Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ-ын виз олголтын хугацааг 25 хоног болгон бууруулжээ DNN.mn

Улсын Их Хурлын Монгол-Бүгд найрамдах Солонгос улсын парламентын бүлэг 25 гишүүнтэйгээр байгуулагдаад байна. Бүлгийн гишүүд БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Чой Жин Воныг төрийн ордонд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Чой Жин Вон “БНСУ-ын виз олголтын хугацаа 60 хүртэл хоног байсныг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 2000 байсныг 4000 болгон нэмэгдүүлсэн талаар дурьдаад, хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай” талаар онцолжээ.

May be an image of 5 people and the Oval Office

Categories
гадаад мэдээ

Оросын нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрлийн хувь заяа хаашаа эргэв DNN.mn

НҮБ-ын Дээд чуулганд ирсэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Конгресст Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын төлөөлөгчид болон ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис, ерөнхийлөгч асан Дональд Трамп нартай уулзсан. Дональд Трамп ирэх 11 сарын 5-наас өмнө Киевт айлчлилж, дайны гамшгийг өөрийн нүдээр харахаар болсон.

Харрис Украинд дэмжлэг үзүүлсээр байх болно гэж амласан бөгөөд Трампын нэрийг дурдалгүй “Украины газар нутгаар энх тайвныг солих сонирхолтой хүмүүс манайд бий” гэж хэлсэн. Харин Зеленскийн айлчлалын анхны тодорхой үр дүн бол ерөнхийлөгч Байден Украинд найман тэрбум орчим ам.долларын цэргийн шинэ тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн явдал байв. Энэ нь АНУ-ын Конгрессоос баталсан 61 тэрбум ам.долларын багцын нэг хэсэг юм. Тиймээс Киев шинэ багцын 5.5 тэрбум долларыг энэ сарын 30-ны дотор, үлдсэн 2.4 тэрбум ам.долларыг он дуусахаас өмнө АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэлд байдаг “Украины аюулгүй байдалд туслах санаачилга хөтөлбөр”-ийн хүрээнд авахаар болов. Энэ хөтөлбөрийн мөнгөний онцлог нь зэвсгийг АНУ-ын цэргийн агуулахаас шилжүүлэн авах бус үйлдвэрлэгчдээс нь шууд худалдан авдаг явдал юм.

Ерөнхийлөгч Байден Цагаан ордонд ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах үеэрээ энэ тусламж нь “Ирээдүйд Украины Оростой хийх энхийн хэлэлцээрийн байр суурийг бэхжүүлж, танай улсыг Европын Холбоо болон НАТО-гийн гишүүнчлэлд ойртуулах болно” гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч нарын уулзалтын дараа Пентагон “Энэ 7.9 тэрбум ам.долларыг Украин агаар-газар ангиллын зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах системийн сум, засвар үйлчилгээ, дрон ба эд ангиуд үйлдвэрлэх тоног төхөөрөмж, агаарын болон усны дрон, холбооны хэрэгсэл, Украинд сум үйлдвэрлэх тоног төхөөрөмж, түүхий эд, бусад хэрэгцээт туслах тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнд зарцуулах болно” гэж мэдэгдэв.

Оросын нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрлийн хувьд НҮБ-ын чуулганы үеэр Европын Холбооны Гадаад харилцааны дээд төлөөлөгч Жозеп Боррел “Их7”-гийн Гадаад хэргийн сайд нар удахгүй Нью-Йорк хотноо Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх алсын тусгалтай пуужингуудыг Украинд нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн гэдгийг “Ройтерс” агентлаг мэдээлсэн билээ.

Харин “The Times” сонин барууны дипломатчдаас эш татан “Их Британи болон АНУ Киевт Оросын нутаг дэвсгэрт гүн цохилт өгөхийг нууцаар зөвшөөрөхийг хүсч байна. Учир нь Лондон, Вашингтон уг шийдвэрт гарын үсэг зурах гэж байгаа ч Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү пуужин хөөрөх хүртэл олон нийтэд зарлахаас татгалзаж магадгүй байна” гэж мэдээлсэн. Мөн дэлхий нийтийн хувьд хамгийн чухал асуудал болчихоод буй АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль гэх ардчилал, дарангуйлал хоёрын “дайн” болж байна.

Путины тавиул болчихсон гэж шүүмжлүүлж буй Трамп өөрийн өрсөлдөгч Харрисыг “Дэлхийн III дайныг өдөөгч” гэж сурталдаж байхад Украинд өгөх зэвсгийг ил зарлах боломжгүй болчихоод байгаа билээ. Иймээс АНУ-ын Ардчилсан намыг дэмждэг бүх хэвлэл “Украин 130 км тусгалтай залуурт бөмбөг авахаар боллоо” гэж мэдээлэв. Гэтэл Пентагон Украинд зөвхөн бөмбөг бус агаар-газар ангиллын зэвсэг өгнө гэж мэдэгдсэн билээ. Энэ нь 1000 км зайд бай онодог далавчит пуужин ч байж магадгүй гэсэн үг. Иймээс энэ баримт бол барууныхан Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг аль хэдийнэ Киевт зөвшөөрсний нотолгоо юм. Харин НҮБ-ын чуулганы үеэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн авч ирсэн “Украинд үзүүлэх цэргийн тусламж, эдийн засгийн арга хэмжээ, Орост үзүүлэх шахалт, Оросын улс төрчдөд үзүүлэх дипломат дарамт” гэсэн дөрвөн бүлэг бүхий “Ялалтын төлөвлөгөө”-ний хувьд энэ нь зүгээр л Москваг хүчээр буулгаж авах төлөвлөгөө гэдэг нь тодорхой болсон.

Иймээс Нью-Йорк хотноо болсон “G7+Украины уулзалт”-аар Европын Холбоо,н дэлхийн 30 гаруй улс Зеленскийн ялалтын төлөвлөгөө болон Оросын нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрлийг алгасан, Оросын түрэмгийлэлд нэрвэгдсэн Украин улсыг сэргээн босгох тухай хамтарсан тунхаглал батлав. Уг баримт бичигт барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгийг Киев ашиглах тухай асуудлыг тусгасан байна. Тунхаглалын гол зүйлүүдэд “Украиныг Европын Холбоонд элсэхэд бүрэн туслалцаа үзүүлэх”, “2023 онд эхэлсэн Украины хандивлагчдын платформыг дэмжих”, “Киевт энэ оны эцэс гэхэд 50 орчим тэрбум долларын нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэх” зэрэг асуудлууд багтжээ. Энэ зорилгоор барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгийн орлогыг ашиглаж, мөнгөний тодорхой хэсгийг Украины “батлан хамгаалах хэрэгцээнд” зориулна гэж уг баримт бичигт тэмдэглэжээ. Энэхүү тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Итали, Канадын Засгийн газрын тэргүүн Жорж Мелони, Жастин Трюдо нараас гадна бусад 20 гаруй хөгжингүй улсын төлөөлөгчид оролцов.

Эдгээр улсын тэргүүнүүд энэ сарын 10-нд Германы Рамштайн дахь Америкийн агаарын цэргийн баазад уулзаж, АНУ-ын ерөнхийлөч Жо Байден өөрийн биеэр даргалан явуулж, Украины ялалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлыг нарийвчлан хэлэлцэнэ. Германы Рамштайнд анх удаа цэргийн удирдлагууд бус улсын тэргүүнүүд уулзаж, хийх ажлаа тохирох гэж байна. Гэхдээ яг юуг тохиролцсон гэдгээ мэдээж бас л нууцлах байх. Мөн өчигдөр Брюссельд НАТО-гийн төв байранд болсон ёслолын үеэр Йенс Столтенбергээс уг байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүлээн авч буй Марк Рютте “Украиныг дэмжиж, Оросыг хазаарлахыг тэргүүлэх чиглэл болгоно” гэж мэдэгдсэн. Иймээс Украиныг хэрхэн, яаж сэргээн босгох тухай гэрээнд дэлхийн хөгжингүй улсууд хамтран гарын үсэг зурж байна гэдэг Орос ялагдах нь тодорхой болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч, Путины тойрон хүрээлэгчдэд “Наад гайгаа зайлуулах цаг болсон” гэсэн мессэж илгээж буй явдал төдийгүй барууныхан Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг Киевт зөвшөөрсний бас нэгэн нотолгоо юм.

Ерөнхийлөгч Владимир Путины “ОХУ-ын 18-30 насны цэргийн алба хаагаагүй иргэдийг хамрах, 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд явагдах намрын цэрэг татлагын үеэр 133 мянган иргэнийг цэргийн жинхэнэ албанд татна” гэсэн зарлигийг Оросын хууль зүйн мэдээллийн албан ёсны портал дээр нийтэлжээ. Оросын “Интерфакс” агентлаг “Энэ жилийн хаврын цэрэг татлагын үеэр 150 мянган хүн цэргийн албанд татагдсан” гэж мэдээлсэн бөгөөд Украины арми Оросын Курск мужид довтлох үеэр эдгээр хугацаат цэргийн албан хаагчид олноороо амь үрэгдэж, олзлогдсон нь тодорхой болсон.

Иймээс сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос Украины арми наймдугаар сарын эхнээс хойш цэргийн ажиллагаа явуулж байгаа Курск мужид шинэ цэргүүдийг илгээх эсэх талаар асуухад “Үүнийг Батлан хамгаалах яамнаас тодруулах шаардлагатай” гэж хариулсан байна. Оросын хугацаат цэргийн алба хаагчид гэдэг нь үндсэндээ дунд сургуулиа төгссөн хүүхдүүд билээ. Гэтэл орос гэр бүл ихэвчлэн ганц хүүхэдтэй байдаг бөгөөд Оросын арми Курск мужаа чөлөөлнө гэвэл эдгээр хүүхдүүдийг дайчлахаас өөр нөөц цэрэггүй болчихоод байгаа юм. Ганц хүүгээ алдсан орос эхчүүд яавч баярлахгүй нь мэдээж. Гэхдээ Путины дэглэмийг хүүгээ алдсан орос эхчүүд, Зеленскийн ялалтын төлөвлөгөө болон Оросын нутгийн гүнд цохилт өгөх барууны зөвшөөрөл ч үнэндээ шууд авч хаяж чадахгүй. Харин Оросын инцфляци, Путины ойрын хүрээнийхэн хоёр л түүнийг тонилгож, ОХУ-ыг мөхөөж чадна. Үнэхээр ч Сталин нас барж Солонгосын дайн зогссон шиг Путин суудлаасаа бууж байж л Украины дайн зогсоно гэдэг нь хэнд ч ойлгомжтой болчихоод байгаа зүйл билээ.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очирыг шилжүүлэн авчирна DNN.mn

Интерполоор олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир нь Франц Улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан тул түүнийг шилжүүлэн авах ажиллагааг олон улсын гэрээ конвенцын дагуу явуулж байна гэж Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Тус мэдээлэлд Иргэн Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

  • бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан,
  • Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдон шалгагдаж,
  • Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 17.8 дугаар зүйлийн 3.1 /Эд хөрөнгө устгах гэмтээх/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/ зааснаар яллагдагчаар татагдсан байхдаа буюу 2022 оны 7 дугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан хэргээр буруутгагдаж буй.

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 8 дугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байна.
Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Г.Ган-Очирыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 2 жил хорих ял оноосон талаар тус улсын Интерполын үндэсний төв товчооноос мэдээлэл ирүүлсэн гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барина DNN.mn

Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд шинээр авто замын бүтээн байгуулалтыг хийх юм. Тодруулбал, Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барихаар газар чөлөөлж байна. Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын холбоос гол замуудыг шинэчлэх зураг төслийг боловсруулсан. Нарны замын зүүн талаас Амгаланг холбох 3.7 км авто зам барих газрыг чөлөөлж эхэлсэн. Мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн болоод байна. Уг шинэ зам Амгалан орчимд хотын зүүн тийш гарах хөдөлгөөний урсгалыг багасгаж, авто замын сонголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой зам юм. Түүнчлэн Сэлбэ голын баруун эрэгт буюу Америк элчингийн зүүн хойно, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талаас Дарь эх, Хайлаастыг холбосон гүүр хүртэл 2.7 км авто замын зураг төслийг боловсруулсан, батлуулах шатандаа явж байна. Энэ зам холбогдсоноор Арслантай гүүрнээс хойш Долоон буудал хүртэл босоо коридорын авто замын сүлжээ бүрдэх давуу талтай” гэдгийг хэллээ.

Сэлбэ, Нарны зам орчимд барих шинэ авто замуудыг цогц, гудамж замын жишгээр байгуулснаар Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөх, тухайн орчмын хөдөлгөөний ачааллыг багасгах зэрэг ач холбогдолтой. Эдгээр шинэ замаар иргэд нийтийн тээврээр, унадаг дугуйгаар, явганаар гээд бүх төрлийн хэлбэрээр зорчих боломжтой. Мөн ногоон байгууламжийг шийдсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй иж бүрэн авто зам байхаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эмэгтэй ерөнхийлөгчтэй болдоггүй юм гэхэд эмэгтэй хотын даргатай болъё DNN.mn

Улаанбаатар хот эмэгтэй даргатай болмоор байна. Өнгөрсөн хугацаанд дандаа эрэгтэй даргатай явж ирлээ. Монголд эрэгтэй хүн хотын дарга болохоор нийгмийн асуудлыг ерөөсөө шийддэггүй юм байна гэдэг нь өнгөрсөн хугацааны түүхээс ил харагдах юм. Эрэгтэй хүн өөрийн хүч чадлаар аливааг шийдэх, дайн байлдаан хийж өөрийн өмч хөрөнгөтэй болох гэдэг байгалийн гэмээр онцлогийнхоо дагуу ч тэр үү өнгөрсөн хугацаанд улс төрийн тоглолт хийж ирлээ. Мөн нийслэлийн газрыг хайр найргүй, баруун солгойгүй зарлаа. Нийслэлд тулгамдсан асуудлаар дөрөөлж хувьдаа мөнгө завших гэж үзлээ гэхчлэнгээр өөрийн өмч хөрөнгө, эрх мэдлийг тэлэхийн төлөөх “тулаанд” л орсоор ирж. Түүнээс нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэж чадсангүй. Тиймдээ ч нийслэлийн асуудал сараас сард, жилээс жилд шийдэгдэхгүй тэлсээр байна.

Эмэгтэй хүн байгалийн онцлогийн дагуу үр хүүхэд, гэр бүлээ эрүүл байлгах, тогтвортой, тохь тухтай байлгахад чиглэдэг гэсэн сэтгэл зүйн судалгаанууд олон бий. Тиймээс эмэгтэй ерөнхийлөгчтэй болдоггүй юм гэхэд эмэгтэй хотын даргатай болмоор байна. Үүнд нийцсэн кандидат бол одоогийн байдлаар Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа гэх эмэгтэй нийцэж байна гэхэд буруудахгүй. Тэрээр хотын хөгжлийн бодлого, орон зайн төлөвлөлт дизайны чиглэлээр сүүлийн 10 орчим жил ажиллаж дэлхийн 40 гаруй улс 100 гаруй хотоор аялан олон улсын 10 гаруй форумд оролцож, панелист илтгэгч байсан мэргэжлийн хүн юм билээ. Тиймээс бэлэн байгаа кандидатаа сонгоё. Ер нь ч дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эмэгтэй хүнийг хотынхоо даргаар томилж байна. Жишээ нь, Австрали, Япон, Канад, АНУ бүгд эмэгтэй хотын даргатай. Лос Анжелосын дарга Карен Басс хоёр жилийнхугацаанд хотын даргаар ажиллахдаа орон гэргүй иргэдийн тоог бууруулсан байдаг. Тиймээс эмэгтэйчүүд эрүүл, тав тухтай орчныг бүрдүүлэх, нийтийн тээврийн хүртээмж, амьдралын чанарыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудалд дорвитой өөрчлөлт гаргана гэдэгт итгэлтэй байна.

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Улсын Их Хурлын Намрын ээлжит чуулганы 2024 оны аравдугаар сарын 03, 04-ний өдрүүдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

 
Д/Д   ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·       “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

·     Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·       Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

 

10.00

 

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зариг”-ийн Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй болгосон уу? DNN.mn

Монгол Улсын Үндсэн хууль, монгол хүний үндсэн эрхтэй шууд холбоотой мэдээллийг нийтэлж, олон нийтэд хүргэсний төлөө Үндсэн хуулийн Цэц нь сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ёс зүй ярьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахыг оролдсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж, эсэргүүцэж байна.

Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбар ямар байдалтай байна вэ. Хамгийн наад захын жишээ гэхэд “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага жил бүр дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргахдаа тухайн орны улс төр, хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, нийгэм соёлын нөхцөл байдал, аюулгүй байдал гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг. Тус байгууллагын 2024 онд дэлхийн 180 улсыг хамруулсан судалгаанаас Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 109 дүгээр байрт жагсчээ. Өнгөрсөн онд 88-д жагсаж байсан манай улс 21 байраар ухарч 109-д эрэмбэлэгдсэн нь ардчилсан улсын хувьд маш муу дүн юм.

Монгол Улсад 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, 4500 гаруй хүн ажиллаж байна.

С.Амартүвшин: Өнөрөөгийн асуудлаас улбаатай төрийн хатуу бодлого, шийдвэрээр хэвлэл мэдээллийг зохицуулах зорилт хэрэгжээд явчихлаа

Уг сэдвээр МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор С.Амартүвшинтэй ярилцлаа.


-Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлаанд хэрхэн нөлөөлөв?

-Ний нуугүй хэлэхэд, Монголын хэвлэл мэдээллийн дархлаа алдагдсан шүү дээ. Үүнд Өнөрөө гэж ганц сэтгүүлчдээ ч биш. Манай цөөнгүй сэтгүүлч, хэвлэлийнхний алдаа дутагдал, мэргэжлийн бус хандлагатай холбоотой.

Ер нь, Өнөрөөгийн кейс харамсалтай. Түүний алдаандаа ч биш дээрх асуудлаас улбаатай төрийн хатуу бодлого, шийдвэрээр хэвлэл мэдээллийг зохицуулах зорилт хэрэгжээд явчихлаа. Нөгөө талаараа Өнөрөөгийн сэтгүүлчийнхээ хувьд нийтийн эрх ашгийг тэргүүнд тавих, олон түмний дуу хоолой болох гэсэн үйл, хандлагаасаа болж өртөж байгаа. Чөлөөт хэвлэлийн нэгэн чухал үзүүлэлт шударга шүүмжлэл. Үүнийг төрөөрөө хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Шүүмжлэлгүй нийгэм, хэлэлцүүлэггүй ардчилал гэж юу байх билээ. Зөвшилцөл чухал байтал, нийгэм дэх гажуудал завхарлыг засан залруулах шийдмэг бодлого барих гээд Төр засаг ч “дэврүүнээр” хатуурхаад эхэлсэн. Энэ байдал битгий даамжраасай. Нөгөө утгаараа хэвлэл мэдээллийн дархлаа юун дээр тогтдог гээч. Үндсэн хуулиар баталгаажсан хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, Хэвлэл мэдээллийн хуулиар баталгаажсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөн дээр тогтдог. Үүнийг хөндөж, цензурдээд эхлэх л юм бол хэвлэл мэдээллийн дархлаа алдагддаг.

-Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар далайлган үг дуу, үзэл бодлыг нь хорьдог боллоо. Энэ үйл явц улам хүрээгээ тэлж даамжрах шинжтэй. Энэ тал дээр Таны үгийг сонсмоор байна?

-Иргэд, олон түмний мэдэх эрхэд үйлчилж, мэдээлэлтэй байх хэрэгцээ шаардлагаар мэдээллийн эрх чөлөөг хангаж ажилласныхаа төлөө эрүүгийн хуулиар буруутгагдахын эсрэг зарчим олон улсын эрх зүйн практикт үйлчилдэг.

Энэ бол шууд утгаараа төрийн цагдан хяналт буюу цензурын хэлбэр. Гэтэл манайд сэтгүүлчдийг ялладаг жишиг бараг тогтох маягтай болчихоод байна. Энэ бол Үндсэн хуулиар болон ХМЭЧТ хуулиар баталгаажсан иргэн хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилохыг зорьж буй явуургүй санаа, үзэл хандлагын тод илрэл. Нөгөө талдаа мэдээж цахим орчны худал хуурмаг, үнэн зөв мэдээллийн учир зүйн олдохоо байсан мэдээлэл харилцааны хэт урсгалын давлагааны уршиг. Нийгмийн сүлжээний сайн хийгээд саар харилцаа болон сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны зааг хязгаар дахь ээдрээтэй байдлын үр дүн. Ардчиллын үнэт зүйл болсон хувь хүн, иргэнийхээ нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалал нь эрхэм зарчим.Гэхдээ ардчиллын бас нэг үнэт зүйл болох хэвлэл мэдээллийн эрх чөлөөг шийтгэлийн хамгийн хатуу санкцитай эрүүгийн хуулиар зохицуулах нь буруу. Буруугаар тогтохгүй одоо цөөнгүй сэтгүүлч хатуу үр дагаврыг нь хүлээхдээ тулаад байна. Гэхдээ хууль шүүхийнхэн маань хуулийн хатуу заалт барьж шийдэхээсээ өмнө нийгмийн сайн сайхны төлөө хууль үйлчилдэг зарчмаа бариасай гэж хүсэх байна. Ингэх байх гэж ч найдаж байна.

-Мэдээж, бусдын нэр хүндийг хамгаалах хэрэгтэй. Гэхдээ заавал эрүүгийн хуулиар далайлгах бус иргэний хуулиар шийдвэрлэж болох асуудлыг хүндрүүлэх шаардлагагүй мэт санагддаг. Ялангуяа эрх мэдэлтэн, албан тушаалтан, төрийн байгууллагын нэр хүндийг хамгаалахын тулд сэтгүүлчдийг ялладаг, айлган сүрдүүлдэг цаг үе иржээ. Үүнтэй Та санал нийлэх үү?

-Нэгд, үзэл бодлын, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг иргэний хуулиар зохицуулах нь чухал гэж олон улсад үздэг. Бас өөрийн зохицуулалтын механизмыг төгөлдөржүүлж шийдвэрлэх чиг хандлага давамгайлдаг. Хоёрт, “өндөр мод салхин дилүү хүчтэй найгаж, савладаг” гэсэн үг хэллэг бий. Төрийн өндөр албан тушаалтан болон олны танил болж хувь хүний байр сууриа олон түмэнд даатгасан, тэднийг төлөөлсөн этгээдүүдэд “гомдоллоод байх эрх” ч байхгүй. Харамсалтай нь юм л бол шүүх, ёс зүйн зөвлөлд гомдол гаргагчдын дийлэнх олонх нь “тэд” байдаг. Шүүхэд гомдол гаргах моод нь цензурын нэг хэлбэр. Цаашлаад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхнийг “реккет”үүдээр дарамтлах ч тохиолдол байдаг. Дээр нь эрүүгийн хуулиар хувь хүнд учирсан хохирлыг хэлэлцэн шийдвэрлэдэг болохоос “хийсвэр нэр хүнд”ийн хохирлыг шийдвэрлэдэггүй гэсэн зарчим байдаг гэж сонссон. Сэтгүүлчид үүнийг мэдэж байхад илүүдэхгүй.

-Эрүүгийн хуулийн 13.14-т “Илт худал мэдээлэл цацах замаар бусдын алдар хүндэд халдсан бол эрүүгийн хэрэгт тооцно” гэсэн заалтаар сэтгүүлчдийг айлгаж, тэдний үзэл бодлыг хайрцаглаж байна. Үүнийг яаж засах вэ?

-Анх Эрүүгийн энэ хуулийн заалтыг манай салбарынхантай хууль зүйн сайд, дэд сайд тэргүүтэй хүмүүс хэлэлцэн уулзалтууд хийж байхад нэг уулзалт дээр тухайн үеийн сайд Х.Нямбаатарт би хэлж байсан. Энэ заалт хожим олон сэтгүүлчийг, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлдэг иргэдийг эрүүгийн гэмт хэрэгтэн, ялтан болгон чирэх эрсдэлтэй шүү гэж. Гэтэл сэтгүүлчдэд бараг хамаарахгүй. Учир нь “Худал мэдээлэл түгээх” гэсэн зүйлчлэлд сэтгүүлч үнэхээр үнэн бодит баталгаатай мэдээллийг түгээдэг мэргэжлийн үйл ажиллагаа бол гэм буруутайд холбогдохгүй гэж тайлбар хийсэн. Гэвч онолын мод бор саарал байдаг бол амьдралын мод нов ногоон байдаг гэгчээр хуулийг практикт яаж хэрэглэж эхлэх вэ, тэр жишгээр цаашид шийдвэрлэдэг жишиг тогтно гэдгийг сануулж байлаа. Харамсалтай нь ёр юм шиг тийм л жим татчихлаа. Энэ нь тус заалтын“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол…” гэсэн дэх “олон нийтэд тараасан” гэх томьёололд хамаг учир бий. Яаж ч хэрэглэж болох энэ хэллэгийг “ухаалаг” шигтгэчихсэн дээ.

Хэвлэлийн эрх чөлөөний хууль хэр амьдралд нийцсэн хууль вэ?

-Энэ хуулийн хамгийн чухал зүйл нь хуулийн үзэл баримтлал нь юм. Үндсэн хуулиар баталгаажсан хувь хүний эрхүүдийн амин чухал нэг эрх болох үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой хэвлэл мэдээллийн салбарын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулсан чухал хууль. Ардчилсан нийгэмд энэ эрхийг Үндсэн хууль болон энэ хуулиар баталгаажуулсан эсэхээр чөлөөт хэвлэлтэй байгааг тодорхойлдог зарчимтай. Мэдээж цагийн явцад сэтгүүл зүйн практикт хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөг бүрэн хангаж ажиллахад шаардлагатай зарим асуудлыг зохицуулж чадахгүй байгаа, тунхагийн шинжтэй боловч хууль, шүүхийн практикт сэтгүүлчээ хамгаалдаг гол эрх зүйн эх сурвалж шүү дээ. Өнөөдөр энэ хуулийг шинэчлэх, шинэчлэн найруулах тухай асуудал хөндөгдөж, УИХ-ын чуулганаар хэлэлцэн, батлах түвшинд асуудал шуурхай яригдаж байна. Ажлын хэсэг ч гарчихсан, МСНЭийн болон ХҮЭК, мэргэжлийн болон салбарын байгууллага, холбоодын хэлэлцүүлэг өрнөж байна. Харин үүнд хувь судлаачийн хувьд дараахь байр суурьтай байгаа.

Шинэчлэх бол сэтгүүлч эх сурвалжаа нууцлах, хамгаалах болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийг ил тод болгох гэсэн хоёр асуудлыг зохицуулсан зүйл заалт л нэмж оруулахад хангалттай. Харин олон зохицуулалт оруулж, олон зүйлийг хуульчлах л юм бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах бус харин ч хязгаарлах нөхцөл бүрдэж үзэл баримтлалтайгаа зөрчилдөх үндсийг тавих болно. Ер нь хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны онцлог нь тус салбарын онцлогоосоо шалтгаалан хуулиар үл зохицуулах зарчим чухал гэж үзэж байна. Чөлөөт хэвлэлийн үзэл номлолд ч тэр, чөлөөт хэвлэл хөгжсөн олон улсын практикт ч ингэж үздэг. Зүй нь, эрх зүйн позитивист бус философиор нийгмийн харилцааг өөрийн зохицуулалтын механизм, хууль, нийгмийн хэм хэмжээ гэсэн гурван зүйлээр зохицуулна гэж үздэг. Хэрэв Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилж байна гээд үзэл баримтлалыг нь дордуулж, хэтийдсэн зохицуулалтууд оруулснаас хэвээр нь байлгасан нь дээр. Харамсалтай нь, манай салбар дотор ч, манайхтай “хавьсахыг хүсдэг”зарим байгууллага энэ хуулийн шинэчлэлд өөр өөрийн ашиг сонирхолоо шигтгэчихгээд байгаа хандлага бас байна. Үүнийг тус хуулийг шинэчлэн найруулахаар санаачилсан хэд хэдэн хуулийн төслүүдээс харж болно. Хоёрт ХМЭЧТ хуулийг санаачлах, шинэчлэх субьект төр засгийн байгууллага, институци байхыг би хувьдаа эсэргүүцдэг. Учир нь, санаачлагч нь төрийн субьект байх л юм бол тэр тал өөрийн ашиг сонирхлоо хуульд ил, далдаар эвтэйхэн, “хулгайн” үг, хэллэг, томьёоллоор зайлшгүй тусгадаг. Үүний нэг нотолгоо нь Эрүүгийн хуулийн 13.14 шүү дээ. Тиймээс төрийн бус субьектээс төсөл боловсруулж, хэлэлцүүлж аваасай гэж уламжилмаар байна. МСНЭ-ийн УЗийн гишүүний хувьд эвлэлийн байр суурийг ч энэ дашрамд даймаар байна. Саяхан манай эвлэл санаачлан салбарын эвсэл, холбоодын төлөөлөл болон хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний чиглэлээр судалгаа хийж ажилладаг хуульчдын төлөөллүүдтэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд тэдгээр хуульчдадаа хуулийн төсөл боловсруулж өгөөч, бид хуульд тусгах асуудлаа санал болгоё, тэгээд хэлэлцье, дараа нь УИХ дахь ажлын хэсэгт санал болгоё гэдэг шийдэлд хүрсэн.

Б.Баярмаа: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай хумигдаж байгаагбид нухацтай эргэж харах хэрэгтэй

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Б.Баярмаатай ярилцлаа.


-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн кейс хэвлэл мэдээллийн дархлаанд нөлөөлж байна уу?

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг бол Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ямар түвшинд байгааг харуулж байна гэж судлаачийн зүгээс үзэж байна. Хэдийгээр хувь хүний хувьд ар гэр, амьдрал ахуй, ажлын хувьд хэцүү нөхцөл байдал боловч тойм зургаар нь харвал өнөөдөр Монголд ямар ч сэтгүүлч Н.Өнөрцэцэг шиг нөхцөл байдалд орох эрсдэл бий. Эрсдэл гэж байгаагийн шалтгаан нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэргэжлийнх нь хувьд би дүгнэж хэлэхгүй. Гэхдээ маш олон эрэн сурвалжлах бүтээл хийдэг, идэвхтэй ажилладаг сэтгүүлч. Н.Өнөрцэцэгт яагаад гэнэт нэг зэрэг олон хэргээр хэрэг үүсгэчихэв ээ гэдэг бол хамгийн том асуудал. Хууль тогтоомж хүн бүрд адил тэгш үйлчлэх ёстой. Хууль зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээх нь зүйтэй. Гэхдээ өмнө нь яагаад тэр хэргийг нь шалгаагүй байсан юм. Гэнэт л болохоо байчихсан юм шиг бүх хэргүүдийг нь эргэн сэргээгээд олон хэргийг нэг дор шалгаж байгаад нь ямар нэг асуудал байна гэж харж байна. Хэргийн процесс явагдаж байгаа учраас би дүгнэж хэлэх боломжгүй. Энэ хэрэг цаашдаа илүү тодорхой болох байх.

-Н.Өнөрцэцэгт үүсгэсэн хэргийн асуудал Монголын хүрээнээс хальж олон улсын хэмжээнд хүрсэн. Энэ талаар?

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан явдал дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг “RSF буюу Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын вебсайтад бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс анх удаа энэ сайт дээр сэтгүүлч ажлаа хийснийхээ төлөө баривчлагдсан гэсэн статустай болж хувирсан юм. Гэхдээ Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт өмнөх оныхоос 22 байр ухраад 109-д бичигдсэн нь Н.Өнөрцэцэг баривчлагдсантай холбоотой гэж дүгнэж болохгүй. Сүүлийн арван жил хэвлэлийн эрх чөлөө муудсаар, муудсаар энэ нөхцөл байдалд хүрсэн. Үүний үр нөлөө нь Н.Өнөрцэцэг сэтгүүлчид холбогдох олон хэргийг нэг дор шалгаж байгаа явдал. Ингэснээр эрсдэлтэй нөхцөл бий болчихжээ гэдгийг бидэнд сануулж байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчноо эргээд хараач ээ. Иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай хумигдаж байгааг бид нухацтай эргэж харах хэрэгтэй. Хэдэн сэтгүүлчид тэмцдэг, эсвэл нэг хэрэг гарахаар тэр хэргийг ярьж хэсэг шуугиад мартчихдаг ийм байдал үргэлжлээд л байвал дараа үеийнхэндээ, хэвлэн нийтлэгчиддээ бид юу гэж хэлэх билээ. Зөвхөн Н.Өнөрцэцэгийн хэргийн талаар ярих биш бүхэлд нь харах ёстой болжээ гэж дүгнэж байна.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв үү?

-1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол салбарын цорын ганц гол хууль. Энэ хууль миний хувьд ихээхэн үнэ цэнэтэй хууль. Үеийн үед уг хуулийг өөрчлөх ёстой гэж ярьсны эцэст одоо арав гаруй хуулийн төсөл гарчихсан байгаа. Социалист нийгмийг даваад ардчилсан нийгэм рүү шилжиж байгаа улс оронд ямар хууль байвал зохистой вэ гэдгийг эргэж харах ёстой гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг дээдэлсэн мөн хэвлэл дэх төрийн оролцоог хязгаарласан үнэ цэнэ бүхий заалттай хууль. Энэ хуулийн гол амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөөтэй байх нөхцөл байдлыг бүрдүүлсэн явдал. Гэхдээ зарим нэг ойлголтын зөрүүтэй заалтууд байдаг. Үүнийг засахын тулд хуулиа ойлгож, таньж мэдэх алхмыг бага багаар өөрчлөх ёстой. Тэгэхгүйгээр эрс шинэчилбэл өнөөгийн нөхцөл байдалд тохирохгүй гэж үзэж байна. Манай орны улс төрийн соёл, нөхцөл байдал ямар байгааг бүгд мэднэ. Ийм нөхцөлд хуулийг маань гэнэт өөрчлөөд нөхцөл байдал улам дордох вий гэдэгт санаа зовж байна.

Монгол улсын Эрүү-гийн хуулийн 13.14 дүгээр заалтаар ихэвчлэн сэтгүүлчдэд арга хэмжээ авдаг. Энэ нь сэтгүүлчдэд айдас төрүүлж байгаа олон асуудлын нэг нь. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хүнийг гүтгэж, доромжилно гэдэг байж боломгүй үйлдэл. Үүнийхээ төлөө ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой. Гэхдээ ямар хариуцлага байх вэ гэдэг бодох асуудал. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэн болгох юм уу, эсвэл иргэн хоорондын зөрчил гэж авч үзэх үү. Манай улсад нэр төрд халдсан тохиолдолд эрүүгийн болон иргэний хэргээр хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Иргэний эрх зүйн хүрээнд мөнгөн төлбөр төлөөд залруулга гаргадаг. Харин эрүүгийн эрх зүйн хүрээнд шийдэгдвэл гэмт хэрэгтэн болдог. Эрүүгийн хуульд гүтгэх доромжлох заалтыг оруулснаас хойш сэтгүүлчид айдастай болоод байна гэдэг нь үнэний ортой. Яагаад гэвэл энэ заалтад доромжлох, гүтгэх, нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах гэсэн өөр өөр онцлогтой үйлдлүүдийг нэг дор оруулаад шийдэж байгаа юм. Мөн сэтгүүлч ямар зорилгоор тухайн мэдээллийг бичсэн тухай ерөөсөө авч үздэггүй. Жижигхэн баримтын алдаа гарсан байвал худал мэдээлэл биччихлээ гэж үздэг. Олон нийтийн эрх ашгийн төлөө байгаа зорилгыг харгалзаж үздэггүй нь олон улсын жишгээс өөр байгаа юм.

-Олон улсын жишгээр нйигмийн сайн сайхны эсрэг зүйлийг гэмт хэрэг гэж үздэг. Гэтэл манай эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн хүрээнд гомдол санал гаргаж байгаа хүмүүсийн дийлэнх нь улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтэн байх нь элбэг. Энэ нь нийгэмд сүүдэртэй тал болж тусаж байна?

-Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт бол хорих хариуцлага байхгүй. Харин мөнгөн дүнгээр торгодог, зорчих эрхийг хязгаарладаг. Энэ заалт цаашид ажлаа хийхэд нь айдас бий болгодог учраас сэтгүүлчдэд харшилж байна. Цагдаа, шүүхийн байгууллагаар явбал тухайн хүний ажил амьдрал нь хэвийн үргэлжлэхээ болино шүү дээ. Тиймээс дахиад ийм асуудалтай тулгарахыг хэн ч хүсэхгүй. Улсын хэмжээнд 2023 болон 2024 оны эхний гурван сарын байдлаар иргэн, байгууллагаас гаргасан хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 15, гэмт хэргийн талаарх 185 гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүлээж авсан байна. Нийт гомдлын 135 буюу 66.8 хувийг нь албан тушаалтан гаргасан байна. Уг нь албан тушаалтанд хоёр сонголт байдаг. Нэгдүгээрт, Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандан энэ сэтгүүлч миний нэр төрд халдсан байна гэсэн гомдол гаргана. Ингээд тухайн гомдлыг Ёс зүйн хороогоороо авч үзээд шийдвэр гаргана. Хэрэв нэр төрд нь халдсан байна гэж үзвэл залруулга гаргах арга хэмжээ авна. Залруулга гаргахгүй гэвэл мөнгөн төгрөгөөр асуудлыг шийдэж болно. Гэтэл яагаад албан тушаалтнууд эрүүгийн хэрэг үүсгэж гомдол гаргаад байна гэдэг өөрөө асуудал.

Үүнийг олон улсад сэтгүүлчийг айлган сүрдүүлж, залхаан цээрлүүлэх нэг хэлбэр гэж үздэг. 20202024 оны наймдугаар сарын байдлаар дээрх заалттай холбоотойгоор 828 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үүнээс 548 хэргийг шийдвэрлэсэн ч нийт хэргийн 74.5 хувийг хэрэгсэхгүй болгосныг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээлэлд дурдсан байдаг. Хэрэгсэхгүй болгож байна гэдэг сэтгүүлч алдаа гаргаагүй ажлаа хийсэн гэсэн үг. Сэтгүүлчийг алдаа гаргасан гэж үзвэл Эрүүгийн хуулиар шийддэг юм байна гэсэн нийтлэг ойлголт иргэдийн дунд байна. Гэтэл манайд олон улсад байдаг шиг зохицуулалтууд байгаа шүү дээ.

