Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсын нийт хүн амын 1.3 саяыг 0-17 насныхан эзэлж байна DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр (2024.06.01) тохиож байна.

Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.3 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Хүүхдүүдийн

  • 51.4 хувь нь эрэгтэй
  • 48.6 хувь нь эмэгтэй

Улсын хэмжээнд нийт 21,277 ихэр хүүхэд байгаагаас

  • хоёр ихэр 20,852
  • гурван ихэр 402
  • дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг

А.Энхтайван: Жанцанноров гуай “Хүний заяа” дуугаа надад зориулж хийсэн юм DNN.mn

Монгол Улсын ардын жүжигчин хөгжмийн зохиолч, кино найруулагч, дуурийн дуучин Агваанцэрэнгийн Энхтайвантай ярилцлаа. Тэрээр УДБЭТ-т “Балжийн гол” нэртэй тоглолтоо хийх гэж буй юм.


-“Балжийн гол” тоглолтын талаар яриагаа эхэлье. Энэхүү дуу бүтсэн түүхээс сонирхуулаач?

-“Балжийн гол” дуу 1985 оны намар зохиогдсон. Тухайн үед Дуурийн театрын залуу дуучдад дуулах дуу олддоггүй байсан л даа. Өөрөө нэг дуутай болъё гэж шийдсэн. Тэгээд Хэнтий аймгийн нэгдүгээр арван жилийг хамт төгссөн Ж.Саруулбуян найзаасаа шүлэг гуйж, аяыг нь өөрөө зохиож, дуулж байлаа. Найз минь тэр үед Монголын радиогийн Утга зохиолын хэлтэст ажиллаж байсан. Одоо бол Ардын уран зохиолч цолтой том зохиолч хүн бий. “Балжийн гол” булган сүүлтэй дуу. Өнөөдрийн байдлаар би 540-өөд дуу зохиосон байна.

Нэгдүгээрт энэ дуу зохиогдсоны 40 жил, хоёрдугаарт 1994 онд би өөрийнхөө зохиосон дуунуудаар “Балжийн гол” гээд нэртэй анхны тоглолтоо нэрлэж байсан. “Балжийн гол” нэртэй тоглолтын маань 30 жил, энэ дуу төрсний 40 жилийн ойдоо зориулж тоглолтоо хийх гэж байна. Би Монголын урлагт 40 жил ажиллалаа. Энэ хооронд бүтээсэн бүтээлүүдээсээ энэ концертондоо оруулсан. Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс маань энэхүү тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа. Бид 1994 оноос хойш хамтдаа уран бүтээл хийж ирсэн.

-Та анх дууны урлагт хэрхэн хөл тавьж байсан бэ?

-Дууны урлагт 1985 онд Уралын Консерваторийн хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд УДБЭТ-т гоцлол дуучнаар орж, миний анхны дуучин болох зам эхэлсэн. Дуурийн театртаа 2005 он хүртэл 20 жил ажилласан. Энэ хугацаанд дэлхийн сонгодог болон үндэсний дуурийн 32 дүрийг бүтээсэн.

-Дуу дуулах эрдэмд сургасан багш нараа дурсвал?

-Миний анхны багш Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Г.Хайдав. Энэ хүний удирдлага дор Хөгжим бүжгийн дунд сургуульд дөрвөн жил сурсан. Уралын Консерваторт мэргэжлийн багш маань Курлахов гэж хүн байсан. Оросын гавьяат жүжигчин, доктор, профессор хүний шавь болж таван жил суралцсан. Дуурийн театрт ирэхэд Армений ардын жүжигчин Данильян багш миний хоолой дээр нэлээд ажилласан. Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, ХХ зууны манлай дуурийн эрэгтэй дуучин Ц.Пүрэвдорж гуайтай нэг өрөөнд хамт байсан. Энэ хүн надаар хоолойн дасгал уншуулж, дууг дуулах эв зүй талаас нь их зааж сургасан. Дуулах урлаг бол амьсгалын урлаг. Ц.Пүрэвдорж багш бол маш гоё амьсгалтай хүн байсан. Тэр дуулах амьсгалынхаа урлагийг надад зааж өгсөн.

