Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Б.Ганбаяр: Татвар, НДШ-ийн дарамтаас болж дотоодын том компаниуд Монголоос гарах гэж байна

Санхүүгийн шинжээч, хөрөнгө оруулагч Б.Ганбаяртай ярилцлаа.


-Монголд бизнес эрхлэх хэцүү байна уу. Та яагаад аж ахуй эрхлэхээ больсон юм бэ?

-Би сүүний жижиг цех ажиллуулж, арваад хүнийг ажлын байраар хангаж байгаад, өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр зарсан.

-Ямар шалтгааны улмаас зарах болсон талаараа ний нуугүй ярихгүй юу?

-Аж ахуй эрхэлж буй хүнд хамгийн том дарамт нэгдүгээрт, Нэмэгдсэн өртгийн албан татвар байдаг. Хоёрт, Нийгмийн даатгалын шимтгэл. НДШ одоо ид яригдаж байна. Өмнө нь бизнес эрхлэгчид энэ тухай хоорондоо л ярихаас ил ярьдаггүй байсан. Нийгмийн даатгалыг хүмүүс ажилчин л төлдөг гэж боддог ч аж ахуйн нэгж ажилтантайгаа бараг тэнцүү хувиар нэмж төлж байна. Цалинг нь нэмье гэхээр яг тэр нэмснээсээ давсан хувиар шимтгэл төлөх ёстой болдог. Компаниас өгч байгаа хувь нь ямар шаардлагатай, ямар хэрэгтэй, ямар ач холбогдолтой вэ гэдэг нь тодорхойгүй, төлөөд л яваад байдаг.

Энэ нь эргээд ажилчдынхаа цалинг нэмэх, ажилтнаа тогтоон барих, илүү хөгжүүлэх боломжийг хаачихдаг. Сүүлдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад яваад байхаар нийгмийн даатгалын төлөлт нь худлаа гараад, эргээд ажилтандаа сөрөг нөлөөтэй байсан. Бодитоор нь төлөөд нэг хэсэг явж үзсэн. НДШ-ийн асуудлаас болж нэг хэсэг өрөнд орсон. Арай гэж өрөө дараад, “За больё” гээд цехээ зарсан.

-Цахилгааны үнэ тарифыг нэмсэн. Аж ахуй эрхлэхэд төр засгийн энэ шийдвэр хэрхэн нөлөөлсөн бэ?

-Хүмүүс цахилгааны үнэ тарифыг 20, 30-хан хувь нэмэгдсэн гэж бодож байгаа ч сайн тооцоолоод харвал зарим хэсэг дээрээ 450 орчим хувиар буюу 4.5 дахин нэмэгдсэн байгаа юм. Ялангуяа эрчим хүч, дулаан зарцуулалт дээр аж ахуйн нэгжээр тооцдог. Аж ахуйн нэгжийн төлдөг үнэ айл өрхийн тарифаас хамаагүй өндөр шүү дээ. Бизнес тасралтгүй, тогтвортой явж байтал цахилгааны өдөр, шөнийн тариф хэд дахин нэмэгдээд эхлэнгүүт гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Ингэхээр хэрэглэгчид яаж худалдаж авах билээ. Худалдан авагчгүй болно. Тэгээд орлогогүй болох нь тодорхой. Хүмүүс нэг юмыг бас анзаарахгүй байгаа юм.

-Тэр нь юу вэ?

-Цахилгааны үнэ нэмэгдсэн. Цэвэр, бохир усны, дулааны үнэ нэмэгдээгүй байна. Ялангуяа сүүний үйлд вэрлэл зэрэг хүнсний аж ахуй эрхэлдэг хүмүүсийн нэг мэддэггүй асуудал нь технологийн буюу халуун уурны тариф мөн адил нэмэгдэж байгаа юм. Эдгээрийн үнэ нэмэгдэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ордог гол процессын тариф нэмэгдэнгүүт бүтээгдэхүүний суурь үнэ дор хаяж 20 хувь нэмэгдэх болчихож байгаа юм. Та бод доо. Өнөөдөр сүү НӨАТ-гүй тулдаа л 4000-5000 төгрөгийн хооронд хэлбэлзээд яваад байна. Хэрвээ НӨАТ-тай байсан бол шууд 20 хувь нэмэгдэнэ. Технологийн уурын нэмэгдэл ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ нэмэгдвэл үйлдвэрлэгчид сүүний үнийг шууд 20 хувь нэмэхээс өөр аргагүй болно. Сүү хэрэглэж сураагүй, сүүний хэрэглээ багатай байгаа энэ үед үнэ нь нэмэгдчихвэл юу болох вэ. Талхны үнэ ойлгомжтой, шууд нэмэгдэнэ. Бас л технологийн уур хэрэглэдэг. Хүнсний салбарт байнга хэрэглэгддэг. Хүмүүс анзаардаггүй, мэддэггүй болохоос нарийн тех нологийн уур зайлшгүй хэрэглэх болдог.

