Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Бөх судлаач С.Давааням: Энэ жилийн наадамд О.Хангай аварга түрүүлж, Б.Бат-Өлзий заан үзүүрлэх магадлалтай DNN.mn

Өнөө жилийн наадамд хэн хэн түрүү, үзүүрт шалгарч, ямар хүчтэнүүд шинээр улсын цолонд хүрч, наадмын өнгө ямар байх талаар бөхийн тайлбарлагч, бөх судлаач С.Даваанямтай ярилцлаа


-Наадмаар мэдээж 512 бөх зодоглоно. Өсөхөө аварга маань зүүн жигүүрт гарах байх. Бөхийн барилдаан ямар болох талаар өөрийн таамгийг хэлэхгүй юу. Шуудхан асуухад, түрүү үзүүрт хэн хэн үлдэх бол?

-Дархан аварга Г.Өсөхбаяр зүүний магнайд гарах байх. Өнгөрсөн жил мөн зодоглож гурвын даваанд цолоо дуудуулж байсан. Баруун жигүүрийг Н.Батсуурь аварга манлайлна. Ингээд цолны эрэмбэ ёсоор П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай гээд лав л зургаан аварга зодоглоно байх. Ч.Санжаадамба аваргыг барилдахгүй гэсэн яриа бөхийн хүрээнийхний дунд байгаа. Түрүү жил бас зодоглоогүй өнжсөн. О.Хангай аварга, Б.БатӨлзий заан, Б.Пүрэвсайхан заан гээд Ховдын гурав дээшээ гарч ирнэ. Шөвгийн дөрвийн гурав нь Ховдын бөхчүүд магадал тун өндөр байгаа. Энэ гурвын араас Б.Орхонбаяр арслан, Ц.Бямба-Отгон гарьд, М.Лхагвагэрэл заан, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ нарын харцагууд дээшээ барилдаж таарна.

-Хүмүүсийн таамаг түрүү үзүүрт О.Хангай, Б.Бат-Өлзий гэж яригдаад байгаа. Өөрөө ямар бодолтой байна?

-Би олны таамагтай санал нэг байна. Олны үг ортой гэдэг. Хэрвээ энэ хоёр хүчтэн үзүүр, түрүүнд шалгарч Хангай аварга түрүүлбэл Монгол Улсын даян аварга болно. Бат-Өлзий заан түрүүлбэл Монгол Улсын арслан цол хүртэнэ. Бөхийн өргөөнд болон хөдөө аймгуудад зохиогдсон улсын чанартай барилдаанд энэ хоёр бөх хамгийн олон түрүү, үзүүрт шалгарсныг бөх сонирхогч, ард түмэн сайн мэдэж байгаа. Даваа унааны хувьд дийлэнхэд нь Хангай аварга давсан гэх статистик тоо баримт бий. Тэгэхээр энэ жилийн наадмын тухайд энэ хоёр бөх дахиад л түрүү, үзүүрт зогсож байх тийм нөхцөл харагдаад байна. Үзүүр, түрүүнд үлдлээ гэхэд ёстой хамаг хүч тэнхээгээ шавхсан, хүч тэнцүү удаан үргэлжилсэн барилдаан болох төлөв бий.

Давхар шуудагны барьцнаас барилдаан ерөнхийдөө шийдэгдэх болов уу. Хэн хэнийхээ барилдааныг маш сайн мэдэж байгаа. Ёстой нөгөө алхаа гишгээ бүрээ мэдэж байгаа. Нэг дэвжээнд олон жил хамтдаа бэлтгэл сургуулилт хийсний хувьд, бага цолтой байхаасаа л хоорондоо тогтмол тунаж барилдаж байсны хувьд барилдаан яаж шийдэгдэнэ таахын аргагүй. Хэн нь ч давж мэднэ. Гэхдээ миний хувьд Хангай аваргыг арай олон давсны хувьд хаях магадлалтай гэж таамаглаж байна.

Б.Зоригтбаатар харцага, Б.Пүрэвсайхан заан, Б.Орхонбаяр арслан, М.Лхагвагэрэл заан, Ц.Бямба-Отгон арслан нар дээшээ барилдана. Б.Зоригтбаатар харцагын хувьд үзүүр түрүүнд зогсож байхыг ч үгүйсгэхгүй

-Бат-Өлзий заан өнгөрсөн жилийн наадмаар тавын даваанд уначихсан. Буруу ам авлаа гэж яригдсан. Энэ жил нэгийг бодож зодоглох нь мэдээж?

-Тийм ээ, тавын даваанд аймгийн хурц арслан Б.Ууганбаярыг (одоогийн начин) амлаж барилдаад унасан. Их олон хүнээс Б.Ууганбаярыг амласан. Бэртэл гэмтэлтэй, удаан барилдаагүй гэж бодож амласан байх. Мөн улсын наадам өнжсөн жил Хүй долоон худагт болсон 512 бөхийн барилдааны түрүү, үзүүрт энэ хоёр бөх үлдэж Бат-Өлзий заан түрүүлж байсан. Тэгэхээр давна гэж л амласан нь мэдээж. Түрүү жил Бат-Өлзий зааныг тавын даваанд унана гэж хэн ч бодоогүй. Энэ жил их л том зорилготой зодоглох нь гарцаагүй. Ховдын хоёртой шөвгийн дөрөв миний түрүүнд нэрлэсэн Орхонбаяр, Зоригтбаатар, Лхагвагэрэл, Бямба-Отгон, Пүрэвсайхан энэ хэдийн хоёр нь үлдэж таарна.

-Архангайн Б.Зоригтбаатар харцагыг олон хүн их дээшээ, магадгүй түрүү, үзүүрт ч гараад ирнэ гэж харж байгаа. Цахилгаан Зоригоо гээд арга байхгүй шуугиулах юм?

-Улсын наадамд түрүүлчихээд зогсож байхыг үгүйсгэх аргагүй бөх бол яалт ч үгүй Зоригтбаатар харцага. Өөрөө даншгийн арслан болчихоод “Улсын наадамд түрүүлж арслан болох зорилготой” гэдгээ хэлж байсан. Өнөө жил Архангайн Батцэнгэл сумын 100 жилтэй байх шүү. “Сумынхаа 100 жилийг би төрийн наадмын түрүүгээр мялаана” гэж бас хэлсэн дуулддаг. Тэгэхээр энэ жил наадамчин олон, бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа, Зоригоо харцага. Бэлтгэл сургуулилт ч сайн байгаа. Сүүлд болсон “Алтан цом”-ын тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөх. Зоригоогийн хувьд долоогийн даваанд БатӨлзий юм уу, Пүрэвсайхан заан нарын нэгтэй тунах магадлалтай. Ер нь ингээд бодоход 7-гийн даваанд Н.Батсуурь аварга зоолттой зогсож байх болов уу. Тэгээд Хангай аварга эрэмбээрээ ам аваад, Орхонбаяр юм уу, Бямба-Отгон нарын аль нэг ам аваад, ингээд Бат-Өлзий, Зоригтбаатар хоёр тунах магадлал тун өндөр. Эсвэл Пүрэвсайхан заантай тунах, ийм л дүр зураг харагдаад байна.

-Миний хувьд С.Мөнхбат аваргыг их хардаг. 10 хэдэн жил дээшээ барилдсан. Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аваргууд бол наадмаар нягт барилддаг, нэг л өөр байдаг?

-Ер нь том цолтой бөхчүүд наадмаар огт өөр болоод гараад ирдэг. Батсуурь аваргыг наадмын одтой бөх гэдэг. Тав, зургаагийн даваанд хамгийн эхэнд ам авна. Тийм учраас долоогийн даваанд гараад ирэх магадлалтай. Бүр эвгүйтвэл шөвгийн дөрөвт ч байж мэдэх юм.

-Улсын цол авах, шинээр шуугиан тарьж гарч ирэх бөх байна уу?

-Сүхбаатарын хурц арслан Н.Өсөхбаяр, Өвөрхангайн хурц арслан О.Наранбаатар, тэр жилийн цагаан сарын барилдаанд аймгийн заан цолтой түрүүлж шуугиан дэгдээж байсан Архангайн Э.Мөнхжаргал, Хэнтийн Д.Алтанцоож гэсэн дөрвөн аймгийн арсланг энэ жилийн наадмаар улсын цолонд баттай хүрчих болов уу гэсэн бодол байна. Өсөхбаяр хурц арслангийн хувьд саяны бүх цэргийн наадмаар үзүүрлэж эрэмбэ хамаагүй дээшилж ирсэн. Дөрвийн даваанд харцага цолтой бөхчүүдийн төгсгөл хэсэгт оноолтоор очих байх. За даа ер нь Ховдын Г.Ганхуяг харцагатай таарчих болов уу. Тэгвэл тэгээд л шуугиад явчихна. Ганхуяг харцагын хувьд түрүү жил зургаагийн даваанд Б.Орхонбаяр арсланг хаяж байсан бөх. Өвөрхангайн О.Наранбаатар хурц арслангийн хувьд хоёр жилийн өмнөх 1024 бөхийн барилдаанд Баянхонгорын Э.Батмагнай начинтай тунаж өвдөг шороодсон бол түрүү жил мөн дөрвийн даваад начны даваанд Пүрэвсайхан заанд амлуулж унасан. Энэ жилийн хувьд улсын цол гарцаагүй горилж байгаа бөхчүүдийн нэг. Эрдэнэхүүгийн Мөнхжаргал арслан өнгөрөгч жил дөрвийн даваанд Б.Бат-Өлзий заантай оноолт таараад яалт ч үгүй тахимаа өгсөн. Сая бүх цэргийн наадамд зургаа давж эрэмбэ дээшилсэн. Харцагуудтай таарна байх. Магадгүй нэг нутгийн бөх Б.Зоригтбаатар харцагатай таарвал тэгээд л наадмын шуугиан болно. Хэрвээ энэ хоёр таарвал Зоригтбаатар давах магадлалтай. Хэнтийн Алтанцоож арслан хоёр удаа дөрвийн давааны оноолтод Орхонбаяр арслантай таарч өвдөглөсөн. Энэ жил дахиад таарахыг үгүй гэхгүй. Магадгүй залуу арсланг давж наадмын таавар будлиулахыг таашгүй. Эдгээр аймгийн арслангуудаас гадна Архангайн цэргийн заан Ө.Батсуурь, аймгийн заан С.Доржпалам, Б.Баянсүх гээд байна. Тэдний хувьд гурав даваад гараад ирвэл дөрвийн даваанд цолны эрэмбээр аваргуудтай таарна. Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат гээд аваргуудын а ль нэгийг өвдөг шороодуулахыг үгүй гэх газаргүй. Дөрвийн давааны төгсгөлд улсын начингууд хоорондоо нугарч таарна байх.

-Начингуудаас дээшээ барилдах, цолоо батлах, ахиулах хүн хэн байна. Булганы Д.Амарсайхан начин ч амаргүй дээ?

