ТАЛИЙГААЧ О-ГИЙН ХЭРЭГ МОНГОЛ ЗАЛУУС АМЬД ЯВАХ ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Иргэн О цагдан хоригдож байхдаа Улсын III төв эмнэлэгт хүргэгдэж, улмаар 23 цагийн дараа амьсгал хураасан. Иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа нэг асуудал нь талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байхдаа гавтай байсан гэдэг асуудал. ШШГЕГ-ын журамд нь үнэхээр тийм байв уу?
-Төрийн байгууллагын хяналтад байсан иргэн амь насаа алдсан нь ноцтой тохиолдол. Тиймээс ч шуурхай ажиллаж, гэм буруугийн асуудлыг тогтоож, хариуцлага тооцох ёстой. Дээрх харамсалтай хэрэг 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр болсон тухай мэдээллийг ХЭҮК авсан даруйдаа шуурхай ажиллаж эхэлсэн. Комиссоос ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж, холбогдох алба хаагчдаас мэдээлэл, тайлбар авч дүрэм, журамтай танилцсан. Аюулгүй байдал талаас гав хэрэглэхээр журамласан байсан ч эмчилгээ хийх үед, мөн ухаангүй үед хэрэглэх талаар бол зохицуулалт тусгаагүй байна лээ. Эмнэлэгт ухаангүй ирсэн үйлчлүүлэгчид ямар журмаар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг нь эмнэлгийн өөрсдийн стандарт байх ёстой. Эмнэлэгт янз бүрийн нөхцөл байдалтай иргэн тусламж үйлчилгээ авдаг. Ухаантай ухаангүй, өөрийгөө хянаж чадах, чадахгүй гэх мэт. Энд хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа юм. Гэтэл үүнийг одоо болтол нэгдмэл байдлаар журам, стандартыг нь гаргаж шийдээгүй байна гэдэг тун харамсалтай. Талийгаач О-гийн амиа алдсан хэргийн хувьд гав хэрэглэсэн нь хүнлэг бус харьцаа мөн гэж Комисс дүгнэсэн. Тухайн нөхцөл байдалд хүнлэг харьцах, иргэнээ бодож шийдвэр гаргах нь алба хаагчдаас ихээхэн шалтгаалдаг. Хэн ч байсан нэр төр байна, ямар ч тохиолдолд тухайн хүний эрхэм чанарыг нь гутаахгүй байх, хүнлэг бус хандахгүй байх үүрэгтэйг санах ёстой.
-Тэгэхээр алба хаагчдыг шууд буруутгах нь өрөөсгөл бололтой?
-Хууль тогтоомжийн зохицуулалт болон салбарын дүрэм журам цаашлаад алба хаагчдын хандлага, үйлдэл гээд бүгдийг нь авч үзэх ёстой. Эцэстээ энэ бүх тогтолцоо нь хүний эрхийн зөрчилгүй байх, хүний төлөө байх учиртай шүү дээ. Дүрэм, журамд тодорхой зохицуулаагүйгээс, байгууллагын үйл ажиллагаа уялдаа холбоогүйгээс, алба хаагчийн хандлага, ур чадварын асуудлаас үүдэн хүний эрхийн зөрчил гарч байна. Энэ нь өөрөө төрийн байгууллагуудын хүний эрхийг хангах, хамгаалах үүрэгтэй уялдахгүй байгааг харуулж байгаа юм. ХЭҮК-оос хийгдэж байгаа хяналт шалгалтууд нь ихэвчлэн Комиссын гишүүдийн санаачилгаар хийгддэг. 2023 оны тоон мэдээнээс үзвэл, гомдол мэдээллийн мөрөөр 25 удаагийн хяналт, шалгалт хийсэн. Гэтэл Комиссын гишүүдийн санал, санаачилгаар 119 удаагийн хяналт шалгалт хийсэн байна. Хүний эрх зөрчигдсөн байж болзошгүй тохиолдол гармагц, гарах эрсдэл байвал үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүд санаачилгаараа тухайн байгууллагад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргадаг.
-Энэ хэргийг эцэслэн дүгнэхэд шүүх шинжилгээний хариу ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Одоо хариу л хүлээгдэж байна уу?
-Хоёр асуултад хариу өгөх ёстой. Нэгдүгээрт, эрүүдэн шүүгдсэн тухай асуудал. Талийгаач 2024 оны нэгдүгээр сард энэ талаарх гомдлыг АТГ-т гаргасан. Гомдлыг хэрхэн, яаж шийдэгдсэн бэ гэдэг хариуг прокуророос өгөх ёстой. Хоёрдугаарт, яагаад амиа алдав гэдэгт хариулах ёстой. Комиссоос цагдаа, прокурор, Цагдан хорих 461 дүгээр анги, Улсын III төв эмнэлэг зэрэг байгууллагаас мэдээлэл авч, биечлэн уулзсан. Иргэдийн хувьд маш хурдан ямар нэг дүгнэлт сонсож, буруутныг мэдэхийг хүсдэг.
ХЭҮК нь хүний эрх зөрчигдсөн эсэх, хаана зөрчигдөв гэдэг дээр мэргэжлийн дүгнэлтийг олон талын дүн шинжилгээ, хяналт шалгалтын үндсэн дээр гаргадаг байгууллага. Энэ дүгнэлтийг цаг алдахгүйгээр тогтмол, шуурхай гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. Өөрөөр хэлбэл, ийм шалтгааны улмаас хүний эрх зөрчигдөх эрсдэлтэй байна, эсвэл зөрчигдсөн байна. Энэ зөрчлийг таслан зогсоо, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм ийм арга хэмжээ авч хэрэгжүүл гэдэг зөвлөмж, шаардлага хүргүүлдэг.
Гэтэл зарим тохиолдолд хүний эрх зөрчигдсөн эсэх дүгнэлтийг гаргахын тулд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах тохиолдол гардаг. Жишээлбэл, иргэн О амиа алдсан хэрэг дээр дүгнэлтийг гаргахын тулд олон ажиллагаа хийх шаардлагатай болсон. Үүнд, нотлох баримтуудтай танилцах, хамт хоригдож байсан хүмүүстэй уулзах, шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдаас тайлбар авах, хяналтын камерын бичлэгийг шүүх зэрэг олон талын мэдээлэл цуглуулж, олон газраас тайлбар мэдээлэл авах шаардлагатай болсон. Энэ утгаараа зарим тохиодолд тодорхой хугацаа шаардлагатай. Бид алдах эрхгүй мэргэжлийн байгууллагын албан хаагчид. Маш үндэслэлтэй, нарийн ажиллах ёстой юм шүү дээ. Талийгаач О бол монгол залуус “амьд явах эрх”-ээ эдэлж чадахгүй байгаагийн тод жишээ.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР ШҮҮХИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НЭГ Ч БАРИВЧИЛГАА ЯВАГДАХГҮЙ БОЛЛОО
-Эрүүдэн шүүлт гэдэг асуудлыг ХЭҮК олон жил хөндөж ярьсан. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх олон удаагийн илтгэлд тусгаж, УИХ-аас хэлэлцүүлсний эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгаа хийгдэхгүй боллоо. Үүнийг Комиссын ажлын үр дүн гэж харсан.
-ХЭҮК анх байгуулагдсанаасаа хойш эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэж ирсэн. Тухайн үед цагдан хорих байр, баривчлах байранд эрүүдэн шүүлт түгээмэл байсан. Гэтэл 2017 оноос л эрүү шүүлтийг гэмт хэрэгт тооцож эхэлсэн шүү дээ. Бидний зүгээс үүнд багагүй хүчин чармайлт гаргаж, үндэслэл, судалгааг нь хийж, асуудлыг ил гарган тавьснаар энэ өөрчлөлтийг бий болгосон.
НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан тусгай илтгэгч 2022 онд Монгол Улсад ажиллаад дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтдээ баривчилгааны 98-99 хувь нь шүүхийн хяналтгүйгээр явагдаж байна гэсэн. Өөрөөр хэлбэл, хойшлуулшгүй гэсэн үндэслэлээр 48 цагийн хугацаанд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилдаг. Эсхүл таслан сэргийлэх арга хэмжээ болгож цагдан хорьж буй асуудал нь тодорхой орон зайд хорих замаар хүний эрхийг хязгаарладаг. Тэр хугацаанд баривчлах асуудлаар гомдол гаргах боломжгүй байх, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх, эрүүдэн шүүлтэд өртсөн гэдэг гомдол мэдээллийг ХЭҮК-т цөөнгүй иргэн гаргасан, дээрх асуудал нь хүний эрхийн зөрчил мөн гэж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд тусгасан. Улмаар илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, УИХ-ын 35 дугаар тогтоолыг баталсан. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг НҮБ-ын зөвлөмж, олон улсын гэрээ конвенцод нийцүүлж маш тодорхой нарийвчлан хуульчилснаар хойшлуулшгүй тохиолдол гэх үндэслэлийг бүгдийг нь хассан.
Хуулийн нэмэлт өөрчлөлт 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр бүх баривчилгаа шүүхийн хяналтан дор явагддаг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь хорих ял ногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт цагдан хорих арга хэмжээг түгээмэл хэрэглэдэг байсан явдал таслан зогсоогдож байна гэсэн үг. Гэхдээ нэг зүйл бий. Энэ нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах үүднээс буюу хорих ялгүй зарим төрлийн гэмт хэрэгт холбогдсон бол цагдан хорих арга хэмжээг хэрэглэнэ. Ингэхдээ шүүхээс цагдан хорих прокурорын саналыг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Хуульд ийм нэмэлт өөрчлөлт ороход ХЭҮК ихээхэн хүчин чармайлт гаргаж, шахалт үзүүлж ажилласны үр дүн юм.
-Ер нь таны харж буйгаар Монгол Улсад гарч байгаа хүний эрхийн нийтлэг зөрчлүүдийн үндсэн шалтгаан нь юу вэ?
-Нийгэм дэх хүний эрхийн тухай мэдлэг, мэдээллийн дутмагшлаас үүднэ. “Яасан ч үүнийг үйлдэж болохгүй” гэсэн ойлголт, “Тэр намайг ингэх эрхгүй” гэсэн өөрийгөө хамгаалах мэдлэг, энэ тохиолдолд хаашаа хандах вэ гэдгээ мэддэг байх гэх мэт. Хэн “хүчтэй” нь бусдад илүүрхэх эрхтэй мэт аашилдаг, энэ дур зоргыг нь хууль ёсны замаар арга хэмжээ авч хязгаарлахгүй байгаа байдал нь хүний эрхийн зөрчилд бас нөлөөлж байна. Мэдээж ядуурал хамгийн ихээр нөлөөлж байна. Амьжиргааны түвшин нь маш олон асуудлын суурь болдог. Ядуурал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, хүний эрхийн зөрчил гээд дагалдах асуудлууд гарч ирдэг. Өнөөдөр Монголын хүн амын 27 орчим хувь нь амьжиргааны түвшин доогуур байна. Энэ тооны цаана хүний эрхийн маш олон асуудал яригдана.
-Хурдан морь унаач хүүхдүүдийн нөхцөл байдал ямархуу байна вэ?
-Соёл, уламжлал гэдэг зүйл өөрөө маш хүчтэй, гүн суурьтай үзэгдэл юм л даа. Өөрчлөлтийг маш бага багаар хийхээс өөр ямар ч аргагүй. Унаач хүүхдүүдийн тухайд хамгаалах хувцас, хэрэглэлийн стандарттай болоод багагүй хугацаа өнгөрч байна. 2021 онд хийгдсэн судалгаагаар уяачид өөрийн хамаатан, төрөл садныхаа хүүхдээр морь унуулж байгаа бол стандартаа сайн сахиж, хүүхдээ хайрладаг юм байна. Харин аав, ээж нь малчин, эсвэл уяачийндаа “амьдардаг” хүүхдүүдэд ихэвчлэн өөрөөр ханддаг. Тэднийг “тавиул хүүхэд” гэдэг. Тиймээс эдгээр хүүхдийн эрхийг зайлшгүй анхаарч, хамгаалах ёстой. ХЭҮК нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 23 илтгэлийн 15-д нь хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан тусгаснаас хоёр нь унаач хүүхдийн эрхийн зөрчлийг судалж, УИХ-аар хэлэлцүүлсэн.
Хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналт хамгийн чухал. Гэтэл хүүхдэдээ тавих хараа хяналт сул, хайр халамж хангалттай үзүүлдэггүй, цаашлаад гэр бүлийн нөхцөл байдал зэргээс үүдэн хүүхдээрээ ажил хийлгэж байсан тохиолдол олон гарсан, одоо ч байсаар байхыг үгүйсгэхгүй. Хүүхдийн эрхийн асуудал бол үүрэг хүлээгчдийн бүгдийнх нь байнга санаа тавьж, зөрчлийг шуурхай таслан зогсоож, зөрчлөөс урьдчилан сэргийлж байх ёстой асуудал.
-Сум, орон нутагт амьдардаг хүүхдүүдийн хувьд маш олон асуудал тулгамддаг. Зөвхөн сурч боловсрох эрхийн хэрэгжилт гэлтгүй шаардлагатай эмээр хангагдаж чадахгүй байх гэх мэтчилэн?
