Month: September 2024
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +12…+17 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17…+22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +5…+7 градус, бусад хэсгээр +8…+10 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатартай ярилцлаа. Тэрбээр “Метротой болох хүлээлт, эдийн засгийн чадамж өнөөдөр төгс бүрдээд байна” хэмээн ярилаа.
- Хагас коксын үйлдвэрийн төсөлд 64 тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ
- Монголын анхны эмэгтэй олимпийн аварга тамирчин У.Сүрэнжавын аав Д.Улам баяр “Охиныхоо идэвх зүтгэл, чармайлт, зорилго, сэтгэлийн хатыг нь бишрээд л сууж байлаа” гэлээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хамтарч засгаа байгуулсан юм бол төрийн бүх байгууллагуудад ч хамтрах хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ.
Камала Харрис “Би улс орноо үргэлж өөрийн нам болон өөрийнхөө өмнө тавьж ажиллана” хэмээв.
- “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна
ГАДААД МЭДЭЭ: Шуугиан дагуулсан айлчлах сураг
Арын нүүр : Бүгдийг эрх тэгш, харилцан хүндлээрэй
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Парис-2024 зуны паралимпын 17 дугаар наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд шигшээ багийн тамирчин Ц.Баттулга өрсөлдөж мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр 11.09 метрийн амжилт үзүүлсэн байна. Ц.Баттулга нь”Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртэн паралимпод оролцох эрхээ авсан. Түүнийг шигшээ багийн дасгалжуулагч Д.Махашира дасгалжуулж байгаа аж.
Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж байлаа.
Мөн төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах санаачлага гарган, ажлыг нь эхлүүлж байсан юм.
1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг 2021 онд татан гаргасан нь энэ ажиллагааны эхлэл байлаа. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд гүйцэтгэх технологийн карт боловсруулж, татан гаргах байгууламжийг угсарсан нь Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд түүхэн үйл явдал болсон юм.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсэн ажиллагаа өндөрлөж, татан гаргасан машин, техникийг орон нутагт хүлээлгэн өгөх ёслол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, генерал, офицер, ахлагч, алба хаагчид, эрдэмтэн, судлаач, инженерүүд болон хамтран ажилласан орон нутгийн удирдлага, иргэдэд талархал илэрхийллээ.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штабын томилгоот бүрэлдэхүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Геомастер” компанийн 120 гаруй хүнээс бүрдсэн ажлын хэсэг Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргалаа.
Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлж чаджээ.
Хэрэв аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч бохирдуулах байжээ.
Мөн загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь үхэж, Хөвсгөл нуурын экостистемд үлэмж хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.
Энэ их эрсдэл, аюулыг хамтын хүчээр зогсоож чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцоллоо.
Орон нутагт хүлээлгэн өгч тээврийн хэрэгсэл, техникүүд энэ ажиллагаанд оролцсон хүмүүсийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг илэрхийлэхийн зэрэгцээ Хөвсгөл нуураа хайрлаж, хамгаалахын утга учрыг иргэдэд сануулж байх ёстойг тэмдэглэлээ.
Цаашид байгаль эх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагад даалгалаа.
- Монгол эрдэмтдийн тооцоолол, монгол инженерүүдийн аргачлал, алба хаагчдын ур чадвараар байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд анх удаа усны гүнээс хөндлөн таталт зохион байгуулсан,
- Онцгой байдлын байгууллагын шумбагч нар урьд өмнө хийж байгаагүй даалгавар гүйцэтгэж дадлага, туршлага хуримтлуулан ур чадвараа дээшлүүлсэн,
- Нуурын гүнд байгаа обьектыг судлах, илрүүлэх, татан гаргах ажиллагаанд анх удаа олон үйлдэлт Про-5 загварын усны дрон ашигласан,
- Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн хөвүүр гүүрийн тавцан дээр суурилуулсан “Ферм” буюу өргөх краныг ашигласнаараа онцлогтой байсныг ажиллагаанд оролцогсод ярилаа.
Татан гаргах ажиллагааг гүйцэтгэх үед алба хаагчдын аюулгүй байдал нэгдүгээрт байх зарчим болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримталж байсны дүнд ямар нэг эндэгдэл, осол гараагүй байна.
Тээврийн хэрэгсэл, техникүүдийг орон нутагт хүлээлгэн өгөх ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын холбогч, хурандаа М.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аймаг, орон нутгийн холбогдох удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг, 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг нуур юм.
Мөн манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг бөгөөд ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалах ажлыг санаачлан эхлүүлж байлаа. Үүний үр дүнд ширгэхдээ тулж байсан Ганга нуурын эко систем 2023 онд бүрэн сэргэж, усны түвшин 2005 оны хэмжээнд хүрээд байна. Мөн энэ оноос нуурыг хамгаалах хоёр дахь шатны төсөл эхэлсэн юм.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн санаачлагаар Хэрлэн гол, Өгий нуур, Бумбатын рашааныг сэргээх төслийг хэрэгжүүлж байна.
Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон тэдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэжээ.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж буй аж. Үүний 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, 8 хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр төлөвлөжээ.
Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгажээ.
Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210.0 тэрбум төгрөг, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202.0 тэрбум төгрөгийг тусган санхүүжүүлэхээс гадна хоногт 250,000 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80.0 тэрбум төгрөгийг 2025 онд тусгасан байна.
Нийслэлийн хэт төвлөрлийг шийдэх зорилгоор “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”-ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэжээ.
Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ хэмээн төлөвлөсөн аж. Ирэх 2025 онд нийт 2,120.9 км авто замыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар тооцжээ.
Хөгжлийн төслүүдийн үр дүнд эдийн засгийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэж, хөдөө орон нутагт гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнес эрхлэх орчин нөхцөл, амьдралын чанар эрс сайжирч, эдийн засаг, нийгмийн зорилтууд хангагдах суурь болно хэмээн үзэж байна.
Маргааш буюу энэ сарын 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 5-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи энэ сарын 2, 3-нд Алтайн салбар уулсаар, энэ сарын 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Мягмар гараг буюу энэ сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 4-нд ихэнх нутгаар, энэ сарын 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Монгол Улс 2024 оны эхний найман сард 28 сая ам долларын үнийн дүнтэй 1.06 сая ширхэг сурагчийн дэвтэр импортолжээ. Үүний 50.3 хувийг БНХАУ, 34.3 хувийг нь Малайз улсаас тус тус импортолсон байна. Тухайлбал
– БНХАУ 533.4 мянга буюу 50.3%
– Малайз 364.0 мянга буюу 34.3%
– ОХУ 91.6 мянга буюу 8.6%
– Польш 47.0 мянга буюу 4.4%
– БНСУ 13.9 мянга буюу 1.3%
– Бусад улс 10.6 мянга буюу 1.0% хувийг нь импортоор авчээ.
Есдүгээр сараас 1-нээс буюу өнөөдрөөс орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан.
Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Уг тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Одоогоор 22-ийн товчоо, 61-ийн гарам, эмээлт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгт камер байршуулжээ. Тус камерын тусламжтайгаар орон нутгийн тээврийн хэрэгслийн орж, гарч байгаа мэдээллийг бүртгэх юм байна.