Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Одоо тэгээд Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу явуулах юм уу DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ыг Дархан-Уул аймаг буюу тариалангийн бүс рүү нүүлгэх шийдвэр гарсан” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэхүү шийдвэр нь Үндсэн хууль зөрчиж байна гэх байр суурийг зарим хуульчид, тус салбарын мэргэжилтнүүд цахим орчин илэрхийлсэн юм. Бид энэ асуудлаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгээс тодрууллаа.


-ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Улсынхаа нийслэлийн энэ хэт их түгжрэлийг бууруулахын тулд яамдыг хотын төвөөсөө шилжүүлье гэдэг нь нэг талаасаа зөв л дөө. Гэхдээ нөгөө талаасаа шууд төрийн яамаа хөдөө орон нутаг руу шилжүүлж байгааг би гайхаж байна. Учир нь олон жилийн өмнөөс л их сургуулиудыг хотоос гаргая. түгжрэл хэцүү байна гээд асар олон тэрбум төгрөгийг судалгаа, тЭЗү хийх нэрийдлээр зарсан. Гэвч ямар ч олигтой шийдвэр одоог хүртэл гараагүй л байна. Мөн яагаад тэр их мөнгийг ямар нэгэн үр дүнгүй зарцуулсан юм. Яагаад одоог болтол тайлан, тайлбар тавихгүй байгааг би гайхаж байгаа. Ер нь төрийн мэдлийнхээ таван сургуулийг хотоос гаргаад кемп байдлаар зохицуулаад явах юм бол тодорхой хэмжээнд түгжрэлийг бодитойгоор бууруулна. Үүнээс гадна оюутнуудыг дагаад маш их айл өрх хот руу шилжиж ирдэг урсгал ч багасна. Бусад улс оронд ч гэсэн их сургуулиуд нь хотын төвөөсөө зайдуу байдаг. Гэтэл үүнийхээ оронд ийм поп шийдвэр гаргаж байгаад би гайхаж байна. хоёрдугаарт, ххаахүЯ төдийгүй аливаа яамыг 200 гаруй километр хол нүүлгэх нь Засгийн газрын кабинетын зарчмаар явах, нэгдмэл байх гэдэгт сөрөг нөлөө үзүүлнэ. долоо хоног бүрийн лхагва гарагт ээлжит хуралдаандаа суух хэрэг болно.

Ганцхан сайд Засгийн газрын хуралдаанд суудаг юм биш шүү дээ. Дээрээс нь ээлжит бусаар хуралдах хэрэг гарна. Шуурхай шийдвэрүүд гаргах хэрэгтэй болно. Мөн иргэд ч гэсэн тухайн яаман дээр очиж өөрсдийн асуудлаа шийдүүлэхэд нэн хүндрэлтэй болж эхэлнэ. Хэрвээ үнэхээр энэ яам хотын төвд байрлаад, түгжрэлд нөлөөлөөд байна гэж үзвэл хотынхоо зах руу гаргаж болно. Налайх, Багануур гээд нийслэлийн дүүргүүд байна. Энэ хоёр дүүргийг ер нь санаатайгаар орхигдуулаад байдаг нь гайхалтай. Ямар ч хөгжил дэвшил алга, ажлын байр байхгүй л байна. Майдар, Зуунмод, Хархорин хот гээд хэт алсын зүйл ярихаасаа өмнө ойрын боломжит, ухаалаг шийдвэрүүдээ гаргаад урагшлуулах нь ард түмэнд илүү хэрэгтэй. Тэр шийдвэртээ тариалангийн бүсийг нь түшиглэж нүүлгэж байгаа гэсэн утгагүй зүйл яриад байна лээ. Тэгвэл үнэхээр тариалангаа дэмжих гээд байсан юм бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаа тийш нь нүүлгэхгүй яасан юм. Гэтэл бүтэн яамаар нь зөөх гээд байгаа нь арай л өрөөсгөл шийдвэр. Одоо тэгээд Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу явуулах юм уу. Ямар ч судалгаа шийдвэргүй попорсон шийдвэр л боллоо гэж харж байна.

-Яамыг орон нутаг руу нүүлгэх нь Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал гээд байх юм. Үнэхээр тийм заалт байдаг юм уу?

-Нийслэл гэдгийг юу гэж ойлгох вэ гэж байгаа шүү дээ. Төрийн байгууллагуудын төвлөрсөн газрыг нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэлийг Улаанбаатар гэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт байгаа. Тэгэхээр энэ нь ямар ч судалгаа тооцоогүй, Монгол Улсын нэгдмэл байх зарчмыг хагалсан гэж л харагдаад байгаа юм. Манай улс чинь холбооны улс биш шүү дээ.

-Тухайн яаманд ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ нүүх, тэндээ орон байртай болох гээд эдийн засаг талаасаа маш хүнд нөхцөл байдлыг бий болгоно биз дээ?

-Энэ чинь коммунистуудыг төрдөө гаргасны л гай шүү дээ. Илгээлтийн эздээр хот байгуулна гэдэг хөөсөрсөн байдлаараа л хандаж байна. Мэдлэггүй, сэтгэлгүй хүмүүсээр төрөө удирдуулж байгаагийн зовлон маань энэ. Даанч манай ард түмэн ийм хүмүүсээр удирдуулахыг хүсээд байгаа.

-Ж.Энхбаяр сайдыг өөрийнхөө аж ахуй руу яамаа дөхүүлж байна гэсэн наргиа ч гарсан байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ганцхан Ж.Энхбаяр гэж хүнтэй холбож ярьж болохгүй л дээ. Яагаад гэхээр Засгийн газрын шийдвэр чинь хуралдаанаараа баталгааждаг. АН, МАН, ХҮН-ын шийдвэр гээд л ойлгочих хэрэгтэй. Ер нь энэ асуудлаар Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд маш тодорхой заачихсан байгаа. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ гээд заачихсан. Тэгэхээр хоёр дахь нийслэл байгуулах гээд байгаа юм уу гэдэг нь ч ойлгомжгүй л байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу DNN.mn

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламентад улс төрийн таван намын төлөөлөл сууж байна. Эндээс МАН олонх болж АН, ХҮН намтай эвсэн Засгийн газраа байгуулсан. Нэгэнт Засагт орсон намууд тус тусын мөрийн хөтөлбөрөөсөө ажил хэрэг болгох, ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэх сонирхолтой. Аль нам ямар амлалтаа хөтөлбөрт оруулах “марафон” саяхан болж УИХ-аар батлуулж амжлаа.

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс анхаарал татсан нэг асуудал яах аргагүй татварын тухай юм. Учир нь татварын асуудал бол нийт монголчуудын асуудал. Иргэн хүн цалингийнхаа 40 хувийг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалд суутгуулдаг. Нэг сая төгрөгийн цалинтай ажлын байранд татвар шимтгэлээ суутгаад иргэний гар дээр 600 мянган төгрөг ирдэг. Аж ахуйн нэгжийн татвар бүр ч өндөр. Хил гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирэх, худалдаа арилжаа явуулах, үйлдвэрлэл эрхлэх бүгд л тус тусын татвар, төлбөрүүдтэй. Өнөөдрийн байдлаар манай улсад 30 гаруй төрлийн татвар, төлбөр хүчин төгөлдөр үйлчилж байдаг. Хамгийн гол нь татварын хувь хэмжээ маш өндөр явж ирсэн нь олон нийтийн хатуу шүүмжлэлийг дагуулдаг.

Тиймдээ ч энэ удаагийн сонгуулиар намуудын мөрийн хөтөлбөрт татварын тухай амлалтууд олон нийтийн анхаарлыг татаж байлаа. Өмнө нь бол намын мөрийн хөтөлбөр гэж хэн ч тоож уншдаггүй, хий хоосон жагсаалтууд байсан гэхэд буруудахгүй. Харин энэ удаа бол өөр. Тиймээс хамтарсан Засгийн газарт орж ирсэн намууд татварыг бууруулах тухайд ямар амлалт өгч байсныг эргэн саная.

МАН-ын хувьд мөрийн хөтөлбөртөө “…Орон нутаг болон нийслэлийн гэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьж, борлуулсан ААН-д татварын хөнгөлөлт үзүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн бол АН “Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг тодорхой салбаруудад татварын хувь хэмжээг бууруулах бодлого хэрэгжүүлнэ” гэжээ. ХҮН “Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүдэд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд татварын бодит бус ачааллыг бууруулж, санхүү үйл ажиллагааны чадавхийг нь бэхжүүлнэ” гэсэн байдаг.

Татвар бууруулахаас гадна шаталсан бодлого хэрэгжүүлэх тухай ч намууд амлаж байлаа. МАН “Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ. Бага орлоготой иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ. Мөн бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрхзүйн орчныг бүрдүүлнэ” гэхэд ХҮН “ААНОАТ-ын шатлалын босго дүнг зургаан тэрбумаас 10 тэрбум болгох замаар бизнесийн үйл ажиллагааг тэлэх боломжийг дэмжих бодлого баримтлана” гэсэн билээ.

Харин НДШ бууруулах тухайд МАН “НДШ-ийн хоёр хувийг иргэн бүрийн нэрийн дансанд мөнгөжүүлэх ажлыг үргэлжлүүлж, цаашид хуримтлалын санд үүсгэх хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ” гэхэд АН “Гадаадад хөдөлмөр эрхэлдэг иргэдийн НДШ-ийн тасалдлыг нөхөн төлөх эрхзүйн орчныг бүрдүүлнэ. НДШ-ийг ажил, хөдөлмөрийн бүх төрлийн гэрээт ажлын хөлснөөс суутгах тооцохыг зогсоож, зайнаас болон цагаар ажиллах боломжийг нэмэгдүүлнэ. Ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээнд НДШ ногдуулахгүй. Малчдын татвар төлөлт, нийгмийн даатгалын асуудлыг хуулийн зохицуулалтаар санхүүжүүлж татварын системд тайлан илгээх аргачлалыг хялбарчлах нэгдсэн систем бий болгоно” гэчихсэн. ХҮН-ын хувьд “НДШ-ийг тооцох аргачлалыг эргэн харж, иргэдийн ажил эрхлэх идэвх сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай өөрчлөлтийг оруулна” гэсэн нь мөрийн хөтөлбөрт нь бий.

Тэгвэл УИХ-аар батлуулсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт татварын тухай дээрх амлалтууд хэрхэн туссан нь сонирхолтой. Бүгд биш юм аа гэхэд аль нэгийнх нь гол амлалт ажил хэрэг болчихвол татвараар дарамтлуулж байгаа иргэн, ААН-д маш дэмтэй. Бүр сайнаар бодож, нэг бус нэлээд хэдэн бодлого хэрэгжиж чадвал ААН-үүд өндийгөөд л ирнэ. Иргэд халаасандаа илүү хэдэн төгрөгтэй үлдэж, амьдралын чанартаа анхаарах боломж гарна. Өөдрөгөөр бодоход нийгмийн дундаж давхарга өндийх гарц татварын ээлтэй бодлого, ажлын байр гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Харамсалтай нь ирэх дөрвөн жил Монгол Улсад татварын ээлтэй бодлого хэрэгжихгүй нь. АН, ХҮН-ых биш юм аа гэхэд олонх болсон МАН-ын татвар бууруулах амлалтууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой тусгагдаагүй байна. Сангийн сайд Б.Жавхлан саяхан нэг ярихдаа “…боловсруулах чиглэлийн дотоодын үйлдвэрүүдийг дэмжинэ. Өнөөдрийг хүртэл аль нэг салбараар нь ялгаж авч үзэж, тоног төхөөрөмж болон татварын дэмжлэгүүдийг үзүүлдэг байсан бол ирэх жилээс салбар хамаарахгүйгээр боловсруулах чиглэлийн дараагийн шатны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэнэ. Зөөлөн дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийхийг бодлогоор дэмжинэ. Өөрөөр хэлбэл, байгаль орчныг сэргээх, ногоон байгууламж, соёл, спортын барилга байгууламж барьж, төрийн ачааллыг бууруулах бол гаргасан зардлыг нь татвараас бүрэн чөлөөлнө. Нийт борлуулалтынх нь нэг хувиар хязгаарлахаар болсон” гэснээс харвал ирэх жилүүдэд татварын бодлого нэрээр ганц нэг салбарыг сугалан авч дэмжлэг үзүүлсэн төдий өнгөрөх бололтой. Гэтэл татварын ачаалал, дарамт ганц нэг салбарт биш нийтээрээ байгаа. Ерөөсөө ажлын байр бий болгож, хэн нэгэнд бараа үйлчилгээ үзүүлж байгаа хүн бүр, ААН бүрт татвар хамаатай. Үүнийг эрх баригчид, Засгийн газарт орж ирсэн намууд хэнээс ч илүү мэднэ. Бусад ндш, нөат-ын буцаалт, эмд- төлөлт, ААНОАТ, ХХОАТ огт яригдаж, мөрийн хөтөлбөрт тусгагдсангүй. Нийт татварын хэмжээ 40 хувь байгааг бууруулах талаар ямар ч бодлого байхгүй байна.

Ард түмэн татварын дарамтнаас гарах гэж л АН, ХҮН санал өгсөн. Яагаад энэ тухай ярихгүй байна вэ, эдгээр намын удирдлага. 40 хувийн татварыг ядахдаа 30 хувь болох байх гэсэндээ л АН-д санал өгсөн гэдгийг Лу.Гантөмөр дарга сайн мэдэж байгаа.

Төрд орсны дараа мартаж орхидог, зарим нь ганц нэг ажилласан болоод л төсвийн мөнгийг тарамдаж, дараагийн сонгуультайгаа золгодог. Ийм л жишиг манайд байж ирсэн. Нэг ёсондоо улс төрийн соёлгүй, ёс зүй, ёс суртахуунгүй байдлын хамгийн том жишээ бол намуудын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт байдаг. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар олон нийт татвартай холбоотойгоор мөрийн хөтөлбөрүүдэд нэлээн сайн анхаарсан, хэрсүүжсэн, нэхдэг болсон. Тиймээс татварыг бууруулах бодлого нийтээр нь хэрэгжиж байж л сонгогчид эргэнэ. Хамтарсан Засгийн газар татварыг яаж бууруулах талаараа сонгогч олондоо даруйхан тайлбар тайлангаа тавихыг ард түмэн шаардах ёстой. Татварын дарамтыг хэвээр нь байлгахыг хүссэн бол МАН-ыг л сонгоод гаргаад ирэх байсан биз. Үүнийг бууруулах гэж л сөрөг хүчнүүдийг гаргаж ирсэн билээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү “Одоо тэгээд Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу явуулах юм уу ”  гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Энэ хурлын үеэр ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга, анагаах ухааны доктор Ц.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог” хэмээн өгүүллээ.

Зуун настай Шастиныхан гэж хэн хэн бэ?

Хуульч О.Билгүүн “Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг анхнаасаа нүүрсний хэрэгт буруутгаагүй” гэлээ.

Төв аймгийн Заамар суман дахь алтны ордыг хулгайлах гэж байна гэсэн хардлага сүүлийн өдрүүдэд гарч ирж байна. Энэ талаар Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаас тодрууллаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Кир Стармер: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр энэ асуудал яригдана

АРЫН НҮҮР: Хүүхдүүддээ ном унших дадлыг багаас нь
суулгацгаая

 


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батжаргал: УИХ-ын тогтоолоор улс жил бүр 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөр болсон DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалтай ярилцлаа.


-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, төсвийн тодотголыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хийлээ. Эдгээрт хөдөө аж ахуйн салбараас ямар томоохон ажлууд багтсан бэ?

-УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарч, Засгийн газраа шинээр эмхлэн байгуулсан. Дараа нь ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, 2024 оны улсын төсөвтөө тодотгол хийлээ. Мөн эдгээрийг дагасан холбогдох хуулиудыг баталсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэж нэрлээд, дөрвөн чиглэл, дөрвөн бодлогоор 500 гаруй зорилт, арга хэмжээг тусгасан байна лээ. Үүнээс гадна энэ удаагийн бүрэн эрхийн хүрээнд 14 мега төслийг эхлүүлье гэж байна. Өмнө нь олон жил яригдсан төмөр замын хил холболтууд, ачаа шилжүүлэн ачих терминалуудынхаа асуудлыг шийдье гээд Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод зэрэг боомтод бүтээн байгуулалтыг дуусгах ажлыг тусгаж орууллаа. Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлаа хангах, эдийн засгийг идэвхжүүлэх суурь дэд бүтэц болсон эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа юм.

Тийм ч болохоор эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлье гэсэн зорилт манай намын мөрийн хөтөлбөр дотор ч байсан. Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Тавантолгойн болон Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлуудыг эрчимжүүлэхээр тусгасан. Эгийн голын усан цахилгаан станцын хувьд гэвэл саяын хойд хөршийн ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бас яригдсан. Говийн бүсийн аж үйлдвэрийн хөгжлийг хангахын тулд усны эх үүсвэрийг зайлшгүй шийдэх хэрэгтэй. Тиймээс Хэрлэн-Тоонот, Орхон-Онги гэсэн цогцолборуудын асуудлыг тусгаж оруулсан. Алт, зэс угаах, газрын тос боловсруулах үйлдвэр гээд томоохон төслүүд бий. Эдгээрийг эхлүүлж, ажил болгосноор улс орны эдийн засаг эрчимтэй хөгжинө гэж харж байгаа.

Бүсчилсэн хөгжлөө дэмжих тал дээр анхаарч, бүсүүдийнхээ хөгжлийн зорилтыг их тодорхой болгосон. Төвийн бүсийг хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт байхаар тусгаж өгсөн. Төвийн бүсийн гурван аймаг бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн манай улсын хамгийн том бүс нутаг. Тиймээс хөдөө аж ахуйн салбарынхаа хөгжлийг хангая. Үүнийг дагуулж боловсруулах салбарынхаа үйлдвэрлэлүүдийг бий болгох асуудал байна

Улс орны хэмжээнд одоо хоёр том хөтөлбөр, явж байгаа. Нийтдээ 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангана гэсэн том зорилттой. Ирэх оны төгсгөл гэхэд бүрэн хангах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд хүнсий ногоо, стартегийн хүнсүүд, мах, сүүний ханган нийлүүлэлтийн асуудлууд эрчимтэй явж байна.

Тийм учраас энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд “Хүнсний хувьсгал”-аа дорвитойхон явуулах, ингэж байж хүнсний аюулгүй байдлаа бүрэн хангах юм байна гэж харж байгаа. Хоёрдугаарт, мал аж ахуйн гаралтай түүхий эдүүдээ боловсруулж, хөнгөн үйлдвэрүүдийнхээ хөгжлийг хангах асуудал бий. Өмнөх парламентын төгсгөлд “Цагаан алт” хөтөлбөрийг баталсан. Үүгээр дамжуулж ноос ноолуур, арьс ширээ дотооддоо боловсруулна. Тийм ч учраас Дарханд Хөнгөн үйлдвэр технологийн парк барьж байгуулахаар яригдаж байгаа. Мөн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөн байна. Ингэж байж уламжлалт мал аж ахуйн салбар маань уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурынхаа нөхцөлд дасан зохицсон, чанартай, бүтээмж өндөртэй болж хөгжих ёстой юм. Үүлдэр угсааг нь сайжруулах, малаа эрүүлжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийхээ боловсруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд 500 орчим тэрбум төгрөгийн зээлийг хоршоодод өгсөн байна. Үүнийг цааш нь эрчимтэй явуулж байж хөдөөгийн болоод мал аж ахуйн салбарынхаа хөгжлийг өндөрт гаргана.

-“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлүүд үр дүнгүй байна гэх шүүмжлэл гараад байгаа. Тэгвэл таны сонгогдсон төвийн бүс нутгаар энэ асуудал ямар байна вэ. Үнэхээр олны хэлээд байгаа шиг машин, мотоцикл болчихоод байна уу?

-Яг боловсруулж баталсан бодлого, чиглэл маань бол яах аргагүй мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр өгөөжийг дээшлүүлэх, цаг уурын эрсдлээс хамгаалах материаллаг баазыг нь нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл дээр хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр олгохоор тусгасан. Миний хувьд энэ дагуу л хэрэгжиж яваа гэж ойлгодог. Манай төвийн бүсийн хувьд хоршоо гэдэг шинэ тутам зүйл биш. Үндсэндээ 2017, 2018 оноос эхлээд хоршоолох үйл явц яригдсан. Хоршооллын хууль шинэчилж батлагдсантай холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Төв аймаг гэхэд 2020-2024 оны хооронд Засаг дарга, ИТХ маань үүнд анхаарал хандуулж, анхан шатны, дундын хоршоодыг 300 гаруйг байгуулсан. Үүгээрээ дамжуулан том үйлдвэрүүдийнхээ бэлтгэн нийлүүлэлтийг хангах, төв суурин газрынхаа хүнсний хангамжийг шийдэх гэсэн том зорилтуудыг хэрэгжүүлсэн. Сая Төв аймагт л гэхэд дахиад 300 гаруй хоршоо байгуулагдсан байна. Гэхдээ бид энэ асуудлыг тал бүрээс нь нягталж үзэх ёстой. Энд гаргасан бодлого тэндээ очоод жаахан гажуудсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол цаашаа хэрэгжүүлээд явах зайлшгүй шаардлагатай үндэсний хэмжээний хөтөлбөр байгаа юм. Ингэж байж мал аж ахуйн салбараа хөгжүүлэх учиртай

 

Мал аж ахуйн салбар ярихаар бид хоёр л зүйлийг бодох ёстой. Нэгдүгээрт, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй байна. Нутгийнхаа цаг агаар, онцлогт тохирсон шилмэл омог гэж байна. Түүгээр нь малынхаа үүлдэр, угсааг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, бид малаа эрүүлжүүлэх явдал. Шинэ Засгийн газрын хөтөлбөрт орсон нэг чухал зүйл бол малын эм тарилга, вакцин үйлдвэрлэл явуулдаг Биокомбинатынхаа хүчин чадлыг сайжруулахаар болсон. Мөн эрүүл бүс нутаг, хамгаалагдсан аж ахуйн тухай асуудлыг ч тодорхой тусгаж өгсөн. Харин нөгөө талд нь эрчимжсэн мал аж ахуй байна. Яах аргагүй газар тариалангийн бүс нутагтайгаа давхцаж явах ёстой зүйл. Тэжээл хангалт, орчны бүрдүүлэлт чухал. Тийм болохоор Атрын IV аяныг хэрэгжүүлье, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлье гэж байгаа. Ер нь газар тариалангийн эргэлтийн талбайг 200 орчим мянган га талбайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ мэтчилэн олон асуудлыг тусгаж өгсөн.

-Гэтэл нөгөө талдаа өмнөх парламентын сүүлийн өдрүүдэд гурилын импортын татварыг тэглэсэн. Ингэснээр энэ жилийн улаанбуудайн тариалалтын хэмжээг тодорхой хувиар багасахад нөлөөлсөн гээд байгаа. Энэ тал дээр юу хэлэх

вэ?

-Гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт их өндөр байна гэсэн тооцоо судалгаанууд гарсан. Мөн бүс нутгуудийн онцлог гэж бий. Газар тариалан бага, төвөөс хол, тээврийн зардал өндөр гардаг. Тийм болохоор Засгийн газраас асуудлыг оруулж ирээд УИХ дээр яриад хугацаагүй, тоо хэмжээгүйгээр малын тэжээл, гурилын импортын гаалийн татварыг тэглэсэн. Баруун бүс нутагтаа бол зохих үр дүнгээ өгсөн юм билээ. Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ үндсэндээ бараг хоёр дахин буурсан. Гэтэл төвийн бүсэд нэг их өөрчлөлт гараагүй. Мөн энэ шийдвэрийг дагалдуулан Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол баталсан. Энэ тогтоолоор тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс улс өөрийнхөө аюулгүй буюу стратегийн нөөцөө бүрдүүлж, 100 мянган тонн улаанбуудай нөөцөлж байхаар тусгасан. Бид чинь жилдээ 300 гаруй мянган тонн улаанбуудай тээрэмдэж, гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангадаг юм шүү дээ. Харин ямар нэгэн асуудал гарахад дотоодын хэрэгцээнийхээ гуравны нэгийг улсын хэрэгцээнд байлгаж, шинэчилдэг зарчмынхаа дагуу шинэчилж байхаар болсон гэсэн үг. Энэ нь үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж талдаа зохих үүргээ гүйцэтгэнэ. Хоёрдугаарт, дотоодын хэрэгцээнээс давсан тохиолдолд экспортод гаргах боломжийг бий болгоё гэсэн. Харин сая яамнаас асуудал боловсруулж, Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хорооны гишүүдтэйгээ санал солилцоод баруун бүс нутгаар тодорхой хэмжээний гурил, малын тэжээлийг татваргүйгээр оруулж ирдэг болгохоор өөрчилсөн. Хүнсний хангамжийн аюулгүйн зөвлөл дээр энэ асуудлыг ярьж, ийм шийдэл гаргасныг би дэмжсэн. Угаасаа би хавар шийдвэр гарах үед нь газар тариалангийн салбарт хатуу тусна гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

-ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх тухай асуудал яригдсан. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Төрийн байгууллагууд, тэр дундаа гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг тодорхой бүс нутгууд руу гаргах, ингэж байж Улаанбаатар хотын төвлөрлийг задална гэдэг бодлого яригдаж, тодорхой дэмжлэг аваад явж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Шинэ Зуунмод хот руу Засгийн газраа нүүлгэх асуудал тусчихсан. ХХААХҮЯ харин хөдөө аж ахуйн гол бүс нутагт нь оччихвол яасан юм гэдэг асуудал яригдаж байгаа бололтой. Үүнийг миний хувьд нэг их буруудаад байх юм байхгүй болов уу гэж харж байгаа. Манай мэдээлэл харилцаа, цахим талдаа ер нь гайгүй болсон. Тийм болохоор төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, мэдээлэл солилцох зэрэг нь хаана байхаасаа үл хамаараад шуурхай явж болно байх. Тэгэхээр гол бүс нутаг, үйлдвэрлэлийнхээ орчинд мэргэжлийн удирдлага нь байхад буруудах юу байх билээ. Бодвол тодорхой тооцоо судалгаа, шинжилгээн дээр үндэслэж энэ асуудал яригдаж байгаа болов уу гэж ойлгож байгаа.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүйтэрч эхлэхээс өмнө хүүхдийнхээ дархлааг дэмжье DNN.mn

Хавар, намрын улирлын үед хүүхдийн дархлаа их сулардаг учраас томуу, томуу төст өвчин тусах нь элбэг байдаг. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд дархлаа хэвийн байхын тулд нойр, хоол, орчны олон янз байдал нөлөөлдөг талаар мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Тэр тусмаа өвлийн улиралд хүүхэд ханиад томуу хамгийн их  тусдаг.  Энэ үед  эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг сайжруулах нэмэлт лаа, эм бэлдмэл хэрэглэх нь элбэг. Эмнэлэгт очлоо ч хэвтэх оргүй,суух сандалгүй, хөл тавих зайгүй нялхсын уйлах дуунд сэтгэл өвдөн  гарч ирдэг шүү дээ.  Тиймээс одооноос хоол хүнсээр нь дамжуулж хүүхдийнхээ дархлааг дэмжих нь зүйтэй.

Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сайн хүнс бол гэртээ бүрсэн тараг, ээдэм, аарц юм. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад чухал нөлөөтэй.

Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй.

Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг, зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг. Хүүхдээ өвдсөнийх нь дараа биш, одооноос дархлааг нь дэмжээрэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

А.Итгэлт: Фэйсбүүкт амьдралаа дэлгэх нь романс залилангийн хохирогч болох эрсдэлтэй DNN.mn

Цахим гэмт хэрэг, тэр дундаа романс залилангийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Итгэлттэй ярилцлаа.


-Романс залилангийн талаар тэр бүр иргэд мэддэггүй. Ямар төрлийн гэмт хэрэг болох талаар товч ойлголт өгөхгүй юү?

-Цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд дотор үйлдэл, арга нь олон төрөл байдаг. Үүний нэг нь романс залилан буюу итгэлцэл, хайр сэтгэлийн холбоо үүсгэж залилдаг гэмт хэрэг юм. Тодруулбал, ганц бие, өрх толгойлсон, гэр бүлээсээ салсан, эсвэл гэр бүлийн хүнээ алдсан хүмүүс рүү чиглэдэг. Насны хувьд 25-45 насны эмэгтэйчүүд голдуу хохирогчид байна. Хэрэгтнүүд фэйсбүүкээр найзын хүсэлт явуулаад т эдэнтэй харилцаа үүсгэхийг оролддог. Өглөө бүр мэнд асуух ч юм уу, эсвэл тухайн хүний сошиалд бичиж байгаа постонд нь тохируулж коммент, чаат бичиж эхэлдэг. Монголчууд сошиал сүлжээнд өөрийнхөө, амьдралынхаа талаар ихээр бичдэг. Түүнийг нь хэрэгтнүүд ашигладаг, ингээд анхныхаа харилцааг үүсгэдэг. Ингэж удаан хугацаагаар буюу хоёр, гурван сар, бүр зургаан сар тасралтгүй харилцчихна. Хааяа видео колл хийх, утсаар ярина. Хол байгаа гэр бүлийн хүмүүс шиг харилцаа үүсгэж байгаад мөнгө асууж эхэлдэг. Хохирогч нарын онцлог нь алслагдсан сум, аймагт голдуу байна. Залилагч этгээдүүд тэднээс хол байгаа мэтээр итгэлийг нь төрүүлдэг. Гол тайлбарууд нь “Чи бид хоёр цуг амьдарна аа. Чам дээр яваад очих гэхээр мөнгө төгрөггүй болчихоод байна, яаж хоосон очих вэ, тийм зүйл аваад очъё”, “Зээл хөөцөлдөж байгаа, урьдчилгаа тэдэн төгрөг өгчихвөл болох гээд байна” гэх мэтээр яриад, мөнгө авдаг.

-Гадаадын иргэд бас романс үүсгэж залилдаг явдал гардаг гэсэн. Энэ талаар?

-Гадаад улс орноос хандаж байгаа этгээд гадаад уу монгол уу гэдэг нь тодорхойгүй, гадаад хаягнаас их ирдэг. “Би Монголыг их сонирхдог, өөртэй чинь танилцаж болох уу, та юу хийдэг вэ, би Солонгост байдаг юм, би монгол хэлээр муу ярьдаг” гэх жишээтэй. Чаатаар залгах гэхээр шууд тасалдаг. Түүнийгээ “Би монгол хэл муу мэддэг, google translate ашиглаад өөртэй чинь холбогдож байгаа. Чиний фэйсбүүкэд бичиж байгаа сэтгэгдэл надад маш их таалагдаж байна, тиймээс өөртэй чинь найз баймаар байна” гэх аястай харилцаж эхэлдэг. Тэгж явсаар “Өөртэй чинь харилцаад удлаа. Надад чи маш их таалагдаж байна. Би өөрөө өв залгамжлагч, их мөнгө төгрөгтэй хүн. Хамгийн гол нь тэр хөрөнгөө шилжүүлж авах гэхээр тодорхой хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй болчихлоо”, эсвэл “Би маш их хөрөнгөтэй” гээд хуурамч зураг харуулдаг. Ингээд “Би чамд тусалмаар байна. Энэ хөрөнгөнөөсөө явуулъя. Гэтэл олон улсын гүйлгээ хийхэд албан ёсны хаяг байршлын мэдээлэл чинь хэрэгтэй. Түүнийг чинь олон улсын банкинд өгөөд хууль журмаараа нэг сарын дотор чам руу миний тусламж очно оо. Тиймээс битгий санаа зов” гэх мэт зүйлс ярьдаг. Үүнд манайхан итгэдэг. Нэгд, монголчууд гэнэн итгэмтгий зантай, хоёрт, хялбар аргаар мөнгө олох гэсэн мунхаг бодолтой хүмүүс их байна. Түүнээс болоод хохирогч болдог. Ганцаараа хохирдоггүй. Өөрийнхөө найз нөхөд, гэр бүл, хамаатан саднаасаа нөгөө хүнийхээ нэхэж байгаа мөнгийг босгох гэж давхар зээл тавьдаг. Өөрийнхөө эд хөрөнгийг зарж борлуулах, барьцаанд тавиад алдах байдал ч их байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг манайд хэзээнээс бүртгэгдэж эхлэв?

-Анхны тохиолдол 2022 онд бүртгэгдэж байсан. 2024 онд гэхэд энэ төрлийн дөрвөн хэрэг бүртгэгдээд шалгалтын ажиллагаа явагдаж байна.

-70 сая төгрөгөө гадагшаа алдсан тохиолдол байна гэв үү?

-Өв залгамжилсан нэрийдлээр залилуулсан тохиолдол бий. Гэмт этгээд хохирогч эмэгтэй рүү “Би их хэмжээний хөрөнгө өв залгамжлаад авчихсан. Надад хаягаа өгөөрэй, би мөнгө шилжүүлье. Миний оршин сууж байгаа хаяг руу хандаад олон улсын гүйлгээ хийчих” гэсэн. Хохирогч эхлээд 10 сая төгрөг явуулсан. Хариуд нь “Мөнгийг чинь хүлээж авсан. Гэхдээ яг одоо бүх мөнгийг нэг дор явуулъя гэхээр болохгүй байна. Энэ мөнгө бол танай улсын мөнгөн тэмдэгт рүү шилжүүлэхээр маш их хэмжээний мөнгө болно. Бараг танай улсын нийт төсвийн хэмжээтэй мөнгө болох гээд байна. Тиймээс хувааж явуулах ёстой. Тэгэхээр дахиад мөнгө хэрэг боллоо. Чи бага хэмжээтэй зардал гаргаад ийм их хөрөнгөтэй болно шүү дээ” гэж ятгасан байдаг. Ингээд 30, 50, 70 сая төгрөг шилжүүлчихсэн тохиолдол бүртгэгдсэн. Шалгалтын ажил лагаа үргэлжилж байгаа.

-Аль улсаас голдуу үйлдэгддэг юм бол?

-Хориотой тор буюу VPN хориглосон сүлжээгээр бусад улс орны сүлжээг ашиглаад орчихдог. Монголд байгаа мөртлөө энэ сүлжээг ашиглаад Вьетнам, Тайландаас орж байгаа юм шиг харагддаг гэсэн үг. Тэгэхээр аль улсаас нэвтэрч байгааг баттай тодруулах нь асуудалтай байх жишээтэй.

Тиймээс шалгалтын ажиллагаа уддаг. Хилээс гадна болчихоор олон улсын гэрээ конвенциор ажиллах болдог.

-Романс залилан олон улсад ямар нөхцөл байдалтай байдаг талаар судалгаа бий юү?

-Анх БНСУ-д ихээр дэлгэрч байсан. Цаашлаад Вьетнам, Тайланд зэрэг Азийн улс орнууд, тэр дундаа гадаад улс орон руу хараар гарч ажилладаг, амьдралын түвшин доогуур иргэд рүү чиглэсэн тохиолдол бүртгэгдэж байсан юм билээ. Залилах гэмт хэргийн хохирогч болоод байгаа гол шалтгаан иргэд маань сошиал сүлжээнд хувийн амьдралынхаа талаар маш их бичиж, түгээж байна. Сошиал бол таны амьдралын нэг хэсэг биш гэдгийг ухамсарлахгүй байна. Тийм учраас хохирогч болоход түлхээд байгаа юм.

-Энэ төрлийн хэргийг шуурхай илрүүлэх боломж хэр вэ. Олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?

-Цахим гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацааны хувьд удааширдаг талтай. Ашиглаж байгаа фэйсбүүк, твиттер, инстаграм нь бүгд гадаад улс орны админуудтай, эзэмшилд байдаг учраас нарийн мэдээлэл авахад хугацаа алдах нөхцөл байдал бий. Монголд үйлдэгдээд монгол хохирогч, холбогдогчтой тохиолдолд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл буюу залилах гэмт хэргийн зүйлчлэлээр шалган шийдвэрлэж байгаа. Ял шийтгэлийн хувьд 3-8 жилийн хорих ялтай.  Хохирлын хэмжээнээс шалтгаалаад торгуулийн ял ч авах тохиолдол бий.

-Ямар хүмүүс ийм гэмт хэргийг үйлдээд байна вэ?

-Залуучууд голдуу. Олонх нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Ихэнх цагаа сошиалд өнгөрүүлдэг. Гэмт хэрэг үйлдсэн сэдэл шалтгааныг тодруулахаар эхлээд хохирогчтой зүгээр л найз нөхдийн хувиар харилцдаг. Тэгж байгаад мөнгө асуугаад үзье. Эсвэл зарим нь өрөнд ороод, найзаасаа зээлээд буцааж өгье гэж бодсон. Гэвч чадсангүй гэх байдлаар тайлбарладаг. Ерөөсөө Монголд гэмт хэрэг үйлдэж байгаа нь ч, хохирч байгаа нь ч ганц алдаж байгаа зүйл нь сошиал ертөнцөд хувийн мэдээллээ хэтэрхий их оруулж байна, бүх амьдралаа гар утас, сошиалд мэдүүлээд байгаагаас болж байна гэж үзэх боломжтой.

Тиймээс нэг зүйлийг онцгойлон анхааруулахад та ямар нэгэн байдлаар цахим залиланд өртсөн бол тэр даруй цагдаагийн 102 дугаарт хандаж мэдээллээ өгөх ёстой. Цагдаагийн байгууллага Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран ажилладаг учраас цаг алдалгүй тухайн шилжүүлсэн дансыг царцаах байдлаар гэмт хэргийг зогсоох боломжтой. Ингэж хохирлоо барагдуулсан олон тохиолдол бий.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хэлмэгдэгсэд үү Хилсдэгчид үү DNN.mn

Сая жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Хэлмэгдэгсдийн өдөр”-ийг ёслон өнгөрүүллээ.Энэ өдрийн нэрийг өөрчлөх тухай санал сүүлийн үед гарах болсон. Геноцид болсон, их хядлага байсан гэх зэргээр ярилцаж байгаа. Ер нь “хэлмэгдэгсэд” гэхээсээ илүү “хилсдэгчдийн” өдөр гэвэл арай дөхүү нэршил юм болов уу гэж бодож байна.Монгол хэлний тайлбар толинд “хэлмэгдэх” гэж зовлонд өртөх чирэгдэх, хилсээр хохирох гэж тайлбарлаж.

Мөн “хэлмэгдэл” гэдэг үгийг бол үрэгдэл чирэгдэл, гарз хохирол, дайны хэлмэгдэл хэмээн тайлбарлажээ. Бас хоёр дахь утга нь хилсээр хохирох, хийгээгүй хэргийн төлөө шийтгүүлэх гэсэн байна. Хэлмэгдэх гэдэг дээр олон тооны “сэд” дагавар залгаад хэлмэгдэгсэд гэж олон тоон дээр нэрлэж ярьсаар ирсэн. Тэгэхлээр яг ч тохирсон нэршил биш юм шиг санагддаг.

Тэгвэл хилс хэрэг гэж юү вэ гэхээр “ташаа хэрэг, гүжир хэрэг, “хилс явдал” гэж өөрийн хийгээгүй зүйлийг хийсэн хэмээн гүтгэгдэх явдал, болсон хэрэг явдлыг гүйцэт ухаараагүйгээс гэмгүй хүнийг буруутгах явдал. “Хилс гүжир” гэдэг үг нь оргүй зүйлд буруутгах явдал, “хилс ташаа” бодит үнэнд үл нийцсэн байдал, хэн нэг хүнийг буруутай хэмээн гүтгэсэн байдал хэмээн тайлбарласан байна. Мөн “хилсээр хохирох” гэдэг нь хийгээгүй хэргийн төлөө шийтгүүлэх гэж тайлбарлажээ. Тэгэхлээр манай өвөг дээдэс хэлмэгдээгүй харин хилсээр хохирогчид яг мөн байгаа биз дээ. Хэлмэгдэгсэд гэхээр нам засаг буруу зөрүү юм хийгээд л ард олноо зовлонд өртүүлж жаахан чирэгдүүлсэн төдий л юм байна гэж шууд ойлгогдож байна.

Энэ хэрэг одоогоос зуун жилийн дараа бол ингэж л ойлгогдохоос өөр замгүй. Харин хилсдэгчид гэвэл хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгүүлжээ, нам засаг нь яагаад ард түмнээ хийгээгүй хэргийн төлөө шийтгэдэг билээ хэмээн хэн ч бодож эхлэх байлгүй.

Ж.Сандагдорж

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Дулааны шугам сүлжээний 11 Г, Д засварын ажил энэ сарын 20 гэхэд дуусаж, усаа шахаж эхэлнэ гэв DNN.mn

Дулааны шугам засварын ажил нэрийдлээр зун болгон айлуудын халуун усыг тасалдаг гэж иргэд бухимддаг. Харин хуучирсан болон олон жил болсон дулааны шугам сүлжээг солихгүй бол өвлийн улиралд халаалт хэдэн сараар зогсох, халуун усгүй болох, нэг хэсгийн шугамын гэмтлээс үүдэн магистралийн шугам бүхэлдээ гэмтэх зэрэг асуудлыг дагуулдаг байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ бий бөгөөд ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг байна. Энэ жилийн хувьд өнгөрсөн долдугаар сараас нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэлжээ. Улаанбаатар хотын орон сууц, аж, ахуй нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажил хийгдэх шаардлага үүсдэг. Тиймд дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөж буй юм байна. Үүнтэй холбоотойгоор Гуравдугаар эмнэлгийн урд талын буудлаас Төмөр замын уулзвар хүртэл хийгдэж буй дулааны шугамын засварын ажлаас сурвалжиллаа. Энэ хэсэг нь 11 Г, ДФ 800 мм-ийн гол шугамыг Ф 1000 мм болгон шинэчлэн өргөтгөх ажил юм байна.

Эхлээд гуравдугаар эмнэлгийн урд талын буудлын өмнөх Дулааны шугамын засварын ажилтай т анилцлаа. “Цонбон тоосго” ХХК-ийн ажилчид хөндийлсөн газрын доорх хэсэгт угсарч бэлдсэн труба буюу хоолойнуудыг хөөсөөр дулаалж байв. Нөгөө талд нь хөөсөлсөн хэсгийг нь хоёр хүн шилэн хөвөн болох гялгар ууттай төстэй зүйлээр битүү ороож байлаа. Мөн талбайд кранаар ган хоолойнуудыг зөөвөрлөх ажлыг гүйцэтгэж харагдав.

Энэ үеэр “Цонбон тоосго” ХХК-ийн талбайн инженер Ш.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компани хэзээнээс ажлаа эхлүүлэв. Хэр хэмжээний газарт дулааны шугамын ажлыг гүйцэтгэж байгаа вэ?

-Бид өнгөрсөн долдугаар сарын 20-ноос дулааны шугамын засварын ажлаа эхэлсэн. Есдүгээр сарын 15нд халаалтаа тавина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.  11 Г,Д буюу дулааны гол шугамын засварын 1.7 км газрыг зургаан компани хувааж засварлаж байна. Зургаан компаниа нэгтгэн засварын ажлыг хариуцагч толгой компани нь “Сан” ХХК. Манайх хариуцсан 280 м газрын 210 м-т нь бетон болон төмөр хоолойн угсралтыг бүрэн хийж дуусгасан. Одоогийн байдлаар дулаалгын ажил 40 гаруй хувьтай явна.

Үлдсэн нь барилга, орон сууцны орц гарц буй учир цаад компани орцоо нээчих юм бол манай ажил бүрэн үргэлжлэх боломжтой. Тиймээс 60, 70 м газрын трасс ухагдаагүй үлдсэн байна.  Ажил есдүгээр сарын 15 гэхэд дуусаж, эхний ус шахалт эхэлнэ.

-Ойр хавийн оршин суугчдын хувьд бухимдалтай байх шиг байна. Дулааны шугам хоолойг шинэчлэхэд насжилт нь ямар байдаг вэ?

-Иргэд нэг юмыг ойлгох хэрэгтэй. Бидний хийж буй систем Улаанбаатар хотын 11 Г,Д гэдэг магистриаль. 1984 онд анх ашиглалтад орж байсан. Түүнээс хойш 40 жил засвар үйлчилгээ хийгдээгүй байж байгаад энэ жилээс засвар үйлчилгээ, шугамын шинэчлэл, өргөтгөл явагдаж байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр өвөл ямар нэгэн дулааны доголдол гарахгүй, аж ахуй нэгж болон айл өрхүүдийн хэрэглээний халуун усны саатал үүсэхгүй, цаашид хэрэглэгч, түгээгч аль аль талд нь хүндрэлгүй, саадгүй явах шугамыг бид өргөтгөж байгаа. 11 Г, Д 800ийн диаметртай шугамыг 1000 диаметртэй болгож өргөтгөж байгаа гэсэн үг. Жил ирэх тусам хэрэглэгч нэмэгдэж байгаа болохоор шугам өөрөө ачааллаа дийлэхээ больсон. Хоёрт шугамын насжилт бараг дуусах шатандаа орж, маш нимгэрсэн тул солихоос өөр аргагүй болсныг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Ингээд сольсон тохиолдолд багадаа 30 жилийн настай тул энэ хугацаанд дахиж хөндөхгүй гэж ойлгож болно. Бидний хийж байгаа ажлыг хүндлээд тулгарсан саад бэрхшээл, орц гарцны хүндрэлтэй асуудалд жаахан хүлээцтэй хандаасай гэж ард иргэдээсээ хүсч байна.

-Засварын баг нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Техник хэрэгсэл хэр хүрэлцээтэй байгаа вэ?

