Categories
нүүр-хуудасны-онцлох

Д.Энхтүвшингийн улс төр Танхимыг талцуулж гурав хуваажээ DNN.mn

МҮХАҮТ-ыг Худалдаа аж үйлдвэрийн 3 дугаар зүйлд Танхимын тухай ойлголтыг “Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн” гэж тодорхойлсон. Улс төрөөс ангид бөгөөд аж ахуйн нэгж байгууллагуудын эрх ашгийг хамгаалдаг байгууллага гэсэн үг.

Гэвч сүүлийн үед Танхим улс төрийн нөлөөнд эрчтэйгээр оржээ. Энэ нь Танхимын одоогоор хүчин төгөлдөр ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүн болсноос үүдэлтэй гэж захирлууд харцгааж байна. Энэ сацуу “Танхим ийм замбараагүй байдалд хэзээ ч орж байгаагүй бөгөөд түүхэндээ ийм дотоод хагарал үзээгүй. Д.Энхтүвшин ажилтайгаа зууралдаж “Топ-100”-ийн шалгаруулалтыг хүртэл бүтэн жил гацаалаа” гэх захирал нэмэгдсээр байна. Тэгээд “Улс төр яагаад Танхимд ороод ирчихэв” гэдгийг захирлууд өөр хоорондоо дүгнэн ярилцах болжээ. Үүнийг хоёр шалтгаантай холбож байна.

Нэг дэх нь, Д.Энхтүвшин Танхимын ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөлгүй үргэлжлүүлээд УИХ-ын гишүүний албан тушаалтай хавсран хийгээд байх сонирхолтой холбоотой юм байна. Гэтэл 2024 оны арваннэгдүгээр сарын 23-нд Танхимын шинэ ерөнхийлөгчийг сонгоно. “Таван богд”-ын Ц.Баатарсайхан дараагийн ерөнхийлөгч болох магадлалтай. Ц.Баатарсайхан ерөнхийлөгч болох нь Д.Энхтүвшингээс гадна Танхимд өнөөг хүртэл нөлөөтэй явж ирсэн аж ахуйн нэгжийн захирлуудад таалагдахгүй байгаа. Зарчим, байр суурийн зөрүүтэй гэсэн үг.

Хэрэв Ц.Баатарсайхан сонгогдвол Танхимын дансанд байсан мөнгийг самрын бизнест оруулсан. Мөн night club тохижуулахад зарцуулсан зэрэг асуудлууд гарч ирнэ. Гэхдээ эдгээрийг Танхимын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажлын албаны хүмүүс нь дэлгэж тавихаар бэлдэж байгаа тухай захирлуудын дунд яригдаж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Танхимын санхүүжилт, түүний эх үүсвэрийн талаар 1.Танхимын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

1/гишүүний татвар;

2/иргэд, байгууллагын хандив;

3/үйлчилгээний орлого.

2.Танхим нь ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй боловч Иргэний хууль, энэ хуульд заасан буюу дүрмийнхээ зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэнэ.

3.Танхимын үйлчилгээний хөлсний хэмжээг танхимын саналыг үндэслэн Сангийн сайд, Худалдаа үйлдвэрийн сайд хамтран тогтооно гэсэн. Мөн 12 дугаар зүйл. Танхимын эд хөрөнгийн хариуцлага

1.Танхим нь өөрийн эд хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

2.Танхим гишүүдийнхээ бусдын өмнө хүлээх үүргийг, гишүүд танхимын хүлээх үүргийг тус тус хариуцахгүй гэж заасан байдаг. Яригдаж буй асуудлууд баттай болоод явчихвал энэ хуулиас хальж Эрүүгийн хуулиар ч шийдэгдэх магадлалтай.

Харин Д.Энхтүвшин өнөөдрийг хүртэл эдгээрийг хөндөлгүй явж ирсэн. Тиймээс одоогийн Танхимын улирдах багийн цөөнгүй хүн түүнийг дэмжсээр байна. Энэ дээр нэмээд Д.Энхтүвшин Танхимыг бүхэлд нь хөдөлгөхөөр

“Намайг дэмжиж хэвлэлийн хурал хийгээч” гэж viber групп чат дээр хүмүүсээр бичүүлээд байгаа. Мөн тэрээр П.Цагааны хүүгийн хамт ШангриЛа-д nught club ажиллуулдаг. Тэндээ захирлуудыг цуглуулж “Танхимаа өгөхгүй” гэдэг lobby-g хийх болсон. Эдгээрт нь Танхимын Удирдах зөвлөлийн зарим гишүүн эгдүүцэж байна. Тэд “Танхимыг Д.Энхтүвшингийн улс төрийн байгууллага болгохгүй” гэх болжээ.

Энэ бүхнээс болоод өнөөдөр Танхимынхан “Д.Энхтүвшинг дэмжигчид”, “Д.Энхтүвшинг эсэргүүцэгчид”, “Хэн нь дийлэхийг хөндлөнгөөс ажиглагчид” гээд гурав хуваагдчихлаа.

Хоёр дахь шалтгаан нь улс төртэй шууд холбоотой. Д.Энхтүвшин Танхимын ерөнхийлөгчийн ажлаа өгөхгүй гэхээр Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийг зөрчөөд байгаа.

Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан.

Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээс өөр давхар ажил эрхэлж болдоггүй хуультай. Хэрвээ хуульд зааснаас бусад хориглосон албан тушаал хашиж байгаа хүн УИХ-ын гишүүнээр сонгогдвол тангараг өргөхөөсөө өмнө уг албан тушаалаас болих ёстой. Бас л хуульчилсан. УИХ-ын тухай хуульд “43.1.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараахь ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:

43.1.1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;

43.1.2. Улс төрийн намын сонгуульт албан тушаал;

43.1.3. Багшлах болон эрдэм шинжилгээний ажил;

43.1.4. Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал.

43.2.Гишүүн УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 43.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна” гэсэн байна. Хуулиараа Д.Энхтүвшин УИХ-ын гишүүний тангараг өргөхөөсөө өмнө Танхимын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх ёстой байсан. Тэр утгаараа хууль зөрчөөд дөрвөн сар гаруй болчихож байна.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар энэ хуулийн зөрчлийг тоолгүй эс үйлдлээр өнгөрөөсөөр өнөөдрийг хүрсэн. Тэднээс хуулийг хэрэгжүүлэх талаар хүлээгээд нэмэргүй. Учир нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө Д.Энхтүвшинг намынхаа list-д бичиж УИХ-д оруулж ирсэн. Харин Шанхайд айлчлах үеэр нь нэгэнт батлагдаж буй төсвийг шүүмжлээд гарч ирсэн нь Л.Оюун-Эрдэнэ Танхимын дараагийн ерөнхийлөгчөөр Ц.Баатарсайханыг дэмжсэнд шаралхаад байгаа гэх. Гэвч энэ нь улс төр талаасаа МАН-д сайнгүй нэр авчирч байна. Нам дотор нь ч тийм уур амьсгалтай. 2028 оны сонгуульд Д.Энхтүвшин шиг иргэний нийгмийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүдийг list-ээр дэвшүүлэхэд хүндрэлтэй болов. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ 2028 онд ийм санаачилга дахин гаргавал МАН-ынхан эсэргүүцэх суурь тавигдсан байна. Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн list-нийхэн ийм байдлаар оноо алдсаар байна. Тэгэхээр МАН-ын генсек Я.Содбаатар санал гаргаж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар дэмжвэл Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдана. Өөрөөр хэлбэл, Д.Энхтүвшинд Танхим нь хэрэгтэй гэвэл УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж таарах нь. Энэ дээр нэр дурдсан дарга нар хийгээд Д.Энхтүвшингийн сонголт. Харин энэ улс төрөөс улбаатай Танхимын талцал хуваагдал нь хэрхэх бол доо?

Ажиглагч  А.Батболд

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы  тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваатай ярилцлаа.  Тэрбээр “парламент нь
үндсэндээ Засгийн газрынхаа мэдэлд байна Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол Улсын 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай” хэмээн өгүүллээ.

  • Дэлхий нийтэд 11 дүгээр сарыг “Уй гашууг даван туулж байгаа хүүхдүүдийг ойлгуулах сар” гэж тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан урлагийн сэтгэл засалч, сэтгэл судлалын магистр Б.Нарантулгатай ярилцлаа.

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр “Шинэ 15 жилд Төрийн банк ногоон хөгжилд түүчээлнэ” гэлээ.

Д.Энхтүвшингийн улс төр Танхимыг талцуулж гурав хуваажээ

Арын нүүр: Хоолондоо хүнсний эслэг нэмээрэй


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Гурван настай гунан Улаан баатар бол манай нийслэлийн нэр юм шүү дээ DNN.mn

Ийм баатарлаг тууль байдгийг мэдэх үү, хүмүүс ээ,

Наран сая мандаж байхад, Навч цэцэг дэлгэрч байхад, Захын модыг зулзага байхад, Загал бугыг янзага байхад, Самуун цагийг шувтарч байхад, Сайхан жаргалыг эхэлж байхад, Сүн далайг шалбааг байхад, Сүмбэр уулыг гүвээ байхад… Төв халхынхны баатарлаг тууль. Үүнийг аав маань аялгуулан хэлж хэдэн баньд нараа томоотойхон суулгаж байгаад цагаан сарын буузаа хийдэгсэн.

…Айлын хүүхэд нураана гэж, Албин савдгаар тойруулсан, Адуу мал шөргөөнө гэж, Араатан чоноор мануулсан, Салхи шуурганд ойчино гэж, Савдаг лусаар түшүүлсэн, Дэлхий газраас өөрцгүй, Далай цагаан өргөөтэй гэнэ…гээл цаашаа явж өгнө шүү дээ.

