Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинэ жилээр 00:30 цагт нийтийн тээврийн 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ DNN.mn

Арванхоёрдугаар сарын 31-ний шинэ оныг угтах баяраар Төв талбайд “Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно.

Баярын шөнийн 00:30 цагт нийтийн тээврийн автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм.

А зогсоол буюу зүүн чиглэлд Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос буюу Ленин клубээс нийтийн тээврийн автобус хөдөлнө.

-МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”

-МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”

-МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”

-МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”

-МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”

В зогсоол буюу баруун болон урд чиглэлд Д.Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс автобус хөдөлнө.

-МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”

-МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”

-МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”

-МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”

-МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”

-МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар”

Урд чиглэлд:

-МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”

-МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”

-МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”

С зогсоол буюу хойд чиглэлд Соёлын төв өргөөний үүднээс автобус хөдөлнө.

-МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”

-МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”

-МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”

-МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу” гэсэн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайгаас нийтийн тээврийн автобусаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Г.Ганзориг: Нарансэвстэй боомтыг нээснээр Монгол Улс, тэр дундаа баруун аймгууд өгөөж хүртэх магадлал тун бага DNN.mn

Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн Дэд профессор, Доктор (PhD) Г.Ганзоригтой ярилцлаа.


-Монгол Улсын хувьд боомтын сэргэлт хийхэд нэлээдгүй ач холбогдол өгч байгаа. Боомтын сэргэлт чухал ч Дархан Цаазат Газарт Нарансэвстэйн боомт нээх тухай асуудал нийгмийн хэлэлцүүлэг болоод байна. Байгаль орчны эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг хүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс нь БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг бөгөөд үүнээс 13 нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр 13 боомтоос 9 нь Өвөрмонгол, 4 нь Шинжаан Уйгартай хиллэж, Монгол улс БНХАУ-тай арилжаа наймаа хийж байна

Хэрэв Нарансэвстэйн боомтыг нээх юм бол манайх Ганьсү гээд Хятадын төв мужтай арилжаа наймаа хийх боломж бүрдэнэ гэж ярьж байгаа юм. Гэхдээ боомт нээсэн тоогоор эдийн засгийн үр ашигтай байна гэсэн үг биш. Байгаа хэдэн боомтоо төмөр замтай болгох, авто замаар холбох, том боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, нэвтрүүлэх чадамжийг сайжруулж байж манайх өгөөжөө хүртэж эхэлнэ. Гэтэл одоогоор энэ боломжуудаа бүрэн ашиглаж чадахгүй байж шинээр нэмж боомт нээх тухай ярьж байгаа нь өөрөө өрөөсгөл асуудал юм.

-Сүүлийн үед Нарансэвстэйн боомтыг нээвэл Төв Хятадтай шууд холбогдож, баруун бүс цаашилбал Монгол Улс эдийн засгийн хөгжилд хүрнэ гэх хүмүүс байна. Гэхдээ тэд ямар нэгэн тооцоо судалгаа гаргаж тавихгүй байна. Та энэ тал дээр эдийн засгийн тооцоолол хийж үзэв үү?

-Аливаа төсөл, бодлогыг сайн муу, эсвэл үр ашигтай эсэхийг ярихын өмнө заавал өөр нэгэн зүйлтэй харьцуулах ёстой. Харьцуулж болох хамгийн боломжит хувилбар болох Бургастайн боомттой харьцуулж үзье л дээ. Бургастайн боомтоос Алтай хот руу 320 км зайтай. Эндээс 50км зам нь аль хэдийнээ тавигдсан гээд үзвэл 270 км зам тавих хэрэгцээтэй. Нөгөө талд Нарансэвстэйн боомтыг нээвэл Алтай хот руу 640 км зам тавих шаардлагатай болно. Бургастайн боомт нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа боомт. Цээл сумаас төмрийн хүдрийн экспорт хийгддэг, шороон замтай. Харин Нарансэвстэйн боомт нь ашиглалтад ороогүй. Зам тавихаар бол онгон хөрсийг сүйдэлж байж зам тавих ёстой болно. Боомтын эдийн засгийн үр өгөөжийг бид экспортоор бараа бүтээгдэхүүнээ гаргах, эсвэл импортоор бараа, бүтээгдэхүүн худалдаж авах эргэлтээр хэмжиж таарна. Тэгэхээр худалдаа хийх гэж байгаа улсаа судалж, тооцоо хийх шаардлага гарч байгаа юм. Ганьсү мужийн тухайд манайхтай 60 км хиллэдэг, 24.7 сая хүн амтай, манай говьтой төстэй цөлөрхөг газар нутагтай. Эдийн засгийн чадавхийг нэг хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ээр хэмждэг шүү дээ. 2023 оны байдлаар Ганьсү мужийн нэг хүнд 6,737 ам.доллар буюу 47,867 юаньтай тэнцэх хэмжээний ДНБ ногдож байна. Энэ үзүүлэлтээрээ 2023 онд Хятадын 31 мужаас 31-т сүүл мушгисан, 2001 онд 30-д жагсдаг байсан. Хамгийн өндөр нь Бээжин гэхэд 28.187 ам.доллараар нэгт, Өвөрмонгол 14.450 ам.доллараар наймд, Шинжаан Уйгар 10.383 ам.доллараа 16-д жагсаж байгаа юм.

-Уучлаарай, Боомтын сайд Б.Тулга Ганьсү мужийг эдийн засгаараа улсдаа гуравт ордог, Монголын эдийн засагтай харьцуулбал 9 дахин том гэсэн байсан. Таны хэлснээр адагт нь гэх юм?

-Энэ мэдээллийг хаанаас ч хараад нягтлаад үзчих бүрэн боломжтой. Хятадын нээлттэй эх сурвалжуудад байгаа статистикийг хараад энгийн тооцоолол хийхэд эдийн засгийн чадамжаараа улсдаа хамгийн муу муж гэдгийг бэлхнээ харж болно. Улс орны эдийн засгийн хүчин чадлыг гаргахдаа нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийн дүн биш нэг хүнд ногдох нийт үйлдвэрлэлийн үнийн дүнгээр нь хэмждэг. Хүн амын тоо харилцан адилгүй шүү дээ. Ганьсү мужийн 24.7 сая хүнийг Монгол Улсын 3.7 сая хүн амтай харьцуулах юм бол 7 дахин их. Гэтэл нэг хүнд ногдох нь 6.737 ам.доллар гэдэг бол манайхаас 10.3 хувиар л илүү байгаа юм. Тэглээ гээд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг харах юм бол бусад мужуудаасаа хөгжил доогуур байгааг энэ тоо харуулж байна. 2023 онд Шинжаан Уйгарын өөртөө засах орон (ШУӨЗО)-ны ДНБ нь 269.2 тэрбум ам.доллар (буюу 1.912.59 тэрбум юань), ӨМӨЗО-ных 346.6 тэрбум ам.доллар (буюу 2,462.70 тэрбум юань) байгаа юм. Харин Ганьсү мужийн ДНБ нь 167 тэрбум ам.доллар буюу 1.186.38 тэрбум юань байна. Та бүхэн өөрсдөө харьцуулаад дүгнэлтээ хийгээд үзээрэй. 2023 оны байдлаар манай улсын хувьд эдийн засаг 20.7 орчим тэрбум ам.доллар байсан. Ингээд харвал эдийн засаг нь манайхаас 8 дахин том мөртлөө хүн ам нь даруй 7 дахин их байгаа нь нэгийг хэлэх байх. Өөрөөр хэлбэл, Ганьсү муж нь Монгол Улсын эдийн засгаас хол давсан чадавхтай гэж харагдахгүй байна.

-Эдийн засгийн нөхцөл ийм байхад манай улстөрчид аж үйлдвэрлэл хөгжсөн гайхалтай мужтай хамтрах боломж гээд байсан нь хачирхал төрүүлээд л байна…

-Хятад улс нь өөрөө хамгийн ядуу мужуудын нэг гээд зарласан байхад бид энд өөр дүгнэлт хийгээд байж болохгүй шүү дээ. 2018 онд Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд ч үүнийг бичсэн байгаа нь баримттайгаа байна. Тэр ч бүү хэл Хятадын судлаачид 2022 онд бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлдээ Ганьсү мужийн ядуурлын шалтгааныг нь ч судлаад биччихсэн байна шүү дээ. Нэгдүгээрт усны хомсдол буюу цөлөрхөг нутаг дэвсгэртэй. Усны хомсдолоос үүдээд үйлдвэрлэл хөгжих боломж хязгаарлагддаг. Хоёрдугаарт, нь байгалийн баялгийн хомсдолтой. Гол уул уурхайн үйлдвэрлэлийн салбар нь түүхий эдийн дутагдалд орчихсон. Гуравдугаарт боловсролын түвшин доогуур, дөрөвдүгээрт хүн амын эрүүл мэндийн түвшин бусад мужтайгаа харьцуулбал тааруу, тавдугаарт хөдөлмөрийн нөөцийн ашиглалт сул буюу ажлын байрны хомсдолтой гээд маш тодорхой биччихсэн байгаа.

-Тэгвэл тэнд боомт нээгдлээ гэхэд бид тэр мужаас юу худалдан авч бас юуг зарж болох вэ?

-Нээрээ бид Ганьсү мужаас юуг худалдаж авч болох вэ? Эдийн засгийн үйлдвэрлэлийг авч үзвэл тийм ч олон төрөл биш ихэнхдээ уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэл давамгайлсан. Өнгөт металлыг хайлуулах үйлдвэрлэл ДНБ-ийнх нь 32.4 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг зөвхөн өнгөт металл хайлуулах үйлдвэрлэл эзэлж байна. Цаашилбал, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, газрын тос, нүүрс зэрэг шатах түлш боловсруулах, хар төмөрлөг металл хайлуулах, төмөрлөг бус ашигт малтмал боловсруулах, ХАА-н хүнс боловсруулах, нүүрс олборлох, угаах гэх мэт үйлдвэрлэл зонхилдог. Бас Боомтын сайдын хэлснээр химийн үйлдвэрлэл сайн хөгжсөн гэж байгаа боловч ДНБ-ийнх нь 3.1 хувийг л эзэлж байна. Тэдний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй нь харьцуулаад бид худалдаж авах бүтээгдэхүүнийхээ сонголтыг гаргаж үзье л дээ. Хайлуулсан өнгөт металл болох алт, мөнгө, зэс, газрын тос, нүүрс зэрэг байж болно. Гэхдээ нүүрс, бусад металлуудыг бид авах уу, өөрсдөө гаргадаг байж. Газрын тос байж болно гэхэд бид 2026 оноос өөрсдөө нефтиэ боловсруулаад илүү гарснаа зарах бодлого баримталж байгаа шүү дээ. Цахилгаан импортолъё гэж бодоход бид 640 км явж байж Алтай хот оруулах уу гэдэг нь өөрөө асуудал. Үүнээс өөр хэрэглэгч тэнд байхгүй. Одоо яригдаж буй төсөл нь зам болохоос биш Ганьсүгаас эрчим хүч импортлох бодлого огт яригдаагүй. Бусад бүтээгдэхүүний тухайд манайд байгаа бүтээгдэхүүнүүд л байна. Бид Ховд аймгийн Булган сумын Ярант зэрэг баруун аймгуудын боомтоор дамжуулан хэрэгцээтэй зүйлсээ авсаар ирсэн.

Ганьсү мужаас авч болох ганц боломжит “бүтээгдэхүүн” бол ажиллах хүч байж магадгүй. Хамгийн хямдаар ажиллах хүчийг импортлох боломж бол харагдаж байгаа, учир нь тэнд ядуурал ихтэй, ажлын байр хомс гэдгийг судлаачид тогтоосон. Саяхан яригдаад байсан квотгүйгээр гаднаас ажиллах хүч авах тухай асуудал энд хамаатай байж магадгүй л юм. Яагаад гэвэл Ганьсү муж нь хамгийн их ядууралд нэрвэгдсэн мужуудын нэг, мөн хүн амын насжилт ихтэй, хөдөлмөрийн насны хүн ам нь гадагшаа буюу өөр Бээжин, Шинжаан, Өвөр Монгол, Гуандон, Шаншин зэрэг муж руу шилжих хөдөлгөөн ихтэй. Ядуу, ажлын байр хомсдолтой учраас хөгжил дагаад хүн ам нь өөр тийшээ шилжээд байна гэсэн үг. Нөгөө талдаа бид тэдэнд юуг борлуулж болох вэ гэсэн асуулт байна. Монгол Улс газар тариалан, мал аж ахуй, тэр дундаа сүү сүүн бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг Хятадын Ганьсү мужид борлуулах том боломжтой гэж зарим улстөрчид тайлбарлаад байсан. Гэтэл яг эдийн засгийн чадавхаа харвал манай улс өөрөө газар тариалангийн бүтээгдэхүүнийг экспортлох хүчин чадал байхгүй. Дотоодынхоо хэрэгцээг арай ядан хангаж байна. Тэр тусмаа баруун аймгууд нь газар тариалангийн бүс нутаг биш тэр цөлөрхөг нутагт энэ боломжгүй. Сүү сүүн бүтээгдэхүүний тухайд Ганьсү нь төв Хятадын муж учраас тэндхийн хүн амын цагаан идээний хэрэглээ нь монголчуудынхтай харьцуулбал бага (Харин Өмнөд монголчуудын уламжлалт хүнс нь цагаан идээ учраас тэнд илүү боломжтой). Эдийн засгаараа хамгийн ядуу мужуудын нэг гээд Хятад нь өөрөө зарлачихсан байгаа учраас бидний гаргадаг ноолууран бүтээгдэхүүнийг худалдан авах чадамжтай хэрэглэгч тэнд байхгүй. Мах экспортлох тухайд бид өөрсдөө ч квоттой учраас худлаа. Харин ашигт малтмалаа түүхийгээр нь Ганьсү муж руу худалдах л үлдэж байна.

-Аялал жуулчлалын тухайд?

-Боомтын сайдын хэлж байгаагаар өөр нэг боломж бол аялал жуулчлалын экспорт гэсэн байна лээ. Гэхдээ манайд Нарансэвстэйн боомт нээгдсэн ч нэг ч жуулчин орж ирэхгүй байх. Яагаад гэвэл Нарансэвстэйн боомтоор орж ирлээ гэхэд 452 км туулж байж Цогт суманд хүрнэ. Тэр хүртэл төв суурин газар байхгүй. Үүнээс 250 км нь 500 метрийн өргөнтэй торон дотор явж ирнэ. Тусгай хамгаалалттай газар болохоор торноос гараад явах боломжгүй. Ховор амьтад мазаалай, хавтгайг үзэж чадахгүй. Хавтгай нь маш үргэмтгий амьтан учраас машины дуунаар 60-70 км дайжиж одно. Тэгээд ч говийн амьтад шөнийн амьдралтай, говь нутгийн зэрлэг амьтдыг жуулчид яаж ч хичээгээд үзэх боломжгүй тун тааруу. Дээрээс нь усгүй, үйлчилгээний газаргүй, жорлонгүй, хоолгүй, хонох ч газар байхгүй нутагт ямар жуулчин явах вэ. Зориулагдсан дэд бүтэц тэндээ бэлэн байгаа, хилийн наана Монгол талдаа байхгүй. Хүмүүсийн дунд явж байгаа хардлагаар Говийн их дархан цаазат газрын А хэсэгт байрлах “Талын мэлтэс”, “Хатан суудал” гэх хоёр том ордыг ашиглаж, Ганьсү мужийг түүхий эдээр хангах хувилбар байж болно. Угаасаа Ганьсү муж байгалийн баялгийн түүхий эдийн хомсдолд орчихсон учир хамгийн ойр, дөт замаар ашиглах сонирхол байгаа нь харагддаг. Ердөө энэ боомтоос баруун тийш 20 гаруйхан км-ийн зайд Талын мэлтэс, зүүн тийш 80 км яваад Хатан суудал байна шүү дээ. Энэ хоёр газар хоёулаа Говийн их дархан цаазат газрын А хэсэг дотор байрлаж байгаа нь тэдэнд бэрхшээл болж байгаа нь бодит үнэн. Эхний удаад энд гар хүрэхгүй гэж байгаа ч тусгай хамгаалалтаас гаргачихаад дараагийн алхмаа хийхийг үгүйсгэхгүй.