-Бид хоёр сар орчим хугацаанд хоёр кран, хоёр экскэ, инженер техник болон ажилчид гэсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэв. Зүүн тийш засварын ажлын зам дагуух “Магнаг бөс бараа” дэлгүүрт орлоо. Дэлгүүрийн эзэн ихээхэн бухимдалтай байв. Тэрээр “Энэ ажил өнгөрсөн долдугаар сарын 17-нд эхэлсэн. Түүнээс хойш хийсэн юм байхгүй. Хоёр сар шахуу боллоо. Эдийн засаг бүх юмаараа хохирч байна. Гарц ч гаргаж өгөөгүй. Бидэнд “Цомбон тоосго” ХХК-иас аль эрт мэдэгдэл хүргүүлсэн. Өнгөрсөн долдугаар сарын 15 хүртэл ажлаа зохицуул гэхээр нь зохицуулсан. Ирээд ажлаа хийе гэхэд ийм л байдалтай байна. Аль наймдугаар сард “Цомбон тоосго” ХХК хоолойнуудаа гагнаад бэлэн болгочихсон. Шороогоо асгачихвал болох гээд байгаа юм. Тэгтэл шороогоо зарчихсан сураг дуулдсан. Шороо асгаад гарц гаргаад өг гэхээр байхгүй. Төсөв мөнгөө авчихсан гээд яриад байгаа юм. Ажлаа хийж чадахгүй өдий хүртэл явлаа. Ингэж явж болохгүй. Арай дэндүү байна. Анх ухаж эхлэхдээ хөрөнгө оруулалт нь сонгуулийн үеэр алга болчихсон гэж ч яригдаж байсан. Гадаадын дарга нар ирлээ ажлаа зогсоолоо гээд бас нэг хэсэг ажил нь зогссон. Өдийд л жаахан юм зарагддаг юм. Энэ жил бүр хүнгүй сууж байна.

Өдөрт жаахан шороо авчирч асгаж харагддаг. Гомдол гаргахаар долоо хоногийн эхний өдөр багахан шороо асгаж хүн хуурчихаад яваад байдаг. Хүмүүст тусгай шороо авчирч асгадаг гэж хэлсэн байна лээ. Алттай шороо авчирдаг биш юм бол тусгай гэж юу байх вэ. “Хишиг Монгол”-ын улсууд ханддаг газар нь хандаж хэлсэн юм шиг байна лээ. Тэдний 60 ажилчин цалингүй болчихлоо гээд байсан. Манай энэ хажуу талын үйлдвэр бүр зогссон” гэлээ.

Мөн аравдугаар хорооллын урд талын автобусны буудлын тэнд “Сан” ХХК-ийн дулааны шугам засварын ажил угсралт буюу гагнуураар үргэлжилж байв. Тус компанийн гагнуурчин залуу “Голден паркийн дулааны шугам манай шугамны дээгүүр нь давхардаад явж байна. Үүнээс болж ажил их удааширсан. Хүйтэн усны огтолгоог авчихсан. Одоо ийшээ холбоход 36 метр газар үлдсэн. Зориудаар шинэ худаг хийж, Голден паркийн дулааны шугам хоолойг хуулж байна. Одоо зүүн тийш 30 метр яваад л манай ажил дуусна. Одоо шугам угсралтын гагнуурын ажлууд 90 хувьтай хийгдэж байна. Угсралтын ажил дуусахаар дулаалаад, лоттигоор таглаад, хучина. Дөрөв хоноход шугамаа холбоод дуусна байх. Манайх ажлаа эхлээд сар гаруй болж байна” хэмээсэн юм. Мөн зарим ажилчид нь хамгаалалтын тор, хашаагаа янзалж байхтай таарав.

Түүнчлэн иргэн Н “Зуны гурван сар юу хийдэг байна. Манайхан зам, дулааны шугамын засвараа зундаа хөрөнгө мөнгөө төсөвлөж, цаг хугацааг нь зохицуулж хийж болдоггүй юм байх даа. Хийж буй ажил нь зөв ч цагаа олохгүй юм. Ид сургууль, цэцэрлэг орохтой зэрэгцүүлчих юм. Үнэхээр төвөгтэй юмаа” гэж шүүрс алдан засварын ажлын хажуугаар явж одов. Ногоон байгууламжаар явахыг иргэдэд зөвлөсөн ч зарим нь шугамын нүхтэй их ойрхон ногоон торон хамгаалалтан дээгүүр нь алхаж явж харагдана.

“Сан” ХХК-ийн сантехникийн инженер Б.Мөнх-Оргил:

-Нийт зургаан компани энэ засварын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн. Засварын ажил хэзээ дуусах вэ?

-Дулааны шугамын засварын ажил сонгуулийн дараа долдугаар сарын 1-нд эхэлсэн. Зарим компани нь 7-14 хоногийн дараа ажлаа эхлүүлсэн. Энэ төсөл дээр нийт зургаан компани ажиллаж байна. Засварын ажил 80-90 хувьтай, энэ сарын 20-нд усаа шахахаар төлөвлөсөн.

-Нийт хэчнээн хүн ажиллаж байгаа вэ?

-Энэ хугацаанд нэг компанид 27, 28 хүнтэй гэхээр 100 гаруй хүн ажиллаж байгаа.

-Та бүхний ажил удаашралтай байгаагийн цаад шалтгаан нь юу вэ?

– Зарим газруудын тохижилтын талбай, барилгын өргөтгөл болон цахилгаан холбооны ажлууд байна. Шугам давхцдаг болохоор төвөгтэй байдлууд үүссэн.

-Одоогийн байдлаар ямар, ямар ажлууд нь хийгдэж байна вэ?

-Ихэнх компаниудын трубаны гагнуурын ажил хийгдээд явж байна. Угсралтын ажил хийгдсэн. Булалт, суваг таглаж эхэлсэн. Энэ сарын 18-наас усаа тавих ажил хийгдээд усаа шахах төлөвлөгөөтэй байна.

-Иргэд дулааны шугамын засварын ажил удаашралтай байгаад гомдолтай байна л даа?

– Иргэдийн гомдол Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК дээр ирээд л тэндээс бидэнд ирүүлдэг. Иргэдийн гомдол нэлээд байгаа. Дулааны том сүлжээ учраас яаж ийж байгаад засч авахгүй бол болохгүй. Ард иргэд үүнийг ойлгож байгаа байх гэв.

“Одкон” ХХК-ийн ХАБ-ын инженер Г.Амартүвшин:

“260 орчим метр газарт засварын ажил хийгдэж байна. “Одкон” компаний ажил нь хамгийн хурдацтай 85-90 хувьтай явж байна. Хучилт, тагаа хийгээд эхэлсэн. Мэдээлэл холбооныхонтой уялдаатай ажиллаж байгаа болохоор булах гэхээр эдгээр хүмүүс ажлаа хийж байгаа тул хүлээж байна. Манайх долдугаар сарын 1-нээс ажлаа эхэлсэн. Уг нь өнгөрсөн тавдугаар сарын 20-нд эхлэх ёстой байсан ч сонгуулиас болоод хойшилсон. Төлөвлөлт хугацаа болох есдүгээр сарын 15-нд халаалтаа өгөөд өөрсдийн үүрэгт ажлаа дуусгачихна. Инженер, техникийн ажилчидтайгаа нийлээд 14 хүн ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Золзаяа: Хотын удирдлагууд түгжрэлийг “том мангас” болгож, мөнгө угааж байна DNN.mn

ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяаmай ярилцлаа.


Та бол хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн хүн. Улаанбаатар хотын өнөөгийн асуудлын гол шалтгаан нь юундаа байна гэж хардаг вэ. Эрх бүхий хүмүүсийн тайлбарладаг шиг Улаанбаатар үнэхээр ийм хэмжээний хүнийг багтаах ямар ч боломжгүй газар юм уу. Эсвэл бодлогодоо байна уу. Ер нь дэлхийн том хотууд ирээдүйд төдий хэмжээний хүн амтай болно гэж хэдэн зуун жилийн өмнө төлөвлөсөн байдаг юм уу?

-Улаанбаатар хотын ирээдүйн өсөлтийг таамаглахгүйгээр төлөвлөсөн гэдэг бол худлаа. Учир нь дэлхийн бүх хотуудад хурдацтай өсөлт явагдаж байна. 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 70 хувь нь хот суурин газарт амьдарна гэсэн НҮБ-ын судалгаа байдаг. Тиймээс ганцхан Улаанбаатар хотын хүн ам ингэж хурдацтай өсөж байгаа юм биш. Тэр дундаа сүүлийн жилүүдэд Ази, Африкийн орнуудад хурдацтай хотжилт явагдаж байна.

Манайх юун дээр алдсан бэ гэхээр дэлхий дахинаа өрнөж буй хотжилтын трэндийг дагаж төлөвлөж, удирдаж чадахгүй их удчихсан. Нөгөөтэйгүүр нийт хүн амын 60, 70 хувь нь хотод амьдарна, бусдыг нь амьдруулахгүй гэх хэрэг үү. Хэдэн хувь нь хотод амьдрахыг хорьж болохгүй. Иргэд наад захын нийгмийн болон бусад арилжааны үйлчилгээ, амьдралын чанараа дээшлүүлэх гэж Улаанбаатар хотыг зорьж ирдэг. Хот бол амьдралын боломж дээшлүүлдэг газар. Эдийн засгийн, нийгмийн, соёлын зэрэг олон төрлийн хэрэгцээгээ хангах гэж иргэд хотыг зорьж ирдэг. 10 жил тутамд хүн ам таван хувиар өсдөг гэсэн статистик судалгаа бий. Тиймээс үүнд нийцүүлж бодлогоор зохицуулсан бол өнөөдрийн байдалд бид хүрэхгүй байсан. Ер нь бол бид хотын стандартаа олон улсын трэндэд нийцүүлж дагаж манлайлж чадаагүйн алдаа.

Амьдарлын чанар, эдийн засгийн чадамжаа дээшлүүлэх боломж Улаанбаатарын иргэдэд хэр нээлттэй байна вэ?

-Хот бол эдийн засгийн боломжийн үүр уурхай. Энэ боломжоос үүдэж эдийн засгийн өрсөлдөөний давуу талыг олж, өөрийн боломжийг дээшлүүлж байх ёстой. Улаанбаатар хотын иргэд хэдэн төгрөгийн орлоготой байвал сайхан амьдрах вэ гэсэн судалгаа гарсан байсан. Хэдийгээр олон улсад хийгдсэн ерөнхий судалгаа ч Улаанбаатар хотын иргэд 10 гаруй сая төгрөгийн орлоготой бол сайхан амьдарна гэж гарсан байна лээ. Эдийн засгийн боломж нь өсөхөөр хүний сонголт нэмэгддэг. Үүнийг дагаж хүн өсөж хөгждөг. Өөрийнхөө тав тух бүхий л хэрэгцээг хангаж аз жаргалтай болдог.

Гэтэл улсын болон нийслэлийн ихэнх хөрөнгө оруулалтыг, мөн хотын гудамжуудыг амьгүй, хөдөлгөөнгүй байлгах зохицуулалт хийгээд удчихлаа. Жишээлбэл, хүний хөдөлгөөн ихтэй газруудад бизнесүүд яаж цэцэглэж хөгждөг билээ. Ямар олон үйлчлүүлэгчийг татах билээ. Түүнээс машины зогсоол, авто замаар дамжин ордог гудамжуудтай болчихоор тухайн орон зайн эргэлт, хүний амьд урсгал байхгүй болчихдог. Хот төлөвлөлт дээр шийдвэр гаргахаас эхлээд эдийн засгийн боломжийг тэлж, иргэдийн өмчийг үнэ цэнэтэй байлгах бодлого дутуу дулимаг байна. Олон жил хотын чиглэлээр салбар болгонд ажиллаж үзлээ. Тиймээс ч бодлогын болоод техникийн зөрүүг их шүүмжилдэг учраас ХҮН-ын Нийслэлийн намын хороо мөрийн хөтөлбөртөө ийм алдааг нийслэлчүүд дахиж гаргахүй юм шүү гэсэн хатуу зарчим баримталж, тэр чиглэлд дорвитой өөрчлөлт гаргах бодлогыг боловсруулсан.

Одоогийн хотын удирдлагуудын гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагаанууд нь тэгш бус байдлыг бий болгоод байна. 10 сая төгрөгийн орлоготой иргэдэд сайхан амьдрах боломжийг бий болгоод байдаг. Өдөр тутам ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийн амьдаралын чанар нь хэцүү нөхцөлд байна. Үүнд Хотын захиргаанаас ямар нэгэн манлайлал үзүүлж чадахгүй байна. Тиймээс бид тэгш бус бодлогыг өөрчилж яаж илүү дараагийн түвшинд гаргасан бодлого чиглэл рүү шилжүүлэх вэ гэдэгт төвлөрч ажилласан.

Нэгдүгээрт, хотын иргэд өмчтэй, газартай, хүссэн газраа амьдрах боломжтой, амьдарч буй газар нь хүнд ээлтэй, наад захын орон байраар хангагдсан, ажил орлоготой байх зэрэг маш олон суурь ойлголтыг нөхөж хийхгүй бол иргэдийн стресс дээд цэгтээ туллаа. Цаашдаа яаж ийм шорон шиг хотод тэвчиж амьдрах вэ дээ.

Асуудлын гарцыг танай намынхан хэрхэн тодорхойлсон бэ?

-Хотын Засаг даргын ажиллаж байгаа арга барилыг харахаар туслах, орлогч нартайгаа гудамжаар яваад байна. Энэ бол маш муу менежмент. Хот өөрийн гэсэн менежмент, стратегитэй байх ёстой. Том зургаараа цаашдаа манай хотод юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгох ёстой. Төвлөрөөд бодох хэрэгтэй. Улаанбаатар хотын замбараагүй тэлсэн байдлыг цэгцлэх, шинээр бүсчлэл тогтоох, урт хугацааны бодлого гаргах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Хоцрогдож байгаагаа ойлгоод технологи, инновацийн талаар ярих хэрэгтэй. Жишээ нь, хогны менежмэнт. Хогоо тээвэрлэж зөөгөөд түүнийгээ тойроод хэрэлдээд байдаг. Гэтэл хогны менежмент дэлхийд гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн технологи гаргачихсан. Бид нэгдүгээр зэрэглэлийнхийг нь ч авч чадаагүй байна. Өнөөдөр хүүхдүүд ялзарч муудсан хогны хажууд тоглож байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. 30 жилийн дараа хот ямар байх вэ гэдэг менежмэнтээ гаргаж үүнийгээ доод шатны удирдлагууддаа ойлгуулж манлайлахын оронд хотын захиргаанд ажиллаж байгаа 10, 20 мянган төрийн алба хаагч нарын ажлыг хийлгэхгүй нэг, хоёр хүн гудамжинд лайв хийгээд явах юм. Гудамж, бродюр бүр дээр энэ хүн очиж хэрүүл хийгээд байвал том зураглал, инновацаа хэзээ хийх юм бэ. Бидний хувьд менежмэнт бодлогоо төлөвлөөд ирээдүйгээ харчихсан. Залуус өдөр бүр шүүмжилдэг шигээ санал хураах өдөр идэвхтэйгээр саналаа өгөх хэрэгтэй байна. Ингэж байж ужгарсан энэ олон асуудалд гарц шийдэл авч ирнэ.

Нийслэлчүүдийн хоолойд тулсан асуудал болох агаарын бохирдлыг яаж хурдан хугацаанд үр дүнтэй бууруулах вэ?

-Агаарын бохирдлын цаана иргэдийн амьжиргаатай холбоотой асуудал бий. ХҮН нам хамтарсан Засгийн газарт орж, эрчим хүчний салбарын реформыг ахлан хийхээр болсон. Энэ бол маш зөв зүйтэй зүйл. ХҮН нам Засгийн газрын түвшинд эрчим хүчний реформыг хийх болсон шалтгаан нь гурван намын мөрийн хөтөлбөрийг харьцуулж үзэхэд ХҮН намын мөрийн хөтөлбөр мэргэжлийн хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн. Нөгөө талд эрчим хүчний асуудлыг шийдэхийн тулд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ. Үүнд иргэд дургүй байх нь гарцаагүй. Гэхдээ үүнээс айгаад үйлдэл хийхгүй явбал урт хугацаандаа эрчим хүчний аюулгүй байдал яригдах учраас хэн нэгэн заавал хийх ёстой. Агаарын бохирдлыг бууруулахын тулд эхлээд эрчим хүчний реформыг хийх ёстой. Үүний дараа Улаанбаатар хотын удирдлагууд агаарын бохирдлыг үүсгээд байгаа эх үүсвэрийг бүсчилж бууруулахад хамтрах ёстой. Хэрвээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Хотын дарга ойлгохгүй, хувьчилсан тоглолт хийж попорвол ямар ч үр дүн гарахгүй. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар сонгогдох төлөөлөгчид Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хамтрах мэргэжлийн багийг гаргахгүй бол бид агаарын бохирдолтой тэмцэж чадахгүй.

Нийслэлчүүдийн тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй түгжрэл. Хэдийгээр метроны төсөл хэрэгжихээр болсон ч цаг хугацаа шаардлагатай байгаа. Тиймээс богино, дунд хугацаанд түгжрэлийг бууруулах маш үр дүнтэй арга хэрэгсэл юу бол?

-Хүн бүрийн өдөр тутмын асуудал болсон түгжрэлийг “ том мангас” болгож, үүгээрээ Хотын удирдлагууд мөнгө хийж байна. Өөрөөр хэлбэл, метроны төсөл гаргаж ирсэн. ЖАЙКА-гийн хийсэн метроны төслийн ТЭЗҮ-г бүгдийг нь уншиж судаллаа. Би метроны төслийг дэмждэг. Гэхдээ би хэрвээ Хотын дарга болвол метроны төслийг хойшлуулна. 2041 оноос метро барих хэрэгтэй. Үүнээс өмнө хотын иргэд өндөр бүтээмжтэй болох хэрэгтэй. Манайх шиг орлого багатай хотод өндөр үнэтэй мега төсөл хэрэгжүүлвэл хэн тэнд нь суух вэ. Бид Сөүл, Токио хотын иргэд шиг өндөр бүтээмжтэй амьдарч чадаж байгаа юу. Барьж байгуулсны дараа одоогийн ханшаар 3500-4000 төгрөг дор хаяж төлнө. Үүнийг төлөх чадамж иргэдэд байна уу.

Хотын наад захын суурь үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа хүмүүс энэ том төслийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Урт хугацаандаа эдийн засгийн үр ашигтай байх тооцооллыг бүрэн итгэл үнэмшилтэй гаргаж байж хот метронд хөрөнгө оруулах ёстой. Ийм том төслийг нүүрсээр бартер хийж хэрэгжүүлнэ гэж ярьж байгаадаа ичих хэрэгтэй.

Метро барьчихвал түгжрэл буурна гээд байгаа шүү дээ. 17,7-хон км урттай шугамаар түгжрэл буурахгүй. ЖАЙКА-гийн төсөлд тусгай замын автобусны нэг, хоёр, гуравдугаар замыг дууссаны дараа шийдэх ёстой байсан. Тусгай замын автобусыг Яармагт түгжрэлийн асуудал эхлэхээс өмнө шийдэх боломжтой байсан. 2018 онд энэ төслийг хэрэгжүүлэх баг гарч, санхүүжилтээ аваад ажил эхлэх гэж байхад МАНынхан хамаатан саднаа төслийн баг руу чихсэн. Ингээд төсөл зогссон.