Өвгөд нь хэлдэг байсан юм уу, өөрөө ч тэгж итгэдэг байсан юм уу “Улаанбаатар гэдэг чинь энэ гурван настай гунан Улаан баатарын нэр юм шүү дээ. Үргэлж залуу, үргэлж хүч чадалтай, хэнд ч дийлдэхгүй баатар юм байгаа юм, манай хот” гэж ирээд л хуучилдагсан. Яагаад ийн дурсах болов оо гэвэл “Улаанбаатар” нэрийг сүүлийн үед гадаадууд өгсөн доромж нэр гээд л мэдэмхийрэх хүмүүс байдаг болоод л үүнийг бичлээ. Монголчуудын сэтгэлд улаан баатар гэдэг бол дээрх туульсаар л буудаг байсан юм болов уу. Бид юмыг сайнаар буулган бодож явдаг хүмүүс л дээ. Тийм дээ ч “монгол хүн сүжгээр” гэдэг байх. Баатарлаг туульсын нэр яагаад ч бидний сэтгэлд сэв суулгахгүйгээр бууна л даа. Ёр билгээн бодсон ч, тухайн цаг үеэ бодсон ч яг л оносон нэр байж таараа биз. Өвгөд дээдэс үүнийг тунгаан бодсон л байж таараа. Юу ч мэдэхгүй малнууд байгаагүй юм шүү дээ бидний дээдэс.

Ж.Сандагдорж

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

М.Мөнхгэрэл: Мөрийтэй тоглоом тоглоод санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг өөрөөс тань хол, боломжгүй зүйл гэдгийг ухаарах нь чухал DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч М.Мөнхгэрэлтэй цахим мөрийтэй тоглоомын талаар ярилцлаа.


-Мөрийтэй тоглоомын нэг хэлбэр нь цахим мөрийтэй тоглоом шүү дээ. Цахимд ямар платформыг ашиглан хүмүүс мөрийтэй тоглоом тоглож байна вэ. Ер нь хэзээнээс цахим мөрийтэй тоглоом хүчээ авсан талаар тодруулбал?

-Цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн нөлөөгөөр гар утасны программуудаар дамжуулан янз бүрийн цахим платформуудыг ашиглан мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах гэмт хэрэг нэмэгдэж байна. Ялангуяа “Ковид-19” цар тахал дэлхий нийтээр гарч, хөл хорио тогтоосон цагаас эхлэн иргэдийн интернэт хэрэглээ эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Энэ гэмт хэрэг нь гар утасны аппликэйшин болон домайн хаяг, вэб сайтуудыг ашиглан үйлдэгдэж байгаа бөгөөд иргэдийг татан оролцуулахдаа бидний өдөр тутамдаа хэрэглэдэг фэйсбүүк, телеграм зэрэг аппликэйшнүүдээр дамжуулан зар сурталчилгаа түгээдэг.

-Мөрийтэй тоглоом тоглох процесс хэрхэн явагддаг вэ. Ахиу мөнгөөр бооцоо тавибал хожих магадлал ихэсдэг гэдэг ойлголт байдаг. Энэ үнэн үү?

-Мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт этгээдүүд хүмүүсийг зориудаар хохироодог, гэр бүл, амьдралыг нь сүйтгэдэг гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл, иргэд хамаг мөнгө, эд хөрөнгөө алдаж, цаашлаад амь насаараа хохирч байна. Цахим мөрийтэй тоглоомын улмаас хүн амиа хорлох эсэх нь тэдэнд огт хамаагүй. Тэд тоглогчдоо мөнгө алдчих вий гэхээс гадна тэднийг тоглохоо болихоос л айдаг. Мөн удаан хугацаанд та тэднийг ялахыг огт зөвшөөрөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тэд тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах, урьдчилан программчилсан буюу хиймэл тоглогч оруулан хожуулах, эсвэл бот буюу хэд хэдэн аккаунтаар зэрэг тоглож, олон хүн тоглож байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг болох нь тогтоогдсон. Үнэндээ та ганцаараа бүх мөнгөө алдаад дуусна. Тиймээс та их ч байсан, бага ч байсан мөнгөө алдах нь тодорхой гэдгийг санах хэрэгтэй. Манай ард түмэн нэгнийгээ буруу, муу зүйлд уриалж, “Энэ тэгдэг гэнэ, төчнөөн төгрөг өгдөг гэнэ” гэх мэтээр ам дамжсан худал хуурмаг ярианд итгэж, нэгэндээ санал болгохгүй байхыг зөвлөж байна.

-Тоглогчдын бооцоонд тавьсан мөнгийг ямар данс руу хийлгэдэг юм бол?

-Мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт этгээдүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудад бүртгэлтэй иргэний дансыг ашигладаг. Данс эзэмшигчид нь архинд донтох хамааралтай, эсвэл оршин суугаа газар нь тодорхойгүй, тэнэмэл байдлаар амьдардаг хүмүүс байдаг. Тэдэнд бага хэмжээний мөнгө, эсвэл архи зэргийг авч өгөөд интернэт данс нээлгэн нэвтрэх нэр, нууц үг зэргийг нь авч дансыг нь ашигладаг. Мөн зарим тохиолдолд иргэдэд мөнгө амлаж, дансыг нь ашиглах тохиолдол байна. Ингэж дансаа ашиглуулснаар та ч гэсэн энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болох эрсдэлтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

-Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан болон тоглосонтой холбоотой гомдол мэдээлэл хэр бүртгэгдээд байна вэ. Ер нь энэ гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна уу, буурах хандлагатай байна уу?

-Цагдаагийн байгууллагад 2021-2023 онд нийт 121.154 гэмт хэрэг бүртгэгдсэний 23.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн. Үүнээс Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл болох “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн тоог он тус бүрээр нь ярья л даа. 2021 онд 565, 2022 онд 412, 2023 онд 383 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна. Энэ оны эхний найман сарын байдлаар 48 тохиолдол бүртгэгдсэн.

-Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн арга хэмжээнээс дурдвал?

-Цагдаагийн байгууллагаас санаачлан Улсын ерөнхий прокурор, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үүрэн холбооны оператор компаниудтай хамтран 2020 оноос хойш “Хяналт-1, 2” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд мөрийтэй тоглоомын сайтын 3508 домэйн хаягийн Монгол Улсаас хандах эрхийг хязгаарласан. Мөн хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг хязгаарлаж, хууль бус мөрийтэй тоглоом сурталчилсан, зохион байгуулсан 102 фэйсбүүкийн групп, хуудсыг устгуулах хүсэлтийг “Мета” компанид хүргүүлж ажилласан.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны аравдугаар сарын 27-ны өдрийн А/305 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтэс байгуулагдсан. Энэ хэлтэс эхний нэг жилийн хугацаанд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 63 дуудлага, мэдээлэл хүлээн авч, арилжааны банкуудын дансанд төвлөрсөн 455 сая 428 мянга 680 төгрөгөнд хязгаарлалт тогтоон, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 4545 домэйн хаягийн Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах ажлыг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хийж, гүйцэтгэсэн.

-Бүх насны хүмүүс энэ тоглоомыг тоглож байх шиг байна. Аль насныхан хамгийн их хувийг эзэлж байна вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Энэ гэмт хэргийн хохирогчдын байдалд хийсэн судалгаа байхгүй. Харин гэмт хэргийн холбогдогчдын дийлэнх нь 18-39 насны хүмүүс байдаг. Холбогдогчдын дийлэнх хувь нь эрэгтэй байх бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчин, ажилгүй иргэд байна. Түүнчлэн бүрэн дундаас дээш боловсролтой иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг ихэвчлэн бүлэг, зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байна.

-Цахимд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хууль ёсны платформ ч юм уу, компани байдаг уу?

-Манай улсын хувьд цахим мөрийтэй тоглоомыг хууль бус гэж үздэг улс орнуудын нэг юм. Өөрөөр хэлбэл, мөрийтэй тоглоом тоглох болон зохион байгуулах нь гэмт хэрэг, зөрчил гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиудад хариуцлага тооцохоор заасан байдаг. Тиймээс мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хууль ёсны нэг ч иргэн, байгууллага, аж ахуйн нэгж байхгүй.

-Цахим мөрийтэй тоглоом бол иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа ноцтой гэмт хэрэг гэж ойлголоо. Энэ төрлийн тоглоомыг зохион байгуулсан болон тоглосон этгээдэд ямар хариуцлага оногдуулдаг вэ?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 мянгаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Харин цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах болон түүнд оролцож тоглохын аль аль нь хууль бус үйлдэл. Хэрвээ та мөрийтэй тоглоом тоглосон бол Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйл “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 100.000 төгрөгөөр торгоно” гэсний дагуу тус тус хариуцлага тооцно.

-Цахим мөрийтэй тоглоомын улмаас ямар ямар хор уршиг гарч байна вэ. Зарим хүмүүс их хэмжээний өрөнд ороод амиа хорлох ч тохиолдол байдаг?

-Мөрийтэй тоглоом дан ганц хувь хүнээр зогсохгүй тэдгээрийн гэр бүл, найз нөхөд, нийгэмд төрөл бүрийн хор нөлөө үзүүлсээр байна. Тухайлбал, мөрийтэй тоглоом хүнийг донтуулах нөлөөтэй учраас нийгэмд учруулах хор нөлөө их байдаг. Донтсон этгээд мөрийтэй тоглох мөнгөө олохын тулд дээрэм, хулгай хийх, залилан мэхлэх зэрэг гэмт хэргүүдийг ч үйлддэг.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн тасагт мөрийтэй тоглоомын улмаас эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх хувь нь гэр бүлээрээ санхүүгийн асуудалд орсон байдаг. Үүнээс болж тэдний 60 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар амиа хорлох талаар боддог бол 40 орчим хувь нь амиа хорлох ямар нэгэн оролдлого хийсэн байдаг гэсэн тооцоо судалгаа байдаг.

