Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд… DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгийн өнөөдрийн /2025.01.06/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

 
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Эдийн засгийн байнгын хороо Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их Эзэн Чингис хаан”
2 Төрийн байгуулалтын байнгын хороо Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 “Жанжин Д.Сүхбаатар”
3 УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
4 УИХ-ын даргын 2024 оны 109 дүгээр захирамжаар байгуулагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулах, хууль тогтоомжийг Хүүхдийн эрхийн конвенцод нийцүүлэх чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 13.00 “Үндсэн хууль”
5 УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 “Үндсэн хууль”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр хороолол орчимд агаарын бохирдол хамгийн их байна DNN.mn

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Хайлааст, Монгол газар, Баянхошуу, 1-р хороолол орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 204-388 гэж заасан бол Нисэх,  Бөхийн өргөө, 100 айл, Ургах наран, Мишээл экспо, Яармаг, Налайх, агаарын бохирдол бага буюу 155-197 гэж заажээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан.

Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 5-ны ням гаригт тус Шуурхай штаб хуралдаж Туулын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.

Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ. Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна гэж тооцоолж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2025 онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад төвлөрч ажиллана. Ерөнхий сайд Шуурхай штабыг удирдана. 2025 онд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудын томоохон хэсэг Туулын хурдны зам. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хотын удирдлагууд 24 сард багтаан хийж дуусгана гэж танилцуулсан. Энэ хугацаанаас наана ашиглалтад оруулахаар шахаж ажиллана. Босоо тэнхлэгийн зам мөн баригдаж Туулын хурдны замтай огтлолцоно. Төлөвлөсөн ажлаа хийнэ, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана гэж мэдэгдлээ.

“Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийн хамгийн том зорилт бол түгжрэл, утааг бууруулах. Тиймээс хөрөнгө оруулалтын бодлогыг Улаанбаатар хотруу чиглүүлж байна. Эхний том төсөл нь Туулын хурдны зам. Энэ сард ажил нь эхэлж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг холбосон тойрог хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулна. Зураг төсвийн ажил хийгдэж байгаа. Зургаан сар гэхэд тендер шалгаруулалт явагдана. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил мөн зэрэгцээд явна” гэж Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр ярилаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2025 оны цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ DNN.mn

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! DNN.mn

Монголын Ерөнхий сайд Амар 80 гаруй жилийн өмнөх баяр наадмынхаа өглөө Оросын шүүхээс цаазын ял авч байв. Тэгж яллуулахдаа: Монголын төрд үнэнч зүтгэвэл халтай гэжээ. Энэ түүний сүүлчийн үг бөгөөд Монголын төрд үнэнч зүтгэхээр хэлмэгдүүлдэг гэсэн санаа гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ ерээд оныг хүртэл ийм дүгнэлт хийж байсан хүн үгүй. Хориотой үе байв. Саяхнаас л ингэж бодит байдлыг ухдаг болсон.

Ерөнхийдөө он цаг улирч түүхийн хуудас шарлах тусам цаадтайх үнэн улам тодордог ажээ. Ийм нэгэн жишээг монголчууд бултаараа харлаа. 2024 оны шувтаргаар Засгийн газар Баялгийн сангийн хувь хишгийг бултааранд нь түгээв. Хүн болгонд бэлнээр 135 мянгыг тарааж Баялгийн сан дахь дансанд нь 135 мянган төгрөг хийжээ. Энэ мөнгө бол “Эрдэнэс Монгол” компанийн 34 хувиас олдсон гэдгийг мөн тодотгожээ. Тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиг энэ хуримтлалд онцгой үүрэг гүйцэтгэжээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнөөдөр Хуримтлалын санд иргэдийн эзэмших хуримтлалын санг албан ёсоор E-Mongolia дээр нээнэ. “Эрдэнэс Монгол” өнгөрсөн хугацаанд орлого төвлөрүүлсэн. Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” 273 тэрбум төгрөг хуримтлуулсан гэж мэдэгдэв.

Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголд авчирсны л буян. Зөвхөн энэ ч биш. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиг орлогоор ковидын үеэр хөл болон хилийн хориотой монголчуудын буюу 980 мянган айлын цахилгаан, дулааны бүх хэрэглээг төлсөн. Тэгээд араас нь сая Баялгийн сангийн хуримтлалын анхны шанг татуулж байгаа нь энэ.

“Эрдэнэт үйлдвэр” анхнаасаа Монголын 51, Оросын 49 хувийн эзэмшилтэй байсан. Харин Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа 2016 онд Оросын 49 хувийг Монголд авсан. Тэрээр төрийн шийдвэрийг гаргасан. Тэр шийдвэрийн дагуу сахал Эрдэнэбилэг нар 49 хувийг Монголдоо худалдаж авчирсан.

Ер нь Сайханбилэг яагаад тэр үед дан ганц Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг авчрахаар шийдсэнийг эргээд нэг бодоорой. Энэ байтугай бэлэн болчихсон мега төслүүд Их хурал дээр гацаад унаад байсан үе шүү дээ. Энэ утгаараа Сайханбилэг Монголын төлөө л зориглосон гэж ойлгогдоно. Тэрчлэн сахал Эрдэнэбилэг гэж зоригтой худалдаачин байгаагүй бол “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголынх болохгүй л байв. Түүнийг эзэн гэж ирээд их л гоочилсон. Өнөөдөр сахал Эрдэнэбилэгээс аймаар эзэн төрчихсөн байхад хэн ч юу ч ярихгүй байгаа нь гайхмаар. “Эрдэнэт үйлдвэр” ийм учиртай ирсэн атал 2019 онд Монголын төр ямар нэг гэрээ хэлцэлгүйгээр үйлдвэрийн 49 хувийг хүчээр нийгэмчилсэн. Цаашлаад Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг энэ үйл ажиллагааных нь төлөө буруутган хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж айлгасан. Ийм төрийн дарамт, хуулийн байгууллагын ажиллагаануудаас болоод тэд эх орноосоо дайжсан. Ийм л юм болсон.

Хэрвээ Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нар 8 жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авчирч Монголын 51 хувьтай нийлүүлээгүй бол яах байсан бол? Юуных нь ковидоор цахилгаан дулаан даах? Юуных нь Баялгийн санд ашиг хуримтлуулах? Өнгөрсөн жилүүдэд Байдены болон Европын Холбооны хоригт ороод ямар ч борлуулалтгүй нам зогсох байв.

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” 2023 онд л гэхэд Монголбанкинд 1.1 тэрбум ам.доллар борлуулсан. Энэ нь манай улсын гадаад валютын нөөцийн 28.3 хувийг эзэлжээ. Мөн нийт ажиллагсдынх нь төлсөн НДШ-ээр 11 мянган ахмад настны тэтгэврийг сар бүр олгож байна. Энэ бүхнийх нь төлөө “Эрдэнэт үйлдвэр”-т 2021 онд Улсын баатар цол олгов. 2024 онд “Эрдэнэс Монгол” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийнхнийг сайн ажилласан гээд 100 сая төгрөгөөр шагнаж харагдав.

Чухамхүү энд л “Шударга ёс где?” гээд хашгирмаар болов. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эх орондоо олж ирсэн Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нар хулгайчаараа дуудуулаад хүний нутагт хэвтэж байна. Харин тэдний авчирсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг нь Улсын баатар цолоор, үйлдвэрийг ажиллуулж байгаа Г.Ёндон нарыг 100 сая төгрөгөөр шагнаад байгааг ойлгох гэж хичээгээд ер болж өгсөнгүй.

Тийм учраас Монголын төр үүнийгээ залруулах шаардлагатай. Ингэхэд том албан тушаалтай гурван хүний гурван жижигхэн шийдвэр хэрэгтэй.

Ерөнхий прокурорт уриалах нь: Жаргалсайхан прокурор Танд Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарын нэр дээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авчирсантай холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болговол шударга ёс Таны үед шударгаар тогтох жишиг болно.

Ерөнхийлөгчид санаа өгөх нь: Хүрэлсүх Ерөнхийлөгч Та “Эрдэнэт үйлдвэр”-ийг Улсын баатар цолоор шагнасан. Энэ үйлдвэрийг бүтнээр нь Монголынх болгосон Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг урьж авчраад Улсын баатар цол олговол жинхэнэ Төрийн тэргүүний шийдвэр болно.

Ерөнхий сайдад санал болгох нь: Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Та Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг зөвлөх, эсхүл өөр албан тушаалд томилж мега төслүүдийнхээ хөрөнгө оруулалт босгох, улс төрийн шийдвэр гаргах зэрэгт оролцуулах юм бол ганган хоршил болно.

Та гурав үүнийг л хэрэгжүүлчих. Монголд л хэрэгтэй. Монголын төрд үнэнч зүтгэвэл халтай бус хамгаалдаг байх учиртай. Мөнхүү монголчууд эвдэрч бус эвлэж нэгдэж байж л Монгол Улс хөгжинө. Цувсан барнаас цугласан шаазгай илүү гэдэг. Тэгээд ч Сайханбилэг, Сахал Эрдэнэбилэг нарыг буруутгах шалтгаан үгүй хийгээд тэдний зөв байсныг өнгөрсөн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн өгөөж хангалттай нотоллоо бус уу?

Ажиглагч

А.Батболд

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Түвшин: Төрийн сан, Нийгмийн даатгалын сан хоёрыг салгах ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа.


-Шинэ оны босгон дээр Ерөнхий сайд “Татвар, Нийгмийн даатгалын хуулиудыг эргэн харна” гэсэн утгатай үг хэлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ. Эдгээр хуулиудыг эргэн харж, өөрчлөх шаардлага бий юу?

-Монголын томоохон хуулиудыг бүхэлд н ь философийнх нь хувьд эргэж харах зайлшгүй нөхцөл бүрдсэн энэ цаг үед Ерөнхий сайд энэ үгийг хэлсэн нь их сайшаалтай гэж бодож байна. Ялангуяа татвар, нийгмийн даатгал бол бизнес эрхлэгчдийн орчныг бүрдүүлэхэд суурь болж байгаа зүйл. Гэвч философийн хувьд нэлээд гажуудсан. Нэг ёсондоо манай улсын эдийн засгийн ихэнх хэсэг нь төр болчихсон. Ингээд ирэхийнхээ хэрээр төрд цуглуулдаг модел руу орсон. Харин төрийн гадна байгаа олонх хэсэг нь татварын дарамтад орчихсон л нөхцөл байдалд байгаа.

Цуглуулж буй тал нь үр ашигтай зарцуулдаггүй. Сүүлийн жилүүдэд татварын хувь хэмжээ байнга өссөн ч түүнийг зөв зохистой ашигласангүй. Төрөө данхайлгаж, урсгал зардлаа өсгөөд цаашдаа гарч чадахааргүй хэмжээнд хүрчихсэн учраас эргэж харах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-Татварын хувьд юуг нь эргэж хармаар байна вэ?

-Улс орон оршин тогтнохын тулд татвар авах нь үнэн. Гэхдээ зарцуулалт дээр нь хяналт тавьдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэт замбараагүй байна. Төсөв хэлэлцэж байх үеэр урсгал зардлаас хасах юм байхгүй л гээд байсан. Гэтэл оны төгсгөлд яам, агентлагийн газрууд ажилчдынхаа урамшууллыг тэдэн хувь нэмлээ гээд яриад байгаа юм. Энэ чинь төсвийн урсгал зардлаа өндөр тавиулчихаад буцаагаад ажилчиддаа урамшуулал хэлбэрээр өгчихөж байгаа хэрэг. Ингээд яам, тамгын газраа өмчилдөг. Өөрийн баг шигээ болгодог. Үүний дараагаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг сэтгэлгээ рүү явчих гээд байна. Үүнээс гадна татвар бол орлого, зардал, орон тоо, мөнгөнөөс үл хамаарч орлого хүлээн зөвшөөрөх гэсэн зарчим дээр явдаг. Энэ бол олон улсын бизнесийн зарчим. Гэтэл манай татварын бодлого маань мөнгөн суурьтай. Энэ аккруэл сууриар тооцож байгаа татварыг мөнгөн сууриар яаж тооцох вэ гэдэг зөрүүг цаг хугацааны хувьд гаргаж өгөх шаардлагатай. Эсвэл төр өөрөө аккруэл суурь руу шилжих ёстой. Дэлхий нийтээрээ мөнгөн сууриас аккруэл суурь руу шилжээд явж байгаа. Харин бид өнөөдөр механик зүйл дээрээ гацчихаад байна. Хоёрдугаарт, аж ахуйн нэгж эрхэлж байгаа нөхдүүдийг заавал бусдын өмнөөс татвар, даатгал төлүүлэх үүрэгтэй болгочихоод байгаа юм. Үүнийгээ төлөхгүй бол торгууль, алдангид ордог хариуцлагыг давхар өгчихөж байна. Татварыг суутгаж авч болно. Гэтэл даатгал чинь үүрэг биш шүү дээ. Одоо л манайх үүрэг болгоод, түүнийг нь суутгаж төлөөгүйн төлөө торгоод байна. Нийгмийн даатгал гэдэг чинь хоёр сэтгэлгээний философи дээр суурилдаг. Нэгдүгээрт, тал үүрэг. Татвар шиг үүрэг биш. Сайн дурын үндсэн дээр. Гэхдээ суурь юмаа төлөх ёстой. Яагаад гэвэл нийгмийн гэдэг үг байгаа учраас заавал гэдэг философи байж болно. Харин өнөөдрийн нийгмийн даатгалын философи тэс өөр утга учиртай болчихсон учраас эргээд татвараасаа илүү дарамт болж байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн тал хувийг байгууллага заавал төлдөг зохицуулалттай. Гэтэл төлөөгүйгээс болж цалингийн зээл авах, ипотект хамрагдаж чаддаггүй зэргээр жирийн ажилчин, иргэн хохирдог асуудал байна?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд татварыг суутгаж авч төлдөг үүрэг нь хэтэрхий данхайчихсан учраас ийм чадваргүй болж байна гэсэн үг. Одоо хөлсөөр нэг удаа ажил гүйцэтгүүлсэн ч гэсэн заавал нийгмийн даатгал төлөх шаардлагатай болчихсон. Нөгөө хүн нь төлөх шаардлагагүй гээд байдаг. Гэтэл төлөхгүй бол аж ахуйн нэгж хариуцлага хүлээх болчихдог. Ийм тодорхойгүй асуудал маш их. Хоёрдугаарт, нийгмийн даатгалыг заавал төлүүлэх болгож байгаа хөшүүрэг нь ипотекийн зээл зэрэг олон шалгуурыг тавьчихсан. Энэ шалгуурууд нь олон улсад байдаг зүйл ерөөсөө биш. Тийм болохоор нийгмийн даатгалынхаа философиос нь эхлээд харах хэрэгтэй. Өнөөдөр нийгмийн даатгал төлж байгаа хүмүүс өөрийнхөө ирээдүйн төлөө төлж байна. Хуримтлагдаж байгаа гэж бодож байгаа. Хэлбэр талдаа тийм. Гэвч агуулга талдаа хуримтлагдсан бүх мөнгийг аваачаад зарчихаж байгаа юм. Тэгээд үүний зөрүүгээр орлого, зардал нь 4.5 их наядын алдагдалтай байна гэж ярьдаг. Ингээд төр өөрөө дампуурчихгүй гэсэн ганцхан итгэл үнэмшил л үлдэж байгаа биз дээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан нэг судалгаа байна лээ. Эрүүл мэндийн даатгал дээр жишээ авахад яг 30, 40 жил төлөөд явсан хүмүүсийн хувьд аваад үзэхэд тэр хүмүүс даатгалын үйлчилгээгээ авч чаддаггүй. Зүгээр төлөөд л явж байдаг. Харин нөхөн төлбөр төлж байгаа хүмүүс ихэнх мөнгийг нь сорчихдог. Бас төрөөс шийдвэр гаргаад даатгадаг болчихсон нөхдүүд их авч байна. Тэгэхээр төлсөн нь хохирдог ийм системтэй болчихсон. Нийгмийн даатгалын хамаарагч этгээд нь хэн байх юм. Төлж байгаа этгээддээ ирээдүйд яаж үйлчлэх юм гэдгийг зөөлнөөр засах тал руу явах хэрэгтэй.

-Их төлж байгаа нь хохирдог гэсэн яриа байдаг?

-Өнөөдрийн тогтолцоо бол яг ийм байгаа. Идэр насандаа төлж байгаа хүмүүс нийгмийн даатгалаа авч чадахгүй. Ирээдүйд хуримтлал үүсдэггүй, өгөөжөө хүртэж чадахгүй л байдал руу явчихаж байгаа юм. Элдэв янзын нөхөн төлбөр, төрөөс гаргасан шийдвэрээс болоод Нийгмийн даатгалын сан алдагдалтай болчихдог.

-Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгийг нэг банкинд байршуулаад, тэрийг нь үрэн таран хийчихдэг. Эргээд мөнгөө гаргуулж авч чаддаггүй. Ийм болохоор сүүлдээ нийгмийн даатгал төлөхгүй гэсэн байдал руу л яваад байх шиг байна. Энэ тал дээр хэрхэн анхаарах ёстой вэ?

-Төр батлан дааж байгаа учраас үүрэг хүлээж байна гээд итгэж болох юм. Харин бодит мөнгөн дүнгээрээ угаасаа байхгүй. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг алдаад байгаа асуудал бол нийгмийн даатгал төртэй холимог байгаатай холбоотой. Мөнгө алдчихсан ч гэсэн түүнийг нь төр даагаад л явж байгаа. Тийм учраас өнөөдөр мөнгө алдсанаас болоод мөнгө өгөхгүй ээ гэж хэлээгүй биз дээ. Төр, нийгмийн даатгал хоёрын халаас нэг байхын сул тал нь нийгмийн даатгал төлөөгүй хүмүүсийг төр хуульчилж оруулж ирээд алдагдлыг нь ихэсгээд байдаг. Тийм болохоор энэ хоёрыг салгах нь л чухал. Даатгал нь өөрөө даатгуулдаг байх ёстой. Сангийн менежментийн асуудлыг бид хөндөхөөс өөр аргагүй.

-Ерөнхий сайдын хэлсний дагуу хуулийн төсөл боловсруулагдвал Байнгын хороо, чуулганаар хэлэлцээд явах нь тодорхой. Харин энэ үед нь татвар болон нийгмийн даатгалд яг ямар зүйлийг нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Би нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэгэхээр нийгмийн даатгал бол нэг талаасаа тухайн төлөгч хүн ирээдүйн эрсдлээс сэргийлж байгаа зүйл. Гэтэл одоо татвар шиг болгочихоод байгаа хоёр шалтгаан байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүнийг нийгмийн даатгалд хамруулах нь зайлшгүй шаардлагатай. Хөлсөөр ажиллах гэрээ буюу иргэний хуулийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсээр нийгмийн даатгал төлүүлэх нь болохгүй. Энэ хоёрыг зааглая гээд D-parliament дээр тавиад санал аваад явж байгаа. Чадвал хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Харин энэ маань Засгийн газраас өргөн барих тэр хуулиудтай давхцаж байвал нийлүүлээд л явна. Ер нь нэгдүгээрт, хөдөлмөрийн болон бизнесийн харилцаа хоёроо салгая. Хоёрдугаарт, нийгмийн даатгалыг төлөгч этгээддээ зохистой хэмжээнд нь очуулах ёстой. Өндөр цалинтай байх тусам их аваад эргээд өндөр өгнө гэдэг бол байж болохгүй. Нийгмийн даатгалын авах, төлөхийн дээд хязгаар гэж байх ёстой. Хоол, унааны мөнгө зэрэг хүн рүүгээ чиглэсэн зүйлээс нийгмийн даатгал аваад байгааг болиулах хэрэгтэй. Эдгээрийг нэг амьсгалаар хийж чадахгүй. Яагаад гэхээр маш олон хуулиар олон хүнийг энэ сан руу оруулаад тогтоочихсон. Тэднийг гэнэтхэн хасчихаж чадахааргүй байна. Гэхдээ энэ чиглэл рүүгээ л явах ёстой. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нь төлж байгаа хүндээ илүү өгөөжтэй байх ёстой юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хөхөгчин гахай өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 6, Сумъяа гариг. Билгийн тооллын 7, Могойг хүлэгч одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандаж 17:15 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 0…-5 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -11…-13 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Пунцагийн Цагаан зориглож хөдлөөгүй бол бургисан цагаан шороо л байгаа” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа. Тэрбээр “Төрийн сан, Нийгмийн даатгалын сан хоёрыг салгах ёстой” гэснийг  “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье!

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Пунцагийн Цагаан зориглож хөдлөөгүй бол бургисан цагаан шороо л байгаа хэмээн өгүүллээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн захирал М.Амгаланбаатар “Хувийн хэвшил төрийг бодвол хурдан шуурхай,  чанартай, менежментийн хувьд дэвшилтэй” гэлээ.

Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй
зарцуулбал хорих ял оноодог болно

өдрийн сурвалжилга: Долларын ханш нэг сарын дотор
20-27 төгрөгөөр нэмэгджээ

Хэрэгтэн болгох амархан буюу хуурамч чат

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Вивек Мерти: Архи хорт хавдраар өвчлүүлж байна

АРЫН НҮҮР: Өвөл толгой нүцгэн явах нь тархины судас агшихад хүргэдэг


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг 200 тонн мах нөөцөлжээ DNN.mn

Орхон аймаг өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 400 сая төгрөгөөр 200 тонн мах нөөцөлсөн байна.

Ирэх гуравдугаар сарын 1-нээс товлосон цэгүүдээр худалдаалах юм.

Харин өнөөдрийн байдлаар тус аймагт  Үхрийн цул махыг жижиглэнгээр кг нь 18000-19000 мянган төгрөгөөр худалдаалж байна.