Categories
мэдээ нийгэм

Хиймэл оюуны элч нарыг бэлтгэж эхэлжээ

ЦХИХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүлжээ. Төслийн хүрээнд “1000 AI ambassador”–ийг төрөл бүрийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагаагаар дэмжих бөгөөд манлайлагчид нь мэдлэг, ур чадвараа ашиглан хиймэл оюуны тухай ойлголт, цахим ур чадвар, технологийн шинэ хандлагыг олон нийтэд таниулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм.

Элч нар хот, хөдөөгийн олон нийтэд хиймэл оюуны хэрэглээ, ач холбогдлыг ойлгуулах сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдийн дижитал боловсролыг дээшлүүлэхээс гадна шинэлэг санаачилга, инновацыг дэмжих, хиймэл оюуныг ашиглан нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг судалж, бодит төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Хэнтий аймагт ажиллан, 400 гаруй сурагчтай уулзах үеэрээ, “1000 AI Ambassador” төслөө танилцуулав. Төслийн дүнд залуу манлайлагчид нь технологийн хөгжилд тэргүүлэгч болж, хиймэл оюуны салбарт мэргэшсэн иргэдийн хүрээг тэлэх, улс орны инновацын чадамжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Тэрбээр Хэнтий аймгийн 20 сурагчийг Хиймэл оюуны элч төлөөлөгч болгон бэлдэх үүргийг Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд өгч, 20 ширхэг компьютер гардуулсныг ЦХИХХЯ мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ баасан гаригт хилийн зарим боомтууд түр хаана

Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу Ханш нээх баяр тохиож байгаа тул тус өдөр Монгол-Хятадын зарим боомт түр хаана.

Мөн Ульхан авто замын боомт дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажиллахгүй.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. Энэ үеэр хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх аж.












Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Монгол Улсын Их  Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.10-т “Нэгдсэн хуралдаан тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17.8, 18.10-т заасан асуудлаар тогтоол батлах шаардлагатай гэж үзвэл энэ талаар холбогдох Байнгын хороонд чиглэл өгнө. Байнгын хороо нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Улсын Их Хурал уг тогтоолыг 04 дүгээр сарын 01-ний дотор батална” гэсэн байдаг. Иймд Улсын Их Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тайланг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ удаа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө хоорондын уялдаа хангагдаагүй буй шалтгаан, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир хяналтын байгууллагуудын үнэлгээний дүн зөрүүтэй байгааг тодруулав.

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд, Үндэсний аудитын газар хоёрдугаар сарын 15-ний өдөр холбогдох мэдээллийг аваад, Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний системд байгаа мэдээллийг нотлох баримттай нь тулгаж, хэрэгжилтийг нь гаргадаг. Үүнд хэд хэдэн алдаа байна гэж дүгнэсэн. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг тулгахад нийт 234 арга хэмжээнээс жилийн төлөвлөгөөнд 200 арга хэмжээ тусгагдаагүй байсан. Мөн Монгол Улсыг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 243 арга хэмжээний 108 арга хэмжээний хүрэх түвшин тодорхойгүй байсан. Иймд төлөвлөлтийн алдаанд хариуцлага тооцох эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлийг Улсын Их Хуралд өгсөн зөвлөмжид тусгасан гэж байлаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хариултдаа, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолд туссан журмын дагуу үнэлдэг. Салбарын яамны үйл ажиллагааны тайланг нотлох баримттай нь тулгадаг. Гэхдээ үнэлж байгаа аргачлал, шалгуур үзүүлэлт хоорондоо зөрүүтэй, уялдаагүй явж ирснийг онцлов. Харин Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Засгийн газрын үнэлгээг бууруулсан гэх шалтгаан нь бид үйл ажиллагааг бус үр дүнг нь үнэлсэнтэй холбоотой. Монгол Улсын Засгийн газрын 206 дугаар тогтоолын дагуу журамд шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрсэн түвшин тодорхой бол холбогдох томьёогоор бодно гэсэн байв. Гэтэл нийгмийн халамж зорилтод бүлэгт хүрч, халамжийн үйлчилгээ ил тод, чирэгдэлгүй болно гэсэн зорилтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх байгууллага үнэлэхдээ чанарын үнэлгээгээр 90 хувьтай гэж гаргасан байв. Бид журамд заасан томьёоллоор нь бодохоор 30 хувьтай болж байгаа юм хэмээн тайлбарлав.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Хууль хоорондын нийцлийн алдаа гарч байна гээд цаашид дүгнэлтээ зөв гаргаад үүндээ үндэслээд төлөвлөлтөө хийх нь зүйтэй хэмээн хариулж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, уг асуудлыг хоёр Байнгын хороо хэлэлцээд өнгөрлөө. Бусад Байнгын хороодоос энэ асуудлыг хэлэлцье гэсэн санал ирсэн эсэхийг Улсын Их Хурлын даргаас тодруулахын зэрэгцээ цаашид хууль, тогтоол хоорондын уялдаа нийцлийг хангах, улмаар Үндэсний аудитын байгууллагыг өргөжүүлж, чадавхжуулах шаардлагатай гэсэн саналыг хэлэв.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, энэхүү асуудлыг Эдийн засаг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх,  шаардлагатай бол бусад Байнгын хороод хэлэлцэж болно гэсэн хуулийн заалттай. Бусад Байнгын хороодоос энэ асуудлыг хэлэлцье гэсэн санал ирүүлээгүйг дурдаад Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай болон бусад хуулиудад заасны дагуу Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд төлөвлөдөг болох нөхцөл бүрдсэн. Үүнтэй холбоотойгоор анх удаагаа Монгол Улсын хөгжлийн урт хугацааныхаа төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэж байгаа нь энэ хэмээн хариулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн оролцоотойгоор хөгжлийн төлөвлөгөөг тайлагнадаг, төлөвлөдөг, төсөвлөдөг энэ байдалд нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллах санаачилга гаргаад байна. Уг ажлын хэсгийг байгуулаад богино хугацаанд ажиллуулж, тогтоолын төсөл боловсруулж, Улсын Их Хурлаар батлах боломжтой гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах зорилтын хэрэгжилт хамгийн бага хувьтай байгааг дурдаад Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон улсын гэрээ конвенцод нэгдсэн хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа шалтгааныг лавлав. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Өнгөрсөн хугацаанд нийгмийн халамж, хамгааллын бодлогыг явуулахдаа гэр бүлээс нь салгасан тул сайн үр дүнд хүрч чадаагүй байна гэсэн судалгааны дүн гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ерөнхийд нь ярьж ирсэн байдаг. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог 11280 хэмээн тодорхой болголоо. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон дагасан хуулиудын олонх нь хэрэгжээгүй  шалтгаан нь төсөв санхүү, хүний нөөц, төрийн бодлого, байгууллагуудын хоорондын уялдаагүй байдалтай холбоотой байна. Ирэх гурван жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн хариулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, эрүүл мэндийн тусламж, чанар, үйлчилгээ, аюулгүй байдал эдгээрийг тус бүрд нь ямар шалгуур үзүүлэлтээр үнэлж байгаа талаар лавлахад, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариултдаа, салбарын тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын чиглэлд бодитой хэмжигдэхүйц үр дүнг тооцохоор тоотой байя гэсэн бодлого барин нухацтай ажиллаж байна. Тухайлбал, иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя гэвэл төвлөрлийг сааруулах, 2028 он гэхэд Улаанбаатарт үзүүлж буй 80 хувийн тусламж, үйлчилгээний хэдэн хувийг орон нутагт үзүүлдэг болох, Монгол Улсад эмчлэгддэггүй өвчний хэдэн хувийг эмчилдэг болох зэргээр тоон үзүүлэлтийг тодорхой гаргах ёстойг онцлов. Цаашдаа бид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний салбарт барьж буй зарчим нь иргэдэд санхүүгийн эрсдэл багатай, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх чиглэлийг барина. Харин иргэдийн хариуцлагагүй байдлаас болсон тусламж, үйлчилгээний зардлыг өөрсдөөс нь гаргахгүй бол өнөөдрийн байгаа санхүүжилтээр бүх тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй байна хэмээн тайлбарласан.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин хөгжлийн төлөвлөлт, тайлагналт, дүгнэлт хийх шалгуураа тодорхой болгох, улмаар хөдөө аж ахуйн нүүдлийн болон фермерийн аж ахуйн харьцааг хангасан эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог боловсруулах, эрчим хүчний нүүрсний нөөцдөө түшиглэн үйлдвэрлэгч улс болоход анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хүний хөгжлийг хангахдаа жижиг зорилтуудаа орхигдуулж болохгүйг анхааруулаад Үндэсний аудитын байгууллагын гүйцэтгэлийн аудитад төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой 34.4 тэрбум төгрөгийн зарцуулалт тайлагнаагүй байна гэсэн нь хариуцлагагүйн зуд нүүрлэсэн эл байдлыг яаралтай зогсоох шаардлагатай гэв.

Ийнхүү  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж дууслаа.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 461.3-т Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэсний дагуу хууль тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна. Эдгээр тоглолтууд нь Унгар улсад болох МИТЕМ буюу Мадач олон улсын театрын 12 дахь удаагийн наадамд оролцохын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд толилуулж байгаа юм.

