Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг нэмнэ DNN.mn

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх цалин, тэтгэвэртэй холбоотой арга хэмжээнүүдийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан юм.

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл:

  • Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
  • Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэх,
  • Үүнд нийт 225.2 мянган хүнийг хамруулна.

Орон нутгийн нэмэгдэл:

  • Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
  • Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
  • Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

Мөн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Батхишиг: Авлигын индексээ урагшлуулахын тулд авлигын мөнгөө нуухад ашиглагддаг компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэлжүүлэх ажил чухал DNN.mn

УИХ-ын дэд даргын нийгмийн бодлогын зөвлөх, эдийн засагч, улс төр судлаач П.Батхишигтэй авлигын индексийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан олон улсын байгууллага улс орнуудын авлигын индексийг зарласан. Манай улсын хувьд байр ухарсан байсан. Үүнд ер нь хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага улс орнуудын авлигын түвшнийг хэмжиж үр дүнг зарладаг. 2023 оны тайланд 180 улсыг судалгаандаа хамруулснаас Монгол Улс дахин байр ухарч 121-д үнэлэгджээ. 10 жилийн өмнө “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарлахад нийт 172 улсаас Монгол Улс 39 оноогоор 80-д жагссан байж. Энэхүү индекс нь Дэлхийн банкны засаглал бодлогын үнэлгээ, Дэлхийн эдийн засгийн форумын судалгаа, ардчиллын индекс зарладаг V-Dem, Дэлхийн өрсөлдөх чадварын индекс гаргадаг IMD гээд 13 байгууллагын мэдээллийн эх үүсвэрт тулгуурладаг тул улс орнууд ач холбогдол өгдөг. Индексийн гол агуулга нь нийтийн өмч, төсөв, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, авлигын гэмт хэрэгтэй тэмцэж буй бодлого, түүний хэрэгжилтийг үнэлдэг. Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан 2023 онд хамгийн тааруу оноо авч хамгийн муу байранд жагслаа. Энэ бол эрх баригчдын ам, ажил хоёрын зөрүүг илэрхийлж буй хэрэг.

-Бусад улс орнуудын хувьд авлигын асуудалд ямар бодлого гаргаж явснаараа энэ индексээрээ урагшаа байр ахиж байдаг юм бол?

-Авторитар, эсвэл ардчилсан системтэй хэсгээс үл хамааран аливаа хэлбэрийн авлигын гэмт хэрэгтэнд хариуцлага тооцолгүй, ял шийтгэлээс чөлөөлөх, түүндээ шүүх прокурорын байгууллагыг ашигласнаар шударга бус байдлыг нэмэгдүүлэн авлигыг нийгмийн хэвийн үзэгдэл болгодог. Харин авлига багатай, авлигатай хийж буй тэмцэл үр дүнд хүрч буй улсуудыг ажиглавал шүгэл үлээх, хэрэгтнийг шударга шүүж, хариуцлага хүлээлгэснээр нийгэмд авлигыг үл тэвчих соёлыг бэхжүүлдэг. Бүс нутгийн хувьд Европын улсууд авлигагүй болох энэ тэмцэлд тэргүүлсэн хэвээр байгаа.

Африк, Ойрхи Дорнодын улсуудад улс төрийн авлига, зөрчилдөөн байгаа ч бага зэрэг ахиц үзүүлсэн байна. Харин Зүүн Европ, Төв Азийн улсуудад авторитар дэглэм рүү гулсах, хуулийн засаглал, системийн авлигатай зууралдсан хэвээр байна. АНУ гэхэд 12 дугаар сард гадаад орны албан тушаалтнууд компани, иргэнээс авлига шаардах болон авахыг гэмт хэрэгт тооцох тухай хууль баталсан. Энэ хуулиас өмнө Америкийн компани болон иргэн гадаад улсын албан тушаалтанд авлига санал болгох, өгөх нь гэмт хэрэгт тооцогддог байсан бол өдгөө хоёр талыг хариуцлагажуулж авлигатай хийх тэмцлийг өргөжүүлсэн байна.

Авлигын мөнгө угаах, нуухад түгээмэл ашиглагддаг үл хөдлөх хөрөнгө, компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэлжүүлэх ажлын чухлыг ч онцолж. Хөгжиж буй орнуудын хувьд институцийн чадавх, хуулийн засаглал болон бусад олон шалтгаанаар энэ тал дээр төдийлөн ахиц гаргаж чаддаггүй ч Монгол Улс урагш алхсаныг бид мэднэ. Өнөөдөр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд ч эдгээр мэдээллийг ашиглан шүгэл үлээх, авлигатай хийх тэмцэлд хувь нэмрээ оруулсаар байна.

-Авлигатай тэмцэх нь нийгэмд яагаад чухал талаар ойлголт бас сул байна уу?

-Авлига, шударга ёс хоёр эсрэг тэсрэг ойлголт. Зарим судлаачид нийгмийн итгэлцэл алга боллоо гэдгийн гол шалтгаан авлига шүү дээ гэдэг. Учир нь авлига цэцэглэх тусам хууль шүүхийн өмнө тэгш байдал алга болно. Тэр чинээгээрээ хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдан, эцсийн дүндээ нийгмийн үнэт зүйлс эвдэгдэнэ. Итгэлцэл бол нийгмийн үнэт зүйл. Ард түмний хувьд өдөр тутам хэвлэл мэдээллээр шударга бус шүүхийн шийдвэр сонсоод, өглөө бүр нэг авлигачийн үнэтэй машинтай зэрэгцэн алхах нь гутамшигтай байна. Өвчиндөө шаналан эмнэлгийн орон дээр хэвтэх иргэнд өнөөх авилгач дарга ханиад хүрээд л Солонгос нисч эмчлүүлж байгааг харахад нийгэмд ямар юмны итгэлцэл байх вэ дээ.

-Манай төр засаг 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Үр дүнг юу гэж харж байна вэ?

-НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид шүүх, прокурорын байгууллагын хараат бус ажиллагааг онцолдог. Хичнээн сайн хууль баталлаа ч шүүх, цагдаа, прокурорын байгууллага авлига эсвэл нөлөөлөлд автсан бол төмс булчихаад алим хүлээдэг шиг юм болно. Итгэл үнэмшил бүхий, мэргэжилдээ эзэн, ёс зүйтэй хууль шүүхийн ажилтнуудын томилгоо, албан тушаалд дэвшүүлж буй байдал, ажлын үнэлгээг хэн хийдэг билээ. Мөнөөх төр. Төр гэдэг маань сонгуульд амлалт өгөн ялсан бүх эрх мэдлийг атгасан тэр нам. 2021 онд Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс авлигын индексээр 35 оноо авч 111-д эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт” гэсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд авлига, ашиг сонирхлоос ангид байхыг зориуд тусгаж оруулсан”, “УИХ-д Авлигын эсрэг бүлэг байгуулсан”, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Авлигатай хийж буй тэмцэл дорвитой үр дүнд хүрэхгүй байна” гэж хэлснээс хойш юу өөрчлөгдөв. Нийгэмд энэ бүхэн тодорхой харагдаж байгаа. Удахгүй ард түмэн дүнгээ тавина.

-Ямартаа ч авлигын эсрэг тэмцэх нь чухлыг онцолж, нийгэмд ч ийм ойлголт төрүүлж байна гэж итгэж байна уу?

-Авлигатай тэмцэнэ гэдэг нь нийтийн эрх ашиг, та бидний эрх ашгийг хамгаалах тухай асуудал. Гэхдээ олонх тохиолдолд авлига авч баяжсан, хөрөнгөжсөн хүнийг буруушаах, зэвүүцэхээс илүү өөрт хамаагүй зүйл мэт бодох нь түгээмэл. Гэтэл авлига өгч танай гэрийн хажуугийн жижиг газар 20 давхар байшин барих нь оршин суугчдын нарыг хаахын зэрэгцээ цэцэрлэг сургууль, нийтийн эзэмшлийн зам талбайг ч үгүй болгоно.

Авлига өгч танай хүүхдийн боловсролын зээлийн сангийн эрхийг авч, хүүхдийн чинь ирээдүйг хулгайлна. Чадвартай төрийн албан хаагч тушаал дэвших боломжийг хааж нэг намчин нөхөр төрийн ажлыг унагах, эсвэл нэг төрийн компанийн гарын үсгэн дээр сууж хувьдаа завшина. Авлигатай тэмцэх нь яагаад чухлыг иргэдийн боловсрол мэдлэгээс үл хамааран ингэж ойлгуулах нь чухал. Энэ ажлыг хийхгүй бол удахгүй танай хүүхэд, найз нөхөд авлигаар баяжиж хөлжигсдийг шүтэж, тэдэн шиг болохыг хүсч энэ хэрээр авлигыг хүлээн зөвшөөрөх түүнд татагдан орох болно. Латин Америк, Африкийн олон орнуудын жишээ авлигын ийм цаламд орж, системийн авлигаар улс орноо хэдхэн хүн цөлмөж, дийлэнх нь ядуугийн туйл болж буйг харуулдаг.

-Авлигатай тэмцэж байгаа энэ жилүүдэд Монголын хууль шүүхийн байгууллага авлигын гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэсэн талаар танд мэдээлэл бий юү. Нөгөөтэйгүүр бусад орнуудад хэрхэн хариуцлага тооцдог вэ?

-“Эрдэнэс Монгол” компанийн захирал асан авлигын хэрэгт холбогдоод 40 сая төгрөгөөр л торгуулж. Төрийн өмчит уурхайн захиралд торгох ял, 2.7 тэрбумын хахууль авсан хөдөлмөрийн баатарт ч торгох ял оноосон байна. Хөгжлийн банкны, нүүрсний сонсгол гээд хэдэн өдөр хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл дамнуулан төлбөр авсан, аваагүй, мэдэх мэдэхгүйн завсар олон хүмүүс, аж ахуйн нэгжийг олон түмний өмнө бүлтэлзүүлсэн боловч яг ял оноогоод, хариуцлага тооцоод, хөрөнгө хураагаад олон нийтийн өмчид гар дүрвэл ийм болно оо гэдгийг үзүүлж чадсан уу, гэвэл үгүй. Харин сунжирсан шүүх хурлуудын дараа бүгд гэмгүй, эсвэл цагаадан гарч ирж ард иргэд рүү инээмсэглэн яриа өгч буй дүр зураг юу хэлж байна. Гэтэл авлигагүй улсын тэргүүнд явдаг Сингапурт 37 жилийн өмнө Ерөнхий сайд нь авлигад холбогдсон танхимын сайдынхаа амиа хорлох тухай захиаг уншиж өгсөн түүх бий. Хөрш Хятадад гадагш зугтсан 100, 100 түшмэдээ буцаан авчирч хариуцлага хүлээлгэж байгаа жишээг уншсан иргэдийн тархи толгойд манайд яагаад ингэдэггүй юм бол гэсэн асуулт байнга эргэлддэг байх. Нэмээд хэлэхэд, хамгийн их авлига авдаг, авлигад холбогддог этгээдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авлигатай тэмцэнэ, тэмцэх ёстой гэх зэргээр ярьж харагдах нь энэ сэдвийг хангалттай бүдгэрүүлдэг. Авлигын хэргээр ял, торгууль авсан этгээдүүд төрийн өмчит үйлдвэрийн газар, их сургууль, агентлаг, яам, Их хуралд сууж байгаа нь бидэнд тавьж буй бодит дүн. Тэдний хариулт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хялбаршуулсан журмаар шийдүүлсэн, гэмээ ухаарч торгуулиа төлсөн гэх биз. Гэтэл улсад учруулсан хохирлоо төлсөн үү, нуусан хулгайлсан хөрөнгийг хураасан уу гэх зэргээр олон асуулт хариугүй үлддэг. Шувуу болоод ниссэн, улсаасаа зугтсан дарга, сайд, хөдөлмөрийн баатар, гавьяатуудын сураг ч алга. Авлигатай тэмцэх ажил амаргүй ч энэ талд дэлхийд үнэлэгддэг Сингапурын эцэг Ли-гийн хэлсэн үг бий. Тэрээр “Гурван найзаа шоронд хийхээс эхэл. Яагаад хийж байгааг чи мэдэж байгаа, хүмүүс ч чамд итгэж эхэлнэ” гэж хэлсэн байдаг. Энэ үг өнөөдөр дэлхийд авлигатай тэмцэгчдийн уриа болж дэлгэрсэн байна. Манайх ч энэ үгийг санаж, бодож явахад гэмгүй.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эгийн голын станц, нүүрсэн яндан хоёр гайхаш төрмөөр сонин хувь заяатай DNN.mn

