Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мандахбаяр: Төр АМНАТ-ийн алдаагаа засах хэрэгтэй DNN.mn

АМНАТ-өөс болж хүнд үйлдвэрүүд ар араасаа хаалгаа барьж эхэлсэн. Тэдний нэг “Ганхүдэр орд” компанийн гүйцэтгэх захирал Д.Мандахбаяртай ярилцлаа.


-Танай компанийн үйл ажиллагаанд АМНАТ яаж нөлөөлж байна вэ. АМНАТ авахаас өмнө ямар байсан, одоо нөхцөл байдал ямар болов?

-Бид Монголдоо анх удаа хорголжингийн үйлдвэр барьсан. Нэг шат алхаад ширэм үйлдвэрлэх боломжтой. Орон нутагтаа 200 орчим ажлын байр бий болгоод 10 гаруй төрлийн татвар, төлбөр, хураамж төлөөд явдаг байлаа. Мөн гэрээгээр ажил гүйцэтгэдэг олон гүйцэтгэгч компани, иргэдтэй хамтарч ажилладаг байсан. 2016 онд гэнэт Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт ороод Дарханы төмөрлөгөөс агуулга багатай хүдрийг АМНАТ шингэсэн НӨАТ-тай үнээр худалдан авч баяжуулаад экспортлоход олон улсын жишиг үнээр дахин АМНАТ ногдуулдаг болгосон. Үүнээс болж олон үйлдвэр хаалгаа барьсан. Тэдний нэг нь манай үйлдвэр.

Олоогүй орлого, зараагүй металлаас татвар ногдуулдаг улс дэлхийд Монголоос өөр байдаг уу. Ер нь яагаад АМНАТ авдаг болов. АМНАТ-ийг яаж болиулах вэ?

-Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийн тулд хү-дэр, баяжуулалт, боловсруулалтын шат бүрд АМНАТ ногдуулдаг дэлхийд байхгүй бодлогыг хэрэгжүүлээд таван жил боллоо.

Үр дүнд нь өөрийн ордгүй нүүрс угаадаг, төмрийн хүдэр, жоншны хүдэр баяжуулдаг 20 гаруй компани АМНАТ-ийн өрөнд орж хаалгаа барьсан. Төмрийн баяжмалаа нэг тн-ыг нь 80 ам.доллараар экспортлоход 120 ам.долларын, хорголжингоо тн тутмыг нь 100 ам.доллараар экспортлоход 150 ам.долларын АМНАТ ногдуулдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн агуулга багатай хүдэртээ төлсөн АМНАТ-ийг хасч тооцдог болгосон. Тодруулбал, хорголжин экспортлоход 12.75 ам.доллар төлсөн бол зөвхөн хоёр ам.доллар хасагдана. Энэ нь ямар ч үр дүнгүй татварын дарамт өндөр хэвээр гэсэн үг. Монголдоо нэмүү өртөг шингээж үйлдвэрлэсний торгууль болоод үлдэж байна. Зараагүй металлаас төлдөг асуудал бас нэмэгддэг. Экспортлоод АМНАТ төлснөөс хэдэн жилийн дараа Татварын албанаас шалгалт ороод гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэж баяжмалд маш багаар агуулагддаг зэс, никель, цагаан тугалга, хар тугалгыг Лондонгийн биржийн ханшаар борлуулсан гэж үзээд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулдаг. Энэ бол хамгийн том дарамт болдог. УИХ-аар хуулийн төсөл өнгөрсөн зургадугаар сард орсон боловч Сангийн сайд маш буруу тайлбар өгч хойшлуулсан. Сангийн яам Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр, үйлдвэржилтийн бодлогын эсрэг ажиллахаа больж алдаагаа засах хэрэгтэй.

-АМНАТ-ийг болиулбал үйлдвэрүүд хэдий хугацаанд сэргэж чадах бол?

-Төр нь тэднийг уучилж татварын өрийг хүчингүй болгохгүй бол сэргэхэд хэцүү. Цаг хугацаа их орно. Үйлдвэрүүд олон жил сул зогсож эвдрэл элэгдэлд орсон, туршлагатай 1500 хүнээ ажилгүй болгож алдсан тул дахин тэднийг сургаж ажиллуулахад маш их хүндрэлтэй. Төрийн буруу бодлогоос болж үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн маш их хөрөнгийг царцааж ийм хүнд байдалд хүргэсэн нь маш харамсалтай.

-Давхар АМНАТ бий болсноор Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ. Бид ямар боломжуудаа алдав?

-Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд нийт АМНАТ-ийн нэг хувь хүрэхгүй орлогыг бүрдүүлдэг байсан. Эдгээр үйлдвэрүүд хэвийн ажиллаж байсан бол 1500 хүн ажилтайгаа, орон нутагтаа татваруудаа төлөөд одоогийн яригдаж буй бүсчилсэн хөгжлийг тэд эхлүүлэх байсан. Ийм үйлдвэрүүд Дархан-Уул, Хэнтий, Өмнөговь, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байлаа. Тэд хэвийн ажиллаж байсан бол үйлдвэрүүдийн хүчин чадлаа нэмэгдүүлж дараагийн шатны боловсруулах шатанд шилжиж валютын орлогыг нэмэгдүүлэх боломжтой байсан. Сангийн яам энэ асуудал дээр алдаагаа ойлгож одоо буулт хийх цаг нь болсон.

-Боловсруулах салбарынхан бүтээгдэхүүн үйлдвэрлээд давхар өрөнд оржээ дээ?

-Яг тийм. Үйлдвэрүүд ажиллах тусам өрөнд ордог болсон тул бүгд хаалгаа барьж эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд Монгол Улсад ажиллах хүсэлтэй ч ийм татварын орчинд ажиллахаас айсаар гайхсаар бүхэл бүтэн таван жил өнгөрлөө.

-АМНАТ давхар авдгийг болихгүй юм бол цаашдаа Монгол Улс гангийн үйлдвэрлэл явуулах төслүүд маань гараан дээрээ зогсчих юм биш үү?

-Энэ асуудлыг шийдэхгүй бол дотоодын түүхий эддээ тулгуурласан өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд хөгжихгүй нь батлагдлаа. Бид зэсийн баяжмалаасаа цэвэр зэс, нүүрснээсээ металлургийн кокс, хагас кокс, шингэрүүлсэн хий, төмрийн хүдрээсээ хорголжин, ширэм, ган, жоншны хүдрээ ядаж 100 хувь, ховор металлаа баяжуулдаг байх боломжийг гадаад дотоодын үйлдвэрлэгчдэд олгох хэрэгтэй. Маш их валют орж ирэх, ажлын байр бий болгох боломжоо алдсаар байгааг хамтарсан Засгийн газар, шинэ УИХ шийдэх хэрэгтэй.

-Засгийн газрын мега төслүүд дунд боловсруулах үйлдвэр мэр сэр харагдаж байсан. Эдгээр төсөл хэрэгжихэд АМНАТ саад болно биз дээ?

-Мега төсөлд гурван том үйлдвэрлэлийн асуудал тусгагдсан. Нефтийн үйлдвэр нэлээд эрт эхэлсэн түүхий эдийн асуудлаа шийдчихвэл тэнд бүтээгдэхүүн хуваах гэрээ, эсвэл АМНАТ дээр хүндрэл үүсгэхгүй шийдчих боломжтой. Харин ширэм, гангийн төсөл, нүүрс, химийн үйлдвэрийн төслийг дэмжихэд АМНАТ-ийг бодлогоор дэмжихээс өөр аргагүй. Ядаж олон улсын жишиг үнийг болиулж Монголд хөрөнгийн биржээс тогтоодог болгох нь зөв. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаа бол өсөн нэмэгдэх АМНАТ байх ёстой үгүйг шийдэх хэрэгтэй. Мөн дагалдах металлын асуудлыг цэгцлэх ёстой. Ингэж байж маш олон ажлын байр бий болгож, үйлдвэрүүд илүү үр ашигтай ажиллаж хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь наашилж бүсчилсэн хөгжил, аж үйлдвэржилтийн сэргэлт бодитоор хэрэгжинэ.

-Ер нь Монгол Улс яавал гангийн үйлдвэртэй болох вэ?

-Зөв оновчтой бодлогоор дэмжээд өгвөл ширэм, гангийн үйлдвэрээс гадна бусад үйлдвэрийн төслүүдийг манай хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлж авч явж чадна. Ер нь Ашигт малтмалын тухай хуулиа эрс сайжруулж байж гадаадын хөрөнгө оруулалт татах, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломжтой.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Ундармаа: Эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэлгүй цахим хуудсаар худалдсан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авна DNN.mn

Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын мэргэжилтэн Э.Ундармаатай ярилцлаа.


