засгийн газраас энэ оны өвөл, хавар цас зудын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Уламжлалт мал аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Уг хууль мал аж ахуйн салбарыг эрсдэлд тэсвэртэй байх үндсэн зорилгыг агуулсан. Учир нь сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болоод ган, зудын нөхцөл байдал ойр, ойрхон давтагддаг боллоо. Энэ жилийн хувьд цас орж эхлэх үед Онцгой байдлын ерөнхий газар болон НҮбаас гаргасан урьдчилсан дүгнэлтээр 16-18 сая мал хорогдох эрсдэл байна гэж гарсан.

Тийм болохоор Засгийн газраас малаа зах зээлийн эргэлтэнд оруулахыг малчдадаа уриалсан. Үүний үр дүнд малчдын гар дээр 50 гаруй мянган тонн мах бэлтгэгдсэн байгаа юм. Энэ чинь 10 гаруй сая толгой мал эдийн засгийн эргэлтэнд орсон гэсэн үг. Харин өнөөдрийн байдлаар 7.4 сая толгой мал хорогдсон гэсэн мэдээ байна. Цаашдаа жил бүр ийм байдалтай даваад явна гэдэг хүндрэлтэй. Тийм болохоор илүү тэсвэртэй мал бий болгох зорилгоор хөрөнгө оруулалт хийх боломжийг хоршооны гишүүн малчдад олгохоор ажиллаж байна. Засгийн газраас өнөөдрийн байдлаар гурван төрлийн арга хэмжээ авч ажиллаж байгаа.

-Тэр нь ямар арга хэмжээ билээ?

-Нэгдүгээрт, малаа их хэмжээгээр алдсан малчдыг малжуулах хөтөлбөрийн хүрээнд өрх тус бүрд найман сая төгрөгийн таван жилийн хугацаатай, хүүгүй зээлийг олгох шийдвэр гаргасан. Энэ бол жил бүр улсын төсөвт батлагддаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог мөнгө. Харин өмнө нь таван сая байсныг найман сая төгрөг болгож нэмсэн. Одоо хагас жилийн мал тооллого хийсний дараагаар хэдэн айл малаа их хэмжээгээр хорогдуулсан байна гэдэг нь тодорхой болно. Ингэснээр тухайн айлууд зээл авах эрх нь нээгдэнэ.

Хоёрдугаарт, малчны буюу хэрэглээний зээлийн эргэн төлөлт дээр малчдад бодитой хүндрэл учирсан. Малаа, төлөө их хэмжээгээр алдсан. Ийм болохоор малчдын орлого тасалдах нь тодорхой болсон. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан учраас малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг арилжааны банкуудад гаргасан.

Тэд ч гэсэн дэмжсэн.

Харин нэг жилээр төлөлт хойшилж байгаа ч хүүгийн хуримтлал үүснэ. Тиймээс хуримтлагдсан хүүгийн 75 хувийг нь Засгийн газраас нэг удаа төсвийн мөнгөөр төлж барагдуулахаар болсон. Гуравдугаарт, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ хөдөлгөөний хүрээнд малчид маань Зээлийн батлан даалтын сангаар 80-100 хувийн баталгаа гаргуулаад нэг малчин 50 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжийг нь нээж өгч байгаа юм. Зээлийн батлан даалтын сан өмнө нь 60 хүртэл хувийн баталгаа гаргадаг байсан ч энэ удаад 80-100 хувь болж байгаа. Малчид нийлж хоршоо байгуулна.

Тухайн хоршоо мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа явуулах зориулалттай байх ёстой. Энэ тохиодолд төсөл сонгон шалгаруулалтаар хоршоонд тав хүртэлх га газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ. Ингэхээр малчид маань зээлээ авчихна, газартай болно. Хөрөнгө оруулалтаа хийгээд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтыг хийх боломжтой болно. Дундын хоршоогоо байгуулаад боловсруулалтын шатыг бүтэн хийсэн ч болох боломжийг Засгийн газраас гаргаж өгч байгаа юм. Үр дүнд нь чинээлэг малчин бий болох ёстой. Өнөөдөр малчдын сарын дундаж орлого 1.5 сая, зарлага нь 2.1 сая төгрөг гэж гарсан. Нэг үгээр малчин хүн сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай амьдарч байна. Ингэхээр хэдий чинээ олон жил малчин байна, төдий чинээгээрээ амьдралын чанар нь доройтно гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр зээлээ аваад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр чинээлэг малчин өрхүүд бий болох боломжтой. Засгийн газар таван жилийн хугацаатай таван их наядын хөтөлбөр зарлаж байгаа. Энэ таван жилийн хугацаанд өнөөдөр байгаа малчдын орлого 3-4 дахин нэмэгдэх боломжийг нээж өгч байна гэж ойлгож болно.

-Малын түүхий эдийн үнэ хэт доогуур, мал, махаа гадагш нь гаргахад малын өвчлөл зэргээс шалтгаалан хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Малын түүхий эдийг гадаадын болон дотоодын зах зээлд нийлүүлье гэхээр нэг л зүйл шаардлага хангадаггүй. Тэр нь чанар. Мах нь чанарын шаардлага хангадаггүй. Эрүүл байна уу, үгүй юу гэдэг асуудал үүсдэг. Малаас гарч байгаа дайвар бүтээгдэхүүн, түүхий эд ч ялгаагүй. Бохирдол ихтэй, халдвартай байдаг. Үхрийн шир дээр ярихад л гараар нядалдаг учраас хутганы ир орж байна. Үхрийн гуур, арьс товруутах гээд халдварт өвчин их. Вакцин нь чанаргүй, стандартын шаардлага хангахгүйгээс үүдэн арьс нь хатуурдаг. Мал нь гадна талаасаа механик гэмтэл их авч байна. Ингэхээр цаашаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр чанартай түүхий эд, тогтвортой ханган нийлүүлэлт хэрэгтэй. Мах, сүү, малын түүхий эд жилийн дөрвөн улиралд өдөр бүр шинээрээ зах зээлд нийлүүлэгддэг байх шаардлагатай. Үүний үр дүнд махыг намар хямд, өвөл нь үнэтэй иддэг байдал арилна. Өдөр бүр шинэ, ижилхэн үнэтэй мах хэрэглэдэг байх боломжийг нээж өгнө. Сүү, сүүн бүтээгдэхүүн ч гэсэн мөн адилхан. Өвөл сүүний гарц багасдаг учраас үнэ нь нэмэгдчихдэг. Гэтэл зун нь малчны хотонд сүү нь хямдхан байсан ч хот суурин газарт үнэ нь буурдаггүй. Тогтвортой ханган нийлүүлэлт бий болохгүй байгаа учраас ийм нөхцөл үүсээд байна.

-Өдөр бүр шинэ мах, сүүг хотод оруулж ирэхийн тулд тээвэр ложистикийн асуудал мөн хөндөгдөх байх?

-Анхан шатны үйлдвэрлэл, боловсруулалтын ажлууд хийгдээд эхлэхээр аяндаа түүнийг дагасан дунд шатны боловсруулалт, тээвэр ложистикийн сүлжээ үүснэ. Үүнийгээ хийх боломж нь ч хөрөнгө ороуулалтын зээлээрээ нээгдэж байгаа юм. Ер нь төр энэ бүхнийг хийж өгөх ёстой гэхээсээ илүү эдийн засгийн ийм том боломж нээгдэж байгааг малчид, ард иргэд маань бүтэн ашиглах ёстой.

-Бүс тус бүрээрээ гаргах бүтээгдэхүүн нь өөр, өөр байх уу?

-Сум орон нутаг, газар зүйн байршил, нутгийн онцлогоосоо хамааран ямар төрлийн мал аж ахуйн үйлдвэрлэл хийх вэ гэдэг нь өөрсдийнх нь сонголт байна. Тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөндөө уялдаж хоршоо байгуулагдаж, тэр нь мал аж ахуйн үйлдвэрлэл явуулах нөхцөл нь бүрдэнэ. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд хэлэхэд малчин өрх бүр хоршооны гишүүн болно гэсэн ойлголт байхгүй. Энэ хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлье гэсэн хүсэл зорилготой малчид нэгдэж л хоршоо байгуулаад үйлдвэрлэлийнхээ ажлыг хийгээд явна.

-Хоршоо байгуулж байгаа малчдад сургалт явуулж, зөвлөмж өгөх үү?

-Энэ хөдөлгөөнийг бид зүгээр л зарлаад орхихгүй. Засгийн газраас хоршоонд нэгдэж байгаа малчдад хоршоо байгуулах, арилжааны банканд зээлийн хүсэлтээ гаргах ажлыг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотоос төрийн 1400 гаруй албан хаагчийг өөрсдийнх нь хүслээр томилж, хөдөө ажиллуулна. Нэг ч малчин өрхийг үлдээхгүй, мэдээлэл өгч сургалт явуулахыг Засгийн газар зорьж байгаа. Түүнчлэн төсөл бичихэд арилжааны банк, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан хамтран ажиллана. Цаашдаа хоршооны 30-300 төрлийн загвар төсөл гарч ирж болно. Газар нутаг, малын төрөл, өөр өөрийн онцлогоос хамаарч хэрэгжээд явах юм.

-Эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хэт хөгжүүлэх нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйг байхгүй болгох эрсдэлтэй гэх хүмүүс байдаг?

-Тийм учраас л энэ хөтөлбөрийн чинь гол зорилго тэнцвэртэй мал аж ахуйг бий болгох юм. Нэг хэсэг нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлээд л явна. Гэхдээ тэр мал нь эрсдэлд тэсвэртэй байх ёстой. Малчин нь өвс, ногоон тэжээлээ бэлтгэчихдэг. Худаг усаа гаргаад, хашаа хороогоо засаж сайжруулах хэрэгтэй. Нөгөө хэсэг хагас эрчимсэн, үлдсэн нь бүрэн эрчимжсэн фермерийн мал аж ахуй руу шилжинэ. Энэ бол зах зээлээрээ өөрөө зохицуулагдаад явна.

-Хоршоодод олгох зээлд нийтдээ хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Хэзээнээс зээлээ авч болох вэ?

-Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд ерөнхий зээлийн хэлэлцээрийг хийгээд гэрээгээ байгуулсан. Үүний үр дүнгээр зээл маргааш (өнөөдөр)-аас эхлэн гарах боломж нь нээгдсэн. Арилжааны банкууд энэ зээлийг эхлээд малчны зээл юм байна гэж харж байсан. Харин төсөл танилцуулагдаад явснаар энэ бол хөдөө аж ахуйн салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын зээл, том боломж гэдгийг харсан.

Өнөөдөр арилжааны банкуудаас олгогдож байгаа нийт зээлүүдийн таван хувь нь л мал аж ахуйн салбарт олгогдож байна. Тэгвэл энэ хөтөлбөрөөр дамжин дор хаяж 20 хувь нь мал аж ахуйн салбарт олгогддог, эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болно. Ингэж чадвал энэ салбарт эргэлдэж байгаа хөрөнгө багаар бодоход дөрөв дахин нэмэгдэнэ. 

Арилжааны долоон банк дэмжиж зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тэд бүгд өөрийн эх үүсвэрээр санхүүжилтийг хийнэ. Харин Засгийн газар зээлийн хүүгийн зөрүүг төсвөөс татаас хэлбэрээр олгоно гэсэн зохицуулалтаар явж байна. Энэ оны хувьд арилжааны банкууд 500-700 тэрбум төгрөгийн зээлийг өөрийн эх үүсвэрээр гаргах боломжтой гэдгээ мэдэгдсэн. Цаашдаа эргэлт нь хурдан явагдах тусам зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой гэдгээ хэлсэн.

-Арилжааны банкууд зээл олгохдоо хэт хатуу журам тогтоох вий гэсэн болгоомжлол байна?

-Аль болох шаардлага, шалгуур бага тавьж, хүндрэл үүсгэхгүй байх. Энэ салбарыг с эргээхэд нийгмийн хариуцлагатай оролцох хүсэлт тавьж байгаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу” хэмээн өгүүллээ DNN.

“Өдрийн сонин”-ы 2024-05-03-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ
“Улаанбаатар хотыг өдөрт 10 мянган жуулчин хүлээж авах боломжоор хангахаар ажиллаж байгаа” хэмээснийг V нүүрээс уншаарай.