Эгийн голын усан цахилгаан станц гэж бий. 33 жил цаас барьж ярьсан. Ашиглалтад орчихвол их дэмтэй. Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эг, Сэлэнгийн бэлчирт солбилцлыг нь тогтчихсон. Төслийн санаачилга 1991 онд гарч, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар анхны ТЭЗҮ-ийг боловсруулсан. Тухайн үед 327.8 сая ам.доллараар босох тооцоолол гарч байв. Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт цаг.цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. Жилд 50 сая гаруй ам.долларын цахилгаан эрчим хүчийг импортоор авдгийг дотоодоосоо бүрэн хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэх татварын орлого бүрдүүлэх боломжтой. Тиймээс төслийг босгох гэж үе, үеийн парламент, Засгийн газар ярьдаг, хөдөлдөг. Гэвч ашиглалтад ордоггүй.

Хамгийн сүүлд 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд төслийг дахин сэргээж байгаагаа зарласан. Хоёр жилийн дараа сураггүй болсон гэхэд болно. Эгийн голын усан цахилгаан станцын түүх ийм. Уг нь барьчихвал харь гүрний хараат байдлаас шууд гарчих, үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн асар өндөр үр өгөөжтэй төсөл юм. Гэвч үл үзэгдэх гар түүнийг боомилоод хөдөлгөдөггүй. Өнгөрсөн 33 жилд Эгийн голын станцыг дор хаяж 10-ыг байгуулчихаар мөнгө дэмий үрэгдсэн. Эхлээд Индонез улс барих болоод дараа нь Чех улс хийнэ гээд сүүлд нь Хятад улс барих болсноо Орос дургүйцээд байна гээд больсон. Одоо юу болоод байгааг мэдэх хүн алга. Сүүлд сонсоход, үүнийг барих нь Байгал нуурт хортой эсэхийг Орос шийдэх юм дуулдав уу даа.

Үүнтэй хувь заяа яг ижил, нийтийн эрх ашгийг хөндсөн бас нэг асуудал байдаг юм. Энэ тухай “Өдрийн сонин” сүүлийн таван жил гаруй бодлогын нийтлэл, сурвалжилгууд бэлтгэж ирсэн. Энэ бол нүүрсэн яндангүй автомашинууд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцдог тухай. Автомашины түлшний шаталтаас 200 гаруй төрлийн хорт бодис ялгардаг. Үүнийг шүүх үүрэгтэй машины гол эд анги бол катализатор буюу нүүрсэн яндан. Нүүрсэн яндангүй автомашин замын хөдөлгөөнд оролцох нь асар хортой. Хорт хавдраас эхлээд амьсгалын замын төрөл бүрийн өвчин үүсгэгч хорт бодисууд агаарт шууд цацагдах эрсдэлтэй. Яг ийм эрсдэл дунд улаанбаатарчууд сүүлийн 10 гаруй жил амьдарч байна. Хорт хавдар гэх айхтар өвчнийг үүсгэгч гол хүчин зүйл нь агаарын бохирдол гэдэг. Агаарын бохирдлыг гэр хорооллын утаа болон автомашины утаа хоёр л бүрдүүлдэг.

Нийслэл хотод үе үе өмхий эхүүн үнэр ханхалдаг болоод удлаа. Үүнийг нягталж, хаанаас ямар эх үүсвэртэй болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоож чадаагүй. Учир нь манай лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрчихсөн. Харин мэргэжлийн хүмүүс энэ өмхий үнэрийг автомашины утаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, түлшний дутуу шаталт, түүний хорт утааг шүүж чадахгүй байгаагаас өмхий үнэр гарч байх магадлалтай гэж ярьдаг болсон. Уг яндан хабрид буюу хосолмол хөдөлгүүрт машинд байдаг. Манайд хамгийн их байдаг хабрид машин бол приус. Приус машиныг анх 2010-аад оны үед Монголд оруулж ирсэн гэж үзвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нүүрсэн яндангийн асуудал яригдана. Нүүрсэн янданг машинаас нь тононо, хулгайлна, эзэн нь зориуд зарж мөнгө болгоно. Зарим нь хятад яндан зөрүүлээд тавьчихна. Зорилго нь

нүүрсэн янданг БНХАУ руу өндөр үнээр худалддаг. Ийм наймааны бүлэг этгээдүүд хаа сайгүй бий болчихсон. Тэдэнд хууль үйлчилдэггүй. Нэг удаа гаалийнхан их хэмжээний нүүрсэн яндан хилээр гаргах гэж байсан этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоосны хариуд шүүхэд дуудагдсан удаатай. Шүүхээс гаалийнхны буруу болоод, нүүрсэн яндангийн наймаачид бүр гаарсан. Одоо ч энэ наймаа цэцэглэж байна. Үндсэн хуульд монгол хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан.

Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг уг нь холбогдох хүмүүс хамгийн сайн мэддэг. Замын цагдаа бараг хажуугаар нь приус машин өнгөрөхөд утааг нь үнэрлээд л мэднэ. Оношилгооны төвүүд ч ялгаагүй. Хятад яндан тавьчихсан, эсвэл өөр нэгнээсээ янданг нь түр аваад боочихсон гээд л шууд хараад мэднэ. Гаалийнхан ч мэднэ, хилээр байнгын наймаа үргэлжилж байдаг учир. Шүүхийнхэн мэддэг болсон. Энэ тухай сонин

хэвлэлээр бичиж байгааг харж, уншиж суугаа төрийн түшээд, УИХ-ын гишүүд ойлгодог болчихсон. Тэгсэн хэрнээ хэн ч, ямар ч үйлдэл хийдэггүй. Уг нь эдгээр хүмүүс бүгд л Улаанбаатарт, нүүрсэн яндангүй машинаас ялгарсан хорт утаагаар

амьсгалж байгаа. Тэдний хүүхдүүд ч, аав ээжүүд ч, ахан дүүс ялгаагүй. Яахав, баян чинээлэг хэсэг нь өвлийн нэг сар гадаадад амарчихдаг биз. Үлдсэн ихэнх хугацаанд Улаанбаатарын зам дээр хорт утаан дунд л явцгааж байгаа шүү дээ. Тийм атал энэ аюултай, бүх нийтийн эрүүл мэндийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг зогсоох тухай санаачилга гаргадаггүй нь хачирхалтай. Заавал хууль журам гаргаж ажил удахгүйгээр захын УИХ-ын гишүүн гааль руу утасдахад хилээр гаргадаг асуудлыг зогсоочихмоор юм. Гэтэл тэгдэггүй. Гүлдийгээд нийтээрээ хордоод байцгаадаг.