-Эм, эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн найруулгыг 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Тус хуулийн “26.5. Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараах эмийн зар сурталчилгааг хориглоно. 26:5.9-д “Эмийг цахим орчин дахь нийгмийн сүлжээгээр сурталчлах” гэж заасан байна. Яагаад цахим сүлжээнд эм, эмнэлгийн хэрэгслийг сурталчлахыг хориглосон бэ?

-Оюуны өмч, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтарсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлуудыг хийсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох телевиз, цахим орчинд байгаа зар сурталчилгааны судалгаануудыг хийгээд, гаргасан зөрчлийг зар сурталчилгааны хуулийн дагуу улсын байцаагч торгуулийн шийтгэл ногдуулаад зохих арга хэмжээг авсан. Эм эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн найруулгаар 5 сувгаар зар сурталчилгааны зөвшөөрлийг өгөхөөр хуулинд тусгасан байгаа. Үүнд, Телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудас орсон байгаа. Яагаад цахим орчныг хориглосон бэ гэвэл фейсбүүк, твиттер, инстаграммаар Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчиж орж ирсэн байх болзошгүй эмийг иргэд гар дээрээс худалдан борлуулах үйлдэл удаа дараа илэрдэг учраас хориглосон.

-Тогтмол хэвлэл болох сонин бусад мэдээллийн хэрэгслээс илүү баталгаатай эх сурвалж болдог гэж үздэг. Гэхдээ дээрх таван сувагт сонин, сэтгүүл гэж заагаагүй учраас сонин дээр эм, эмнэлгийн хэрэгсэл сурталчилбал хууль бус болох уу?

-Энэ хуулийн шинэчилсэн найруулгаар сонинг зүйлчилж өгөөгүй учраас хориглоно гэсэн үг. Энэ таван сувгаар зөвшөөрөл аваад түгээж болно. Бусад сувгаар хориглоно гэсэн хуулийн зохицуулалт байна.

-Телевизийн тандалт судалгааг харахад 2021 онд 90.7 хувь, 2022 онд 69 хувь, 2023 онд 30.7 хувь нь зөвшөөрөлгүй, хууль бус эмийн сурталчилгаа буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь иргэдэд баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах үндсийг бүрдүүлж байна уу?

-2021-2023 оны хооронд зөвшөөрөлгүй, хууль бус сурталчилгаа буурсан үзүүлэлттэй байгаа нь тандалтын үр дүн юм. Жил болгон телевизээр сурталчилж байгаа эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний үр дүнд үндэслээд “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 51 дүгээр тогтоол”-оор телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны журамд өөрчлөлт оруулсан. Энэ нь иргэдэд зөвшөөрөгдсөн сувгаар мэдээлэл авах боломжийг хангаж байгаа юм.

-Зөвшөөрөгдсөн мэдээллийн сувгууд дээр тандалт судалгаа хийх боломжтой юу?

-Шинэ хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлж эхэлснээс хойш тандах боломжтой. 2025 онд эдгээр сувгуудаар тандалт судалгаа хийнэ. Телевизийг “maximum media” гээд бид тусгай мониторинг компаниас мэдээллийг худалдаж аваад хийдэг. Радиогийн хувьд харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад тандалт хийх боломжтой. Самбар гэдэг нь гудамжинд, эсвэл лифтэнд байрлуулсан самбрыг хэлж байгаа юм. Энэ сувгаар түгээгдэж байгаа зар сурталчилгааг хянахад мэдээллээ цуглуулах нь зарим талаар учир дутагдалтай. Тэгэхээр эдгээр сувгууд зар сурталчилгааны зөвшөөрлөө аваад олон нийтэд түгээнэ. Мэргэжлийн хэвлэл гэдэг нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн гаргасан нарийн мэргэжлийн сэтгүүлийг хэлдэг.

-Эмийн зохистой хэрэглээний тухай жил болгон аян зохион байгуулдаг. Энэ жилийн аяны онцлог юу байв?

-Эмийн зохистой хэрэглээний тухай жил болгон аян зохион байгуулдаг. Энэ талаар ДЭМБ-аас жил болгон эмийн зохистой хэрэглээний тухай аян явуулдаг. Тэрхүү хүрээнд энэ жил эм эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн найруулга, зар сурталчилгааны хуульд орсон зарим заалтуудаа таниулах үүднээс “Эмийг эмийн сангаас” гэдэг уриатайгаар ард иргэдийг хамруулаад олон хийтэд түгээсэн.

-Иргэдээс хэр их гомдол, санал ирдэг вэ?

