Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Раш: Манай улс хос төмөр замтай л болмоор байгаа юм DNN.mn

Улаанбаатар төмөр замын дарга, Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа.


-Төмөр замын царигийн асуудлаар бид олон жил маргаж ирлээ. Та бол нарийн царигийн төмөр зам барих асуудлаар тод дуугарч ирсэн хүн. Одоо ер нь Улаанбаатар хотыг дайруулаад нарийн цариг барих боломжтой юу?

-2010 онд “төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” баримт бичгийг УИХ-аар баталсан. Энэ бодлогын төслийг Зам тээврийн яамнаас боловсруулсан. Тэр үед би ажлын хэсгийн ахлагчаар томилогдож, уг төслийг нэлээн өөрчилж, УИХ-д оруулсан. Ажлын хэсэгт Зам тээвэр, аялал жуулчлалын сайд байсан Г.Батхүү агсан, Хөдөлмөрийн баатар Бадамцэрэн зэрэг хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл, төмөр замын мэргэжлийн хүмүүс нийлж тус ажлын хөтөлбөрийг гаргасан.

Таван толгойгоос урагш хил хүртэл 200 гаруй км газарт нарийн царигийн төмөр зам барьчихвал яасан юм бэ. Худалч хүнд чулуу шидээд хүрчих газар шүү дээ. Ингэвэл зардал бага, хурдан, хөнгөн шуурхай учраас энэ саналыг боловсруулсан. Унтаж байхдаа нойрон дундаа хүртэл босоод ийм байвал зүйтэй гэсэн тэмдэглэл бичиж байлаа. Ийм маягаар төсөл боловсруулагдаж УИХ-ын нэгдсэн чуулганаар орох боллоо. Гэтэл тэр санал маань ажлын хэсэг дээр дэмжлэг аваагүй. Оросын Элчин сайд тухайн үед над руу ярьж байсан. Орос их баян, алттай гээд л нөгөө геополитикийн асуудал мөн яригдаж байна. Би түүнд “Надад Орос улсыг доош нь хийсэн зүйл огт байхгүй. Өндөр хөгжилтэй аж үйлдвэрийн орон. Манайх бол нүүрсээр амьдардаг улс. Таван толгойн нүүрсээ зардал багатайгаар олон улсын зах зээлд нийлүүлэх гэсэн юм. Түүнээс би өөр юм бодоогүй” гэсэн байр суурийг хэлсэн. Оросын Элчинд манай талаас энэ нөхөртэй уулзахгүй бол болохгүй байна гэж шивнэсэн зүйл байсан байх. Түүний дараа дахиж уулзсан. Надад жаахан тайлбар өгсөн аястай өнгөрсөн. Ингээд нэгдсэн чуулганаар орсон чинь тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд Сү.Батболд нар намайг дэмжсэн. Гэвч болдоггүй. Хоёр гишүүн намыг төлөөлж надад хэлж байна. Ч.Хүрэлбаатар, Д.Дондог нар “Раш гишүүн ээ, хатуу байр сууриасаа ухрахгүй бол юу ч үгүй үлдэх нь. Нэг хэсэг нь үүнийг зөвшөөрөхгүй” гэсэн.

Ингээд би ч байр сууриа зөөлрүүлж Өмнөговь хил хоёрын хоорон дах цариг ямар байхыг Засгийн газар хэлэлцээд УИХ шийдвэрлэнэ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эрээн-Замын-Үүд хоёрын хооронд нарийн цариг яваад удаж байна. Үүнийг л жоохон уртасгаад хил гаргах боломжтой. Энэ нь их ашигтай. Нэг вагоноос нөгөө рүү зөөж шилжүүлж ачина гэдэг маш ажиллагаатай.

2008 оны найм, есдүгээр сард Эрхүү хотод Байгалийн эдийн засгийн форум болсон юм. Тэр форумд надаас гадна тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй хүмүүс явсан. Оросын төмөр замын сайд бидэнтэй ирж уулзсан. Тээврийн сайд нь мөн адил ирсэн. Тээврийн сайд надад “Таны бодож байгаа зөв шүү” гээд өөр олон зөвлөгөө өгсөн. Гэтэл Төмөр замын сайд нь манай Өмнөговийн нүүрсний замыг аль болох холоор тойруулах хар зураг бидэнд зурж үзүүлсэн. Тэгэхээр нь би “Төмөр зам бол аль болох дөт замаар хурдан шуурхай, ачаагаа хэрэглэгчид аваачиж өгөх ёстой биз дээ. Гэтэл манай Таван толгой нь нүүрсийг толгой нь эргэсэн юм шиг далайгаар тээвэрлэх гээд байгааг ойлгохгүй байна. Цаашдаа ч ойлгохгүй байх” гэж хэлсэн. Тухайн үед тэр хүн надад их дургүй байсан байх.