Тасалбарыг энд дарж худалдан авах боломжтой.

Ташрамд дурдахад, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2025 оны дөрөвдүгээр сард Унгар улсын Будапешт хотод зохион байгуулагдах МИТЕМ буюу Мадач олон улсын театрын 12 дахь удаагийн наадамд Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр оролцоно.

Энэхүү наадам нь дэлхийн 30 гаруй орны театрын уран бүтээлчдийг нэгтгэн, өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олгодог, театрын хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой томоохон наадам юм.

2025 онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Тоглолтын хуваарь:

Дөрөвдүгээр сарын 25-нд 19:00 PM

Дөрөвдүгээр сарын 26 -нд 19:00 PM

National Theatre, Budapest

Categories
мэдээ

Улсын болон орон нутгийн авто замуудад хяналт шалгалт хийжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймаг, Замын-Үүд сумаар дамжих олон улсын чанартай авто зам, замын байгууламжийг шалгажээ.

Нийт 140 хэсэгт 4000 м.кв авто замын нүхэн эвдрэл засах, гурван байршилд авто замын далан, хөвөө сэргээх, 79 ширхэг тэмдэг, техник хэрэгслийг засах, 86 ширхэг тэмдгийг шинээр суурилахаар болсон байна. Мөн дээрх сумдын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын, орон нутгийн чанартай авто замыг хянаж, 350 тээврийн хэрэгсэл шалгаж, жин хэмжээ хэтрүүлсэн, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх дүрэм зөрчсөн 67 зөрчилд шийтгэл ногдуулсан байна.

Ажлын хэсэг замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, цаашид авах арга хэмжээний санал, шийдвэрийн төсөл боловсруулахыг ЗТЯ мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багануурт шалтгаан тодорхойгүй хордлогод зургаан хүн өртөж, хоёр нь нас баржээ

Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж, 2 хүн нас барсан байна.

Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй бөгөөд өртсөн дөрвөн  хүнээс нэг хүн Багануур дүүргийн ЭМТ-ийн сэхээнд, гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Багануур дүүрэг хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд ДУНД зэргийн эрсдэлтэй гарсан. Нийслэлийн Эрүүл мэндийн хяналтын газраас таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Иймд иргэд олон нийтийг архи тамхи зэрэг хорт зуршлуудаас зайлсхийхийг анхааруулж байна. Учир нь архи, спиртэд хордож нас барсан тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн буюу 2020 онд 650 тохиолдол байсан бол 2022 онд 1071 болж нэмэгджээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгост гарсан түймрийг бүрэн унтраажээ

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш асаж байсан 11 түймрийн голомтыг бүрэн унтраасан талаар тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам мэдээлжээ.

Ойн түймэрт 48 мянган га талбай өртсөн нь Сөүл хотын газар нутгийн 80 орчим хувьтай тэнцэж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, 30 хүн амиа алдаж, 45 хүн түлэгдэж гэмтсэн бол соёлын өвийн 30 объект түймэрт сүйдсэн байна.

 

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д зорчихдоо гадаад паспортоо гээх, олон нийтийн унаанд мартаж буухгүй байхыг ЭСЯ-с анхаарууллаа

Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүйгээсээ болж гадаад паспорт, бэлэн мөнгөө гээх, олон нийтийн унаанд мартаж буух зэрэг тохиолдол нэлээд гарч байна.

Гадаад паспортаа гээснээр зочид буудалд захиалга өгөх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудал үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсаж байна.

Үүнтэй холбогдуулж Элчин сайдын яамнаас бичиг баримтаа гээсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж буй аж. Иймд БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй манай улсын иргэд хувийн хариуцлагаа өндөржүүлж, гадаад паспорт, мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй байж, анхаарал болгоомжтой аялахыг Элчин сайдын яамнаас зөвлөж байна.

Хэрэв тус улсад аялах үеэрээ бичиг баримтаа гээсэн бол Элчин сайдын яамны шуурхай утас +86 176 0078 7323, +86(10) 6532 1203 болон beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn цахим хаягт хандах боломжтой гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа: Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон “Халзан бүрэгтэй” орд явах ёстой

Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга, Аймгийн Ардчилсан намын дарга М.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцаа.


-Хаврын дунд сар гарлаа. Танай нутгаар энэ жилийн хавар ямар аятай болж байна вэ. Малчдын хувьд төл аваад шувтарч байгаа байлгүй?

