Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Б.Ичинхорлоо: Дэлхийн боловсролтой хөл нийлсэн, монгол хэлээ маш сайн мэддэг зохиолчдыг манай утга зохиол хүлээж байна DNN.mn

Үндэсний төв номын сангийн захирал, Монголын зохиолчдын эвлэл/МЗЭ/-ийн Удирдах зөвлөлийн дарга, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоотой ярилцлаа.

-МЗЭ-ийн 95 жилийн ой боллоо. Танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа, нийт уншигчид, сэтгэн туурвигч зохиолч, бүтээлчдэдээ 95 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Таны хувьд баярын хурал дээрээ тавьсан илтгэлдээ “Монголын оюун санааны их нүүдэл дэлхий рүү нүүх цаг нь болсон” гэж хэлсэн. Аль ч нийгмийг зохиолчид хөтөлж явдаг гэдэг. Тэгвэл өнөөдөр энэ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-Хамгийн гол нь бид өөрсөд рүүгээ харах цаг нь болсон. Миний илтгэлдээ хэлсэн зүйл маань энэ л дээ. Зохиолчид хөгжих ёстой болсон. Зогсонги байна, үүнийгээ бид өөрсдөө ерөөсөө харахгүй байна. Яг нэг газартаа очоод гацчихсан. Ер нь Сүхбаатарын хөшөө шиг болчихсон. Тэмүүлэлтэй, ургах наран зүгт гараа өргөсөн, унаа морь нь цоройсон ч гэсэн урагшилдаггүй. Тиймээс бид ямар ч байсан хөдөлгөөнд орох ёстой гэж үзэж байгаа юм. Гэвч жаахан боловч ололт, амжилт бидэнд байгаа.

Дэлхий дахинд Монголын утга зохиолын уншигчид нэмэгдэж байна. Хэрвээ 95 жил насласан мэргэжлийн төрийн бус байгууллага юм бол гишүүдийнхээ хандах зүгийг тодорхойлох ёстой гэж бодсон. Тийм болохоор “Дэлхий рүү нүүцгээе” гэдэг уриалга гаргасан юм. Яагаад гэвэл манай зохиолчдын чадал чансаа шавхагдаагүй. Хамгийн гол нь энэ зүйл дээр сайн орчуулагч, сайн уншигч, оюун санааны хамгийн үнэтэй зүйл болох нүүдэлчдийн ухамсар чухал. Бидний дэлхийд сонин харагдах гол өнцөг бол ахуй, оршихуй, сэтгэлгээний онцлог байгаа юм. Талын нүүдэлчдийн сэтгэлгээ гэдэг бол тавиун цараатай сэтгэлгээ. Гэтэл энэ сэтгэлгээнийхээ онцлогийг хэлний бэрхшээлээс ч юм уу, цөөхөн хүн ярьдаг монгол хэлээр бичдэгээсээ болоод дэлхий дахинд гаргаж чадахгүй байгаа юм. Хэрвээ Монголын утга зохиолын амин сүнс рүү орсон судалгаа байх юм бол манай зохиолчдын бүтээл дурын хүн бичээд байдаг зүйл бас биш. Үүн дээр бид үнэндээ бардам байж болно. Гагцхүү дэлхий нийтийн анхаарлыг татаж чадах онцлогоо олон хүнд хүргэх хэлний бэрхшээл болоод өөрсдийн маань мөч хүрэхгүй байна даа.

-Соён гэгээрэл гэдгийг юу гэж ойлгох вэ. Түүн рүү хөтөлдөг зохиолчдыг яаж бэлтгэх вэ?

-Үүнийг хоёр талтай авч үзэх ёстой. Ер нь бид нийгмийг соён гэгээрүүлнэ гээд л социализмын үеийнх шиг уриалаад явах биш. Харин хүмүүсийн зүрх сэтгэл дотор байгаа гайхалтай сайхан нинж хайр, биесээ хүлээн зөвшөөрч чаддаг монгол хүний уужуу ухааныг л тарих ёстой юм. Монгол хүний уужуу ухаан, талын нүүдэлчний өгөөмөр, өршөөнгүй зан чанар, аливааг талынхаа энгээр харж, боддог, миний зовлон минийх, миний жаргал бусдынх юм шиг ханддаг тэр хандлага л сүүлийн үед алга болоод байна. Тэгэхээр зохиолчдоо тэр сэдвээр бич, ийм байх ёстой гэхээсээ илүүгээр хайр, нинжийг монгол хэлээр түгээх ёстой л гэж бодож байгаа юм.

-Улс төрийн сэдэвт, ард түмнийг уриалан дуудсан шүлэг, бүтээлүүд сүүлийн үед бичигдэхгүй байна. Зохиолчид маань уншигчдынхаа өмнө бус цугтаа алхаж байдаг болсон гэх шүүмжлэл байдаг?

-Утга зохиолд шүүмж судлал гэдэг маш чухал гэдгийг л энэ харуулж байгаа юм. Шүүмж судлал нь үнэн байх ёстой. Тухайн зохиолчийг гаргаж ирэх, нийгэмд таниулахын тулд утга зохиолын шүүмж захиалгат маягаар явж ирсний хамгийн хортой нь энэ. Үүнийг бид бүхэн бүгдээрээ л тууллаа шүү дээ. Ямар ч байсан яг өөрөөрөө оршоод, хүн төрөлхтний сайн сайхны тулд гэрэл гэгээг түгээж чаддаг хүнийг нэртэй зохиолч, нийгмийг соён гэгээрүүлэгч гэж хэлнэ. Хэрвээ тэр хүн зөвхөн ахуй амьжиргааныхаа төлөө бичиж байгаа бол тэр нийгмийг соён гэгээрүүлэгч биш. Тэгэхээр зохиолч гэдэг ард түмний амьдрал, улс гүрнийхээ хувь заяан дотор хүнээрээ оршиж, хүн байж чадах хэрэгтэй. Эхлээд хүн байгаад, дараа нь зохиолч болдог. Хүний мөс чанар, зохиолчийн мөн чанар маш ойрхон.

-Монгол хэлийг гадагшаа яг байгаагаар нь орчуулж чаддаггүй. Уг нь бол үнэхээр сайн, даанч дэлхий ойлгодоггүй гэсэн яриа хэзээнээсээ л байсан. Тэгвэл зохиолчдынхоо бүтээлийг гадагш нь гаргахын тулд юу хийх ёстой вэ. Үүн дээр МЗЭ цаашдаа яаж ажиллах хэрэгтэй вэ?

-Бидэнд нэг дутагдал байна. Хувь хүн авьяастай төрөөд зохиол бүтээл бичиж байгаа бол тэр нь өөрт ч, ард түмэндээ ч хэзээд нөмөр нөөлөг болж байдаг. Тэр хүн ямар нэг байгууллагаас хараат бусаар өөрөө нөмөр, уул байдаг юм. Том уран бүтээлч уулын нөмөр барааддаггүй, ямар нэг урсгал чиглэлд дагаж урсдаггүй. Ямар ч уулын ширүүн үер урсаад ирсэн бат зогсож чадах аварга үндэстэй мод байж чаддаг. Ганцхан уран бүтээлчээс дэлхийг өөрчлөх санаархал гарч, өөрчилж ч чадна. Монголын утга зохиолын үе, үеийн гайхалтай уран бүтээлчид дэлхийд яагаад гарч чадахгүй байна гэхээр бид боловсролын тухай асуудлыг ярихаас өөр аргагүй. Манай зохиолчид өөрийн онгод хийморь, байгалиас заяасан өгөгдлөөрөө явж байгаа болохоос биш яг үнэндээ өөрийгөө боловсруулъя гэж бодохгүй байна. Энэ бол бидний дутагдал. Дэлхийн боловсролтой хөл нийлсэн, олон хэлтэй, тэр дундаа монгол хэлээ маш сайн мэддэг зохиолчдыг манай утга зохиол өнөөдөр хүлээж байна. Монголчуудын оюун санааны үнэт зүйлийг дэлхийн олон хэл рүү хөрвүүлж чадах тийм менежментийг зохиолчдын байгууллагаас уншигчид, дэлхий нийт хүлээж байна. Гэтэл зохиолчдын байгууллага маань 95 настай өвгөн байгууллага боловч яг үнэндээ ард түмэнтэйгээ цуг унаж, босож ядраад хөгжлийн ардаас гундуухан, толгой гудгар алхаж л явна. Хөгжлийг түүчээлэх ёстой гэхээр оюуны бяр хүрэхгүй байна шүү дээ. Нийгмийг оюун сэтгэлгээний хүчээр авч явахаа больчихсон. Нүүрсний мөнгөөр авч явдаг болсон байна. Үүндээ Монголын ард түмэн бүр итгэчихсэн. Тиймээс энэ саарал үеийг туулахад бидэнд дахиад л тэвчээр, утга зохиолдоо үнэнч байх сэтгэл хэрэгтэй. Монголын утга зохиолын хөх үндэсний галыг манаж явах хувь заяа ногдсон. Энэ гайхалтай хувь заяандаа бид эзэн байх ёстой. Бултах ямар ч арга байхгүй.

-Утга зохиолын алтан үеийнхэн, таныг “Болор цом” наадамд түрүүлж байх үед зохиолч, яруу найрагчийг нийгэм арай өөрөөр хүлээж авдаг байж. Одоо гэтэл өдөр ирэх тусам бага багаар нэр хүнд нь унаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Монгол үндэстний, оюун санааны гэх бүх зүйлийг үнэ цэнэгүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна гэж би боддог. Дурын хүн нь шүлсээ хаядаг болсон. Үүнийг нь ч олон нийт дэврээж, дэвжээж байгаа. Монгол хүн нэг нэгэндээ нөхөр, нөмөр биш болсон ийм цаг үед бид оюун санаа, монгол хэлээ л тойрч нэгдэнэ. Хэрвээ хэл байхгүй бол бидэнд хил байхгүй. Тийм учраас оюун санааны тусгаар тогтнол, Монгол гэдэг мөнх оршихуйг дархалж үлдэхийн тулд бидэнд өвөг дээдсээс өгсөн монгол яруу хэл маань байгаа. Энэ хэлээр бичдэг хэдхэн цөөхөн зохиолчид маань байна. Тэднийгээ хоцрогдсон, боловсролгүй, үнэ цэнэгүй гэж үзэх болсон нь гаднын дохиотой юм шиг надад санагддаг. Ингээд хэлэхээр өөрсдийгөө өмөөрлөө гээд муулдаг. Гэтэл бидэнд хайрлаж явах ёстой үнэт зүйлс байна шүү дээ. Тусгаар тогтносон улсынхаа оршин байхуйн үнэт хил хязгаарыг хэл гэдэг эрхэм дархлаагаар зохиолчид минь манаж яваа. Зохиолч хүний онцлог нь сэтгэгч байдаг. Монгол хүнийг сэтгэх чадваргүй болгочихоор сэтгэж байгаа нэгнээ үнэ цэнэгүй харагдуулах гэсэн нийгмийн акц болгонд бид итгэсээр ирсэн. Энэ бол бид өөрсдийгөө өөрийн гараар оршуулж байгаа зүйл. Монгол гэдэг оршихуйг хэлээр дамжуулан хилгүй болгох гэсэн зүйл шүү. Үүнийг хүн бүр дотроо нэгийг бодож, ухаарч хараасай гэж бодож байгаа юм. Тийм ч болохоор МЗЭ-ийнхээ 95 жилийн ойгоор монгол хэл, соёлын дархлааг дэмжихийн тулд төр засаг, ард түмэн, ирээдүй хойч үед хандаж уриалга гаргасан. Монгол хэл, соёл гэдэг та бидний мөнхийн оршихуй. Эх орон тусгаар байхын, эх хэл маань дагшин оршихын, түүгээр дамжин дэлхийн монгол хүн бүрэлдэн бий болохын амин үндэс юм шүү. Дэлхийн монгол хүн гэхээр олон гадаад хэлтэй хүн гэж ойлгоод байгаа. Гэтэл тийм биш юм. Одоо бид жалга довны шүүмжлэлээсээ болоод хол харж, том нүүдэл хийж чадахгүй. Өнөөдөр, маргаашийн тухай л ярьдаг байдлаа бид хол хаях цаг болсон. Бидэнд боломж бол бий. Оюуны суутнууд маань бүтээн туурвисан бүхнээрээ ирээдүйд нар үзүүлэхийг л зорьж байгаа юм.

-Ерөнхий сайдын зөвлөх баярын хурал дээр тань зохиолчидтой уулзах боломжтой гэж хэлснийг нь дамжуулсан. Хэрэв ийм уулзалт болбол төр засгийг юун дээр түлхүү анхаарч өгөөч гэж хэлэх вэ?