Н.Саранчимэг

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим газраар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

Иймд малчид, тээвэрчид, тариаланчид та бүхнийг:
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх,
  • Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
  • Хол, ойрын замд гарахдаа автомашин техник хэрэгслийг аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,
  • Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх,
  • Тэнгэрийн байдлыг шинжиж, ажлаа төлөвлөх,
  • Холбогдох байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг цаг тухай бүрт хүлээн авч, хэрэгжүүлэхийг анхааруулж байна
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ DNN.mn

Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас дараах нэг байршилд зам засварлана. Тодруулбал,

  • Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилнэ.
    • Уг ажлын нэгдүгээр хэсэг болох Шар хадны авто замаас “Улаанхуаран эко” хүнсний зах хүртэл авто замыг өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас хааж, 5-ны 06:00 цагт нээнэ.
    • Харин хоёрдугаар хэсэг буюу “Улаанхуаран эко” хүнсний захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл авто замыг аравдугаар сарын 5-ны 06:00 цагаас 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэх юм.

Мөн өнөөдрийн байдлаар дараах гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал,

  • Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 4-ний 06:00 цагт нээнэ.
  • Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан бөгөөд аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагт нээх юм.
  • Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор Товчооны зам буюу “Энхжин” худалдааны төв орчмын авто замыг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замыг 4-ний 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Энэ хүрээнд буцах эргэлт хийх юм.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Болормаа: Манайд өндөр гэхээсээ илүү бага орлоготой иргэдэд татварын дарамт их ирдэг DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Болормаатай ярилцлаа.


-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнөөдөр /өчигдөр/ намрын чуулган нээлтээ хийлээ. Тэгэхээр таны хувьд ирэх оны төсвийн төсөлтэй танилцаж амжив уу. Та ер нь хэр болсон гэж харж байна вэ?

-Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын намрын чуулганы нээлт боллоо. Шинээр 126 гишүүнтэй парламент бий болсноос хойш анхны бүтэн төсөв хэлэлцэх үе болж байна. Ээлжит бус чуулганаар бид Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг дагасан төсвийн тодотголыг хэлэлцсэн. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлтэй танилцаж эхлээд явж байна. Тэгэхээр яг бүрэн дүүрэн танилцаж амжаагүй байна. Гэсэн ч ерөнхий онцлог, бүс нутагтайгаа холбоотой асуудлуудтай нь танилцаж эхэлсэн. Цаашдаа хэлэлцээд эхлэхээр илүү нарийн танилцаад явна. Одоогийн байдлаар миний харснаар хөрөнгө оруулалтаа илүү далайцтай бүтээн байгуулалт руугаа хийе гэж байгаа нь таалагдсан. Мөн татварын бодлого талдаа илүү реформ хийх боломжтой. Ялгаатай татварын бодлого гээд эхлэлүүдийг тавьсан байна лээ.

-Ирэх оны төсөв дээр 14 мега төслийг эхлүүлнэ гэж байгааг хоёр талаас нь авч үзэж байна. Нэг хэсэг дэмжиж байна. Гэтэл эдийн засагт шууд үр нөлөөгөө үзүүлэхгүй дэд бүтцийн шинжтэй олон төсөл байна. Дэд бүтцийн төсөл их гэсэн шүүмжлэл яваад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Эдийн засагч хүний хувьд эдийн засагт үр өгөөж авч ирэхгүй гэж байгаатай санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр “Алсын хараа – 2050”-ын эхний 10 жилийн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг ахалж бичихэд л эдгээр мега төслүүд орсон байсан. Эдгээр төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ хоёр дахин өснө гэсэн тооцоолол ч гарсан.

Мөн нийт хөрөнгө нь бүгдээрээ улсын төсвөөс гарахгүй. Нийт 14 мега төслийн урьдчилсан тооцооллоор 43 их наяд төгрөг болно гэж байгаа. Үүнийг гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж, хоёр орны хамтын ажиллагаа гээд янз бүрийн байдлаар хэрэгжинэ. Одоогоор гурвынх нь ажил эхэлсэн, дөрвөн төсөл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээр хэрэгжих бэлтгэл ажилд орсон байгаа. Харин долоон төслийг төрхувийн хэвшил, хувийн хэвшил болон бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Ер нь бид эдгээр төслийг хэрэгжүүлэхгүй юм бол өөр юу хийх юм бэ. Эхлээд дэд бүтцийн асуудлаа шийдэж байж л хөгжинө. Тийм ч болохоор зоригтойгоор, улс орны хөгжлийн төлөөх том төслүүдээ улстөржүүлэхгүйгээр хийе гэсэн зорилго дээр хамтарсан Засгийн газар байгуулагдсан байх гэж харж байгаа. Бусад улс орнууд ч том төслүүдээ жижиг улс төрөөс ангид байлгаж байж хэрэгжүүлж л хөгжсөн байдаг. Эдгээр дотроос хэрэгжиж эхэлсэн төслүүд гэвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байна. Мөн Тавантолгойн дулааны цахилгаан станц байна. Бид жил бүр төлбөрийн тэнцэл дээр ӨМӨЗОны сүлжээнээс тог авч, тэр хэрээрээ манай валют гадагшаа урсдаг. Энэ цахилгааны хэрэгцээгээ бид дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Бид аль хэдийнэ Оюу толгой төсөлтэй цахилгаан хангамж нийлүүлэх гэрээгээ зурчихсан. Тэгэхээр эдгээр төсөл Монгол Улсдаа эдийн засгийн хувьд нэн шаардлагатай байгаа л гэж харж байгаа.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц яригдаад бас л чамгүй хугацаа өнгөрлөө. Тэгэхээр яг хэдийнээс ажил нь дуусч, баруун бүсээ эрчим хүчээр хангаж эхлэх юм бэ?

-Миний хувьд сүүлийн хоёр жил орчим Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж, энэ төсөл дээр онцгой анхаарсан. Энэ хүрээндээ орон нутгийн иргэдтэй ойлголцохгүй байсан асуудлыг шийдсэн. Ингэснээр нүүлгэн шилжүүлэлтийн гэрээнүүд хийгдсэн. Судалгаанууд бүрэн дууссан. Одоо зээлийн хэлэлцээрүүдээ бүрэн байгуулаад барилга угсралтын ажлыг ирэх жилд 15 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ усан цахилгаан станцын нийт төсөвт өртөг 1.2 их наяд төгрөг. Баруун таван аймгаа бүрэн хангах 90 мегаВаттын төсөл байгаа. Нэмж хэлэхэд, энэ станц өнөөдөр ашиглалтад орсон байсан ч бид нэгдсэн сүлжээ рүүгээ холбож чадахгүй. Тэгэхээр цахилгаан дамжуулах агаарын шугамын төслүүд ч ирэх оны төсөвт суулгаж өгсөн.

Ховд аймагт л гэхэд гурван сум нь Хятадаас цахилгаан авдаг, нэгдсэн сүлжээтэйгээ холбоогүй байдаг. Тэгвэл үүнийг холбох Үенч, Хөшөөтийн хооронд 35 кВтын шугамын хөрөнгө оруулалт орсон. Мөн ЭрдэнэбүрэнМянгадУлиастай чиглэлийн 400 гаруй км шугамын ажлыг эхлүүлэхээр тусгасан. Энэ үр дүнд хүрснээр бид 17.5 тэрбум төгрөгийн импортын эрчим хүчний төлбөрийг хэмнэнэ. Харин 2030 он гэхэд бүрэн ашиглалтад орохоор төлөвлөсөн байгаа.

-“Бүсчилсэн хөгжил”-тэй уяж өгсөн гээд байгаа. Үүнийг нь ямар хөрөнгө оруулалтаар харуулж байгаа хэрэг вэ?

-Энэ удаагийн төсвийн гол гурван онцлогийг Засгийг газраас Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн төсвийн төлөвлөлт, Нийслэлийн тулгамдсан асуудлыг сууриар нь шийдвэрлэх төлөвлөлт, Хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих татварын бодлого гэсэн байна лээ. Үүнээс эхний хоёр нь шууд хөрөнгө оруулалтын асуудал. Энэ удаагийн төсвийн нийт хөрөнгө оруулалт 10.4 их наяд төгрөг гэж өргөн баригдсан. Үүнээс 4.5 их наяд нь нийслэлийн асуудлыг шийдэхэд зарцуулна. Харин бүсүүдийн хөгжлийг хангахад мөн 4.5 их наяд төгрөгийг төлөвлөсөн байгаа. Бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа хамгийн чухал зүйл нь аймгийн төвүүдийг холбох авто зам. Өмнө нь бид ганц аймгуудаа сумтай холбох, тойргоо услах асуудлыг шийдэж ирсэн. Ховд аймаг гэхэд л өнөөдөр дийлэнх сумтайгаа холбогдчихсон хэрнээ зэргэлдээ Увс аймгийн төвтэйгөө холбогдоогүй. Зах зээлийн талаас нь бодоод үзвэл хоёр аймгийн төвийг холбох нь чухал. Тиймээс энэ асуудлыг арилгахад буюу 25 хувь нь зам тээврийн асуудалд, найман хувь нь эрчим хүч, нийгмийн салбарт 17 хувь, инженерийн дэд бүтцийг сайжруулахад 14 хувийг нь зарцуулна гэж өргөн баригдсан байгаа.

-Шинээр төсөл хөтөлбөрүүдийг их бага санхүүжүүлнэ гэж ойлгосон, зөв үү?

-Хуучин байснуудаа явуулж, томоохон дэд бүтцийн шинэ хөтөлбөрүүдийг эхлүүлэх юм байна гэж хардаг. Өмнө нь бид төсөл хөтөлбөрийг амсуулаад хаядаг байсныг би их буруу гэж боддог. Үр дүнд нь баахан гацсан хөрөнгө оруулалт болдог. Тэгэхээр шинээр ямар ажил эхлүүлснээрээ биш, дуусгасан ажлаа гайхуулдаг болох хэрэгтэй.

УИХ-ын гишүүний хувьд энэ буруу байж магадгүй. Гэхдээ л худлаа үнэн эхлүүлсэн гэж байхаар дуусгасан гэдгээрээ бидний хөгжлийн үзүүлэлт харагдана гэж боддог. Хөрөнгө оруулалтыг сүүлийн найман жилийн хугацаанд нэлээд хийсэн. Тэгэхээр одоо суурь, реформын шинжтэй асуудал дээрээ анхаарах хэрэгтэй.

-Татварын бодлого дээр ямар асуудал орсон байна вэ?

-Татварыг буулгана, эсвэл нэмнэ гэж ярих нь өөрөө өрөөсгөл сонсогдоно. Харин орчин үеийн шатлалтай, ялгаатай татварын бодлогыг л хэрэгжүүлмээр байгаа юм. Засгийн газрын хэрэгжүүлэх гээд байгаа бодлогын хөшүүрэг чинь л татварын бодлого байхгүй юу. Тиймээс олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Энэ удаад хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, таатай орчныг бий болгох зорилгоор гурван бодлогыг онцолсон байсан. Нэгдүгээрт, бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг өгнө. Хоёрдугаарт, хувийн хэвшил нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийвэл нэг хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Гуравдугаарт, үйлдвэржих бодлогыг дэмжиж, бүх төрлийн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэх бол гаалийн татвараас чөлөөлнө гэсэн зүйл оруулсан байгаа. Мөн 20 орчим ялгаатай татварын бодлогыг суулгасан байсан. Гэхдээ л хангалттай хэмжээний реформ ороогүй гэж харж байгаа. Манайх гадны улсуудад байдаг тансаг зэрэглэлийн татварыг бүрэн хэрэгжүүлэх боломжтой. Өнөөдөр манайд өндөр орлоготой иргэдээс илүү бага орлоготой иргэд дээр илүү их дарамт учирч байгаа. Тиймээс нийгэмдээ таарсан шаталсан татварын бодлогыг зоригтой хэрэгжүүлэх ёстой.

-Хувь хүн дээрээ илүү татварын ачаалал өгдөг гэдгийг эдийн засагчид хэлдэг. Мөн гэр бүлийн гишүүдтэй уялдуулах тухай ч ярьдаг шүү дээ?

-Янз бүрийн шийдэл байгаа. Орлогын хэмжээ, гэр бүлийн гишүүдийн тоотой нь уялдуулж болно. Тухайн орны бодлогын асуудал. Харин үүнийг бид олон талаас нь судалж, хэлэлцэж байж гаргаж болно.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