Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Одбаяр: Нийслэлийн түгжрэлийг шийдэх найман гол зам 2024 он гэхэд ашиглалтад орж дуусна DNN.mn

Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Одбаяртай нийслэлийн авто замын шинэ бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.


-Улаанбаатарт шинээр баригдаж байгаа зам, гүүрийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн замын хөгжлийн газар дээр шинээр баригдаж байгаа байгууламжийн 27 төсөл арга хэмжээ хэргэжиж байна. Үүний 23 нь он дамжиж байгаа бол дөрөв нь энэ онд шинээр эхэлсэн. Нийт 27.3 км зам гүүрэн байгууламжууд дээр манай хэлтсийнхэн, хяналтын инженерүүд хяналтаа тавиад ажиллаж байна.

Түгжрэлийг сааруулах найман байршил дээр нийслэлийн төсвөөр бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Тодруулбал, Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламж, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам, Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын гүүрэн барилга, Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил, Гачууртын авто замаас Шархадны автобусын эцсийн зогсоол хүртэл 4,27 км авто зам, Улиастай голын 97,3 метр урттай төмөр бетон гүүрэн барилга, Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам гүүрэн барилга, Ээрмэлийн гудамжийг Туул голтой холбох авто зам, Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө авто замын байгууламжийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа гэсэн үг.

Түгжрэлийг шийдэх гол замууд гэж ойлголоо. Эдгээр бүтээн байгуулалтууд ашиглалтад ороход замын түгжрэлийг ямар хэмжээгээр шийднэ гэж тооцоолж байгаа вэ?

-Ерөнхий төлөвлөгөөг харахаар нийслэлийн гол гудамж замууд маш дутагдалтай байдаг. Зайсангийн гүүр, Улиастай Шархадны эцэс хүртэл, Наадамчдын өргөн чөлөөнөөс Энхтайваны өргөн чөлөө хүртэл, Ард Аюушийн өргөн чөлөө гэсэн гол дөрвөн зам байгаа юм. Энэ дөрвөн гол замыг шинэчилж байгуулснаар нийтийн тээврийн хүртээмж сайжирна гэсэн үг. ЖАЙКА-гийн судалгаагаар бол Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэл зорчилт хамгийн их байдаг. Түгжрэл Хархорин захаас эхлээд Саппорогийн уулзвар хүртэл байдаг. Үүн дээр дээгүүр нь холбогдох ёстой Толгойт-Ард-Аюушийн гол гудамж зам байдаггүйгээс бүх хөдөлгөөн Энхтайваны өргөн чөлөө рүү ороод Саппорогоор дамжиж гарч ирдэг. Тэндээс эхлээд түгжрэл арай гайгүй болдог. Яагаад гэвэл, Их тойруу байна, урдуураа Нарны зам руу холбогдоно, Саппоро гүүр давна гэх мэт байгаа юм. Ингээд явбал нийтийн тээврийн хүртээмж сайжирч, хүмүүс хувийн машиныхаа хэрэглээг багасгаж, нийтийн тээврээр зорчих боломжийг нь хангахын тулд гол гудмын замуудыг илүү түлхүү анхаарч байна.

-Бусад замуудаас онцлох бүтээн байгуулалтыг нэрлэхгүй юу?

-Он дамжин хэрэгжиж байгаа ажлууд байна. Зарим нь дууссан, зарим нь газар чөлөөлөлтөөсөө болоод шүүх дээр явж байгаа, гацчихсан ажлууд бий. Ихэнх нь газар чөлөөлөлттэй холбоотойгоор зогсдог. Иргэд маань газар чөлөөлөлт дээр үнийн дүн дээр санал зөрдөг, ингээд шүүх дээр очих болдог. Тодруулж хэлэх замууд гэвэл Дунд голын арын гүүрэн байгууламж бий. “UG ARINA” байгуулагдсанаас хойш тэнд түгжрэл үүсдэг болсон. Тиймээс Дунд голын зүүн талын гүүр, Энхтайваны гүүрэн дор маш их түгжирдэг. Тиймээс бид баруун талд нь гүүр барьж байгаа. “Ган гүүр” компани гүйцэтгэж байгаа 54,8 урт метр төмөр бетон гүүр барьж байна. Энэ гүүрийг ашиглалтад оруулснаар хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гэж байна.

Мөн Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх гурван км авто зам, гүүрний ажил эхлээд 70 хувьтай явж байна. Газар чөлөөлөлтөөс болоод бас зогсонги байдалд орчихсон. Буянт-Ухаа цогцолборын ордноос хойш Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын зам хүртэл 500 метр зам бий. Наадамчдын авто замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын барилгын ажил дуусах шатандаа орчихсон. Явган зам нь үлдсэн боловч дулааны шугам дээр трасс давхацсан учраас асуудалтай. Гэхдээ хөдөлгөөн бол нээчихсэн байх жишээтэй. Түүнээс гадна Хувьсгалчдын гудамжнаас 105 дугаар сургууль, Гүнжийн нуурыг дайраад VII хороо хүртэл 1,7 км авто замын бүтээн байгуулалт 86 хувьтай үргэлжилж байна. Хэсэгчилсэн газрууд дээр дулааны шугамтай огтолцож байгаа хэсгүүд дээр хавтангаар хийхээр төлөвлөөд асфальтын ажил бүрэн дууссан.

Хан-Уул дүүрэгт Хувьсгалчдын гудамжнаас Цогцолбор хүртэл 0,9 км зам 90 хувьтай хийгээд дуусч байгаа. River hills хотхоноос Зайсангийн гудамж хүртэл авто зам баригдаад хөдөлгөөн нээчихсэн. Улсын комисс хараахан ажиллаагүй байгаа. Шонхор худалдааны төвөөс Хорооны хэсэг хүртэл хатуу хучилттай 2,6 км зам байна. Сонгинохайрхан дүүрэгт Тоосгоны Хоёрдугаар гудамжнаас Хангай зах хүртэл хатуу хучилттай авто зам, дүүргийн соёлын төв дагуу 1.6 км хатуу хучилттай авто зам бий. Энэ нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хатуу хучилттай авто зам.

-Төвийн дүүргүүдийн хөдөлгөөн, түгжрэл их байдаг. Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд шинэ зам, барилга байгууламж баригдах уу?

-Төвийн дүүргүүд замууд нь харьцангуй болчихсон. Түгжрэл яаж үүсдэг вэ гэхээр хотын төв рүүгээ бүгд ирдэг. Ажлын байрны хэт төвлөрөл Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд үүсдэг. Хотын захаасаа бүгд ирээд төвдөө ажиллалаа, буцаад зах руугаа гардаг. Тиймээс үүн дээр бид Бага тойруу, Их тойруу дотроо явган болон дугуйгаар буюу авто машин бус тээврийн хэрэгслээр зорчих боломжийг нь бүрдүүлэх шаардлагатай болж байгаа. Энэ дүүргүүд дээр бол явган болон дугуйн замуудыг шинэчилж хийж байна.

Стандартаар явган хүний зам хамгийн багадаа 0.5 метр гэдэг. Ингээд хүлээлгээд өгчихдөг, яс юман дээрээ нэг хүн зөрөхөд ойролцоогоор 80 см зайтай байлаа гэхэд замыг нь нэг болон 1.5 метр хийчихээр хүмүүс зөрж чадахгүй болчихдог. Тиймээс Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт явган хүний замуудыг өнгөрсөн жилээс шинэчлэх ажлууд хийгдсэн. Тухайлбал, Их сургуулийн гудамж, Жамъянгүний гудамж, Парисын гудамж, Буянгийн зам дээрх явган хүний замуудыг шинэчилсэн. Энэ ажлууд үргэлжлээд явж байгаа. аль болох явган зорчих боломжийг бүрдүүлж, явган замын өргөнийг нэмж, скүүтэр дугуй унах боломжийг бүрдүүлэн ажилласаар байна. Нэг ёсондоо Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд ийм ажлууд түлхүү хийгдэж байна. Мэдээж засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэнэ.

-Замын бүтээн байгуулалтын ажлууд хэр хугацаанд үргэлжлэх бол. Хэзээ бүгд ашиглалтад орох вэ. Магадгүй тодорхой хугацааны дараа ийм бүтээн байгуулалт хийгдэж, нийслэлийн замын хөдөлгөөн ийм болно гэсэн тооцоолол байгаа байх?

-Дээр нэрлэсэн замын бүтээн байгуулалтын ажлдууд 2024 онд багтаж дуусах төлөвлөгөөтэй. Түгжрэлийн гол найман замыг 2024 оны зургадугаар сарын 1 гэхэд дуусах ёстой. Хамгийн сүүлд ашиглалтад орох зам гэвэл Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбосон буюу Гэмтэлийн эмнэлгээс Содон хороолол хүртэл зургаан эгнээ гол зам байгаа. Одоогоор яахав газар чөлөөлөлттэй холбоотой асуудлууд бий. Газар чөлөөлөлт 95 хувьтай хийгдээд явж байгаа. Газар чөлөөлөлт дуусчихвал зам барилгын ажил саадгүй явчихна.

Ер нь Монголд барилгын улирал маш хавчиг. Тавдугаар сараас аравдугаар сарын 30 хүртэл байдаг. Нэмээд бороо орно, замын ажил зогсоно, чийгээ хатаана гэх мэт хүндрэл бий. Энэ жилийн хувьд маш их бороотой байлаа. Замын ажил бараг нэг сар орчим хийгдээгүй. Иймэрхүү байдлаас болж хугацаа алдаж магадгүй. Аль болох шахаад явж байна.

-Яармагийн гүүр хэзээ ашиглалтад орох вэ?

-Дөрвөн гол гүүрэн байгууламжийн ажлууд байгаа гэж дээр ярьсан шүү дээ. Түүний нэг бол Яармагийн гүүр буюу Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүр. Энэ бол Монголын хамгийн урт гүүрэн байгууламж. Энэ гүүр маань 391.5 метр, 54.8 метр, 36.75 метр гэсэн гурван гүүрэн байгууламжаас бүрдсэн, дундаа хоёр холбоос замтай байгууламж баригдах юм. Одоогоор гүүрийн ажил 55 хувьтай явагдаж байна. Сая болсон үерийн улмаас түр зам нь эвдэрч, бүтээн байгуулалтын ажил жаахан удааширсан. Гүүрийг бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөх хугацааг ирэх оны зургадугаар сарын 1 гэж тооцоолж байгаа.

-Төмөр замын трассууд дээр гүүр, нүхэн гарц зэргүүд хийгдэх үү?

-Гурван гарц дээр нүхэн болон гүүрэн гарц хийхээр компани нь шалгараад явж байгаа гэдэг мэдээлэлтэй байгаа. Нарантуулын урд хэсгийн төмөр замын трасс, Таваншарын төмөр замын трасс зэрэгт хийгдэх төлөвлөгөөтэй юм билээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ч.Номин: “Монгол Улс дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв улс” гэсэн дүгнэлтийг эрдэм шинжилгээний хүрээнд гаргуулж ЮНЕСКО руу явуулж байна DNN.mn

Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засгаа солонгоруулах нэг гарцаа аялал жуулчлалын салбарыг болгосон. Тиймээс энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байх шиг байна. Саяхан “Нүүдэлчин Монгол-2023” дэлхийн соёлын фестивалийг зохион байгууллаа. Энэхүү фестивалиар ямар үр дүн гарав?

-“-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дунд хугацааны хөгжлийн бодлогын нэгэн тулгуур нь аж үйлдвэржсэн улс болох зорилт бөгөөд эдийн засгаа солонгоруулах нэгэн гарц нь аялал жуулчлалын салбар юм. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аялал жуулчлалын үндэсний хороо”-г байгуулж, ахлан ажиллаж байна. Уг хороонд БОАЖ-ын сайд, Гадаад харилцааны сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд, Соёлын сайд гэхчлэн олон сайд багтаж байгаа. Ингэснээр салбар дундын зохицуулалт илүү сайжирч байгаа юм. Энэ утгаараа манай яам Байгаль орчин аялал жуулчлалын яамтай маш нягт хамтарч ажиллаж байна. Аялал жуулчлалаа хөгжүүлж Монголын эдийн засгийн шинэ гарцыг нээхээр зорьж байгаа л бол бид өөрсдийгөө олон улсад таниулах нь чухал. Өөрөөр хэлбэл, бидний гол “хэрэглэгч, үйлчлүүлэгч” нь олон улсын жуулчид гэсэн үг.

Монгол Улс бусад 200 улсын адил дэлхийд өөрсдийгөө таниулах гэж яваа. Тиймээс тэрхүү 200 улсаас яаж ялгарах, яаж өөрсдийгөө таниулах вэ гэдэг нь бидний хамгийн чухал асуудал болсон. Засгийн газрын тогтоолоор Монгол Улсыг олон улсад сурталчлах, таниулах үндэсний хороог мөн байгуулсан. Тус хороог миний бие ахалж байгаа.

Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах томоохон ажлуудыг сүүлийн жилүүдэд Соёлын яам ахалж байгаа. Бид Монгол Улсын олон улсын сурталчилгааны стратеги төлөвлөгөөг хоёр жилээр гаргасан. Уг төлөвлөгөөний хүрээнд Монгол Улс дахь үнэт зүйл болох ардчилал, хүний эрх, цаашлаад аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн юун дээр тулгуурлах вэ гэхээр соёлын бүтээгдэхүүн дээр тулгуурладаг. Түүнчлэн Монгол Улсыг сурталчилж олон улсын хөрөнгө оруулалтыг татах гэхчлэн дөрвөн үндсэн чиглэлээр Монгол Улсыг сурталчлан таниулах ажлыг Соёлын яам хийж байна. Бид олон сувгаар дамжуулж Монгол Улсыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Зөвхөн хэвлэл мэдээлэл гэх бус Монголд томоохон арга хэмжээг зохион байгуулж байна. Түүгээрээ дамжуулж олон улсад өөрсдийгөө танилцуулж байна. Үүний нэг нь саяхан болсон Монголын эдийн засгийн чуулган. Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль. Энэ мэтчилэн олон арга хэмжээг дотооддоо хийхээр зорьж байна. Мөн Монгол Улс дэлхийн өөр оронд очиж өөрийн орноо сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, Welcome to Mon­golia. Үүнээс гадна соёл урлагийн байгууллагуудаар дамжуулж томоохон тоглолтууд хийж байна. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Японы NHK Hall-д Морин хуурын чуулга тоглосон. Тэгвэл удахгүй Австрали улсын Сиднейн дуурийн театрт мөн тоглох гэж байна. Өнгөрөгч жил Үндэсний урлагийн их театр Францад очиж тоглолт хийсэн. Энэ жил Францын Нант хотод очиж “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг гаргах гэж байна. Гэх мэтчилэнгээр олон арга хэмжээгээр дамжуулж Монгол Улсыг сурталчилж байгаа юм. Монгол Улсыг олон улсад ямар сувгаар сурталчилж байна гэхээр нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Үүний хүрээнд CNN ирж Монголыг сурталчиллаа. Хоёрдугаарт, залуусын сайн мэддэг, түлхүү хэрэглэдэг платформ дээр өөрийн улсыг таниулах ажлыг хийж байна. Энэ хүрээнд олон улсын олон дагагчтай инфлүүнсэрүүдийг авч ирж Монголыг сурталчлан танилцуулж байна.

-“Нүүдэлчин Монгол-2023” дэлхийн соёлын фестивалийн энэ жилийн онцлог нь юу байв?

-“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг “анх Соёлын өвийн тухай хуульд гурван жилд нэг удаа соёлын биет өвийн наадмыг зохион байгуулна. Соёлын биет өвийн наадмын хүрээнд судалгаа шинжилгээний ажлыг хийнэ. Соёлын өвийг тоолох чиглэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь соёлын биет бус өвийг дотооддоо сурталчлан таниулах, оршин тогтнох чадварыг нэмэгдүүлэх чиглэлтэй байсан гэсэн үг. Тэгвэл тус фестивалийг гурван жилд нэг удаа бус жил бүр зохион байгуулах, нүүдэлчин соёлын онцлогийг зөвхөн Монголд бус дэлхий таниулах нь чухал гэж үзсэн. Ингэснээр Монголын соёлын өвийг бид хүн төрөлхтний өмнө хадгалан хамгаалах үүргээ биелүүлэхээс гадна сурталчлан таниуах юм байна. Нөгөө талаас Монгол соёлын бахархал, дархлааг нэмэгдүүлэх юм байна гэж үзээд өнгөрсөн жилээс жил бүр зохион байгуулахаар болгож өөрчилсөн. Өнгөрсөн жил өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй болгож Монгол Улсын хэмжээнд хийсэн. Энэ жил олон улсын чанартай болгосон. Тиймээс ч “дэлхийн соёлын фестиваль” гэж нэрлэсэн. Фестивальд 10 гаруй орны 100 гаруй соёлын өв тээгч оролцсон. Монголоос мянга гаруй соёлын өв тээгч оролцсон. Энэ үеэр олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг хийсэн. Ингээд “Монгол Улс олон улсын нүүдлийн соёл иргэншлийн төв улс” гэсэн дүгнэлтийг эрдэм шинжилгээний хүрээнд гаргуулж ЮНЕСКО руу явуулж байна. Энэ бол бусдаас ялгаатай өөрийн өвөө бататгаж авч байгаа буюу дэлхийд бататгаж авч байгаа том ажил болж байна гэсэн үг. 90 гаруй нүүдлийн соёл иргэншилтэй улс байдаг. Тэдгээр улс Монголд ирж наадаж манай улсын нүүдлийн соёл иргэншлийг олон улсад таниулах, энэ соёл иргэншлийн үүсэл нь Монголоос эхлэлтэй юм шүү гэдгийг дэлхий дахинд мэдүүлэх чухал арга хэмжээ боллоо. Үүнээс гадна нүүдлийн соёл иргэншил тогтвортой, орчин цагтай нийцэж оршиж байгаа шүү гэдгийг бататгаж авах нь чухал. Энэ арга хэмжээний суурь тавигдаж байна гэж харж байгаа.

-Олон арга хэмжээг зохион байгуулж байна. Эдгээр ажлын бодит үр дүн эхнээсээ гарч байна уу?

-Монгол Улсыг урт хугацаанд олон улсад тогтмол сурталчлан таниулах ёстой гэж би боддог. Нэг удаа, эсвэл нэг жил хийгээд орхих ажил биш. Тиймээс бид эхний байдлаар хоёр жилийн хугацаатай стратегиа гаргаад ажиллаж байна. Монгол Улсыг тогтмол сурталчлах ёстой. Ингэж байж үр нөлөө үзүүлнэ. Аливаа компани өөрийнхөө бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай борлуулахын тулд тогтмол сурталчилгааг хийдэг шүү дээ. Жишээлбэл, Зөв аарцны ундааны сурталчилгааг бид тогтмол харж байгаатай адилхан манай улс ч мөн олон улсад өөрсдийгөө тогтмол танилцуулж байж үр дүн нь илүү далайцтай гарна. Одоо бол дөнгөж эхэлж байна. Гэхдээ үр нь эхнээсээ мэдэгдэж байна шүү дээ. Энэ жил БНСУ-аас олон жуулчин ирлээ. Солонгосчуудын шийдвэр гаргах дадал богино хугацаатай байдаг. Дөрвөн долоо хоногийн дотор аяллаар явах шийдвэр гаргадаг гэсэн судалгаа бий. Бид өнгөрөгч оноос эхлэн сурталчилгаа хийгээд эхэлсэн. Энэ жил Солонгосоос ирсэн жуулчин их байгаа нь богино хугацааны шийдвэр гаргадаг дадалтай нь холбоотой. Тэгвэл барууныхан урт хугацааны төлөвлөгөөтэй амьдардаг. Тэдгээр хүмүүст нөлөөлөхийн тулд бид энэ жил улсаа сайн сурталчилж байж үр дүн нь мэдэгдэнэ.

Сүүлийн жилд жуулчдын тоо эрс өсч байгаа нь сурталчилгаатай шууд холбоотой гэж би харж байгаа.

-Хариуцсан яамд байгууллагууд жуулчдын сэтгэл ханамжид хэрхэн анхаарч ажиллаж байгаа бол?

-Манайд олон жуулчин ирэхийн хэрээр эдийн засгийн эргэлт үүснэ. Тэрхүү эргэлтийн хүрээнд дараагийн хөрөнгө оруулалт орж байж энэ салбар хөгжинө. Аялал жуулчлалын салбарыг би өөрөө өөрийгөө тогтвортой хөгжүүлж авч явах боломжтой салбар гэж боддог. Хувийн хэвшлүүд тогтвортой авч явах боломжтой салбар л даа. Би энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд төр бодлогын зохицуулалтыг л хийх хэрэгтэй. Тэр нь Монгол Улсаа яаж дэлхий нийтэд таниулж, олон жуулчдыг Монголд авч ирэх вэ гэсэн бодлогыг Засгийн газар гаргах юм. Тиймээс л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргаж ирсэн бодлогын хүрээнд бид олон улсад Монголыг сурталчлан таниулах ажлыг хийж байна. Энэ утгаараа төрийн хийх ажил явж байна гэсэн үг.

Олон жуулчин ирснээр жуулчдын сэтгэл ханамжийг өндөр байлгах, сайн үйлчилгээг үзүүлэх дадал илүү ихэснэ. Мэдээж бид гол дэд бүтцийг бий болгох ёстой. Энэ ажил ч хийгдэж байгаа.

Монгол Улс 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож цогцоор нь харсан учраас салбар дундын зохицуулалтууд сайжирч байгаа. Жишээлбэл, манай яам олон улсад Монгол Улсаа таниулах ажлыг эрчимтэй хийж байна. Соёлын арга хэмжээнүүдээ сайжруулж байна. Соёлын бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлж байна. Үүнтэй адил Зам тээвэр, хөгжлийн яам агаарын тээврийн либералчлалаа хийж олон нислэгтэй болгох, ХЗДХ-ийн яам, Гадаад харилцааны яам визээ хөнгөвчилж, БОАЖ-ын яам ирсэн зочдын тав тухтай байх нөхцөлийг хангах гэхчлэн олон ажил зэрэг хийгдэж байгаа учраас хөгжих боломжтой болж байна.

-Жуулчдын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн үед өвлийн аялал жуулчлал чухлаар тавигдаж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Соёлын яам аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хоёр чиглэлд ажиллаж байна. Нэгдүгээрт нь, олон улсад Монголыг таниулж байна. Хоёрдугаарт, Монголд ирсэн жуулчдыг үзэх харах юмтай байлгах чиглэлд анхаарч байна. Энэ ч утгаараа үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг сүүлийн жилүүдэд хийж байна. Тухайлбал, Чингис хаан” музей нээгдлээ. Өмнөговь, Хэнтийд мөн томоохон музей нээгдлээ. Энэ бүхэн жуулчдыг үзэх харах юмтай байлгах бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлж байна гэсэн үг.

Түүнчлэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хийлээ. Наймдугаар сард ирсэн жуулчдыг үзэх үзвэртэй байлгах үүднээс нэг талаас зохион байгуулж байгаа юм. Жуулчид наадмыг зорьж ирдэг шиг наймдугаар сард “Нүүдэлчин Монгол” дэлхийн соёлын фестивалийг зорьж ирдэг болгохоор соёлын бүтээгдэхүүн болгож байгаа юм. Нийгмийн үр нөлөө талаас нь харвал бидний язгуур соёл болсон нүүдлийн соёл иргэншлийг сурталчлан таниулж байгаа хэрэг л дээ. Монгол соёлын дархлааг нэмэгдүүлж байгаа оюун санааны хөгжилд оруулж байгаа том ажил гэж хэлж болно.

Бид Монголд зохион байгуулагдах арга хэмжээгээ тооцож үзсэн. Монголд 69 арга хэмжээ зохион байгуулагдах юм байна гээд календарчилсан төлөвлөгөөг гаргаж тэр бүрд нь бодлогын түвшинд оролцож байгаа. Яам бол бодлого гаргадаг газар шүү дээ. Тиймээс бүх арга хэмжээг яам хариуцаж хийх боломжгүй. Үндэсний чанартай томоохон арга хэмжээг яам зохион байгуулна. Мэдэээж орон нутагтай хамтарч арга хэмжээнүүдийг ч зохион байгуулна. Тухайлбал, Дундговь аймагтай хамтарч гурван мянган уртын дуучин оролцсон “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулсан.

Яагаад дандаа үндэсний өв дээр тулгуурласан арга хэмжээг зохион байгуулдаг юм бэ гэсэн асуулт их тавигддаг л даа. Бид дэлхийд бусдаас онцгойрох зүйлээрээ л онцгойрно. Тэр бол бидний язгуур урлаг, үзэсгэлэнт байгаль, нүүдлийн соёлын бүтээгдэхүүн. Тиймээс үүнд зориулсан бүтээгдэхүүн буюу арга хэмжээгээ нэмэгдүүлж байгаа юм.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороогоор гарсан нэг том шийдвэр бол өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхааръя. Ямар арга хэмжээ зохион байгуулах вэ гэдгээ тодорхойлъё гэсэн. Манай яамнаас БОАЖ-ын яамнаас хамтарч хийж байгаа ажил бол жуулчдыг ирэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд илүү их анхаарч байна.

Олон улсад Монголыг сурталчлан таниулах үндэсний хороо бодлого, төлөвлөгөөг гаргаж системтэйгээр ажлууд хийж байна. Тийм ч учраас хүмүүс сонирхож эхэлж байна. Өмнө нь олон улсын түвшинд харьцахад Монгол гэдэг улс хаана байдгийг зарим хүмүүс мэддэггүй байсан бол өнөөдөр олон улсын түвшинд харьцаж, хэвлэлд нь ярилцлага өгдөг түвшинд очсон. Тэр ч бүүхэл Монголд өөрсдөө ирж сурвалжилга хийх хэмжээнд хүрлээ. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үндэсний хороо бол зөв системтэй, тогтвортой, бодлоготой ажиллаж байгаа учраас үр дүнтэй болж байна гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Айдас төрүүлсэн “АРД ТҮМЭНЧ”, дарамт болсон “ЭХ ОРОНЧ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого , газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батбол “Орлогод нийцсэн “Солонго” хорооллын барилгын ажил эхлэхэд бэлэн боллоо” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Шинэ сурагчийн бэлтгэлд багадаа 510 мянга, дунд ангийнханд 400 мянга зарцуулж байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Айдас төрүүлсэн “АРД ТҮМЭНЧ”, дарамт болсон “ЭХ ОРОНЧ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Улстөрчид бөхчүүдийнхээ допингийн шинжилгээг аргалж өгсөн гэв үү

“Таван толгой түлш”-ийнхэн ард түмнээ хуурч мөнгө угааж байсныг Б.Чойжилсүрэн илчиллээ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

АН-ын удирдлагад аль фракцаас хэн ч гарсан ардчилсан үзэл баталгаатай байгаа нь сайхан юм DNN.mn

Ардчилсан намыг бүгд анхааралтай харж байна. Гурван жил шахам хоорондоо зөрчилдөөнтэй байсан энэ нам сая удирдлагын багаа бүрдүүллээ. Л.Гантөмөр намын даргаар сонгогдсоноос хойш найман сарын дараа анх удаа ҮБХ-гоо ээлжит бусаар хуралдуулж, дэд дарга нараа томилов. Энэ хүртэл намын даргыг тойрсон хардлага нийгэмд бишгүй байсан. Л.Гантөмөр хүчгүй, сул дорой л гэнэ. Бас фракц бүлэглэлүүдтэйгээ тохиролцож чадахгүй болохоор томилгоо явуулахгүй байна гэх явган яриа хүн болгоны амнаас гардаг байв. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд таван тийш харчихсан байсан АН-ыг нэг цул болгож, ойлголцоход багагүй хугацаа орсон биз. Харин ч АН хурдан зохион байгуулалтад орох шиг боллоо.

Энэ удаагийн ҮБХ-ны ээлжит бус хурлаар баталсан АН-ын удирдлагын багийг харахад нам нэлээд цэгцэрч, эвлэжээ. Л.Гантөмөрийн оруулж ирсэн нэрсийг ҮБХ-ны гишүүд санал нэгтэйгээр баталж байсан. Ер нь фракцуудын тэнцвэрийг боломжийн хангаж чадсан томилгоо боллоо гээд намын гишүүд нь ч сэтгэл хангалуун байна лээ. АН-ын 16 дэд даргыг харж байхад Х.Баттулгын фракцаас нэлээд суудал авчээ. И.Мөнхжаргал, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ш.Жандос гэсэн зургаан хүн намын удирдлагад орж ирэв. Уг нь Женко тусдаа нам байгуулахаар шулуудсан гэж байсан. Мань эр хөдөө орон нутгаар явж, иргэдтэй уулзсан боловч дэмжлэг авч чадаагүй гэх юм билээ. Нэгэнт ардчилал хэмээх үнэт зүйлээр АН-тай холбогдсон болохоор салж явж чадахгүй нь энэ томилгооноос уншигдаж байна. Харин С.Баярцогтын талаас Ж.Баярмаа, П.Батчимэг, Р.Эрдэнэбүрэн, Ч.Өнөрбаяр, Р.Амаржаргал нар намын дэд даргаар томилогдлоо. Ж.Баярмаа, Р.Эрдэнэбүрэн нар “Од” клубийнх. П.Батчимэг бол талийгаач Г.Батхүүгийн төрсөн дүү. Тэрбээр МҮАН-ыг төлөөлж байгаа бол Р.Амаржаргал МҮДН фракцийнх. Улс төрийн хүрээнийхэн тэднийг С.Баярцогтын дэмжлэгтэйгээр АН-ын дэд дарга болцгоолоо гэж байна. Яг үнэндээ С.Баярцогтын бодлогыг дэмжиж ажиллах итгэлт баг нь ч байж мэднэ. Тэднээс гадна АН-ын 16 даргын жагсаалтад бичигдсэн Ц.Жадамба, С.Буяндэлгэр нар “Морьтон” клубийн залуус.

Ц.Жадамба бол АН-ын аппаратад чамгүй олон жил ажилласан, улс төрийн туршлага арвинтай. Харин С.Буяндэлгэр төрд ажилласан хугацаа нь бага ч сайн эдийн засагч гэж үнэлэгддэг. Тэд хоёулаа 1980-аад оны төлөөлөлд багтана.

Энэ удаагийн томилгоонд С.Эрдэнийн талаас нэг хүн орж ирсэн нь Л.Уртнасан байв. Тэрбээр С.Эрдэнийг ХНХ-ын сайд байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан гэдгийг бүгд мэднэ. Мөн С.Эрдэнийн хүүтэй ижил нэртэй Э.Одбаярыг Л.Гантөмөрийн дэмжлэгтэй АН-ын дэд дарга нарын нэг болсон гэх юм билээ. Зарим нь Ц.Тувааны хүн ч гэж ярьдаг. Ийнхүү АН-ын дэд дарга нар томилогдож, Улс төрийн зөвлөл шийдвэр гаргах эрх зүйн чадамж бүрдэв. Үндсэндээ 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ намын улс төрийн шийдвэр гаргах бүтэц тодорхой бус явж ирсэн юм.

Ямартай ч Л.Гантөмөр ирэх жилийн сонгуульд намаа манлайлж оролцох удирдлагын багаа ингэж бүрдүүллээ. Томилгоотой зэрэгцээд энэ 16 дэд даргын хэн ч жагсаалтад орж ирэхгүй гэх яриа гарчээ. Яахав наанаа эд нар ингэж хаацайлж байгаа ч гэсэн цагаа тулахаар яаж ч эргэж болно.

Үнэн хэрэгтээ бүгд сонгуульд нэр дэвшихээр амбицалж байгаа улс шүү дээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн квотыг хангах зорилгоор П.Батчимэг, Ж.Баярмаа нар хамгийн түрүүнд бичигдэж л таарна. Ялангуяа П.Батчимэгийн хувьд сонгуульд оролцоход намынхаа гол санхүүжүүлэгч нь болж харагдаж байгааг үгүйсгэхгүй. Одоохондоо АН-ын шинэ дэд дарга нар сонгуульд ялалт байгуулахын тулд намаа сайн удирдан зохион байгуулна гэсэн үүрэг, амлалт өгч байна. Тэрнээс чухал том асуудал бол генсекийн томилгоо. Ойрын үед АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх марафон нэлээд эрчимжих байх. Намын дарга ямар ч нэр цухуйлгаагүй. Саяхныг хүртэл хэд хэдэн хүн байнга яригдаж байсны дотор С.Баярцогт, Ч.Өнөрбаяр, Э.Одбаяр нар нэрлэгддэг байв. Тэгвэл тэд одоо бүгд намын удирдлагад орж ирсэн болохоор генсект өөр хувилбар яригдаж эхэлсэн нь мэдээж.