-Начингуудаас Төв аймгийн Д.Хүдэрбулга, Баянхонгорын Э.Батмагнай, Булганы Д.Амарсайхан энэ хэд байна. Хүдэрбулга начин түрүү жил тавын даваанд наадмын үзүүр бөх Бямба-Отгон гарьдтай тунаж барилдаад унасан. Бяртай сайн начин, хэрвээ т ав давбал цаашаа зургаа даваад харцага болчих магадлал өндөр. Амарсайхан начны хувьд мөн л цолоо батлах юм уу, ахиулах бөхийн тоонд нэр нь зүй ёсоор бичигдэж байгаа. Гэхдээ түүний дунгуйлдах мэхийг нь мэдчихээд хийлгэхгүй байгаа. Иймэрхүү л прогноз харагдаж байна. Орхонбаяр арслан заалны барилдаанд бэртлийн улмаас нэг их барилдалгүй бараг жил болсон. Наадмаар бэртэл нь гайгүй бол сайн л барилдана. Лхагвагэрэл зааны хувьд олимпийн наадамд оролцоно. Гэхдээ наадамдаа зодоглох байх. Долоогийн даваа буюу шөвгийн наймд зогсож байх бөхийн нэг. Бямба-Отгон гарьд саяхан  улсын арслан цолоо албан ёсоор авлаа. Эрэмбэ нь дээшлээд ирнэ. Тэр ч утгаараа баттай зургаа даваад долоогийн даваанд зогсож байх болов уу. Энэ гурвын хувьд шөвгийн дөрөв, түрүү үзүүрт ч гараад ирж мэднэ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд асан Д.Содном: Хэрэг дээрээ Баялгийн сангийн хууль бол хувийн аж ахуйн нэгжийг дампууруулж, үйлдвэрийг нь төрийн өмч болгох бодлого болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын ард түмэн төрөө төвхнүүлэх ээлжит сонгуулиа явуулах гэж байна. Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Нөгөөтэйгүүр сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент нь Мон голын анхны 126 гишүүнтэй парламент болохоор байгаа. Тэгэхээр таны хувьд сонгуулийн тогтолцоо болон энэхүү шинээр бай гуулагдах парламентын чадамж Монголын хөгжилд ямар байдлаар нөлөөлнө гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн 3.1 дүгээр зүйлд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож байх. Ард түмэн эдгээр эрхээ өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжлан эдэлнэ гэж заасан. Гэтэл өнгөрсөн гуч гаруй жилд засгийн бүх эрх ард түмний мэдэлд биш, улс төрийн намын мэдэлд байлаа.

УИХ, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж байх эрхийг нь ард түмэнд эдлүүлэхгүй байгаа гажуудлыг засахгүй бол ард түмний төрд, эрх барьж байгаа улс төрийн намд итгэх итгэл сулрах, улс төрийн тогтворгүй байдал үргэлжлэх эрсдэл бий. Би парламентыг дээд доод хоёр танхимтай болгож энэ гажуудлыг засах саналтай байдаг. Парламентын дээд танхимыг ард түмний сонгосон өргөн төлөөлөлтөй Ардын Их Хурал нэрээр байгуулж, одоогийн УИХ-ыг хууль тогтоох үүрэгтэй Улсын Бага Хурал болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, Үндсэн хуулийн төрийн байгуулал хэмээх гуравдугаар бүлэгт энэ чиглэлээр оруулах өөрчлөлтийн төсөл болон Ардын Их Хурлын зохион байгуулалт, эрх үүрэг, г ишүүдийг нь сонгон шалгаруулах журмын төслүүдийг боловсруулсан байгаа.

-Энэ талаар өнгөрсөн жилүүдэд ард нийтийн санал асуулга явсан. Улмаар гишүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд л Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдсэн шүү дээ…?

-Өнөөгийн УИХ 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентыг УИХ хэмээх нэг танхимтай хэвээр хадгалж гишүүдийнх нь тоог 126 болгон нэмэгдүүлж, 48 гишүүнийг нь улс төрийн намуудын гаргасан жагсаалтаар томилдог болох шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгааг Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгах зарчимтай зөрчилдсөн шийдвэр гэж үздэг. УИХ 2023 оны тавдугаар сард нэг танхимтай парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Гэхдээ улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулж сонгуулийн дүрэм хийдэг асуудал эцэс боллоо. Нэг гишүүний хэт их эрх мэдэл эцэс болж байна. Хууль хяналтгүй гардаг асуудал түүх болж байна. УИХ өөртөө давуу байдал үүсгэх нь эцэслэгдлээ. Парламент түүхэн шинэчлэл хийв. Олон намын тогтолцоо руу орж байна гэсэн дүгнэлт хийсэнтэй би санал нийлдэггүй. УИХ-ын гишүүдийн дөнгөж гучин хувь буюу 21-24 хүний саналаар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан.  Энэ хуулийг батлах хуралдаанд гишүүдийнх нь 40 хувь ирээгүй, оролцсон гишүүдийн мөн 40 хувь нь эсрэг санал өгч байхыг зурагтаар харсан. Хүчин төгөлдөр хууль гэж үзэх эсэх асуудал гарах магадлалтай шүү.

-Тэгэхээр Монгол Улсын хөгжилд дорвитой өөрчлөлт орохгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Энэ бүхнээс дүгнэж хэлбэл, УИХ-аас Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, т эр дагуу сонгууль явагдаж, төр засгийн бүтэц өөрчлөгдсөнөөр тэдний чадамж нэмэгдэнэ. Харин Монгол Улсын хөгжилд дорвитой нөлөөлөх өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ цаг хугацаа, амьдрал харуулна даа.

-Таны хувьд төр, засгийн бодлогыг нэгэн цаг үед тодорхойлж явсан эрхэм хүн. Тэр утгаараа яг одоо сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд мөрийн хөтөлбөр, бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулан явж байна. Нам, эвслийн мөрийн хөтөлбөр гэдэг бол төрийн бодлого болж явах учиртай баримт бичиг гэдэг. Та сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй танилцсан уу. Мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор онцлоод хэлэх авууштай зүйлүүд юу байна вэ?

-Зарим нам эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцсан.  Боловсруулах үйлдвэр хөгжүүлэх талаар авууштай зүйл юу байгааг онцолж харсан. Эдийн засгийг хүчирхэгжүүлэх, ядуурлыг арилгах, ард түмний амьдралыг сайж руулах үндсэн нөхцөл учраас энэ салбарын хөгжлөөр юу төлөвлөж байгааг онцолж хардаг юм.  Уул уурхайн зарим түүхий эдийг боловсруулах үйлдвэр хөгжүүлэх саналууд байгаа нь авууштай. Харин малын гаралтай түүхий эд, тухайлбал мах, арьс шир, ноолуур, ноос боловсруулах үйлдвэр хөгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээ бага байгаад харамсаж байгаа.  Хүн амын гуравны нэгийн амьдралд холбоотой мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжүүлэхэд онц анхаарах шаардлагатай.

-Ер нь нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс сонгогчид юуг нь илүү анхаарч харвал зүгээр вэ?

-Дахин хэлбэл, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх л чухал.

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам төрийн эрхийг дангаараа барилаа. Энэ утгаараа олон жил нэг нам төрийн эрхийг барина гэдэг бол нэг талдаа мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэх хангалттай хугацаа гэж үздэг. Эрх баригч намын амлалтууд ер нь яаж биелсэн гэж та үзэж байна вэ. МАН-ын хувьд хоёр ч удаагийн парламентад үнэмлэхүй олонх болсон боломжоо бүрэн гүйцэд ашиглаж чадсан уу. Олонх болсон давуу талаа ашиглаж улс орны хөгжилд хэрэгтэй томоохон шийдвэрүүдийг гаргаж чадсан гэж харж байгаа юу, та?

-Би МАН-д МАХН нэртэй байхад нь гишүүн болсноос хойш 70 жил өнгөрлөө. Улсад яг 60 жил хөдөлмөрлөсний 41 жилд нь төрийн байгууллагад ажилласан. Сүүлийн 10 жил тэтгэврээр амьдарч байна. Миний 90 гаруй насны амьдрал МАН-тай холбоотой.  МАН сүүлийн найман жилд парламентад үнэмлэхүй олонх болж ажиллахдаа алдсан, оносныг хувьдаа яаж дүгнэж байдгаа ил хэлж байх үүрэгтэй гэж боддог.

-Тэгэлгүй дээ…?

-Өнгөрсөн дөрвөн жилд МАН мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэхийн төлөө ажилласан. Гэвч хөтөлбөр, амлалтаа бүрэн биелүүлээгүй, олонх болсон боломжоо гүйцэд ашиглаж чадаагүй гэсэн таны хэлдэг дүгнэлт үндэслэлтэй байх гэж бодож байна. Ардын намын УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан үйлдвэрлэл хөг жүүлэх амлалтуудаа бүрэн биелүүлээгүй. Тэр шалтгаанаар ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн амлалт нь хэрэгжээгүй. Хармагтайн алт, Асгат Салхитын мөнгө, Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулна, алт боловсруулах, зэс хайлах үйлдвэр барьж ашиглалтад оруулна, лити, цахиур, газрын ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна, нүүрс хими, кокс хими, метан хийн үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн амлалтууд хэрэгжээгүй. Миний санал болгоод байдаг малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр хөгжүүлж, малчдын орлого нэмэгдүүлэх, хөдөөд ажлын байр бий болгох, экспортын орлогыг ихээхэн хэмжээгээр өсгөх олон талын ач холбогдолтой асуудлыг судлах хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаараагүйд харамсдаг. Ийм алдаа гаргасан боловч одоогийн хөтөлбөртөө зарим алдааг засах арга хэмжээ тусгагдсан байна. Цаашид МАН-ын нэр хүнд өндөр байх эсэх үйлдвэрлэл хөгжүүлж чадах эсэхээс л хамаарах болно.

-Ес дэх удаагийн сонгууль явагдаж байна. Ардчилсан тогтолцоонд шилжээд бид энэ олон удаагийн сонгууль явуулахдаа сонгуулийн систем, тогтолцоогоо зөв, шударга болгож чадсан гэж боддог уу. Нөгөөтэйгүүр энэ сонгуулиар монголчууд юуг илүү анхаарч сонгуульд оролцох ёстой бол?

-Төрийн тогтолцоо, сонгуулийн системийг боловсронгуй болгох шаардлага, түүнийг шийдэх арга замын талаар саналаа дээр тодорхой хэллээ. Сонгуульд заавал оролцож саналаа өгөх нь зүйтэй. Нам эвслүүдийн х өтөлбөр амлалтад иргэдийн хэрэгжүүлээсэй гэж хүсдэг зүйл, үйлдвэрлэл хөгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээ тусгагдсан эсэх, тэр нь бүтэх, амлагч нь бүтээх найдвартай эсэх, урьд амлаж байсан зүйл нь биелж байсан эсэхийг судлах хэрэгтэй. Нэгэн ухаантан “Алдаа гаргасан ч түүнийгээ зөвшөөрч засдаг хүнийг уучилж болно, худал амладаг, хуурдаг этгээдэд итгэж болохгүй“ гэж сургасан байдаг.

-Нам, эвслүүдийн сурталчилгааны нээлт болох үеэр та Үндэсний эвслийн сурталчилгааны нээлтэд очиж Н.Номтойбаярт “Данзан”-ийн доллар гэдэг зүйлийг гардуулж өгсөн нь иргэдэд их сонин, онцгой санагдсан. Энэ талаар та тодорхой тайлбар өгөөч. Яг ямар учиртай эд зүйлийг яагаад заавал Н.Номтойбаярт өгөх болов?

-Тайлбар нь маш энгийн. Үндэсний эвслийн залуучууд сонгуульд оролцох хөтөлбөрөө үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдээ баян болгох үзэл санаагаар боловсруулсан.  Тэр нь миний үзэл бодолтой нийцдэг. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Солийн Данзан зуун жилийн өмнө чөлөөт эдийн засаг, хувийн өмчийн хэлбэрийг хөгжүүлэх бодлоготой, иргэн баян бол улс баян гэдэг үзэл санааг хэлж байсан гэдэг. Тэр үед хэвлэгдэж байсан мөнгөн тэмдэгтийг Данзангийн доллар гэж нэрлэх нь бий. Үндэсний эвслийн залуучуудын иргэдээ баян болгох хөтөлбөр нь хэрэгжээсэй гэсэн ерөөлөөр Данзангийн долларыг Н.Номтойбаярт гардуулсан юм.

-Улс орны эдийн засаг сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирч байгаа гэдэгтэй та санал нэг байгаа юу. Өнгөрсөн жил гэхэд Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өслөө. Үүгээрээ дэлхийд хоёрт бичигдлээ гэж эрх баригч нам ярьдаг. Яг өрх, иргэдийн амьжиргаанд энэхүү эдийн засгийн өсөлт яаж нөлөөлж байна вэ?

-Эдийн засаг сайжирч байгаа гэдэгтэй санал нэг.  Өнгөрсөн онд долоон хувиар өслөө гэдэг сайн үзүүлэлт. Иргэдийн амьдралд шууд нөлөөлөөгүй гэдэг ч бас үнэн.  Үүнд учир байна. Эдийн засгийн өсөлт тогтворжих нөхцөл бүрдсэн эсэхэд хамаг учир байгаа юм.  Нэг жилийн өсөлтөөр нийгмийн арга хэмжээг өргөтгөх шийдвэр гаргаж болдоггүй. Манай улсын эдийн засаг гадаад эдийн засгийн харилцаанаас ихээхэн хамааралтай. Жишээлбэл, экспортод гаргаж байгаа нүүрс, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний хэмжээ, үнэ, импортын шатахуун, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, зарим өргөн хэрэгцээний барааны олдоц үнэд өөрчлөлт гарч тэр нь эдийн засгийн өсөлтөд эсрэг нөлөөлөх эрсдэл байдаг.

-Зарим сонгуулийн жилүүдэд иргэдийн оролцоо, ирц тааруу байж ирсэн. Энэ удаагийн сонгуулиар иргэдийн ирц оролцоо өмнөх сонгуулиудыг бодоход хамаагүй нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь ард түмэн улс орныхоо хөгжилд бодитой анхаардаг болсоны илрэл гэж харж байна уу?

-Тэгж харж байна.

-Таны хувьд бүсчилсэн хөгжлийн бодлогыг ямар байдлаар харж, дүгнэж байна. Угтаа бүсчилсэн хөгжлийн бодлогоо бид аль эрт тодорхойлсон ч олон жилийн дараа буюу энэ жилээс л бодитой хэрэгжүүлэхээр байх шиг байна. Энэ бодлого ер нь зөв үү. Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр болж чадах болов уу?

-Бүсчилсэн хөгжлийн бодлого зөв. Улсын хөгжилд хувь нэмэртэй байх эсэх бодлогоо яаж хэрэгжүүлэхээс хамаарна.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг сүүлийн гэх тодотголтой 76 хаврын отгон чуулганыхаа төгсгөлд яаран сандран баталлаа. Хуулийн агуулгыг та харсан байх. Энэхүү хуулийн ач холбогдол, давуу болон сул талыг нь та хэлэхгүй юу. Зарим судлаачид хувийн өмч рүү халдсан эрх зүйн орчин бүрдлээ гэдэг. Зарим нь ээлжит нэгэн сонгуулийн өмнөх пиар ч гэх юм?

-Баялгийн сангийн хуулийг яаран баталсан учраас хуульд засах, ойлгомжтой болгох шаардлагатай заалтууд байгаа гэж үздэг.  Зарим зүйлийг дурдвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 100 хувиар Ирээдүйн өв санг бүрдүүлхэд зориулбал зохистой. Гэтэл түүнээс улсын төсвийн алдагдлыг нөхөнө, 65 хувийг нь уг санд төвлөрүүлнэ гэж заажээ.  Энэ нь дахиж нөхөгдөхгүй байгалийн баялгийг ашигласны төлбөрийн орлогыг ирээдүйн өв сан болгож нөөцлөн хадгалах үндсэн утга агуулгаас гажсан шийдвэр гэж үзэж байна. Мөн уг санг хөрөнгө оруулалтын орлогоор бүрдүүлнэ гэсэн ойлгомжгүй, хэрэгжүүлэх арга нь тодорхойгүй заалт бичигдсэнийг засах хэрэгтэй. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчийн байгуулсан уул уурхайн үйлдвэрт төрийн өмчит компани 34 хувиар оролцсон бол түүнд оногдох ашгаас Хуримтлалын санг бүрдүүлнэ гэж заасан байна. Хөрөнгө оруулагчтай тохиролцсон нөхцөлд, төр хөрөнгө оруулсан нөхцөлд хувь эзэмших боломжтой болдог, оногдсон ашгийг юуны өмнө оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа нөхөхөд зориулах ёс байдаг учраас энэ санд ногдол ашгаар хөрөнгө хуримтлагдахгүй байх эрсдэл бий боллоо. Улсын нэгдсэн төсөв ашигтай гарсан бол, эрдэс баялгийн үнэ төсөвт тооцсон үнээс өндөр гарснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувийг Хөгжлийн сангийн эх үүсвэр болгож байхаар заажээ. Улсын нэгдсэн төсөв ашигтай гарах эсэх, олон төрлийн эрдэс баялгийн экспортын үнийг төсөв зохиогч албан тушаалтан яаж тооцсоноос хамаарч байхаар зааснаас үзэхэд энэ санд хөрөнгө төвлөрөх эсэхийг төсөв зохиогчид, зах зээлийн үнийг таамаглагч албан тушаалтнуудын ажлаас хамаарч байхаар шийдэж байгааг зөв гэж үзэхгүй байна. Төсөв зохиогч, үнэ таамаглагч хүний ажлаас биш, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгаас хамаарч бүрддэг сантай байх зарчимыг баримтлах ёстой.

-Энэ хүрээнд гурван сангийн бодлогыг судлаачид, эдийн засагчид тал бүрээс нь тайлбарлан ярьж байгаа. Таны хувьд ямар саналтай явдаг вэ?

-Ирээдүйн өв санг ирээдүй үеийн иргэн бүрд хүртээх, Хуримтлалын санг одоо үеийн иргэн бүрд хүртээх, Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгийг иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ гэж заажээ. Сайхан сонсогдох байх. Гэвч ойлгох, хэрэгжүүлэх, тайлбарлахад бэрхшээл гарахаар байна. Жишээлбэл, иргэнийг ирээдүй үеийн, одоо үеийн гэж юугаар тодорхойлж байх гэсэн асуудал гарах биш үү. Хуримтлалын санд Төрийн 34 хувийн оролцоогоор хөрөнгө төвлөрөөгүй нөхцөлд одоогийн иргэд дансандаа мөнгө бүртгүүлж авахыг шаардвал ямар тайлбар өгч байх вэ зэрэг шийдэхэд төвөгтөй асуудлууд үүсэх байх. Эдгээр асуудлыг анхааралдаа авч засвар тодотгол хийх шаардлага байгаа.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулагдах 34 хувийн асуудлаар та тодорхой тайлбар хэлэхгүй юу. Энэ зохиоцуулалтаар хувийн өмчид шууд халдаж болно гэсэн үг үү?

-Баялгийн сангийн хуультай холбогдуулж Стратегийн нэртэй ашигт малтмалын ордод олборлолт явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ашгийн 34 хувийг төр хөрөнгө оруулалт хийхгүйгээр хураан авч байх заалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу хувийн аж ахуйн нэгжүүд ашгаасаа 25 хувийн татвар төлнө, бусад татвар хураамжууд төлнө, ашгийн татвар төлсний дараах ашгаас 34 хувиар ногдол ашиг төлдөг хуультай болж байна. Ийм хууль үйлчилбэл хувийн аж ахуйн нэгжүүд дампуурах төдийгүй, шинээр байгуулах боломжгүй болох байх.  Хэрэг дээрээ энэ хууль бол хувийн аж ахуйн нэгжийг дампууруулж үйлдвэрийг нь төрийн өмчит аж ахуй нэгж болгох бодлого болно.  Монгол Улсын Засгийн газар ийм бодлоготой байж болохгүй. Ийм хуультай байх нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй.  Энэ бол Үндсэн хуулийн хэмжээнд авч үзэх асуудал юм.  Төрийн бодлого тогтворгүй, гаргасан шийдвэр нь хоногийн дотор өөрчлөгддөг, аль нэг улс төрийн бүлэглэлийн нөлөө лоббид өртөмхий байж болохгүй. Монгол Улсад бизнес эрхлэх байтугай амьдрахад бэрх болж байна гэж зарим залуус гадаад руу гарч ажиллах болж байгаа нь энэ бүхнээс хамаатай.

-Удахгүй шинэ парламент, шинэ Засгийн газар байгуулагдана. Тэдгээрийн бүтэц, үйл ажиллагаа ямар байвал зохистой вэ?

-УИХ, Засгийн газрын гишүүд дотор болон удирдлагад нь санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлийн хүмүүс ахиу байх зайлшгүй шаардлагатай болжээ. Нэг жишээгээр үн дэслэе. Манай намын хөтөлбөрт дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээг 2028 онд 10 мянган ам.долларт хүргэх амлалт байгаа.

Өнгөрсөн онд 3.4 сая хүнтэй, нэг хүнд таван мянган ам.доллар оногдох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Ирэх дөрвөн жилд хүн ам 280 орчим мянгаар нэмэгдэх зэргээс тооцвол ДНБ 2023 онд 17 тэрбум ам.доллар байсныг 2028 онд 37 тэрбумд хүргэж 2.1 дахин өсгөх амлалт авч байгааг үндэслэлтэй, биелүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. Ийм амлалт авахыг санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй хүмүүс тооцож зөвлөсөн болов уу. Ирэх дөрвөн жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн хэмжээг 20 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх өндөр үр ашигтай үйлдвэрүүд хөгжүүлэх төлөвлөгөөг Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулж байгаа юу. УИХ, Засгийн газрын хууль, тогтоол гаргагчид алга тогших, гарын үсэг зурах, тамга дарах тухай бүртээ би, бид юу хийж байна, юу хийчихэв гэдгээ сайн боддог байгаасай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Г.БАДАМДОРЖ: Урвагч уу, эх оронч уу?” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Зөвхөн дарга нарт таалагдах гэж, иргэнээ хэн ч биш болгодог энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй” хэмээн ярилаа. Энэ тухай III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Тяньжин боомтын асуудлаар тайлбар өгөх яамдын сайд нар сонгуульдаад эзгүй байна” гэснийг I болон “Улс төр” нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

  • Уснаас хоёр охины амийг аварсан талийгаач Н.Буянжаргалын багш Б.Нямсүрэн “Шүлэг яруу найрагт сонирхолтой, тусч, зөөлөн зантай хүү байлаа, миний шавь” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Г.БАДАМДОРЖ: Урвагч уу, эх оронч уу?” нийтлэл хэвлэгдлээ.

  • Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдынхаа хувьд хулгайтай тултал тэмцсэн
  • ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна
  • Монголын боксын уналтад хэн буруутай вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Ерөнхийлөгч Жо Байдены цагаачлалын
тухай шинэ бодлого

АРЫН НҮҮР: Борооны тухай дурсамж алсран холдох нь үгүй

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Цогтбаяр: Талийгаач залуу хүүхдүүдийг уснаас авраад өөрөө хөл алдчихсан юм билээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутагт Ерөө голд орсон хоёр хүүхдийг 19 настай Б гэх залуу авраад өөрөө эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарлаа. Хүүг эрэн хайх ажиллагаанд оролцсон Дулаанхаан тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ө.Цогтбаяртай ярилцлаа.


-Танай нутагт 19-хөн настай хүү хоёр хүүхдийн амийг авраад өөрөө энджээ. Ослын дуудлага хэзээ ирэв?

-Маш харамсалтай явдал боллоо. Өнгөрсөн ням гаригийн өглөө 09:00 цагийн үед Өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож ийм осол болсныг дуулгасан. Үүний дагуу цагдаа, төлөөлөгч хоёроо явуулсан юм. Ерөө гол манай тосгоны урдуур өнгөрдөг. Манайхаас 3, 4 км-т осол болсон юм билээ. Ингээд аймаг руу цагдаа, онцгой руу дууддлага өгсөн. Дорхноо хүрээд ирцгээсэн. Би ч явж очсон.

-Нөхцөл байдал ямар байв?

-Амиа алддаг хүү есүүлээ явсан байсан. 16-19 насны хүүхдүүд Улаанбаатараас амарч явцгаасан. Сайханы хөтөл орчихоод буцах замдаа Ерөөгийн эрэг дээр цай унд ууцгаая гээд зогссон. Дөрөв нь дэлгүүр яваад тав нь үлдээд байсан.

-Яг тэр үед осол гарчээ?

-Тийм. Хөвгүүдээс дээшээ ерөөсөө 20-30 метрт амрагчид байсан. Нэг харахад хоёр хүүхэд хөтлөлцөөд ус руу орж яваад хөл алдсан. Хөвгүүд урсгалын дор байсан учраас бүгд ухасхийсэн гэж байгаа. Талийгаач хүү футболкоо тайлаад өмдтэйгөө яваад орсон. Ингээд хоёуланг нь бариад авсан.

Нөгөө хөвгүүд нь модны мөчир хугалаад хүүхдүүд рүү сарвайж бариулж чадсан гэсэн. Харамсалтай нь залуу тэр дороо хөл алдчихсан гэж хүүхдүүд ярина лээ. Талийгаач осолдсон хэсэг гурван метр гүнтэй хэсэг. Тэгээд л гарч чадаагүй хөл алдчихсан бололтой, хөөрхий. Ерөө гол бол дээрээ намуухан юм шиг мөртлөө ширүүн урсгалтай шүү дээ.

-Аврагдсан хүүхдүүд хэдэн настай хүүхдүүд юм бол. Ар гэр нь юу гэж байх юм бэ. Та ярилцаж үзэв үү?

-Нүүр тулж уулзах боломж байгаагүй. Цагдаа хэргийн газрыг хамгаалалтад аваад мэдүүлэг авч байгаа учраас Бүгд л Улаанбаатарын хүмүүс юм билээ. Тухайн хүүхдүүд зургаа болон 13 насных гэж сонссон. Харгалзаж явсан хүмүүс нь эцэг эх, нэг настай хүн байсан.

-Хүүхдүүдийг нь авраад өөр нэг цэл залуу хүү явчихсанд гэмшиж байсан байх даа?

-Сүрхий тийм зүйл ажиглаг даагүй. Ер нь манайхан хэнэггүй шүү дээ. Тоодоггүй. Өөрсдийнх нь төлөө явж байгаа хүмүүсийг ад үзэх янзтай. Бид аялал зугаалгын үеэр Ерөө голоор байнга явж анхааруулга эрэмжлүүлэг хийдэг. Түүнд амрагчид тун дургүй. Төрийн албан хаагчдыг элдэв янзаар доромжилно, хэл ам хийнэ.

-Усанд осолдсон хүүгийн цогцсыг маргааш нь олсон гэсэн үү?

-Онцгой байдлын эрэн хайх ангийн таван хүн, манай албанаас зургаан залуу эрэн хайх ажиллагааг тухайн өдрөө эхлүүлсэн. Ингээд өчигдөр (уржигдар) 15:30 цагийн үед ослын газраас 80-аад метрээс цогцсыг гаргаж авсан.

-Ар гэр нь ямар хүмүүс байх юм?

-Осол гараад хоёр цаг өнгөрсний дараа цагдаа, онцгойгийнхон хамт явсан хүүхдүүдээр нь дамжуулаад ар гэрт нь мэдэгдсэн. Тэр орой 21:00 цагийн үед ээж нь гээд настай эмэгтэй, ах эгчийнх нь хамт ирсэн. Ээж нь нэлээд л биеэ барьж харагдсан. Залуус бидэнд хүнд байхад тэр хүнд ямар байсан нь ойлгомжтой. Ер нь ийм осол манайд жилийн жилд гардаг. Одоо яг оргил үе нь. Амрагчид болгоомжтой яваач, хүүхдүүддээ хяналт тавиач гэж л дахин дахин захимаар байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эхлээд эрх баригчид галаа зогсоохгүй бол энэ ард түмэн чинь алалдаад дуусах нь ээ DNN.mn

УИХ-ын сонгууль ид бужигнаантай цаг үе дээрээ явж байна. Яг арав хоногийн дараа бүгдээрээ сонгуулиа өгнө. Тэр болтол их ч юм дуулдах бололтой. Энэ удаагийн сонгууль анхнаасаа л нийгмийн сэтгэл зүй рүү чиглэсэн айхавтар хар пиараар эхэлсэн. Тэр нь ч нийгэмд үр дүнгээ өгсөн юм шиг байна. Эдгээр өдрүүдэд өрнөж буй сонгуулийн кампанит ажлууд нийгмийн хандлагаас мэдрэгдээд эхэллээ. Шоронгийн хулгайчууд хаваржин л айл болгоны хойморт залраагүй юу. Тэд Монгол Улсын баатрууд мэт телевиз болгоноор ярьцгаасан. Сүүлдээ бүр 40, 50 тэрбум төгрөгөөр шагнуулахаар болцгоож ч байх шиг. Ийм үзэгдэл нийгэмд ямар ойлголт өгөв. “Даргын дайсныг дарвал баатар болдог юм байна” гэж бодоход хүргэжээ.

Үүний тод жишээ бол сая Өвөрхангай аймагт гарсан хүн амины хэрэг. Тус аймгийн Сант сумын Засаг даргыг эрх баригч намын ухуулагч этгээд “УИХ-ын даргыг ирчихээд байхад чи яагаад очдоггүй юм бэ” гээд өшиглөөд хөнөөчихлөө. Талийгаач сумын Ардчилсан намын дарга байжээ. Хүн бүхнийг цочирдуулсан энэ хэрэг гарах болсон шалтгаан нь өнөөх “Даргын дайсныг дарж буй хүн баатар болдог юм байна” гэсэн бодол ухамсар муутай буюу хар массад хүчтэй нөлөөлснийх. МАН өрсөлдөгч намуудаа, тэрэн дотроо АН-ыг дайсан гээд гишүүд дагагсдадаа ойлгуулчихдаг бололтой. Энэ нь намын үзэл суртал, намчирхал орон нутагт ямар хүчтэй бугшсаны нотолгоо. Маняг шашин шиг мухар сүсэг болжээ. Өөр намын хүнийг буг чөтгөр, эх эцгийг нь хөнөөсөн хүн аятай үзэн яддаг. Уул нь МАН л тэдний эцэг эхийг хөнөөсөн байх магадлал ихтэй л дээ. Намдаа үнэнч үзэл суртлыг хэчнээн ахан дүүс, төрөл төрөгсөд байсан ч дийлж чадахгүй. Үүний нэг жишээг та бүхэнд хэлье. Гэхдээ энэ бол хамгийн энгийн жишээний нэг л дээ, саяны хүн амины хэргийн хажууд бол. Суманд дипломтой, дээд боловсролтой малчид олон болж байгаа гэнэ. Яасан гэвэл сум орон нутагтаа багшлахаар очсон залуусын удам судрыг нь харж ажилд авдаг байна. Өөр намын гишүүний хүүхдүүд байвал сургуулийн захирал нь “Чи болон танай аав, ээж чинь өөр намынх” гээд орон тоо байсаар байтал огт ажилд авдаггүй гэх мэт. Төр нь “Орон нутагт багшийн хомсдол их байна, суманд очиж ажиллавал өндөр цалин өгнө шүү” гээд уриад байдаг хэрнээ яг хөрсөн дээрээ энэ бодлого хэрэгждэггүй. Шалтгаан нь нөгөө л намын үзэл сурталтай холбогдоно. Энэ бол Монголоо хорлосон, хөгжлөөс нь хойш зулгаасан үнэхээр том тэнэглэл. Тийм болохоор “Даргад таалагдвал хүн алсан ч баатар болдог юм байна” гэсэн хар пиарын үр дүнд ухамсар дорой улсуудын гарт хайран сайхан алтан амь үрэгдчихлээ.

Сүүлдээ энэ үйл явдал МАН сөрөг хүчин, АН эрх баригч байсан юм шиг болж хувирав.

Монгол төрийн сонгууль ийм байж болохгүй. Одоо эрх баригчид галаа зогсоох хэрэгтэй. Гуравхан сая хүн амтай улсад сонгууль хийх гэж дайн болгох нь байна. Сонгууль бол ард түмэн төрийн эрхийг барьж байгаа баяр баясгалан байх ёстой. Харамсалтай нь ард түмнийг босгож, бужигнуулчихсан хар пиар хэтэрхий их явлаа.

Энэ бол асар хор уршигтай. Одоо бараг аль ч нам нь ялсан ялагдсан тал нь хүлээн зөвшөөрч чадахгүй хэмжээнд хүрэх гэж байна. Уур хилэн нь асч, ургуулан бодолт нь идэвхжээд улам л дэвэрнэ. Ингэж явсаар сонгуулийн дараа бослого тэмцэл гаргаж ч мэдэхээр боллоо. Хоёр хуваагдаж байгаад хоорондоо тэмцэлдвэл юу болно гээч. Иргэний дайн болно. Энэ дайныг дарах нэрээр орос цэрэг орж ирэх ч юм бил үү. Казахстанд оросууд яаж орж ирлээ, тэрэн шиг юм болбол яах вэ. Хоёр жилийн өмнө тус улсад өрнөсөн иргэдийн жагсаал цуглааныг намжаах зорилгоор Орос цэргээ оруулж байв. Улсынх нь Ерөнхийлөгч өөрөө эх орондоо гадны цэргүүдийг оруулаад, ард түмнийхээ өөдөөс буудах эрх олгосон гээд бод доо. Яг үүн шиг сонгуулийн дараахь үр дүн ямар байхаас шалтгаалж ард түмэн талцаж байгаад тэмцэлдвэл гадны цэрэг орж ирэхгүй гэх газаргүй шүү дээ. Тэгээд ч “Орж ирсэн орос гардаггүй гэдэг” хэзээний үг бий. Хэрэв ийм үйл явдал өрнөвөл ардчилсан, тайван сайхан эх орон минь гадны харьяат болох шинжиндээ орно. Тэр цагт биднийг ямар хувь тавилан угтах бол гэж эргэцүүлж бодоход гэмгүй. Сонгууль гэдэг бол хэн хэнээ үзэн ядаж, алалцдаг зэвсэг биш. Бид Монгол гэдэг туган дор нэгдэж чадсан нэг л үндэстэн. Хоорондоо дайсагналцаж, хилэнтэх нь хэнд ашигтай гэж. Тэгэхээр одоо аядуу тайван сонгуулиа явуулцгаая. Нийгмийг уруу татаж байгаа хар пиараа зогсооцгоох хэрэгтэй. Учир байдлаа илэн далангүй танилцуулж, шударгаар өрсөлд . Монгол Улс төрөө сонгох гэж сонгууль хийж байна. Хэнийгээ сонгох эрх чөлөөг нь ард түмэнд олгочих. Энэ бол Ардын намыг төр бариулах гэж байгаа сонгууль биш. Хэн төр барих эрхийг ард түмэн л шийднэ. Хэн нэгэн төрийн дээр ирж, монгол хүний амь насанд хүрэх хэмжээнд хүртэл хийрхэж болохгүй. Одоо ингэж хийрхэцгээдгээ ч больцгооё, хэдүүлээ. Үүний тулд МАН-аас явуулж байгаа элдэв хар пиаруудаа эхлээд зогсоох ёстой шүү. Тэгэхгүй бол ард түмэн алалдаад дуусах нь байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Энхцэцэг: Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж ажилгүй болчих гээд байгаа учраас л иргэдийн дунд талцал гарч буй юм DNN.mn

Судлаач Д.Энхцэцэгтэй улс төрийн намуудын төлөвшил, иргэд, сонгогчид намаар талцдаг байдлын талаар ярилцлаа.


-Улс төрийн намыг олон улсад юу гэж тодорхойлсон байдаг юм бэ?

-Улс төрийн намууд нь ардчилсан нийгэм дэх олон ургалч үзлийн илэрхийлэл болж, иргэдийн ялгаатай үзэл бодол, хүсэл тэмүүлэл, байр суурийг нэгтгэн төлөөлж, төрийн бодлого боловсруулан, түүнийгээ мөрийн хөтөлбөртөө тусгаж ардчилсан сонгуульд өрсөлддөг иргэдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байгуулсан байгууллага юм.

Ардчилсан тогтолцоонд чөлөөт сонгууль нь юуны өмнө намуудын хоорондын бодлогын өрсөлдөөн байдаг. Ийм ч учраас сонгуулийн үеэр намуудын хооронд бодлогын мэтгэлцээн өрнөх нь сонгогчдын хувьд шийдвэр гаргахад маш ач холбогдолтой. Монгол Улсад өнгөрсөн сонгуулиудын туршлагаас үзэхэд намуудын хооронд бодлогын мэтгэлцээн өрнөх нь тун ховор байж ирсэн. Улс төр судлаачдын шүүмжилдгээр сонгууль нь бодлогоос илүүтэй “хувь хүн голлосон” буюу улстөрчдийн хоорондын уралдаан байх хандлага түлхүү ажиглагдаж ирсэн. Эрүүл саруул бодлогын мэтгэлцээнгүй улс төрийн орчин нь шударга сонгуулийн үйл явц, ач холбогдол, сонгогчдын боловсролд муугаар нөлөөлдөг. Үүний нэг илрэл нь сонгогчдын санал худалдан авах үзэгдэл одоо ч амь бөх оршсоор байгаа, сонгогчдын ирц, идэвх суларсаар ирсэн асуудлууд мөн. Сүүлийн жилүүдэд сонгогчид мэтгэлцээн явуулахыг нэлээд шаардсан болохоор энэ жилийн хувьд бодлогын мэтгэлцээн нэлээд явж байгаа нь энэ удаагийн сонгуулийн нэг сайн тал.

-Мэтгэлцээн хийдэг болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ өнөөх л өрсөлдөгчөө харлуулдаг, муулдаг арга барил хэвээрээ, улам төгс хэлбэрт шилжсэн мэт санагдаад байгаа л даа. Тэгэхээр улс төрийн намууд маань цэвэр бодлогын өрсөлдөөн хийдэг болоход манайд яг юу нь болохгүй байгаад байна вэ?

-Дээр хэлсэнчлэн хувь хүн голлосон улс төр яваад байгаа нь их хортой. Үүнээс болоод би өөрөө шилдэг сайн хүн. Харин энэ бол надтай харьцуулахад хулгайч, муу хүн гэсэн эсрэг, тэсрэг дүрүүд бий болдог. Ингээд сонгогчдын хүсээд байгаа мэдээлэлд бус нэг нэгнийгээ харлуулахад сонгуулийн зардлын дийлэнх хувь зарцуулагдаж байх магадлал байна. Тэгэхээр улс төрийн соёлыг яаж илүү бодлогын тал руугаа чиглүүлэх вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэвэл аль болох бага зардлаар сонгогчдод  хэрэгтэй мэдээллийг өгөх боломжтой.

-Үүнийг хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай юу?

-Хуульд заачихсан байгаа шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж шинээр тусгасан нь одоогийн намын системийн хөгжилд нүүрлэсэн мухардлыг арилгахад чиглэсэн бөгөөд үүнтэй холбоотой бодлогын намыг төлөвшүүлэх тухай асуудлыг нэлээд хөндөж ярилцах болсон. Мөн Улс төрийн намын тухай хуулийг ноднин жилийн долдугаар сард УИХ-аас баталсан. Түүн дээр намууд бодлого боловсруулахад нь дэмжлэг үзүүлж ажилладаг нэгжтэй байна. Тэр нэгж нь төсвөөс намд олгож байгаа санхүүжилтийн тодорхой хувиар санхүүжинэ гээд заачихсан. Дээрээс нь Сонгуулийн тухай хуульд намуудын хооронд мэтгэлцээн явуулж байвал сонгуулийн сурталчилгааны цагт нь оруулж тооцохгүй гэх зэрэг боломжуудыг гаргаж өгсөн. Тэгэхээр аваад ашиглах юм бол эрх зүйн хувьд тодорхой зүйл заалтууд байгаа. Харин зүгээр одоо улс төрийн соёлд суралцах процесс л явагдаад байна. Үүн дээр ер нь улстөрчдийн өөрсдийнх нь хандлага байх ёстой. Тэр нь л одоо дутагдаад байна уу гэж харж байгаа.

-Намаар талцдаг байдал газар авсан гэдэг шүүмжлэл их гардаг. Сүүлдээ энэ нь даамжираад нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн хэрэг гарлаа шүү дээ. Энэ талцдаг асуудал дээр судлаачийн хувьд та юу хэлэх вэ?

-Хөдөө орон нутагт маш их намчирхаж байна гэдэг шүүмжлэл явдаг. Тэгвэл юунаас болж талцаад байна вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийж үзэх ёстой л доо. Үүнд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол нам өөрөө маш том ажил олгогч болж хувирсан явдал. Сонгууль бүрийн дараа гардаг төрийн албаны халаа сэлгээний асуудал байна. Багш, эмч нараа хүртэл сонгуулийн дараа халж, өөрчилж байгаа тухай хүмүүс ярьдаг. Намууд цэвэр бодлогоор өрсөлдөхгүй. Санал худалдаж авах, төрийн албыг түүндээ ашигладаг тогтолцоог бий болгосон. Энэ тогтолцооны эрэг шураг болсон хүмүүс амьжиргааны эх үүсвэрийнхээ төлөө тэмцэж байгаа тэмцэл л юм. Түүнээс биш намын үзэл бодлоороо талцаж хуваагдаад байгаа юм биш. Үүн дээр нэмээд улс төрд гарч ирсэн бас нэг муу зүйл бол дайсан бий болгодог явдал. Намайг л сонгохгүй бол танд ийм аюул заналхийлж байгаа хэмээн айлгаж, түүгээрээ хүмүүсийг удирдах гэсэн оролдлого. Уг нь улс төрийн манлайлал чинь ирээдүйг харсан, уриалан дуудсан, өргөн хүрээнд сэтгэсэн, итгэл найдвар төрүүлсэн байх ёстой. Гэтэл энэ популизм чинь эсрэгцэл бий болгодог.

Энэ бүхний хохирогч нь болохоор суманд мөрөөрөө ажлаа хийгээд явж байх ёстой жирийн иргэд болчихоод байгаа юм. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалаад орлогын эх үүсвэр нь хаагдчих гээд байна шүү дээ. Ийм нөхцөл байдлыг бий болгож байгаа нь улс төрийн намууд хариуцлагагүй, төлөвшөөгүй, санхүүжилтийн орчин нь эрүүл биш байгаагийн шинж гэж л би хэлнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Үгийн гарвалзүй” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр”Хэрэг дээрээ Баялгийн сангийн хууль бол хувийн аж ахуйн нэгжийг дампууруулж, үйлдвэрийг нь төрийн өмч болгох бодлого болно” гэснийг V  нүүрээс үргэжлүүлэн уншаарай.

Бөх судлаач С.Давааням “Энэ жилийн наадамд О.Хангай аварга түрүүлж, Б.Бат-Өлзий заан үзүүрлэх магадлалтай” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Үгийн гарвалзүй” нийтлэл хэвлэгдлээ.

