Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын намрын чуулганыг ирэх мягмар гаригт нээнэ DNN.mn

УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногийн Мягмар гариг буюу аравдугаар сарын 1-нд нээнэ. Хуульд  зааснаар УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Шинэ парламентын хувьд намрын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүд, Төрөөс 2025 онд баримтлах мөнгөний бодлого зэрэг тодорхой цаг хугацаанд багтаах батлах ёстой хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэх юм.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдан шинэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ.

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

МЯГМАР ГАРАГ /2024.10.01/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
1 ·      Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нээлт 10.00 “Их хуралдай”
ХОЁР.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 11.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 11.00 “Их Эзэн Чингисхаан”

ЛХАГВА ГАРАГ /2024.10.02/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хууль зүйн байнгын хороо ·    Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/·    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Эдийн засгийн байнгын хороо ·    “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ 14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Төсвийн байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/·    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 15.00 “Их засаг”
ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
1 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо · Уур амьсгалын өөрчлөлт-Шинэ хоршоо-Ногоон санхүүжилт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах нь сэдэвт форум 09.00 “Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.10.03, 10.04/

Д/Д   ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·       “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/·     Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·       Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

Categories
мэдээ цаг-үе

Вьетнамын ерөнхийлөгч То Ламын айлчлал маргааш эхэлнэ DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Categories
мэдээ цаг-үе

Хууль: Зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлахыг хориглоно DNN.mn

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна.  Хуулийн хүрээнд   Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн нэмэгдэх хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх худалдахдаа тогтоосон хувь хэмжээний дээд хязгаараас илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлж эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, ханган нийлүүлэхийг хориглоно гэжээ.

Түүнчлэн энэхүү хувь хэмжээний дээд хязгаарыг бөөний болон жижиглэнгийн үнэ тус бүрд тусгайлан тогтоохоор зохицуулжээ. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмэхийг хоригложээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг батлах болсон нэгэн үндэслэл нь эмийн мэдээлэл, ялангуяа эмийн үнийн мэдээллийг ил тод болгох зорилготой. Энэ хүрээнд дараах өөрчлөлтийг оруулж.

Үүнд,

  • Хангамжийн шатлал бүрд хамаарах цахим мэдээллийн нэгдсэн сантай байхаар зохицуулсан
  • Хангамжийн байгууллага цахим мэдээллийн нэгдсэн санд эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх мэдээлэл, ялангуяа суурь үнэ, бөөний болон жижиглэнгийн үнийг тухай бүр байршуулах үүрэгтэй болсон
  • Ханган нийлүүлэгчдийн эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний үнийг цахим мэдээллийн сангаар дамжуулан эмийн сан болон эрүүл мэндийн байгууллагад ил тод байлгах зохицуулалт хийгдсэн
  • Эмийн сан жижиглэнгийн үнийг цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан иргэдэд ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй болсон байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай 2010 оны хуульд эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны талаарх зохицуулалт харьцангуй бага байсан бол одоо хэрэгжих зохицуулалтаар зар  сурталчилгаанд тавигдах нийтлэг зарчмыг өргөтгөн хуульчилж, зар сурталчилгаанд тавигдах шаардлага, хориглох зүйлсийг тусгайлан зохицуулжээ. Ингэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага эмийн зар сурталчилгаа явуулах бөгөөд зар сурталчилгаа нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан дуун тайлбар, сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан дохионы хэл, бичгэн тайлбартай байх ёстой болсон байна. Мөн зар сурталчилгаанд хориглох зүйлсийг тусгайлан хуульчилсан байх аж.

Жишээлбэл,

  • Зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлах,
  • Эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлах,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг сурталчлах,
  • Эмийг зүй бус, бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн, далд агуулгаар сурталчлах,
  • Иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаанд оролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах,
  • Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлах,
  • Телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудаснаас бусад мэдээлэх хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сурталчлах,
  • Тамирчин, спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг
    санал болгох, дэмжин сурталчлах, зарж борлуулах зэргийг хоригложээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарын намар DNN.mn

Улаанбаатарын намар аажуухан бөгөөд нүсэр эхэлнэ. Замын түгжрэл махны болон бараан захууд, бичиг хэргийн дэлгүүрүүдээс эхэлж “сургуульдаа эргэж ирэх боллоо” гэсэн самбарууд энд тэндгүй харагдаж гудамж талбайд сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны үзэсгэлэн алаглана. Үүнийг харсан багачууд хүүхдүүд нөгөө Говь-Алтайн хүү шиг уцаарлангуй “Заа за” гэж хэлэн санаа алдана.

Харин төгсөх ангийн хөвгүүд охид сэтгэл сэмрэн дэгэлзэх амой. Жимс, самрын худалдаа гадуур дэлгэгдэж, “Намрын ногоон өдрүүд” хэмээх хүнсний ногооны худалдаан дээр хүмүүс орж гаран шинэ ногоо дуртайяа худалдан авна. Хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж зунжин намдуу байсан баар саваар залуус шавж амьд хөгжимтэй уушийн газарт бөмбөр тас нясхийн гуулин цангаас нь ойсон гэрэл бүдэг танхим дотор гилс гилсхийн харагдаж зөөгчид шогшилдон гүйлдэж захиалсан зүйлсийг нь аваачих нь хөөртэй. Стадионы задгай талбайд том том тоглолт болж халамцуу залуус бүжиглэн шөнө дөлөөр алаглан харагдах салютын гэрэлд гэрээдээ хос хосоороо одоцгооно.

Модод одоо л нэг шарлах тэмдэг суусан ч цэл ногооноороо л байна. Оюутан сурагчдын хичээл эхэлж зам пиг болон түгжирч яг үүнийг нь анаж байсан мэт дулааны шугам, зам боржуур (бродюр)-ын засварууд ар араасаа эхэлж улам л төвөгтөй болгох ажаам. Хот тэр аяараа дүүрэн хахаж битүү нүргэлсэн дуу өглөөний долоон цагаас шөнө дөл болтол хүнгэнэх нь амьдралын дуу хоолой гэлтэй. Модод шаргалтаж навчис цардмал талбай дээр хөглөрөн унаж залуу охид түүнийг нь уяран харж цэвэр хэсгээр нь навчин титэм хийн толгойдоо зүүж хөгжил хөөртөй бүх юм дэлгэрэн цэцэглэх хавар цагийг мөрөөдөн зөгнөнө.

Хотын хүмүүс шувууд буцсан эсэх, буга урамдаж байгаа эсэхийг огт анзаарахгүй. Улаанбаатарын намар удаж, удаж анхны цаснаар л дуусах авай.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний гавьяат эмч Д.Өлзийбаяр: Хөгжил буурай орноос чанар тааруу, хямд эм оруулж ирж эмийн бизнес цэцэглэж байгаа нь үнэн DNN.mn

Анагаах ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Өлзийбаяртай ярилцлаа.


-Мэдрэлийн өвчин гэж ямар өвчнүүдийг хэлэх вэ. Түүнийг эмчлэхэд эмийн эмчилгээ хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

-Мэдрэлийн тогтолцооны эмгэг гэдэг бол өргөн хүрээний ойлголт. тархи, нугас, захын мэдрэлийн бүтцийн болон үйл ажиллагааны өвчнүүд багтдаг. Манай Улсын хувьд дэлхийн бусад орнуудтай ойролцоо хүн амын дунд насны бүлгээс хамаарчбүлэг бүрт тохиолдох эмгэг, тархалт өөр, өөр байдаг. Нярай хүүхдэд эхийн эрүүл мэнд, эмгэг төрөлттэй холбоотой тархины харвалт, менингит ихэвчлэн тохиолддог. Бага насны хүүхдүүдэд мэдрэлийн халдварын өвчнүүд, ухаан алдах, унаж татдаг шинжээр илэрдэг эпилепси зонхилон илэрнэ. Насанд хүрэгчдэдтархины судасны эмгэг, толгойн өвдөлтүүд,тархины харвалт, захын мэдрэлийн өвчнүүд элбэг талдаа. Нас ахих тусам танин мэдэхүйн хүрээний эмгэг, ой тогтоомж буурах буюу тэнэгрэлийн эмгэг нь түлхүү оношлогддог. Насанд хүрсэн хүн амын дунд тархины судасны эмгэг, тархины харвалтууд цөөнгүй тохиолдож байгаа нь тулгамдсан асуудал юм.тархины судасны өвчний үндсэн шалтгаанд нь артерын даралт ихсэх, чихрийн шижин, судасны хатуурал, судасны зарим гажгууд багтана. Мэдрэлийн халдварын өвчнүүд вирусын халдвар ихсэх үедилүү тохиолддог. Мэдрэлийн өвчний оношилгооны техник, технологи манай улсад сүүлийн үед эрчтэй хөгжиж, өвчнийг эрт илрүүлэх боломж сайжирч байна.Өвчнийг цаг алдалгүй эмчлэх, оношлох боломж бий болсон.

Мэдрэлийн эмчилгээний үндсэн зарчим нь нэгдүгээрт эмийн, хоёрдугаарт эмийн бус, гуравдугаарт мэс заслын эмчилгээ байдаг. Мэдрэлийн өвчний цочмог үеийн дараа сэргээн засах эмчилгээ томоохон үүрэгтэй. Мэдрэлийн өвчний эмчилгээ нь харьцангуй удаан хугацаа, хяналт, дэглэм шаарддагаараа бусад эмгэгээс ихээхэн ялгаатай. Жишээлбэл, хүн амын дунд цөөнгүй тохиолддог эпилепси (уналт,таталт, алдах шинж тэмдгээр илэрдэг) өвчний эмчилгээний дундаж хугацаа 3-5 жил. Энэ хугацаанд өвчтөн эмчийн заавраар таталтын эсрэг эмийг тасралтгүй, тогтмол уух, эмчийн хяналтад эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай. Сонгосон эмийн үйлдэл, гаж нөлөөг бусад эрхтэн тогтолцоонд учруулах хор хөнөөлийг эмч маш нарийн тооцдог. Эмийн эмчилгээ удаан хугацаагаар үргэлжлэхэд эмийн гаж нөлөөнөөс гадна эмийн хамааралт байдал үүсдэг. Тиймээс мэдрэлийн өвчний эмчилгээг эмчийн хяналтад цаг тухайд нь хийлгэж байхгүй бол өвчин даамжирч янз бүрийн үлдэц, урхаг байдал бий болох талтай. Сүүлийн жилүүдэд мэдрэлийн практикт өргөн хэрэглэдэг таталтын эсрэг зарим бэлдмэлийг мансуурах зорилгоор хэрэглэж, судас бөглөрөх, үе мөчөө тайруулах хүндрэлд хүргэж байгааг тал талдаа анхаарч, эмч, эм зүйч, эмийн жор баригчид туйлын болгоомжтой байх, тухайн эмийг хэрэглэж буй өвчтөнүүд эмээ зохистой хадгалах, бусдад ашиглах боломж олгохгүй байх хэрэгтэй.

-Мэдрэлийн эмчилгээний үндсэн зарчим нь нэгдүгээрт эмийн эмчилгээ байдаг гэлээ. Манайд эмийн чанар муу гэх зэрэг олон асуудал яригддаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бид өвчтөнүүддээ аль болох гаж нөлөө багатай, олдоц сайтай эмүүдийг сонгодог бөгөөд эмчилгээний үр дүн хэрэглэж буй эм, бэлдмэлийн чанараас шууд хамаардаг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар эмийн чанар, үнийн өсөлтийг шинжлэн судлах нээлттэй сонсголоор хараат бус шинжээчид болон олон нийт санаа бодлоо илэрхийлсэн. Хэрэглэж байгаа зарим эмүүд чанар муутай, үр дүнгүй, үнэ хэт өндөр байгаа тухай нээлттэй сонсголоор ил болсон. Энэ нь амьдрал, практик дээр бидэнд өдөр тутам ажиглагдаж байгаа асуудал. Чанарын шаардлагад хүрэхгүй эм бэлдмэлүүдийг хэрэглэхэд үр дүн муу байгаагаас тунг нэмж уух, хугацааг сунгах зэргээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирлын хэмжээ их байгаа нь ажиглагддаг. Тийм учраас манай мэдрэлийн практикт хэрэглэж байгаа эмүүд нь олон улсын стандартад нийцсэн үнэхээр баталгаатай эм байж гэмээнэ нь эмчилгээний үр дүнг сайжруулах, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд илүү үр дүнтэй.

Мөн бидний эндээс болон гадаадаас авч ууж байгаа эмүүдийг харьцуулахад үйлчилгээ тэс ондоо байдаг нь хамгийн энгийн жишээ. Эмийн компаниуд хямд үнэтэй, чанар муутай эмүүдийг оруулж ирж, ашиг хүртэж байгаа гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Хүмүүс уугаад л хэрэглээд байгаа хэрнээ өвчин нь илааршдаггүй байдлууд гарсаар байгаа. Ялангуяа мэдрэлийн өвчтөнүүд дунд олон жилээр эм уудаг хүмүүсээс гомдол тасралтгүй ирдэг. Тиймээс өнгөрсөн хаврын УИХ -ын нээлттэй сонсгол ил болсон асуудлуудаа цэгцэлж, жинхэнэ ажил хэрэг болгох шаардлагатай.

Ирэх аравдугаар сарын 1-нээс эмийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эм бэлдмэлийн сурталчилгааг олон нийтийн сүлжээнд зогсоож байгаад талархаж байна.

-Тогтмол хэрэглэдэг жортой эм болон ханиад томуугийн үед хэрэглэдэг эмнүүдийн чанар муу ч их үнэтэй зарагдаад байна гэдэг.

-Хил, гааль татвараас хамаарч эм үнэтэй зарагддаг байх. Хамгийн гол нь сайн, чанартай эмнүүд үнэтэй байдаг. Чанартай, үнэтэй эмнүүдийг байнга уудаг хүмүүст эрүүл мэндийн даатгалаар тодорхой хэмжээгээр хөнгөлөх хууль журмыг төр эрх үүргийн хүрээнд гаргана.Чанартай, баталгаатай эм бэлдмэл хэрэглэж байж эмчилгээ үр дүнтэй болж, өвчтөний амьдралын чанар сайжирна.

Хөгжил буурай орноос чанар тааруу, хямд эм оруулж ирж эмийн бизнес цэцэглэж байгаа нь үнэн. Эмч нар эмийг хэт шүтэж, эмийн бизнес гаарахад бас нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Манай зах зээл бага гэдгээс үүдэн сайн чанарын эм, бэлдмэлүүд төдийлөн орж ирдэггүй. Үүн дээр зөв зохицуулалт хийж чадвал бид чанартай, олон улсад баталгаатай эм, бэлдмэл хэрэглэх боломж байгаа.

-Эмчид үзүүлж жорын дагуу эм авах гэтэл тухайн эм нь эмийн сангуудад тасарчихсан, олддоггүй. Эм зүйчид адилхан үйлчилгээтэй гэх зэргээр өөр эм санал болгодог. Энэ нь хэр оновчтой вэ?

-Эмийг сонгоход үндсэн үйлчилж байгаа бодис гэж байна. Худалдааны нэр гэж бий. Үндсэн бодисыг агуулж байгаа эмийг жор баригчид өгч болно. Ойролцоо үйлчилгээтэй гэх байдлаар иргэдэд өөр эмийг огт өгч болохгүй.

Нөгөө талаас манай мэдрэлийн өвчтөнүүдийн ууж байгаа эмийг эм зүйч, жор баригч нар эмчийн бичсэн жорын дагуу зохих тунгаар нь олгох үүрэгтэй. Эм зүйч нар эмийг хэрэглэх явцад гарч болох гаж нөлөөний талаар холбогдох зөвлөгөөг үйлчлүүлэгчид өгч болох ч эмчийн бичсэн эмчилгээн дээр дахиж шүүмж хийгээд, энэ эм чинь хортой, яагаад ийм эм уудаг болсон юм гэх зэргээр толгойг эргүүлэх нь цөөнгүй. Энэ нь эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн талаас ч тэр, өвчтөнд үзүүлэх хандлага ч зохимжгүй. Хэрэв эмч илт алдаатай жор бичсэн байвал тухайн эмчтэйгээ холбогдож лавлаж болно. Мэдээж эм бүр хортой. Гагцхүү тэр эмийн тун, хэмжээ, харилцан үйлдлийг тааруулах нь эмчийн ур чадварын асуудал.

Манай улсад архаг өвчтэй хүмүүсийн хувьд бие биедээ аман мэдээлэл дамжуулах, нийгмийн сүлжээнд гарч байгаа мэдээллийг ашиглаж, янз бүрийн эм, биологийн идэвхт бодисыг дураараа хэрэглэх явдал түгээмэл байдаг. Энэ нь нэг талаас баталгаагүй эм, бэлдмэл хэрэглэснээрээ эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирол амсах сөрөг талтай. Архаг өвчтэй хүмүүс эмчтэйгээ маш сайн зөвлөж, эмчилгээгээ сонгох нь ихээхэн үр дүнтэй. Мөн эмийн эмчилгээнээс гадна эмийн бус эмчилгээ, дэглэм маш чухал. Тархины судасны өвчин оношлогдлоо гэхэд тархины харвалтаас сэргийлэхийн тулд нэгдүгээрт артерын даралтаа хянаж, хоёрдугаарт, насандаа таарсан хөдөлгөөн хийх, гуравдугаарт цаг агаар, улирал, өөртөө тохирсон хоол хүнс хэрэглэх нь энэ өвчнөөс сэргийлэх гол арга зам юм. Хүн амын дунд өргөн хэрэглэж байгаа тархины тэжээлүүд, омега 3 зэргийг замбараагүй хэрэглээд байгаа нь төдийлөн үр дүнгүй.

-Манайхны хувьд эмийн замбараагүй хэрэглээтэй гэх шүүмжлэлд их өртдөг. Дураараа эм уух нь ямар хор уршигтай вэ?

-Жишээ нь, толгойн өвдөлтийг намдаах цитрамон, цитромакс, зэрэг жоргүй олгодог эмүүдийг ихээхэн сурталчилдаг. Хүмүүс энэхүү сурталчилгаанд тулгуурлаад нэгэнт толгой өвдөөд байгаа юм чинь энэ эмийг хэрэглэе гэсэн сэдэл их төрдөг. Тэр эмийг уугаад өвдөлт нь намддаг. Толгойн өвдөлт дахихад тэр эмээ болон түүнтэй төстэй өвчин намдаах эмийг эмчийн хяналтгүй, өөрийн дураар аваад уучихдаг. Энэ нь эцэстээ өвчин намдаах эмийн хамааралтай болж, уухгүй бол тайвширдаггүй, өвдөлт намддаггүй байдалд шилждэг. Өвчин намдаах эмүүд олон найрлагатай байдаг бөгөөд эдгээр эмүүдийн үндсэн найрлагыг бүрдүүлж байгаа парацетамол нь элгийг гэмтээдэг. Энэ эмүүдийг удаан хэрэглэснээр ходоод гэдэсний салстыг гэмтээж, шархлаа үүсгэх, цус алдах хор уршигтай. Мөн харшлын эсрэг эмийг харшилд хэрэглэхээс гадна нойрны асуудалтай хүмүүс уг эмний гаж нөлөө болох нойрмог байдлыг ашиглан унтахдаа уудаг. Харшлын эмний гаж нөлөө нь тархины харвалт үүсгэх хүчин зүйл болохыг судалгаагаар тогтоосон. Мөн ханиадны төрлийн олон найрлагат минигрипп, терафлу зэрэг эмүүдийг олон хоногоор уух, эсвэл энэ төрлийн эмүүдийг давхарлан хэрэглэх нь маш хортой. Эдгээрийн найрлагад мөн парацетамол, харшлын эсрэг бэлдмэлүүд ордог.

Эмийн замбараагүй хэрэглээ нь өөрт байгаагүй эмгэгийг давхар бий болгож байгаад хатуу хяналт тавьж, жоргүй олгодог эмүүдийн тоог хязгаарлах, иргэдийн эмтэй харилцах боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй.

Мөн иргэд анхаарвал зохих нь, ууж байгаа эмээ энд тэндгүй тавьснаас бага насны хүүхэд эмэнд хордох явдал гарч байна. Настангуудын хувьд мартамхай болсны улмаас уусан эсэхээ мэдэхгүй, нэг тунгаа дахин ууснаас болоод эмийн цочмог болон архаг хордлогонд орох явдал бий. Иргэд эм гэдэг бол химийн хор гэдгийг ойлгож, эмчийн бичсэн тунгаар, хоног хугацаагаар хэрэглэх нь нэн чухал байна

Л.МИНЖМАА

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр бич өдөр DNN.mn

2024.09.29 / Ням гариг

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН
НАЙМАН ЦАГААН УЛААН БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 06.49-18.36
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Гал

Аргын тооллын 9 сарын 29, Адъяа гараг. Билгийн тооллын 27, Их морь одтой, улаан бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:49-18:36. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас:   29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 10 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29,30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 27-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -3….-8 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 27, 28-нд бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 27,28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч, шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. 27-ноос хүйтэрч шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Эйфелийн цамхгаас олимпийн цагаригийг буулгажээ DNN.mn

Олимпийн таван цагаригийг Парис хотын бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг дээр цаашид байнга байрлуулах санаа Францын иргэдийн дунд маргаан дэгдээгээд байсан билээ.

Нийт 29 метр урт, 15 метрийн өндөртэй сайжруулсан гангаар хийсэн олимпийн бэлгэдлийг Сена мөрний зүг харуулсан юм.

Зуны олимпийн наадмын үеэр байрлуулсан цагаргуудыг дараагийн олимпын наадам хүртэл буюу 2028 он хүртэл энэ хэвээр үлдээх санаачилгыг Парис хотын захирагч Анна Идальго гаргасан.

Түүний энэ санаачилгыг цамхгийг зохион бүтээсэн Густав Эйфелийн үр удам уг санааг эсэргүүцсэн юм.

30 тонн жинтэй аварга цагаргууд өвлийн цаг агаарт тэсвэртэй байдлаар хийгдээгүй тул буулгахад хүрсэн бололтой. Парис хотын захиргаа болон Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ)-ноос урт хугацаанд байрлуулах илүү хөнгөн цагариг бүтээхээр төлөвлөж байгаагаа зарлажээ.

Харин буулгасан цагаргийг цамхгийн урд байх Иена гүүрэнд байрлуулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт 10 дугаар хороолол орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өгнө DNN.mn

Ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 30-нд “10 дугаар хороолол” орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өгөхөөр төлөвлөжээ.

Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга С.Цэдэнсодном “Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугам анх 1983 онд буюу одоогоос 41 жилийн өмнө ашиглалтад орж, түүнээс хойш шинэчлэл хийгээгүй. Эрсдэл ихтэй шугам байсан. Өргөтгөх ажлын хүрээнд 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар шинэчиллээ. Өнөөдрийн байдлаар эхлэл цэгээсээ нөхөн сэргээлтийг хийж, НЗХГ-тай хамтран авто зам, зогсоолын ажлуудыг хийж байна. Авто зам, зогсоол барьснаар ажил бүрэн дуусна. Гол ажлууд дууссан учраас “10 дугаар хороолол” орчмын айл өрхүүдийн ус, дулааны шахалтыг хийж эхэлсэн. Амралтын өдрүүдээр шахалтыг дүүргэснээр есдүгээр сарын 30-нд тухайн байршил орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өгнө” гэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 8 дугаар сард 3380.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 89 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхааас 0.12 төгрөгөөр суларчээ.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3724.09 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 62.51 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхааас 60.24 төгрөгөөр суларсан байна.