-МЗЭ-ийн 95 жилийн ойн баярын хурал дээр төрийн гурван өндөрлөг маань баярын мэндчилгээ ирүүлсэн. Төр засаг маань хар нүднээс хөмсөг гадуур гэж МЗЭ-ийг тоохгүй өнгөрсөнгүйд нь баяртай байна. Ерөнхий сайдтай уулзах тэр цагт бид утга зохиолын ирээдүй болоод монгол хэлнийхээ ирээдүйн тухай л ярина. Монгол хэл соёл байснаараа Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолыг дэлхий дахинд зарлан тунхаглаж чадна. Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын оюун санааны нэгдсэн төв нь тусгаар тогтносон Монгол Улс, монгол хэл байх ёстой.

-Нийт зохиолчоо дэлхий рүү гарахыг уриалсан. Бас сайн талыг нь харъя гэвэл нэг үеэ бодвол эхнээсээ гадагшаа орчуулагдаж л байна даа?

-Үнэхээр бидэнд сайн сайхан зүйл бас байлгүй яах вэ. Олон сайхан зохиолчийн маань ном, бүтээл гаднын олон орны хэлээр хэвлэгдэж байна. Цаашдаа ч энэ тоо улам өсөх учиртай. Бидэнд дэлхийд гарч чадна гэсэн амбиц байгаа. Хэрвээ бид том хүсэл зорилго, тэмүүлэлгүй бол дахиад л эндээ 95 жил сууна шүү дээ.

-Монголын утга зохиолын өнөөгийн ачааг 1990-ээд оныхон буюу танай үеийнхэн үүрч яваа. Харин та ирээдүйдээ хэр итгэлтэй байдаг вэ?

-Ирээдүйдээ итгэхгүй бол өөр юунд итгэх юм бэ. Би өөрөө яруу найрагч хүн. “Хамаг бүхэн сайхан болно. Итгэсээр явахыг амьдрал гэнэ” гэж тунхагласан. Энэ итгэл гэдэг хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа зохиолч, туурвилч хүнд. Итгэлгүй байх юм бол чи маргаашийн нарны өнгө, гэрлийн тухай төсөөлөлгүй болно. Маргаашийн Монгол орны тухай мөрөөдөл, зохиол бүтээлээ үлдээх хийморьгүй болно. Тийм болохоор итгэл гэдэг бүх зүйл. Би Монголын утга зохиолын ирээдүйг маш гайхалтай өөдрөгөөр төсөөлдөг. Тийм ч учраас бид дэлхий рүү нүүе гэж хэлээд байгаа юм. Нүүдэлчний утга зохиол, талын язгууртнуудын өв соёл, монгол ахуй хийгээд дэлхийд үзүүлсэн амар амгалан бол дэлхий судлах ёстой нарийн нандин ухаан юм шүү. Гагцхүү бид энэ бүхнээ дэлхий нийт, хүн төрөлхтөнд зарлан тунхаглаж амжихгүй явна. Харин амжих ёстой үе маань ард зогсож байгаа. Хойч үе маань илүү их хүчтэй, цэвэр, нарийн мэдрэмжтэй, гайхалтайгаар ирж байна. Энэ бүхэн Монголын ирээдүй. Гэрэл гэгээтэй, сайн сайхан ирээдүй байлгахын тулд зохиолч бид өөрсдийгөө дэвсэж өгөх ёстой. Бидний үзэж туулсан, бичиж байгаа бүхэн Монголын ирээдүйн өлмий доор гишгэгдэж, өндөрт гарах шат нь байх ёстой юм. Тийм болохоор нуруугаа хотойлгож, өвдгөө сөгдөж өгнө.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ононхангай: Оюу толгойн уурхайд хэд, хэдэн хүн нас барахад бүгдийг дарж нуусан DNN.mn

Оюу толгойн гүний уурхайд таван уурхайчин нас барсан. Энэ мэдээллийг тус компани нуун дарагдуулж ирсэн гэх мэдээлэл түгээд буй. Энэ талаар Геологи, уул уурхайн хөгжлийн “Тэмүүлэл холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангайтай ярилцлаа.

-“Оюу толгой” ХХК уурхайчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа гэж та саяхан мэдээлэл хийсэн. Чухам ямар зөрчил гарсан болж таарав аа?

-Оюу толгой компани буюу Оюу толгой төсөл дээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий гэрээлэгч компаниудын ажилтнуудын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. Бидний мэдэж буйгаар гүний уурхайд олборлолт хийж байгаа “Даян контракт майнинг” ХХК, “Рэдпаф Монголиа” ХХК, “ХасуМегавтт” ХХК, мөн баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил гүйцэтгэж байгаа Туркийн хөрөнгө оруулалттай “ЭНКА” ХХК, Оюу толгойн үндсэн компаниуд ажилчдынхаа эрх ашгийг ноцтой зөрчсөн. Тодорхой тооны ажилчид надад итгэмжлэл олгоод хөдөлмөрлөх эрх болон хүний эрхийн асуудал дээр өөрсдийг нь төлөөлж ажиллаач гэсэн юм.

Эдгээр компаниуд ажилчдынхаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тогтоодоггүй. Тогтоосон ч буруу тогтоож, гүний уурхайд хүнд хортой нөхцөлөөр тогтоож цалин хөлс олгодоггүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэмэгдэл цалинг буруу боддог. Илүү цагийн хөлсийг хуулийн дагуу олгодоггүй. Түүнээс гадна “ЭНКА” ХХК нь хэдийгээр газрын гадарга дээр ажиллаж байгаа ч баяжуулах үйлдвэр гэдэг хортой нөхцөл байхад хэвийн нөхцөлөөр ажиллуулдаг. Үндсэн “Оюу толгой” ХХК гүний уурхайчид угаартах болон Ковидын жилүүдэд хэд хэдэн хүн амь насаа алдсан тохиолдол гарсан. Гэвч энэ ноцтой мэдээллийг олон нийтэд битгий хэл хууль, цагдаагийн байгууллагад ч бүртгүүлдэггүй дарж нуудаг байдал нь ил болсон.

-Хэд, хэдэн хүн амь насаа алдсан гэдгийг баримттай хэлэхгүй юу. Дэлхийн хэмжээний уурхайд нас барах тохиолдол нэг бус байна гэдэг ноцтой сонсогдож байна?

-2021 онд манай байгууллагаас ХЭҮК, тухайн үеийн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарт албан бичиг явуулж байсан. Тэдгээрээс хариу тайлбар ирүүлж байсан. Оюу толгойгоос өөрсдөөс нь албан тайлбар өгсөн байдаг. Нэг ёсондоо “Манай дээр ийм осол гарсан” гэдгийг баталсан. Хамгийн гол нь нас барсан ажилтнуудын ар гэрийнхэн “Оюу толгой” ХХК-тай тохиролцчихдог учраас энэ хэргийг сөхөж ярихаар тэдний зүгээс дургүйцээд байдаг. Мэдээж тэдний буруу биш шүү дээ.

-Тодорхой цаг хугацаатай, шалтгаан нөхцөлийг нь сонсъё?

-Эхнийх нь, 2020 оны наймдугаар сарын 17-нд 45 настай ажилтан гэнэт зүрх нь зогсож нас барсан байдаг. Хоёр дахь нь, 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр уурхайн талбай дээр 41 настай эрэгтэй, гурав дахь нь энэ сарынхаа 31-ний өдөр 46 настай эрэгтэй ажилтан нас барсан. Дөрөв дэх нь, 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 50 настай эрэгтэй гүний уурхайд нас барсан. Мөн Оюу толгойн СОС эмнэлгийн ажилтан эмэгтэй 2021 оны хоёрдугаар сард хэвийн бус байдалд орж, дэмийрч, самуурах үйлдэл гаргасан байдаг. Тухайн үед тэр хүнийг СЭМҮТ-д шилжүүлсэн юм билээ. “Оюу толгой” ХХК энэ талаар албан ёсоор мэдэгдээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байна гэдэг. Энэ талаарх баримт надад хангалттай байгаа.

Өнгөрсөн зун экспат ажилтан Германы иргэн өрөөндөө нас барсан. Хавар бас монгол ажилтан өрөөндөө нас барсан. Тухайн хүнтэй хамт ажиллаж байсан ажилтан дөнгөж сая надтай ирж уулзаад, тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөөд явлаа. Өрөөндөө нас бараад хоёр хоносны дараа нүд халтирмаар болчихсон байхад мэдсэн гэж байна. Ингээд уурхай дээр нас барсан хүний тоо нэмэгдээд байдаг юм. Бүр өмнө нь ч баяжуулах үйлдэврийг барьж байсан хятадууд нэг ажилтан охиныг хүчирхийлж, амийг нь хөнөөгөөд хогийн саванд хийчихсэн байсан. Энэ тухай ахмад ажилтнууд мэддэг, ярьдаг. Мөн хоёр ажилтан бохирын цооног дотор гагнуур хийж байгаад хоёулаа нас барсан гээд яриад байвал гараад л байна.

-Энэ тухай нийгэм тэр бүр мэддэггүй?

-Эдгээр нас барсан ноцтой тохиолдлыг Оюу толгой компани олон нийтээс нуудаг, чив чимээгүй өнгөрөөдөг. Сүүлд гадаад ажилтан нас барсан хэргийг нэгэн сайтын сэтгүүлч олж мэдээд ЦЕГ-аас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ирээгүй” гэсэн байдаг. Нэг ёсондоо ЦЕГ-т “Оюу толгой” ХХК ямар нэгэн осол, амиа алдсан хэргийн талаар мэдээлдэггүй гэсэн үг. Энэ бол ноцтой зүйл. Гол нь тус компани иймэрхүү алдаа дутагдалтай байгаа асуудлыг нийгмээс нуудаг. Олон нийтэд гаргаад тавьсан ч газар авахгүй, чимээ аниргүй болчихдог нь хачирхалтай.

Манай төрийн хяналтууд “Оюу толгой” ХХК дээр ажилладаггүй л гэсэн үг. Хяналтаа тавьж чаддаггүй, ажиллаж чаддаггүй. Ямар нэгэн осол аваарын дараа хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг. Энэ л хамгийн ноцтой зүйл. Шүүхээр орж шийдэгдэхгүй, тус компани нэрээ хамгаалаад хохирогчийн ар гэрийнхэнтэй тохиролцдог юм уу, эсвэл мөрдөн шалгах ажиллагаа нэрээр хөөн хэлэлцэх хугацаа дуусгаж байна уу, дарагдаад алга болчихдог. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөөж ил болгох хэрэгтэй. Ийм хэргийг хав дараад байдаг, болчихдог учраас дараа дараагийн ослууд гараад эрдэнэт хүний амь эрсдээд байна.

-Хяналт шалгалт хангалтгүй гэсэн үг үү?

-“Оюу толгой” ХХК-ийг ХЭҮК юм уу холбогдох байгууллагууд шалгахдаа хөрсөн дээр нь, бодит байдал дээр очиж шалгадаггүй. Зөвхөн бичиг цаасан дээр л шалгалт хийдэг. Тийм зүйлд Оюу толгой ямар ч өө гаргахгүй. Хүний эрхийг ингэж хамгаалж байна, ийм үлгэр жишээ үзүүлж байна гээд сурталчлаад байдаг шүү дээ. Ялгаварлан гадуурхалт байхгүй, бэлгийн болон ажлын байрны дарамт байхгүй гэх мэтээр бичиг баримтыг ямар ч өө гаргахгүйгээр хийдэг. Гэтэл бодит байдал дээр дүрэм журмууд нь ажилтанд халтайгаар, сүрдүүлсэн байдлаар хэрэгждэг.

Төр иргэнээ өмөөрч хяналт тавьж хөрсөн дээр нь ажилламаар байгаа юм. Сүүлд гүний уурхайд 100 гаруй уурхайчин арванхоёрдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хоёр шөнө, нэг өдрийн ээлж угаартсан. Дараа нь 27, 28-нд бас хэсэг уурхайчин угаартсан. Энэ хэргийг нийгэм бас л мэдээгүй. “Оюу толгой” ХХК албаныханд мэдээлэл өгөөгүй байсан юм билээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үйлдвэрчний эвлэл, ХААБ-ын шугамаар хаашаа ч мэдээлэл өгөөгүй дотроо дарчихсан байсныг ажилчдаас бидэнд баримт нотолгоо, дүрс бичлэг, дуу, зураг хөргөөр баталгаажуулж ирүүлсэн.

Энэ бүгдийг олон нийтийн сүлжээнд ил болгосны дараа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үйлдвэрчний эвлэл Оюу толгойд шахалт үзүүлж байж дуртай, дургүй хариу өгсөн. 100 орчим ажилтан өртсөн, 63 нь хөнгөн угаарталд өртсөн. 15 нь амьсгалын аппарат зүүж, эмчилгээ авсан гэх агуулгатай мэдээлэл ирүүлсэн юм билээ.