-Улаанбаатар хотоор дайруулаад нарийн цариг тавьбал хэдий хугацаа шаардагдах бол?

-Урдаас Улаанбаатар руу нарийн цариг орж ирэх боломжгүй байх. Одоохондоо ийм зүйл бүтэхгүй. Богд уулын цаагуур төмөр зам тавина гэж яриад байгаа шүү дээ. Энэ төмөр зам бол байх ёстой төмөр зам. 1979 онд

Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүн Д.Лувсанравдан гэдэг хүн. Хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэж байхдаа энэ замын талаарх санаагаа олсон гэдэг. Тэр үед би өртөөний жижүүр хийдэг байсан. Тухайн үед төмөр зам бөгс эргэх зайгүй байлаа. Олон улсын хурцадмал байдал цаашдаа тэлбэл энэ төмөр замыг Богд уулынхаа араар тавьчихвал яасан юм бэ гэсэн санааг Д.Лувсанравдан гуай гаргасан. Түүнээс хойш бид их ярьсан. Үнэхээр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хотын төвд буухгүй ачааг тэр замаар тээвэрлэх хэрэгтэй. Энэ нь эдийн засаг, аюулгүй байдал талаасаа ч тэр, магадгүй улс төр талаасаа ч ашигтай. Уг нь бид энэ ажлыг эхэлсэн ч Оросын тал таатай хүлээж аваагүй.

Өргөн царигийн 1520 мм дотор гурав дахь зам тавих хэрэгтэй. Энэ замын талаар сайтар судлах хэрэгтэй. Учир нь өргөн, нарийн замыг аль алийг нь хэрэглэх үед нэг талын зам нь элэгдэх эрсдэлтэй байдаг.

Хоёр их гүрний дунд байгаа улс шүү дээ, бид. Налайхын төмөр зам нарийн байсан ч 1958 онд түүнийг хуулж авсан. Дараа нь өргөн төмөр зам тавьсан.

Тиймээс Улаанбаатар хотыг дайруулж нарийн цариг тавихгүй байх. Тавьбал Богд уулыг тойруулах боломжтой. Бид нөхцөл байдлаа сайн харах хэрэгтэй. Бидний боломж бололцоо муу. Зай багтаамжийн хувьд ч тэр төмөр замыг бараг даваад ороод ирэх хэмжээнд байшин барилга баригдчихсан байхад ахиж нарийн болгох нь боломжгүй. Үүний оронд хоёр дахь төмөр замтай л болмоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, хос төмөр зам гэсэн үг. Одоо байгаа галт тэрэгнүүд үнэндээ багтахгүй байна. Замын-Үүдийг хөгжүүлэхийн төлөө хөрөнгө их зарцуулж байна. Монгол-Хятадын дунд байгаа стратегийн том газар шүү дээ.

-Хос төмөр зам баривал хөрөнгө их шаардагдах байх. Ер нь төмөр замд гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж бий юу?

-Би “Ган зам” сонинд ярилцлага өгөхдөө “Төмөр замд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Түүгээрээ хоёр дахь төмөр замынхаа ажлыг эхлүүлэх шаардлагатай. Бусад шаардлагатай зүйлсээ шинэчлэх хэрэгтэй” гэж ярьсан. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Элчин сайд намайг урьж, уулзсан. Богд уулын цаагуур тавих болоод хоёр дахь төмөр замын талаар ярьсан ч яах талаар мэдэхгүй байна гэж ОХУ-ын Элчин сайд надад хэлсэн.

Бид өмнө нь Япон улсаас дэмжлэг авч байсан. Түүнийхээ ачаар олон шинэ зүйлтэй болсон. Одоогийн байгаа төмөр замын хөрөнгө оруулалт дунд зэрэг л байна.

В.Путины саяны айлчлалын үеэр зам тээврийн асуудал мөн яригдсан. Гэхдээ тэр үеэр яригдсан зүйлүүд бүгд манай дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд.

Замын-Үүдээс Улаанбаатарын хооронд хос төмөр зам барих ажил эхэлчихсэн шүү дээ. Шаргын-Овоо гэж зөрлөг бий. Тэнд 14.7 км газар хос төмөр зам тавьсан. Энэ замаар өнөөдөр хөдөлгөөн хийгдэж байна. Хойд хэсгийн төмөр замаа хос болгочихвол бидний ачаалал ч багасна. Үүнийг хийхэд мэдээж гадаадын том хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өнөөгийн төр засгийн хэрэгжүүлж байгаа гурав дахь хөршийн бодлого маш зөв.

Бид өөрсдийн бодит байдлаа харуулж байх хэрэгтэй. Монголчуудад суудлын галт тэрэг хэрэггүй. Бүгдийг нь ачааных болгож байж сая үр ашгийн тухай яригдана гэцгээдэг. Гэтэл Улаанбаатар төмөр замын ганц өнгө зүс нүүр царайг суудлын галт тэрэг тахалж байгаа шүү дээ.

Төмөр зам бол нийгмийн ачааллыг өөр дээрээ авч явдаг. Хоёр хөршөө маш сайн судлах хэрэгтэй байна. Энэ л бидэнд дутагдаад байна. Элчин сайд нар байгаа ч яаж ажилладгийг бид сайн мэдэхгүй. Хоёр хөршийн төмөр зам, галт тэрэг бидний төсөөллөөс давчихсан. Хөгжлийн түвшин биднээс хэт илүү байгаа. Үүнийг л бид сайн судлах хэрэгтэй.

Цагтаа ОХУ-ын төмөр замын сайд бидний галт тэргийг Берлиний галт тэрэгнээс ялгарах юмгүй байна гэж магтаж байлаа шүү дээ. Тэр үед би их баярлаж байсан. Гэтэл одоогийн бидний байдал хоцрогдчихлоо шүү дээ.

-Одоогийн баримталж байгаа төмөр замын бодлогын хаана ямар алдаа байна гэж та харж байна вэ?

-Хөгжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг л байна шүү дээ. Замчдынхаа цалин, амьдралын чанарыг нь дээшлүүлэх чиглэлд нэлээд сайн байгаа. Цаг өөр болж байна. Урам хайрлах, шагнал урамшууллын асуудлыг их аятайхан болгосон санагддаг. Хүн чинь урмын амьтан. Бурам бол бодит юм. Урам бол хийсвэр зүйл. Энийг л би шүтэж явдаг даа.

-Зүүн босоо чиглэлд барих төмөр замд Багануур багтах болов уу?

-Энэ чиглэлд би Багануур багтахгүй гэж бодож байгаа. Дайраад өнгөрөхгүй Сүхбаатар аймгаар тойрох байх.

-Баянхонгорын цаахна талд байдаг хилтэй ойрхон цүдгэр газарт төмөр зам тавьчихвал “Стан”-ы орнууд руу гарах гарц нээгдчих юм биш үү?

-Энэ талаар ярих зүйл одоохондоо надад алга даа. Дээхнэ үед бодож л байсан. Урагшаа явах нарийн царигийн төмөр зам ингээд орчихвол манай бүтээгдэхүүн цаашаа Иран зэрэг орнууд руу худалдаалагдах бүрэн боломжтой гэж би бодож байсан. Одоо би өөрийн туршлагаа төмөр замын залуусдаа хуваалцаад л явж байна.

-Манай төмөр замын 50 хувийг Улаанбаатар төмөр зам, үлдсэн 50 хувийг Орос улс эзэмшдэг. Үүнийг 51 хувийг манай тал авах боломж, гарц одоо бидэнд бий юу?

-Миний үед энэ асуудлаар 11 удаа уулзалт хийж байсан.

Энэ асуудлаар мэргэжлийн хүмүүс, Улсын гааль, Гадаад харилцааны яам зэрэг холбогдох газрын мэргэжилтнүүд нийлсэн надаар ахлуулсан баг байгуулагдсан. Гэтэл ОХУ-ын талтай энэ асуудлыг ярих гээд очихоор Оросын төмөр замын орлогч сайд л уулздаг. Бусад нь хаалттай болчихоод болдоггүй. Арга ядаад Засгийн газрын хурал дээр “Та бүхний дэмжлэг, туслалцааг аваад Москвад очоод уулзахаар орлогч сайдтай л уулзаж байна. Оросын төмөр замын орлогч сайд Оросын талаас энэ асуудлыг толгойлж байгаа юм билээ. Оросын Сангийн яам, Хууль зүйн яам оролцдоггүй” гэдгийг нэг бус удаа хэлж байсан. Дараа нь би Засгийн газарт богино хугацаанд ажиллахдаа энэ хэлэлцээрийн асуудлаар тогтоол гаргуулсан.

Тухайн үед Оросын Сангийн сайд, сүүлдээ Орос улсын ерөнхий сайд болсон Касьянов дуудаж, хүлээж авч уулзаж их өрийн тухай Улаанбаатарын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар ярьж байсан. 50 хувийг ямар нэгэн байдлаар 51 хувь болгох асуудал дэндүү хэцүү хязгаарлагдмал.

Хууль зүй, дотоод хэргийн яам юм уу, эсвэл Гадаад харилцааны яамны аль нэгээр нь ахлуулаад бидний боловсруулж байсан материалыг сайтар шалгаж үзээсэй. Тэр бол манай мэргэжилтнүүд нийлж хийсэн маш сайн төлөвлөгөө юм шүү дээ. Түүнийг барьж аваад улам идэвхтэй л оролцох хэрэгтэй.

В.Путин ч юм уу өөр хэн байдаг юм бэ Оросын нөлөө бүхий сайдыг Монголд айлчлах үеэр, эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийх үеэр хэлэлцэх асуудлын дунд 50 хувийн энэ асуудлыг оруулбал гарын үсэг зурах боломжтой. Энэ асуудлаар ийм л гаргалгаа байгаа юм.

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 26, Бархасбадь гариг. Билгийн тооллын 24, Өглөгт охин одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 06:45 цагт мандаж 18:42 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7…+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0…-2 градус хүйтэн, бусад хэсгээр +5…+7 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зочин” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Мах Импэкс” компанийн захирал, НИТХ-ын зургадугаар тойрогт Ардчилсан намаас
Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Б.Бадмаа “Дарга нар Сонгинохайрхан дүүргийг улс төрд гарах шат болгон ашигласаар ирсэн” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.
  • Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дэлхийн шилдэг 25 Төв банкны ерөнхийлөгч нарын нэгээр нэрлэгдлээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зочин” нийтлэл хэвлэгдлээ. 

  • УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Нэг л алдаанаас болж буурдаг зээлжих зэрэглэлээ арван жилийн дараа ахиулж чадсан ч Монгол Улсын хувьд том сургамж боллоо” хэмээн ярилаа.

НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ: Бүрэнхий цаг үед үндэсний аюулгүй байдлын шинэ замын зураг хэрэгтэй байна

  • НИТХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Ууганбаяр “Хүсвэл ажил хийж болдгийг харсан. Зөв төлөвлөж, төсвийг
    оновчтой зарцуулах л ёстой” гэв.

Энэ удаагийн “Хүмүүс, аж амьдрал” нүүрт эм зүйч М.Бат-Үерхэл “Аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдагт би итгэдэг” хэмээн хүүрнэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Жо.Байден: Бид Украиныг дэмжихээс татгалзаж болохгүй

“Шоргоолжнууд өвдсөн нэгнийхээ хөлийг тайрч амийг нь авардаг” гэснийг “Сав шим” нүүрээс уншаарай.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурчээ DNN.mn

Улаанбаатар хотод есдүгээр сарын 23-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.5 хувь буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ соёл-урлаг

МУАЖ Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт дуулж байна DNN.mn

Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин алдарт Сан Франциско хотын дуурийн театрт урилгаар хоёр дахь удаагаа дуулж байна.

Тэрбээр энэ удаа Ж.Вердийн “Бал Маскарад” дуурийн Ренатод гоцолж буй аж. Түүний хувьд энэ сарын 27-нд тус театрын тайзнаа сүүлийн тоглолтоо хийх бөгөөд үүнээс өмнө дөрвөн удаа дуулсан байна.

Э.Амартүвшин үндэсний болон олон улсын цөөнгүй тэмцээнд шагналт байр эзэлж байсны дунд П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны гранпри буюу шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн.

Алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг амилуулан дуулдаг Э.Амартүвшинг италичууд “Дуурийн маэстро” хэмээн нэрлэдэг юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлэв DNN.mn

Экологийн цагдаагийн алба Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай хамтран Хүдэр сумын нутагт 3 байршилд ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлжээ.

Тухайн газар уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй тул хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн дрон ашиглан илрүүлжээ.

Хууль бусаар ашигт малтмал олборлосон гурван бүлэг этгээдээс экскаватор 10, зөөврийн орон сууц 4, монгол гэр 4, Зил-131 маркийн автомашин хоёрыг тухайн бүс нутгаас гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Яармагийг ТЭЦ-IV-тэй холбосон замыг маргааш нээнэ DNN.mn

Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны ТЭЦ-IV-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг маргааш /2024.09.26/ нээхээр болжээ.

Туул, Дунд гол дээгүүр нийт гурван гүүртэй 2.4 км урт авто замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан бөгөөд уг зам нь гэрлэн дохиогоор зохицуулах аж. 

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 26 өрхийн асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэнэ DNN.mn

Улаанбаатар хот 2013-2023 он хүртэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлсэн. Үүний улмаас 640 өрх хохирсон байдаг. Дээрх хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгосон.

Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдвэрлэж, орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм. Тэгвэл өнөөдөр НЗД-ын орлогч Л.Хосбаяр 26 өрхийн асуудлыг шийдвэрлэхээр хүлээн авч уулзаж, энэ онд багтааж хохирлыг барагдуулах, орон сууц эзэмшүүлэх эрхийг олгох талаарх шийдвэрийг танилцууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчимд 11.5 болон 46.1 га газарт дахин төлөвлөлт хийхээр 4-9 жилийн өмнө газрыг чөлөөлсөн ч төсөл хэрэгжээгүй. Үүний улмаас 26 айл хохирсон байна.

Энэ үеэр Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 26 айл өрх сүүлийн 4-9 жилийн хугацаанд түрээсийн байр, хажуу өрөөнд амьдарч байсан. Үүнийг шийдвэрлэхээр хотын дарга Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчим “А”, “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх, гэрээ байгуулах эрх, төсөлд шаардагдах түр суурьшуулах зардал, холбогдох хөрөнгийн эх үүсвэр, төсөв тооцоог гарган ажиллахыг НОСК-д даалгасан. Энэ хүрээнд өнөөдөр газраа чөлөөлж, хохирсон хоёр байршлын 26 нэгж талбарын айл өрхийн асуудлыг шийдвэрлэснийг ийнхүү танилцуулж, санал солилцлоо” хэмээв.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Дээрх 26 өрх 2014 болон 2020 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Тус байршилд хоёр төсөл хэрэгжих байсан ч компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжих боломжгүй болж, иргэд 4-9 жилийн турш хохирсон байна. Бид удаа дараа тухайн иргэдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэхээр ажил хэрэг болгож, өнөөдөр ийнхүү “Нийслэлийн Орон сууцны корпораци”-д шилжүүлэн, энэ онд багтааж хохирлыг барагдуулах, орон сууц эзэмшүүлэх эрхийг олгох талаар санал солилцлоо” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ DNN.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган 2024 оны 09 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын албан тушаалтнууд угтлаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхий ертөнц тогтвортой бус, тогтворгүй хөгжиж байгааг өөрчлөх шаардлагатайг онцоллоо. Мөн дэлхий даяар тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх, даван туулах боломжтойг тэмдэглээд, дэлхий нийтийг энх тайванд уриаллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний ​​эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор 09 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд болно.

Чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 88 улсын Төрийн тэргүүн, гурван улсын Дэд ерөнхийлөгч, 35 улсын Засгийн газрын тэргүүн, зургаан улсын Шадар сайд зэрэг дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу Ерөнхий санал шүүмжлэлийн хоёр дахь өдөр олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлнэ.

Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бичил биетний тэсвэржилтийн асуудлаарх өндөр түвшний уулзалт, Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалт, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт зэрэг өндөр, дээд түвшний хурал, арга хэмжээг зохион байгуулах юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн өмнө 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт” амжилттай болж өндөрлөсөн.