Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зэвсэгт хүчин, хилийн цэргийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-25 хувь болголоо DNN.mn

Төрийн албаны тухай хуулийн 7.1.4.-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчим баримтална гэж заасан. Уг хуулийн зохицуулалтын дагуу “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2024 оны 8-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар шинэчилжээ.

20 жилийн дараа шинэчилсэн уг журамд:

  • Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч – 10 хувь
  • Дотоодын цэргийн офицер, ахлагч – 15-25 хувь
  • ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгох тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уулархаг нутгаар ялимгүй цас орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно.

2025 оны 01 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газар, Дорнодын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. 15-17 хэм хүйтэн байна.

2025 оны 1-р сарын 02-ноос 2025 оны 01-р сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны нэгдүгээр сарын 2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 03-нд Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар, 04-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 05-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 02-нд нутгийн зүүн хэсгээр, 04-нд Алтайн салбар уулсаар, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 28-33 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутнууд өнөөдрөөс эхэлж автобусанд 1000 төгрөг төлж, зорчино DNN.mn

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас 2024 оны хоёрдугаар сард гаргасан шийдвэр  2025 оны нэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс  эхлэн хэрэгжинэ.

Тодруулбал, нийтийн тээврээр хөнгөлөлтгүй зорчдог иргэд өнөөдрөөс эхэлж 1000 төгрөг төлж,  зорчино. 1000 төгрөгийн төлбөр хийснээр өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болно. Үүнд хугацаа хамаарахгүй.

Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө.  Мөн оюутнууд ч мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчин, хүүхдүүд 200 төгрөгөөр зорчино.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Доржханд: Ирж буй он итгэл найдвар сэргэсэн, идэвхитэй амьдралын жил байх болно DNN.mn

УИХ-ын гишүүн, Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандтай ярилцлаа.


-Энэ удаагийн Засгийн газарт ХҮН нам байгаа. Хамтарч ажил хийхэд хэр байна вэ?

-Хамтарсан Засгийн газарт ХҮН нам орж ажилласны үр дүн эхнээсээ гарч байна. Тухайлбал, 40 жил яригдсан ч хийгдээгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хөдөллөө. Төмөр замын өргөн, нарийн цариг гэж монголчууд дотроо хуваагдаж 15 жил гацсан асуудал энэ ондоо багтаж шийдэгдэж байна. Уран олзворлох, цаашдаа цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болох асуудлын суурь тавигдлаа. Нефть нэрэх үйлдвэрийн санхүүжилтийн асуудал мөн удахгүй шийдэгдэнэ. Ингээд 14 мега төслийн дөрөв нь шийдэгдэх нь Монголын эдийн засгийг тэлэх, бие даасан хараат бус системтэй болох, экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна. ХҮН нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг манлайлан хийж, тогтолцооны хувьд бид хамтдаа том алхаж чадсан. Харин одоо эдийн засгийн реформуудыг зоригтой хийх, том төслүүдээ хөдөлгөх нь бидний гэрийн даалгавар юм.

-Эрчим хүчний реформын ажлыг та удирдаж байгаа. Гэвч баярын энэ өдрүүдэд тог байнга тасарч байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд 34 жилийг тууллаа. Энэ хугацаанд эдийн засгийн хөгжлийн суурь болох эрчим хүчний салбарт шинэчлэл, өөрчлөлт хийж чадалгүй өнөөг хүрсэн. Эрчим хүчний салбар өндөр татаастай “Халамжийн салбар” болсон. Үйлдвэрлэж буй өртгөөсөө доогуур үнээр цахилгаан борлуулдаг байдал нь хувийн салбарын хөрөнгө оруулалтыг хааж, төрийн монополь үүсгэсэн. Тэгсэн мөртлөө төр нь энэ салбарт хөрөнгө оруулдаггүй, технологи нь хуучин, салбарын хүний нөөц хомсдолд орсон. Тогны хязгаарлалтад орж, лаагаа барих хүртэл хэмжээнд тулсан энэ үе бол талцал хуваагдал, популизмын төлбөр. Үр дүнд нь орон сууцны төслүүд шинээр баригдах битгий хэл одоо байгаа нь дулааны дутагдалтай, айл өрхүүд байнгын цахилгааны хязгаарлалттай амаргүй өвлийг давах болоод байгаа нь бодит байдал. Олон ч байгууллага шинэ жилийн баяраа лаатай угтаж байх шиг байна. Одоо иргэд төлбөр нь яах вэ, тогтойгоо л байя. Эрчим хүчний эх үүсвэрээ шийд гэж байгаа нь зөв шаардлага. Олон айл өрх эрчим хүч хэрхэн хэмнэх талаар мэргэжлийн байгууллагуудаас асууж байгаа нь мөн зөв хандлага. Үүнийг л дунд хугацаанд углуургаар нь шийдэхээр Эрчим хүчний үндэсний хороог байгуулаад ажиллаж байна. Гэхдээ эрчим хүчний реформ өргөс авсан мэт богино хугацаанд шийдэгдэхгүй. Олон улсад багадаа гурван жил шаардагддаг. Бид ямартаа ч 3-5 жилийн дотор шилжилтээ амжилттай хийж эрчим хүчний бие даасан системтэй болно. Алсдаа эрчим хүчээ экспортолно.

-Эрчим хүчний реформын хүрээнд ямар ажлууд хийгдэхээр төлөвлөж байгаа вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?

-Бид 2030 он гэхэд дотоодын хэрэглээг бүрэн хангах, 2040 онд эрчим хүч экспортлогч улс болно. Мөн 2050 онд хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн зөрүүг тэглэж, цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч Net-zero улс болсон байна гэсэн зорилтыг тавин ажиллаж байна. Ингэхийн тулд эрчим хүчний шилжилтийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, Эрчим хүчний үнэ, тарифын шинэчлэлийг хэрэгжүүлж, салбарын санхүү эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, мэдээллийн ил тод байдлыг хангах, Эрчим хүчний салбарын бүтэц, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах гээд олон ажлыг төлөвлөж байна. Мөн эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалт, ухаалаг технологийг дэмжинэ. Эрчим хүчний зах зээлийг нээлттэй болгож, шинэ эх үүсгүүрийн томоохон төслүүд болон эрчим хүчний экспортын стратегийг боловсруулж үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай.

-Шинэ он гараад засагт хөдөлгөөн үүснэ, унаж ч магадгүй гэсэн “бор шувуу” нисч байна. Үнэхээр ийм байдал байна уу?

-Тийм зүйл байхгүй дээ. Өмнөх 30 жил манай парламент бие, биендээ дэгээ тавьдаг, хамтардаггүй. Харин сөрдөг тогтолцоотой байсан. Олон засаг унах тусам сөрөг хүчин сайн ажиллаж байна гэдэг хийрхсэн улстөржилтийг өдөөдөг системтэй байж ирсэн. Олон ч эх орончийг төрүүлж, олон засгийг сольсны үр дүнд том төслүүдээ зогсоож, өнөөдөр цахилгаангүй, орлогогүй, гадагшаа хүний нөөцөө алдсан нь бодит байдал. Үүнийг өөрчлөх гэж гурван том нам хамтарсан. Өөрсдийн намын эрх ашгаа бодвол хамтрахгүй сөрөөд, нийгмээр алга ташуулаад суух нь хялбар байсан. Гэвч бид улс орны эрх ашиг дээр нэгдэх учиртай гэж тогтолцооны өөрчлөлтийг хамтдаа хийсэн. Энэ өөрчлөлт зөв байсан гэдгийг нотлох нь МАН, АН, ХҮН намуудын түүхэн үүрэг юм. Мөн популизмыг сөрөх түүхэн цаг хугацаа. Үүнийгээ ч 126 гишүүнтэй парламент, түүнээс үүссэн хамтарсан Засгийн газар үйлдлээрээ харуулж байна гэж дүгнэж байгаа.

