Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хууль нэхэж буй дуу чимээний бохирдол DNN.mn

Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ бол монголчуудад Үндсэн хуулиар тунхаглаж өгсөн бүрэн эрх. Гэтэл бид өнөөдөр энэ эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл үгүй. Бидний эргэн тойронд нүдэнд үзэгдэхээс эхлээд нүдэнд үзэгдэхгүй олон аюул заналхийлж байна. Эдгээрээс хамгийн аюултай нь нийтийг хамарсан нүдэнд харагдаж, гарт баригдахгүй агаар, хөрсний бохирдол. Агаарын бохирдол бүр нүдэнд харагдаж, гарт баригдах хүртлээ хүндэрсний дараа л хүлээн зөвшөөрч тэмцэж эхэлсэн. Одоо ч тэмцсээр л байна.

Мөн хөрсний бохирдол аль хэдийнэ аюултай хэмжээнд хүрсэн. Улаанбаатар хотод их хэмжээний үеэр болсны дараа хөрсний бохирдол улам нэмэгдэж, илүү аюултай болдог талаар мэргэжлийн байгууллагууд хэлдэг. Манай улс эрс тэс уур амьсгалтай тулдаа л хөрсний бохирдлын аюулаас бага ч гэсэн холуур байна. Хүйтэрдэггүй, үргэлж халуун байдаг бол хөрсний бохирдлоос үүдэлтэй элдэв халдварт өвчин газар авч байгаа.

Агаар, хөрсний бохирдлоос дутахгүй аюул учруулах бас нэгэн бохирдол бол дуу чимээний бохирдол. Нүүдэлчин монголчууд хотжиж суурьшихын хэрээр дуу чимээний бохирдол нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, авто тээвэр, төмөр замаас их хэмжээний дуу чимээ гардаг. Улаанбаатар хотын дуу чимээний бохирдлын ихэнх нь авто зам, төмөр замын хөдөлгөөн, барилгын бүтээн байгуулалтаас гардаг байна. Тийм ч учраас зуны улиралд дуу чимээний бохирдол нэмэгддэг аж. Манай улс шиг нийслэлийнх нь дундуур төмөр зам дайран өнгөрдөг улс ховор. Төмөр замын ойролцоо “Баян Монгол”, “Их Монгол” “Нарны хороолол” гэх мэт томоохон орон сууцны хорооллууд бий. Тухайн хэсэгт амьдардаг иргэдэд галт тэрэгний дуу чимээ ихээхэн дарамт учруулдаг гэдгийг хэлдэг.

Агаар, хөрсний бохирдлын эсрэг хууль гарган тэмцэж байгаа шиг Дуу чимээний бохирдлын эсрэг хууль гарган тэмцэхээр болсон байна. Энэхүү хуулийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачлан боловсруулж байгаа аж. Энэ мөн л цаг үеэ мэдсэн, мэдэрсэн хууль байх бус уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Баярлалаа DNN.mn

Хичээлийн эхний өдөр дунд ангийн охины маань багшаас дуудлага ирэв. Сандарсан хоолой харилцуурын цаанаас тэвдэнэ. “Танай охины хуруунд мөнгөн бөгж гацчихжээ. Өвдөөд байна гэж уйлаад байхаар нь бид авах гэж зөндөө оролдлоо. Та хүрээд ирэх үү” гэв. Түргэн гэгч нь яаран очтол чигчий хуруундаа амгүй мөнгөн бөгж оруулаад тээглүүлчихэж. Памбийж хавдсан хуруугаа хөдөлгөж чадахгүй охин үр минь их л зовуурьтай шаналж угтав. Ум хумгүй машинд суугаад шууд л Онцгой байдлын Аврах анги руу хөдөллөө.

