Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэргүүн их хамба Д.Жавзандорж: Зөв сэтгэлтэй байж, үг, үйлдэлдээ анхааран хичээх нь шашинд сүсэглэдэг эсэхээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм DNN.mn

Монголын Бурханы шашинтны төвгандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь Хамба Номун Хан, гэвш лхаарамба дуламрагчаагийн жавзандоржийн Монголын ард түмэндээ илгээсэн мэндчилгээг хүргэж байна.


Эрхэм та бүгдэд айлчлан ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй усан туулай жил монголчуудын хувьд онцлох үйл явдал ихтэй, авшиг ерөөлтэй сайхан жил болж өнгөрлөө.

Урьдын таалал ерөөлийн хүчээр Монголын Бурханы шашны тэргүүн, оройн дээд, Очирдара X Богд Жавзандамба хутагт дээдэс Монгол орондоо тодрон заларсан түүхэн баярт үйл явдал тохиосон юм. X Богд гэгээн маань ном эрдэмд шамдан суралцах зохиолыг үзүүлж буйд бид бүхэн сүсэглэн залбирч байна.

Ирээдүйд Монгол оронд бурханы шашныг дэлгэрүүлэхэд залгамж болсон лам хуврагууд маань Монгол болон Энэтхэг оронд ном эрдэмд шамдан суралцаж байгаа бөгөөд гэвш лхаарамба, гавжийн дамжааг амжилттай хамгаалж мяндаг цол хүртсэн лам хуврагууд төрөн гарсан жил байв.

Бурхан багшийн сургаалд бидний зөв сэтгэл, зөв үг, үйлдлээс ирээдүйд бидэнд аз жаргал ирдэг. Бидний муу сэтгэл, зохисгүй үг, үйлдлээс зовлон гардаг. Энэ нь гагцхүү хувь хүн төдийгүй байгаль дэлхийд хүртэл нөлөөлдөг хэмээн айлдсан. Тийм учраас бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, нийгмийн сайн сайхны төлөө зөв сэтгэлтэй байж, үг, үйлдэлдээ анхааран хичээх нь хэн нэгэн аливаа шашинд сүсэглэдэг, эс сүсэглэдгээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм.

Иймд гарч буй модон луу жилдээ Бурхан багшийн энэхүү сургаалыг тунгаан нийтээрээ бие, хэл, сэтгэлийн аз жаргал, амар амгаланг бий болгохын төлөө улам хичээцгээе.

Миний бие энэхүү ажлыг хүлээж аваад Монголын уламжлалт шашин соёлоо хамгаалан дэлгэрүүлэх, лам хуврагуудын мэдлэг боловсрол, ахуй нөхцөл, орон хийдийн өнгө үзэмжийг дээшлүүлэх, сүсэгтэн олон номын адис жинлав хүртэх, зорин ирсэн сүсэгтэн болон жуулчдад ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт лам хуврагууд, бусад хүмүүсийн хамтаар онцгой анхааран ажиллаж байна.

Мөн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд МБШ Төв-Гандантэгчэнлин хийд Шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт цуврал нэвтрүүлэг эхлүүлсэн нь “Бурханы шашин бол шинжлэх ухаанч шашин” хэмээн барууны эрдэмтэд онцлон хэлсэнтэй нийцэж байгаа бөгөөд энэ хүрээнд олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахаар зорьж байна.

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдээс төлөвлөж буй олон үйл ажилд идэвхийлэн дэмжиж байдаг та бүхэнд чин сэтгэлийн талархал өргөе.

Ингээд МБШ Төв Гандантэгчэнлин хийдийг төлөөлөн айлчлан золгож буй модон луу жилдээ эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, санасан сайн үйл бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзий бэлгэт ерөөлийг өргөн, багш гурван эрдэнэ, номын сахиусанд даатган залбиръя.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ослын хохирогч Б.Түмэндэмбэрэл: Буруутай этгээд нь “Төлбөрийн чадвар байхгүй, ялаа авъя” гэвэл хаашаа харах вэ, бид DNN.mn

Газ тээвэрлэж явсан машин дэлбэрснээс үүдэж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Эдү апарт 207 дугаар байр галд өртсөн. Тус байранд хамгийн их хохиролтой буюу бүх өрөө нь галд автсан 10 орчим айл байгаа аж. Тэдний нэг Б.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.


-Танайх энэ байрандаа хэзээнээс амьдарч эхэлсэн бэ. Байраа ямар нөхцөлөөр авч байв?

-Энэ байр анх баригдаж байх 2015 онд гурван өрөө байрны захиалга өгч, гэрээ байгуулж байсан. 30 хувиа бүрдүүлж өгөөд банкны найман хувийн зээлд хамрагдсан. Ингээд байр 2017 онд ашиглалтад орж байлаа. Манайх дөрвөн хүүхэдтэй, ам бүл зургуулаа. Нөхөр маань Нарантуул зах дээр зогсдог. Би өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ суудаг. Нөхрийнхөө олсон орлогоос цааш хурааж ипотекийн зээлд сард 990 мянган төгрөг төлж ирсэн. Уг нь 2027 онд зээл маань дуусах товтой. Гэтэл нэг л шөнө орон байр маань галд өртөж, бид хаашаа харахаа мэдэхгүй болцгоосон байна.

-Гал гарах үеэр бүгд гэртээ байсан уу. Ямар үйл явц болов?

-Гэр бүлээрээ унтаж амарч байсан. Гэнэт цонх, хана чичрээд л маш хүчтэй дуу чимээнээр сэрцгээсэн. Тэгэхэд 01:00 цаг өнгөрч байсан. Жижиг өрөөнөөс хүүхдүүд маань орилолдоод, том хоёр нь “Аав аа, ээж ээ, манай байрны доор улаан гал гарч байна” гээд хэлж дуусаагүй байтал цонхны завсраар утаа ороод ирсэн. Тэгээд л “Гаръя. Бушуулаарай” болцгоогоод өмссөн хувцастайгаа гарцгаасан. Манайх долдугаар давхар. Давхрынхаа айлуудын хаалгыг цохиж сэрээгээд гал гарсныг дуулгасан.

Айж сандарсан хүмүүс доош буугаад гарах гэтэл хойд хаалга галд автчихсан байлаа. Тиймээс урд шилэн хаалгаар гарахаар очтол цоожтой байсан. Залуучууд шууд л цохиж хагалаад гарцгаасан. Тэр даруй хойно гарч байсан гал тойроод орж ирээд л дээшээ пүр гээд л авалцчихсан. Тэр галыг харахад завсрын хөөс галыг маш хурдан дэмждэг юм билээ. Залгаа дөрвөн давхар сургууль байхад гал огт авалцахгүй байхад байр л шатаад байсан.

-Гал командынхан гурван цагийн дараа галыг бүрэн унтрааж дууссан гэсэн?

-Галын машин ирээд байрны араас нь л ус цацаад байсан. Урд нь гарах гэхээр сургуулийн хүзүүвч хоолой тээглээд шалаанк нь хүрэхгүй. Ингээд дөрөвдүгээр давхраасаа дээшээ бүрмөсөн шатсан. Дотроосоо унтраах боломжгүй. Уг нь дотроо 40 метрийн урттай галын хоолой байсан. Түүнийг нь өнгөрсөн зун хулгайд алдчихсан. СӨХ, харуул аль аль нь мэддэггүй, анхаардаггүй. Оршин суугчид л мэдэж хэлсэн, тоогоогүй.

-Галын дараа гэртээ ирэхэд ямар нөхцөл байдалтай байв?

-Бүх цонх хагархай. Гал дотогш нэвтрээд хана таазгүй шатчихсан. Бүх тавилга хөө тортог болчихсон. Дээд давхрын айлын галыг унтраахаар ус их цацсан бололтой. Тэр нь манай байр руу обжураар нэвтэрч орж ирсэн. Хөөтэй тогоо хөмөрчихсөн юм шиг л угтсан. Гал эргээд л хуйхлаад байдаг бололтой, обой, тааз, ханаараа бүтэн хөө тортог. Агааржуулалтын хоолойгоор ч гал орж ирсэн байсан. Хүв хүйтэн, бөөн хөө тортог, хөлдүүс болсон. Хүн орох нөхцөлгүй нүд халтирам дүр зурагтай л байна. Олон жил гэр бүлээрээ бужигнаж амьдарсан орон байр маань ийм болчихыг харах хэцүү юм билээ. Дайны бөмбөгдөлтөд өртчихсөн юм шиг л байгаа.

-Авах эд хогшил, хувцас хунар ч үлдээгүй хэрэг үү?

-Би өөрөө амьсгалын дутагдалтай хүн. Хөө тортог шингэсэн хувцас өмсөх боломжгүй, нэл угаар шингэчихсэн байгаа. МУИС-ийн багшийн ярьж байгаагаар нүүрсхүчлийн хий аливаа зүйлд шингэсэн бол цаашаа л иддэг. Нүүрсхүчлийн хий шингэсэн бетоныг өнгөн талаас нь шавардлаа гэхэд цаашаа явсаар арматураа идээд зэврүүлдэг гэж байна. Заавал хор нөлөөтэй байдаг. Ийм хортой хий шингэсэн хувцас хүн өмсөх аргагүй шүү дээ. Шууд л хавдар болох эрсдэлтэй.

-Даатгалтай иргэд хохирлоо төлүүлэх боломжтой гэж хуульч ярьж байгаа. Танайх даатгалтай байсан уу?

-Манайх 2017 онд байраа авахад “Практикал” даатгалаар даатгуулж байсан. 2019 оны арваннэгдүгээр даатгалаа гурван жилээр сунгуулж байж. Ингээд нэг ёсондоо бид мартчихсан. Нэгэнт ипотекийн зээлтэй, банк, даатгал гурвалсан гэрээтэй учраас бид итгээд л орхичихсон хэрэг. Ингээд гал гарсны дараа “Практикал” даатгалаас хүн ирж зураг хөрөг аваад явсан. Араас нь юу болсон эсэхийг лавлатал “Та банктайгаа яриарай” гээд л утсаа тасалчихсан. Банкан дээр очлоо. “Танай даатгалын гэрээ 2022 онд дууссан байна. Таны буруутай үйлдлээс болж сунгагдаагүй байна” гэдэг л хариу сонслоо. Машин тэрэг үзлэг оношилгоонд жил бүр ороход даатгал шаарддаг шүү дээ. Сунгагдаагүй бол нөхөөд л сунгачихдаг. Гэтэл ийм гэнэтийн том осол, өндөр өртөгтэй гамшиг болоход “Сунгаагүй байна, манайх хариуцахгүй” гэдэг их л хүнд мэдээ юм. Уг нь иргэд бидний ойлголтоор банк, хувь хүн, даатгал гурван талт гэрээ хийчихэж байна. Ипотекийн зээл дуустал энэ даатгалаараа л явчихдаг юм байна гээд ойлгочихож байгаа шүү дээ. Магадгүй ийм осол гараагүй бол “Сунгая” гэхэд сунгаад л өгчих байсан байх.

-Засгийн газраас иргэдийг хохиролгүй болгоно гэж мэдэгдсэн. Энэ ажил хэр явцтай байгаа бол оо. Та бүхэнтэй холбогдож байна уу?

-Цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаагаар бол нэгдсэн журмаар үнэлнэ гэсэн. Үнэлгээний холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй хийгээд өгье гэсэн албан тоот ирүүлсэн гэж дууллаа. Даатгалтай байсан айлууд бол энэ үнэлгээгээр хохирлоо тогтоолгоод барагдуулчих бололтой.

Харин даатгалгүй, мөнгөөрөө худалдаж авсан, манайх шиг даатгал нь сунгагдаагүй айлууд тодорхойгүй байна. Хууль зүйн сайд Б.Энхбаяр ирж уулзахдаа иргэний журмаар аль буруутай этгээдээс хохирол гаргуулах хуультай гэж ярьсан байна лээ. Тэгэхээр маш бүрхэг болчихож байгаа юм. Хэзээ шүүх хурал болж, буруутай этгээд тогтоогдох вэ. Буруутай этгээд нь “Төлбөрийн чадвар байхгүй, ялаа авъя” гээд суучихвал бид хаашаа харах вэ.

Уг нь хохирогч айлын хувьд цөөхүүлээ. “Алтжин бөмбөгөр” шиг олон зуун хүний бараа материал шатсан осол биш. Болдог бол хохирлыг улсаас гаргаж өгөөд дараа нь буруутай этгээдээс нөхөн төлүүлэх арга хэмжээгээ авчихдаг болоосой. Иргэд бид 20, 30 жилийн хөдөлмөрөөрөө орон гэртэй болж, түүнийгээ тохижуулж, хувцас хунартай явж байгаа шүү дээ. Гэнэтийн ийм осол аваар гэдэг аюултай юм. Цөөхөн хэдэн хохирогч иргэдээ амьжиргааг нь дордуулахгүйгээр л шийдээд өгөөсэй гэж хүсч байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Бямбацогт: Улс орон, бүс нутгийн хөгжлийн газрын зургаа томоор харж хөгжих цаг нь болсон DNN.mn

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сар шинийн босгон дээр хоёулаа ярилцаж байна. Өнгөрсөн туулай жил танай салбарын хувьд ямар ахиц дэвшилттэй жил болов гэдгээс яриагаа эхэлье?

-Юуны өмнө “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын мэндийг нийт ард иргэддээ өргөн дэвшүүлье. Улиран одож буй туулай жил Монгол Улсын хувьд эдийн засаг сэргэсэн, ажил хөдөлмөр буцалсан он жил байлаа гэж товчхондоо хэлмээр байна. Өнгөрсөн жил Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өслөө. Тэр дундаа улс орны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх гол судас болсон Зам, тээврийн салбар 75 хувийн өсөлт үзүүллээ. Энэ мэт олон олон түүхэн дээд үзүүлэлт тогтоож чадсан бүтээмжтэй жил боллоо.

Товчхон дурдвал, бүх төрлийн тээврээр 110 сая тонн ачаа тээвэрлэлээ. Дэлхийн 42 улсын 115 цэг рүү нисэх боломжтой боллоо. Нислэгийн тийзний үнэ 2-3 дахин хямдарлаа. Орон нутгийн найман чиглэлд нислэг сэргэлээ. Гуравхан аймагт онгоц нисдэг байсан бол одоо есөн аймаг нислэгтэй боллоо. Улсын хэмжээнд 560 км хатуу хучилттай авто зам ашиглалтад хүлээн авлаа гэх мэт олон зүйлийг нэрлэж болохоор байна.

Намайг ажил хүлээж авч байх үе буюу 2022 онд 60 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан УБТЗ энэ онд 70 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. 75 жилийн түүхэндээ байхгүй их буюу 32 сая тонн ачаа тээвэрлэх хүлээлттэй байна. Төмөр замчдын цалин хөлс 15-аас 20 хувь нэмэгдлээ. Энэ бол манай салбарт ажиллаж буй 50 гаруй мянган ажилтан албан хаагчдын хамтын амжилт гэдгийг онцлон хэлье. Бид иймэрхүү амжилтаар луу жилтэй золгож байна.

-Зам, тээврийн салбар гэдэг улс орны эдийн засгийн өсөлтийн маш том суурь бүтэц. Тэр утгаараа таны удирдсан салбарын өсөлтүүдэд олон нийт ам сайтай байх шиг байна. Тухайлбал, авто замын салбарт өнгөрсөн жилүүдэд ямар томоохон ажил өрнөв?

-Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Бид юутай ч нийслэл Улаанбаатар хоттой Монгол орныхоо 21 аймгийг хатуу хучилтай авто замаар холбож дууссан. Одоо аймаг, орон нутгийн авто замуудын холболтын ажил үргэлжилж байна. Ирэх жил Завхан аймгийн Говь-Алтай аймагтай холбоно. Олон жил удааширсан УБ-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. “Шинэ сэргэлтийн таван цагариг” зорилт дэвшүүлж Монгол Улс урд хойд хөрш Ази Европыг холбосон авто замын босоо-5, хэвтээ-2 коридортой болохоор ажиллаж байна. Ингэснээр Монгол Улс бүх аймгийн төвүүдээ хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох Мянганы замын хоёр дахь довтолгоог эхлүүлж байна. Тухайлбал Хэнтийн Дадалаас Ховдын Булган, Дорнодын Халхголоос Баян-Өлгийн Цагааннуур хүртэл, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнодоос БНХАУ руу, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатараас ОХУ руу холбогдох авто замын долоон коридортой болох юм.

-Аймаг, хот хоорондын авто зам шинээр холбогдож байгаа нь сайн. Гэхдээ хуучин тавигдсан замуудын эвдрэл зарим хэсэгтээ аюултай болж ирсэн байна. Зам засварын ажилд салбар яам хэрхэн анхаарч байгаа вэ?

-Юуны өмнө энэ онд эвдрэлтэй замуудын их засварт эргэлт гаргана гэдгийг хэлье. Монгол Улс, Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн барьсан. Зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталснаар Дундговь, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Баянонгор, Архангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгийн хамгийн их эвдрэлтэй нийт 361 км улсын чанартай автозамын ээлжит болон их засварын ажлыг 77 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх боломж бүрдсэн. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн гол, Өвөрхангай аймгийн Орхон гол, Архангай аймгийн Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Төв аймгийн Лүн, Түргэний төмөр бетон гүүрийн засварын ажлыг 4.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн “Нутгийн зам төсөл”-д орсон сумдыг хатуу хучилттай авто замаар холбох ажилд 16.9 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байгаа. Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая зээлжих тусгай эрх буюу нийт 110.0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.

-Иргэд машинтайгаа урд хөршид зорчих асуудал ямар түвшинд явж байна вэ?

-БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Мюнжантай саяхан уулзсан. Уулзалтын үеэр дараах тодорхой асуудлуудын хүрээнд ярилцлаа. Тухайлбал, ОХУ-Монгол-Хятад гурван улсын транзит тээврийг бодлогын түвшинд дэмжиж эрчимжүүлэх. Хятад улстай байгуулсан Автотээврийн хэлэлцээрийн дагуу Монгол, Хятад хоёр улсын нутаг дэвсгэрээр зорчигчийн тогтмол бус тээвэрлэлт болон Монгол тээврчид Хятад улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг хурдасгах үүднээс хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах талаар тохиролцлоо. Булган боомт болон бусад боомтуудаар ард иргэд суудлын автомашинтай зорчих боломжийг бүрдүүлэх боломжтой гэж харж байгаа. Мөн Булган боомтоор малын гаралтай түүхий эдийг чөлөөтэй нэвтрүүлдэг болгох асуудлыг хөндсөн. Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн баталсанаар Монгол тээвэрчид БНХАУ руу болон тус улсын нутгаар дамжин гуравдагч улс руу тухайлбал Төв Азийн орнууд болон Европ руу тээвэр хийх боломж бүрдсэн.

-Цагаан сарын босгон дээр Ерөнхийлөгчийн урилгаар Германы ерөнхийлөгчийн айлчлал боллоо шүү дээ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Бидний хувьд Германтай авто тээврийн болон агаарын харилцааны хэлэлцээр байгуулах талаар тус улсаас Монгол Улсад суух Элчин сайд ноён Хэльмут Кулитцтай уулзсан. Энэ онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Герман нь тээвэр логистикийн салбарын хөгжлөөр дэлхийд дээгүүрт ордог улс. Тиймээс авто замаар зорчигч, ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны эхээр байгуулахаар тохирлоо. Үүний үр дүнд өнөөдөр ердөө 200 сая ам.доллар байгаа хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Мөн “Open Sky” агаарын харилцааны хэлэлцээр байгуулах санал тавилаа. Өнөөдөр манай улс БНСУ-руу долоо хоногт 80, Бээжин рүү 42, Турк руу 34 гэх мэт олон давтамжтай нислэг үйлдэж байгаа бол Европ руу ганцхан Франкфурт хот руу долоо хоногт тавхан удаа нисч байна. Тиймээс Агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, ХБНГУ-ын Франкфурт, Берлин, Мюнхен гэсэн гурван хот руу ямар нэгэн хязгаарлалтгүй, олон давтамжтай нислэг үйлдэхийг чухалчилж байна.

-АНУ руу шууд нислэг үйлдэл боломжтой болсон. Агаарын тээврийн салбарт өөр ямар өөрчлөлт, боломжууд бий болж байгаа вэ?

-Агаарын тээврийн салбарт ч олон түүхэн амжилт гарч агаарын тээврээр зорчигчийн тоо нэг сая 750 мянга болж олон улсын нислэгээр зорчигчийн тоо 2.2 дахин нэмэгдсэн. 2023 онд Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг АНУ, Катар, Грек, Лаос улстай тус тус байгуулснаар Монгол Улс дэлхийн 42 улсын 115 цэг рүү нислэг үйлдэх боломжтой боллоо. Мөн олон улсын нислэгийн чиглэл, давтамж нэмэгдлээ. Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад зөвшөөрөл олгох үйл явцыг ил тод хурдан шуурхай болгож Монгол Улс шинээр том оврын дөрвөн агаарын хөлгөөр парк шинэчлэлтээ нэмэгдүүлсэн. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Өлгий, Ховд чиглэлд нислэгийн тийз хоёр талдаа 1.5-1.7 сая төгрөг байсныг 810-900 мянган төгрөг, Улаангом, Улиастай руу 1.3-1.4 сая төгрөг байсныг 492-852 мянган төгрөг болгож 2-2.5 дахин хямдрууллаа.

-Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан. Энэхүү хэлэлцээрийн гол ач холбогдол юу байв?

-Уг хэлэлцээр байгуулагдсанаар 2024 онд багтаан МИАТ ТӨХК нь АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. МИАТ компани 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /DREAMLINER/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр ашиглах гэрээ байгуулсаны дагуу эхний 787-9 агаарын хөлгөө өнгөрсөн оны наймдугаар сард хүлээн авсан бол хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авахаар төлөвлөөд байна. Тус агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж байгаа. 2024 оноос АНУ, цаашид Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

-2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд зам, тээврийн салбар ямар байдлаар оролцож байгаа вэ?

-Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалыг дэмжих үүднээс өвлийн улиралд дөрөв болон түүнээс дээш хүнд 19-44 хувь, зуны улиралд 10 ба түүнээс дээш хүнд 12-30 хувь хүртэл хямд үйлчлэх тусгай тариф гаргалаа. 2023 онд Аяллын дугаар хамтран эзэмших чиглэл нэмэгдэж, 6-р эрхийн транзит зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүллээ. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Бүгд найрамдах өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “Unmiss” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын зэвсэгт хүчний 13-р ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг анх удаа өөрийн агаарын хөлгөөр тээвэрлэн хүргэлээ.

-Зам, тээврийн салбар дотроо төмөр замын салбар бол Монгол Улсын эдийн засгийн гол хүчин зүйл мөн. Тэр утгаараа өнгөрсөн жилүүдэд Төмөр замын салбарт хийгдсэн ажил юу байна вэ?

-Мэдээж хэрэг төмөр замын салбар гэдэг бол улс орны ачаа тээвэр, эдийн засгийн гол тулгуур. Юуны өмнө энэ салбарт олон жил яригдсан зээл, их өрийн асуудлыг онцлон хэлмээр байна. УБТЗ” ХНН 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулж дүрмийн санг нэмэгдүүллээ. Уг шийдвэр гарснаар “УБТЗ” ХНН-ийн хувьд МОН-П1, МОН-П2 зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болж, хуримтлагдсан их өр тэглэгдсэнээр УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх болон бусад төсөл хөтөлбөрүүд хэрэгжих бололцоо нээгдэж байгаа юм. 2022 онд Замын-Үүд-Эрээн өртөөд хооронд хоног тутам өргөн царигаар 14 хос галт тэрэг, нарийн царигаар зургаан хос галт тэрэг солилцож байсан бол өнгөрсөн онд Хятадын талтай өргөн царигаар 15 хос галт тэрэг, нарийн царигаар найман хос галт тэрэг солилцдог боллоо. УБТЗ 2023 онд ачаа тээврээс нийт нэг их наяд төгрөгийн орлого оллоо.

-Өнгөрсөн жилүүдэд олон төмөр зам шинээр баригдаж, холбогдлоо л доо…?

-Монгол Улс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа. Энэ замаар өнгөрсөн онд нийт 50.000 тонн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн. Улаанбаатар хотыг утаагүй түлшний түүхий эдээр хангах сайжруулсан шахмал түлшний эдийг 100 хувь төмөр замаар тээвэрлэж, 2023 онд 360 мянган тонн мидлинг тээвэрлэлтийг зохион байгуулаад байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн аваад байна. Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын төслүүдийг цогцоор хэрэгжүүлж, Монгол Улс хилийн экспортын төмөр замын таван гарцтай болохоор зорьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа. Тухайлбал Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 19.3 км дэлгэмэл урттай төмөр замаар холбох Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын төслийн бүтээн байгуулалт дуусах шатандаа ороод байна. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-г хэлэлцэж дэмжсэнээр 2024 оны хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон байгаа.

-Сонгууль хаяанд ирлээ. УИХ-ын гишүүний хувьд энэхүү бүсчилсэн тойргийн талаар ямар байр суурьтай явдаг вэ?

-Ерөөсөө хөгжлийн олон татах хүчтэй болох жор нь тойрог томсгох гэж боддог. Ингэж байж Улаанбаатар хотын төвлөрөл түгжрэл, утаа шийдэгдэнэ. Нөгөөтэйгүүр Монгол хүн бүр төрж өссөн нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэнэ. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой болсон. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиа ч баталсан. Тиймээс улс орны, бүс нутгийн хөгжлийн газрын зургаа томоор нь, цогцоор нь харж хөгжих цаг нь болсон. Өнгөрсөн хугацаанд сум, багийн хэмжээний асуудал хөрөнгө оруулалтад бид түлхүү анхаарсан. Харин одоо эрчим хүч, түлш шатахууны хувьд хараат бус болох том төслүүдээ хөдөлгөх нь илүү чухал байна. Тэр дундаа малын гаралтай түүхий эдээ боловсруулах, байгалийн баялгаа боловсруулах, үйлдвэржих бодит шаардлага байна гэж харж байгаа. Асуудлаа томоор харж, хөгжлөө цогцоор нь хэрэгжүүлэхэд сонгуулийн тойрог томсгох явдал гол хөшүүрэг болно. Бид нэг Монгол гэсэн нүдээр хэн хүнгүй харах цаг ирсэн.

-Бүс бүсээрээ хөгжсөн улс орнуудын жишээ олон бий. Таны хувьд баруун бүсийн хөгжлийг ямар байдлаар харж байна вэ?

-Саяхан Ховд нутагт маань Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудын манлайлагч 200 орчим залуус цугларсан. Залуусынхаа ирээдүйд зориулж, баруун бүс нутгийнхаа иргэдийн амьжиргааг дээшлүүлж орлогыг нь нэмэгдүүлэхээр санаачлан дэвшүүлсэн томоохон төслүүд маань эхнээсээ бодитой ажил хэрэг болоод явж байгаа нь бахархууштай санагдаж байна. Мэдээж баруун бүсийн хөгжлийн гол тулгуур бол үйлдвэрлэл. Тэр утгаараа “Ховд Эко Цемент” үйлдвэр ашиглалтад орж баруун аймгийнхан Улаанбаатартай адил үнээр цементээ авч эхэлсэн. Хотод ч тэр орон нутагт ч гэр хороололд халуун, хүйтэн устай, утаа гаргахгүй, ил жорлонгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл амжилттай хэрэгжиж байна. Ховд-Улаангом, Алтай-Улиастайг хатуу хучилттай авто замаар холбох ажил энэ онд эхэлнэ. Баруун бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэр болох Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станц гараанаасаа хөдөлж төсөл урагштай явж байгаа. Малчид, тариаланчдынхаа орлогыг нэмэгдүүлэх “Шинэ Ховд” үйлдвэр технологийн парк, агро парк зэрэг төслүүдийн дэд бүтцийн ажлууд амжилттай хийгдэж байна. Энэ том төслүүдийг амжилттай хийж дуусгахад залуус, иргэдийн оролцоо хамгийн чухал гэдгийг онцлон хэлье.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл яг хэзээ дуусах вэ. Хэзээ цахилгаан үйлдвэрлэж эхлэх вэ. Одоо тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

-Бараг 60 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл гараанаас хөдөлсөн. Өнгөрсөн оны зургадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд гацаатай байсан асуудлууд эцэслэн шийдэгдсэн. Сая Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа энэ оны сүүлээр юм уу ирэх оны эх гэхэд гэрээ контрактын зарим асуудлыг бүрэн эцэслэж, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг дуулгасан. Нэг бүтээн байгуулалтын ажил эхэлчихвэл 5-6 жилийн дотор баригдаад, ашиглалтад орчих юм билээ. Өдрөөс өдөрт эрчим хүчний, тэр дундаа УЦС-ын техник технологи хөгжиж шинэчлэгдэж буй учраас түүнээс ч бага хугацаанд ажил хэрэг болох боломж бий. Ямар ч байсан энэ УЦС ашиглалтад орсноор импортын эрчим хүчний төлбөрт хойд урд хөршид өгч байгаа валютын урсгал татарч, эрчим хүчний тусгаар тогтнол баруун бүсэд батжина. Ирэх жилүүдэд Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын УЦС, 35 МВт-ын нарны дөрвөн эх үүсвэр ашиглалтад орвол баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэр 125 МВт болж нэмэгдэнэ. Ингэснээр бид БНХАУ-ын импортын эрчим хүчнээс даруй 10 дахин хямд эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болно. Чухам үүнийг л эрчим хүчнийтусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ гэж хэлээд байгаа юм аа.

-Та Ховдоос сонгогдсон УИХ-ын гишүүн. Тэр утгаараа ховдчуудын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Маш гэрэлтэйгээр харж байна. Манай аймаг сүүлийн 13 жилд 1300 км хатуу хучилттай авто замтай болсон. Хойд, урд хөрштэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо. Монгол Улсын Ерөнхий сайд бүх сумаа хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг Ховд байх болно гэдгийг онцоллоо. Ирэх жил гэхэд Эрдэнэбүрэн, Ховд, Чандмань сумд хатуу хучилттай авто замтай болж Дөргөн, Цэцэг сумыг замтай болгох ажил эхэлнэ. Ховд-Улаангомыг хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Байтаг боомтын замын ажил хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Энэ бүхний үр дүнд Ховд аймаг урдуураа ч хоёр боомттой, хойгуураа ч хоёр боомттой хатуу хучилттай замаар холбогдоно. Улаанбаатартай урдуураа хатуу хучилттай авто замаар холбогдсон бол хойгуураа ч бас холбогдоно. Гэр хорооллын 5700 айл өрхөө бүгдийг нь цэвэр бохирын шугамд холбож, Хашаандаа сайхан амьдрах боломжийг бодитоор бүрдүүлнэ. Одоогоор 400 шахам айлыг инженерийн шугамд холбож, 3000 айл өрхийн гудамжинд цэвэр бохирын шугамыг нь оруулаад байна. Ингэхээр анхны бүх сум нь замтай, бас анхны аймгийн төв нь агаар хөрсний бохирдолгүй ая тухтай аймаг болох боломж ойрхон байна. 3000 га-д усалгаатай газар тариалан хөгжүүлж, ойрын үед энэ хэмжээг 10 дахин өсгөх бодлого баримталж байна. Арван аймаг одоо л дулааны цахилгаан станцтай болох тухай яригдаж байхад бид аль хэдийнээ дулааны хос цахилгаан станцтай болж, одоо дулааны цахилгаан станцаа улам өргөтгөх тухай ярьж байна.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Монгол Улс, ХБНГУ хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Cтратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Тобиас Линднер нар гарын үсэг зурав.

Хоёр улс 2008 оноос Иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн бөгөөд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын  төрийн айлчлалын үеэр харилцааны түвшинг шат ахиулж, Стратегийн түншлэл байгууллаа.

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал

1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийв. Төрийн айлчлалын үеэр Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол, Германы ард түмний 100 орчим жилийн нөхөрлөл,  түүнчлэн 1995 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын харилцааны үндсийн тухай хамтарсан тунхаглал”, 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай хамтарсан тунхаглал”-аар бэхэжсэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын дипломат харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ололт амжилтыг сайшаав. Талууд мөн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-той уялдсан хоёр улсын хоорондын улс төр, аюулгүй байдал, ардчилсан засаглал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, байгаль орчин, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэний нийгэм, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны чухал үр дүнг мөн онцлон тэмдэглэв.

2. Талууд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын эрх зүйд суурилсан дэг журам, байгаль орчныг хамгаалах чиглэлээрх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үүрэг амлалт, тууштай хүчин чармайлт, бодлогыг уялдуулан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр талын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, шат ахиулахаар шийдвэрлэв.

3. “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэв:

 3.1 Улс төр, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлнэ, энэ хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлнэ; бүс нутаг болон олон улсын байгууллагын хүрээнд олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлнэ, тухайлбал НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулах зорилгоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох эрмэлзлийг Монгол Улс тууштай дэмжинэ; үй олноор хөнөөх зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээрх хүчин чармайлтад талуудын оруулсан хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлнэ; НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хамтын хүч чармайлтаа үргэлжлүүлнэ, энэ хүрээнд батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана,

3.2 Ардчилал, эрх зүйт ёс, ил тод байдал, сайн засаглал, ардчилсан парламентын тогтолцоо, иргэний нийгэм зэрэг үнэт зүйлийг бэхжүүлнэ; ялангуяа хоёр талын парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шүүх болон хууль эрх зүйн шинэчлэлийн төлөөх монголын талын хүчин чармайлтыг германы тал үргэлжлүүлэн дэмжинэ; иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлж, орон нутгийн түншлэл, улс төрийн сангуудын үйл ажиллагаа, жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, хөгжлийн бодлогыг дэмжинэ, 

3.3 “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ; тухайлбал, тогтвортой бизнес, жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлнэ,

3.4 Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд болон жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнээнэ хүрээнд монгол оюутнуудыг Герман Улсад дээд болон мэргэжлийн боловсрол эзэмшихийг дэмжсэн Монгол Улсын “Илгээлт 2100” санаачилга болон бусад тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр болов. Мөн Герман Улсын мэргэжлийн боловсролын сургалтын тэргүүн туршлагыг нэвтрүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Талууд шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагааг эрчимжүүлж, Герман дахь Монгол судлал, Монгол дахь Герман судлалыг үргэлжлүүлэн дэмжихээр мөн тохиролцов,

3.5 Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ, энэ хүрээнд археологийн судалгаа, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулна, тухайлбал “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, уг хэлэлцээрээр байгуулсан “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийг тууштай дэмжинэ,

3.6 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүний аюулгүй байдал, энх тайванд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах болон тусгай хамгаалалттай газруудын тогтвортой менежментийг сайжруулахад хамтран ажилланаэрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ногоон эрчим хүчний шилжилтийн төлөөх нийтлэг зорилт болон Монгол Улсын нар, салхины эрчим хүчний үлэмж нөөцөд суурилан сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх технологийг нэвтрүүлнэ, чингэхдээ энэ нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн зөв шилжилт хийхэд чухал алхам  болно гэдгийг харгалзаж, үүнд чиглэсэн бодлогоо сайжруулна, энэ хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээнүүд, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт байгуулсан гэрээг монголын тал бүрэн хэрэгжүүлнэ,

3.7 Усны нөөц, ойн санг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлнэ,  энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ.  

4. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг дээр дурдсан салбар, чиглэлүүдээр гүнзгийрүүлэхэд хоёр улсын харилцааны тогтсон механизмууд, хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо, хувь нэмэр чухал ач холбогдолтойг талууд онцлов.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ш.Жандос: Цагааннуур, Даян боомтыг хатуу хучилттай замаар холбоход Шинжаан Уйгар, ОХУ хоорондын худалдааны урсгалын тодорхой хэсэг манай улсаар дамжих боломжтой DNN.mn

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Шаривын Жандостой бүсчилсэн хөгжлийн талаар ярилцлаа.


-Та “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форумд Баян-Өлгий аймгаас ирж оролцож байна. Бүсчилсэн хөгжлийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Улс орны хөгжлийн асуудлыг бид олон хувилбараар тодорхойлж, улсаа хөгжүүлэх гэж сүүлийн 30 жилийн хугацаанд зөндөө аргаар оролдож байна. Тэгээд хамгийн сүүлд бүсчилж хөгжүүлэх нь чухал гэдэг дээр парламентад суудалтай улс төрийн намууд нэгдсэн шийдэлд хүрлээ. Улмаар УИХ-ын сонгуулийн тойргоо ингэж хувааж, парламентын гишүүний тоогоо нэмэг-дүүллээ. Бүс нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад энэ бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь оршиж байгаа юм.

Харин цаашдаа ингэж бүсчлэн хөгжүүлэхэд тухайн бүсэд хамаарч байгаа аймгуудын өөрсдийнх нь санал санаачилга, хамтын ажиллагаа маш чухал. Яагаад гэхээр зөвхөн нэг аймаг дээрээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нь төвлөрсөн байхаас илүү тухайн бүсийн дотоод зах зээлийг хамгаалах, нөөц бололцоогоо хамгаалах хэрэгтэй. Ингэж байж төвөөс хараат бус байхын тулд нэг бүсийн аймгуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх ёстой.

Өмнө нь болохоор бид нэг аймгийг тухайн бүс нутгийн тулгуур төв гэж зарлаад, түүндээ гол анхаарлаа хандуулдаг, хөрөнгө оруулалтыг нь түлхүү тавьдаг байдлаар явж ирсэн. Ингэхээр бусад аймгууд нь орхигддог байсан. Харин одоо аль алиных нь нөөц бололцоонд түшиглэсэн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг чиглүүлж явъя гэсэн бодлого, үзэл баримтлал дээрээ бууж байна.

Тэгэхээр цаашдаа хийх ажил маш их байна. Баруун бүс л гэхэд таван аймгийнхаа онцлог нь юу вэ. Давуу болон сул тал нь юу юм гэдэг дээр судалгаа, шинжилгээний ажлуудыг хийхгүй бол зөвхөн лоозон төдий байж болохгүй. Сонгуулийн тойргоо бүсчилсэн хөгжилтэйгөө уяж өгсөн нь сайн хэрэг. Тиймээс л итгэл төрөөд, өөдрөгөөр хараад байгаа юм. Учир нь ингэснээр зөвхөн нэг аймаг дээр анхаарлаа хандуулах боломжгүй болно.

-Баян-Өлгий аймгийн хувьд сонгуулийн тойрог нь тусдаа. Гэтэл бүсчилсэн хөгжилд болохоор Говь-Алтай, Завхан, Увс, Завхан гэсэн аймагтай нэг болчихсон. Тэгэхээр бүсчилсэн хөгжилд ганцаар тойрог болсон танай аймаг орхигдоод байх вий дээ?

-Мэдээж парламентад суудалтай намууд үүнийг нухацтай ярилцсан байх. Нөгөө дөрвөн аймагтайгаа нийлүүлээд сонгуулийн нэг тойрог болгосон тохиолдолд олон ургалч үзэлтэй, ардчилсан орны үндэсний цөөнхийн төлөөлөл парламентад сонгогдохгүй байх эрсдэл байсан байлгүй. Тэр утгаараа энэ удаад салгаад явуулж байгаа байх гэж бодож байна. Ер нь яваандаа бүс нутгийн хэмжээнд ярьдаг, улсын хэмжээнд бодлого тодорхойлдог хүмүүс парламентад орох хэрэгтэй. Энэ түвшний улстөрчид Баян-Өлгий аймгаас төрж гарах, бэлтгэгдэх шаардлагатай. Цаг үе, одоогийн тогтолцоо нь ч үүнийг шаардаж байгаа. Тэгэхээр хүний нөөц дээрээ цаашид сайтар анхаарах ёстой.

-Баруун бүсийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шаард-лагатай зүйл нь юу вэ?

-Энэ удаагийн форумд Баян-Өлгий аймгаас сонгогдсон Т.Аубакир гишүүний ярьж байгааг сонсоход учир дутагдалтай зүйл их байна. Асуудлаа зөв тодорхойлж чадахгүй байна. Яагаад гэхээр Баян-Өлгий аймгийг зөвхөн аялал жуулчлалын хэмжээнд авч үзээд хаяж болохгүй. Дээрээс нь манай аймаг худалдааны асар том потенциалтай. ОХУ болон БНХАУ-ыг холбосон хамгийн дөт зам Баян-Өлгий аймгаар явж байна. ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, БНХАУ-тай хиллэдэг Даянгийн боомтыг хооронд нь хатуу хучилттай замаар холбоход Шинжаан Уйгар, Оросын хооронд явагддаг худалдааны урсгалын тодорхой хэсэг нь манай улсаар дамжих боломжтой болно. Чөлөөт бүс гээд бид их олон жил ярьсан. Баян-Өлгий аймагт Чөлөөт бүс байдаг ч 35 хүний орон тоотой, захиргаа нь Улаанбаатар хотод байдаг. Ямар ч бодлого байхгүй, аргацаасан төдийгөөр 10 гаруй жил явж ирлээ. Тиймээс чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь амилуулж, ажиллуулах хэрэгтэй байна. Ингэж чадах юм бол сая ярьсан худалдааны эргэлт хөрш зэргэлдээ бусад аймгууддаа ч гэсэн нөлөөлөл үзүүлэх боломжтой. Үүнээс гадна Баян-Өлгий аймагт хийх шаардлагатай маш олон ажил бий. Форум дээр ярьж байгаагаар манай аймаг дундаж цалингийн хэмжээгээрээ хамгийн бага юм байна. Гэсэн мөртлөө ядуурал багатай аймаг гэж яриад байгаа юм. Яагаад гэхээр өрхийн үйлдвэрлэл, бүртгэлгүй бизнесүүд их, иргэдийнх нь ажилч, хичээнгүй байдал нь дээрх үзүүлэлтэд нөлөөлдөг. Жаахан л дэмжээд өгвөл эдийн засгийн хувьд босоод ирэх боломж байгаа. Мөн мал аж ахуйгаа ч орхигдуулмааргүй байна. Эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйг хослуулсан байдлаар хэд хэдэн суманд хөгжүүлэхгүй бол бэлчээрийн хомсдол үүсч, дараалсан зуд болдог боллоо. Дээрээс нь төвөөс татаас авдаггүй болгохын тулд аймаг бүрд стратегийн биш гэхэд боломжийн хэмжээний уул уурхайг бодлогоор хөгжүүлмээр байна.

Гэхдээ зохистой, хариуцлагатай уул уурхай байх ёстой. Нэг уурхайг дагаж маш олон аж ахуйн нэгж босдог тогтолцоотой байдаг. Мэдээж манай аймгийн хувьд аялал жуулчлал маш чухал. Байгалийн сайхныг үзэхээс гадна тухайн угсаатны онцлог, соёл, зан заншил, бүргэдийн соёлыг нь үзэж, хоолыг нь идэх гэж ирдэг нь бусад аймгуудаас хол илүү. Харин аялал жуулчлалыг улам төгөлдөржүүлэхийн тулд дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай. Баян-Өлгий аймаг онгоцны буудлаа хөгжүүлж чадаагүй учраас өнөөдөр Ховд хотод буугаад машинаар цаашаа явж байна. Хамгийн чухал нь бүсчилсэн хөгжил гэдгээ лоозон төдий явуулах юм бол магадгүй 10 жилийн дараа бүтэхгүй юм байна гээд өөр зүйл яриад сууж байж магадгүй гэдгийг л хэлмээр байна.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аранга” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын Бурханы
шашинтны төв гандан тэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба Номун Хан, гэвш Д.ЖАВЗАНДОРЖ “Зөв сэтгэлтэй байж, үг, үйлдэлдээ анхааран хичээх нь шашинд сүсэглэдэг эсэхээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм” хэмээн ярилаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Монгол Улс, ХБНГУ иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улс орон, бүс нутгийн хөгжлийн газрын зургаа томоор харж хөгжих цаг нь болсон” хэмээснийг I болон  “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аранга” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. 

ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш судлалын секторын судлаач Б.Санжжав “Монголчуудын хувьд ямар улс төр, идеологитой байхаас үл хамаараад германчуудын тухай ямагт эерэг дурсамжтай явдаг” гэв.

Ослын хохирогч Б.Түмэндэмбэрэл “Буруутай этгээд нь “Төлбөрийн чадвар байхгүй, ялаа авъя” гэвэл хаашаа харах вэ, бид” хэмээн ярилаа.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Саруулхүү: Хятадын барилгын салбарын хямрал манай улсын экспортод сөрөг нөлөөтэй DNN.mn

Олон улс судлаач, эдийн засагч Т.Саруулхүүтэй Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар ярилцлаа.


-Урд хөршид үүссэн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор эдийн засгийн хүрээнд шуугьж байна. Яг ямар хямрал үүсчихэв ээ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногт Хятадын коммунист намын улс төрийн товчоо хуралдсан. Өөрөөр хэлбэл Хятадыг удирдаж байгаа өндөр албан тушаалтнууд хуралдсан гэсэн үг.

Энэ хурлаараа улсдаа үүсээд байгаа эдийн засгийн тулгамдсан нөхцөл байдлын асуудлыг авч хэлэлцсэн байгаа юм. Гэвч тус хурлаас эдийн засгаа өсгөх, асуудлуудыг шийдэх ямар нэгэн бодитой санал, дүгнэлт гараагүй талаар олон улсын эдийн засагчид ярьж байгаа. Эдийн засгийг нь унагааж байгаа хамгийн гол салбар бол үл хөдлөх хөрөнгийн зах зээл.

Энэ салбарын уналт Ковидын үеэс эхэлсэн гэж хэлж болно. Орон сууц, барилгын томоохон хэд хэдэн компани дампуурлаа зарласан байна.

Тухайлбал, Хятадын 280 хотод 1300 гаруй барилгын төсөл хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгийн аварга “Evergrande Group” нь олон улсын зах зээлээс босгосон 300 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлтийг төлж чадахгүйд хүрч өөрийн үнэлгээний 99 хувийг алдсан байна. Тэдний Хонгконгод гаргасан бондын барьцааг Төв Хятадын Засгийн газар хангуулахгүй завааруулаад бөөн юм болж байгаа. Учир нь хоёр өөр хуультай засаглалтай. Хятадын хөрөнгийн зах сүүлийн таван жилийн доод түвшин буюу 8.7 хувьд хүртэл уналаа. Бүр 30 хувь хүрч магадгүй гэсэн тул хүчээр арилжааг Засгийн газар нь өнгөрсөн долоо хоногт түр зогсоосон. Тэр утгаараа олон улсын хөрөнгө оруулагчид Хятадад итгэхээ болиод эхэллээ. Учир нь 2021 оноос хойш Хятадын хөрөнгийн зах 7.1 триллион ам.доллар алдсан. Нөгөөтэйгүүр Британийн Capital Economics  судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр,  Хятадад  зарагдаагүй  30 сая орон  сууц байна.

-Энэ бүхэн Монголд яаж нөлөөлөх вэ. Манайхан анхаарч байгаа юу. Хятадын барилгын салбар уналтад орвол бидэнд яаж нөлөөлөх вэ?

-Хятад улсын эдийн засгийн 30-35 хувийг үл хөдлөх хөрөнгө буюу барилгын салбар бүрдүүлдэг. Гэтэл олон жилийн турш энэ салбарт явагдсан хөөсрөлтийн үр дүн өнөөдөр гарч ирлээ гэж эдийн засагчид үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хаа сайгүй цементэн ширэнгэ бий болгосон нь Хятадын эдийн засгийг ийнхүү хүнд байдалд оруулаад байна гэж ойлгох хэрэгтэй. Хятадад үл хөдлөх хөрөнгийн магнат “Evergrande” компани 300 тэрбум ам.долларын өрөө төлж чадахгүйн улмаас дампуурлаа зарласан гэж хэлсэн. Үүний улмаас арматур төмөр, ган, коксжих нүүрсний үнэ унаж Азийн эдийн засгийн хямрал үүсэх магадлалтай болж ирлээ. Мэдээж Ази дотор бид оршин амьдарч байгаа учраас манай улс ч энэ хямралтай нүүр тулах цаг хаяанд ирлээ гэсэн үг. Нэг талаасаа бидэнд барилгын гол түүхий эдийн үнэ унаж байгаа нь сайн хэрэг ч Монгол Улсын хувьд импортоос илүү экспортдоо санаа зовох шаардлага үүслээ гэсэн үг. Гол нь нүүрс. Барилгын түүхий эд болох төмөр, арматур, ган зэрэг нь нүүрсний эрчим хүчээр л боловсруулагдана. Тэгэхээр Хятадын зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ унана гэдэг бол үйлдвэрлэл зогсоно гэсэн үг. Үйлдвэрлэл зогсохоор нүүрс шаардлагагүй болно. Нүүрс шаардлагагүй болчихвол Хятад улс манайхаас авах нүүрсний хэмжээгээ огцом багасгана.

-Харин манай эдийн засаг үндсэндээ нүүрсний экспорт дээр л тогтож байгаа болохоор энэхүү хямрал хүчтэй нөлөөлнө гэсэн үг үү?

-Яг зөв. Монголын эдийн засгийн 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг салбар бол уул уурхай гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Тэр утгаараа дэлхийн зах зээлд зэс, алт, мөнгө, нүүрс, төмөрийн үнэ унахаар манай улсын эдийн засаг огцом буурдаг шүү дээ. Ковидын дараа дөнгөж сэргэж байгаа эдийн засаг Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас болоод дахиад унаж болзошгүй болоод байна. Тиймээс төр засгийн хувьд энэхүү хямралаас эрсдэл багатай гарах арга замыг нэн яаралтай эрэлхийлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Хятадын жишээнээс харахад л эдийн засгийн өсөлтийг зогсонги байдалд оруулахуйц нөхцөл байдал манайд ч үүсэх эрсдэл бий. Дахин хэлэхэд Хятад барилгын салбарын уналтаас болоод барилгын материал тэр дундаа төмөр арматур, зэс кабелийн хэрэгцээ буурч байна. Энэ нь түрүү нь хэлсэнчлэн зэсийн болон коксжих нүүрсний хэрэгцээ буурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай гол экспортын бүтээгдэхүүн буурна. Товчхондоо бид мөнгөгүй болж хэцүүднэ гэсэн үг.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХЯМРАЛ Ч МАНАЙ УЛСАД БИЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

-Цаашид Хятад улсын хувьд энэхүү асуудлаа яаж зохицуулах бол. Мөн манай улсын хувьд экспортын асуудлаа яаж шийдэх ёстой юм бэ?

-Хятадын хувьд өнөөгийн эрх баригчид энэхүү асуудлыг шийдвэрлэхээр удаа дараа хуралдаж байгаа. Тодорхой шийдвэр гараагүй л байна. Олон улсын судлаачид энэхүү хүндрэлтэй байдлаас гарахын тулд Хятад улс эдийн засгийн бодлогоо илүү тодорхой болгох ёстой гэж зөвлөж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл эдийн засагтаа баруун үзлийг илүү барьж явах ёстой гэсэн үг. Яг одоогийн байдлаар Хятадын эрх баригчид нэг талаараа баруун үзлээр асуудлыг зохицуулах гэж хичээж байгаа ч зарим нь зүүний үзлийг түлхүү ярьж байгаа юм билээ. Үүнээс болоод эдийн засагт нь үзэл баримтлалын зөрчилдөөн үүссэн. Тиймээс энэхүү зөрчилдөөнөөсөө гарч чадвал эдийн засгийн хүндрэлтэй асуудлаа шийдэх боломжтой гэж үзэж байна. Хятад улсын энэхүү хямралын нөлөөлөл манай улсад хэдийнээ орж ирсэн. Сар бүрийн үзүүлэлтээр нүүрсний экспорт дандаа нэмэгдэлтэй гарч байсан бол одоо харьцангуй тогтворжсон байна лээ. Өөрөө хэлбэл нүүрсний экспортын нэмэгдэл зогссон гэсэн үг. Энэ байдал хэрэв удаан үргэлжилбэл нүүрсний экспорт нэмэгдэх битгий хэл доошоо унаж эхэлнэ. Тиймээс Хятад улстай энэхүү хямралыг эрсдэл багатай давахын тулд Засгийн газрын түвшинд тодорхой хэлэлцээрүүд хийх шаардлагатай байх. Алсдаа Монгол Улсын хувьд дан ганц уул уурхайн салбарт найдахгүйгээр эдийн засгийн бодлого боловсруулах төлөвлөлтөө хийх шаардлагатай. Салбар бүрд нэмүү өртөг шингэсэн үйлдвэр барих хэрэгцээ нэн чухал.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баярмаа: Ардчиллаас ухарч байгаа долоон улсын нэгээр монгол шалгарсан DNN.mn

Ардчилсан намын Гадаад харилцаа, соёлын бодлого хариуцсан дэд дарга Ж.Баярмаатай ярилцлаа.


-Монгол Улс авлигын индексээр энэ жил таван байр ухарч, 180 орноос 121 дүгээр байрт жагслаа. Ер нь сүүлийн жилүүдэд авлигын индексээр ухарч байгаа үзэгдлийг та юу гэж дүгнэж байна?

-Төрийн албан хаагчдын гэр, оффисоос нь тэрбум тэрбумаараа тэр ч бүү хэл оймсноос нь хүртэл мөнгө төгрөг гарч, ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс, ногоон автобус, боловсролын зээлийн сангийн хулгай гээд шил шилээ дарсан авилгын дуулиан тасрахгүй байгаа ийм үед энэ нь нэг их цочирдоод байх үзүүлэлт биш л дээ. Гэхдээ бид асуудлыг тоо баримтад тулгуурлаж, харьцуулж авч үзэх хэрэгтэй. Транспэрэнси интернэшнлийн 2023 оны тайланд 2012-2023 оны хооронд 180 орноос авлигын индекс нь эрс муудсан зургаан улсын нэгээр шалгарсан “амжилттайгаар” Монгол маань сонгуулийн жилээ угтаж байна. Үүнийг задлаад үзвэл Ардчилсан намын засаглалын үед буюу 2012-2016 оны хооронд авлигын индекс эрс сайжирсан байгаа юм. Тодруулбал, МАН-ын засаглалын сүүлийн жил буюу 2012 онд 94 дүгээр байранд байсан бол 2015 онд бүр 72 дугаар байрт орж, бүхэл бүтэн 22 байраар урагшилсан. Ха рин 2016 оноос буюу МАН засаглаж эхэлсэн үеээс мууд саар өнөөдөр 121 дүгээр байрт орж, бараг л 50-иад байраар ухарч. Дайн тэмцэлтэй Сьерра Леон, Шри ланк, тоталитар дэглэмтэй Беларусаас хойгуур жагсаж байна. 100 онооноос 33-ыг авна гэдэг нь авлигад маш их идэгдсэний нотолгооноос гадна энэ оноо нь Ардчилсан бус дэглэмтэй улсуудын дундаж гэхээр бид олон ч үзүүлэлтээрээ энэ ангилал руу явж байна даа гэж санаа зовж байна. Авлигын индексийг шудар га ёс, хуулийн засаглал, бизнесийн орчин, шүүхийн хараат бус байдал, хүний эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлагын байдал гэх мэт харилцан хамаарал бүхий нийгмийн маш олон үнэлэмжид суурилж тооцдог. Тиймээс нэлээд өргөн хүрээний цогц асуудлыг тойрч ярина гэсэн үг. Тэгэхээр энэ индекс муу байгааг ардчиллын зарчим, үнэт зүйлийг тойрсон олон асуудлын зангилаа гэж харж байна. Үүнд юуны түрүүнд эрх баригч МАН-ын зүүний буюу төрийг хүчтэй, данхар байлгах үзэл баримтлалтай холбож тайлбарлахаас эхэлж болно. Мөн Монголын улс төр мөнгөнөөс хэт их хамааралтай байгаа нь бас нэг том хүчин зүйл болж давхацдаг. Тодруулбал, шударга бус, мөнгөний сонгуулиар МАН засгийн эрхэнд гарахаараа дараагийн сонгуулийн саалийн үнээгээ бэлдэх гэдэг.

Чөтгөрийн тойрог шахам болчихсон. Ашигтай, ашиггүй, ажиллагаатай ажиллагаагүй хамаагүй төрийн нэрээр өөртөө өмч овоолж, аж ахуйн нэгжүүдийг ихээр бий болгодог.

-Гэтэл Засгийн газраас авлигатай тэмцэхээр олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа шүү дээ. Хаана нь алдаа гараад байна вэ. Ер нь алдаагаа яаж засах вэ?

-Харин тийм. Засгийн газар өнгөрсөн 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон сүржин зарласан ч харамсалтай нь үйл ажиллагаа нь даржин байж, үр дүн нь тэг заалаа. Уг нь ч бас театрт жүжиг тавьж буй мэт сүр дуулиантай сонсгол, шүүх хурлууд хийгээд л байдаг. Авлигыг багасгах өөрчлөлтүүд тууштай, зоригтой хийгээд сайжрах ёстой атал улам дордоод байхаар нь үүсгээд байгаа шалтгаануудаа ер нь зөв оношилж байгаа юм уу даа гэж гайхахад хүрч байна. Уг нь ч олон улсын байгууллагууд зааж, зөвлөж л байх учиртай. Жишээ нь наад зах нь шаардлагатай мэдээллээ ил гаргахад л оноо нэмэгдэх ч үзүүлэхийн эцэсгүй л юм байгаа байх л даа, мэдээж.

Илбийн юм шиг засрахгүй, өөр хоорондоо авлигын сүлжээгээр хэлхэлдсэн системийн шинжтэй хүчин зүйлс бий нь бий. Гэхдээ л найман жил гэдэг бол бага хугацаа биш тул эрх баригчдад ер нь авлигатай тэмцэх улс төрийн чин хүсэл үнэхээр байгаа юм уу гэж эргэлзэхэд хүрч байна.

Дахин ухрахад нөлөөлсөн найман шалтгааныг тайланд дурдсан байснаас би хамгийн чухалд тооцож буйгаа эхний асуултад базаад дурдсан. Түүнийхээ хүрээнд л хэлэхэд төрийн өмчит компаниудаа нэмэх бус, хувьчлах, олон нийтийнх болгох, удирдлагыг нь ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж, сонгох, үйл ажиллагаа, худалдан авалт, тендерээ ил тод болгож, бүрэн цахимжуулах, элдэв зөвшөөрөл, лицензийг цуцлах, төрийн албаны уялдаа холбоог нь сайжруулж, цомхон, чадварлаг болгох гэх мэт өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. 46 сая хүн амтай Аргентин улс есхөн яамтай ажиллахаар болж байхад 13 дахин бага хүн амтай манайд 22 сайдын хэрэг огт алга. Бас дээрээс нь намын залуучуудын байгуулагын идэвхтэнүүддээ өгдөг дэд сайд гэгч сэтрийг нь нэмбэл бүүр 44 сайдтай болно. 1996-2000 оны үед Монгол Улс есөн яамтай ажиллаж болж байсан жишээг дурдаж болно. Тэр үед одоогийн энэ нийгэм, эдийн засгийн харилцааны гол үндсүүд тавигдаж, реформ хийгдсэн байдаг.

Авлигын индексийг доош татаж буй бас нэг томоохон зүйл бол чөтгөрийн тойрогт орсон сонгуулийн авлига. Сонгогчдын саналыг татах зорилгоор Их хуралд үлдэхийг эсвэл орохыг санаархагчдын хуулиараа тараадаг 3.5 жилийн авлига, мөн Засгийн газрын нэрийн дор эрх баригч намын тараадаг элдэв халамжийн сюрпризүүд. Үүнийг засахад уг нь амархан. Төрд орохыг санаархагч хувь хүмүүсийг дөрвөн жил, Засгийн газрыг Гүрж шиг найман сар эсвэл зургаан сар хориглоход л авлигачид бус бодлоготнууд сонгогдох магадлал нэмэгдэнэ.

-Улстөрч, төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээд тендер, хөтөлбөрт хамрагдахгүй байх зохицуулалттай хуулийн төслийг баталсан. Үүний үр дүнг та хэрхэн дүгнэж байна.

-Төрийн хүнд суртал, авлигад дарлуулж буй бор зүрхээрээ бизнес хийх гэж тэмтчин яваа залуусын нүдэн дээр эрх баригч намын улстөрчдийн ар гэр, ах дүү хамаатны бизнес тендер, концессод үндэслээд цэцэглээд байдаг нь монголд дабл стандарт гүнээ тогтсоны илрэл. Энэ утгаараа бол тодорхой хэмжээнд бууруулах л байх. Гэхдээ авлигын асуудалд орооцолдсон хүнийг их хуралд дэвшүүлэхгүй тухай хууль гаргаад л авлига буурна хэмээн санаа нь амарч байгаа шигээ энэ хууль хэрэгжээд л үр дүнд хүрнэ гэж хөнгөмсгөөр найдаж бас болохгүй.

Бизнес, бүлэглэлийн далд ашиг сонирхол хэр байна гэдгийг Авлигын индексийг тогтоохдоо хэмждэг юм билээ. Монголд бол бизнесийн бүлэглэлийн улс төр дэх нөлөө, оролцоо хэмээс хэтэрсэн. Тиймээс ч иргэдэд том тендер, том концессын ард тэд л байна гэсэн харыг төрүүлэх нь зүй ёсных. Зөвхөн өөрийнхөө мөнгө санхүүг өсгөх, бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө ажиллах зорилготой бизнесмен гэгчид Монголын аль ч намуудаар дүүрэн, авлигачдаар хахсан байгаа. Тэд одоо энэ сонгуулиар ч улс төрчдийн дүр эсгээд олноороо дэвшинэ. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга нүүрсний сонсголоор дуудагдаад лав ирээгүй. Мөн намынх нь хэвлэл мэдээлэл хариуцсан өмнөх хойдох хоёр ч дарга нь дуудагдсан гэлүү, орооцолдсон гэлүү. Тэгэхээр улс төрийн намууд өөрсдөө хариуцлагатай байж, авлигын сүлжээний үүр уурхай байхаа болих хэрэгтэй.

-Та хүний эрхийн асуудлаар тод дуугардаг, энэ талаар бас асуудал дэвшүүлсэн нийтлэл бичдэг. Гэтэл авлигын индекс гаргадаг зургаан хүчин зүйлийн нэгт хүний эрхийг хангаж байгаа тогтолцоо ордог гэж сонссон. Тэгэхээр хүний эрх авлигын индекст нөлөөлдөг гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Авлигын асуудал бол ардчиллын чанарыг хэмждэг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Хүний эрх бол ардчиллын суурь зарчим. Ухарсан шалтгаануудын нэгд төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдрэмж, мөн шүгэл үлээгч, сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн тогтолцоо тус тус сул гэсэн байсан. Шүгэл үлээгчийн тухай хуулиа хойшлуулаад, одоо хүртэл батлуулаагүй мөртлөө “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах” нэртэй хязгаарлах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэхийг завдсан.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр бас л АН-ын засаглалын 2015 онд 54 дүгээр байрт байсан бол 2023 онд 90 дүгээр байрт орж бас л 36 байраар ухарсан. “Худал мэдээлэл тараах” гэсэн заалтыг 2002 оны Эрүүгийн хуульд “гүтгэн доромжлох” гэж байсныг нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон үг үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдах эрсдэлтэй хэмээн АН үзээд, 2015 онд Зөрчлийн хуульд оруулсан байсан. Тэгтэл МАН гарч ирээд 2017 онд үүнийг буцаагаад Эрүүгийн хуульд оруулахдаа цар хүрээг нь бүр өргөтгөөд худал мэдээлэл нэрийн доор юуг ч яаж ч оруулж болохоор хуулийн хонгил үүсгэсэн. Үүгээр сэтгүүлчийг хамгаалах нь байтугай бариад хорьчихсон байвал яах вэ. Үүнээс гадна Авлигын индексийг гаргахад V-dem буюу “Ардчиллын олон талт байдал” институцийн үнэлгээг авдаг. Үүгээр Монгол ардчиллаас ухарч буй долоон улсын нэгээр шалгарсан үзүүлэлттэй байна. Үүний цаана хүний эрх, шударга сонгууль гэх мэт маш их зүйл бий. Тэгэхээр ардчиллын индекстэй шууд хамааралтай гэсэн үг.

-Авлигын индекс буурах өгсөхөд үнэхээр олон хүчин зүйл нөлөөлдөг юм байна. Харин энэ индекс нь муу байх нь өөрөө юунд нөлөөлдөг вэ. Ялангуяа, та ардчилалтай их холбож тайлбарлалаа. Ардчилалд ямар нөлөөтэй вэ?

-Нөлөөлнө өө, нөлөөлнө. Би ярианыхаа эхэнд дурдсан. Авлига бол маш олон зүйлийн зангилаа гэж.

Дэлхийн банкнаас улс орнуудын засаглалын индексийг зургаан шалгуур үзүүлэлтээр гаргадгийн нэгэнд нь авлигын индекс ордог. Иймээс манай засаглалын индекс муу гарахад шууд нөлөөлдөг. 192 орноос манайх аанай л хойгуур 103-т билүү дээ, орсон байсан 2018 онд байх аа. Ийм хойгуур байна гэдэг нь манай улстөрчид, эрх баригчдын үйл ажиллагаа, менежмент муу байна, улс орныг авч явж чадахгүй байна л гэсэн үг. За тэгээд хүрээний бузрыг яривал далай гэдэг шиг бизнес хийх, эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой эрэмбэлж дараалсан зүйл бүрийг яривал санаа зовмоор асуудал маш их байна.

Зарцуулалтаа эргээд мэдээлнэ гэж амлаж олон улсын хандив тусламж авчихаад таг алга болдог гэж тайланд байгаа нь бүр ичмээр. Тэгэхээр яаж зээлжих зэрэглэл ахиж, гаднаас тусламж орж ирэх вэ дээ. Мөн баялгийн тэгш бус хуваарилалт, нөөцийн үр ашиггүй байршуулалт, улмаар боловсрол, эрүүл мэндийн чанар, амьжиргааны түвшин зэрэгт бүгдэд, өөрөөр хэлбэл улс орны хөгжилд хамгийн их нөлөөтэй дөө.

Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн байдал ч бас хамрагддаг сэдэв. Социализмын үед ч Монгол гадаадын тусламжаар л төдий зэрэгтэй байсан. Бид ер нь малаа л сайн маллахаас бусдаар яг бие дааж хийж чаддаг зүйл маруухан. Гэтэл эрх баригчид 65-уулаа байж төслөө унагаачихсан. Үүнийг одоо арчаагүй л гэхээс өөр юу ч гэхэв. Эцэстээ эдийн засгийн өсөлт, ардчиллаас ухрахад сөргөөр нөлөөлнө. Авлига авсан хүний тоогоор бус ардчилсан улсад хийж болохгүй нэг алхам чиг л авлигын индексийг бууруулна гэдгийг санаж явах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Саналын хуудас хүчингүй болох өндөр магадлалтай сонгууль болж болзошгүй гэдгийг одооноос анхаарах хэрэгтэй DNN.mn

Ердөө дөрөвхөн сар гаруй хугацааны дараа монголчууд бид парламентын ес дэх удаагийн сонгуулиа өгч, ирэх дөрвөн жилд энэ улс орны бодлогыг тодорхойлж, чигийг заах хүмүүст саарал ордонд ард түмнээ төлөөлөн суух эрхийг олгоно. Харин энэ удаагийн сонгууль маш онцлог төдийгүй шинэлэг. Учир нь энэ сонгуулийн үр дүнгээр Их хурлын нийт 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ холимог тогтолцоогоор сонгууль явагдана. Бүр тодорхой тайлбарлавал сонгогч та нэр дэвшигч болон нам, эвслийн нэрийг дугуйлна. Нам, эвслийн тухайд ойлгомжтой. Саналын хуудас дээрээс аль нэгийг нь сонгосноор санал авсан хувиасаа шалтгаалан 47 хүнийг намууд хуваан парламентад оруулна. Тэгвэл нэр дэвшигчдийн нэрийг дугуйлах гэдэг нэлээд толгой шаардсан ажил болох бололтой. Яагаад гэвэл сонгуулийн тойргийг бүсчлэн томсгосон бөгөөд үүнтэйгээ уялдуулан мандатын тоог үлэмж нэмж, 79 хүн тойргоос сонгогдохоор хуваарилсан. Хоёрдугаар тойрог болох Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймагт л гэхэд нийт 10 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө. Тавдугаар тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг ч гэсэн ялгаагүй ийм. Тэгвэл эдгээр тойрогт томоохон нам, эвслүүд өөрсдийн хүнээ нэр дэвшүүллээ гэхэд л багадаа 40 хүний нэр саналын хуудаснаа бичигдэнэ. Жижиг намууд оролцвол энэ тоо улам л нэмэгдэнэ. Тиймээс л энэ олон хүний нэрийг дугуйлахад алдаа мадаг гарах вий. Түүнийгээ дагаад баахан хүчингүй саналын хуудас гарах вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа хэрэг. Мөн сонгуулийн тойрог хуваалт дээр Улаанбаатар хот харьцангуй мандат цөөн, хялбар харагдаж байгаа ч бас л тийм биш. Жижиг намууд, бие даагчдын гол горилдог, хууль барих дээд байгууллагад сонгогдох мөрөөдлөө биелүүлэхийг зорьдог газар нь нийслэл. Тиймээс зургаан тойрогт хуваасан нийслэлд 2-6 мандаттай ч гэсэн нэр дэвшигчид орон нутгаа бодвол хэд дахин илүү байна. Үүнийгээ дагаад хүчингүй болон цагаан саналын хуудас гарах эрсдэл нь тэр хэрээрээ өндөр байгаа юм.

Дээр дурдсанчлан сонгуулийн саналын хуудас энэ удаад хэтэрхий олон хүний нэр, нам, эвслийг жагсаан бичсэн нүсэр урт байна гэдгийг хэлсэн. Гэхдээ нэр дэвшигчдийн нэр тодорхой болсны дараа саналын хуудасны тоо, хэмжээ батлагдах учиртай. Санал өгөхөөр ирсэн сонгогч нам, эвслийн нэрсээс нэгийг, харин нэр дэвшигчдээс мандатын тоотой тэнцүүлэн өмнөх зууван дугуйг нь дүүргэж будна. Хэрэв сонгогч мандатын тооноос илүү юм уу дутуу будсан бол төхөөрөмж уншихгүй бөгөөд ийм тохиолдолд дахин нэг удаа саналын хуудас авч болно. Ер нь сонгуулийн саналын хуудас унших төхөөрөмж буюу бидний нэрлэж заншсанаар “Хар машин” хоёрхон тохиолдолд л саналын хуудсыг унших боломжтой гэдгийг СЕХ-ноос хэлж байгаа. Нэгдүгээрт, тухайн саналын хуудсыг ямар нэгэн алдаа мадаггүй будсан. Хоёрдугаарт, ямар нэгэн тэмдэглэгээ огт хийгээгүй тохиолдолд л уншина. Сүүлийнх буюу огт тэмдэглэгээ хийгээгүйг нь бид “Цагаан сонголт” хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийт “Цагаан сонголт”-д уриалж, ийм сонголт нэлээд өндөр хувьтай гарч байсныг санаж буй биз ээ.

Бидний дунд өнөөдөр алга дарам цаасан дээр бичсэн зүйлийг нэг бүрчлэн уншаад, учир зүйг нь олчихдог хүн нүдний гэм болсон. Үүнийг цахим орчин дахь зарын доор бичсэн сэтгэгдлүүдээс харах бүрэн боломжтой. Мах зарна гээд үнэ, ханшийг нь тодорхой биччихээд байхад л доор нь хэдэн зуугаараа мэдээлэл авъя, үнэ хэд вэ гээд байхтай уншигч та нэг бус удаа тааралдаж байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ байдал дөрвөн жилийн өмнөхөөсөө ч улам даамжирч, хүндэрсэн. Улмаар бүр хүрээгээ тэлж өргөжсөн. Яг л ингэж асуудалд ханддаг болсон, аливааг гүйцэд уншихаа больсон нөхөд л энэ удаад сонгууль өгнө. Харин тэд саналын хуудас дээрх 40-60 нэрийг бүгдийг уншаад, сайн муугаар нь дэнслээд, сайн сонголт хийнэ гэдэг эргэлзээтэй. Яах вэ, хуулийн дагуу бол сонгогч нэг удаа дахин саналын хуудас авах бүрэн эрхтэй. Гэвч эхний удаад бүрэн ойлгоогүй нөхөр дараагийн удаа үнэн зөв бөглөнө гэдэг юу л бол. Тэгэхээр сонгуулиа өгөхөөр зориод очсон хүмүүсээс хэчнээн хүнийх нь санал энэ мэт байдлаас болж үнэгүйдэх, хүчингүй болохыг өнөөдөр тааж хэлэхэд бэрх. Дээрээс нь хүмүүс маш хурдан залхдаг, уйддаг болсон. Тэгэхээр эхний удаа өгсөн саналыг нь уншихгүй бол шууд хаяад гарах нь ч олон байна вий. Мөн гар утас, компьютерт ойрын хараагаа алдчихсан 40-өөс дээш насныхан тэр олон нэрийг уншиж гүйцээх гэж хэсэгтээ л юм болно. Тэгээд л залхана, хаяна. Энэ мэтчилэн олон зүйлээс шалтгаалан шинэ сонголт

хийгдэх, ард түмэн нэгэнт залхчихаад байгаа төрийн эрх баригчдыг сольж чадахгүйд хүрч магадгүй. Учир нь эрх баригч МАН-ын хатуу дэмжигчид хаа очиж хуучин цагийн сэхээтнүүд гэдэг утгаараа аливааг

бүрэн гүйцэд, ягштал хийж, нам засгийн даалгаврыг тултал гүйцэтгэж ирсэн туршлагатай. Дээрээс нь төрийн албан хаагчид гэж нүсэр армийн сонголт ч бий. Тэгэхээр алд дэлэм сонгуулийн хуудас, арав хорин нэрсийн жагсаалтаас эрх баригчид л илүү хожих боломжтой гэж харагдаж байна. Үүнээс гадна УИХ-ын энэ удаагийн сонгууль нийтээрээ биш ч гэсэн нэлээд хэдэн тойрогт дахин явагдах эрсдэл бий. Мэдээж татварын буюу ард түмний мөнгөөр л дахин сонгуулийг явуулж таарна. Харин сонгууль дахиж явагдсан тохиолдолд тухайн үеийн эрх баригчид үнэмлэхүй ялдаг бичигдээгүй хууль бий. Тэгэхээр энэ бүхэн бол эрх баригчдын хүсч, хүлээж байгаа гол зүйл гэхэд нэг их хилсдэхгүй. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор энэ удаагийн сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 28-ны баасан гаригийн 07.00-22.00 цаг хүртэл явуулах цаг хугацааны хуваарийг СЕХ-ноос гаргасан байна. Хуульд бол уг нь ээлжит сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна хэмээн заасан. Харин энэ удаа баасан гаригийг сонгосон нь бас л ирц хүрэхгүй байх магадлалыг бий болгож байна. Дээрээс нь сонгуулийн саналыг авах болон эхлэх цаг ч гэсэн нийгэм, цаг үеийн нөхцөл байдалтай тэр бүр уялдсангүй. Учир нь өнөөдөр Монгол Улсад бараг л ажлын дөрвөн өдөртэй болсон. Долоо хоног бүрийн баасан гариг шоу цэнгээн, амралт зугаалга, агаар салхинд гарахад зориулсан өдөр болж хувирсан. Тэгэхээр урин дулаан цагийн эл өдөр сонгуулиа өгөхөөр дараалалд зогсох хүмүүс нь хэд байх бол оо. Дээрээс нь сонгуулийн дүн мэдээ амралтын өдрүүдээр гарч таарах нь. Тийм болохоор ажлын өдөр л байх ёстой учраас долоо хоногийн дундуур сонгуулийн санал авах өдрөө тавьж өгөх ёстой байлаа. Мөн саналыг 07:00 цагаас авч эхлүүлсэн нь ч амьдралгүй шийдвэр болчихоод байна. Харин 10:00-00:00 цаг хүртэл байсан бол өглөө сэрдэггүй, оройн унтдаггүй бидэнд хамгийн боломжийн үе байх байлаа. Тэгж байж л сонгуульд саналаа өгөх иргэдийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Үүнээс гадна дахин, дахин сонгууль явуулж, татварын мөнгийг үрэхгүйн тулд сошиал орчинд сонгуульдаа идэвхтэй оролцох тухай уриалгыг тогтмол явуулах шаардлагатай байна. Сонгууль болох долоо хоногт бүр битүү явуулах хэрэгтэй. Ялангуяа сонгуулийн өдөр зай завсаргүй сонгуулиа өгөхийг уриалж та өнөөдрийн 20 төгрөг горьдох биш ирэх дөрвөн жил амьдарах амьдралаа шийдэж байгаа шүү гэж ухуулах хэрэгтэй. Хэрэв иргэд сонгуульдаа идэвх муутай оролцож, ирсэн нэг нь дээрх шиг алдаа мадаг гаргаж, залхвал дээр хэлсэнчлэн өнөөгийн эрх баригчдад л ашигтай. Угаас тэд өөрсдөдөө ашигтай байх хувилбарыг сонгож, зарим нам, эвслээр түүнийгээ хүлээн зөвшөөрүүлсэн нь одоогийн Сонгуулийн тухай хууль болоод бүсчилсэн тойрог гэдгийг зарим судлаач, улстөрчид хэлж байгаа юм

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Д.Цэнд: “50 машин нэр бүхий сэтгүүлчид өгсөн” гэсэн агуулгыг сэтгүүлчид нягтлахгүйгээр дамжуулсан нь мэргэжлийн байх зарчмаа алдсан DNN.mn

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт телевизийн ярилцлагад орохдоо “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Энэ асуудлаас улбаалж нийгэмд, олон нийтийн сүлжээнд, ялангуяа сэтгүүлчдийн дунд “40 сэтгүүлч нүүрсний машин авсан. 50 сэтгүүлч авсан. Тэд хэн бэ” гэх асуултууд өрнөж байна. Энэ хүрээнд СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч, доктор Ph.d Д.Цэндтэй ярилцлаа.


-Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт телевизийн ярилцлагад орохдоо “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Гэтэл үүнийг олон нийтийн сүлжээнд “40 сэтгүүлч нүүрсний машин авсан” гэж өөрчлөн ярьж шүүмжилж эхэллээ. Баримт гэдэг сэтгүүл зүйд ямар ач холбогдолтой талаар лавшруулж ярьж өгөхгүй юу?

-Сэтгүүл зүйн үйл ажиллагаа бол мэргэжлийн үйл ажиллагаа. Монголын нийгэм тэр чигээрээ сошиалд хөтлүүлчихлээ шүү дээ.

Энэ тохиолдолд сэтгүүлчид мэргэжлийн байх ёстой. Дээрээс нь иргэдийн мэдээллийн боловсрол маш чухал болчихсон. Сошиалд байгаа мэдээллийг үнэн гэж хүлээж авах уу, аль эсвэл мэргэжлийн ямар нэгэн сэтгүүлчийн үйл ажиллагаанаас гарсан мэдээллийг үнэн гэж хүлээж авах уу гэдэг хоёр ойлголтыг сошиал нийгэм, олон нийт ялгахаа больчихсон. Сэтгүүл зүйд баримт чухал. Сэтгүүл зүй баримт дээр л тогтож явдаг. Бид баримтаар л ярихаас биш сошиалчны, иргэний мэдээллийг үнэн гэж хүлээж авч болохгүй. Иргэд ч хүлээж авах боломжгүй. Гэхдээ сошиалд иргэн аливаа зүйлийг мэдээлж байна гэдэг тухайн хүн мэдээлэлтэй байх, мэдэх эрхээ эдэлж байгаагийн илрэл. Тэр хүний буруу биш.

Гэхдээ ямар мэдээллийг сэтгүүлчид цааш цацах вэ. Энэ мэдээлэл нийгэмд хэр нөлөөтэй вэ гэдгийг ойлгодог байх нь чухал.

-Эх сурвалж нь тодорхой. “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Харин сэтгүүлчид болохоор “40 сэтгүүлч нүүрсний машин авсан, тэд хэн бэ” гэж өөрөөр ярьсан нь дийлэнх байлаа?

-Энэ бол хоёр талтай зүйл. Б.Энхбаяр сайд 50 машиныг нэр бүхий сэтгүүлчид өгсөн гэсэн агуулгатай мэдээлэл өгсөн байсан. Таны хэлснээр сэтгүүлчид өөрсдөө 40 нүүрсчин сэтгүүлч гээд бичээд эхэллээ.

Энэ мэдээлэл хаанаас гарч ирсэн бэ. Хэний бичсэн тоо вэ. Сэтгүүлчид баримтыг нягтлалгүйгээр шуугиад эхэлж байгаа нь сэтгүүлчдийн төдийгүй цаашлах юм бол энэ салбарын, энэ нийгмийн нэр хүндэд буруугаар нөлөөлж байгаа зүйл. Үнэхээр 40 сэтгүүлч нүүрсний машин явуулдаг бол Б.Энхбаяр сайд түүнийгээ зарлах ёстой. Нөгөө талдаа сэтгүүлчид үүнийг бодит баримттайгаар нотолсныхоо дараа түгээх ёстой. Үүний цаана ямар ч агуулга явж болзошгүй. Тэр мэдээллийг хэн ч гаргасан байж болно. Гэтэл сэтгүүлчид баримтаа, эх сурвалжаа нягтлахгүйгээр түгээнэ гэдэг л том аюул. Ямар бодол санаатайгаар цацаад байгааг мэдэх боломжгүй. Магадгүй “дөрөв дэх засаглал”-ын амыг боох, сэтгүүлчдийн нэр хүндэд ямар нэгэн байдлаар халдах гэсэн санаархал байхыг үгүйсгэхгүй. Энэ нь цаашдаа мэдээллийн нээлттэй байдал, иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хортойгоор нөлөөлдөг.

Тэгэхээр бидний гол зүйл бол сэтгүүлчид өөрсдөө мэргэжлийн, мэдлэг мэдээлэлтэй байх, баримтан дээр ажилладаг, баримт мэдээллийг боловсруулж, магадласныхаа дараа цааш дамжуулдаг байх ёстой. Хэрэв бид ингэж хариуцлагатай байхгүй бол нийгэм олон нийт яаж ч тоглолт хийж болохоор салбар. Энэ салбар дээр хэн ч тоглолт хийчих онцлогтой салбар. Үүнийгээ сэтгүүлчид маш сайн ойлгодог байх ёстой. Хэдийгээр хувь хүний сошиал хуудас ч гэлээ түүнийг дагаад сэтгүүл зүйн нэр хүнд явж байдаг. Тиймээс цахим хаяг платформ дээрээ хамаагүй үзэл бодлоо илэрхийлэх нь зохимж муутай. “Сэтгүүлчийн хэлсэн үг юм чинь үнэн байх” гэдэг хандлага нийгэмд байдаг. Бид худал ташаа мэдээллийг түгээж болохгүй гэдгийг сайн ухамсарлах хэрэгтэй.

-Сайн сэтгүүлч гэдэг сайн эх сурвалжтай хүнийг л хэлдэг тогтсон зарчим сэтгүүл зүйд бий. Гэтэл эх сурвалжаа нягтлахгүйгээр мэдээлэл түгээх, түүндээ эргээд ороогдох хандлага энэ кейсээр харагдав уу?

-Тийм. Саяхан манай тэнхимээс сэтгүүл зүйн салбарын багш, судлаач 51 хүн, 238 иргэний дунд сэтгүүл зүйтэй холбоотой 14 төрлийн асуумжтай судалгаа авсан юм. Судалгаанаас онцолж хэлэхэд “Та мэдээллээ ихэвчлэн ямар эх сурвалжаас авдаг вэ” гэхэд 79.7 хувь нь “нийгмийн сүлжээ” гэж хариулсан. Тэгэхээр өнөөдөр бид нийгмийн сүлжээг үгүйсгэх аргагүй. Хамт хөгжих ёстой болж таарч байна. Үүний түүчээлэгч нь сэтгүүлчид өөрсдөө.

Мөн “сэтгүүлчид олон нийтийн хүндэтгэлийг хүлээж байна уу, эсвэл хүлээхгүй байна уу” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын ихэнх нь “дундаж” гэж хариулсан байсан. Хамгийн сонирхолтой нь “сэтгүүлчид хэвлэн нийтлэх мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ худал, ташаа мэдээлэл дамжуулах тохиолдол байна уу” гэж мэргэжлийн судлаач, багш нараас асуухад 60 гаруй хувь нь “заримдаа” гэж хариулсан. Энэ бол сэтгүүлчид худал, ташаа мэдээллийг цааш нь дамжуулдаг гэдгийг харуулж байгаа юм. Бид мэргэжлийн байх зарчим руугаа анхаарал хандуулах хэрэгтэй байна шүү гэдэг сэрэмжийг өгч байна гэсэн үг.

-Мэдээж Б.Энхбаяр сайдын мэдэгдлийг няцаах гэсэнгүй. Хуулийн салбарыг толгойлж байгаа хуульч хүн баримттай ярьж байгаа. Бидний дунд байгаа ганц хоёр сэтгүүлч, улстөрч, дарга нарын хэвлэл мэдээллийг хариуцдаг мэргэжилтнүүд тэр асуудалд холбогдсон байх магадлалтай. Гэхдээ нийтээрээ сэтгүүл зүйн салбар доройтоогүй. Гол нь мэргэжлийн байх зарчмаа хадгалах ёстой гэдэг нь таны ярианаас харагдлаа?

-Олон улсын “Edel­man” байгууллага дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийн бараметрийг гаргадаг. Эндээс харахад сэтгүүл зүйн салбарын нэр хүнд, сорилт бол Монгол төдийгүй дэлхийн нийтийн асуудал болсон. Сэтгүүлчдэд итгэх итгэл унасан. Сэтгүүлчид өөрсдөө ч нэр хүндээ унагаахад нөлөөлсөн. Аливаа нэг асуудлын араас судалж байж мэдээллийг дамжуулах биш сошиалчидтайгаа хамт тэр мэдээлэл рүүгээ шумбаж ороод судалгаагүйгээр, баримтаа нягтлалгүйгээр дамжуулж байгаа нь худал мэдээлэл түгээх, сэтгүүлчдийн нэр хүнд унах шалтгааныг бий болгоод байгаа юм. Тиймээс сэтгүүлчид аль болох мэргэжлийн, хэрсүү байх шаардлага зүй ёсоор тулгарч байна гэсэн үг.

Б.ЭНХЗАЯА