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Намын даргын Ажлын албаны дарга Э.Галбадралтай ярилцлаа. Түүнийг Дүнжингаравын дэргэдэх аймшигт галд өртсөн гэдгээр нь хүмүүс мэднэ. Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж ирээд намын ажилдаа ханцуй шамлан орсон түүнтэй ярилцахад сонирхолтой байлаа. Түүнээс тийм нэг эр зориг, амьдралын үнэ цэн, ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэл мэдрэгдэж байсныг онцолъё.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу” хэмээн өгүүллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж, үржүүлэхийн хүрдээр арвижуулна” Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлт Монголбанкинд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Бэхэн цэнхэр тэмдэглэл

Монгол Улсын гавьяат агромномич , шинжлэх ухааны доктор,профессор Б.Доржтой хаврын тариалалтын талаар ярилцлаа. Тэрбээр “Энэ жилийн хувьд хөрсний
чийг аль ч бүсэд сайн байна” гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Галбаатар: Сэтгүүлчдийг яллагдагчаар татдаг жишиг тогтчихлоо DNN.mn

Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмааг баривчилсан асуудлаар “Глоб Интернэшнл” төвийн хуульч А.Галбаатартай ярилцлаа.


-Сэтгүүлч А.Баярмааг ямар үндэслэлээр баривчлан хорих болов?

-Сэжигтэн байх үедээ оргон зайлсан гэдэг үндэслэлээр. Баривчлах, цагдан хорих асуудлыг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэдэг. Баривчлах гэдэг нь цагдан хорихоос арай өөр. Сэжигтнийг баривчилдаг. Тухайн хэрэгт сэжиглэгдэж байгааг нь сэжигтэн гээд, хийсэн гэм буруу асуудал байж магадгүй, шүүхээр шийдвэр лэх шаардлагатай гэж үзвэл яллагдагчаар татдаг. Баривчлах саналыг прокурор шүүхэд өгдөг. Мөрдөгч эхлээд прокурорт саналаа гаргана. Баривчлах үндэслэлүүдийг мэдээж хуульд заагаад өгсөн байдаг. Үндэслэлтэй гэж үзвэл шүүхэд санал оруулдаг ийм зохицуулалттай. Өнгөрсөн оны нэгдүгээр сард өөрийнх нь мэдээлснээр Эмчилгээ хийлгэх зорилгоор Америк руу явсан гэж буй. Мөрдөгч тайлбарлахдаа Оргон зайллаа гэсэн үндэслэлээр прокурорт хандаад, прокурор хоёр сард шүүхэд санал оруулжээ. Сэтгүүлч А.Баярмаа дөрөвдүгээр сарын сүүлээр Монголд ирээд долоо хонож байхад нь баривчилсан байна лээ. Баривчлах хугацааг 48 цагаас дээш байх боломжгүй. Мөн хойшлуулашгүй тохиолдолд шүүхийн зөвшөөрлийг авахгүйгээр баривчлаад, дараа нь шүүхийн зөвшөөрлийг нөхөж авдаг зохицуулалттай.

Тухайн үед албан ёсоор хилийн хориг тавиагүй байсан. мар нэгэн хууль бусаар гарсан юм бол байхгүй. баривчлах хоног нь дуусчихаар мөрдөх байгууллага тэр хүнийг гадуур байлгах сонирхолгүй учраас тэр. Дараагийн арга хэмжээ нь болохоор цагдан хорих саналыг шүүхэд өгсөн байгаа юм. Цагдан хоригдох гэдэг нь яллагдагч дээр яригддаг. Сэжигтэн байхаа больсон гэсэн үг. Дараагийн асуудал нь зөвхөн хорих ялтай гэмт хэрэг дээр цагдан хорьдог.

-Ямар хуулийн зүйл ангиудаар буруутгагдаж байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйл ангиудаар буруутгагдаж байна. Энэ нь хорих ялгүй 4 0 мянгаас нэг сая 30 мянган төгрөгөөр торгодог. Тийм учраас хорих ялтай өөр гэмт хэрэг буюу 1.6 дахь зүйл заалтаар яллагдагчаар татсан байгаа. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулийн 13, 14, 1.6 гэдэг зүйл заалтуудаар яллагдагчаар татдаг жишиг тогтчихлоо. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг, А.Баярмаа дээр ч энэ 1.6 зүйл заалт адилхан байна. Энэ 1.6 гэдэг нь өөр гэмт хэрэг юм. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, тийм байшин, мөнгөө надад өг гэдэг утгатай гэмт хэрэг. Энэ үед мэдээж тухайн хүн чинь хүч хэрэглэнэ. Хүч хэрэглэхээр заналхийлнэ. Эсвэл чи надад мөнгө өгөхгүй бол чиний талаарх энэ мэдээллийг тараалаа шүү гэж эд хөрөнгийг нь олж авахад чиглэсэн үйлдлүүд байдаг.

Энэ зүйл заалтын дунд нь байгаа Эрх ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэдэг хэсгийг нь сугалж аваад түүгээр яллагдагчаар татаж байна. Мөрдөн байцаах байгууллагын буруу шийдвэр дээр яваад байна.

Сэтгүүлч А.Баярмаа хоёр, гурван жилийн өмнөөс адар сайд С.Амарсайханы хууль бус үйл ажиллагаа, ашиг сонирхлын зөрчлийг цуврал нийтлэлүүддээ бичсэн. Энэ нь ямар нэг байдлаар адар сайд С.Амарсайханаас мөнгө авах гээд байгаа юм биш. Байсан бол аль хэдийн нөгөө талаас гаргаад ирэх байлгүй. Энэ нь огт хамааралгүй зүйл заалтаар яллагдагчаар татаж байгаа практик гэж болно. Яг энэ зүйл заалтаар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдох гэж буй сэтгүүлчид нь дандаа төрийн өндөр албан тушаалтаны асуудлыг хөндсөн нийтлэл бичсэн хүмүүс. Энэ нь үнэхээр санамсаргүй зүйл биш. Мөрдөн байцаах байгууллага хараат бус ажиллах ёстой боловч тодорхой нөлөөнд байж болзошгүйг харуулж  байна. Цагдан баривчлах хугацаа нь дууссаны дараа шүүхэд прокуророос цагдан хорих санал хүргүүлэхэд шүүх хүлээж аваагүй юм байна лээ. Аваагүй үндэслэл нь оргон зайлсан биш эрүүл мэндийн шалтгаанаар явсан гэдэг талаас нь шийдсэн байсан.

Шүүх ямар ч байсан цагдан хорих саналыг нь хүлээж аваагүй. Мөрдөн байцаах, прокуророос өөр, өөр үндэслэлүүдээр дараа дараагийн саналуудаа оруулж ирэхийг үгүйсгэхгүй.

Баривчлах хугацаа бол дээд тал нь 48 цаг байдаг. Цагдан хорих доод тал нь нэг сар. Түүнээс дээш нэг жил хүртэлх цагдан хорих хугацааг сунгаад явж болдог. Буруутгаж байгаа гэмт хэргээсээ шалтгаалж 18 сар хүртэлх хугацаагаар цагдан хоригдох тохиолдол бий. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд хоёр сар гаруйн хугацаанд хоригдсон. Тиймээс А.Баярмаагийн хувьд хоригдох эрсдэл бол бий.

-Анх ямар хэрэгт буруутгагдсан юм бэ?

-Өөрийн Тас.мн-ээр дамжуулан өнгөрсөн жилүүдэд шадар сайд С.Амарсайханы асуудлуудаар нийтлэл бичсэн юм билээ. Тухайлбал, шадар сайд С.Амарсайханы хүүхэд боловсролын зээлийн сангаас төлбөрөө гаргуулахаар болсон үед аав нь хүүдээ захидал бичин зээлээ буцаасан зэрэг хэд хэдэн асуудлуудыг хөндсөн юм билээ. Тиймээс адар сайд С.Амарсайханы зүгээс гомдол гаргасан.

-Өмгөөлөгч Д.Батбаярыг нас барсантай холбогдуулан шалгаж байна уу гэх асуулт байна?

-Тодорхой баримттай, мэдээллүүдийг олоход хамтарч ажилладаг, мэдээллийнх нь эх сурвалж байсан байна лээ. Өмгөөлөгч Д.Батбаяртай хамтад нь дээрх хэрэг дээр буруутган шалгаж байсан. Хамтдаа шалгагдаж байтал нэгийнх нь амь нас нь үрэгдсэн асуудал байгаа нь хувь сэтгүүлчид төдийгүй түүний гэр бүлд нь эрсдэл байна гэж үзэж болно.

Д.Батбаяр өмгөөлөгчийн хувьд буудуулж нас барсан гэх мэдээлэл байгаа. Яг өөрөө өөрийгөө буудсан уу, хүнд буудуулсан уу гэдэг нь тогтоогдоогүй байна. Ойр дотных нь амиа хорлох хүн биш гэх байр суурьтай байна. Сэжиг бүхий амь насаа алдсан гэхээс өөрөөр одоохондоо мэдээлэл алга. Эргэлзээ байгаа. Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой байсан уу, үгүй юу гэдэг анхаарал татаж байна.

-А.Баярмаа сэтгүүлчид өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Эрүүгийн хэрэгт заавал өмгөөлөгч байх ёстой. Өмгөөлөгч олдохгүй бол Улсын өмгөөлөгч томилох зохицуулалт бий. мар нэг байдлаар заавал өмгөөлөгчтэй явна. Өмгөөлөгчид хэнийг өмгөөлөх вэ гэдгээ сонгох эрхтэй байдаг. Гэхдээ олдохгүй байна гэдгийн цаана улс төрд нөлөө бүхий хүнтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа учраас байж болно. Мөн мэргэжил нэгт нөхөр нь тодорхой бус шалтгааны улмаас амиа алдсан тохиолдол нь өмгөөлөгчдөд болгоомжлох нөхцлийг үүсгээд байж болзошгүй. Өмгөөлөгчдийн холбоо тодорхой зүйл хэлнэ байх. Ямар ч хэрэгт буруутгагдаж байсан хүн бүр өмгөөлүүлэх эрхтэй гээд Үндсэн хуульд бий. Мэргэжлийн өмгөөлөгч олох тал дээр нь илүү туслалцаа үзүүлэх нь зүйтэй юм. Өмгөөлөгч бол тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэгдэх үү гэдэгт чухал нөлөө үзүүлдэг хүн.

-Гэр бүл болоод амь нас нь эрсдэлд орж болзошгүй нөхцөлд байгаа гэлээ. Тэгвэл хувь сэтгүүлч өөрийгөө болоод гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ?

-Хүний эрхийг хамгаалагч, Эрх зүйн байдлын тухай хууль гэж байгаа. Энэ хууль 2021 онд батлагдаад, үйлчилж эхлээд гурван жил болж байна. Уг хуулиар сэтгүүлчдийг Олон улсад хүний эрхийг хамгаалагчид гэдэг. Учир нь мэргэжлийн үйл ажиллагаа нь хүний эрхийн төлөө явдаг гэж үздэгтэй холбоотой. Энэ хуулийн зохицуулалтаар Хүний эрхийн комиссын дэргэд Хүний эрхийг хамгаалах хороо гэж байдаг. Тэр хороондоо эрсдэл байна гэж үзээд хандана. Тус хорооныхон тус иргэний эрсдлийг үнэлээд ЦЕГ-ын Эрсдлээс хамгаалах газар руу, эсвэл мөрдөгч руу хандана гэсэн үг. Тэндээс мөрдөгч дүгнэлт гаргаад дараагийн арга хэмжээг авдаг. Энэ бүх дамжлагууд нь шууд хамгаална гэсэн баталгаа биш. Удаавтар процесс юм. Гэхдээ олон нийтийн анхааралд байгаа учраас эрсдэлд орох нь харьцангуй гайгүй болов уу гэсэн хүлээлт байна.

-Н.Өнөрцэцэг сэтгүүлчтэй адилхан Эрүүгийн заалтуудаар шалгагдаж байгаа гэсэн. Тухайн сэтгүүлч одоо ямар нөхцөлд байна вэ?

Мөрдөн байцаах талын практик нь яг адилхан. Н.Өнөрцэцэг сэтгүүлч гэрийн хорионд байгаа.

