Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Уянга: Устай холбоотой хуулиудын давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Уянгатай ярилцлаа.


-Уламжлал болон зохион байгуулагддаг Уул уурхайн долоо хоног болж өнгөрлөө. Энэ удаагийн зорилго, гол онцлог нь юу байв?

-Уул уурхайн салбар Монгол Улсад сонгодог утгаараа хөгжиж эхлээд 100 жил болж буй ойг тохиолдуулан бид 2022 онд анх удаа “Уул уурхайн долоо хоног”-ийг зохион байгуулж байсан. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм. Ер нь гол зорилго нь эрдэс баялгийн салбарын ололт амжилт, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, Монгол орны нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын хэтийн төлөв, хөрөнгө оруулагчид яагаад манай улсыг сонирхох хэрэгтэй талаар чуулж, ярилцаж, ирээдүйгээ төлөвлөх байдаг. Энэ жил хурлын үйл ажиллагааг Mine Pro 2024 уул уурхайн үзэсгэлэнгээр тэлж, өвөрмөц байдлаар, задгай талбайд зохион байгуулсныг салбарын мэргэжилтнүүд их талархан хүлээн авсан.

-Таныг энэ удаад говийн бүсийг усжуулахтай холбоотой илтгэл тавьж оролцсон гэж сонссон. Энэ талаараа тодруулахгүй юу?

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж, хууль, эрх зүйн орчны судалгаа хийж холбогдох зөвлөмж гаргахтай холбоотой чиглэл, чиглэлийн ажлын хэсгүүдийг байгуулсан.

Эдгээрийн нэг Ажлын хэсэг болох Ундны ус болон ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг судлах, холбогдох зөвлөмж, саналыг боловсруулах ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Ундны усаар хангагдах бидний суурь эрх хэрхэн хангагдаж байгаа талаар судлах явцад гүн гүнзгий агуулгатай, өргөн цар хүрээтэй сэдэв гэдгийг улам бүр ойлгож байгаа. Монгол орны газар зүйн тогтоцтой холбоотойгоор усны нөөцийн тархалт хойд бүсдээ гадаргын, урд хэсгээр газрын доорх усны хэрэглээ болж хувирдаг. Сонгууль болгоноор л усны талаар онцлон хөндөж, олон асуудлыг холбож улстөржиж ирсэн. Аль нам, эвсэл төрийн эрхийг барихтай хамааралгүйгээр бид уг асуудалд ул суурьтай хандах шаардлагатай байгаагийн илрэл бол устай холбоотой судалгааны олон тооны ажил байгаагаар харагдаж байгаа. Эдгээр бүх мэдээлэл, судалгааны ажлыг нэгтгэн зангидахад цаг хугацаа их шаардагдахаар байна. Гэхдээ би байгалийн шинжлэх ухааны эрдэмтэн хүний хувьд уг асуудалд ул суурьтай хандаж, гүн гүнзгий орж ажиллах нь өөрт оногдсон эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг гэж хүлээж авч байгаа. Одоогийн байдлаар хүрсэн дүгнэлт гэвэл усны асуудлыг тусгасан долоон хууль Монгол Улсад хэрэгжиж байгаа ч эдгээр хуулиуд хоорондын уялдаа холбоо хангалтгүй, зөрчилтэй, агуулга давхардаж тусгагдсан байгааг сайжруулах шаардлагатай байна. Улаанбаатар хотод Мянганы Сорилтын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй саарал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орох ойртож байгаа хэдий ч яг энэ төрлийн ус буюу өртөг шингэсэн усны хэрэглээ, ашиглалттай холбоотой зохицуулалт дутагдаж байгаа гэдгийг судалгаанаас харж болохоор байна.

-УИХ-ын чуулган, байнгын хороогоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Та ер нь хэр төсөв болсон гэж харж байна вэ?

-Байгуулагдаад удаагүй

байгаа хамтарсан Засгийн газрын хийхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн хөдлөх боломжийг бүрдүүлсэн төсөв гэж харж байна. Яг одоо бол чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэж байна. Үүний дараагаар залгаад ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Бид хамтарсан Засгийн газартай байгаа дээрээ нэлээд сайн зөвшилцөж, олон талын саналыг тусгаж мега төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй байна.

-Ирэх жилийн төсвийн орлогод нүүрснээс олох ашгийг хэт өндрөөр төсөөлсөн гээд байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ таамаг жил бүрийн төсөв хэлэлцэх үеэр асуугддаг таамаг байх.

Нүүрсний экспорт энэ жилийнхтэй ижил, түүнээс хил гаалийн нэвтрэлт, боомтын сэргэлт явагдахын хэрээр экспорт нэмэгдвэл төлөвлөгөөндөө хүрэх байх гэж бодож байгаа. Харин ирэх оны нүүрсний дундаж үнэ ноднин, уржнан жилийнхтэй харьцуулахад бага буюу нэг тонн нь 105 ам.доллараар төсөөлөгдсөн байсан.

-Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулах тухай дандаа ярьдаг ч ойрын жилүүддээ үүндээ л найдах юм шиг байна. Тэгэхээр уул уурхайн салбарын ойрын ирээдүй, манайд ашигтай байдал нь хэр байхаар байна вэ?

-Уул уурхайн салбар маань Монгол Улсын эдийн засгийг олон жил нуруун дээрээ үүрч ирсэн. Цаашдаа ч нэлээдгүй олон жил үүрнэ гэж боддог. Бид хариуцлагатай уул уурхайн концепцийг ярьдаг нь улс орныхоо эдийн засгийг солонгоруулах үйл хэрэгт түлхэц өгөх нэг шалтгаан байдаг. Ингэснээр жижиг гэлтгүй төслүүд хэрэгжиж, дотоодынхоо зарим хэрэгцээг хангадаг болбол нэг л өдөр гадагш тухайн бараагаа экспортлогч болно. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь маш чухал.

-Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлнэ гээд байгаа. Эдгээрээс эдийн засагт үр өгөөжтэй төслүүд нь аль гэж харж байна вэ?

-Нэлээд олон төслөөс эрэмбэлж байгаад энэ 14 төслийг зарлаж, чухалчилж байгаа тул яг төлөвлөсөн ажил төлөвлөгөөнийхөө дагуу явчихаасай гэж найдаж байна. Огт төлөвлөгөөгүй ухаантнаас төлөвлөгөөтэй нь хол явна гэдэг. Хамгийн гол нь хэрэгжүүлэгчид нь тогтвортой байж төслүүд хугацаандаа дуусах ёстой. Миний хувьд бүх цахилгаан станцын төслийг онцолмоор байна. Уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих шаардлагатай байгаа. Хувийн хэвшлийнхэнд, ер нь баялаг бүтээгчид илүү өргөн цар хүрээтэй төсөл хэрэгжүүлэхээр хичээвч эрчим хүчний хязгаарлалтад ордог. Бид үйлдвэрлэгч орон болохын тулд цахилгааны эрэлтээ хангалттай нийлүүлдэг байх хэрэгтэй.

-Баялгийн сангийн тухай хууль, стратегийн ордуудын 34 хувийг төр авах дээр нэлээд маргаан үүсч байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Энэ маргаан монголчууд бид стратегийн ашигт малтмал гэдэг олон улсын болоод онолын шахуу ойлголтыг стратегийн орд болгон хуулинд тусгаснаас үүдэн гарсан гэж боддог. Ашигт малтмалын хэрэглээг, зах зээл дэх эрэлтийг л ярьмаар байгаа юм. Нэмээд орд авах тухай ярихаас өмнө одоо байгаа ордуудтай холбоотой хийгдээгүй ажлуудыг хийх хэрэгтэй байх. Цэгцлэх ажил их бий. Хөдөлгөх төслүүд ч бий.

-Францтай хамтарсан ураны төслийг эхлүүлнэ гээд байгаа. Энэ төслийн үр ашиг, бидний хүртэх боломж нь юу байх вэ?

-Хамгийн том бидэнд ирэх боломж нь бид орон нутагт олон тооны шинэ ажлын байр бий болгоно. Зөвхөн нэг том олон улсын хэмжээний компанитай хамтарсан төсөл хэрэгжүүлдэг байсныг олон болгох боломж бүрдэнэ. Энэ хэрээрээ эдийн засгийн хувьд бидэнд ашигтай. Бид байгаа ашигт малтмалаа, хамгийн шинэлэг технологиор гарган авч эргэлтэд оруулах л хэрэгтэй.

-УИХ-ын гишүүний хувьд цаашид татварын бодлого, хувь хэмжээг бууруулах дээр ямар зарчим барьж ажиллах вэ?

-Манай улсад ирээдүйд батерейн түүхий эд, газрын ховор металлын ордууд нээгдэнэ гэж боддог. Дараагийн Эрдэнэт ч нээгдэх боломжтой. Харин энэ ордуудыг хайж олох аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж татахад нэг татвар онцлогддог нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байгаа. Бид өөрийн улсын ашигт малтмалын хэтийн төлөвтэй адил улстай өрсөлдөхүйц татварын орчныг санал болгох шаардлагатай. Хөрөнгө оруулалтыг татна гэдэг утгаараа. Бид дотоодоосоо хөрөнгө босгож дараа дараагийн ордыг нээнэ гэдэг их том зардал яригдах асуудал. Мөн аливаа ашигт малтмалын ордыг хайж олж, ашиглана гэдэг 10 болон түүнээс олон жилээр яригдах урт хугацаа шаардагдах тул шууд олборлохгүй юм байна, хайгуулыг нь хийлгэе гэсэн сэтгэлтэйгээр төсөл хэрэгжүүлэгчидтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй байна. Бидэнд боломж их бий. Харин тэр бүхнийгээ ашиглах л хэрэгтэй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм

Хүмүүнлэгийн тусламжийг Өмнөд Суданы иргэдэд хүргэнэ DNN.mn

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн цэргийн багт хүмүүнлэгийн тусламж болгон хувцас хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл хүлээлгэн өглөө.

Уг хүмүүнлэгийн тусламжийг Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын иргэдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн цэргийн баг тарааж өгөх юм гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ. 