-Хөдөө орон нутаг дахь байнгын асаргаанд байдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмийн хангалт муу, шаардлагатай эм нь тасалддаг асуудал гарсан. Энэ асуудалд Комисс хатуу байр суурьтай байгаа. Судалж үзэхэд, тухайн эм тариа нь импортоор орж ирдэг, нийлүүлэлт тасарчихвал хаанаас ч олох аргагүй юм билээ. Учир нь зарим эм нь импортоор шууд оруулах эмийн жагсаалтад байхгүй. Мэдрэлийн ёзоор тайруулах хагалгаа хийлгэсэн тохиолдолд уудаг 40 гаруй эм байдаг. Гэтэл үүний тал хувь нь Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй. Эмийн дэлгэрэнгүй бүртгэл, судалгаа хангалтгүй, гааль дээр ирсэн эм тариа нь бичиг баримт бүрдүүлбэрийн шаардлага хангадаггүй, эмийн нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй зэрэг шалтгааны улмаас эмийн тасалдал үүсдэг. Гэтэл Эрүүл мэндийн сайдын нэг удаагийн импортын зөвшөөрлөөр удаа дараагийн татан авалт хийгддэг байх жишээтэй. Энэ бол Эрүүл мэндийн салбарын дагнан хариуцах ёстой ажлууд. Шийдэх боломжтой ийм асуудлууд үр нөлөөгүй, уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас болж шийдэгдэхгүй байна. Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлийн ээж, аавууд ажил хөдөлмөр эрхлэх болмж хомс байдгаас шалтгаалж, санхүүгийн дарамтад өртөх эрсдэл өндөр байдаг. Тиймээс ээж, аав асран хамгаалагчид, гэр бүлийн санхүүг хэрхэн дэмжих асуудлыг бас шийдэх ёстой.
Түүнчлэн орон нутгийн хүүхдийн боловсролын асуудал, хөгжих, хамгаалагдах эрхийг хангах асуудал чухал байна. Энэ асуудалд Комисс байнгын хяналт тавин ажиллаж байгаа. Дотуур байруудыг үе шаттай шинэчлэх, стандартад нийцүүлэх зэрэг асуудалд хяналт шалгалт хийж, Илтгэлд тусгасан. Үүний мөрөөр дотуур байруудыг үе шаттай шинэчилж, шинээр барихыг УИХ-аас Засгийн газарт даалгасан. Энэ ажил хэрэгжээд эхэлсэн.
ХЭҮК ҮРГЭЛЖ “ЧИХНЭЭС ХОНХ УЯСААР” БАЙХ БОЛНО
-Төр хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэгтэй. Эндээс ХЭҮК нь төр энэ үүргээ хэрэгжүүлж байгаад хөндлөнгөөс хараат бусаар хяналт тавьдаг, хүний эрхийн хэрэгжилтийг шаарддаг гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төр нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй. Хүний эрхийг хангах, хамгаалахад оролцохгүй төрийн байгууллага гэж байхгүй. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх бүхий л байгууллага бүгд үүрэг хүлээгч. Харин хэн нь ямар үүрэг хүлээх вэ гэдэгт хуулиар чиг үүрэг, эрх хэмжээг нь тодорхойлдог. Тогтолцоогоо харах юм бол, Засгийн газарт хамгийн их үүрэг оногддог. Өнөөдөр 4100 орчим төрийн байгууллагад 225 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Харин ХЭҮК хүний эрхийг хангах, хамгаалахад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэвэл, энгийн үгээр бол “оношилгоо хийдэг”, хүний эрхийн хувьд хийх ажлын “луужингийн чигийг заадаг” гэсэн үг.
-Тухайлбал?
-Тогтолцоо нь ажиллаж байна уу, баталсан хууль тогтоомж хүний эрхэд ээлтэй байж чадаж байгаа эсэхийг судалдаг. Хүний эрхийн зөрчил гарсан бол яаж арилгах, залруулах ёстой вэ гэдгийг нь хэлнэ. ХЭҮК-оос жил бүрийн хавар бүр Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д танилцуулдаг. Мөн иргэдээс ирсэн гомдол, өргөдлийг гомдол шалгах ажиллагааны журмаар шийдвэрлэдэг.
Хамгийн гол хөнддөг сэдэв бол тогтолцооны асуудал. Хүүхэд хамгааллын тогтолцоо, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоо, хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал, цэргийн дүрмийн бус харьцаа, эрүү шүүлтийн асуудал гэх мэт. Эдгээр асуудал гарч байгаа цаад учир шалтгааныг тогтоож, зөрчлийг арилгах зөвлөмж, шаардлага хүргүүлдэг.
-Өмнө нь илтгэлийг зөвхөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцдэг байсан. Харин Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-аар хэлэлцдэг болсон байх аа?
-Тийм. Том зургаар харвал, илтгэлийн ач холбогдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Анх зөвхөн байнгын хороогоор хэлэлцдэг байсан бол 2021 оноос эхлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцдэг болсон. Үүний үр дүнд асуудлыг олон талаас харах боломж нэмэгдсэн. Бидний зүгээс шаардлага, зөвлөмжөө хүргүүлнэ. Нөгөө талаасаа хэрэгжүүлж буй байгууллагууд өөрсдийн байр сууриа илэрхийлж, шийдэл гаргалгаагаа нээлттэй ярилцаж, хэлэлцэнэ. ХЭҮК-оос танилцуулсан илтгэлийн мөрөөр УИХ-ын тогтоол гардаг. Тогтоолыг Засгийн газар биелүүлэх үүрэг хүлээдэг.
-УИХ-ын гишүүд танайхаас танилцуулсан илтгэлтэй бүрэн гүйцэт танилцдаг уу. Танай байгууллагын чиг үүргийг хэр сайн ойлгосон байдаг юм бэ?
-Өнгөрсөн жилийн 22 дахь илтгэлтэй УИХ-ын зарим гишүүд сайн танилцсан байна лээ. Мөн Хууль зүйн байнгын хорооны гишүүд сайн уншиж танилцсан байдаг. Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр ХЭҮК-оос хууль санаачлах тухай асууж байсан. Энэ нь УИХ-д анх удаагаа сонгогдсон гишүүн олон болсонтой холбоотой байх. Хууль санаачлах байгууллага нь манайх биш. Харин УИХ-ын гишүүд хүний эрхийг хангах, хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулахад нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Мөн Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг батлах ажил байна. Хүний эрхийн төлөв байдал ямар байгаатай гишүүд танилцаж, санаачилгатай ажиллана байх гэж найдаж байна.
-Жил бүрийн илтгэлд ямар сэдвүүд тусгагддаг вэ?
-Цэргийн албан дахь дүрмийн бус харилцаа, халдашгүй байх эрх, эрүү шүүлтээс ангид байх эрх, шударга шүүхээр шүүлгэх гэх мэт асуудлаар тодорхой зөвлөмжийг тусгадаг. Нийт 23 удаагийн хүний эрхийн илтгэлд хамгийн олон удаа давтагдсан асуудал бол эдийн засаг, нийгэм соёлын салбарт хамаарах эрхүүд буюу сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхийн тухай асуудал байна. Зорилтот бүлгээр авч үзвэл, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн эрх хамгийн их хөндөгддөг. Иргэний болон улс төрийн эрхийн хувьд эрүү шүүлтээс ангид байх, шударга шүүхээр шүүлгэх, халдашгүй байх эрхийн асуудлыг нийт 15 удаагийн илтгэлд тусгасан. Халдашгүй байх эрхийг хөндөөгүй илтгэл бараг байхгүй. Цагдан хорих, баривчилгаа хууль ёсных байгаа эсэх, эрүү шүүлтээс ангид байх эрх бол мөнхийн сэдэв байж ирсэн. Энэ зөрчил байгаа цагт ХЭҮК үргэлж л “чихнээс хонх уясаар” байх болно.
ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ ХҮЧ, ДУУ ХООЛОЙ ДУТДАГ
-Жил бүр таницуулж байгаа илтгэлийн хэрэгжилт хангалттай байдаг уу?
-ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг хангахаар баталсан УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтэд 2018 оноос дүн шинжилгээ хийж эхэлсэн. Өмнөх жилийн тогтоолын хэрэгжилтийн дүгнэлт дараа жил гаргах байдлаар дүгнэж байна. Өнгөрсөн дүгнэлтүүдээс харахад, 100 хувийн гүйцэтгэлтэй байсан удаагүй. Гэхдээ бага багаар урагшилж байдаг. Тухайлбал, 2015 онд хөндөгдсөн асуудал жил жилд “сайжирсаар” байгаад энэ жил бүрэн арилж байх жишээтэй. Өнгөрсөн гуравдугаар сард Хууль зүйн байнгын хороотой хамтарч 21, 22 дугаар илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн дүгнэлтийг хэлэлцсэн. Манай зүгээс тогтоолын хэрэгжилтийг 60, 70 хувьтай гэж дүгнэсэн. Гэхдээ яг хувиар илэрхийлэхэд бага зэрэг ярвигтай. Үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээг хувьчлан дүгнэх нь өрөөсгөл.
-Жишээгээр тайлбарлаач?
-Жишээлбэл, аймаг, сумын төвүүд дэх сурагчдын дотуур байрыг үе шаттайгаар шинэчлэх зөвлөмжийг өгсөн. Сумын төвийн дотуур байрууд нь одоо хүртэл дотор галлагаатай, гал гарах эрсдэлтэй, ариун цэврийн өрөө байхгүй, гадаа ил бие засдаг модон жорлонтой зэргээр хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй байдал байсаар байна. Барилга нь хөгцөрч, мөөгөнцөртчихсөн гэх мэт. Стандартын шаардлага хангахгүй, насжилт нь хэтэрчихсэн барилгуудыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Тэнд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа юм. Ямар ч байсан дотуур байруудыг шинэчлэх ажил эхэлсэн. Төсөв төлөвлөгдаж, зарим барилгын ажил эхэлсэн.
-Зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байх үндсэн шалтгаан нь юу гэж ажиглагддаг вэ?
-Ер нь хүний эрхийг зөрчсөн асуудал гарахаар Комиссын зөвлөмж, шаардлагыг төрийн байгууллагууд хүлээж авч, шуурхай арга хэмжээ авч байгаа хэдий ч нэг удаагийн гал унтраасан шинжтэй байна. Үйл ажиллагаа, авсан арга хэмжээ нь нэг удаагийн шинжтэй биш байгууллагын соёл, зорилго, албан хаагчдын хандлага болж байж хүний эрхийн нөхцөл байдалд ахиц гарна гэдгийг анхаарах ёстой. Хүний эрхийг хамгаалж байгаа дүр үзүүлж ажилладаг хандлагаа өөрчлөх цаг болсон.
Аливаа зөвлөмж, шаардлагыг биелүүлэхэд эргэх холбоотой байж, хүний эрхийн зөрчил үүсч байгаа тэр нөхцөл байдлыг залруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг бодитоор хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр асуудал, хүний эрхийн зөрчил байгааг илрүүлж, гаргаж тавьж чадаж байна. Шийдвэрлэх арга замыг хувилбартайгаар дэвшүүлж байна. Харин шийдлийг төрийн байгууллагууд хэрэгжүүлэхгүйгээр, эсвэл дүр үзүүлсэн байдлаар аргацаах, хэрэгжүүлэх явцдаа эрчээ алдчихвал ямар ч үр дүнгүй болж байна.
-Иргэд ХЭҮК-ыг эрх баригчид, төрийн байгууллага, албан тушаалтны эрх ашгийг түлхүү хамгаалдаг гэж харддаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-ХЭҮК нь өөрөө аливаа тохиолдол, болж буй үйл явдалд нарийн дүн шинжилгээ хийсний дараа хүний эрхийн зөрчил байгаа эсэх дүгнэлтийг гаргах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс тодорхой цаг хугацаа шаардагдах нь эндээс тэгж харагдаж байгаа байх. Олон байгууллагатай харилцаж, олон төрлийн асуулга, тодруулга, нотлох баримт, цуглуулсны дараа л хийгдэх зүйл шүү дээ. Тийм болохоор аливаа тохиолдол болонгуут иргэд ХЭҮК дуугарсангүй, буруутныг шууд зарласангүй гэж шүүмжилдэг. Гэтэл яг тэр цаг үед нь бид ид ажиллаж байдаг. Бид хөнгөн хуумгай хөдөлж алдаа гаргах эрхгүй мэргэжлийн байгууллага. Комиссоос төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж, зөвлөдөг, шаарддаг учир төрийн байгууллагуудтай “найз”, “түнш байх боломж” амьдрал дээр байхгүй. Гэсэн ч бид бүх боломжоо дайчлан ажилласаар байгаа. Гэхдээ бидэнд нийгэмд тод сонсогдох дуу хоолой, нэгдэн нийлж шаардлага шахалт үзүүлэх хүч чадал яах аргагүй дутагддаг. Энэ хүч, боломж харин иргэдэд байдаг юм шүү дээ. Харин мэргэжлийн зөв дүгнэлт, мэдээллийг нийлүүлэх нь бидний үүрэг, хариуцлага.
-Баярлалаа.