Categories
мэдээ цаг-үе

Он дуусахаас өмнө 29 цэцэрлэг, 25 сургууль ашиглалтад орно DNN.mn

Боловсролын салбарт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 744.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 490 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй. Энэ онд багтаан 74 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ба долдугаар сарын 31-ний байдлаар нийт 17-г нь дуусгаж, ашиглалтад хүлээн авсан байна. Улмаар цэцэрлэг, сургуулийн хүчин чадал 4710-аар нэмэгдээд байна.

Цаашид 2024 оны наймдугаар сард 5, есдүгээр сард 15, аравдугаар сард 5, арванхоёрдугаар сард 32 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад хүлээн авна. Ингэснээр 29 цэцэрлэг, ерөнхий боловсролын 25 сургууль ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 13,725 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадал 4280 ороор тус тус нэмэгдэх юм.

Улсын хэмжээнд гүйцэтгэгчээс шалтгаалж удааширсан 30 төсөл, арга хэмжээний гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн байгууллагууд дараагийн шатны арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд 11 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд зохицуулалт хийж, эрчимжүүлэх арга хэмжээг авчээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргаашнаас сургуулийн бүх автобус үйлчилгээнд гарна DNN.mn

Хичээлийн жил эхэлж, сурагчид сургуульдаа явж эхэлсэн ч жил бүрийн намар сургуулийн автобусны засвар дуусаагүй, эвдрэлтэй байгаа шалтгаанаар тал нь л үйлчилгээнд гардаг. Тэгвэл энэ жил ийм асуудал үүсэхгүй гэлээ. Тодруулбал, ирэх Даваа гаригаас сургуулийн бүх автобус бүгд үйлчилгээнд гарна гэв.

2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ.
Ирэх жилээс сургуулийн автобусны тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор шийдвэр албажаагүй байна. Энэ хичээлийн жилд улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус сурагчдыг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Сургуулийн автобусны чиглэл болоод дэлгэрэнгүй мэдээллийг Нийтийн тээврийн газар болон харьяа сургуулиасаа авах боломжтой.
Categories
мэдээ цаг-үе

Ховд, Хөвсгөл аймагт тарвага агнахыг зөвшөөрчээ DNN.mn

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар 2021 онд, Монгол орны тарваганы нөөцийг хамгаалах, тархац нутагт халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглосон байдаг. Тэгвэл уг хориг энэ онд дуусаж буй. Хорионы хугацаа  дуусаж байгаатай холбогдуулан тарваганы нөөц, тарваган тахлын идэвхжил зэргийг харгалзан, тарваганы агнуурын нөөц бүхий аймгуудаас ахуйн зориулалтаар агнах боломжит тоо хэмжээний саналыг авч, агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2023 оны арванхоёрдугаар  сард баталсан байна.

 Уг тушаалаар Ховд аймагт 1500, Хөвсгөл аймагт 240 толгой тарвагыг ахуйн зориулалтаар агнахыг зөвшөөрчээ.

 Тарвага агнах тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулсан дээрх аймгууд амьтан агнах эрхийн бичгийг авсны үндсэн дээр агнах боломжтой болох юм байна. Харин тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулаагүй бусад аймгуудад тарвагыг агнах боломжгүй бөгөөд хэрэв хууль бусаар агнавал, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг хоёр дахин өсгөж төлүүлэх юм.
Амьтны тухай хуульд зааснаар тарвагыг жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд агнахыг зөвшөөрдөг байна. Тэгвэл агнасан тарваганы түүхий мах, нойтон арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог.
Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт судалгааг хийснээс 443,3 км2 буюу 28,3% нь тахлын голомттой нь тогтоогджээ. Мөн сүүлийн жилүүдэд 15 аймгийн 78 суманд тахлын голомт идэвхтэй, хүний өвчлөл бүртгэгдэх эрсдэлтэй байгааг албаныхан хэлж байна.
Categories
мэдээ цаг-үе

Нийт нутгийн 21 хувьд бэлчээрийн даац гурав дахин хэтэрсэн байна DNN.mn

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс, нийт нутгийн өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолон гаргажээ. Ингэхдээ, тухайн нутгийн тус жилд ургасан бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэргийг үндэслэн гаргадаг аж. 2024-2025 оны хувьд, бэлчээрийн даац нийт нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй гэж гарчээ. Тодруулбал, нийт нутгийн 47 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 21 хувь нь бэлчээрийн даац гурав дахин нэмэгдсэн гэж гарсан бол нийт нутгийн 4 хувьд бэлчээрийн даац 3-5 дахин нэмэгдсэн байгаа ажээ. Өөрөөр хэлбэл өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрчээ.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим нутгаар даац хэтэрч гарчээ. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч /улаан/ гарсан сумдад Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд хамрагдаж байгаа аж.
Харин Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн, Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч /улбар шар/ гарсан байна.
Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэдэг. Энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан байна. Гэвч хүйтний улиралд гэнэт хэт хүйтрэх, ахиу хэмжээний цасан бүрхүүл тогтоход цасан болон мөсөн зудын нөхцөл үүсч, мал бэлчээрлэх боломжгүй болдог тул,
ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан дээрх аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байгааг албаныхан анхааруулж байна.
Categories
мэдээ цаг-үе

“Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварын авто замыг гурван эгнээтэй болгон шинэчилнэ DNN.mn

2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар нь 6.5 метрийн өргөн хоёр эгнээ бүхий авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засварын ажил хийгээгүй бөгөөд уулзвар орчимд замын хөдөлгөөний ачаалал их байдаг.

Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн хоёр метрийн өргөн дугуйн зам, 1.5 метр өргөн явган хүний зам хийх юм.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Дүнжингарав худалдааны төвийн уулзвар орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90 метр газрыг тус тус чөлөөлснөөр авто замыг асфальт бетоноор хучих ажлыг эхлүүлээд байна. “Мон-Уран” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 580 метр газрыг чөлөөлж авто замыг өргөтгөх нөхцөлөөр хангаж өгсөн. Газар чөлөөлөлт энэ сарын 22-ний өдөр эхэлсэн бөгөөд одоогоор шугам сүлжээг шилжүүлж байна” гэлээ.

Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 14 байршилд авто замыг 18.2 км авто замыг шинэчлээд байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Загджав: “Таван толгой түлш” ХХК-тай холбоотой гурван асуудлыг шалгуулахаар прокурорт шилжүүлсэн DNN.mn

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн баяжуулах үйлдвэр барих төсөлд 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, энэ нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэмжээний ноцтой байсан нь олон нийтийн анхаарлыг татлаа. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Төрийн аудитын байгууллага нь хүний нөөцийн хүрэлцээнээс шалтгаалж улсын хэмжээний төрийн өмчит болон төсөвт байгууллагуудын санхүүгийн тайланд дангаар аудит хийх боломжгүй тул “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн тайлангийн аудитыг өмнөх онуудад хувийн аудитын компаниудаар гэрээгээр гүйцэтгүүлж ирсэн. Тус компанийн 2023 оны санхүүгийн тайлангийн аудитыг Үндэсний аудитын газар гүйцэтгэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тус компаниас эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон урт хугацаатай санхүүжилтийн эргэн төлөлт хийгдээгүй, хугацааг хойшлуулж ирснээс их хэмжээний буюу 2.8 их наяд төгрөгийн авлагатай гарсан. Авлагын 38.4 хувийг агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, “Тавантолгой түлш“ ХХК-ийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор 2019-2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт эзэлж байна.

“Тавантолгой түлш” ХХК 2019-2023 онуудад компанийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зориулалтаар “ЭрдэнэсТавантолгой” ХК-тай 1,214.9 тэрбум төгрөгийн 10 жил хүртэлх хугацаанд хуваан төлөх урт хугацаатай санхүүжилтийн 15 гэрээ байгуулж, 1,067.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч дээрх хугацаанд ашигтай ажиллаагүй, санхүүжилтийн эргэн төлөлтийг огт хийгээгүй байна.

Аудитаар дээрх гэрээнээс агаарын бохирдлыг бууруулах болон компанийн үйл ажиллагааг сайжруулах, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Дараахь гэрээнүүдэд зөрчил илэрсэн.

Баяжуулах болон коксын үйлдвэрийн барилга, байгууламж, бүтээн байгуулалтын ажлын 2022 онд байгуулсан ЭТТ-2022/83 дугаартай 113.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ;

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 2022 онд байгуулсан ЭТТ2022/502 дугаартай 21.2 тэрбум төгрөгийн гэрээ;

Химийн үйлдвэрлэлийн шахмал түлш болон нунтаг коксыг бэлтгэн нийлүүлэх (400.0 мянган тонн химийн үйлдвэрлэлийн шахмал хагас коксон түлш, 100.0 мянган тонн  нунтаг коксыг “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн түлшний үйлдвэрт нийлүүлэх, төлбөрийг төгрөгөөр болон нүүрсээр барагдуулах) Hong Kong Hengde компанитай 2022 онд байгуулсан 2022/518 дугаартай 6.6 тэрбум төгрөгийн арилжааны гэрээний хэрэгжилтэд илэрсэн зөрчлийг нийтийн албан тушаалтан гэрээ байгуулах, гүйцэтгэл баталгаажуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үндэслэлээр Төрийн аудитын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудитор энэ тухай прокурорын байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар холбогдох мэдээлэл, баримт бичгийг шилжүүлнэ. Прокурорын байгууллага Ерөнхий аудитораас шилжүүлсэн мэдээлэл, баримт бичигтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий аудиторт хариу мэдэгдэнэ” гэж заасны дагуу Улсын прокурорын ерөнхий газарт 2024 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр “Тавантолгой түлш” ХХК-тай холбоотой гурван асуудлыг шалгуулахаар нотлох баримтын хамт шилжүүлсэн.

-Энэ гэрээний хэрэгжилтэд алдаа байсан гэсэн үг үү?

-Гурван гэрээний хэрэгжилтэд илэрсэн зөрчлөөс дурдъя.

“Тавантолгой түлш” ХХК-ийн захиалгаар 2021 онд Майн дата ХХК-ийн боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн Т/2113-09 дугаар дүгнэлтээр батлуулсан, жилд 2.2 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай 32,850.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-д хөндлөнгийн шинжээчийн гар гасан дүгнэлтээр үр ашиггүй, хийсэн тооцоо судалгаа бодитой бус гэж үнэлэгдсэн.

Хоёрдугаарт, баяжуулах болон коксын үйлдвэр байгуулах, хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ЭТТ2022/83, ЭТТ-2022/502 дугаартай хоёр гэрээний 16 багц ажлын хүрээнд 15 аж ахуйн нэгжтэй 115.5 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулсан. Ихэнх гэрээний хугацаа дууссан ажлын гүйцэтгэл бүрэн хангагдаагүй.

Мөн “Майн дата” ХХКийн 2021 онд боловсруулсан ТЭЗҮ-г сайжруулах, тодотгох арга хэмжээ авалгүйгээр дахин ТЭЗҮ боловсруулах 21.2 тэрбум төгрөгийн ЭТТ-2022/502 дугаартай санхүүжилтийн гэрээг 2022 онд нэмж байгуулан дахин ТЭЗҮ боловсруулахаар гэрээ байгуулсан.

Үүнээс гадна ЭТТ2022/83, ЭТТ-2022/502 дугаартай санхүүжилтийн гэрээгээр хийх ажлын жагсаалтад “коксын үйлдвэрийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, нүүрсний лаборатори байгуулах” ажлыг эхний гэрээнд 19,095.0 сая, удаах гэрээнд 18,367.8 сая төгрөг байхаар давхардуулан тусгасан.

Түүнчлэн “Эрдэнэс Таван толгой” ХК-тай 2022 онд ЭТТ-2022/83 дугаартай санхүүжилтийн гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд буюу 2020 онд “Сарту өргөө” ХХК болон “Говийн төмөр зам” ХХКийн түншлэлтэй байгуулсан гэрээг санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж санхүүжүүлсэн. Мөн “Сарту өргөө” ХХК болон “Говийн төмөр зам” ХХК-ийн түншлэлтэй хоёр өөр төрлийн ажил гүйцэтгүүлэхээр ижил дугаар, ижил хугацаа, ижил үнийн дүнтэй гэрээг байгуулсан.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас ЭТТ-2022/502 дугаартай Хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах зориулалтаар олгосон санхүүжилтээр “Тэнгэр эе” ХХК-тай нүүрс химийн үйлдвэрийн захиргаа, оффисын барилгуудын засвар шинэчлэлт хийлгэх 2,759 сая, захиргаа, оффисын цэвэр ус, дулааны шугам хоолой шинэчлэлт, гадна бохирын бичил станц угсрах, гадна тохижилтын ажил хийлгэх 1,203.7 сая, “Блю арч” ХХК-тай засварын зураг төсөл боловсруулах 290.2 сая, нийт 4,252.5 сая төгрөгийн гурван гэрээ байгуулж, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай түүхий эд, газрын байршил эцэслэн баталгаажаагүй байхад “Багануур” ХК-ийн эзэмшлийн ашиглагдаагүй байсан барилгыг засварлаж 4,171.9 сая төгрөгийг з о риулалт бусаар зарцуулсан, өмчлөлийн асуудал шийдвэрлэгдээгүй;

Үүнээс гадна “Hong Kong Hengde” компанитай байгуулсан гэрээний дагуу “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт түүхий эд хэлбэрээр нийлүүлсэн 6.6 тэрбум төгрөгийн 400 мянган тонн химийн үйлдвэрлэлийн шахмал хагас коксон түлш, 100 мянган тонн нунтаг коксыг бүрэн хүлээж авсан эсэх нь тодорхойгүй, акт баримт үйлдээгүй, газар дээр хийсэн үзлэгээр агуулахад 400 тонн шахмал коксон түлш хадгалагдаж байх боловч данс бүртгэлд тусгаагүй байна.

-Тэгэхээр энэ асуудалд хариуцлага хүлээлгэх албан тушаалтан нь хэн юм бэ. Тухайн үеийн Ерөнхий сайдад хамаарах юм уу, эсвэл Сангийн яам юм уу, “Таван толгой түлш” ХХК-ийн тухайн үеийн удирдлага уу?

-Дээрх зөрчлүүд нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Тавантолгой түлш” ХХК-ийн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас авсан санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хүлээж авах зэрэг үйл явцад үүссэн. Тиймээс тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн яам хамааралгүй гэж үзэж байна.

Харин “Тавантолгой түлш” ХХК  эргэн төлөгдөх нөхцөлтэй урт хугацаат санхүүжилтийн гэрээгээр их хэмжээний авлага үүсгэсэн, авлагыг хэзээ барагдуулах нь тодорхойгүй, олгосон санхүүжилтийн хүрээнд хийсэн ажлын гүйцэтгэл хангалтгүй, санхүүжилтийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулсан зэргийг харгалзан “Тавантолгой түлш” ХХК-д эрсдэлийн аудит хийх нь зүйтэй гэж үзсэн.

-Ц.Даваасүрэн гишүүн байгууллага хоорондын гүйлгээ учраас зөрчил биш гээд байгаа шүү дээ. Тухайн үеийн Ерөнхий сайдад хамааралтай асуудал юм уу?

-Тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Засгийн газрын бодлого, шийдвэрийг алдаатай, буруу зөрүү гэсэн дүгнэлт манай аудитын тайланд байхгүй. Тухайн ажлыг хэрэгжүүлэхдээ доод шатандаа алдаатай, санхүүгийн сахилга бат алдсан байж болзошгүй гэдгийг аудитаар илрүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзэж холбогдох байгууллагад нь шилжүүлсэн асуудал юм.

-Аудитын байгууллага шалгалт хийж, алдаа, зөрчил илрүүллээ гэдэг. Гэтэл  энэ хяналт шалгалтын мөрөөр хууль хяналтын байгууллага арга хэмжээ авч, хариуцлага тооцдоггүй, үр дүн гаргадаггүй гэх хандлага нийгэмд байдаг?

-Төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавьж төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад төрийн аудитын зорилт чиглэдэг. Аудитын явцад алдаа, зөрчлийг таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг шалгагдагч этгээдэд хариуцуулж албан шаардлага өгөх, илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэх чиглэлээр төлбөрийн акт тогтоох эрх Төрийн аудитын тухай хуулиар олгогдсон. Түүнчлэн нийтийн өмчийг төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулах үйл ажиллагааны арвилан хэмнэлт, үр ашигтай, үр нөлөөтэй байдал болон төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилгоор шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтанд зөвлөмж өгч ажилладаг.

Харин аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд прокурорын байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар холбогдох мэдээлэл, баримт бичгийг шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг шийдвэрлэх арга хэмжээг бид хуулиар олгосон эрхийн хүрээнд авч хэрэгжүүлэн, эрүүгийн, зөрчлийн болон бусад хуулиар шийдвэрлэх асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь шилжүүлдэг. Хууль хяналтын байгууллага шилжүүлсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар арга хэмжээ авах нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдах юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг

У.Минжин: “Ихэр тавилан” кинонд таван сартай нялх хүүтэйгээ тоглож байлаа DNN.mn

Жүжигчин У.Минжинтэй ярилцлаа. Тэрбээр саяхан “Алдарт ээжүүдийн ажил хаялт” кинонд гол дүр бүтээсэн юм.


-“Алдарт ээжүүдийн ажил хаялт” киноны санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Киноны зохиолыг уншихад өмнө нь хөндөгдөж байгаагүй асуудал учраас олзуурхаж хүлээж авсан. Хоёрдугаарт, ганц бие ээжүүдийн тухай уран сайхны хэтрүүлэг бий. Гэсэн хэдий ч амьдрал дээр би өөрөө алдарт ээж болоогүй ч өөрийгөө алдарт эгч гэж боддог. Би таван дүүтэй. Ээж болсныг ч хэлэх үү, ээж хүн гэртээ байхаар ямар ачаалалтай байж стресстдэг, энэ бүхний арыг яаж даадаг вэ гэх мэт зүйлсийг зах зухаас нь тодорхой хэмжээнд мэдэрдэг. Тиймээс үүнийг бусдад хүргэж ойлгуулах гэж киноны саналыг баяртайгаар хүлээж авсан.

-Та киноны дүртэйгээ удаан ажилладаг уу?

-Дүр дээр ажиллах талаасаа бүх жүжигчид л сүүлийн үед энгийн тоглохыг зорьдог болсон байх гэж боддог. Энгийн үг сонгож дүрдээ ажиллахыг илүүд үздэг. Хүн чанарын хувьд өөрийгөө үнэнч, зарчимч, шударга гэж боддог. Үүндээ ч бат зогсдог.

-Анх үлгэр жишээ авч байсан уран бүтээлчдээсээ нэрлэвэл?

-МУГЖ И.Одончимэг эгч байна. Багаасаа л хошин урлагийн шоу, киног нь үзэж өссөн. Надад алгассан шоу, тоглолт байдаггүй байх аа. Үзэх бүрдээ Одноо эгч шиг хүн болох юмсан гэж боддог байлаа. Жүжигчин болно гэж шийдчихээд түүн шиг уран бүтээлч болно гэж боддог байсан юм. Мөн СУИС-д сурч байхдаа Х-ТҮЦ продакшнд орох юмсан гэж хүсдэг байлаа. Хүсэл минь биелж сургуулиа төгсөөд 2015 онд Х-ТҮЦ-д орсон. Есөн жилийн хугацаанд ажиллажээ. Бас өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлээд явж байгаадаа баярладаг.

-Хамгийн дурсамжтай, хөгжилтэй киноныхоо талаар хуваалцахгүй юу?

-Хамгийн жаргалтай бүх зүйл бүрдсэн кино баг гэвэл “Нийслэл хүүхэн” гэж боддог. Гоё хүмүүсээс бүрдсэн. Хошин урлагийн жүжигчид тал талаас цугласан болохоор ажлаа хийхдээ хүртэл инээлдэж, жаргаж хийдэг байсан.

Тэр утгаараа сэтгэлд тод үлдсэн. Дурсамжтай гэвэл “Ихэр тавилан” кинонд таван сартай хүүтэйгээ хамт тоглосон. Дурсамжтай, хайрламаар санагддаг. Үзэх бүрдээ хүүгийнхээ балчир байсан үеийг эргэж дурсаад энерги нь цаанаасаа л гоё байдаг.

-Та шантарсан үедээ юунаас урам зориг авдаг вэ?

-Хүүхэдтэй болохоосоо өмнө аав, ээж дээрээ байнга очдог байсан. Айлын том, бас аав, ээж маань нээлттэй залуу сэтгэлгээтэй байсан учраас хүүхдүүдээ их сонсдог байсан. Тийм болохоор ярилцаад урам зориг өгдөг. Ээж болсны дараа амьдралыг илүү ойлгож хүүгээ хараад энэ зүйл дээр шантраад яах вэ дээ гэж боддог болсон. Жаахан өвдөхөөрөө ч гэсэн өвдөж болохгүй шүү, хүүхэд минь байхад гэдэг ч юм уу. Хүүхдээ нялх байхад нь шөнө хөхүүлээд сууж байхдаа гэрэлтэй цонх хараад надтай адилхан ээж байгаа даа гэж бодно.  Ганцаараа төрчихсөн юм шиг ингэж аашилж болохгүй гээд хүүхдээ л боддог юм байна лээ.

-Анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-“Мааз” гээд хамтлагт дуулдаг байсан. “Би дурламаар байна” миний анхны дуу. Киноны хувьд 2015 онд “Сайн уу амьдрал минь” кинонд дуучин А.Хишигдалайтай хамт тоглож байлаа.

-Хэрэв жүжигчин биш бол өөр ямар мэргэжил сонгох байсан бэ?

-Арван жилдээ Хүүхдийн ордны хийлийн дугуйланд явдаг байлаа. Телевизороор хийлч Дээгий эгчийг үзэх дуртай.  Цоглог, гоё харагддаг байсан юм.

Тэгсэн дугуйлангийн багш маань СУИС-ийн багш байж таарсан. Тэгээд сургууль дээр нь очиж дугуйландаа сууна. Сургууль руу ороход энд тэндгүй дуулсан, хөгжим тоглосон, жүжиглэсэн, шалгалтаа өгөх гэж байгаа оюутнууд.  Тэднийг харахад шар үс босч эрч хүчтэй болоод л улам дүрэлзмээр санагддаг байлаа.

Аравдугаар ангид орох зун хийлийн хичээлдээ явдаг байсан. Тэр үед аав, ээждээ би жүжигчин болмоор байна гэхэд “Төгсөх болоогүй байна. Сайн бод” гэсэн. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ бүгдийг хийдэг болохоор жүжигчин мэргэжил эзэмшихээр шийдсэн юм. Ингээд 2011 онд СУИС-д шалгалт өгөөд тэнцэж байлаа. Жүжигчнээрээ явна гээд шалгалт өгөхдөө зөвхөн СУИС-д өгөөд 2011 онд орж байсан.

-Дуулах, жүжиглэхээс өөр сонирхолтой авьяас бий юү?

-Байхгүй байх аа. Лаг дуулж чадахгүй ч эвийг нь олоод дуулчихна. Усанд сэлэх, морь унах гээд монгол ахуйд дуртай. Бас үнээ, гүү саагаад цагаан идээгээ боловсруулчихна.

-Цаашдын төлөвлөгөө, уран бүтээлийнхээ талаар бидэнтэй хуваалцаач?

-Тоглохыг хүсдэг дүрээ ямар ч жүжигчин хүсэж мөрөөднө. Миний хувьд яг л хөрсөн дээрээ буугаад сэтгэж амьдрах дуртай. Зогсолтгүй ажиллана. Х-ТҮЦ маань “Show time”-аа есдүгээр сарын 3-наас эхлэн орон нутгийн үзэгчдэдээ толилуулах гэж байгаа. Бэлтгэл ажил эхэлсэн. Энэ жилдээ багтаагаад 2-3 дуу хийнэ гэсэн бодолтой байна.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр луу өдөр DNN.mn

2024.09.01 / НЯМ ГАРИГ

НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН
ЕСӨН УЛААН ШАР ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 06.11-19.34
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 9 сарын 1, Адъяа гараг. Билгийн тооллын 29, Үнэг одтой, шар луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:11-19:34. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна DNN.mn

9 сарын 1-нд Халх голын сав газраар, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа хур тунадас орно. Салхи 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
story-news

У.Сүрэнжавын аав Д.Уламбаяр: Охиныхоо идэвх зүтгэл, чармайлт, зорилго, сэтгэлийн хатыг нь бишрээд л сууж байлаа