-Эм нь өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хянаж байдаг онцгой бүтээгдэхүүн гэж явдаг. Тийм учраас эмийг заавал зөвшөөрөл авч байж зөвшөөрөгдсөн үг хэллэгийн дагуу сурталчлах ёстой. Манай байгууллагын цахим хуудас, 1111 төвд иргэдээс маш их санал гомдол их ирдэг. Тэр гомдлын үндсэн дээр түрүүн дурдсан телевизийн зар сурталчилгааны журамд өөрчлөлт оруулсан. Телевизээр та бүхэнд хүрч байгаа зар сурталчилгаа маань өөрөө анхааруулгатай байгаа. “Эмийн заавраас гаж нөлөө, эсрэг заалтыг уншиж, эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу, энэхүү бүтээгдэхүүн нь өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор хийгдээгүй болно” гэх зэрэг анхааруулгууд явж байгаа.

-Хуулийн шинэчилсэн найруулгаар онцлох ямар зүйл, заалтууд нэмэгдсэн бэ?

-Хуулийн шинэчилсэн найруулгаар биологийн идэвхт бүтээгдэхүүн дээр зайлшгүй зөвшөөрөл авах зохицуулалт байхгүй болсон. Үүний оронд эмнэлгийн хэрэгсэл дээр зар сурталчилгааны зөвшөөрөл авах шинэ зохицуулалт орсон. Өмнөх хуулийн зохицуулалт дээр иргэн бүртгэлгүй цахим хуудсаар эм худалдан борлуулахад ямар нэгэн зөрчлийн арга хэмжээ авах хуулийн зохицуулалтгүй байсан. Шинэ хуулиар иргэнийг зүйлчилж өгсөн. Иргэн гадагшаа дотогшоо яваад ачаандаа авч явсан эмээ цахимаар худалдан борлуулж болохгүй. Хэрэв борлуулбал иргэн зөрчлийн хуулийн дагуу 5 сая төгрөг, хуулийн этгээд 50 сая төгрөгөөр торгуулна. Торгуулийн арга хэмжээ шинэ хуулиараа нэмэгдсэн. Тусгай хангах нийлүүлэх байгууллага тусгай горимын дагуу, тухайн эмийг тохирсон температурт нь оруулж нарийн горимоор оруулж ирдэг учраас үүнийг зөрчсөн байж болзошгүй. Чанарын баталгаагүй, бүртгэлгүй, эсвэл бүртгэлийн загвараас зөрүүтэй байх магадлалтай учраас заавал эмийн сангаас эмийг худалдаж авах нь эрүүл мэнд болоод эдийн засгийн хувьд эрсдэлд оруулахаас сэргийлнэ.

Г.Балгармаа

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр нохой өдөр DNN.mn

2024.10.13 / Ням гариг

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН
ГУРВАН ХӨХ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
Наран ургах, шингэх: 07.09-18.08
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 13, Адъяа гараг. Билгийн тооллын 11, Тооно одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:09-18:08. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Идэр, Байдраг голын хөндийгөөр -10…-15 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр эрс хүйтэрч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  Сердар Бердымухамедов,

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Төв Азийн цагаан сувд, байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо халуун дотноор хүлээн авч байгаа эрхэм хүндэт Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Танд болон Туркменистаны төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрт дээр үеэс манай хоёр ард түмэн худалдаа, арилжаа, соёлын харилцааг хөгжүүлж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү харилцаагаа өнөөг хүртэл эрхэмлэн, бие биедээ элгэмсүү дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа нутаг, танай сайхан оронд Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил дэвшил, Туркмений ард түмний найрсаг, зочломтгой зан заншил, түүх соёлтой танилцаж байгаадаа баяртай байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө.

Бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ хамтдаа тодорхойллоо.

Яриа хэлэлцээний дүнгээр хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Мөн Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг нийгэм, эдийн засгийн чухал салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгууллаа.

Бид манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, айлчлалын хүрээнд агаарын харилцааны болон олон улсын автотээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгууллаа.

Эдгээр баримт бичиг нь зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, улмаар худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх болно.

Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн Монгол, Туркменистаны хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес уулзалт”-ыг зохион байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Мөн манай хоёр улс түүх, соёлын дурсгалт газар, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт сайхан газруудаараа дэлхийд алдартай улс орнууд билээ.

Энэ удаагийн айлчлалаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгийг байгуулсан нь Монгол, Туркменистаны ард иргэд улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.

Түүнчлэн хоёр улсын нийслэл Улаанбаатар, Ашхабад хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдлээ.

Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл, хамтын үйл ажиллагаанд соёл, урлагийн харилцаа үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй билээ.

Энэхүү сайхан уламжлалын тод илрэл болсон “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын Төрийн тэргүүний ивээл дор амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжим анх удаа Ашхабад хотноо эгшиглэж, тал нутгийн аялгуугаар Туркмений анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад сэтгэл хангалуун байна.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллахаар боллоо.

Монгол, Туркменистан улс нь далайд гарцгүй орнуудын хувьд цаашид далайд гарцгүй улс орнуудын өмнө тулгарч буй тээвэр, логистик, худалдааны саад, тотгорыг арилгах чиглэлээр олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.

Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс ойрын хугацаанд нэгдэхээ илэрхийлсэнд талархалтай байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Тантай Монгол, Туркменистаны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, манай хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна.

Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө бодит ажил хэрэг болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таныг тааламжтай цагтаа мөнх хөх тэнгэрийн орон, өнө эртний түүхт манай сайхан улсад төрийн айлчлал хийхийг урьж байгааг минь хүлээн авна уу.

Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркменистаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Гурбангулыевич Бердымухамедовын урилгаар Туркменистан Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав.

  1. “АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-тМонгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын агаарын харилцаа эрхэлсэн газрын дарга Довран Сабуров нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх бөгөөд Монгол Улсын хувьд цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжийг бүрдүүлж буй юм.

Ингэснээр хоёр улс болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна. 

  1. “ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын Автотээврийн харилцаа эрхэлсэн газрын дарга Гуванчмурат Акмаммедов нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх, мөн гуравдагч улс руу ба гуравдагч улсаас ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр Монголын тээвэрлэгчид бусад улс орон руу дамжин өнгөрөхөд одоо туулж буй замаасаа илүү дөт замыг сонгож, тээвэрлэлтэд илүү бага цаг хугацаа зарцуулах боломжтой болох юм.

Түүнчлэн тус баримт бичиг нь агаарын харилцааны тухай хэлэлцээрийн нэгэн адил хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

3.“МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд өөрийн улсын нутаг дэвсгэрт мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллахаас гадна хоёр улсын холбогдох байгууллагууд хооронд мэл эмнэлгийн шинжлэх ухаан, өвчний тандалт, хяналтын арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцох боломжийг бүрдүүлж буй юм.            Түүнчлэн талууд мал аж ахуйн мэргэжилтнүүд, малын эмч, эрдэмтдийн уулзалт, мэдлэг солилцох сургалт, чадавхыг бэхжүүлэхэд харилцан бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн нь хоёр улсын мал, эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болж байна.

4.“ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд хөдөө аж ахуйг цахимжуулах, орчин үеийн инновац, технологийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, мал аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, органик газар тариаланг хөгжүүлэх, газар тариалан, тэр дундаа хүнсний аж ахуй, жимс, жимсгэний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улс нь Төв азийн бүс нутагт хөдөө аж ахуйн салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг, уламжлалт хөдөө, мал аж ахуйтай Туркменистан Улстай энэ салбарт идэвхтэй хамтран ажиллаж, туршлага солилцох нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдах бөгөөд ийнхүү тус хэлэлцээр нь цаашид хоёр улс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн суурь баримт бичиг нь болж байна. 

  1. “СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАНУЛСЫН СОЁЛЫН ЯАМХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Туркменистан Улсын Соёлын сайд Атагельди Шамурадов нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгээр талууд соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах, өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтарсан судалгаа хийх, соёлын эд зүйл, хэвлэл, бичиг баримт солилцох замаар нөгөө талдаа өөрийн улс орон, ард түмэн, соёлоо таниулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тус баримт бичиг нь эртний түүх, соёлтой хоёр улсын хувьд соёлын салбарын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, “Торгоны зам”-ыг дагасан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнчлэн манай хоёр улсын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалын хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хэлхээ холбоог тогтооход чухал ач холбогдолтой юм.

  1. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАНУЛСЫН СОЁЛЫН ЯАМХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Туркменистан Улсын Соёлын сайд Атагельди Шамурадов нар гарын үсэг зурав.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан мэдээлэл солилцох, оролцогч талуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих, харилцан уулзалт зохион байгуулах, туршлага хуваалцах зэргээр хамтран ажиллана.

Тус баримт бичиг нь Монгол Улс, Туркменистан Улс нь түүх, соёлын дурсгалт газар, өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт цогцолбороор баялаг улс орнуудын хувьд хоёр улсын иргэддээ улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Түүнчлэн, айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Дүүрэн, Туркменистан Улсын Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимын дарга Мерген Гурдов нар гарын үсэг зурж, хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагууд хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, мэдээлэл, туршлага солилцон хамтран ажиллахаар тохиролцов. Баримт бичгийн хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоох,  тэдний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны өвлийн Элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 10-ныг хүртэл явагдана DNN.mn

2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалт(ЭШ) болон Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдах юм.

Энэхүү шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн болон зун зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой аж.

Шалгалтад бүртгүүлэхдээ:

  • Зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана.
  • 3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулна/
  • Шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгоно
  • Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгож бүртгүүлнэ.
  • Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5,800 төгрөг байна. /Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадалгаа, тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өөх тос муу хүнс биш DNN.mn

Ковидоос хойш мартамхайчуудын нэгэн үе бий болсон. Утсаа барьсаар байж л хайгаад, босож суухын хооронд хэлэх гэж байсан үгээ мартчихлаа гэх хүмүүс эргэн тойронд олон байна. Нэг ийм үе бий болоход ковид нөлөөлсөн эсэхийг сайн мэдэхгүй юм. Тийм судалгаа ч харсангүй.

Ямартаа ч мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар сүүлийн үед дэлгэцийн хэт их хэрэглээ нь мартамхай болоход нөлөөлж байна гэнэ. Үүнээс гадна нөлөөлж байгаа том хүчин зүйл бол хоол хүнс.

Дэлхий нийтээр турах трендэд өртөж аль л калори багатай, өөх тосгүй хүнс рүү хошуурах болсон. Үүний урхаг нь ой тогтоолт, мартаж санахад нөлөөлж байгаа аж.

Үүнийг Финляндын эрдэмтэн Миа Кивипелтогийн хийсэн ой санамжаа алдах өвчнөөс урьдчилан сэргийлэх хоолны хөтөлбөрийн туршилтаас харж болно.

Олон улсын Альцгеймерын төвийн сэтгүүлд нийтлэгдэж, олон оронд хэрэглэгдэж байгаа уг хөтөлбөрт өдөрт авч буй хоол тэжээлийн 10-20 хувь нь уураг, 25-35 хувь нь өөх тос байх ёстой гэжээ.

Тиймээс ковидоос хойш мартах санах өвчинд нэрвэгдээд байгаа хүмүүст зөвлөхөд аль болох шим тэжээлтэй хүнс, чанартай өөх тос хэрэглээрэй. Мөн аль болох стресстэхгүй байх, чанартай нойр авах нь мэдээж чухал.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвөл хэрхэн дулаахан бас загварлаг хувцаслах вэ DNN.mn

Өвлийн улирал хүйтэн, бэрхшээл ихтэй байдаг ч энэ нь та заавал дулаахан байхын тулд загваргүй хувцаслах ёстой гэсэн үг биш. Та бүх улиралд дулаахан, тухтай, загварлаг хувцаслах боломжтой.

Үүний тулд та www.masarishop.com сайтаас гаргасан энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.


1. Хувцсаа зөв давхарлах
Өвөл загварлаг бөгөөд дулаахан хувцаслахын гол түлхүүр нь хувцсаа зөв давхарлаж өмсөх юм. Эхний давхаргад хөлснөөс сэргийлэхийн тулд агаар сайн нэвтрүүлдэг хувцас өмс. Харин дараагийн давхаргад аль болох дулаахан хувцас нэмж өмсөөд дараа нь аль болох загварлаг бөгөөд чанартай хувцас өмсөөрэй.

2. Урт куртик өмсөх
Чанартай өвлийн куртик бол тухтай бөгөөд дулаахан байхад хамгийн чухал зүйл. Шалтгаан нь ойлгомжтой. Илүү урт куртик байх тусмаа богино куртикээс илүү их хэсгийг далдална. Ингэснээр та дулаахан байхаас гадна тухтай мэдрэмжийг авч, хатуу өвөл ханиад тусахгүй эрүүл байх боломжийг олгох ажээ.

3. Зөв материал сонгох 
Хувцасныхаа даавууг сонгохдоо тав тухтай байдал, хэв маягийг хадгалахын тулд хэд хэдэн гол хүчин зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, дулааныг үр дүнтэй барьж, хүйтэн цаг агаарт тохирсон зузаан, тусгаарлагч материалыг сонгоорой. Мөн хөлрөхөөс сэргийлж амьсгалах чадвартай, чийг шингээх даавууг нэн тэргүүнд тавь. Эсрэгээр, нимгэн эсвэл сул материалаас зайлсхий. Учир нь тэдгээр нь хурц температурт шаардлагатай дулааныг хангаж чадахгүй.

4. Чанартай гутал чухал  
Өвлийн хувцасны эхний сонголт бол чанартай өвлийн гутал худалдаж авах. Тэрхүү гутал нь цас, нойтон усанд хөлийг тань эвтэйхэн, хуурай байлгаж, хальтирч унахаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Цаг агаарын нөхцөл байдал хамгийн чухал, ялангуяа өвөлжилт хүндэрсэн бүс нутагт дулаан тусгаарлалт, ус үл нэвтрэх шинж чанарыг нэн тэргүүнд тавьж, дулаан доторлогоотой, цаг агаарт тэсвэртэй материалтай гутал хайж олоорой.

5. Илүү өнгөлөг байх 
Өвлийн хувцас сонгохдоо зөвхөн хар бараан өнгийг бүү чухалчлаарай. Бараан өнгө дээр гоёмсог харагдах илүү олон өнгийн оруулгуудыг туршиж үзээрэй. Гүн улаан өнгө нь баялаг, ая тухтай, тансаг байдлыг цацруулдаг учраас цамц, хүзүүний ороолт, тэр ч байтугай хүрэм өмсөхөд ч тохиромжтой. Мөнх ногоон модыг санагдуулдаг ойн ногоон нь байгалийн үзэсгэлэн, өвлийн үзэсгэлэнт байдлыг сайхан чимдэг. Цаг хугацааны шалгуургүй, хар хөх өнгө нь тансаг байдлыг цацруулж, өвлийн янз бүрийн хувцастай төгс зохицдог учир ороолт, малгай зэрэг зүйлсээ энэ өнгөнүүдээс сонгоорой.

6. Малгай, бээлий, хүзүүний ороолтоор чимэглэ 
Өвөл дэгжин харагдах хувцаслалтын хамгийн сүүлийн хэсэг нь малгай, бээлий, хүзүүний ороолт сонгох. Эдгээр нь толгой, гар, хүзүүг дулаахан байлгахаас гадна, өөрийн хэв маягийг илэрхийлэх боломжийг танд олгодог. Чихэнд тань тохирох, дулаан материалуудыг сонгож, хүрэмтэйгээ зохицох, өнгө өнгийн сонголт хийвэл та гайхалтай загварлаг харагдах болно.  Мөн энэхүү хувцаслалттайгаа тохирсон цүнх сонгохыг зөвлөе. Арьс, зузаан даавуу зэрэг материалууд өндөр чанартай бөгөөд өвөл эдэлгээ сайтай байдаг шүү.

7. Ая тухтай байдлыг үргэлж эн тэргүүнд тавь
Хамгийн түрүүнд тав тухыг чухалчил. Тохиромжгүй хувцас таны сэтгэл санаа, биеийн хөдөлгөөнд нөлөөлөх магадлалтай. Өөрт тохирсон, ая тухтай, өөрийн зан чанарыг тусган харуулах загварыг бий болгохын тулд олон загваруудыг хослуулахаас бүү ай.

 

 

Эх сурвалж: www.polit.mn

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ:  “Их өгөгдөл” DNN.mn

“Нэпко”-гоос 2018 онд Доун Е.Холмсын “Их өгөгдөл” гэх номыг орчуулан гаргасан юм. Өнөө цагт “Их өгөгдөл-Big data” гэдэг үгийг сонсоогүй хүн бараг үлдээгүй биз. Тэгвэл их өгөгдөл гэж чухамдаа юу болох, ямар ач холбогдолтой, энэхүү ойлголтод юу хамаардаг, аюулгүй байдлын эрсдэл, бидний өдөр тутмын амьдралд хэрхэн холбогдох гээд өргөн хүрээг хамруулан тайлбарласан чухал бүтээл ажгуу.

Өгөгдөл гэж ер нь тэгээд юу вэ. Ерөөс ухаант хүн бий болсон цагаас ямар нэгэн байдлаар өгөгдөл аажмаар үүсч эхэлсэн гэж болно. Хаа байсан чулуун зэвсгийн үеэс эхлэн чулуу, яс, хадан дээр хэрчлээс зураасуудыг зурж тэмдэглэсэн байдаг. Чухамдаа яг юуг тэгж бүртгэж авч байсан нь тодорхой биш ч ямартаа ч бүртгэл байсан.