Иргэний зориг, ногоон нам/ИЗНН/-ын дарга Б.Батбаатар “Иргэд энэ удаад сонголтоо өөрчлөх, парламент ард түмний төлөөллөөр бүрдэх хэрэгтэй гэдгийг дуу нэгтэй хэлж байна” гэв.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутагт Ерөө голд орсон хоёр хүүхдийг 19 настай Б гэх залуу авраад өөрөө эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарлаа. Хүүг эрэн хайх ажиллагаанд оролцсон Дулаанхаан тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ө.Цогтбаяртай ярилцлаа.

Г.Сайханбаяр “Миний нэр дэвшигчийн бүрэн эрхэд халдаж, намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа нь хууль бус явдал” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Хуурамч “байгаль хамгаалагчид”, “энх тайванчид”,“эх орончид”

АРЫН НҮҮР: Хөвгүүд уйлах эрхтэй

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сумын шууданч С.Түмэнжаргал: Өмч хувьчлалын дараа сэхээтнүүд сонинтойгоо мал дээр гарч байлаа DNN.mn

Социализмын үед л 100 гаруй мянган төгрөгөөр гадна, дотны хэвлэл захиа лаад уншчихдаг байсан, номонд дуртай  усны инженер бүсгүй 1999 онд сумын шууданч хэмээх даруухан албыг хаших болжээ. Ном, хэвлэл унших дуртай гэсэн ганцхан шалтгаан С.Түмэнжаргалыг цалин багатай, нөхцөл тааруу сумын шууданчийн албанд уяж орхиж. Өдөржин хэвлэл, захиа, албан бичиг түгээж, сонин сэтгүүлийн захиалга авах гэж сумаа хөндлөн гулд туулдгийнхаа төлөө тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Дахиад онцлоход, тэтгэвэртээ гарсан ч өнөөг хүртэл шууданчийн албаа хийсээр яваагийнх нь цаана номонд дуртай гэсэн ганцхан шалтгаан бий. Ойр тойрныхон нь “Одоо сайхан амар аа, ажлаа өг” гэх тоолонд “Шуудангаа эзгүй орхиж яаж болох юм” хэмээн хэлээд ажилдаа яарах С.Түмэнжаргал Төв аймгийн Жаргалант сумын шууданч. Түүнтэй өрнүүлсэн ярилцлагаа уншигчдадаа хүргэе.


-Таныг Төв аймгийн хэдэн сумдыг хамарсан мянган га талбайн усжуулалтын системийг хариуцсан инженер байсан гэж сонссон. Зах зээлд шилжсэний дараахнаас л шууданчаар ажиллаж эхэлсэн үү?

-Шууд шууданчаар ажиллаж эхлээгүй юм аа. Сургуулиа төгсөөд Төв аймгийн усны аж ахуйн инженерээр ажиллаж яваад 1982 онд Жаргалант суманд ирсэн хүн л дээ би. Тухайн үед Намын төв хорооны тогтоолоор 10 мянган га г азрыг услахын тулд услалтын системийг сэргээн засварлахаар болсон юм. Тэр дагуу манай аймагт Сэргээн засварлах отряд гэж байгуулагдаж байлаа. Санаачлагч нь аймгийн Усны аж ахуйн дарга н.Мэндбилэг. Жаргалант, Батсүмбэр, Борнуур гуравт анх байгуулаад нэг инженерт мянган га газар хуваарилсныг чи сонссон бололтой. Надад Заамарын 125 га, Баянцогтын 70 га, Жаргалантын 500 гаруй га гэх мэтээр нийтдээ мянган га газар хуваарилсан. Эдгээр сумдын усалгааны системээс гадна Жаргалант сумынхаа худгийг давхар хариуцна. Зах зээл эхэлснээс хойш Үйлдвэрчний холбооны дарга нэртэй ч  ямар ч гишүүнгүй, цалин цуухгүй хэсэг явсан шүү. Сүүлдээ өнөө ажлаа болиод жолооны курст сууж амьжиргаагаа залгуулах  юм боллоо. Яг тэр үед шууданчаар ажиллах  санал ирж, долоо хоног сургалтад суугаад сумын шууданч болчихсон.

-Хэвлэл захиалгын ямар ч туршлагагүй шуудхан л шууданч болчихоор тэвдэх юм их гарна биз?

-Өө, тэрнээс өмнө хэвлэл захиалга авдаг ажил хийчихсэн, бөөн туршлага байсан.  “Ардын эрх” сонинг үйлдвэрчний байгууллагаар дамжуулж захиалуулах шийдвэр гарч байсан түүх бий. Тэр үед би цалингүй ч гэлээ Үйлдвэрчний холбооны дарга сэтэртэй (инээв). Их хэцүү цаг байж дээ, эргээд бодоход. Хүмүүсийн гар дээр мөнгө байхгүй. Үйлдвэрчний холбооны дарга нар улс даяар “Ардын эрх” сонины захиалгыг хонь, сүү, цагаан идээ гэх мэтээр бартердаж захиалуулна. Ерээд онд сонин уншдаг малчин олон байсан. Өмч хувьчлалын дараа ажилгүй болсон сэхээтнүүд сонинтойгоо мал дээр гарсан учраас тэр л дээ. Өнөөдүүл маань “Ардын эрх”-ээ хониор бартердаж захиална. Гэхдээ тухайн цагт хэвлэл захиалгын үнэд хонь авсан олон шууданч өрөнд орсон. Миний хувьд хонь авахгүй гэж шийдээд сүүгээр бартердаж хэвлэл захиалгаа авдаг байлаа. Малчдаас сүүг нь аваад хүүхдийн сүүний үйлдвэрт өгчихөөр амар байсан хэрэг. Тухайн үед “Ардын эрх”-ийн хэвлэл захиалгын үнэ 6000  төгрөг. Нэг литр сүү 100 төгрөг байсан юм.

-Нээрээ л цаг хэцүү байж дээ. Та Үйлдвэрчний холбооны дарга байхдаа  хэчнээн төгрөгийн хэвлэл захиалуулж байсан бэ?

-216 мянган төгрөгийн хэвлэл захиалуулж байснаа их тод санадаг юм. Тэр үедээ би өөрөө орос, монгол хэлээр нийтдээ 100 гаруй мянган төгрөгийн хэвлэл захиалдаг байсан юм билээ.

-Бараг тал нь таны захиалга байжээ…?

-Тэгсэн (инээв).

-Шууданч болох саналыг шууд л хүлээж авсан уу?

-Анх тийм санал ирэхэд “Мөнгө төгрөгтэй холбоотой ажил хийхгүй”л гэлээ. Гэтэл нөхөр хажуугаас “Угаасаа сонин уншаад байж байдаг хүнд зүгээр биш үү” гэж байна. Тэгээд л ажлаа хүлээгээд авчихсан.

-Таныг 1999 онд анхны сая төгрөгийн хэвлэлээ захиалуулсан гэж сонссон. Аймгийн хэмжээнд айхавтар том тоо байсан гэдэг…?

-Өө, аймгийнхан бүлтийтэл гайхсан. Сая төгрөгийн хэвлэл захиалуулчихлаа гэж шуугиад. Булган аймгийн зургаан шуудангийн хэвлэл захиалгатай тэнцэхээр захиалга хийчихээр аргагүй л дээ. Сугандаа хавчуулаад аймагт аваачиж тушаана шүү дээ, өнөө сая төгрөгөө. Тэр цагаас хойш би 2004 он хүртэл Монгол Улсын хэмжээнд нэг номерын хэвлэл захиалуулдаг шууданч байсан. 2002 онд аймгийн хөдөлмөрийн аварга болж байлаа. Хэвлэл захиалгаар 360 сумыг  жагсаахад манай Жаргалант нэгд жагсдаг байсан шүү. Төв аймгийн хэмжээнд гэхээр л сүүл мушгичихдаг байсан юм. Нэг айл дөрвөн сонин захиална. Тэр үед сонин захиалгын хамгийн үнэтэй нь 3000 төгрөг. Долоо хоногийнх гэхээр “Хүмүүс”, “Зиндаа”, “Мянганы зууч” гээд маш олон сонин гарна. Өдөр тутмын сонин гэхээр “Үнэн”, “Ардын эрх”, “Зууны мэдээ”. Намын “Үнэн” сонинг гишүүд нь л захиална.

-“Өдрийн сонин”-ы захиалга хэр байсан бэ?

-Уншууртай учраас цагийн уртад шалгараад үлдэх нь жам шүү дээ. Манай сум чинь ардчилалд их элэгтэй. Би ч өөрөө ардчилалд хайртай хүн. Ардчилал сонгуульд ялангуут сумынхаа дөрвөн багийн ардчиллынхныг барьж аваад захиалуулна шүү дээ (инээв). “Өдрийн сонин”-ыг үүсгэн байгуулсан Ж.Мягмарсүрэн Борхужирынх болохоор нутгархаж захиалах хүн ч олон байсан.

-Өдөр тутмын сонинуудын захиалга хэр байна вэ, одоо?

-Ер нь сонинуудын захиалга багасаад л байна. Гэхдээ захиалга багаслаа гээд зүгээр сууна гэж юу байхав. Тамгын газрын ажилчид руугаа залгаад “Өдөр тутмын ямар сонин унших гэж байна” гээд эхэлнэ шүү дээ. Өөр суманд бол шууданчийнхаа үгэнд ордоггүй л гэдэг юм. Би бол “айлгаад” байдаг байхгүй юу (инээв). Жаргалантынхнаас хэн нь ямар хэвлэл захиалж байсныг тэмдэглэсэн 24 жилийн түүх багтсан дэвтэр надад бий. Яг одоо гэвэл “Өдрийн сонин” захиалсан хүн 14, “Үнэн” сонины захиалагч 4 байна. Талбулагийн Болаа ах “Зууны мэдээ” захиалдаг юм. Миний хувьд хүмүүсээрээ ингэж алаглуулж захиалуулчихаад эзэнд нь өгөхөөс өмнө уншчихдаг дадалтай. “Өдрийн сонин”оос хамгийн түрүүнд арын нүүрний жижиг бичлэгийг нь уншина. Үхрийн махыг үнхэлцгэнд нь гэдэг шиг үгүй мөн амттай бичвэрүүд шүү. “Өглөөний сонин”-ы “Үг” буланг бас байнга харна. Бичвэрийг нь уншаад сонины газрын сурвалжлагчдыг солигдохыг  хүртэл андахгүй. “Таван цагариг” гэж гоё сонин байлаа. Тэр сонин алга болсны дараа тэнд бичдэг сэтгүүлч “Зууны мэдээ”-д орчихсоныг бичвэрээр нь мэдчих жишээний.

-Сэтгүүлчид нэрээ нууцалж их бичдэг дээ, тийм байхад л бичвэрийн өнгөөр нь гаргаахгүй юу?

-Андашгүй шүү дээ, ёстой гаргаахгүй.

-Өдөр тутмын сонины захиалга буурсаар байгаа гэлээ. Захиалагч буурчихаар сэтгэл дундуур мэдрэмж төрнө биз?

