Categories
гадаад мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Энхболд: Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам нь ялбал илүү зөөлөн аядуу бодлого баримтлах болов уу

Олон улс судлалын ухааны доктор, Зүүн хойд Ази судлаач И.Энхболдmой ярилцлаа.


-БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын эхээр болно гэж зарлаж байна. Ямар, ямар намууд ерөнхийлөгчид өрсөлдөх бол?

-Томоохон намуудын өрсөлдөөн эхэлж, шинэ нэрс улс төрийн тавцанд тодорч байна. 2025 оны зургадугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болохоор зарлагдлаа. Энэ нь ерөнхийлөгч асан Юн Сог Ёль Үндсэн хуулийн шүүхээр огцорсны дараахь анхны сонгууль учраас улс төрийн нөхцөл байдал, нийгмийн хүлээлт ихээхэн өндөр байгаагаараа онцлог болж байна. Сөрөг хүчний томоохон төлөөлөл болох Ардчилсан намаас тус намын дарга асан, 2022 оны сонгуулийн нэр дэвшигч Ли Жэ Мён дахин нэр дэвшихээ албан ёсоор зарласан.

Түүний гол амлалт нь эдийн засгийн шударга байдал, технологийн инноваци, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого юм. Гэвч түүнийг тойрсон авлигын хэргүүд, шүүхийн маргаан олон нийтийн дунд талцал үүсгээд байна. Засгийн эрх баригч Ардын Хүч Нам дотроо хэд хэдэн боломжит нэр дэвшигчтэй байна. Хууль зүйн сайд асан Хан Дон Хүн, Үндэсний Ассамблейн гишүүн Ан Чол Су, Инчон хотын захирагч Ю Жон Бок нарын нэрс яригдаж буй. Намын зүгээс тавдугаар сарын 3-нд 11 нэр дэвшигчээс шигшилт хийн албан ёсоор нэр дэвшигчээ тодруулахаар төлөвлөжээ.

-Бусад намууд болон бие даагчид яахаар байна?

-Томоохон намуудаас гадна жижиг намууд болон бие даагчид ч энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр зэхэж байна. Шинэ Шинэчлэлийн Намаас Ли Жүн Сок, Прогрессив Намаас Ким Жэ Ён, Шударга Ёсны Намаас Квон Ён Гүк нар нэр дэвшихээ мэдэгдсэн. Мөн ерөнхий сайд асан Хван Гё Ан бие даан өрсөлдөнө гэж мэдэгдсэн байна.

-Солонгосын ард түмэн энэ сонгуульд маш их ач холбогдол өгч байх шиг. Тэд ямар хүлээлттэй байна вэ?

-Энэхүү сонгууль нь зөвхөн төрийн тэргүүнийг сонгох явдал төдий бус, Солонгосын улс төрийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үйл явц болох юм. Эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, гадаад бодлогын сорилтуудын үед иргэд ямар сонголт хийх нь зөвхөн БНСУ-ын дотоодод төдийгүй бүс нутгийн геополитикт ч тодорхой нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

-Эдгээр улс төрийн намууд нь манайтай яаж харилцдаг вэ?

-БНСУ-ын Ардчилсан нам бол Зүүний төвийн нийгмийн ардчилсан чиг баримжаатай. Энэ нам Монгол Улстай дипломат болон хүмүүнлэгийн харилцаанд илүү онцгой анхаарал хандуулж ирсэн. Тус намаас ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Мүн Жэ Ин 2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй цахим уулзалт хийж, Ковид-19 цар тахлын үеийн хамтын ажиллагаа, хүний аюулгүй байдал, боловсрол, ногоон хөгжлийн талаар ярилцаж байлаа. Энэ намын үед Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагааны санаачилга идэвхтэй дэмжигдэж, Монгол Улсыг бүс нутгийн яриа хэлэлцээнд татан оролцуулах оролдлогууд хийгдэж байв. Ардчилсан Намын засаглалын үед Монгол-Солонгосын х арилцаа дипломат, хүмүүнлэгийн чиглэлд түлхүү ахицтай байжээ. 2012 оны баруун төвийн үзэлтэй Хан нара намаас сонгогдсон И Мён Пак ерөнхийлөгчийн үед Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр хийгдэж байв. Ер нь одоогийн Ардчилсан нам нээлттэй бодлого баримталдаг тул эдийн засгийн хувьд илүү нааштай хандлага ажиглагдах болов уу гэж бодож байна.

-Сонгуулийн хар пиар хэдийнэ эхэлсэн бололтой. Бие биеэ шоглосон, хиймэл оюун ухаанаар бүтээсэн элдэв бичлэгүүд цацагдаж байгаа харагдсан. Судлаачийн хувьд сонгуулийн процессыг хэрхэн ажиглаж байна. Хэдий хугацаанд ямар хууль журам баримталж өрсөлдөх вэ?

-Солонгосын мэдээллийн сайтуудыг харвал сонгуулийн халуурал эхэлсэн гэж хэлж болохоор байна. Өмнөд Солонгос хар пиар, хиймэл оюун ухааны хэрэглээ нэлээд газар авахаар байх шиг. 2025 оны зургадугаар сард болох БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн өмнө улс төрийн намууд бэлтгэлдээ орж, сонгуулийн уур амьсгал улам халж эхэллээ. Сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён албан тушаалаасаа бууж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшихээр болсноо илэрхийлсэн тухай Өмнөд Солонгосын томоохон хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Түүний нэр дэвших нь тус намын хувьд 2022 оны ялагдлын дараахь “дахин эргэн ирэлт” болж мэдэх юм. Харин эрх баригч Ардын Хүч Нам Сонгуулийн менежментийн хороогоо байгуулсан, дотоод сунгааныхаа стратегийг тодорхойлох шатандаа явж байна. Сонгуулийн кампанит ажил бүрэн эхлээгүй ч нийгмийн сүлжээнд аль хэдийнэ хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгүүд, эвлүүлэг олноор тархаж эхэлсэн нь энэ удаагийн сонгууль “дижитал сүүдрийн кампанит ажлаар онцлог болохыг харуулж байна. Зарим бичлэгүүд нь улстөрчдийн дуу хоолойг хиймлээр дуурайлгасан, эсвэл тэднийг элэглэн гутаасан өнгө аястай байгааг олон нийт шүүмжилж байна. Ерөнхийлөгч огцорсон тохиолдолд БНСУын Үндсэн хуулийн дагуу 60 хоногийн дотор сонгууль зохион байгуулах ёстой. Үүний дагуу 2025 оны зургадугаар сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгууль явагдахаар болсон. Сонгуулийг зохион байгуулах үүргийг Үндэсний Сонгуулийн Комисс хариуцдаг. Сонгуулийн кампанит ажил сонгуулийн өдрөөс 22 хоногийн өмнө албан ёсоор эхэлдэг тул тавдугаар сарын 12-ны өдөр таарч байна. Төрийн албан хаагчид, төрийн өмчийн байгууллагууд сонгуулийн кампанит ажилд оролцохыг хориглодог. Гүтгэлэг, худал мэдээлэл тараах, хүний нэр төрийг гутаасан үйлдэл хийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуультай. Ингэхдээ зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх заалт ч бий. Хиймэл оюун ухааны тусламжтай эвлүүлэг бичлэг хийх, тараах нь хууль зөрчих үндэслэл болдог учраас NEC энэ чиглэлээр хяналтаа чангатгаж байх шиг байна. Энэ удаагийн сонгуулийн шинэ сорилт бол хиймэл оюун ухаан (AI) боллоо. БНСУ-д deepfake буюу дуу дүрсийн хиймэл эвлүүлэг нь сошиал хар пиарын хүчтэй зэвсэг болж, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж болзошгүй тул энэ чиглэлийн хууль эрх зүйн шинэчлэл шаардагдаж байна. NEC 2025 оны сонгуулийн өмнө AI-д суурилсан эвлүүлэг контентын эсрэг тусгай ажлын хэсэг ажиллуулж, платформуудтай хамтран зохицуулалт хийхээр болсон юм билээ.

