Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Байгаль дэлхий бэлгээ өгч байгаа шиг та ч гэсэн хайрлаарай DNN.mn

Зуны зугаатай цаг үргэлжилж, хүн бүр аялж зугаалж, хөгжилтэй хөөртэй өнгөрүүлж буйгаа алга ташин цахим орчинд нийтэлж байна.

“Байгаль дэлхий өнгөө байх ёстой хамгийн гоё дээрээ тавьж, мал амьтны зоо тэнийсэн сайхан зун болж байна” хэмээн танил маань цахим хуудсандаа нийтэлжээ. Зан сайтай айлд хүн болгон цугладаг замаг сайтай нууранд шувуу болгон чуулдаг гэдэг шиг байгаль хишгээ хайрлаж байгаа шиг та ч гэсэн хайрлаарай. Хаа сайгүй хогоо хаялаа, бие заслаа гэх агуулгатай нийтлэлүүд ч цахим орчинд их байна.

Эх дэлхий бидэнд алгаа тэнийлгэсэн шиг аялагч, жуулчлагч та ч гэсэн майхнаа тэнийлгээд буухад ямар байсан тэр чигээр нь орхин явж заншаарай.

Тээврийн цагдаагийн албанаас авсан мэдээллээр баяр наадмын өдрүүдэд хотоос гарсан автомашины тоо зөвхөн нэг пост дээр 63 мянга гэсэн баримт бий. Хэрвээ үүнийг хотыг тойрсон таван постдоо дундажлаад 60 мянгаар тооцон үржүүлбэл 300 мянган автомашин хотоос гарсан байх боломжтой.

Дотоодын аялал жуулчлал хөгжсөнөөр мөнгөний урсгалыг орон нутаг руу чиглүүлэх томоохон давуу талтай гэдэг.

Тэгэхээр аялж байгаа хэн бүхэн хогоо хогийн цэгт аваачиж, боломжтой бол өөрсдийн ариун цэврийг ч бодсон био 00 авч яваад бие засах боломжтойг туршлагатай аялагчид сануулж байна. Эх дэлхийгээ хайрлаад л байвал ургаад л байна. Цэвэрлээд л байвал цэцэглээд л байна шүү дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үг бодитой байдгийг О.Хангай харууллаа DNN.mn

Үг амьтай байдаг, бодит зүйл. Тиймээс шүншиг ерөөлийг бодож ямагт сайн сайхан үг хэлж бай, хэзээд биелдэг тухай сургаал номлолд байдаг. Энэхүү сургаалыг дагаж мөрддөг, аль болох ерөөл бэлгэтэй үг хэлэхийг эрхэмлэх хүмүүс мэдээж олон. Гэхдээ манайхны дийлэнх нь үгийн хүч, үгийн ид шид, бодит чанарт тэгтлээ үнэмшдэггүй. Чин зүрхнээсээ сүсэглээд байдаггүй. Бурхан шашны, ном соёлын хүмүүсийн ажил гэж өөрөөсөө холдуулах нь бий.

Харин үг амьтай байдаг, нөлөөт толь шиг сайны тусгал өгдгийг олон хүний жишээ, амьдралын зам мөр бидэнд харуулдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд төрийн наадмын түрүү бөх О.Хангай өмнө нь “Улсын аварга” хэмээн өөрийнхөө цолыг дуудуулсан явдал. Тодруулбал, өнгөрөгч жил харцага цолтнуудын халз барилдааны үеэр улсын гавьяат жүжигчин, бөх цоллооч Б.Мөнхбаатараар цолоо дуудуулсан байдаг. Тэгэхдээ “Ахаа та намайг аварга гээд дуудаад өгөөч, монгол хүн амны бэлгээр гэдэг дээ” хэмээн санаандгүй хэлчихжээ.

Засуул түүний хэлсэн ёсоор цолыг нь дуудахдаа Ардын хувьсгалын 100 жилийн их ойгоор түрүүлнэ, тэгээд аварга болох учир 101 жилийн ойн наадамд аварга цолтой зодоглож байгаагаар ерөөл бэлгийг бодож цолыг нь дууджээ. Тэгтэл Мөнхбаатар гавьяатын цангинасан хоолойгоор тал нутгийг цуурайттал дуудуулсан “Монгол Улсын аварга” хэмээх тэр үг өнөө жилийн их баяр наадамд биелэлээ олсныг бүх Монгол даяараа бахархан харлаа.

Үг гэдэг ийм ид шидтэй, хүчтэй, амьтай байдаг байна. Үнэхээр бодит байдгийг Хангай аваргын энэхүү үйлдэл монголчууд бидэнд бататгаж харууллаа. Сайн юм бүхэн сайныг дагуулдаг гэдэг энэ. Аливаа зүйлд дандаа ерөөл бодож, буян хишиг санаж, ариун цагаан зам мөртэй явахыг эрхэмлэхүйд нэг л өдөр танд шагнал нь ирнэ. Үндсэндээ сайн сайхан сэтгэлийн тань үг бодитойгоор оршиж бурхны бэлэг мэт танд ирнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эцэг хуулиа өөрчлөх ээлжит бус чуулган хэзээ хуралдах вэ DNN.mn

Өнгөрсөн хаврын чуулганы үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал улс орон даяар хэлэлцэгдэж, бараг л ээлжит чуулган өндөрлөхөөс өмнө хуулийн төслийг боловсруулж, батлуулах шахсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үнэхээр хийх хэрэгтэй юу эсвэл цаг нь болоогүй юу гэдгийг эрх баригчид ард түмнээсээ асуусан. Ард түмний үзэж байгаагаар тодорхой, зоригтой өөрчлөлт хийхгүй л юм бол өөрчлөх шаардлага байхгүй гэсэн хандлагатай байгааг тойрогтоо ажиллаж ирсэн гишүүд хэлцгээж байсан. Тэрхүү зоригтой, томоохон өөрчлөлт гэдэг нь хоёр парламентын танхимтай болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог болох, давхар дээлийн хязгаарлалтыг арилгах зэрэг асуудлууд юм. Мөн сонгуулийн тогтолцоог холимог болгох, ингэхдээ нээлттэй пропициональ тогтолцоог сонгох зэрэг агуулгаар Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг ард түмэн дэмжиж байгаа хэрэг.

Наадам, найр өндөрлөж, намрын их ажил эхэллээ. Улс төр, улс орны эдийн засгийн амьдрал халж эхэлж байна. Ардын хувьсгалын зуун жилийн ойгоо улс орон даяараа тэмдэглэн өнгөрүүллээ. Зуун жилийн түүхтэй ардын нам одоо Үндсэн хуулийн томоохон өөрчлөлтүүдийг хийж, эцэг хуулиа өөрчлөх ээлжит бус чуулганаа нэн даруй зарлах шаардлагатай байна. Наадмын өмнөх чуулганы хуралдааны үеэр гишүүд, улс төрчид ээлжит бус чуулганыг наадмын амралтын дараа хуралдуулах тухай ярьж байсан. Одоо энэ цаг үе ирж байна.

Намрын чуулганаас өмнө эцэг хуулиа өөрчилж, улс төрийн тогтолцоогоо сайжруулж, парламентын сонгогдог жишгээр улс орноо удирдахгүй бол энэ улсын эдийн засаг, дээр дооргүй улсын төсвөөсөө идэж уудаг, асуудалд дандаа жалга довын хандлагаар оролцох зэрэг нь хэрээс хэтэрлээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Габриель гарсиа Маркес “шилмэл тууж, өгүүллэгийн түүвэр” DNN.mn

Үлгэр домог, ид шидийг өдөр тутмын бодит амьдралд тусган хүүрнэдэг ХХ зууны уран зохиолын нэгэн гайхамшигт үзэгдэл бол шидэт реализм юм. Орчуулагч еншөөбү Э.Ганболд тэрхүү шидтэнгүүдийн нэг Колумбын зохиолч, Нобелийн шагналт Габриель Гарсиа Маркесийн “Ирендира охины итгэмээргүй гунигт түүх” тууж, бусад есөн өгүүллэгийг англи хэлнээс орчуулан гаргажээ. Эхний туужид харгис хатуу эмэг эхдээ зарагдаж байгаа, осолдож гал алдсан хөөрхий охины биеийг үнэлүүлж төлбөр төлүүлж байгаа гунигт түүх гардаг. Энэ түүхийг хил дамнуулан наймаалагчид, цөлд тэнүүчлэгч даяанч санваартан, алдуул зайгуул эрчүүд, гуйлгачин ядуу индианчууд, тонуулчин дээрэмчин, янхадын түүхтэй сүлжилдүүлэн өгүүлэх ажээ. Эцэстээ охины сахиусан тэнгэр мэт царайтай дурлалт хөвгүүн эмэг эхийг нь хутгалан цэв цэнхэр цус олгойдон нас барж байна. Харин “Үхэл дурлалаас ч хүчтэй” өгүүллэгт сонгуулийн сурталчилгаа хийж яваа сенатын гишүүн нэгэн сайхан хүүхэнд дурласан ч тэрхүү хүүхэн нь төмөр агтавчтай, агтавчных нь түлхүүр аавд нь байх бөгөөд эцэстээ сенатын гишүүн аавынх нь хууль бус хүсэлтийг биелүүлэх ам өгнө.

“Алдагдсан цагийн тэнгис” өгүүллэгт хөдөө тосгонд ирсэн америк баяны тухай өгүүлнэ. Америк баян хүн бүгдэд мөнгө өгөх бөгөөд сүүлдээ тэнгист загас мэт хөвж явахдаа олон талийгаач улам залуу сайхан болсныг гайхан үзэж байна. Төрөлх тосгон нэгтнүүдээ тонон дээрэмдэж огцом баяжсан нэгний тухай “Монтиелийн бэлэвсэн эхнэр” өгүүллэгт гарна. Үхсэнийх нь дараа бэлэвсэн эхнэр нь ганцаардан зожгирсоор үхэж буй тухай, гадаадад дүрвэн гарсан хүүхдүүд нь гэртээ хэзээ ч эргэн ирэхгүй тухай энэ өгүүллэгт хүүрнэсэн байна. Тэгвэл нэгэн бүс нутгийг үе дамжин эзэгнэж засаг захиргаа, улстөрчдийг бүрэн эрхшээлдээ оруулсан айхтар нөлөөт эмгэний оршуулгыг тойрсон мянган адал явдал түмэн үйл явдлыг “Их ээжийн оршуулга” өгүүллэгт дүрслэн харуулсан байна.

“Зургаан цагт ирсэн бүсгүй” бол бас тун сонин өгүүллэг. Өгүүллэгийн гол баатар бүсгүй хоолны газарт хэдэн цагт ирэв, хэн гэгч вэ, ердийн дурлалт бүсгүй юм уу, биеэ үнэлэгч юм уу, цаашид яах гэж байна гэдэг нь оньсого таавар мэт харилцан ярианд тулгуурласан зохиол ажээ. “Тутгалжингийн шөнө” өгүүллэгийн баатрууд хараатай ч юм шиг, сохор ч юм шиг, өдөр ч гараад байх шиг, шөнө ч болоод байх шиг, зүүд ч юм шиг, бодит ч юм шиг гайхам сонин ертөнцөд амьдарч байна.

“Хиймэл сарнай” хэмээх бэсрэгхэн өгүүллэгт Мина гэж сарнай урладаг нэгэн үзэсгэлэнт эмэгтэй түүний сохор эмэг эх хоёрын талаар түлхүү өгүүлнэ. Хэт нуршуу биш үйл явдал тодорхой байхын зэрэгцээ сохор хэрнээ охиныхоо үйл хөдлөл хөдөлгөөн хийгээд сэтгэл зүйн байдлыг нүдээр харсан мэт мэдэх эмэг эхийн зөн мэдрэмжийг маш нарийн харуулсан. Мина бүсгүй өдөрт нь сарнайгаа урлаж олон сайхан цэцгэн баглааг шимтэн хийнэ. Эх, охин, эмэг эх гурван бүсгүйн ээдрээт амьдрал бүсгүй хүний зан байдлыг нас насны онцлогт тохируулан харуулсан ээдрээт өгүүллэг юм. Мина гэх үзэсгэлэнт эмэгтэйн амьдрал хэрхэхийг энэхүү өгүүллэгээс уншиж болно.

“Нэгэн өдрийн явдал” өгүүллэгт нэгэн тосгоны шүдний эмч залуугийн нэгэн өдрийн амьдрал гарах бөгөөд тэрхэн зуур ганцхан өдрийн ажил амьдрал шиг боловч уг өгүүллэгт хүний хандлага, зан араншин ёс суртахууны байдлыг тодоор харуулна. Хүн гэдэг өчүүхэн амьтан ганц шүд өвдөхөд л дарга цэрэг, хөгшин залуу ялгаагүй өвчиндөө дардагдан шаналж нойр хоолоо хасан бишгүй зовно. Тэрхүү нэгэн өвчин зовууриасаа салж сая өвдөөгүй мэт аашлах өчүүхэн тосгоны даргаар төлөөлүүлэн нийгэм давхаргын ялгааг энэхүү өгүүллэгт ил тод харуулна.

Габриель Маркесийн “Шилмэл тууж өгүүллэгийн түүвэр”-ээс эдгээр болон бусад өгүүллэг, туужийг сонирхон уншиж болно. Орчуулагч еншөөбү Э.Ганболд нь Уолт Уйтмен, Лин Кофин, Имре Золдос зэрэг гадаадын яруу найрагчдын бүтээлийг монгол хэлнээ Данзангийн Нямсүрэн, Дамбийн Дашдондов зэрэг найрагчдын шүлгийг англи хэлэнд хөрвүүлсэн, үргэлжилсэн үгийн хэд хэдэн номыг монголчилсон туршлагатай орчуулагч юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Наадам айсуй DNN.mn

Нар хур тэгширсэн наадам айсуй энэ үед насан багын дурсамжуудаа тэмтчин бодолд автах үе олон юм. Яармаг хэмээх зүлэг ногоон талд бага нас минь өнгөрч, жил жилийн наадам тэрхүү дэнж дээр дэлгэр сайхан болдогсон. Өнгө алагласан эрээн асрууд, өрөөд тавьчихсан мэт дэгжин гэрүүд, гийнгоо хадаасан унаач хүүхдүүд, гэрэл зураг шиг Богдхан уулын минь дэнж тэртээ холын бодолд тэсгэл алдран алсарсаар 17 зуныг үджээ.

Морины барианы газарт ойртохгүй ч алсаас тоос манаран дуниартаж, хүүхэд хөгшидгүй тэр зүг хараагаа бэлчээнэ. Айдсын даваа уруудаад морьд эргэлээ гэхэд нь “Ай даа сайхан наадаж байна шүү” хэмээн наадмын дурсамжаа бие биедээ хүүрнэн өгүүлэх өвгөдийн яриа соньхон. Хуушуурын гэрүүд дундуур явж хэнийх нь амттай бол, хаанахынх нь гоё бол гэж хайсаар арай өнгөлөг, шүүслэг хуушуурыг олж иддэгсэн. Тэр үеийн хуушуур ч одоогийн нар сар гэрэлтсэн хуушуурын хажууд “махаар зодсон” байдагсан.

Наадмын талбайгаас шороо манаруулсаар гэртээ очоод шууд л Туул голынхоо эрэг бараадан амарна. Тэнд таван хошуу мал багшралдан бэлчиж, тэмээ гэж амьтан ийм сонин юм уу гэж хүүхдүүд шуугилдана. Мэдээ орохоос тэмээ хараагүй зарим хүүхдүүд хорголыг нь хараад олдвор олсон аятай хөөрцөглөж, гэрийнхээ хойморт хоргонд хийгээд хадгалах дайны юм ярина. Хотын наадамд хотол олноороо ингэж л цэнгэдэг байлаа даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эрхэм уншигч танд 7000 дахь дугаараа эрхлэн толилуулж байна DNN.mn

Монголын хамгийн олон захиалагч, уншигчтай өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин” эрхэм уншигч танд 7000 дахь дугаараа ийнхүү хүргэж байна. Улс орны дотоодод болон дэлхий дахинд болж буй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй бодит эх сурвалж болгон биднээс үргэлж хүлээн авдаг уншигч, хамтран ажилладаг байгууллага та бүхэндээ талархъя.

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт байсаар ийн 7000 дахь дугаараа үдэж байна. Эрхэм уншигч, харилцагч та бүхэн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлагийн шинэ содон сурвалжилга, мэдээ, мэдээллийг бодит эх сурвалжтайгаар манай сониноос унших боломжтой билээ. Манай сонин цаг үетэйгээ бодлого зохион байгуулалтаа уялдуулж, залуучуудад болон гадаадад суугаа монголчууддаа зориулж цаасан сониноо цахимжуулаад удаж байна. Шинэхэн уншигч та www.DNN.mn сайтаар орж “Цахим сонин” хэсгээр нэвтэрч орсноор манай сонины өдөр бүрийн шинэ дугаарыг хаанаас ч үл хамааран унших боломжтой билээ.

Бидний эргэн тойронд бодит эх сурвалжгүй худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийн асар их эргэлт бий болсон. Тиймээс зөвхөн үнэн бодит, найдвартай эх сурвалжтай мэдээллийг “Өдрийн сонин”-оо захиалж уншсанаар авах боломжтой билээ. Дэлхийн хэвлэл мэдээллийг тодорхойлогч байгууллагууд мэдээллийн баттай эх сурвалжаар мэргэжлийн редакцтай, өдөр тутмын сонин хэвлэлийг онцолж байна. Орчин цагийн соёлт хүмүүний хандлага ч цаасан хэвлэл рүү буцаж байна. Тиймээс энэ цаг үеийн боловсролтой, соёлтой иргэн та өдөр тутмын сонины тэр дундаа хүний эрхийг хөхиүлэн дэмжигч “Өдрийн сонин”-оо захиалан уншаарай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үер усны ослоос сэргийлэхийг анхааруулсаар байтал… DNN.mn

“Сүүлийн 10 жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 2091 хүн амиа алдсан бөгөөд үүний 53.7 хувийг үер, усны ослын шалтгаан эзэлж байна. Үерийн улмаас 52, усны ослын улмаас 1070 хүн нас барсан. Түүнчлэн усны ослын тохиолдлын 77 хувийг аялал зугаалгаар явж байгаад амиа алдсан тохиолдол эзэлж байгаа юм. Зургадугаар сарын байдлаар л гэхэд 3-14 насны дөрвөн хүүхэд усны ослоор эрсэдлээ” хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэж байна.

Жил бүр дайн тулаан, цар тахлаас ч илүү хүний амийг ямар нэгэн ослоор алдаж байгаа нь эмгэнэл биш гэж үү? Найр наадам, амралт зугаалгын сар эхэлсэн энэ өдрүүдэд мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл сурталчилгааг байнга явуулж, амарч зугаалж байх үедээ хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг сануулсаар байна.

Үер усны аюулаас сэрэмжилж, бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгах, түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх хэрэгтэй.

Мөн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг мэргэжлийн байгууллагуудаас дахин дахин анхааруулж байгаа юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог” DNN.mn

Ийм нэртэй ном байдаг юм. Мерил Дуглас гэдэг зохиогчтой. Хоёр мянга арваад оны үед хэвлэгдэн гарсан бил үү дээ. Гарчигны түүх бол ийм. Нэгэн бүргэдийн дэгдээхэй олоод тахианы байранд тэжээдэг. Тэр нэг удаа их гоё сүр сүлдтэй маш догшин дайчин шувуу хардаг. Аймаар мөртлөө нэг л сэтгэл татам тул хажуудах тахианаасаа асууна. Энэ юу гэдэг шувуу вэ. Энэ бол шувууны хаан бүргэд гээч шувуу. Чи ийм шувуу болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Бид тахиа, тахианыхаа заяа тавилангаар л болно гэв. Бүргэд тийм л юм байх даа гээд өнгөрнө. Тэр өөрийгөө бүргэд гэдгээ мэдэхгүй, мэдэхийг ч бодохгүй. Тахиа хэвээрээ нэг амьдрал яваад дуусна. Дүгнэлт: дорой бүргэд сайн дураараа тахиа болдог. Хэрэв бүргэд шиг элин халимаар байвал та сэтгэл сэргээх ямар нэгэн зүйлтэй бол.Баяртайгаар хийдэг зүйлтэй бол. Мөрөөдөж байдаг зүйлээ ол. Өөрийнхөө амьдралыг зориулж болох зүйлээ ол. Хэрэв хийх гэж хүсдэг бол хийгээд л үз. Хөрш тахианы үгийг бүү сонс. Бүргэдүүд дунд ор, тахиа шиг битгий насыг бар. Таныг чанаад идчихнэ гэсэн байна.

Энэ ном маш олон жижиг жижиг өгүүллэгүүдтэй. Өгүүллэг болгон өөр өөр бөгөөд сургамжтай. Өгүүллэгүүдийн нэрнээс л юу унших гэж байгаагаа, юуны тухай хэлсэн юм бэ гэж мэдэгдэнэ. Жишээ нь, “Утсаар яаж оновчтой ярих вэ”, “Зарим хүмүүс маш олон ажил амжуулдгийн нууц”, “амьдралын зорилгоо яаж олох вэ”, “Ажлыг ажил биш таашаал болгохыг хичээ”, “Шударга бус бизнес яагаад богино насалдаг вэ”, “Буруудах хүний арван хоёр шинж”, “Таныг юу сүйрэлд хүргэж магадгүй вэ”, “Бусдыг итгүүлэх, ажиллуулах долоон арга”, “Бодит болон хуурамч мэдээллийг яаж ялгах вэ”, “Ихэнх хүмүүс яагаад зараа шиг арзайж байдаг вэ”, “Та юу өмсөнө тийм л харагдана”, “Муу боссын гаргадаг алдаанууд”, “Утсаар ярихдаа инээмсэглэ”, “Худал ярьж байгаа хүнийг таних аргууд” гэх мэт. Зүгээр захаас нь аваад уншихад л ямар нэгэн зүйлийг танд зөвлөсөн байдаг.

Жишээ нь, “Бодит болон хуурамч мэдээллийг яаж ялгах вэ” гэдэгт юу өгүүлж вэ гэвэл, аливаа зүйлийг баттай мэдэж байгаа эсэхийг шалгахад асуулт тавьж байх нь хэрэгтэй арга тактик юм. “Та үүнийг хаанаас яаж мэдсэн бэ” гэж асуух. Ихэнх хүмүүс хаанаас ч биш хоосон цээжээрээ л ярьж байдаг. Ялангуяа өөрөөсөө би үүнийг яаж мэдсэн билээ гэж асууж сурах. Ихэнх нь баримтгүй хоосон санаагаа л ярьчихсан байдаг гэнэ. “Утсаар ярихдаа инээмсэглэ” гэдэгт өөрийн үйлчилдэг хүмүүс эелдэг найрсаг хариу өгөөгүйгээс болж хэрэглэгчдийнх нь 70 гаруй хувь нь орхин одсон компани байдаг нь судалгаагаар илэрчээ. Та утсаар ярихдаа зүгээр яриад дараа нь инээмсэглэж байгаад ярь даа. Инээмсэглэсэн бичлэгээ хурааж аваад сонс. Зүгээр ярьсан инээмсэглэж байгаад ярьсан, хоёр яриа чинь тэнгэр газар мэт сонсогдоно. Инээмсэглэн ярих үеийн бичлэгээ сонсвол илүү таатай эелдэг дулаан өнгө орсон байх ёстой. Утсаар ярихдаа юу хэлэх нь чухал байдаг ч яаж хэлэх нь түүнээс ч чухал аж. Тантай ярилцах сайхан байна гэсэн өнгөөр ярихад л болоод явчихна.

Худал ярьж байгаа хүнийг танихдаа худлаа ярьж байгааг олж илрүүлэх нэлээд хэдэн сэжүүр байдаг гэнэ. Зохиосон зүйлийг ярьж байхдаа хэт товчхон, дутуу эсвэл хурдхан хариулаад өнгөрөхийг хичээнэ.Толгойгоо дохиж энэ тэндээ маажиж, гараа үрчиж байх нь олон. Мөн аль болох товчхон, нарийн ширийнийг ярихгүй,эсвэл олон төрлийн зүйл ярьж тэд нь хоорондоо авцалдахгүй. Агуу, асар их, маш, дандаа, байнга гэх зэрэг үгээр сүр нэмнэ. Худал ярьж байхад хийж байгаа үйлдлүүд харц, алхаа гишгээ, дуу хоолой зэрэгт үл анзаарагдам дохио зангаа илэрдэг гэх мэтчилэн бичжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Багтаагаад аваад ирсэн юмаа буцаагаад ачаад яваарай DNN.mn

Амралтаараа та хаашаа аялах гэж байна. Төрсөн нутгаасаа эхлээд Монголын үзэсгэлэнт сайхан газруудаар аялахаар төлөвлөж байгаа биз ээ. Хаашаа л харна цэлийсэн хөх униар татаж, хөхөө донгодсон зун цаг хэн хүнийг хөдөө тийш даллан дуудаж байна.

Гэхдээ та хөдөө гадаа аялахдаа нэг л зүйлийг анхаараарай. Аяны ядаргаагаа тайлж энд тэнд цайлахдаа, амарч хоноглохдоо авчирсан хогоо эргээд ачаад яваарай. Таны машинд багтаад ирсэн идээ ундааны баглаа боодол буйран дээр чинь хог новш болон үлдэх нь цаашдын зам мөрт чинь бага гэлтгүй тээг саад болсоор байдаг гэдгийг учир мэдэх хүмүүс сануулж байна. Манайхан жигтэйхэн улс. Цайны дээжээ өргөн сүжиглэж байгаад явахдаа сүүний савнаас эхлээд бүхий л хогоо машинаасаа гаргаж хаячихаад давхиад явдаг. Машинаа цэвэрлэж байгаа ч байгаль дэлхийгээ бохирдуулаад, лус савдагийг нь уурлуулж орхидог. Ингээд таны цаашдын аялалд ямар нэгэн зүйл тохиолдож эхэлдэг. Дугуй хагарах, замаа олохгүй төөрөхөөс эхлээд зам хийсэн нөхөд үг хэлээ ололцохоо болих, аялалдаа сэтгэл дундуур үлдэх гээд бүтэлгүйтэл тойрч бүчдэг.

Нэг их сүйдтэй юм биш боловч жижиг сажиг ийм зүйлс нэгдээд ямартаа ч хог хаясан хүмүүсийг тав тухгүй болгож дөнгөдөг гэж байгаа. Яагаад ингэдэг гэхээр нутаг усны лус савдагийн гомдол ийн дагадаг байна.

Харин буусан суусан газраа цэмцийтэл цэвэрлээд явдаг хүмүүсийн аян зам санасан ёсоор өлзий дүүрэн байж, ажил үйлс нь бүтэмжтэй байдаг гэнэ. Мөн нутгийн уул усны эзэн савдгийн баярласан сэтгэл ийм өгөөмөр шагнал болон ирдэг. Энэ бол үхэхээс бусдыг үзсэн буурал эмээгийн яриа юм. Эмээ хэн нэгнийг айлгах гэж ийм зүйл ярьдаггүй. Орой бүр ярьдаг үлгэр домгоороо дамжуулан үр хүүхдэдээ сургадаг сургаал нь юм.

Нээрэн ч та машиндаа багтаагаад аваад ирсэн юм чинь элдэв хогоо буцаагаад ачаад яваарай. Замд ойр ойрхон таарах төвлөрсөн хогийн саванд хогоо хийчихээд явахад нэг их ажил гардаггүй юм шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Амьдрах ийм сайхан DNN.mn

Өсвөр насандаа өндөр хадан цохион дээрээс үсэрч амиа хорлохоор шийдэж байсан охин өнөөдөр олон улсын том группт зөвлөхөөр ажиллаж байна. Олон жилийн өмнө түүнд тохиолдсон түүхийг хуваалцъя.

Үеийн нөхдийнх нь гадуурхал, доог тохуутай харц, доромж үгс охины сэтгэлд бугшсаар энэ хорвоог орхиё гэсэн ахархан бодолд хөтөлсөн гэдэг. Дотроо хуримтлагдсан асуудлыг тамын тогооны зовлон шиг санаж, өөрийгөө егүүтгэхээс өөр сонголтгүй хэмээн сумын төвийнхөө ард дүнхийх уул өөд мацжээ. Хориод метрийн өндөртэй эгц хадан цохионы орой дээр гараад иртэл охины толгой эргэж, хөл нь салганав. Сумын төвийнхөө хоёр давхрын байшингаас өөр өндрийг мэдэхгүй түүний үнхэлцэг амаар нь гарах шахна. “Нэгэнт дууссан хорвоо юм чинь юундаа айдаг юм” гэж зоригоо чангалаад хөлөө урагш тавилаа. Кинон дээр гардаг шиг түүнийг хорьж, болиулах гэж араас нь хэн ч зууралдсангүй. Буцаж нэг алхаж, явган суугаад эхэр татан уйлав. Сургуулийн хашаан дотор хөөрцөглөн тоглох хүүхдүүдийн хөөр баясал, банкны үүдэнд багшралдах хүмүүсийн хөл хөдөлгөөн, дэлгүүрийн хаалга байн, байн онголзох дүр зураг гээд сумын төвийн аж амьдрал охины өмнө тодоос тод зурайна.

“Хэрвээ би байхгүй болчихвол хайртай дүүгээ сургуульд орохыг харж чадахгүй нь. Дүү маань сургуульд ороод над шиг хүүхдүүдэд шоглуулбал хэн өмөөрөх бол. Миний бие тээр доор хэвтэж байхыг ээж, аав маань харвал галзуурах байх даа. Ноднин жил саахалтын Жанлав ахын ганц хүү мотоциклтой хонинд явж байгаад онхолдоод өөд болоход ээж, аав нь яаж зовлоо доо, бурхан минь” гэхчлэн бодол охины толгойд ар араасаа хөвөрнө. Тэрбээр урт гэгч нь амьсгаа авч, өөрийгөө тайвшруулаад уулнаас бууж явахдаа ирээдүйн амьдралаа сайхнаар төсөөлж, гэгээн мөрөөдлөө дотроо зуржээ. Хэрэв тухайн үед охин хадан хавцлаас үсэрсэн бол өнөөдрийн энэ амжилтын эзэн болж чадахгүй. Түрхэн зуурын сэтгэл гутрал, шаналлаас болж хорвоог орхих нь дэндүү хайран. Одоо амталж байгаа аз жаргал, амьдралын өнгийг мэдрэхгүй гэхээр үнэхээр харамсмаар.

Охины хэлэх дуртай үг бол “амьдрах ийм сайхан”. Цаг хугацаа бүхнийг эдгээдэг. Түүний сэтгэлийн шарх нь одоо аньсан. Асуудлыг даван туулах гарц шийдэл олон. Амьдрал баян, амьдрах үнэхээр сайхан.