Categories
гадаад мэдээ

Орос, Ираны дэглэмийн хувь заяаг “Брент”-ийн үнэ шийднэ DNN.mn

Иран Израиль руу 180 гаруй пуужин харваж,тэнэсэн пуужингийн дэлбэрэлтэд Газын зурваст нэг палестин иргэн амиа алдаж, гурван хүн шархадсан билээ. Харин Оросын төв телевизийн “60 минут” нэвтрүүлгээр Кремлийн “нэрт” суртал ухуулагчдын нэг Ольга Скабеева нийтийн сүлжээнд тавигдсан Израилиас Леваны Хезболла бүлгийн байрлалыг пуужингаар харваж буй бичлэгийг Иранаас Израиль руу харваж буй пуужин болгож харуулсныг тэр чигээр нь тавьж, тайлбарлав. Үүнд үнэндээ Скабеева мэтийг буруутгаад байх аргагүй юм.

Учир нь хаант засаг, ЗХУ, ОХУ-ын түүхэнд Оросын Хөрөнгөтний хувьсгалаас Октябрийн төрийн эргэлт хүртэл, мөн ЗХУ задарсан зурвасхан үед л үнэн цухалзаж байсан билээ. Бусад үед нь ордны хуйвалдаан, албан тушаалын авлига цэцэглэсэн дундад зууны ганц хүний хэмжээгүй эрхт засаглал ноёрхож, үүнийгээ байнга л худал хуурмагаар халхалж ирсэн байдаг.Тухайлбал, Оросууд Октябрийн төрийн эргэлтийг “Октябрийн хувьсгал”, харин Путины тавиул ерөнхийлөгчийг хөөж явуулсан Киевийн хувьсгалыг “Киевийн төрийн эргэлт” гэдэг. Харин шинжлэх ухаан ард иргэд босч урьдахаасаа илүү дэвшилтэт төрийн тогтолцоо бий болгохыг “хувьсгал”, харин илүү хоцрогдсон төрийн тогтолцоо бий болгосныг нь хувьсаагүй улам дордуулсан хэмээн “төрийн эргэлт” гэдэг билээ.