-Миний хувьд захиалагчаа буулгахгүй явсаар ирсэн шүү. Наад захын жишээ гэхэд л  “Өдрийн сонин”-ы 20 захиалагчаа огт алдаж байгаагүй. “Өдрийн сонин” захиалж байсан нэг хүн бурхан болоход дараагийн хүнээ олох эрэлд гарна. Хүнийг унших үйлд уруу татна гэдэг сайхан үйл. Уншууртай нийтлэл, ярилцлага нийтлэгддэг сониныг захиалуулахад ч урамтай.

-Унших дуртай сэтгүүлчдээсээ нэгийг онцлооч гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Б.Ганчимэгтэй юу ярихав. Жинхэнэ бичдэг хүн шүү дээ, базарваань. “Өдрийн сонин”-д бичдэг байхад нь амдаж суугаад л уншдаг байлаа. Дээхнэ номын баяр дээр нэг таарсан шүү. “Сайхан ярилцлага хийсэн байна лээ” гээд баяр хүргээд өнгөрсөн. Нэг сайхан уулзаж ярилцахсан гэж боддог л юм. “Өдрийн сонин” ном уншихад уруу татдаг нь их гоё (инээв). Ж.Мягмарсүрэнгийн “Долоо дах хөхний гавар”-ын “Унагаа зуусан хулан”-гийн хэсгийг нийтэлчихээр хорхой хүрээд өнөө номыг авахаас аргагүй болж байгаа юм.

-Сэтгүүлийн захиалга хэр вэ?

-Сэтгүүл нэг үеэ бодвол их цөөрсөн. “Үндэсний тойм” сэтгүүлээс Цэнддоогийн фельетоныг уншихгүй бол ёстой баларна. Цогтбаярын зураг бас их гоё. Цэнддоо, Цогтбаярын бүтээлийг харах гэж хэн нэгнээр “Үндэстний тойм” захиалуулах ёстой шүү дээ (хөгжилтэй инээв).Төв аймгийн сэтгүүлч Дашрэнцэнгийн хүү Гампыг унших гэж сумынхаа хурлын даргаар  “Цаг төр”-ийг захиалуулдаг байлаа (жуумалзав).

-“Өдрийн сонин”-ы үнэнч уншигчид гэвэл ямар хүмүүс байх вэ?

-“Өдрийн сонин”-ыг баараг гүй уншдаг нь буриад Батбаяр. Тракторч Өлзийбүрэн байна. Ардчиллын анхны хараацайнуудын нэг л дээ. Сургуулийн захирал даа “Ардчиллын шугамаар орж ирсэн сургуулийн захирал учраас заавал захиал” гэж хэлээд захиалуулчихсан.

-Ерээд оны сүүл, 2000аад оны эхээр “Халуун хөнжил”, “Үдшийн шивнээ” гэх мэт эротик хэвлэл цөөнгүй байсан санагддаг. Тиймэрхүү хэвлэл захиалдаг байсан болов уу, хүмүүс?

-Өө тэр их хөгтэй. Захиалахаар орж ирсэн хүнд “Яаж чамд хүмүүсийн нүдэн дээр тийм сонин өгөх вэ дээ. Гадуур нь далдлахын тулд өөр нэг сонин захиалчих” гэж хэлээд өдөр тутмын сонин захиалуулчихдаг байлаа. Тэгээд л өнөөх чинь “Өдрийн сонин” уншиж байгаа дүр эсгээд өнөө сониноо хараад суучихна. Гэртээ аваад очвол бөөн юм болох учраас шууданд уншчихаад гардаг байсан юм.

-Таныг захидлыг  яг эзэнд нь өгдөг гэж сумынхан ярих юм. Ойрынх нь хүнээр дамжуулчихвал ажилд тань  амар биш үү?

-Найз охиндоо бичсэн хүүгийн захидлыг аав, ээжид нь юу гэж өгөхөв. Яг эзэнд л өгнө. Нууцыг бол янзын хамгаална шүү дээ, манай шуудангийн хууль учраас.

-Санаанаас гардаггүй хэвлэл захиалагчийн түүх гэвэл танд өчнөөн байгаа даа?

-Өө тэгэлгүй яахав. Пүрэвбат гэж хүү бий. “Бөх” сонинд дуртай гэж жигтэйхэн. Өнөөх маань Япон руу ажиллах зорилготой явав аа. “Бөх” сонин сард гурван удаа гарна. Өөрөө захиалаад Пүрэвбат руугаа дугтуйлаад явуулчихдаг боллоо. Гурван жил ажиллаад ирэхдээ Японы газрын зургийн хэлбэртэй жигнэмэг, савх гээд өчнөөн гоё бэлэг барьчихсан орж ирж билээ. “Хүний нутагт бэтгэрч явахад дуртай сонин маань ирэх ямар гоё байсан гээч. Баярлалаа эгч ээ” гэсэн үг нь санаанаас гардаггүй юм. Бөхийн тухай ном бичнэ гэж ярьдаг хүүхэд дээ. Одоо бид хоёр фэйсбүүкийн найзууд. Бас нэг захиалагч санаанд тод байдаг. Гадаад хэвлэлийн захиалга биелэхээргүй болсон үед охин маань “Японд докторт сурдаг Лхагвасүрэн гэж ах монгол бичигт дуртай” л гэж байна. Охин захиалгын мөнгийг нь өгч, би дугтуйлаад явуулдаг ажилтай боллоо. Тэгж гадаадын захиалгынхаа төлөвлөгөөг биелүүлж байлаа. Өнөө залуу доктороо хамгаа  лаад ирэхдээ манай охинд  япон хэлнээ хэвлэгдсэн “Гурван улсын үлгэр”-ийн таван ботийг бэлэглэсэн гэсэн. Юм гэж их сонин. Сүүлд телевиз үзээд сууж байсан чинь Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг эрдэмтэн шагналыг Лхагвасүрэн гэдэг залуу авч байна аа. Охиноосоо “Энэ залуу өнөө Лхагвасүрэн маань мөн үү” гэж лавлатал “Мөн” гэдэг байгаа. Хэчнээн гоё санагдсан гээч.

-“Хүмүүн бичиг” сониныг гаднаас зорьж захиалдаг тохиолдол байдаг уу, жишээ нь Өмнөд Монголоос?

-Хятад руу “Хүмүүн бичиг” сонин ордоггүй юм. Охины маань найз Өмнөд Монголд биологийн ухаанаар докторт сурч байхдаа захиалах гээд бараагүй. Гэсэн хэр нь Өмнөд Монголын “Солонго” сэтгүүл манайд орж ирээд байдаг нь гайхмаар шүү.

-Таныг ээлжийн амралтаа авч үзээгүй гэж сонслоо, үнэн үү?

-Үнэнээр барах уу. Шуудан үүдээ цоожлоод амарчихвал хүмүүс хэвлэл, номоо хаанаас авах билээ. Зуны дэлгэр цагаар аялж зугаалах болвол охиныгоо суулгаад явчихна. Манай Бадамыг сумынхан “Бяцхан шууданч” гэж өхөөрддөг байлаа шүү дээ. Алслагдсан багийн сайн дурын шууданч даа яаж ийгээд олчихно (инээв). Сумаас алс хөдөө бай гаа хүмүү сийн хээ захиалгыг нөхөртөө дайчихна. Шуудангаа ажиллуулаагүй өдөр байхгүй шүү, өнгөрсөн хориод жилд.

-Ингэхэд хэвлэл захиалгын оргил үе хэдэн он байв?

-2010-аад он. Улиралд гурван сая төгрөгийн хэвлэл захиалдаг байлаа, манай сумынхан. Жилд би 12 сая төгрөгийн хэвлэл захиалуулж байсан. Тухайн үед сонин захиалгын 18 хувийг шууданд өгдөг байсан юм. Сая төгрөг захиалуулахад 180 төгрөгийн урамшуулалтай. Миний цалин тухайн үед 50400 байсан гэхээр овоо хөөрхөн урамшуулал.

-Таны цалин одоо хэд вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Анх 1999 онд 8000 төгрөгөөс эхэлж байлаа.

-Татвар энэ тэрийг нь хасвал маш бага цалин авдаг юм байна. Ийм цалингаар шууданч хийх хүн олдохгүй шүү дээ?

-Миний ажлыг сонирхсон хүмүүс цалингийн хэмжээ сонсоод л “Бүтэхгүй юм байна” гэдэг. Би нэгд дуртайдаа, хоёрт тэтгэвэртэй учраас л хийж байна даа.

-Өөр сумдын шууданчид яаж болгоод байдаг юм бол доо?

-Халамжийн ажилтан гэх мэт төрийн албаны өөр бусад ажилтай хавсарч хийдэг юм билээ.

-Таныг ном их уншдагийг мэднэ. Анхны ном нь хэний ямар зохиол байсан бэ?

-Намайг сурагч байхад зуны даалгаварт ном унших даалгавар өгдөг байсан юм. Үеэл маань их уншина. Би болохоор тоглохоос өөрийг мэдэхгүй. Ширээн дээр минь “Модон шаахай” гэдэг ном өчнөөн удсаныг их тод санадаг. Тэгж байгаад л уншиж эхэлсэн. Хамгийн анхны уншсан ном гэвэл “Зам” роман. Уйлаад л уншина. Дараа нь “Аянга” романыг уншсан. Жилд нэг уншдаг ном маань. Одоо бүр ноорчихсон. Монгол зохиолчдынхоо номыг унших дуртай. Балжирын Догмидыг уншихгүй байж болохгүй. Ганбатыг уншина. Инженерүүд дотроос Ванчаарай их гоё бичдэг байлаа. Д.Гармааг уншаагүй хүнтэй юу ярих билээ. Санжийн Пүрэв гуайн Налайхын уурхайн жаран жилд зориулж бичсэн номыг нандигнадаг. Тэр номд ээжийн тухай хэсэг бий. Миний ээж Налайхын уурхайд өргөх цехийн машинистаар 28 жил ажилласан хүн л дээ. Аав минь бас уурхайчин. Гавьяат уурхайчин. 20 настай уурхайд ажилд ороод 50 настайдаа тэтгэвэрт гарч байлаа. Хуучин цагт нэг гэрт хоёр гавьяат байж болохгүй гэсэн бичигдээгүй хууль байсан учраас ээжид гавьяат өгөөгүй гэдэг.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард түмнийг сонгуультай байлгахгүйн төлөө бүх хууль гарч байна DNN.mn

Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль болоод Ерөнхийлөгчийн, мөн аймаг, орон нутгийн сонгуулийн тухай хууль, дээрээс нь сонгуультай холбоотой бүх л хуульд ард түмнийг сонгуультай байлгахгүйн төлөөх заалтууд тэр чигтээ орсон. Үндсэндээ сонгууль гэдэг зүйлийг энгийн иргэдийн дунд байхгүй болгож, дарга сайдууд, эрх баригчид ээлж дараалан төрийн сэнтийд заларч байх тийм л хууль, эрх зүйн зарчим манайд үйлчилж байна. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан. Гэтэл Үндсэн хуулиар олгогдсон энэхүү гол заалт сонгуулийн тухай болон бусад хуулиудын хүрээнд үйлчилгээ нь зогсчихоод байна. УИХын сонгуульд иргэн нэр дэвшихэд хуулийн маш олон саад бэрхшээлтэй тулгарч байна.