Саяхнаас УИХ-ын зарим гишүүд нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах хуулийн төсөл санаачилсан сураг дуулдаж байна. Яагаад ингээд байдгийг хэн ч мэддэггүй, ямар нэгэн хараал хүрчихсэн хүмүүс ч юм уу гэж бодогдмоор. Хордоод байна, болохгүй шүү гээд бүгд мэддэг мөртлөө хориглож чаддаггүй. Хэнээс юунаас айгаад, хэн хориглоод хэний эрх ашиг зөрчигдөх болоод ингээд байдгийг мэдэх хүн байхгүй.

Уржигдар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Буриадад монголчуудыг аваачиж элэгний эмчилгээ хийлгэх тухай ярилаа. Буриадууд Монголоос эрүүл мэндийн салбараар өндөр хөгжсөн гэж үздэг юм бол өнөөдөр энэ улс “монгол эмч нар дэлхийн хаана ч ажилладаг”, “гадаадад хийдэг олон төрлийн мэс заслыг дотооддоо хийдэг боллоо” гэх мэт нь тархи угаалт, мөнгө угаалт болж таарна. Тийм бол улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт өгдөг санхүүжилтийг ч зогсоо. С.Чинзориг сайдын хэлснээр монголчуудыг нийтээр нь Буриадад аваачаад эмчилчих хэрэгтэй. Төрийн бодлого, төрийн хүний, улстөрч хүний сэтгэлийн угт эх орноо тоох, Монгол Улсаа өөд нь татах, өмнө хөгжиж яваа улсууд руу чирэх эрмэлзэл, сэтгэл зүрхтэй байх ёстой. Өнөөдөр Буриадууд өөрсдөө Монголд ирж эмчлүүлдэг, худалдаа наймаа хийдэг, бүр амьдрахыг хүсдэгийг захын хүн хэлнэ. Тийм байхад өвчин зовлонд баригдсан ядарсан хэдэн монголоо тэнд аваачиж шулах хэрэг юу байна аа. Гишүүд ээ, сайд нар аа та нар Монголын сайд гишүүд үү, Буриадын сайд гишүүд үү. Яагаад ийм эх оронч биш төрөлх үндэстэндээ дайсан мэт хандана вэ. Юунаас болж ийм байгаад байна аа. Монголд ийм сэрүүн дотортой бодлого гаргадаг асуудлууд маш олон байдаг.

Бүх нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудал нүдэн дээр ил байсаар байхад дуугардаггүй, хөдөлдөггүй, ажил хэрэг болгож чаддаггүй. Яг л Эгийн голын УЦС, нүүрсэн яндан хоёрын түүх шиг… Тариураа буцалгаж хэрэглэдэг эрүүл мэндийн шинжлэх ухаан хэдэн шат доогуур байгаа хаягдсан хязгаар нутагт иргэдээ аваачиж эмчилнэ гэдэг шиг.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“СҮҮ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“СҮҮ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Сүү” ХК-ийн 2024 оны “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 15:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж-24 хаягт орших, “Холидэй Инн” зочид буудлын хурлын танхимд танхимаар зохион байгуулна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1.  Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудал,
  2.  “Сүү” ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн ногдол ашиг тараалтын тайлан болон 2023оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг тараах талаар Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх,

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байна.

Хувьцаа эзэмшигч та ээлжит хуралд оролцохын тулд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуусталх хугацаанд “Сүү” ХК-ийн байранд, Хурал зохион байгуулагдах өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 15:00 цаг хүртэл “Холидэй Инн” зочид буудлын хурлын танхимд тус тус баталсан маягтын дагуу цаасаар болон www.survey.suu.mn цахим хуудсаар цахим хэлбэрээр бүртгүүлнэ.

“Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ийн хэлэлцэж буй асуудлаар санал хураалтыг баталсан маягтын дагуу цаасан хэлбэрээр болон www.survey.suu.mn цахим хуудсаар тодорхой өгөгдлийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд Санал авах сүүлчийн хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ээлжит хурлын санал хураалт зохион байгуулах үе шатын саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаагаар тогтооно. /Хэрэв өөрийн биеэр хуралд оролцож чадахгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч та саналаа санал авах баталсан маягтын дагуу цаасан хэлбэрээр бөглөн шуудангаар, Сүү ХК-ийн байранд өөрийн биеэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, өөрийн харилцагч Үнэт цаасны компани /ҮЦК/-р дамжуулан тус тус өгөх байдлаар урьдчилан хүргүүлэх боломжтой. Хурлын ирц цаасан хэлбэрээр бүртгүүлэх эсхүл саналын хуудсаар цаасан хэлбэрээр саналаа өгөх тохиолдолд тухайн маягтыг бүрэн гүйцэд, үнэн, зөв, засваргүй, баллаагүй бөглөн, иргэний үнэмлэхний хуулбар буюу нотлох баримтыг хавсаргасан байх ёстойг анхаарна уу./

Хувьцаа эзэмшигч та холбогдох баримт бичигтэй тус компанийн www.suu.mn цахим хуудсанд хандан эсвэл өөрийн харилцагч Үнэт цаасны компаниар дамжуулан танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар долоо хоногийн Даваагаас Баасан гаригуудад ажлын цагаар холбогдож авч болно. Үүнд:

Харилцах утас: 88062481 /Г.Баярбаатар/, 89038286/Б.Энхжаргал/, Цахим шуудангийн хаяг: survey@mongolmilk.mn
Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж-37, Сүү ХК, 2077108 ш/х-27

Хувьцаа эзэмшигчид хурлын үеэр санал хэлж, асуулт асуухдаа хурлын дэгийн дагуу тогтоосон хугацаанд асуух ёстойг анхаарна уу.
Жич: Хэрэв хувьцаа эзэмшигч нь өөр хүнээр төлөөлүүлэх бол төлөөлөх хүндээ итгэмжлэл бичиж өгч, итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 1, Сумъяа гариг. Билгийн тооллын 22, Гар одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 06:30 цагт мандаж 19:22 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 04 сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 4-р сарын 01-нд говь, талын нутгаар, 30-нд тал, хээрийн нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Төрийн ордоныг Төв аймаг руу нүүлгэнэ гэдэг зөв санаа” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын дэд даргын нийгмийн бодлогын зөвлөх, эдийн засагч, улс төр судлаач П.Батхишиг “Авлигын индексээ урагшлуулахын тулд авлигын мөнгөө нуухад ашиглагддаг компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэлжүүлэх ажил чухал” хэмээн ярилаа. Энэ тухай II нүүрээс уншаарай.

“Цагаан хад” суурьшлын бүсэд ажиллаж байгаа нүүрс тээврийн жолооч нарын цалинг үндэслэлгүй, гэнэтийн шийдвэрээр яагаад хассан талаар “Эко Глобал Ложистик” нүүрс тээврийн компанийн жолоочоос тодрууллаа. Тэрбээр “Ганц шөнийн дотор 260 мянган төгрөгийн цалинг 130 мянга болгосон” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Төрийн ордоныг Төв аймаг руу нүүлгэнэ гэдэг зөв санаа” хэмээн өгүүллээ.

УИХ-ЫН ЧУУЛГАН: Н.Алтанхуяг “Энэ хуулийн заалтаар УИХ Үндсэн хуулийн Цэцийн дээр гарах гээд байна”

“Оюу толгой” ХХКийн ажилчид цалинг нь хассан асуудлаар олон нийтэд хандаад байна. Тэдний нэг, хүнд машин механизмын оператор Ж.Баяржаргалтай ярилцлаа.

Хурандаа Л.Билгээ “Ялсан намын сайд дарга нар цагдаагийн боловсон хүчний бодлогод дур зоргоороо хандах болсон нь харамсалтай” гэлээ.

Сонины арын нүүр: Баялаг амьдрал

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Оросыг дэмжигчид ба Ленинградын бүслэлт

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