-Цөөн тооны уурхайчин угаартсан гэдэг мэдээлэл гарсан. Гэтэл таныхаар бол 100 гаруй ажилтан гэнэ үү?

-“Оюу толгой” ХХК дотоод сүлжээгээрээ манайд тийм олон хүн угаартаагүй. Энэ нөхөр худлаа мэдээлэл түгээж байна. 27, 28-нд 17 ажилтан угаартсан гэдэг л дутуу мэдээлэл тавьсан байсан. Өмнө нь 100-гаараа угаартсан талаар дурдаагүй. Дотооддоо хүртэл худлаа мэдээлэл тарааж байна шүү дээ.

Эдгээр мэдээлэл ил болсонтой холбоотойгоор байх, “Олон нийтийн мэдээллийн сувагт ямар байдлаар хандах вэ” гэсэн удирдамж гаргаж ажилтнууддаа танилцуулсан гэдэг мэдээлэл сүүлд авлаа. Тэр удирдамждаа “Та бүхний цахим сүлжээнд тавьж байгаа мэдээллүүдийг бид харж байгаа. Дүн шинжилгээ хийж, хянаж байгаа. Тиймээс та бүхэн анхааралтай хандана уу” гэсэн байна лээ. Энэ бол шууд сүрдүүлэг, дарамт. Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх, мэдээлэл авах, мэдээлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг энэ компани шууд боогдуулж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүндэвтэй ярилцлаа.

-Таныг хуучны дуу­нуудаараа цомог гаргана гэж дуулсан. Цомогт хичнээн дуу багтах вэ?

-Би 1975 оноос Хэнтийн соёлын ордон гэж байхаас л дуулсан. Одоо бодоход урлагт 40 гаруй жил тасралтгүй үнэнч зүтгэж дуу хоолойгоороо ард түмэнтэйгээ хамт байна. Энэ хугацаанд “Ээж минь дээ”, “Ганцаар жаргадаггүй хорвоо”, “Чулуутын гол” зэрэг 100 гаруй дуу дуулснаас 80 орчим нь Монголын радиогийн фондод байдаг. Харин үлдсэн нь радиод бичүүлж амжаагүй, кассет хэл­бэрээр олонд хүрч жолооч нарын кабинд цангинаж явсан байх юм. Амьдралынхаа туршид дуулсан дуу бүхнээ багтаасан таван ч CD гаргасан байна. Харин энэ жил бүтээлээ сорчлоод цомог гар­гахаар ажиллаж байна. “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор миний бүх дуунуудыг клипжүүлж өгнө гэсэн. Мөн зохиолч Р.Чойномын 1963 онд зохиогдсон “Гоо бүсгүйн дуулах дуу” дуу хоолойнд орчихсон, клипний зураг авалтад орохоор төлөвлөөд  байна.

-Одоо студид дуу би­чүүлэхэд хоолой хэр байна. Анх дуулдаг байсан үеэсээ суларсан байх юм уу?

-Урлагийн хүн бол урлагийн л хүн. Хоолой харина гэж байдаггүй. Яахав нас бол мэдээж нөлөөлнө. Залуу байхад цангинасан хоолой өөрөө урсаад л сайхан шүү дээ. Ямар ч байсан хоолойны бичлэг хийлгэхэд унаагүй л байна лээ.

-Таны үед Монголын радиод дуугаа бичүүлнэ гэдэг дуучдын хувьд том боломж байсан биз?

-Тэгэлгүй яахав. Би анх 1978 онд “Буурал аав” дууг Монголын радиод бичүүлж байлаа. “Ээж минь дээ”, “Ганцаар жаргадаггүй хорвоо” зэрэг дуунуудаа шил дараалан бичүүлсэн. 1980-1990 оны хооронд уран бүтээлийн ид оргил үе байлаа. Монголын радиод 9000 захидал ирэхэд 5000 орчим нь миний нэр дээр хаягласан, урмын захидлууд байдаг. Одоо ч фондод хадгалагдаж байна. Тухайн үед ямар цахим хуудсаар ороод миний дуулсан дууг сонсчихно гэх биш Монголын радиод л дуугаа бичүүлэх нь хамгийн том шанс байлаа ш дээ. Ямар сайндаа Н.Төмөрхуягийн дуулдаг “Амьдрал хайр дээр тогтдог” дууг анх би радиод бичүүлэх гэж байсан чинь өнөөх маань намайг хуураад өөрийн болгоод дуулчихсан.

-Яаж тэр вэ?

-Би хотод биш аймгийнхаа “Хан-Хэнтий” чуулгад ажилладаг байсан. Хотод дуу бичүүлэх, эсвэл уралдаан тэмцээний үеэр л онгоцоор хот орж ирнэ. 1990 онд “Цагаан лавай” хөгжмийн наадмын уралдаан болоод би “Будантай юу буурал хорвоодоо…” гэсэн үгтэй “Ээж минь дээ” дууг дуулаад түрүүлчихдэг юм байна. Тэгээд радиод нэг дуу бичүүлэх эрхтэй боллоо. С.Цэрэнчимэд ч надад “Амьдрал хайр дээр тогтдог” дуугаа дуул гэдэг байгаа. Би ч бөөн баяр. Цэрэнчимэд тэр дуугаа нэг их олон дуулаагүй, хүмүүст ч хүрээгүй байсан үе. Ингээд бүх ажил яг таг болоод байж байсан чинь одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын өмнө дуучин Н.Төмөрхуягтай таарлаа. Тэгсэн Н.Төмөрхуяг “Миний найз хөдөө гэртээ очоод байж бай. Дууг чинь бичих үед чам руу хэл хүргэе. Тэгээд ч шинэ машинаа чуулгын үүдэнд удаан тавьж болохгүй” гэдэг байгаа.

Би тэр үед тээвэрчдийн хол­боонд жолооч байсан боло­хоор дөнгөж шинэ машинтай явж байсан хэрэг. Нээрээ ингэж хүлээж суухаар харьчихаад ирье гэж бодоод яваад өгөхгүй юу. Тэгсэн мань хүн миний явсан хойгуур “Наад дууг чинь намайг дуул гээд Цам­балхүндэв явчихсан” гээд өөрийнх бол­гочихсон. Найзууд нэгнийгээ шоглочихож л байгаа байхгүй юу. Тэр явдлын өмнөхөн Н.Төмөрхуяг “Ханийн нутаг” гээд дуугаа дуулсан ч хараахан олонд хүрээгүй байсан юм. Бид хэд чинь үй зайгүй найзууд байлаа. Одоо бодоход их сайхан дурсамж санагддаг. Тэгээд ч урлагт олон жил зүтгэхдээ зөндөө л сайхан зүйл тууллаа. Зохиолч Р.Чойномыг аав таньдаг байсан болохоор хааяа архийг нь хүртэл зөөгөөд л гүйж байлаа.  Би өөрөө тэр болгон уугаад байдаггүй л дээ.

-“Ээж минь дээ” дууг нэг болохоор таных гээд, эсвэл Цэрэнчимэдийнх гээд бай­даг. Яг хэнийх нь дуу юм бэ?

-Монголын радиод “Ээж минь дээ” дуу эх хувиараа дуучин Т.Цамбалхүндэв” гээд хадгалаас­тай бий. Энэ чинь ийм учиртай юм. С.Цэрэнчимэд надад зориулж хөгжмийг нь найруулж, Ч.Даг­вадорж гээд утга зохиол судлаач шүлгийг нь бичсэн. С.Цэ­рэнчимэд маань уран бүтээлийн хувьд намайг их сайхан дэмждэг байсан. 1989 онд ээж нь өөд болж намайг дуудсан.

“Надад ийм дуу байна. Би нэг, хоёрхон удаа дуулсан. Чи л ард түмэнд хүргэж чадна” гэсэн. Тэр жилдээ “Ээж минь дээ” дуугаараа “Алтан намар” наадмын шилдэг гэсэн шагнал хүртэж, дараа жил нь “Цагаан лавай”-д дуулж бас л тэргүүн байр эзэлсэн. Тухайн үеийн “Алтан намар” наадамд Зангад гуай “Ай даа алтан намраа” гэж ирээд л ид  дуулж байсан үе л дээ. Ер нь 1996-1997 оны хооронд болсон бүх концертыг Дүгэрмаа гэж хүүхэн хөтөлдөг байлаа. Бид хаана л концерт болно оролцоно. Кон­цертын үеэр залуу дуучид “Намайг Цамбалхүндэв ахын өмнө зар­лаарай” гэдэг байсан гэж ярьдаг.

-Яагаад?

-Намайг дуулаад ороход үзэгчдийн алга ташилт, эмоци дарагдахгүй байдаг гэнэ л дээ. Үзэгчид байнга дахиулдаг байсан болохоор тэгж байхгүй юу. Тэр жилүүдэд миний дуунууд ра­диогийн хит парадын тэргүүнд л явна.  Ардын жүжигчин Д.Самбуу болон С.Цэрэнчимэд, Н.Төмөрхуяг, П.Адарсүрэн зэрэг олон сайхан дуучидтай мөр зэрэгцэн урлагийн тайзнаа ана мана л үзэж байсан гээд бодохоор өтөл насны ганц сайхан дурсамж юм даа. Миний үеийн дуучид ер нь төрийн шагнал хүртэж. Энэ жил Монголын ард­чилсан холбоо миний нэрийг гавьяатад тодорхойлсон сурагтай.

-Өмнө нь таныг гавьяатад хоёр ч удаа тодорхойлж байсан гэж сонссон. Харин энэ жил яах бол?

-Тийм. Тулгар төр байгуу­лагдсаны 800 жилийн ойгоор, мөн 2009 онд гээд хоёр ч удаа Монгол Улсын гавьяатад тодор­хойлуулсан. Гэтэл өгөөгүй. Гэхдээ би чинь Алтан гадастай л хүн. Хуучны уран бүтээлчид өнөөдөр хоцрогдсон байж магадгүй. Гэхдээ цагтаа хийх зүйлээ хийж бүтээсэн хүмүүс. Тэртэй тэргүй ард түмэн мэдэж байгаа. Өгвөл төрийн хишиг, хайр хүндэтгэл гэж дээдэлнэ. Өгөх­гүй бол одоо яахав. Төрийнхөө хишгийг хүртэж амжаагүй хорвоог орхисон олон сайхан уран бүтээлчид байгаа шүү дээ. Өөр би яах ёстой юм. Эсвэл би нугарах ёстой юм уу, илбэ үзүүлэх ёстой юм уу.

-Таныг “Цэлмэг тэнгэр” хамтлагт дуулдаг байсан гэдэг. Энэ тухайгаа хууч­лахгүй юу?

-Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид 1972-1975 онд алба хаасан. Бас болоогүй ээ “Цэлмэг тэнгэр” нэртэй хамтлагтай. Цэргийн ангийнхныгаа жинхэнэ доргиож, хөглөнө шүү дээ. Залуу байхад сайхан байжээ. Хайр сэтгэлийн тухай, хайрын тухай дуу дуулаад л гитар нүднэ. Лимбэ, үлээвэр тоглоно.

-Одоо танд тэр үеийн тоглож байсан хөгжим бий юу?

Тухайн үед 12 утастай гитар барьж байсан. Одоо надад байхгүй. Чулуун-Овоонд нэг айлд байгаа сурагтай. Гитарын дотор талд “1971 онд үйлдвэрлэв. Ленинградын хөгжмийн үйлдвэр. Чапаевын XV гудамж” гэсэн бичигтэй байх ёстой. 1978 онд Москвад явж байхдаа авч байсан юм. Үзэмж нь муудсан ч гэсэн аваад гэртээ өлгөчихье гэж бодож байгаа.

-Сүүлийн үед Өвөр­монгол дуучидтай хамтарч ажиллаж байгаа гэсэн…

-Хүн хөгшрөхөөр шүлэг бичдэг юм гэнэ лээ. Дуу дуулахаас гадна шүлгийн ном бичиж байгаа. Саяхан л гэхэд би шүлгийг нь бичсэн “Ганцаар жаргадаггүй хорвоо” дууг Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр дуулсан байсан.

-Одоогийн залуу дуучид­тай хэр дотно байна?

