Categories
гадаад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Испанийн Хаант Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Испанийн Хаант Улсын Ерөнхий сайд Педро Санчез-ыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбооны гишүүн, Испанийн Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.

Хоёр талын харилцааг эдийн засаг, худалдааны бодит агуулгаар баяжуулах, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов.

Ерөнхий сайд Педро Санчез Испанийн Хаант Улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх, яриа, хэлэлцээг эрчимжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Испанийн Хаант Улс нь Европын Холбооны гишүүн орны хувиар Европын Холбоо, Монгол Улсын харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, Европын Холбооны гишүүн орнуудтай Монгол Улсыг холбох гүүр болон ажиллахад бэлэн байгааг тэмдэглэв.

Талууд хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. /2024.09.25/

Categories
гадаад мэдээ

BBC: Оросын “RS-28 Sarmat” пуужин яагаад дэлбэрэв? DNN.mn

Энэ сарын 20-нд Оросын сансрын цэргийн Плесецк буудалд ноцтой осол гарсныг судлаачид, шинжээчид энэ нь Оросын “RS-28 Sarmat” тив алгасах баллистик пуужингийн туршилт амжилтгүй болсон байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Иймээс BBC бэлэн мэдээлэлд үндэслэн болсон явдлын зураглалыг гаргасан байна. BBC-ийн Оросын алба Плесецк буудлын долоо болон есдүгээр сарын 23-нд авсан хиймэл дагуулын зургийг судалжээ. Эдгээр зураг хөөргөх цогцолборын нэг хэсэг маш их гэмтсэн болохыг харуулжээ. Мөн дэлхий даяар гарсан томоохон гал түймрийн талаар шуурхай мэдээлдэг НАСА-гийн “FIRMS” алба есдүгээр сарын 20-нд Плесецк буудлын хөөргөх цогцолборт гарсан гал түймэр маш хүчтэй байсан тул сансраас хүртэл харагдаж байна” гэж мэдээлснийг баримт болгожээ.

Өнөөг хүртэл “RS-28 Сармат” пуужингийн туршилтыг зөвхөн нэг удаа “Юбилейный” талбайгаас амжилттай хөөргөсөн гэж Оросын “Известия” сонин албан ёсоор мэдээлсэн юм. “Сармат” бол цөмийн цэнэг тээвэрлэх ёстой тив хоорондын баллистик пуужин бөгөөд туршилтын болон байлдааны бэлтгэлийн үед пуужинд цөмийн цэнэгт хошуу суурилуулдаггүй юм байна. Олон шинжээчид пуужинг цэнэглэж байх үед осол гарсан байж магадгүй гэж үзэж байгаа ч энэ бол зүгээр л таамаг юм. BBC “Дэлбэрэлтээс үүссэн тогооны хэмжээг ойлгохын тулд ойролцоо байрласан галын машинуудтай харьцуулж үзээрэй” гэж зөвлөжээ.

“Сармат”-ын түлшний найрлагыг албан ёсоор зарлаагүй байгаа ч түлш ба исэлдүүлэгч гэсэн хоёр тусдаа хэсгээс бүрддэг нь тодорхой байгаа аж. Харин исэлдүүлэгч химийн бодис нь маш хортой, шатамхай бодис юм байна.Иймээс онолын хувьд хуучирсан түлшийг шинээр солиход ийм дэлбэрэлт болох өндөр магадлалтай байгаа аж. Өмнө нь ийм осол гарч байсан бөгөөд уг дэлбэрэлт шууд пуужин байрладаг уурхайд болж байсан юм байна. Эсвэл пуужин нисч чадахгүй байсны улмаас ийм аваар тохиолдож болох ажээ.

Владимир Путин Холбооны Ассамблейд илгээсэн 14 дэх илгээлтдээ гэнэт илтгэлийнхээ бараг тал хувийг шинэ төрлийн зэвсгийн тухай зориулсан бөгөөд “Сармат” нь 2018 оны гуравдугаар сарын 1-нд бахархал болгон зарлаж байсан эдгээр зэвсгийн нэг юм. Түүнийг үг хэлэх үеэр пуужингийн туршилт гэж бодит хөөргөлт бус компьютер график харуулсан нь цэргийн шинжээчдийн доог тохуу болсон билээ.

Украины парламентын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны зөвлөх, цэргийн шинжээч Максим Старчак ВВС-д өгсөн ярилцлагадаа “Сармат пуужин бол түүхий төсөл” гээд “Роскосмос” зургаан туршилтыг амжилттай явуулна гэж тооцоолж байсан ч зөвхөн нэгийг нь л мэдээлсэн. “Роскосмос”-ын үйлдлийг харгалзан үзвэл 2022 оноос 4-5 удаа хөөргөх оролдлого хийсэн гэж би таамаглаж байна. Оросууд үнэхээр бүтэлгүйтсэн” гэжээ.

ЗХУ-ын үед тив алгасах пуужин, цөмийн цэнэгт хошууг Украинд үйлдвэрлэж байсан юм байна. Иймээс Оросууд “RS-28 Sarmat” төслийг хөгжүүлэх болсон гол шалтгаан нь Путин Крымыг эзлэн авсны дараа Украины “Южмаш” компанийн инженерүүд ОХУ-ын “Р-36М Воевода” стратегийн пуужин, цөмийн цэнэгт хошуунд үйлчилгээ үзүүлэхээ больсон явдал гэдгийг BBC эцэст нь онцолжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ долоо хоногт нийт 11,4 км авто замыг шинэчилнэ DNN.mn

Энэ долоо хоногт дараах авто замуудын хөдөлгөөнийг хааж, шинэчилнэ. Ингэснээр нийт 11,4 км авто замыг шинэчлэх юм.

Есдүгээр сарын 25-ны өдөр

  1. Дандарбаатарын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн  23:00 цагаас есдүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хийнэ.
  2. Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Циркийн уулзвараас Нарны гүүр хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цагаас есдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хийнэ.
  3. Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Фүүд ситигээс Бритиш сургуулийн автобусны буудал)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл нэг урсгалыг хааж, асфальтбетон хучилт хийнэ.

Есдүгээр сарын 27-ны өдөр

  1. Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Энхтайваны гүүрнээс тэмээтэй хөшөө хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 27-ны өдрийн 22:00 цагаас есдүгээр сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, замыг шинэчилнэ.
  2. Архивчдын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Нисэхийн тойргоос- Нисэхийн хурдны зам хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замын засвар, шинэчлэлтийн ажил )-ийн ажлыг есдүгээр сарын 27-ны өдрийн 22:00 цагаас есдүгээр сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл баруун талын урсгалыг хааж, замыг шинэчилнэ.
  3. Хувьсгалчдын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (7 дугаар хорооны уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл )-ийн ажлыг есдүгээр сарын 27-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хийнэ.

Есдүгээр сарын 28-ны өдөр

  1. Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрхийн хуучин гүүрнээс Налайхын авто зам хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагаас есдүгээр сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хйинэ.

Есдүгээр сарын 29-ний өдөр

  1. Хүннүгийн гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Хоум плазагийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Есдүгээр сарын 30-ны өдөр

  1. Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Налайхын авто замаас Скай ресортын уулзвар хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 29-ний өдрийн 06:00 цагаас есдүгээр сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
Categories
гадаад мэдээ

Ливаны III дайн эхлэв DNN.mn

Өчигдөр Израилийн арми “Бид Ливаны өмнөд хэсэг, Бекаа хөндийн зүүн хэсэг, Сирийн ойролцоох хойд бүс нутагт хамгийн том, өргөн цохилт хийж, 24 цагийн дотор Ливан дахь Хезболла бүлэглэлийн 1300 объектод цохилт өгсөн. Ливаны тосгодуудын дунд, энгийн иргэдийн гэрт байрлуулсан Хезболлагийн далавчит болон бусад янз бүрийн төрлийн пуужин, дронуудыг нь устгасан. Хезболла эдгээрийг Израиль руу чиглүүлж, манай ард түмэнд аюул учруулахаар төлөвлөж байсан” гэж мэдэгдэв.Харин Ливаны эрх баригчид “Наад зах нь 492 хүн, түүний дотор 35 хүүхэд амиа алдаж, 1600 гаруй хүн шархадсан” гэж мэдэгдэв. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Ливаны нэгэн албаны хүний хэлснээр, энэ нь 1975-1990 оны хооронд дөрвөн шаттай явагдсан Ливаны ислам болон христийн шашинтны хооронд болсон иргэний дайн дууссанаас хойших хамгийн олон хүний амь үрэгдсэн явдал боллоо гэж онцолжээ.