Ингэхэд АН-ын генсекийг хүмүүс том эрх мэдэлтэй, бүх мөнгө санхүү дээр гарын үсэг зурдаг, улс төрийн гол, гол шийдвэр гаргаж, томилгоо хийдэг албан тушаал гэж хараад байх шиг. МАН-ын генсек Д.Амарбаясгалан шиг бодоод ач холбогдол өгөөд байна. Яг үнэндээ АН-ын генсек хүн МАН-ын генсек шиг байж чадах уу. Намын даргаар сонгогдсон Л.Гантөмөр, Тэргүүн дэд даргаар томилогдсон С.Баярцогт нар тийм амархан бүх эрх мэдлээ генсектээ даатгачихаад өөрсдөө бэлгэдлийн чанартай суух улс уу. Ер нь АН-ын шинэ дүрэмд генсек гэж хүн ямар эрх мэдэлтэй, ямар хариуцлага хүлээнэ гэж тусгасныг эргүүлж харах нь зөв байх. Өнөөдрийн нөхцөл байдалд АН-ын генсек бол намын эв нэгдлийг хангахын тулд харилцааны өндөр ур чадвартай, аль нэг фракцад харьяалагддаггүй, улс төрийн туршлагатай тийм хүнийг сонгоно гэсэн хүлээлт намын гишүүдэд нь бий. АН эв цавандаа ороод удаагүй, эмзэг байгаа энэ үед аль нэг фракцийн творищ генсек болчихвол намыг савлуулчихаж мэднэ гэсэн болгоомж байх шиг. Сонгууль ойртсон энэ үед улс төрийн дайралттай бишгүй нүүр тулна. Тэгэхээр ямар ч үед намд ирж байгаа гадна, дотны бүх галыг өөр дээрээ авч чадах хэмжээний хашир улстөрчийг томилохоо эрхбиш мэдэж байгаа байлгүй. Гэхдээ Л.Гантөмөр өөрөөсөө ахмад хүний нэрийг ҮБХ-д оруулж ирэхгүй нь лавтай. Үгэнд нь орж, үзэл санаа нэгтэйгээр бодлогыг нь дэмжиж ажиллах тийм хүнийг санал болгох биз.

Сая АН-ын дэд дарга нарыг томилсон ҮБХ-ны хурлыг албан ёсоор хаагаагүй. Тиймээс ойрын 14 хоногтоо багтаад ҮБХ-ны дарга хурлаа зарлаж, генсекийн суудлыг эзэнжүүлэх болов уу. Тэр өдөр хамтын удирдлагын хүрээнд генсек хийж чадах хүн хэн бэ гэдэг нь тодорхой болно.

АН-ын аль ч фракцаас хэн ч удирдлагын багт гарч ирсэн бай, ардчилал гэх том үзэл санаан дээр бүгд нэгддэг нь сайхан. Хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө бол ардчиллын амин сүнс. Ийм үнэт зүйл дээр АН-ынхан ялгарч чаддаг. Сонгууль ч хаяанд ирлээ. АН-д ч ард түмэн итгэл найдвар тавьж байна. Тэгэхээр та бүхэн Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэдгээ ухамсарлаж иргэдийнхээ итгэлийг алдаж болохгүй шүү.

 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа юм DNN.mn

Аливаа улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын гол цөм нь ардчилал дээр тогтож байдаг. Энэ нь ард түмний эрх чөлөө, нийгэм дэх тэгш эрхийн баталгаагаар хэмжигдэж байгаа. Өнөөдөр монголчууд бид үг, үзэл бодлоо хэнээс ч айж, эмээхгүйгээр чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон. Хүссэн газар руугаа аялж, дуртай хувцсаа өмсч, амтлахыг хүссэн хоол хүнсээ арвин сонголттойгоор хүртэж байна. Урлаг, спортын бүх төрлийг эх орондоо дэлгэрүүлж, хөгжүүлж байна. Чөлөөт хэвлэлтэй, бас ард түмний оролцоотой төрөө байгуулж чадаж байна. Жирийн иргэд нь төр засгийнхаа болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг ямар ч цензургүй шүүмжилчихдэг ийм эрх чөлөөтэй нийгэмийг монголчууд бид бүтээсэн. Энэ бүгд ардчиллын л буян. Ингээд харахаар ардчилал бол том зургаараа манай улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Магадгүй бид хуучин нийгмээсээ салаагүй байсан бол өнөөдрийн энэ амьдралаа, дэлхийн хөгжлийг хаалттай цонхны цаанаас хараад мөрөөдөж суух байсан биз. Ганц хүнийг орой дээрээ залсан, түүний дарангуйлалд байдаг орны зовлон дэндүү их. Энгийнээр хэлэхэд “Хөмөрсөн тогоон доторх хуучин хүү” гэдэг шиг л дэлхийд гадуурхагдана. Хамгийн аюултай нь нэг хүний мэдэлд захирагддаг орон гадны ямар нэг улсыг гар хөл болохдоо амархан. Тэгвэл ардчиллаар дархлагдсан орны язгуур эрх ашиг руу хэн ч халдаж зүрхэлдэггүй. Логикийн хувьд ийм л ялгаатай.

Бид ардчиллын замд ороод ердөө 30-аадхан жил болж байна. Урьд өмнө нь энэ нийгэмд амьдарч байгаагүй болохоор мэдээж алдаа, оноо бишгүй л байлаа. Төдийгөөс өдий хүртэл хэрүүлтэй, уруултай тэсч ирсэн. Энэ бол ардчилсан орон болгоны туулдаг л замнал. Манай улсын хувьд ардчиллын гол тулгуур багана бол Ардчилсан нам. Энэ нам бойжилтынхоо үед сайнтай, муутай бүхэнтэй нүүр тулсан нь үнэн. Хэрэлдэж, хэлэлцэж, унаж, боссоор өнөөдөртэй золгож байна. Ардчилсан намын асуудал бүр нь нийгэмд ил. Ардчилал хөгжсөн барууны орнуудад ч ийм л байдаг. Ялангуяа 2020 оны сонгуулиас хойш Ардчилсан нам нэлээд бужигнаантай байв. Дээрээ жаахан маргаантай байдаг юм шиг байгаа. Харин сүүлийн үед эв зүйгээ олж, сүрхий зохион байгуулалтад орж эхэлсэн нь сайн байна. Л.Гантөмөрийг намын даргаар Улсын дээд шүүхэд бүртгүүлснээс хойш Ардчилсан нам ерөнхийдөө цэгцрэх өнгөндөө орсон. Мэдээж хэсэг хугацаанд үзэл бодол, эрх ашгаараа хуваагдчихсан байсан улсыг нэг туган дор цул болгоно гэдэг тийм ч амар ажил биш. Таван тийш тарсан намын гишүүдээ бөөгнүүлж, ойр ойрхон уулзаж, ярилцахаас өгсүүлээд хугацаа их орно. Намаа эв цаванд оруулахад залуучууд идэвхтэй байгаа харагдана лээ. Тиймдээ ч намын даргыгаа батламжилснаас хойш найман сарын дараа анх удаа буюу өчигдөр ҮБХ-ны хурлаа хийж, намын дотоод бүтцээ ярилцах шиг болсон. Бас л хэл амтай, хэрүүл нь нийгэмд ил болж байгаа харагдана лээ. Ямартай ч Ардчилсан нам зохион байгуулалтад орж байгаад Монголын ард түмний сэтгэл санаа өөдрөг байгаа. Ардчилсан намд итгэл найдвар ч тээж байна.

Ардчилсан нам одоо интитуци болоход бэлэн байгаа. Хүнээр бодоход 30 нас гэдэг бол эрийн цээнд хүрсэн сайхан үе. Сурч боловсорчихсон, чамгүй ажлын туршлага хуримтлуулчихсан энэ насанд асуудлын алдаа, оноог хөрсөн дээр дэнсэлж чаддаг, тодорхой амьдралын туршлагатай болсон нас. Ингээд бодохоор Ардчилсан нам ид хийж бүтээдэг, эрч хүчтэй үе дээрээ байна. Та нар хоорондоо хангалттай хэрэлдэж, муудалцлаа. Одоо “Монголын тусгаар тогтнолын баталгаа яах аргагүй Ардчилсан нам мөн” гэдгийг ухамсарламаар байна. Үүнийг Ардчилсан намын аль ч гишүүн дотроо бодож, хариуцлагатай хандах ёстой.

Ер нь манай нийгэмд Ардчилсан намын гишүүдэд тээдэг гомдол харагдаад байдаг. Тэр нь бизнест халтай хуулиуд баталсан гээд байх юм билээ. Тухайлбал, уул уурхайн лицензүүдийг цөмийг нь зогсоосон. Дахиж хайгуулын лиценз олгохооргүй болгосноор Монголоос хөрөнгө оруулагчид татгалзах шалтгаан болсон. Үүнээс гадна АМНАТ, Гэнэтийн ашгийн албан татварын тухай хууль гээд зах зээлийн эдийн засгийн эсрэг хуулиуд бүгд Ардчилсан намын автортай. Бизнест хүйтэн хандсан элдвийн хуулиудыг Ардчилсан намынхан санаачилж, энэ олон хүний сэтгэлд юм хийчихсэн байдаг. Тиймдээ ч барууны зах зээлийн эдийн засгийг эх орондоо цогцлооход элэг муутай хандсан Ардчилсан намынханд одоо хүртэл хүмүүс гомдол тээж яваа харагддаг. Тэгэхээр Ардчилсан намынхан өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэйг нийгмийн шүүмжлэл сануулаад байна. Та нар Монгол Улсын ирээдүйг сайн сайхан авч явахад асар том үүрэгтэй гэдгээ мартах ёсгүй.

Сүүлийн үед Ардчилсан нам зохион байгуулалтад орж байгаа нь сайн байна. Гадаад, дотоодод сурч боловсорсон залуучууд намын шинэчлэлийн талаар сүрхий дуугардаг боллоо. Нийгэм ч хүчтэй сөрөг хүчний дуу хоолой, байр суурийг үгүйлж байна. Энэ бол Ардчилсан намд итгэх ард түмний итгэл найдвар юм. Цаашлаад Ардчилсан нам барууны эдийн засгийг, ардчиллыг хөгжүүлэхэд тууштай явна гэдэгт ард түмэн найдаж, хүлээж байгаа. Иймд та бүхэн монголчуудынхаа итгэлийг мартаж болохгүй. Ардчилсан нам бол Монголын тусгаар тогтнолын баталгаа гэдгээ ч умартаж болохгүй. Юуны төлөө баруунд боловсрол эзэмшсэн даргатай болсон билээ дээ. Өмнөх шигээ попрохгүй, зах зээлийн эдийн засгийг дэмжсэн бодлого баримтална гэдэгт ард түмэн итгэж байгаа шүү.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт

О.Солонго: Манай тамирчид олны яриад байгаа шиг өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн үйлдэл гаргаагүй DNN.mn

Волейболын спортын дасгалжуулагч, спортын мастер О.Солонготой ярилцлаа.


 

-Өнгөрсөн өдрүүдэд Зүүн Азийн залуучуудын наадам боллоо. Волейболын багийн тамирчид мөнгөн медаль зүүлээ. Дасгалжуулагчийн хувьд сэтгэл хангалуун байна уу?

-Манай тамирчид ганцхан сарын хугацаанд нэгдсэн бэлтгэлд хамрагдаад л тэмцээнд оролцсон эмэгтэй шигшээ баг мөнгө, эрэгтэй нь хүрэл медаль зүүлээ. Манайхан өөрийн талбайдаа байгаа боломжоо дүүрэн ашиглаж тоглолоо. Цаашид Азийн хэмжээнд гарч өрсөлдөх боломжтой нь энэ тэмцээнээс харагдлаа. Илүү түвшин ахихад өөр зэрэглэлийн дасгалжуулагчид хэрэгтэй болов уу гэж харлаа. Яг энэ тэмцээний тухайд шигшээ багийн дасгалжуулагч байгаа нөөц боломжоо тултал ашиглаж сайн амжилт үзүүллээ.

-Волейболын спорт арай өөр түвшинд гарч ирэв үү?

-Монголын зарим тамирчид гадаадын лигүүдэд легионероор тоглодог боллоо. Б.Батсуурь, Г.Баярсайхан гээд залуус тоглож байна. Энэ бол хөгжиж байгаагийн нэг баталгаа мөн. Гэхдээ Азийн түвшинд очиж өрсөлдөхөд багадаа 2-6 жилийн хугацаа хэрэгтэй. Волейбол өөрөө багийн спорт. Дээд зэргийн ойлголцол шаардлагатай. Бүр багаас нь хамтад нь бэлтгэж байж л амжилт гаргаж болно. 8-9 настайгаас нь хэдэн хүүхдийг хамт бэлтгэсэн хүүхдүүд баг болж тоглох нь амжилт гаргах илүү магадлалтай. Илүү ойлголцоно гэсэн үг л дээ. Олон улсад ч сайн багийн суурийг ингэж л бэлддэг.

Манайд бол энд тэнд бэлтгэгдсэн хүүхдүүд баг болохоороо хэн нэг нь тодрох гээд байдаг талтай. Хоорондоо сайн ойлголцдоггүй.

-Шинэ түвшинд гарахад системтэй бэлтгэл хэрэгтэй гэж хэлж байна уу, та?

Тийм. Бүр багаас нь бэлтгэх хэрэгтэй. Өнөөдөр манайд тийм боломж алга. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийгээд явж байгаа тамирчид л олон улсын тэмцээнд оролцож байна. БНСУ болон БНХАУ-д зөвхөн волейбол тоглож, бэлтгэлээ базаагаад явдаг. Бүх зүйлээ зөвхөн волейболд зориулдаг. Зөвхөн бэлтгэлээ хийгээд явах боломж өнөөдөр манайд байхгүй байна. Цогцоор нь харж бодлогоор хөгжүүлэх нь хэрэгтэй гэж хардаг юм. Өнөөдөр манайд яг мэргэжлийн тамирчин болохоор зорьж волейболын бэлтгэлд очдог хүүхэд хэд болдоо. Тун цөөхөн байх. Төлөвшил олж авах, цагийг боловсон өнгөрүүлэх гээд олон төрлийн л зорилготой. Яг мэргэжлийн тамирчин болж, олон улсад гарна гэх зорилготой хүүхэд бараг байхгүй. Жишээ нь жүдо бөхийн бэлтгэлд орж буй тамирчин олимпын аварга болно гэж хэлдэг. Волейболд орж буй хүүхэд тийм биш.

-Сая эмэгтэй шигшээ баг алтан медалийн төлөөх тоглолтын өмнөхөн БНХАУ-ын багийн эсрэг гаргасан үйлдэл шүүмжлэл дагууллаа. Олны шуугиад байгаа шиг тийм ёс зүйгүй үйлдэл үү?

-Хэвийн л үзэгдэл. Үүнд ач холбогдол өгч зохион байгуулалттайгаар дайрч байгаа үйлдлийг би ойлгохгүй байгаа. Бие халаалтын үеэр л давуулалт гүйцэтгэсэн төдий шүү дээ. Олны яриад байгаа шиг өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн асуудал огт биш. Угаасаа л торны хоёр талд зогсож байгаад л бие халаалтаа хийдэг спорт. Энд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудал огт байхгүй. Ёс зүй гэдэг өөрөө волейболын спортоос үүдэлтэй. Манай багийн охидоос тийм зүйл гарахгүй. Үүнд эргэлзэж шүлсээ үсчүүлээд хэрэггүй ээ. Ядаж зааланд очоод нэг өдрийн бэлтгэлийг нь анзаарвал таны амнаас тийм үг гарахгүй л болов уу.

-Ёс зүй волейболын спортоос үүдэлтэй гэв үү, та?

-Тийм. Япончууд ёс зүй, хариуцлагаараа гайхагддаг улс. Энэ нь волейболын спорттой холбоотой гэж хэлж болно. Учир нь Японы волейбол үндэсний спортын хэмжээнд хөгжсөн байдаг. Манайхан хоорондоо бөх барилддаг шиг Японд волейбол тоглодог. Тэдний дундаж наслалт өндөр байдаг нь ч үүнтэй холбоотой.

-Манайд волейболын спортоор дагнаж хичээллэдэг хүүхэд хэд байна вэ?

-Нэг үеэ бодоход түгээмэл болсон. Волейболын лигийн тэмцээний үеэр зааланд хөл гишгэх зайгүй олуулаа цуглаж үзэж байна. Ур чадвар нь ч тодорхой хэмжээнд ахисан талаар би онцолсон. Үүнийг дагаад хичээллэх хүүхдийн тоо нэмэгдсэн. Энэ бол сайн мэдээ.

-Волейболын бэлтгэлд тодорхой хугацаанд хамрагдсан хүүхэд нийгэмд ямар иргэн болж төлөвших вэ?

-Хамгийн чухал нь эрүүл мэнд. Системтэй бэлтгэлд хамрагдсан хүүхэд эрүүл чийрэг бие бялдартай болно. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ гэсэн үг. Хоёрдугаарт ёс зүй. Би бус, бид гэсэн сэтгэхүй волейболоор хичээллэсэн хүүхдэд тодорхой хэмжээнд сууж өгдөг. Хамгийн чухал нь бусдын өмнө хариуцлага хүлээх, алдаагаа ухамсарлаад явах чанарт суралцдаг. Өнөөдөр ийм хандлага их ховор болсон шүү дээ. Алдаа дутагдлыг бусдаас л хайгаад, бусад руу буруу чихээд байдаг. Багийн спортоор хичээллэсэн хүүхдээс ийм зан бараг харагддаггүй. Волейболын заалаар алхсан хүүхэд бүр шигшээ багт хамрагдаж, олон улсын тэмцээнд оролцох алба байхгүй. Тийм боломж ч байхгүй. Ажил дээр гараад багаар ажиллахад гологдоод, ад үзэгдээд байхааргүй тийм ёс зүйг волейболын заалаас авна. Одоо үед бол хамгийн чухал үнэлэмж нь болсон гэж хувьдаа хадаг юм. Энэ спортын өөр нэг гоё чанар нь хамт олныг нэгтгэдэг. Албан байгууллагаараа заал аваад волейбол тоглоход ямар сайхан уур амьсгал бүрддэг гэж санана. Ийм соёлыг албан байгууллагуудад нэвтрүүлэх хэрэгтэй санагддаг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Ромын Папын Монголд илгээсэн элч нар​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа. Тэрбээр “Монгол Улс дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв улс” гэсэн дүгнэлтийг эрдэм шинжилгээний хүрээнд гаргуулж ЮНЕСКО руу явуулж байна” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Одбаяр “Нийслэлийн түгжрэлийг шийдэх найман гол зам 2024 он гэхэд ашиглалтад орж дуусна” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Ромын Папын Монголд илгээсэн элч нар” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“АН-ын удирдлагад аль фракцаас хэн ч гарсан ардчилсан үзэл баталгаатай байгаа нь сайхан юм” хэмээв.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Монгол дахь Ариун гэр бүл сүмийн итгэгчид Пап Францисын илтгэлийг хүлээж байна.

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах төлөвтэй гарчээ.

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг: Нийслэлийн орлогч З.Төмөртөмөөг нийт харааны бэрхшээлтэй иргэдээс уучлалт гуйхыг шаардаж байна” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

 


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Э.Цолмон: Иргэний боловсролын хичээлийн агуулгаас өөрийгөө дөвийлгөх, бусдыг ялгаварлан гадуурхах үзэл харагдаж байна DNN.mn

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь Хөтөлбөрийн газрын Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмонтой ярилцлаа.


-Хүүхдийг “Ивээх Сан”-гийн зүгээс иргэний боловсролыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн нь бидний сонирхлыг татаж байна. Та төслөө товч танилцуулна уу.

-Монгол Улс Үндсэн хуульдаа улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож байгаа улс болохоо зарласнаас хойш өдгөө 31 жил улирч байна. Бид 2020-2022 онд “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг хот хөдөөд хоёр жилийн хугацаатай, судлаачид, иргэний нийгмийн нөхөдтэйгөө хамтран сурагч, оюутнуудыг оролцуулан хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд, ардчилсан засаглал, иргэдийн оролцооны талаар зааж буй иргэний боловсрол, нийгмийн ухааны хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд шинжилгээ хийж, ардчиллын талаарх ойлголтын талаар өсвөр үеийнхэн, залуучуудын дунд судалгаа хийсний үр дүнд залуучууд ардчилсан үнэт зүйлсийг өөрсдөөсөө хол биш илүү ойроор хүлээж авахыг бид дэмжих хэрэгтэй нь харагдсан юм. Иргэд ардчиллын үнэт зүйлсийн талаар мэдлэгтэй байх тусам оролцоотой байна. Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын тулд оролцоогоо нэмэгдүүлж, хяналтаа сайжруулах ёстой. Иргэдийн оролцоо нь ардчилсан засаглалыг хамгаалах, хөгжүүлэх гол тулгуур учраас иргэний боловсролд ардчиллын үнэт зүйлсийн талаарх агуулга чухал байдаг.

-Та сая сурах бичгийн агуулгын судалгаа хийгдсэн талаар дурдлаа. Үүний үр дүн ямар байна вэ?

-Бид төслийнхөө хүрээнд иргэн болохуйд бэлтгэх агуулга талаас нь сурах бичгийн агуулгыг судлаач, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран шинжилсэн.

Иргэний боловсролын агуулгаар дамжуулан уламжлал, зан заншил гэсэн агуулгаар хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхсан ойлголтыг хүүхдэд улам бэхжүүлж хоногшуулах, хүйс, нийгмийн байдал, үндэс угсаа, арьсны өнгө, мэргэжил зэргээр ялгаварлан гадуурхах нь хэвийн гэсэн ойлголтыг түгээх сөрөг үр дагавар ажиглагдаж байсан. Мөн түүхэн тайлбарыг хийхдээ шовинист буюу бусдаас өөрийгөө дөвийлгөх үзэл шингэсэн төдийгүй эх оронч байх гэсэн ойлголтын цаана бусад үндэстнээс аугаа, илүү гэсэн санаа давхар агуулж байгааг анхаарвал зохих талаар манай судалгааны баг маань зөвлөмждөө тусгасан. Жендэрийн мэдрэмж, түүнийт тэнцвэртэй байдлыг хангах, жендэрийн эрх тэгш байдлыг зөвхөн хоёр хүйсээр илэрхийлж байгаа нь нийгмийн ялгаатай, цөөнх бүлгийг хүлээн зөвшөөрөх хандлагыг төлөвшүүлэхэд учир дутагдалтай. Сурах бичгийн агуулгыг хүний эрхийн өнцгөөс нягтлан харахад тэгш байдлыг хангах, үл ялгаварлах, иргэний оролцоо, эгэх хариуцлагын талаар цогц, уялдаа холбоотой, өргөн хүрээг хамарч, иргэний нийгэм, төрийн байгууламж, мөн хувийн хэвшлийн үр нөлөөг тэнцвэртэй, түншлэгч байдлаар дүрслэн үзүүлэх шаардлага нийтлэгээр харагдаж байна. Сурах бичгийн агуулга нь багшид суралцагчидтай харилцах, тэдний суралцаж байгааг удирдан чиглүүлэхийн хамт сургалтын стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ажиллахад удирдлага болдог. Сурах бичгийг сургалтын стандарт, хөтөлбөрөөс шалтгаалан өөрчлөх, эсвэл хэвлэхгүй хоцроох, нэг бол багшийн арга зүйг заагаагүй үед хэвлэн тараах нь сөрөг үр дагавартай бөгөөд суралцагчийн зүгээс сурах бичигтэй байсан ч агуулгыг бүрэн ойлгохгүй байх нөхцөл бүрддэгийг бас судлаачид маань дурдсан байгаа.

-Иргэний боловсролыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын чиг хандлага ямар байдаг юм бэ?

-Олон улсын туршлагаас үзэхэд тухайн улсын зүгээс өөрийн үндэстний амин чанарт тулгуурлан дэлхий дээр амьдрах хүн төрөлхтний идэвхтэй гишүүн байхын тулд суралцагчдын үйл хэрэг болгох чадамжийг тусгайлан анхаардаг. НҮБ, Европын зөвлөлийн хүний эрхийн боловсрол, ардчиллын боловсрол, иргэний боловсролын агуулгын хүрээг чадамжаар нь дараах байдлаар илэрхийлж байгаа нийтлэг хандлага байна.

Үүнд: 1. Хүмүүс хоорондын харилцааны ур чадвар: Харилцааны ур чадвар, зохион байгуулах ур чадвар, багаар ажиллах, хамтрах, нийгэмтэй харьцах, хамтран амьдрах, нинжин сэтгэл, хичээл зүтгэл гэж юу болох, яагаад чухал болох; 2. Хувь хүний ур чадвар: Өөрийн хүмүүжил, бие даан сурах чадвар, уян хатан, дасан зохицохуй, өөрийгөө мэдэх,тууштай байдал, өөрийгөө сэдэлжүүлэх, идэвх чармайлт гэж юу болох, яагаад чухал болох, өөрийн хүндлэл, чигч байдал/integrity; 3. Шүүн тунгаах, шинийг санаачлах сэтгэлгээ: Бүтээлч байдал, энтерпренер сэтгэлгээ, эх сурвалжтай харьцах, хэрэглээний ур чадвар, эргэцүүлэх сэтгэлгээ, үндэслэлтэйгээр шийдвэр гаргах; 4. Мэдээлэл, харилцаанд нэвтэрсэн байдал: Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ёс зүйтэй хэрэглэх, мэдээлэл, медиа агуулгыг шүүн тунгаах чадвар, мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан мэдээлэл авах, задлан шинжлэх чадвар; 5. Иргэний боловсрол: Өөрийгөө мэддэг байх, нээлттэй байх, ялгаатай байдлыг хүлцэн тэвчих, хүндэтгэх, зөрчилдөөнийг шийдвэрлэх хариуцлага, ур чадвар, ёс зүйн болон соёл хоорондын ойлголттой байх, ардчилсан оролцоо, эх дэлхий байгаль орчноо хайрлах/хүндэтгэх болон үндэсний амин чанар бөгөөд хамаарал, ижилсэхээ мэдрэх мэдрэмжийн асуудал, 6. Бусад: Эрүүл амьдралын хэв маягийг таашаах, шашны үнэт зүйлсийг хүндэтгэх зэрэг чадамжуудыг ерөнхий агуулгад оруулах чиглэлтэй байна.

-Хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинжлэхээс гадна хүүхдүүдийн ойлголт хандлагыг бас тодруулсан юм байна. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Иргэний ёс зүйн боловсрол, нийгмийн ухааны хичээлээр ардчиллын тухай ойлголтыг залуучууд хэрхэн олж авдаг вэ, хичээлээр авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж чаддаг уу, төрийн байгууллага болон ардчиллын үйл явцад залуус оролцохдоо ардчилсан үнэмшлээ ашиглаж чадаж байна уу? Эдгээр асуултад илүү оновчтой хариулт олж авсанаар ардчиллын талаарх залуусын өнөөгийн түвшнийг үнэлж цэгнэх боломжтой. Судалгаанаас үзэхэд, ардчилал, түүний үнэт зүйлсийн талаар эерэг бодолтой буюу ардчилал нь тэдний өнөөдрийн болон ирээдүйн амьдралд маш чухал нөлөөтэй зүйл гэж олонхи, залуус үзэж байна. Залуучууд ардчилал, ардчиллын үнэт зүйлсийг мөнгө, эдийн засгийн боломж зэргээс илүү ач холбогдол өгч үнэлж байна. Мөн Монгол Улс ардчилсан улс байж хөгжих нь үнэт зүйл мөн гэж тэдний 83.6 хувь нь хариулжээ Залуучууд хүний эрхийг дээдлэх, хуулиар баталгаажуулах, нийгэмд хүн бүр хүний эрхийг дээдлэн, тэгш эрхтэй байх, иргэний үүргээ ухамсартай биелүүлэх, хэн нэгнийг шашин шүтлэг, гарал үүсэл, нийгмийн байдлаар нь ялгаварлахгүй байх, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүүхэд залуучууд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, төрийн байгууллагад өөрийн дуу хоолойг хүргэх зэрэг ардчиллын тулгуур ойлголтын талаар зөв үнэлэмж, эерэг бодолтой байна. Гэвч ардчилал, түүний үнэт зүйлийн талаарх онолын ерөнхий мэдлэг, ойлголтыг өнгөн талдаа хүлээн зөвшөөрч, дэмжихийг илэрхийлж буй боловч тухайн ойлголтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх, уламжлалт зан заншил, ёс суртахуун зэргээс ялгаж ойлгох байдал тааруу байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл уламжлалт байдлаар тэдэнд болон нийгэмд өвлөгдөн ирсэн зан үйл, заншил, хэв маягийг эрхзүйгээр баталгаажиж, дэлхийн хүн төрөлхтний хэмжээнд хүлээн зөвшөөрсөн ардчиллын үнэт зүйлстэй хольж ойлгох байдал ажиглагдаж байв. Өсвөр үеийнхэн маань ардчилсан сонгуулиар төр, засгийн байгууллагыг сонгож байгуулахын чухлыг ухамсарладаг хэдий ч тэдгээр байгууллагын үйл ажиллагаа, иргэдийн өмнө хүлээх үүрэг, иргэн хүн хэрхэн оролцож, санал бодлоо илэрхийлж ажиллах тухайд мэдлэг, ойлголт, практикт чадвар дутмаг байна. Ялангуяа залуучууд, иргэдэд хамгийн ойр байх ёстой нутгийн удирдлагын байгууллага ИТХ, ИНХ-ын талаар ойлголт төсөөлөл муу байгаа нь харагдаж байна. Залуучууд сонгуульд оролцох нь чухал гэж дүгнэж байгаа хэдий ч улс төрийн намын үүрэг хариуцлага, мөрийн хөтөлбөр зэргийн талаар ойлголт төсөөлөл тааруу, зөвхөн нэр дэвшигчийг хувь хүнийх нь чадвар, туршлагыг нь эрхэмлэж сонгоно гэсэн өрөөсгөл хандлага харагдаж байна. Сурагчид ардчилал, түүний үнэт зүйлсийн тухай мэдлэгийг ихэвчлэн сурах бичгийн хэмжээнд, онолын ойлголтын хүрээнд дунд зэргийн мэдлэг олж авдаг гэсэн байдлаар хариулжээ. Иргэний боловсролын сургалтын нэмэлт материалын хүрэлцээ хангалтгүй, эндээс орчин үеийн ойлголт, мэдлэгийг тааруу олж авдаг гэж дүгнэсэн байна. Залуучууд ардчиллын тухай мэдлэгийг ихэвчлэн хичээлээс болон интернэт, вэб сайт зэрэг цахим орчноос олж авдаг байна. Хүүхэд, залуучууд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нийгэмд хувь хүн төлөвших хамгийн чухал дадал юм. Гэвч тэдний томчуулд тавьсан асуудал шийдэгддэггүй (үр дүнгүй), тэдэнтэй харьцах арга замаа сайн олдоггүй зэргээс шалтгаалж, зарим талаар багш, сургуулийн захиргаанаас эмээдэг (нээлттэй биш) бэрхшээлээс болж хүүхдүүд сургуулийн орчинд асуудлаа шийдвэрлэхээс төвөгшөөдөг тал нийтлэг ажиглагдав. Боловсролын хөтөлбөр боловсруулалт дээр манай төрийн байгууллагууд, их дээд сургуулиуд, судлаачид, ОУБ-ууд, ИНБ бүх талаасаа судалж ажиллаж байгаа нь сайшаалтай. Олон ургальч үзэл хандлага, нотолгоонд суурилсан арга зүй, агуулга дээр хамтран ажиллавал цаашид улам боловсронгуй болох болов уу. Бид сурагч оюутнуудынхаа бие даах чадвар, иргэн болохуйн боловсролыг олгох маань нийгмийн сайн сайхан байдал, хүний эрх, хариуцлага, оролцоотой нийгмийн гишүүн болж амьдрахад дэмжлэг үзүүлэх байдлаар хөтөлбөр цаашид шинэчлэгдэн боловсронгуй болно гэж итгэдэг.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Эзэнгүй ноорхой Улаанбаатарын эзэн бүр нь хөдөөнийх… DNN.mn

Улс түмнээрээ Улаанбаатарт амьдардаг, Улаанбаатраас хамааралтай байдаг нь хоттой холбоотой шуугиан бүрээс харагддаг. Хүн бүр хот хөдөөгүй шуугьдаг биз дээ. Энэ зун үер усанд урсах шахсан, зарим газартаа урссан Улаанбаатарынхан бүгд л нэгэн дуугаар хотын захирагч Д.Сумъяабазарыг зүхэв. Одоо залгуулаад их түгжрэл эхэллээ. Бас зүхэх ажилдаа орцгоолоо.

Түгжрэлтэй холбоотой ярьж байгаа хүмүүсийн ганц сэдэв нь “Түгжрэл бууруулна гэж улсын төсвөөс өгсөн 420 тэрбум төгрөг чинь хаачив аа” гэж. Бодит байдал дээрээ Засгийн газраас нийслэлийг “420 тэрбум төгрөгийн татвараа олоод, түүнийгээ хот мэдэж захиран зарцуул” гэсэн шийдвэр. Гэвч 420 тэрбум төгрөг нь нийслэлд татвараар цуглаагүй, тэгсгээд Засгийн газраас 420 тэрбумын эрхийг нь “Улсын төсөв хүндэрсэн учраас…” гээд буцаагаад татчихсан. Үүнийг Нийслэлийн Засаг дарга нь ч иргэддээ хэлэхээс жийрхдэг, Засгийн газар, УИХ-ын зүгээс ч ийм юм болсон талаар тайлбар өгөх сонирхолгүй. Ердөө л ийм л зүйл болсон нь бодит үнэн. Нийслэлийн нэг сая гаруй иргэд, тэр дотроо учир мэдэх сэхээтнүүд, юмны наад цаадхыг гадарлах, улс төрд ойр байдаг хүмүүс юу болсныг гадарладаг ч Сумъяабазарт муу байдаг юм уу… “Өнөө 420 тэрбумаа яачиваа…” гээд л хар масстай хамтран нийгмийн сүлжээгээр нэхээд, зүхээд өнөөдрийг хүрлээ. Ер нь нийслэл хотын эргэн тойронд энэ мэт маш олон асуудал байгааг, тэр бүгдийн үнэнийг ард түмэн мэдэхгүй явж ирлээ. Мэдүүлэхийг хүсэхгүй далд хүчин зүйлсийн хайчин галд нийслэлийн удирдлагууд баларч байгаа. Энэ сэдвийг ингэсгээд орхиё.

Харин одоо хүн бүр гадарлах хэрнээ дуугардаггүй сэдвийг энд бичье. Сая баахан аймаг, сумдын тэгш ойнууд боллоо. Ирэх жил энүүнээс олон ой болох сурагтай. Тэдгээрийг тэмдэглэхэд улсын төсвийг хуваариладаг УИХ-ын гишүүд гол дүр нь байцгаана. Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд ч аймаг сумдын ойн арга хэмжээнүүдийн гол дүрүүд байна. Тэд бүгдээр тэгш ойтой тэдгээр аймаг сумдад төсөв хуваарилаж, наадмын талбай, 500 метр хүрэхгүй асбальтан зам, хашаа хайс… юу юунд ч улсын төсвийн мөнгийг тарж бутаргахыг таашгүй. Хөдөөд хуваарилан тараах лоббиг хүчтэй хийцгээнэ. Үр дүнд нь Улаанбаатар хот төсөвгүй сүйрнэ. Өнөөх гишүүд аймаг сумдын тэгш ойн индэрт торгон дээлтэй, эхнэр хүүхдүүдтэйгээ ханхалзана… Ердөө энэ.

Сая харав уу, тэднийг тэгж явах хойгуур нь тэдний ажиллаж амьдардаг, бизнес нь хийгддэг, амь амьдрал нь болсон Улаанбаатар хот урсаж, өнөө муу С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёр хараалган зүхүүлэн шавар шалбаагт унасныг. Мань хоёрын зүгээс “Төсөв нь хангалттай бол… өнгөрсөн 30 жилд жаахан ухаалаг, шударга энэ хотыг удирдсан бол…” гэхээс өөр хэлэх үггүй хөлсөө шувтран хүрз шуудайтай ноцолдов. Өнөөдөр ч махаа зулгаацгааж байна.

Эзэнгүй ноорхой нийслэлд С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёроос өөр хүнгүй юм шиг, энэ хотын эзэн бүр нь хөдөөнийх болоод явчихдагт л зовлон нь байна. Үүнтэй маргах хүн байна уу. Хүн амынх нь талаас илүү хувь нь амьдарч, энэ улс орны эдийн засгийн 70 хувь нь эргэлдэж байгаа Улаанбаатарын төсвийн ихэнхийг нь өнөө хотын хөдөөнийнхөн орон нутаг руугаа зөөж байна. Хорин өрхтэй багийн төв дээр 200 хүүхдийн сургууль барьж, жилдээ ганц удаа хаалгаа нээдэг сумын клубыг нь хэдэн тэрбумаар Соёлын төвийн барилга болгон өргөтгөж байна. Тэдгээрийг нь тэгээд бас УИХ-ын гишүүдийн түрийвч болсон жижиг барилга засварын компаниуд бариад байгаа шүү. Яг үнэндээ жилдээ хоёр үзэгдэж, сонгогчидтой уулзалтаа хийдэг Соёлын төвийн барилгад зориулж Нийслэлийн төсвийг тэр чигээр нь хулгайлаад байхаар Нийслэл чинь асуудлаа яаж шийдэх юм бэ. Цаагуураа өөрийнх нь бизнес болчихсон байдаг орон нутаг дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь Улаанбаатарын төсөвт шингээх цаг одоо болжээ. Өнөөдөр нэхээд, сүйд болоод байгаа 420 тэрбумыг нийслэлээс Засгийн газар буцааж авсан нь ийм л учиртай.

Ингээд үр дүнд нь хот эзэнгүй юм шиг, эзэн гэж байгаанууд нь бүгд хөдөөнийхөн болчихсон, тэгсэн хэрнээ амьдардаг хотоосоо чанар шаардан попорч сууцгаана. Шулуухан хэлэхэд хөдөөгийн ард түмэнд саймширч, саналыг нь худалдан авдаг нөхдийн золиос Улаанбаатар хот боллоо. Худлаа гэвэл энэ зун та нар тэгш ой нь болсон аймаг, сумдын наадмыг харсан. Хотынхон тэр чигээрээ байгаа биз дээ. Өнөө төсөв бүрдүүлдэг, хуваариладаг, мэддэг хүн бүр тэдгээр тэгш ойнуудад “Би энэ сумын, энэ аймгийн хүүхэд шүү дээ” гээд торгон дээлтэй очоод сууцгаачихсаныг. Тэдний тэр сум аймагтаа аваачиж бэлэглэж байгаа бүгд нь Улаанбаатарыг хөгжүүлэх ёстой мөнгөнүүд байгааг. Үүнд хамгийн үүрэг рольтой нь Нутгийн зөвлөлүүд. Аав ээж, эмээ өвөө, удам судартаа хайргүй хүмүүс гэж хаана ч байхгүй. Гэхдээ учиртай хандмаар байна. Учир нь юу гэвэл “Нутгийн зөвлөл” нэрээр Монголын эдийн засгийн гол төвөө самран доройтуулж, мөнгө хөрөнгийг нь цөлмөдөг.

Өнөөдөр та бүгдээрээ хөдөөнөөс нийслэл Улаанбаатартаа эргэн ирцгээлээ. Баруун талд Эмээлтийн шалган даваад л түгжрэл зовлон. Зүүн тал Баянзүрхийн товчоогоор орж ирээд л “Яагаад тэгш сондгой гээд гэр рүү минь явуулахаа байчихав аа…” гээд фэйстээ, твитертээ бичээд, машиныхаа цонхоор хараал урсгаад эхэллээ. Үүнд тэгээд хэн буруутай юм бэ. Амьдарч, амьжиргаагаа залгуулж, бизнесээ тэлж, сайн сайхан амьдарч байгаа Улаанбаатартаа эзний сэтгэлээр хандаж чадахгүй байгаа та бидний буруу. Яг ийм сэтгэхүйтэй байгаа та бидний сонгосон УИХ-ын гишүүд, төр засгийг удирдаж байгаа хүмүүс, тэдэнд үйлчилдэг “Нутгийн зөвлөл” хэмээх мафийнхны буруу.

Өнөөдөр өгөрч гандах зам дээрээ дүнсийж байгаа аймгийн наадмын талбайг хэдэн тэрбумаар Хэнтий, Говь-Алтай, Архангайд барих ямар шаардлагатай байсан юм бэ. Тэр их мөнгөөр түгжрэлийн асуудлаа шийдэхэд нэмэрлэх нь зөв байгаагүй юм уу.

Удахгүй утаа эхэлнэ. Бүр урьдын урьдынхаас аймшигтай ихээр утаан дунд улаанбаатарчууд энэ өвлийг авах нь тодорхой болсон. Яагаад гэвэл өнөөх сайжруулсан түлшний үйлдвэр чинь Хятадын хогоор барьсан, тэрийгээ монголчлон байж өнгөрсөн өвлийг давсан, өнөөдөр нэг мөр зогссон. Энэ үнэнтэй эвлэрцгээ. Тэгш ойгоо хийсэн тэдгээр аймаг сумдад 300-400 дуучин хуурчин аваачиж цэнгэн хөгжилдсөн төсвөө хагас коксжсон нүүрсэндээ зарцуулсан нь зөв байгаагүй юм уу.

Яг үнэндээ, энэ зун 100 жилээ хийсэн дөрвөн аймаг, 40 гаруй сумдын ойд үрсэн мөнгөөр та нар эзэн нь байгаа Улаанбаатарт хагас коксын үйлдвэр байгуулчих байсан шүү. Эсвэл нийслэлчүүдийн түгжрэлийн төв цэг болсон Сүхбаатарт дүүрэгт түгжрэлийг эрс бууруулах гүүрэн болон нүхэн гарц, дугуйн зам, гэрлэн дохионы ухаалаг зохион байгуулалтыг хийчих байсан шүү гэдгийг онцгойлон хэлэх байна.

Одоо амьдарч байгаа Улаанбаатараа хар!!! Эзэн нь байх ёстой та нарын хөдөөнийх байгаа сэтгэхүйн чинь төлөөс, бас гай. Өөр буруутныг хайх хэрэггүй. Та нийслэл хотдоо эзэн шиг нь бай, эзэн шиг нь ханд. Та бол хөдөөнийх биш хотын хүн, Улаанбаатарын иргэн шүү.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Инженер Х.Ганболд: Нийтийн тээврийн зөв шийдэл бол тусгай замын автобус DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганболдтой ярилцлаа.


-Замын түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болсон. Гарц шийдэл юу байж болох талаар мэргэжлийн хүнээс шууд асуумаар байна?

-Түгжрэл бодит асуудал болсон гэж зөв хэллээ. Гэхдээ өнөөдөр бий болчихоогүй, сүүлийн 20 30 жил бидний гаргасан шийдвэр ийм байдалд хүргэчихсэн. Мэргэжлийн хүний зүгээс харахад 20, 30 жилийн хугацаанд үүссэн түгжрэлийг арилгахын тулд урт удаан хугацааны зөв бодлого, төлөвлөлттэй менежмент, дээр нь ганцхан замын салбарыг ярьж болохгүй. Түгжрэлд хүргэж байгаа маш олон факт шалтгаанууд байна. Энэ бүх талаас нь харж урт удаан хугацаанд зөв менежмент авч хэрэгжүүлэх ёстой. Одоогийн хотын удирдлагууд түгжрэлийн үр дүнтэй тэмцээд байна. Мэдээж хот төлөвлөлт нэг номерын асуудал. Өнгөрсөн хугацаанд хот төлөвлөлтийг алдсан. Дэвшилттэй нь сүүлийн үед бүгд энэ талаар ойлгож ярьдаг боллоо. Дээр нь нийтийн тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалт, хууль дүрэм, хөрөнгө санхүүгийн асуудлыг цогцоор нь шийдэж байж Улаанбаатар хотын авто замаар зогсохгүй хүн амьдрахад тав тухтай орчин бүрдэх эсэхийг шийдэх гаргалгаа юм.

-Метро, LRT гээд ярьдаг. Биелэхгүй юм. Биелж болох, хамгийн ойрын хугацаанд үр дүнтэй хийж болох ажил байна уу?

-Эрх баригчид маань нэг бол метро, нэг бол дүүжин тээвэр, эсвэл тусгай замын автобус, LRT гээд жил хүрэхгүйн хугацаанд бодлогоо өөрчлөөд байна.

Гэхдээ нэг сайн тал нь нийтийн тээврийг сайжруулах ёстой гэдгийг ойлголоо. Нийтийн тээврийг сайжруулахгүйгээр хотын авто замын түгжрэлийг шийдэх ямар ч боломжгүй. Гэлээ гээд нийтийн тээврээ сайжруулаад авто замаа хаяна гэсэн үг биш. Тэгэхээр бүгдийг зэрэг хөгжүүлэх ёстой. Ямар нэгэн байдлаар шийдвэрээ гаргаад аль болох хурдан хугацаанд нийтийн тээврийн масс тээвэрлэлтийн системийг хийх ёстой. Одоо манайд массын нийтийн тээвэр гэж алга. Автобусаар л шийдэж байна.

Миний харж байгаагаар манай улсад нэг номерт тусгай замын автобус хэрэгтэй гэж хэлнэ. Энэ бол нөгөө хэдийгээ бодвол анхны хөрөнгө оруулалтын зардал харьцангуй бага. Тээвэрлэх хүчин чадал метротой дөхөж очдог. Өөрөөр хэлбэл, метро барих тусгай замын автобус барих төсөл хэрэгжүүлэхэд нэвтрүүлэх өнгөрүүлэх чадвар бараг адилхан, харин өртөг нь метрогоосоо бага.

-Тусгай замын автобус гэдгээ тодруулаач?

-Замынхаа зориулалтын эгнээ гаргаж өгнө. Түүгээр нь зөвхөн автобус явдаг. Дэлхийн ихэнх улсууд замын дотор талд хийдэг. Автобусны буудлуудаа голд нь байршуулах замаар хийдэг. Ингээд зөвхөн угсаа урт автобусууд явна. Автобусны буудлууд нь битүү байх жишээтэй. Гэхдээ энэ манайд шинэ зүйл биш л дээ. 10-аад жилийн өмнө Азийн хөгжлийн банкны 200 гаруй сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотод хоёр тэнхлэгийн төсөл эхэлсэн. Бүр төсөл хэрэгжүүлэх нэгжээ байгуулж, зураг төслөө хийсэн. Яг төсөл хэрэгжүүлэх шатанд зогссон. Тухайн үед энэ ажил хийгдсэн бол өнөөдөр том дэвшил гарчихсан байх ёстой. Дараа нь метро ярилаа, одоо LRT ярьж байна. Дундуур нь дүүжин тээвэр гэж баахан юм ярилаа. Манайх шиг хөрөнгө мөнгө буурай улсад тусгай замын автобус маш зөв шийдэл.

-Гэхдээ бас л тодорхой цаг хугацаа, хөрөнгө шаардагдах нь. Ядаж энэ намар, өвөлдөө замын түгжрэлээ бууруулж болох хувилбар сонсох гээд л?

-Богино хугацаанд үндсэн хоёр ажил хийх хэрэгтэй. Нэгд, хууль дүрмийн хэрэгжилтийг чангатгах. Авто замын хөдөлгөөний дүрэм журмын мөрдөлтийг чангатгах ёстой. Дүрэм зөрчдөг, хориглосон газарт зогсдог, хотын төв хэсгийн бүсэд өглөө машинаа хаячихаад орой ажлаа тарах хүртэл байрлуулдгийг цэгцэлнэ гэсэн үг. Зогсоолуудаа төлбөртэй болгож, зогсоолын цагдаа гаргах хэрэгтэй. Машин ачдаг шиг биш. Машин ачаад байгаа чинь үр дүн багатай, ачиж байгаа нь өөрөө хөдөлгөөн нэмж байгаа явдал. Хамгийн өртөг зардал багатай нь зогсоолын цагдаа. Газар дээр нь торгууль бичдэг, асуухгүйгээр бичдэг. Зогсох ёсгүй газарт зогссон, дүрэм зөрчиж байгаа жолооч бүрд шууд газар дээр нь торгууль бичнэ. Торгууль нь өндөр дүнтэй, хүнд цохилт өгөхүйц, дахиж дүрэм зөрчиж болохгүй гэдгийг ойлгуулна. Харин тэр торгуулийн мөнгө нь буцаад замын түгжрэлийг бууруулахад зарцуулагдах ёстой.

-Зогсоолоо шийдээгүй байж торгож, машин ачих нь хэр зохистой вэ?

-Угаасаа дэлхийд бүх зогсоол хүрэлцээтэй газар нэг ч байхгүй. Зогсоолыг хүрэлцээтэй болгох боломж ч байхгүй. Хүн байгаа зогсоолыг хууль дүрмийн хэмжээнд ашиглах ёстой. Үнэхээр очих газар нь зогсоолгүй бол машинаа аль болох зогсож болох газарт байрлуулж, эсвэл нийтийн тээврээр явах ёстой. Харин нийтийн тээвэр нь сайн үйлчилгээтэй байх хэрэгтэй. Хэрэгцээтэй газар бүрд зогсоол гаргаж өгөөд, түүний дараа хууль дүрэм зөрчихөө больё гэдэг боломжгүй зүйл.

-Нийтийн тээврийг яаж хөгжүүлнэ гэж?

-Нийтийн тээврийг нэгд, эдийн засаг нь зөв бүтэцтэй болгох хэрэгтэй юм. Нийтийн тээврийн систем өөрөө ашигтай ажиллах ёстой. Зорчигч нь өөрөө мөнгө төлдөг, зардлаа гаргадаг байх хэрэгтэй. Нийтийн тээврийн орлого жил ирэх тусам буурч байгаа. Автобус компаниуд өмнөх жилүүдэд 50-60 тэрбум олдог байсан бол өнгөрсөн жил 30 гаруй тэрбумын орлого олсон. Зорчилтын тоо багасаагүй хэрнээ орлого нь буурсан. Учир нь үндсэн систем маань буруу болохоор улсын татаасаар яваад байгаа юм. Өмнө нь жилд 80 тэрбумын татаасыг улсаас автобус компаниудад өгдөг байлаа. Одоо явсаар байгаад 200 тэрбум болчихлоо. Систем буруу болохоор улсаас гарч байгаа энэ их мөнгө элсэнд ус асгаж байгаатай адил алга болчихоод байгаа юм.

Нийтийн тээврийн компаниуд татаас аваад сурчихсан учраас үйл ажиллагаагаа сайжруулах сонирхол байхгүй, зорчигчоос бүрэн мөнгөө авах хүсэл ч байдаггүй. 2022 оны тоон мэдээллээс харахад манай нийт зорчилтын 60 орчим хувь нь үнэгүй явдаг. Улсаас татаас өгчихдөг болохоор автобус компаниуд зорчигчоос мөнгөө бүрэн авах сонирхолгүй. Тэгэхээр энэ зорчилтыг зөв болгох ёстой, улсаас татаас өгөхийг болиулах ёстой.

-Тасалбарын үнэ нэмэх шаардлагатай гэдэг?

-Тасалбар нэмэх шаардлагагүй. Улсын татаасыг автобус компаниудад биш нийтийн тээврээр үнэгүй явах шаардлагатай нийгмийн бүлгүүдэд картанд хийж өгөх боломжтой. Бусад нь толгой дараалан мөнгөө төлөхөд компаниуд өөрсдөө анхаараад явчихна. Ингээд нийтийн тээврийн эдийн засгийн системийг зөв явуулбал ашигтай ажиллуулж болно. Тэгвэл компаниуд өрсөлддөг болно, үйлчилгээндээ, зорчигчдод анхаарч эхэлнэ. Гэтэл одоо бол тэгэх шаардлага алга. Улсаас мөнгийг нь өгчихнө, автобус аваад өгчихнө. Одоо бүр 400 тэрбум төгрөгөөр 1800 автобус авна гээд ихэнхийг нь авчихлаа. Нийтийн тээврийн системийг нь өөрчлөөд өгвөл хүссэн хүсээгүй үйлчилгээ сайжирна.

-Та авто замын инженер хүн. Манай хотын авто замын стандарт, сүлжээ хэр сайн бэ?

-Манай авто замын стандарт олон улстай харьцуулахад сайн шүү. Гол нь аливаа нэг системийн хэрэглэгч нь зардлаа төлдөг байх ёстой. Авто замын системийг хэрэглэж байгаа хэрэглэгч нь ч мөнгөө төлөх ёстой гэсэн үг. Одоо Улаанбаатар хотод авто зам ашигласны төлбөрт жилд нэг машинаас 20-40 мянган төгрөг авдаг. Улаанбаатарт явж байгаа нэг машин өдөрт 87 төгрөг төлдөг гэсэн үг. Хотын нийт авто замын сүлжээ 1000 гаруй км. Дэлхий дээр ийм хямдхан төлбөртэй ямар ч улс байхгүй. Жишээ нь, Бээжин хотод жижиг оврын машин ойролцоогоор автомашины дугаар зүүсний татвар, авто зам ашигласны төлбөрт 1500 юань, манайхаар жилдээ 700 мянган төгрөг төлдөг. Тэр мөнгө нь авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулахад зарцуулагддаг.

Яахав, манайд нэг машины авто замын төлбөрийг 300 мянга болгоё гэхэд нийслэлийн авто зам ашигласны хураамжид 200 гаруй тэрбум төгрөг цуглуулах боломжтой. Үүгээрээ замаа өргөжүүлэх, түгжрэлээ багасгах эх үүсвэр болгоход боломжийн зардал. Энэ мөнгийг авах нь шударга. Түгжрэлийн төлбөр ингэж гарах ёстой.

-Сайхан шийдлүүд ингээд яригддаг. Зарим шийдвэрүүд олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад л зогсчихдог. Бодитой шийдлүүд хэрэгжихгүй байна шүү дээ?

-Манайд гарч байгаа саналууд дандаа мөнгө зарцуулах шийдвэрүүд байдаг. 400 тэрбумаар автобус авлаа, жилд 200 тэрбумыг нийтийн тээвэрт татаас олгож байна. Харин буцах урсгал нь байхгүй. Ингэж явсаар төсөв дийлэхгүй. LRT барина гээд байгаа. Гэхдээ манай нийтийн тээврийн систем одоогийнх шигээ байвал мянган гоё метро, LRT бариад эдийн засгийн хувьд урагшаа явахгүй. Өөрийгөө авч явж чадахгүй, нэг цэгт очоод дахиад л дампуурна, дахиад л улс татаас өгдөг цемент болно. Өөрөө ажиллаж мөнгөө олдог байх ёстой гэдгийг л бид ухаарч ажиллах ёстой.

Нөгөө талаар хот төлөвлөлт гэж том асуудал бий. Төвлөрлийг сааруулах ёстой. Үүнийг нийтээрээ ойлгож байгаа. Улаанбаатарт ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх төсөл хэрэгжиж байгаа. 17 байршилд хийж байна. Хуучин Нэхмэлийн шар, Төмөр замын шар гээд барилгуудыг буулгаад шинэ барилга барьж байна. Үүний менежментийг хот маш буруу зохион байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч компанид тендер зарлаад өгчихнө. Хуучин 20-30 айлын байруудыг буулгаад доод тал нь 16 давхар барилга барьчихаж байгаа. Хуучин 20 айл байдаг газар дээр 200 айл амьдарч байна. Төвлөрөл саарав уу. Хуучин нэхмэлийн шар гэдэгт 300 айл байсан, одоо 3000 айл байна. Энэ бол бодлогын маш том алдаа. Араас нь 40, 50 мянгатууд ашиглалтын шаардлага хангахаа болино. Удахгүй угсармал байшингууд ашиглалтаас гарна. Дандаа ингэж хийх юм уу. Уг нь 20 айл байхад нь улс нөхөн төлбөрийг нь өгөөд худалдаад авчих байсан. Байшинг нь нураагаад ногоон байгууламж болгочих. Төвлөрөл саарна. Ингэж чөлөөлөөд байвал хотын төв 10 жилийн дараа гэхэд хоосорно.