Энэ хугацаанд Израилийн цэргүүд Ливаны өмнөд хэсэгт хуурай замын цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, нийслэл Бейрут нь дайны талбар болж, Хезболлагийн дэд бүтцийн хамт 440 дайчид устгагдав.”Аль Арабия” телевиз “Хезболла бүлэглэлийн шинэ тэргүүн Хашем Сафи ад-Дин Израилийн цохилтод өртөн амь үрэгдэв” гэж мэдээлэв.Израиль “Өнгөрсөн дөрвөн өдрийн дотор Ливаны өмнөд нутгаас Хезболла 700 гаруй пуужин харвасан” гэж мэдэгдэв. Мөн Иран Израиль руу олон пуужин харвасны дараа хөрөнгийн бирж дээр баррель нефтийн үнэ 78 ам.доллар болж, шууд есөн хувиар өсөв. Гэтэл Wall Street Journal “Саудын Арабын эрчим хүчний сайд, хунтайж Абдулазиз бин Салман “ОПЕК+”-ийн гишүүн Ирак, Казахстан улсууд тохиролцсон нефтийн олборлолтын хязгаарлалтыг дагаж мөрдөхгүй бол баррель газрын тосны үнэ 50 ам.доллар хүртэл буурахыг анхааруулсан” гэж мэдээлсэн нь жинхэнэ шуугиан тарьж орхив. “ОПЕК+”-ийн удирдлага цаг алдалгүй энэ мэдээллийг “худал мэдээлэл” гэж мэдэгдэв. Гэсэн ч нэг баррель нефтийн үнэ 70 ам.доллар болж буув. Яг үнэндээ энэхүү нефтийн үнэ л Кремль болон Тел-Авивийн өнөөгийн дэглэмийн хувь заяа хаашаа эргэхийг шийднэ. Учир нь бүх дайн, тулаанд эдийн засаг нь инфляцид нэрвэгдсэн тал ялагдсан байдаг. Эдийн засгийн шинжлэх ухаанд “Эдийн засгийн хэт халалт”-ыг стагнаци гэнэ. Энэ нь латины “stagnum–тогтонги ус” гэсэн үгнээс гаралтай “stagnatio-хөдөлгөөнгүй” буюу “зогсонги байдал” гэсэн үг юм. Стагнаци нь тодорхой хугацааны дараа үйлдвэрлэл, худалдаа өсөх боломжгүй болж, зогсонги байдалд орохыг хэлдэг.Стагнац Оросын түүхэнд “Бережневийн зогсонги үе” гэдэг нэрээр үлдсэн байдаг. Зогсонги байдал нь эцэстээ инфляци буюу цалин хөлс, хүн амын амьжиргааны түвшний бууралтыг тогтоох аргагүй болгон дордуулж, эцэст нь нийгмийн өөрчлөлт авчирдаг. Өөрөөр хэлбэл, стагнац нь валютын хомсдолд орсон үйлдвэрлэл хөгжсөн улсыг дефляцид, харин төсвөө байгалийн бэлэн түүхий эд экспортолж бүрдүүлдэг улсуудыг инфляцид нэрвэгдүүлдэг. Аль аль нь тухайн улсын эдийн засгийг дефолт гэх дампууралд хүргэх учир хоёулаа аюултай үзэгдэл. Учир нь Иран ч, ОХУ ч өнөөдөр стагнацид нэрвэгдэж инфляциа барьж дийлэхгүй нөхцөлд орчихоод байна. Хэргийн учир нь энэ хоёр улс хоёулаа гол мөнгөө түүхий нефть үйлдвэрлэж олдог улс юм. Иймээс нефтийн үнэ энэ хоёр улсын хувь заяаг шийдэх болчихоод байгаа хэрэг.Үнэндээ албан ёсны мэдээгээр ОХУ-ын төсөвт нефть, газрын хий тийм ч их нөлөөгүй мэт мэдээлэл гардаг. Харамсалтай нь энэ зүгээр л худал тоо.Тэр ч бүү хэл Оросын инфляцийн албан ёсны мэдээлэл ч бас хэргээр багасгасан худал тоо. Гэхдээ ингэж иргэдээ хуурдаг явдал манай улсад ч гарч байна. Удахгүй инфляцитай уялдуулж тэтгэврийг зургаан хувиар нэмэх гэж байна. Гэтэл манайд зөвхөн хүнсний барааны үнэ гэхэд л яаж өсчихсөн байгаа билээ! Яаж ингэж худал мэдээлж болдгийг Оросын жишээн дээр харж болно. Тухайлбал, Росстат “Есдүгээр сарын 16-ны байдлаар ОХУ-д оны эхнээс хойшхи инфляци 5.46 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6 хувь өндөр буюу жилийн инфляци 8.7 хувь байна. Иргэдийн хэрэглэж буй цахилгаан зургадугаар сарын эхнээс хойш 12.6, ахуйн хий 10.3, орон сууцны үйлчилгээний үнэ 11. 9 өссөн байна. Долоо хоногт 0.6 хувь байсан инфляци 0.12 хувь өсч байна” гэж мэдээлжээ. Гэхдээ энэ тоо бол хэргээр багасгасан тоонууд юм. Тухайлбал нэг танк, нэг сум үйлдвэрлэж буй үнэ нэмэгдсэн ч нийлүүлж буй үнийг нь хэвээр авч, иргэдийн хүнс, эм, өргөн хэрэглээ, ахуйн үйлчилгээний үнийг нэмж дунджийг нь авч харуулж байгаа хэрэг. Гэтэл мах,сүү ямар үнэтэй, харин танк, их буу ямар үнэтэй билээ. Жишээ нь, саяхан батлагдсан ОХУ-ын ирэх оны төсвийн гол хэсэг нь дайны зардал байна. Батлан хамгаалах болон хүчний байгууллагад 13.5 их наяд рубль буюу нийт төсвийн бараг тал (41 хувь) хувийг зарцуулах болжээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-д стагнаци явагдаж буй учир энэ онд 10.77 их наяд рубль байсан ОХУ батлан хамгаалахад зориулах ирэх оны төсвийн нэмэгдэл болох гурван их наяд рублиэр их буу, танк, сум нэмэгдэхгүй, харин энэхүү нэмэгдсэн рубль нь зүгээр л инфляцийн мөнгөн илэрхийлэл гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, валютын хомсдолд орсон улс бэлэн мөнгө хэвлэж төсөв, хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс өөр аргагүй болдог. Энэхүү цаасан дэвсгэрт бүр нь инфляцийг өдөөгч болчихож байгаа хэрэг. Харин энэхүү хиймлээр өдөөгдөн бий болсон инфляци гэх хохирлыг ард иргэдийн орлогоос төлөхөөс өөр аргагүй болдог. Үүнийг л эдийн засгийн шинжээчид “Инфляци алдууран рубль цаас болж, Оросын эдийн засаг дампуурал руу явж байна” гээд байгаа юм. Энэ нь хөрөнгийн биржийн“Брент” маркийн нэг баррель түүхий нефтийн үнэнээс Орос, Ираны дэглэмийн хувь заяа шууд хамаарна гэсэн үг билээ. Харин ОХУ “Брент”-ээс бага үнэтэй “Юралс” маркийн газрын тос дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Учир нь Оросууд мөнх цэвдэг хөрс бүхий газрыг өрөмдөж газрын тос гаргаж авдаг. Харин арабын улсууд элс өрөмддөг. Энэ нь ажиллах нөхцөл, өртөг зардлын маш том ялгаа юм. Иймээс Саудын Арабын нэг баррель түүхий нефтийн өөрийн төртөг 20 ам.доллар, харин ОХУ-ынх 50 ам.доллар байдаг. Дэлхийн зах зээлд “Брент” маркийн нэг баррель түүхий нефтийн үнэ 50 ам.доллар болчихвол Оросын эдийн засаг шууд л сүйрнэ. Оросын төсөвт ирэх жилийн баррель нефтийн үнийг 67.7 ам.доллар байна гэж тооцсон билээ. Ираны эдийн засаг ч “шалчийгаад” өгнө. Гэтэл ингэх магадлал хэтэрхий гэмээр маш өндөр болов.

“ОПЕК+” дэлхийн нефтийн 40 хувийг нийлүүлдэг байхад энэ байгууллагын байр суурь хүчтэй байсан бол одоо 27 хувийг хангадаг болж нэр хүнд нь мэдэгдэхүйц буурсан. Гэхдээ л “ОПЕК+” -ын гол улс болох Саудын Араб дэлхийд түүхий нефть гаргалтаараа тэргүүлсээр байна. Орос улсын “үлдээсэн” Европын Холбооны маш ашигтай зах зээлийг энэ улс эзлэн авахын тулд олборлолтоо нэмэгдүүлж нефтийн үнийг бууруулахаас өөр арга байхгүй. Учир нь маш их нөөц илэрсэн Канад улс нефтийн хоолойгоо барьж дууссан. Мөн том өрсөлдөгч Бразил, Гайана улсууд байна. Узбекистаны нефтийн хоолойтой зэрэгцэн Казакстан улс хоногт 700 мянган баррель нефть олборлох “Тенгиз” ордоо ашиглалтад оруулав. Энэ бүхэн Саудын Арабыг нефтийн олборолтоо эрс нэмэгдүлэхээс өөр аргагүй болгож байгаа билээ. Учир нь дэлхийн зах зээлд “Брент” маркийн нэг баррель түүхий нефтийн үнэ 30 ам.доллар болсон ч Саудын Арабын хувьд маш өндөр ашигтай наймаа байх болно. Харин нэг баррель “Брент” маркийн түүхий нефтийн үнэ 50 ам.доллар болоход Саудын Араб бараг ганцаараа үлдэж, илүү өндөр өртөгтэй АНУ, Бразил, Канад, Казакстан, Азербайжан зэрэг бусад өрсөлдөгчид нь олборлолтоо зогсоож, харин Орос, Ираны эдийн засаг сүйрэн улмаар өнөөгийн дэглэм нуран унах нь тодорхой байна.

 

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын 92 удаагийн дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 7 суманд аюулт үзэгдэл, ослын 92 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

 Махны үнэ тогтвортой байна DNN.mn

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 2024 оны есдүгээр сарын 30-ны өдрийн ажиглалт.

Махны дундаж үнэ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 14448 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 18141 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар буурч 18141 төгрөг, үхрийн цул махны үнэ 20594 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Гурилын үнэ

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4082 төгрөг, дээд зэрэг нь 3138 төгрөг, I зэрэг нь 2358 төгрөг, II зэрэг нь 1435 төгрөг байна.

Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4000 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, I зэрэг нь 2300 төгрөг, II зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.9 хувиар өсч 1352 төгрөг, монгол байцай 4.1 хувиар буурч 1970 төгрөг, монгол сонгино 4.0 хувиар өсч 3298 төгрөг, хүрэн манжин 8.7 хувиар өсч 2812 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

А.Энхтүвшин Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ DNN.mn

Унгарын Зомбатли хотноо энэ сарын 4-6-ны өдрүүдэд Спортын гимнастикийн Дэлхийн цомын тэмцээн боллоо.

Шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлага дор өрсөлдсөн баг тамирчдаас Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ А.Энхтүвшин харайлтын төрөлд 14.083 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.

Энэ төрөлд алтан медалийг Казакстаны Ассан Салимов 14.300 оноогоор, мөнгөн медалийг Болгарын тамирчин Даниел Трифонов 14.150 оноогоор тус тус хүртлээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улстөрчид Орон нутгийн сонгуулиар халхавчлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангаж байна DNN.mn

Та нар анзаарсан уу, улс төр наанаа аядуу тайван, Орон нутгийн сонгууль л жамаараа явж байгаа мэт харагдах ч цаанаа бол улайсч байгааг. Ингэх гээд байсан юм гэдэг үг ч, кино ч байдаг даа. Тэрэн шиг юм тэсэрч байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлээд гөвлөө. Гэм нь тэр нь сэтгэгдэл биш, сэтгүүл зүй бүр биш хачин налиг шалиг үгээр бичигджээ. Гэхдээ тэр бичвэрүүд нь угтаа улс төрийн маш далд өрнөлийг л илчиллээ. Тэнд бичсэн юмыг энд буулгахад бол ичисхиймээр үгтэй. Санаа нь Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болоод ярьж эхэлсэн Гурван төгөлдөршил, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш ярьсан Шинэ сэргэлт хоёр бол худлаа шүү гэж байна. Гэхдээ асуудлын гол нь Гурван төгөлдөршил, Шинэ сэргэлтдээ биш, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёртоо юм байна. Энэ хоёрт өгч байгаа алганы амт бололтой. Тэд сүүлийн үед ах нарынхаа үгэнд орохоо больсон. Түүгээр үл барам үе насны ялгалт хийгээд эхэлсэн. Түүнээс илүү айхтар нэг юм ард нь бий. Гурван жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэг юм нэлээд их яригдах болсон. Алсуураа Тогтолцооны гулсалт болох тэр юм дээр л энэ хоёр залуу хөдлөхгүй сууж эс үйлдэл гаргаснаар ийм алганы амт авч байх шиг байна. Ийм ил тодорхой байтал нөгөө хоёр нь гарч ирээд Элбэгээ ингэж байгаа юм гэж балайтах вий дээ. Дотроосоо, дэргэдээсээ гэдэг нь дэндүү тодорхой байна шүү.

Ерөнхийдөө одоо явж байгаа Орон нутгийн сонгууль ч гурван жилийн дараахь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан бэлтгэл ажил болж байна.

Орон нутгийн сонгуульд Засгийн газарт хамтарсан гурван намын дарга сонгууль шувтрах дөхөж байгаа ч сураггүй л байна. Харин төлөөний хүмүүс л сонгуульдаж, өрсөлдөөд байна. Хамгийн тод байгаа нь МАН-ын Х.Нямбаатар, АН-ын Х.Баттулга хоёрын дундах өрсөлдөөн. Уул нь Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн. Зэрэг жаахан доошлоод гишүүн болчихоод байгаагаас Монголын түүхэн дэх ердөө тав дахь Ерөнхийлөгч шүү дээ. Гэсэн ч тэрбээр энэ удаагийн Орон нутгийн сонгуульд онцгой ач холбогдол өглөө. Тэр дотроос НИТХ-д илүү анхаарч буй. Хүүхэд хөгжлийн дэвтэр гэж яриад гарч ирсэн. Одоо хэвлэлүүдэд ярилцлага өгөөд сүйд. Энэ сонгуулийн санхүүг ч хангалттай, УИХ-ынхаас илүү гаргаж байгаа дуулдана. Х.Баттулгын ингэтлээ НИТХ руу дайраад байгааг нь, Сэлбэ дэд төв гэж том бүтээн байгуулалт болно, төсөв мөнгө нь шийдэгдчихсэн, тэрэнд шунаж байгаа юм гэцгээв. Яг үнэн хэрэгтээ Х.Баттулга Сэлбэ дэд төвийн 500 сая ам.долларын санхүүжилтэд шунасан гэхээсээ сүүлхнээс яригдаж эхлээд байгаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа юм гэсэн нь илүү үнэнд ойртоод явчихлаа. Х.Баттулгыг монголчууд мэднэ. Х.Нямбаатартай хэрэлдэн барин явах улстөрч биш. Энэ зэргийн сонгууль дээр өөрөө гарч ирээд гүйгээд байхгүй. Тэр тал дээр хүнд улстөрч. Гэвч Орон нутгийн сонгуулиар хүүхдэд зориулсан дэвтэр яриад гарч ирсэн нь сонин биш гэж үү. Ядахад тэр дэвтэр Орон нутгийн сонгуульд яагаад ч нөлөөлөхгүй. Харин УИХ дээр яриад хэлэлцэх процесс нь явбал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай яг давхацна. АН нийслэлд хэд хэдэн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт авдаг. Тэр талаасаа Х.Баттулга энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар намынхаа бүтцэд өөрийгөө дэмжих залуусыг түлхүү оруулж ирэхээр, ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн хөлөө нийслэлийн бүх шатанд хийж авахаар зорьсон нь харагдаж байна.

Ер нь Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд УИХ-д суудал авсан таван нам нэр дэвшүүлнэ. МАН бол ойлгомжтой. АН ингээд Х.Баттулга сонирхлоо эрт зарлачихлаа. Нэр дэвших өөр хүмүүс байгаа. Х.Баттулга хэрэв 2021 оны хавар Цэцийн дүгнэлтээр мултарсан нь хэвээрээ байвал Н.Алтанхуяг, С.Ганбаатар хоёрыг гаргаад нэр дэвшүүлчихнэ. Тэд нэг баг. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийнхөө багийг аваад орон нутагт ажиллаж байна. Тэрбээр 2027 оны Ерөнхийлөгчид горилогчдын нэг. УИХ-ын гишүүд урьд нь ингэж Орон нутгийн сонгуульд анхаарч байсан түүх үгүй.

ХҮН намын хувьд ч хүчтэй үзэж байна. Нийслэлд л дэмжигчидтэй гэж яригддаг ХҮН намынхан хөдөөгүүр яваад жигтэйхэн. Аймаг бүрт тугаа хатгаад тун сүрхий явж байна. ХҮН намд боловсролтой залуус АН-ынхаас ч олон юм. Тэр хэрээрээ ХҮН нам орон нутагт МАН, АН-ын хэмжээнд нэр нь дээшилж ирж байна. Ойрын үед гадаад талдаа ч анхаарч байгаа бололтой, Монгол дахь барууны Элчин сайд нартай байнга уулзах болов. Тус намынхны ард Датакомын Д.Энхбат, Де Факто Д.Жаргалсайхан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар зөвлөдөг. Эднээс Де Факто Д.Жаргалсайхан 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзэхээр бэлтгэлээ хангаж байх талтай. Тэр нь түүний цахим орчин дахь Монголд Ерөнхийлөгчийн ардчилсан сонгуульд болох эсэхэд эргэлзэж байгаагаа шулуун илэрхийлсэн байр суурь, ойрын үеийн нийтлэлүүдээс ажиглагдаж байна.

ИЗНН одоохондоо тийм ч нөлөөтэй хөдөлгөөн хийхгүй байгаа. Гэхдээ С.Зоригийн хэргийг илрүүлэх тал дээр санаачилга гаргаж, тэр дагуу УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. С.Зоригийн хэргийг тойрсон сэдэв улам халуун болж байгаа. Ойрын үед нэг тйиш болох талаар ч ярьж эхэлсэн байна. Түүнийг дагаад ИЗНН-д ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо томьёолох боломж үүснэ.

Үндэсний эвсэл бол дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн том өрсөлдөгч мөн. Нэр дэвшигч нь бэлэн, үгүй гэвэл хэнийг ч гаргаж ирээд дэвшүүлэх боломжтой суурь бүтэц үүсгэсэн. Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд оролцож байгаа байдал нь Х.Баттулгынхтай дэндүү ижил байгаа нь мөн л 2027 оныг харсан байх магадлалыг өндөрсгөж байгаа. Нэгэнт Засгийн газарт хамтарсан гурван нам орон нутагт илүүрхэж байхад Үндэсний эвсэл яг ижилхэн зорилго тавиад бүтэхгүй гэдгийг Н.Номтойбаяр хамгийн сайн мэдэх улстөрч.

Ингээд ажаад байхад улстөрчид Орон нутгийн сонгуулиар халхавчлаад Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа бэлтгэлийг хангаж байна. Зургаан жилийн хугацаатай хоёр дахь Ерөнхийлөгчийг гуравхан жилийн дараа сонгоно. Ийм сонгуульд гурван жил гэдэг ойрхон хугацаа. Таван намын том өрсөлдөөн болно доо.

Ажиглагч

А.Батболд

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сонгууль болохоор л зүхдэг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёрын хүчинд идэх хоолтой байгаагаа ойлгох цаг болсон DNN.mn

Жил жилийн сонгуулиар хуучирдаггүй, бүр зарим намын улс төрийн том акци мэтээр явдаг ганц сэдэв бий. Тэр нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрыг Монголын нийгмийн заналт дайсан мэтээр зүхсэн агуулгатай пост, мэдээлэл хөвөрч эхэлдэг. Энэ хоёр хүн монгол төрийн, эрх баригч намын, монголчуудын дайсан болтлоо яг юу хийсэн юм бэ гэдгийг эргэн бодоцгооё. Тэд Оюу толгойн төслийг хөдөлгөж, Эрдэнэт үйлдвэрийн Оросын өмчлөлийн хэсгийг Монголд худалдаж авсан. Ингээд Эрдэнэт үйлдвэр Монголын зуун хувийн хөрөнгө болов. Түүний 49 хувь нь монгол компанийн өмч, үлдсэн 51 хувь нь монгол төрийн өмч хэвээрээ үлдсэн. Тэдний энэ түүхэнд гарч байгаагүй чухал үйл хэргийн яг юу нь буруу болохыг гайхаад бардаггүй юм. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний үйл хэрэг цагаа олж хөдөлсөн олон тохиолдохгүй, нүдээ олсон маш зөв зүйл байсан гэдэг нь тод харагдаж байна шүү дээ.

Ч.Сайханбилэгийн үед Оюу толгойн төсөл ямар байсныг эргэн санацгаая. Гэрээ, татвар гэсэн шалихгүй маргаанаас үүдэж хөрөнгө оруулагчид Оюу толгойг царцаан хааж хаалгаа лацдаад Монголоос гараад явчихсан үе л дээ. Монголын эдийн засаг юун 30, 40 их наяд төгрөгөөр тоологдох. Үүнийг харсан гадаадын хөрөнгө оруулагчид бүгд нүүр буруулсан үе байв. Тарчигхан эдийн засагтай ч байлаа. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг байгуулж, төслийг урагшлуулсан. Ийн Дубайд хийсэн гэрээ учраас “Дубайн гэрээ” хэмээн нэрийдсэн гэдгийг хэн хүнгүй мэдэх байлгүй. Тэр төслийг урагшлуулсны буруу нь юундаа байгаа юм бэ.

Өнөөдөр Оюу толгойгоос өөр төр, хувийн хэвшлийн хамтарсан, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай ийм жишиг төсөл Монголд байхгүй шүү дээ. Тэгээд ч Монголын эдийн засаг, нийгэмд Оюу толгой шиг өндөр өгөөжийг өгч байгаа төсөл ч ховор. Энэ нь тоон мэдээлэл, удаа дараагийн судалгаануудаар батлагддаг.

Жишээ нь, СЭЗДС-ийн хийсэн судалгаанд “1990 оноос хойш Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 87 хувь нь Оюу толгойн хөрөнгө оруулалт байна. 1990 оноос хойш Монголд 46.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирснээс 40.5 хувийг зөвхөн Оюу толгойн хөрөнгө оруулалт эзэлж байна” хэмээн дурдагдсан судалгаа нь бий.

Өөр нэг тоон илэрхийлэл. МУИС-ийн багш Хашчулуун, Гэрэлмаа нарын судалгаанд “Монголын эдийн засагт Оюу толгойн шууд оруулж буй нэг төгрөг нь худалдан авалт, татварын зарцуулалт, шинэ ажлын байрыг үүсгэх замаар буюу шууд бус болон дам байдлаар 1.43 төгрөгийн үнэ цэнийг бүтээж байна” гэж дурдагдсан байдаг.