Таны ярьж байгаагаас харвал энд Монголын талын эрх ашиг огт яригдахгүй Хятад, тэр тусмаа Ганьсү мужийн эрх ашиг л яригдаж байгаа юм биш үү?

-1992 онд нээгдээд эдийн засгийн үр өгөөжгүй, байгаль орчинд асар их хохиролтой юм байна аа гээд хаагдсан Нарансэвстэй боомтыг дахин сэргээж нээх гээд байгаа нь их хэмжээний хардлага төрүүлж байгаа нь мэдээж. Нэг зүйл төсөөлөөд үзье. Та ч, би ч өөрийгөө Хятадын хамгийн ядуу мужийн захирагч гээд бодъё л доо. Мужаа хөгжүүлж, бусад мужуудынхаа адагт үлдэхгүй байх ямар боломж байж болох вэ гэж хайна биз дээ. Ганц л гарц харагдаж байгаа юм. Тэр нь Монгол улстай 60-хан км-ээр хиллэдэг гарц байна. Тэр улсын хилийг давангуут танай мужийн эдийн засгийг тэжээдэг уул уурхайн үйлдвэрлэлийнх нь гол түүхий эд нь бэлхнээ байгаад байдаг. Байгалийн баялгийн хомсдолд орчихсон байхад хамгийн дөт замаар “замыг нь тавьж өгөөд ч болтугай” гарцаа нээе гэж бодно биз дээ. Тэр зардал нь бүр 1.3 их наяд төгрөг болж байсан ч гэсэн зардлыг нь гаргаад боомт нээлгэх нь тэдний ганц боломж. Тиймээс үеийн үед энэ бодлого өвлөгдөж, уламжлагдаж ирсэн. Нэг дарга нь солигдлоо гэхэд нөгөө нь тэр бодлогыг үргэлжлүүлнэ. Энэ бол тэр хүмүүсийн буруу биш. Харин үүн дээр манайхан өөрсдөө л ухаантай байх ёстой биз дээ. Бид нар тэр хүмүүсийн зорилго, эрх ашгийг мэдсээр байж даган баясаж болохгүй. Өөрсдийн ядуурал, ажилгүйдэл, хямралыг яая гэж байж Хятадын нэг мужийн ядуурлыг бууруулах гээд энд зүтгээд байгааг л ойлгохгүй байгаа юм. Ер нь аливаа улс, хувь хүн ч гэсэн ямар нэгэн байдлаар өгөөж хүртэхгүй л бол хөрөнгө оруулалт хийхгүй. Өгөөж хүртэх зүйл дээр л хөдөлнө. Тэд яаж өгөөжөө хүртэх вэ гэхээр хамгийн ойр дөт энэ замаар түүхий эдийг татаж, боловсруулж цаашаагаа зарснаар энэ өгөөжөө богино хугацаанд хүртэхээр харагдаж байна.

-Нарансэвстэйн боомтыг нээснээр бид Хятадын хурдны гол замуудтай холбогдоно. Төв Ази-Европын арилжаа наймааны гарц нээгдэнэ гээд байгаа?.

-Хөгжихийг хүсэхгүй хэн байх вэ дээ. Гэхдээ бид юмыг бодитой харж өөртөө ашигтай хувилбар руу явах ёстой шүү дээ. Хятадын G7 хурдны замтай холбогдох нь зөвхөн Нарансэвстэй биш Бургастайн боомтоор 155 км, Ярантын боомтоор гарвал бүр богино зам туулж холбогдож болно. Шивээхүрэнгээр гэхэд 80 км яваад л бид холбогдож болж байгаа. Ингээд харахад, заавал Нарансэвстэйн боомтоор гарч 100 км явж G7 хурдны замтай холбогдож байж бид Төв Ази, Европын зах зээл рүү нийлнэ гэсэн үг биш. Мөн Б.Тулга сайдын хэлж байгаагаар Замын-Үүдээр орж ирж байгаа импортын барааны 30-50 хувь нь Нарансэвстэйн боомт руу шилжинэ гэсэн байсан. Яаж ч бодсон ийм боломж харагдахгүй байна. Улаанбаатар хотод Монголын хүн амын тал хувь нь амьдарч байна шүү дээ. Улаанбаатарын иргэд Замын-Үүдээр хил давахад 657 км яваад орчихож болно гэтэл Нарансэвстэйн боомтоор хил гарахын тулд 1590 км замыг туулах ёстой болно. 2.4 дахин хол замыг туулан байж, бид Хятадын хамгийн ядуу муж руу очих ямар шаардлага байгаа гэж. Тэндээс Бээжин оръё гэвэл 1975 км, харин Замын-Үүдээс Бээжин хүртэл 669 км. Тэгэхээр Улаанбаатарын бизнес эрхлэгчид Замын-Үүдийг сонгож явах нь ойлгомжтой байна шүү дээ. Яагаад Бээжинг онцлоод байна гэхээр эдийн засаг нь хамгийн хүчирхэг том, том хотууд Бээжинг тойроод байгаатай холбоотой. Түүнээс биш Ганьсү мужийн Мазуншань боомт орчим нь цөлөрхөг, говь цөлийн нутаг учраас тэр хавьд газрын үр жил шим муу, дэд бүтэц сул хөгжсөн, томоохон хотууд буюу зах зээл багатай.

Бас Өмнөд Монголоор дайруулж худалдаа хийхээр Хятад доторх тээврийн зардал нь өндөр болохоор өртөг нэмэгдсээр хэрэглэгчдэд хүрэх нэг бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна гэж ярьсан байна лээ. Гэтэл экспортод гарч байгаа нийт бүтээгдэхүүний 80-90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн шүү дээ. Манайхаас гарсан уул уурхайн түүхий эд шууд цаашаа явах шаардлагагүй, харин Өмнөд Монголдоо өөрсдөө боловсруулаад, дараагийн шатны бүтээгдэхүүн болоод цаашаа зарагддаг. Тэгэхээр манай эцсийн хэрэглэгчид Бээжинд биш наана байгаа. Хамгийн боломжит зах зээл болох Өмнөд Монгол болон Шинжаан нь Ганьсүг бодвол хамаагүй өндөр хөгжилтэй, боловсруулах үйлдвэрүүд ч ихтэй. Нарансэвстэйгаар Хятад руу гарвал цөл л биднийг угтана. Энэ замыг баргийн хүн сонгож явахгүй харин тэнд хамгийн ойрхон байдаг уурхайн эзэд түүхий эдээ Ганьсүгийн хамгийн ойрхон боловсруулах үйлдвэр рүү л зөөх боломж нээгдэх бололцоо бүрдэнэ.

-Гэхдээ бид хөгжмөөр байна шүү дээ. Үнэн худал мэдэгдэхгүй ямар нэгэн гарц шийдэлд найдаад л байгаа. Эхлээд замаа тавих нь зөв юм биш үү?

-Тийм ээ, гэхдээ хямд хийгээд ашигтай байх нь бизнесийн зарчим мөн биз дээ. Энгийн тооцоо хийж үзье л дээ, хэдүүлээ. Бургастайн боомтоос Алтай хот хүртэл 270 км зам тавих зардал нь 540 тэрбум төгрөг. Харин Нарансэвстэйн боомтоос Алтай хот руу 640 км зам тавих зардал 1.3 их наяд төгрөгийн зардал гарахаар ерөнхий тооцоолол харагдаж байна. 1 км замыг 2 тэрбум төгрөгийн зардлаар барина гэж үзье. Бодит байдал дээр үүнээс ч илүү зардал гарах талтай. Хэрвээ тэр 640 км замыг барих юм болбол хоёр том давааг давна. Цогтын Баруун дөтийн даваа нь далайн түвшнээс 3,918 метрийн өндөртэй, 10 км-ийн урттай буюу маш огцом өгсөж урууддаг. Нөгөөх нь Хантайширын урдах Дөтийн даваа далайн түвшнээс 2,265 метрийн өндөрт 20 км урттай. Энэ хоёр даваа бол цаг агаарын нөхцөлөөс болж байнга хаагддаг. Тэгэхээр энэ хоёр давааг давах замыг тавихын тулд нэг бол энэ хоёр уулыг тэсэлж, газартай нь тэгшилнэ. Тэгэхээр байгаль орчны асуудал сөхөгдөнө. Нөгөө мазаалай, хавтгай тэнд үлдэх тухай бодоод ч хэрэггүй болж байгаа юм. Эсвэл тэр хоёр давааг сэтлэхгүйгээр дээгүүр нь зам тавилаа гэхэд өвлийн улиралд олон удаа зам хаагдаж түүгээр машин явах боломжгүй болно. Дээрээс нь хилийн дагуу 250 км-ийн урттай, 500 метрийн өргөнтэй тор татна, мөн 1 км тутамд камер байршуулна гэж байгаа. Тэгэхээр энэ тор татах, камер суулгуулах зардал, дээрээс нь арчилгаа, засвар үйлчилгээний өндөр. Бас Б.Тулга сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар энэ асуудлыг шийдэж болдоггүй юм бол Хилийн тухай хуулиар шийдэх болно гэж хэлж байсан. Хилийн тухай хуулиар хилээс 15 км-ийн хилийн зурвас дотор зам барих, тэр тусмаа хүнд даацын ачаа тээврийн зам барих асуудал яригдах боломжгүй. Миний бодлоор зам барилаа гэхэд тэр зам нь зөвхөн хил хамгаалах зориулалтаар баригдах боломжтой болохоос биш ачаа тээврийн үйл ажиллагааг хилийн зурваст эрхлэх боломжгүй. Хүнд даацын ачааны машин явах зам гэдэг бол тусдаа заалттай, стандарттай. Дээрээс нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд зам тавилаа гэхэд энгийн л зам тавина шүү дээ. Хүнд даацын автомашин зорчих зам гэдэг тусдаа түүнийг барих, ашиглах процесс нь байгаль орчинд асар сөрөг нөлөөтэй. Тэгэхээр тусгай хамгаалалттай газар нутгаас тэр зам барих 500 метрийн өргөнтэй 250 км-ийн урттай торон хашаатай коридор гаргана л гэсэн үг. Энэ нь Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгээс 12,500 га талбайг гаргана гэсэн үг. Эхний ээлжинд замаа ашиглалтад оруулаад энгийн бараа бүтээгдэхүүний худалдаа наймаа явагдахгүй байснаар манай талд ашиггүй нь мэдэгдээд эхлэхээр цаашлаад “Талын мэлтэс”, “Хатан суудал” гэх ордуудыг тусгай хамгаалалтаас гаргана. Үүнийг дагаад хэдэн мянган га талбай хамгаалалтаас гарна. Ингээд энэ уурхайн нөөцүүд ч гэсэн барагдахаар тэр хавийн дараагийн уурхайг ашиглах гэсэн дарааллаар явах нь мэдээжийн хэрэг болно. Ингээд эцэст нь Ганьсү муж зам тавьж өгсөн зардлаа нөхөөд, өгөөжөө хүртээд өөрсдийн мужаа ядуурал ажилгүйдлээс гаргах зорилгодоо хүрнэ. Монгол Улс өнгөц харахад богино хугацаанд түүхий ашигт малтмалаа Ганьсүд зарж орлого олж байгаа мэт харагдах ч нийт эдийн засаг, байгаль орчны хохирлын зардалтайгаа харьцуулахад өгөөж нь зардлаасаа давж чадахгүй.

-Зам тавихад байгаль орчинд учруулах хохирол яаж харагдаж байгаа бол?

-Хамгийн хийсвэр тооцоолол хийгээд үзэхэд, Нарансэвстэйн боомтоор зам тавих юм бол байгаль орчинд учрах хохирлын зардал нь 1 км-т нэг жилд 4.7 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учрахаар байгаа юм. Манайх Дарханаас Улаанбаатар чиглэлийн 200 км замаа найман жил барьсан. Энэ 640 км замыг цаанаас хятадууд орж ирж барилаа гэхэд ойролцоогоор 10 жил болох байх. Тэгэхээр 10 жил байгаль орчинд үзүүлэх хохирол нь 30.3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учрахаар тооцоолол гарч байгаа юм. Энэ бол зөвхөн зам барихтай холбоотой хохирлын зардал шүү дээ. Нарансэвстэй боомтоос Алтай хот хүртэл зам тавих нь онгон байгалийн маш эмзэг хөрсийг хөндөж байж зам тавина. Энэ замыг барих түүхий эд, хайрга усны асуудал гээд гүнзгийрвэл их зүйл бий. Ер нь маш нарийн тооцоолол судалгаа хийлгүй, энгийнээр тооцоход л ингэж харагдаж байна. Манай улсын 2023 оны ДНБ 70.4 их наяд орчим төгрөг байсан бөгөөд зөвхөн энэ замаас учирсан байгаль орчны хохирлыг төлөхийн тулд улсаараа, бүх иргэд нь бараг хагас жил орчим юу ч идэхгүй, хэрэглэхгүй, ажиллаж байж олсон орлогоороо энэ хохирлын төлбөрийг төлнө гэсэн үг.

-Таны хэлж байгаа зүйлс манай зарим залуу сайд нарын барим тавим хэлээд байгаагаас тэс өөр байна л даа. Тэд яагаад ийм мэдээлэлгүй байна, мэдсэн ч худлаа хэлдэг юм уу?

-Улстөрч хүмүүс ямагт улс төрийн хожил, оноо авах, бусдад өөрийгөө болон намаа рекламдах зорилготой гэж хардаг, тэдэнд нийтийн эрх ашиг бодох сөхөө алга. Хэрэв улс орноо боддогсон бол тэд Ганьсү муж руу олон дахин айлчлал хийхээсээ өмнө интернэтэд байгаа бэлэн тоо мэдээг уншаад, нягтлаад өөрсдийн гэсэн Монгол Улсын эрх ашгийн төлөө бодлого, стратеги боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлээд, гарсан үр дүнд нь мониторинг, үнэлгээ хийгээд, дараа дараачийн сайжруулсан бодлогоо боловсруулах байсан байх. Ер нь Монгол Улсын эрх ашиг гэж ярихаас биш ганц нэг аймгийн эрх ашгийн талаар хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээр хийх боломж огт байхгүй. Гэхдээ хэн ч олоод мэдчих зүйл дээр ингэж худлаа хэлэмгүй юм. Мэдээлэл өгч байгаа зөвлөхүүд, эрдэмтдийн баг нь улстөрчдөдөө буруу мэдээлэл өгөөд байна гэж бодож байна. Хэдий тийм ч гэсэн улстөрч хүн зөвлөхүүдийнхээ өгсөн мэдээллийг нягталдаг, шалгадаг, өөрийн ухаанаар дүгнэдэг, эргэлзээтэй зүйлс дээр нь хэлэлцүүлэг өрнүүлдэг байх аваас Монгол Улс маш хурдан хөгжих боломжтой. Харамсалтай нь манай ихэнх улстөрчдөд тийм ухаан, зориг, эрмэлзэл, хүсэл мөрөөдөл алга харагдах юм даа.

Б.АНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар:

-Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүнгийн талаар

-2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар

-Нийслэлийн агаарын бохирдлын талаар
-“Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /хүүхдийн хоолны зардал/ зэрэг найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Гантөмөр: Хамтарсны давуу талыг бид гаргаж чадаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй шинэ оны босгон дээр ярилцлаа.