-Аль нам нь ялбал монголчуудад өгөөжтэй гэж та үзэж байна?

-Аль, аль нам нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Ардчилсан нам нь зүүн төвийн бодлого, бүс нутгийн интеграцид илүү нээлттэй бодлого баримталдаг. Монгол Улсад ашигтай байж болох талууд гэвэл Ардчилсан намын үед Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагааг дэмжих байр суурьтай байдаг. Жишээлбэл, Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн үед Монгол Улсыг бүс нутгийн эрчим хүч, тээврийн сүлжээнд оролцуулах санаачилга яригдаж байсан. Цар тахлын үед Монголд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр төслүүд идэвхтэй хөгжүүлсээр ирсэн. Ардчилсан намын удирдлагын үед Хятад, Орос хоёртой тэнцвэртэй харилцах бодлого баримталдаг тул Монголын гуравдагч хөршийн бодлоготой нийцэх боломж илүү байдаг. Монголын гадаад бодлогын “нээлттэй, гуравдагч хөрш”ийн чиг шугамыг дэмждэг, бүс нутгийн хамтын ажиллагаанд Монголыг татан оролцуулах боломжийг дэмждэг нам юм. Ардын Хүч Нам бол баруун төвийн чиглэлтэй, эдийн засаг, аюулгүй байдалд төвлөрдөг бодлоготой. Монгол Улсад ашигтай байж болох талууд гэвэл хөдөлмөрийн гэрээт ажилчдын асуудлыг шийдвэрлэх, сайжруулахад энэ нам бодлогын хувьд илүү хатуу боловч тогтвортой байр суурь баримталж ирсэн. Аюулгүй байдлын асуудлыг анхаардаг тул бүс нутгийн цөмийн зэвсэггүй статус, БНАСАУ-ын бодлого зэрэгт Монголын дуу хоолойг үнэлэх хандлага ажиглагддаг. Эдийн засгийн хамтын ажиллагааг чухалчилдаг тул хөрөнгө оруулалт, худалдаа, дэд бүтэц, технологийн хамтын ажиллагааг түлхүү дэмжих хандлагатай. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр, эдийн засгийн практик хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгдөг. Гэхдээ хэт Америк төвтэй бодлого нь бүс нутаг дахь геополитикийн тэнцвэрт байдалд эрсдэл авчирч болзошгүй. Монгол Улсын хувьд Ардчилсан намын бодлого нь дипломат, бүс нутгийн хамтын ажиллагаа, гуравдагч хөршийн бодлогын хувьд илүү уян хатан, тохиромжтой байж болно. Ардын Хүч Намын хувьд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй байдлын бодлого нь Монголтой илүү ойрхон байх боломжийг өгч болох юм.

-Ээлжит бус сонгуульд ялж сонгогдсон шинэ Ерөнхийлөгч өмнөх Төрийн тэргүүнээс Ерөнхийлөгчийн албыг шилжүүлж авах тусгай баг байгуулалгүйгээр шууд албандаа орно гэж байна. Тэгэхээр сая огцорсон ерөнхийлөгчийн багтай шинэ сонгогдсон ерөнхийлөгч ажиллана гэсэн үг үү?

-Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, эсвэл огцруулсан тохиолдолд 60 хоногийн дотор сонгууль явуулах ёстой. Энэ тохиолдолд хуучин Ерөнхийлөгчийн бүрэн эрх дууссан, харин шинэ Ерөнхийлөгчийг сонгомогц төрийн тэргүүний албан тушаалд шууд орох эрх зүйн зохицуулалт үйлчилдэг. Иймээс ээлжит бус сонгуульд ялагч нь тодорхой шилжилтийн хугацаа, баггүйгээр шууд ажилдаа ордог. Төрийн эрх шилжүүлэх баг зөвхөн ээлжит сонгуулийн үед ажилладаг. Ердийн нөхцөлд буюу таван жилийн бүрэн хугацаатай ээлжит сонгуулийн дараа сонгогдсон Ерөнхийлөгчид бэлтгэл хангах 2-3 сарын “транзишн баг” ажилладаг. Энэ хугацаанд түүнийг төрийн нууц, эдийн засгийн нөхцөл, гадаад харилцааны мэдээллээр хангаж, ерөнхий штаб үүсгэдэг гэсэн үг. Харин ээлжит бус сонгуулийн үед хуульд “транзишн баг” байгуулах заалт байдаггүй, сонгуулийн дүн гарсан өдрөөс эхлэн шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх шууд хүчин төгөлдөр болно. Энэ нь Төрийн тогтолцооны хурдтай ажиллагааг илтгэж байна. Солонгосын төрийн бүтэц нь ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд төрийн тэргүүн огцорсон нөхцөлд төрийн хямрал үүсэхээс сэргийлж, эрх мэдлийг даруй шилжүүлэх зохицуулалттай байдаг. Иймээс хууль, Үндсэн хуулийн дагуу “түр хугацаанд төр удирдах” нөхцөл үүсэхгүй. Бэлтгэл хангах хугацаа байхгүй тул шинэ Ерөнхийлөгч шууд хариуцлага үүрч, бодлого боловсруулж эхлэх шаардлагатай. Тэр дундаа гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал зэрэг хурц асуудал дээр өндөр ачаалалтай ажиллаж магадгүй. Хэрэв шинэ Ерөнхийлөгч сайн баг бүрдүүлж чадахгүй бол төрийн бодлогын уялдаа муудаж, түргэн өөрчлөгдөх шийдвэрүүд гарч болзошгүй гэдгээс сэргийлдэг юм.

-Нэр дэвшигчдээс хэн нь дараагийн ерөнхийлөгч болох магадлал өндөр байна вэ?

-БНСУ-ын парламентын хувьд Үндэсний Ассамблей нь нийт 300 гишүүнтэй. Тэдгээрийн 254 нь тойргийн мажоритар, 46 нь пропорциональ төлөөллийн системээр сонгогддог. 2024 оны сонгуулиар Ардчилсан намуудын эвсэл 176 суудал, Ард түмний хүч, Ард түмний ирээдүй эвсэл 108 суудал, Бусад намууд 16 суудал авсан байна. Дашрамд дурдахад, Ард түмний хүч намын ерөнхийлөгч бууснаар Ардчилсан намаас нэр дэвшигч ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа юм. Ардчилсан нам гарч ирснээр илүү зөөлөн аядуу бодлого баримтлах болов уу гэсэн хүлээлт байна. Хоёр Солонгосын харилцаанд ч ахиц дэвшил гарах болов уу гэж найдаж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

М.Мөнхцэцэг

Categories
гадаад мэдээ

Сумы хотын цохилт Украины цэргийн дарга нарыг онилсон байжээ

Украины Зэвсэгт хүчин энэ сарын 13-нд Сумы хотыг буудах ажиллагаанд оролцсон Оросын Зэвсэгт хүчний 448 дугаар пуужингийн бригадын Курск муж дахь байнгын байршилд цохилт өгөв.Украины Жанжин штабын мэдэгдэлд дурдсанаар, Курск муж дахь Сумыд болсон халдлагатай холбоотой нийт хэд хэдэн объект” цохилт хийж, 448 дугаар бригадын байршилд цохилт өгөх үеэр бөмбөг, пуужингийн агуулахад дэлбэрэлт болсон, цохилтын үр дүнг тодруулж байна гэжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ мэдээлэлд тайлбар хийгээгүй байгаа бөгөөд “Курск мужид урд шөнө 109 Украины дроныг сөнөөж, дроны хэлтэрхийд нэг хүн амиа алдаж, есөн хүн шархдан, 24 орон сууцны барилга, олон арван машин эвдэрсэн” гэж мэдээлэв.
Энэ сарын 13-ны өглөө Оросын цэргийн хүчин Сумы хотын төвд хоёр баллистик пуужингаар цохилт өгч, 35 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд, 129 хүн гэмтэж бэртсэний 17 нь хүүхэд байсан юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам Сумы хотын төвд цохилт өгснөө баталж, “Бай нь Сумы хотын төвд байрлах театр дотор болсон Украины оператив-тактикийн “Северск” бүлгийн команд штабын хурал байсан гэж мэдэгдсэн билээ. Үнэхээр ч Украины хэд хэдэн улстөрч “Уг цохилт болох ажил хаях үеэр тус хотод Украины Зэвсэгт хүчний 117 дугаар бригадын дайчдад шагнал гардуулах ёслол болж байсан” гэж мэдээлж “Цэргийн захиргааны дарга Володимир Артюхийг уг арга хэмжээг зохион байгуулсан” гэж буруутгасан. Украины Батлан хамгаалах яам засгийн газар Артюхийг албан тушаалаас нь огцруулсан билээ. Иймээс Сумы хотын төвд цохилт өгсөнд Москваг буруутгах аргагүй болов. Энэ явдал Украины армийн хувьд цэрэг жагсааж, эсвэл цуглуулан Оросын цохилтод өртөж ихээхэн хэмжээний хохирол амсаж буй гурав дахь тохиолдол болж байна.
Оросууд олон удаа цэрэг жагсааж хохирол амссаны дараа олон цэрэг нэг дор цуглуулахаа зогсоогоод удаж байна. Гэтэл манай генералууд Цэргийн баяраар өдөр тутмын сонинд “Монголын цэргүүд жагсахаас гадна буудаж сурах ёстой” гэсэн ярилцлага өгөөд сууж байна. Та манай генерал, хурандаа нарын бие хаа, хувцас хунарыг дайтаж буй Украин, Израилийнхтай харьцуулаад хар даа! Украины дайн гэх хоёр армийн тулалдаан цэргийн шинжлэх ухаанд цэрэг жагсаадаг явдлыг таслан зогсоож, их хүчээр бус цөөн тооны цэрэг, техникээр бүр 3-5 цэргээр довтолдог болгов. Дэлхийн II дайнаас хойш анх удаа болж буй хоёр армийн тулалдаан сүүлийн ганц жилд л гэхэд нэг цэрэг, нэг хэсэг цэрэг, хуягт, танк, нисэж байгаа дрон, гүүр, бэхлэлт устгах зориулалттай янз бүрийн дронууд бий болгож “дайны бурхан” гэгддэг байсан их буунуудыг “төмрийн хог” болгож эхлэв.
Сонирхолтой нь эдгээрийг зэвсгийн алдартай том, том компаниуд бус хэдхэн хүнтэй жижиг стартапууд угсарч байна. Ганц жишээ авахад, Пентагоны дрон үйлдвэрлэх тендерт гарааны “Firestorm Labs” компани Америкийн батлан хамгаалах салбарт дрон нийлүүлдэг алдарт “Lockheed Martin” компанийг ялж, дрон үйлдвэрлэх гэрээ байгуулав. Бас Украины дайн улсын зардлаар хугацаат цэргийн алба хаасан хүмүүс хөлсний цэрэг болсон ч байлдах чадваргүй байдгийг нотолж, барууны улсууд хувийн мэргэжлийн цэрэгтэй болох зүг хөдөлж эхлэв. Энэ бүхэн биднийг Батлан хамгаалах яамыг татан буулгаж, зардлаар нь хувийн мэргэжлийн хөдөлгөөнт цэрэгтэй болж, олон жижиг стартапуудаар янз бүрийн дрон угсруулж, хилээ хамгаалах цаг болсныг баталж байна. Гэхдээ гарааны компаниудын дунд өнөөгийн дронуудын үндсэн хоёр алдааг засаж угсрах тендер зарлах хэрэгтэй. Нэгдүгээрт, дроныг дуу чимээ гаргаж, түлш зарцуулдаг моторын оронд сэнснийхээ эргэлтээр зайгаа цэнэглэж дуртай газартаа нисэж хүрдэг болгох. Хоёрдугаарт, өндөр зардалтай бас нисэж байхдаа хол зайнаас амархан илрэх гол шалтгаан болдог дроны долгион ойлгодог металл их биеийг цаас,хаягдал хуванцар сав ашиглан 3D-принтерээр хийдэг болох. Тэгээд эдгээр технологийг барууны дроны компаниудад нийлүүлж, валютын тогтмол орлоготой болох хэрэгтэй байна.
Үнэндээ гарааны компаниудын олон дрон дайн гэхээсээ энх цагт илүү хэрэг болно. Ганц жишээ гэхэд, өнөөдөр нийслэлд сүндэрлэсэн өндөр барилгуудын оройд хүрдэг шаттай галын машин худалдаж авснаас өндөрт усны хоолой гаргаж гал унтраадаг дрон өөрсдөө угсарсан нь дээр. Тэгээд ч шуурганд төөрсөн малчдыг дрон л хурдан олж халуун цай, эм тариа, хувцас хунар хүргэж чадна. Ядаж л Хөвсгөлийн Худалдааны төвд гарсан гал, ой, хээрийн түймрийг дроноор цаг алдалгүй унтраадаг болцгооё. Энэ ажлыг манай төр, засаг эхлүүлнэ гэдэгт итгэх хэцүү. Иймээс чадвартай нь цаг алдалгүй энэ ажлыг эхлүүлж, өөрийн гэсэн технологи бий болгож авцгаая. Харин таны технологи маш нууц байх учиртай тул оюуны өмчийн гэрчилгээ авах огт хэрэггүй, зүгээр л бүтээгдэхүүнээ л барууныханд үзүүлж гэрээ хий. Учир нь болгож чаддаггүй хүмүүс л гэж байдаг болохоос болохгүй юм гэж байдаггүй юм.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп: Энэ дайнд гурван хүн буруутай

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сальвадорын ерөнхийлөгч Наиб Букелетэй хамтарч Цагаан ордны Зууван танхимд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг “чадваргүй” хэмээн шүүмжилж “Хэрэв та дайн эхлүүлбэл дайнд ялж чадна гэдгээ мэдэж байх ёстой. Чамд пуужин өгнө гэж найдаж чи өөрөөсөө 20 дахин том хүний эсрэг дайн эхлүүлж болохгүй” гээд “Би Украинд хамгийн түрүүнд “Жавелин” пуужин өгсөн” гэж мэдэгджээ. Мөн Доналд Трамп “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон өмнөх ерөнхийлөгч Жо Байден нар энэ дайн гарахыг хэзээ ч зөвшөөрөх ёсгүй байсан. Тэд энэ дайнд хариуцлага хүлээх ёстой хүмүүс” гээд “Байден, Зеленский хоёр энэ дайныг дуусгаж болох байсан, харин Путин үүнийг хэзээ ч эхлүүлэх ёсгүй байсан. Гурван эрэгтэйгээс болж сая сая хүн үхэж байна. Үүнд гэм буруугаараа Путин нэгд, юу хийж байгаагаа ч мэдэхгүй Байден хоёрт, Зеленский гуравт орно” гэж онцлоод “Би Путинд Украинд гал зогсоох тодорхой хугацаа өгсөн” гэж мэдэгдэв.

Түүний энэ мэдэгдлийн өмнө энэ сарын 11-нд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский CBS телевизийн “60 минут” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Трампыг Украинд урьж, эндхийн сүйрлийг өөрийн нүдээр үзэхийг хүсч “Бид таны байр суурийг хүндэтгэж байгаа учир таныг энд ирж үзээсэй гэж хүсч байна. Та энд ирээд юу болоод байгааг ойлгож авна. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө, ямар нэгэн хэлэлцээр хийхээсээ өмнө ирж, ард түмэн, энгийн иргэд, цэргүүд, эмнэлэг, сүм хийдүүд, хүүхдүүд, сүйрсэн эсвэл үхсэн хүмүүсийг хараарай. Ир, хар, тэгээд … Та хэнтэй тохиролцсоноо ойлгох болно. Путин юу хийснийг ойлгох болно. Үүний дараа дайныг зогсоох төлөвлөгөөгөө урагшлуулъя” гэж хэлсэн билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Хөгжлийн тулгуур чөлөөт эдийн засаг та хаачив аа?!

Сонгуульд цахилгаан хөрөө барьж орон ялалт байгуулсан Аргентины ерөнхийлөгч төрийн албан хаагчдыг эрс цомхотгож үр дүнд нь улсын төсвөө алдалгүй баталж, инфляцийг эрс бууруулж, нам гэх зүйлээс гарч ирээд сонгуулиар байгуулагддаг төр, засаг бол үнэндээ сайнаар хэлбэл худалч, луйварчид, муугаар хэлбэл ард иргэдийнхээ эсрэг террорист үйл ажиллагаа явуулдаг байгууллага болсныг дэлхий нийтэд баталж орхив. Үүнийг анзаарсан АНУ-ын шинээр сонгогдсон хуучин ерөнхийлөгч Дональд Трамп тэрбумтан Илон Маскаар богино хугацаанд төрийн цомхотгол явуулж, улсын төсвийн олон тэрбум ам.долларыг хэмнэж амжив.

Үүнийхээ ач тусаар эдийн засгаар тэргүүлэгч АНУ 186 улсад худалдааны дайн зарласан ч дэлхийн эдийн засаг шууд хямарсангүй. Худалдааны энэ дайнаар АНУ-ын ерөнхийлөгчийг хэдийд өндөр тариф зарлаж, хэдийд буулгахыг яг таг мэдэж байсан хүмүүс Хөрөнгийн бирж дээр богинохон хугацаанд санаанд багтамгүй маш их ашиг олж, бусад нь энэ хэмжээгээр хохирсон байх магадлал өндөр болов. Энэ бол том гэмт хэрэг бөгөөд бие даасан тусдаа асуудал. Хэргийн гол учир нь нэг ерөнхийлөгчийн шийдвэр дэлхийн эдийн засгийг шууд саажуулж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, төр бүхнийг зохицуулдаг болсон байна. Энэ бол сүйрэл учир удахгүй ардчилсан улсуудад дэвшилтэт шинэ тогтолцоо бий болох болно. Хөгжлийн тулгуур чөлөөт эдийн засаг та хаачив аа?! Үүний учрыг энгийн үгээр тайлбарлавал ийм юм. Хөрөнгийн бирж дээр засгийн газруудын найдвартай гэгддэг бонд ч хувийн компаниудын хувьцааны үнэ ч байнга дээш, доош хөдөлж байдаг. Харин 5-10 жилийн хугацаанд харвал бүгд өссөн байдаг. Энэ бол инфляцийн нөлөө юм. Инфляц нь “хөөргөдөл” гэсэн латин үг. Талхны үнэ нэмэгдэхээр давс, хөөлгөгч, гурил гээд талх үйлдвэрлэхэд оролцогчид бүгд үнээ нэмнэ. Ашиг олохгүй ч хохирдоггүй гэсэн үг. Харин талх худалдан авч байгаа хүн л зөрүү үнээр нь хохирно.

Хамгийн гол нь талх үйлдвэрлэхэд ордог бүх хүмүүсийн орлого нэмэгдэх учир тэдний улсад төлөх татвар нэмэгдэж улсын төсөв зузаарна. Иргэд хохирч, нам дамжиж төр засагт гарсан хүмүүсийн өөрийн дураар зарлагадах мөнгө ихэсдэг гэсэн үг. Инфляци буюу “хөөргөдөл” гэх зохиомол луйврын үнэн учир нь ердөө л энэ. Жишээ нь, 1980-д оны үеэр баррель нь 30 ам.доллар байсан түүхий нефтийн үнэ 11-12 ам.доллар болж ЗХУ-ын анхны бөгөөд сүүлийн ерөнхийлөгч М.Горбачёв валютгүй болж, энэ улс задарсан. Тэгвэл тэр үеийн 30 ам. доллар инфляцийн ач тусаар өнөөдөр 120 орчим ам.доллартай тэнцэж байна. Энэ нь ам.долларын ханшны зөрүүгээр энэ хугацаанд дөрөв дахин их мөнгийг чинь ардчилсан гэгддэг төр засгийнхан таны түрийвчнээс хулгайлж авсан гэсэн үг. Инфляци гуай тэр үед 140 мөнгө байсан талхыг өнөөдөр 2900 төгрөг болгож үнэ нь 2070 дахин нэмэгдсэн аж. 1990 оноос манай улсын ДНБ 20 дахин өссөн, харин таны орлого хэд дахин өссөн байна даа. Гэтэл манай төр засгийнхан алдагдалтай төсөв баталж, өөрсдөө дураараа үрж, биднийг өрөнд оруулсаар л байна. Өөрөөр хэлбэл, төр засгийн инфляци буюу зориудын хөөрөгдөл гэх луйвар нь хөрөнгийн бирж дээр хөөсөн мөнгө буюу хоосон орон зай үүсгэж байдаг. Эдийн засаг улстөрчдийн бий болгосон энэхүү хоосон орон зай руу унахыг эдийн засгийн хямрал гэдэг. Одоо Аргентины ерөнхийлөгч Хавьер Милэй яагаад өөрийн төр засгийг ард иргэдийнхээ эсрэг террорист байгууллага гэж нэрлэн цахилгаан хөрөө барин сонгуульд оролцон ялалт байгуулсныг та ойлгосон байх.Тэгвэл энэ бүхний цаад учир ийм юм.

Аль ч төр засгийнхан өнөөдөр иргэдтэйгээ адил маргаашийн ямар ч баталгаагүй байгаа учир албан тушаалаа ашиглан татвар төлөгчдөөс цугласан төсвийн мөнгийг хууль бусаар завшиж байгааг бид авлигал гээд байгаа юм. Энэ нь бүх иргэд маргаашдаа итгэх итгэлтэй болж байж л бид авлигагүй болж, хөгжил дэвшилд хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, персональ компьютер бидний ширээн дээр тавигдаж, Аж үйлдвэрийн IV хувьсгал эрчээ авангуут манай төр засаг оюуны өмчийг инновац болгон амьдралд нэвтрүүлж, үүн дээрээ үндэслэн гадны хөрөнгө оруулалтыг татаж төгрөгийг валют болгон хувиргадаг болох ёстой байв. Учир нь бүх зүйл бүр дэлхийн эдийн засаг хүртэл өөрийн гэсэн хэмжээтэй. Биднийг малтайгаа ноцолдож байх хооронд энэ хэмжээ аль хэдийн дүүрчихсэн.

Иймээс гадны хөрөнгө оруулалтын гол ач холбогдол нь тэдний нэгэнт эзэлчихсэн орон зайнаас бид бага ч гэсэн валют олж авах явдал юм. Бас гадны хөрөнгө оруулагчдын төр засаг нь тэднийхээ хөрөнгийг хамгаалах гэж манай улсыг давхар хамгаалах болно. Хамгийн гол нь төр засгийнхан маань улсынхаа валютын нөөцөөр тив дамнасан компаниудын хувьцаа худалдан авч татвар төлөгчдийн мөнгийг арвижуулдаг болох ёстой байв. Ингэж татвар авч ард түмнээ шулах биш гадна дотны хөрөнгө оруулагчидаас бас гадаадын сангуудаас мөнгө босгож байсан бол манай улс дундаж давхарга гэгддэг хангалттай орлоготой иргэдтэй болж, тэтгэвэр тэтгэмж ч зөв шийдэгдэн, зөвхөн оюуны өмчийг инноваци болгодог, татвар төлөгчдийн мөнгийг үрдэг бус үржүүлдэг хүмүүсээс бүрдсэн цомхон, чадварлаг төр засаг оршиж байх ёстой байсан.

Судлаачид эхлээд таамаг, дараа нь энэ таамгаа цэгцэлж онол болгож нийтэд зарладаг. Харин бусад нь судалгаа явуулж энэ онолыг бүрэн баталж байж сая шинжлэх ухаан болдог. Тэгвэл эрдэмтэд таамаг, онол хоёрын дунд дураараа сэлгүүцэх философийг яг шашинтай адил шинжлэх ухаан гэж үздэггүй юм. Гэтэл өнөөдөр бидний нийгмийн шинжлэх ухаан гээд байгаа бүх салбарын үндэс нь философи. Өөрөөр хэлбэл намуудын үзэл баримтлал төдийгүй тэдний ярьдаг элдэв “…изм” нь бүгд философилог буюу объектив бус субьектив гэгддэг бодит бус хоосон, шинжлэх ухаан бус зүйлс юм. Төр засгийнхан баяжаад иргэд ядуураад байдгийн бодит, гол шалтгаан нь энэ! Маш товчоор нийгмийн ухааны эдгээр салбаруудыг шинжлэх ухаан болгохоос өөр аргагүй болсон тул өнөөдөр элдэв төрлийн дайн дэгдэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийгмийн тогтолцоо тэр чигээрээ өөрчлөгдөнө. Үүнийг бид хувьсгал гэдэг. Харин энэ хувьсгал аль болох тайван замаар явагдах ёстой.

Харин жирийн иргэдийн хувьд өөрийн оюуны өмчтэй болж авах, оюуны өмчид хөрөнгө оруулж хувьцаа гэх зэрэгтэй болж авах хэрэгтэй. Учир нь өнөөдрийн бидний хөгжил дэвшлийг улс төрчид, төр засгийнхан бус аж үйлдвэрийн он оны хувьсгалууд бий болгосон юм. Харин эдгээр хувьсгалын үндсийн үндэс нь оюуны өмч билээ. Өнөөдрийн дэлхийн тэрбумтнууд бүгд оюуны өмчийг инновац болгосон хүмүүс байдаг. Иймээс сайн цаг буюу гаалийн татвар гэх мэт авлигын элдэв янзын “уул уурхай”-гүй, хөгжил дэвшлийн тулгуур чөлөөт эдийн засаг удахгүй өөрөө бидэнд дээр ирнэ.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Трамп БНХАУ-аас орж ирэх утас, компьютерыг тарифаас чөлөөллөө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп утас, компьютер болон бусад цахилгаан бараануудыг гаалийн татвар ногдуулах бараануудын жагсаалтаас хассан байна. Энэ нь импортын бүтээгдэхүүнд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг “Apple” зэрэг технологийн компаниудын хувьд сайн мэдээ юм. Тус компани iPhone-оо БНХАУ-д үйлдвэрлэдэг билээ.

Тус улсын Гааль, хил хамгааллын агентлаг компьютер, зөөврийн компьютер, ухаалаг утас гэх мэт 8471 баркод бүхий 20 бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлж буйгаа мэдэгдсэн байна. Энэхүү арга хэмжээ нь Трампын оноосон суурь 10 хувийн татвараас хүртэл тэдгээр цахилгаан бараануудыг чөлөөлөх юм. Ингэснээр БНХАУ-аас орж ирэх ухаалаг утаснаас гадна Тайванийн хагас дамжуулагч, Энэтхэгт үйлдвэрлэсэн “Apple”-ийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэх үнэ хэт өсөхгүй.

Трампын анх БНХАУ-д тавьсан 54 хувийн гаалийн татварын улмаас хамгийн сүүлийн үеийн iPhone-ийн үнэ 1,599 ам.доллароос 2,300 ам.доллар болж нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байсан. Одоо Трамп БНХАУ-ын бараанд тавих татвараа 145 хувь болгосон. Энэ нь iPhone гэх мэт БНХАУ-д үйлдвэрлэдэг цахилгаан барааны үнийг тэнгэрт тулгах байв. Тэгвэл Трампын захиргаа ийнхүү орж ирж буй ухаалаг утас, компьютерт татвар ногдуулахаа зогсоох боллоо.

Эх сурвалж: Reuters

Categories
гадаад мэдээ

Оросын эзэнт гүрэн,  ЗХУ-ын араас…

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс хэвлэлийн бага хурлын үеэр “Украин дахь цэргийн ажиллагаанд Хятадын иргэд Оросын талд оролцож байгаа мэдээлэл АНУ-д түгшүүр төрүүлж байна. Украин Оросын талд тулалдаж байсан Хятадын хоёр иргэнийг олзолж авсан гэх мэдээллийг бид авсан. Хятад улс Украины эсрэг Оросын дайныг дэмжих гол эх сурвалж хэвээр байна. Орос улс дайнаа үргэлжлүүлэхэд шаардлагатай навигацийн төхөөрөмж, хагас дамжуулагч, онгоцны эд ангиуд гэх мэт давхар хэрэглээний барааны бараг 80 хувийг Хятадаас авдаг” гэж мэдэгдэв. Тэрээр мөн “АНУ-ын ерөнхийлөгч цөмийн зэвсэгтэй Орос, Хятад хоёр гүрний хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь олон улсын тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлж, АНУ болон бусад улс орны аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг бууруулна” гэж мэдэгдэж байсныг онцлов.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Украины зэвсэгт хүчин Донецк мужийн фронтод Оросын талд тулалдаж байсан хоёр хятад иргэнийг баривчилсан тухай мэдээлж “Украинд 155 хятад иргэн Оросын армид байлдаж байгаа тухай батлагдсан мэдээлэл байна. Тэднийг БНХАУ-ын иргэн болохыг батлах бичиг баримт, банкны карт, хувийн мэдээлэл бидэнд байгаа. Энэ нь Оросын талд үүнээс олон хятад иргэн тулалдаж байгааг баталж байгаа явдал” гэж мэдэгдсэн юм. Мөн олон нийтийн сүлжээнд эдгээр баривчлагдсан хүмүүс Хятадын мандарин хэлээр мэдүүлэг өгч байгаа бичлэг тавигдсан. Мөн Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбига “Украины Донецк мужид БНХАУ-ын хоёр иргэнийг баривчилсантай холбогдуулан Киев Бээжингээс тайлбар өгөхийг шаардсан. Украины эсрэг түрэмгий дайнд хятад иргэд Украины цэргүүдийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцож байгааг бид эрс буруушааж байна. Бид Украин дахь Хятадын хэргийг түр хамаарагчийг ГХЯ-нд дуудаж, энэ баримтыг үзүүлэн буруушааж, тайлбар өгөхийг шаардсан. Учир нь Украин дахь Оросын түрэмгийлэгч армийн бүрэлдэхүүнд тулалдаж буй Хятадын иргэд энх тайвны талаарх Хятадын байр суурийг эргэлзээнд оруулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Бээжинд итгэх итгэлийг алдагдуулж байна” гэж мэдэгдсэн. Учир нь Хойд Солонгосын цэргүүд Оросын Курск мужид тулалдаж байгаа бол хятад цэргүүд Украины нутагт байлдаж байгаа нь тэднийг олон улсын дүрэм, журмын дагуу бусдын нутгийг эзлэн түрэмгийлэгчид гэдгийг нотолж байгаа хэрэг юм. Украинд байлдаж буй хойд солонгос, хятад цэргийн гол ялгаа нь энэ. Иймээс Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лин Зянь “БНХАУ-ын төр засаг өөрийн иргэдийг зэвсэгт мөргөлдөөний бүсээс аль болох хол байх, аливаа хэлбэрээр оролцохгүй байх, ялангуяа аль нэг талын цэргийн ажиллагаанд оролцохгүй байхыг үргэлж шаардсаар ирсэн. Иймээс Хятадын засгийн газар Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлсэн Донецк мужид хятад иргэдийг баривчилсан гэдэг мэдээллийг шалгаж байна” гэж мэдэгдэв.

Хятадын засгийн газрын энэхүү албан мэдэгдлийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “БНХАУ дэлхийн зах зээлийг үл хүндэтгэж байгаагийн хариуд би АНУ Хятадаас импортолдог барааны татварыг 104-өөс 125 хувь болгон өсгөж байна. Бусад улс орнуудын хувьд бидэнтэй хэлэлцээр хийх гурван сарын завсарлага олгож байгаа бөгөөд энэ хугацаанд АНУ-ын импортын татварыг бүгдэд нь адил 10 хувь болгож байна. АНУ-ын татварыг 125 хувь болгон өсгөж байгаа нь Хятад улсад АНУ болон бусад улсыг булаан авах гэсэн тэдний хүсэл цаашид хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг ойлгуулах болно. Энэ шийдвэр нэн даруй хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. АНУ-тай тарифын хэлэлцээ хийх хүсэлтээ 75 гаруй улс бидэнд ирүүлээд байна” гэж мэдэгдэв. Мөн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт “Одооноос эхлэн 10 хувийн татварыг Хятадаас бусад бүх улсад хэрэглэж эхэлнэ” гэж тодотгож мэдээлэв. АНУ-ын эдгээр мэдэгдлийн дараа Америкийн гол индексүүд шууд өсч эхлэв. Уолл Стритийн Хөрөнгийн биржийн арилжаа хаагдахын өмнөхөн Dow Jones индекс 7.9, S&P 500 индекс 9.5, Nasdaq индекс 12.2 хувиар өсөв.

АНУ-ын ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр Путины дэглэмийн “бие”-ийг нэвт буудчихсантай адил зүйл болов. Учир нь нефтийн татвар ОХУ-ын төсвийн 1/3-ийг бүрдүүлдэг. Гэхдээ Орос улсын төсөв рублиэр бүрддэг. Харин барууны улсуудын хоригоос болж Оросын валютын орлого нь бараг тэр чигээрээ түүхий нефтийн экспортын орлогоос хамаардаг болсон. Гэтэл дэлхийн хоёр дахь эдийн засаг бас Оросын нефтийн гол худалдан авагч Хятад улс 125 хувийн татварт өртсөнөөр Путины дэглэм валютгүй болох нь тодорхой болов. Улсын төсөвтөө баррелийг нь 70 ам.доллар байна гэж тооцсон Оросын Urals маркийн нефтийн фьючерс үнэ өчигдөр гэхэд л 2.27 нэгж буюу 3.35 хувиар бууж 65 ам.доллар болов. Энэ улсын түүх оросууд их валюттай болохоороо дайн өдөөж, валют нь дуусахаар дайнаа зогсоож байсныг нотолдог. Харин үүн дээр иргэдийнхээ дунд армийнх нь нэр хүнд унахаар энэ улс задардаг онцлогтой. Энэ нь өнөөдрийн ОХУ Оросын эзэнт гүрэн, ЗХУ-ын араас “явж байна” гэсэн үг юм.

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Доминиканд барилгын дээвэр нурсны улмаас 124 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртжээ

Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санто-Доминго хотын шөнийн клубийн дээвэр нурсны улмаас 124 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртжээ. Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг олоход 24-36 цагийн хугацаа үлдээд байна гэж аврах албаны дарга Хуан Мануэль Мендес мэдээлсэн байна.

Доминиканы Ерөнхийлөгч Луис Абинадер ослын газарт очиж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Санто-Доминго хотын “Jet Set” шөнийн клубийн дээвэр дөрөвдүгээр сарын 8-ны мягмар гарагийн шөнө нэрт меренге дуучин Рубби Перезийн тоглолтын үеэр гэнэт нурсан байна. Дээвэр нурах үед шөнийн клубт мянга орчим хүн байсан байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж аврах албаны дарга мэдэгдэж, нуранги дор олон хохирогч байсаар байгаа бөгөөд тэднийг аварч чадна гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Эрэн хайх, аврах ажиллагаанд 400 орчим аврагч оролцож байгаа аж.

“Jet Set” бол Санто-Доминго дахь алдартай шөнийн клуб бөгөөд даваа гарагийн үдэш бүр урлагийн тоглолтуудыг зохион байгуулдаг аж. Рубби Перезийн тоглолтод тус улсын улстөрчид, тамирчид болон бусад нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байжээ. Хохирогчдын дунд Монте-Кристи мужийн захирагч Нельси Круз байсан бөгөөд тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.

Доминиканы Бүгд Найрамдах Улс бол жуулчдыг хамгийн их татдаг Карибын тэнгисийн орнуудын нэг юм. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн онд 11 сая орчим жуулчин иржээ.

 

Эх сурвалж:montsame.mn 

Categories
гадаад мэдээ

Д.Трамп татвар авч эхлэх хугацааг 90 хоногоор хойшлуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бусад улс орнуудад ногдуулсан татвар хэрэгжиж эхлэх хугацааг 90 хоногоор хойшлуулсан бол харин Хятадтай хийж буй худалдааны дайн улам өргөжжээ.

Америкийн 60 орчим худалдааны түнш улсад татвар ногдуулснаас хэдхэн цагийн дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. Д.Трамп хэлэхдээ “хэлэлцээ үргэлжилж байгаа тул харилцан ногдуулах татварын хувь хэмжээг нийтэд нь 10 хувь болгохыг зөвшөөрсөн” гэжээ.

Харин Хятадаас нийлүүлж буй бараанд ногдуулах татварын хэмжээг 125 хувь болгож нэмэгдүүлсэн бөгөөд Хятадын тал АНУ-ын импортын бараанд 84 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэснээр биднийг “үл хүндэтгэсэн” гэж Трамп буруутгасан байна.

Тэрбээр АНУ-д нийлүүлж буй бүх бараанд импортын татвар ногдуулна гэдгээ мэдэгдсэнээс хойш олон улсын худалдаанд сүүлийн хэдэн арван жилд болж байгаагүй үймээн сандрал дэгдсэн билээ. Үүнээс долоо хоногийн дараа 90 хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргажээ.

Энэ шийдвэрийг зарласнаас хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын хөрөнгийн биржийн хувьцаанууд огцом өсөж, S&P 500 индекс үдээс хойших арилжааны явцад 7 хувиар өссөн байна. Улмаар арилжаа хаагдах үед 9.5 хувиар өссөн бол Dow Jones 7.8 хувиар өсжээ.

Д.Трамп Truth Social хаягтаа бичихдээ, татвар ногдуулах шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ аваагүй орнуудын тарифыг 90 хоногийн хугацаагаар түр хойшлуулахыг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна. Харин Бээжинд ногдуулах нэмэлт тариф тэр даруйдаа хүчин төгөлдөр болно гэлээ.

 

ЭХ СУРВАЛЖ: Э.Хулан

Categories
гадаад мэдээ цаг-үе

Дэлхий нийт Оросын цохилтыг эрс шүүмжлэв

Оросын арми өнгөрсөн баасан гаригт Их Британи, Францын Жанжин штабын дарга нар Киевт хүрэлцэн ирсэнтэй хоблогдуулан Украины ерөнхийлөгчийн төрсөн Кривой Рог хотод цохилт өгсөн билээ. Энэ үеэр нэг ресторан Оросын пуужингийн цохилтод өртөж 20 хүн, түүний дотор есөн хүүхэд амь үрэгдэж, 70 гаруй иргэн шархаджээ. Харин Оросын Батлан хамгаалах яам “Энэ ресторанд Украин болон тэдний холбоотон цэргийн дээд албан тушаалтнууд хооллож байсан” гэж мэдэгдсэн бол Мөн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Манай арми зөвхөн цэргийн объектуудад цохилт өгч байгаа. Энгийн байгууламж, нийгмийн дэд бүтцэд цохилт өгөөгүй” гэсэн тайлбар хийсэн. Тэгвэл Европын телевизийн сувгууд Оросын мэдэгдэл худал болохыг нотолж, Оросын пуужингийн цохилт болох үеийн уг рестораны камерын бичлэгийг үзүүлж, халдлага болох үед өртөж эмнэлэгт хэвтсэн эмэгтэйчүүдээс авсан ярилцлагыг олон нийтэд харуулав.

Ийнхүү уг ресторанд Украин болон тэдний холбоотон цэргийн дээд албан тушаалтнууд бус “гоо сайхны форум”-ын арга хэмжээ болж байсан нь тодорхой болов. Уг ресторанд ямар арга хэмжээ болох гэж байгааг өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан юм байна. Иймээс Оросын арми Кривой Рог руу пуужингаар цохилт өгсөнтэй холбогдуулан энэ сарын 7, 8, 9-ний даваа, мягмар, лхагва гаригуудыг Украин даяар амиа алдагсдын төлөө гашуудах өдрүүд болгон зарлав.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Каирт айлчлах үеэрээ “Орос улс гал зогсоох саналыг эсэргүүцээд зогсохгүй энгийн номхон иргэдийг буудан хороож байна. Иймээс Орос улс яриа хэлэлцээнд шалтаг тоочиж, хойшлуулах тактикаа зогсоох хэрэгтэй” гээд ОХУ-ын эрх баригчдад хандан “Украинд гал зогсоох тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын саналыг ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр хүлээж авах хэрэгтэй” гэж уриалжээ. Мөн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Турк “Манай албаны комисс халдлага болсон газар очиж, хохирлыг баримтжуулж, амь үрэгдсэн есөн хүүхдийн нэрийг тогтоосон. Оросын пуужингийн олон зуун хэлтэрхийнүүд байшин барилга, хүүхдийн савлуур, гулсуур, мод, зүлэгт ямар хохирол учруулсныг баримтжуулсан” гэж мэдэгдэв. Энэ явдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимд болсон хэвлэлийн бага хурал дээр “Вашингтон Украины дайныг энхийн замаар зохицуулахыг хичээж байхад Оросын цэргүүд Украиныг бөмбөгдөж байгаад би сэтгэл дундуур байна. Тэсрэх бөмбөгтэй холбоотой энэ асуудалд би сэтгэл хангалуун бус байна. Учир нь Оросууд яг одоо галзуурсан юм шиг бөмбөгдөж байна. Тэнд юу болж байгааг би мэдэхгүй. Энэ бол гал зогсоох хэлэлцээнд тийм ч сайн нөхцөл биш” гэж хэлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Эрдэмтэд Беннугийн нууцыг тайлжээ

Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах НАСА агентлаг 2016 онд “Осирис- Рекс” сансрын автомат хөлгийг дэлхийгээс 120 сая километр зайд орших астероид гэх Бенну бага гаригийг судлах зорилгоор хөөргөсөн билээ. Уг хөлөг 2018 оны сүүлээр Беннуд хүрч очсон юм. Уг астероид нь нарыг 14 сард нэг удаа тойрон эргэдэг бөгөөд “Осирис- Рекс” төхөөрөмжийн илгээсэн гэрэл зургаас харахад, Бенну бага гараг нь хэлтгий шоо хэлбэртэй, чулуурхаг гадаргуутай, 500 метр урттай ажээ. Механик “гар”-аар тоноглогдсон “Осирис-Рекс” төхөөрөмж 2020 оны долдугаар сар хүртэл 18 сарын турш Бенну бага гаригийн элс болон чулууны дээжийг цуглуулан капсулд хийж, 2023 онд дэлхийд авчирсан юм. Эрдэмтэд Бенну бага гарагийн нийтдээ ердөө 120 грамм хөрсний тоосонцор хүлээн авсан билээ. Энэ нь тийм ч их биш юм шиг санагдаж болох ч судлаачдын хувьд уг дээж нь жинхэнэ эрдэнэсийн сан болж хувирсан юм. Сансар о г т о р г у й н ж и ж и г х э с г ү ү д и й г судалдаг профессор Рассел “Энэ тоосонцрын ширхэг бүр бидэнд Беннугийн тухай шинэ зүйлийг хэлж өгнө” гэж байв.

И х Б р и т а н и й н э р д э м т э д астероидын хөрсний тоосонцроос нэг жижиг халбагаас илүүгүйг авч судалжээ. Энэ нь Бенну бага гаригийн химийн найрлагад амьдралын үндэс болдог азот, нүүрстөрөгчөөр баялаг органик нэгдлүүд байгааг илрүүлэхэд хангалттай байв. Судалж тогтоосон бодисуудын дотор бүх амьд организмын эсүүд үүсдэг уургийн гол хэсэг болох эрдэмтдийн мэддэг 20 амин хүчлийн 14 нь, мөн ДНХ-г бүрдүүлдэг дөрвөн цагариг хэлбэртэй молекулууд- аденин, гуанин, цитозин ба тимин уг хөрсний тоосны жижиг хэсгүүдээс олдсон байна. Мөн шинжилгээгээр астероидод олон тооны давс, эрдэс бодис илэрсэн нь астероид дээр нэгэн цагт ус, мөн биохимийн урвалд чухал үүрэг гүйцэтгэдэг аммиак байсныг баталсан байна. Эдгээр нэгдлүүдийн заримыг эрдэмтэд дэлхийд унасан солируудаас аль хэдийнэ олоод байсан боловч ихэнх бодис нь сансрын биетээс анх удаа олдож байгаа нь онцлох зүйл болжээ.

Лондонгийн Байгалийн түүхийн музейн сансрын эрдэс судлалын профессор Сара Рассел “Химийн ш и н ж и л г э э г э э р б и д н и й о л ж мэдсэн зүйл үнэхээр гайхмаар. Авчирсан дээж хэчнээн баялаг байсан нь үнэхээр гайхалтай. Энэ нь бидний өмнө солироос олж байгаагүй ашигт малтмал, хэзээ ч харж байгаагүй органик нэгдлүүдээр дүүрэн байсан. Иймээс дээжийг судлахад маш урамтай бас хөгжилтэй байсан. Энэ судалгаа ус болон органик бодисыг анх астероидууд дэлхий дээр авчирсан гэсэн санааг баталж байна” гэжээ. Мөн Байгалийн түүхийн музейн профессор Эшли Кинг “Эхэндээ манай нарны аймаг маш их үймээн самуунтай байсан бөгөөд Бенну шиг сая сая астероидууд хаа сайгүй нисч байсан. Тэд дэлхий дээр унахдаа далай тэнгисийг бүрдүүлж, амьдралын бүрэлдэхүүн хэсгүүдийг манай гаригт авчирсан гэдэгт бид итгэж байна. Гэвч дэлхий бол ийм чулуугаар бөмбөгдүүлсэн цорын ганц гариг биш юм. Астероидууд мөн бусад гаригууд дээр ч унасан. Гэхдээ дэлхий бол өнөөг хүртэл бидний амьдрал олсон цорын ганц газар гэдгээрээ өвөрмөц. Амьдрал бий болоход шаардлагатай бодисууд болох ус, нүүрстөрөгчийг нарны аймгийн астероидууд зөөвөрлөсөн гэдгийг бид баттай мэдэж чадлаа. Гэвч бидний одоо хариулахыг хичээж буй гол зүйл бол дэлхий дээрх амьдралын гарал үүсэл зайлшгүй байсан уу, бид нарны аймгийн бусад гарагаас амьдралын ул мөрийг олж чадах уу гэсэн асуулт юм” гэж тайлбарлав. Энэ бол эрдэмтдийн хариулж чадахгүй байгаа гол асуулт. Гэхдээ тэд энэ асуултын хариултыг үргэлжлүүлэн хайх болно. Иймд олохын тулд тэд одоо Беннугаас авчирсан дээжийг аль болох нарийвчлан судалж, манай гараг болон түүний хамгийн ойрын сансар огторгуйн хөршүүдийн түүхийн талаар ихийг мэдэж авахыг хичээх болно. Мөн үүнээс өмнө 2014 оны сүүлээр хөөргөсөн Японы “Хаяабуса-2” тандалтын төхөөрөмж “Бенну” гаригаас хоёр дахин том хэмжээтэй, дэлхийгээс 340 сая километр зайд орших “Рюгү” бага гаригаас 2020 онд авчирсан 5.4 грамм дээжнээс ус олдож, тухайн үедээ судлаачдын дунд шуугиан тарьж байсан билээ. Энэ удаа Беннугийн дээж бүр ч илүү шуугиан тарилаа.

 

Орчуулсан

Г.АМАРСАНАА