-Та ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Монголчууд түүхийн ямар ч цаг үед хэчнээн унасан ч дандаа босоод ирдэг гайхалтай үндэстэн. Эдийн засгийн хувьд хурдан сэргэлт авах өвөрмөц өгөгдөлтэй улс. Эрх чөлөөтэйгөөр эх орондоо аз жаргалтай амьдрах нийгмийг бид хамтдаа бүтээж чадна. Ирж буй он итгэл найдвар сэргэсэн, идэвхтэй амьдралын жил байх болно. Танд болон таны гэр бүлд баяр хөөрийг ерөөе.

Т.ДАРХАН_

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр морь өдөр DNN.mn

2025.01.01 / ЛХАГВА ГАРИГ

ХАВРЫН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН
ДӨРВӨН НОГООН ЦАГААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 08.42-17.10
Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 2025 оны 1 сарын 1, Буд гараг. Билгийн тооллын 2, Элдэв тэнгэртэн одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:42-17:10. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна DNN.mn

 Хур тунадас:  2025 оны 01 дүгээр сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 31-нд нутгийн зарим газраар, 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -26…-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29….-34 градус, өдөртөө -19….-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

У.Хүрэлсүх: Ирж буй ондоо эрүүл чийрэг, идэр жавхаатай, эрч хүчтэй, эв эетэй байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024-2025 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.

Мэндчилгээнд:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Он солигдож буй энэхүү торгон мөчид халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ шинэ оноо угтахаар баяр баяслаар дүүрэн, сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ жилийн баяр бол айл өрх, ард олноороо ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр дүүрэн байхын эхлэл болдог хүн төрөлхтний баяр билээ.

Улиран одож буй 2024 он монголчууд бидний хувьд төдийгүй дэлхий ертөнцийн хувьд түүхэн онцлог үйл явдлуудаар дүүрэн он байлаа.

Төрт ёсны аугаа түүхтэй, төв Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улс өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засгаа байгуулж байсан бахдам сайхан түүхтэй ард түмэн билээ.

Манай ард түмэн энэхүү түүхт ойн жил ардчилсан төр, засаг, парламентат ёсоо улам бататган бэхжүүлж, анхны 126 гишүүнтэй УИХ-ыг сонгон, төр, засгаа эмхлэн байгуулж, парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө Ази тивдээ тэргүүлсэн онцлог жил байлаа.

Энэ жил манай улсын эдийн засаг таван хувиар өсөж, гадаад валютын албан нөөц таван тэрбум ам.долларт хүрч, инфляц нэг оронтой тоонд хадгалагдаж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспортын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарлаа.

Мөн төсвийн сахилга батыг сайжруулах шинэ зарчим тогтоон, манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн жил боллоо.

Манай улсын гадаад харилцаа, гадаад бодлого олон улсын тавцанд улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр, дээд олон айлчлал болж, монголчууд бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа.

Энэхүү олсон ололт амжилтаа улам бататган, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, засаж сайжруулж, ажил үйлсээ улам эрчимжүүлж, шат шатандаа ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эрч хүчтэй, эмх цэгцтэй, эх оронч, эв нэгдэлтэй ажиллах нь монголчууд бидний ирж буй шинэ оны эрхэм зорилго байх учиртай.

Тиймээс бид Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Айл саахалт, анд нөхөд, халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ шинэ оноо сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэж, ирж буй ондоо эрүүл чийрэг, идэр жавхаатай, эрч хүчтэй, эв эетэй байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Он солигдож буй энэхүү торгон мөчид эх орныхоо дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө хүчин зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2025 онд айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхийд энх тайван тогтож, хүн төрөлхтөн амар амгалан аж төрөх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэжээ.