Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг чиглэл болгов. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ утга-зоxиол

Франц хэлнээ хэвлэгдсэн “Тунгалаг тамир” романы дээжсийг номын сангуудад гардууллаа DNN.mn

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд төрийн ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан үндэсний бахархал төлөвшүүлж, эв нэгдлийг бэхжүүлэх, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох утга зохиолыг хөгжүүлэх ажлууд идэвхтэй өрнөж байна. Энэ бодлогын хүрээнд Монголын утга зохиолын шилдэг бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлыг сурталчлах зорилгоор тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ.

Эдгээр ажлын нэг хэсэг болж, ХХ зууны сор болсон бүтээлүүдийн нэг болох Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулан олон нийтийн хүртээл болголоо. Энэхүү орчуулгыг Францын монгол судлаач, докторант Тифэн Канн хийсэн бөгөөд тэрээр одоо Бямбын Ринченгийн “Үүрийн туяа” романыг мөн франц хэл рүү хөрвүүлж эхлээд байна.
Шинэхэн хэвлэгдсэн “Тунгалаг Тамир” романы дээжийг өнөөдөр “Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа” сэдэвт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын үеэр хүндэт зочдод танилцуулж, номын сангуудад гардуулан өглөө.

Энэхүү үйл явдал нь Монголын утга зохиолыг дэлхийн уншигчдад ойртуулж, үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал алхам боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Явган хүний замаар явсан “G CLASS”-ын жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Олон нийтийн сүлжээгээр G-Class маркийн автомашин явган хүний замаар явж байгаа бичлэг цацагдсан.Тэгвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид Тээврийн цагдаагийн албанаас хариуцлага тооцсон байна.

Тодруулбал, тухайн жолоочийг замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.39-д зааснаар 20 мянган төгрөгөөр торгожээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.                       

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд  анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ DNN.mn

   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Categories
мэдээ нийгэм

Архидан согтуурч, ажил тасалсан гэх шалтгаанаар доод албан тушаалтнаа зоджээ DNN.mn

Олон нийтийн цахим сүлжээнд хилийн цэргийн .. дугаар ангийн албан тушаалтан доод албан тушаалтнаа ажлын байран дээрээ хүч хэрэглэж зодсон гэх мэдээлэл нийтлэгдсний дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Шалгалтын явцад ангийн эрх бүхий албан тушаалтан болох М нь тус ангийн ахлах ажилтан А-г удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалсан гэх шалтгаанаар загнаж цохьсон гэх нөхцөл байдал тогтоогджээ. Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны аравдугаар сарын ирц DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын ирцийн мэдээллийг хүргэж байна.

Categories
гадаад мэдээ

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ DNN.mn

Зүүн Угандагийн зургаан тосгонд лхагва гарагийн шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагт хөрсний гулгалт болж, 15 хүн нас барж, 113 хүн сураггүй алга болж, бэртэж гэмтсэн 15 иргэнийг Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

Угандагийн Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлснээр хөрсний гулгалтын улмаас 40 гаруй байшин нурж, нурангаас 13 хүний цогцсыг гаргаж, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мөн Паквачийн гүүр нурж, Нил мөрний эрэгт эрэн хайх, аврах ажиллагаа явуулах үеэр аврах багийн хоёр завь хөмөрсөн байна.

Цаг агаарын байгууллагаас нь лхагва гарагт хүчтэй аадар бороо орох урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх дуут дохиог ажиллуулж, улс даяар томоохон авто замуудыг хаах арга хэмжээг авсан байжээ.

Тус улсад 12 жилийн өмнө мөн хөрсний гулгалт болж, 40 гаруй хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ.

 

Эх сурвалж: cnn.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Э.Эрдэнэчимэг: 2030 онд дэлхий дахинд нийт тээврийн хэрэгслийн 48 хувь нь цахилгаан болно гэсэн судалгаа бий DNN.mn

Зам тээврийн яам, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих чиг хандлага” зөвлөгөөн зохион байгуулав. Энэ үеэр “Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн”-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.


-Манай улсад цахилгаан тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлж байна вэ?

-Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчны яам хамтран 2024-2026 онд цахилгаан тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулан хамтран баталж, хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ удаагийн зөвлөгөөн нь нийтийн тээврийн салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” баримт бичигт “нүүрстөрөгч багатай хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон хүчин чармайлтад хувь нэмэр оруулна гэж тодорхойлсон. Манайд цахилгаан тээврийн хэрэгслийн нэмэгдэлт нь энэ зорилтод хүрэхэд зарим талаар хүндрэл гарч байгаа. Яагаад гэвэл манай улс эрчим хүчний хомсдолтой, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцын сүлжээ бага байгаа нь нөлөөлж байна. Мөн Монгол орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай учраас цахилгаан тээврийн хэрэгслийн батерей бүрэн цэнэглэлтээрээ өвлийн цагт зохих замдаа явж чаддаггүй асуудал үүсдэг. Харин сүүлийн хоёр жил цахилгаан автобусны тоо нэмэгдсэн. Одоогоор 113 цахилгаан автобус байгаагийн 22 нь троллейбус, 91 нь цахилгаан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийг цахилгааны оргил ачаалалгүй үед буюу шөнийн цагаар цэнэглэдэг. Шинээр авсан автобуснууд нь бүтэн нэг цэнэглэлтээрээ тухайн өдрийнхөө гүйлтийг хийдэг. Анх 2018 онд авсан автобуснуудын хувьд батерейны асуудал гараад хоёр удаа цэнэглэх тохиолдол гарч эхэлсэн. Одоогоор Улаанбаатарт тээврийн хэрэгслийн цэнэглэх станц 13 байгаа.