Зөвхөн мөрдөн байцаалгах зорилгоор шүүхээс дуудагдсан үед цагдаагийн байгууллагад очно. Эсвэл эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авах үед эмнэлэгт хандах эрхтэй хязгаарлалт тогтоосон. Мөн хилээр гарахыг нь хориглосон. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн. Цахим орчинд асуудалд орооцолдохгүй байх юм. Тодорхой бус хугацаагаар буюу хэрэг нь шийдэгдэж дуустал гэсэн үг. Одоогоор гэм буруутайд тооцсон шийдвэр энэ хоёр сэтгүүлч дээр хараахан гараагүй байна. Зөвхөн шалгах процесс нь явагдаж байна. Үндсэн хуульд зааснаар шүүхээс гэм буруутайд тооцоогүй учир хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.

-Үнэхээр ажлаа хийж болохгүй хуулийн зүйл заалт бий юу?

-2017 онд шинээр орсон зүйл заалтаар тодорхой үйлдэл хийхийг хязгаарлах гэж байгаа. Энэ нь агуулгын хувьд эмч, хуульчид хамаатай. Эдгээр нь тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлах юм. Тиймээс олон хүнийг хохироох эрсдэлтэй гэж үзээд ажил үүргийг нь болиулах агуулгатай. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл гэж байдаггүй. Үндсэн хуулийн олон улсын гэрээнд зааснаар сэтгүүлчийн хувьд мэдээлэл хайх, түгээх, хүлээж авах нь мэргэжлийн ажлынх нь онцлог юм.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох тохиолдлууд байдаг. Гэхдээ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах гэсэн заалт бол байхгүй. Манай эрүүгийн процесс олон улсын гэрээнд нийцэхгүй байгааг харуулж байна. Энэ нь мэдээж буруу жишиг.

Биелэгдэх боломжгүй текстээр бус Шүүх Үндсэн хууль, Олон улсын гэрээний хууль тогтоомждоо нийцүүлэх шаардлага байна. үүх процесс нь авч болзошгүй ял шийтгэлээс нь илүү хүнд хэлбэрээр эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа нь хамгийн гол санаа зовоосон асуудал болж байна. Гэмт хэрэгтэн болохоосоо өмнө эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа нь Олон улсын гэрээний ноцтой зөрчил юм. Гэмт хэрэгтэн гэж зарлах нь нээх сонин биш түүнээс өмнө тухайн хүнийг залхаан цээрлүүлэх үйл явдал өрнөөд байна.

Л.МИНЖМАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Уранчимэг: Дэлгэцийн донтолтыг эмчлүүлэхгүй бол хүүхэд огцом ууртай, худалч, хулгайч, гадуур тэнэдэг болох эрсдэлтэй DNN.mn

Монголд төдийгүй дэлхий даяар сая, сая хүүхдүүд дэлгэцэнд донтох эмгэгт өртөж байгааг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар анхааруулсаар байгаа аж. Хүүхдийг 12 нас хүрэхээс өмнө гар утас болон түүнтэй адилтгах зүйлсээс аль болох хол байлгах нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болоод сэтгэл зүйн хөгжлийг хамгаалахад онцгой ач холбогдолтой гэжээ. Хүүхэд насны ээнэгшил болон гэр бүлийн эерэг хүмүүжил нь насанд хүрсэн хүмүүсийн сэтгэл зүйн олон асуудлын гол үндэс болдог байна. Мөн хүүхдийн нейрон буюу толин тусгалын мэдрэлийн эс нь бусдыг тольдож хуулбарладаг. Тиймээс аав, ээжүүд ихээхэн үлгэр үзүүлж, өөрсдийнхөө дэлгэцийн хэрэглээг хянаж, хүүхдүүдээ дэлгэцэнд донтох эмгэгээс хамгаалах, харилцааны өлсгөлөн, дутуугийн мэдрэмжээс ангид байлгах бүрэн боломжтой аж.

Энэ талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч М.Уранчимэгтэй ярилцлаа.


-Дэлгэцийн хамаарал гэж чухам юуг хэлж байна вэ?

-Дэлгэцийн хамаарал гэдэг цахим донтолт гэсэн үг. Цахим донтолт гэдэг нь олон цагаар байнгын давтамжтайгаар дэлгэц хэрэглэх, цахимаар тоглох, өдөрт 8-10 цаг болон түүнээс илүү хугацааг зарцуулахыг хэлдэг. Судалгаагаар хамгийн багадаа долоо хоногт 30 цагийг дэлгэцэнд зарцуулсан байдаг.

-Цахим донтолтод хэн илүү өртөж байна вэ?

-Хүүхэд гэлтгүй хүн бүрийн тулгамдсан асуудал болоод байна. Хүүхдийн хувьд эцэг, эхчүүд нь хараа хяналт тавих боломжтой. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд өөрсдийгөө мэддэг, өөрийн хийж буй үйлээ ухамсарладаг гэж дүгнэдэг учраас хяналтгүйгээр дэлгэцийг хэтрүүлэх хэрэглээтэй байна. Тэрнээс гадна насанд хүрсэн хүмүүсийн ажил хийх цагт нь дэлгэцийн хэрэглээ нь бага. Чөлөөт цаг буюу оройн цагаар дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээтэй гэсэн хандлага ажиглагддаг.

-Хүүхдүүдийн хувьд дэлгэцийн зөв зохистой хэрэглээ нь ямар байх вэ?

-0-3 насанд бол дэлгэцийн хэрэглээ гэж байх ёсгүй. Утас, зурагт, компьютер гээд бүгд дэлгэцийн хэрэглээнд хамаарна. Энэ насанд хүүхэд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд 100 хувь эцэг, эхтэйгээ харилцах ёстой байдаг. Таван наснаас дээш хүүхдүүд богино хэмжээний үлгэр сонсох юмуу, кино үзэх байдлаар дэлгэцийг хэрэглэж болно. Сургуулийн насны хүүхдүүд дэлгэцээр дамжуулан хичээлээ хийх, түүнээс шинэ зүйл сурах зэрэг ашигтай байдлаар хэрэглэх нь зүйтэй. Бүр хорино гэсэн үг биш. Дэлгэцийн хэрэглээг дотор нь ашигтай болон ашиггүй гэж хоёр хуваадаг. Ашигтай хэрэглээ нь мэдээж насанд хүрсэн хүмүүсийн хувьд ажлаа хийх. Хүүхдүүдийн хувьд ямар нэгэн байдлаар шинэ зүйл сурч мэдэх, багшийн өгсөн даалгаврыг хийх зэрэг нь мэдээж ашигтай. Ашиггүй хэрэглээ гэдэгт өөрт онцын шаардлагагүй хэн нэгэнтэй чатлах, контент, зурагт үзэх, тоглоом тоглох зэргийг хамааруулж болно.

Дэлгэцийн хэрэглээг өсвөр насны хүүхдүүдэд хоёр цагаас ихгүйгээр зөвлөдөг. Гэхдээ хоёр цагийн турш бус нэг удаагийн үзэлт нь дунджаар 30 минут байхаар тооцон тухайн өдөртөө хувааж ашиглах юм. Энэ хоёр цагт нь ашигтай, ашиггүй хэрэглээ нь хоёулаа багтаж байх ёстой.

-Бага насны хүүхдүүд ихэвчлэн ашиггүй хэрэглээтэй болж таарах уу?

-Тийм. Ютүбээр бичлэг үзэх гэдэг ч юм уу давтамжит байдлаар олон цагаар үзээд байгаагийн цаад шалтгаан нь донтолт л илрээд байна гэсэн үг.

-Томчуудын хувьд гаргаад байдаг нийтлэг алдаа юу вэ?

-Томчууд өөрсдөө хүүхдэдээ үлгэр дуурайлал болж чаддагүй. Хүүхдийнхээ хажууд зурагт үзээд, утсаараа оролдоод байгаа хэрнээ “Хөөе чи боль, утасны чинь хэрэглээ ихэсчихлээ” гээд байдаг.

Томчууд өөрсөд рүүгээ өнгийж харах хэрэгтэй. Нэгэнт дэлгэцийн донтолт болчихсон хүүхдээсээ “Яг одоо боль” гээд утсыг нь хураагаад авчихдаг. Тоглож байсан хүүхэд бол “Дуусаагүй ш дээ” гээд уурладаг. Үүнээс болоод эцэг эх, хүүхдийн хооронд маргаан үүсдэг. Энэ маргаанаас үүдэлтэйгээр манай эмнэлэгт ханддаг. Утсыг нь хураагаад авахаар уурлалаа, олон цагаар утас үзлээ, нойрондоо муудлаа, ууртай, уцаартай боллоо гэсэн шалтгаантай.

-Тэгвэл хүүхэдтэйгээ яаж харьцах нь зөв бэ?

-Наад тоглоом чинь хэзээ дуусах вэ? Арай их үзээд байгаа юм биш үү, одоо тэдэн минутын дараа тоглоомоо дуусгаарай. Хамтдаа өөр зүйл хийе гэх мэтчилэн гэр бүлийнхээ дотоод уур амьсгалыг сайжруулж, хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэх цагийг урт болговол дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээг давж гарахад дөхөм болно.

-Хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг гаргах тал дээр эцэг, эхчүүд хойрго хандаад байна уу?

-Хүмүүс гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүл, хүүхдэдээ цаг гарга гэхээр бүтэн өдрөөр ч юмуу, тав, зургаан цагийг хүүхдэдээ зориулах ёстой гэж ойлгоод байдаг. Гэтэл өглөө босоод “Сайхан амарсан уу?, Өчигдөр цэцэрлэг дээрээ юу сурсан, өнөөдөр ямар байв, сэтгэл санаа хэр байна?, Аав, ээжид нь ийм байлаа” гэдэг байдлаар аравхан минут зарцуулаад хүүхэдтэйгээ ярилцаж, харилцан санаа бодлоо хуваалцахыг л хэлж буй юм. Энэ л хамгийн зөв алхам.

-Хүүхдэд багаас нь эцэг, эхчүүд өөрсдөө утсаа өгч, дэлгэцийн хамааралтай болгож байна гэсэн шүүмжлэл бий. Нээрээ л утас үзүүлэхэд нэг настай хүүхэд ч ширтээд байдаг даа.

-Бага насны хүүхдийн анхаарал төвлөрөлт маш богино хугацаанд байдаг. Богино хугацаанд болж буй тод, тод мэдээллүүдийг хүүхэд дэлгэцээр дамжуулж үзээд байгаа учир анхаарал маш сайн төвлөрнө. Удаан хугацаагаар үзсэн ч уйдахгүй. Эцэг, эхчүүдийн нэг алдаа нь уйлахгүй л байвал яахав гээд зөнд нь орхичихдог. Эцэстээ хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хараа муудах, нүд бүрэлзэх, ядаргаанд орох, ууртай, уцаартай болох, шөнийн цагаар уйлагнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүүхэдтэйгээ харилцах харилцаа муу, хараа хяналт сул байгаагаас дэлгэцийн хэрэглээ нь ихэсч байна.

-Цахим тоглоом тоглож, дуу чимээ ихтэй, цус нөжтэй бичлэгүүдийг эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдүүд үзээд байгаа нь ямар шалтгаантай вэ?

-Энэ нь ялгаагүй дэлгэцийн донтолтын нэг хэлбэр. Тоглоомонд, тоглоомын бичлэгт, текстэнд буюу мессежэнд, янз бүрийн бичлэг үзэх зэргээр нь донтолтыг төрөлжүүлж, хуваадаг. Ижилхэн л шинж тэмдэгтэй. Тоглож байгаа бичлэг үзээд байвал цаашдаа тоглоно гэсэн үг биш л дээ. Зүгээр л тоглож байгаа аргад нь донтчихсон учраас бичлэгээ л үзэх сонирхолтой байх нь элбэг.

-Дэлгэцийн донтолтыг илрэх шинжээр нь ангилж авч үздэг үү?

-Дэлгэцийн донтолтыг илрэх шинжийн хувьд бие махбодь сэтгэц, төрх үйлийн талаас нь авч үздэг. Бие махбодын талаас гарын алга, хөлийн ул хөлрөх, ядарч сульдах, нүдний угаар хөшиж өвдөх, нүд хуурайших, хараа муудах, хоолны дуршил буурах, эсвэл хэт их идсэнээс, хөдөлгөөн хийхгүйгээс болоод таргалах, хүзүү хөших, чилэх, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй цус зогсонгиших шинжүүд илэрдэг.

-Тэгвэл сэтгэцийн талаасаа хүүхдэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Сэтгэцийн хувьд мартамхай болох, огцом уур уцаартай, нойргүйдэх, унтаж байхдаа хар дарж зүүдлэх, шүдээ хавирах, цус нөжтэй юм үзсэнээсээ болоод зүүдэндээ ярих, босч явах, сэтгэл санаа хямрах, булчин татганах эмгэг буюу нүдээ ойр ойрхон цавчлах, нусаа татах, бүр цаашилбал орондоо шээх, шөнийн цагаар тоглосон тоглоом, үзсэн бичлэгнийхээ дүрийг хий харах, сонсох зэргээр сөрөг үр дагаврууд илэрнэ.

Мөн төрх үйлийн талаас хүүхэд худлаа ярих, гадуур тэнэх, хичээлээ таслах, сурлага муудах, гэр орноосоо дайжих, муу зуршилд автагдах, тоглоомноос өөр зүйл сонирхохоо болих, эцэг эхээ үл тоох зэрэг шинж тэмдгүүд давамгайлдаг.

-Энэ үед эцэг эхчүүд яах ёстой вэ?

-Эхний ээлжинд эцэг эхчүүд өөрсдөөсөө шалтгаалсан зүйлээ хийж үзэх хэрэгтэй. Тэр нь юу байх вэ гэхээр өөрсдөө зөв зохистой цахим хэрэглээг бий болгоод хүүхдэдээ үлгэрлэнэ. Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах, санаа бодлыг нь сонсох, зөв үйлдлийг нь урамшуулах, дуртай зүйл рүү нь чиглүүлж дугуйлан, дамжаанд явуулах хэрэгтэй. Багштай нь холбоотой байж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, гэртээ тав тухтай байх орчинг бүрдүүлж өгнө. Хэрвээ эдгээрийг бүрдүүлээд дэлгэцийн хэрэглээнээсээ холдож чадахгүй байх юм бол мэргэжлийн эмчид хандана.

-Танай эмнэлэг ямар тусламж үзүүлдэг вэ?

-Манай эмнэлгийн зүгээс дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээтэй хүүхдэд сэтгэл заслын эмчилгээг багадаа зургаан сар хийдэг. Мөн бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвдөө хэвтүүлэн эмчилдэг. Тайвшруулах эмчилгээнүүдийг хийдэг. Утсаа үзэхгүй бол гунигладаг, ганцаарддаг болчихдог. Дэлгэцийн донтолтын дур сонирхлыг бууруулах, сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулах, мэдрэл заслын эмчилгээнүүдийг тухайн хүүхдэдээ тохируулан хийдэг.

-Эмчилгээ хийлгээд гарсан хүүхэд сэдрэх тохиолдол байдаг уу?

-Мэдээж сэдэрнэ. Дахин сэдрээхгүйн тулд дэглэм барих хэрэгтэй. 30 минутаас дээш дэлгэц үзэхгүй, насны онцлогт тохирсон цагийн хуваарийнхаа дагуу үзнэ. Дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээ маань дан ганц хүүхдийн асуудал биш. Гэр бүлийн асуудал. Дээр хэлсэнчлэн хүүхдүүддээ анхаарлаа сайн хандуулахаас гадна, гэр бүлийнхээ бүх гишүүдийн дэлгэцийн хэрэглээнд хяналт тавьж, орой унтахын өмнө утас үзэхгүй байх дүрэм журмыг гэр бүлийн гишүүн бүр баримтлах нь дэлгэцийн донтолт дахин сэдрэхээс сэргийлнэ. Мэдээж сэтгэл зүйгээр нь хүүхдээ дэмжих нь нэн чухал.

-Дахин дахин дэлгэцийн донтолт сэдэрснээс үүдэлтэй ч юм уу, алаан хядаан, цус нөжтэй бичлэг үзсэнээс болоод хүүхдийн сэтгэцэд насан туршид нь нөлөө үзүүлэх тал бий юу?

-Эмчлүүлэхгүй удаан явбал сэтгэц болоод төрх үйлийн талаас илэрдэг шинж тэмдгүүд болох худлаа ярьдаг, хулгай хийдэг, гадуур тэнэдэг, утаснаас өөр зүйл бодогдохгүй байх, огцом уур уцаартай, анхаарал төвлөрөлт муудах эдгээр шинж тэмдгүүд нь үлдэх боломжтой.

Мэдээж хэрэг цус нөж харна гэдэг сөрөг сэтгэл хөдлөлийг хүмүүст үүсгэдэг. Хүүхэд бүрт нөлөөлөхгүй. Төрөлхийн эмзэг мэдрэмтгий хүүхэд цус нөж харсан үед түүнээсээ цочрол авсан тохиолдолд нөлөөлнө.

-Дээрх шинж тэмдгүүд арилахгүй бол ирээдүйд ямар хүн болж өсөх вэ?

-Өөтрөө итгэлгүй, огцом ууртай, худлаа ярьдаг, дэлгэцийн хэрэглээнээс өөр юм бодохгүй, гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй, ирээдүйд эцэг, эх байх үүргээ биелүүлж чадахгүй байх гээд олон муу талтай.

-Өдөрт хэдэн хүүхэд танай эмнэлэгт хандаж байна вэ?

-Өдөрт 30 гаруй хүүхэд үзүүлж байна. Өдөр бүр амбулаторийн цаг дүүрэн. Энэ нь нэг талаараа сайн талтай. Эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарч эхэлж байгаагийн илрэл юм.

Л.Минжмаа

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Номингэрэл: Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоог МАН өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ил, далд хэлбэрээр нурааж байна DNN.mn

Үндсэн хуулийн эрх зүй судлаач Хуягийн Номингэрэлтэй ярилцлаа.


-МАН эрх барьж буй найман жилийн хугацаандаа Үндсэн хуульд гурван удаа нэмэлт оруулсан. Хамгийн сүүлд орсон нэмэлтээр тогтолцооны өөрчлөлт хийж чадлаа хэмээн тайлбарлацгаадаг шүү дээ. Үндсэн хууль судалдаг хүний хувьд та үүнтэй санал нийлэх үү?

-Ардчилсан Үндсэн хууль хэрэгжээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг харахад парламент ба засгийн газрын хоорондын хяналт тэнцлийн асуудал гол сэдэв болсоор иржээ. 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр шүүх засаглалтай холбоотой зохицуулалтаар ахиц гарсан боловч хэрэгжилтийн түвшинд асуудал байсаар байна. Орон нутгийн өөрөө удирдах чиглэлд орсон өөрчлөлтийг хэрхэн ашиглах гэж байгаа нь одоо л тодорхой болох гэж байх шиг байна. Тухайн үед олон нийтийн анхаарлын гадуур байсан өөрчлөлтүүдийн нэг л дээ.

Ерөнхийдөө хэвтээ буюу УИХ, засгийн газар, Шүүх гурав хэрхэн харилцах, босоо буюу төв засгийн газар орон нутгийн удирдлага хэрхэн харилцах, ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэсэн хоёр түвшний эрх мэдлийн хуваарилалт Үндсэн хуулийн хувьд суурь шинжтэй үзэл баримтлал байдаг.

Хэвтээ эрх мэдлийн хуваарилалтын үүднээс эдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг одоо цогцоор нь харахад газар руу эрх мэдлийг нэлээд төвлөрүүлсэн. Тэр дундаа 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр энэ хийгдсэн. Тэр үед газар тогтвортой, хараат бус ажиллаж чадахгүй байна гэхчлэн зүй ёсны шаардлагууд байсан. Бид газартаа эрх мэдэл төвлөрүүлж өгч байгаа, түүнийг хянах УИХ-ын чадавхаа бас анхаарах ёстой. Ер нь нэг нам, Ерөнхий сайд засгаа ч, УИХ-аа ч хянаж байгаа тохиолдолд хүчтэй сөрөг хүчин, олон ургалч парламент ач холбогдол өндөртэй. Үүний тулд сонгуулийн тогтолцоо чухал болдог.

Гэтэл хоорондоо холбоотой механизмуудыг цогцоор хийхгүй байгаагаас нэг нам Монголын засгийн газар, УИХ хоёрыг зэрэг удирдаж байна. Баялгийн сангийн хуулийг дэмжээгүй гишүүнийг нэр дэвшүүлэхгүй гэж намын даргын байр сууринаас Ерөнхий сайд ярина гэдэг нь үүний нэг илрэл.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол асуудал байсаар ирсэн давхар дээлийн асуудал нэлээд хэл амтайгаар нэг талдаа гарсан, та энийг юу гэж үзэж байна?

-Өнөө давхар дээлийн асуудлаар гурван ч удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж, сүүлд Үндсэн хуулийн Цэцийг оролцуулж, хүчээр шахуу Засгийн газар бүтэн бүрэлдэхүүнээрээ УИХ-ын гишүүний ажлыг хавсран хийх боломжтой болсон. Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол УИХ 76 гишүүнтэй байх үед гарсан гэдгийг бид мартаж болохгүй. Хэрэв Үндсэн хуулийн суурь бүтцийн онолын дагуу асуудлыг шийдвэрлэж байгаа бол Үндсэн хуулийг бусад зүйл заалттай нь холбож тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл, давхар дээл ба УИХ-Засгийн газрын хяналт тэнцлийн асуудлыг 76 гишүүн дотор нь авч үзэх ёстой байтал цаашид УИХ-аа томруулаарай гэсэн утгатай заалт дурдаж байгаад хэдэн ч гишүүн давхар дээлтэй байж болох хувилбарыг сэргээсэн нь Үндсэн хууль тайлбарлах аргын хувьд маш бүдүүлэг, алдаатай зүйл болсон.

Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэрийг би хувьдаа Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд гэхээсээ улс төрийн үүрэг даалгавартай шийдвэр болсон гэж үздэг. МАН-ынхан сайдын суудлаар бялуу хуваарилах, намын дотоодод өрсөлдөөн, асуудлуудаа шийдвэрлэхийн тулд цаашид Үндсэн хуульд гар хүрчээ гэж ойлгогдож байгаа.

-Та түрүүн сонгуулийн тогтолцоо чухал гэлээ. 2023 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 128 болгож, сонгуулийн тогтолцоог 78/48 хэмээн хуваарилсан. Ийн Үндсэн хуулиар зохицуулж байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хувь тэнцүүлсэн тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн өмнөх дүгнэлтээ Үндсэн хуулийн Цэц 2022 онд хүчингүй болгосон. Ингэхдээ мөн 2019 оны нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуулиар биш хуулиар байж болохыг дүгнэсэн гэсэн үг. 2023 оны нэмэлт өөрчлөлтийн гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоог баталгаажуулсныг бол дэмжиж байсан. Гэхдээ мажоритар, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгох гишүүдийн тоог хэт нарийвчлан заасан үндэслэл нь хангалтгүй бөгөөд цаашид дахин Үндсэн хуульд гар хүргэхэд хүргэх вий. Үндсэн хууль урт хугацаанд аль болох өөрчлөгдөхгүй байж тодорхой системийг хэвшүүлдэг.

Харин анхаарал татаж буй асуудал тойргийн хэмжээ, мандатын тоо эрх баригчдаас хэт хамааралтай байна. Ер нь цаашид эрх баригчид энэ байдлаар тойргийг сонгууль тулсан хойно УИХ-ын тогтоолоор хуваарилах юм бол өөрсдөдөө ашигтай байдлаар тойргоо томруулж, жижигрүүлээд мандатын тоогоо нэг олшруулж, багасгаад байна. Ядаж хуулиар үүнийг шийддэг болбол ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө өөрчлөлт оруулахгүй Үндсэн хуулийн хамгаалалтад орно. Сонгох, сонгогдох үндсэн эрхийг хэрэгжүүлэх, эрх баригч сөрөг хүчинд аль алинд нь шударга өрсөлдөх боломжийг бий болгохын тулд аль болох эртнээс тодорхой тоглоомын дүрэмтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан “сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтад энэ тойргийн хэмжээ, мандатын тоог шийдвэрлэх асуудлыг багтааж ойлгох талаар бодолцож, судлах хэрэгтэй.

-Энэ өөрчлөлтөөр бий болсон томсгосон тойрог нь манай өнөөгийн нөхцөлд хэр зохимжтой вэ?

-2023 оны арванхоёрдугаар сард УИХ-ын тогтоолоор тойргийн хэмжээ, мандатын тоог баталсан. Ингэхдээ маш харьцангуй тойргуудыг тогтоож, үүгээрээ 6 сарын өмнө баталсан УИХ-ын сонгуулийн хуультайгаа уялдаагүй, ялангуяа сонгогчдын сонгох эрх, мөн нэр дэвшигчид ч сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд маш төвөгтэй байдлыг үүсгэсэн. Тойргийн хэмжээг ингэж огцом том болгосон нь зардлыг асар ихээр өсгөж, иргэд ч сонгох гээд байгаа нэр дэвшигчдээ таньж сонгох боломжгүй болгож байгаа юм.

Нөгөө талаар сонгох эрхийн хэт тэгш бус байдалтай болгосон. Налайхын нэг иргэн УИХ-ын 2 гишүүнийг сонгох сонголт байхад Төв аймгийн нэг иргэн 10 гишүүний сонголт хийх боломжтой. Мөн орон нутагт 54 мандат, хотод 24 гэж хуваарилсан. Гэтэл хүн амын тоо нь ойролцоо. Гол асуудал нь тойргийн хэмжээг ийнхүү сонгууль болгоныг угтан цаг тулсан хойно, тогтоолоор хүссэнээрээ өөрчлөөд байх юм бол эрх баригчдад ашигтай жерримандеринг үргэлжилсээр л байна.

Bloc voting буюу олон мандаттай том тойрог нь нэг тал руугаа хэт савладаг гэж үздэг. Улс төрийн намуудын барьж байгаа тактик ч гэсэн “зөвхөн нэг намаа тэр чигээр нь бөглөнө” гэсэн байдлаар хандаж байна. Нэг талаар хэт том тойргуудад хувь нэр дэвшигчийг сонгох гэхээсээ илүү намын эффект л гарах болов уу. Тэгэхээр парламент засгийн хяналт тэнцлийн үүднээсээ харвал хувь тэнцүүлсэн төлөөлөл бага, тойргийн хэмжээнээс хамаарч санал гээгдэл ихтэй байвал хүчтэй сөрөг хүчин, олон ургалч парламент бүрдэх амаргүй л болов уу.

-Хэвтээ түвшний эрх мэдэл хуваарилалтын тухай та хөндсөн. Засгийн газраас сая өргөн барьж байгаа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл энэ асуудалтай холбоотой юу?

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжихийг Үндсэн хуульд заасан. Ер нь 2000-аад оноос хойш төрийн нийтлэг үйлчилгээнүүдийг орон нутгаас аль болох аваад төв засгийн газар руу авчирч ирсэн. Орон нутагт маш бага эрх мэдэлтэй болсон, улам л төв засгийн газарт эрх мэдэл төвлөрсөөр байна.

Одоо УИХ-аар хэлэлцэх гэж буй Хот тосгоны эрх зүйн байдлын шинэчилсэн найруулгын төслөөр аймгийн төвүүдийг хот болгоно, Улаанбаатар хотын дүүргүүдийг жижиг хотуудад задална хэмээж байна.

Үндсэн хуульд заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж маань нийслэл, аймаг, сум, дүүрэг хэвээрээ, үүгээр дамжсан төрийн, төсвийн эрх хэмжээ, чиг үүргийн хуваарилалт байгаа. Хэрвээ Ерөнхий сайд, Нийслэлийн даргын яриад байгаа шиг эдгээр хотууд нь төсөвтэй, өөрийн татвар хураамжтай, сонгуулиар гарах зөвлөл, захирагчтай байх бол Үндсэн хуультай зэрэгцсэн системийн асуудал үүсгэж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж доторх хот гэж ойлгоод аймгийн төвийн хотууд аймгийн Засаг дарга, ИХТ-аас эрх мэдлийг авч өөрсдийнхөө хөгжинө гэвэл цаашид сумдын асуудал яах вэ, одоо хийгддэг эдийн засгийн хуваарилалт өөрчлөгдөх, сумдаас аймагт улам төвлөрөх асуудал гарч мэднэ. Нийслэлийн хувьд эдийн засгийн гол суурь нь баруун 4 замаас, зүүн 4 зам, 32 тойргоос зайсан, яармаг хавийн хэсэг шүү дэ. Эдийн засгийн суурьгүй захын олон жижиг хот, ерөнхийдөө гэр хороолол ба нийгэм соёлын үйлчилгээ, ажлын байр төвлөрсөн байшин орон сууцтайгаар нь тусад нь эдийн засгийн бүтэц болговол цаашид баян хоосны ялгаа юу болох бол.

Хотын болон Нэгжийн хуулиа өөрчилсөн ч Үндсэн хуулийн зөрчил хэвээр үлдэнэ. Ер нь босоо эрх мэдлийн тогтолцооны түвшний асуудал хөндөх гэж байна. Энэ мэтээр нийгмийн өргөн хүрээний хэлэлцүүлэг, зөвшилцөл шаардсан Үндсэн хуулийн суурь бүтцийг магад хөндөх асуудал яригдаж байна гэж үзэж байна. Засгийн газраас “20 минутын хот” гэх эрх зүйн шинэчлэл гэж байгаа ч иргэд зөвхөн төрийн үйлчилгээний төлөө нийслэл хотод зорчдоггүй. Нийгэм, соёл, эдийн засгийн харилцаанд орохын тулд зорчиж байгаа. Төрийн үйлчилгээг хуваарилчихаар зорчихоо больчихно гэсэн зүйл байхгүй. Өмнө дурдсан шиг Нийслэлийн дүүргүүдийн эрх мэдлийг жижиг хотуудад хуваарилах нь эргээд Улаанбаатар хотын засаг даргад төсвийн эрх мэдлийг төвлөрүүлэх байх гэж харж байна.

Ийм хэмжээний өөрчлөлтийг Үндсэн хуулийг өөрчилж хийнэ. Бид ирэх сонгуулиар дахиад хэт олонхын гишүүд бүхий эрх баригчдыг үүсгэвэл Үндсэн хууль руу дахин халдах нь маш тодорхой харагдаж байна гэсэн үг. Учир нь Үндсэн хууль руу шууд халдсан зүйлийг Ерөнхий сайд санаачилж байна.

-Үндсэн хуулийг энэ мэтээр гажуудуулсан, дахин дахин өөрчилснөөс Монголын тогтолцоонд ямар урхаг үүссэн гэж та харж байна вэ?

-Дээрх ярьсан зүйлүүд ил тод процесс. Гэтэл дундуур нь Ковид цар тахлын үед Үндсэн хуулийн бус дэглэмтэйгээр хоёр жил болсон. Тухайн үед төсвийн нэгдсэн бодлого тэр чигтээ алдагдсан. Хүний эрхийг янз бүрээр зөрчсөн. Төрөөс өвдсөн хүмүүстэй ч, нийт иргэдтэй Үндсэн хуульд заасан хүний эрхийг нь үл тоож харилцсан. Онц байдал уу, гамшгийн байдал уу тодорхойгүй хууль зүйн орчинд энэ хугацаа өнгөрсөн.

Эрх мэдэл хэт төвлөрсөн, дур зоргоор аашилдаг засаг болон Ковид хоёр давхацсанаар Монгол Улс дарангуйлалд их дөхөж очсон. Ер нь төрийн эрх мэдэл Засгийн газар руу, мөн төв засаг руу төвлөрөх явцтай зэрэгцээд иргэний улс төрийн эрхүүд маш их хязгаарлагдсан байгааг хүн бүр анзаарч мэдэрч байгаа байх.

Мэдээлэл авах эрх нууцын тухай хуулиар маш их хязгаарлагдсан, ногоон автобус гэх мэтээр дүүргийн түвшний худалдан авалт хүртэл нууцад хамаарсан гэсэн мэдээ байна. Өнгөрөгч долоо хоногт зарлагдсан хэвлэлийн эрх чөлөөний индекс сүүлийн найман жилийн хугацаанд 49 байраар ухарчихсан байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрхэд цагдаа зүгээр утасдаад л халдаж байна, жагсаж цуглах эрх зөвшөөрлийн системтэй хэвээр, эвлэлдэн нэгдэх эрхийг хянах оролдлогууд байсаар байна.

Бодлогын нөлөөлөл гээд миний заадаг хичээл байдаг. Энэ хичээлийг олон бүлгүүдэд заах явцад нийгмийн бүх асуудлын шийдлийг бид УИХ, төв Засгийн газраас хүлээж байгааг анзаарсан. Иргэд өөрсдөө, бүлгээрээ, орон нутагтаа, мэргэжлийн өөрийн удирдах ёс, зах зээл өөрөө асуудлуудыг шийдвэрлэж байх ёстой. Хэрвээ бид ардчилсан улс мөн бол иргэд өөрсдөө, СӨХ, иргэдийн нийтийн хурлаараа асуудлыг шийдэж чаддаг байх хэрэгтэй. Гэтэл сүүлдээ СӨХ-г хүртэл хорооны засаг томилох тухай ярих болж, Иргэдийн нийтийн хурлыг сүүлийн 4 жил хотод лав хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Засгийн газар гэсэн хэдхэн хүнийг бид хараад суудаг боллоо. Тэдний эрх ашигт нь нийцвэл урагшаа явдаг, үгүй бол явдаггүй систем рүү орж байна. Үүнээс болж орхигдсон бүлгүүд ч ихтэй болно.

Авлига гаарч, ардчилал ухарч байгаа нь олон улсын янз бүрийн судалгаагаар гарч байгаад гайхах юмгүй. Ардчиллын олон төрлийн үзүүлэлтүүдээр хүний эрхийг хангадаг ардчилал биш, сонгуультай автократ улс руу ороход бэлэн улсын тоонд орчихсон байна. Манайх шиг нийтийн, хувийн эрх ашгаа ялгаж чаддаггүй газар эрх мэдэл төвлөрөх тусам авлига ихэснэ. Авлига ихсэх тусам хүний эрх хумигдана, нийгэм соёл, эдийн засгийн боломжуудыг хулгайлна, авлигачдыг хянах улс төрийн дуу хоолой, хэвлэл мэдээлэл, иргэний орон зайг хааж бооно гэдэг нь тодорхой.

Дүгнээд хэлэхэд, МАН өөрсдийн эрх ашигт нийцүүлэн нэг бол нэмэлт өөрчлөлт сорчлон оруулж, эсвэл хууль тогтоомжоор эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлэн хүний эрхийг зөрчих замаар Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоог ил далд хэлбэрээр нурааж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Доржханд: Сонгуульд ялахын төлөөх хортой шийдвэрүүдээс болж Монголын залуус хохирч байна DNN.mn

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Энэ хаврын чуулганаар баталсан чухал хуулиудын нэг бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль. УИХ-аар батлагдахгүй олон жил гацсан энэ хуулийн ач холбогдлыг та хэрхэн харж байна?