-Таны хамгийн том тодотгол “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хааны дүр. Энэ дүрийн тань тухай асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Намайг “Үүлэн заяа” гэдэг дуурь дээр тоглож байхад Төрийн хошой шагналт ардын жүжигчин Н.Жанцанноров гуай Чингис хаан кино хийх гэж байсан хүмүүсийг дагуулж ирээд л тайзнаас намайг харуулсан байгаа юм. Түүний дараа Кино үйлдвэрт пробонд ор гэж дуудсан. Тэгэхэд мэргэжлийн маш олон жүжигчид байсан. Ялангуяа Драмын театрын том, том жүжигчид болох Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Н.Сувдаа эгч, Ардын жүжигчин Б.Дамчаа, Г.Мягмарнаран гээд залуучуудаас Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Сүххуяг гээд энэ жүжигчидтэй киноны пробонд оруулсан. 1990 оны цагаан сарын шинийн нэгний өглөө Соёлын яамны 11 хүнтэй бүрэлдэхүүн хуралдаад л намайг Чингис хааны дүрд тоглуулахаар сонгосон юм билээ.

-Тухайн үед том, том жүжигчидтэй хамтарч ажиллаж байхад танд ямар санагдаж байв?

-Маш гоё санагдаж байсан. Жүжигчин хүний өгөө авааны гоё харьцаан дээр манай Н.Сувдаа эгч хүний ээж шиг их сайхан харьцдаг байлаа. Ц.Төмөрбаатар маань Жамухын дүрд тоглосон. Бид хоёр их гоё харьцаатай байсан. Д.Төмөртогтох гээд хүлэг баатар Боорчийн дүрд тоглосон, одоо ч бид найзууд. Ер нь кино хийгдэж байх үед хамгийн их өгөө аваатай тоглосон жүжигчид гэвэл Ц.Төмөрбаатар, Ж.Сүххуяг, Д.Төмөртогтох нар юм. Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг бол их гоё жүжигчин. Уран бүтээлийн хэлхээ холбоо сайтай явдаг.

-Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зураглаач Б.Балжинням найруулагчийн тухайд та юу хэлэх вэ?

-Тэр хүн бол агуу их сэтгэлгээний найруулагч гэж боддог. Бусад найруулагчид гадаад дүр, имиж, киноны ерөнхий үйл явцаа харж, жүжигчидтэйгээ харьцдаг бол манай Б.Балжинням багш хүн бүрийн дотоод сэтгэлийн илэрхийллийг аль болох тайзан дээр нүдээр нь үйл хөдлөлөөр нь харуулахыг хичээдэг. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинон дээр Б.Балжинням найруулагч бид хоёр маш ойр дотно харьцаатай, дүр дээрээ ажиллаж байсан. Дотоод сэтгэлгээний тал дээр маш сайхан зөвлөмж өгч, тоглуулж байсан.

-Тухайн үед Чингис хааны дүрийг бүтээж байхад танд ямар санагдаж байв?

-Тэр үед би Чингист тоглож байна гэж нэг их бодож байгаагүй. Ер нь бол манай найруулагч ч хэлж байсан. Чи нэг их сайхан удирдагч хүний дотоод сэтгэл, сэтгэхүйгээр ард түмэнтэйгээ, ээжтэйгээ, цэргүүдтэйгээ, дүүтэйгээ яаж харьцах вэ гээд сайн бод гэж билээ. Намайг тойрон хүрээлж байсан киноны маань 300 гаруй хүн болон гол дүрүүдэд тоглож байсан хүмүүсийн намайг Чингис хаан гэж бодож хүндэлж, харьцсан харьцаанаас л энэ дүр гарсан гэж боддог.

-Таны бүтээсэн Чингис хааны дүр бол хүмүүсийн сэтгэлд хамгийн их хүрсэн дүр. Та юу гэж боддог вэ?

-Тэр бол миний дүгнэлт биш. Үзэгчид, ард түмэн маань энэ олон Чингис хааны дүрүүдээс илүү ойрхон санагдсанаа нэрлэдэг байх. Би Чингис хааны дүрдээ хайртай.

-“Хүний заяа” дууныхаа талаар тодруулахгүй юу?