-Та эрсдэлээ урьдчилж хараад бизнесээ зарахад хүрчээ дээ?

-Тийм ээ, би урьдчилж харсан.

-Бизнесээ орхиогүй гүрийгээд яваа хүмүүст ямар нэг эрсдэл учрахаар байна уу?

-Засгийн газраас өргөн бариад байгаа татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлт. НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, Татварын ерөнхий хууль. Энэ хуулиудын төслийг харахад манай татварын орчин сайжрах байдал ерөөсөө харагдахгүй байгаа юм. ААН-үүд дээр ч дарамт улам нэмэгдэж ирж байна. Хэлэлцүүлэг явуулаад байгаа хуулийн өөрчлөлтийн төслийг сайн уншаад харвал, хувь хүний орлогын албан татварыг суурь тооцоо дээр жишээлбэл, 120 сая төгрөгийн босго байгаа. Энэ босгод юу юуг хамруулж ойлгох юм бэ гэдэг нь өөр болоод явчихсан байна.

-Өмнө нь ямар байсан бэ?

-Зарим орлогуудыг тооцдоггүй байсан. Гэтэл бүгдийг нь тооцдог болгоод оруулаад ирж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, өөрийн эзэмшсэн мэргэжлээр хар яриагаар “халтуур”, зөвлөн туслах үйлчилгээ ганц, хоёр удаа үзүүлдэг. Тэр орлогыг суурь 120-ын босгод оруулж тооцохоор болж байгаа юм. Шатлалаараа тооцвол бараг 30 гаруй хувийн татвар төлнө. Одоо бид 20 хувийн татвар төлж байгаа. Уг нь бид татварыг хөнгөлье, чөлөөлье, хамрах хүрээ, татварын суурь баазаа томруулах бодлого барих байтал эсрэгээр нь суурь баазаа хумиад, дээр нь татварын шатлалуудаа нэмээд явчихаар хувь нь нэмэгдэнэ. Ингэхээр яаж өндөр цалинтай ажилчид тогтвор суурьшилтай ажиллах юм бэ.

-Монголд уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүс л гайгүй цалин авч байна. Хэрвээ татварын шатлалууд нэмэгдвэл тэдний татварын хувь хэмжээ өснө гэсэн үг үү?

-Манай уул уурхайн салбарт ажилладаг, гайгүйхэн шиг том, дунд компанийн дундаас дээш түвшний менежерийн цалин бараг хоёрдугаар шатлалтай татвартаа ороод эхэлнэ. Бараг 30 хувийн татвар төлнө гэсэн үг байхгүй юу. Хувь хүний албан татвар шүү. Энийгээ дагаад Нийгмийн даатгалын тухай хуулиараа шимтгэл нь бас өндөр болоод явчихна. Ингээд эхлэхээр аж ахуйн нэгжүүдэд гайгүй сайн мэргэжилтэй, дадлага туршлагатай хүмүүсээ ажиллуулъя, өндөр цалин хангамж олгоё гэхээр одоо мөрдөгдөж байгаа болон шинээр өргөн барьсан татварын хуулиуд энэ чигээрээ батлагдвал Монголд ажиллах хүч бүр олдохоо байна. Бизнес эрхлэх ямар ч боломжгүй болж эхэлнэ.

-Өөр анхаарал татаж буй ямар асуудал байна вэ?