Охид болсон хойно хичээлийн эхний өдөр гангарч ирцгээж л дээ. Нэг найз нь мөнгөн бөгжөө сонирхуулаад охид сонжсон бололтой. Чихэндээ ээмэг ч зүүдэггүй манай хүүхэд тэр үед гэнэт сониуч зан нь хөдөлж, хуруундаа зүүж гэнэ. Торохгүй орсон өнөөх бөгж нь буцаж гараагүй байна. Гайхаад баахан зулгаасан боловч бараагүй аж. Сүүлдээ өвдөөд болохгүй болохоор нь багшдаа хэлтэл сургуулийн эмч дээр дагуулж очжээ. Эмч бөгжийг хайчлах гэж үзсэн боловч бүтэлгүйтэж. Бас хүйтэн усанд хурууг нь сойж, ургамлын тосоор тосолсон боловч нэмэр болсонгүй. Ангийн нөхөд нь фэйсбүүкээс зөвлөгөө хайж утас эргүүлж үзсэн ч үр дүн олоогүй байна. Сүүлдээ хөдөлмөрийн багш дээрээ очтол хөрөөдөн авч арай болохгүй гэжээ.

Энэ хооронд хуруу улам хавдах нь ойлгомжтой. Харин онцгойгийн аврагчид хормын дотор охины минь хурууг таслах шахсан бөгжнөөс нь салгаж өгөв. Аврах хувцастай багаж барьсан залуучууд охиныг тойрч, нэг нь зааварлаж, нөгөө нь тасдагчаараа хавчиж, өөр хоёр нь бөгжийг болгоомжтой тэнийлгэнэ. Тэд “Ингэж айхатар хавчсан бөгж хурууг гэмтээх ч аюултай. Энэ их өвдөлтийг тэссэн маш сайн охин байна” гэж охиныг минь урамшуулах нь хайр хүрэм. Бас болоогүй “Ганган хүүхэнд гархи нэмэр гэдэг чинь энэ шүү дээ” хэмээн цаашлуулав. Ер нь ийм тохиолдолд элдэв туршилт хийж цаг алдах хэрэггүйг сануулж байлаа. Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө зүтгэдэг аврагчдадаа баярлалаа. Ээж, аавууд минь үр хүүхдүүдээ хичээл сургуульдаа явахад нь янз бүрийн эд зүйлс өгч явуулахгүй байх тал дээр анхаарлаа сулруулж огт болохгүй нь байна шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Мэдрэлийн гаралтай горойлт гэж юу вэ? DNN.mn

Улаан хоолойн булчин түр зуур агшихыг мэдрэлийн гаралтай горойлт гэдэг байна. Энэ нь мэдрэлийн ядаргаа болон хэт санаа зовох үед тохиолддог аж. Горойгоод, шүлсээ залгиж чадахгүй байна гэсэн зовуурь хэлэх хүн цөөнгүй. Гэтэл дурангийн шинжилгээ хийгээд үзэхээр хэвийн байх жишээтэй. Тийм тохиолдолд горойлт сэтгэл санааны гутрал буюу мэдрэлийн гаралтай үүссэн гэсэн үг. Ер нь булчингийн чангарал юуны өмнө хүний улаан хоолойд мэдрэгддэг байна.

Горойх хам шинж нь сэтгэл санааны хямралаас гадна нойргүйдлээс үүдэх нь бий. Нойр хулждаг хүний булчин чангарч, улмаар улаан хоолой нь агшдаг. Хэрэв горойлт өгөөд зовуурьтай байгаа бол эхлээд сэтгэл зүйгээ тайван байлгах ёстойг эмч нар зөвлөж байна. Учир нь шөнө гүн унтаж байх үед биеийн бүх булчин тайвширч сулардаг. Гэтэл гүн нойроо авч чадахгүй, дэлгэцээс хамааралтай ажил хийхээс болж горойх хам шинж үүсдэг аж. Мөн ядрах, стресстэх, уурлаж бухимдах бүрийд улаан хоолойн булчин зангирдгийг мэдэхэд илүүдэхгүй. Зарим хүний ходоодны булчин зангирч өвдөх ч тохиолдол бий. Хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол дурангийн шинжилгээнд орох явдал. Дуран оношлохоос гадна эмчлэх давуу талтай.

Өвчтэй байх гэж бодоод явж байсан хүн дурандуулаад эрүүл гэдгээ мэдээд сэтгэл санаа нь өөдрөг болдог. Тэгэхээр горойх хам шинж илэрсэн хүмүүс дурангийн шинжилгээнд орох л хэрэгтэй гэж зөвлөе. Гэхдээ нэг анхаарах зүйл гэвэл, горойлт үүсээд удсан бол улаан хоолойн ямар нэг эмгэг байна гэсэн үг юм. Түүүнийг мөн л дурандуулж байж мэдэх боломжтой. Зарим хүн хоолоо идээд, сайн унтаж амарчихаад босоод ирэхээр зүгээр болчихсон гэдэг. Мэдрэлийн гаралтай эмгэг сайтар амрахад арилдаг талтай учраас л тэр.

Ер нь ямар ч тохиолдолд горойх хам шинжийг аль болох эрт дурангаар оношлуулах нь зүйтэй. Учир нь улаан хоолойн эмгэгийн гаралтай горойлт удаан хугацаанд үргэлжилбэл хавдар болох аюултайг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Сургалтын төлбөрөө шууд л тушаагаарай DNN.mn

Амьдралын гэгэлгэн үе бол оюутан нас. Юу ч байсан туршаад үзэх дэврүүн хүсэл оргилж байдаг үе л дээ. Тэр дундаа сургалтын төлбөрөө халааслаад явж байхад нугалаад өсгөчих янз бүрийн жигтэй санаанууд толгойд орж ирнэ.

Хэд хэд өсгөөд гаргаад ирэх бизнесийн гайхамшигтай санаатай найзууд хэдэн талаас зөвлөөд л ирнэ. Нөгөө талд нийлж дарвидаг нөхдүүд ч “хорхой хөдөлгөнө”. Ийм эгзэгтэй үед олон санаа ургаж босолгүй сургалтын төлбөрөө сургуулийнхаа дансанд шууд тушаах хэрэгтэй. Яг энэ үед болсон болоогүй криптовальютын бизнес эрхэлдэг нөхдүүдийн овоо хараанд сургалтын төлбөрөө халаасалсан оюутнууд байгаа нь ойлгомжтой.

Ноолуураа тушаасан хашир малчдын толгойг ядах юмгүй эргүүтүүлдэг тэд гэнэн оюутнуудыг бол яаж ч урхидаад аргандаа оруулаад хэдэн төгрөгийг нь авчихна.

Тэдний урхинд орж төлбөрийн таван төгрөгөө өгөөдөхвөл чонын хүзүүнд мах уясантай яг адилхан. “Бэлтэс мөрөн”-д хууртагдсан Мөрөнчүүдийн бэлэн жишээ байна. Сургалтын төлбөрөө шууд л сургуулийнхаа дансанд тушаагаарай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Албан байгууллагууд цусны даралт хэмждэг аппараттай болъё DNN.mn

Настай хүмүүс өглөө, оройдоо даралтаа хянаж, эмчийн зөвлөсөн эмээ ууж цусны даралтаа хэвийн хэмжээнд нь бариад байдаг. Бас сахарын өвчтэй хүн өглөө бүр өлөн элгэн дээрээ зориулалтын аппаратаар цусны сахарын хэмжээгээ мэдчихдэг. Гэртээ ийм аппаратууд хэрэглэдэг гишүүнтэй айлын хувьд бусад гишүүн нь цусны даралт, цусан дахь сахарын хэмжээгээ давхар хянаад байх боломжтой байдаг. Харин гэртээ ахмад хүнгүй буюу цусны даралт хэмжих төхөөрөмжгүй залуу гэр бүлүүдийн хувьд даралтаа ихсээд, багасаад байгааг ч мэдэхгүй “Толгой өвдөөд, шилэн хүзүү хөшөөд байна” гэж үглээд таамгаараа эм уучихдаг.

Залуус цусны даралт хэмждэг аппаратыг хөгшин, эсвэл жирэмсэн, өвчтэй хүмүүст л хамаатай мэтээр ташаа ойлгодог. Гэтэл сүүлийн үед 20-45 насныхан цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх нь ихсээд байна. Үүнд нийгмийн байдал, вирусийн гаралтай өвчнүүд, амьдралын буруу хэвшил, эрүүл мэндийн боловсрол сул гэх мэт шалтгааныг хэлж болох ч цусны даралтаа өдөрт нэг удаа хянаад байхад болзошгүй хүндрэлээс бүрэн сэргийлнэ. Зарим эмийн сангууд цусны даралтыг үнэгүй үздэг. Үүнтэй адил албан байгууллагууд ч цусны даралтын аппараттай болох хэрэгтэй. Цусны даралт ихэслээ, багаслаа гэх шинж тэмдэг илрэхэд цайны цагаараа эмнэлэг рүү гүйж очих нь ховор. Харин ажил дээр нь, кофены ширээ, цэвэр усны баллоных нь ойролцоо нэг аппарат байнга байж байхад тийшээ гараа шургуулаад л бол оо. Сүүлдээ энэ үйлдэл нь зуршил мэт хэвшчихнэ.

Ийм эрүүл, зөв зуршилтай болох нь эрүүл мэнд, амь насаа тартагтаа тултал нь дордуулж, түргэний тэргээр ухаантай, ухаангүй эмнэлэг рүү зөөгдөх том эрсдэлээс сэргийлнэ шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зээл авч чадаж байвал та өөрөөрөө бахархах хэрэгтэй DNN.mn

“Саяхан л хүүхэд байсан чинь одоо зээл төлөөд явж байна” гэсэн пост саяхан фэйсбүүк хуудаснаа харагдсан. Энэ бол тухайн хүн насанд хүрснийг илтгэж байгаагаас гадна санхүүгийн хувьд тодорхой хэмжээний чадвартай, хариуцлага хүлээхүйц хувь хүн болсны илэрхийлэл. Зээлийн нөхцөлийг хангаж байна гэдэг эдийн засгийн хувьд бие даасан, итгэл даах нэгэн болсон гэсэн үг.

Банкнаас зээл авахын тулд зээл авахааргүй чадвартай, орлоготой гэдгээ нотлох хэрэгтэй болдог гэсэн хошигнол байдаг. Зээл авах ийм л хэцүү түвэгтэй, шалгуур өндөртэй. Энэ өндөр шалгуурыг даваад зээл авч чадаж байгаа бол өөрөө бахархах хэрэгтэй. Мөн өөрт нь итгэж зээл олгосон хувь хүн, санхүүгийн байгууллагад баярлах хэрэгтэй. Тэд чамд итгэж байна шүү дээ. Хүний итгэлийг олно гэдэг сайхан. Даана гэдэг бүр ч бахархалтай.

Зээлтэй хүн илүү их хөдөлмөрлөж идэвхтэй, зорилготой амьдардаг. Зээл авч түүнийгээ хугацаанд нь төлөх зорилготой амьдарна гэдэг зарим хүний хувьд утгагүй санагдаж, “Ийм ч зорилготой байх гэж дээ” гэсэн бодол төрж магадгүй. Гэвч зээл авч чадаж байна гэдэг нь өөрөө бахархах юм шүү. Бүх бизнес эрхлэгчид зээлтэй, одоо зээлгүй ч зээлээр эхэлсэн байдгийг санаарай

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Чихрийн шижинг зөв хоол, хөдөлгөөн, эм тариа л “барьдаг” DNN.mn

Хүн төрөлхтний санааг чилээж буй өвчний дараалалд чихрийн шижин өндөр байр суурьтай хэвээр байна. Манайд ч тэр. Гурван хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг.

Чихрийн шижин гэдэг чимээгүй алуурчин. Арга хэмжээ аваагүйгээс хүндрэл өгч эхэлбэл хамгийн аюултай. Хамгийн түрүүнд зүрх, бөөр, нүд, захын мэдрэлийн судсыг гэмтээж аажмаар хүнийг үхэлд хүргэдэг. Тиймээс сахарыг “барьж” чадвал 90, 100 наслах тухай өөртөө итгэлтэй бодох боломжтой.

Дэлхийн анагаах ухаан хөгжөөд ч өнөөдөр сахарын бүрэн эмчилгээг нээгээгүй байна. Харин манай улсад сахарыг анагаах ид шидтэй эм, бэлдмэл, наалт, зүүлт, цай, рашаан гээд есөн төрлөөр л сурталчилсаар байгаа нь асуудал болж байна. Сахартай хүмүүс ч түүнд итгэсээр эрүүл мэнд, мөнгө төгрөг, цаг хугацаагаа алдсаар байгаа нь харамсалтай.

Тэгвэл сахарын гол эмчилгээ бол ерөөсөө зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, тохирсон эм болон инсулин тариа юм. Хамгийн гол нь сахарын маш нарийн хяналт чухал гэдгийг эмч нар, сахараа олон жил барьсаар яваа иргэд дуу нэгтэй хэлдэг. Тэд өдөрт дөрвөөс дээш удаа цусан дахь сахарын хэмжээгээ үзэж, эрүүл хүнийхтэй ижил түвшинд барих хоол хүнс болон хөдөлгөөн, эм тариагаа хэрэглэхийг зөвлөсөөр байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Бид мөн ч их завтай байна даа DNN.mn

Монголчууд бид сошиал орчинд улс төр, урлаг соёл, геополитик, нийгэм, боловсрол гээд бүхий л салбарын бүх түвшний үйл явдал, асуудлыг болохоос болохгүй хүртэл нь шүүж байна. Хамгийн наад захын жишээ нь шинэхэн аварга О.Хангай иргэдийг үнэгүй тарвасаар дайлж байгаа үйл явдал. Тарвас хүртэх гэсэн иргэдийн байр байдлыг нийтээрээ шүүх шиг боллоо. Яасан ч завтай юм бэ.

Нэг монгол хүн өлсөж үхжээ гэсэн мэдээ ойр хавьд сонсогдсонгүй. Тиймээс хийж байхаа олж ядсан иргэд тэнд оочирлож өөрийгөө зугаацуулж байгаа бичлэгийг харчихаад эгдүүцэж байгаа та ч бас их завтай байгаагийн шинж биз ээ.

Өөр нэг нь допингийн шинжилгээ. Аль хэдийнэ наадмын үзүүр, түрүү нь тодорчихсон, бай шагналаа авдгаа авчихсан болоод өнгөрсөн зүйлд нэг харцага допинг хэрэглэсэн эсэх ямар нөлөө байна. Үндэсний бөх бол угаасаа жижиг зах зээлтэй. Бараг өв соёлын бэлгэдэл болчихлоо шүү дээ. Тиймээс бөхийн шээс шинжлээд монголчууд юу олж долоох юм бэ. Нийгэм, эдийн засгийн асуудалд нөлөөлөх юм уу. Улс төр, геополитикт нөлөөлөх юм уу.

Эдийн засаг хямраад амьдрах аргагүй боллоо л гэнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд зүдэрч байна л гэнэ. Тийм л хүнд байгаа юм бол бид хэрэгтэй хэрэггүй зүйл мэдээлэл дээр шогширч, цэцэрхэж суухаар хэдэн цаас олохоор хөдөлмөрлөх нь дээр биш үү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Арван хүүхэд тутмын нэг нь жингийн илүүдэлтэй DNN.mn

Английн баруун Сасикс мужийн шүүхээс нэг айлын хэт таргалалттай өсвөр насны хоёр хүүхдийг гэр бүлээс нь салгаж асрамжийн газар өгөх шийдвэр гаргасан нь ердөө түрүү жил болсон явдал. Нийгмийн ажилтнууд эцэг эхэд нь зөвлөгөө өгөөд хүчрээгүй учраас ийм шийдэлд хүрч. Таван жилийн хугацаанд Их Британид 74 хүүхэд ийм шалтгаанаар асрах газрын хаалга татжээ.

Англи гэх мэт хөгжингүй орнууд хүүхдийн таргалалттай тэмцэхийн тулд супермаркетуудад жаалуудын хараанаас дээш амттан өрөх шаардлага тавьж, сургууль, цэцэрлэгийн хоол хүнсэн дэх сахарын агууламжид онцгой анхаарч, сүүлдээ бүр асрамжийн газарт өгөхөөс аргагүй шийдлийг хүртэл сонгож байна. Манай улсын хувьд ч хүүхдийн таргалалт санаа зовоохоор хэмжээнд хүрчихсэн.Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад 2010-2018 оны хооронд өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн хувь буурсан ч илүүдэл жинтэй хүүхдийн хувь өөрчлөгдөөгүй, арван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн түгшмээр тоо дурайж байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй яг өдийд Боловсролын сайдын анхаарал хандуулах учиртай гол өнцөг бол энэ. Бүр тодруулж хэлбэл мань эр их, дээд сургуулиудыг хаана гэх мэт амьдралаас тасарсан популизм хийхийнхээ оронд хүүхдийн таргалалттай тэмцэх тодорхой шийдлүүд гаргачихсан сууж байх учиртай. Наад захын том асуудал гэхэд л супермаркетуудын лангуун дээрх амттанууд байна. Элдэв өнгийн амттануудыг хүүхдийн хараанаас дээш өрүүлэх санал гаргаад Засгийн газрын хуралдаандаа танилцуулчихвал ихээ хэрэгтэй шийдэл болно доо.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тэнэгээ засах хамгийн сайн арга бол сонин унших DNN.mn