-Баялгийн сангийн хуулийг ХҮН намын даргын хувьд, УИХ-ын гишүүний хувьд, эдийн засагч хүний хувьд дэмжсэн. Учир нь тусгаар, ардчилсан улс байя, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж явъя, парламентад олон намын системтэй байх нь зүйтэй гээд бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Ийнхүү тодорхой түвшинд суурь тогтолцооны өөрчлөлт хийсэн. Одоо хүлээгдэж буй зүйл бол эдийн засгийн өөрчлөлт. Манай улс газрын доор нэлээд их нөөцтэй. Газрын доорх баялгийг худалдаж авах зах зээл нь бидний урд байна. Гарч ирсэн нөөц баялгаас орж ирсэн орлогоороо монгол хүндээ хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай. Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийнхээ төслүүдийг явуулах, том бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлэх шаардлага бий. Тиймээс энэ ажил руу орохгүй бол болохгүй байна. Учир нь манай улсын төсөв бол халамжийн төсөв. Хөгжлийг санхүүжүүлдэг эх үүсвэр байхгүй болчихсон. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт зогсчихсон. Гаднаас хөрөнгө босгоё гэхээр манай өрийн тааз тулчихсан. засгийн газар нь өндөр өртэй болохоор өндөр өртөгтэй эх үүсвэр олохоос өөр аргагүй. Хувийн секторууд түүнээс ч өндөр өртөгтэй эх үүсвэр олж байгаа. Үүнээс болж хөгжлийг санхүүжүүлдэг эх үүсвэргүй байгаа юм. Тиймээс Баялгийн сан байдлаар явах нь зүйтэй. Баялгийн сан гэх ойлголт 2000 оноос хойш нэлээд эрчимжсэн. Дэлхийн II дайн гадна, дотны хөрөнгө оруулалт дээр явсан. II дайнаас хойш дэлхийд энх тайван тогтож ялагч нь хөгжчихсөн. Тухайлбал, Европын орнууд, Япон, Солонгос, Сингапур зэрэг олон орон хожсон. Харин ялагдагч нь байрандаа үлдсэн. 2000 оноос хойш шууд хөрөнгө оруулалт буурсан, засгийн газрын оролцоотой сангаар дамжиж хөрөнгө оруулалт хийдэг механизм бий болсон.

Энэ нь Засгийн газар өөрөө баялгаас орж ирсэн орлогынхоо тодорхой хувийг нь хуримтлуулан, өсгөж үржүүлэх хэлбэр. Энэ агуулгаар Баялгийн санг дэмжсэн.

Баялаг гэдэг ухаж гаргаж ирээд зараад иргэддээ тэгш хуваарилах асуудал биш. Үндсэн концепци нь энэ эх үүсвэрээ гаргаж ирээд өсгөж үржүүлэх хэрэгтэй. Бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй. Өнөөгийн болон ирээдүй үедээ зориулж хадгалах, хуримтлуулах зайлшгүй шаардлагатай.

2012 онд Сангийн яаманд ажиллаж байхдаа би Баялгийн сангийн техникийн ажлын хэсгийг ахалдаг байсан. Үр дүнд нь 2015 онд “Ирээдүй өв” сан батлагдсан. Гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт, хуримтлал гэдэг нь “Ирээдүй өв” сангаар явна. Тэгвэл дотооддоо яах вэ гэсэн асуудал үүснэ. Дотооддоо хийх хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг Баялгийн сангаас гаргаж, дийлэнх хэсгийг гадна дотны хөрөнгө оруулагчид оруулах байдлаар том төслүүдийг явуулах боломжийг Баялгийн сангийн хуулиар хийх ёстой.

-Эдгээр гурван сангийн захиран зарцуулах а суудлыг хуулиар тодорхой тогтоохгүй бол бусад сангууд шиг хулгай нүүрлэх вий гэсэн болгоомжлол нийгэмд бий. Сангийн үйл ажиллагааг ямар байдлаар хийвэл зохимжтой вэ?

-Баялгийн сангийн тухай хууль маш ерөнхий зохицуулалттай батлагдсан. Цааш Засгийн газрын түвшинд нарийвчилсан зохицуулалтууд гарах учиртай. Энд хэрэгжилт маш чухал. Сан гэхээр хулгай бий болчихдог гэсэн ойлголт нийгэмд байдаг. Олон улсад хараат бус хөндлөнгийн менежментийн удирдлагын баг гэрээний үндсэн дээр санг удирддаг. Гадны эсвэл дотроос баг орж ирж болно. Гол нь эрх баригч нам, Засгийн газар, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний томилгоо байж болохгүй.

-Зургадугаар сарын 1-нээс ТҮК-ийн ажилчид 3.5 сая төгрөгөөр цалинжихаар болсон. Үүнтэй холбоотойгоор танай намаас багш, эмч нарын цалинг мөн нэмэх хэрэгтэй, тэгж байж эдийн засгийн бодлого хэрэгжинэ гэж мэдээлсэн. Эдийн засгийн зөв бодлого гэж юуг хэлээд байна вэ?  

-ТҮК, нийтийн тээврийн автобус барьж байгаа жолооч нарын цалинг өсгөх хэрэгтэй байна. Өсгөнө гэж шийдвэр гаргалаа. Бололгүй яах вэ. Гэхдээ яагаад тэр хэсгийг өсгөх ёстой билээ. Нийтээр нь өсгөх боломжтой юу. Нийтээрээ сайхан амьдрахын тулд эдийн засгийн зөв бодлого хэрэгтэй. Гэтэл ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож байгаа нь зөв бодлого биш. Учир нь улс орны цалингийн систем тэнцвэр дээр тогтдог. Төрийн албан хаагч болон хувийн секторт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хоорондоо уялдаатай байдаг. Хувийн секторт ажиллаж байгаа хүмүүс татвараа төлж төрийн албан хаагчдын цалинг бүрдүүлж байна. Төрийн алба хаагчдын цалин өсөхөд хувийн сектор дагаад цалингаа өсгөж чадах уу. Хувийн сектор цалингаа өсгөж чадахгүй бол иргэд төрд ажиллахыг илүү хүсэж эхэлнэ. Энэ нь тэнцвэрийг алдагдуулж байгаа юм.

Нөгөө талаар төрд хамгийн бага цалинтай ажиллаж байгаа хүмүүс нь багш, эмч нар. Олон улстай харьцуулахад Монголын багш нар 2-3 дахин ачаалалтай ажилладаг. Сая гаруйхан төгрөгийн цалин авч байгаа. Тэд больё, ТҮК-ийн ажилтан болъё гэвэл яах билээ. Хэн бидний хүүхдэд хичээл заах вэ. Цаашид Монголын боловсрол яах билээ. 

Үүнээс гадна эмч нарын асуудал байна. 10 жил эмчээр сураад, 10 жил тэр мэргэжлээрээ ажилласан хүн өнөөдөр цалингаасаа болоод Солонгост нүцгэн гараараа завь угааж, загас цэвэрлээд сууж байна. Тийм үнэ цэнэтэй хүмүүсийг бид ямар их зардлаар бэлдлээ дээ. Гэтэл тэд цалингаас болоод Солонгост боолын ажил хийгээд байна шүү дээ. Эмч нар яршиг, цалин өндөртэй ТҮКийн ажилчин болъё гэвэл яах вэ. Бодлого нь буруу байгаа юм. 

Шөнийн дөрвөн цагаас хойш ажиллаж байгаа ТҮК-ийн ажилчдын цалиг нэмэхийг Т.Доржханд эсэргүүцээд байна гэж гуйвуулаад байх шиг байна. Би нэмэхийг дэмжиж байгаа. Гол нь нийтээрээ өндөр цалин авдаг эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс сонгууль дөхөөд популизм хийж хотын нийтийн аж ахуйд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг өсгөж хотоо л сайхан харагдуулж байгаад сонгуульд орох зорилготой бол энэ нь цалингийн системийн тогтолцоог эвдэнэ. Нийтийн тээвэр, түгжрэлийн асуудал хүнд байна. Тиймээс автобусны жолооч нараа дэмжье гэсэн байдлаар сонгуульд орох гэж байгаа бол уучлаарай, та болон танай нам ялж болно. Гэхдээ Монгол Улс ялагдах гээд байна.

-Цалинг гэнэт нэмэх нь ямар үр дагавар дагуулдаг вэ?

-Би ОУВС-д ажиллаж байхдаа Латин Америкийн улсуудын хариуцдаг байсан. Тэр дундаас хамгийн хэцүү байдалтай нь Аргентин улс. Аргентины эдийн засаг одоог хүртэл яагаад сэргэхгүй байна гэхээр 1980 оны буруу шийдвэрээс болсон. 1970аад онд Аргентины эдийн засаг өнөөгийн Японоос илүү байсан.  Европын өндөр хөгжилтэй олон орнуудын урд байсан. Тэр үед эдийн засаг нь сайжирмагц популист улстөрч Засгийн тэргүүнээр томилогдсон. Ингээд цалин, тэтгэврийг 2-3 дахин өсгөнө гэж амлаад дараагийнхаа сонгуульд ялчихсан. Ингээд ердөө аравхан жилийн дотор нөгөө хөгжиж  байсан орон хамгийн ядуу улс болсон. Цалин тэтгэвэр өссөн ч инфляци нь дагаад өсчихсөн. Ажлын байргүй болсон. Хөрөнгө оруулагчид зугтаасан. Ингээд ядууралд орж эхэлсэн. Гаднаас мөнгө зээлж эхэлсэн. Эхэн үедээ жилийн гурван хувийн хүүтэй зээлдэг байсан бол удалгүй 16, 18 хувьд хүрсэн. Сүүлдээ зээл өгөх газаргүй болсон. Ингээд дампуурсан. Тийм сайхан хөгжилтэй улс ганц хоёрхон популист улстөрчийн хортой шийдвэрээс болж системээ эвдсэн. Дэлхийн олон оронд ийм харамсалтай түүх бий. Манай улсын хувьд “Монгол ялна” гээд дэд бүтэц, төмөр замынхаа төслүүдийг явуулахгүй Монгол ялагдсан. Иргэддээ  1-1.5 сая төгрөг өгнө гэж популизм хийсээр байгаад 17 хувьтай эдийн засаг, гадна дотны хөрөнгө оруулалтаа “устгачихсан”. Сонгуульд ялахын төлөөх ийм хортой шийдвэрүүдээс болж Монголын залуус хохирч байна. Залуус эх орондоо сайхан амьдрах итгэл найдваргүй болоод гадагшаа их явж байна. Тиймээс шийдвэрээ эргэж хараач гээд байгаа юм. Улс төр хийлээ гээд улсаа хорломооргүй байна. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. Дараагийн амьдралаа бодооч. Эдийн засгийн зөв бодлого, шийдвэр гаргахгүй бол миний эсрэг ТҮК-ийн ажилчид, автобусны жолооч нарыг босголоо гээд улс орон сайжрахгүй. Энэ сонгуулиар хэн ялах нь хамаагүй. Хамгийн гол нь Монгол Улс эдийн засгийн зөв реформыг хийх цаг нь. Тиймээс шийдвэр гаргаж буй улстөрчид, эрх баригчид зөв шийдвэрийн талд байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

-Нийтээр цалинг нь нэмэх эдийн засгийн нөөц боломж бидэнд өнөөдөр байгаа юу?

-Нийтээр нь нэмэх боломж одоо бол байхгүй. Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлбэл богино, дунд хугацаанд боломжтой. Бизнес, хувийн сектор, гадна дотны хөрөнгө оруулагчдаа дэмжих хэрэгтэй. Харамсалтай нь нийгэм рүү, халамж руу хандсан сүүлийн арван жилийн  буруу бодлого, хэтэрхий улстөржилт эрүүл эдийн засгийн бодлого явуулах боломжийг нь хаачихаад байна. Хоёрдугаарт, зөв бодлого явуулах мэргэжлийн хүмүүс  улс төрийн шийдвэр гаргах түвшинд орж ирэх боломжийг нь хязгаарлачихаад байна. Учир нь иргэд ядуу байна. Орлогогүй байна. Улстөрчид үүнд таарсан популизмыг хийгээд байна шүү дээ. Хүмүүс надад “Чи ямар тэнэг юм бэ, ТҮК-ийн ажилчид, автобусны жолооч нарын дэмжлэгээ алдчихлаа шүү дээ” гэсэн. Дэмжлэгээ алдаж болно. Гэхдээ зарчим гэж нэг юм бий. Популизмын эсрэг зогсдог нам, улстөрчид байх ёстой.

-ХҮН нам УИХ-ын сонгуульд анх удаа бие дааж оролцож байна. Сонгуулийн бэлтгэл ажлаа хэр базааж байна вэ?

-Бид сүүлийн 10 жил шат шатны бүх сонгуульд оролцсон. 2016 онд манай рейтинг маш өндөр байсан. Ингээд УИХ-ын сонгуульд орох гэтэл тухайн үеийн эрх барьж байсан нам Ерөнхийлөгчтэй нийлж шүүхийн байгууллагад захиалга өгөөд оруулаагүй. 2020 онд мөн л өмнөх Ерөнхийлөгчийн зүгээс оруулаагүй. Тиймээс арга буюу эвсэл байгуулж хамтарч орсон. Үр дүнд нь нийт иргэдээс 20 хувийн санал авч УИХ-д нэг суудалтай болсон. НИТХ-д бүлэгтэй болж, дүүрэгт 15 төлөөлөгчтэй болсон. 2024 оны сонгуульд анх удаа ХҮН намаар орж байна. Бидэнд зургаан сонгуульд оролцож байсан туршлага бий. Ерөнхийлөгчийн сонгуульд доктор, профессор, инженер Д.Энхбат гуайг дэвшүүлсэн. Иргэдийн 20 гаруй хувийн санал, гадаадад амьдардаг монголчуудын 80 хувийн саналыг авсан. Энэ бол сайн үзүүлэлт. Одоо үүнийгээ бататгаж олон суудал авч улсдаа зөв бодлого хэрэгжүүлнэ.

Манай нам Улаанбаатар хотод рейтингээрээ МАН, АН-аас өндөр дэмжлэгтэй байна. Орон нутагт ч дэмжлэг байна. Судалгаагаар манай гурван намын рейтинг ижил байна. Сонголт иргэдэд бий. Энэ удаад боловсролтой, туршлагатай идэр үеийн мэргэжилтнүүдийг сонгох сонголтыг иргэдэд санал болгоно. 126 хүн нэр дэвших ёстой. Одоогоор 200 гаруй хүн нэр дэвших хүсэлт өгсөн. Үүнээс бид хамгийн зөв, боловсролтой мэдлэгтэй, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Энэ удаагийн сонгуульд олон намын олон төлөөлөл оролцож байна. Үүнийг би ихээхэн дэмжиж байгаа. Ингэх гэж л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэж байж парламент сөрөг хүчинтэй болно. Үр дүнд нь ардчилал бэхжиж, тусгаар тогтнол хамгаалагдана.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Иргэнээсээ ухаантай үнэмлэх” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Соёлын тухай хууль нь өв соёлоо дэлхийд таниулах, сурталчилахад түүхэн ач холбогдолтой” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан “Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нарт…

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Иргэнээсээ ухаантай үнэмлэх” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Монголын нийгмийг эмэгтэй хүний нүдээр харахад” ярилцлагыг I, V нүүрээс уншаарай.

Улс төрийн боловсрол олгох “UnFilter” подкастын үүсгэн байгуулагч, сэтгүүлч нийтлэлч Э.ЭНЭРЭЛ “Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж болохгүй” хэмээн ярилаа.

Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмааг баривчилсан асуудлаар “Глоб Интернэшнл ” төвийн хуульч Л Л.Галбаатартай ярилцлаа. Тэрбээр “Сэтгүүлчдийг яллагдагчаар татдаг жишиг тогтчихлоо” гэв. Энэ тухай “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Трампын байдал эвгүйтэж эхлэв

СОНИНЫ АРЫН НҮҮР: Бид кирилл үсэгтэй нь хэвээрээ юу


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бямбасүрэн: Гал түлээгүй байтал ганц хүү минь угаартаж эндлээ DNN.mn

Манай сонин “SOS” булан ажиллуулж эхэллээ. Тусламж хүссэн хэн ч бидэнд хандаж болно. Таны дуу хоолойг бид сонсох ёстой хүмүүс, байгууллагад нь сониноороо дамжуулан хүргэх болно. Энэ удаа харамсалтайгаар угаартаж эндсэн сурагч хүүгийн талаар сурвалжилга бэлтгэн хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын 21-ний өглөөний 10 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруунсалааны автобусны III буудал орчимд эмэгтэй хүн, нэг хүүхэд угаартсан байна гэх дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллахад Сонгино хайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг эмэгтэй 12 насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байсан тул эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Харамсалтай нь зургадугаар ангийн хүүхэд энджээ. Эмэгтэйг эмнэлэгт яаралтай хүргэсэн аж. Тэрээр өнгөрсөн баасан гаригт эмнэлгээс гарсан юм. Бид СХД-ийн 41 дүгээр хороон дээрээс сурвалжиллаа.

Дөрөвдүгээр сарын 23-нд бид нийслэлийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургууль дээр хүрч очсон юм. Тухайн үед талийгаач хүүгийн ар гэрийнхэнтэй холбогдох боломжгүй, мэдээлэл хомс байсан учир бид замаараа тус хорооны хэд хэдэн хүнсний дэлгүүрээр орж дээрх харамсалтай хэргийн талаар асууж, тодруулж явлаа.

Нэгэн хүнсний дэлгүүрийн худалдагч “Ээ халаг аа, манай гудамжинд тийм явдал гараагүй. Хэрвээ гарсан бол би заавал мэдэж байх байсан. Урагшаа, хойшоо хоёр гудамжны бүх айлуудаа би таньдаг, мэддэг. Гэхдээ манай охины 124 дүгээр сургууль дээр нэг хүүхдэд зориулсан хандивын аян болж байгаа” гэсэн юм. Биднийг дээрх сургууль дээр очих үед зарим ангийн хүүхдүүд хичээлээсээ тарж байв. Сургуулийн хэд хэдэн хүүхдээс зургадугаар ангийн хүүхэд угаартсан тухай асуухад “Манай сургууль дээр хандивын аян болж байгаа. Учир нь 6А ангийн эрэгтэй хүүхэд угаартчихсан г эсэн. Манай ангийн хүүхдүүд тус бүр хоёр мянган төгрөг хандивлаж байгаа. Зарим анги мянган төгрөг хандивлаж байсан. Нөгөө ангийн хүүхэд болохоор нэрийг нь мэдэхгүй байна. Манай сургууль 6Ё хүртэл бүлэгтэй байдаг болохоор бүгдийг нь сайн танихгүй. Гэхдээ тэр хүүхдийг хэд хэдэн удаа харж байсан” гэж товч хариулав.

124 дүгээр сургууль нь 1900 орчим хүүхэдтэй. Сургууль урд болон ард талдаа орох, гарах хаалгатай. Сургуулийн зүгээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч зэргийг сайн байрлуулжээ. Биднийг очих үед талийгаач хүүгийн ангийнхан хичээлтэй байв. Тухайн үед нийгмийн ажилтан нь ангийн хүүхдүүд болон багштай уулзуулахыг зөвшөөрөхгүй гэв.

Нас барсан хүүгийн ээж Д.Бямбасүрэнг эмнэлгээс гарсны дараа ярилцлаа. Газар дээрх ганц хүүгээ алдсан ээжийн сэтгэлийг бид яахан мэдэх билээ. Тэрээр ярилцлага өгөх үедээ хоолой зангируулж, нулимс дуслуулж байлаа.

————————————————————————————————-

-Таны биеийн байдал одоогоор ямар байна вэ?

-Миний биеийн байдал одоо ч гэсэн таагүй байна. Бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч. Баруун өгзөг маань маш хөндүүртэй байгаа. Үүнээсээ болж доголж алхах болсон.Эмнэлэгт арав хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн.

Эхний хэд хоног эрчимт эмчилгээний тасагт байсан. Тэгээд бие маань дээрдэж эхлэх үед энгийн тасаг руу шилжсэн. Хамгийн гачлантай нь намайг эмнэлэгт хэвтэж байхад хүртэл угаарын хийнээс хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон хүмүүс миний хэвтэж байгаа тасагт ирсээр байсан. Одоо үргэлж ийм доголон болчих вий гэж санаа зовж байна. Угаарын хийнд хүнд хордсон нь цаашид бусад өвчин сэдрэх эрсдэл дагуулна гэж эмч нар хэлсэн.

-Та эмнэлэгт хэд хоног ухаангүй байсан бэ? 

– Эмнэлэгт эхний хоногтоо ухаан ороогүй гэж надад хэлсэн.Би гурав дахь хоногоос яг өөрийн гэсэн эрүүл ухаантай болж эхэлсэн. Эхний гурав хоног өөрийгөө хаана байгааг, эмнэлэгт яагаад очсон гэдгээ огт мэдэхгүй байсан. Намайг хагас дутуу ухаан орсон байх үед ар гэрийнхэн маань хэд хэдэн зүйлс асуусан байсан. Тэдгээр асуултад хариулсан гэдгээ ч огт мэдэхгүй байсан.Тэгээд гурав хоногийн дараагаас л өөрийн гэсэн ухаантай болсон доо. Болсон үйл явдлыг бага багаар санаж эхэлсэн. Эхэндээ угаартаж унасан гэдгээ ч мэдэхгүй байсан.

-Угаартсан орой яг юу болсныг санаж байна уу?

-Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагт хамгийн сүүлд гал түлсэн. Шөнө нь нойтон цастай, бороо орж байсан болохоор шөнийн 12 цагийн үед өрхөө бүтээсэн юм.Мэдээж олон жил гэрт амьдарсан хүн болохоор угаартаж магадгүй гээд унтахдаа гал түлээгүй. Яндангийнхаа хаалтыг хаагаагүй гэдгийг бат хэлье. Хаалтыг нээлттэй орхисон. Орондоо орохоосоо өмнө яндан болон зуухан дээрээ гараа тавьж үзсэн. Аль өдөр 16:00 цагт түлсэн гал унтралгүй яахав. Гараараа яндан, зуухандаа хүрэх үед хөрчихсөн байсан юм шүү. Тэгээд гэрлээ унтраагаад орондоо орсон чинь бараг 30 орчим минут хөрвөөгөөд унтаж чадаагүй. Тухайн үед унтаж чадахгүй байсан болохоор гадаа гарч агаар амьсгалъя гээд орноосоо өндийсөн чинь миний хөл, бие мэдээгүй болчихсон. Орноосоо босоод шууд газар уначихсан. Ухаан алдаагүй, өөрийн гэсэн ухаантай байгаа ч гэсэн бие маань надад захирагдахгүй, 30 орчим минут хөрвөөгөөд унтаж чадаагүй. Тухайн үед унтаж чадахгүй байсан болохоор гадаа гарч агаар амьсгалъя гээд орноосоо өндийсөн чинь миний хөл, бие мэдээгүй болчихсон. Орноосоо босоод шууд газар уначихсан. Ухаан алдаагүй, өөрийн гэсэн ухаантай байгаа ч гэсэн бие маань надад захирагдахгүй, сэрэх билээ. Миний санаж байгаа зүйл бол энэ.  Гал түлээгүй байтал ганц хүү минь угаарын хийнд хордож амь үрэгдлээ.

-Тэгэхээр 16:00 цагаас хойш нэг ч гал түлээгүй, түлээ ч нэмж хийгээгүй гэсэн үг үү?

-Тавантолгойн шахмал түлшинд итгэх итгэл алга. Гал түлж байгаа айл өрхүүд гэлтгүй энэ нийслэл хотод амьдарч байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг шахмал түлшинд даатгах ямар ч боломж алга. Ямар тооцоо судалгаан дээр үндэслэж хийгдсэн байтлаа үнс болтлоо шатаж дууссан хойноо угаартуулдаг байна аа. Энэ хорыг дахиж хэрэглэж яав ч болохгүй. Нөхөр бид хоёр ганц хүүгээ алдлаа. Энэхүү түлшнээс болж дахиж нэг ч хүүхэд битгий амь үрэгдээсэй гэсэндээ ярилцлага өгч байна. Өөрсдөө идэж уугаад сайхан л амьдардаг байх. Гэхдээ хүний алаг үр үүнээс чинь болж амь үрэгдэж байна шүү дээ. Би 16:00 цагт гал түлсэнээсээ хойш унтахдаа огт гал түлээгүй, түлээ ч нэмж хийгээгүй. Мэдээгээр хүмүүс угаартжээ л гэдэг. Гэхдээ хүн ийм зовлон өөрт нь тулж ирэхээс нааш мэддэггүй юм байна. Сайжруулсан шахмал түлшний унтарчихсан хоосон үнсэн дотор задрал явагдаж хий ялгардаг гэж хүмүүс ам дамжиж яриад байсан.

-Таны нөхөр шөнийн ээлжийн ажилтай болохоор тэр шөнө гэртээ байгаагүй гэдэг үнэн үү. Та хоёр угаартсан байхад хэн анх олов?

-Тийм ээ, нөхөр маань шөнийн ээлжийн ажилдаа явчихсан байсан. Өглөө нь ажлаасаа ирэх үед би газар ухаан алдаад уначихсан, хүү минь орон дээрээ амьсгал хураачихсан байсан гэсэн, үнэхээр итгэмээргүй. Инээж хөхрөөд хичээл сургуульдаа явж байсан ганц хүү минь ганцхан шөнийн дотор байхгүй болчихсон байна гэдэг үнэхээр аймшигтай. Намайг ухаан ороогүй байх үед Тавантолгой түлш компанийн хүмүүс манай нөхөр рүү залгаж “Та нарын буруу, өөрсдөө угаарын хий мэдрэгчээ ажиллуулаагүй байсан” гэж дайрсан байсан. Ядарсан, ядуу гэр хорооллын биднийг дээрэлхэх яах вэ. Та нар элэг нэгт монголчууд, ард иргэдээ бодох хэрэгтэй шүү дээ. Хүний алаг үрийг бодох хэрэгтэй.

-Тэгэхээр угаарын хий мэдрэгчээ ажиллуулаагүй байсан юм уу?

-Ажиллуулаагүй байсан биш, ажиллаж байсан шүү. Хүний амьдралд угаарын хийн мэдрэгчээс өөр анхаарах олон асуудал байгаа шүү дээ. Цаг үргэлж өдөр тутам “Энэ эд ажиллаж байна уу” гээд шалгаад хянаад байж чадахгүй. Тэр төхөөрөмж бид хоёрын угаартахаас хэд хоногийн өмнө ажиллаад ёнгинож л байсан юм. Тэгээд яг хамгийн хэрэгтэй үедээ ажилласангүй.

-Угаарын хийн мэдрэгч ажиллаж байгаа эсэхийг шалгадаг хүмүүс танайхаар энэ өвөл шалгалт хийсэн үү?

-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ байхгүй байхад ирээгүй л бол миний мэдэхээр угаарын хийн мэдрэгч ажиллаж байгаа эсэхийг энэ өвөл шалгаагүй.

-Талийгаач хүү ямар хүүхэд байсан талаар асууж болох уу. Ирээдүйд юу хийж бүтээнэ гэж ярьдаг байв?

-Миний хүү эмч болох өндөр магадлалтай байсан. Байгалийн ухааны хичээлдээ маш сайн. Монгол бичгийн хичээлдээ их дуртай, түүндээ чамбай гэж жигтэйхэн, дуртай байхыг нь яана.12 настай хүүхэд гэхэд өргөн цээжтэй, хүндийн өргөлтөөр хичээллэдэг байсан болохоор тийм байх. Боксоор хичээллэнэ. Эрч хүчтэй, амьдралын эрчим энерги сайтай хүү байсан. Энэ эсгий гэрт ганц хүүгийн минь орон зай ямар ч их үгүйлэгдэж байна вэ?

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Ганхуяг: Банкны тухай хуулийг батлагдаж байхад миний зургийг талбай дээр шатааж байлаа DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өчигдөр Монголбанкны удирдлагуудыг шалгуулахаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргасан. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Монголбанкны удирдлагуудыг яагаад шалгуулахаар болж байгаа юм бэ?

-Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 28-нд нэмэлт, өөрчлөлт орсон. Ингэхдээ гол гурван заалт оруулсан. Нэгдүгээрт, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг багасгах, дээд тал нь 20 хүртэлх хувийн хувьцаа эзэмшдэг болгох. Хоёрдугаарт, банк банкнаас өөр төрлийн бизнес эрхлэхийг хориглож өгсөн. Гуравдугаарт, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр иргэд том банкуудын хувьцаа эзэмшээд хяналтаа тавиад явна гэсэн үг. Үүнд зөвхөн Төв банк биш, Санхүүгийн зохицуулах хороо давхар хяналт тавиад явах учиртай. Ингэснээр банкны монополь байдал нь задарна.

Хэрэв 20 хувь дээрээ дотоодоос хөрөнгө оруулагч олж чадахгүй байгаа бол гадаадаас мэргэжлийн хөрөнгө оруулагчид татах боломж нээгдэнэ. Гадаадын банкууд оруулж ирэх боломжтой болно. Үүний үр дүнд банкуудын өөрийн хөрөнгийн үзүүлэлтүүд сайжирна. Зээлийн хүү буурч, хүртээмж нэмэгдэх үндэслэл бүрдэх учиртай юм. Энэ хуулийн хэрэгжих хугацаа ноднин жилийн 12 дугаар сарын 31 байсан. Гэтэл энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хуулийн үйлчлэх хугацаа дотор нь өргөн бариагүй. Дээрээс нь Монголбанкны одоогийн удирдлагууд энэ хуулийг хэрэгжүүлэх сонирхол байхгүй байна гэж надад харагдаад байгаа юм. Тийм учраас ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүссэн хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргалаа. Төв банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. Тиймээс цаашдаа энэ хоёр хүн дээр УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, хуулийг хэрэгжүүлээгүй үндэслэлээр ажлаас нь түдгэлзүүлэх, огцруулах арга хэмжээ авна гэж бодож байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ хуулийн хэрэгжилтийн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31 болгох төсөл өргөн барьсан. Өмнө нь энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаагүй гишүүн яагаад гэнэт ийм төсөл өргөн барих болов?

-Хуулийн хэрэгжилтийн хугацаа хэтэрчихсэн болохоор манай арилжааны банкууд бүгд хууль зөрчсөн болчихоод байгаа юм. Нэгэнт хууль зөрчсөн болохоор олон улсын санхүүгийн байгууллагууд мөнгөө буцаан татах нөхцөл байдал үүсч байгаа. Бараг 1.4 тэрбум ам.долларыг эргүүлэн татагдана. Тийм учраас бид сунгаж өгөх хэрэгтэй боловч хоёр нөхцөл зайлшгүй байх ёстой. Нэгдүгээрт, одоо байгаа удирдлагууд огт хийхгүй юм байна. Хоёрдугаарт, 2026 оны 12 дугаар сарын 31 гэсэн ганцхан он, сар тавих биш нэгэнт сунгаж байгаа бол хүрэх зорилго, хувьцааны задралаа ийм болго, өөр төрлийн бизнес хийхээ больсон байх ёстой зэрэг зүйлсийг нь бичиж өгөх ёстой байсан. Харин ганцхан он, сар тавьсан болохоор дахиад л хуулийг хэрэгжүүлж амжсангүй гэдэг зүйлийг ярих боломжийг өгчихөж байгаа юм.

-Хэрэгжилтийг сунгасан төсөл өргөн барьсан нь банкуудын лобби байх боломжтой юу?

-Түрүүн хэлсэнчлэн мөнгө татагдах эрсдэл бий болчихсон учраас том эдийн засгаа харах юм бол сунгаж өгөхөөс өөр аргагүй байдалд орчихоод байгаа юм. Гэхдээ хуулийг хэрэгжүүлээгүй нь Монголбанкны удирдлагууд тодорхой хэмжээний лоббид орсон болов уу гэдэг хардлага надад төрөөд байгаа юм. Тийм ч учраас УЕП-т гомдол гаргасан.

-Банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох нь иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Зээлийн хүү буурна. МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг 12 хувиас хэтрэхгүй болгоно гээд орчихсон. Үүнийг биелүүлэх гэж энэ хуулийг баталсан. Гэтэл хууль нь хэрэгжээгүй болохоор зээлийн хүү буурахгүй байгаа юм. Жишээлбэл, оны дараахан өндөгний импортын татварыг 20 хувь болгосноор оны өмнө 550 төгрөг байсан өндөг өнөөдөр 800 төгрөг болчихсон байна. Өрсөлдөөнийг хязгаарлах нь ямар үр дүнд хүргэдэг вэ гэдгийг эндээс харж болно. Тэгэхээр өрсөлдөөн хязгаартай байгаа болохоор зээлийн хүү өндөр байгаа юм. Гадны банк орж ирэхгүй бол мөн л зээлийн хүү өндөр байна. Ердөө 4-5 том системийн банк нь зах зээлийнхээ 95 орчим хувийг атгачихаар зээлийн хүртээмж нэмэгдэж, хүү нь буурахгүй байгаа юм.

-Банкууд банкнаас өөр бизнес эрхлэхгүй байх ёстой гэсэн. Гэтэл амьдрал дээр банкууд бүх төрлийн бизнесийг хийж байна шүү дээ?

-Энэ хуульд уг нь хатуу зохицуулалт оруулсан юм. Тухайн банкны эзэмшиж байгаа банкнаас өөр бусад төрлийн бүх бизнесээс татгалзсан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Ингэснээр бизнесийн орчин эрүүл болно. Одоо чинь банкууд зам тавьж байна. Төмөр зам барьж, хэвлэлийн компани хүртэл ажиллуулж байгаа. Энэ хэмжээгээр тэр салбарт бизнес хийх орчин хумигдаж байгаа юм. Тэр их мөнгөний өөдөөс өөр ямар ч бизнес өрсөлдөөд нэмэргүй.

-Монголбанкинд ажилладаг хүмүүс ямар нэгэн байдлаар банктай холбоотой. Банк бус санүүгийн байгууллага ажиллуулдаг гэж ярьдаг?

-Бүгдээрээ л ингэж ярьдаг. Тэгэхээр чинь л ашиг сонирхлын зөрчил байна гэсэн үг. Банкнаас арай бага хувийн хүүтэйгээр зээл авч, түүнийгээ банк бусаар дамжуулан гаргадаг ч юм уу. Энэ байдлыг л тогтоож, шалгаж өгөөч гэж прокурорт бичиг өгсөн. Бид өмнө нь маш их ярьсан хэрнээ шалгуулах хүсэлт, гомдол гаргаж байгаагүй юм билээ.

-Уг нь хувьдаа банк бустай байх нь хуулиар хориотой юу?

-Хуулиар хориотой. Гэхдээ Монголбанкны бүрэн эрхийг хамгаалж, хараат бус байлгах үүднээс 5-6 хуулиар хамгаалсан байдаг юм. Үүнийг л ашиглаад байна гэсэн үг.

-Гадаадын банк оруулж ирэх дээр юу хэлэх вэ. Хоёр талтай маргаан дагуулдаг сэдэв шүү дээ?

-Гадаадын банк байхгүй Монгол, Хойд Солонгос хоёроос өөр орон дэлхийд үлдсэнгүй. Өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа монополь хүчин байгаа учраас гадаадын банкийг оруулж ирэхгүй байгаа юм.

-Энэ чуулганы хугацаанд амжиж Монголбанкны удирдлагуудыг огцруулж чадах болов уу?

-Ер нь бол амжуулна гэж бодож байна. Нэгэнт энэ хуулийг батлуулсан. Ард нь гарна. Уг нь чуулганы бүрэн эрхийн хугацаанд хэрэгжиж дуусахаар энэхүү хуулийг зохицуулсан юм. Одоо хуулийг сунгалаа гэж бодоход энэ хуулийг хэрэгжүүлэх чадвартай, сэтгэлтэй, хуулийг хүндэтгэдэг хүмүүсийг тавих ёстой.

-Өнгөрсөн хугацаанд банкуудын зүгээс элдэв дарамт, лобби хэр ирсэн бэ?

-Энэ хуулийг анх батлагдаж байхад л миний зургийг талбай дээр шатааж байлаа шүү дээ. Жагсаал хийж, инфлюнсерүүд гарч ирээд энэ хүн хулгайч гэж дайрсан. Өнөөдрийг хүртэл байнгын л нүдэж байна.

-Эдгээр лобби, дарамтуудын эсрэг юу хийж байна вэ?

-Гишүүдтэйгээ л хамтарч ажиллана. Гишүүд маань ч нөхцөл байдлыг хараад ойлгож байгаа байх. Бид чинь ард түмэндээ амласан шүү дээ. “Монгол хүний за бол андгай буй за” гэсэн Б.Ренчин гуайн үг хүртэл бий. Банкны реформыг хийнэ. Зээлийн хүүг бууруулна. Өрсөлдөөний орчныг нэмэгдүүлнэ гэж бид амласан. Намын мөрийн хөтөлбөрт орсон зүйл. Үүнийг чинь хэрэгжүүлэхгүй бол бид ямар нүүрээрээ тойрог дээрээ буцаж очих юм.