-Мөрийтэй тоглоом хүнийг хар тамхинаас илүү донтуулдаг гэсэн. Донтож байгаагаа өөрөө мэдэх боломж байдаг уу?

-Мөрийтэй тоглоом тоглоод хожиход тухайн хүнд аз жаргал, сайхан мэдрэмж авах даавар буюу допамин даавар ялгардаг. Мөрийтэй тоглоомоос энэ мэдрэмжийг нэг л мэдэрсэн хүн өдөр тутмын аз жаргал, сэтгэл ханамжтай байдлыг мэдрэхээ больдог. Ингээд энэ аз жаргалыг мэдрэхийн тулд дахин дахин мөрийтэй тоглоом тоглодог.

Мөрийтэй тоглоомд донтсон үед дараахь шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд: Өмнө нь тоглосон мөрийтэй тоглоомын талаар бодохоо зогсоож чадахгүй байх, дараагийн удаагийн тоглолтоо төлөвлөх, мөрийтэй тоглоомоос улбаалан ажил, гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байх, мөнгөө алдах сөрөг үр дагаврууд гарсаар байвч өөрийгөө зогсоож чадахгүй байх, хяналтаа алдах, мөрийтэй тоглоомын талаар худал хэлэх, дотны хүмүүсээсээ мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг нуун дарагдуулах, бооцооны дүнг нэмэх, зан ааш нь өөрчлөгдөх, хурц ширүүн болох зэрэг шинжүүд илэрч байгаа бол та донтож байна гэсэн үг.

-Мөрийтэй тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх боломжтой юу. Ойр дотны хүн маань мөрийтэй тоглоом тоглоод байвал ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Мөрийтэй тоглоомд донтохоос урьчилан сэргийлэх цорын ганц арга нь огт тоглохгүй байх явдал. Донтсон гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлсэн цагаасаа мөрийтэй тоглоом тоглохоо зогсоож, эмчилгээ хийлгэх боломжтой. Хэрэв ойр дотны хүн тань мөрийтэй тоглоом тоглож байвал, нэгдүгээрт, уурлаж бухимдаж, загнахгүйгээр эвээр ярьж, маш сайн сонсох хэрэгтэй, хоёрдугаарт, мэргэжлийн сэтгэл засалч болон эмнэлгийн байгууллагад хандаж даруй хариу арга хэмжээ авах шаардлагатай. Гуравдугаарт, хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа газрыг мэдэгдэж, таслан зогсоох шаардлагатай.

-Хэрэв тухайн хүн мөрийтэй тоглоомд аль хэдийнэ донтчихсон бол ангижрах арга зам бий юу?

-Мөрийтэй тоглоомыг ямар нэгэн байдлаар туршиж тоглохгүй байх,таны эргэн тойронд мөрийтэй тоглоомыг санал болгосон дэл сул яриа байгаа бол түүнд итгэж болохгүй. Үүнээс гадна мөрийтэй тоглоом тоглоод мөнгө хожно, мөнгөө өсгөнө, санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг өөрөөс тань хол, боломжгүй зүйл гэдгийг ухаарах шаардлагатай. Хэрэв танд дээр дурдсан донтох эмгэгийн шинж тэмдэг илэрч байвал яаралтай мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Оюунцэцэг: Орон нутагт боловсрол, сургалтын үйл ажиллагаандаа өдөрт дунджаар дөрвөн минутыг зарцуулдаг DNN.mn

“Цаг ашиглалтын судалгаа-2023-ын үр дүнгийн талаар Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Манай улсад цаг ашиглалтын судалгааг хэзээнээс хийж эхэлсэн бэ. Тухайн улсын хүн амын цаг ашиглалтыг ямар аргаар хэмждэг вэ?

-Хоногийн 24 цаг буюу 1440 минутыг юунд зарцуулж байна вэ гэдгийг нь харгалзан үзэж хүн амын цаг ашиглалтыг хэмждэг. Судалгаанд оролцогчдын өдөр тутамдаа хийж байгаа үйл ажиллагаагаа тайлагнан бичсэн өдрийн тэмдэглэлд үндэслэн энэхүү судалгааг хийдэг. Тодруулбал, судалгаанд 12-оос дээш насны хүмүүс хамрагдсан ба тухайн хүн хоногийн 1440 минутыг юунд зарцуулж байгааг нь судалсан гэсэн үг. Статистикийн тухай хуульд цаг ашиглалтын судалгааг дөрвөн жил тутамд зохион байгуулна гэж заасан байдаг. Хамгийн анх 2000 онд энэ судалгааг хийхдээ долоон аймаг, нийслэлийн зарим дүүргийн 1000 гаруй өрхөөс судалгаа авч байсан. Харин энэ удаагийн судалгаа өмнөх жилүүдийнхээс харьцангуй өргөн цар хүрээтэй хийгдсэн. Судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 23.394 өрх оролцсон гэдгээрээ онцлогтой.

-Цаг ашиглалтын судалгааг хийхийн ач холбогдол нь юу байдаг вэ?

-Энэхүү судалгаагаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын үзүүлэлтийг хэмжих боломж бүрдэж байгаа юм. Үүнээс монголчуудын амьдралын хэв маягийг харах боломжтой. Сүүлийн үед яригдаад байгаа эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа цагийг бууруулах зорилт тавиад, түүндээ хүрэхийн тулд янз бүрийн хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний үр дүн нь зорьсон зорилтдоо хүрч байгаа эсэхийг судалгаанаас харах боломжтой.

-Монголчууд цагийг хэр үр бүтээлтэй ашигладаг ард түмэн бэ. Оршин суугаа газраасаа хамаарах байх?

-Монгол хүн хоногийн 24 цагийн 51 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд, 15.1 хувийг боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулж байна. Тухайн хүний ажлын бүтээмж нь оршин суугаа газраасаа хамаардаг. Онцлогийг нь харвал, Улаанбаатар хотын хүн ам хөлстэй хөдөлмөр эрхлэхэд цаг их зарцуулж байна. Хөлстэй хөдөлмөр эрхэлдэг хүн гэдэгт цалинтай хөдөлмөр эрхэлдэг болон мал аж ахуй эрхэлдэг хүмүүс орно. Хөлсгүй хөдөлмөр эрхлэлт гэдэгт гэрийн ажил хийх, гэр бүлийн гишүүддээ туслах, асрах, сайн дурын ажилд оролцох гэх мэт ажлууд багтдаг. Хөдөө орон нутгийн хүн амын хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлт ижил түвшинд байна. Судалгааны үр дүнгээс хөдөөний хүн ам хамгийн их цагийг буюу 350 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхдээ зарцуулж байна гэсэн дүр зураг харагдсан. Хотын хүмүүс өдөрт чөлөөт цагтаа 201 минутыг зарцуулж байхад, хөдөө орон нутгийн хүмүүс 155 минутыг зарцуулж байна. Эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд, эрэгтэйчүүд хөлстэй хөдөлмөр эрхлэхэд илүү их цаг зарцуулдаг.

-Ажилдаа ирж, очиход хүмүүс хэр цагийг зарцуулж байна вэ?

-Судалгааны тайланд ажилдаа явах, зорчих гэсэн үзүүлэлт бий. Энэ нь гадуур явж байгаа, түгжрэлд өнгөрүүлж байгаа цагийг илэрхийлэх үзүүлэлт юм. Нийслэл хотод амьдарч байгаа нийт хүн ам дунджаар ажилдаа явах, зорчихдоо ажлын өдрүүдэд дунджаар 45 минутыг зарцуулдаг бол аймгийн төвд 19, сумын төвд 25, хөдөөд 6 минутыг зарцуулдаг гэсэн үр дүн гарсан. Гэхдээ судалгааны үр дүнгүүд 2023 оны нөхцөл байдлыг илтгэж байгааг анхаарах хэрэгтэй.

-Сурч, боловсроход зарцуулж байгаа цаг нь суурьшиж байгаа газраасаа хамаараад ялгаатай байх нь. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Улаанбаатар хотын 12-оос дээш насны хүмүүсийн боловсролд зарцуулж байгаа өдрийн дундаж цаг нь 38 минут байдаг бол хөдөө, орон нутгийн хүмүүс 19 минутыг боловсролдоо зарцуулж байна гэсэн судалгааны дүн гарсан. Тухайн хүүхдийн боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулах цаг нь хомс байсны улмаас хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлт рүү татагдан орох магадлал өндөр байна. Хөдөөд боловсрол, сургалтын үйл ажиллагаандаа өдөрт дунджаар дөрвөн минутыг зарцуулдаг бол хотод хамгийн өндөр буюу 116 минутыг зарцуулдаг. Хөдөөний хүүхдүүдийн боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байгаа цаг хангалтгүй учраас сурч, боловсрох орчин нь хэр бүрдэж байгаа тал дээр анхаарах шаардлагатай.

-Тухайн хүний боловсролын түвшин цаг ашиглалтад нь хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хөлстэй хөдөлмөр эрхлэхэд боловсролын түвшин шууд хамааралтай байдаг. Тодруулбал, дээд боловсролтой хүмүүс өдөрт 307 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байна. Харин техникийн болон мэргэжлийн боловсролтой хүмүүс хөлсгүй болон хөлстэй хөдөлмөр эрхлэхэд адил цаг зарцуулдаг. Боловсролын түвшин өндөр байх тусмаа хөлстэй хөдөлмөр эрхлэх боломж нь нэмэгдэж байна.

-Цаг ашиглалтад хүмүүсийн нас, хүйс нөлөөлдөг байх нь. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Насны ялгаа маш их нөлөөлдөг. Насны бүлгүүд хоногийн дийлэнх цагийг юунд зарцуулдаг талаар ярья л даа. 12-17 насны хүн боловсролын үйл ажиллагаандаа, 18-24 насны хүн ам хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 25-39, 40-59 насныхан хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд хамгийн их цагийг зарцуулдаг. Харин 60-аас дээш насныхан чөлөөт цагтаа хамгийн өндөр цагийг зарцуулдаг. Хамгийн олон цагаар унтдаг хүмүүсийг насны бүлгээрээ 60-аас дээш насныхан тэргүүлдэг.

-Тухайн хүний гэрлэлтийн байдал нь цаг ашиглалтад маш их нөлөөлдөг. Энэ талаар судалгаа бий юу?

-Тийм. Гэрлэлтээ батлуулсан болон батлуулаагүй хүмүүс гэр бүлийнхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн байдаг учраас хөлстэй хөдөлмөрт зарцуулах цаг нь их байна. Гэрлэсэн хүмүүсийн боловсрол, чөлөөт цаг болон хувийн хэрэгцээнд зарцуулах цаг багасдаг. Огт гэрлээгүй хүмүүс хөлстэй хөдөлмөр болон боловсролдоо өндөр цаг зарцуулж байгаа. Гэр бүлээ цуцалсан, тусгаарласан болон бэлэвсэн хүмүүсийн хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байгаа цаг нь бага байдаг.

-Ажлын өдрийг дөрөв болгох ч юмуу, ажлын цагийг багасгавал хүмүүсийн ажлын бүтээмж өсөх үү?

-Энэ талаар нарийвчлан судлаагүй. Гэхдээ ажлын өдөр, цагийг багасгавал хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмжид сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Ялангуяа хөлстэй хөдөлмөрт зарцуулах цаг нь буурвал, улс орны эдийн засгийн бүтээмж буурна шүү дээ.

-Та хүмүүс цагаа хэрхэн зөв ашиглах талаар юу гэж хэлэх вэ?

-Судалгаанаас харахад, 12-17 насны хүүхдүүд боловсрол, чөлөөт цагтаа илүү их цаг зарцуулдаг юм байна. Хүмүүс чөлөөт цагаа телевиз юм уу гар утсаа үзэж өнгөрүүлдэг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс цахим ертөнцөд зарцуулдаг цагаа илүү бүтээмжтэй, үр бүтээлтэй байлгах тал дээр анхаарах шаардлагатай гэж бодож байна. Ингэснээр хүмүүсийн амьдралын хэв маягийг үр бүтээлтэй болгож болох юм гэж харж байна.

Ө.АнхзаяаГ.БАлГАрМАА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаачид: Өнгөрсөн онтой харьцуулахад үнэ өсөөгүй нэг ч бараа байхгүй DNN.mn

Монголд тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь яах аргагүй үнийн өсөлт юм. Монголбанкнаас 2024 онд инфляцийн түвшнийг барих зорилт тавьсан. Үүнийхээ хүрээнд ч цөөнгүй ажлуудыг хийсэн. Ийнхүү үнийн өсөлт өнгөрсөн онтой харьцуулахад хэрхэн өөрчлөгдөж, ард иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар Баянзүрх худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд, ТҮЦ-ний худалдагч болон иргэдээс сурвалжиллаа.


Гэрийн хажууд байдаг ТҮЦ ажиллуулдаг У.Цэцгээтэй барааны үнийн өсөлт ямар байгаа талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Миний орлого өдрөөс өдөрт л багассаар, хэцүүхэн л байна. Манайд зарагдаж байгаа бараанууд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ нь өсөөгүй нэг ч бараа байхгүй. Нийлүүлэгчдээс бараа татах болгонд үнэ нь 100-200 төгрөгөөр нэмэгдчихсэн байдаг. Үнийн нэмэгдэлтэй авсан бараанууд дээрээ ашгаа нэмээд зарах гэхээр хүмүүс орж ирээд л “Хөөх, энэ ийм үнэтэй болчихсон юм уу” гээд бараа авалгүй гардаг. Худалдан авагчид ихэвчлэн ширхэгийн кофе авч найруулж уудаг. Гэтэл нэг уут “ҮеYе” кофег 17 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 20 мянга болчихсон. Би ашгаа бодоод нэг ширхэг кофе дээр 20-40 төгрөг нэмж заралгүй хуучин үнээр нь зарж байна” гэсээр бидний яриа өндөрлөв.

Ингээд “Баянзүрх худалдааны төв” рүү ортол хүн хөдөлгөөн багатай, з арим худалдагчид хоорондоо элдвийг ярилцаж, зарим нь хөзөрдөж байхтай таарав. Эхэлж уулзсан хүн бол орос чихрийн лангуу ажиллуулдаг Х.Чулуун байв. Тэрээр “Оросоос орж ирдэг бараануудын үнэ их өссөн. Монгол Улс үйлдвэрлэгч биш импортлогч орон болохоор хоёр хөршийн гадаад, дотоод нөхцөл байдал манай улсад шууд нөлөөлдөг. Оросын дайн одоо ч үргэлжилж байгаа нь барааны үнэ өсөх шалтгаан болсон” гэв.

Өвөлжилт хүндэрч зуд турхан болсон нь цагаан идээний үнэ өсөх шалгаан болж байна

Цагаан идээний лангуу ажиллуулдаг иргэн Х.Б энэ жилийн өвөлжилт ихэнх нутгаар хүндэрч зуд турхан болсон. Тэр ч утгаараа нийлүүлэгчид ховордож, цагаан идээний үнэ өнгөрсөн жилийнхээс өсөх хандлагатай байна. Ашгаа бодоод үнээ нэмж зарах гэхээр худалдан авагчгүй болчихно. Аргаа барахдаа цагаан идээн дээрээ 15 хувийн ашиг нэмж зардаг байсан бол одоо 10 хувь болгож зарж байна. Гэхдээ л худалдаж авах хүмүүс багассан гэж хариулав. Харин хүнс ногооны лангуун дээр очиход худалдагч нь “Тухайн жилийн ургацаас хамаараад ногооны үнэ өөр өөр байдаг. Энэ жилийн хувьд манжин болон байцааны ургалт муу байсан учраас ургац бага хураасан. Өнгөрсөн жил шар манжинг 2300 төгрөгөөр бөөндөж авдаг байсан бол энэ жил 3500 төгрөгөөр бөөндөж авч байна” гэв.

“Нандин” хүнсний дэлгүүрийн худалдагч Ш.Алтантуяа: 2300 төгрөгөөр зарагддаг байсан талх одоо 3000 төгрөг болсон

“Би дэлгүүр ажиллуулж эхлээд дөрвөн жил болж байна. Анх дэлгүүрээ ажиллуулж эхлэх үед барааны үнэ хямд, орлого ч гайгүй байсан. Харин одоо өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Ер нь барааны үнэ жилээс жилд өсч байгааг хүн бүхэн л мэднэ. Барааны үнэ өсөхийн хэрээр орлого буурч, орлого багасахын хэрээр ард иргэдийн амьдрал хэцүүдэж, өнөө маргаашаа аргацаадаг болж байна. Би сэтгэл зүрхгүй хүн биш шүү дээ. Аль болох боломжийн үнээр л бараагаа зарахыг бодно. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гурилан бүтээгдэхүүн, чихэр, печенийн үнэ нэмэгдсэн. Жишээ нь, өмнө нь 2300 төгрөгөөр зарагддаг байсан талх одоо 3000 болсон. Орчин үед хямд үнэтэй бараанууд гэвэл хямдрал зарлачихсан шинээр зарагдаж эхэлж байгаа болон хугацаа нь дуусах дөхсөн бараанууд л байдаг.

Иргэн А.Цагаанцоож: Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна

Иргэд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна. Одоо ч юмны үнэ тэнгэрт хадаж бараг нөхөгдөхөөргүй болж авдаг цалин олсон орлого хаанаа ч хүрэхгүй байна. Би хувцасны дэлгүүрт өдрийн 70 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Сургуулийн насны дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Ажил маань өглөө 08:00 цагаас эхэлдэг болохоор заримдаа хүүхдүүддээ хоолны таван мянган төгрөг өгөөд явуулахад болдог л байсан. Өнөөдөр хүү маань “Таван мянган төгрөг чинь 500 төгрөг шиг л болсон шүү дээ” гээд хэлж байна. Би 20 мянган төгрөгөөр нэг кг будаа, нэг талх, нэг варень авахад л дуусч байх жишээний. Үнэ энэ мэтчилэнгээр өссөөр байвал цаашид яаж амьдарна аа хэмээн шаналж байна” гэсэн юм.

Орсон газар, асуусан хүн бүр л үнэ өссөөр байгааг, энэ хэрээр ард иргэдийн амьжиргааны түвшин улам бүр буурч байгааг дор бүрнээ илэрхийлж байв.

Б.Баярмаа

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Интермед” эмнэлэг өвчтөнүүдийнхээ хувийн мэдээллийг алдсан нь ямар хор уршигтай вэ? DNN.mn

“Интермeд” эмнэлэг өвчтөнүүдийнхээ дата баазыг гадныханд хакердуулсан мэдээлэл нийгмийг цочирдуулж байна. Өндөр төлбөртэй энэхүү хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг 280 мянган хүний өвчний түүх, гар утас, регистрийн дугаар, цахим хаяг гээд бүх хувийн мэдээлэл тун аюултай байдалд орлоо. Уг халдлагыг Москвад төвтэй “SpaceBears” бүлгэм үйлдэж, 50 мянган ам.доллар өгөхийг шаардаад байгаа юм. Тэд өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр тус эмнэлгийн цахим датаг гартаа оруулжээ. Хоёр хоногийн өмнө “SpaceBears” бүлгэмийнхэн “Интермед”

эмнэлгийн үйлчлүүлэгчдийн мэдээллийг задруулж, цахим орчинд ил байршуулж эхэлсэн.