-Давхар татварын асуудлыг ерөөсөө хэн ч ярихгүй байна. Нэг татвар төлсөн дүнгээс дахиад татвар аваад байгаа нь хэр зөв юм бэ. Энэ өргөн барьсан хуулийн төсөл дээр ч байхгүй байна. Ийм төрлийн татвараас авчихсан бол дараа нь нэмж авахгүй шүү гэдэг заалт ерөөсөө байхгүй хэрнээ давхардуулж авна гэсэн утгатай зүйл яваад байгаа юм. Ингээд байхаар яаж бизнес хөгжиж тэлэх вэ. Ямар ч боломжгүй болж байна. Миний ойрын хүрээнийхний мэдээлснээр, Монголын дөрвөн том компани Монгол Улсаас гарах гэж байна. Өөрөөр хэлбэл, гадагшаа гараад, Монгол Улсад бүртгэлгүй болох гэж байна гэсэн үг. Гадаадын улсад бүртгэлтэй болж, тэндээ татвараа төлье гэж байна.

-Татварын дарамт их байхад өөр яалтай ч билээ…

-Томчууд ингээд гараад эхлэх нь. Тэгвэл жижгүүд нь гардаггүй юм аа гэхэд үйл ажиллагаа явуулахаа больж байна. Жижгүүд гараад эхэлбэл улсад ажил хийдэг хүнгүй болох гээд байна шүү дээ. Татварын бодлого уг сууриараа, үндсээрээ буруу яваад байна. Үүнийг зөв тийш нь залж залруулахгүй бол маш олон асуудал үүснэ. Бид өнөөдөр зөвхөн хуулийг нь л яриад байна. Гэтэл тэр хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн заалтыг яаж хэрэглэх юм бэ гэдгийг огт ярихгүй байна. Тэр журмууд нь яг зөв гарч байгаа юм уу, тооцоолол нь зөв юм уу, тэр тооцооллыг бодсон томьёо нь зөв юм уу гэдэг дээр хэн ч нэг ч үг үсэг ярихгүй байгаа нь дараагийн том асуудал. Хуулиа батална, дагаж мөрдөх журмын тухай хуулиараа журмаа баталдаг. Тэр журам нь өөрөө асуудалтай байвал яах юм бэ. Ингээд бие биетэйгээ уялдаа, хамааралтай маш олон салбар нэгийг нь буруу хийчихэд л нөгөөхдөө дам дам нөлөөлөөд явчихаж байгаа юм. Өнөөдөр ХХОАТ гээд, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа өөрийнхөө дур сонирхлоор юм хийж буй хүмүүсээс тухайлбал, хувьцаа, бонд зарж ашгаас нь авдаг татварыг нэг хувь гээд хөнгөлж чөлөөлнө гэсэн гоё заалт байна.

-Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юу?

-Хэрэгжиж байгаа. Өнгөцхөн харахад гоё байна. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлэхээр дагаж мөрдөх батлагдсан журам нь юу вэ. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хоёрын баталсан журам нь өөрөө алдаатай. Энэ журмаас болоод зүгээр байсан хүмүүс нь өрөнд орно. Дээрээс нь манай бизнесийн орчны хамгийн том санхүүгийн салбарыг тэр чигт нь унагачихаж байна. Хууль нь зөв хууль гарсан. Гэтэл тэр хуулийг дагаж мөрдөж буй журмыг буруу гаргасан. Одоо ингээд Монгол Улсад гадны том хөрөнгө оруулагчид орж ирэхээ болиод, эсрэгээр Монголоос хөрөнгө нь гадагшаа гардаг болчихоод байна. Энэ нь хамгийн наад зах нь журмаас л болж байгаа юм. Нэг хувийн хөнгөлөлтийг яаж тооцох юм бэ, яаж тооцож авах вэ гэдэг журмаас болоод гадны хөрөнгө оруулалт Монголд орж ирэхээ больсон. Эсрэгээрээ Монголын хөрөнгө оруулалт бүгд санхүүгийн салбараас гараад, гадагшаа явж байна.

-Дотоодынх гадагшилж байгааг илтгэх нотолгоо бий юү?