-1988 онд хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай Энхтайван чамд би нэг дуу хийлээ. Хөдөлмөр сонины эрхлэгч С.Жамбалдорж гэж хүний шүлгээр хийлээ. Би чиний их олон дуурьт дуулж байхыг сонссон. Мэргэжлийн том дуу хийж өгч чамаар дуулуулъя гэж өгснөөр би дуулсан. “Хүний заяа” дуу маань урт настай, удаан жаргалтай, 36 дахь жилдээ дуулагдаж байгаа нь их сайхан.

-Мөн “Мойлхон” гээд киног та найруулсан даа?

-Миний хань Б.Баярмагнай минь Хүүхэд залуучуудын театрт ажилладаг хүн байсан. 2007 онд Хэнтийн Дадал, Биндэр, Ширээтээр “Хан хэнтий” гээд дууны клип хийх саналыг Б.Бат-Эрдэнэ аварга гаргаж, дөрвөн дуучнаа дагуулаад бид хамтдаа явсан. Тэгж явахад Буриад сумдуудын хүмүүстэй уулзаад тэдний хэлмэгдэж байсан үеийн зовлон, жаргалын талаар хань минь сонсож, тэдэнтэй уйлж дуулж ярилцсан байдаг. Тэгээд ирснийхээ дараа “Нүхэнд үлдээсэн Сувд” нэртэй зохиол бичээд надад өгсөн юм. Би киноны зохиол болгож, сценарыг нь бичээд хамгийн түрүүнд Б.Балжинням багшдаа үзүүлэхээр авч очсон. Багш нь үзье, орхичих гэсэн. Удаагүй хоёр цаг гаруйн дараагаар багш намайг хүрээд ир дээ гэсэн. Би гүйгээд очсон. Их сайхан нандин зохиол байна. Иймэрхүү маягаар кино гаргах цаг нь болсон. Салхийг нь хагалах хүн нь чи байсан юм байлгүй дээ. Зоригтой байгаарай миний хүү гэсэн. Өөрийнхөө бодсоноор хий, болохгүй бол багшаасаа асуугаарай гэсэн. Би түүнд нь зоригжоод, санхүүжилтээ яаж босгох вэ гэж бодсон. Манай Биндэр сумын харьяат “Туушин” компанийн дэд захирал Г.Пүрэвчулуун ахад үзүүлэхэд би чиний зохиолыг уншаад уйллаа, санхүүжүүлнэ ээ гэснээр энэ кино бүтэхэд том тус хүргэсэн.

Миний анхны “Мойлхон” кинонд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн ах маань зохиол дээр редактороор нь ажилласан. Мөн энэ киноны хоёр дууны шүлгийг нь өөрөө бичиж өгсөн. Энэхүү кинонд 60-аад уран бүтээлч оролцож байсан. Мойлхон гэдэг нэрийг би өөрөө өгсөн. Яагаад гэвэл манай буриадууд чинь “Миний мойлхон хархан нүдтэй басгад” гэж ярьдаг л даа. Тийм ч учраас Сэндэм гэж гол дүрээ сонгосон. Манай Б.Баярмаа их сайн тоглосон. Дээр нь Г.Золбоот бол маш гайхалтай дүрийг бүтээсэн. Г.Алтаншагайгаа бол маш өндрөөр үнэлсэн. Гол дүр шахуу том дүрийг бүтээсэн, сайхан жүжигчин.

Казах, Монголын хамтарсан “Хүмүчи мэргэн” гэж киноны маань хөгжим Азийн кино наадмаас Гранпри авч байсан. Би хийсэн 10 гаруй киноныхоо хөгжмийг өөрөө бичиж, найруулсан.

-Таны дотно найз “Чингис хаан” хамтлагийн дуучин, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан мөн үү?