-Манай аймгийн нутгаар өнгөрсөн өвөл харьцангуй их дулаахан, малчдын маань ярьж байгаагаар өнтэй сайхан жил болж өнгөрлөө. Тиймээс хаваржилт одоогийн байдлаар айхавтар хүндэрсэн зүйл алга байна. Цаашид урин цаг, ирж яваа цаг болохоор удахгүй шинэ ногоотой залгаад хүн, малын зоо тэнийх байх. Яг одоогийн байдлаар мал төллөлт аймаг, орон нутгийн хэмжээнд орчим хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн мал тооллогоор Ховд аймаг нийт 3.5 сая мал тоолуулсан. Энэ жилийн хавар төл бойжилт өмнөх жилүүдээ бодоход сайн явагдах шинж харагдаж байна.

-Ховд аймгийн хувьд цаг агаар харьцангуй дулаахан, салхи шуурга тогтуун байх шиг байна. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг. Энэ жилийн тухайд танай аймагт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажил юу байна вэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж байгаа 27 төсөл, арга хэмжээ үргэлжилнэ. Санхүүжилтээр нь тооцвол нийт 121 тэрбум төгрөгийн төсөвтэй. Харин орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Нөгөөтэйгүүр Ховд аймагт өрнөх хамгийн чухал томоохон бүтээн байгуулалтын ажил бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Удахгүй уг станцын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Эрчим хүчний хувьд ОХУ-аас баруун бүс хараат байдлаас гарахад энэхүү усан цахилгаан станцын хувь нэмэр их чухал гэж бид харж байгаа. Энэ утгаараа цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлыг явуулах тал дээр аймаг, орон нутгийн зүгээс чадах чинээгээрээ анхаарч ажиллаж байна. Түүнчлэн Ховд аймаг хогноосоо салах тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа. Үүнд орон нутгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг тусгасан. Мөн олон улсын байгууллагууд болон Европын сэргээн босголтын банк, Байгаль орчины яам дээр хэрэгжиж байгаа төслөөс илүү нэмэлт санхүүжилт босгож цогц байдлаар Ховд хотын хогны асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

-УИХ-ын хаврын чуулган эхэлчихсэн. Та бүгдийн зүгээс хаврын чуулганаар тойргийн гишүүдээрээ дамжуулан орон нутагтаа шаардлагатай байгаа эрх зүйн ямар өөрчлөлтүүдийг хийх бодолтой байгаа вэ?

-Тодорхой хуулийн төслийн санал одоогийн байдлаар явуулсан зүйл алга байна. Гэхдээ орон нутгийн хувьд бодсон, өөрчлөх ёстой эрх зүйн олон асуудал бий. Баруун бүсээс УИХ-д ард түмний төлөөлөл болж арван гишүүн сонгогдсон. Эдгээр гишүүд тойрог, бүсээрээ ирж ард түмнийхээ санал бодлыг сонсоод, холбогдох хуулийн төсөлдөө тусган ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр нэг зүйлийг таны асуулттай холбоотойгоор хэлье.

-Юу билээ…?

-Холбогдох хуулиудад зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага, асуудлууд орон нутгийн хувьд цөөнгүй бий. Өнгөрсөн жилийн хувьд улс төрийн хоёр том сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн үеэр ард түмэндээ авч хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байж сонгогчдынхоо итгэл, сонголтоор олонх болж гарч ирдэг. Тодорхой хэлбэл, өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам олонх болсон. Олонх болсон нам багаараа ажиллаж байж иргэд сонгогчдоо амласан амлалтандаа хүрч, бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадна. Гэтэл багаараа ажиллах тэр боломж нь эрх зүйн орчинд хаагдмал байгаа нь асуудал болж байна.

-Олонх болсон нам засаглах, удирдах түвшинд хүмүүсээ тавих нь улс төрийн тогтсон соёл байх. Гэхдээ бусад шатны төрийн албан хаагчдыг бүгдийг нь ялсан намын хүмүүсээр солих нь буруу байх л даа…?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Таны хэлдгээр бүх шатанд Ардчилсан намын хүн байх ёстой гэвэл энэ бол намчирхал. Үүнээс сайн зүйл огт гарахгүй. Тухайн ажлаа хийж чаддаг, мэддэг хүн бүхэн намаас үл шалтгаалаад ажлаа хийгээд явах ёстой. Үүнд миний хувьд хатуу зарчим баримтлан ажилладаг. Нөгөөтэйгүүр өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам дангаараа олон жил засаглаад өөрсдийнхөө хүмүүсийг салбар бүрд байршуулсан талаар хэлж байна. Үүн дотор мэргэжлийн хүмүүс гэхээс илүү нам дагасан мэргэжлийн бус хүмүүс их байгаа юм. Эдгээр хүмүүсээ хуулиар хуяглаад хяналт, шаардлага тавих боломжгүй болгочихсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ажлаа хийж чадахгүй байгаад нь хариуцлага тооцох боломжгүй болгочихсон гэсэн үг. Өөрчлөх ганцхан боломж нь өвчин туссан, нас барсан, өөрөө өргөдлөө өгснөөс бусдаар ажлаас нь чөлөөлөх ямар ч боломжгүй болгосон. Үүнээс болоод олон асуудал, маргаан өрнөж байна, орон нутагт. Тэгэхээр энэ чиглэлийн эрх зүйн орчныг бид эргэж харж, өөрчлөх шаардлага зайлшгүй бий болсон.

-Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт саад учруулж байна гэсэн үг үү?

-Түрүүний асуултад нэмээд хариулахад улс төрийн соёл харуулаад олонх болсон намдаа зайгаа тавьж өгөөд сайн дураараа явчихдаг болох хэрэгтэй. Гэтэл анхан шатны улс төрийн ийм соёл битгий хэл бодлого тодорхойлж байгаа намын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс зөрсөн, эсрэг явсан үйлдлүүд их байна. Ядаж урдах ажлаа сайн хийж чадахгүй байж хуулийн заалтаар түрий барьж сандал суудалтайгаа зууралдсан хүмүүс цөөнгүй байгаа юм. Ийм хандлагаас ажил, үр дүн гарна гэж байхгүй. Эцэст нь ард түмэн л хохирдог. Нөгөөтэйгүүр эдгээр хүмүүс сүүлийн найман жил албан тушаалтай зууралдсан. Үүний үр дүнд Ховд аймаг шударга байдлын үнэлгээгээрээ улсын хэмжээнд сүүлээсээ хоёрдугаар байрт орсон. Ингэж ажилласан хүмүүсийг шүүмжилж шүүмжилж иргэд сонголтоо сольсон. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намд итгэл хүлээлгэж олонх болгосон. Гэтэл олонх болсон нам ажлаа хийе, өөрчилье гэхээр ажил хийж байгаа энэ хүмүүс нь солигдохгүй болохоор яаж бодитой үр дүн гаргах вэ. Нөгөөтэйгүүр зөвхөн аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, орлогч дарга гурвыг л солих гэж сонгууль хийсэн мэт агуулга харагдаж байгаа юм. Сонгууль гэдэг бол энэ нам бүх түвшиндээ болохгүй байна, тиймээс дараагийн улс төрийн хүчнийг гаргаж, олонх болгоё гэдэг агуулгаар явдаг болов уу. Ажилдаа хайнга ханддаг, шаардлага тавихаар биелүүлдэггүй, хариуцлага тооцохоор шүүхэддэг. Шүүхдээд явахаар эцэстээ шүүхийн шийдвэр иргэний талдаа гардаг. Улмаар нөгөө хүнээ буцаагаад ажилд нь авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг. Эргээд ажилдаа ирсэн хүн өмнөхөөсөө илүү хайнга, хариуцлагаггүй ажилладаг. Ийм нэг хуулийн заалтыг ашиглаж ажлыг цалгардуулдаг хүмүүс их байна.

-Гишүүдийн хувьд уг асуудалд анхаарч байгаа юу?

-Мэдээж зовлон, жаргалаа ойлголцож байж орон нутагтайгаа хамтарч ажиллах нь тодорхой. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гишүүдийн хувьд уг асуудалд анхаарч холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэж сонссон.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил энэ хавар эхэлнэ гэлээ. Ажил эхлэхэд асуудал байгаа юу. Станц хэзээ ашиглалтад орж эрчим хүчээ өгөх вэ?

-Төслийн үргэлжлэх хугацаа 3-4 жил гэж байгаа. Ер нь ирэх 2028 онд ашиглалтад орчих болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Өөр эрчим хүчний шинэ эх үүсвэр танай аймагт байгуулагдахаар байгаа юу?

-Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 100 Мвт-ын дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлнэ. Хөшөөтийн хувьд энэ жил дөрвөн сая тонн нүүрс экспортолсон. Уг станцыг барих ТЭЗҮ хийгдсэн. Дарви сумын нутагт байгуулна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд газар олгох хүсэлтээ илэрхийлээд явж байгаа. Эдгээр эрчим хүчний эх үүсвэрүүд бүрэн ашиглалтад ороод явбал баруун бүсэд, тэр дундаа Ховд хотод хөнгөн бөгөөд малын гаралтай түүхий эд боловсруулах олон үйлдвэрүүд шинээр бий болох нөхцөл нь бүрдэнэ. Дан ганц хөнгөн үйлдвэр ч гэлтгүй хүнд үйлдвэрүүд хөгжих боломжтой.

-Хөшөөтийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай холбоотой асуудалд тал талын байр сууриас хандах хүмүүс их. Яг одоогийн байдлаар тус уурхайн үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдаж байгаа вэ. Цаашид үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, эдийн засгийн илүү өндөр үр өгөөжийг хүртье гэвэл яах ёстой вэ?

-Хөшөөтийн нүүрсний уурхай сүүлийн 10 жил үйл ажиллагаа нь тогтвортой явлаа. Ховд аймгийн эдийн засгийн эргэлтийг нэг их наяд төгрөгөд хүргэхэд уг уурхайн экспорт голлох байр суурийг эзэлнэ. Одоогийн байдлаар “Трампын 25 хувь” гээд нэрлэгдчихсэн татвар байгаа. Үүнээс шалтгаалаад БНХАУ-ын гангийн зах зээл тодорхой хэмжээгээр хумигдсан. Хятад улсын хувьд жилдээ тэрбум орчим тонн ган үйлдвэрлэдэг гэдэг. Үүнийгээ 50 сая тонноор бууруулахаар болсон гэж байгаа. Тэгэхээр Хөшөөтийн болон Монгол Улсаас авч байгаа нүүрсний экспортод төдийлөн өөрчлөлт орохгүй болов уу гэж харж байна. Гэхдээ үнийн хувьд бага зэрэг буурах байх. Одоогийн байдлаар нүүрсний үнэ 30-40 хувь хүртэл буурчихсан байна. Хөшөөтийн нүүрсний уурхайтай бид өнгөрсөн жил хамтран ажилласан гэрээний дүгнэлтээ дуусгасан. Одоо дахиад хамтран ажиллах асуудлаар ажлын хэсэг ид ажиллаж байгаа. Удахгүй уг гэрээг үзэглэнэ. Хөшөөт бол аж ахуйн нэгж. Тэгэхээр зах зээлийнхээ зарчмаар үнэ нь буурвал үйл ажиллагаа нь буурна. Эсвэл үнэ сайжирвал үйл ажиллагаа, үр өгөөж нь нэмэгдээд явах болов уу гэсэн бодолтой байна.

-Уул уурхайтай холбоотой өөр нэг том төсөл бий. Тэр нь Халзан бүрэгтэй. Яг одоогийн байдлаар уг төслийн үйл ажиллагаа ямар шатандаа яваа бол. Иргэдийн эсэргүүцэл, ойлголцол ямар байна вэ?

-Дэлхий нийтээрээ хамгийн их сонирхож байгаа уул уурхайн бүтээгдэхүүн бол киритекал менериал буюу энэхүү газрын ховор элемент болчихсон байна. Салбарын сайд Ц.Тувааны хувьд ч энэ талаар тодорхой хэлсэн байна лээ. Нөгөөтэйгүүр газрын ховор элементийг ашиглах асуудал нь өөрөө Монгол Улсын Засгийн газрын бодлогод орчихсон байгаа. Энэ утгаараа улсын хэмжээнд зургаан тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд байдаг гэж ойлгосон. Үүнээс хамгийн том нь манай аймагт байх Халзан бүрэгтэй орд газар. Уг орд газарт өмнөх Засаг дарга Э.Болормаагийн үед хайгуулын ажил эхлээд явсан юм билээ. Ингээд өнгөрсөн намар тухайн орд газар дээр иргэд, аж ахуйн нэгж хооронд хүчтэй маргаан өрнөсөн. Маргаан өрнөсөн учраас миний хувьд аймгийн Засаг даргын захирамж гаргаж уг хайгуулын үйл ажиллагааг зогсоосон байсан. Гэхдээ энэ бол Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудал. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдаар батламжлуулан үүрэгт ажилдаа ордог аймгийн Засаг даргын хувьд Засгийн газрын бодлого, шийдвэрийг дагахаас өөр сонголт байдаггүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй хүн гэсэн үг. Хоёрдугаарт, тухайн орон нутагт болон аймаг, цаашлаад Монгол Улсын эдийн засагт үсрэнгүй хөгжил авчрах энэ салбарыг гацааж, зогсоох нь учир дутагдалтай гэж боддог.

-Халзан бүрэгтэйг эхлүүлье гэхээр ойр орчим байгаль, хүн, малд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг байдлаар иргэд эсэргүүцдэг. Гэтэл уг асуудлыг дэмжиж байгаа нэгнээ ч нутаг орноо сөнөөх гэж байна гэж харах, шүүмжлэх хүмүүс их байна л даа…?