Эхний ээлжинд өвчтөний овог нэр, утасны болон регистрийн дугаарыг дэлгэв. Тэр дунд зарим үйлчлүүлэгчийнх нь банкны мэдээлэл ч мэр сэр харагдлаа. Барьцаалагчид “Хэрэв нэхсэн мөнгийг өгөхгүй бол 24 цагийн дараа өвчтөнүүдийн түүх болон шинжилгээний хариуг дэлгэнэ” гэж сүржүүлж байв. Гэвч “Интермед” эмнэлгийн зүгээс “Өвчний түүх, шинжилгээний хариу зэрэг эмзэг мэдээлэл алдагдсан нь одоогоор тогтоогдоогүй” гэх агуулгатай мэдэгдлийг хоёр ч удаа гаргаад амжсан. Харамсалтай нь тэднийг барьцааны мөнгө төлөхөөс татгалзаж, гараа хумхиад сууж байх зуур хэдийнэ 60 мянган хүний мэдээлэл хар зах дээр ил боллоо.

Өчигдрийн байдлаар “SpaceBears” бүлгэмийнхэн “Интермед эмнэлэг нэхсэн мөнгийг нь өгөхгүй бол өвчний түүхийг дэлгэнэ” гэдгээ мэдэгдэв. Үүссэн асуудалтай холбогдуулан Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны зүгээс хяналт, шалгалт хийжээ

Улмаар төвийн дөрвөн мэргэжилтэн ажиллаж, барьцаалагдсан есөн серверийг нөхөн сэргээх, нээх ажил хийж байгааг салбарын сайд нь хэлж байсан.

Монголдоо дээгүүрт ордог хувийн хэвшлүүдийн нэг болох “Интермед” эмнэлгийн хамгаалалтын систем ямар сул болохыг энэхүү халдлага харууллаа. Энэ бол болсон процесс. Бүхэл бүтэн 280 мянган иргэний дата мэдээлэл хулгайчийн гарч орсноор цаашид учрах хор уршиг нь аюултай. Өөрөөр хэлбэл, “Интермед” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн Дондог иргэний үнэмлэхний мэдээлэл болох төрсөн он, сар, өдөр, гэрийн хаяг нь байхад хакерчид дор нь Дондогийн цахим хүнийг бүтээчихнэ. Нэг ёсондоо хуурамчаар зохиомол Дондогийг үүсгэчихэж байгаа юм. Тэр нь яг л бодит хүн шиг сошиал дээр амьдарна. Гэхдээ сайн, сайхнаар биш. Зөвхөн хулгай дээрэм, залилан үйлдэх зорилготой. Тэд банкны данс нээх, зээлийн карт авчихна. Үүгээрээ дамжуулж бусдад хохирол учруулж байдаг. Жишээлбэл, монголчууд романс залиланд өртөж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог тохиолдол бишгүй байдаг. Тэгвэл романс залилан үйлдэгчийн цаана “Интермед” эмнэлгийн үйлчлүүлэгч Дондогийн цахим хувилбар байж байдаг гэсэн үг. Хуурамч Дондог цаашид цахим ертөнцөд дураараа дургих нь байна. Хилийн чандад хэн нэгэнд хайр халамж амлаад мөнгө залилж авч болно. Ойр дотныхон болон танил тал найз нөхдийг нь хуурч дансаа зузаатгана. Цагдаа нар хэргийн мөрөөр эрэн сурвалжилсан ч эзэн бие нь олдохгүй. Олдлоо гэхэд Дондог л өөрөө гарч ирнэ. Ганц регистрийн дугаар алдагдахад ийм аюултай байх нь. Ялангуяа эрүүл мэндийн мэдээлэл маш эмзэг. Тухайн өвчтөний оношийг нь ашиглаад зорилтот болон сүлжээний бизнест татан оруулдаг. Тэр өвчинд нь сайн гэсэн эм, сүлжээний бүтээгдэхүүн шахаж, уруу татдаг байна. Энэ бол наад захын асуудал. Магадгүй олны танил юм уу улс төрд нөлөө бүхий хүмүүс байвал эрүүл мэндийн мэдээллийг нь барьцаалан сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэмжилдэг. Тэгэхээр “Интермед” эмнэлгийн үйлчлүүлэгдийн багагүй хувь нь нийгэмд танигдсан улсууд. Тус эмнэлэг дата баазаа хулгайд алдсанаар үйлчлүүлэгчдийнх нь хувь заяа үнэхээр бүрхэг боллоо.

Мэдээллийн эрин зуунд цахим халдлага улам төгөлдөршиж байгаа. Хүний хувийн мэдээллээр дамжуулж зохиомол хүн үүсгэдэг залилангийн компани дэлхий даяар ажиллаж байна гээд бод доо. Манай улсын хувьд захын нэг хакерчид дуртай байгууллага руугаа халдаж, датаг нь гартаа оруулах бүрэн боломжтой гэдгийг энэ салбарынхан ярьж байна. Яагаад гэвэл манайханд серверийн хамгаалалт нь үнэхээр сул, хэн ч хаанаас ч ядах юмгүй нэвтэрчихээр байдаг гэнэ. Голдуу албан бус лицензгүй программ ашигладаг байна. Яагаад гэвэл албан ёсны лицензтэй хамгаалалт нь асар өндөр үнэтэй болохоор ашиглахаас татгалздаг байх. Үүний нэг нь “Интермед” эмнэлэг болохыг болж буй үйл явдал харуулж байна. Мэргэжлийн эх сурвалжууд хүртэл ийм анализыг хамгийн түрүүнд хэлж байсан. Мэдээлэл технологи хөгжих тусам кибер аюулгүй байдлын хамгаалалтын систем өртөг өндөртэй байдаг. Түвшнээсээ хамаараад янз бүрийн хамгаалалтын аргатай юм билээ. Ханшийн хувьд 1000-аас 200 мянган ам.долларын хооронд яригддаг байна.

Бүх эмнэлэг, төрийн байгууллагууд лицензгүй албан бус программ ашигладаг. Энэ бол нийтлэг дүр төрх. Бүх юмаа албан ёсны лицензээр нь аваад явсан бол халдлагад өртөхгүй.

Онц чухал мэдээлэл хадгалдаг төрийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнтэй болно гэнээ. Ухаандаа Пэлжээ гэж КТМС төгссөн баагий компьютерээ ширтээд өдөр шөнөгүй мэдээллээ хамгаалах юм байх өө.

Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь тусдаа салбар, тусдаа стандарт. Олон улсад бас манай зарим томоохон компаниуд мэдээллийн аюулгүй байдлаа дагнасан мэргэжлийн компаниудад хариуцуулдаг. Өөрсдөө тодорхой мэдлэг, дадалд хүмүүсээ тогтмол сургадаг, лиценз программд мөнгө зарцуулдаг. Ядаж лицензтэй программ, fire­wall ашигладаг. Эрсдлийн зэргээсээ шалтгаалж үйлдлийн системээс физик түвшний хамгаалалт хүртэл авах ёстой бүх аюулгүй байдлын үйлчилгээгээ зохих стандартын дагуу авдаг (IS027001).

Тэрнээс хэн нэг нөхөр Пэлжээд хариуцуулдаггүй юм аа. Асуудал үүсэхээр бүтэц үүсгэдэг балай хандлагаа болимоор юм.

Бас мэргэжлийн хүмүүс, мэдлэгтэй хүмүүсээ татаж, дэмжиж ажиллахгүй бол өдрөөс өдөрт үнэнд гүйцэтгэж хаа сайгүй ажил явахаа болилоо. Салбар бүрт “brain drain” нүүрлэж, жаахан ажлаа мэддэг, хэлтэй устай нь бүгд гадагшаа гараад дүлзэнгүүд тунаж үлдлээ.

М.МӨНХ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Аззаяа: Бидний эргэн тойронд тэр чигээрээ хими байдаг, химигүй амьдрал гэж байхгүй DNN.mn

Хими-2024 үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал саяхан өнгөрлөө. Тус хурлыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС, МУБИС, ШУТИС, ХИМИЙН НИЙГЭМЛЭГ хамтран зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулж ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяатай ярилцлаа.


-Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын онцлог нь юу байна вэ?

-Бид хоёр жилийн өмнө анхдугаар хурлаа зохион байгуулсан. Анхдугаар хурлаараа химийн салбарт ажиллаж, судалгаа шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл явуулж байгаа бүх байгууллагыг хамруулж байсан. Энэ салбарын бүх химичид нийлээд улс орны өмнө тавьж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050”, ялангуяа аж үйлдвэржилтийн сэргэлт гэдэг хэсэгт нь химичдийн оролцоог тодорхойлъё гэсэн агуулгаар байсан. Өнөөдөр бид химичдийнхээ оролцоог тодорхойлж, нэмэгдүүлсэн байна. Шинжлэх ухаантай холбоотой хууль эрх зүйн орчин бүрдээд, холбогдох дүрэм журам нь батлагдаад явж байгаа.

-Та химийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. ямар чиглэлээр ихэвчлэн судалгаа хийдэг вэ?

-Миний хувьд 2000 онд УБИС-ийг төгсөөд, “ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн”-дээ ажиллаад 20 гаруй жил болж байна. Энэ үеэр гадагшаа явж эрдмийн зэрэг хамгаалж, докторын дараахь судалгааны ажлаа хийсэн. Миний судалгааны чиглэл бол газрын ховор элемент агуулсан эрдэс, түүхий эдийг боловсруулах хими-технологийн туршилт, судалгаан дээр ажиллаж ирсэн. Мөн хаягдал усны биологийн боловсруулалтын үед ялгардаг хүлэмжийн хийн үүсэх, задрах механизмыг тогтвортой изотопын аргаар судлах чиглэлээр ажилладаг.

-Сүүлийн үед химийн шинжлэх ухаан хэр хөгжиж байна. Залуу үеийнхэн химийн салбарыг сонгон суралцах нь хэр байна вэ?

-Сүүлийн үеийн хүүхдүүдийн сонирхол, цаг үеэс хамаараад байгалийн ухааны хичээлийг сонирхох нь нийгмийн ухаантай харьцуулахад багасаад байгаа. Гэсэн хэдий ч байгалийн ухаан дотроо химийн салбарыг физик, биологийн салбараа бодвол харьцангуй их сонирхож байгаа нь ажиглагддаг. Хоёр жилийн өмнө анхдугаар хурлаа зохион байгуулж байхдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдгийг анзаарч, хэлэлцэж байсан. Энэ нь тухайн үед зохион байгуулж байсан салбар хуралдаануудын нэг болох химийн боловсролын хэсгийг нэлээн нухацтай авч хэлэлцэж байсан. Хэрэв ирээдүйд манай улсад аж үйлдвэржилтийн сэргэлттэй холбоотой химийн аж үйлдвэр хөгжвөл хүний нөөцийн хэрэгцээ үүснэ. Тийм учраас суурь мэдлэгийг сайн эзэмшүүлэх хэрэгтэй.

-Хими бидний амьдралд хэр ойрхон салбар вэ. Уул уурхайн олборлолт байгаль орчин, эрүүл мэндэд нөлөөлөх нь хэр байдаг вэ?

-Бидний эргэн тойронд тэр чигээрээ хими байдаг. Хамгийн энгийн жишээ бол ус. Ус бол H2O гэдэг химийн бодис. Сахар, глюкоз, хүчилтөрөгч гэх мэт химигүй зүйл гэж байхгүй. Хүний биед хүртэл хүнд металлын агууламж тодорхой хэмжээгээр байдаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл гаднаас ирж байгаа бактериудыг устгах үүрэгтэй. Хүн өөрөө химийн элементээс бүрдэж байна, бидний ууж, идэж байгаа зүйлүүд бүгд химийн элементтэй байна. Химигүй амьдрал байхгүй гэсэн үг.

Уул уурхайн олборлолт хийж л байгаа бол байгаль орчинд тодорхой хэмжээгээр ямар нэгэн нөлөө үзүүлнэ. Гэхдээ үүнийг зөв хяналтаар явуулах ёстой. Жишээлбэл, уул уурхайн олборлолт нь эрдэс баялгаас гадна нүүрс, нефть бүгд орно. Нүүрс, нефтиэ ухахаар эргээд нүүрстөрөгчийн дан исэл дутуу шатсанаас болоод угаарын хий ялгараад, хүний биед сөргөөр нөлөөлж байна. Түүнтэй адил уул уурхайн үйл ажиллагаа, зэс алтны уурхайд олборлолтыг технологийн горимын дагуу явуулахгүй бол байгаль орчныг бохирдуулж байдаг. Жишээлбэл, алт нь уурхайн газрын гүнд төрөл бүрийн эрдэстэй хамт агуулагдсан байж болно. Хүнцэл гэдэг эрдэс алттай ойр байвал алтыг боловсруулах үед, газрын гүнд агааргүй орчинд байсан эрдэс нь олборлолт явахаар нар салхи, агаарын нөлөөгөөр исэлдэлтэд орно. Ингээд хүнцэл нь таван валенттайгаас гурван валенттай хэлбэрт орохоороо гол ус, хөрсөө бохирдуулдаг. Гол усаар дамжаад хүн, амьтныг хордуулах аюул үүсдэг. Тиймээс уул уурхайн үйл ажиллагаа, дараагийн нөхөн сэргээлтийг нь зөв хяналтаар явуулбал уул уурхай, эдийн засаг хөгжихөөс гадна хүний эрүүл мэндийг хамгаална гэсэн үг. Гагцхүү зөв технологийг мэргэжлийн хүмүүс хамтарч явуулах шаардлагатай.

-Ундны усанд агуулагдаж байгаа хүнд металл нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Аливаа юм хэмжээ дамжаатай байдаг. Ундны усаар жишээ авбал, ШУА-ийн хоёр хүрээлэнгийн нийлсэн мониторинг судалгаагаар говийн бүсийн ундны усанд хүнд металлын агууламж байгалиасаа өндөр байдаг. Тэр нь хүний хүчин зүйлээс биш, байгалийн тогтолцооноос болдог. Ундны усанд хүнд металлын агууламж тодорхой хэмжээнд байх ёстой ч хүнд металлын агууламж өндөртэй усыг ундандаа хэрэглээд байвал хүний биед өвчлөл үүсдэг.

Би нэг зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Хүмүүс шүүсэн, цэвэршүүлсэн ус байнга ундандаа хэрэглэх нь буруу юм. Яагаад гэвэл усанд хүнд хэрэгтэй эрдэс бодис, хүнд металл агуулагддаг учраас дутагдвал өвчлөл үүснэ. Тэгэхээр аливаа зүйл стандартын түвшинд л байх ёстой. Хүний шүдэнд фтор хэрэгтэй. Гэтэл Улаанбаатар хотын ундны усанд фторын агууламж бага байдаг. Гэтэл фтор дутагдахаар шүдний өвчлөл үүсдэг. Фтор нь хүний биед хэрэгтэй эрдэс минералуудын нэг учраас фтортой бүтээгдэхүүн хэрэглэ гэж зөвлөөд байдаг юм.

-Таны хувьд газрын ховор элемент агуулсан эрдэс, хими-технологийн туршилт, судалгаан дээр ажиллаж ирсэн. Манайд газрын ховор элементийн судалгаа хэр эрчимжиж байна вэ?

-2015 оноос манайх Өмнөд Монголын Металлургийн судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагаа байгуулсан. Энэ хүрээнд 2017 оноос Хотгорын гүнд баяжигдах газрын ховор элементийн хүдрийг баяжуулах, боловсруулах технологийн судалгаа гэсэн хамтарсан захиалгат төсөл хэрэгжүүлсэн. Монголын талаас тухайн үеийн БСШУС-ын яам, нөгөө талаас Хятадын Шинжлэх ухаан технологийн яам хамтран захиалж, гүйцэтгэгч нь манай ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Хятадын талаас Өмнөд Монголын Металлургийн судалгааны хүрээлэн хамтарсан.

Хотгорын ордын хувьд шинж чанар нь 2.1 хувийн газрын ховор элемент агуулсан хүдэр байдаг. Бид яаж хамтарсан бэ гэхээр, Хотгорын бага агуулгатай хүдрийг Хятадын тал баяжуулаад бидэнд 10 хувьтай болгоод баяжмал ирүүлсэн. Бид энэ баяжмалыг хүлээж аваад гурван хүчлээр боловсруулж 90 гаруй хувьтай газрын ховрын нийлбэр оксид гаргаж авсан байгаа. Үүний дараа нь манай хүрээлэнгээс 2019 онд миний бие болон манай эрдсийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан бид хоёр очиж Хотгорынхоо хүдрийг гардаж баяжуулаад 12 хувьтай баяжмал гаргаж авсан. Өөрөөр хэлбэл, хятадуудаас хоёр хувиар илүү баяжмал гаргаж авсан жишээ байгаа. Тэгэхээр манайд энэ төрлийн судалгаа эрчимтэй явагдаж байгаа юм.

Г.БалГаРМаа

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.


-УИХ-аар 2025 оны төсвийг баталсан. Гэвч алдагдалтай, танаж болох байсан гэсэн шүүмж гарсан учраас тодотгол хийхээр боллоо. Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй парламент бүрдсэнээс хойш хоёр дахь удаагаа төсөв хэлэлцлээ. Эхлээд энэ оны төсөвт тодотгол хийсэн. Харин өнгөрсөн долоо хоногт 2025 оны төсвийг баталлаа. Эдгээр үйл явцаас олж ажигласан зүйл гэвэл УИХ-ын Дэгийн тухай хуулиараа цөөхөн гишүүн үг хэлэх эрхтэй байдаг юм гэнэ. Гэтэл бүхэл бүтэн улсынхаа төсөв хэлэлцэх үеэр цөөхөн гишүүн үзэл бодлоо хэлж, санал бодлоо шингээдэг дэг байгаа нь харамсалтай. Иймд энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн оролцоог илүү тэлж өгөх шаардлагатай гэж анзаарсан. Хоёрдугаарт, Мөнгөний бодлого, Төсвийн хууль хоёр цаг хугацааны хувьд зөрж өргөн баригдсан. Төсвийн төслөө есдүгээр сарын 1-нд, Мөнгөний бодлогоо аравдугаар сарын 1-нд өргөн барьсан. Эдийн засгийн гол багана болсон энэ хоёр бодлого чинь нэг өдөр, нэг бодлоготойгоор орж ирмээр юм. Жишээ нь энэ бодлого, хуулиа оруулж ирсэн байгууллагууд инфляциа өөр, өөрөөр тооцсон байсан.

Мөн төсвийн төслийг уншиж, танилцаж байх явцдаа бид нийтээрээ нэг алдаа хийснээ ойлгосон. Анхдугаар чуулган хуралдахад л төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр ажиллах хэрэгтэй болсон. Ингэхдээ 6.1.3 буюу төсвийн урсгал зардлын хэмжээ Дотоод нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гээд баталчихсан. Үүний хор уршиг нь ердөө сарын дараа гараад ирсэн. Зардлыг нэмэхийн тулд ДНБ-ийг хязгааргүй өсгөхөөр болж. Гэтэл манай улс чинь уул уурхайн эдийн засагтай улс. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад төсөв тэлэлттэй байж болдог. Өөрөөр хэлбэл, урсгал зардал нь дагаад тэлчихээр ирээдүйд нэг хортой зүйл бий болж магадгүй.

-Тэр нь юу вэ?

-Мөчлөг дагасан бодлого гэдэг дээ.

Үнийн өсөлтийн үед дагаад урсгал зардал өсч байна. Гэтэл үнэ унах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл багассан үед нь бид урсгал зардлаа буулгаж чадах уу гэдэг нь өөрөө том асуудал болно. Энэ үед нийгмийн хямрал үүсч магадгүй. Нэгэнт өсчихсөн, нэмэгдчихсэн байгаа цалин тэтгэвэр, халамжаа бид шууд буулгаж чадахгүй. Өрх бүр орчихсон учраас хэрэглээгээ буулгаж чадахгүй шүү дээ. Тиймээс урсгал зардлыг ДНБ-ний тооцоолсон өсөлттэй уялдуулан өсгөх нь тохиромжгүй байгаа юм. Тэгэхээр цаашдаа урсгал зардлын хэмжээгээ тогтвортой байлгах, эсвэл инфляцийн хэмжээгээр өсгөж болно. Ингэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хийсэн өөрчлөлтөө засаж залруулах шаардлагатай болж байна.

-Урсгал зардал дотор танаж болмоор ямар, ямар зардал байна вэ?

-Урсгал зардал дотор их нэмэгдсэн нэг зүйл бол төсвийн ерөнхийлөн захирагч нарын бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээ гэх зүйл байгаа юм. Бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээ гэдэг чинь цалин, тэтгэвэр тэтгэмж, барилга байшингийн хөрөнгө оруулалт ч биш. Зүгээр л ийм нэртэй маш том зардал гараад ирсэн. Задаргаа, зориулалт байхгүй. Энэ зардал 2017 онд 400 тэрбум төгрөг байсан бол ирэх жилийн төсөвт 1.9 их наяд төгрөг болж өсчээ. Хувь гишүүний хувьд энэ бол хэтэрхий үрэлгэн зардал гэж үзэж байгаа.

-Тэгэхээр ирэх оны төсөвт тодотгол хийгээд таны хэлээд байгаа шиг эдгээр үрэлгэн зардлуудыг танаж чадах болов уу?

-Ирэх жилийн төсвийг яаралтайгаар баталсан. Хоёр дахь хэлэлцүүлгийн үед л хүмүүс зарчмын зөрүүтэй санал оруулж ирснээр олны анхааралд орж ирсэн. Төсвийн номыг нэг бүрчлэн судлах гэдэг чинь асар их цаг хугацаа шаардсан ажил болдог юм байна. Гэвч бид боломжийнхоо хэмжээнд л хурдтайгаар судалсан. Ингээд ч хурд нь яг л хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа таарсан. Тиймээс гишүүдийн саналыг аваад тодотголд оруулъя гэсэн. Тэгэхээр тодотгол хэлэлцэх үеэр танаж багасгах зардлууд дээрээ саналуудаа оруулахаар бэлтгэж байна. Миний

хувьд мөн анзаарсан нэг зүйл бол төсөвт орж байгаа бүтээн байгуулалтуудыг ТЭЗҮ-тэй байх гэсэн шаардлага дутагдаж байна. Магадгүй зарим салбарт ТЭЗҮ-гүй оруулж ирэх гэнэтийн шаардлага үүсч болно. Тэр тохиолдлыг зохицуулсан зохицуулалтыг Төсвийн тухай хуульд тодруулж өгмөөр юм байна. Жишээлбэл, маш олон газарт эрчим хүч, дулааны шугам сүлжээ орох шаардлагатай байгаа. Харамсалтай нь тэдгээрийн ТЭЗҮ байхгүй гэдэг шалтгаанаар төсөвт ороогүй. Тэгэхээр эрчим хүчний станцыг бүтээн байгуулах болгондоо ТЭЗҮ хийгээд байхгүйгээр өмнөх ижилхэн үзүүлэлтүүдтэй газруудын ТЭЗҮ-ийг түр жишиг болгон авч болно шүү дээ. ТЭЗҮ гэдэг чинь өөрөө төсөвтэй, цаг хугацаатай байдаг зүйл. Энэ болгоныг товчлох арга механизмыг төсөвтөө оруулж ирэх шаардлагатай байна. Яг ийм байдлаар жишиг ТЭЗҮ-ээ ашиглаад явсан бол алслагдсан аймаг, дүүргүүдэд цахилгаан шугам сүлжээ орчих бололцоо байсан. Түүнийг нь санхүүжүүлэх төсөв ч байсан. Ер нь төрийн хийх ёстой үндсэн ажил бол дэд бүтцийг байгуулж иргэддээ хүргэж өгөх. Зөөлөн болон хатуу дэд бүтцийг л холбож өгөх ёстой. Түүнээс энд ч, тэнд ч бяслагийн үйлдвэр барих нь төрийн ажил огт биш. Мөн дээр хэлсэн, бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээний 1.9 их наяд төгрөгийн 1.5 их наядыг нь хэмнээд цахилгаан станц барих хэмжээний мөнгө суллаад авах боломж байв. Манайд 2000 мегаватт цахилгаан станц байх юм бол Улаанбаатар хотын эрчим хүчний тогтвортой байдал хангагдана гэж байгаа. Тэгэхээр III, IV цахилгаан станц дээрээ Бөөрөлжүүт гээд нэмэгдээд, дээр нь дахиад нэг шинэ станц хэрэгтэй. Монгол инженерүүд нэг мегаватт хүчин чадлыг нь 2.2 сая ам.долларын өртгөөр үйлдвэр барих боломжтой гэдгээ хэлж байгаа. Үүгээр нь тооцвол 400 мегаваттын станц барихад л гурван их наяд төгрөг хэрэгтэй болно. Дандаа гаднаас гуйгаад байхгүйгээр бид өөрсдөө цахилгаан станцынхаа зардлыг гаргаж дийлэхээр байна. Тэр дундаа төсвийнхөө

урсгал зардал дотроо хэмнэлт хийгээд л дийлэнх хэсгийг нь санхүүжүүлж болчихоор байгаа юм. Хэрэв мөнгө дутвал хувийн хэвшлээ урьж болно шүү дээ.

-Шинэ цагалбараар есдүгээр сарын 1-нд төсвийн төслийг өргөн барьсан. Энэ хугацаанд юм хэлээгүй байж хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ярилаа гэж Сангийн сайд хэлээд байсан. Гэтэл төсвийн төслийг гар дээрээ авах гэж их цаг алдсан гэж зарим гишүүн хэлсэн. Таны хувьд 2025 оны төсвийн төслийг хэзээ гар дээрээ авсан бэ?

-Намрын ээлжит чуулган эхлээд төсөв хэлэлцэж эхлэх гэтэл МАН-ын бүлэг долоо хоногийн завсарлага авсан. Орж ирээд нэгдүгээр болон хоёрдугаар хэлэлцүүлгийг маш хурдтай хийсэн. Ер нь мэдээллүүд нь удаан ирдэг. Миний хувьд Сангийн яаманд бичиг хүргүүлж, хөрөнгө оруулалтууд чинь ач холбогдлын зэргээрээ яаж эрэмбэлэгдсэн юм. Өгөөжийг нь хэрхэн тооцсоныг нь авъя гэсэн. Гэвч бичиг өгснөөс хойш 10-аад хоногийн дараа буюу төсөв батлахын өмнөх өдөр ирсэн. Мөн нэмж хэлэхэд, төсөв боловсруулах явцад иргэдийн оролцоо тун сул санагдсан. Иргэд хаана, яаж саналаа өгөх нь ил тод биш юм билээ. Сангийн яамны вэб хуудас дээр жижиг зар гаргасан болоод л аргалчихдаг юм байна. Тэгэхээр цаашдаа иргэдийн оролцоог илүү нэмэгдүүлж, хэрхэн саналаа өгөхийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Хэрэв ингэх юм бол гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн сурагчдын эцэг эхчүүд бөөнөөрөө санал өгөхөд л тэр сургуулийн барилга төсөвт суутгагдах боломжтой болно шүү дээ. Мөн урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөгөө бүр илүү нарийвчилмаар юм билээ. Тав, таван жилээр нь аваад үзчихвэл ирэх жилүүдийн төсөв боловсруулах, батлахад илүү амар, оновчтой болно. Ингээд иргэдийнхээ саналыг сайн авдаг болоод, бүтээн байгуулалт, хөгжлийнхөө төлөвлөгөөг илүү тодорхой болговол хөрөнгө оруулалтууд оновчтой болно гэж үзэж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Жаргалсайхан: Улсын төсөв нэмэгдсэн нь сайн ч үнийн өсөлт бий болгох эрсдэл дагуулна DNN.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-УИХ ирэх оны төсвийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Таны хувьд төсвийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын төсөв жилийн жилд л хэл амтай байдаг. Гэхдээ энэ жилийн төсөв их онцлогтой. Өнгөрсөн 2023 он, энэ жилийн төсөв хэд байсан, ирэх оных хэд болсон бэ гэдэг өөрөө асуудал. Энэ жилийн төсөв 27 их наяд төгрөг байсан бол ирэх оны төсвийг бид 35 их наядаар баталсан. Яагаад найман их наядаар илүү баталсан бэ гэхээр бид 90 сая тонн нүүрс борлуулна гэчихсэн байгаа. Их өөдрөгөөр төсөөлсөн гэсэн үг. Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш унаад байна. Ингээд орлого бүрдэхгүйгээс болоод ямар асуудал үүсдэг вэ гэдгээ бид ярих ёстой.

-Ямар асуудал үүсэх вэ?

-Миний хувьд өмнө нь Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Улсын төсөв батлагдангуут буюу арванхоёрдугаар сарын 5-ны дотор аймаг, сумд төсвөө баталдаг. Тэд орлого бүрдүүлэлт гэж бодохгүйгээр батална. Харин улсын төсвийн орлого бүрдэхгүй бол орон нутгийн төлөвлөсөн бүх ажил нурдаг. Мөн төсөв нэмэгдсэний бас нэг нөлөө бий. Мөнгөний асар их нийлүүлэлт хийгдчихээр үнийн өсөлт явагддаг. Өнгөрсөн 2012-2016 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд гаргаж, үнийн өсөлтийг барьж байлаа.

Тэгвэл өнгөрсөн онуудад үнийн өсөлт хэд болсон бэ. Манай аймгийн нэг суманд 2021 онд таван тэрбум төгрөгөөр батлагдсан инженерийн дэд бүтэц өнөөдөр 15 тэрбум болчихсон байна. Энэ хэрээрээ үнийн өсөлт нэмэгдсэн гэсэн үг л дээ. Нөгөө талдаа ард иргэдийн орлого ингэж гурав дахин нэмэгдээгүй байна.

Улсын төсөв ингэж нэмэгдэх нь үнийн өсөлтийг бий болгоно л гэж хэлэх гээд байгаа юм. Төсөв нэмэгдэж байгааг муу гэж байгаа юм биш. Гэхдээ үүнээс болоод ирэх жил инфляци хоёр оронтой тоо руу орох эрсдэл бий болно.

-Сангийн яам, Төв банкнаас инфляцийг нэг оронтой тоонд барина гээд байгаа шүү дээ?

-Монголбанкнаас 2025 оны мөнгөний бодлогыг оруулж ирсэн. Тэр үед би чуулганы хуралдаан дээр энэ талаар асуусан. Манай улс чинь нийтдээ гурван төсөвтэй шүү дээ. Үүнийг хүмүүс мэдэж авах хэрэгтэй. Нэгдүгээрт, улсын төсөв. Хоёрдугаарт, гадны зээл тусламжууд байна. Үүнийг Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр л шийддэг. Өнөөдөр Дархан-Уул, Хэнтий аймгууд руу энэ зээл тусламжууд явдаг гэж ярьдаг. Дараагийнх нь Эрдэнэт, “Эрдэнэс Таван толгой” зэрэг газрууд байна. Ингээд улсын төсөв, гадны зээл тусламж гээд 60 орчим их наяд төгрөг Засгийн газрын мэдлээр гарч байна. Нэмээд арилжааны банкууд, компаниуд, хувийн хэвшлүүд гээд явна. Ингээд нийтдээ мөнгөний эргэлт 100 орчим их наяд болж байгаа юм. Харин улсын төсөв найман их наядаар нэмэгдэнгүүт энэ эргэлт чинь 110, 120 их наяд болчихно. Мөнгө илүүдээд эхлэхээр Монголбанк бодлогоор хүүгээ өндөрсгөөд үндсэндээ хувийн хэвшлээ хаах юм руу яваад эхэлнэ. Б.Лхагвасүрэн захирал чуулганы хуралдаан дээр хатуу мөнгөний бодлого явуулна гэдгээ тодорхой хэлсэн. Үүнээс үүдээд манай улс ямар улс болох вэ гэдэг аюул руу орж ирж байгаа юм.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

-Төлөвлөгөөтэй ажилтай явдаг улс болох уу, хувийн хэвшил нь давамгайлсан улс байх уу гэдэг сонголт дээрээс хувийн хэвшлээ шахсан, төрийн оролцоо нь давамгайлсан байдал руу орох гээд байна. Үүнийгээ бид харах ёстой гэдгийг миний хувьд хэлсэн. Уг нь төсвийг багасгах арга байна уу гэвэл байна. Нийтдээ гурав орчим их наяд төгрөг танаж болохоор байгаа. Энэ жилийн төсвийг батлахдаа МАН-ынхан сонгуулийн жил учраас асар их мөнгө тавьсан. Гэтэл ирэх жил чинь сонгуулийн жил биш шүү дээ. Тиймээс багасгаач гээд хэлээд дийлсэнгүй.

-Ирэх оны төсөвт тодотгол хийхээр болсон. Гэвч энэ тодотголоор таны яриад байгаа гурван их наяд төгрөгийг танаж чадах юм болов уу?

-Тодотгол хийнэ гээд л төсвөө баталлаа. Гэхдээ миний хувьд тодотгол хийгээд танасных нь дараа л таналаа гэж хэлье. Түүнээс биш “гөлөг төөрүүлж” байна шүү дээ.

-Та түрүүн яриандаа хувийн хэвшлээ шахаад, төлөвлөгөөт байдал руу явах гээд байна гэлээ. Харин Засгийн газраас хувийн хэвшлээ дэмжинэ. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, тоог нь цөөлнө гээд байгаа шүү дээ?

-Төрийн өмчит компаниудыг цөөлнө гэж огт ярихгүй байгаа. Энэ асуудлыг би бүлгийн хурал, ажлын хэсгийн хурал дээр зөндөө ярьдаг. Нийтдээ 6500 төрийн болон орон нутгийн өмчит компани бий. Эдгээрийн олонх нь алдагдалтай ажилладаг. Эдгээрийгээ алдагдалгүй ажилладаг болгох, эсвэл хувьчлах ажлыг хийгээч гэдгийг хэлээд байгаа. Гэтэл засаглалыг нь сайжруулъя л гээд байгаа юм. Цөөлөх, ашигтай ажиллуулах гэдгийг нь огт ярихгүй байна.

-Засаглалыг сайжруулаад ямар нэгэн олигтой үр дүн гарахгүй гэж үзэж байна уу?

-Засаглалыг сайжруулна гэдэг нь юуг хэлээд байна гээд асуухаар ТУЗ-ийг мэргэжлийн болгоно л гэдэг юм билээ. Ер нь төрийн өмчит компаниуд дээр дорвитойхон арга хэмжээ авч байж төсвийн хэмнэлт бодит болно.

-Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Гэтэл эдгээр төслийг хувийн хэвшил дангаараа хийж чадах уу. Төрийн өмчит компаниуд нь хариуцаад явах уу гэдэг асуудал яригдаад байгаа. Таны хувьд өмнө нь улсын хэмжээний том төсөл хариуцан ажиллаж байсан хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Ирэх оны төсөв дээр шинэ бүтээн байгуулалт оруулахгүй. Энэ 14 төслийг хэрэгжүүлнэ гээд байгаа. Гэтэл энэ төсөл чинь 2025 оны төсөв дээр байхгүй. Эдгээр төслүүд хэрэгжих шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ энэ дөрвөн жилд эдгээрээс ихдээ л 2-3 төсөл нь хэрэгжих байх. Дотор нь урт хугацаанд явагдах төслүүд ч бий. Ер нь том төслүүд богино хугацаанд үр ашгаа өгнө гэж бодох хэрэггүй. Иймэрхүү том төслүүд багадаа 20-30 жилийн хугацаанд үр ашгаа өгдөг. Тиймээс үр ашгийн хувьд эрэмбэлэх нь зүйтэй. Том төслүүд дээр хувийн хэвшлийнхнийг оруулах нь зөв. Гэхдээ манайд яг орж ирээд ажиллах, аваад явах хэмжээний аж ахуйн нэгж байдаггүй. Маш өндөр босго тавьчихдаг. Түүнд нь хувийн хэвшлийнхэн тэнцдэггүй.

Нийт 10 аймагт дулааны цахилгаан станц барина гээд хэдэн жил болж байгаа билээ. Тэгэхээр энэ тал дээр анхаарах л ёстой. Хууль, журмуудаа сайжруулах ёстой. Дээрээс нь гадны аж ахуйн нэгжүүд иймэрхүү төслүүд дээр орж ирж ажиллах дээр ч анхаарах ёстой юм билээ. Жишээлбэл, Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлийн 260 км төмөр зам дээр “Самсунг” гэж компани орж ирээд, нэг км төмөр замыг 2.5 сая ам.доллараар барьж байсан. Гэтэл Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Монголын аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчин хамтраад нэг километрийг нь нэг сая ам.доллараар барьсан. Маш их зөрүү байгаа биз. Энэ мэтчилэн асуудлуудаа давхар бодолцох, ярилцах л хэрэгтэй.

-Том төслүүд үр ашгаа олон жилийн дараа өгдөг гэж байна. Үр ашгаар нь эрэмбэлж үзвэл аль төслөө эхэлж явуулах шаардлагатай вэ?

-Зарим хүн төмөр зам яах гэж барьсан юм гээд асуудаг. Гэтэл Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам баригдсанаар сайжруулсан шахмал түлшний медлингийг зөөдөг болсон. Өмнө нь том тэргээр зөөдөг байсан. Үүний улмаас Өмнөговь, Дундговийн зам эвдрээд дууссан. Нэг төслийг явуулахын тулд нөгөөхөө ингэж эвдээд байж болохгүй. Мөн төмөр зам баригдсанаар утаагүй түлшний үнэ тухайн үед 30 хувиар хямдарч байсан. Буцаад говь руу олон тонн ачааг хямд зардлаар тээвэрлэж байна. Улаанбаатар хотоос 60 тонн ачааг тийш нь тээвэрлэхэд дөрвөн сая төгрөг байгаа.

Харин төмөр замаар тээвэрлэхэд 700 мянган төгрөг болдог. Үүн шиг одоо ярьж байгаа энэ том төслүүд өнөөдөр үр ашиг гэхээсээ илүү Монгол Улсын эдийн засаг, дараагийн дэд бүтэц, аж үйлдвэр, бүс нутаг хөгжихөд маш том түлхэц болно. Тэр ч үүднээсээ хамтарсан Засгийн газрын гол хамтрал бол том эдийн засгаа харж, том төслүүдээ урагшлуулах юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