Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр нохой өдөр DNN.mn

2024.11.30 / Бямба гариг

ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААН ГАХАЙ САРЫН
ЕСӨН УЛААН ШАР НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 08.20-17.02
Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 11 сарын 30, Санчир гараг. Билгийн тооллын давхарласан 29, Онгоц одтой, шар нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:20-17:02. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эхээр -24…-29 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -5…-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -10…-12 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -12…-14 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэн судлаач, байгаль хамгаалагчид О.Амгаланбаатар гишүүнийг уучлалт гуйхыг шаардав DNN.mn

Байгаль хамгаалал, биологийн шинжлэх ухааны 57 эрдэмтэн, судлаач нар хамтран УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг УИХ-ын ёс зүй, дэгийн байнгын хороонд ёс зүйн хариуцлага тооцуулахаар гомдол гаргаад байна.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасан “…Гишүүн ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалаа дээдлэн ажиллана…”, “…Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ…” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж тэд үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр “…дархан цаазат газрын хэдэн нөхдүүд нь бараг энэ бичил уурхайчидтай хамтраад ухчихсан зөндөө газар байгаа…”  гэх хариуцлагагүй мэдэгдлийг хийгээд зогсохгүй мөн сарын 19-ний өдөр “…хэдэн мазаалай гэж яриад байдаг мазаалайгаар тэжээгддэг зайлуул хэдэн эрдэмтэд байдаг юм шиг байна, тэр мазаалайгаар төсөл бичиж гадна, дотноос  санхүүжилт босгодог хэдэн нөхөд байдаг юм шиг байна, тэр нөхдүүдийн хувьд яг үнэндээ хэлэхэд өөрсдөө ч мазаалай үзээгүй шүү дээ…” зэрэг ёс зүйгүй мэдэгдлүүдийг хийсэн талаар баримт бичигтээ дурджээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасан “…уучлал гуйхыг үүрэг болгох…” гэсэн сахилгын хариуцлага ногдуулан, Говийн их дархан цаазат газрын А бүсийн хамгаалалтын захиргаанд ажиллаж байсан үе үеийн удирдлага, байгаль хамгаалагч, ажилтнууд болон уг бүс нутагт судалгаа хийсэн эрдэмтдээс уучлалт гуйхыг хүсч байна гэжээ.

Сүүлийн үед Говийн Их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомт байгуулах талаар Говь-Алтай аймгийн засаг даргаар хоёр удаа дарааллан ажиллаж байсан өдгөөгийн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар идэвхийлэн явах болсон бөгөөд аймгийнх нь хөгжил дэвшил ядруу байгаа учраас энэ боомтыг нээх нь чухал гэх болсон билээ. Харин эрдэмтэн судлаачид энэ нь хууль, олон улсын гэрээ конвенцийг зөрчин Монголд төдийгүй дэлхийд нэн ховор амьтдын амьдрах орчинг сүйрүүлж, говийн эко системийг сүйтгэнэ гэдгийг анхааруулж хэлэх болсон юм. Ганьсу мужаас мөнгө авч зам тавьж, энэ боомтыг нээх асуудалд тээг болж байгаа учраас эрхэм гишүүн эрдэмтэн судлаачдыг элдвээр хэлсэн нь ийн Ёс зүй, дэгийн хороонд дуудагдахдаа хүрээд байна.

Categories
мэдээ нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2024.11.29/ хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаан даргалагч, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно” хэмээн заасныг танилцуулаад, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай” 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолын төслүүдийг хүчингүй болгохыг дэмжлээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хурапдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн хуралдаанаар “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болгосонтой холбогдуулан авах арга хэмжээг тусгасан тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул уг тогтоолын төслийг боловсруулсныг хуралдаан даргалагч танилцуулсан.

Тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлэхээр тусгасан. Харин Засгийн газрын өргөн мэдүүлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор хэмээн тусгах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эцэст нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

МҮБХ-ноос 12 дугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцууллаа.

12 дугаар сарын 7-нд 13:00 цагаас

Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

12 дугаар сарын 10-нд 13:00 цагаас

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

12 дугаар сарын 14-нд 11:00 цагаас

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

12 дугаар сарын 15-нд 13:00 цагаас

“Хийморь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх VS Чөлөөт бөхийн багийн Үндэсний бөхийн халз барилдаан 25 жил” багийн барилдаан,

12 дугаар сарын 21-нд 11:00 цагаас

“Азтай залуус 12 сар” Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

12 дугаар сарын 29-нд 13:00 цагаас

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан болно.

Categories
мэдээ улс-төр

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ DNN.mn

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын IV удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болов.

Уулзалтаар:

  • УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо,
  • Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар хийсэн ажлын үр дүн,
  • Хүнсний хангамжийн салбарын хүний нөөц, судалгаа, шинжилгээ болон сургуулийн хоол үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,
  • Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт,
  • Улсын хилээр нэвтрэх хүнсний бараа, бүтээгдэхүүний хяналт,
  • Пестицидийн хэрэглээ, тулгамдаж байгаа асуудал зэргийг хэлэлцэх юм.

Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Тэр бээр, УИХ-ын 36 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдгийг тэмдэглэж, илүү идэвхтэй ажиллахыг хүслээ.

Цаашид хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг  хөдөрмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах, ажиллагсад давтан суралцах, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамрагдах нөхцөл бүрдүүлэх, хүнсний тээвэр, логистик, ачаа эргэлтийн бүртгэл, удирдлагын нэгдсэн цахим сан, тогтолцоо бий болгох зэрэгт анхаарах шаардлагатайг хэллээ.

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын Ерөнхий сайдтай байгуулах гэрээнд УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг шалгуур үзүүлэлтийн хамт жил бүр тусган,  орон нутагтаа хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүнг үнэлж, хангалтгүй бол хариуцлага тооцдог байх нь зөв гэж үздэгээ хэлэв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль, дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гээд 114 төрлийн арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн хоёр жилд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн зээлийг 3,100 орчим аж ахуйн нэгж, иргэнд олгосон.

Нийт зээлийн 62 орчим хувийг хүнсний боловсруулах болон сав, баглаа боодол, 30 хувийг газар тариалан, найман хувийг мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгожээ.

Үүний дүнд хүнсний салбарт 24 үйлдвэр шинээр ашиглалтад орж, өнгөрсөн жил хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоос хангаж чадсан юм.

Өндөгний үйлдвэрлэл 7.9 хувиар, сүүн бүтээгдэхүүнийх 3.4 хувь, хүнсний ногооных төрлөөс хамаарч 7.7-20.9 хувь, гурилан бүтээгдэхүүнийх 1.2 хувиар өсөж, импорт буурчээ.

Categories
гадаад мэдээ

Орост моодонд орж буй хоёр үг DNN.mn

Саяхан л Оросууд бүх мэдээллийн хэрэгслээрээ “Олон улсын хориг бидэнд харин ч тус болж байна. Манай ДНБ тогтмол өсч байна” гэж сурталдаж байсан билээ. Тэгвэл сүүлийн үед ОХУ-д инфляци, стагфляци гэдэг хоёр үг моодонд оров. Инфляци нь бараа, үйлчилгээний үнэ байнга, тогтмол өсөхийг, харин стагфляци гэдэг нь баялаг үйлдвэрлэх чадвар дуусч, инфляцид нэрвэгдэхийг хэлдэг. Харин Оросын өнөөгийн стагфляцийн гол шалтгаан нь дайн. Харин дайны гол шатлгаан нь В.Путин билээ. Оросууд Их Монгол Улс дараа нь байнгын дарангуйллын засаглал дор мянган жил амьдарсан ард түмэн.

Оросууд өөрийн түүхэндээ 1916 оны хоёрдугаар сараас дараа оныхоо 10 сар, 1990 оноос 2000 он хүртэл л эрх чөлөөтэй байж үзсэн ард түмэн. Иймээс тэд энэ үеүддээ хувь хүний эрх чөлөөг огт хүлээж авч чадаагүй юм. Чухам ийм учраас л Оросын ард түмэнд удирдагчаа буруутгаж болно гэсэн ойлголт огт төрдөггүй, харин боломж л гарвал бусдыг дарангуйлах гээд байдаг зантай болчихсон билээ. Үүнийг орос цэргүүдийн Украинд хийж буй дээрэм тонуул, хүчирхийлэл, яргалал, аллага тод томруун харуулдаг. Мөн Кремлийн суртал ухуулгын аварга сүлжээ дэлхий нийтэд “Украин цэргүүд ч бидэнтэй адилхан” гэсэн зохиомол сурталчилгаа явуулж байгаа ч огт амжилт олохгүй ба йна. Гэхдээ хамгийн том аюул нь Оросын стагфляци нь “a reces­sion” буюу эдийн засгийн уналт гэсэн үг юм. Энэ нь хэрэв Оросын Төв банк бодлогын хүүгээ сул тавьчихвал гиперинфляци явагдаж улс нь дефолт болно гэсэн үг. Гэхдээ дарангуйлалд дассан Оросын ард түмэн өнөөдрийн Хойд Солонгос, Венесуэл, Куб, Ретерей шиг ядуу амьдарсаар л байх болно. Өөрөөр хэлбэл, стагфляци гэдэг нь маш товчоор эдийн засгийн уналт гэсэн үг юм. Харин эдийн засгийн уналт гэдэг нь бүх банк, аж ахуйн нэгж алдагдалтай ажиллаж эхэлнэ гэсэн үг. Алдагдалтай хуулийн этгээд зөвхөн улсын мэдэлд л оршин тогтнодог. Иймээс ОХУ тун удахгүй жижиг ЗХУ болно гэсэн үг.

Харин инфляцийн хувьд хэд хоногийн өмнө Оросын судалгааны дата төв, аж үйлдвэр, уул уурхайн салбарт техник нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг “BitRiver” компанийн санхүүгийн шинжээч Владислав Антонов Кремлийг дэмжигч Gazeta.ru-д “Орост 2024 онд хүнсний үнийн бодит өсөлт 50-100 хувь өссөн” гэсэн нэртэй нийтлэл бичиж, ирэх онд ч үнийн өсөлт буурах магадлал багатай байна гэж мэдэгдсэн. Энэхүү нийтлэл хэвлэгдсэний дараа Оросын Төрийн Думын Гэр бүл, эцэг, эх, хүүхэд хамгаалах, асуудал хариуцсан хорооны дарга Нина Останина “Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина аравдугаар сард “Үнэ 30 хувиар өссөн” гэж танилцуулсан. Гэтэл эдийн засгийн нэрт шинжээчид хүнсний бараа энэ онд 50-100 хувь өссөн гэж мэдээлээд байна. Төв банкны тэргүүн Е.Набиуллина “Бодлогын өндөр хүү үнэ барихад тустай” гэж хэлж байсан.

Миний бодлоор Төв банкны бодлогын өндөр хүү эсрэгээрээ үнэ өсгөж, аж үйлдвэрийг боомилох буруу бодлого, хорлон сүйтгэх ажиллагаа болж байна. Иймээс “Яагаад Е.Набиуллинагийн энэ баг бүхний толгой дээр байгаад байгаа юм бэ!?” гэж асуумаар байна” гэж мэдэгджээ. Мөн Оросын томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд “Төв банкны тэргүүн Эльвира Набиуллинагийн бодлогын өндөр хүү улс оронд стагфляци бий болгож, биднийг дампууралд хөтөлж байна” гэж шүүмжлэв. Ийнхүү Оросын Төв банкны тэргүүн Төрийн Думд дуудагдав. Тэрээр “Бид бодлогын хүүгээ чангатгах бодлогыг цаашид ч барихаас өөр аргагүй. Эс тэгвээс бид рублийн ханшийг алдана” гэж анхааруулав. Мэдээж Путин Төв банкны тэргүүн Набиуллинаг дэмжиж байгаа. Учир нь рублийн ханшийг алдвал хөлсний цэрэг дээр тогтож байгаа арми нь сүйрнэ гэсэн үг юм. Гэтэл АНУ Оросын гадаад гүйлгээг хийдэг гол банк болох Газпромбанкнаас гадна олон улсын харилцаатай Оросын нийт 50 гаруй банк, 40 гаруй санхүүгийн байгууллага, 15 хувь хүнд шинээр хориг тавив. Үр дүнд нь жилийн өмнөх үнэ нь 63 хувиар өсөөд байсан төмс л гэхэд 74 хувь болж нэмэгдэв. Энэ нь дэлхийн I дайны үе давтагдаж, Москва руу “буутай цэрэг” зорих ойртож байгааг батлан харуулж байгаа явдал билээ.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна DNN.mn

Улаанбаатарын түгжрэлийг шийдэх хүрээнд нийслэлд ажиллаж буй бүх төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ.

Ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагч болон ажилтныг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах боломж бий болжээ. Энэ шийдвэр нь төрийн бүх ажилтан, албан хаагчдад хамаарахгүй бөгөөд зөвхөн цахимаар ажиллах боломжтой ажил, албан тушаал эрхлэгчдэд л хамаарах аж. Уг шийдвэрээр хэн хэнийг ямар өдөр цахимаар ажиллуулах нь тухайн байгууллагын дотоод асуудал байх юм байна.

Мөн цахимаар ажиллах боломжтой ажилтнуудын хувьд долоо хоногийн нэг өдрөөр хязгаарлахгүй. Хөдөлмөрийн хуулийн шинэ өөрчлөлтөөр ажилтантай цахимаар ажиллах хөдөлмөрийн гэрээ хийж болох хууль эрх зүйн орчинг бий болгосон байна.

Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгаагаар долоо хоногийн ажлын нэгээс дээш өдөр гэрээс ажиллах нь ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, авто замын зорчих хөдөлгөөний ачааллыг 10-аас дээш хувиар бууруулах зэрэг үр нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сараас техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана DNN.mn

Энэ оны 11  дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038  тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

Тодруулбал, МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн

  • 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
  • 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.

Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.