Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Номинчимэг: Хувь хүний орлогын албан татварыг илүү ухаалаг байдлаар хийж, зохицуулах боломжтой DNN.mn

УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.


-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Таны хувьд уг төсөлтэй танилцсан байх. Энэ удаагийн төсвийн төслийн гол онцлогийг юу гэж харж байна вэ?

-Ирэх оны төсөв бол хамтарсан Засгийн газрын оруулж ирж байгаа анхны төсөв. Тэр утгаараа яагаад хамтарсан Засгийн газар байгуулсан юм гэдгийг маш сайн гаргаж өгөх ёстой. Төсөв гэдэг өөрөө манай хөгжил хаана байна гэдгийг тодорхойлж байгаа том баримт бичиг байдаг. Энэ удаагийн төсөв бол том төслүүд дээрээ анхаарсан, Монгол Улсын эдийн засгийг тэлэх, хөгжлийг хязгаарлаж буй суурь хүчин зүйлүүдээ шийдвэрлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэх зэрэг зүйлүүд дээр төвлөрсөн гэж харж байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Үүгээр эдийн засгийн тэлэлт, өсөлт дээр үндэслээд бүтээн байгуулалтуудаа ирэх дөрвөн жилд яаж хийх вэ гэдгээ илүү сайн гаргасан. Үүн дээр үндэслээд энэ жилийн төсвөө оруулж ирсэн байна лээ. Өмнөх жилүүдийн төсөвтэй харьцуулахад гол мега төслүүд дээрээ анхаарч, жижиг бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтыг энэ удаад өнжих бодлого барьсан. Энэ нь хэтэрхий жижиг олон зүйл дээр хөрөнгө оруулалтаа тарамдахгүйгээр чухал асуудлуудаа шийдье гэж зорьсон байна гэж харсан.

-Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарсан гэж харагдсан. Ингэж шууд нэг дор нь бүх асуудлаа шийднэ гээд тавьчихсан нь хэр зохимжтой юм. Дээрээс нь энэ тал дээр ямар, ямар гол төсөл байгаа юм бэ?

-Энэ удаагийн төсөв зөвхөн нийслэл Улаанбаатар руу чиглэчихсэн юм биш л дээ. Өмнө нь хийсэн төсвийн тодотголоо нийслэл рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг түлхүү хийе гэж орж ирсэн. Харин ирэх оны төсөв дээр улс орон даяарх төслүүдээ хэрхэн хөдөлгөх вэ гэдэг дээр илүү анхаарсан. Бидний хувьд эрчим хүчний хараат байдлаас гарах, ямар төслүүдийг явуулснаар бид илүү орлого олох вэ гэдгээ Засгийн газар тооцоолоод оруулж ирсэн байх.

Ер нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл гэдэг зүйл явж байгаа. Гэхдээ эдгээрээс энэ ондоо алинд нь түлхүү анхаарах вэ гээд дөрвөн төслийг сонгосон байсан.

-Тэр нь юу юу байна вэ?

-Нэгдүгээрт, Гашуунсухайт-Ганц модны төмөр зам. Нийт 18 жилийн турш яригдаж байгаа асуудал. Энэ төмөр замын холболтыг хийснээр гол орлого олдог экспортын бараа бүтээгдэхүүн шуурхай гарах боломжтой болно. Хоёрдугаарт, Монгол-Францын хамтарсан ураны хөтөлбөр. Энэ төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хүртэл яригдсан. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг стратегийн салбарт оруулж ирэх нь маш чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Гуравдугаарт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Манай улсын хөгжлийг хязгаарлаж байгаа гол зүйл бол эрчим хүчний асуудал. Тийм болохоор ийм тохируулагч станц бол бидний эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангаж, хараат байдлаасаа гарахад том түлхэц болно. Тиймээс энэ төслийг явуулах тал дээр БНХАУ-ын Экзим банктай хамтран анхааръя гэж байгаа. Дөрөвдүгээрт, Тавантолгойн цахилгаан станцын төсөл байна. Олон жил яригдаж ирсэн уг төслийг явуулж, Оюу толгойн эрчим хүчийг дотоодоосоо хангахаар зорьж байгаа. Харин хотын хувьд төсвийн тодотголоор оруулсан хэд хэдэн бүтээн байгуулалт бий. Ялангуяа түгжрэлийг цогцоор шийдэх нь эдийн засгийг нэмэгдүүлэх, хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах чухал ач холбогдолтой. Тиймээс хот тойрог замтай болох, хурдны замыг байгуулах дээр анхаарч байгаа. Ер нь замын сүлжээгээ сайжруулж байж, тэлж зөв болгосноор түгжрэлийн асуудлыг шийднэ. Дээрээс нь сүүлийн 1-2 жил бид нийтийн тээврийн шинэчлэлийг дорвитой хийсэн. Үүнийгээ нэмээд хэрхэн яаж төрөлжүүлэх вэ гэдэг асуудал дээр анхаарч байгаа.

-Төмөр зам, Туул голоор хот нь хуваагдчихсан учраас түгжирдэг гэдэг. Тэгэхээр эдгээр гарцуудыг нэмэгдүүлэх, давхар зам, гүүр байгуулах ажлууд хэр туссан бэ. Нийслэлд ажиллаж байсан хүний хувьд энэ талын мэдээлэл бий байх?

-Засгийн газраас улсын төсөвт нийслэлээс төвлөрүүлдэг орлогыг багасгах замаар эдгээр асуудлаа нийслэл өөрөө шийдэх боломжийг маш сайн гаргаж өгсөн. Манай улсын ДНБ-ий 65 хувь нь нийслэлд эргэлддэг. Ихэнх эдийн засаг нь энд эргэлддэг учраас татварын орлогоо ч бид нийслэлдээ авдаг байсан. Эндээсээ нийслэл маань улсын төсөв рүү мөнгө татан төвлөрүүлдэг байсан юм. Харин үүнийг нь багасгаад өөрсдөө олж байгаа орлогуудаа тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэхэд анхаар гэсэн боломжийг өгсөн. Үүнээс гадна таны хэлсэн гүүр, нүхэн гарцууд нийслэлийн төсөв дээр хийгдээд явж байгаа. Олон улсны хамтын ажиллагаа, зээл, тусламж болон өөрийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа юм.

-Манай улс нэг үеэ бодоход эрчим хүчний хараат бус байдлаас боломжийн хэмжээнд гарч байгаа. Тэгвэл шатахууны хараат байдлаас гаргах томоохон төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?

-Шатахууны хамаарлыг багасгах гээд бид олон жилийн өмнөөс Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь жаахан удаашралтай байгаа. Гэхдээ саяхан Ерөнхий сайд энэ газар дээр очоод ажлын явцтай танилцсан байна лээ. Тэгэхээр цаашдаа хэрэгжээд, бүтээн байгуулалт нь хийгдээд явах байх.

-Засгийн газраас “20 минутын хот” гэсэн төлөвлөгөөг гаргаад нийслэлээ олон хот болгон задлах асуудал байгаа. Энэ тал дээр ямар ажлууд хийгдэх вэ. Улаанбаатар хотоо олон жижиг болгох нь ямар ач тустай юм бэ?

-Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиар энэ асуудал шийдэгдээд явж байгаа асуудал. Яагаад нийслэлээ 14 хот болгон задлах гээд байна вэ гэхээр Х.Нямбаатар даргын баг нийслэл дээр очоод ажиллахад эрх мэдлийн төвлөрөл үнэхээр хэцүү болчихсон байсан. Гэрэл асахгүй байна, хогоо цэвэрлэ, зам харгуйгаа янзал гэдэг асуудлууд гээд бүгд дээр нь хотын дарга хүрч ажиллаж чадахгүй. Тийм учраас дүүрэг, хорооны Засаг дарга байдаг. Гэтэл асуудал болохоор нийслэл мэднэ гэчихээд төсөв мөнгө шийдэх болохоор гараад ирдэг байж болохгүй. Эрх мэдлийн тэнцвэртэй хуваарилалт, яхналт нь алдагдчихсан байсан. Тиймээс эхний алхам болгож дүүргүүдэд тохижилтыг нь хариуцуулсан. Улмаар хүнд хурдан хүрч ажиллахын тулд жижиг нэгж илүү чухал. Ингэхийн тулд өөрсдийн төсөв мөнгөтэй байх ёстой гэдгийг энэ хуульд бид оруулж өгсөн. Ер нь дэлхийн зарим томоохон хот жижиг хотуудын нэгдэл дээр дундын зохицуулалтыг нь хийдэг байдлаар явдаг.

-Татварын тодорхой бодлогууд оруулж ирж байгаа гэж ойлгосон. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ олон бүтээн байгуулалтыг бүгдийг нь төсвөөр хийх боломжгүй. Тиймээс нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг хувийн хэвшил хийсэн тохиолдолд татварын хөнгөлөлт эдлүүлэх, буцаан олгох асуудлыг оруулж ирсэн.

-Татвар, дарамт их байна гэдэг шүүмжлэл үеийн үед байж ирсэн. Тэгэхээр цаашдаа ямар бодлого явуулах ёстой юм. Энэ тал дээр та ямар ажлуудыг санаачилж ажиллах вэ?

-Судлаад үзэхээр манай улс албан татварын хувь хэмжээний хувьд хэт их биш, бага ч биш байдаг. Нөгөө талаараа манай татварын орлогыг нөгөө л нэг хэдэн компаниуд бүрдүүлдэг. Мөн хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг нийгмийн даатгал төлдөг, хөдөлмөрийн гэрээтэй хүмүүс л төлдөг. Гэтэл үүний ард маш их орлоготой, хөрөнгөтэй хүмүүс ХХОАТ-аа хангалттай төлөхгүй байгаа. Үүнийг төлүүлж, ХХОАТ-ыг илүү ухаалаг байдлаар хийх боломжтой. Яг үнэнийг хэлэхэд Татварын ерөнхий газар, Сангийн яам тийм ч санаачилгатай ажиллахгүй байна гэж би боддог. Мөн газар, үл хөдлөхийн татвар зэргийг ч шударгаар авах ёстой. Одоо болохоор манайхан үл хөдлөхийн үнэлгээгээ ч зөв хийлгэхгүй байгаа. Мандхай зочид буудал л гэхэд 15 сая төгрөгийн үнэлгээтэй. Энэ үнэлгээнийхээ нэг хувиар л татвар төлдөг. Хангай зочид буудал бол бүр хэзээ ч үл хөдлөхийн татвар төлж байгаагүй. Тэгэхээр хөрөнгийн татварыг илүү ухаалагаар системийг нь бий болгож, татвараа шударга авдаг байдал руу шилжихгүй бол аж ахуйн нэгж дээр ирдэг татварын дарамт их хэвээрээ л байх болно. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллана.

-НӨАТ-ыг их сайн систем болсон гэж ярьдаг. Гэтэл амьдрал дээр НӨАТ-аа хасуулах, хасуулахгүй гэдэг сонголтыг иргэдэд өгдөг. Хувиа бодоод иргэд нь хасуулдаг. Энэ нь эргээд далд эдийн засгийг бий болгож байна гэдэг л дээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Анх далд эдийн засгийг ил болгох зорилгоор НӨАТ-ыг бий болгож, тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн боловч буцаад ийм байдал руу л орж байна л даа. Уг нь хуулиараа НӨАТ-тай худалдан борлуулах ёстой. Дээрээс нь гаалиар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн манай улсад зарагдаж байгаатай системийн хувьд нийлээгүй. Гаалийн систем учир дутагдалтай байгаа. Энэ асуудлыг Сангийн яам маш их анхаарх ёстой. Эдийн засгийн тооцооллоо хийгээд НӨАТ-аа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр багасгахгүй бол иргэдэд маш их дарамт авч ирж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 4, Сугар гариг. Билгийн тооллын 2, Тэргүүн дагуул одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 06:56 цагт мандаж 18:26 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 02-ны 20 цагаас 10-р сарын 03-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…+7 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

Categories
story-news

ТОЙМ: “Сонгууль болохоор л зүхдэг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёрын хүчинд идэх хоолтой байгаагаа ойлгох цаг болсон” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сонгууль болохоор л зүхдэг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёрын хүчинд идэх хоолтой байгаагаа ойлгох цаг болсон” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Эдийн
засгийн байнгын хорооны дарга Р. Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Төр нь бүтээн байгуулалт хийхээс илүүтэй хувийн хэвшилдээ тэр орон зайг нь үлдээх ёстой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай

Ахмад багш Доржийн Түмэн-Өлзий “Барилгын нэгдүгээр ТМС-ийн 60 жилийн ойг улсаас тэмдэглэж өгөөсэй л гэж хүсч байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сонгууль болохоор л зүхдэг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёрын хүчинд идэх хоолтой байгаагаа ойлгох цаг болсон хэмээн өгүүллээ

Ялагдал болгон нь ялалт байсан гайхамшигт сумоч

СОНГУУЛЬ 2024: Тулгатын баг ДҮҮРГЭЭ АВРАХ УУ?

Жагсагчид “Өнөөдөр бид үр хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй, ар гэр маань ямар асуудалтай байгааг мэдэхгүй ажиллаж байна” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Биньямин Нетаньяху: Иран улс том алдаа хийсэн

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Триллер, детектив: “Хандолин”,
“Мадриана, тэнүүлчин хоёр


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулах зорилт тавьжээ DNN.mn

Их Британи улсын Ноттингемшир дэх хамгийн сүүлчийн нүүрсний цахилгаан станц болох Рэтклифф 9 дүгээр сарын 30-ны өдөр хаагдаж, 142 жилийн турш цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс шатааж байсан үе дуусгавар болгож байгаа аж.