-Энэ өдрүүдэд Засгийн газраас өргөн барьсан Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр зам болон ураны төслийн асуудлыг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Тэгэхээр эдгээр төслүүдийн манай улсад авч ирэх үр өгөөжийг уншигчдад маань тайлбарлаж өгнө үү?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа Монголын өнөөдөр хүртэл бугширсан, шийдэж чадахгүй өдий хүрсэн, тэгсэн мөртлөө улсын нийгмийн хөгжил дэвшилд маш нөлөөтэй гэж үзсэн төслүүдээ бид мега төсөл гэж зарласан. Нийт 14 ажлын ард гарна. Ингэж байж Монголын эдийн засаг урт удаан хугацаанд тогтвортой хөгжил дэвшил рүү алхана. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэж байж Монголын нийгэм тогтуун тайван болно гэсэн зорилтыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд хамгийн эхэнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шийдсэн. Баруун талын эрчим хүчний импортын хамаарлыг арилгахад том үүрэгтэй төсөл. Бид саяхан Шанхайд очиж гэрээгээ зурж, санхүүжилтийн асуудлаа бүрэн шийдсэн. Хоёрдугаарт, ураны асуудал байгаа юм. Уран олборлохыг сүүлийн 20 гаруй жил ярьсан. Үүнийг шийдэж байж бид цаашаа технологийн орон болох зам нээгдэнэ. Эдийн засгийн хөгжил дэвшилд ч маш хэрэгтэй. Тиймээс ураны гэрээ байгуулагдлаа. Бидний тавьсан маш чухал зорилт шийдэгдэж байна гэж харж байгаа. Дараагийн асуудал бол хил холболтын төмөр зам. Өнөөдөр нэг хил холболтыг шийдэж байгаа юм шиг мөртлөө 4-5 том терминал байгуулах ажлын эхлэл болж байгаагаараа их онцлогтой. Ингэх юм бол бид урд хөршийнхөө нүүрсний зах зээлийн 10-20 хувь руу алхах боломж бүрдэнэ. Нүүрсний зах зээл хумигдаж байгаа энэ үед бидний хувьд их том алхам болно. Эдийн засгийн бүх асуудлыг шийдэх суурь болох учраас энэ шийдлийг УИХ-аараа гаргуулж чадлаа. Цаана нь БНХАУ-тай хийх хэлэлцээр биднийг хүлээж байна. Аль, аль нь хохирч болохгүй. Бидний том зорилго бол урд хөршийнхөө зах зээлд өөрийн оролцоог бий болгох юм. Энэ зорилгынхоо төлөө бид том алхаж чадлаа. Мөн Засгийн газраас нүүрс химийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Энэ хавартаа багтаагаад бид хөрөнгө оруулалтаа шийднэ. Мега төслүүдийн дөрөв дэх нь энэ. Тав дахь нь болох Газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрээ дуусгах тал дээр Энэтхэгийн засгийн газраас эхний захиагаа авсан. Он гараад үүнийг шийднэ. Ингээд бидний ярьж байгаа 14 төслөөс 5-6 нь ажил хэрэг болоод явна. Ирэх жилдээ багтаагаад бид Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Зэс боловсруулах үйлдвэрийн төслөө эхлүүлнэ. Дараа нь Оюу толгойг түшиглэсэн үйлдвэрийн тухай яригдана. Энэ мэтчилэн бид тавьсан зорилгынхоо төлөө бууж өгөхгүй явж байна. Бидний “Хөгжлийн төлөөх зориг” маань “Бууж өгөхгүй зориг” болж байгаа. Бид бууж өгч болохгүй, заавал ард нь гарна. Ард түмэн үүнийг хүлээж, харж байгаа. Дөрвөн жилийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд заавал үр дүн гарах ёстой. Бид утаагүй, түгжрэлгүй болох ёстой. Боловсролын асуудал шийдэгдэх, эрүүл мэнд тодорхой хэмжээгээр ахисан байх хэрэгтэй. Ийм зүйлсийн төлөө бид итгэлтэйгээр ажиллаж байна.

-Сонгуулийн дараа танай намыг хамтарсан засагт ороход нийгэм янз янзаар л хүлээж авсан. Гурван нам хамтраад засаг байгуулаад явахад ойлголцлын хувьд хэр байна вэ?

Ардчилсан нам 2023 онд эв нэгдлийг сахисан. Харин 2024 онд Монгол төрийг тохинуулах зорилго дээрээ нэгдсэн. Өнгөрсөн найман жилд том бүтээн байгуулалт явсангүй. Тийм учраас бүтээн байгуулалтуудыг хийж, Монголыг үйлдвэржсэн орон болгох зорилгыг бид дэвшүүлсэн. Энэ зорилго өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ардчилсан намын 42 хүнд бүгдэд нь байгаа. Зорилгоосоо бид ухраагүй. Харамсалтай нь сөрөг хүчин хиймээр байна. Илүү ард түмэнд таалагдах гэсэн сонирхол мэдээж хэрэг байгаа. Тиймээс нам засгийн төлөө 100 хувь ажиллаад байгаа гэж хэлэхэд асуудалтай. Гэвч бид зорилгынхоо төлөө л хамтарсан засагт орсон. МАН-ын хувьд ч гэсэн сайд болмоор байгаа, засгаа ганцаараа аваад явах гэсэн, засгийг дэмжихгүй хүмүүс байгаа. Тийм болохоор бүх зүйл сайхан явж байгаа гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ бид хамтарсны давуу талыг гаргаж чадаж байна. Төсөв их нээлттэй хэлэлцүүлэгддэг боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд бид гурав хамтраад хийсэн. Их зөв өөрчлөлтийг хийсэн байна. Парламент их том боллоо. Хувийн ашиг сонирхол гэдэг зүйл харагдах нь багассан байна. Олонхоороо их ухаалаг шийдвэр гаргадаг болсон байна. Тийм учраас надад итгэл төрж байгаа нь парламент өөрөө олон түмний төлөөлөл болж чадсан. Тэгэхээр Засгийн газар олон түмнийхээ талд байж чадах юм байна гэсэн итгэл юм. Улаанбаатар хотод өнгөрсөн он жилүүдэд ийм том хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагүй шүү дээ. Энэ бол хувьсгал шахуу зүйл болж байгаа байхгүй юу. Бидний зорилго бол их ариун, шударга. Улаанбаатар хот маань түгжрэлгүй, утаагүй, хүмүүс маань орон сууцтай болог. Шинэ дагуул хотоо байгуулъя. Ингэснээр хот маань тэлэг. Өнөөдөр/12.27/ Хархорум хотын тухай хууль орж ирж байна. Дэлхийн эртний нийслэлийг буцааж амилуулъя. Ингэснээр Монголын түүх дэлхийд дахиад тамгалагдаг, дурсагдаг гэдэг утгаараа ажиллаж байна. Энэ мэтчилэн Засгийн газар ерөөсөө эрч хүчээ алдаагүй. Баялгийн сан буюу Чингис сан дээрээ бид мөнгийг бүрэн төвлөрүүлж чадлаа. Ирээдүйд дэлхийд алдартай сан болно гэсэн амбицтай байна. Сангийн хуулийг гурван намын дарга гарын үсэг зурж байгаад Их хурлаар батлуулж байсан. Ер нь давуу талууд бас их байна.

-Хамтарсан засаг байгуулаад хэдийгээр мега төслүүдээ явуулж байгаа ч алдаа дутагдал, хулгайг нь хаацайлдаг. Хяналт сулардаг гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тал дээрээ АН хэр шударга, шүүмжлэлтэй ажиллаж байна вэ?