-Залуу дуучдын хувьд таны дууг дуулъя гэж ирэх нь бий. Үнэндээ тэдний өмнөөс ичдэг. Бурхан хүнийг нэг л хувь заяадаг. Гэтэл манай залуучууд өөр хүнийг дуурайж уран бүтээл хийх гээд байгааг би ойлгодоггүй. Адар­сүрэнгийн “Энх улирал” дууг Төрмандах гээд залуу дуулсан харагдсан. Яаж ч дуулаад Адарсүрэнг гүйцэхэв. Адарсүрэн хорвоод амьд сэрүүн байхгүй болохоор чимээгүй байна. Гэсэн хэдий ч нэгэнт дуулаад ард түмэнд хүрчихсэн юм чинь яаж ч сайхан дуулаад тэр хүний хэмжээнд хүрэхгүй ш дээ. Миний “Чулуутын гол” дууг нэг дуучин бас дуулъя гэсэн. Өөрсдөө шинийг эрэлхийлж, шинэ уран бүтээлээр үзэгчдэд танигдах ёстой. Тэрнээс биш хүний нэр дээр “од” болно гэдэг ёс жудаггүй явдал.

-“Чулуутын гол” таны бараг брэнд дуу шүү дээ. Ард түмэн ч андахгүй. Энэ дуу хэрхэн төрөв?

-1994 онд санагдаж байна. Одоогийн хөгжмийн зохиолчдын холбооны  дарга, “Морин хуур” наадмын гурван удаагийн шагналт Б.Бямбабаяр нэг өдөр намайг дуудаад “Чиний хоолойд энэ дуу их зохино” гээд “Чулуутын гол” дууг өгсөн. Шүлгийг нь Минжүүр бичсэн юм. Үнэхээр дуулсан цагаасаа л ард түмэнд хүрсэн. Одоо 40 жил “Чулуутын гол”-оо дуулсан байна шүү дээ.

-Таны эхнэр Монгол Улсын начин Ц.Дамдингийн дүү байх аа. Одоо гэр бүлээрээ хотод амьдарч байна уу?

-Би л хотод байна. “Гоц жаалууд” цэцэрлэгт манаач хийж байна. Цомгийнхоо мөнгөнд хэд гурван төгрөг нэмэрлэх санаатай. Эхнэр хүүхдүүд харин аймагтаа л амьдарч байгаа. Цомгийнхоо ажлыг зохицуулчихвал нутаг буцна даа. Манай эхнэрийг Оюунчимэг гэдэг. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Ц.Дамдингийн төрсөн дүү.

-Танай удамд урлагийн хүн бий юу. Ээжийг тань сайхан дуулдаг гэж нут­гийнхан тань ярьдаг юм билээ?

-Манай аав, ээж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул. Аав багийн эмч хийж байгаад сүүлд барилгачин болсон. Аймгийн бү­тээн байгуулалтад гар бие оролцож байсан хүн. Газраас хөндийрч тэнгэр өөд сүндэрлэсэн барилга болгоныг аав бараг барилцаж байсан гэхэд хэлсдэхгүй. Ээж харин их сайхан дуулдаг. Эмээ ч гэсэн дуулна. Ийм сайхан гэр бүлд өсч, өндийж, одоо өөрөө өтөл болж амьдралыг элээж явна даа.

-Таныг Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүрт­гүүлэх гээд завгүй байгаа гэж ярих юм. Үнэн үү?

-Их эзэн Чингис хаан хаан ширээнд суухдаа мөнх тэнгэрээс хүч авсан уул бол Бурхан Халдун гэж Монголын нууц товчоонд удаа дараа тэмдэглэгдэн ирсэн байдаг. Тэр ч үүднээсээ 2008 оноос эхлэн Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх санаа гаргасан. Гэвч хэн ч дэмжээгүй. Уг нь Үндсэн хуулинд газар дээрх өвс ургамал, ан амьтан ард түмний өмч гээд заачихсан байдаг.

-Ямар учраас Бурхан Халдуныг бүртгүүлэх гээд байна вэ?

-ЮНЕСКО-д дэлхийн байга­лийн гоц сонин цогцолборыг орон нутгийн иргэдийн хүсэлтээр бүртгэнэ гэсэн заавар байдаг юм байна. Бурхан Халдун уул маань Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байдаг шүү дээ. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй утсаар холбогдоод Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх иргэдийн гарын үсэг цуглуулъя гэж тохирсон. Тэгээд өнгөрсөн зун Өмнөдэлгэр сумын бүх айл өрхүүдээр нь яваад санал бодлыг нь сонсоод, 260 хүний гарын үсэг цуглуулаад ирсэн. Түүнийгээ Ц.Оюунгэрэл сайдад зөвлөхөөр нь дамжуулан өгсөн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Бурхан Халдун уул нь эрт дээр үеэс Монгол Улсын түүхэнд онцгой тэмдэг­лэгдэн ирсэн уул юм. Их эзэн Чингис хаан 10 настайдаа Татаруудаас зугтан амь гарсан түүхтэй уул гээд түүхийн хуудаснаа мөнхөрсөн олон сонин түүх бий. Энэ уулын ач буянаар бусад улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Тийм учраас Бурхан Хал­дун уулаа онцгой хамгаалалтанд авч, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх орон нутгийн иргэдийн хүсэлтийг бүрдүүлээд ЮНЕСКО руу явуулсан. Журмандаа хүмүүсийн гарын үсгийг тулгаж үзэх комисс ЮНЕСКО-гоос ирдэг юм билээ. Бүртгэлийнхээ шатанд явж байгаа гэсэн хариуг ЮНЕСКО-гоос Ц.Оюун­гэрэл сайдад ирүүлсэн байгаа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглох хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүдийн байр суурь адилгүй байна. Таны хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг маш яаралтай батлах шаардлагатай. Нэг удаа хойшилсон. Дахиж хойшлуулж болохгүй хууль бол энэ. Учир нь УИХ уг хуулийг дахин дахин хойшлуулаад байвал гадаадын хөрөнгө оруулагчдад буруу мэдээлэл очих болно. Энэ бол Монголын эдийн засгийн хамгийн том аюул. Эдийн засаг талаасаа уг хуулийг яагаад нэн даруй батлах ёстой юм бэ гэхээр маш ойлгомжтой хэдэн зүйл хэлье. Монгол Улсын эдийн засаг бол хөгжиж байгаа эдийн засаг.

Гэхдээ сүүлийн арван жил гаднын хөрөнгө оруулалт гэдэг зүйл зогссон. Хөгжиж байгаа манайх шиг улсад нэг чухал онцлог байгаа. Тэр нь асар их дэд бүтцийн санхүүжилтийн хэрэгцээ байдаг. Үүнийг хийхийн тулд гурван хүчин зүйл бий. Нэгдүгээрт, улсын төсөв. Хоёрдугаарт, зээл, тусламж. Гуравдугаарт, гадна дотнын хөрөнгө оруулагчид. Үүнээс тодорхойлж хэлбэл гадна дотнын хөрөнгө оруулалтаар дээрх санхүүжилтийг шийдэх нь олон давуу талыг бий болгодог. Хөрөнгө оруулалтын эрсдэлээ хөрөнгө оруулагч тал өөрсдөө үүрдэг. Давуу тал нь гэвэл ажлын байр бий болно. Эдийн засаг тэлнэ. Шинээр зах зээл бий болдог. Дагаад шинэ технологи, менежментийн ноу хау орж ирдэг. Хөрөнгө оруулалтын энэхүү давуу талын хүчээр дэлхийн 200 гаруй улс орны 40 орчим нь хөгжингүй улс болсон.

-Тухайлбал гаднын хөрөнгө оруулалтаар хөгжсөн ямар орон байна вэ?

-Хамгийн их хөгжсөн орон бол мэдээж АНУ. Өөрөөр хэлбэл хамгийн их хөрөнгө оруулалт буюу таван их наяд ам.долларыг энэ улс дангаараа татаж байна гэсэн үг. Түүнээс гадна хамгийн их хөрөнгө оруулалт татсан 10 улс гээд харвал бүгд л хөгжсөн орнууд байдаг. Тэр утгаараа хөрөнгө оруулалт гэдэг бол хаана хамгийн таатай орчин байна тэнд очиж цуглардаг. Харин манайх шиг татварын өндөр орчинтой, байгалийн саад бэрхшээл ихтэй улс руу ирэх нь ховор. Миний хувьд Африкийн олон улсаар явж үзсэн. Тэнд ч гэсэн хөрөнгө оруулалт очдоггүй. Учир нь байгаль цаг уурын хувьд маш халуун. Нэмээд засаглал нь сул. Засгийн газар нь тогтворгүй байдаг. Үүнээсээ болоод хөрөнгө оруулагчдыг зүгээр л мөнгө гэж хардаг. Үр дүнд нь Африкийн улс орнууд огт хөгжихгүй байна шүү дээ. Тэгэхээр бид энэ саад, бэрхшээлийг аль болох багасгах зорилгоор хөрөнгө оруулалтыг татах ёстой.

-Тийм учраас энэхүү Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай батлах нь зөв гэж үү?

-Бүр нэн яаралтай батлах ёстой. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд татварын болон татварын бус аргаар татдаг. Энэ хууль бол татварын бус аргаар хөрөнгө оруулагчдыг татъя гэдэг зохицуулалтаар орж ирж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр манайхан нэг зүйлийг сайн мэдэх хэрэгтэй. Монгол Улсын хаалганы гадна хөрөнгө оруулагчид бол байхгүй шүү. Тэр утгаараа уг хууль батлагдлаа ч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж байхгүй. Гэхдээ бидний хувьд ийм эрх зүйн орчин бүрдүүлж чадаж байна гэдэг маань өөрөө хөрөнгө оруулагчдад эерэг зөв сигнал болж очих ёстой юм аа. Өөрөөр хэлбэл энэ хууль бол гаднын хөрөнгө оруулагчдыг эх орондоо дуудсан нэг ёсны урилга гэж хэлж болно.

-Та бол гуравдагч хүчний төлөөлөл. УИХ-ын гишүүн хүн. Тэр утгаараа уг хуулийг эсэргүүцэж байгаа улс төрийн нам, гишүүдийн байр суурийг ямар байдлаар дүгнэн харж байгаа вэ?

-Юуны өмнө сонгууль дөхчихлөө. Тэр утгаараа улс төржих гэсэн санаархал их байна. Нөгөөтэйгүүр уг хуулийн зүйл заалтад огт дурдаагүй асуудлыг зарим улстөрчид гарган ирж, олон нийтэд ор үндэсгүй зүйлийг сэвж байна. Өөрөөр хэлбэл огт байхгүй зүйл заалтыг энэ хуулийн хүрээнд байгаа мэтээр дурдаж улстөржиж байна гэсэн үг. Урд хөршөөр дамжин танктай цэргүүд орж ирнэ. Тиймээс төмөр зам барьж болохгүй гээд элс цоолж олон нийтийн тархийг угаасан нэг хүн бий. Энэ үлгэрт итгэж Монголын хөгжил хэдэн арван жилээр хойшоо ухарсан. Харин өнөөдөр энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүс уг үлгэрийнхээ хоёрдугаар ангийг эхлүүллээ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл “танктай цэргүүд” хэмээх киноны хоёр дахь анги гарч эхэллээ гэсэн үг.

Уг хуулиар гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгийн ямар ч босгогүйгээр орж ирэхээр байгаа нь аюул гэж хараад байгаа хүмүүс байна шүү дээ?

-Энэ хууль батлагдвал гадаадын иргэд маш олноороо орж ирээд Монгол Улсыг эзэлчихнэ гэсэн үлгэрийг зохиож байна. Энэ бол сонгуульд зориулагдсан үлгэр зохиодог бүлэг хүмүүсийн хийдэг л ажил. Яг энэ үлгэрийн ард Монголын топ гэгдэх улстөрчид бүгд бий. Топуудад энэ бол маш том боломж. Учир нь тэдний зохиосон үлгэрт иргэд үнэмшвэл дахин сонгуульд ялах боломжтой гэж харж байгаа. 1930-аад онд Гитлер яаж гарч ирсэн юм бэ гэхээр яг ийм үлгэр зохиож бүх эрх мэдлийг авч байсан. Эцэст нь улс орондоо дэлхий нийтэд асар их хүний цусыг урсгасан их дайныг үүсгэсэн биз дээ. Энэ бол том түүхэн сургамж. Түүнтэй адил Монгол ялна гэж гарч ирсэн хүн Монголыг ялагдуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал бол Монголын ард түмний эв нэгдлийн манаанд зогсох хүндэт харуул. Ийм хүн албан тушаалаа өгсөн ч гэсэн Ерөнхийлөгч хэмээх нэр сүртэйгээ явж байна. Үүнийгээ улс төрийн зорилгоор ашиглаж байгаа нь бүр харамсалтай. Бүр улс төрийн намын дарга шиг Төрийн ордонд орж ирээд акц өрнүүлж байгаа нь өөрөө улс төрийн зорилготойгоос гадна гаднын улсын нөлөөллөөр явж байгаа юм болов уу гэж хардсан. Хүн бол хардах эрхтэй.