Ном, сонин уншдаг хүний хандлага, харилцаа цаанаа л нэг өөр, мэдрэмжтэй, мэдлэгтэй, мэдээлэлтэй байдаг. Улстөрчдийн хамгийн их санаа зовдог зүйл нь тэнэгээ нуух. Тодруулбал, мэдлэг, мэдээлэлгүй байдлаа нуух юм. Тэнэгээ нуух нь хүний язгуур зан байдал ч гэлээ улстөрчид үүнийгээ нуух гэж ёстой нэг хөгөө чирэх юм.

Тэдний энэ зан байдлыг тодоор мэдэрдэг хүмүүс бол сэтгүүлчид. Тиймээс ч улс төрчид өөрсдийн тэнэгээ яаж нуух вэ гэдгээ сэтгүүлчдээс тодруулж, зөвлөгөө авах нь ч бий. Ордны сэтгүүлчид та нарыг хэн нь хэн бэ гэдгийг хэдийнэ мэдчихсэн байдаг. Аль гишүүн нь мэдээлэл сайтай вэ, хэн нь сул вэ гэдгийг ч мэднэ. Хэн хулгайч вэ, хэн нь хорчин бэ гэдгийг ч мэднэ. Тийм атал та бүхэн ярилцлага, мэдээлэл өгөхдөө тодорхой зүйлийг тойруулж тайлбарлах, хэт их ухаантай хүн шиг ярих, попордог байдлаа ядаж сэтгүүлчтэй уулзахдаа больчих. Улс төр, эдийн засгийн байдлыг ганц нэгхэн цээжилсэн томьёондоо оруулж ярьдгаа өөрийгөө их мэдлэгтэн гэж боддог чинь тэнэглэл.

Улс орон, үндэсний аюулгүй байдлын асуудал, гадаад дотоодын нөхцөл байдал адармаатай байна гэж шүүмжилж ярьдаг атлаа улсад нь ирсэн НҮБ-ын даргын үгийг сонсоогүй, ирсэн үгүйг нь ч мэдээгүй УИХ-ын гишүүн, эрхэм сайд нар ч байна. Энэ бол ойрын, наад захын жишээ. Өнөөгийн улстөрчид, эрхэм гишүүд, сайд, дарга нар төрийн ажлыг өөрийнхөө тэнэгээ нуухын тулд л хийдэг болсон нь нууц биш. Дахин дахин сонгогдох гэж, улам өндөр албан тушаалд очих гэж, бусдыг өнгө зүс, мөнгөөр татах гэж хийж байгаа нь ч ил болсон цаг үе. Ийм үед элдэв арга, уран цэцэн үг хэлж, ухаантай царай гаргаж тэнэглэж байхаар өдөр тутамдаа сонин сайн уншиж, улс орон, дэлхий даяар юу болж, хэн нь юу гэж хэлж байгааг ядаж мэдчих хэрэгтэй.

Энэ цаг үед мэдээлэлтэй байна гэдэг ухаантай царайлахаас илүү үр өгөөжөө өгнө шүү, улстөрчид өө. Мэдээлэлтэй хүн мэдрэмжтэй, мэдлэгтэй болдог гэсэн бичигдээгүй хууль бий. Тиймээс мэдээлэлтэй байхын тулд өдөрт ядаж нэг сонин бүтэн гарчиглаад уншчих хэрэгтэй. Та нарт тийм цаг, зав элбэг бий.