-Хамтарсан засгийн үед хамгийн чухал нь хараа хяналт их сайжирдаг. Яагаад гэхээр дотор нь ороод суучихдаг. Тэгэхээр хулгай хийж чадахаа больдог. Бид яг цаагуураа бол нэгэндээ итгэхгүй шүү дээ. Тийм учраас хэн нэгний толгой илэх асуудал байхгүй. Энэ их давуу талтай гэж би харж байгаа. Мэдээж хуучин хулгай хийж амьдардаг байсан нөхдүүд одоогоороо амь бөхтэй оршиж байгаа байх. Гэвч хуйвалдаан бол байхгүй болчихож байгаа юм. Хуйвалдаан мэдээлэлгүй үед гардаг. Гэтэл өнөөдөр Таван толгойн нүүрс, Эрдэнэтийн зэсийг хэн, яаж худалдаж авч буйг би бүгдийг нь мэдэж байгаа. Хамтраагүй бол мэдэхгүй шүү дээ. Нөгөө талдаа АН-ын сайд нар хулгай зэлгий хийх сэтгэл зүрх байхгүй. Тийм болохоор хамтарсан засаг бол бүгдийг нээлттэй болгодог учраас их давуу талтай юм байна. Цаашдаа шинэ хуулиар маш олон хамтарсан засаг гарах байх. Ингэснээрээ Монгол илүү их цэвэршинэ.

-Засгийн газраас хуулийн төслүүдийг яаралтай, нэн яаралтай горимоор оруулж байгаа эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж байна гэсэн шүүмжлэлийг зарим гишүүд хэлдэг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Бид маш их хугацааг улстөржиж алдсан учраас энэ Засгийн газар цаг хугацаатай уралдаж байна. хүлээгээд суух хугацаа ерөөсөө байхгүй. Ядаж ирэх өвөл утаагаа буулгая. Тэгэхийн тулд заавал УИх-аар шийдвэрүүдийг гаргуулахаас өөр аргагүй. Ердийн журмаараа жил хүлээдэг боломж бидэнд алга. Энэ засгйин даалгавар нь их өндөр, 14 мега төсөл зарлачихсан. Эдийн засгаа хоёр дахин том болгоно гээд амлачихсан. Тийм учраас цаг хэмнэх гэж л зүтгэж байгаа юм. Мэдээж алдаа дутагдал гарч магадгүй. Гэхдээ бид засаад л явна. Өөр арга байхгүй. Бодоод, хүлээгээд суугаад байх цаг бидэнд алга.

-Ирэх 2025 онд Засгийн газраас ард түмэн ямар ажлуудыг хүлээх вэ?

-Энэ 2024 он бол бүгд өөр, өөрийн гэсэн зорилго өвөртлөөд, түүнийхээ төлөө тууштай байж чадлаа. Зорилго цаашаа бодитой ажил хэрэг болох ёстой. Ингэхийн тулд итгэл хэрэгтэй. Итгэл алдраад байна. Тэгэхээр 2025 он бүх хүнд итгэл өгсөн жил болно. Утаа, түгжрэл гурван жилийн хугацаанд алга болох юм байна. Эдийн засаг өснө, үйлдвэржилт бодитой бий болно, том төсөл Монгол Улсад явж болдог юм, ажил хийгээд сайхан амьдарч болох юм байна гэсэн итгэл авсан жил болно. Тэгэхээр ирэх оны үг итгэл гэсэн үг байх болов уу гэж итгэж байгаа. Энэ үгийг амь оруулахын төлөө Тэргүүн Шадар сайд, АН-ын даргын хувьд бүх хүчээ дайчлан ажиллана.

-Манай сонины уншигчдад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Өнгөрч байгаа 2024 он маш их зорилготой, хүн болгон юманд хүрэхийг хичээсэн, ажлын ард гарахыг оролдсон жил байлаа. Шинэ Үндсэн хуулийнхаа үр шимийг хүртэх суурийг тавьсан он жил байлаа. Хуваагдал, талцлыг ардаа орхисон он байлаа. Ирэх жил айл бүр өөрийн гэсэн зорилгодоо хүрэх итгэлийг олсон он жил байгаасай. Хүн бүр эрүүл саруул амьдарна гэсэн итгэлийг авсан жил болоосой.

Хүн бүр аз жаргалыг мэдрээсэй л гэж би хүсч байна. Өөртөө эзэн байж, өөрийнхөө ирээдүйг итгэлтэйгээр зурахын ерөөлийг танай сонины уншигчдад хүргэж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгээр эхнэрээ айлган сүрдүүлсэн этгээдийг баривчиллаа DNN.mn

Галт зэвсгээр эхнэрээ айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчиллаа.Тодруулбал, Манай нөхөр намайг айлган сүрдүүллээ гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 25-ны өдөр 17:00 цагийн орчимд Ховд аймгийн цагдаагийн газар бүртгэгджээ.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Г нь Тоз-8 маркийн галт зэвсгээр эхнэрээ айлган, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийн газраас Тоз-8 маркийн галт зэвсгийг хураан авч цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хэрэв таны ойр дотны хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд хандах, 107, 108 хандан зөвлөгөө мэдээлэл авах боломжтойг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

E-Mongolia-гийн төлбөртэй үйлчилгээг түр хаана DNN.mn

E-Mongolia систем төлбөртэй үйлчилгээнүүдийг түр хаалаа.

Тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 30-ны 12:00 цагаас 2025 оны нэгдүгээр сарын 01-ний шөнийн 01:00 цаг хүртэл төлбөртэй үйлчилгээ авах боломжгүй боллоо. Учир нь Төсвийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу төсвийн жил дуусгавар болж буйтай холбоотойгоор төлбөртэй үйлчилгээг түр хаах юм.

Харин E-Mongolia-ийн төлбөргүй үйлчилгээнүүд хэвийн үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгийн өнөөдрийн /2024.12.30/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
3 УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1130 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1130 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Д.Ганхүрэл: Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ хэлэлцэж, тогтоол гаргаагүй л бол гишүүн эгүүлэн татагдахгүй DNN.mn

Хуульч Д.Ганхүрэлтэй УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн орчин нь ямар байдаг талаар ярилцлаа.


-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиа монголчууд холимог тогтолцоогоор явуулсан. Тойргоос 78, намын жагсаалтаар 48 гишүүн сонгогдож, анхны 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлсэн. Тэгэхээр гишүүд сонгогдох эрх зүйн орчин нь тодорхой байна. Харин эсрэгээрээ гишүүнийг эгүүлэн татах асуудалд өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиараа ямар зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа вэ?

-2024 оны тавдугаар сарын 16-нд батлагдсан УИХ-ын тухай хуулийн есдүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг зааж өгсөн байдаг. Тус зохицуулалтын дагуу дараахь зургаан тохиолдолд гишүүний бүрэн эрх дуусгавар болно.

Үүнд, ерөнхийлөгчөөр сонгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн, хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн. Мөн Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нас барсан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн заалтууд байна. Эдгээрээс хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн, хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн тохиолдлуудад гишүүнийг чөлөөлөх тогтоол гарна гэж заасан.

-Хэрэв гишүүн Ерөнхийлөгч болсон, эсхүл нас барсан тохиолдолд автоматаар сул орон тоо гарсан гэж үзэн УИХ-аас ямар нэг шийдвэр гарахгүй тухайн гишүүнийг шууд чөлөөлөх юм байна, тийм үү?

-Тийм. Үндсэн хууль зөрчсөн бол Цэцээс дүгнэлт гаргасныг УИХ зөвшөөрвөл эгүүлэн татах тогтоол гарна. Гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдвол, мөн УИХ-аар тухайн асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар эгүүлэн татах эсэх шийдвэр гаргахаар байна. Үндсэндээ бол ерөнхийлөгч болсон, эсхүл нас барснаас бусад тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэхээр байгаа юм. Хэрэв УИХ шийдвэрлэхгүй буюу тогтоол гаргахгүй бол УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон байсан ч, эгүүлэн татагдахааргүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-аар гишүүнийг эгүүлэн татах болон чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй бол бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохгүй байх зохицуулалттай байна.

 

-Тойргоос сонгогдсон гишүүн эгүүлэн татагдлаа гэхэд нөхөн сонгууль явах хуулийн хугацаа, заалтууд нь ямар байдаг бол…?

-2019 онд батлагдсан УИХ-ийн сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана.

Орон гарсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй гэж хуулиар зохицуулсан байдаг.

-Намын жагсаалтаар орж ирсэн гишүүнийг эгүүлэн татах хуулийн заалтууд юу вэ?

-2019 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасны дагуу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүний орон гарсан бол тухайн нам, эвслийн жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо орон гарснаас хойш 14 хоногийн дотор гаргаж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн заалт байдаг.

-Хуулиараа намын жагсаалтаар орж ирсэн гишүүнийг намын даргын шийдвэрээр эгүүлэн татах боломж байдаг уу?

-Байхгүй. Зөвхөн УИХ-ын тухай хуулийн есдүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр л эгүүлэн татна. Үүнд, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон болон Цэцээс Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гарсан бол эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Гагцхүү, өмнө хэлсэнчлэн эгүүлэн татах үндэслэл бүрдсэн ч УИХ-аас тухайн гишүүнийн эгүүлэн татахыг дэмжихгүй, эсхүл эгүүлэн татах эсэх хэлэлцүүлгийг хийхгүй бол боломжгүй харагдаж байна.

-Намын дарга намын гишүүнээ хөөх, намын гишүүнээс түдгэлзүүлэх эрх нь байдаг. Хэрэв жагсаалтаар орж ирсэн УИХ-ын гишүүнийг намын дарга намаасаа хассан тохиолдолд тухайн УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзэх үндэслэл болох уу?

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дараахь тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ гэж УИХ-ын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан байна. Тухайлбал, гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан. Эсвэл гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан. Мөн гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан зэрэг үндэслэлүүд бий.

Дээрхээс үзвэл, намын дарга нь намын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн, эсхүл хассан гэдэг үндэслэл нь УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. Хэрэв тийм зохицуулалт байна гэж үзвэл энэ нь Үндсэн хууль зөрчсөн зохицуулалт болох нь гарцаагүй.

Өөрөөр хэлбэл, иргэдийн сонгосон УИХ-ын гишүүнийг намын даргын шийдвэрээр эрхийг нь түдгэлзүүлнэ гэвэл, иргэдийн улс төрийн эрх болон тухайн УИХ-ын гишүүний халдашгүй байх эрх ч зөрчигдөж, хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болно.

-Сонгуульд нэр дэвшигчид мэдээж шүүхээс гэмт хэрэгт холбогдолгүй гэдэг тодорхойлолт авч байж дэвшинэ. Шүүхээр тухайн хүнийг гэм буруутайд тооцоогүй л бол нэр дэвших эрх нь нээлттэй байдаг байх. Нэр дэвших процессын үед буюу сонгуулийн үед тухайн хүний гэмт хэрэг хийсэн эсэх нь шүүхээр эцэслэгдээгүй байхад гишүүнээр сонгогдсон тохиолдол саяхан гарлаа. Өөрөөр хэлбэл, Д.Цогтбаатар гишүүний хувьд сонгуулийн үеэр хэрэг нь шүүхэд шилжсэн байсан. Харин сонгуулийн дараа буюу гишүүн болсных нь дараа шүүхээс түүнд гэм буруутай гэж үзлээ. Энэ тохиолдолд яах ёстой байдаг юм бэ. Уг гишүүнийг эгүүлэн татах үндэслэл мөн үү?

-Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутайг нь тогтоосон тохиолдолд л тухайн хүнийг гэм буруутайд тооцно гэсэн зохицуулалт бий. Шүүхийн шатанд өмнөх болон шүүхийн шатанд байгаа хэргийн хувьд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол гаргах боломжтой байдаг. Энэ хугацаанд ч мөн хүнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэх боломжгүй. Тэгэхээр Д.Цогтбаатар гишүүний хувьд сонгуульд өрсөлдөж сонгогдсон нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Хэрэг нь эцэслэгдээгүй байсан учраас нэр дэвшээд явсан нь хууль зөрчсөн үйлдэл огт биш гэж үзнэ. Харин одоо бол Дээд шүүхээс шийдвэр гарсан тул, түүнийг дахин дээд шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй. Тэгэхээр үндсэндээ Дээд шүүхийн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол танилцуулснаар тухайн шийдвэр хүчинтэйд тооцогдоно. Шүүх тогтоолоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр хүргүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдийн ялыг эдлүүлэх арга хэмжээ авах ёстой.

-Тэгэхээр хамгийн эцсийн шийдвэрийг нь УИХ өөрөө гаргах юм байна , тийм үү?

-Тэгнэ. Гагцхүү, УИХ-ын гишүүнийн бүрэн эрх дуусгавар болоогүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн тулд тухайн гишүүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах ажиллагаа явагдана. Учир нь хэрэв гишүүн гэмт хэрэгт шалгагдаж байгаа бол, түүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдана. УИХ-ын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу. Гэтэл Цогтбаатар гишүүний хувьд энэ процесс нь дуусчихсан боловч гэмт хэрэг хийсэн шийдвэр гараагүй байхад УИХ-ийн гишүүн болчихсон асуудал байна.

Тэгэхээр түдгэлзүүлэхгүйгээр шууд эгүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Түдгэлзэх асуудал нь гэм буруутай эсэх нь тогтоогдоод, хэрэв гэм буруугүй гэж үзвэл буцаад УИХ-ын гишүүн болох боломжтой гэсэн үг. Харин эгүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ гэдэг нь гишүүний бүрэн эрхийг нь шууд дуусгавар болгоно гэсэн үг.

Тиймээс Д.Цогтбаатар гишүүнийг Дээд шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр гарсан ч УИХ-аас гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй л бол УИХ-ын гишүүн хэвээрээ байх хуулийн зохицуулалттай.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол ном яагаад “бестселлер”-ээр шалгарахгүй байна вэ DNN.mn

Бусдыг ойлгох түлхүүр бол унших. Уншихгүй бол хөгжихгүй. Бидний хүүхэд ахуйд ээж аав, багш нар “Ном унш” л гэж сургадаг байлаа. Одоо эцэг эхчүүд барагтай л бол тэгж хэлэхгүй байна. Ном уншихын ач тус их л дээ.

Тархи гэдэг ухаан, булчин шөрмөс, хоол боловсруулах зэрэг хүний биеийн бүх эрхтэн системтэй холбоотой дохио санамжуудыг байнга түгээж байдаг. Энэ үйлдэл нь удаашраад ирэхээр бие махбодын үйл ажиллагаа суларч, хөгшрөлт хурдацтай явагддаг гэсэн судалгаа бий. Өндөр хөгжилтэй орны хүмүүс жар, дал хүрч тэтгэвэрт гардаг. Тэд ухаан санааны хөгшрөл, доройтолд орохгүйн тулд эмчид үзүүлэхээр явахаас илүүтэй ном уншиж, түүнийхээ тухай харилцан ярилцаж, маргах сайн дурын бүлгэм, дугуйланд хүртэл хамрагдах нь түгээмэл болжээ.

Монголчууд бид уншиж байна уу гэвэл уншиж байна аа. Сүүлийн жилүүдэд ялангуяа өсвөр насныхан номын худалдааны дэлгүүрээр үйлчлүүлэх нь эрс нэмэгдэж, номын санд цагийг түлхүү өнгөрөөх хандлага ажиглагддаг болсон нь сайшаалтай. Тэд юуг онцолж, шимтэн уншиж байна вэ гээд сонирхоод үзвэл, дийлэнх нь гадаадын зохиол буюу орчуулгын ном л сонгож байна.

Яагаад бидний ирээдүй болсон хүүхэд, залуус аялгуу сайхан монгол хэл дээрээ зохиогдсон зохиол бүтээлүүдийг онцлон “шүүрч” авахгүй байна вэ. Яагаад номын худалдааны төвүүдийн лангуунуудад монгол зохиолчдын бус, гадаадын туурвигчдын чанартай, чанаргүй орчуулгын номууд хөглөрч, байнга “бестселлер”-ээр шалгарсаар байна вэ.

Гадны орнууд номын худалдааны дэлгүүрийн лангуугаа үндэсний онцлог хэв шинж, уламжлал бүрэн шингэсэн өөрийн зохиолчдын бүтээл туурвилаар дүүргэж, харин хүнд харагдах төдий тусгай зайд гадаадын зохиолчдын ном бүтээлийг өрсөн байдаг. Монголд энэ асуудалд салбар яам бодлогоор анхаардаггүй, цаашлаад номын худалдаа эрхлэгчид ч дорвитой ажил хийхгүй байгаа нь тод харагддаг.

Арванхоёрдугаар сарын турш “Интерном”-ын ТОП 100 бүтээлийн эхний арван байрыг Жеймс Р.Дортигийн “Шилдэг мухлаг”, Миэко Кавакамагийн “Heaven”, Кавагүчи Тошиказугийн “Кофе хөрөхөөс өмнө” зэрэг гадаадын орчуулгын ном эзэлжээ. Монголоос Ч.Ганжавлангийн “Хол биш”, Ч.Галсангийн “Хөх тэнгэр сонсож бай” гэсэн хоёрхон зохиол л дээхнүүр орсон байх жишээтэй. Ер нь бол бүтэн жил болоход монгол зохиолчдоос Л.Түдэв гуайн “Оройгүй сүм”, Тодко Самсоны адал явдалт зохиол, Б.Шүүдэрцэцэгийн түүхэн роман хэвлэгдсэн сардаа, Г.Аюурзана ном гаргавал гэх мэтхэн л бестселлерээр шалгардаг.

Монголд монгол ном бестселлер болдоггүй шалтгаан олон талтайг судлаачид өгүүлж байна. Тухайлбал, тэд зах зээл, уншигчдын сонирхол, номын үйлдвэрлэл зэрэг олон хүчин зүйлийг төдийлөн ойшоодоггүй ажээ.

Өнөөдөр монгол уншигчдын ихэнх нь орчин үеийн гадаад зохиолчдын бүтээл, номыг илүү сонирхдог. Үүний зэрэгцээ интернэт болон цахим хэрэгслүүдийн хөгжлөөр уншигчдын сонирхол дэлхий даяар алдартай зохиолчдын ном руу чиглэж байгаа нь монгол зохиолчдын бүтээлүүдийн худалдаанд нөлөөлөх болжээ. Монгол номын хувьд маркетинг, сурталчилгаа харьцангуй сул. Гадаадын томоохон хэвлэлийн компаниуд өөрсдийн бүтээлүүдээ сурталчлах, зар сурталчилгаа хийхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг бол монгол зохиолчид үүнд бараг анхаардаггүй.

Гадаадын номын үнэ зарим үед монгол номоос хямд байх тохиолдол бий. Мөн гадаад номын орчуулга, олон хэл дээрх хувилбарын сонголт зэрэг нь уншигчдыг татаж, монгол номын өрсөлдөх чадварыг бууруулдаг байна. Монгол ном ихэвчлэн уран зохиол, түүх, соёл гэх мэт чиглэлд төвлөрч байгаа ажээ. Харин олон уншигчийн сонирхолд нийцэх, амьдралд хэрэгтэй жишээлбэл, өөрийгөө хөгжүүлэх, практик мэдлэг олгох гэх мэт зүйлсийг агуулсан монгол ном худалдаанд бараг алга аа. Бид чинь өвөрмөц уламжлал, өвөрмөц ахуйтай улс шүү дээ.

Монголын номын зах зээл, уншигчдын тоо, худалдааны салбарын хүчин чадал ч хязгаарлагдмал байдаг нь монгол номын өрсөлдөх чадварт саад болдог байна. Дээрээс нь номын худалдаа монгол зохиолчдынхоо бүтээлд маш сэтгэлгүй хандаж байгаа нь харагддаг. Зүгээр л овоолоод хаячихсан байх нь элбэг. Хэвлэх үйлдвэрүүд ч шинэ залуу зохиолчдын номыг ингэж хэвлэбэл хүн анхаардаг гэх мэтийн зөвлөгөөг өгч байгууштай. Нимгэн ном хэвлүүлбэл тэгээд л хэн ч уншихгүй ном гарч байгаа нь тэр болдог. Яагаад гэвэл шилэн дээрээ нэр нь байхгүй номыг хүн олж хардаггүй, тоодоггүй гэх жишээний жижиг асуудлууд их нөлөөлдөг.

Аливаа ном зохиол бичнэ гэдэг сэтгэлийн хөөрлөөр, хүний хүсэл, сонирхлоор хийж орхидог зүйл биш. Байгалиас заяагдсан энэхүү өгөгдлийг зарим нь бизнес болгон хувиргадаг. Хэн дуртай нь ном бичиж, орчуулж, түүнийгээ “бестселлер” хэмээн сурталчилж, ашиг горилдог. Нөгөөтэйгүүр, ном зохиолыг унших гэж биш, үзвэр төдий байдлаар цуглуулах хүмүүсийн сонирхолд нийцүүлж, ном орчуулан хэвлүүлж, түүнийгээ худалдаалан борлуулж байна. Энэ хэрээр чанаргүй бүтээл улам бүр олширсоор байгаа юм.

Улс орон бүрт өөрийн гэсэн онцлог мөн чанар бий. Үүнийг илэрхийлж буй гол цөм нь эх хэл бичиг, урлаг, утга зохиолын талаарх ойлголт юм. Харамсалтай нь, бид эх хэлний ойлголтын цаана үндэстний сэтгэлгээний нарийн бүтэц, зүй тогтол гэж зүйл бийг анхаарахгүй байна.

Монгол Улс 2024 онд PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр сүүл мушгиж, тодорхой чадваруудын хувьд Азийн дунджаас 1.2-2.5 жилийн хоцрогдолтой хэмээх дүн авсан. Үүнээс хамгийн гүйцэтгэл султай нь унших чадварын үнэлгээ байв. Тодруулбал, 15 настай сурагчдын 64 орчим хувь нь унших чадвар эзэмшээгүй буюу гурван сурагч тутмын хоёр нь эх хэлээрээ уншсан зүйлээ ойлгож, эргэцүүлэх, бусдад өөрийгөө илэрхийлэх болон бичгийн чадвар сул гэж гарсан. Монгол сурагчдын ердөө 30 гаруй хувь нь л унших чадварын суурь түвшинг хангаж буй нь тун чамлууштай үзүүлэлт юм. Аль ч хэлний үндэс 60 мянган үгээс хэтэрдэггүй гэдэг. Түүнээс ердөө 5000 үг хүмүүсийн харилцаанд хэрэглэгддэг гэвэл цаана нь 55 мянган үг идэвхгүй хэрэглээнд байна гэсэн үг. Гэхдээ ном уншихын хэрээр тэдгээр үг идэвхжиж, хүмүүс яриандаа түлхүү ашиглана. Үгийн баялаг сайтай хүн илүү сайн ярих чадвартай болох нь дамжиггүй юм.

Иймд монгол зохиолч, бүтээлчид эх хэлний өвөрмөц онцлогийг шингээсэн, монголчууд шимтэн унших зохиол бүтээл олноор туурвиж, гадаад номын бестселлер, монгол номын бестселлер гэж тусад нь гаргаж байх, дунд сургуулийн хичээлийн программд заавал унших монгол номуудыг тусгаж өгдөг болох хэрэгтэй байна. Монгол зохиолчдын бүтээл ХХ зуунд маш сайжирсан. Тэдний бүтээл номуудыг зориудаар уншуулж судлуулах хэрэгтэй санагддаг. Яах вэ үзэл суртлын юмнууд байдаг, тэдгээрийг нь засаж сайжруулаад ч юм уу хасаж танаад уран үгийн мастеруудын бүтээлийг уншуулж байх нь зөв юм. Бас шинэ залуу зохиолчид алдар цуутай зохиолчдын бүтээлүүд өдөр тутам л гарч байдаг, тэднийг алдаршуулж, ном зохиолыг нь борлуулах тал дээр анхаарал хандуулдаг баймаар байна.

Д.ЭРДЭНЭТУЯА