Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч, суулт зарлахаа мэдэгдлээ DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн Хэлмэгдэгсдийн хөшөөний урд шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсэж буйгаа илэрхийлэн суулт зарлахаа мэдэгдлээ.

Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа  “Охин маань хоригдоод гурван сар гаруй болж байна. Давж заалдах шүүх хурал нь арваннэгдүгээр сарын 7-нд гэж товлогдсон. Шүүх хурлыг хаалттай хийнэ гэж байна, шүүх хурлыг нээлттэй хийлгэхийн тулд суулт зарлаж байна. Өмнөх шүүх хурлын шийдвэрийг сонсоод сэтгэл үймрээд хэцүү байсан. Охинтойгоо уулзаагүй байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: Бүх цахилгаан станц, түгээх сүлжээнүүдийг 100 хувь олон нийтийн өмчид шилжүүлэх хэрэгтэй DNN.mn

Эрчим хүчний реформ нийгмийн анхаарлын төвд орсон сэдэв болоод байна. Энэ цаг үед Эрчим хүчний зөвлөх инженер Г.Ёндонгомботой ярилцлаа.


-Эрчим хүчний реформоор сүрхий шуугьж байна. Энэ салбарын шинэчлэлийг яаж явуулах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд үнэ тарифаа барьж авахгүй бол энэ салбар цаашид сэхэшгүй байдалд орж өнөөгийнхөөс хэд дахин өндөр үнээр амь орж магадгүй болчихлоо. Үнэ тарифаа нэг цэгцэлж аваад дараагийн арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хийх хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл төрийн өмчийг олон нийтийн болгох ажлыг яаралтай хийх ёстой. Салбарыг мэддэггүй хүмүүс байгалийн монополийг хувьчилж болохгүй гэж л байдаг. Үнэндээ цахилгаан станц, түгээх сүлжээ бол монополь биш ээ. Ганц монополь хэсэг бол дамжуулах сүлжээ юм. Яагаад гэвэл улсын хэмжээнд нэг л байдаг. Тиймээс ч дамжуулах сүлжээг хувьчлахгүй байх ҮАБЗ-ийн зөвлөмж бий. Тийм учраас бүх цахилгаан станц, түгээх сүлжээнүүдийг 100 хувь олон нийтийн өмчид шилжүүлэх хэрэгтэй. Харин Диспетчерийн үндэсний төвийг төрийн оролцоотой байлгаж болох талтай. Гэхдээ хэдэн хувийг төрд үлдээх, бас хэдий хүртэл вэ гэдгийг бодох л учиртай.

Яагаад гэвэл салбарыг нийтэд нь хамгийн бага зардлаар ажиллуулах буюу эдийн засгийн диспетчерийн зохицуулалтыг энэ компани хариуцдаг учиртай. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид очиж байгаа цахилгааныг байж болох хамгийн бага үнээр хүргэх зохицуулалтыг хангах үүрэгтэй байгууллага болж хувирах ёстой. Гэхдээ төр энэ байгууллагад хөрөнгө оруулалт хийхгүй бол хувьчилсан нь дээр.

-“ДЦС”-ууд хүнд байдалд орсон учраас цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр замгүй гэж төр засгаас тайлбарлаж байгаа. Харин зарим судлаачид “Одоо үнэ нэмэх тохиромжтой цаг нь биш” гэж байна. Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын яг бодит байдлыг үнэнээр нь хэлж өгөөч?

-Үнэ нэмэх өөр тохиромжтой цаг хайх боломж үлдээгүй. Тийм цаг үе байсан уу гэвэл байсан. Одоо дууссан. Өнөөгийн эрчмийн салбарын нөхцөл байдлыг цөөн үгээр илэрхийлбэл хөгжлийн тушаа, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын гамшиг гэчихвэл нэг их зөрөхгүй болов уу.

-Хэдэн жилийн өмнө “ДЦС-III”-т 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гээд Оросын талаас санхүүжилт авсан тухай улс төрийн хүрээнийхэн жиргэж байна. Тэр үед энэхүү хөрөнгөөр засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй юм уу?

-Би тэрийг мэдэхгүй. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 1990-ээд оны сүүлчээр хэдэн зуухаа бага сага янзалж авсан. Дараа нь Хятадын зээлээр 50 МВт чадал нэмсэн. Өөр юм хийснийг мэдэхгүй байна. Харин тулгамдсан асуудлууд бол маш их. Хэдэн инженерүүд нь болгоод л явдаг. Одоо цөхөрч байгаа байх аа.

-“Эрчим хүчний реформ хийх нэрийдлээр үнэ нэмчихлээ. Цаашид энэ реформоо үргэлжлүүлж гүйцээхгүй байх вий” гэж ард түмэн болгоомжилж байна. Засгийн газраас зарласан бодлого шийдвэрүүдийн талаар та ямар байр суурь, итгэл үнэмшилтэй байна вэ?

-Одоо төлөвлөж байгаа нь ерөнхийдөө таалагдсан. Улс төр саатуулчихгүй бол болох байх. Улс төр гэж гадаад, дотоод бүх хүчин зүйлийг хэлж байна. Монголд хэрэгжих байсан бүх төслүүд бүтэлгүй болж байсан нь улс төрийн нөлөөг давж чадаагүйнх.

-Мэдээж танай салбарынхан эрчим хүчний үнэ чөлөөлөх ёстой гэж дуу нэгтэй хэлнэ. Тэгвэл чөлөөт зах зээл, өрсөлдөөн байхгүй энэ салбарт үнэ чөлөөлөх нь хамгийн түрүүнд барьж авах ажил биш. Ямар ч үр дүнгүй гэх тайлбарууд хөвөрч байна. Эдийн засаг инфляциа дийлэхгүй гэх болгоомж байх шиг. Эх лээд цахилгаан станцуудаа олон болговол эрчим хүчний системийн өрсөлдөх чадвар нэмэгдэх юм биш үү. Тэр цагт эрчим хүчний үнийг чөлөөлснөөр зах зээлийнхээ зарчмаар салбар аяндаа хөгжинө гэж харах хэсэг байна. Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженерийн хувьд энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Хэн цахилгаан станцуудыг олон болгох юм бэ. Үнэндээ төр хийж чадахгүй. Хөрөнгө оруулагч сонирхохгүй. Тэгэхээр ингэж аяндаа хөгжихийг хүлээвэл аяндаа харанхуйлахыг л харна даа. Ингэхэд манай салбарынхан үнэ чөлөөл гэж нэг ч дуугараагүй шүү. Өртгөө нөхдөг болъё гэж л олон жил мөрөөдсөн, хэлсэн тэр нь бүтээгүй. Дэлхий дээр цахилгаан, дулааны үнэ чөлөөлсөн туршлага байхгүй дээ. Харин төрийн зохицуулалт бол бидний үлгэр жишээ болгодог өндөр хөгжилтэй бүх оронд бий.

-Америкчууд “Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж удаа дараа мэдэгдсэн. Бас Европын холбооны зүгээс “Танай Засгийн газар саналаа тавибал бидэнд эрчим хүчний чиглэлээр дэмжих төсөв бий” гэлээ. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах иймэрхүү боломжуудыг яагаад төр засаг ашиглахгүй байна вэ?

-Энд улс төрийн нөлөөллөөс өөр ямар ч тайлбар байхгүй. Энэ нөлөөллийг сөрөн туулах чадвар бидэнд алга.

-Манай улсын эрчим хүчний чадлын есөн хувьд нь сэргээгдэх эрчим хүч нийлүүлдэг хэрнээ орлогын 35 хувийг авдаг юм билээ. Энэ мөнгө томоохон биз нес эрхлэгчдийн халаасыг дүүргэж байна гэх хардлага дагуулдаг. Сэргээгдэх эрчим хүчний ойрын ирээдүй ямар байна вэ?

-Энд хөрөнгө оруулагчдын буруу байхгүй. Гэрээний нөгөө тал болох төр асуудлаа дутуу харсных. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гэж үг бий. Сэргээгдэх эрчмийн нөөцийг илүү ашиглахын тулд зохицуулах чадлыг бий болгох хэрэгтэй байсан. Гэтэл тийм зорилготой төслүүд, тухайлбал Эг, Шүрэн гээд усан цахилгаан станцын төслүүд яваагүй, явах эсэх нь тодорхойгүй. Монгол Улс сэргээгдэх эрчмийн асар их нөөцтэй. Цаашид эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд манай төвийн эрчим хүчний системтэй ижил чадлын батерейн станц барих концепцийг би яриад байгаа. Богино бодолтонгууд ойлгодоггүй, бүр шоолдог гээч. Гээд яахав ухаарах цаг нь ирнэ ээ.

-УИХ-аар Цөмийн энергийн тухай хууль орж ирлээ. Ураны төслийг явуулс наар манай улс атомын станцтай болох суурь тавигдана гэж байгаа. Гол нь улс төрийн шийдэл хэрэгтэй байх. Харин салбарын эрдэмтний хувьд атомын станцтай болсны эерэг болон сөрөг талыг нь та яаж харж байгаа вэ?

-Ураны төсөл Атомын цахилгаан станц барих асуудалтай нэг их холбоод байх зүйл биш. Ураны баяжмал экспортолдог болвол сайн л биз. Харин атомын цахилгаан станцын хувьд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг жаахан хүлээх, бас хэнтэй хамтрахаа бодох хэрэгтэй. Атомын цахилгаан станц бол уурын зуухны оронд цөмийн реактор байдгаас бусад нь байдаг л дулааны цахилгаан станц шүү дээ. Миний хувьд Японы өндөр температуртай хийн хөргөлттэй реакторыг боломжийн гэж хардаг. Цахилгаан ба устөрөгчийг зэрэг болон аль нэгийг нь дагнаад үйлдвэрлэх боломжтой болохоор тэр юм.

М.Мөнхцэцэг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгслийн дугаарын дуудлага худалдаагаар 21 тэрбум төгрөг төвлөрүүлжээ DNN.mn

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам” батлагдсан.

Тус журмаар иргэдийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарын Үнэ хаялцуулах ажиллагааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн цахим хэлбэрээр зохион байгуулж буй. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаагаар нийт 11930 дугаар худалдан борлуулж 21 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөөх санд төвлөрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

207 дугаар байрыг тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар буулгахаар болов DNN.mn

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн.

Тэгвэл аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглож, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Түүнчлэн тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус барилгыг буулгаж, дахин барихаар болжээ. Холбогдох журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг улсын байцаагчдын дүгнэлтээр эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буулгаж, дахин барилга барих юм. Тиймээс гүйцэтгэгч шалгарсны дараа 207 дугаар байрыг буулгана.

Энэ талаар НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбатаас тодрууллаа. Тэрбээр “Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус 207 дугаар байр нь цаашид ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах боломжгүй, зарим давхарт дэлбэрэлтээс үүдэлтэй бетонд хэв гажилт үүссэн, зарим газарт хэтэрхий их шаталт өгснөөс бат бэхийн шинж чанараа алдсан нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус байрыг буулгах шийдвэрт хүрч, улсын байцаагчдын дүгнэлт гарсан.

Түүнчлэн чиглэл тус бүрийн зургаан байцаагч газар дээр нь дахин гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар 2024 оны нэгдүгээр сард Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаман дээр байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт буюу “207 дугаар барилга нь барилгын чанар, аюулгүй байдалд нийцэхгүй, дахин ашиглагдах боломжгүй” гэсэн нөхцөл байдал хэвээр тогтоогдсон. 2024 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 02-13-01/172 дугаартай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглосон шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Ганболд: Түгжрэлийг шийдэх ганц гарц бол давхар зам барих юм DNN.mn

“Батглостер” ХХК-ийн захирал, авто замын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин Э.Ганболдтой ярилцлаа.


-Та авто замын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. Сүүлийн үед салбарын хүний нөөц хэр байна вэ?

-Би авто замын салбарт 30 гаруй жил ажиллаж байна. 1991 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотод Политехникийн дээд сургууль төгсөж ирээд ажилласан. Энэ хугацаанд авто замын барилга, зураг төслийн чиглэлээр хувийн байгууллага, яам, нийслэлийн авто замын газар, зураг төслийн хүрээлэн зэрэг газарт ажиллаж байсан. Хуучнаар Авто замын техникумд ч багшилж явлаа.

Зах зээлд ороход манай авто замын салбарын хөгжил сул байсан. Социализмын үед Монголын Их сургуулиудад авто замын инженер бэлддэггүй байсан. Ихэвчлэн Орос, Герман, Унгар зэрэг оронд бэлтгэдэг байсан.

1990-ээд онд манай улс 90 орчим авто замын инженертэй, хүний нөөц дутмаг байсан. Сүүлийн үед авто замын инженер бэлддэг сургууль нэлээд бий боллоо. Гадны оронд ч суралцдаг болсон. Одоо бол манай улс 1000 орчим инженертэй байна гэсэн тооцоо гарсан. Эдгээр хүмүүс бүгд ажиллаж байна уу гэвэл асуудалтай. Манай салбарын ажлын нөхцөл хүнд. Яагаад гэвэл улирлын шинж чанартай, жилийн зургаан сард нь ажилладаг. Үлдсэн сард нь ажилгүй байдаг. Хөдөө гадаа их явна. Тэгэхээр гэр орноосоо хол байдаг. Хэдийгээр тоо нь болж байгаа мэт боловч ажиллаж байгаа хүн нь цөөн байна. Бүтээн байгуулалтын салбарын хувьд бүх зүйл нь инженерүүд дээр л тулгуурладаг. Гэтэл инженерүүд нь дутмаг байвал хөгжихөд хэцүү болно гэсэн үг.

-Нийслэлд амьдарч байгаа хүмүүсийн гол асуудал бол түгжрэл. Яагаад түгжрэлийн асуудлыг өдий хүртэл шийдэж чадахгүй яваад байна вэ?

-АНУ-ын судлаач нарын ийм тооцоо байдаг.Атланта хотын төвийн дүүргийн нэг метр квадратад ногдох авто замын урт нь 16 км байна. Ийм байвал хэвийн байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын уг үзүүлэлт түүнээс долоо дахин бага буюу нэг метр квадратад 2.2 км авто зам ногдож байгаа юм. Эндээс ямар дүгнэлт гаргаж болох вэ гэвэл, хэрвээ бид автомашин унавал тэндээ тохирсон замтай байх ёстой. Замгүй учраас түгжрэл нь дийлдэхгүй байна. Яаж шийдэх гээд байдаг вэ гэвэл автобусны тоог нэмээд байдаг. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хотын нэг. Бид өглөө хүйтэнд зургаа, долоон цагт гэрээсээ гараад автобусанд суугаад явна гэдэг маш хүндрэлтэй. Тийм учраас автобус түгжрэлийг шийдэх асуудал биш. Мөн тусгай замын автобус гэдэг дээр би байнга шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь авто замынхаа нэг эгнээг тэр чигт нь чөлөөлөөд уг замаар ганцхан автобус явах ийм санаа. Гэтэл энэ Монгол Улсад хэзээ ч биеллээ олохгүй. Яагаад гэвэл өнөөдөр автобусанд зориулж нэг эгнээ гаргаж өгөх байтугай цагдаа, түргэний тэрэг нь ч сигналиа орилуулаад явах зай алга байна. Энэ бол биелэгдэхгүй. Дүүжин тээвэр гэж бас олон жил ярилаа. Өвөл -20 -30 градусын хүйтэнд, цасан шуурганд шилэн бүхээгт хүн суугаад дүүжлэгдээд явна гээд төсөөл дөө. Тэр бас хэрэгжих үндэсгүй.

-Түгжрэлийг бууруулах өөр ямар арга зам, шийдэл байж болох вэ?

-2012 оноос давхар замын төслийг бид ярьж эхлээд байгаа юм. Миний бурхан болооч найз, зөвлөх инженер Б.Атарбаяр санаачилсан төсөл. Би зураг төслийн багийн ахлагч юм. Манай төслийн багийнхан Улаанбаатар хотын их тойрууг давхарлаж, давхар зам барих оюуны өмчийн гэрчилгээ авсан. Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулсан. Энэ хугацаанд төрийн, 7080 байгууллагаар орж, тодорхой хэмжээний дэмжлэг авч байсан. Зам тээврийн хөгжлийн дөрвөн сайдаас дэмжлэг авч, 2020 онд Засгийн газрын тогтоол гаргуулж байсан. Тухайн үед сонгуулийн жил байсан учраас улс төрийн нөхцөл байдал, хүмүүсийн буруу ойлголт зэрэг янз бүрийн шалтгаанаас болоод хэрэгжээгүй. ХБНГУ, БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай олон жил яриа хөөрөө хийсээр ирлээ. Үндэсний хөрөнгө оруулагчаар “Мон зол” компани ажиллаж байна.Хэрвээ төр засаг зөвшөөрөл өгч ажил эхлэхэд хөрөнгө мөнгөө гаргаж хамтрах дотоод, гадаадын санхүүжүүлэгчид бэлэн байгаа гэж итгэлтэй хэлэх байна.Энэ бол төрөөс нэг ч төгрөг авахгүй, гадаадаас хөрөнгө оруулж, Монголын ААН-үүд бүтээн байгуулалтад оролцон давхар замаа барьж, түүнд хөрөнгө оруулсан компаниуд 20-25 жил ажиллаж ашгаа аваад, Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлээд гарах ийм төсөл юм.

Манай төсөл нь Улаанбаатар хотын их тойрууд 13 километр давхар авто зам барьж түүнээс цацраг хэлбэрээр таван тийшээ гарсан 49 км зам барих цогцолбор

-Хэрэглэхэд бэлэн төсөл гэж ойлгож болох уу?

-Төр засгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс зөвшөөрч, төр хувийн хэвшил хамтраад хийе гэсэн зөвшөөрөл өгвөл саатахгүй ажил хэрэг болно. Төр засаг түгжрэлийг өөр замаар шийдэх гэж оролдсон учраас манай төслийг хойш тавьсан. Жишээ нь, олон автобус авчраад түгжрээгүй болно гэж ярьсан. Тэгтэл одоо гараад харвал вагон шиг олон автобус явж байна. Тэгтэл түгжрэл буураагүй. Манай “Тэнгэрийн тойрог” төслийн багийнхан шинэ Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн удирдлагуудад танилцуулаад явж байна. Төр засаг бол тусгай замын автобус, дүүжин тээвэр, олон уулзвар гэж их ярьсан. Нэг нь ч хэрэгжээгүй. Энэ нь амьдралаар шалгагдсан гэж бодож байна. Хэрэгжих үндэсгүй, хэрэгжээд асуудыг шийдэхгүй гэдэг нь харагдсан. Цорын ганц шийдэл нь давхар замын төсөл болоод байгаа юм. Төслийн гол онцлог нь Улаанбаатар хотын Их тойрууд 13 километр давхар авто зам бариад, дараа нь түүнээс таван тийшээ гарсан цацраг хэлбэрээр нийт 49 км авто зам барих цогцолбор юм. Хүмүүс үүнийг гүүрэн гарцтай хольж хутгадаг. Жишээ нь, Замын цагдаагийн гүүрэн гарцыг бариад түгжрэл буураагүй. Яагаад гэхээр уулзвараар хурдан гарч болж байгаа ч, уулзвар луугаа орох, гарах зам нь байхгүй байдаг. Гадаадын улс орнууд олон түвшний уулзвараар асуудлаа шийдсэн гэж ярьдаг. Тэр уулзвар дээр нь байгаа гүүрэн гарц руу арав гаруй замаар гараад уулзвар өнгөрөхөд дахиад арав, хорин зам руу салж байгаа юм. Хүлээж авч байгаа зам нь их байна гэсэн үг. Манайд бол нэг гудамнаас гараад нэг гудамж руу л орно. Тэгэхээр хоёр үзүүр дээрээ түгжрээд, түгжрэл буурахгүй байна.

-Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ нь хэр оновчтой шийдвэр вэ?

-Энэ бол “аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна” гэдэг шиг аргаа барсан л хэрэг. Үндсэн хуулиар бид өмчтэй байх, тэр өмчөө өөрийн хөдөлмөрөөр олоод захиран зарцуулах эрхтэй шүү дээ. Тэгтэл захиргааны аргаар хөдөөний машин орж ирвэл торгоно, хотын дугаар олгохгүй гэдэг нь түгжрэл гамшгийн хэмжээнд хүрсний нэг үзүүлэлт. Түүнээс хүнийг машин бариулахгүй юмсан, өмч хөрөнгийг нь хашаа, гаражид нь байлгааад байя гэдэг бодолтой хүн байхгүй. Энэ бол аргаа барсан л шийдвэр гэж харж байна.

-Улаанбаатар хотын замын стандарт хэр мөрдөгдөж байна вэ?

-Улаанбаатар хот тодорхой стандартаа хангахын төлөө ажиллаж байгаа гэж бодож байна. Би нийслэлийн зам барилга, зураг төсөл дээр олон жил ажилласан учраас сайн ойлгоод байгаа юм. Явган зам их шүүмжлэлд өртдөг. Түүний стандарт нь сайн мөрдөгдөхгүй олон шалтгаан байна. Гэхдээ гол шалтгаан нь хот төлөвлөлт алдагдсан учраас явган хүний замыг багтаах, стандартын дагуу талбайгаараа хийх боломж нь хумигдсан байна. Хоёрдугаарт, авто замын сангийн санхүүжилтээр засварын ажлыг хийдэг учраас санхүүжилттэй холбоотой. Тийм учраас стандарт алдагдаж байгаа.

-Сүүлд Яармагийн шинэ гүүрийг ашиглалтад оруулсан. Гэсэн ч түгжрэл буурах биш нэмэгдсэн гэж иргэд шүүмжилж байсан?

-Яагаад гэвэл цаана нь гэр хорооллын нарийхан гудамж байгаа, тэнд нь машин багтахгүй учраас тийшээ зорчихгүй байна. Гүүр даваад адилхан түгжирч байгаа учраас бухимдах нь аргагүй. Энэ бол шийдэл биш. Шийдэх гэж оролдсон нэг арга. Гүүр тавиад, уулзвар гараад асуудлыг шийдэхгүй. Уулзвараар нэвтэрсэн хөдөлгөөнийг хүлээж авдаг зам алга.

-Гадны орнууд авто замаа хэрхэн төлөвлөж, шийддэг юм бол?

-Бусад улс орнууд яагаад түгжрэлийн асуудалгүй байна гэвэл эхлээд замаа маш сайн төлөвлөсөн байдаг. Жишээ нь, БНХАУ-ын Эрээн хотын зах руу нэг ч байшин байхгүй газарт авто замын бүхэл бүтэн сүлжээ үүсгэж, маш их зам тавьсан байгааг интернэтээр хүн болгон олоод харж болно. Тэгээд голд нь байшин барина гэсэн үг. Эхлээд замаа тавиад, инженерийн шугам сүлжээгээ татаж аваад дараа нь байшин барилгаа барьдаг. Тэгтэл манай улсад эсрэгээрээ зам тавих газаргүй болтлоо байшин барьчихсан байна. “Газар бол улсын үндэс” гэдэг шиг замын үндэс бол газар. Манайд хот төлөвлөлт буруу явсан учраас одоо засах найдлагагүй болсон. Зам барих газаргүй учраас байгаа зам дээрээ тулгуур тавиад давхар зам барьж байж энэ асуудлыг шийднэ. Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх өөр гарц байхгүй.

Г.Балгармаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Томхон жорлон дээр хүртэл тууз хайчилдаг төр, засгийн томчууд нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ DNN.mn

Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал өнгөрсөн сарын сүүлээр болж өнгөрлөө. Тодруулбал, Дорнод аймгийн Матад суман дахь газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу-1” газрын тосны ордын нээлтийг аравдугаар сарын 25-нд хийсэн юм. Гэвч төр засгийн хэмжээнд ч, олон нийтийн анхааралд ч тэр бүр хүрсэнгүй. Хувийн хэвшлийн том төсөл учраас олон нийтэд хүргэх, сошиалд сэвүүлэх зэрэгт дэмий мөнгө үрээд яах вэ гэж үзсэн байх л даа. Аль болохоор зардлаа танах нь бизнесийн байгууллагын хувьд чухал учраас үүнийг ойлгож болно. Харин томоохон жорлонгийн нээлтэд хүртэл батгана аятай шавчихсан, цагаан бээлий, хайчтайгаа зогсож байдаг төр, засгийн томчууд маань огт үзэгдсэнгүй. Тэр бүү хэл энэ талаар ам ч ангайсангүй нь хачирхалтай. Үүнийг л огт ойлгосонгүй. Нэгэнт шат, шатны сонгуулийн үр дүн гарчихсан учраас дараагийн сонгууль болтол энэ мэт зүйлд очих нь төвөг гэж үзсэн ч байж магадгүй л юм.

Орд илэрсэн “Матад-ХХ” талбай нь 10340 км квадрат талбайг хамардаг бөгөөд Дорнод аймгийн Матад сумын нутагт буй Тамсагийн сав газрын баруун урд үзүүрээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийг дамнаж оршдог байна. Харин ордыг илрүүлсэн “Петроматад” компани нь Петровис компанийн санаачилгаар 2005 онд байгуулагдсан, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай үндэсний компани аж. Түүнчлэн “Петроматад” компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын газрын тосны хайгуулын салбарт нийт 120 орчим сая ам.доллар зарцуулсан гэж байгаа. Петровис компанийн захирлаар ажиллаж байсан талийгаач Ж.Оюунгэрэл агсан “Петроматад” компанийг 2007 онд байгуулан хайгуулын ажлыг зогсолтгүй хийсээр ирсэн байдаг. Олон жилийн хөдөлмөр, зорилго нь өдгөө биеллээ олж, одоогийн байдлаар туршилтын журмаар өдөртөө 200 баррель газрын тос олборлох төлөвлөгөөтэй ч дотоодын нийт хэрэгцээний 55 хувийг хангана гэсэн том амбицтай юм билээ. Харин манай улсын Засгийн газрын эхлүүлсэн нөгөө Газрын тосны үйлдвэр нь нэмж зээл аваад байхаас ажил урагшлахгүй өдий хүрч байна. Эхлээд Энэтхэг улсын Экзим банкнаас тэрбум гаруй ам.долларын зээл авч эхлүүлсэн ч 2019 онд 236 сая ам.доллар нэмж зээлсэн. Саяхан л гэхэд дахиад 461 сая ам.долларын зээл авах шаардлагатай гэж Засгийн газраас үзээд, МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжсэн. Одоо авчихсан байгаа зээл нь 25 жилийн хугацаатай, жил бүр 68 сая ам.доллар төлнө гэж байсан ч Сангийн сайд Б.Жавхлан хугацааг нь 20 жил, төлөлтийг нь 64 сая, 14 сая гэх зэргээр ярих болсон гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлж байгаа. Энэ бүхнээс хувийн хэвшлийн болон төрийн ажлын ялгаа заагийг маш сайн харж болно. Дарга нарт унацгүй учраас энэ том төслийн нээлтэд анхаарал хандуулаагүй байж мэднэ. Түүнээс биш манай үе, үеийн дарга нарт тууз хайчилсан арвин их түүх бий.

УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн үерийн далан дээгүүр тавьсан дөрвөн метр хүрэхгүй гүүр нээж байсан бол Арслантай гүүрэн дээр байгуулж, одоо нэгэнт ажиллахаа больсон “Шээдэг оргилуур”-ыг дарга даамлууд сүртэйхэн эхлүүлж байв. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан “Төрийн хатан эх” гэгддэг Д.Сарангэрэл II төрөх эмнэлэгт дөрвөн орыг ёслол төгөлдөр хүлээлгэн өгч байсан бол УИХ-ын дарга асан М.Энхболд, гишүүн асан Ж.Мөнхбат нар “Нэг цонхны үйлчилгээ”-ний байрыг нээж хэл аманд өртөж байлаа. Үүнээс гадна шороон зам, эрүүлжүүлэх байр, худаг, тэр ч бүү хэл жорлон нээж тууз хайчилсан дарга нарын зураг өдгөө ч цахим орчинд бий. Харин улсдаа анх удаа нефтийн цооногтой болсныг дарга нар тоогоогүй нь үүнээсээ ч илүү анхаарал татаж байна. Зүүн бүсээс сонгогдсон 10 гишүүн, харьяа яамны сайд, төрийн гурван өндөрлөг гээд очиж болох хүн уг нь захаас аваад бий. Хувийн хэвшлийнхэн том төслөө амжилттай хэрэгжүүлсэнд уур нь хүрсэн үү. Эс бөгөөс шатахуун, түлшний Оросоос хараат байдлыг үгүй хийснээр өөрсдөд нь ашиггүй байдал бий болгоно гэж тооцсон уу бүү мэд. Нэг бол “Ах нар” нь анхаарал хандуулж, ар өврөөр нь гүйгээд үзээрэй гэж сануулсан ч байж мэдэх юм. МАН-ын угшилтай гишүүд, дарга нарт энэ мэтчилэн олон талын шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй. Ер нь МАН байнга л хувийн хэвшлээ дэмжинэ, татвар бууруулна гэж ярьдаг, ар хударгаар нь энэ бүхнээсээ эсрэг зүйл хийдгийг ард түмэн мэднэ. Өнөөдөр ч гэсэн “Төр-хувийн хэвшлийн түншлэл” гэсэн сайхан зүйл яриад байгаа ч төртэй түншилсэн хувийн хэвшил тийм ч их биш л байна. Дандаа ямар нэгэн байдлаар тэдний хамаарал бүхий хэдхэн компани л тендер авдгийг ч хувийн хэвшлийнхэн хэлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой агентлаг нь сонгуулийн мөнгө гаргаж өгсөн байж мэдэх гэрээний жагсаалт ил болж, дуулиан тарьж байгаа шүү дээ. Харин хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам уг нь орсон биз дээ. Тэд яагаад адилхан таг чиг байхыг сонгов. Засагт хамтарч, найман сайдтай болсны нэг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам. Олон жил төрд сонгогдсон туршлагатай улстөрч Ц.Туваанд энэ яамаа хариуцуулсан. Монголын нэг компани Дорнодын талаас газрын тос орд олоод, нефтийн цооногтой болж, өдөрт 200 баррелийг олборлож, улсынхаа хэрэгцээний 55 хувийг хангах нь тийм ч чухалд тооцогддоггүй бололтой.

“Петроматад” компани 8.7 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг 2021 онд бүртгүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрлөө энэ ондоо багтаан авсан байдаг. Гэвч орон нутгаас өгөх зөвшөөрөл удсанаас болж, олборлолтоо эхлүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн гэж байгаа. Тэгэхээр бас л төрийн албаны хүнд суртал, авцаа өгцөө харсан байдал энэ төслийг өдий хэмжээгээр хойшлуулсан байж мэдэх юм. Гэхдээ ямар ч байсан нээлтээ хийчихсэн учраас одоо цаашдаа төр засгаас дэмжиж чаддаггүй юм гэхэд гай болохгүй байх хэрэгтэй. Жорлонгийн нээлтэд тууз хайчилж, жалга довоороо талцан хэрэлдэж, улсын төсвөөс өөртөө таван тэрбум төгрөг авчих санаатай элдэв хор найруулж явахад чинь хувийн компани улсынхаа тал хэрэгцээг хангахаар зүтгэж байгааг ойлгох хэрэгтэй шүү, дарга нар аа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Үхэрт 13 тэрбум төгрөг өгөхөд тоодоггүй атлаа хүүхдэд мөнгө өгөх болсон чинь горойж үхлээ юү монголчууд аа” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Төсвийн урсгал зардлыг ингэж өндөр батлах юм бол УИХ бараг тарчихсан нь дээр” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Ган хийц” ХК-ийн захирал М.Даваасүрэн “Хамгийн сүүлийн үеийн ноу-хау технологиудыг түшиглэсэн үйлдвэр байгуулснаар Монгол Улс хөгжинө” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Үхэрт 13 тэрбум төгрөг өгөхөд тоодоггүй атлаа хүүхдэд мөнгө өгөх болсон чинь горойж үхлээ юү монголчууд аа” гэв.

  • Эрчим хүчний зөвлөх инженер Г.Ёндонгомбо “Бүх цахилгаан станц, түгээх сүлжээнүүдийг 100 хувь олон нийтийн өмчид шилжүүлэх хэрэгтэй” хэмээн ярилаа.
  • МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдаж байгаа учир Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыгнээлттэй явуулахыг хүсч байна” гэлээ.

ГАДААД МЭДЭЭ: Молдовчууд авлигалын дөнгөнөөс чөлөөлөгдөв

АРЫН НҮҮР: Хотын захын замууд болохоо байж эхэлж байна шүү


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” арга хэмжээний нээлт Баянзүрх дүүрэгт боллоо DNN.mn

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоолыг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар 2024” аяны хүрээнд биеийн тамир, спортын арга хэмжээг нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байна.

Улс орон даяар өрнөж буй “Соёлын бүтээлч сар-2024” аян 11 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Баянзүрх дүүргийн “Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024”-ийн нээлтийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 88-р сургуулийн спорт зааланд 12 хорооны 120 гаруй иргэнийг хамруулсан Иргэдийн спортын наадмын дүүргийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн арга хэмжээний үеэр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нээж Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн үг хэллээ.
Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны үеэр ОУХМ Э.Оргилмаа дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ спортын гимнастикийн баг тамирчид үзүүлэх тоглолтоо сонирхууллаа.
“БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БҮТЭЭЛЧ САР-2024” арга хэмжээний нээлтийн хүрээнд хүрэлцэн ирсэн иргэдэд Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос 2024 онд хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.
Мөн арга хэмжээнд оролцож байгаа иргэдийн дунд “Хөгжөөнт бүжиг”-ийн тэмцээн зохион байгуулж, 1, 2, 3 байр эзэлсэн иргэдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа

Categories
мэдээ нийгэм

“Ажлынхантай караокед суулгасангүй“ гэх шалтгаанаар нөхөр рүүгээ заазуур шидэж, ахыгаа хөнөөсөн эмэгтэйд 5.6 жилийн ял оноожээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд 28 настай эмэгтэй архи уусан үедээ “Ажлынхантай караокед суулгасангүй” гэх шалтгаанаар нөхөртэйгээ маргалдаж улмаар түүн рүү заазуур шидэж баруун ташааг нь гэмтээсэн хэрэг гарсан. Түүнчлэн дээрх маргааныг зогсоох гэж байсан төрсөн ахынхаа цээжин тус газар хутгалж, ах нь сэхээнд эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ. Шүүхээс дээрх эмэгтэйд 5.6 жилийн хорих ял оноосон байна.

Categories
мэдээ нийгэм

“Телеграм” аппликейшн ашиглаж, иргэдийг 10 тэрбум төгрөгөөр хохироожээ DNN.mn

Телеграм аппликейшн ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.


Сүүлийн дөрвөн сарын хугацаанд энэ төрлийн 619 хохирогчтой 10 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгаж байгаа аж. Телеграм аппликейшн ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн хохирогчдын 70 орчим хувийг 25-44 насныхан эзэлж байгаа гэнэ.

 

Тэдний 90 орчим хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй эсвэл төрийн болон хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрхлэгч бөгөөд бүрэн дундаас дээш боловсролтой байгаа бол 67 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ.

 

Тус апплекейшнийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэхдээ хэд хэдэн төрлийн аргыг ашигладаг байна. Тухайлбал бараа худалдан авч, борлуулалт нэмэгдүүлэх даалгавар өгөх. Мөн Тик Ток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж хандалт өсгөх даалгавар, байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгөх даалгавар биелүүлэхийг санал болгодог аж. Үүнээс гадна өгөгдсөн дансанд мөнгө байршуулаад өсгөж авах даалгавар, зээл олгох шаардлагатай материал бүрдүүлэх даалгавар, өгөгдсөн интернэт банкаар нэвтэрч гүйлгээ хийх даалгавар биелүүлэх зэрэг аргуудаар залилан үйлдэж байгааг цагдаагийн байгууллагаас сануулж байгаа юм.

 

Түүнчлэн телеграм даалгаврыг үе шаттай биелүүлэх бөгөөд дараа, дараагийн даалгаврыг биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хэрэв даалгаврыг биелүүлээгүй эсвэл дундаас нь зогсоовол систем таны цэнэглэсэн баримтыг шалгах боломжгүй бөгөөд төлбөр тооцоо, бонус мөнгө, буцаан олголт зэргийг танд өгөх боломжгүй гэж шахалтад оруулдаг аж.

 

Иймд иргэд үл мэдэгдэх телеграм группүүдэд элсэж, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, хэрэв мөнгө шилжүүлсэн бол дахин давтаж шилжүүлэхгүй байх, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.