Categories
мэдээ нийгэм

НТБГ: Хүүхдүүд автобусанд цүнхээ мартах тохиолдол их байна DNN.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

71690 тонн шахмал түлш нөөцлөөд байна DNN.mn

Өвлийн бэлтгэл хангах, түлшний нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд нийт 71690 тонн шахмал түлш нөөцлөөд байна.

2025 оны бизнес төлөвлөгөөг боловсруулах, үйлдвэрийн дарга нар тоног төхөөрөмжийн ашиглалтын зааврыг шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулах, баруун үйлдвэрийн нэгдсэн дулааны эх үүсвэрийн ажлыг ЗХХ-тэй хамтран ашиглалтад хүлээн авах, үйлдвэрүүдийн Хүний нөөцийн хэсгүүд нийт ажилтнуудын материал бүрдлийг ханган ажиллахыг үүрэг болголоо гэж Тавантолгой түлш ХХК-иас мэдээллээ. 

Categories
нийгэм

Монгол гэрийн Экспорт

Categories
мэдээ нийгэм

Таван шарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулна DNN.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд талын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна.

Тэгвэл тус бүтээн байгуулалтын эхнийх болох Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа нүхэн гарцын үндсэн бүтээцийн ажил дууссан юм. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын авто замын асфальт бетон хучилтын ажил үргэлжилж байна. Тус нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд 2 түвшний огтлолцолтой байх юм. Тус нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулна.

Түүнчлэн таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь 5 метрийн өндөртэй, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж болж буйгаараа онцлогтой юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Өнөөдөр Монголын хоёр харваач цэц сорино DNN.mn

Франц улсын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпийн наадам зургаа дахь өдрөө болж байна.

Өнөөдөр тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино.

Урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Д.Сэлэнгээ өнөөдөр Колуб улсын тамирчинтай халз харвах бол Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын харваачтай цэц сорих нь.

Д.Сэлэнгээ “Токио-2020” паралимпын наадамд оролцсон туршлагатай ба пара байт харвааны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн анхны монгол эмэгтэй харваач болсон юм.

Харин Б.Оюун-Эрдэнэ 2023 оны Азийн АШТ-ий алтан медальтай бөгөөд “Лондон-2012” паралимпын наадамд өрсөлдөж байлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Categories
мэдээ улс-төр

Ёс зүйн хорооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар өнөөдөр /2024.09.02/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд Монгол Улсын Ёс зүйн хорооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзан ажлын явц, танилцуулга мэдээллийг сонсож, санал солилцов.

Тус Байнгын хорооны чиг үүрэгт төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, Ёс зүйн хороо, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй зэрэг асуудал хамаардаг тул шинээр байгуулагдсан парламентын гишүүд ёс зүйн манлайллыг үзүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх үүрэгтэй. Тиймээс төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгож, хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэн, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлж, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлж, авлигатай тэмцэх, хууль тогтоомжийг батлах, хэрэгжүүлэхэд голлон анхаарна хэмээн Байнгын хорооны дарга уулзалтын үеэр онцоллоо.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу Ёс зүйн хороо нь Төрийн албаны төв байгууллагын дэргэд 9 гишүүнтэйгээр байгуулагдсан. Аливаа зөрчлийг ил тод, нээлттэй мэдээлдэг байх, хариуцлага тооцох үндсэн чиг үүргээ биелүүлэхэд анхаарч ажиллаж буй талаар Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс танилцууллаа. Тэрбээр, 2024 оны 02 дугаар сард Ёс зүйн дэд хорооны ажиллах журам батлагдаж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1127 байгууллага ёс зүйн дэд хороогоо байгуулсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хурал баталсан. Ёс зүйн хорооны дарга, гишүүд энэ онд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах сургалтыг 21 аймагт нийт 14 392 албан хаагчид явууллаа. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэдгээрт хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журмыг баталсан. Ёс зүйн хороонд нийт 21 гомдол, мэдээлэл ирснээс 17-г шилжүүлсэн, 4 гомдлыг шалгаж байна. Ёс зүйн дэд хороонд 308 гомдол, мэдээлэл ирсэн. Цаашид төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхийн тулд ёс зүй, хандлагыг гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй хэсэг болгон үнэлэх, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгох, алдаа гаргасан удирдах албан тушаалтан сайн дураараа чөлөөлөгддөг хандлага, соёлыг бий болгох ёстой. Ёс зүйн хороо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд мөрдөж буй дүрэм, журам, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн. Хороог бие даасан, хараат бус зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хууль, тогтоомжийн төслийг боловсруулах, төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр, ёс зүйн индекс, ёс зүйн бүртгэл, хяналтын систем нэвтрүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-аас Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно.

Нийслэлийн ИТХ нь 45 мандаттай бөгөөд нийслэлийн МАН-аас дараах 45 хүнийг нэр дэвшүүлэхээр болжээ. Тодруулбал,

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ:

1. Ж.Батбаясгалан

2. Б.Сэмжидмаа

3. Д.Ихбаяр

4. Ч.Мэндбаяр

5. Э.Энхтөр

6. Ө.Сумъяабаатар

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ:

7. Г.Ууганбаяр

8. Ч.Батзориг

9. О.Гэрэлт-Од

10. А.Баяр

11. Э.Одонтуяа

12. Б.Мөнхбаатар

13. Б.Галцог

14. Г.Жаргалсайхан

15. Т.Даваадалай

16. Ү.Оюунзул

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ:

17. Ц.Баттөр

18. Ц.Төрхүү

19. Э.Хулан

20. Г.Батзориг

21. Б.Сэргэлэнбаатар

22. Х.Нямбаатар

23. Ж.Сандагсүрэн

24. Н.Баярчимэг

25. Б.Хуягбаатар

26. Г.Батбаяр

СҮХБААТАР ДҮҮРЭГТ:

27. М.Говьсайхан

28. Б.Ану-Үжин

29. Х.Алтай

30. Б.Дөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ:

31. Л.Хосбаяр

32. Г.Батсайхан

33. А.Амартүвшин

34. Д.Мягмар

35. Ж.Энхжаргалан

36. Б.Буянтогтох

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ:

37. Н.Мандуул

38. Л.Ариунтуяа

39. Б.Мөнхбат

40. З.Төмөртөмөө

БАГАНУУР ДҮҮРЭГТ:

41. С.Даваасүрэн

42. Т.Отгонболд

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ:

43. С.Эрдэнэбаяр

НАЛАЙХ ДҮҮРЭГТ:

44. Д.Наянбаяр

45. Д.Отгонсүрэн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага сайн байна DNN.mn

Зуншлагын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд буюу Архангай, Төв, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим нутгаар сайн.

Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт буюу 20 гаруй хувьд дунд байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-10.5 градусаар дулаан. Хур тунадас нийт нутгийн 40 гаруй хувьд дунджаас ахиу, 60 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс бага орсон.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-26 м/с буюу аюултай, Өвөрхангайн Сантад 32 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Categories
гадаад мэдээ

Дональд Трампыг яллах дүгнэлт шинэчлэгджээ DNN.mn

АНУ-ын Дээд шүүх “Ерөнхийлөгч Трампын халдашгүй байдалд хамаарах зүйлээр шүүх яллах дүгнэлт үйлдэхгүй” гэсэн шийдвэр гаргангуутаа амралтаа авсан билээ. Харин одоо Дээд шүүхийн амралт дууссан тул тусгай прокурор Жек Смит Дээд шүүхийн уг шийдвэрт тохируулан Дональд Трампад зориулсан яллах дүгнэлтийг дахин боловсруулсан гэж мэдэгдэв. Түүний энэхүү шинэ яллах дүгнэлтийн эх бичвэрт Трампыг буруутгаж байсан дөрвөн зүйл заалтыг хэвээр үлдээсэн боловч Дээд шүүхийн уг шийдвэрийн шаардлагыг хангаж, зарим зүйлийг өөрчилсөн юм байна. Тусгай прокурор Трампыг засгийн газрыг залилан мэхэлж, албан ёсны үйл ажиллагаанд нь саад учруулж, хөндлөнгөөс оролцохыг завдсан, иргэдийн эрхийг зөрчин 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг луйвардах гэж оролдсон гэж буруутгаж байгаа юм.

Харин Трамп “Тусгай прокурор Жек Смит намайг 2020 оны сонгуулийн дүнг луйвардсан гэж ямар ч нотлох баримтгүйгээр буруутгаж байна” хэмээн мэдэгдсээр байгаа юм. Энэ удаа ч Трамп тусгай прокурор түүнд шинэ яллах дүгнэлт үйлдсэн явдлыг “Truth Social” нийгмийн сүлжээндээ “Түүний энэ алхам нь шулмын анг сэргээж, Америкийн ард түмнийг сонгуулиас сатааруулах гэсэн оролдлого” гэж бичсэн байна. Мөн Трампын хуулийн багийн төлөөлөгч АНУ-ын CBS телевизийн сувагт “Шинэ яллах дүгнэлт гаргасан нь бидний хувьд гэнэтийн зүйл биш. Улсын дээд шүүхийн шийдвэрт тохируулж эрх баригчид үүнийг хийнэ гэдгийг бид хүлээж байсан. Энэ явдал бидний байр суурийг өөрчлөхгүй. Смитэд Трампыг уг хэрэгт буруутгах хангалттай нотлох баримт байхгүй учир тусгай прокурор хэрэг үүсгэхээс татгалзах ёстой” гэж ярьжээ.

Трампыг яллах шинэ дүгнэлтэнд өөрчлөлт орсноор уг дүгнэлт 45-аас 36 хуудастай болж “нимгэрсэн” байна. Жишээ нь, Трамп сонгуулийн ялагдлаа хүчингүй болгохын тулд Хууль зүйн яамны ажилтнуудад шахалт үзүүлэхийг оролдсон гэсэн заалт эндээс хасагджээ. Учир нь Дээд шүүхийн шийдвэрээр ерөнхийлөгч Трампын засгийн газрын ажилтнуудад өгсөн тушаалыг хууль бус гэж үзэх ёсгүй болж байгаа аж. Мөн шинэ эх бичвэрт “Трамп мужуудын сонгуулийн үр дүнг баталгаажуулах үйл явцад нөлөөлөхийг оролдохдоо ерөнхийлөгчийн хувиар бус иргэний хувиар нөлөөлсөн” гээд “Трамп дэд ерөнхийлөгч Майк Пенсийг сонгуулийн дүн болон Байдены ялалтыг баталгаажуулахгүй байхыг ятгахыг оролдсон” гэх мэт батлах баримтуудыг дурдсан байна. Тэгвэл Дээд шүүхийн ерөнхий шүүгч Жон Робертс “Ерөнхийлөгч Трамп дэд ерөнхийлөгч Пенс хоёрын хоорондын яриа ерөнхийлөгчийн халдашгүй байдлын тухай шийдвэрт хамаарна” гэж хэлжээ. Харин мэргэжлийн ажиглагчид Дээд шүүх нэг, хоёр шүүгчийн саналаар бус бүх шүүгчдийн олонхийн саналаар шийдвэр гаргана гэдгийг онцолжээ. Мөн АНУ-ын үндсэн хуулийн мэргэжилтэн Дэниел Чарльз Ричман BBC-д “Шинэ яллах дүгнэлт гарснаар уг хэргийг хурдасгана гэсэн үг биш бөгөөд шүүх хурал 11 дүгээр сарын сонгуулиас өмнө эхлэх магадлал багатай” гэж хэлжээ. Тэгвэл Дональд Трампын хуульчид болон тусгай зөвлөх Жэк Смит нар өнгөрсөн баасан гарагт хамтарсан мэдэгдэл хийж “Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэргийг хэрхэн үргэлжлүүлэх талаар бид санал нийлэхгүй байна” гэж зарлажээ.

Тусгай прокурор Смит энэхүү хамтарсан мэдэгдлийн үеэр уг хэргийг шийдвэрлэх цаг хугацааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, “Энэ хэргийг хэзээ шүүхээр оруулах нь хуулийн дагуу миний бүрэн эрхийн асуудал” гэж хэлжээ. Харин Трампын өмгөөлөгчид уг хэргийн сонсголыг 11 дүгээр сарын сонгууль өнгөртөл хойшлуулахыг санал болгосон байна. Харин олон хуульчид “АНУ-ийн ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал Хууль зүйн яаманд түүний эсрэг гаргасан холбооны бүх нэхэмжлэлийг эргүүлэн татах тушаал өгнө” гэж үзэж байна. Гэхдээ энэ сарын 10-нд Филадельфи хотод болох ABC News-ээр шууд явагдах Харрис, Трамп нарын мэтгэлцээний үр дүнгээс сонуулийн явц ихээхэн хамаарна. Учир нь Трамп уг хэргээс гадна энэ сард “Бэлгийн харьцаагаа далдлан нуух гэж санхүүгийн залилан хийсэн” гэх хэрэгт оногдох ялаа Тангарагтны шүүхээс сонсоно. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Дональд Трамп бол албан ёсны гэмт хэрэгтэн. Харин Харрис прокурор байхдаа элдэв гэмт хэрэгтэн ялангуяа цагаан захтнуудад ял оноож нэрд гарсан нэгэн. Иймээс ялтан, яллагч хоёр ABC New-ээр мэтгэлцэх болж байна гэсэн үг.

Энэ нь өнгөрсөн зургадугаар сард CNN телевизээр явагдсан Байденыг Харрисаар солиход хүргэсэн нэр дэвшигчдийн мэтгэлцээнтэй адил үр дүнд хүргэж магадгүй юм. Учир нь АНУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сенатын танхимын 100 гишүүний гуравны нэг, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүний тал хувь нь мөн нэлээд хэдэн мужийн амбан захирагч дахин сонгогдоно. Энэ олон зуун улстөрчийн хувь заяа болон намын бодлого Д.Трамп, Вэнс нарын сонгогчдын дунд байгаа нэр хүндээс шууд хамаарна. Гэтэл яллагдагч Трампаас гадна дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Дэвид Вэнс нь ерөнхийлөгч байсан Дональд Трампын татаасаар 2022 оны 11 дүгээр сарын 8-нд болсон сонгуулиар ардчилсан намын гишүүн Тим Райаныг 53 хувийн саналаар ялж, Охайо мужаас анх удаа сенатор болсон улс төрийн ямар ч туршлагагүй нэгэн юм. Иймээс энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль адал явдлаар дүүрэн болж өнгөрөх нь ойлгомжтой болоод байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: III ДЦС-ын төсөлд төр, засгийн зүгээс илүү анхаарал, болгоомжтой байх биз DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.


-Өнгөрөгч долоо хоногт УИХ, Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг яаралтай журмаар хэлэлцэж дэмжсэн. Та энэ салбарын мэргэжлийн хүний хувьд уг үйл явцыг хэрхэн харж байна. 1.4 тэрбум ам.долларын зээлээр барих ер нь хэр зөв бэ?

-Түүх яривал бүр 2014 онд бил үү дээ. ДЦС-3-т 50 МВтын чадал нэмсэн. “ДЦС-3-ын Нэгдүгээр шатны шинэчлэл” нэртэй төслийн хүрээнд. Амжилттай хэрэгжсэн, одоо хүртэл хэл амгүй ажиллаж байна. Залгаад 2014 оны аравдугаар сарын 11-ний өдөр Засгийн газрын 331 тоот тогтоол гарч хоёрдугаар шатны шинэчлэл хийж чадлыг нь дахиад 2х125 МВт буюу 250 МВт-аар нэмэх гэрээг түлхүүр гардуулах нөхцлөөр байгуулж хэрэгжүүлж эхлэх даалгаврыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М,Сономпил нарт өгсөн байдаг.

Төсөвт өртөг нь 300 сая орчим ам.доллар байл уу даа. Эх үүсвэр нь Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, бонд болон 2015-2019 оны улсын төсвөөс гэж заасан байсан. Энэ асуудал сонгуультай холбогдоод замхарсан байх. Яагаад гэвэл уг тогтоолыг 2016 оны сонгуулийн дараа хүчингүй болгосон байдаг. 300 сая ам.долларын төсөв 10 жилийн дараа 1.3 тэрбум евро болчихоор эгдүүцэхээс өөр аргагүй биз дээ.

-Энэ төсөлд шинээр ТЭЗҮ хийхээр яригдсан. Гэтэл өмнө нь ТЭЗҮ хийгдэж, гуравдугаар ДЦС-ын инженерүүд хянасан юм байна лээ шүү дээ. Хянасан инженерүүд нэлээд шүүмжлэлтэй ханддаг юм байна лээ. ТЭЗҮ-д манай талтай нийцэхээргүй яг ямар асуудлууд туссан байдаг юм бол?

-Одоо хийгдэх нь зураг төсөл юм билээ. Өмнө нь оросууд ТЭЗҮ хийсэн. Түүнийг нь манай инженерүүд хянасан. Шүүмжүүдээ нэгтгээд яамандаа өгсөн юм билээ. Тэр үед л 1,3 тэрбум евро гэдэг тоо гарч ирсэн. ТЭЗҮ гэдэг чинь техник талыг нь ч, эдийн засаг талыг нь судлаад төсөл хэрэгжүүлэх утга учир байна уу гэдгийг шийддэг гол бичиг баримт. Тэгэхээр зураг, төсөл буюу дараагийн шатны ажлыг эхлүүлэх гэж байгаа нь тэр ТЭЗҮ-г үндсэндээ зөвшөөрсөн гэсэн үг шүү дээ. Техникийн чанартай 100 гаруй маргаантай асуудлууд байгаа. Гол нь энэ өндөр үнэ өртөг хойч үедээ үлдээх утгагүй өр.

-Та цахим хуудастаа “ДЦС-3-ын өргөтгөлийг Оросын нөхцөлөөр хийвэл дараа нь мөн ч олон хүн шоронд орно” хэмээн бичсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ, яагаад шоронд орно гэж?

-Өнөөгийн ханшаар 500-700 сая ам.долларт хийгдэх ажлыг 1,44 тэрбум доллараар хийлгэчихвэл наад захын үр дагавар нь ийм шүү гэж сануулсан ухаантай.

-Эрчим хүчний хувьд эмзэг манай улсын хувьд гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн гэх энэ төсөл чухал төсөл биш үү?

-Чухал учраас аль 2014 онд, бас 2018 онд яригдаж байсан. Тухай бүртээ л ойлгомжгүй шалтгаанаар замхарч байсан даа.

-Олон нийтийн ойлголтоор манайх эрчим хүчний хувьд Оросоос хараат гэгддэг ч начир дээрээ БНХАУ-аас хараат, тиймээс энэ төсөл бол чухал гэх хэсэг ч байна л даа?

-Америкийн нэг суу билэгт улстөрч наад хоёр хөр шөөс хамааралтай байд лыг чинь шийдэх ганцхан арга нь “Power of Balance” буюу тэнцүүлэлт гэж хэлсэн байдаг. Энэ нь хоёр хөршийг тэнцүүлэхээр тогтохгүй гурав дахь хөршийг хамааруулж хэлсэн үг гэж би ойлгодог. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Оросын технологиор баригдсан станц учир өргөтгөл ч Оросынх байх ёстой гээд байна лээ. ДЦС-4-ийн зуухны тоос бэлдэх систем бүхэлдээ, турбинуудын тохируулгын систем Японых болсныг мэдэхгүй байх л даа. Зардал нь хүртэл 2-3 дахин бага, дээр нь маш найдвартай байдаг. ДЦС-3 дээр ч барууны технологи их нэвтэрсэн байгаа.

-Ямар байдлаар явуулбал манайд харилцан ашигтай төсөл болох вэ?

-Нэгдүгээрт, үнэ өртөг дэлхийн жишгээр, хоёрдугаарт, зээлийн нөхцөл боломжийн байх ёстой. ДЦС4-ийн шинэтгэлүүдийг хийсэн Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүү нэг хувь хүрдэггүй юм шүү. Дээр нь зээлтэй холбоотой үндсэн зээл төлөхгүй байх хугацаа, эргэн төлөлтийн ерөнхий хугацаа гээд зөндөө юм бий. Техникийн хувьд ч олон асуудал бий. Тийм нарийн ширийн зүйлийг уншигч ойлгохгүй учир энэ удаа нурших хэрэггүй байх. Ямарч байсан энэ төсөл олон нийтийн анхаарлыг татаж чадлаа. Тийм учир төр, засгийн зүгээс илүү анхаарал, болгоомжтой байх биз.