-“Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан бид найзууд. Нарийн яривал бид Цэнхэрмандалын цэцэрлэгт хамт хүмүүжиж байсан. Дотно найзалдаг. Уран бүтээлээ их ярилцдаг, найзыгаа их хүндэлдэг. Найз маань их авьяастай. Өөрөө үгээ зохиож дуулдаг, дуулсан дуу болгон нь хүнд хүрдэг. Дуу болгоныхоо утга учрыг гаргаж дуулдаг. Монголын поп урлагийн загалмайлсан эцэг гэж би хэлнэ. Поп урлагийнхан дотроо хамгийн анх Ардын жүжигчин цолыг авсанд нь найзаараа бахархаж, энэ цолыг хүртэх ёстой хүн гэж бодож явдаг.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хаврын өглөө DNN.mn

Сумын төвийн хавар урин бөгөөд сонин. Далаад оны дундуур зурагт дэлгэрээгүй байсан тул радио хүлээн авагч айл бүрээс хангинан “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” гэсэн хүүхдийн дуу цовоо цолгин хангинах нь элбэг. Байсхийгээд л шороо шуурах ч цаагуураа урин салхи хонхорт тогтсон цасны усан тойромд жижиг давлагаа үүсгэн чийг ханх татуулна.

Иржигнэсэн жижиг давлагаа хойно хойноосоо хөөцөлдөн ирж эрэг хөвөө хавьцаагаа элдэв зомгол цаас зэргийг гаргаж хаялахын хамт банз хөрөөдөн хийсэн жижиг далбаат онгоцон тоглоомыг далбилзуулан хөдөлгөнө. Түүнийг жаалууд тоглож байгаад л орхисон бололтой. Нуурнаас хайлсан цас, усанд дэвтэж хөөн памбайсан ширэг ногооны үндэсний үнэрийг униар мэт суунаглуулан ханхлуулна. Өглөө нарны туяа тооноор эртлэн тусч бас сумын төвийн хэдэн дан байшингийн цонх алтан шаргал өнгөөр асан дүрэлзэж захиргаа,сургуулийн давхар байрны цагаан хана ногоон дээвэр нь сүрлэг ханхайн цаанаа л суурин газрын дүр төрхийг харуулна. Үхэртэй айлуудын ганц нэг үнээ хээл нь томорч хэзээ мөдгүй тугаллах дөхөж шинэ төлийн халуун чихийг нь мэнд атгаж авахын тулд хөөрхөн ажил өглөө бүр ундарна. “Даваадорж гуайгаа дууд, үнээгээ үзүүлье” гэсэн яриа гарч хэн нэгэн хүүхэд чавхны чулуу шиг нисэн одож тун удалгүй нөгөө үзмэрч нь залагдан ирнэ.

Нарийхан урт тамхи тамхины хэмээх нимгэхэн хөхөлбөр туяатай цагаан цаасанд ороон зууж хажуудах хүүхдэд “ороод шүдэнз аваад ир” гэж зандран үнээний бөгсийг анхааралтай барилан үзэх нь яг л хугархай мөч эвлүүлэн барих бариач, тэгэхдээ бүүр хэдэн үе дамжсан алдар цуу нь цуурайтсан маарамба мэт ихэмсэг.

“Өнөөдөр дагаад яв, хүнхрээ нь сэтэрчихсэн байна, үдээс хэтрэхгүй” хэмээн өөртөө тун ч итгэлтэйгээр хэлэн аман дахь тамхиа асаан гэр лүү орж хэдэн үг солихоор яарна. Яагаад гэвэл өглөө наймаас ажилдаа явах тул ийнхүү самбаачлан ойрд уулзаагүй найзтайгаа хов базах гэсэн нь тэр билээ. Сумын худалдагч хүнд ярих юм мундахгүй их байгаа. Хүүхдүүдийн түрүүч сургуульдаа явж, тоонон дээгүүр лам шувуу хосоороо “бааг” “бааг” хэмээн нөгөө тогтоол усны зүг шуурхай нисэн өнгөрч энд тэнд трактор асаах гэж туслах моторын дуу цуурай хадуулан тачигнаж амьдрал эхэлнэ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Н.Ариунаа: Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийг урьдчилан таамаглах аргагүй болсон DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болно. ЕБС төгсөж байгаа хүүхдүүд “ямар мэргэжил сонгох вэ” гэсэн асуулттай нүүр тулдаг билээ. Энэ талаар “Opendoor” байгууллагын боловсролын зөвлөх Н.Ариунаатай ярилцлаа.