-Энэ бол их энгийн статистик судалгаатай тоо л доо. Өнөөдөр дөрөвдүгээр сарын эхний долоо хоног өнгөрч байна. Гэтэл сүүлийн яг нэг жилийн хугацаанд явагдсан санхүүгийн салбар дахь нийт үйл ажиллагаа, арилжааны тоо энэ журам батлагдангуут эрс буурсан байна. Бид тэнэг хүмүүс биш шүү дээ. Буруу тооцоолол байна гээд хэлээд байхад тэр чигээр нь баталчихсан. Энэ хэрээр санхүүжилт гараад явчихаж байгаа юм. Санхүүгийн салбарын энэ байдал бусад салбартаа ч нөлөөлөөд эхэлж байна. Мөнгө нь Монголдоо байхгүй, гадагшаа гараад явчихсан. Энэ бүхний эцэст Монголд мөнгө байхгүй, ажиллах хүч байхгүй болно. Дээр нь том компаниуд нь Монгол Улсад бус, татварын таатай улсуудад бүртгүүлээд явж байна. Энэ бол бүр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр яригдсан асуудал юм. Би ямар нэгэн байдлаар таагаагүй, тэдгээр компаниудын нэрийг хэлж болохгүй. Энэ бүхэн манай хууль цогцоороо, системээрээ буруу яваад байгаагийн л илрэл.

-Энэ байдлыг хамгийн түрүүнд мэдэрч байгаа салбар гэвэл?

-Санхүүгийн сал барын хан. Дараа нь жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн. Жижиг, дунд дотроо хүнсний салбарынхан илүүтэй мэдэрч байна. Дараа нь хувцас, оёдлын салбарынхан бүр их мэдэрч байна. Худалдан авагчгүй болж эхлэхээр ажлаа яах вэ, борлуулалтаа яах вэ, өр зээлээ яах вэ гээд дагаад санхүүгийн салбартаа буцаад ирнэ. Зээлийг хэнээс авах вэ, банк болон банк бусаас авч байгаа. Зээлээ төлж чадахгүй болвол чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдээд эхэлнэ. Үүнийг дагаад банкны өр, зээлийн харьцаа алдагдана. Ингээд улсын эдийн засаг унах нөхцөл бүрдэнэ. Эндээс манайд яригдаж байгаа асуудлууд бүгд орвонгоороо буруу яваад байна. Тиймээс татварын зөв бодлого барих хэрэгтэй. Одоо бидний ярих дуртай, АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп хамгийн түрүүнд гаргасан татварын бодлогоороо дотоодод байгаа татварыг бүгдийг нь тэглэчихлээ. Харин гадаадаас бараа оруулж ирж байгаа бол нэмнэ гээд, хамгийн бага нь 10, тэгээд 40, 50 гээд явчихаж байна. Тэрэнтэй адилхан биш юм аа гэхэд бид тэр хүмүүсийн зөв юмыг дуурайх хэрэгтэй байна шүү дээ.

-Тухайлбал?

-Татварыг ямар нөхцөлд тэглээд байна вэ, ямар татварыг нэмэх ёстой вэ гээд. Гэтэл манайх дотооддоо үйлдвэрлэж байгаа хүмүүсээсээ өндөр татвар авна гээд, импортоор орж ирж байгааг татвараас чөлөөлнө, тэглэнэ гэж яриад байгаа нь өөрөө манай бодлого яг эсрэгээрээ, буруу яваад байгааг харуулж байгаа юм. Гэтэл манайхаас өөр ийм бодлого барьж байгаа орон алга. Хорвоо дээр бараг ганцхан буруу системтэй, буруу бодлоготой нь манайх болчихоод, дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нар нь ямар ч боломжгүй, эхнээсээ гарч эхэллээ. Энэ маш том асуудал болж байна.

-Ийм байдлаас яаж ангижрах вэ, ямар гарц байна гэж та хэлэх вэ?

-Хамгийн түрүүнд хуулиа концепци, системтэй нь томоор нь харахгүй бол Монголын эдийн засаг унаж байна. Макро түвшинд өнөөдөр том зургаараа унаад эхлэхэд эргээд маш богино хугацаанд жижиг түвшиндээ хурдан мэдрэгдэнэ. Яагаад вэ гэвэл, манай эдийн засаг тийм том биш. Олон салбартай ч биш. Уул уурхайгаар дагнасан ганцхан эдийн засагтай. Тэрнээсээ олсон жаахан юмаа бусад салбартаа тарааж шингээдэг л эдийн засаг. Гэтэл ингээд татварын бодлого эсрэгээр явчихвал уул уурхайд ажиллаж байгаа тэр өндөр цалинтай хүмүүсийнхээ цалинг яах юм бэ. Татвар хоёр, гурав дахин нэмэгдээд явчихаар тэр хүмүүс яах вэ. Бодлогууд энэ мэт буруу яваад, харьцуулсан судалгаанууд ерөөсөө хийгдэхгүй байна. Нөгөө талд гишүүд хууль боловсруулахдаа яг тухайн салбарт нь байдаг, ажиллаж амьдардаг хүмүүсээс ерөөсөө санал авахгүйгээр хууль тогтоомжийн тухай хуулиар төрийн байгууллагаас судалгаа, санал авна г эдэг. Гэтэл төрийн байгууллагын ажилтан төрийн албан хаагч. Тэр тухайн салбарт ажилладаг хувийн хэвшлийн хүн биш. Тухайн хуулийг шууд өөр дээрээ авч хэрэгжүүлдэг субьект биш байхад очиж саналыг нь авдаг нь буруу байгаа юм. Ерөөсөө манай бүх хууль хорино, хаана, бооно, түгжинэ, торгоно, шийтгэнэ гэсэн агуулгатай байдаг. Ийм байхад бизнес яаж хөгжих юм бэ.

Д.Эрдэнэтуяа

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

Гаалийн Ерөнхий газраас мэдээлснээр, төлбөрийн тэнцэл 2025 оны эхний гурван сарын байдлаар 616.3 сая ам.долларын алдагдалтай гарах урьдчилсан тооцоололтой байгаа аж.

Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нүүрсний экспортын орлого буурсан нь голлон нөлөөлжээ. Нүүрсний экспортын биет хэмжээ 2025 оны эхний гурван сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 сая тонноор буурсан байна.

Түүнчлэн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаагаас шалтгаалан нүүрсний экспортын орлого өмнөх жилийн мөн үеэс 934 сая ам.доллараар буурсан. Үүнээс үзвэл 2025 оны эхний гурван сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх онтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая ам.доллараар, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар буурчээ.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт өссөн. Тодруулбал, банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд 2024 оны дөрөвдүгээр улиралд долоо хоногт дунджаар 165.0 сая ам.доллар худалдан авах санал иржээ. Уг хэмжээ 2025 оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллараар өссөн байна. Түүнчлэн өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 88 сая ам.доллараар өсчээ.

Монголбанкнаас 2025 оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа тогтмол зохион байгуулав.

Энэхүү дуудлага худалдаанд ирүүлсэн саналын биелэлтийн хувь нь Монголбанкны валютын зах дахь оролцооны түвшинг илэрхийлдэг бөгөөд тус харьцаа 2025 оны эхний улиралд 80 хувьтай байгаа аж. Гэвч дээрх улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэйгээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2025 оны нэгдүгээр улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларчээ.

Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтарсан арга хэмжээ авч ажиллаж буй бөгөөд гадаад валютын улсын нөөц 5.0 тэрбум ам.доллар (валютын төлбөртэй барааны импортын 5.9 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу олон улсын жишиг доод түвшнээс 2.9 сараар илүү)-т хадгалагдаж байгаа ажээ.

 

Д.ЭРДЭНЭ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Эрдэнэболд: Татварын бодлогын өөрчлөлтийг илүү урт хугацааны төлөвлөлттэй, нарийн судалгаатай хийдэг байх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Автомашины татвар нэмэгдсэн. Үүнийг болиулж, татварыг буцаагаад буулгах хуулийн төсөл яригдаж байна. Энэхүү хуулийн төслийг та дэмжиж байгаа юу?

-Ер нь татварын шинэчлэлд иж бүрнээр хандаж, нухацтай өөрчлөлт хийх шаардлагатай. Янз бүрийн татвар, төлбөрийг хэсэгчилсэн байдлаар нэмээд байх нь тийм ч зохимжтой биш. Автомашины татварыг нэмэгдүүлснээр уг татварын дарамт нь хэний нуруунд тусах. Хотын агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг тулгамдсан асуудлыг шийдэхэд эдийн засгийн хөшүүрэг болж чадах уу гэх мэт асуудлын үүднээс нарийн судалгаа хийж байж нэмэх байсан. Тийм учраас автомашины татварын хувь хэмжээг бууруулах асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй Татварын багц хуулийн хүрээнд нэгдмэл зарчим баримтлан эргэн авч үзэх шаардлагатай гэж харж байна. Нийслэл хот дахь төлбөрийн чадвартай чинээлэг, баян иргэдийн өмчлөн эзэмшиж буй автомашины тоо болон дунд, доогуур амьжиргаатай иргэдийн машины тооны харьцааг судлан авч үзэх нь чухал.

-Тэгэхээр автомашины татварыг буулгах хэрэгтэй гэж харж байна уу?

-Миний бодлоор хоёр дахь бүлгийн иргэдийн автомашины тоо давамгай тул нэмэгдсэн татварын дарамт нь тэдэнд л тусна. Нөгөө талаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд хуучин бөгөөд их утаа ялгаруулдаг машины импортыг хязгаарлах, замын даацад нийцүүлэн машины тоог зохистой түвшинд барихад чиглэгдсэн ялгавартай татвар нь эдийн засгийн бодитой хөшүүрэг болж байх ёстой.

-Хэрэв автомашины татварыг буцаагаад буулгах тухай хуулийн төсөл дэмжигдээд батлагдвал нэмэгдсэн дүнгээр татвараа төлсөн иргэдийн төлбөрийн зөрүүг яаж шийдэх боломжтой вэ?

-Татварын шинэчлэлд цогцоор хандах талаар би дээр хэлсэн. Хэрэв өөрийн чинь яриад байгаа дээрх хууль өөрчлөгдөж, татвар буурах шийдвэр гарвал уг асуудлыг хэд хэдэн хувилбараар шийдэх боломжтой.

Нэгдүгээрт, нэмж төлсөн дүнг дараа жилийн татвараас суутган тооцож болно. Энэ нь төсвийн урсгал зардалд онцын нөлөө үзүүлэхгүй. Иргэдийн хувьд ч хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болов уу. хоёрдугаарт, татварын буцаалтыг үе шаттай, тодорхой хуваарийн дагуу буцаан олгож болох юм. Цаашид татварын бодлогын өөрчлөлтийг илүү урт хугацааны төлөвлөлттэй, нарийн судалгаатай, иж бүрэн хандаж хийж баймаар байна. Үүнд иргэдийн амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож, олон нийтийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байж шийдэх нь зүйд нийцнэ. Түүнчлэн татварын орлого, зарцуулалтыг иргэдэд аль болох ил тод тайлагнаж байх нь ач холбогдолтой.

-Нэр бүхий УИХ-ын гишүүд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Та гишүүнийхээ хувьд уг асуудлыг дэмжих үү?

-Нэгдэж, хамтран санаачилна.

-Та УИХ-ын Хүний эрхийн дэд хороог ахалдаг. Энэ утгаараа Монгол Улсад хүний эрх яг ямар байдалтай байгаа вэ?

-Хүний эрх өөрөө философи буюу гүн ухааны түвшнээс эхлээд цахим шилжилттэй холбогдоод ирэхээрээ өргөн хүрээний ойлголт. Нэрт сэтгэгчид, философичдын үзэж байгаагаар хүний хамгийн нэн тэргүүний эрхүүдийг хэлье. Нэгдүгээрт, хүн амьд явах эрхтэй. эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх. Өнөөдөр манай улсад өдөрт 14 хүн хорт хавдраар нас барж байна. Жилд 3-4 мянган хүн хорт хавдар тусаж байна гэдэг нь өвчин тусаад үхэж, үрэгдээд байгаа асуудал биш. Анхдагч эрх нь хангагдахгүйгээсээ болоод тухайн хүний өвдөх нөхцөл бий болж байна. үүнээс болоод амь насаа хүртэл алдаж байгаа. Нөгөөтэйгүүр хүний эрх хаана огтлолцдог вэ гэхээр өмч дээр ирээд уулздаг. Би өөрийнхөө эзэн нь үү, эзвэл бусдын боол болж явах уу гэдэг нь явж явж өмч дээр ирээд хүний эрхийн асуудал нийлдэг. Монголчууд хэлдэг дээ, бусдын эрхэнд жаргахаар өөрийнхөө эрхээр зов гэж. үүнээс харвал бид эртнээсээ хүний эрхийг хамгаалсан, хүний эрхийг шүтсэн үзэлтэй байсан.

-Манай улсад хүний эрх зөрчигдөх асуудал их байдаг. Сошиалаар сэтгэгдлээ илэрхийлж байгаа иргэдийн ихэнх нь ямар нэгэн байдлаар эрхээ хамгаалуулж чадахгүй байна гэдэг зүйлийг ярьдаг шүү дээ…?

-Том зургаараа Монгол Улсад хүний эрх хангагдахгүй байгаа хоёрхон шалтгаан байна. Тэр нь авлига, шударга бус байдал. Нүүрстэй холбоотой алдагдсан боломж гэхээр 17 их наяд төгрөгийн асуудлыг ярьдаг. Нүүрстэй холбоотой хулгайг 30, 40 их наяд төгрөгөөр ярьж байна. Нийгмийн шударга бус байдал буюу хууль гууль болчихсон ийм нөхцөлд хүний эрх уланд гишгэгдээд байна гэдэг зүйлийг ярихаас өөр аргагүй. Тэгэхээр хүний эрх гэдэг асуудлыг тусад нь авч үзэж байгаад сайжруулах гээд зүтгэх нь буруу. хуулийн засаглалыг хэлбэртэлгүй хэрэгжүүлэх, эдийн засаг буюу бизнесийнхээ орон зайг чөлөөтэй болгох гэх зэргээр салбар, бодлогын бүх түвшинд хүний эрхийг хангах, сайжруулах, баталгаажуулах асуудлыг авч үздэг байх хэрэгтэй.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ эдийн-засаг

Улаанбуудайн гурилын импорт I улиралд 2.7 дахин өсчээ

Улаанбуудайн гурилын импорт I улирлын байдлаар 15.8 мянган тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 дахин өссөнийг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна. Харин 1.7 мянган тонн улаанбуудай импортолсон нь өмнөх оны мөн үеэс 97.4 хувиар буурчээ.

Энэ онд 360 мянган га талбайд улаанбуудай тариалах төлөвтэй байгааг ХХААХҮЯ мэдээлж байсан ч улаанбуудайн гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс ихээхэн хамаарахаар байгааг тодотгож байна.

Үүнээс гадна өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүнүүдийн импорт ерөнхийдөө өссөн үзүүлэлттэй гарлаа. Цагаан будааны импорт 95 хувиар, өтгөрүүлсэн болон хуурай сүү 77.8 хувь, хүнсний ногоо 22 хувиар өсжээ. Мөн өндөгний импорт 3.6 дахин нэмэгдэж, оны эхний гурван  сарын байдлаар 33.9 сая ширхэг өндөг ОХУ-аас худалдан авсан байна.

Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээр батлагдвал 90 сая ширхэг хүртэлх өндгийг гаалийн татварыг 50 хувиар бууруулж, 7.5 хувийн татвар ногдуулна. Мөн 50 мянган тонн улаанбуудайг 3.75 хувийн татвартай импортлохоор тохиролцоод байгаа юм.

Хэлэлцээрийн хүрээнд нийт 366 барааны жагсаалтыг эцэслэн тохирсныг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээлж байв. Гэхдээ хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлд ихээхэн нөлөө үзүүлэхийг МУИС-ийн судлаачид танилцуулсан юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.1 хувиар буурах тооцоолол гарсан бол аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 17.9 хувиар агших эрсдэлтэй. Түүнчлэн импорт 4.72 хувиар, экспорт 3.7 орчим хувиар тус тус өсөхөөр байгааг мэдээлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: BloombergTV

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлж Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга мэдээлэл өгч буй.

Гадаад валютын албан нөөц энэ сарын 07-ны байдлаар  таван тэрбум ам.доллар буюу өмнөх долоо хоногийн түвшинд байна. Монгол Улсын экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад есөн хувиар өсөж, 237 сая ам.долларт хүрсэн. Үүнд зэсийн баяжмалын экспорт, ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт өмнөх долоо хоногоос 19 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тус хуралдаанд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний өртгийг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын экспортод тулгарч буй тээвэрлэлт, агуулах, биржийн арилжаанд үүсээд буй хүндрэл зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг Сангийн сайд мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Суудлын автомашины импорт 2.7 хувиар өсчээ

Гаалийн ерөнхий газраас суудлын автомашины импорт ба нүүрсний экспортын мэдээг танилцууллаа.

Монгол Улс 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 38,111 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар өссөн үзүүлэлт юм. 

2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 6,957 ширхэг ачааны автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Монгол Улс 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр 315.0 мянган тонн нүүрс, оны эхнээс 17,188.1 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар буурсан үзүүлэлт.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.

Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байна

Монголбанкны хамгийн сүүлийн мэдээллээр гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум ам.доллар байв.

II сард 4.7 тэрбум ам.доллар байсан бөгөөд III сарын сүүл гэхэд ийн өсөлттэй гарсан ч өнөөдрийн байдлаар ам.долларын ханш түүхэн дээд түвшиндээ хүрээд байна.

Гадаад валютын нөөц 4 тэрбум 995 сая 97 мянган ам.долларт хүрсэн нь сарын өмнөхөөс 4.8 хувиар өссөн дүнтэй бол оны эхнээс 9.33 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. З

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн тэрбумтнууд нэг өдрийн дотор 208 тэрбум ам.доллар алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын бүх бараанд татвар ногдуулснаас үүдэн дэлхийн зах зээлд уналт болсны дараа манай гаргийн хамгийн чинээлэг 500 хүний нийт хөрөнгийн хэмжээ ганцхан хоногийн дотор 208 тэрбум ам.доллароор багассан тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

“Bloomberg Billionaires Index”-ийг (BBI) гаргаж эхэлснээс хойших 13 жилийн хугацаанд тэрбумтнуудын нийт хөрөнгө нэг өдрийн дотор хамгийн их хэмжээгээр буурсан дөрөв дэх тохиолдол, “COVID-19” цар тахлын үеэс хойших хамгийн их хэмжээгээр унасан анхны тохиолдол нь энэ болжээ.

Жагсаалтад багтсан тэрбумтнуудын талаас илүү хувийнх нь хөрөнгө дунджаар 3.3 хувиар буурсан байна. Meta корпорацын тэргүүн Марк Цукерберг, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос зэрэг Америкийн тэрбумтнуудын хөрөнгө хамгийн ихээр буурсан бол Мексикийн тэргүүн баян Карлос Слим татварын сөрөг нөлөөлөлд өртөөгүй цөөн хэдэн тэрбумтнуудын нэг болжээ.

Хамгийн их алдагдал хүлээсэн тэрбумтан бол М.Цукерберг юм. “Meta” компанийн хувьцаа пүрэв гаргийн арилцааны явцад 9 хувиар унаснаар түүний хөрөнгө 17.9 тэрбум ам.доллароор буурлаа. “Amazon”-ы хувьцаа мөн 9 хувиар унаж, үүсгэн байгуулагч Безосын хөрөнгө 15.9 тэрбум ам.доллароор багасжээ.

“Tesla” компанийн хувьцааны ханш 5,5 хувиар унасны улмаас гүйцэтгэх захирал Илон Маск 11 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Дэлхийн 185 улс орон, нутаг дэвсгэрээс нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаар шийдвэрлэснээ Д.Трамп дөрөвдүгээр сарын 2-нд мэдэгдсэн юм. Тэрбээр татварын доод хэмжээг 10 хувиар тогтоож, улс орнуудад тус тусад нь тариф ногдуулсан юм. Эл шийдвэрийг танилцуулсны дараа АНУ-ын зах зээл уналтад орсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт 10.5 хувиар буурчээ

Монгол Улс 2025 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 315.2 мянган тонн нүүрс, оны эхнээс 16.291.1 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.