Хамгийн наад зах нь 25 нас хүрсэн иргэн нэр дэвших эрхтэй гэдэг. Яг хуулин дээр тухайн иргэний төрсөн он сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн иргэн насанд хүрсэн байх ёстой гэж заасан. Төрсөн оноороо 25 нас хүрсэн ч сонгууль болох өдрөөс ганцхан хоногийн дараа төрсөн байхад нас хүрээгүй гэх шалтгаанаар нэр дэвших боломжгүй. Мэдээж авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, мөн ял эдэлж байгаа бол нэр дэвших эрхгүй. Үүнээс гадна банк бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өргүй байх зэрэг хуулийн нарийн заалттай.

Энэ бол ардчилсан улс оронд арай дэндсэн хуулийн заалтууд. Зээл авах бол гэмт хэрэг биш. Гэтэл өр зээлтэй байх, түүнээ төлөөгүй байх гэх шалтгаанаараа Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг нь хааж бооно гэдэг байж боломгүй. Үндсэндээ банкинд гэрийнхээ тог цахилгааны мөнгийг төлж чадаагүй бол, мобиком юм уу, юнителд утасныхаа төлбөрийг төлж амжаагүй тохиолдол тухайн иргэн нэр дэвших эрхгүй болж байх жишээний.

Тэгвэл ардчилал эрх чөлөөний бэлгэдэл дэлхийн жишиг орон гэгддэг АНУ гэхэд төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нэр дэвшигчид ердөө гуравхан шаардлага тавьдаг. АНУ-д төрсөн байх ёстой, Үндсэн хуулийн дагуу 35аас дээш настай байх ёстой. 14өөс доошгүй жил Америкт оршин суусан, тус улсын иргэн байх ёстой гэдэг гуравхан шаардлага. Ардчиллын бэлгэ тэмдэг болсон АНУ иргэнийхээ сонгох сонгогдох эрхийг ингэж нээлттэйгээр, ямар нэгэн дарамт хуулийн хатуу чанга заалтгүйгээр хангаж өгдөг.

Монголд сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдэг ийм төвөгтэй, дарамттай байдаг бол иргэн хүний сонгох эрхэд мөн бүдүүлгээр ханддаг. Илүү хүн дугуйлбал саналын хуудас нь хүчингүй. Дутуу хүн дугуйлбал бас хүчингүй. Тухайн тойрогт нэр дэвшин өрсөлдсөн 100 гаруй хүнээс 9 хүнийг дугуйллаа гэж бодъё. Санамсаргүйгээр 10ыг юм уу, эсвэл нэгээр дутуу, наймыг нь дугуйлсан тохиолдолд таны санал хүчингүйд тооцогдоно. Мөн саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр бичсэн бол бас л хүчингүй. Сонгогч саналаа өгөх үед сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглох, тойрогт ногдсон мандат, нам эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам эвсэл тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцох гээд дандаа л болохгүй гэсэн заалтуудтай. Дээрээс нь зууванг цэвэрхэн будсангүй, зураасаас нь гадагш гаргалаа, эс бөгөөс өөр өнгийн балаар будлаа гээд бөөн дарамт.

Яг үнэндээ бол иргэдийн саналаа өгөх, сонгох эрхээ эдлэх энэ процесс хуулийн асар дарамт, бусдын хараа хяналт, айдас хүйдэс дунд явдаг. Мөн иргэдийг боловсрол, мэдлэгээр нь ялгаварлан гадуурхах мэт эвгүй заалтууд бий. Тухайлбал, боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн… гээд заачихсан байх жишээний. Мөн эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмнөөс итгэмжилсэн иргэн хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглосон. Нэг гэрт дөрвүүлээ байлаа гэхэд нас өндөр болсон эмээ өвөө, бие муутай ханийнхаа өмнөөс буюу нэг гэрийнхээ гурван хүний өмнөөс нэг хүн саналаа өгөх эрхгүй болж байгаа юм.

Энэ бүхэн ард түмнийг сонгууль өгүүлэхгүй гэсэн эрх баригч, хууль тогтоогчдын алсын бодлого юм шиг санагдах юм. Дээрээс нь нэр дэвшигчийг таниулахгүйн төлөө бүх хуулийн заалт үйлчилнэ. Орой 22 цагаас хойш өглөөний найман цаг хүртэлх хугацаанд чанга яригчаар ярихыг, хуульд заасны дагуу тогтоосон байршлаас өөр газарт зурагт самбар байршуулахыг, бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц ашиглахыг хатуу хорьсон. Үндсэндээ хуулиар зааж өгсөн тодорхой байршилд А4ийн хэмжээтэй зурагт хуудсаа байршуулж, өглөөний 8аас оройн 22 цагийн хооронд өөрийгөө сонгогч олонд хальтхан танилцуулна. Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэж байгаа. Телевизийн цагийг нарийн тогтоосон учир шинэ нэр дэвшигч телевизээр гарч сонгогч олонд танигдана гэсэн ойлголт бараг байхгүй.

Энэ мэт дандаа хориглосон заалтуудтай. Арай л нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзаж болохгүй гэж заачихаагүй, бусдыг нь бараг хориглочихсон. Дээрээс нь улс төрийн шинэ хүчин, шинэ нэр дэвшигчдэд тойргийнхоо сонгогчдод өөрийгөө болон нам эвслээ танилцуулах боломж байхгүй. Сонгуулийн сурталчилгаа ердөө 14-хөн хоног. Жишээ нь, энэ 14 хоногт Монголын баруун хязгаарыг Увс, Ховд, Говь-Алтай, Завхан дөрвөн аймгийн 80 сумын газар нутгийг туулах боломжгүй. Ийм л байж боломгүй зүйлийг эрх баригчид хуульд тусгаж, монголчуудаар даажигнаж доог тохуу хийж байна. Тэд өөрсдөө онгоцоор явж, бусад нь машинаар яваад бензин шатахуун нь хүрэхгүй зогсож байна. Баруун аймагт бие даан нэр дэвшсэн залуу нэгэнт би бүх нутгийг туулж чадахгүй юм чинь яахав дээ гээд унадаг дугуйтай хотоос хөдөлж байх жишээний.

Мөн бие даан нэр дэвшигч 801ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна. Гарын үсэг зуруулах процесст нэг л алдаа гарсан бол нэр дэвшигчийг бүртгэхгүй. Мөн сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр болон олон нийтийн сүлжээгээр тараасан нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэхгүй олон заалт хоригууд бий. Энэ бүхнээс төвөгшөөгөөд иргэн нэр дэвших эрхээ эдэлж чаддаггүй. Ерөнхийлөгчийн сонгуульд бас л ард түмнээ хяхаж хавчсан, ад үзсэн муйхар заалт байдаг. Парламентад суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлэх эрхтэй гэх заалт. Тэгвэл Исламын шашинтай Иран улс гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд сая нийт 80 хүн нэр дэвшсэн. 2013 онд 686 хүн дэвшиж байсан түүхтэй. Яг үүн шиг Монголд хүссэн бүхэн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй баймаар байна.

Нэр дэвшигчдийг олонд таниулж өгөх гол хэрэгсэл хэвлэл мэдээллийг сонгуулийн хуулиар ёстой “амийг чангаасан”. Олон нийтийн радио телевизээс бусад радио телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс хойш 30аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлнэ. Хуульд заасны дагуу бүртгүүлсэн радио телевиз сурталчилгаа явуулах эрхтэй, бүртгүүлээгүй бол хориотой. Хэрвээ үүнийг зөрчсөн тохиолдолд тухайн телевиз радиогийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгоно. Цахим орчин мөн ялгаагүй. Албан мэдэгдлийн дагуу зөвшөөрөл авна. Аваагүй тохиолдолд цахимыг хаах, хязгаарлана. Хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн СЕХ хамтран баталж мөрдүүлнэ гэсэн заалттай.

Монголын хэвлэлийг ингэж хаасан хэрнээ гадаадын хэвлэл болох Фэйсбүүк, твиттерт манай эрх баригчид мөнгөө төлөөд сурталчилгаагаа нээлттэй явуулж байгаа.

Мөн Сонгуулийн тухай хуульд хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ноцтой зөрчиж боомилсон заалт бий. Энэ нь санал авах өдрөөс 24 цагийн өмнө сонгуулийн сурталчилгаа зогсоно. Энэ хугацаанд нэр дэвшигч, тэдний багийн хэн ч үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй гэх заалт. Ардчилсан Монгол Улсад 24 цаг байтугай 24 секундэд ч хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж боох ёсгүй. Тиймээс эдгээр хуулийн заалтууд бол монголчуудыг яаж сонгуульгүй байлгах вэ, яавал төрд шинэ хүн гаргахгүй байлгах вэ, яавал монголчуудыг ядуу хоосон гуйлгачин хэвээр нь байлгах вэ гэсэн эрх баригчдын бодлого гэдгийг дахин хэлэх байна. Шинээр байгуулагдах парламент хамгийн түрүүнд сонгуулийн тухай хуулиудын эдгээр заалтуудыг засч боловсруулж, ард түмнийхээ сонгох, сонгогдох эрхийг нь бусад орны жишгийн дагуу эдлүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж улс төрд шинэ цус сэлбэж, улс орны хувь заяанд эргэлт ирнэ.

Д.Батболд

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Эхлээд эрх баригчид галаа зогсоохгүй бол энэ ард түмэн чинь алалдаад дуусах нь ээ” хэмээв DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-06-18-ны мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Иргэн Ж.Нямжав “Нэр дэвшигчдийн боловсролыг л зөв тогтоочихдог болчихвол чанартай сонгууль болно” гэснийг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Судлаач Д.Энхцэцэг “Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж ажилгүй болчих гээд байгаа учраас л иргэдийн дунд талцал гарч буй юм” гэлээ. Энэ тухай I болон “Улс төр” нүүрээс уншаарай.

  • СОНГУУЛЬ-2024: АН, МАН-ын дарга нар шөнийн 01:00 цаг хүртэл юу ярив

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эхлээд эрх баригчид галаа зогсоохгүй бол энэ ард түмэн чинь алалдаад дуусах нь ээ” хэмээв.

  • Сонгуулийг цөөн үгээр

Монгол Улсын зөвлөх мал зүйч Г.Дээшин “Том биетэй, ашиг шимтэй гэсэн мал болгоныг авчраад үржүүлэг, хээлтүүлэгт ашиглаж болдоггүй” гэв

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Очирбат “Орон нутгийн чиглэлд иргэд огт суудлын бүс зүүхгүй байна” гэлээ.

Улсын арслан Ц.Бямба-Отгон “Улсын баяр наадмаар цолоо авсан бол бүр ч сайхан байх байлаа” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

ГАДААД МЭДЭЭ: Дээд хэмжээний чуулган өндөрлөв


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