МТӨ 35000 жилийн өмнөх сармагчингийн шилбэний ясан дээр 29 зураас байдаг гээд өгөгдөл гэгчийн эх үндэс өдгөө энэ цаг үед үлджээ. Хожмоо энгийн байдлаар 1854 онд Лондонд холер дэгдэх үед анх их өгөгдлийг цуглуулсан гэж үздэг бөгөөд тухайн өгөгдлөө ашиглан зураглал хийж, усаар тархсан байж болох тухай таамаглалаа Жон Сноу анхлан гаргаж. Энэ үйл явдлаас хойш эрдэмтэн судлаачид мэдээлэл цуглуулах нь эрс нэмэгдсэн аж. Төрөлт, нас баралт, орлого зарлага, гэмт хэргийн талаар гэх мэт өгөгдлүүд аажмаар цугларч, асар их ач холбогдолтой нь мэдэгдсэн байх нь. Компьютер салбаруудад нэвтрэхээс өмнө цугларсан тэр их мэдээллийг боловсруулах нь асар их цаг хугацаа авсан ажил байсан нь мэдээж. Тэгвэл өнгөрөгч зууны дундаас зарим өгөгдлийг компьютерт хадгалдаг болсноор нүсэр ажил бага ч болов хөнгөрсөн. Яваандаа интернэт бий болсноор тэрхүү дижитал ертөнцөд ямар “аймаар” их өгөгдөл бий болсныг хэн хүнгүй мэдэж байгаа биз ээ.

Бид бүхний олон нийтийн сүлжээнд оруулж байгаа бүхэн, интернэтээр орсон ул мөр бүхэн ямар нэгэн байдлаар энэхүү их өгөгдөл гэгчид хувь нэмрээ оруулж байгаа.

Дэлгүүр ороод талх авахдаа уншуулсан карт, авто зогсоолын бүртгэл гээд бүгд өгөгдөл шүү дээ. Гэхдээ хэн нэгний оруулж байгаа мэдээлэл нь ямар нэгэн байдлаар системчлэгдээгүй өгөгдөл юм. Сүүлийн үед эрүүл мэндийн өгөгдөл хэмээх зүйл үнэхээр хүчийг авчээ. Хүн ам өсөн нэмэгдэж байгаа, янз бүрийн шинэ технологиуд бараг л өдөр бүр амьдралд нэвтэрч байгаа гээд энэ бүхэн их өгөгдөлд нэмрээ оруулж байна. Компьютерийн технологи үсрэнгүй хөгжсөн, дагаад хадгалах чадвар эрс өссөн зэрэг нь их өгөгдөл үүсэх нөхцөл бий болсон. Сонирхолтой нь өдгөөгөөс тавхан жилийн өмнө их өгөгдөлд тооцогдож байсан зүйл өнөөдөр тооцогдохоо байсан. Өгөгдөл цуглуулах хурд асар их нэмэгдсэн, тэр хэрээр ч цугларч байгаа тул ямар ч их хэмжээ удахгүй тийм их байхаа больж байгаа юм.

Их өгөгдлийг хадгалах технологи ердөө тавхан жилийн өмнөхөөс хавьгүй илүү болсон. Гордон Мур хэмээх эрхмийн нэг чипэнд багтах транзисторын тоо хоёр жил тутамд хоёр дахин нэмэгдэнэ гэх таамаг тун алдаршсан ба үүнийг “Мурын хууль” гэдэг. Гэхдээ энэ хууль одоо бараг хүчин төгөлдөр байхаа больж байгаа гэхэд болно. Хиймэл оюуны салбарт гайхамшигтай хувьслыг авчирч буй чип үйлдвэрлэлийн гигант “Н Видиа” компани энэ хуулийг давсан. Тэгэхээр бид л төдийлөн анзаарахгүй байгаагаас биш технологи пуужингийн хурдаар супер болж байна. Өдгөө дэлхийд хамгийн өндөр эрэлттэй мэргэжлийн жагсаалтад өгөгдлийн шинжээч байнга дээгүүрт бичигддэг. Ирээдүйгээ сайн байгаасай гэж бодвол энэ мэргэжлийг сонговол хэзээ ч алдахгүй нь ээ.