-Ард түмнийхээ эрүүл мэндийг хохироочихъё, мал сүргээ өвчлүүлчихье, хүрээлэн байгаа орчныг хордуулчихъя гэдэг сэтгэлгээтэй Засаг дарга битгий хэл нэг ширхэг монгол хүн ч байхгүй болов уу. Нөгөөтэйгүүр УИХ-аас өнгөрсөн намрын чуулганаараа Оронагийн төслийг дэмжиж, одоо Улаанбадрах суманд уг ордын үйл ажиллагаа эхлээд явж байна. Үүнтэй холбоотойгоор уран болон газрын ховор элемент хоёрын ялгаа юу вэ гэдэг мэдээллийг ард түмэнд эхнээс нь өгөх шаардлагатай байсан. Энэ мэдээллийг л эхнээс нь үнэн зөв өгөөгүйд өнөөгийн эсэргүүцэл өрнөж байгаа шүү. Халзан бүрэгтэй гэдэг цэвэр ураны орд газар огт биш. Энэ утгаараа иргэдэд зөв мэдээлэл өгөх, газрын ховор элемент гэж чухам юу болох талаар ойлголтоо сайн өгөх хэрэгтэй гэдгийг холбогдох аж ахуйн нэгжид нь хариуцлагатай хэлсэн. Аймгийн Засаг даргын хувьд ч уг асуудлаар ойлголт мэдээлэл аль аль талдаа авах ёстой гэдэг үүднээс ажлын хэсэг байгуулж өгсөн байгаа. Ажлын хэсэг хоёр ч удаа хуралдсан. Ажлын хэсэгт тэмцээд байгаа тэмцэгчид, ард түмний төлөөлөл, сум, орон нутгийн төлөөлөл, аж ахуйн нэгж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтэд, судлаачид, хөндлөнгийн шинжээчид гэх мэт олон талын оролцоотой ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн гол зорилго нь аль аль талдаа мэдээллийг зөв бодитойгоор ойлгох, ойлголт авахад чиглэгдэж байгаа юм.

-Газрын ховор элемент гэдэг нь таны ойлгож байгаагаар яг юу байх шиг байна вэ?

-Нэг зүйлийг би ч, тэр иргэд ч тэр сайн мэдэж байгаа. Тэр нь эдийн засгийн үр өгөөж нь асар өндөр байх юм гэдгийг. Нөгөө талдаа дэлхийн газрын ховор элементийн зах зээлийг БНХАУ бүрдүүлдэг. Саяхан шуугиан болоод байгаа Украины ерөнхийлөгч болон АНУ-ын ерөнхийлөгч нарын уулзалт энэхүү газрын ховор элементтэй холбоотой байлаа. Дэлхийн том аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татаж байгаа ганцхан зүйл нь энэ байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээрээ газрын ховор элементийн эрэлт, нийлүүлэлтийг сонирхон судалж анхаарч байна. Мөн уг элементүүд орчин үеийн үсрэнгүй хөгжиж байгаа технологийг дагаад эрэлт нь өдөр ирэх тусам өсч байгаа юм. Цахилгаан автомашинаас эхлээд дижитал техник технологи бүрд мөн сэргээгдэх эрчим хүчний хураагуурт газрын ховор элементүүд ашиглагдаж байна. Тиймээс бид дэлхийн анхаарлын төвд байгаа зах зээлээс боломжоо ашиглан оролцох нь чухал. Хоцорч лав болохгүй.

-Ард түмэн мэдээлэлгүй байна гэдэг. Мэдээлэл өгье гэхээр хүлээн авах дургүй байгаа юм биш үү. Мөн мэдээлэлтэй болъё гэсэн хандлага сул байх шиг санагдсан…?

-Аймгийн Засаг даргын хувьд ард иргэдээ үнэн зөв мэдээлэлтэй байгаасай л гэж хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг хүлээн авчихаад нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх ёстой байх аа. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр попорсон нөхдүүдийн үгээр үг хийгээд яваад байж болохгүй. Нөгөө талдаа хуулиараа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн ажилд саад учруулах, зогсоох эрх сумын Засаг дарга ИТХ-ын даргад болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт байхгүй шүү. Тиймээс цаашид хуулийн хүрээнд ажлаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох боломж байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

-Хөшөөт, Эрдэнэбүрэн гээд томоохон уул уурхай болон бүтээн байгуулалттай холбоотой төслүүд эхлэхдээ олон жил иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Энэ удаагийнх нь Халзан бүрэгтэй болж байх шиг. Эцэстээ ажлууд нь эхлээд үр өгөөжөө өгөөд явдаг. Наад зах нь Хөшөөт арван жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, аймгийн эдийн засгийг нэг их наяд төгрөгт хүргэхэд том байр суурь эзэлж байна гэж та хэлсэн шүү дээ. Тэгвэл энэхүү эдийн засгийн эргэлтийг хоёр их наяд хүргэх, бүр хорь, гучин их наяд хүргэхийн тулд эрчим хүч болоод уул уурхайн том төслүүд хэрэгжих л шаардлагатай байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Хөшөөтийн уурхай 2014 онд анх үйл ажиллагаа нь эхэлсэн. Тэр үед миний хувьд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байлаа. Мөн л тухайн үед иргэдийн мэдээлэл дутуу, ойлгодоггүй байсан. Олон өдрийн хурал, уулзалт, мэдээлэл өгөх ажлын үр дүнд иргэдтэйгээ ойлголцож уг төслийг эхлүүлж байсан. Одоо Ховдын ард түмэн “Хөшөөт рүү нэг автомашин оруулчих юмсан” гэсэн яриатай л болчихсон явж байгаа. Энэ нууц биш. Үр өгөөжтэй болохоор, иргэд орох боломжтой болохоор л ийм яриаг хэн хүнгүй ярьж явдаг байх. Тэгэхээр одоо 10 жилийн дараахь өнцгөөс нь эргээд би харахад тухайн үед зөв шийдвэр гаргасан нь нотлогдож байгаа юм. Ард түмэн эсэргүүцдэг. Гэхдээ л ойлголцдог. Зөв ойлголтод хүрдэг юм шүү. Эрдэнэбүрэн ч ялгаагүй. Нэг хэсэг малчдын өвөлжөө хаваржаа сөнөлөө л гэж ярьж байсан. Аль аль талдаа мэдээллээ солилцоод, ойлголцолд хүрсэн. Өнөөдөр ажил нь эхлээд явж байна. Үүнтэй адил Халзан бүрэгтэй асуудал зарчмаараа явагдаж байгаа. Иргэд мэдээлэлгүй болохоор мэдээлэл авахын тулд эсэргүүцэж байгаа юм. Мэдээллийг нь, ойлголтыг нь зөв өгчихвөл энэ төсөл мөн адил хэрэгжээд л явна. Эцэст нь Ховдын ард түмэн, цаашлаад улс даяараа үр өгөөжийг нь хүртээд явах болно.

-Аливаа газар оронд эхэлсэн том төслийн үр шимийг нийтээрээ хүртэх нь тодорхой байх. Гэхдээ тухайн нутаг орны иргэд илүү үр өгөөжийг нь хүртдэг байх асуудлыг хэн хүнгүй ярьж байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

-Энэ зөв зарчим. Халзан бүрэгтэйн асуудал явна. Энэ жилийн тухайд хайгуулын ажил нь хийгдээд ирэх жилээс ашиглалтад ороод явлаа гэж бодъё. Тэгвэл үр шимийг нь Ховдын ард түмэн хүртэх ёстой шүү. Олон угсаатны өлгий ховдчууд, тэр дундаа мянгадчууд уг ордын үр шимийг хэн хүнээс илүү түрүүлж хүртэх ёстой. Үүнийг миний хувьд төслийн багийнханд байнга хэлж байгаа цаашид ч хэлсээр байх болно. Үнэхээр төрсөн нутаг нь өвөлжөө, хаваржаа нь байдаг гэдэг нь тодорхой. Энэ хүмүүс бүр илүү үр шимийг нь хүртэх ёстой. Ийм орд газруудаа том төслүүдээ хөдөлгөж байж сум орон нутаг улс орон хөгждөг. Гэтэл Халзан бүрэгтэйгээс цэвэр уран олборлох гэж байна, уран гаргаад бүгдийг нь хордуулах гэж байна гэдэг цуурхал бол монголчуудын эсрэг явуулж байгаа, зөвийг буруу болгож, энэ ядарсан амьдралаас шим шүүсийг нь хүртдэг хоосон сэтгэлтнүүдийн хортой үйлдэл шүү. Аливаа хөгжлийн эсрэг явж байгаа ард түмнийг ядуу амьдруулах хүсэлтэй, түүндээ хүрэхийн төлөө ард түмний нутгаа гэсэн сэтгэлийг ашиглагчдын худал ташаа үгэнд битгий автаарай гэж хүсье. Бид бүхэн хуулийн дор амьдардаг. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон энэхүү Халзан бүрэгтэй орд явах ёстой шүү гэдгийг аймгийн Засаг даргын хувьд ард түмэндээ хариуцлагатай хэлж байна.

Э.МӨНХТҮВШИН