Түүнчлэн “Оюу толгой” 2010-2023 оныг хүртэлх хугацаанд 10.3 их наяд төгрөгийн татвар хураамж, бусад төлбөрийг Монголын эдийн засагт төвлөрүүлсэн байдаг. Үүнээс гадна Монголд ажлын байр бий болгож байгаа, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг тахалж байгаа өөр төсөл юу байна вэ. Монголын нийгмийг нуруун дээрээ чирж яваа Оюу толгойн хөрөнгө оруулалтыг татах нь буруу байсан гэж үү. Та бүхэн юу гэж бодож байна? Монгол төрийн дайснууд ийм юм хийдэг юм уу. Элбэгдорж, Сайханбилэг гэж хоёр төрийн зүтгэлтний бараг арваад жил зүхүүлж, төрийн дайсан гэж цоллуулж байгаа ажил нь энэ юм. Тэр хоёр яалт ч үгүй үүнийг гардан хийсэн л дээ.

Тэдний зүхүүлдэг бас нэг гол ажил түрүүн дурдсан Оросын өмчлөлд байсан Эрдэнэтийг худалдаж авсан явдал. Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгийг монголчууд нийтээрээ хүртэж байна. Эрдэнэтийг худалдаж аваагүй байсан бол яах байсныг төсөөлөхөөс ч халгам. Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргал “Ковидын үе том татвар төлөгчдөд нөлөөлөл үзүүлсэн. Манай улс уул уурхайгаас хамааралтай. Хил гааль хаагдахад уул уурхайн бүтээгдэхүүний гаралт эрс багассан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тухайд 2021 онд улсын төсөвт 790 орчим тэрбум төгрөгийг төлснөөр том ангиллын шилдэг татвар төлөгч болсон. Нийт айл өрхүүдийн цахилгааны төлбөр нь тухайн компанийн ашгаас төлөгдсөн. Энэ нь татвар ногдох орлогоос хасагдах хуулийн зохицуулалт байхгүй” хэмээн ярилцлага өгсөн байдаг.

Эдгээрээс харахад Оюу толгойн төсөл, Эрдэнэт үйлдвэрийг Оросоос худалдаж авсан нь цаг үеэ олсон зөв ажил байсан. Цар тахлын хүнд үед Эрдэнэт Монголынх биш байсан бол яах байсан бол. Цахилгааны төлбөрийг хэн даах байсан бол. Төсөвт ямар ачаалал ирэх байсан бол. Бас Эрдэнэт Оросынх байсан бол юун ийм мөнгө олох, юу ч олохгүй сууж байх байв.Украин, Оросын дайнаас болоод Орос улс дэлхийн эдийн засгийн хоригт орсон. Орос улсаас дэлхий юм худалдан авахдаа маш болгоомжтой ханддаг болсон. Хятад, Энэтхэг, Турк зэрэг цөөхөн орон л ил далдаар худалдаа хийж байгаа. Манай оронд буй Эрдэнэтийн зэсийн хүдэр хамгийн түрүүн эдийн засгийн хоригт орж таарна. Монголын талын зэсийг аваад орос зэсийг авахгүй гэхгүй нь мэдээж. Бид өдийд хаалгаа хаачихсан, хоригт орчихсон ядуу тарьчиг, хоорондоо хэрэлдээд л хоосон сууж байх байлаа.

Тиймээс тэднийг энэ хоёр үйл хэргээр буруутгаж, нийгмээр зүхүүлэх нь буруу. Сонгууль болохоор гаргаж ирэх юм. Улс орныг удирдаж байгаа хүний хувьд тэдний үйл хэрэг маш зөв байсан. Энэ нь ч дээрх судалгаануудаас ил харагдаж байна. Ер нь энэ хоёр хүний хүчинд монголчууд идэх хоолтой яваа гэдгээ ойлгох цаг болж.

Тэдний үйл хэргийг давж гарах бодлогын зөв шийдвэрийг өнөөг хүртэл хэн ч гаргаж чадаагүй байна. Зоримог, улс оронд ач тусаа өгсөн шийдвэр гаргасанд, тэрийг нь давж чадахгүйгээ мэдээд эрх баригчид атаархаад байдаг юм уу. Байнга л Монголын дайсан мэтээр ухуулах юм. Улс орныг, төрийг удирдахад яг ийм бодлогын шийдэл,цагийг нь олж гаргах хэрэгтэй байдгийг тэд өөрсдийн үйл хэргээрээ харуулсан. Одоо Хууль зүйн яам, прокурорын газраас энэ хоёр улстөрч гэмт хэрэгтэн биш гэдгийг зарлах хэрэгтэй байна. Лав л монголчуудыг хорлоогүй гэдэг нь гэгээн цагаан өдөр шиг ил тод байна. Өөр тэгээд хэнийг хорлочихсон гээд гэмт хэрэгтэн болгон зарлаад интерполоор хайгаад ч бил үү байгаа юм бэ.

Р.ЖАРГАЛ

Categories
story-news

ТОЙМ: “Энэ удаагийн “коммун”-ыг тэр жилийн коммун шиг илээд өнгөрөхгүй” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр луу өдөр DNN.mn

2024.10.07 / ДАВАА ГАРИГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН
ЕСӨН УЛААН ХӨХ ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Эд,мал арвижна.
Наран ургах, шингэх: 07.00-19.20
Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 10 сарын 7, Сумъяа гараг. Билгийн тооллын 5, Онгоц одтой, хөх луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:00-18:20. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.