-Засгийн газрын гишүүд хоорондоо зөрчилтэй байгааг та юу гэж ойлгож байна. Энэ кабинет нэгдсэн бодлогоор явах боломжгүй болсны шинж үү?

-Тэгж харж болно. 2023 оны зургадугаар сард Засгийн газар энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байдаг. Долдугаар сард нь Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд уг хуулийн төсөлд саналаа өгөөд ажиллаж байсан. Тэр үед уг хуулийн төслийн агуулга бол Засгийн газрын нэгдмэл байр суурь шүү гэж хэлж байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр энэхүү хуулийн төслийг Засгийн газрын хоёр ч гишүүн нь эсэргүүцсэн байр суурьтай байна. Тэгэхээр тухайн үед нэгдмэл байр суурь илэрхийлж байсан Засгийн газрын кабинетийн зарчим өнөөдөр алдагдсан байгаа нь тодорхой харагдаж байна л даа. Кабинет гэдэг бол Ерөнхий сайдаа дэмжиж ажилладаг бүтэц. Нэг баг гэж Үндсэн хуулиар эрхийг нь Ерөнхий сайдад бүрэн олгосон. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд кабинетийн зарчмыг алдагдуулж байгаа сайд нартаа хариуцлага тооцох эрхтэй. Эл хариуцлага нь мэдээж чөлөөлөх, томилох шүү дээ.

-Тэгэхээр өнөөгийн Засгийн газар кабинетийнхаа зарчмыг алдсан учраас Ерөнхий сайд зарим сайд нараа чөлөөлнө гэж үзээд байна уу?

-Чөлөөлөх л ёстой шүү дээ. Тэр эрх нь Л.Оюун-Эрдэнэд бий. Миний хувьд бол кабинетийн зарчмаас ухарч байгаа сайд нарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Та чуулганы хурал дээр Ерөнхийлөгчийн тухай хуулийг УИХ дахин харах шаардлагатай талаар ярьсан. Энэ хуульд яг ямар өөрчлөлт оруулах саналтай байгаа юм бэ. Уг хуулийг УИХ хэлэлцэх үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар зохицуулалт нь дэндүү ерөнхий байдаг. Ерөнхийлөгч юу хийх вэ, ямар эрх, үүрэгтэй вэ гэдэг нь тодорхой байдаг ч ерөнхийлөгчөөс буусан хүний эрх, үүргийг огт тусгаж өгөөгүй байгаа. Тиймээс ерөнхийлөгчөөс буусан хүн эрх зүйн хувьд ямар зохицуулалтад багтан явах вэ гэдгийг тусгайлан зааж өгөх цаг болж. Ийм заалт байхгүйгээс болоод өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн Төрийн ордонд улс төрийн намын гишүүдийг дагуулан УИХ-ын даргатай уулзаж, олон нийтэд буруу мэдээллийг хүргэж байна. Хүргэж байгаа мэдээлэл бол улс орон, ард түмний хувьд асар их сөрөг нөлөө үзүүлж байна. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн улс төрийн акц өрнүүлж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ. Дараа дараагийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс үүнээс илүү улс төрийн акц өрнүүлбэл энэ улс орны хөгжил хаашаа эргэх вэ.

-Ерөнхийлөгчөөс буусан хүн юу хийх нь өөрөө ардчилсан зарчмаараа явах ёстой юм биш үү?

-Тийм биш шүү дээ. Мэдээж хүний эрх талаас нь нэг ч зүйл хорихгүй нь тодорхой. Харин улстөрчийнх нь хувьд хориглох, хүлээх үүргийг нь зааж өгөх ёстой юм. Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг нэг хэсэгтээ гадагшаа зорчихыг нь хориглодог. Учир нь тэр хүн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн гэдэг утгаараа улсын нууцтай холбоотой бүх мэдээллийг авсан гэж үздэг. Тиймээс үүнийг гадагшаа задруулахгүй нь тулд тухайн хүнийг хил гаргах, улс төрийн аливаа уулзалт, арга хэмжээнд оролцохыг хориглодог. Гэтэл энэ хүн өнөөдөр улс төрийн маш том акц өрнүүлэн УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаа нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн тангараг өргөдөг. Тэрхүү тангарагтаа үндэсний эв нэгдлийг хангана, хамгаална, улс төрийн намаас татгалзана гэдэг. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч болсоноороо дахин улс төрд оролцохгүй гэдэг. Гэтэл тэр хүн сонгууль дөхсөн биш гэнэт гарч ирээд улс төр хийж байна. Яах гээд байгаа юм. Дахиад УИХ-д орж ирэх гээд байгаа юм уу. Дахиад Засгийн газрын гишүүн, сайд дарга болох гээд байгаа юм уу. Тиймээс энэ бүгдийг Ерөнхийлөгчийн тухай хуульд тодорхой зааж өгөх шаардлага үүслээ гэж үзэж байна. Ард түмний эв нэгдлийн бэлгэдэл төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийг улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглох хэрэгтэй. Бусад орны төрийн тэргүүн байсан хүмүүс хэзээ ч улс төрийн үйл явцад оролцдоггүй. Энэ нь нэг талдаа ёс зүйн өндөр үүрэг хариуцлага. Зарим улс орны Ерөнхийлөгчийн тухай хуульд ч үүнийг хориглосон заалтууд байдаг. Монгол Улс бол хөгжиж байгаа орон. Тиймээс бид цаашид парламент нь парламент шиг, ерөнхийлөгч нь ерөнхийлөгч шиг л байх хэрэгтэй.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Адъяа: Хөрөнгө оруулагчид хүлээсэн байдалтай байна DNN.mn

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяатай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан ярилцлаа.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ид хэлэлцэж байна. Сөрөг хүчний зүгээс тус хуулийг эсэргүүцэж, улмаар гурав хоногийн завсарлага авлаа. Тэгвэл таны хувьд энэ хуулийг ямар болсон гэж дүгнэж байгаа вэ?

-Эдийн засгийн хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд энэ хуулийн төслийг боловсруулах ажил явагдаж, эхэндээ нэлээд удаан байсан. Гэсэн хэдий боловч яамны зүгээс анхаарал хандуулж, Их хуралд өргөн барьсан. Шинэчилсэн найруулгын төсөл бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуультай харьцуулахад хөрөнгө оруулагчдын зүгээс хүсч байгаа олон заалт орсон. Тухайлбал, Гаднын хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.долларын босго тавьсан. Асуудал, маргаан гарсан тохиолдолд түүнийг шийдвэрлэх зохицуулалт, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо ямар байх ёстой зэргийг тодорхой, цэгцтэйгээр оруулж өгсөн. Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлгүүдийг маш сайн зохион байгуулж, олон талын оролцоог хангаж өгсөн. Бизнесийн холбоод болон манай танхимын зүгээс өгсөн саналуудыг авч, тодорхой хэмжээнд тусгаад явсан.

-Тэгвэл энэ хуульд дутагдалтай, буруу зүйл заалт байна уу?

-Татварын хөнгөлөлттэй холбоотой асуудлууд байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн 11.2-т өндөр технологи, стратегийн ач холбогдолтой салбарт хөрөнгө оруулалт хийж, төнөг төхөөрөмж оруулж ирсэн бол гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлнө гэсэн заалт уг нь бий. Харамсалтай нь энэ заалт хэрэгжихгүй явсаар өдийг хүрлээ.

Яагаад гэхээр Сангийн яамны зүгээс Татварын хуулиа бариад явчихдаг.

Тэгэхээр Хөрөнгө оруулалтын тухай болон Татварын тухай хууль нь хоорондоо авцалдахгүй явж ирсэн. Үүнийг Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамныхан бүгд л мэдэж байгаа. Харин шинэчилсэн найруулгын төслөөс татвартай холбоотой асуудлуудыг нь бүрмөсөн авчихсан. Тиймээс бид татвартай холбоотой асуудлыг цэгцэлж өгөөч гээд Сангийн яаманд асуудал тавихаар Татварын багц хууль өөрөө том хууль учраас тэр бүр гарахгүй гээд дунд нь хийдчихээд байна. Үүн дээр бид зарчмын хувьд санал нийлэхгүй байгаа юм. Гэвч сөрөг хүчнээс нь эсэргүүцээд, нийгэмд элдэв асуудал гаргаад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхгүй болох хэмжээнд аваачмааргүй байна. Болж өгвөл одоогийн энэ ерөнхий агуулгаар нь дэмжээд баталчих хэрэгтэй. Ингээд баталж чадвал бид олон улсын хамтын нийгэмлэгт сайхан эерэг мессэж өгөх гээд байгаа юм. Сонгуулийн өмнө Хөрөнгө оруулалтын тухай хуулиа батлаад, ээлтэй байна шүү гэсэн дохиог өгнө. Тэгж байж жижиг эдийн засагтай манайх шиг улс эрх зүйн орчноо тодорхой болгож байж бусад орнуудтай өрсөлдөхгүй бол хөрөнгө оруулалт татах үнэхээр хэцүү байна. Тийм ч болохоор энэ хуулийг хэлэлцээд батлаад яваасай гэдэг дээр манай танхим болон бусад танхимууд нэг байр суурьтай байгаа.

-Хөрөнгө оруулагчдын гол хүсдэг зүйл нь татварын хөнгөлөлт, таатай орчин. Гэтэл шинэчилсэн найруулгаасаа татвартай холбоотой бүх заалтыг нь авчихсан. Эргээд татварын хуульдаа гар хүрэх дургүй байгаа юм бол энэ хуулийг батлаад ер нь нэмэр байна уу. Хөрөнгө оруулагчдыг урин дуудах хууль болж чадах юм уу?

-Энэ бол үнэхээр чухал асуудал. Яагаад гэхээр илүүтэй тунхаглалын шинж чанартай хууль болчих гээд байна. Гэхдээ л аль 2013 онд баталсан хуулиа Монгол Улс шинэчилж баталлаа гэдэг нь л чухал болчихоод байгаа юм. Мэдээж дан ганц энэ хуулийг батлаад ач холбогдол багатай. Хөдөлмөрийн, Ашигт малтмалын, татварын гээд олон хууль нийлж байж цогц орчин бүрдэнэ.

-Татварын асуудал дээр танай танхимын зүгээс цаашид ямар арга хэмжээ авах вэ. Шаардлага, Татварын багц хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн санал зэргийг холбогдох газарт өгөх үү?

-Ер нь бол манай танхимын зүгээс 2024 онд анхаарч ажиллах гол асуудал бол татвартай холбоотой маргааны асуудлууд байх болно. Татварын байгууллага, байцаагч гэдэг нэлээд эрх мэдэлтэй, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийг хааж, үйл ажиллагааг нь зогсоох чадалтай байгаа. Хэдийгээр хуулиа барих нь зүйн хэрэг боловч магадгүй мэдлэг боловсрол, чадавхын асуудлууд ч бий. Тиймээс энэ асуудал дээр анхаарч ажиллана. Өнөөдрийн хүртэл гарсан асуудлуудын гол учир нь юу вэ, шийдэл нь юу байх вэ гэдэг дээр тулж ажиллах ёстой.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг луйварддаг, маргаан гарсан тохиолдолд шүүхийн байгууллагад итгэх итгэл сул байдал нь тэднийг үргээдэг гол зүйл. Тийм ч болохоор хөрөнгө оруулагчид маргаан гарвал арбитрын шүүхэд ханддаг. Тэгвэл маргаан шийдвэрлэх тал дээр энэ хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?

-Одоо өргөн барьсан хуулийн төсөлд маргаан гарвал олон улсын арбитрын шүүхээр маргааныг шийдвэрлэнэ гэсэн дэвшилттэй заалт орсон. Харин арбитр гэдэг маань маш их хугацаа, хөрөнгө мөнгө ордог учраас бид арбитрт очихоос өмнө Маргаан шийдвэрлэх зөвлөл байгуулах санал тавьж, түүнийгээ тусгуулсан. Ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд Маргаан шийдвэрлэх зөвлөлөө хуралдуулаад арбитрын шатанд очуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой. Энэ бол үнэхээр олзуурхууштай заалт.

-Маргаан шийдвэрлэх зөвлөлд ямар хүмүүс орох вэ. Энэ зөвлөл нь ямар нэгэн талд нь орохгүй гэсэн итгэл үнэмшлийг хэрхэн төрүүлэх вэ?

-Олон талын оролцоог хангасан зөвлөл байна л даа. Төр, хувийн хэвшил, олон нийт, хөрөнгө оруулагчдын төлөөллийг оруулах боломжтой. Тийм болохоор хараат бусаар шийдвэр гаргаад яваад байж болно гэж найдаж байгаа юм. Харин одоо бол энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлаад, асуудлуудаа шийдээд яваасай л гэж хүсч байна.