Англи улсын нүүрсний эрчим хүчийг үе шаттайгаар зогсоож байгаа үйл явдал нь олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өгсөн амлалтаа биелүүлсэн G7-ын анхны гишүүн юм. Рэтклифф станц 1882 оноос 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу хаагдах хүртэл Их Британийн нүүрсний үйлдвэрүүд 4,6 тэрбум тонн нүүрс шатааж, 10,4 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулжээ. Их Британи нүүрсний эрчим хүчийг түр зогсоох нь нүүрсний нийт эрэлтийг 1600-аад оноос хойш байгаагүй түвшинд бууруулах юм.

Станцыг үе шаттайгаар зогсооход, дөрвөн үндсэн элемент дээр суурилсан аж.
Нэгдүгээрт, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, түүнийг даван туулахад хангалттай цахилгаан эрчим хүчний өөр эх үүсвэр бий болгох.
Хоёрдугаарт, нүүрс ашиглалтаас өөр шинэ хувилбарын станцыг барьж дуусгах.
Гуравдугаарт, агаарын бохирдол, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) зэрэг гадаад хүчин зүйлийн үнийг тогтоох нь эдийн засгийн хэмжүүрүүдийг ч өөр хувилбаруудад үндэслэн судалсан.
Дөрөвдүгээрт, Засгийн газар 10 жилийн өмнө тодорхой үе шаттайгаар зогсоох хугацааг тогтоож, эрчим хүчний салбарт хариу арга хэмжээ авч, урьдчилан төлөвлөх цаг хугацааг тогтоож өгсөн.

2008 оны 10 дугаар сард Англи улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсан бөгөөд 2019 онд хүлэмжийн хийн ялгарлыг “цэвэр-тэг” болгох зорилтыг хуульчилж,  1990 оны түвшнээс 60%-иар, дараа нь 80% хүртэл бууруулахаар зорьжээ.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2013 онд ойролцоогоор 50 ТВт цагийн хүчин чадалтай байсан бол 2018 онд 110 ТВт цаг болж, таван жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг 2024 оны эхэн үеэс 150 ТВт/цагаас илүү эрчим хүч үйлдвэрлэлд хүргэхээр ажиллаж байгаа юм.
Тус улсын туршлага, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс харахад нүүрсний хэрэглээг богино хугацаанд зогсоох боломжтой бөгөөд үүнийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой юм гэж судлаачид үзжээ.

Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралыг бүрэн зогсоох зорилтыг тавин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд олон хүндрэл бэрхшээл, ололт амжилттай нүүр тулаад байгаа талаар дурджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаарын бохирдол ихтэй үед N95 шүүлтүүртэй амны хаалт зүүхийг зөвлөлөө DNN.mn

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн ханиад томуунаас салдаггүй цаг ирж байна. Иймд хавирга жиндүүлсэн хүйтэн өдрүүдэд агаарын бохирдол болон ханиад томуунаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхам бол амны хаалт зүүх юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвлөснөөр N95 бүхий тэмдэглэгээтэй шүүлтүүртэй маскын 2.5 микрон болон түүнээс дээш хэмжээтэй бодисыг шүүх чадвар нь 95 хувь байдаг аж. Иймд агаарын бохирдол их, ханиад томууны дэгдэлтийн үед энэхүү маскыг зүүж эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалаарай.

 

Categories
мэдээ нийгэм

Ойн гал түймэрт 0.25 га талбай өртжээ DNN.mn

Булган аймаг, Сэлэнгэ сум, Сэлэнгэбүрэн багийн “Сайрын-Ам” гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг аравдугаар сарын 2-ны өдрийн 14:05 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 16:50 цагт цурамд оруулсан.

Түймрийн голомтод салхи 5-10 м/с, мод, ургамал, унанги ихтэй байгаа тул цэвэрлэгээ хийж, бүрэн унтрахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 0.25 га талбай өртөж шатсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бямба гаригаас ихэнх нутгаар сэрүүснэ DNN.mn

Маргааш буюу баасан гарагт баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, бямба гарагт төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ DNN.mn

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол улсын иргэн “Ч”-г энэ оны 10 дугаар сарын 01-ний өдөр Инчеон–Улаанбаатар чиглэлийн нислэгээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь баривчиллаа.

Уг этгээд нь 2024 оны 03 дугаар сард мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байсныг баривчилж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.