Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард түмэн мах, гурил, приус гурваар амьдарч байна. Приусын татварыг арав дахин нэмэхээр жагсалгүй яахав дээ… DNN.mn

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн төв талбай дээр жагсаал эхэллээ. Арван өдөр үргэлжилнэ гэв. Эхлээд “Засгийн газар огцор” гэсэн уриатай байсан. Харин өчигдрөөс “УИХ огцор” гэдэг уриа руу шилжив бололтой. Утаа, түгжрэлээс болж жагсаал цуглаан эхэллээ гэж эрх баригчид бодоогүй байлгүй дээ. Яг тэр өдөр нь Улаанбаатарын утааг арилгах Шуурхай штабын өргөтгөсөн хурлыг хийж, нийгэмд цацаж байх юм. Миний харж байгаагаар бол иргэд, олон нийт наад Татварын чинь дарамт, огцом нэмэлтүүд, олж байгаа орлого, авч байгаа цалингийнх нь бараг талыг нь авчихаж байгааг л эсэргүүцэж жагсаж байна шүү дээ. Наад татваруудаа л больчихооч дээ.

Тэр дотроо машин, тээврийн хэрэгслийн татварууд огцом нэмснийг иргэдийн ихэнх нь эсэргүүцэж жагсаж, цуглах тэмцлийн хэлбэрт орлоо. Дундаж давхаргынхан гэж нэрлэгдэх хүмүүс, түүнээс доош амьдралтай нийт ард түмэн чинь бүгд приус гэдэг машин хэрэглэж байгаа. Түүнийх нь татвар моторын багтаамж, үйлдвэрлэгдсэн оноосоо хамааран доод тал нь 144 000 төгрөг боллоо. Түүнээс дээш 752,400 төгрөгийн татвар төлөх иргэд олон байна. Наад татвар чинь ард түмнийг жинхэнэ туйлдуулах нь. Тэдний амь амьдрал, орон гэр рүү нь шууд мөнгө нэхэж орлоо доо. Мэдээж шийдвэр гаргагчдын хувьд энэ их мөнгө биш. Үлэмж цөөнх болох хээнцэр иргэдийн хувьд харин инээдмийн мөнгө байх. Үлэмж бага гэдэг нь нийт иргэдийн 0.03 хувийг хэлж байна.

Татвар нэмсэн зорилго нь түгжрэлийг бууруулахад оршиж байгаа хэмээн Нийслэлийн удирдлагууд мэдэгдэж байна. Тэгвэл түгжрэлээсээ хол давсан хор хохирлыг ард түмэнд хүргэж байна. Тэднийг баллаж орхих нь. Ерөөсөө татварууд шаталсан байдлаар хоног хоногоор нэмэгдэж байна. Яг зэрэгцээд бүх юмны үнэ цаг цагаар өсч байна. Инфляци нэг оронтой тоонд байна гэж албан эх сурвалж мэдээлж байгааг “Битгий хуц” гэж хэлмээр байна. Жагсаалд оролцож байгаа нэг иргэн “Өглөө босохдоо одоо юу нэмэгдчихсэн бол гэж айж сэрдэг боллоо” гэж ярьж байгаа нь амьдралын бодит үнэн.

Ерөөсөө амьдралын жинхэнэ үнэнийг гудамжинд жагсаж байгаа иргэд л хэлж байна. Тухайлбал, жагсаалд оролцогч нэгэн иргэн “Бид чинь мах, гурил, приус гурвын хүчинд л амьдарч байна шүү дээ” гэж ярьсан нь юутай үнэн үг вэ. Үүнийг эрх баригчид, шийдвэр гаргагчид хэрхэн хүлээж авч байгаа бол. Мах, гурил хоёроо иргэд нэг юм аргалаад байх шиг байна. Хүүхдийн мөнгө, хүнсний талон, хөгшдийн асаргааны мөнгө… гээд халамжууд нэмэр болдог биз. Гол нь приусээрээ нааш цааш хөдөлж хэдэн төгрөг олоод байсныг нь татвараар түгжээд авлаа. Ингээд л иргэд жагсаж, цуглаж эхэллээ. Үнэндээ ард түмэн утаандаа харх шиг дасч, түгжрээндээ утсан дотроо орчихдог болсон. Энэ хувь заяатайгаа эвлэрсэн, өрөвдөлтэй хүмүүс болчихлоо. Харин приус дээр бол тэгж чадахгүй. Яагаад гэвэл өөрийг нь тэжээж байгаа ганц орлого нь учраас. “Захын нэг муу барилгын туслах ажилтнууд приусыг хэд хэдээр нь сэлгэж унадаг боллоо. Үүнийг хязгаарлахгүй бол дэндлээ” гэж хотын хурган дарга ярихыг сонсов. Тэр барилгачин залуу приус20 унаж болохгүй юу.

Аргаа барсан иргэд “Наад машины татвараа ядаж 50-60 хувь нэмж болно. Гэтэл яагаад хэдэн зуу дахин нэмж байгаа юм бэ” хэмээн гудамжинд орилж байх юм. Яг үүндээ хүрвэл Монголоос өөр газарт 50-60 хувийн татварын өсөлт чинь өөрөө гэмт хэрэг, хууль бус шийдвэр, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болно. Гэтэл манайд тоож байгаа ч юм алга. Яг үнэндээ Нийслэлийн баян дарга нар нийслэлийн ядуу иргэдээ элэг барьж, дээрэлхэж байна л даа. Ард түмнийг ядуу байлгаж ноёлон удирдахын сонгодог жишээ Монголд хэдийнэ хэрэгжээд эхэлж. Явж явж эцэстээ гинжнээс өөр алдах юмгүй болсон ард түмэн л нулимст тэмцлийг өрнүүлдэг нь дэлхийн практик шүү дээ. Энэ рүү ард түмнээ явуулаад байгаа юм биш биз. Дэлхийд гарсан бүх хувьсгалыг үгээгүй ядуучууд хийсэн. Гинжнээс өөр алдах юмгүй пролетариуд гэж сонссон биз дээ.

Өнөөдөр Монголын ард түмнийг юу ч үгүй хоослох шийдвэр татваруудаар дамжин хэрэгжиж байна. Аж ахуй эрхлэх нь бүү хэл амиа авч явахад түвэгтэй болох нь. Ам руугаа халбагадах хоолгүй болох цаг үе рүү явж байна. Ард түмэн чинь дарга нар та нартай адилхан амьд хүмүүс. Оюун ухаант хүмүүс. Ингээд дээрэлхүүлж, дарлуулаад явцгаана гэж байхгүй. Нэг л өдөр сэтгэл зүрхээрээ босоцгооно. Тэр үед гал усны аюулаас хэдэн мянга дахин аюултай үйл явдал өрнөж мэднэ.

Ийм нөхцөлийн эхлэл тавигдаж байгааг хоёр жишээгээр хэлье. Өнөөдөр Монголын төр засаг хоёр аргаар мөнгө олж байна. Нэгдүгээрт, газар ухаж мөнгө олж байна. Хоёрдугаарт, иргэдийн халаас ухаж татвар нэрээр мөнгө олж байна. Газар ухаж олсон мөнгө нь өнгөрсөн жилүүдэд юу болж хувирсныг бид мэднэ. Өнөөдөр үүнийг цэгцлэх гэж л дажин болж байгаа. Хэрэвзээ Катар улс шиг газрын хөрсөн дэх нефтиэ зөв, шударга зарцуулсан бол монголчууд бид өнөөдөр ямар ч татвар төлөхгүй амьдарч ч болно. Яагаад гэж үү, яагаад гэвэл “Төр буй дор татвар буй” гэдэг сургаал үг чинь байгалийн баялагаа зөв ашиглаж, хөгжиж цэцэглэсэн орнуудад огт байдаггүй юм. Нефтиэ хөгжил болгож, ард түмнээ баяжуулж чадсан Катар, Арабын Нэгдсэн Эмират… зэрэг орнууд иргэдээсээ нэг ч төгрөгийн татвар авдаггүй ч хүмүүс мэднэ. Тэгвэл Монгол Улсад нефтиэс нь хол давсан ашиг орлого авчрах байгалийн баялагууд байна. Газрын хий, газрын ховор элементүүд, алт, зэс, цайр… бүгд өдөр ирэх тусам дэлхийн зах зээлд үнэ цэнэтэй болж байна. Гэтэл бидний байж байгаа царайг хар. Бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид нь үүнд л төвлөрч мөнгө олох ёстой байтал иргэдийнхээ халаасыг татвар нэрээр тэмтэрч, хоолноос нь хороож байна.

Тэгэхээр дарга нараа, шийдвэр гаргагчид аа, иргэдийнхээ халаасыг ухаж мөнгө олохоо больчих. Тэгвэл наад ард түмэн чинь жагсаж цуглахгүй. Та нар мөнгөө өөр зүйлээс ол. Газар ухаж ол. Ухсан баялаг дээрээ ухаалаг ажилла. Монгол Улсад юу байна байгалийн баялаг л байна шүү дээ. Иргэдийн халаасыг энэ мэтээр ухаад байвал эргээд та нарын гэрийг ухахад хүрнэ шүү. Ард түмэн мах, гурил, приус гурваар амьдарч байгаа нь бодит үнэн. Гэтэл приусынх нь татварыг арав дахин нэмэхээр жагсалгүй яахав дээ…

Б.Нямаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард түмнээ тонон дээрэмдэх шинэ технологи буюу автомашины хотын дугаар байрны үнэд хүрлээ DNN.mn

Ард түмнээ тонон дээрэмддэг технологи улам л төгсөрч байгаагийн нэг жишээ тээврийн хэрэгсэлд “Улаанбаатар хотын серитэй шинэ дугаар олгохгүй” гэсэн шийдвэр юм. Арваннэгдүгээр сарын 8-наас импортоор оруулж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй гэснийг Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр батлуулж, Хотын захирагч Х.Нямбаатар уухайлж, нэгдүгээр орлогч Т.Даваадалай нь танилцуулсан мөчөөс эхлэн төр дэх авлигын шинэ дэд бүтэц бас нэгээр нэмэгдэв. Өнөөдөр хотын серитэй дугаар гаргаж өгдөг шинэ пэйж хүртэл нээгдсэнийг бид харж, үйлчлүүлж байна. Энгийн дугаарыг 500 мянгаар гаргаж өгч байна. Содон дугаар байрны үнэд хүрчээ. Ганган ашигтай авлига. Эдгээр пэйж хийгээд дэд бүтцүүдийн ард Нийслэлд болон Зам тээврийн яаманд ажилладаг дарга нар байгааг эх сурвалжууд ярьсаар байна. Тус шийдвэр гарсан мөчөөс эхлэн дэд бүтцийг хотын иргэдэд үйлчилдэг АТҮТ-ийн 20 салбар авч явсан. Тэгээд Нийслэлийн харьяаны Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжиж очсоноор далдуур өнөөдрийг хүртэл хамтран эзэмшиж байна. Тэднээр үйлчлүүлэгчид бол үнэхээр арвин их. Тус дэд бүтцийн зах зээл хангалттай төдийгүй хоног хоногоор өргөжин тэлж байгаа том зах зээл юм