-Манай улсад хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бараг тэр чигээрээ уул уурхай руу чиглэдэг. Гэтэл бид эдийн засгаа солонгоруулна л гээд байдаг. Тиймээс уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт татах боломж бололцоо нь хэр байдаг вэ. Ингэхийн тулд ямар ажлуудыг нэн түрүүнд хийх ёстой вэ?

-Манай эдийн засаг чинь уул уурхайг түшиглэж байгаа. Харин эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх дээр 2-3 салбар нь арай бодитой байх болов уу гэж хардаг. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбар байна. Америкийн худалдааны яамтай бид бүхэн энэ тал дээр хамтарч ажиллаад эхэлсэн. Энэ оны намар АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын бизнесменүүдийг эх орондоо авч ирэх ажлыг зохион байгуулна. Тэгээд ийм боломж, сорилт байгаа гэдгээ тайлбарлаж, ойлгуулна. Тэд ч нэлээд сонирхож байгаа. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарыг сайтар судлах шаардлагатай. Бид үнэхээр тийм өрсөлдөх чадвартай байна уу. Дээрээс нь технологийн салбарт ч хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс их бий. Нөгөө талаасаа манайхан гадагшаа хөрөнгө оруулалт хийх боломж бололцоог судалж байна. Ингэж хоёр талын урсгалаа нэмэгдүүлэх шаардлагатай.

-Гадаадын хөрөнгө оруулагчид маань биднийг ер нь хэр сонирхож байна вэ?

-Өнөөдрийн байдлаар яг үнэнийг хэлэхэд тэгж их сонирхохгүй л байна шүү дээ. Өнгөрсөн жилийг харвал Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтаас өөр хөрөнгө оруулалт хийгдсэнгүй. Хэдийгээр нүүрсний гарц нэмэгдэж, валютын нөөц дээшилсэн ч хөрөнгө оруулагчид орж ирсэнгүй. Тэгвэл энэ оны эхний хагас жил бол хөрөнгө оруулагчид харзнасан, хүлээсэн байдалтай байх нь тодорхой. Учир нь зургадугаар сард сонгууль болно, шинээр Засгийн газар бүрдэнэ. Харин ингэхэд нь хуулиа баталчихсан байгаад хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэсэн бодлогоо шинэ Засгийн газар нь гаргавал гаднын хөрөнгө оруулагчид орж ирэх болов уу гэж харж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эх сурвалжууд сонин дээр байдаг юм DNN.mn

Аливаа мэдээллийг уншиж байгаа цахим хэрэглэгчдийн бие биеэсээ асуудаг ганц зүйл “эх сурвалж нь хаана байна” гэцгээдэг. Гадаад мэдээллийг бол линк энэ тэрийг нь тавьж өгч байгаа харагддаг. Гэхдээ дотоодын мэдээллийн гол эх сурвалж нь сонин дээр байдаг юм. Хүмүүс сүүлийн үед сонин захиалж уншихаа байснаас мэдээ мэдээлэл их муутай байдаг болсон байна.Мэдээлэл муутай байдаг учраас их гэнэн, ямар нэг зүйлийг сургаар сонсож нийгмээрээ хуйлран буруу тийшээ явах нь ихэсчээ. Элдэв шар мэдээнээс бусад нь сонин хэвлэл дээр нийтлэгддэг. Тендер, засаг төрийн шийдвэр, төрийн бодлого хаашаа чиглэж байгаа талаар, алдар цуутай хүмүүсийн тухайн нийгэмд өрнөж байгаа зүйлийн талаарх бодол санал бүгд өдөр тутмын сонин дээр хэвлэгдэн гардаг юм. Мөн нийгмийн бодлого бидний баримтлах философи ямар үзэл баримтлалтай байх нь мөн л сонин хэвлэл дээр тогтмол хэвлэгдэж байдаг. Нийгмийн бүхий л салаа мөчирт амьдардаг хүмүүсийн амьдрал тэдний санаа бодол бас тусгагдсан байдаг. Мэдээж төр засаг удирдаж яваа хүмүүсийн яриа сонин дээр хэвлэгддэг. Үүнийг хүмүүс нэг их анзаардаггүй нь маш буруу юм. Тэд бидний улс хаашаа явж байгаа, юу хийх гэж байгаагаа олон түмэнд мэдэгдэхийн тулд байнга яриа өгч байдаг. Үүнийг буруугаар мушгиж даргад долигнож байна гэсэн бодол зориудаар нийгэмд суулгаж өгсөн нь маш буруу төөрөгдөл юм. Бусад хэвлэл мэдээллээр энэ бүхэн явагддаг ч энэ их шуурсан хөдөлгөөнтэй нийгэмд үзэгдээд л өнгөрдөг. Харин сонинг хүмүүс түр амсхийгээд тухтай бодож үзэх үедээ гаргаж хардаг учир нөлөө ихтэй байдаг. Сонин энэ хурдтай нийгэмд маш удаан мэт санагддаг ч яваандаа ёс заншил мэт хүмүүст нөлөөлдөг онцлогтой.

Ж.Сандагдорж

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Энхтайван: Эрх баригчид “Бүсчилсэн хөгжил” гэсэн сайхан нэрээр халхавчилж дахин сонгогдох боломжоо бий болголоо DNN.mn

Монголын Хуульчдын холбооны гишүүн, “Легал полиси” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Х.Энхтайвантай ярилцлаа.

-Бүсчилсэн хөгжлийг та хуульч, судлаач хүний хувьд хэрхэн харж байна. Аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгосноор ямар үр дүн гарах бол?

-Ер нь сонгууль бол Монголын ард түмний, Монголын нийгэм, эдийн засаг, тогтолцооны ирээдүй хувь заяаг тодорхойлж, шийдэхэд гол нөлөөлөх маш чухал зүйл. Түүнийгээ дагаад иргэд сонгуулийн боловсролтой байх нь өндөр ач холбогдолтой учраас энэхүү ярилцлагыг сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх зорилгод илүү чиглүүлэх хүсэлтэй байгаагаа дурдах нь зөв болов уу.

Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишүүдийг сонгох ес дэх удаагийн сонгууль ирэх зургадугаар сард болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд холимог, томсгосон болон жижиг мажоритар зэрэг сонгуулийн олон системийг бид ашиглаж ирлээ. Энэ удаагийн онцлог нь бүсчилсэн хөгжил дээр тулгуурласан сонгуулийн систем. Энэ систем хэр чухал болох талаар хуулийн төсөл санаачлагчид, улстөрчид өнөөдөр ам уралдуулан магтаж байна. Миний хувьд бүсчилсэн системд тулгуурласан сонгуулийн тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бүсчилсэн хөгжил чухал ч Монголын өнөөгийн цаг үед тохиромжгүй, цаг нь болоогүй гэж харж байна. Бүсчилсэн хөгжлийг намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж, улмаар ялсан намын Засгийн газар хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэр Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлэх ажлыг парламентад халдааж чиг үүргийн гажуудал руу түлхэж байна. Гэтэл үүнийг сонгуулийн тогтолцооны үндсэн суурь болгож байгааг ойлгохгүй байна. Жишээ нь, Баян-Өлгийг Монголын бүсчилсэн хөгжлийн нийгэм, эдийн засгийн ямар үзүүлэлтээр тусад нь тойрог болгосон нь харагдахгүй байна. Нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хувьд хоорондоо ямар ч хамааралгүй аймгуудыг нэг бүс хэмээн бүсчилж сонгууль хийж байгаа нь маш оновчгүй бодлого. Хангайн том уулсаар зааглагдаж хоорондоо автозамаар ч холбогдоогүй Архангайг Өвөрхангай, Баянхонгортой холбож байгаад ямар бодлого шингэсэн бэ. Мөн хоорондоо ямар ч эдийн засгийн таталцалгүй баруун дөрвөн аймгийг нэг бүс болгож байгаа нь Монголын ямар бодлоготой нийцэж байгаа нь огт ойлгомжгүй байна.

Намын бодлого гэдгээсээ илүү аймгаасаа төлөөлөлтэй болчихъё гэсэн нутгархаг бодлоос шалтгаалж бүсчилсэн хөгжил биш, харин ч аймгуудыг талцуулах эвдрэлийн үндэс болохоор байна.

 

Тэгээд ч Монгол Улсын бүсчилсэн хөгжил бол баруунаасаа төв рүү, зүүнээсээ төв рүү буюу Улаанбаатар руу чиглэсэн диаграмтай шүү дээ. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймаг нэг замаар Улаанбаатар руу явдаг, нэг уулыг дагаж амьдардаг, нэг том голыг дагаж ундаалдаг нийтлэг соёлтой. Гэтэл яагаад үүнийг нэг бүс болгоогүй юм бэ гэхчлэн асуудал олон байна.

Бүсчилсэн хөгжил чухал. Гэхдээ Монголын нийгэм, эдийн засаг, иргэдийн улс төрийн боловсрол бүрдээгүй үед хүчээр улс төрийн газрын зургийг зурж байгаа нь цаг үеэ олоогүй бодлого.

-Мандатын хуваарилалт нь хуулийн ямар нэгэн зөрчил үүсгэх болов уу?

-Сонгуулийн тогтолцоотой холбоотой Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч, Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ороод байна. Гэтэл УИХ-аас сонгуулийн тойргийг байгуулж мандатын тоог батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд УИХ-ын гишүүнийг нийтээрээ сонгох зарчмыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Тодруулбал, УИХ-ийн сонгуулийн тухай хуульд зааснаар хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоох журамтай. Гэвч эдгээр нөхцөлүүдийг харгалзалгүй, ялангуяа сонгогчийн тоог харгалзалгүй мандатын тоог тэгш бус, үндэслэлгүй тогтоосон байна. Жишээ нь, 164 мянган сонгогчтой Баянгол дүүрэг гурван мандаттай байхад, 69 мянган сонгогчтой Баян-Өлгий аймаг гурван мандаттай байх жишээтэй. 270 мянган сонгогчтой Баянзүрх дүүрэгт таван мандат байхад 200 мянган сонгогч хүрэхгүй Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймагт 10 мандат байх юм. Хүн амын тал хувийг эзэлж буй Улаанбаатар хотын иргэд 24 гишүүн, орон нутгийн иргэд 54 гишүүн сонгох нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийтээрээ сонгох зарчимд нийцэх эсэхийг дахин хянах шаардлагатай. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг мэдээж Үндсэн хуулийн цэц шийдвэрлэнэ шүү дээ.

-Томгосон тойрогтой болсноор улстөрчид хариуцлагаас зайлсхийх боломж бүрдэж байна гэсэн дүгнэлт тодорхой хүрээнд байна. Үүнд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Хамгийн түрүүнд тулгарах бодит том эрсдэл мөн. Нөгөө талаас Монголын ард түмэн одоогийн парламентад сэтгэл дундуур байна. Залуу үеийг мөн шинэ өөрчлөлтийг хүсч байна. Гэтэл энэ систем нь залуу үеийг нийгэмд танигдах, шинэ улстөрчийг гаргаж ирэх боломжгүй болголоо. Нөгөө л байдаг өнөөгийн улстөрчид дахин сонгогдох боломжийг бүсчилсэн хөгжил гэсэн сайхан нэрийн дор халхавчилж оруулж ирж байна.

УИХ-ын тогтоолоор Баян-Өлгий аймгийг тусад нь гурван мандат бүхий нэг тойрог болгосон нь “Бүсчилсэн хөгжлийн бодлого” гэх урианаасаа хууль тогтоогчид ухралт хийсэн эхний алхам боллоо.

Бүсчилсэн хөгжил гэсэн малгайн доор өнөөгийн эрх баригчид эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн бодлого нь үүнээс харагдаж байна.

-Сонгуулийн хуулиар одоогийн УИХ-д суудалгүй намууд гарч ирэх боломж хэр нээлттэй байгаа вэ. Бүх намын оролцоог хангах зорилгыг тавиад байна шүү дээ?

-Энэ бол их чухал асуудал. Нэг популист нөхөр нэг тойргийг онилж улс төр хийгээд түүгээрээ дамжуулж парламентад орж ирэх бодит эрсдэл байдаг шүү дээ. Манай парламентын түүхэнд үлдсэн гашуун туршлага ч бий. Та бүхэн санаж байгаа бол 1996-2000 оны парламентад МУННам Сүхбаатар аймагт яруу найрагч О.Дашбалбар агсныг өрсөлдүүлж нэг тойрог авсан байдаг. Тухайн үеийн УИХ-ын тухай хуулиар 50+1 гишүүний ирцээр хууль баталдаг зохицуулалттай байлаа. Гэтэл эрх баригч Ардчилсан холбоо эвсэл 50, МАХН 25, О.Дашбалбар нэг суудлыг авсан. Үүн шиг, “алтан карт”-ыг сугалчихсан хүн улстөр, парламентыг яаж тогтворгүй болгож байсныг санаж байгаа байх. Үүний жишгээр нэр дэвшиж байгаа жижиг намуудад квот тавьсан нь маш чухал. Тухайлбал, жижиг намууд нийт мандатын 50-иас дээш хувьд нэр дэвшүүлсэн байхыг шаардаж байгаа. Парламентад суудал авахын тулд нийт сонгогчдын дөрөв болон түүнээс дээш хувийг авах шаардлагатай. Бүр цаашилбал хоёр жижиг нам эвсэж сонгуульд орсон тохиолдолд нийт сонгогчдын таваас дээш хувийг, гурав бол долоогоос дээш хувийг авч байж парламентад төлөөлөлтэй болох нь сайшаалтай алхам болсон.

-Та УИХ-ын сонгуулийн хуулийн онцлогийг ерөнхийд нь хэрхэн харж байна?

-2019 онд батлагдаж, 2020 оны сонгуулийг явуулсан Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд энэ удаагийн сонгууль явагдах гэж байгаагаараа онцлогтой. Онцлог өөрчлөлт гэвэл парламентын гишүүдийн тоог 50-иар нэмэгдүүлж нийт 126 болголоо. Сонгуулийн холимог тогтолцоог сонгож 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг хувь тэнцүүлсэн аргаар сонгохоор болсон. Мөн сонгуулийн хандивын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгож нэмэгдүүлсэн.

Жагсаалтын нэр дэвшигчийг нэгийг харьцах нь нэг буюу эмэгтэй, эрэгтэй гэж сөөлжүүлж жагсаахаар оруулсан зэрэг нь онцлог байлаа.

-Улстөрчид сонгуулийн 17 хоногийн хугацаанд тэр том тойрогт танигдана гэдэг маш хүнд болчихоод байгаа шүү дээ. Улстөрчид өөрийгөө танилцуулах сурталчилгааны үр дүнтэй хэлбэрийг та юу гэж харж байна?

-Ухуулах хуудас хэвлэлийн гурван хуудас байсныг хоёр болгож, сонгуулийн хоногийг 17 болгож өөрчилсөн. Энэ нь нэг талаас иргэдийн сонгох эрх, нөгөө талаас сонгогдох эрхийг хязгаарласан зүйл болсон. Нэгэнт бүсчилсэн том тойрогтой, явах газар их, уулзах хүн олон ийм үед нэр дэвшигчийг хэн нь хэн бэ гэдгийг таниулах хэвлэмэл материал тараах нь хамгийн үр дүнтэй хэрэгсэл болов уу. Учир нь өнөөдөр сошиал сүлжээнд нийтлэгдсэн мэдээлэлд итгэх хэцүү болчихоод байна шүү дээ. Тиймээс өөрийгөө таниулах хэвлэмэл материал тараах бололцоог нэр дэвшигчдэд хангаж өгнө гэж найдаж байна. Тэгэхгүй бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нэгдсэн байдлаар гаргаж өгсөн нийтийн самбар дээр нэг хэвлэлийн хуудасны 1/4-тэй тэнцэх хэмжээний ганц зураг наагаад л сонгуульд өрсөлдөх хязгаарлагдмал нөхцөлийг тулгаж байна. Үүнээс үүдэж маш олон сөрөг үр дагавар үүсч байна. Жишээ нь, наанадаж шинэ, залуу нэр дэвшигч гарч ирж танигдах боломжгүй. Сонгогчдын ч сонгох эрх хязгаарлагдмал байна шүү дээ. Үүнийг хууль тогтоогчид эргэн харж иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангана гэж найдаж байна.

р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Өмгөөлөгч Н.Энхжаргал: Хэрэг зөрчилд холбогдсон хэн ч бай хуульчаас тусламж авч байж эрх зүйн байдлаа хамгаална DNN.mn

Хэрэг мөрдөн байцаалтын явцад иргэн ямар эрх эдэлдэг, тэрхүү эрхийн хэрэгжилт практик дээр байдаг эсэх талаар хуульч, өмгөөлөгч Н.Энхжаргалтай ярилцлаа.


-Аливаа хэрэг зөрчил гарахад хохирогч болон холбогдож байгаа аль аль талд нь эдлэх ёстой эрх гэж байдаг. Хүний амь хөнөөсөн хүн ч гэсэн эдлэх эрхтэй гэж үздэг. Харин энэ зарчим практик дээр хэрэгжих нь хэр байдаг юм бэ?

-Аливаа гэмт хэрэг гарлаа гэхэд нэг талаас хохирогч, нөгөө талд холбогдогч бий болдог. Тэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Холбогдогчийн хувьд тухайн хүнийг баривчлах саатуулах, ямар нэгэн байдлаар цагдан хорих, эсвэл таслан сэргийлэх арга хэмжээ авах, мэдүүлэг тайлбар авах ажиллагаа эхлээд явагдана. Хохирогчийн хувьд ч мэдүүлэг тайлбар өгөх, өөр бусад тодруулах ажиллагаанууд хийгддэг. Ингээд ирэхээр цагдаа болон прокурорын байгууллагын хооронд харилцаа үүсч байгаа биз.

Ер нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг том зарчим байдаг. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж. Гэтэл ямарваа нэгэн хэрэг гарч, хэн нэгэн холбогдоход гэмт хэрэг хийчихсэн юм шиг, гэмт хэрэгтэн байдлаар хандах хандлага нийгэмд нэлээд бий. Шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад гэм буруутай гэж тооцох нөхцөлүүд бүрдчихдэг гэсэн үг. Нөгөө талаар иргэд хуулийн мэдлэггүйгээс, эсвэл хуулийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хүмүүсээс хурдан түргэн тайлбар мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэнээр зарим эрхээ эдлэх боломжгүй болох нөхцөл байдал үүсдэг.

-Тухайлбал?

-Хамгийн наад зах нь төрөл садан, гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл мэдэхгүйгээс болоод өөрийнхөө үзсэн харсан зүйлийг ярихдаа тэр хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөх тохиолдол байдаг. Ингээд тухайн хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй. Гол зүйл бол ерөөсөө холбогдогчоор ч бай, хохирогч ч бай хамгийн түрүүнд хуулийн зөвлөхөд л хандах ёстой юм.

-Ямар ч хэрэг маргаан дээр өмгөөлөгч авах ёстой. Энэ нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордохоос сэргийлдэг. Гэвч энэ талаарх ойлголт хандлага нийгэмд нэлээд доогуур байгаа нь ажиглагдаж байна. Хууль зүйн ямар ч зөвлөгөө тусламжгүйгээр цагдаа, прокурор, шүүх дээр очоод хүнд ял шийтгэл авдаг тохиолдол байна?

-Өмгөөлөгч бол хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөх, ямар чиг үүрэгтэй, ямар эрхтэйг урьдчилж хэлж сануулах гол хүн. Тухайн хүн ирээдүйд ямар нэгэн эрсдэлд орчих вий гэдгээс урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Магадгүй зарим хүмүүс сандарч тэвдээд буруу зөрүү ярьчихдаг. Тухайн ярьсан зүйл бодит байдлаас зөрүүтэй байдаг ч тохиолдол бий. Энэ нь эргээд өөрийнх нь эсрэг, эсвэл төрөл садангийнх нь эсрэг ноцтой засч болшгүй алдаа болчихдог. Тиймээс аливаа нэг хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд өмгөөлөгчөөс урьдчилж заавал зөвлөгөө тусламж авч байгаарай гэж зөвлөе. Жишээ нь, хохирогч байлаа гэхэд ямар хүсэлт, гомдол гаргах эрхтэй. Ямар үүрэгтэй, мэдүүлэг өгч болох уу болохгүй юу гэдгийг өмгөөлөгч л хэлж өгдөг.

Холбогдож байгаа хүмүүсийн хувьд онцгой нэг эрх байдаг. Тэр нь тухайн үйл баримтын талаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл энэ эрхээ мэдэхгүй, сандарч тэвдсэнээсээ болсон зүйлийг буруугаар тайлбарлах тохиолдол бас бий. Мөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болно. Дээрээс нь төрөл садангийн хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

-Ядаж өөрийнх нь холбогдсон хэрэг цагдаа, прокурор, шүүх дээр ямар шатанд яваа юм. Эрх зүйн байдлаа хамгаалах боломж нөхцөл хаана байдаг талаарх ойлголт хомс. Үүнийг цагдаа, прокурор нь сануулаад хэлээд өгдөггүй юм уу?

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тухайн холбогдсон хэргийн талаар мөрдөгч прокурор, шүүгч зөвлөгөө өгөх үүрэггүй. Хэрэв тэгвэл буруутан болно. Зөвлөгөө өгөх чиг үүрэг нь хуулиараа өмгөөлөгч дээр л үлддэг. Өмгөөлөгчдийг та нар чөлөөтөөр өөрсдийнхөө үйл ажиллагаанаас орлогоо ол, үүнийхээ төлөө иргэдэд зөвлөгөө өг гэдэг. Маш товчхоноор хуулийн зөвлөгөө өгөх үндсэн эрхтэй хүмүүс нь өмгөөлөгчид.

Хэдийгээр хуульд иргэний талаар том том эрх, ашиг сонирхлыг заагаад өгчихсөн ч практик дээр мөрдөгч тухайн хэргийг түргэвчлүүлэх, эсвэл хялбарчлах байдлаар асуудалд хандах тохиолдол бий. Авсан өгсөн мэдээллүүд нь нотлох баримт болдог учраас үүн дээр маш мэдрэг хандах ёстой.

-Наад зах нь мөрдөгчөө уурлуулчих вий, буруу зүйл ярьчих вий гэж бөхөлздөг байдал амьдрал дээр элбэг шүү дээ. Зарим тохиолдолд мөрдөгчийн ар ажлыг хүртэл хийгээд явдаг гэдэг. Мөрдөгчид нь өөдөөс “Өмгөөлөгч авч яадаг юм бэ, шаардлагагүй” гэх байдлаар хохироох явдал ч байна?

-Надаас хууль зүйн зөвлөгөө тусламж авдаг ихэнх хүмүүсийн хэлдэг үг ерөөсөө энэ. “Өмгөөлөгчөөр яах юм. Түүний оронд мөнгөө тэг ингэ” гэж цагдаагийн байгууллагаас хэлсэн байдаг. Энэ бол зөрчил.

Тухайн нэг хүн гэмт хэрэгт холбогдлоо гэхэд ирээдүйн дөрөв тав, 10, 20 жилийн амьдралынх нь асуудал шүү дээ. Гэтэл үүнийг хамгаалахын тулд хуульд яаж заасан, ямар боломжоор өөрийгөө хамгаалах вэ гэдгийг өмгөөлөгчөөс л асуух боломжтой. Мөрдөгчдийн хувьд хэрэг гарлаа гэхэд нотлох баримтыг бүрдүүлж, энд юу болсон юм бэ гэдэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг тэгш цуглуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, бодит үнэнийг тогтоохын тулд сэргээн тогтоох чиглэлийг хэрэгжүүлдэг. Үнэхээр нэг хэрэг гарлаа гэхэд энэ хүн хийжээ эсвэл хийгээгүй байна гэдгийг гарцаагүй нотлох чиг байх ёстой. Гэтэл практик дээр мөрдөгчид хүмүүсийн мэдүүлэг дээр тулгуурлаж хэргийг мөрддөг. Энэ нь өрөөсгөл явдал юм. Яг ийм мэдүүлэг дээр тулгуурлаж байгаа практик дээр хохирогч болон холбогдогч аль ч тал зайлшгүй хууль зүйн туслалцаа авах ёстой гэдгийг дахин хэлье. Ядаж өмгөөлөгч авч чаддаггүй юм гэхэд хуульчаас хууль зүйн зөвлөгөө авах хэрэгтэй. Яалт ч үгүй баривчлагдаж, хоригдож байгаа хүмүүс дуугүй байх эрхтэй. Хэрэв мэдүүлэг өгөх болоход “Би өмгөөлөгчтэйгөөр мэдүүлэг өгнө” гэдэг эрх нь өөрт нь олгогдсон хамгийн том эрх юм шүү.

-Иргэдийн хууль зүйн боловсрол, нөгөө талд хууль хүчний байгууллагын хүний эрхийн мэдрэмжийн асуудал аль аль нь тулгамдаж байна, тийм үү?

-Ер нь нэг талд төрийн бүхэл бүтэн механизм ажиллаж байна шүү дээ. Цагдаа нь баримт бүрдүүлнэ. Прокурор нь хянана. Шүүх нь энэ хүн ийм хэрэг хийсэн үү гэдгийг эцэслэж шийдвэрлэж байна. Энэ төрийн гурван байгууллагын өөдөөс хуулийн дагуу ажлаа хийгээч, энэ хуулийн дагуу энэ хүний эрхийг ингэж хангаач, хуулиа ингэж биелүүлээч гэдэг шахалт үзүүлэх чиг үүрэг өмгөөлөгчид л ногддог.

-Шүүх дээр хэрэг маргаан шийдвэрлэх болоход “Шүүгчийн үзэмж” гэдэг зүйлийг хуульч өмгөөлөгчид ярьдаг болсон. “Шүүгч үзэмжээрээ л шийднэ шүү. Асуусан зүйлд нь хүндэтгэлтэй харьц, бөхөлз” гэх агуулгатай зөвлөдөг. Шүүгч хэргийг үзэмжээрээ шийдэх ёстой юу?

-Шүүгч бол хуулийн нэрийн өмнөөс шийдвэрээ гаргана. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр өөрийнхөө дотоод итгэлээр шийдвэрээ гаргах үүрэгтэй. Захирагдах юм нь ерөөсөө хууль. Шүүгчийг ямар нэгэн байдлаар хүмүүсийн ааштай байна, аашгүй байна, эсвэл энэ нь ингээд байна гэсэн зүйлд битгий автаарай гэж Шүүгчийн ёс зүйн дүрэм болоод хууль тогтоомжид маш тодорхой заачихсан. Шүүгч хуулиа л удирдлага болгоод шийдвэл тухайн асуудал бодитой шийдвэрлэгдэх юм л даа.

Мэдээж шүүх хуралдааны үед тавигдах дэг журам гэж бий. Шүүх хуралдаан эхлэхэд босч хүндэтгэл үзүүлэх хуулийн заалттай. Түүнээс өөр бусад байдлаар ямар нэгэн хувийн эрх ашиг сонирхол, шүүгдэж байгаа хүмүүсийн гаднах өнгө үзэмж, ааш зан, харилцаа хандлагад тулгуурлаж дүгнэлт гаргах эрх хэмжээ байхгүй. Прокурор, мөрдөгчид ч тэр.

Хамгийн чухал нь хүмүүс аливаа хэрэгт холбогдлоо гэхэд ядаж хүсэлт гомдлоо гаргах үндсэн эрх нь байдаг. Хууль хүчний байгууллага өөртэй нь зүй бус харьцсан, өөрийнх нь эрхийг хязгаарлаад байна гэж үзвэл дээд шатны байгууллагад гомдол хүсэлтээ гаргах эрх хэмжээ хангалттай байдаг. Зарим иргэд маань үүний эсрэг гомдол гаргачихвал намайг улам зууна гэдэг буруу ойлголттой байх нь бий. Энэ бол маш буруу хандлага. Нэгэнт хуулиар цагдаа, прокурорт үүрэг хүлээлгэчихсэн учраас тэд иргэний эсрэг хууль бус зөрчил гаргах эрхгүй.

Хэн ч буруутгагдаж байгаа зүйл дээр хуулиа мэдэхгүй байх нь тухайн хүнийг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тиймээс зөвхөн гэмт хэрэг зөрчил гэлтгүй ажил хэрэг явуулахад, аливаа бусад харилцаан дээр өмгөөлөгчөөс зөвлөгөө авдаг болж хэвшээрэй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Гансүх: Дуучид, бөхчүүдээр парламентаа бүрдүүлээд байвал бид яаж бодлогын мэтгэлцээн хийж чадах юм бэ DNN.mn

Ардчилсан намын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон Н.Гансүхтэй ярилцлаа. 


-Ардчилсан намын нарийн бичгийн дарга нарын томилгоо нийгэмд зөв мессэж өгч байна. Залуу, шинэ үеийнхнийгээ бодлогоор дэмжиж, гаргаж ирлээ. Таны хувьд ямар мэргэжилтэй вэ. Өмнө нь ямар ажил эрхэлж байсан туршлагатай вэ?

-Би хуульч мэргэжилтэй. Хувийн хэвшилд гэвэл “Монос групп”-ийн экспорт, гадаад худалдаа эрхэлсэн захирал, “БЭЛ холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Мөн Эрүүл мэндийн сайдын ажлын алба, Гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн дэд бүтэцийн төслүүдэд удирдах албан тушаалд ажиллаж байсан. Дараа нь УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

-Та ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн жил Ардчилсан намаас бизнес эрхлэгчидтэй уулзаж бодит нөхцөл байдлыг ойлгох үүд нээс Эдийн засгийн форумыг Монгол орон да яар амжилттай зохион байгуулсан. Тус форумд миний бие үндсэн илтгэгчээр оролцож хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй уулзаж, тэдний бодит байдалтай танилцан, санал зөвлөмж авсан. Үүнийгээ намын мөрийн хөтөлбөрт тусгах, цаашид урт хугацаанд Монгол Улсад баруун төвийн үзэл баримтлалтай төрийн бодлого явуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Бид иргэдээ сонсож, тэдэн рүү чиглэсэн, хөрсөн дээрээ буусан, бодит бодлого ярих цаг болсон. Өнгөрсөн хугацаанд хоёр намын аль аль нь зүүний бодлого буюу иргэдийн саналыг авах үүднээс халамжийн бодлого явуулсан нь манай эдийн засгийг үндсээр нь буруу чиглэлд хандуулсан. Ажилтай орлоготой дундаж давхарга байхаа больж 100 гаруй мянган аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан харамсалтай нөхцөл байдалд орсон энэ цагт бид эрс шинэчлэл хийх шаардлагатай байна. Уул уурхай гэдэг ганц салбарт тулгуурласан эдийн засагтай боллоо. Газрын доорх баялагтаа нэмүү өртөг шингээх биш олборлоод шууд урд хөршид түүхийгээр нь зөөж байгаа нь харамсалтай.

-Монголд бизнес хийхэд амаргүй. Татварын дарамт их. Тэгэхээр залуу хүний хувьд бизнесийн салбарыг хөгжүүлэхэд бодлогоор хэрхэн дэмжих ёстой гэж харж байна вэ?

-Манайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувь нь 1-9 ажилтантай, үндсэндээ ЖДҮ гэсэн үг. Өнөөдөр хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүн бүр өндөр хүүтэй зээл төлж байна. Дээр нь төрийн дарамт их байна. Яаж ашигтай ажиллах биш яаж зээлээ төлөх вэ гэдэгт л толгойгоо гашилгаж байна. Бид хувийн хэвшлийг дэмжихийн тулд эхлээд төсвийн бодлогоо зөв болгох хэрэгтэй. Үүнтэй уялдаж мөнгөний бодлого зөв болж, бодлогын хүү болоод инфляци буурна. Ингэж байж сая бодитоор хямд эх үүсвэртэй зээл бий болно. Энэ бол бодитой дэмжлэг. Бусдаар нэр төдий төр, хувийн хэвшлийн гэсэн гоё форумууд хийгээд юу ч өөрчлөгдөхгүй. Өнөөдрийн улстөрчид амьдралаас тасарч, улс эх орноо буруу чиглэлд залж байгаад судлаач хүний хувьд шүүмжлэлтэй ханддаг.

-Шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ёстой гэж байнга ярьдаг. Үр дүн байна уу?

-Ганцхан жишээ хэлэхэд, саяхан цахим спортод монгол залуучууд түрүүлж эхний таван байрт Монголын гурван баг орсон. Тэд 400 мянган ам.долларын шагнал авсан. Гэтэл тэднийг төр огтхон ч дэмжээгүй атлаа татвар авах талаар шуугьсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан даа. Энэ асуудал олон нийтийн эсэргүүцэлтэй тулгармагц төр татвар авахаа больсон. Тэднийг эх орондоо ирэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбарын тэргүүн гэдэг төмөр тэмдэг өгсөн. Энэ бол инээдэм ч юм шиг атлаа бодит байдал. Өнөөдөр төр оролцохгүй, дэмжих нэрийдлээр цөөн хэдэн аж ахуйн нэгжид давуу байдал олгохгүй байх нь л төрийн бодит дэмжлэг болоод байна. Манай улс тэрбум мод тарихад ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулна гэсэн. Гэтэл шинжлэх ухааны судалгааны салбарт ДНБ 0.4 хувьтай дүйцэхүйц мөнгө зарцуулдаг нь харамсалтай. Цаашид уул уурхайгаас орж ирэх орлогыг шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Ядаж л хууль эрх зүйн зохицуулалтуудаа тодорхой болгох хэрэгтэй байна.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт, хууль эрх зүйн таатай орчин, тогтвортой байдал, хөрөнгө оруулалт татахад зориулсан татварын уян хатан зохицуулалт. Хоёрдугаарт, төрийн дэмжлэгтэй бусад хөгжингүй орнуудын эрдэмтэн судлаачдыг урьж авч ирэх, харилцан туршлага солилцох. Өндөр хөгжилтэй оронтой хамтарсан технологийн стартап инкубатор төвүүдийг олноор байгуулмаар байна. Гуравдугаарт, Монгол Улсын нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагатай салбар болгон зарлаж, хүний нөөцийн бодлогоор чадварлаг боловсон хүчин бэлтгэх зэрэг олон бодит ажил хийх хэрэгтэй.

-Улс төр гэдэг бол цаг зав, асар их хөрөнгө хүч зарцуулдаг салбар. Залуу хүний хувьд яагаад улс төрийг сонгох болов?

-Миний хувьд нийгэмд болж бүтэхгүй олон зүйлийг ядаж өөрийн чадах хэмжээндээ засах юмсан гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөглөж улс төрд орсон. Залуучууд улс төрд орохоос татгалздаг. Гэвч бидний алдагдсан боломжийг тооцож үзвэл Монгол Улс хөгжих хангалттай боломжууд байсан. Тэр боломжийг өнөөгийн ужгирсан улс төрчид хулгайлсан гэж боддог. Харин улс төр гэдэг бохир, асар их мөнгө төгрөг, танил тал зарцуулдаг гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн тулд олон залуучууд улс төрд орох ёстой. Ингэж байж л бид энэ улс төрийг, энэ нийгмээ өөрчилнө.

-Яавал Монголын улс төрд шинэчлэл хийж чадах бол?

-Намууд бодлогын өрсөлдөөн явуулж байж сая шинэчлэл жинхэнэ утгаараа явагдана. Өнөөдөр бусад улс хөгжил ярьж байхад бид хулгай л ярьж байна.

-Өмнөх сонгуулиудаас харахад залуучуудын ирц хангалтгүй дүнтэй байдаг. Тэгэхээр ирэх сонгуульд залуучуудын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд та бүхэн хэрхэн манлайлж ажиллах вэ?

-Юуны өмнө сонголттой сонгууль хийх хэрэгтэй. Намууд зөв хүнийг дэвшүүлэх хэрэгтэй. Ямар ч бодлого ярьдаггүй, нутаг усандаа нэр хүндтэй олны танил дуучид бөхчүүдээр парламентаа бүрдүүлээд байвал бид яаж бодлогын мэтгэлцээн хийх вэ дээ. Ардчилсан нам 2024 оны сонгуульд маш олон залуус, эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлох мэргэжлийн багийг дэвшүүлнэ.

-Ингэхэд ахмад болон дунд үеийнхэнтэйгээ хэрхэн хэлхээ холбоотой ажиллах вэ?

-Улс төрд нэг үе дангаар явах ойлголт байхгүй. Бид туршлага, шинэчлэл хоёрыг ухаалгаар уялдуулах хэрэгтэй. Тиймээс ахмад, дунд үетэйгээ бид цуг явна. Нэг үеийг онцгойлон дөвийлгөх эсвэл нэг үеийг үзэн ядах нь өөрөө хэт туйлширсан хандлага гэж бодож байна. Цаашид ч энэ үзэл бодолдоо тууштай байх болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Харгүй бас цагаангүй түүх” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын дэд дарга, тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн П.Галиндэв “Монгол Улсын иргэнд ч 100 жилээр газар эзэмших эрх байхгүй атал гаднынханд яагаад энэ эрхийг нээж өгөх ёстой юм” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Монголын Хуульчдын холбооны гишүүн, “Легалполиси” хуулийн фирмийн хуульч,  өмгөөлөгч Х.Энхтайван “Эрх баригчид “Бүсчилсэн хөгжил” гэсэн сайхан нэрээр халхавчилж дахин сонгогдох боломжоо бий болголоо” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Харгүй бас цагаангүй түүх” нийтлэл хэвлэгдлээ. 

Өмгөөлөгч Н.Энхжаргал “Хэрэг зөрчилд холбогдсон хэн ч бай
хуульчаас тусламж авч байж эрх зүйн байдлаа хамгаална” гэснийг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Гэмтэл согог судлалын үндэсний төв: Сүүлийн тав хоногт халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр 478 иргэн бэртэл, гэмтэл авсан


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

No description available.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