Үүний дараа дүүжин тээврийн төслийг хурдацтай эхлүүлсэн. ЖАЙКА-гийн төслийн дагуу BRТ-ийн төсөл явагдсаны дараа “Амгалангаас-Таван шар” хүртэл метро барьж, хойноос буюу гэр хорооллоос бусад холболтууд хийгдэж дунд оврын автобуснууд явах байсан. Нэгдүгээрт, одоо хийж байгаа зүйл эдийн засгийн хувьд үр ашиггүй. Хоёрдугаарт, түгжрэлийг бууруулахгүй.

Метро хэрэггүй гэвэл түгжрэлийг өөрөөр яаж бууруулах юм бэ?

-Тээврийн шийдэл бол маш тодорхой байдаг. Тээврийн сүлжээнүүдээ зөв үүсгэх, метроны мега төслөө хойшлуулах. BRT болон Tran ашиглах хэрэгтэй. Tran гэдэг бол манайх шиг шигүү хэрнээ хязгаарлагдмал ийм замтай газарт хамгийн зөв шийдэл. Мөн такси үйлчилгээний оролцоог идэвхжүүлэх, явган болон дугуйн замыг холбоно. Одоогийн удирдлагууд дагуул хотуудыг нэмэгдүүлэх саналтай байгаа. Манай нам хотын төвтэй ойрхон шинэчлэл хийж үүнийгээ тээврийн холболтоор шийднэ.

Улаанбаатрын иргэдийн эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх ёстой гэлээ. Тэгвэл ямар гарч байна?

-Улаанбаатар хотын хаана ч эрүүл өсөлттэй бизнес хийж амьдрах боломжтой орон зайг бий болгох ёстой. Манай нам өөрсдийн зарчим, төлөвлөгөөнд иргэдийн ногоон ажлын байрыг нэмэгдүүлэхээр тусгасан. Хотын урсгал зардал дэндүү их байна. Урсгал зардлыг бууруулж иргэдэд олон төрлийн сонголтыг бий болгож өгөх ёстой. Жишээлбэл, түрээсийн болон шилжин дамжин өнгөрөх, ипотекийн зээлээр аль бүсэд хэрхэн яаж амьдарч болох, тээвэр дээр ч гэсэн олон төрлийн сонголтуудыг нэмэгдүүлнэ. Иргэд орлоготой байвал хотын хаанаас ч өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авч болно. Хамгийн гол нь Хотын захиргаа иргэдэд ээлтэй хотыг бий болгох ёстой.

Орон нутгийн сонгуульд манай намаас ихэвчлэн мэргэжлийн хүмүүс нэр дэвшиж байгаа. Сайн мэргэжилтнүүд хамтарч үр дүнтэй ажиллаж байж хот илүү сайхан болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж ус нутгийг минь гутаан доромжилсонд харамсч байна DNN.mn

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын шүтээн болсон Сэгс цагаан Богд уул төдийгүй хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалын нэрийг өөрийнхөө нэршил болгож “Сэкс цагаан богд” гэж илтэд гуйвуулан ашиглаж буй асуудлаар тус сумын ИТХ-ын дарга асан Д.Готовдоржтой ярилцлаа.


-Монголын XX зууны алдартай найрагчийн сор болсон бүтээл төдийгүй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын шүтээн “Сэгс цагаан богд” уулын түүхээс сонирхуулж болох уу?

-“Сэгс цагаан богд” гэдэг хайрхан “Их богд” хайрхантай холбоотой. Бие биетэйгээ өвгөн савдгууд хоорондоо цагаан тэмээ унаж золгодог. Цагаан тэмээ унасан хүн тэмээгээ сөг, сөг гэж хэвтүүлдгээс үүдэлтэйгээр “Сөг сөг цагаан богд” гэж нэрлэж байгаад олны хэллэгээр “Сэгс цагаан богд” гэсэн нэртэй болсон түүхтэй. Баянхонгорын “Их богд”, “Сэгс цагаан богд” нь ах дүү хоёр уул гэсэн дээр үеийн ам яриа ч бий. Мөн Зохиолчдын хорооныхон говиор явж байгаад 16 настай охин нь хөдөө мал дээр гарсан, Хулангийн унага тэжээсэн Надмид гэдэг айлд таарч бууж, хоол цай идээд хөдөлсөн юм билээ.

Тэр айл хулангийн унагандаа ногт зүүчихсэн байсан гэсэн. Нямаа гуай хулангийн унагыг нь сонирхож зургаа хамт авахуулж, өөрт байсан орос тэмдгээ ногтон дээр нь зүүгээд, унаганы хошуун дээр нь үнссэн байгаа юм. Нямаа гуай Оросод сургууль төгсөөд ирээд удаагүй байсан үе. Замдаа явж байгаад тэрээр “Сэгс цагаан богд” найраглалын тэмээчин гол дүрийн баатар илгээлтийн эзнээр мал дээр дөнгөж гарсан байсан Сүхбатыг үнсэх гээд үнсэж чадсангүй унагыг нь үнсчихлээ, тэмдгээ охинд дурсгах гээд чадалгүй унаганд зүүчихлээ гэж тоглоом хийж ярьсан гэдэг. Энэ хооронд зохиолын санаа Д.Пүрэвдорж гуайд төрсөн гэж сонсож байсан. “Сэгс цагаан богд” найраглал бол XX зууны хамгийн шилдэг бүтээл. Түүнийг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй.

-“Сэгс цагаан богд” гэдэг нэрийг гуйвуулан “Сэкс цагаан богд” гэж хэлж хормой хотны бузар булай явдалтай холболоо. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-“Сэгс цагаан богд” уул бол Монголын баруун хязгаарт хилийн багана мэт сүндэрлэж байгаа хайрхан. Ганц Шинэжинст, Баянхонгорынх ч биш. Монголын алдартай том уул, нутаг. Энэ нутаг усаар бий болсон алдартай найраглал Монгол даяар түгэж, нутаг усны маань нэрийн хуудас болсон. “Сэгс цагаан богд” бол ганц Монголынх ч биш. Дэлхийд нэрээ дуурсгасан, дэлхийн шим мандалд бүртгэгдсэн хайрхан юм. Тийм учраас “Сэгс цагаан богд”-ыг хазайлгаж боломгүй титэм шиг гэдэг шиг нэрийг нь буруу зөрүү хэлэх нь битгий хэл алсаасаа залбираад ажил үйлс, амьдралаа даатгаад явж байдаг хайрхан. Сүүлийн үед нарийн ширийн учрыг нь мэдэхгүй залуу Сэгс цагаан богд хайрхан, найраглалын маань нэр, үүгээр овоглосон Баянхонгор болоод Шинэжинст, Монголын нэрийг унагасан байдлаар гуйвуулан өөрийгөө нэрлэж, залуучууд болоод ард түмний дургүйцлийг хүргэж, зарим мэдэхгүй хүмүүст буруу үлгэр дууриалал үзүүлж буйд нутгийн төдийгүй удирдлагын түвшинд ажиллаж байсан хүний хувьд маш их эмзэглэж байна. Нутаг ус үеийн үед мөнх байдаг. Энэ Сэгс цагаан богдоор овоглож байгаа хүмүүст ч хүнд байгаа. Зохиолчид ч гэсэн энэ алдартай зохиолд иймэрхүү байдлаар хандсанд эмзэглэж байгаа байх. Үүнийг засч залруулах ажлыг холбогдох хүмүүс нь яаралтай хийх шаардлагатай байна.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэгс цагаан богд”-оор өөрийгөө нэрлэсэн хүнийг зөвлөхөө болгосонд та юу хэлэх вэ?

-Миний хувьд эмзэглэж байна. Төрийн жолоог атгаж, бодлого тодорхойлж буй сайд хүн ийм шийдвэр гаргасанд харамсаж байгаа. Төрийн сайдын зөвлөх хийж буй хүн. Хувь хүн биш олон түмэнд үлгэр дууриалал үзүүлэхээр хүн гэж бодохоор бүр их харамсалтай. Баянхонгорын Шинэжинст сумын иргэдээс уучлалт гуйж, ард түмэн, хойч үед зөв мэдээлэл өгч, алдаагаа засах шаардлагатай байна. Энэ тал дээр Ерөнхий сайд ч гэсэн анхаарах. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шиг зөвлөх хүн гэдэг бол нэрнээсээ зөв байх ёстой биз дээ. Хүн өөрийгөө таниулах гэж Сэгс цагаан богдоор минь овоглож болно. Гэхдээ буруу ташаа сэдэв рүү мушгин гуйвуулж болохгүй. Энэ нь маш олон хүнийг эмзэглүүлсэн, олон хүний дургүйцлийг хүргэсэн асуудал боллоо. Даруй ард түмэн, нутаг уснаас уучлалт гуйж аргадах хэрэгтэй. Зохиолчдын хороо, зохиолчдоос уучлалт гуйх нь ч зүй юм. Мундаг хүний оюун бодлоос төрсөн бүтээлийг учир мэдэхгүй залуу бохир юмтай хольж байгаад дахин, дахин харамсаж байна. Нийт монголчуудаас уучлалт гуйж, оюуны том бүтээлийн нэрийг сэвтүүлсэн гэмээ цайруулах хэрэгтэй гэж үзэж байна. Залуу үед маш буруу үлгэр дуурайллыг үзүүлж, хоёрдугаарт нутаг усыг минь гутаан доромжилсон ийм асуудал боллоо