-ЕБС-ийг төгсөж байгаа хүүхдүүд мэргэжил сонголтондоо хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-ЕБС-ийн төгсөгч болон гэр бүлийн гишүүдийн хамгийн түгээмэл асуулт бол яах аргагүй “ямар мэргэжил сонгох вэ” юм. 10 гаруй жилийн өмнө мэдээллийн технологи өнөөгийнх шиг бидний амьдралд нэвтрээгүй байсан. Аливаа салбарын хөгжил, өөрчлөлт огцом биш байсан тул энэ мэргэжлээр сурвал илүү өндөр цалинтай, мөн эрэлттэй байх болно гээд чиглүүлэх боломжтой байлаа.Гэтэл сүүлийн таван жилийн дотор технологи, дижитал шилжилт нүд ирмэхийн зуур бидний амьдралыг өөрчлөв. Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийг урьдчилан таамаглах аргагүй болсон. Магадгүй ажил мэргэжлийн тодорхойлолтууд ч өөр болж эхэлж байна. Хиймэл оюун ухаан өмнө нь хүн бүхэл бүтэн мэргэжил эзэмшээд хийдэг байсан ажлуудыг бие даан хийгээд эхэллээ. Тиймээс бид залууст дор хаяж таваас дээш жилийн дараа байсаар байх ажил мэргэжлийн санал болгож байна.

-Илүү л төвөгтэй шийдвэр болоод байна аа даа?

-“Ямар мэргэжил сонгох вэ” гэдэг хэцүү асуултад хариулахын тулд бид илүү өргөн хүрээний эрэл хайгуул хийх шаардлагатай болжээ. Өнөө үед хүүхэд, залуус мэргэжил сонгохоосоо өмнө өөрийгөө танин мэдэх аялалд гарах хэрэгтэй. Юу хийж чадах, юу хийх дуртай байна вэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй.

Үүнийг мэдээд авбал аль ч салбарт ажиллаж хөдөлмөрлөхөө сонгоход хялбар. АНУ-ын зарим их дээд сургуульд эхний хоёр жилийн сургалт Liberal Arts суурьтай General Educa­tion буюу суурь мэдлэгийг олгож эхэлдэг нь ийм учиртай. Хоёр жилийн дараа залуус аль салбарт ямар мэргэжлээр ажиллах нь өөрт тохирохыг мэдээд авна шүү дээ. Америкийн сургуулиуд энэ тал дээр чиглүүлээд өгөх тусгай мэргэжлийн зөвлөх, академик зөвлөхүүд ажиллуулдаг. Иймээс миний өгөх зөвлөгөө бол гадаадад ямар мэргэжлээр сурахаа мэдэхгүй байвал сургуулийнхаа зөвлөхүүдээс байнгын зөвлөгөө чиглүүлэг ав. Гадаадад сурахгүй залууст хэлэхэд, өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн сургалтуудад сууж, ажиллаж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэргэжлээ сонгоход яаралгүй өөрийгөө янз янзын чиглэлд зоригтойгоор сорь, турш. Ингэж байж өөрийн дуртай мэргэжлийн үзүүрийг олж харна.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ мэргэжил сонголтод оролцох нь зөв үү?

-Эцэг эхчүүд мэргэжил сонголт тал дээр туршлагаараа түрий барих нь элбэг. Гэтэл өнөөдрийн технологийн эрин үед өсч бойжсон залууст тулгардаг асуудлууд, тэдний ажил мэргэжлийн ирээдүй нь бидний өссөн, хүмүүжсэн орчин нөхцөлийнхөөс тэс өөр. Гэтэл ээж, аавын туршлага ирээдүйд үр дүнтэй байх уу гэвэл бас л эргэлзээтэй. Иймээс хүүхдүүд юу хүсч байгаагаа, юу хийх дуртайгаа ээж, аавтайгаа илэн далангүй ярилцаж суу. Хамтдаа шийдэл хай. Эцэг эхчүүд хүүхдээ сайн сонсох хэрэгтэй. Тэд маань улам л их мэдээлэлтэй хэрсүү болоод байхад л гэнэн цагаан хүүхэд гэж хараад байж болохгүй. Хамтдаа ажил мэргэжлүүдийг судлаад, хөнгөн хийсвэр шийдвэр гаргахаас нь сэргийлээд, болох болохгүйг нь чиглүүлээд явах нь эцэг эхийн үүрэг, хариуцлага.

-Эрэлттэй мэргэжлийг тодорхой нэрлэж хэлэхэд сүүлийн жилүүдэд яагаад хүндрэлтэй болж байна вэ?

-Яг одоо цагт эрэлттэй ажил мэргэжлийг нэрлэх амархан. Харин ирээдүйд эрэлттэй байх мэргэжлийн тухай хэлэхэд хэцүү. Учир нь хиймэл оюун, мэдээллийн технологийн хурд, шилжилт бүхий л салбаруудад хүний оролцоотой хийх ажлын байруудыг цомхотгосоор байгаа мэдээлэл их гарах боллоо. Үүнээс дүгнэн хэлэхэд, мэдээллийн технологийн мэдлэгтэй хүн аль ч салбарт хөрвөн ажиллах чадвартай болно. Улмаар хүн ба технологийг холбосон ажил мэргэжлүүд эрэлттэй болох байх. Дата шинжээч, аналитикч, блокчейн, кибер аюулгүйн инженер, UX дизайнер эсвэл дижитал маркетерүүд эрэлттэй болох хандлагатай байна. Эсвэл бүр технологийн хамааралтай болсоор буй бидний хүмүүс хоорондын харилцааг зохицуулдаг ажил мэргэжлүүд нэн чухал болж магад. Ингэхээр сэтгэл зүйч, сэтгэл судлаач, социологич, мэргэшсэн сувилагчууд эрэлт ихтэй байх магадлалтай.

-Ажил олгогч талаас сүүлийн жилүүдэд ямар шаардлага тавих болов?

-Миний хувьд ажил мэргэжилтэйгээ холбоотой жил бүр ажил олгогчдоос тавьж буй шаардлагуудыг ажиглаж байдаг. Хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтаас илүүтэй эзэмшсэн байвал зохих 10 ур чадваруудын жагсаалтаа гаргах болоод байна. Иймд боловсролын зөвлөхийн хувьд би гадаадад сурах залууст үзэж судлах хичээлүүдийн жагсаалтыг танилцуулж дараа нь мэргэжлээрээ дадлагажих хөтөлбөрүүдэд хамрагдахыг зөвлөх болсон. Коллеж, их сургуулиудад үзэж судалсан онолын мэдлэгийг практик дээр хэрэглэх замаар хичээлийн танхимд заадаггүй зөөлөн ур чадваруудыг давхар олж авснаар жинхэнэ үнэ цэнтэй боловсролыг олно. Ийм та бүхэн ямар нэг мэргэжилтэй уягдахаасаа илүүтэй ажил олгогч нарын хүсээд буй ур чадваруудыг олж эзэмшихэд анхаарах нь зүйтэй. Ер нь мэргэжил сонголтыг хийхдээ бас ажил олгогч нарт ямар мэргэжилтэн хэрэгтэй байгааг анзаарах нь зүйтэй. Зөвхөн ажлын байрны нэрс анхаарах бус. Харин ажил олгогчдоос ирээдүйн боловсон хүчин нь ямар ур чадвартай байгаасай гэж хүсэн хүлээж байгааг нь анзаарах хэрэгтэй.

-Гадаад улсыг зорих гэж байгаа хүүхэд залуус юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ. Хаана нийтлэг алдаа гаргаж байна?

-Сурах хөтөлбөрийнхөө нарийн ширийнийг сайн судлаарай гэж хэлмээр байна. Гадаадын сургуулиуд хичээлийн жагсаалт гаргаад вэб сайтууд дээрээ байрлуулчихдаг. Гэтэл тэр хэсгийг олж судлахаасаа илүүтэй төлбөр мөнгө, сургуулийн чансаа хараад байдаг. “Opendoor” энэ тал дээр маш их анхаарч хичээлийн төлөвлөгөөг танилцуулж ойлгуулахыг хичээж ажилладаг. Мөн манай залуус гадаадын дипломтой байхад л болно гэдэг бодолтой. Өндөр хөгжилтэй АНУ, Ирланд, Канад, Япон зэрэг улсууд дээд боловсролыг эзэмшсэн гадаад оюутнуудад мэргэжлээрээ ажиллах дадлагажих боломжийг олгодог. Эдгээр улсууд нь залуу боловсон хүчний нөөцийн хомсдолд орчихсон тул ийм нээлттэй бодлого баримтлаад байгаа хэрэг. Тэгвэл энэ боломж нөхцөлийг бүү алдаарай гэж зөвлөж байна. Ажлын гараагаа өндөр хөгжилтэй улсад эхлүүлэх нь чамайг илүү өндөр үнэ цэнтэй болгоно.

-Ямар нийтлэг шинжтэй хүүхэд залуус сурч байгаа салбараасаа шантрах, өөрчлөх нь их байдаг вэ?

-Ажил мэргэжлээсээ шантрах буюу шатаж дуусах (burnout) гэж яригдах болсон. Залуу хүмүүс тогтмол ажлын хэв маягт ажиллаад багагүй хугацааны дараа ийм мэдрэмжүүдийг авдаг. Өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, шинэ ур чадварт суралцах гэх мэт. Тухайлбал, гадаадад хэсэг хугацаанд суралцах нь “burnout” болсон байдлаасаа түр зуур хөндийрч өөрийгөө танин мэдэх бас нэг аялал гэж боддог. Манайхаар үйлчлүүлж Ирландад англи хэл сурахаар явж буй залуус иймэрхүү burnout мэдрэмжээс салах бодолтой байдаг. Энэ бол муугүй санаа шүү. Аялна, сурна, ажиллана.

-Хиймэл оюун ухаан хэдий хөгжсөн ч ямар мэргэжил тогтмол ажлын байраа хадгалж үлдэхээр ажиглагдаж байна вэ?

-Хиймэл оюун ухаан санаанд оромгүйгээр бидний амьдралыг өөрчилж байна. Мэдээллийн технологи, банк санхүү, хууль эрх зүй, эмнэлэг, боловсрол гээд нэвтрээгүй салбар алга. Хиймэл оюун ухааныг хүн бүтээж бас хиймэл оюун ухааны хийсэн бүтээснийг хөрвүүлэх нь хүний хийх ажил. Иймд аль ч салбарт программ хангамжийн мэдлэг, ур чадвар бол заавал эзэмших цагаан толгой гэж болно. Тиймээс, сурах мэргэжлээ сонгож чадахгүй байвал мэдээллийн технологийн үзүүрээс атгаад авсан байхад алзахгүй гэж эцэст нь хэлье.

-Боловсролын зөвлөх ажлыг хэд дэх жилдээ хийж байна вэ?

-“Opendoor” байгууллагаа 2002 оноос хойш 22 дахь жилдээ гадны орны боловсролын зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.Бид одоогоор АНУ, Канад,Ирланд, Япон, Малайз, Тайвань, Хятад зэрэг 10 орчим улсын 60+ их дээд болон гадаад хэлний сургуулиудтай хамтран ажиллаж байна. Бид хамтран ажилладаг гадны сургуулиудын кампусаар зочилж гадаад оюутан хариуцсан ажилтнууд нь хэрхэн ажиллаж байгаатай танилцдаг. Ингэх явцад мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгч, ямар хөтөлбөрөөр сурах талаар чиглүүлэг өгдөг тусгай зөвлөхүүд ажилладгийг мэдсэн. Ингээд залуустаа энэ талаар мэдээлэл түлхүү өгч гадаадад сурах хугацаандаа эдгээр мэргэжил хөгжлийн зөвлөхүүдтэй ойр байхыг зөвлөх болсон. Улмаар 10 гаруй жилийн өмнөөс өөрсдийн гадаад боловсролын зөвлөх үйлчилгээндээ мэргэжил сонголтын талаар чиглүүлэг өгч эхэлсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын 6 сарын 1, Санчир гараг. Билгийн тооллын 24, Могойг хүлэгч одтой, улаан бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:57-20:43. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.