Мөн Израилийн Батлан хамгаалах хүчний жанжин штабын дарга Херзи Халеви “Үндсэндээ бид Хезболлагийн сүүлийн 20 жилийн турш байлдаанд зориулан барьж бэлдсэн, дэд бүтцэд цохилт өгч байна. Бид онилсон байнуудаа онож, устгаж чадлаа. Энэ бол маш чухал зүйл. Үүний ачаар Израилийн зэвсэгт хүчин цохилтод өртөөгүй үлдсэн Хезболла бүлэглэлийн гишүүдийн эсрэг Ливанд хийх ажиллагааныхаа дараагийн шатанд орох боломж бүрдэж байна” гэж хэлжээ.

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливаны оршин суугчдад хандан “аюултай бүсээс” гарахыг уриалаад “Израилийн цэргийн ажиллагаа дуусмагц хүмүүс гэр лүүгээ буцах боломжтой болно” гэж мэдэгдэв. Харин Ливаны Эрүүл мэндийн сайд Фирасс Абиад “Эдгээр халдлагын гол зорилго нь эдгээр бүс нутгаас энгийн иргэдийг дүрвээх явдал байсан. Учир нь Израилийн халдлагууд эхлээд ямар нэгэн байг онилж байсан бол дараа нь хамаа намаагүй цохилт болж хувирсан. Ливаны хүн амын дийлэнх олонх нь дайныг хүсэхгүй байна.Харин энэ дайн гаднаас орж ирж байна” гэж мэдэгдэв.

Бейрут дахь ВВС-ийн сурвалжлагч Нафис Коннавард “Өчигдөр өглөө Ливаны өмнөд нутгийн оршин суугчид Хезболлагийн зэвсэг хадгалахад ашиглаж буй орон сууцны барилгуудаас хол байхыг уриалсан мессэж болон дуут уриалга хүлээн авсан” гэж мэдээлэв. Олон нийтийн сүлжээгээр тархсан нэгэн бичлэгт Ливаны тосгоны оршин суугчид Израилийн ажиллагаа үргэлжилж, “шинэ үе шатанд” орсон тухай дуут шуудан хүлээн авч, уг бичлэгт “Хэрэв та Хезболлагийн ашиглаж буй тосгонд байгаа бол аюулгүй байдлын үүднээс эндээс нэн даруй яв” гэж байгааг харуулжээ. Ливаны Мэдээллийн сайд Зиад Макари түүний оффис ч ийм сэрэмжлүүлэг бүхий дуудлага хүлээн авсан гэж мэдэгдээд үүнийг “Израилийн явуулж буй сэтгэл зүйн дайны нэг хэсэг” гэж

нэрлэжээ. Ливаны үндэсний мэдээллийн агентлаг (NNA) мэдэгдэлдээ “Бейрут болон хэд хэдэн бүс нутгийн иргэд “Израилийн яаралтай нүүх хэрэгтэй” гэсэн анхааруулгыг суурин утсаар хүлээн авсан гэж мэдээлжээ. Ийнхүү Ливаны III дайн эхэлж буй нь тодорхой болов.

Ливаны I дайн 1982 онд болсон бөгөөд зорилго нь Ливанд буй Палестиныг чөлөөлөх байгууллагын цэргийн баазуудыг устгах явдал байв. Харин Ливаны II дайн 2006 онд эхэлж, долдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 14 хүртэл ердөө сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Шалтгаан нь долдугаар сарын 12-нд “Хезболла” бүлэглэл Израилийн хилийн харуул руу дайрч, цэргүүдийг нь барьцаалсан юм. Үүний хариуд Израиль долдугаар сарын 22-нд хуурай замын ажиллагаа явуулж, наймдугаар сар гэхэд Ливаны хэд хэдэн хотыг эзэлж, олзлогдсон цэргүүдээ суллаж авсан юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Ж.Цогтсугар: Архинаас үүдэж жилд 4000 хүн нас барж байна. Монголчууд бид гэр бүл оюун санаагаа ингэж устгаж байна DNN.mn

Монголын эрэгтэйчүүдийн гэр бүл хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цогтсугартай ярилцлаа.


-Та архины хамааралтай хүмүүстэй олон жил ажиллаж ирсэн хүн. Сүүлийн үед манайд баяр наадам ихсээд зогсохгүй хамт олон, найз нөхөд, анги, төгсөлтийн нийллэг, сумдын ойн баяр гээд нэгдэж болох бүх төрлийн арга хэмжээ бий болсон байна. Тэр болгонд архидалт болдгийг бид мэднэ. Яагаад ийм нөхцөл байдал руу яваад байна вэ?

-22 жилийн өмнө бид юуг харсан бэ гэхээр гудамжинд архи уудаг хүмүүсийг л архичин гэж нэр өгөөд өөрсдөө энхийн цагаан тагтаа шиг болчихсон байсан. тиймээс би шүгэл үлээж, бид нийгмээ сүйрүүлж байна гэж анх зарлаж байлаа. Өөрийнх нь зиндааны, өөртэй нь адилхан боловсролтой хүмүүс би, бид архичин гээд ярихаар архины хамааралтай нийгэм үзэн ядна биз дээ. Миний эсрэг асар олон нийтлэл бичигдэж, үгүйсгэл явагдсан. Тэр үед архи бол ирээдүйд, нийгэмд маш том аюул занал бий болгоно гэдгийг харж байсан.

Би одоо нэг ном бичиж байна. “Архины дарангуйлалд сэтгэл зүрх оюун тархиа чөлөөлөх смарт есөн чадамж” гэдэг нэртэй ном. Архичин хүн нийгэм, хамт олон төр дотроос төрсөн болохоос тэнгэрээс бууж ирээгүй. Төрүүлсэн хүмүүс нь бид өөрсдөө. Бид өөрсдөө үлгэрлэж засах ёстой. Тэр үед их сонин юм болсон. Боловсрол гэгээрлийн яам гэдэг байсны гэгээрэл гэдэг үгийг авч хаясан. Зөрүүлээд сүм хийд, бөө мөргөлөө гаргаж ирсэн. Өнөөдөр нийтээрээ Юмжирдуламд загнуулж байна шүү дээ. Манай намын дарга сүм хэсээд явж л байлаа. Бид шоолоод л. Ингэж мунхагарсан хүмүүс чинь элдэв төрлийн баяр зохиож байна. Уул ус тахих, суварга босгох гэх зэрэг түмэн юм хийж байна. Архийг идээний дээж гэж ёсчилсон. Мунхрал төөрөгдөлд эзлэгдсэн ард түмэн архийг идээний дээж гэж хүндэлж байна.

Хүүхдийн даахийг үргээхдээ архи задалдаг, сайхан охиноо хадамд гаргахдаа авдар авдраар нь архи тавьж байна. Тэгээд Цагаан сар, төрсөн өдөр, улсын баяр, мартын 8, цэргийн баяр, тендерт ялсны баяр, анги төгсөлтийн баяр, төгсөлтийн ойн баяр гээд л архи уух сэдлүүд болоод байгаа юм. Үүнийг цагаан захтай нөхөд л хийдэг шүү дээ. Дарга нар өөрсдөө ууж байна. Төрийн ордондоо яаж байна. Залуучууд нь хүчин хийгээд л явж байна.

-Хамт олон, нийллэг, баяр нэрээр архи уух нь нийгмийн стресстэй холбоотой. Стрессээ тайлах гэсэн оролдлого гэж сэтгэл зүйчид тайлбарладаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Архи ууж үзээгүй, эр хүн байж үзээгүй жаахан охид архины асуудалтай хүний тухай ярина гэж юу байх вэ дээ. Би 25 жилийн өмнө архи ууж гудамжинд унаад явж байсан нөхөр. 45 жилийн туршлага надад байна. Ардчилал бий болсноор архидалт бий болоогүй. Тэр үед Орост стакан стаканаар архи ууж сурсан ах нар “Сэргэлэн хүүхэд, хоншоортой залуу” гээд л намайг шахдаг байсан.

Үнэндээ архи шахахыг хэрэглэээний хүчирхиийлэл, хүүхдийн дэргэд архи ууж буруу үлгэр дуурайл болж байна гэж олон жил ярьж байж хуулинд өөрчлөлт оруулж чадлаа шүү дээ.

-Өнөөдөр архины хэрэглээ ямар хэмжээнд байна гэж та хардаг вэ?

-Жилд архинаас үүдэж 4000 хүн нас барж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хийгдсэн судалгаа шүү. Халх голын дайнд 2600 хүн нас барж байсан. Үүнээс хоёр дахин их тоо байгаа биз. Нэг ёсондоо чимээгүй дайн. Монголчууд бид өөрөө өөрсдийгөө устгаж байна. Гэр бүл, оюун санаагаа устгаж байна. Мэдлэгийг шүтэхгүй үзэн ядаж байна.

Нөгөө талд нэг бэрхшээл байгаа нь архины хамааралтай хүнийг сэтгэцийн өвчтэй гэдэг нэр томьёолол өгчихсөн. Ингэхээр хүмүүс өөрсдөөсөө ичээд нуугаад байдаг, тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Сэтгэл зүйч нь тэнгэрээс харьцдаг. Үнэндээ архичин гэдэг үг ч утгагүй. Гутал хийдэг хүнийг гуталчин, талх барьдаг хүнийг талхчин гэдэг гэхээр архи үйлдвэрлэдэг хүнийг л архичин гэмээр шүү дээ.

-Архины хамааралтай болсон хүний асуудал ганц хүнээр тогтдоггүй, гэр бүлийг хамардаг. Ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд хохирч үлддэг?

-Хэтрүүлэн хэрэглээг зогсоох үйлсэд гэр бүлээр ордог. Архи ууна гэдэг Баяраагийн асуудал биш. Гэр бүлийн хүрээг хамраад зогсохгүй нийгмийн хүрээг хамарна. Үүнийг өөгшүүлдэг хүмүүс дарга нар өөрсдөө. Намын сонгуульд орохын баяр, ялсны баяр гэж хийнэ. МАН, АН ялгаагүй хавтгайрч уудаг, нуух юм байхгүй. Намаараа, багаараа, найз нөхдөөрөө ангийнхаа нөхдөөр нийлж бүлэглэн архи уух системийг өөрсдөө дарахгүй бол ямар ч мэргэн цэцэн бодлого, гадаад улс орны ганган сонин хөтөлбөр дарахгүй.

-Архины үйлдвэрлэлийн асуудал хөндөгддөг. Нэг хүнд ногдох архины хэмжээ гээд харахад асар өндөр тоо харагддаг. Тэгэхээр үйлдвэрлэлтэй тэмцэх ёстой биш үү?

-Бидний хувьд үүний эсрэг тэмцээд хүч хүрээгүй. Эцэст нь бид өөрсдөө өөрсдийгөө л өөрчлөх ёстой гэж үзсэн. Хүсээгүй хүнийг эмчилнэ гэдэг хайран санагддаг. Тиймээс хүсээгүй хүн хэзээ ч архинаас гарахгүй. Чин хүсэл дээр суурилдаг.

Архины үйлдвэрлэлийг бид зогсоож чадахгүй. Тэд асар их эрх мэдэлтэй. Төр нийгмийн бүх системд өөрийнхөө хүмүүсийг оруулчихсан, хэмжээлшгүй их мөнгөтэй. Эмч нар хүртэл нөлөөлөлд орчихоод “Зохистой хэрэглээ” гэх хачин юм ярьдаг. Зохистой хэрэглээ гэдэг ойлголт байх ёсгүй. Архи бол зохисгүй хэрэглээ. Сингапурт явж байхад нэг судлаач эмэгтэй “Танай монголчууд хүндэт зочиндоо архи барьдаг соёлтой юм билээ. Манай ард түмэн хүндэт зочиндоо архи барьдаггүй соёлтой” гэж билээ. Дубайд гэхэд 50 жил архи үйлдвэрлээгүй, уугаагүй байна.

-Тэгэхээр тухайн хүнээс л хамаарах асуудал болжээ дээ?

-Энэ бол үндэсний аюулгүй байдал, удмын сангийн аюулгүй байдалтай холбогдох асуудал. Эцэст нь хүүхнүүдээ хүртэл архинд оруулчихсан шүү дээ. Жилд 4000 хүн нас барна гэдэг юун ковид, юун Украины дайн бэ. Эрүүл мэндийн салбар нь өөрөө зөөлөн дуугараад л, нас баралтын тэргүүлэх шалтгаан халдварт бус өвчин гэж тойруулж яриад л сууж байна шүү дээ. Үүний шалтгаан нь архи. Үүнийг зоригтой хэлж чадахгүй. Тиймээс өөрөө өөртэйгөө л ажиллах ёстой.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар:

  • “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Удирдамж, бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд иж бүрэн хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг/
  • Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын
  • “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д ирсэн гомдол, мэдээллийн талаар
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д ажилласан талаар
  • Улсын зээлжих зэрэглэлийн талаар болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+/Тогтвортой” болгон нэмэгдүүлсэн талаарх асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1107 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1107 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ DNN.mn

Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд дараах гурван байршилд зам засварлана. Тодруулбал,

  • Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
    • Урд эгнээг есдүгээр сарын 25-ны 22:00 цагаас 26-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
    • Хойд эгнээг есдүгээр сарын 26-ны 22:00 цагт хааж, 28-ны 06:00 цагт нээнэ.
  • Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг хаан, засварлана.
    • Авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ.
  • “Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ.
    • Урд эгнээг есдүгээр сарын 25-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд Монголоо аварсан тухай ямар ч тохиолдол түүхэнд тэмдэглэгдээгүй байдаг нь хачин DNN.mn

Өнгөрсөн сарын 10-нд “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болж өнгөрсөн. Ерөнхий сайд, Ардчилсан намын удирдлагууд тэргүүтэй хүмүүс тус хөшөөнд очиж цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж харагдана лээ. Энэ бол манай улсын түүхэнд хэзээ ч арилахгүй хар толбо, түүхийн үнэт гашуун сургамж болсон хар бараан үйл явдлыг эмгэнэн дурсаж, дахин ийм зүйл гаргахгүй байх тал дээр ирээдүй хойчис нь ухаарч байх ёстой өдөр. Манай улсын хувьд энэ хэлмэгдүүлэлт гээч зүйл 1922 оноос эхэлж, 1937 онд дээд цэгтээ хүрсэн байдаг. Гэвч янз бүрийн хэлбэрээр маш олон жил үргэлжилсэн гэдгийг өнөөгийн түүхчид хэлдэг. Хамгийн аюултай нь манай улсын хэлмэгдүүлэлт шууд нийгмийн сэхээтнүүдийг хамарсан явдал байдаг. Дандаа алтан ургийнхан, боловсролтой, угсаа гаралтай гэсэн бүхнийг Японы тагнуул гэдэг нэрийдлээр буудан хороож 45-55 мянга орчим хүн хөнөөгдсөн гэдэг тооцоо бий. Гэвч зарим сурвалжид 100 мянган хүн хүрсэн гэх нь ч бий. Тухайн үеийн Монгол Улсын хүн амтай нь харьцуулаад авч үзвэл энэ бол маш их тоо. Гэхдээ би хэлмэгдүүлэлтийн талаар хөндөх гэсэнгүй. Хэлмэгдүүлж байсан тэр хар бараан гунигт цаг үед монголчууд нэг нэгнээ аварч хамгаалж байсан тохиолдол одоо хүртэл уншиж үзээгүй талаараа санаа оноогоо хуваалцъя гэсэн юм.

Дэлхийн түүхэнд ч энэ мэт үй олноор нь хэлмэгдүүлж хядсан тохиолдлууд бий. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн еврейчүүдийг хоморголон устгаж байсныг бид бүхэн мэднэ. Гэвч нөгөө талдаа еврей хүмүүсийг аварч байсан олон сайхан түүхүүд ч өнөөдөр ил болсоор л байна. Уншигч олны хамгийн сайн мэддэг нь “Шиндлерийн бүртгэл” хэмээх уран сайхны кино байж мэднэ. Дэлхийн хоёдугаар дайны үед Польш дахь үйлдвэртээ ажиллуулах замаар 1200 еврей хүний амийг аварсан түүний эл үйлдлийг кино болгон мөнхөлсөн байдаг. Энэ бол зөвхөн сайн санаатай болохоороо, эсвэл өрөвдсөндөө ийм зүйл хийсэн хэрэг биш. Гагцхүү хүнлэг сэтгэл гэдэг ийм байдаг юм аа гэсэн хүн төрөлхтний уриа лоозон болсон тохиолдлуудын нэг. Сүүлийн үед дэлхий нийтээрээ ийм хүнлэг сэтгэл, хүн ёсны чанарыг сурталчлан таниулах нь ч их болсон байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед Австрийн Вена хотод Хятадын консулаар ажиллаж байсан Хэ Феншань гэх эрийн тухай мэдээлэл хэдэн жилийн өмнө бас шуугиан тарьж байв. Тэрбээр энд ажиллаж байх хугацаандаа нийтдээ 5000 гаруй еврей хүнд виз олгож амийг нь аварч байжээ. Тийм ч болохоор “Хятадын Шиндлер” хэмээх нэрийг өгсөн байдаг. Энэ мэтчилэн олон сонирхолтой түүх бий. Харамсалтай нь хүн амынхаа бараг 20 орчим хувийг хоморголон устгаж байх үед буюу их хэлмэгдүүлэлтийн үеэр монголчууд монгол хүнээ аварсан тухай л огт дуулдахгүй юм.

Сэтгүүлч миний хувьд мэргэжлийн судлаач, түүхч хүн биш учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ өдий хүртэл ийм түүх л огт сонсож, уншиж байсангүй. Яах вэ, уул, тайгад унаа морьтойгоо гарч амь аврагдсан хүмүүсийн тухай мэр сэр яриа бол сонсож байсан. Гэвч тэр олон хүн дотор яагаад нэг ч гэсэн монгол цэрэг багшийгаа, найзыгаа, нутгийнхаа хүнийг, аав ээжийгээ аваръя гэсэн бодол төрөөгүй хэрэг вэ. Хаанаас, хэдэн хүн баривчлах нь тодорхой. Тэр үеэр нь нутгийнхандаа сэм хэл хүргэж, наашаа цаашаа дүрвээрэй гээд хэл өгчихөж болох шүү дээ. Төв аймгийн сумдаас хэдэн мянгаар нь хоморголон устгасан. Тус аймгийн урд сумдаас бол бүүр ч их. Тэдэнд “Хөөе барих гэж байна. Мордоод урагш шогш” гэхэд л хил ч гэж юу байлаа, хот балгад ч гэж хаана байлаа. Шууд л хил гараад явчих шүү дээ. Ингэсэн тохиолдол ганц ч уншиж байсангүй. Эсвэл ийм бодит түүхийг нь социализмын үед устгаж, огт өөр үзэл суртлаар мунхруулсаар байгаад байхгүй болгочихсон юм уу. Мэдээж монгол хүн учраас сүүлийнхийг нь илүү бодит хардлага байгаасай гэж бодно. Хэрэв үнэхээр ингэж устгагдсан, дарагдсан бодит түүх байдаг бол манай судлаачид гаргаж ирэх хэрэгтэй. Түүнийг нь олон нийтэд сурталчлан таниулж, хүнд хэцүү цаг үед монголчууд монгол хүнээ ингэж аварч, хамгаалж байж гэдгийг ил болгох ёстой. Өөрт огт хамаагүй, нэг улс үндэстэн биш ч гэсэн хүмүүс нэгнийхээ амь насыг аврахын тулд ямар их хүч хөдөлмөр гаргадгийг харуулсан бодит жишээнүүдтэй тэнцүүлэн тавих хэрэгтэй. Тэд ингэж бусдын төлөө зүтгэснээрээ амь насаа эрсдүүлж байгаагаа маш сайн мэдэж байсан. Гэвч хүн төрөлхтөн нэгнээ ямар муу муухай байсан ч ингэж хядаж болохгүй гэдгийг ойлгож, хэр чадлаараа тэднийг аврахын төлөө зүтгэсэн ачтай хүмүүс. Монголчууд бид өөрсдийгөө өрөвч зөөлөн, нинжин сэтгэлтэй гэж их ярьдаг. Тэгвэл яг энэ тодорхойлолтод маань хүрэх түүх бидэнд байна уу. Харин ч эсрэгээрээ буудуулах хүмүүсийн тоо дутахад хүүхэд буудсан, жирэмсэн эмэгтэйг буудаж байсан гэсэн түүхийн баримт бишгүйдээ л нэг бий. Богд хааны хатан Гэнэпилийг таван сартай жирэмсэн байхад нь буудан хороож байсан тухай тэмдэглэл түүхийн шастирт ч бий. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр монголчууд ийм увайгүй, өөрийн аминаас бусдыг үл боддог, амиа хичээсэн гэсэн суртал ухуулга биш байгаа. “Шиндлерийн бүртгэл” шиг, Хятадын дипломат шиг хэдэн мянгаар нь биш гэхэд ганц нэгээр ч болтугай амийг нь аварсан явдал баймаар л юм.

Эс бөгөөс бид хэзээнээсээ л хүн алж, хүйс тэмтэрсээр ирсэн ард түмэн юм уу. Ийм үйлдэлд сэтгэл нь хөдлөхөө байж, хүнлэг сэтгэл гэдэг холдон одчихсон баймгүй юм. Дэлхий нийтээрээ их хаан Чингэсийг “Мянганы суут хүн” хэмээн өргөмжилдөг. Гэтэл нөгөө талдаа хоморголон устгагч гэх ч бий. Тухайн цаг үедээ ямар байсныг мэдэхгүй ч ийм хоёр талт үзэл өнөө ч байдаг.

За яахав, тэр алуулсан хүмүүсийг эсэргүү гээд итгэчихлээ гэж бодъё. Нөгөө бидний гэнэн итгэмтгий зан үүнд л нөлөөлөө биз гэж. Яаж ч бодсон багш маань дайсан биш дээ, тэр муу гавжийн эсэргүү гэж ч юу байхав гэж хэрсүүгээр хэн нь ч бодоогүй гэж үзэхэд мөн ч гашуун аа. Одооны сошиалд нэг нэгнээ “булдиж” байгааг харахад, үзэл санаа нэгтнээ хэн ч биш болгож байгаад салж байгааг харахад, заавал мууг нь үзэхээр нийтээрээ улайран дайрч байгааг харахад, өөрийг нь биш бол, өөрийн намынх нь хүмүүсийг биш бол хэдэн монголыг хөнөөсөн ч юм бодох хүмүүс биш ч юм шиг. Хэн нэгэндээ хүнлэг сэтгэл гаргах нь улам ховордсон тухай яриа улиг болтлоо л хэлэгдэж байна. Ер нь муу муухайг нь хэлээд байхаар хэн ч засарч сайжирдаггүй бололтой. Харин эсрэгээрээ бусдын сайн сайхны тухай бодит түүхийг уншиж, сонсож байж тэднээс урам зориг, сэдэл санаа авдаг байж болох юм. Хэрэв тийм бол их хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монгол хүнээ ингэж аварч байжээ гэсэн түүх байдаг бол гаргаж ирээд алга болж ховордоод байгаа хүнлэг сэтгэлийг сэргээвэл яасан юм бэ. Гэхдээ худал уянгалсан зохиолд бол хэний ч сэтгэл хөдлөхгүй, бас мэднэ. Зүгээр нэг шүлс үсэргэсэн төдий л юм болно.