Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вьетнам улсын Засгийн газарт 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэв DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнууд, түүний дотор БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, энэ хүрээнд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Мөн манай хоёр улс өнгөрсөн хугацаанд “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Вьетнам Улсын төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлалаар хоёр орны харилцааны түвшинг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “хоёр орны төрийн тэргүүн нарын ярьж тохирсон санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, Ханой хотноо энэ оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол, Вьетнамын Засгийн хоорондын комиссын XIX хуралдааныг үр ашигтай зохион байгуулах чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хоёр орны харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, ложистикийн саад тотгорыг арилгах, хоёр улс хоорондын агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг талууд сайшаан тэмдэглэв.

Хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн харилцан бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг Ерөнхий сайд онцлоод Вьетнам Улсад сүүлийн 30 жилд тохиогоогүй хүчтэй хар шуурга болж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Вьетнам Улсын Засгийн газарт 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэснийг мэдэгдлээ.

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сумдыг нэгтгэх нь амьдралын шаардлагаар үүссэн ажил DNN.mn

Монгол Улс 21 аймаг, 330 сумтай гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин сум тус бүр ямар эдийн засгийн боломжоор хөгждөг, хэчнээн хүн байдаг, тэр хүмүүсийн аж амьдрал өдөр тутамдаа хэрхэн өнгөрдөг, ямар асуудлууд гардгийг тэр бүр мэдэхгүй. Буйдхан ч миний төрсөн нутаг сайхан гэж зундаа хааяа очдог сумаа амралтын газар мэтээр ойлгодог хандлагатай хүмүүс ч олон. Ийм хүмүүст тэр суманд амьдарч байгаа иргэдийн аж амьдрал, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн өсөлт буюу том зургаараа сум, орон нутгийн хөгжил ямар ч падгүй.

Үнэндээ сумдыг нэгтгэх асуудлыг хүчгүйдүүлдэг хамгийн том шалтгаан бол сумын дарга нар болон тойргоос сонгогдсон улс төрчид. Хоёр мянга хүрэхгүй хүн амтай сумандаа улсын төсвөөс орж ирэх хөрөнгөнөөс хувьдаа зарцуулчихдаг, дарга сэтэр зүүж, албаны том жийпээр баярхаж данхалзан явах дуртай улстөрчдийн амин хувийн сонирхлоос болж орон нутгийн иргэд олон жил амьдралаараа хохирч байна. Улсын төсөв данхайж байгаагийн гол шалтгаан нь ч энэ. Тиймээс сумдыг нэгтгэх асуудал монголчуудын амьдралын шаардлагаар урган гарч ирж байгаа ажил юм. Үүнийг ч сая шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар анхаарч, холбогдох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа. Мөн жижиг сумдыг нэгтгэх, татан буулгах лобби бүлэг УИХ-д суудалтай зарим нам дотор ч ажлаа эхлүүлж. Өмнө нь энэ асуудлаар УИХ, Засгийн газар хэд хэдэн удаа авч хэлэлцсэн ч олонхын дэмжлэг авч чадалгүй бодлогын түвшинд унадаг байсан. Яагаад унадаг байсан нь ойлгомжтой. Дээр хэлсэн сумын дарга нарын хувийн ашиг сонирхол, төрөөс идэж уух гэсэн хүслээс гадна тойргоос сонгогддог сонгуулийн тогтолцооноос болж сумдыг нэгтгэх асуудал дээр улс төрийн зориг нь хүрдэггүй байсантай холбоотой. Бүр тодорхой хэлбэл, сумдаа тойглосон улстөржилт, нутгийн зөвлөл, Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч гэх мэт цөөн хүний албан тушаалын сонирхлоос болоод ерөнхийдөө дэмжигдэхгүй явсаар өдий хүрсэн нь нууц биш.

Харин одоо УИХ-д гарч ирсэн улстөрчдөд хэн нэгнээс тэр дундаа тойргоос айх айдасгүй болсон учраас нийтийн эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гаргах боломжтой цаг үе ирж. Энэ утгаараа шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент, хамтарсан Засгийн газар сумдыг нэгтгэх асуудлыг бодитой ажил хэрэг болгохоор судалгааны ажилдаа орсон байна. Ямартаа ч энэ парламент бүрэн эрхийнхээ хүрээнд олон жил яригдсан сумдыг нэгтгэх асуудлыг бодлогын түвшинд бодитой, зоригтой өөрчлөх нь гарцаагүй боллоо. Хүн ам багатай хэт жижиг болон аймагтайгаа ойр орших 100 сумыг эхний ээлжинд нэгтгэх ажлыг судалж байгаа аж. Ер нь ямар сумыг нэгтгэх зайлшгүй шаардлагатай вэ гэдэг нь өнгөрсөн хугацаанд бидэнд бараг тодорхой болчихсон асуудал л даа.

Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сум байна. Аймгийн төвөөсөө 10 гаруйхан км-т оршдог, хоёр мянга гаруйхан хүн амтай жижиг сум. Ихэнх хүмүүс аймгийнхаа төвд ажилтай, сумын төвд ажил байдаггүй. Баруун хязгаарт Ховдын Буянт сум байна. Мөн л аймгийн төвөөсөө 20 гаруйхан км-т оршдог. Наашлаад Архангай аймгийн Цэнхэр сум, зүүн тийшээ Хэнтий аймгийн Мөрөн сум байна.

Энэ сум бол мянга гаруйхан хүн амтай гэж хэдэн жилийн өмнө тоолуулж байж. Одоо бүр хүн нь багассан, төрийн байгууллагын хэдэн хүмүүс л бий гэж нутгийнхан нь ярьдаг болж. Иймэрхүү аймагтайгаа хэт ойрхон, зэргэлдээ орших 35 сум байна. Цаашлаад сум сумтайгаа хаяа залган ойрхон орших сумд ч бий. Аймгийн төвөөсөө 50 км-ийн дотор байрлах нийт 60 орчим сум байна.

Энэ бол хэт ойрхон зэргэлдээ орших сумдын тоо. Харин хүн амаар нь авч үзвэл нийт 330 сумын тал хувь нь 2000-аас доош хүн амтай байна гэсэн статистик мэдээ байна. Үүнээс 20 орчим сум бүр 1000 ч хүрэхгүй хүн амтай гэхээр яаж эдийн засгийн эргэлт явагдах вэ дээ. Иймэрхүү хэт жижиг, эдийн засгийн чадавхгүй сумд төсвийн зардалд нэрмээс болж байгаа нь үнэн. Тиймээс сумдыг нэгтгэх битгий хэл аймгийн төвийг Улаанбаатар хоттой нэгтгэх ажил эхэлчихсэн байгаа.

Шинэ Зуун мод хот буюу Төв аймгийг Улаанбаатар хоттой нэгтгэх төсөл эхэлчихсэн байгаа нь сайн. Үүн шиг баруун тийшээ Баянцогт, Лүн, зүүн тийшээ Эрдэнэ, хойшоо Баянчандмань гэх сумдыг Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болгоод хөгжүүлчих хэрэгтэй. Ер нь Төв аймаг Улаанбаатар хоттой нэгдэж байгаа бол сумдыг нь ч хоттой нэгтгэх шаардлага үүсч таарна. Эдгээр ажлуудыг эхлүүлэхийн тулд хамгийн чухал нь улстөржихгүй, мөн ард түмний саналыг авна гэж нийтийн маргаантай хэлэлцүүлэг болгон муйхарлах шаардлага огт байхгүй. Сумын дарга нар, ИТХ-аас нь ч асуух шаардлага байхгүй. Хэрэв сумдыг нэгтгэх асуудлаар ард түмнээс санал авч, сумын дарга, удирдлагуудын саналыг сонсох л юм бол энэ ажил ажил биш болно. Монголчууд бид цөөхүүлээ атлаа улстөржилт, тэр дундаа жалга довын үзэл ихтэй ард түмэн. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө, цаашлаад улс орны хөгжлийн төлөө энэхүү ажлыг УИХ, Засгийн газар дангаараа шийдвэрлэх шаардлагатай. Сумдыг нэгтгэлээ гэхэд та нарыг ард түмэн эсэргүүцэхгүй.

Учир нь сумдыг нэгтгэх асуудал бол иргэдийн өнөөг хүртэл туулж ирсэн амьдралаас үүссэн ажил. Харин төсөв захиран зарцуулах эрх мэдэл атгачихсан хурган дарга нар чинь л эсэргүүцнэ. Тэдний саналыг тусгах ямар нэгэн хэлэлцүүлэг зохион байгуулах л юм бол хурган дарга нар ард түмнийг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө зохион байгуулалтад оруулан хөдөлгөх болно. Энэ утгаараа сумын дарга, удирдлагуудын санал, цаашлаад ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр энэхүү ажлыг эхлүүлэх нь зөв шүү. Нөгөөтэйгүүр уг ажлыг эхлүүлэхгүйгээр бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл санаа чинь явахгүй. Бүсчилсэн хөгжлийг дагуулаад сумдыг нэгтгэх асуудлыг энэ УИХ, Засгийн газар ярих биш шууд ажил хэрэг болгох цаг нь болсон. Дахин хэлэхэд 20, 30 км зайтай сум, хүн ордоггүй гэж болох том соёлын ордон, 35 км-ийн зайтай хоёр суманд 600 хүүхдийн сургууль байна.

Тиймээс ХХ зууны дэд бүтэц, машин механизм, хөгжлийн концепцитой уялдсан хөдөө орон нутгийг XXI зууны эдийн засгийн хөгжилтэй нийлүүлэхгүй бол болохгүй. Сумдыг нэгтгэхгүй бол Монгол Улсад эдийн засаг, томоохон төсөл хөтөлбөр урагшаа явахгүй. 21 аймаг, 330 сумыг бүсийн хөгжилтэй уялдуулж цөөлөх шаардлагатай. Энэ ажлыг та нар хийхгүй л бол Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал ХХ зууны хөгжлөөрөө л гацсан хэвээрээ байна.

Сумдаа нэгтгэж байж орон нутагт амьдрах боломж хэд дахин илүү нэмэгдэнэ. Тэнд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгэмд үзүүлэх төрийн үйлчилгээ чанаржиж, хүртээмж нь дээшилнэ. Хүн ам нэмэгдэх чинээгээр эдийн засгийн өсөлт сайжирна. Жалга довын үзэл, хоосон хийрхсэн улстөржилтгүй болно. Авлига, хүнд суртал эрс буурна. Бүс бүсийн эдийн засгийн өрсөлдөх чадвар огцом нэмэгдэнэ. Үүнийг л ард түмэн хүсч байгаа. Түүнээс биш өнгөрсөн хугацаанд амьдралаараа хохирч ирсэн шигээ дахиад хохирч явахыг хүсэхгүй л болов уу.

Э.МӨНХТҮВШИ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно DNN.mn

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважавтай ярилцлаа.


-Ажил олгогч, ажилтан хоёрт тулгамддаг хамгийн том асуудал нь Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний хувьд татварын чиглэлээр судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан хүн. Татварт системийн өөрчлөлтүүдийг бол хийсэн. Гэхдээ татвар маань 1992-1996 онд аж ахуйн нэгж 40 хүртэл татварын дөрвөн шатлалтай байлаа. Хувь хүн мөн 40 хүртэл хувийн таван шатлалтай байсан. Тэр үед технологи байхгүй, социализм нурчихсан. Нийтдээ 1856 аж ахуйн нэгж байсан ч бүгд дампуурсан. Нэг ёсондоо хүнийг өмчгүй байлгах, аж ахуй эрхлэхгүй байлгахын төлөө байсан татварын систем нь үргэлжлээд үйлчилсэн. Энэ үеэс хойш 4/10-ын бодлого гээд татваруудаа багасгалаа. Татварын системээ өөрчиллөө.

Сүүлд НӨаТ гээд бүртгэлийн систем орж ирсэн. Танхимын ерөнхийлөгч байхдаа бид 2019 онд Татварын багц хуулийг батлуулсан. Цар тахлын үеэр ч татварын дарамт байхгүй болсон.

Өнөөдөр татварын төлөвлөгөө бүх төрлөөрөө биелээд байгаа нь татварын байгууллага сайн, нам, төр нь ухаалаг бодлого гаргасандаа биш. Бид шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ирснээр татвар ийм болсон. Гэтэл өнөөдөр даатгалын систем, философи нь яг коммунизмаараа байгаа. Даатгалыг авч байгаа аргачлал, үйлчилгээ ч тэр л хэвээрээ байна. Тэр үед л байсан сурталчилгааг бид өнөөдөр хийгээд явж байгаа. Түрүүн хэлсэн татвартай адилхан өөрчлөлтүүдийг даатгалд хийж чадаагүй. Тийм болохоор одоо дампуурчихсан. Жишээлбэл, цар тахал болоод бид улсаараа зогссон. Ажилгүйдлийн даатгалыг тэр үед төрөөс өгөх байсан ч өгөөгүй. Энэ чинь л дампуурчихсан байгааг нь харуулж буй юм. Даатгал гэдэг нийтийн мөнгө. Цугласан мөнгөний хүч маш ихтэй. Гэтэл саяхан болтол энэ мөнгийг хэн ч тоодоггүй байсан. Салбарын сайдынх нь бараг дур зоргын асуудал байлаа. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд энэ мөнгийг шууд хувьцаат компани гэдэг шиг компани болгосон байхгүй юу. Тэгээд цуглаж байгаа мөнгийг нь өөр оновчтой зүйлд хөрөнгө оруулалт хийж өсгөх процессыг 1990 онтой цуг хийсэн. Манайх болохоор яг коммунизмаар нь орхичихсон.

-Тэгвэл энэ даатгалын системээ сайжруулахын тулд бид яах ёстой юм бэ?

-Эхлээд философийг нь өөрчил. Зах зээлийн системд үйлчилдэг, нийтийн төлөө мөнгө нь үйлчилдэг байдлыг бий болгох хэрэгтэй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 онд гарсан. Гэтэл үүнд хамгийн их садаа болсон зүйл нь нийгмийн даатгалын систем. Яагаад гэхээр сүлжээнд ороогүй байсан. Эндээс даатгал маань хуучин хэвээрээ байгааг би харж байсан. Миний хувьд гурван талт хэлэлцээрт 10 гаруй жил орж байлаа. Харамсалтай нь хамтрач байгаагууллагуудын барьж байгаа философи нь яг л коммунизмаараа байдаг. Манай Үйлдвэрчний эвлэл чинь 1988 оны хуультай хэвээрээ, Ж.Батмөнх гуайн гарын үсэгтэй, БНМАУ-ын хууль үйлчилж байгаа газар.

-Ерөнхийлөгч нь сая сонгуулиар намын жагсаалтаар гишүүн болчихсон биз дээ?

-Сая бол бүр хошин юм болсон. Манай МАН чинь бүгдийг “Азаргалана” гээд танимыг хүртэл булаагаад авчихсан шүү дээ. Үүний гор нь удахгүй гарна. Тийм болохоор л би уг үндсээр нь хурдан янзлах ёстой гэж хэлээд байгаа юм. Үүн дээр Л.ЭнхАмгалан сайд философийн таолаас нь хандвал их өөр хандлага гарч ирнэ. Даатгалаа зөв, эрүүл болгочих юм бол хөрөнгө оруулалтын асар том сантай болно. Манай Оюу Толгойн анхны хөрөнгө оруулагч нь Английн тэтгэврийн сан шүү дээ. Тэгээд яг Монголын говьд хөрөнгө оруулж байна уу, үгүй юу гэдгийг ханхүү нь ирж үзэж байсан. Энэ чинь нийтийн мөнгөө зөв юманд хийж үү гэдгийг харж байгаа юм. Тэгэхээр нийтийн санхүү гэдэг чинь төрийн албаныхан идэж уухаасаа илүү арвижуулах уу, ашигтай байлгах уу гэдэг дээр л ухаан гаргаж байна. Үүний чинь ард цугласан мөнгөний хүч гэж маш том зүйл байдаг. Мөн өнөөдөр та эмнэлэгт хэвтлээ гэхэд тав хоногийн мөнгийг танай компани буюу “Өдрийн сонин” төлдөг. Энэ бол луйвар. Анх 1997 оноос эхэлсэн зүйл. Даатгалын үндсэн философийг нь өөрчилсөн. Уг нь та өвдлөө л бол тэндээс эхлэн танд даатгал үйлчлэх ёстой. Гэтэл эхний тав хоногт нь танай компани төлж байна. Жилдээ ийм байдлаар бараг 20иод тэрбум төгрөг авчихаж байгаа. Өнгөрсөн жил хууль дээр нь үүнийг хассан ч яг УИХ дээр орохдоо буцаагаад хийчихсэн. Тиймээс үүнийг удахгүй ҮХЦ-д өгөх бодолтой байгаа. Даатгалыг даатгалаар нь ажиллуулахгүй, дундаас нь ажил олгогчийг хохироогоод байгаа юм.

-Нийсгмийн даатгалд өртэй компаниуд маш их байна. Ажилтнаасаа суутгаад авчихсан хэрнээ өгөөгүй. Ингээд ажилтан хохирдог. Энэ асуудлыг ер нь яах ёстой юм бэ?

-Өнгөрсөн 2007 оны хоёрдугаар сарын 15-нд Нийгмийн даатгалын болон Татварын хуулийг хэрэгжүүлэх хууль гэж гарсан. Тухайн үедээ 2200 компани ашиглаад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөө ил гаргасан байдаг. Харин 2000 орчим иргэн л ашигласан байдаг юм. Уг нь энэ хууль тавхан заалттай. Түүний нэг нь даатгалын асуудал байсан. Одоо бол тухайн компани нь төлөөгүй бол иргэн шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. Даанч системийнхээ флиософийн алдааг нь засах ажил даатгалын хуульд ороогүй. Гэтэл одоо татвар бол 30 жилийн өмнөхөө бодоход маш иргэнлэг болсон. Татварын байцаагчийн харилцаа хүртэл шал өөр болсон. Өнөөдөр даатгал ийм болоогүй. Яагаад гэвэл коммунист маягаараа байгаа. Энэ мөнгийг хэн ч авдаггүй. Зөвхөн хэдэн эрх мэдэлтнүүд авдаг гээд ойлгочихсон. Дээрээс нь ажил олгогч маань даатгалаа төлөхгүй бултаад яваад байвал болно гэсэн буруу сэтгэлгээтэй болчихсон. Өнөөдөр хувь хүн дээр ногдох татвар, даатгалын ачаалал маш хүнд байгаа. Аж ахуйн нэгж 1.5 тэрбумын орлоготой байгаад татвараа төлөхөд түүнийх нь 90 хувийг буцааж өгч байгаа шүү дээ. Дээр нь нийгмийн даатгалын 12.5 хувь, бараа худалдан авахдаа 10 хувийн НӨАТ төлнө. Ингэхээр бараг 40-өөд хувь болчихоод байгаа юм. Бас нэг гажиг юм байгаа нь хувь хүний орлогын албан татвар, даатгал зэргийг гэр бүлийнх нь тоонд хуваадаггүй. Цалингаараа 10 хүүхэд тэжээх, нэг хүүхэд тэжээх чинь өөр. Уг нь гэр бүлийн тоонд нь хуваадаг болох ёстой. Даанч манайх хөдөлмөрөөр нь гинжилж байгаад авдаг зүйлээ бүгдийг нь авч л байвал төр мөнгөөр тасрахгүй гэсэн коммунист бодлого хэвэрээ яваад байна.

-Сая төсвийн тодотгол хийхэд нийт орлогын дийлэнхийг ХХОАТ-аас бүрдсэн гэж байсан?

-Гурван их наяд төгрөгөөр даваад тодотгол хийсэн. НӨАТт зөв систем оруулчихсан. Харин коммунистууд маань яг зах зээлийн системээр нь цаашаа ашиглаж чадах уу гэдэг эргэлзээтэй асуудал. НӨАТын бцаалтыг таван хувь болгоё гээд Г.Занданшатар оруулаад чадсангүй. Үүнийг чинь бүүр нэмж ч болно. НӨАТ гэдэг бол өөрөө бүртгэлийн систем. Дээрээс нь мөнгөний урсгалыг хянадаг механизм байхгүй юу. Хөдөө орон нутаг руу мөнгө очихгүй байна л гэдэг. Тэгвэл орон нутгаас ажил, үйлчилгээ авахад НӨАТын 70 хувийг нь буцаагаад олгочих. Ингээд л асуудалгүй. Даанч коммунистууд иргэндээ татвар буцааж өгөх, даатгалаас ахиухан мөнгө өгөхөөс дандаа айж явдаг. Мөн Л.Оюун-Эрдэнэ үүн дээр тоглолт хийж мэдэхгүй, чадахгүй байгаа юм. Харин мэдэх учиртай сайд нар нь коммунист учраас мэдүүлэхгүй байна. НӨАТын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно. Тэглээ гээд улсын татварын орлого улам л давж биелнэ. Бусад татвараа, даатгалаа эрүүл болгоно.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 1, Ангараг гариг. Билгийн тооллын 29, Харцага одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 06:52 цагт мандаж 18:32 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 03-нд Алтайн салбар уулсаар, 04-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0….-5 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +13…+18 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус дулаан, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 05,06-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 30-нд ялимгүй хур тунадас, 10 дугаар сарын 05-нд хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 4-5-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 05,06-нд хүйтэрч шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Төрд татварын байцаагчийнх нь ажлыг хийж өгчихөөд хэрэгт ордгоо больцгооё, ажил олгогчид оо” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Таксины зөвшөөрөл олон айлыг хоногийн хоолноос нь салгана гэж жолооч нар үзэж байна” хэмээснийг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж “Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудын нэг болсон” гэлээ.
  • Веьтнам улс руу шууд нислэг үйлдэж, аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллана

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт  “Төрд татварын байцаагчийнх нь ажлыг хийж өгчихөөд хэрэгт ордгоо больцгооё, ажил олгогчид оо” хэмээн өгүүллээ.

  • Монголын Ахмадын Чөлөөт Холбооны дарга Г.Баасан “Ахмад настнуудын хөдөлмөрийн байр байхгүй нь ганцаардалд нөлөөлж байна” гэснийг V нүүрээс уншаарай.

ТЭД БИДНИЙ ТУХАЙ нүүрт:  Японы монголч эрдэмтэн Хитоцү баши их сургуулийн  хүндэт профессор Танака Кацухико “Миний дараагийн илтгэлийн сэдэв хэлмэгдүүлэлтийн талаар байх болно” гэлээ. Харин Осакагийн их сургуулийн монгол судлаач, дэд профессор Имаока Рёко “Би шавь нартаа яаж эсгий хийх, шар тос гаргахыг зааж өгдөг” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ:  BBC: Ираны байр суурь эрс зөөлрөв

АРЫН НҮҮР: Сониноор хэр сайн сурталчилна, тэр хэрээр ялалт авчирна


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