-Цахилгаан тээврийн хэрэгсэл нь байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь энгийн машинтай харьцуулахад ямар байдаг вэ?

-Цахилгаан тээврийн хэрэгслийн давуу тал нь хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө бага байдаг. Харин дизель түлшнээс ялгарч байгаа хорт хийн агууламж маш өндөр учраас амьсгалын замын өвчин болон хорт хавдрын гол шалтгаан болж байна шүү дээ. Худалдан авахад эхний хөрөнгө оруулалт нь үнэтэй боловч цаашдын зардал нь хямд байдаг.

-Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд хийж байгаа бол?

-Зарим улс орнууд иргэдийнхээ цахилгаан тээврийн хэрэгсэл унах сонирхлыг янз бүрийн байдлаар дэмжиж байна. Тухайлбал, төр нь татвараас хөнгөлдөг. Эсвэл анхны худалдан авалтаас нь хөнгөлөлт үзүүлдэг байх жишээтэй. 2030 он гэхэд дэлхий дахинд нийт тээврийн хэрэгслийн 48 хувь нь цахилгаан болно гэж үзэж байгаа. Улс орнууд эх дэлхийгээ хамгаалах дор бүрнээ хүчин чармайлт гаргаж байна. Манай улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Тиймээс төр бодлогоор цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжиж байгаа.

Жишээлбэл, ногоон дугаартай машинууд нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой. Мөн татвараас чөлөөлөгдөнө. Дугаарын хязгаарлалтад орохгүй зэрэг давуу талтай.

-Манай улсад хэчнээн цахилгаан тээврийн хэрэгсэл байна вэ. Ашиглалтын зардлын хувьд иргэдийн эдийн засагт ямар давуу талтай бол?

-Монголд 2017 онд 86 цахилгаан автомашин байсан бол энэ онд 1308 болж өссөн байна. Ашиглалтын зардал нь батерейны төрлөөсөө хамаараад өөр өөр. Тухайлбал, “АПУ” компани хоёр цахилгаан авто машинаар хүргэлтээ хийдэг юм билээ. Өөрсдөө дотроо цэнэглэгчтэй. Харин станцад нэг удаагийн цэнэглэлт нь 76000 төгрөг болно. Дизель түлшээр явдаг машинтай харьцуулахад ашиглалтын зардал хамаагүй бага. Дээрээс нь ногоон эдийн засгаа дэмжчихнэ. Харин дизель түлшээр явдаг автомашин ашиглалтын зардал өндөр, байгальд хортой байдаг.

-Цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглалтын явцад ямар асуудал үүсч болох вэ?

-Ер нь батерейны асуудал гардаг. Өөрөөр хэлбэл, батерей ашиглах хугацаа дуусвал яах вэ гэдэг хог хаягдлын менежментийг бодох хэрэгтэй. Ямар төрлийн батерейнаас хамаараад түүнээс гарч байгаа хорт бодис нь өөрөө аюултай. Үүнийг ямар бодлогоор шийдэхээ анхаарах ёстой.

Цахилгаан тээвэр хэрэглэсэн ч эрчим хүчний үүсвэр өөрөө цэвэр байх хэрэгтэй. Эрчим хүчний салбараас гарч байгаа хүлэмжийн хийн ялгарал манай улсын хувьд дэлхийн улс орнуудтай харьцуулахад өндөр байдаг. Энэ нь бид нүүрс түлдэгтэй холбоотой. Нүүрснээс хүхрийн хүчил, азотын хүчил, нүүрсхүчлийн хий, цацраг идэвхт бодис гэх мэт олон төрлийн химийн хорт бодис ялгардаг. Бид эрчим хүчний салбарыг сэргээгдэх эрчим хүчээр хөгжүүлэх хэрэгтэй. Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй боловч нарны болон салхин цахилгаан станцаас гарах эрчим хүчний хэмжээ нь бага болоод байдаг. Тийм учраас цөмийн эрчим хүчийг сонирхож болно. Япон зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орон бол нүүрсний дулааны цахилгаан станцдаа яндангаас нь гарсан утааг цэвэршүүлж, дундаас нь хүхрийн ислийг ялгаж авч хүхрийн хүчил хийдэг. Азотын ислийг нь ялгаж аваад азотын бордоо хийдэг гэх мэтчилэн химийн үйлдвэрлэл болон эдийн засгаа хөгжүүлдэг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж байгаа энэ үед манай улс зорилтот үе шаттай арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна.

Г.БАЛГАРМАА

 

Categories
мэдээ нийгэм

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонголоо DNN.mn

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр боллоо. Энэ хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгож, шинэ Ерөнхийлөгчөөр “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Одыг сонгожээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшихээр есөн хүн материалаа ирүүлсэн. Тодруулбал,

  • 1. Ш.Төмөрсүх “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2. Т.Дүүрэн   “ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  • 3. Ц.Баатарсайхан “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 4. Ш.Отгон-Өлзий “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн
  • 5. Б.Лхагважав  “Урбанек” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 6. Б.Лакшми “Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч
  • 7. Ц.Майдар “АСҮТ-Боломж” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 8. Д.Бямбасайхан   “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 9. Л.Төр-Од  “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн