Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэл үргэлжлэн хонохыг анхааруулж байна.


2024 оны 09 сарын 21-нээс 2024 оны 09 сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 22-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нд нугийн баруун хагаст, 22-ноос ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эрчим хүчээ хэмнэх болoмжтой DNN.mn

“Пассив барилгын хүрээлэн”-гийн ерөнхийлөгч, олон улсын Барилгын зөвлөх, сургагч багш Н.Ганбаатай гэр, байшингийн дулаан алдалтыг бууруулснаар хэрхэн ая тухтай амьдарч болох талаар ярилцлаа.


-Жил бүрийн өвөл утаатай, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн нөхцөлд нийслэлчүүд бид өвөлжиж байна. Хэрхэн дулаахан өвөлжих вэ гэдэг асуудал айл бүрт тулгардаг. Энэ тал дээр ямар гарц шийдэл байна вэ?

-Бид 2018 оноос эхлээд монгол гэрийн дулааны нөхцөл байдлыг туршиж судалсан.Үндсэндээ дулаан алдалтыг эрс буулгаж чадвал монгол гэр зуух, яндангүй, нүүрс түлэхгүй байх бүрэн боломжтой. Гэрийнхээ хаяавч, хаалга, тооно, яндангийн нүх, дээвэр туурганы дулаан алдалтыг бууруулах, агаар сэлгэлтээ яаж шийдэх вэ гэсэн аргуудыг нэг бүрчлэн танилцуулаад явж байна.

Дээрх туршилтын үед гэр хорооллын шөнийн тарифыг тэглэж эхэлж байсан. Нэг айл бүтэн сарын хугацаанд шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд 700 квт цагийг үнэгүй ашиглах боломжтой байв. Энэ хүрээнд нь бид туршилтаа хийсэн. Тэр өвөл аравдугаар сараас дараагийн жилийнх нь гуравдугаар сар хүртэл хэмжилт хийхэд тус айлд ямар ч халаалтын зардал г араагүй. Халаалтын ачааллыг ердийн гэрээс тав, зургаа дахин бууруулсан гэсэн үг. Тавдугаар цахилгаан станц барих гэх мэтчилэнгээр цахилгааны хангамжийг хэд дахин нэмэгдүүлэх гэж өндөр зардал гаргаж байхаар хэрэглээгээ тав дахин буулгах боломж нь байсаар байтал түүнийг хийхгүй байна.

-Төрийн бодлого оновчгүй байна уу?

-Эрчим хүчний бодлого буруу явсан. Нүүрс түлэхийг л хөхиүлэн дэмжсэн. Нүүрс түлэхэд татаас өгч, түлж буй нүүрсний гуравны хоёрыг нь улсаас хөнгөлж, үлдсэнийг нь айлууд өөрөө төлж буй нь алдаатай бодлого. Аль болох халаалт хэмнэсэн дулаан хамгаалалтаа сайн шийдэх боломжийг нь олгож, хөхиүлэн дэмждэг байх ёстой. Тухайн айл цахилгаан, түлшнийхээ хэрэглээг бууруулах юм бол эсрэгээрээ урамшуулал авдаг, дулаалгыг нь хийж, агаар сэлгэлтийг нь шийдэж өгдөг ийм бодлого байх ёстой байтал яг эсрэгээрээ байна.

-Гэр хорооллын янданг цөөлөхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Улаанбаатар хотод гал түлэхгүй байх технологийн бүрэн шийдэл, нарны эрчим хүч хүртэл бий. Гэр, сууцны дулаалгыг сайн шийдсэн тохиолдолд нарны эрчим хүчээр халаалтаа шийдэж болно гэдгийг бид зөндөө харуулж байна. Гал түлэхгүй бол өвөлжиж чадахгүй гэдэг ойлголт бидний тархинд суучихсан. Бид үүний эсрэгээр нотлох гэж “Загастай байшин” төсөл хэрэгжүүлсэн. Дулаанаа алдахгүй хадгалж чадвал гал түлэх огт шаардлагагүй юм гэдгийг ойлгуулах гэж оролдсон. Энэ мэтчилэнгээр төр засаг нь түүчээлж манлайлахгүй бол хувийн хэвшил, цөөхөн хэдэн инженерүүд нь хүчрэхгүй байна. Нөгөө талд нь 99.9 хувь нь нүүрсийг дэмжсэн бодлого явж байгаатай холбоотой. 2018 оны монгол гэрийн жишээ бол нэг ч төгрөгийн халаалтын зардал гаргалгүй идэр есийн хүйтэнд ч тогтмол температуртай, эрчим хүч хомсдолтой оргил ачаалалд оролцохгүйгээр, зөвхөн шөнийн тарифын хөнгөлөлттэй цагаар халаагуураа залгаж, энэ хураасан энергиэрээ дулаанаа хангаж болж байгаа юм гэдгийг туршилтаар харуулсан. Агаар сэлгэлтийн төхөөрөмж гээд нарийн юмнууд хэрэгтэй боловч хүн гайхаад байхаар юм биш, амархан. Энэ жилийн хувьд тодорхой 10 айлыг сонгож аваад яг дээрх аргаар төслөө хийж үзүүлнэ.

-Пассив хаусын онцлогийг тайлбарлавал?

-Пассив хаус гээд яриад байгаа нь энгийн үгээр хэлэхэд тавхан тулгуур зарчимтай. Нэгдүгээр зарчим нь сайн дулаалга, хоёр дахь зарчим нь чанх урагшаа харсан сайн пассив цонх буюу нар оруулах, нөгөөтэйгүүр дулаан алдахгүй байх, гурав дахь нь битүүмжлэл бөгөөд гэрт үүссэн дулаан агаарыг гадагш алдахгүй байх үүрэгтэй. Дөрөв дэх нь дулааны гүүргүй хийцлэлтэй байх. Байшин, гэрээс бетон, тоосго зэрэг нь илүү гарч, дотогшоо гадагшаа дулааныг дамжуулсан гүүр гарсан байх ёсгүй. Монгол модон гэрт дулааны гүүр байхгүй гэж үздэг. Тав дахь тулгуур зарчим бол дулаан сэргээгчтэй агаар сэлгэлт. Том хүн нэг цагт 20 м.куб агаарыг бохирдуулдаг учраас энэ хэмжээний цэвэр агаарыг гаднаас оруулж ирэх шаардлагатай болдог. Гэтэл тэр агаар нь маш хүйтэн байдаг. Яаж түүнийг байнга тогтмол бүлээсгэж оруулж ирэх вэ гэхээр бохирдсон агаараа гаргахдаа тэр дулааныг нь шинэ агаартаа шингээдэг. Маш өндөр чадамжтайгаар бохирдсон агаарынхаа дулааныг сэргээгээд авчихдаг төхөөрөмж бий.

-Ер нь монгол гэрийн дулаан алдагдлыг яаж шийдэх вэ?

-Боломжиндоо тааруулаад эдгээр таван зарчмын аль нэгийг нь ч хийсэн болно. Жишээлбэл, монгол гэрийн зөвхөн битүүмжлэлийг нь сайжруулбал дулаанаа хадгалах маш сайн үр нөлөөтэй. Монгол гэр дээр хамгийн хямдхан, үнэгүй шахуу битүүмжлэлийн аргаар дулаан алдагдал 20-30 хувь хэмнэгдэнэ.

-Монгол гэрт халаалтыг яаж шийдэх вэ?

-Мэдээж шууд өөрөө халахгүй, нэмэлт халаалт хэрэгтэй. Чулуун халаагуур гэж бий. Эрчим хүч хямд, нарны эрчим хүч үүссэн үед дулаан болгоод нөөцлөөд авчихдаг. Ийм дулаан нөөцлүүрийг хоёр гурван аргаар хийж болдог. Нэгдүгээрт, элс, тоосго зэрэг гар доорх материалаар хийж болно. Ерөнхийдөө ханан пийшин шиг болно гэсэн үг. Үүнийгээ халааж аваад хэрэгцээтэй үедээ хучлагыг нь сөхөж дулаанаа авах, эрчим хүчний илүүдэлтэй үед нөөцөлж аваад, дутагдалтай үед хэрэглэх ухаалаг арга юм.Шалаа цутгахдаа дулаалаад шалны халаалтыг давхар хийж болно.Монгол гэрт 10 см дулаалга хангалттай гэж үздэг. Энэ өвөл дулаалсан шалан дээр гэрээ бариарай гэж зөвлөе.

-Хаус, амины орон сууцны хувьд барихдаа пассив аргыг хэрхэн хэрэглэх вэ?

-Дээрх таван зарчим л явна. Агаар сэлгэлтээ зөв шийдэх ёстой. Цонхоо сайн дулаалж, сийгэлтгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.Сийгэлт ихтэй байшинд чийг барьцалдаад байшингийн дотор материал мод, төмрийг зэврүүлээд байшинг амархан муутгадаг. Битүүмжлэлийг дотор талаас нь хангаж өгнө гэдэг пассивын үндсэн хоёрдугаар зарчим дээр байж байгаа. Тэр чигээрээ эрчим хүч хэмнэх, барилгыг урт удаан настай байлгах технологийн нэг хэлбэр. Дүнзэн байшинг дурын газраараа амьсгалдаг байшин гэж хэлдэг. Энэ нь буруу, хуучирсан арга. Агаар сэлгэлт хийдэггүй, технологийн шийдэл байхгүй учир нүх сүвээ онгорхой орхичихоод амьсгалдаг гэх мэт гоё үгээр халхавчилдаг. Сийгэлт ихтэй байшин ая тухгүй хурдан дулаанаа алддаг барилгын үндсэн хийцлэл ч цантаж нороод амархан өмхөрдөг, чанар нь мууддаг. Барилгын технологийн шинэ эрин болох пассив нь хамгийн ухаалаг эрчим хүч хэмнэж болохуйц арга, аргачлалуудын нэгдэл юм. Монголын хувьд өвөл маш хүйтэн байдаг ч нарны эрчим маш өндөр байдаг. Наргүй өдөр гэж бараг байхгүй. Үүнтэй пассив хаус маш сайн зохицдог.

-Үнэ өртгийн хувьд пассив хаус хэр байдаг бол. Иргэд байшингаа хэрхэн зөв дулаалах арга хэлж өгөхгүй юү?

-Ерөнхийдөө 1.5 дахин өндөр материалын зардал гарна. Маш сайн цонх, агаар сэлгэлтдээ мөнгө их зардаг. Үүнтэй зэрэгцээд талбайгаа цомхон болгож хэмнэ гэж бид зөвлөдөг. Жишээлбэл, 10х8лөсөн байдаг. Маш зөв зохион байгуулалттай урагшаа харсан цонхтой, цомхон овор багатай байх т-тай байшин барина гээд ороод ирдэг. Ашиглалтыг нь харахаар маш үрэлгэн, ашиггүй талбай ихтэй төлөвусмаа эрчим хүч хэмнэдэг. Цонх буруу талдаа гарахаар хэт халж, хөрдөг.

Хуучин барилгын хувьд Пассив зарчмаараа урагшаа харсан цонхыг нь сайжруулаад, бусад цонхыг нь хааж өгч болно. Мөн агаар сэлгэлтийг нь сайжруулах шаардлагатай. Ингэснээр хуучин байшин ч 80 хувь хүртэл эрчим хүч хэмнэж болох юм. Бид өмнө нь Ганданд палкан байшинг пассив болгож дулаалаад, агаар сэлгэлтийг нь хийхэд өвөлдөө сард 60-80 мянган төгрөгийн эрчим хүч сард зарцуулсан. Тухайн үеийн ханшаар дулаалгын зардал 20 сая төгрөг болсон. Цонхыг нь маш сайн дулаалснаар өдөрт хоёр шуудай нүүрс түлж байсан тэр айл хожсон доо.

Яндангүй бүсээ зарлая гэхээр хүмүүс их эмзэг хүлээж авдаг. Хөлдөж үхэх юм уу гэх зэргээр их олон шалтгаан хэлдэг. Дээр хэлсэнчлэн монгол гэр, хуучин модон байшин гэх мэт олон хувилбараар амжилттай туршилт хийж үзсэн, яндангаа буулгаснаар маш хожилтой, ая тухтай ногоон дотоод гадаад орчин үүсгэж болдгийг бид харуулсан. Төр засгийн удирдлагууд айх юмгүй хийгээд л эхлэх хэрэгтэй. Нэг сумаар хоёр туулай буудна.

Олон жил нөлөөлөх гэж оролдсоны эцэст төр засгийн бодлого жаахан наашилж байна. Пассив хаус бариулбал 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Айлуудын газрыг төр чөлөөлж авч өндөр барилга барьснаас, яндангүй бүсээ зарлаад,тухайн газар дээрээ иргэд өөрсдөө шууд хаус хороолол болгон хувиргах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 3 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа DNN.mn

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 3 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна

Сүхбаатар дүүргийн 1, 2 дугаар хороо, Нарны замыг хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хаана.
Тодруулбал
Нарны замын урд урсгалыг 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22:00 цагаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд, хойд урсгалыг 2024 оны 09 дүгээр сарын 22-ны 06:00 цагаас 09 дүгээр сарын 23-ны 06:00 цагийн хооронд хаах тул нийтийн тээврийн 3 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.
Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино
М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”
Ч:17А “Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам /их тойрог/”
Ч:17Б “Баруун 4 зам- Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу /их тойрог/”

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Номингэрэл: Эрүүгийн хуулийг үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг боомилох арга хэрэгсэл болгон ашиглаж байна DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгээс “Үзэл бодол: Ялтай эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль тогтоогчдоос УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Жаргалан, А.Ганбаатар, Ж.Баярмаа, Ө.Шижир нар иржээ. Мөн МСНЭ-ийн удирдлагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтаар сэтгүүлчдийг яллаж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хэрхэн халдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ сэдвээр АН-ын бүлгийн зөвлөх, эрх зүйч Х.Номингэрэлтэй ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгааг судалгаанууд харуулж байна. Ялангуяа сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллаж буй асуудлыг яаж болиулах вэ?

-Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ардчиллын үнэт зүйл бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээгээр агуулга, хүрээн нь тодорхойлогдсон байдаг билээ.

Сүүлийн жилүүдэд олон улс дахь дарангуй улс төрийн дэглэм өргөжилт, нөгөө талаар цар тахлын эсрэг арга хэмжээ зэргээс шалтгаалан энэхүү эрхийг хязгаарлах байдал ажиглагдаж буйг олон улсын судалгаа, индексүүд онцолсоор байна.

Сэтгүүлчдийг хамгаалах хороо Олон улсын байгууллагын мэдээгээр 2019-2023 оны хооронд “худал мэдээ тараах” тухай хууль зүйн зохицуулалтыг 91 улс шинээр бий болгосон. 2022, 2023 онд дэлхий даяар хамгийн олон сэтгүүлчдийг хорьсон байна.

Монгол Улсад ч мөн Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллага болон “Глоб Интернэшнл” зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын тайлан мэдээлэлд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн нөхцөл байдал дордсон. Энэ эрхийг төрийн зүгээс хязгаарласан, халдсан тохиолдлууд гарсаар байгааг анхааруулсаар байгаа билээ. Монгол Улс 2023 оноос хойш нэг жилд 21 байраар ухарсан. Харин сүүлийн найман жилд 60 байрнаас 109 хүртэл буюу 49 байраар ухарч “асуудалтай” ангилалд багтаж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 9 сарын 18-ны өдөр “Үзэл бодол: Ялтай эрх чөлөө?” сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгааг дээшлүүлэх, тэр дундаа Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд энэ эрхийг хөндөж буй зохицуулалтуудыг дахин авч үзэх, сайжруулах зорилгоор холбогдох иргэний нийгмийн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид болон ХЗДХЯ-ны санаачилга, мэдээллийг сонсож хэлэлцүүллээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтууд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт ч тусгагдсан. Тиймээс энэ асуудлаар тодорхой ахиц дэвшил гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ үүний тулд бодит нөхцөл байдлыг дүгнэх, үзэл баримтлалын ялгаа заагийг гаргах, салбарын мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсох, хөндөгдөж буй эрхүүдийн тэнцвэрийг хангаж ойлголцлоо нэгтгэх шаардлагатай.

-Эрүүгийн хуулийн 13.14-дэх заалт нь сэтгүүлчдийг яллахад үйлчилж байна. Энэ зүйл заалтыг хуулиас авч болдоггүй юм уу. хуульчид ямар байр суурьтай байна вэ?

-Хэлэлцүүлгийн оролцогчдын харьцангуй дуу нэгтэй илэрхийлж байгаа байр суурь бол Эрүүгийн хуулийн 13.14 зүйл буюу Худал мэдээлэл тараах гэсэн гэмт хэрэг нь худал мэдээлэлтэй тэмцэх гэхээсээ илүү сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах, залхаан цээрлүүлэх хэрэгсэл болж байгааг дурдаж байна. Энэ гэмт хэргийн гомдол гаргагч төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд байх нь элбэг. Эрүүгийн хуулийн 13.14-т холбогдуулан шалгагдаж байгаа хүмүүсийн тал хувь нь сэтгүүлчид байна.Хэлэлцүүлэгт яг энэ зүйл ангиар дахин дахин цагдаад дуудагддаг, яллагдагчаар татагдсан, ял авсан сэтгүүлчдийн төлөөлөл ирж нөхцөл байдлыг хуваалцсан.