“Улаанбаатар хотын серитэй шинэ дугаар олгохгүй” гэсэн шийдвэр гарахаас өмнө өдөрт дунджаар 300-400 тээврийн хэрэгсэл бүртгэж, шинэ дугаар олгодог байжээ. Харин шийдвэр гарсны маргаашаас эхлээд энэ тоо 35-40 хувиар нэмэгдэж өдөрт дунджаар 1300-1700 импортыг бүртгэж, шинэ дугаар олгож эхэлжээ. Гэхдээ энэ тоо бол 10 өдрийн өмнөх үзүүлэлт. Тэрнээс хойш хэд дахин нэмэгдсэнийг мэдэхгүй. Тодруулахыг ч хүссэнгүй, дургүй хүрээд. Энгийн сери нь 500 мянгын хахуулиар, гоё дугаарууд нь орон сууцны үнэтэй гэхээр өдөрт хэдэн тэрбумын авлига эргэлдүүлээд байгаа новшнууд вэ…

Энэ жилээс иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муудаж байгаа. Басчиг өмнө нь болоод л байсан. Одоо бол юмны үнэ хоногоор өсч байна. Үнийн өсөлт бол энэ төр засгийн хувьд айж байгаа ганц сэдэв нь. Бүх хүн шинэ машин худалдаж авч байна гэж ойлгож болохгүй. Авлигын дугаарт оочерлож байгаа хүмүүсийн дийлэнх нь машины ченжүүд. Тэдэнд зарагдаагүй олон мянган машин байна. Тэдгээртээ дугаар авахгүй бол зарагдахгүй. Иймээс арга буюу улсын дугаар авахаар өдөр шөнөгүй авлигын дугаарт оочерлож байна. Ийм шийдвэр төр засгаас гаргах гэж байгаа бол эрт мэдэгдэж, хугацаа өгөх хэрэгтэй байсныг тэдгээр машины худалдаачид ярьсаар байгаа. Тэд иргэдийн амьжиргаа, орлого, эрэлтэд тааруулан хямд үнэтэй машин оруулж ирдэг. Он залуу, үнэтэй машин оруулаад ирэхээр авч чадах хүн ховор. Гэтэл гэнэт ийм шийдвэр гаргаж 10 жилээс удаан насжилттай машинд дугаар олгохгүй гэж мэдэгдсэн. Тиймээс улсын дугаар авахаас өөр сонголтгүй.Төр дэх авлигын асар ашигтай нэгэн шинэ дэд бүтэц буй болсон нь энэ. Ард түмнээ тонон дээрэмдэх үйл явц ийнхүү 34 дэх жилдээ Монголд үргэлжилж байна. Том зургаараа эх орноо тонон дээрэмдэх үйлдэл гэж судлаачид үзэж байгаа юм. Эхэнд бичсэн “Ард түмнээ тонон дээрэмддэг технологи улам төгсөрчээ” гэдэг нь энэ. Энэхүү авлигын шийдвэрээ нуусан нүүр царай, албан мэдээлэл нь их гоё. Үнэхээр хүмүүсийн эмзэг асуудлыг шийдэх гэж байгаа хэлбэртэй. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор…” гэж. Тэгээд тэр түгжрэл буурч эхэлсэн нь хаана байна. Шийдвэр бол хэрэгжээд эхэлсэн. Үр дүн нийгэмд мэдрэгдэх ёстой… Хаана байна.

Шийдвэр гаргагчдын зүгээс “Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тусгасан. Энэ бол замын түгжрэлийн олон улсыг индексүүдэд үндэслэн баталгаажсан тоо. Гэвч 2024 оны аравдугаар сарын 22-ны байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Түгжрэлийг барих ёстой тооцоолол өнөөдөр 55 мянгаар хэтэрсэн байна” гэж ярьж байгаа. Ер нь бол энэ тоонд л их учир байгаа юм. Энэ тээврийн хэрэгслийн ихэнх нь япон, солонгос машинууд. Буруу рультэй, насжилт өндөр, бас бензин, дизель хөдөлгүүртэй. Тэгвэл нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараахь найман шалгуур үзүүлэлтийг гол болгож байгаа. Дотор нь Авто замын тухай хуулийн тэдийн тэдэд… гэж баахан заалт бас бий. Том эрх ашиг ард нь нуугдаж буй хуулийн үйлчлэл. Тухайлбал, …Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4”, эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх. …сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх. /2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс/… гэхчлэн. Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар сери дугаар олгоно гэж байгаа. Тэр нь …Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байна. Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байна. Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байна… гэхчлэн. Үүнд эсэргүүцэл тавьж АН-аас томилогдсон Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Улаанбаатарын автомашинд улсын дугаар олгохыг хязгаарласан журам нь хүний эрх зөрчсөн, ялгараварлан гадуурхсан байна…” хэмээн хотын дарга Х.Нямбаатарт журмаа хүчингүй болгох албан бичиг хүргүүлсэн. Гэвч сайдын “бяр” ч хүрсэнгүй бололтой. Угтаа бол ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл наанаа хүний эрх ярьж байгаа ч цаанаа “Төр дэх авлигын дэд бүтэц бас нэгээр нэмэгдлээ” гэж эсэргүүцсэн хэрэг. Гэвч тоосонгүй, авлигын дэд бүтэц дээрх галт тэрэг нэгэнт зам дээрээ гарчээ.

Одоо хамгийн том хардалтыг хэлье. Та бүхэн энэ талаас нь харж, судалж, хяналтдаа аваарай. Энэ бүх шийдвэрийн эцсийн зорилго бол хятад машинуудад зах зээл, орон зай гаргаж өгч байгаа хотын хоёр том даргын лобби. Тэдний гаргасан шийдвэрт нийцэх, болзлыг нь ханган “Улаанбаатар хотын серитэй шинэ дугаар авах” тээврийн хэрэгслүүд бол урд хөршид үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслүүд юм. Хятад машинууд зөв рультэй, эко, үйлдвэрээс шинээр гарсан… гээд. Нийслэлээс гаргасан дүрэм, журамтай тулгаж хар даа. Зөвхөн хятад машинууд л нийцнэ. Ер нь бол гадна талаасаа зөв л дөө, утаагүй, аваар ослоос сэргийлсэн, зөв жолоодлоготой, он залуу… гээд. Гэвч эдэлгээний хувьд хятад машин, хятад мотоцикл хоёр адилхан. Хавар авсан хятад мотоцикл намар нь төмрийн сэг болон намаржаан дээр үлддэг юм. Дахиад шинийг авцгаадаг. Зах зээлийн мундаг эргэлт. Хятадын үйлдвэрлэгчид-Монголын малчид хоорондын эдийн засгийн хамгийн сайн цусны эргэлт. Ийм ашигтай наймаа Монгол-Хятадын хооронд байхгүй. Үүн шиг хятад машин нэг жилийн дараа монголчуудын гаражид төмөр болж үлдэнэ. Бээжин 69 гэдэг шиг. Тэгээд шинийг авна. Энэ нь супер эдийн засгийн эргэлт юм даа.

Ер нь бол луйварчид өгсөж барилдаж байгаа юм байна. Мотоциклиос машин руу оржээ. Ингэхийн тулд нүүрэн дээрээ өнөөдрийн монголчуудын хамгийн эмзэг сэдэв утаа, түгжрэл, аваар ослыг наасан байна. Монголчууд уухайлаад л дэмжинэ. Утаа, түгжрэл, аваар… өөр яах юм. Бид энэ гурвын эсрэг тэмцэнэ. Тэд дагуулаад тонгорно. Технологи төгсөрч байна гэдэг энэ…

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Солонгост парламентын гишүүд нь бандаашиктайгаа харайлгаж очлоо. Манай гишүүд үсээ тосолж, ээмэг зүүлтээ бэлдэнэ. Зарим нь ч бараг очихгүй дээ… DNN.mn

2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны орой БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль улс орондоо Цэргийн онц байдал зарласнаа мэдэгдсэн нь дэлхийг цочоов. Шалтгаан нь “Хойд Солонгосын талд ажилладаг хүчин зүйлсийг төрөөс зайлуулах, үндсэн хуулийн либерал дэг журмыг хамгаалах зорилготой. Цэргийн онц байдалд шилжихээс өөр сонголтгүй боллоо” гэв. Цэргийн Онц байдлын командлагчаар томилогдсон генерал Бак Ан Су “Онц байдлыг зарлах зорилго нь энгийн ард иргэдийн өдөр тутмын амьдралд саад учруулна. Гэвч үндэсний хямралыг даван туулахад чиглэгдэж байна” гэж мэдэгдлээ.

Манайхан Цэргийн онц байдлын тухай тодорхойлолтыг маш даруухан бичиж байна. Цэргийн буюу Дайны онц байдал гэдэг нь онцгой байдлын үед иргэний эрх баригчид ажиллах боломжгүй гэж үзэж цэргийн эрх баригчид түр зуур дэглэм тогтоохыг хэлнэ. Дайны хууль хэрэгжсэнээр иргэний хэвийн эрхийг түдгэлзүүлэх, цэргийн хуулийн хугацааг сунгах зэрэг эрх зүйн үр дагавар дагуулах магадлалтай… гэхчлэн. Энэ бол маш даруухан тодорхойлолт. Үнэндээ тийм биш ээ. Маш аюултай. Цэргийн Онц байдал хэрэгжиж эхэлсэн хором мөчөөс эхлээд тухайн улс оронд зөвхөн Онц байдлын тухай хууль л хэрэгжинэ. Бусад бүх хуулийн үйлчлэл автоматаар зогсоно. Ард түмэн нийтээр ганц Онц байдлын хуульд захирагдана. Юун Үндсэн хууль. Үндсэн хууль нь өөрөө Онц байдлын хуульд энэ эрхийг нь өгчихсөн байдаг юм. Тийм харгис хатуу хууль учраас дэлхий нийт тэр чигээрээ сая БНСУ-д анхаарлаа хандуулан зургаан цаг боллоо. Ардчиллын загвар болохоор хамгийн түрүүнд тус улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас иргэддээ анхааруулга гаргаж, Элчин сайд, консулын үйл ажиллагааг шууд зогсоож, ажилчдаа цахимаар ажиллах горимд шилжүүллээ. Тэд ямар үр дагавартайг маш сайн мэддэг учраас.

Цэргийн онц байдал бүрэн хэрэгжиж эхэлснээр тухайн улсад хувь хүний эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал энэ тэр бол түй ч хамаагүй. Бүх эрх мэдэл зөвхөн тухайн улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн мэдэлд очно. Тэр хүн бол өөрөө хууль. Манайхаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэсэн үг. Түүнд БХЯ-ны сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хоёр захирагдана. Энэ гурваас салбарлаад тухайн улсын тусгай чиг үүргийн хүчний байгууллагын бүх командлагч нар өгсөн тушаалыг нь гүйцэтгэнэ. Бүх шийдвэр “Мэдлээ, гүйцэтгэе” гэсэн хоёр үгээр 100 хувь хэрэгжинэ. Өөр үг, тайлбар хэрэггүй. Онц байдлын хууль нь өөрөө тийм юм. Дэлхийн бүх улсад шүү. Монголд ч адилхан. Бодит үнэн ийм л юм.

Энэ бүгдэд хязгаарлалт тавьж болох ганцхан хором бий. Тэр нь Ерөнхийлөгч “Цэргийн онц байдал зарлалаа” гэнгүүт түүнийг нь тухайн улсын парламент хэлэлцэнэ. Парламентын гишүүдийн олонх нь зөвшөөрвөл тэгээд л шууд “Цэргийн дэглэм” хэрэгжинэ. Зөвшөөрөхгүй бол зогсоно. Зогсохгүйгээр хэрэгжээд явсан улс орон ч дэлхийн практикт цөөнгүй бий.

Үүнийг л БНСУ-ын Үндэсний Ассамблей буюу Парламентын гишүүд нь онцгой мэддэг учраас бүгд яаралтай горимд шилжиж ажиллав. Маш хариуцлагатай хандацгаалаа. Цэргийн онц байдал зарласныг гэнэт мэдсэн гишүүд Ассамблей ордон руугаа хуй салхи шиг юмнууд ирцгээв. Цагдаагийн хамгаалалтад орсон парламентын байр руу орохын тулд тэд хашаа давах нь давж, онгорхой цоорхой нүх сүв бүгдээр чихэж, цагдаа нартай зодолдож… сүйдийн юм боллоо. BBC тэр бүсэд онцгой сайн ажиллаж, дэлхий нийтэд чадлын хэрээр дүр зураг, бичлэг, яриануудыг хүргэлээ. Мэргэжлийн редакц гэдэг тийм л байдаг. Гэхдээ тэд үйл явдлын хоёр хувийг ч мэдээлж чадаагүйгээ хэлсэн. Тэгэхээр үлдсэн 98 хувьд нь тэнд юу болсон байх вэ. Ялангуяа Үндэсний Ассамблей гишүүдийн тэр их реакц, улс түмнээ гэсэн сэтгэл зүрх ямар байв. Үүнийг өнөөдөр дотоодын мэдээллийн хэрэгслүүд, тоймчид жинхэнэ бичиж байна. Тэнд цугласан парламентын нийт гишүүдийн 80 орчим хувь нь өмссөн хувцастайгаа ирцгээсэн байна. Машинтай, дугуйтай… юу юугаар хөл залгуулан амь тэмцэн ирцгээсэн ч юм. Тэд ирцээ гүйцээхгүй бол тэгээд Ерөнхийлөгч алх цохино. Цэргийн дэглэм эхэлнэ. Нэгэнт Онц байдал албан ёсоор хэрэгжээд эхэлбэл юугаар ч тогтоох боломжгүй. Үр дагавар нь яаж ч гарч болно. Нээлттэй…

Харин ийм нөхцөлд Монголын парламент яах вэ гэж бодогдох. Өнөөдөр ямар байгаа билээ. Чуулганы ирцээ бүрдүүлэхийн тулд спикер нь идэвхтэй оролцож байгаа гишүүдээ хамгийн эхний эгнээнд суулгаж, үг хэлэх эрхээр шагнаж урамшуулах шахуу юм ярьж байна. УИХ-ын гишүүдийн хамгийн чухал ажил бол улсын төсөв хэлэлцэн батлах. Мөнгө хэрхэн олж, яаж хуваарилах амин чухал асуудал, түүнд зориулсан хуулиудыг батлах шүү дээ. Гэтэл нөхдүүд дэлхийгээр нэг тараастай. Зарим гишүүдийнхээ хаана явааг ч Тамгын газар нь мэддэг юм уу, үгүй юм уу. Яг үнэндээ Солонгосын Цэргийн онц дэглэмийн үндсэн шалтгаан чинь “Сөрөг хүчний зүгээс төсөвт хориг тавьж улс орныг сүйрүүлэх гээд байна…” гэдэг шалтгаантай шүү дээ.

Цэргийн онц байдал зарлаж, Парламентын ордны гадаа нь үймээн болж байх тэр орой Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүн нэг эрхэмтэй сэтгүүлч жижиг яриа хийж амжлаа. Нөгөө гишүүн нь унтлагын хувцас, гэрийн таавчиктайгаа тууж явах юм. Унтаж байхад нь эхнэр яаралтай сэрээжээ. Сонссон даруйдаа орноосоо босоод Ордон руугаа шууд гүйж ирсэн гэнэ. Оруулахгүй болохоор нь хашаа давж оржээ. Түүн шиг гэрийнхээ, сауныхаа хувцастай харайлгаж ирсэн гишүүд цөөнгүй байгаа гэв. Нэг гишүүн бүр сауныхаа алчуураар биеэ ороочихсон гүйж очсон тухай Солонгост бичиж байна. Дотуураа мэдээж бандаашикаа өмссөн байх. За өмсөөгүй байсан ч тэр хамаагүй. Төр л төвшин бол. Ингэж л эх орноо аварчээ. Ийм үнэ цэнэтэй, ард түмний хувь заяаны суудал гэдгийг Солонгосын хууль тогтоох засаглалын гишүүд мэддэг юм байна. Амьдралын агшин бүрд үүргээ ингэж ухамсарладаг аж.

Тэгвэл Монголын УИХ-ын гишүүдэд Онц байдал тогтоох, Онц байдлын тухай хууль хэрэгжвэл ямар аюултай болох талаар ойлголт тун бүрхэг байна. Энэ байдлаар манайд Хунтын дэглэм тогтоох юу ч биш юм байна. Монголын төрийн эрхийг барих дээд байгууллагын гишүүд юу ч хийж чадахгүй юм байна.

Зүгээр л дүрсэлье. Монгол Улсад нэг шөнө Цэргийн онц байдал зарлалаа хэмээн Ерөнхийлөгч телевизээр мэдэгдэл хийхэд эрхбиш УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлана байх. Тэр үед дор хаяж гишүүдийн 30 хувь нь байхгүй байна. Гадагшаа томилолттой гэж УИХ-ын Тамгын газартаа, эсвэл эхнэр, нөхрөө маллачихаад Тэрэлжид, Эрдэнэтийн амралтад хэвтчихнэ. Харин ээлжит бус чуулганд оролцох гишүүд нь ирэх гэж их юм болно. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа бол нөхрөөсөө “Аль хослолоо өмсөж очвол телевизээр гоё харагдах бол” гээд удна. Д.Энхтүвшин ямар костюмаа өмсөх үү болно. Г.Тэмүүлэн үсээ тосолно, ботинкоо арчина. С.Цэнгүүн зүүлтээ хүзүүндээ зүүж толины өмнө эргэлдэнэ… Бүгд ордонд очих замдаа сэтгүүлчдэд юу гэж гоё ярихаа бодоцгооно. Тэгвэл байгаа хэрнээ чуулганд ирэхгүй нэг хэсэг нь бас бий. Нэг номерт муугаа харуулаад яах вэ гэж. Ер нь явж явж 7 сарын 1-ний Онц байдлын үеэр ордонд байснаараа С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Н.Алтанхуяг гурав л чигээрээ давхиж ирэх байх даа. Бусад нь мөн ч эргэлзээтэй дээ. Уг нь бол дэлхийд Цэргийн дэглэмд хуулийн хаалт тавьж болох эцсийн цэг, тунчиг эгзэгтэй завсрын хором мөч нь Парламент байдгийг ойлгох ёстой. Солонгост бол цагийн дотор Ассамблей нь хориг тавиад, тавихдаа Ерөнхийлөгчийн намынх нь гишүүд өөрсдөө оролцоод шийдвэрийг цуцаллаа.

Ер нь бол Монголд дан ганц УИХ-ын гишүүд л юугаа ч мэдэхгүй байгаа юм биш. Нийт монголчуудын байгаа хандлага тийм нэг тэнэгдүү байна. Хариуцлагагүй, утаснаасаа мөнхөд уяатай. Гар утсанд нь юу харагдаж байна, яг түүгээрээ амьдралыг, нийгмийг, орчлон хардаг болчихсон. Үүнийг нь мэддэг болчихсон бүлэглэлүүд яг тэр утас, сошиал орчинд нь тааруулсан өндөр түвшний пиарын технологи, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, улс орон, ард түмний оюун санааг чиглүүлж байна. Ерөөсөө гар утсаар нь дамжуулан монголчуудыг удирдаж байна.

Ядаж сэтгүүлчид маань тийм баймааргүй байна. Цэргийн онц байдал нэгэнт хэрэгжиж эхэлсэн үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголт цэг төдий ч байхгүй шүү дээ. Би баатарлаг сэтгүүлч гээд гудамжинд лайв хийх гээд гарах юм бол өөдөөс чинь Цэргийн онц дэглэм тогтоож байгаа хүчний байгууллагынхан шууд буудна. Ингэх эрх нь хуулиар тэдэнд олгогдсон. Тушаалыг биелүүлж л таарна. Таны амь насанд ямар ч хуулийн үйлчлэл хамаагүй. Яагаад гэвэл зөвхөн Онцгой байдлын хууль нийгэмд үйлчилж байгаа учраас. Тэр хуульд “Хуульд захирагдаагүй хэнийг ч газар дээр нь бууд” гэсэн тодорхой заалттай байдаг юм. Нөгөө Ковидын үеэр гишүүн Г.Дамдинням байнгын хорооны хурал дээр “Энэ цагдаа нар чинь намайг гудамжинд танихгүй байна шүү дээ” гэж гомдоллодог шиг юм Цэргийн онц байдлын үед байхгүй. Ингээд ярихаар Цэргийн онц байдал тэр чигээрээ аймшиг. Тэр дотроо хамгийн аймшигтай нь үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй байдаг юм. Үргэлжлэх эсэхийг Онц байдлын зарлигт гарын үсэг зурсан ганц хүн л мэднэ. Үргэлжлүүлэх хугацаанд нь улс төрд юуг ч хийж болно. Үзэл бодол нийлэхгүй нөхдийг эмхлүүлж болно. Ер нь бүгдийг өөрийн санаагаар хийнэ. Хоржоонтой нь бүгдийг хуулийн хүрээнд хийнэ. Ийм л аюултайг Их хурлын гишүүд минь ядаж гадарладаг болчихоосой. Ирж яваа цаг хугацаа хэрхэхийг тааварлашгүй байна шүү дээ…

Б.НЯМАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш DNN.mn

Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид бүхний хамтын өмч. Ганц Ховдын мянгадуудын өмч гэж хэн хэлсэн юм. Яасан сүртэй жагсаал вэ. 500 орчим иргэн уулын мухарт сүрт жагсаал хийлээ. 500 байтугай тавуулаа нэгдэж тэмцэл өрнүүлэх нь тархай бутархай сэтгэхүйтэй Монголын хээр талын малчдад түвэгтэй. Цуглах ч үгүй. Тэнд яг малаа хариулж байгаа малчин түмэн цугласан гэхэд бас эргэлзээтэй. Ядуу амьдралтай монголчуудын сэтгэхүйг хөрөнгөтнүүд ингэж л ашиглаж ирсэн. Үндсэндээ дотоодын хэдэн олигархын турхиралт, санхүүжилтээр хийгдэж байгаа зодоонд орон нутгийн иргэдийг ашигласан өдөөн хатгалга. Монголын төр ялагдаж л байна. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа гэж нөхөр биеэр очиж бүх ажлыг нь зогсоожээ. Монголын төр хүчгүй байгаагийн тод жишээ энэ.

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Монголиан Нешнл рийр ийрткорп” компани. Тус компанийн хайгуулын үйл ажиллагааг иргэд ийнхүү зогсоожээ. Газрын ховор элемент гэдгийг энгийнээр ойлгуулахад, Лийтий бол Цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд ордог гол бүтээгдэхүүн. Дэлхийд асар их хэрэгцээтэй байгаа түүхий эд. Барууны орнууд үг сүггүй хөрөнгө оруулах баялаг орд. Ер нь бол монголчуудын валютын орлого. Монгол руу урсах асар их мөнгөний урсгал. Үүнийг л монголчууд хүсээд байгаа биз дээ. Өдөр шөнө, өглөө оройгүй гадаадын хөрөнгө оруулалт татах тухай ярьж, зүүдэлж, эрх баригчид үүний төлөө л гадаад руу шогшиж байгаа биз дээ. Гэтэл байгаа байдал нь энэ.

Гадныхны турхиралт, гадныхны санхүүжилтээр үймээн үүсгэв… гэхчлэн нийгмийн сүлжээнд бичиж, турхирч байна. Тийм ч байж болно, эсвэл үгүй ч байж болно. Баримтгүй мэдээлэл. Харин харагдах байдлаараа бол дотоодын зөрчил байх өндөр магадлалтай. Хэрэв тийм бол “Надад биш бол чамд бас биш шүү” гэдэг монголчуудын сонгомол философи үйлчилж буй хэрэг. Үүний л тод жишээ гэж шинжээчид бичиж эхэллээ. Арваннэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болсон нэр бүхий иргэд, тодорхой ТББ-уудын зүгээс нарийн зохион байгуулсан зөрчилдөөн, иргэдийг турхирсан үймээн нь цагдаагийн хяналтаас гарах хүртлээ ширүүссэн нь маш аюултай үйлдэл юм. Энэхүү үймээний үеэр төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байсан нийт 66 хүний амь нас, эрүүл мэнд ноцтой байдалд орсныг хуулийн байгууллагаас мэдэгдсэн.

Ийм турхиралт, үймээн газар бүрт өрнөвөл Монгол Улсын ганц мөнгө олж байгаа уул уурхай, эрдэс баялгийн салбарт эцэстээ юу болох вэ. Дуртай нь ийм үймээнийг өрсөлдөгчийнхөө эсрэг, эсвэл булааж авах гэсэн ордынхоо төлөө захиалан хийлгэх болно. Ингэж л харах ёстой.

Халзан Бүрэгтэйн төслийн талбайд болсон үйл явдал бол нутгийн иргэдийн үзэл бодол, эрх чөлөө, нутаг усныхаа төлөөх тэмцэл байсангүй. Ерөөсөө л хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Зориуд өдөөн турхирсан. Өндөр хэмжээний зохион байгуулалт, санхүүжилттэй, гэмт хэргийн шинж агуулсан үйлдэл байсныг хууль хяналтынхан эхний байдлаар дүгнэж байгааг эх сурвалж мэдээлж байна.

Одоо үүнийг хууль хяналтын байгууллага баримтаар тогтоох хэрэгтэй. Монголын төр, засгаас тусгай зөвшөөрлийг нь хуулийн хүрээнд олгох шийдвэрийг гаргасан л юм бол тухайн компанийг өмгөөлж, хамгаалах үүрэгтэй. Шийдвэртээ эзэн байх ёстой. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол ТӨр мөн. Мэдээж олонхын шийдвэрээр төрөөс тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байх. Олонхоороо тус шийдвэрийг гаргасан гэдгийг ч энд дурдах нь илүүц биз. Тэгвэл олонхиороо гаргасан тэр шийдвэртээ тууштай байгаач ээ. Ардчилсан нийгмийн үндсэн зарчим бол Олонхийн шийдвэрээ дагах.

Төрөөс гаргасан олонхын шийдвэрийн дагуу Халзан Бүрэгтэйн төслийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсныг компанийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн. Тухайлбал, 2024 оны есдүгээр сард төслийн урьдчилсан ТЭЗҮ дуусч, эцсийн шатны буюу нарийвчилсан ТЭЗҮ бэлтгэх ажлыг эхлүүлсэн байна лээ. Мөн тус төслийн “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааг Австрали, Өмнөд Африк, Канад,Монголын компаниудын хамтарсан багаар гүйцэтгүүлж 2026 оны эхний улиралд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа бас мэдэгдсэн. Халзан Бүрэгтэйн бүх ажил ийнхүү хуулийн хүрээнд, үе шаттайгаар хэрэгжих явцад ийнхүү түвэгтэй байдал үүсч, ажлыг гацаалаа. Монголд мөнгө санхүү хамгийн ихээр босох ирээдүйтэй томоохон төсөл хөтөлбөрүүд ингэж царцдаг түүхтэй. Өмнөх олон ч кейс бий. Түүний л нэг үргэлжлэл болох вий гэж эдийн засагчид болгоомжилж, харуусаж байна. ийм байж бидний монголчууд яаж мөнгө олох юм бэ.

Монголын төр засаг ашиглалтын тусгай зөвшөөрлөө нэгэнт өгсөн л юм бол одоо Халзан Бүрэгтэйн төслийг үргэлжлүүл. Эдийн засгаа ингэж авар, сэргээ гэж л бид төрд татвар төлдөг биз дээ. Хэрэвзээ ийм балмад үйлдэл, үймээн самуун, турхиралт өдөөлтийг өөгшүүлж, тэднийг зоргоор нь тавьж, бууж өгөөд байвал Монголын төрийг цаашид хэн тоох юм. Монголын хуульд хэн захирагдах юм бэ. Ширэнгийн хуулиар, Африкийн отог омгийн зарчмаар амьдарцгаах юм уу. Төр засгийн зүгээс хөрөнгө оруулагчдаа, татвар төлөгч аж ахуйн нэгжээ хамгаалж, дэмжиж эдийн засгаа сэргээхгүй юм бол Мянгадын хэдэн малчин шиг амьдруулах гээд байгаа юм уу…

Б.Нямаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкууд “Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж удаа дараа мэдэгдлээ. УИХ анхаарч байна уу DNN.mn

“Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс дөрөв дэх удаагаа мэдэгдлээ. Үүнийг Монголын төр засаг анзаарч байна уу. УИХ-ын зүгээс ач холбогдол өгч байна уу. Огт мэдэгдэхгүй байна. Өмнөөс өнөөх л Эгийн голын усан цахилгаан станцаа яриастай. Оросууд ингээд, тэгээд гэж Эгийн голын төслийг сүүлийн 30 жил, мянгантаа ярилаа. Тэртээх 1998 онд С.Зориг амь насаа алдахад “Эгийн голын төслөөс болсон юм биш үү” гэсэн анхны таамаглал гарч байлаа. Эгийн голыг ярихаар цаана нь оросууд л яригддаг. Өнөөдөр ч ярьсаар, бид хууртагдсаар байна. Эрчим хүчний шинэчлэл ярихаар л заавал хойд хөршийг ярьдгаа одоо больчих. Хойд хөршгүйгээр Монголын эрчим хүчийг ярья. Нарийн учир шалтгаан, үндэсний аюулгүй байдал, геополитикийн асуудлууд байгааг гадарлаж байна. Гэхдээ Америкчууд овоо босгоод өгсөн. Одоо овоон дээр нь шаазгай шиг шагширцгаая. Дэлхийн нэг номерын эдийн засаг, их гүрэн. Тэд худлаа ярьдаггүй. Америк санаачилга гаргачихаад байхад бид хөдлөх ёстой. Америкийг дуугарсан дээр нь ашиглая.

Шулуухан хэлэхэд, Оросын зүгээс Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг шийднэ гэж байхгүйг бид бүгдээрээ мэднэ. Орос бол дайн хийгээд эдийн засгаа тамирдуулж байгааг олон улсын судлаачид бичээд, дүгнээд байгааг харж л байна. Сая ОХУ-ын ерөнхийлөгч Путин Монголд айлчлахдаа “Танай III цахилгаан станцыг чинь шинэчлээд өгье” гэж мэдэгдлээ. Энэ нь тэгээд Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангачихсан хэрэг үү. Тэгж ярих юм бол 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Майкл Клечески АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан АНУ-Монгол Улсын хамтын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх түншлэлийн хүрээнд 3 сая ам.долларын (8.5 тэрбум төгрөг) нэмэлт санхүүжилт олгохоор болсон. Энэ нь эрчим хүчний шинэчлэлд зориулагдах боломжтойг мэдэгдсэн. Тэгсэн юу болов. Манайхан хамгийн найдвартай санхүүжилтээ тодорхойгүй орхиод, хамгийн найдваргүй түнш рүүгээ ханараад эхэлсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн бүсийн захирал ноён Райан Уошберн 2022 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлах үедээ “Эрчим хүчний засаглал (MEG) төслийн үйл ажиллагааг энэхүү санхүүжилтээр дэмжих болно. Уг төсөл нь хувийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, орчин үеийн, цэвэр эрчим хүчний технологийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийг сайжруулж, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой” гэж мэдэгдсэн. Гэтэл яагаад ийм боломжуудаа эрчим хүчин дээрээ ашиглахгүй “Оросууд, оросууд” гээд өнөөдөрт ирэв.

Монголын эрчим хүчний шинэчлэлийг Америкаас Монголд суусан үе үеийн Элчин сайдууд огтхон ч орхиогүй. 2023 онд Цэвэр эрчим хүчийг дэмжих тусламжийн хөтөлбөрийг АНУ-аас зарласан. 2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА) нь цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хөнгөвчлөх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий санхүүжилт, Монголын Эрчим хүчний судалгаа, инновацийн сангийн үйл ажиллагааг (MERI) эхлүүлж байгаагаа мэдэгдсэн. Тус санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр нь АНУ-аас Монгол Улсад эрчим хүчний засаглалыг сайжруулах таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилттэй төслийн нэг хэсэг байсан юм. Монгол Улсын эрчим хүчний салбарыг илүү уян хатан, илүү тогтвортой болгон хөгжүүлэхэд чиглэсэн. Төслийн хүрээнд илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлж, улмаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, дотоодын эрчим хүчний хангамжийг илүү тогтвортой бөгөөд найдвартай болгох, сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн голлох түншүүдтэй хамтран ажлаа эхлүүлсэн. Одоо тэгвэл энэ ажлын үр дүн хаана явна.

Нөгөө л оросуудаа, Эгийн голын төслөө ярьсаар 2024 онтой золгосон. Монголд шинэ Элчин сайд нь ирчихсэн байна. Тэр хүн бол АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Л.Буанган юм. Энэ хүн мөн л Монголын эрчим хүчний бие даасан байдал, эрчим хүчний сэргэлт, шинэчлэлт онцгой анхаарч байна. 2024 оны аравдугаар сарын 1-ний өдөр АНУ-Монголын эрчим хүчний яриа хэлэлцээ албан ёсоор хийв. Дараа нь АНУ-Монгол Улсын Засгийн газраас хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэ мэдэгдлийг уншсан улстөрч байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь унших судлах, ажил хэрэг болгох нь Монголын эрх мэдэлтнүүдийн үүрэг хариуцлага баймаар. Тэгсэн энэхүү яриа хэлцлийн талаар ярьж байгаа дарга, цэрэг гарсангүй. Ядаж АНУ-Монголын Эрчим хүчний яриа хэлэлцээг нээсэн Элчин сайд Л.Буанганы хэлсэн үгийг ч анзаарсангүй. Элчин сайдын хэлсэн үгэнд чухал санаанууд бий. Тэрээр “Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирснээсээ хойш манай хоёр орны харилцаа голлох чухал салбаруудад өргөжин тэлж байгааг харж байна. Хамтын ажиллагааны хамгийн чухал боломжуудын нэг нь Монгол Улсын эрчим хүчний салбар. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч болон ногоон технологийн чиглэлээр бүс нутгаа манлайлах асар их боломжтой. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил зарим үед удаашралтай байсан ч Монгол Улс өнгөрсөн үеийн, тогтвортой бус нүүрсний станцаас ирээдүйн сэргээгдэх эх үүсвэр рүү шилжихэд шаардлагатай ажлыг хийж хэрэгжүүлэх хүндхэн шийдвэрүүдийг гаргахад бэлэн гэдгийг шинэ хамтарсан засгийн газраас харж байна. Эрчим хүчний дипломат ажиллагаа эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтоноор ахлуулсан манай Эрчим хүчний нөөцийн товчооны төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын гол төлөөлөгчидтэй уулзахаар АНУ-аас ирсэн. Монгол Улс хөгжлийн замналаа үргэлжлүүлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд цэвэр, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой эрчим хүчтэй болох шаардлагатай. Энэ нь хувийн хэвшилд тулгуурласан хүчин чармайлт байх нь оновчтой. Хувийн хэвшил манлайлан бодит ажил болгож, түүнийг нь төр хамгаалж, хөхиүлэн дэмжсэнээр л амжилтад хүрэх юм. Иймд Монгол Улс эрчим хүчний зорилтууддаа хүрэхэд нь АНУ-ын зүгээс Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар бид ярилцана. Өмнө хэлсэнчлэн, эрчим хүчний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал. Монгол Улс үүнийг бүрэн утгаар нь ойлгож, хүлээн авах нь чухал. АНУ түншийн хувиар дэмжиж ажиллахад бэлэн байна” гэж хэлжээ.

Элчин сайд ингэж хэлэхээс өөрөөр санаагаа яаж ойлгуулах юм бэ. Одоо юу хүлээсэн юм бэ. Эдгээрийг ажил болгоход эрх баригч МАН-ын зүгээс хөдлөхгүй байгаа бол ядаж АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд санаачилгатай ажиллаач.

АНУ-ын зүгээс Монголд ажиллаж байгаа сүүлийн хоёр ч Элчин сайд мэдэгдэл хийхдээ төгсгөлд нь яг адилхан үгийг хэлсэн. Тэр нь “Эрчим хүч бол манай хоёр талт хамтын ажиллагааны гол бүрэлдэхүүн хэсэг болсон, цаашдаа ч байх болно” гэж. Та бүхэн Элчин сайдуудын хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүдийг хэрэг болгон олж хараарай, яг ингэж адилхан төгсгөсөн байгаа шүү…

Б.Нямаа

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН арван хэсэг зулгаагдсан ч ард түмний дэмжлэг хэвээр байна DNN.mn

Энэ удаагийн ИТХ-ын сонгууль АН, МАН хоёрын дунд л боллоо. МАН айхавтар багцлагддаг уламжлалаа хадгалав. АН арван хэсэг зулгаагдсан, Женкогийн хүн, Элбэгээгийн хүн, Эрдэнийн баруун гар… гэх шиг нөгөөх л ардчиллын ах нартаа хуваагдсан, биенээ хэмлэсэн, хардсан, зүдэрсэн хүмүүс орон нутагт өрсөлдөв. Дээр нь зөвхөн АН-ын саналаас, ардчиллын саналаас зулгаах, хумслах улс төрийн жижиг нам эвслүүд хэдэн арваараа өрсөлдөв. Тэднийг араас нь ивээн тэтгэж, турхирч сонгуульд өрсөлдүүлсэн нь мэдээж МАН. Хатуу, үнэнч гишүүнчлэлтэй МАН-ын хувьд энэ мэт улс төрийн хор найруулга хийх өөрсдөд нь ашигтай байдаг. Үүнийгээ мэдэрдэг МАН өрсөлдөгч гол хүчин болох АН-ын саналыг жижиг намуудаар сарниулдаг технологи үргэлжиллээ гэдгийг л хэлэх гээд байна.

Гэвч могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг шиг АН авах ёстой саналаа авдгаараа л авлаа. Дахиад нэмэх боломж байсан гэвэл байсан. Гэвч хүчний төвлөрөл үнэхээр сарнисан хэвээр байна. Нэг цул болж сонгуульд орж чадахгүй байна. Нам доторх энэ олон фракц гэдэг юмуу, ерэн оноос хойш Монголын улс төрөөс холдож чадахгүй байгаа АН-ын ах нарын талцал сонгуульд муугаар нөлөөлсөн хэвээр байна. Одоо тэдэнд цэг тавих цаг нэгэнт болжээ. Ард түмэн ардчиллыг, АН-ыг уухайлан дэмжээд байдаг, өөрсдийнхөө байж байгаа царайг хар. Сонгуулиар л нэгдэж чадахгүй бол АН-д ялах тухай ойлголт үнэндээ алга. Сая харж байгаа биз дээ, өнөө нийслэлд “алаад” өгнө гэсэн ХҮН үсгүй арчууллаа. Яг цаг дээрээ тулахаар ард түмэн АН, МАН хоёрт л найдаж байна. Энэ юуг хэлж байна гэхээр АН арван хэсэг зулгаагдсан ч ард түмний сэтгэлд итгэл найдвар болон гэрэлтсээр байгааг ойлгуулж байна. Саяны орон нутгийн сонгуулиар хотоос 1000 км-ийн зайд, уулын мухарт байх малчин өвгөний ярихыг сонссоноо хүргэе. Өвгөн саналаа өгөхөөр ирэхдээ ингэж ярилаа, “Ах нь одоо 67 настай, хоёр нийгэмд амьдарч үзлээ. Нэгдэлд мал хариулж явлаа. Ардчилсан нийгэмд мянгат малчин, Улсын сайн малчин ч боллоо. Миний аав 51 настай бурхан болсон. Нэгдлийн ялтай малны хойноос шөнө өдөргүй зүтгэсээр өвчний үүр уурхай болж өнгөрсөн дөө. Би гомдолтой явдаг. Хэрэвзээ аав минь өнөөдөр мал маллаж байсан бол наад зах нь 80 наслах шийртэй хүн байсан юм. Ноосны төлөвлөгөөгөө гүйцээх гэж жалганд үхсэн малын сэг зэмнээс ноосыг нь зулгааж явлаа шүү дээ. Би хамт явдаг байлаа” хэмээн хоолой зангируулж хэлээд цааш нь “Хөгшин бид хоёр сайхан цагийг үзлээ. Үр хүүхэд, ач зээ нартаа “Та нар мөн ч азтай хүмүүс юм” гэж хэлдэг. Урьд нийгмийн тухай, аав ээжийнхээ нэгдлийн ялтай малны төлөө нойр хоолгүй зовж явсныг ярьж өгдөг. Энэ ардчилсан нийгэм гэдэг мөн ч ховор хувь тавилан шүү” гэсэн юм. Мэдээж тэр өвгөн, эмгэнтэйгээ, дунд хүү, бэргэнтэйгээ ирж саналаа АН-д сэтгэл хангалуун өгөөд буцна лээ.

Энэ бол ардчиллын үнэ цэнэ. Энэ үнэ цэнийг мэдэрсэн иргэд Монголд хэдэн зуун мянгаараа байна. Тэд АН-ыг дэмжмээр байдаг. Гэвч… Ялангуяа Монголын залуу үе ардчиллын төлөө тууштай байдаг нь судалгаагаар харагддаг. Гэвч тэдний сонгуулийн идэвх сул, өөрт хамаагүй мэт ханддаг. Саналаа өгсөн зарим нь таньдаг, мэддэг, сошиалаар харснаа дугуйлдаг. Тэгж нийгэмд нэр дэвшигчдээ таниулж чаддаг мөнгөтэй нь мэдээж бүтэн 34 жил Засгийн эрхэнд байгаа МАН. Тэгээд л саналаа өгсөн залуусын зарим нь тэдний нэр дэвшигчдийг сонгодог.

Сая нийслэлийн 45 мандатаас 40-д нь МАН яллаа. Нийслэлд нийт саналаа өгсөн сонгогчдын ирц 40 хувьтай байсан урьдчилсан дүн гарсан. Түүний 30 хувь нь МАН-д саналаа өгсөн бололтой. Энэ 30 хувь гэдэг ард түмэндээ, нийт сонгогчдын тоондоо харьцуулахад дэндүү бага биш үү. Гэвч ийм өчүүхэн хувиар л МАН төрийн эрхийг барих боллоо. Иргэн бүрийн оролцоог хангасан, төрийн эрх барих ардчилсан эрхээ эдэлсэн тийм сонгууль, тийм сонголт гэж хэлж болох уу. Сонгууль санал хураалт нэг ийм л болчихоод байгаа. Сонгуулийн реформыг орон нутгийн сонгуулийн хуульд хийх хэрэгтэй.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг харж байхад бүтэн найман жил улс төрийн гадна талд шидэгдсэн АН-д боловсон хүчин, хүний нөөцийн дутагдал үнэхээр нүүрлэжээ. Анхан, дунд шатанд нэр дэвшүүлэх хүмүүсийн асуудал лав л аймаг, сумдад хүнд туслаа. Боломжтой бүх хүнийг МАН өөртөө гишүүнээр элсүүлчихэж. МАН-д дургүй хэсгийг нь өнөө жижиг намууд гишүүний батлахаа өгчихөж. Энэ нь эргээд эхэнд хэлсэн АН-ын саналыг хуваах, АН-ын дэмжигчдийн хүчийг сарниулсан үйл явц болж байна. Энэ үйл явц цааш хэвээр үргэлжилбэл, МАН жижиг намуудыг ашиглан АН-ыг тарамдуулсаар байвал юунд хүрэх бол. Үүнийг иргэн бүр тунгаан бодох хэрэгтэй. Маш товчхондоо хоёр хөршийн зүгээс Монголын ганц намтай, ганц хүнтэй харьцах, нөлөөлөх сонирхол асар их шүү дээ. Хөршүүдийн энэ эрх ашиг монголчууд бидний хувь заяа байж болохгүй. Монголын төрийн эрхийг барьж буй улс төрийн нам нь хүчтэй сөрөг хүчний хяналт, дарамт дор байгааг хөршүүд ойлгож байх ёстой. МАН-ынхан аливаа дарамт шахалтын өөдөөс “Бид парламентын засаглалтай орон. Сөрөг хүчнээсээ, хамтарсан Засгийн газраас асуух ёстой. Тэгэхгүй бол бид өөрсдөө алуулна” гэдэг үгтэй байх ёстой. Ийм боломжийг нь иргэд сонгуулиар олгох ёстой. Тэр бол иргэн таны сонголт ямар байхаас шууд шалтгаална.

Наад захын ийм логикийг иргэд сонгогчид маань гадарладаг баймаар байна. Монголын засаглалын дархлаа өнөөдөр нийслэлийн авто зам шигээ эмзэг байгаа. Нийслэлийн нэг гол зам дээр нь осол гарахад 20 минутын дотор нийт замын урсгалд нөлөөлдөг. Монголын геоулс төр тийм эмзэг байгаа. Ардчиллын үнэ цэнээ хадгалж, гуравдагч хөршүүд үргэлж харж найдаж байдаг ардчилсан хүчин, АН-д эрх баригчид эрүүлээр хандах хэрэгтэй. Өрсөлдөгч байж болно. Эх орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, НҮБ-ын хяналтаас гарахад ч бэлэн болсон геополитикийн нөхцөл байдлууд… бүгд жижиг Монголд тусгалаа олно. Ийм эмзэг цаг үед эрх баригч МАН-ын зүгээс жижиг эрх ашиг, жижиг улс төргүй байж, ирэх сонгуулиудад өнөөдрийнх шиг байдлаар хандмааргүй байгааг хичээнгүйлэн хүсье.

Харин АН-ын тухайд бол “Ах нар”-ын нөлөө одоо болсон, АН-аас холдоцгоо. Яг МАН шиг залуустаа бүгдийг даатгаж, алсаас хар. Өнгөрсөн 30 жилд Ардчиллын нэрээр суух боломжтой бүх албан тушаалд сууж, төрөөс авах ёстой бүгдээ авсан, боломжийг үр хүүхэд, ах дүүсийнхээ хэмжээнд бүрэн ашигласан. Ардчиллын ах нарын хувьд одоо зүгээр л тайван амьдарч, урт наслахаа бод. Хүссэн хүсээгүй та нарын хүүхдүүд л Монголд боловсролтой нь байгаа. Хувь хүнийх нь төлөвшилд онцгой анхаарч, улс төрд оруулах нээлттэй. Ядаж хүний өөдөөс зөв хараад мэнд мэдэж сургах хэрэгтэй. Улс төрд эхнээсээ орчихсон, УИХ-ын гишүүд болсон биз дээ. Тэднийгээ өөрсөд шигээ битгий болгочихоорой. Монголын ардчилалд, АН-д таны оруулах хувь нэмэр энэ болог. Аль юм болгон тэрний фракц, энэний бүлэглэлийн залуус гэж яриа гаргах вэ. Энэ чинь сонгууль бүрээр гай болж, ялагдал хүлээж ирлээ. Одоохондоо АН нийгэмд бүтэн харагдсан хэвээр байна. Үүнийгээ хадгалж ирэх сонгуулиар ард түмний итгэлийг дүүрэн олж ав. Хүсэх юм энэ байна.

Б.Нямаа

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын сонгуулиар Монголын ардчилал Нийслэлд л найдаж байсан даа… DNN.mn

Өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнг гарчигтаа хэлж байна. Нэгэнт түүх болон үлдэж. Өнөөдөр орон нутгийн сонгуулийн сүүлийн долоо хоног. Сонгуулийн үйл явц бол УИХ-ын сонгуулиас нэг их дутах юм алга. Хүн хүч, хөрөнгө мөнгө урссан улс төр үргэлжилж байна. Сонголт бол мэдээж хувь иргэний мэдэлд. Ард түмний сонголтыг хүндэтгэж үзнэ. Хүлээн зөвшөөрнө. Хэн ч сонгогдсон байсан төрийн дунд, анхан шатанд төр барина. Ардчилсан нийгмийн гайхамшиг нь энэ. Энэ эрх чөлөөг л монголчууд бид алт болгох хэрэгтэй. Алтан боломж, алдаж болохгүй хөгжлийн жилүүд болгож ажил амьдралаа өөд нь татах ёстой. Ардчилсан нийгмийн үнэ цэнэ, үнэт зүйл ердөө энэ.

Гэвч бид ардчилсан нийгмийг утгаар нь байгуулж байна уу. Ардчиллын үнэт зүйлийг маш товчлон хэлье гэвэл Хувь хүний эрх чөлөө, Эдийн засгийн эрх чөлөө. Монголд өнөөдөр ямар байна. Монголын нийгэм дэх хамгийн нөлөөтэй сэтгүүлч нь шоронд сууж байна шүү дээ. Монголд хөдөлж буй ашигтай бизнес бүхэн рүү төр орж байна. Төрийн өмчит компани, төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн тоо буурахгүй байна. Монголын эдийн засаг дахь хамгийн том худалдан авагч нь төр өөрөө байсаар байна. Монголын эдийн засагт байгаа гурван төгрөг тутмын хоёр нь төрийнх байна. Монголын нийт хүн амын ажиллах хүчний 1/3 нь төрийн албан хаагчид байна. Төрийн нүсэр системээ татвар төлөгчид нь, ард түмэн нь даахгүйд хүрлээ. Энэ бүхэн бол ардчилсан нийгэм Монголд цаашид оршин тогтнох уу, үгүй юу гэдгийг асуухаас өөр замгүй болгож байна.

Үүнийг хазаарлах, өнөөдрөөр цэг тавиад ардчиллын үнэт зүйл рүү нийгмээрээ явах тийм боломж бидэнд байна. Тэр нь сонгууль. Ардчиллын нүүр царай болж байгаа АН-д найдахаас өөр сонголт бидэнд байхгүй. АН-д алдаа их бий. Гэвч тэдэнд байдаг нэгэн том үнэ цэнийг тогтож харах ёстой. Тэр нь АН-ын нээлттэй байдал. Алдаа оноо бүгдийг нь ард түмэн харж байдаг болохоор тэд нээлттэй цонхтой улс төрийн хүчин. Тэднийг Монголын төрд яаж ашиглах, ашиглахгүй талаар ард түмэн алган дээрээ тавьсан юм шиг мэднэ. Сайн мэддэг хүнтэй яаж харьцахаа та мэддэг, амар байдаг биз дээ. Яг түүн шиг Монголын ард түмний хувьд Монголын улс төрийн хоёр дахь том хүчин АН нээлттэй. АН бол нээлттэй нийгэм. Тэдэнд итгэж болно. Яагаад гэвэл тэдний ямар үйл хөдлөл, улс төрийн шийдвэр гаргах гэж байгаа нь нийгэмд ил учраас нийгмийн зүгээс дор нь хязгаарлана.

Харин МАН тийм үү. Улс төрийн шийдвэрүүд, үйл явц нь тэр чигээрээ цоожтой хаалганы цаана өрнөдөг. Энэ нь маш ноцтой байсныг басчиг сүүлийн жилүүдэд бүгдээрээ харлаа. Юун авлига, албан тушаалын гэмт хэрэг вэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйлдэл, үйл явцууд болж байсныг олон дуулиант хэргүүд, түүнд оролцогчид, Төрийн ордноос шорон руу шилжсэн өндөр дээд албан тушаалтнуудаас нь харлаа. Одоо МАН-д бага ч гэсэн салхи орж байна. Ямар ч байсан ард түмэнд гэрэл цохиулсан нь сайн. Авлигачин гишүүдтэйгээ хэрхэн тэмцэж үр дүнд хүрэх нь одоохондоо бүрхэг. Процесс үргэлжилж байна, Шүүх дээр л… гэсэн мэдээлэлтэй байгаа. Гэсэн хэдүй ч ард түмэн анхаарлын төвдөө авсан. Үүний үр дүн нь сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар бүрдсэн хүчний харьцаа юм. Ямар ч байсан ардчиллын салхи салхилсан сонгууль болж өнгөрсөн.

Сонгуулийн өмнөх урьдчилсан прогнозоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Ардчиллын төлөө тууштай сонголт хийхээр байсан. Харин орон нутагт МАН дийлдэхгүй юм байна, тэнд ардчиллын үнэр ч алга гэцгээж байв. Аймаг сумын иргэдийг боловсролгүй, соёлгүй, ардчиллын үнэ цэнийг огтхон мэдэхгүй “малууд” хэмээн бичицгээж байсан хүмүүс олон. Харин нийслэлийн иргэд бол мэдээлэлд ойр, ардчиллын үнэ цэнийг жинхэнэ мэдэрсэн, сэхээтэнлэг хэсэг, АН-ын гол түшиц бааз бол Нийслэлчүүд хэмээн дүгнэж байлаа. Ингээд УИХ-ын сонгууль боллоо. Дүн гарлаа. АН нийслэлд нэг ч суудалгүй салах шахав. Гарын таван хуруунд багтах хэдэн хүнийг Ардчиллаас сонгов. Бусад сонголт МАН. Нөгөө коммунистууд, авлигачид, Монголыг 30 жил элгээр нь мөлхүүлсэн хэдэн олигархи, төрөөс төрсөн тэрбумтнууд, угсаа залгамжилсан хунтайжууд… юу юу гэж ч шүүмжлээд байлаа. Тэр бүхэн нийслэлд өнгөний төдий байсан юм билээ. Харин хөдөөд ардчиллын жинхэнэ үнэ цэнийг мэдэрдэг, Монголын эрх баригчид ерөөсөө биш байна, энэ улс орон нэг л болохгүй байна, өөрчлөх цаг болжээ… гэсэн дэлхийн сэтгэлгээтэй, өвгөдийн ухаантай, олон улстай хөл нийлүүлэн алхсан хүмүүс байдгийг ойлгууллаа. Тэдний ухааныг нийслэлчүүд лав улс төрийн сонголт дээр энэ удаад гүйцсэнгүй. Бодит үнэн гэвэл энэ.

Гэвч боломж нийслэлд бий. Одоо орон нутгийн сонгуулиар нийслэлчүүд маань хөдөөгийнхнөө гүйцэж түрүүлэх хэрэгтэй. Улс төрийн сонголт бол улс орны хөгжлийн эхний шат. Шулуухан хэлэхэд, орон нутгийн сонгуулийнхаа сонголт дээр ухаалаг байх нь ирээдүйд хэрэгтэй байна. Нийслэлийн засаг захиргаа, НИТХ гэдэг бол Монголын “бага” Засгийн газар юм. Хүн амын тал хувь нь нийслэлд байна. Монголын нийт эдийн засгийн 60 хувь нь хотод эргэлдэж байна. Мөнгөн дүн, төсөв, төсөл хөтөлбөр… бүгд Улаанбаатарт төвлөрсөн. Монголчуудын амьдралын баталгаа үндсэндээ Нийслэл учраас төвлөрөл гэрлийн хурдаар явагдаж байна. Ийм эдийн засагтай, хүн амын нягтаршилтай Улаанбаатар хотод ардчиллын үнэ цэнэ хамгийн чухал. АН-ыг хүчтэй сөрөг хүчний байр суурин дээр аваачих нь ч дутуу дулимаг сонголт. Тийм болохоор дутуугаа гүйцээж Нийслэлд ардчиллынханд дүүрэн сонголт хийвэл яасан юм бэ. 2016 оноос хойш Нийслэлийн засаглалд шинэ салхи орсонгүй. Бүтэн найман жил МАН дангаар Монгол Улсын “бага” Засгийн газарт эзэн сууцгаалаа. 2012-2016 оны хооронд Ардчиллынхны босгосон Чингис бондын хөрөнгөөр хотын замыг засч, хэдэн мундаг уулзварыг хийж эхлүүлсэн авто замын шинэчлэлээс өөрөөр хотод юу шинээр хийгдэв. Хувийн хэвшлийнхний хөрөнгө мөнгө, концессоор боссон хэдэн байшин барилгыг нэрлэх үү. Сая ашиглалтад орсон Яармагийн шинэ гүүрээр өнөөдөр өдөрт 100 машин зорчиж байна уу. Хотын төв рүүгээ ороод нэг урсгалтай зам дээрээ нам гацах болсноор тэр гүүрээр зорчих иргэд байхгүй байна. Харинчиг хотын төвөөс Яармаг, Нисэхийн чиглэлийн зам хамгийн хурдан урсгалтай байсныг үгүй хийв. Шинэ гүүр рүү эргэдэг дээр гэрлэн дохио тавьснаар тэр урсгал нам гацаа болж хотын түгжрэл нэгээр нэмэгдлээ. Яривал, бичвэл энэ мэт кейс маш их байна. Нийслэлчүүд бүгд л харж, бухимдацгааж байдаг. Гэвч улс төрийн сонголт нь бахь байдгаараа…

Тийм болохоор нийслэлчүүдээ бод, сайн бодож сонголтоо хийцгээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Монголын ардчилал Нийслэлчүүдэд их найдлага тавьж байсан шүү.Гэвч бүх зүйл илбэдүүлсэн мэт эрх баригчид руу шилжсэн. Ингээд нэг нам гурав дахь удаагаа Монголыг удирдах боломж бүрдсэн. Олонх л бол олонх. Хамтарсан гэх ойлголт ямагт хоёрдугаарт явна. Одоо орон нутгийн сонгууль арай өөр сонголттой байх биз ээ.

Б.Нямаа

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Монголын Шүүх засаглал ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна уу DNN.mn

Ер нь нөхцөл байдлыг  анзаарахад эрх баригчдын дураар үйлдлүүд Монголын Шүүх засаглал дээр очоод унаж байх шиг байна. Сүүлийн тодорхой жишээ нь Н.Номтойбаярын Шүүх хурал юм. СЕХ-ноос түүнийг “албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэн нэр дэвшүүлэхээс татгалзах хүсэлт гаргасан. Үүнийг нь анхан шатны Шүүх хүлээж авсан. Ингээд тэрээр давж заалдсан. Давж заалдах шатны Шүүхээс Н.Номтойбаярын дөрвөн жилийн өмнөх үйлдэл нь “албан тушаалын гэмт хэрэг” биш байна. Харин Эрүүгийн хуулийн 23.5 буюу “албан тушаалдаа хайнга хандсан” гэдэг зүйл ангиар ял шийтгүүлсэн юм байна хэмээн үзэж Н.Номтойбаярын дэвших эрхийг зургадугаар сарын 7-ны өдөр сэргээлээ. Энэхүү хоёр өөр тайлбараас харахад яах аргагүй эрх баригчдын шахалт нөлөөтэйгөөр СЕХ-ны зүгээс түүнийг нэр дэвшилтээс хассан байна гэж судлаачид үзжээ. Маш товчхондоо Н.Номтойбаярт дөрвөн жилийн зайтай хоёр өөр тайлбар гаргасан нь санамсаргүй хэрэг биш. Ерөөсөө л эрх баригчид нөлөөлдөг технологи юм. Иймэрхүү технологи өмнөх жилүүдэд хэчнээн удаан хэрэгжиж, үгэнд ороогүй хүмүүсийг, эрх ашгийг нь зөрчсөн нөхдүүдэд хэрэглэж байсныг тоолох аргагүй. Энэхүү шүүх хурлын шийдвэрийг хараад эцсийн дүндээ муу нэртэй, луу данстай шүүх засаглал, шүүгчид л ардчилал, хүний эрхийн баталгаа болж байна хэмээн дүгнэхэд хүрлээ.

Хөгжлийн банкны шүүх хурал дээр ч шүүгчдийн энэхүү шударга хандлага шууд мэдрэгдсэн. Шүүхийн зүгээс “Ер нь зээл авах нь гэмт хэрэг биш шүү дээ” гэж үзсэн нь эрүүл хандлага, зөв байр суурь юм. Ямар ч арилжааны банк ашиг харж, хүү тооцож зээл олгодог. Энэ бол алтан зарчим. Хөгжлийн банкны зээл яг л энэ зарчмаар явсан гэдэгт шүүх эргэлзэх ёсгүй. Мэдээж танил тал, нэр нүүр тэнд үйлчилсэн байхыг үгүйсгэхгүй. Үндсэн зарчим нь зээл олгогч нь тодорхой-зээл авагч нарын алтан дүрмийг Шүүхээс мөрдлөг болгосон хэрэг. Ийм тохиолдолд яллах дүгнэлт нийгэмд шуугьж байснаас зөөлөн буух нь тодорхой. Харин улс төрийн өрсөлдөгчдөө энэхүү Хөгжлийн банкны хэргээр далимдуулан нухчин дарах, бизнесийг нь царцаах, эсвэл нээнтэглэн хувьцаанаас нь эзэмших, бүр юу ч үгүй болтол нь хоосолж зээлийг нь төлүүлж дампууруулах гэхчлэн эсэн бусын санаархал явагдсан нь тодорхой. Энэ санаархал, технологио хэрэгжүүлэх эцсийн цэг нь шүүх хурал. Мэдээж шүүхэд нөлөөлөхийг хичээнэ. Гэвч Хөгжлийн банкны шүүх хурлаас харахад шүүх засаглал энэхүү дуулиант хэрэг дээр эрүүлээр хандлаа гэж шинжээчид, судлаачид, туршлагатай хуульчид дүгнэж байгаа юм билээ.

Муу л бол хойд захын овоохой гэдэг нь Монголын шүүх засаглал яагаад ч биш. Тэнд хүний хувь заяаг шийддэг. Тийм болохоор тэр газар нь муу муухай жишээ байж болохгүй. Харин байлгах сонирхол эрх баригчдад бий. Тийм бүлэглэлүүд ч бий. Тэдэнд таалагдахгүй шийдвэр гарах бүрт Шүүхийг зүхдэг. Нийгэмд өргөн хүрээний үзэл суртал явуулдаг. Эцэст нь Шүүхэд итгэх итгэл Монголын нийгэмд улам унаж байна. Шүүхэд итгэх итгэлгүй болсон ард түмэн одоо хэнд итгэх вэ. Бурханд уу, буг зэтгэрт үү. Энэ рүүгээ явахад хүрвэл нийгэм жинхэнэ харанхуй руу, ширэнгийн хууль руу явна. Нэгэнт ийм болгоод авсан нийгмийн сэтгэл зүй, ядуу ард түмнийг дарлаж дээрэлхэж, мөнгөөр саналыг нь худалдан авч, эрх мэдлийг атгаж, улс орныг тонон дээрэмдэж суух нь тэр хэдхэн хүнд маш амар хялбар байх болно. Ийм л аюул Монголд нүүрлэсэн. Үүний өөдөөс өнөөдрийн Монголын шүүх засаглал зогсож эхлэв үү дээ хэмээн урам зориг авч байна.

Шүүхийн ил тод байдлын хууль гэдэг бол ер нь дайсагнасан хууль гэж туршлагатай хуульчид, шүүгчид үнэндээ үзэж байгаа даа. Шүүх дээр ил тод байж болдоггүй зүйл гэж бий. Бүр Олон улсын практик нь тийм. Тухайлбал гэр бүл, эхнэр нөхөр хоорондын маргаан шүүх дээр нууц байдаг. Компанийн нууц, сүүлийн үед технологийн нууцтай холбоотой Шүүх хурлууд маш ярвигтай. Яагаад ч ил тод байх боломжгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маргааныг ч зарим нэг хүн ил тод шүүхийг шаардаж байгаа нь тэнэглэл. Хувь хүний эрхийн асуудал шүүхэд нэгдүгээрт тавигдаж явдгийг бид мэдэхтэйгээ болсон. Эхэнд дурдсанаар эрх баригчдын хүлээс, дарамтаас шүүх засаглал хол байж, шийдвэрийг тэдний ямар ч нөлөөгүйгээр гаргаж байгаа нь үнэндээ Шүүх шударга сайн ажиллаж байгаагийн шинж л гэж хэлье.

Шүүгчдийг, шүүх засаглалыг хүчээр муухай харагдуулж болохгүйг давтъя. Нүүрэнд баас түрхэж, нэр хүндгүй болгосон шүүх засаглалд эрх баригчид яаж ч нөлөөлж, дураараа авирлаж, хүссэн шийдвэр гаргуулж, хувь хүн, цаашлаад аж ахуйн нэгж, улмаар улс орны хувь заяагаар тоглож мэдэхийг Олон улсад хийгээд Монголд болсон олон кейсүүд нотолно. Ямар аймшигтай үр дагаварт хүрдгийг хэлээд өгнө. Тийм болохоор хүн төрөлхтөн шүүх засаглалд ямагт итгэж ирсэн. Зарим үед энэ улс оронд чухам юу болоод байгааг ч ойлгох аргагүй үйл явдлууд өрнөж байна. Сошиалын цунамид монголчууд өртөж байна. Өнөөдрийн ийм амаргүй, ардчиллын үнэт зүйлс эргэлзээтэй болсон цаг үед ямартаа ч Монголын шүүх засаглал ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна уу даа гэх итгэл найдвар төрж байгаа нь сайхан байна.

Б.Нямаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол малчин дуусах вий дээ … DNN.mn

Монголын хөдөө залуу малчингүй болох зам дээрээ гарчихлаа. Булган аймгийн нэг сумын, нэр бүхий багийн хамгийн залуу малчин нь 28 настай ганцхан гэр бүл байна. Булган аймаг бол харьцангуй нийслэлд ойрхон, дэд бүтэц сайтай, Эрдэнэт, Заамар гээд үйлдвэрлэл, уул уурхайн бүс нутаг. Төв газартаа ойрхон аймаг ийм байхад алс хязгаар аймгуудад залуус ер нь юу болж байгаа бол. 2022 оны шилжилт хөдөлгөөнөөр 72 мянган иргэн нийслэл рүү ирсэн тоо гарсан. Ихэнх нь залуус гэдэг үзүүлэлттэй. Тэд бүгдээр орон нутгийн залуус, тэр дундаа лавтай 50 хувь нь малчдын хүүхдүүд байна.

“Монгол малчин надаар дуусах вий” гэсэн өвгөн ахын минь үг ихийг хэлж байна. Хөдөөний залуус хот хүрээ рүү сургууль, зарим нь гадаадад ажиллах хүчээр яваад буцаж ирэхгүй байна. Ядаж энэ өвөл, хавар маш хатуу боллоо. Мал маш их хорогдлоо. Энэ бол хөдөөд эдийн засгийн том сүйрэл. Амьдрах аргагүй боллоо гэсэн үг. Уулын мухарт өлсөөд үхэлтэй биш, хот хүрээ бараадаж, ядаж барилга дээр туслах ажилтан ч болтугай хийгээд амьдрахыг зорино. Үлдсэн цөөн малаа приус болгоод хотод ирж халтуураар амьжиргаагаа залгуулна. Энэ бүхэн хөдөөнөөс хот руу их нүүдэл болно. Хөдөө эзгүйрч, малчин монголчууд дуусах шалтгаан болно. Мэдээж тодорхой хугацааны дараа “Нүүдэлчин ахуй” устана. Шулуухан хэлэхэд, ийм л ирээдүй Монголын хөдөөг хүлээж байна. Үүнд малчдыг, малчин болох ёстой залуусыг өчүүхэн ч буруутгаж болохгүй. Яагаад гэвэл тэд ардчилсан нийгэмд бусдын адилаар хүн шиг амьдрах эрхтэй. Монголын хаана сайхан, таатай амьдарч болох боломж байна тэр газар шилжин амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй.

Тэгэхээр Монголын хөдөөд орчин үетэй хөл нийлүүлэн, хот суурингийнхан шиг таатай, ашиг орлоготой амьдрах боломжийг Төр засгийн бодлогоор шийдэх ёстой. Ердөө эхний алхам энэ. Үүний төлөө юу хийх ёстой юм. Яагаад залуучууд хөдөө тогтохгүй байгаа юм. Онош нь тодорхой шүү. Архангай аймгийн Их тамир сумын малчны ярианаас харахад “Улсын сайн малчин” болсон тэдний жилийн орлого 30 сая төгрөг. Цэвэр ашиг нь бол үүнээс бага тусна. ХАА-н бүтээгдэхүүний үнэ ханш ийм хөгийн байгаа. Ийм эдийн засгийн эргэлттэй аж ахуйг цаашид хэн эрхлэх юм бэ. Жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрч өсгөсөн малаасаа иймхэн орлого олж амьдарна гэдэг бол өнөөдөр махаа зулгаасан үйл явц. Эрүүл мэнд, сэтгэл санааны маш их ачааллын ард ХАА-н үйлдвэрлэл явагддаг. Хот сууринд бол байдаг л нэг дэлгүүрийн орлого. Хот-хөдөөгийн хөдөлмөрийн орчин, нерв бол газар тэнгэр шиг ялгаатай. Ийм хөгийн зах зээлтэй, байгаль цаг агаарын хатуу ширүүнээс өнөөдрийн залуу үе шууд зугтаана.

Бодит нөхцөл байдал судалгаагаар бол бүр хачин харагдаж байгаа юм. Монголын хөдөөд малчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, залуу малчдын дунд эрэгтэйчүүд давамгайлаад удаж байна. Малчин гэр бүлүүд охидоо багаас нь эрдэм номын мөр хөөлгөж, хөвгүүдээ малын зах бараадуулдаг хүйсийн ялгавартай хэвшмэл хандлага нь яван явсаар өнөөдрийн сөрөг үр дагаварт хүргэсэн. Огт гэрлээгүй 18-34 насны малчдын 87 хувь нь эрэгтэй байна. Залуу малчдын хүйсийн энэхүү тэнцвэргүй байдал 2000 оноос хойш эрчимтэй нэмэгджээ. Албан ёсны баримтыг ОУ-ын байгууллагаас хийсэн “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендерийн дүн шинжилгээ” судалгаанаас харж болно. Охид нь багаасаа сургууль соёлын мөр хөөж, боломжийн түвшинд боловсрол эзэмшиж байгаа учраас эргээд малчин залуустайгаа гэр бүл болох нь ховор. Хөвгүүд нь тэр хэрээр боловсролын түвшин доогуур байх тул гэрлэж чаддаггүй. Ийм л бодит зовлон үргэлжилж байна. Статистикаас харахад 2000 онд 18-34 насны залуу малчид нийт малчны 56 хувийг эзэлж байсан бол одоо 27 хувь болж, хоёр дахин буурчээ.

2022 онд улсын хэмжээнд 17.5 мянган хос гэрлэлтээ шинээр бүртгүүлсний 77 хувь нь Улаанбаатар хотод, 23 хувь нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тогтмол буурчээ. Албан ёсны судалгааны дүнгүүдийг хараад байвал Монголын хөдөөд малчин залуусын арми устах нь тодорхой болжээ. Энэ бүгдийг шийдэх эхлэл нь залууст таатай орчин бүрдүүлэх юм. Хөдөөд цахилгаан, дулааны асуудлаа бүрэн шийдвэрлэж, засмал зам тавьж, сургуулийн дотуур байр, спорт цогцолбор босгож, нийтийн тохилог орон сууц ашиглалтад оруулахаас наад зах нь эхлэх ёстой. Элон Маскийн бүтээсэн технологи бүрийг Монголын хөдөөд нэвт шувт нэвтрүүлэх ёстой. Эдгээрийг хөдөөд цаг минутаар хөгжүүлж, тийм орон зайд малчин залуусыг оруулж, живүүлж чадвал хэн энэхүү утаатай, тоостой, түгжрэлтэй хотод шигдэхийг хүсэх вэ. Хоол хүнснээс эхлээд гудамж талбайд хүртэл эрүүл, аюулгүй явах баталгаагүй, ямар ч стандартгүй Улаанбаатарт хэн дурлах юм бэ. Гэвч хөдөөний малчин залууст хотын соёл нь, хэв маяг нь, орчин үелэг байдал нь таалагдаж байна шүү дээ. Ядаж нүд баясгаж, сэтгэл сэргээсэн сайхан охид бүсгүйчүүд нь хүртэл энэхүү утаатай, түгжрэлтэй хотод тэднийг уяад байна. Ийм сайхнаас холдож чадахгүй байгаа нь тэдний зөв. Эдгээр сэтгэл татсан бүгдийг нь тэр хөдөөд нь бий болгохыг төр засаг хийх хэрэгтэй.

Монголын хөдөөд, малчны хотонд залуусын амьдрал өнөөдрийнх шиг бүрхэг хэвээр цааш үргэлжилбэл “Хөдөөд яаж залуу малчидтай болох вэ” гэсэн том асуудал Монголд тулгарна. Дэлхийд ганц үлдсэн гэх нүүдэлчин ахуй соёлыг авран хамгаалах том шахалт олон улсаас Монголд ирнэ. Манай улсад 2022 оны байдлаар нийт хүн амын 19.9 хувь буюу 677.5 мянган хүн малчин өрхөд амьдарч байгаа юм билээ. Энэ дундаа 305.1 мянга нь малчид. Улсын хэмжээнд ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь малчин гэсэн тоо бий. Нийт малчдын 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй. Энэхүү тоон үзүүлэлт удахгүй устаж үгүй болох нь.

Энэ бүх асуудлын шийдэл нь нэг талаас тийм ч хэцүү биш байгаа шүү дээ. Говь-Алтай аймгийн малчин залуус эхнэртэй, ханьтай болох санаачилга өрнүүлж, аймгийн удирдлагын зүгээс дэмжсэн бодлого хэрэгжүүлсэн нь үнэхээр амьдралтай, сайшаалтай. Тэдний санаачилгаар Алтай хот болон “Дөргөн нуур” жуулчны баазад 2022 оны наймдугаар сард гэр бүл төлөвлөөгүй залуучуудыг хооронд нь уулзуулах, танилцуулах зорилготой “Алтайн залуус-2022” арга хэмжээг зохион байгуулсан. Тухайн үедээ хүмүүс “Гоонь эрчүүдийн уулзалт болох гэнэ” хэмээн доёолж байлаа. Гэвч энэ арга хэмжээ үр дүнгээ өгч, уулзалтад оролцсон залуусын бараг тэн хагас нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар мэдэгдсэн. Үр дүнтэй ажил гэж энийг хэлнэ. Шийдвэр гаргагчдын зүгээс аливаад амьдралтай хандахын бодит жишээ бол энэ.

Б.Нямаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрхэм гишүүд таслагдсан ч төр бариастай, эгэл сурвалжлагч сэжиглэгдэх төдийд хөл тушаастай DNN.mn

Ийм байж болох уу, Монголын Шүүх засаглал. Энийг чинь л “Монголын шүүх шударга бус байна. Ялзарсан байна. Алагчилж байна” хэмээн ард түмэн шүүмжилж, бухимдаад байгаа юм шүү дээ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан хоёр Шүүхээс ял сонсоод байна. Тэгсэн хэрнээ Төрийн ордонд ажлаа хийж байна. Бүр төр барилцаад сууж байна. Гэтэл хуулийн шатанд сэжигтэн (яллагдагчаар татагдсан гэдэг бол гэмт хэрэгтэн гэсэн үг биш)-ээр татагдсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг гэрийн хорионд оруулж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлалаа.

Угтаа Монголын Шүүхээр таслагдсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг хоёр л ингэж хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хууль яагаад эрх баригчдад, улстөрчдөд үйлчлэхгүй, эгэл нэгэн сэтгүүлч бүсгүйд хатуу үйлчлээд байгаа юм бэ. Үүнд Монголын Шүүх албан ёсны тайлбар өгнө үү. Өгөхийг ч шаардаж байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Харин шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хувьд гишүүн байх хугацаандаа “НВЦ” компани шаардлага хангахгүй атлаа зээл авах гэсэн ашиг сонирхолд үйлчилсэн. Тэрээр Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн байдаг. Ц.Баатарбилэгийг 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсныг гэм буруутайд тооцсон юм. Ямар ч байсан анхан шатны Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан. Одоо бол давж заалтах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Аль ч утгаараа эдгээр гишүүд төрд ажиллаж байх ёстой хүмүүс биш. Хуулийг уландаа гишгэсэн үйлдэл дэндэж байгаагийн нэг жишээ бол Б.Энх-Амгалан шүү. Гишүүн Б.Энх-Амгалан нь УИХ-ын Аюулгүй байдал Гадаад бодлогын байнгын хорооны дарга хийж, Монголын төрийн дөрөв дэх халдашгүй дархан эрхтэй хүн байсаар байна.

Гэтэл эгэл сурвалжлагч эмэгтэй энэ хоёрын дэргэд ямар ч хуулийн шийдвэргүй байж яагаад гэрийн хорионд байгаа юм. Яагаад сэтгүүлчээр ажиллах эрхийг нь хуулиар боомилоод байгаа юм. Үүнийг чинь л Шүүх “алагчилж” байна гэж ард түмэн үзэж байна. Ард түмэн яг юунд дургүй байдаг гээч, ерөөсөө хууль ард түмэнд алагчилж хандахад, дарга-иргэн хоёрт тэнгэр газар шиг хандахад л ясны

 дургүй байгаа юм. Шулуухан хэлэхэд, Монголын Шүүхийн шударга бус байдал гэдэг нь энэхүү алагчилж хандаж байгааг л хэлээд байгаа юм биш үү.

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нь хамгийн олон дагагчтай, нийгэмд нөлөөлөгч нэгэн бөгөөд сонгуульд нөлөөлнө гэж  үзээд түүнийг ийнхүү эрхийг нь хязгаарлаж байгаа нь тодорхой. Тэгвэл бодит байдал дээрээ МАН-ын нэр хүндэд бүр ч аймаар сөрөг нөлөөлөх, Шүүхийн шийдвэртэй эрхэм гишүүддээ Н.Өнөрцэцэг шиг хандаач. Хуулийг тэгш шударгаар биелүүлээч. Адилхан Монгол Улсын иргэд шүү дээ.

Ер нь бол сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Шүүхээс буруу зөвийг тогтоогоогүй байгаа. Түүн шиг хуулийн шатанд яваа олон хүн бий. Бүгд ажлаа хийгээд,  сайндаа л хилийн хоригтой, эрх орондоо хязгаарлагдмал эрх чөлөөтэй явж байна. Гэтэл сэтгүүлч эмэгтэйг болохоор яагаад гэр-эмнэлэг-цагдаа гурваас өөр хөл гишгэх газаргүй болгож, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хасч, Үндсэн хуульд заагдсан үндсэн эрхийг нь зөрчиж байгаа юм. Ардчиллын баталгаа, үнэт зүйлийн нэг бол …хувь хүний хэвлэн нийтлэх эрх чөлөө шүү дээ. Ардчиллын баталгаа бол чөлөөт хэвлэл. Эдгээр үнэт зүйлүүд хаана байна вэ. Бид ч ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж өөрсдийгөө дэлхийд тунхагладаг.

Монголын нийгэм, монголчууд энэ үйл явцыг Хүний эрхийн ноцтой зөрчлийн хэмжээнд харж байгаа. Хэвлэл мэдээллийн салбар бүр ч онцгой анхаарч байгаа. Монголын Шүүх засаглал эрх мэдэлтэн- эгэл сэтгүүлч хоёрт хэрхэн ялгавартай хандаж байгаа нь Олон улсын Хүний эрхийн байгууллагуудад ноцтой кейс болж очно. Нөгөө л Монгол Улсын Хүний эрхийн индекс ямар түвшинд байгаагийн нэг баримт болно. Үүнээс гарах үр дагавар ямар байхыг ойлгож байгаа биз. Монгол Улсын нэр хүнд, ардчилал, шударга ёсны үзүүлэлтүүд Олон улсад доогуур түвшинд очиход, сөрөг нөлөө нь юу байхыг мэдэж байгаа гэдэгт найдъя. Эрхэм гишүүд Шүүхээр таслагдсан ч төрийн өндөр алба хашсан хэвээр байдаг, эгэл сэтгүүлч эмэгтэй сэжигтэн төдий байцаагдахад хөл гар тушиж түгждэг, гэрт нь цоожилдог энэ асуудал бол Олон улсад, ардчилсан нийгэмд байж боломгүй үйлдэл. Цааш хэвээр үргэлжилбэл маш ноцтой үр дагаварт хүрэхийг тогтож харна уу, цаана нь байгаа хүмүүс…

Б.Нямаа