ХЗДХЯ-ны мэдээллээр сүүлийн таван жилд нийт 828 гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүний 408 буюу шийдвэрлэсэн хэргийн 74.5 хувь хэрэгсэхгүй болжээ. Тэгвэл 108 буюу 19.7 хувийг шүүхэд шилжүүлж, 32 буюу 5.8 хувийг эрүүгийн хэрэгтэй нэгтгэж тус тус шийдсэн байна. Үүнээс 732 буюу 88.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Хэдийгээр ийнхүү гомдлын дийлэнх хэсэг нь хэрэгсэхгүй болж байгаа ч цагдаад дуудаж тайлбар мэдүүлэг авахаас эхлээд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг нь мохоох, залхаан цээрлүүлэх, айлгаж эмээлгэх арга болж ашиглагдаж байна. Учир нь худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” гэсэн хэт өргөн агуулгатай. Ерөнхийдөө гүтгэх агуулгатай, мөн “тараах” гэх үйлдэл нь тодорхойгүй зэрэг хууль зүйн хувьд хэрэглэхэд ойлгомжгүй байдал үүсгэж буйг судлаачид, хуульчид дурдлаа. Мөн ХЭҮК-оос ч ийм байр суурьтай байгаагаа ХЗДХЯ-нд албан бичгээр мэдэгдсэн байна. Үүнээс үүдэж хууль хэрэглээний практикт өмнө дурдсан албан тушаалтан урвуулан ашиглах боломжууд үүссэнээс гадна иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэж болох маргаануудыг гэмт хэрэг болгон шийдвэрлэж буйг судалгаанууд дурдаж байна. Эрүүгийн хуулийн энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн байгаа юм байна.

-Нууцын тухай хууль сэтгүүлчдийн мэдээлэл авах үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд шууд утгаар нөлөөлж байна. Үүнийг яаж хуульчлах ёстой вэ?

-2017 оны хуулиар төрийн, албаны нууцын хүрээг хэт өргөжүүлсний гайгаар, цаашлаад төрийн нууц задруулах гэмт хэрэгт нууцыг хамгаалах ёстой төрийн албан хаагч этгээд биш сэтгүүлчийг хамруулан ял шийтгэх нөхцөл бүрдүүлсэн.

Энэ хүрээнд заавал хөндөх нэг асуудал бол олон нийтийн анхаарлын төвд байдаг улс төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагууд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн шүүмж, хөндсөн асуудлуудад хүлээцтэй хандах, иргэдтэйгээ, хэвлэлтэйгээ эрүүгийн хуулиар далайлган тэмцэлдэхгүй байх ардчилсан соёлыг төлөвшүүлэх, нөгөө талаар хууль зүйн хувьд тусгайлан зохицуулах боломж байгааг хэлэлцлээ.

Хуурамч мэдээлэл нь олон улсад ардчилалд томоохон сорилт болж иргэдийн үнэн зөв мэдээлэл авах эрхэд ноцтой хохирол учруулж байгаа бодитой зүйл. Гэхдээ НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн конвенцын тайлбарууд, тусгай илтгэгчийн итгэл, зөвлөмжүүд болон Европын холбооны энэ чиглэлээрх зөвлөмжүүдэд худал мэдээлэлтэй иргэдэд мэдээллийн боловсрол олгох, төрийн өөрийн ил тод байдлаа нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч зохицуулах, нөгөө талаар эрүүжүүлэхээс зайлсхийхийг сануулдаг.

Худал мэдээлэл гэх нэр томьёо дотор бидний будилж буй хоёр тусдаа асуудлыг зааглах хэрэгцээ байна. Тодорхой зохион байгуулалттайгаар улс төрийн, эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс, нийгмийн дэг журамд ноцтой хохирол учруулахуйц, хуваагдал эсвэл хүчирхийлэлд уриалсан хуурамч мэдээллийг зохицуулах нийгмийн хэрэгцээ байгааг ойлгож байгаа. Харин хувь хүний нэр төр, халдашгүй байдалд халдсан, гутаасан, гүтгэсэн зэрэг үйлдлийг хувийн эрх зүйн хүрээнд иргэний шүүхээр шийдвэрлэх боломжтой юм.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах ёстой. энэ тал дээр ан-ын бүлэг яаж ажиллах вэ. шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг сэтгүүлчид, олон нийт шаардаж байгаа. Ардчилсан нийгэмд ганц дуугардаг сэтгүүлчээ барьж, хорьчихлоо шүү дээ?

-Энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа нэг асуудал нь эрүүгийн гэмт хэргийн хавтаст хэргийн нууцаар далимдуулан олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй болгох, шүүх хуралдаануудыг ч хаалттай хийх байдал эрс ихэссэн, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх хуралдааныг хэвлэл мэдээллээр дамжуулахад саад учруулсан журам хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн хувьд түүнийг ялласан таван зүйл ангийн дөрөв нь төрийн нууцтай хамааралгүй учир ядаж хэсэгчилсэн байдлаар ч шүүх хуралдааныг нээлттэй хийх боломжтой байсан. Удахгүй болох давж заалдах шатны шүүх хуралд ч шүүх хуралдааныг нээлттэй хийж, олон нийтэд ил тод байлгахын төлөө УИХ-ын гишүүд, олон нийтийг анхаарлаа хандуулахыг сануулж байна.

Цаашид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах эрх зүйн орчныг сайжруулахад цогц байдлаар авч үзэж, зөвхөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гэлтгүй нууцын хууль тогтоомж, төрийн мэдээллийн ил тод байдлын талаар хөндсөн 10 гаруй хууль тогтоомжийг засварлах, салбарын өөрийн зохицуулалтаа сайжруулах чиглэлийг чухалчиллаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн бодлогын асуудлаар цуврал хэлэлцүүлгийг цаашид тогтмол зохион байгуулна. Хэлэлцүүлгийн үр дүнгээр бодлогын зөвлөмж гаргах УИХ-ын гишүүд, олон нийтийг мэдээллээр хангаж ажиллана.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр гахай өдөр DNN. mn

Аргын тооллын есдүгээр сарын 20, Сугар гариг. Билгийн тооллын 18, Шийдэм одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 06:37 цагт мандаж 18:55 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 09 сарын 20-ноос 2024 оны 09 сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 20-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хамтралчид” маань хадландаа гарсан байгаа даа” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Адмон” компанийн захирал Р.Энхбаттай ярилцлаа.  Тэрбээр “Боловсролын мафи боловсролын салбарыг хөгжүүлэхгүй байх бодлого барьсаар ирсэн” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай

Олон улсын “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан гэж дүгнэжээ. Энэ талаар СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш Ц.Батсүхээс тодрууллаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хамтралчид” маань хадландаа гарсан байгаа даа” хэмээн өгүүллээ

  • Ардын багш Г.Шилагарди: Физикийн мэргэжил хэдэн зуун жил болсон ч ач холбогдлоо алдахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Хезболлагийн дунд шатны бүх удирдлага шархдав

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хувьсгал Монголын хэрлэг түүх”


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 9102 өрхөд ипотекийн зээл олгожээ DNN.mn

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс 9 дүгээр сарын 13-ны байдлаар 1059.2 тэрбум төгрөгийн зээлийг 9,102 өрхөд олгожээ.

Үүнээс Улаанбаатар хотод 616.1 тэрбум төгрөгийн зээлийг 4,784 өрхөд, 443.1 тэрбум төгрөгийн зээлийг 4,318 өрхөд олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ойролцоогоор 151 хувиар өссөн үзүүлэлт юм.

Categories
мэдээ нийгэм

Болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулав DNN.mn

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авч байгаа тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна.

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг энэ онд 186.7 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn

Сэлэнгэ аймаг энэ онд 186.7 мянган га талбайд тариалалт хийсэн байна

Үүнээс

151 мянган га-д үр тариа,

142 мянган га-д улаан буудай,

12.6 мянган га-д тэжээлийн ургамал,

18 мянган га-д тосны ургамал,

2.5 мянган га-д төмс,

2.6 мянган га-д хүнсний ногоо,

9.0 мянган га-д бусад үр тариаг тариалжээ.

2024 оны ургац хураалтын дүнгээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд улаанбуудай нэгж га талбайгаас 14.2 цн буюу 181.8 мянган тн, тосны ургамал нэгж га талбайгаас 4.7 цн буюу 21.8 мянган тн, тэжээлийн ургамал нэгж га талбайгаас 13.4 цн буюу 23.7 мянган тн, төмс нэгж га талбайгаас 136 цн буюу 39740 тн, хүнсний ногоо нэгж га талбайгаас 139 цн буюу 111435 тн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна.