Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын арслан М.Бадарчийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ DNN.mn

Улсын арслан М.Бадарчийн допингтой холбоотой асуудлыг шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Шүүх хурал өчигдөр өглөөний 10:00 цагт эхэлж, ажлын цагаар үргэлжилж, түр завсарлаад өнөө өглөөний 10:00 цагт дахин эхэлсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртжээ DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Дөрвөлжингийн-Энгэр” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан дуудлага өчигдөр 13:17 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 17:40 цагт цурамд оруулан 20:33 цагт бүрэн унтраалаа.

Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатсан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хаврын хуурайшилтын өдрүүд үргэлжлэх тул ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал DNN.mn

БНХАУ-ын Гадаад хэргийн тэргүүн Ван И Бээжинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенийг хүлээн авч уулзахдаа “Хятадын шаардлага тууштай бөгөөд талуудын үндсэн ашиг сонирхлыг харилцан хүндэтгэхийг үргэлж дэмждэг. АНУ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хятадын хөгжлийг дарамтлах ёсгүй, БНХАУ-ын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлын талаар Бээжингийн “улаан шугам”-ыг давах ёсгүй” гэж хэлсэн байна. Мөн Ван И “Сөрөг хүчин зүйлс”-ээр шалгагдаж байгаа ч Хятад, АНУ-ын харилцаа тогтворжиж эхэлж байгааг дурдаад “ Гэсэн хэдий ч хууль эрх зүйн үндэслэлгүйгээр Хятадын хөгжлийн хүчин чармайлтыг дарж, бидний үндсэн ашиг сонирхлыг эсэргүүцэх явдал нэмэгдэж байна” гэж нэмж хэлжээ. Хятадын Гадаад хэргийн сайд яг ямар “эсэргүүцэх явдал”-ын тухай ярьж байгаагаа тодорхой хэлээгүй ч одоогоор хоёр их гүрний хооронд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх байр суурь, Тайванийн засгийн газарт АНУ-ын дэмжлэг үзүүлж буй явдал, олон улсын асуудал зэрэг хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгааг дурдсан байж магадгүй байна.

Харин Хятадад хүний эрх зөрчигдөж байгаа талаар Блинкен үг хэлэхдээ илүү болгоомжтой хандан хоёр орны харилцааг “идэвхтэй дипломат арга замаар” хөгжүүлэх хамтын үүрэг хариуцлага Бээжин, Вашингтонд оногдож байгааг онцолжээ. Үүний зэрэгцээ тэрээр “дэлхийн хамгийн чухал” харилцаанд буруу алхам гаргахгүйн тулд улс орнуудын хоорондын асуудлын талаар ил тод, шуудхан ярьж байх хэрэгтэйг онцолсон байна. Мөн АНУ нь Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийг хичээж байгаа ч ирээдүйн талаарх төсөөллүүд нь хоёр орны хувьд харилцан адилгүй байгааг Блинкен онцолжээ. Юун түрүүнд Украин дахь Оросын түрэмгийлэл Хятадын дэмжлэгээс хамааралтай байгааг Блинкен онцлов. Хятадаас ОХУ-д

машин техник, микрочип болон бусад хэрэгслийг нийлүүлсээр байгаад АНУ санаа зовж байна. Эдгээрийг оросууд Украины эсрэг ашиглах боломжтой. Гэхдээ дайны эхэн үед цөмийн зэвсгийн аюулаас сэрэмжлэхэд Хятад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэр сайшаажээ. Энтони Блинкен Бээжин дэх “ВВС”-д ярилцлага өгөхдөө “Хятад улс Украинд ашиглаж буй зэвсэг, техник зэргийг Орост нийлүүлэхээ зогсоохгүй бол Вашингтон арга хэмжээ авна” гэсэн байна. Гэхдээ чухам ямар арга хэмжээ авахыг тодорхой хэлээгүй ажээ.

Харин Хятад улс Орост тусалж байна гэсэн Блинкений мэдэгдлийг Бээжин эсэргүүцсэн байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “Хятад улс эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааныхаа төлөө үндэслэлгүй буруутгагдаж байна. Биднээр буруу хүлээлгэх гэж оролдохгүй байхыг АНУ-д уриалж байна” гэжээ. Мөн Вашингтон Тайваньд цэргийн дэмжлэг үзүүлэх хамгийн сүүлийн тусламжийн багцыг баталсан явдал болон ТикТокыг АНУ-д ажиллуулахыг хориглох тухай хууль баталсан Вашингтоны үйлдлийг “Нэг Хятад бодлого”-ын зарчмыг ноцтой зөрчиж байна” гэж Бээжингийн зүгээс эрс шүүмжилжээ.

Мөн Энтони Блинкен БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзав. БНХАУ-ын дарга хэлэхдээ, Хятад, Америк хоёр “өрсөлдөгч биш, түнш” байх ёстой бөгөөд харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар хожих нь Хятад.Америкийн харилцааны “гурван үндсэн зарчим” гэж онцлов. Тэгвэл Хятадын “CCTV” агентлаг Си Жиньпин дарга “Хятад улс өрсөлдөөнөөс айхгүй. Гэхдээ энэ өрсөлдөөн нь үр дүнгүй тоглоом бус тодорхой ахицтай байх ёстой. Хятад улс итгэлтэй, нээлттэй, цэцэглэн хөгжиж буй АНУ-ыг харахдаа баяртай байх болно.

АНУ ч бас Хятадын хөгжил цэцэглэлтэд эерэгээр хандана гэдэгт найдаж байна. АНУ, Хятад аль аль нь дэлхийн энх тайвны төлөө хариуцлагатай байж, бүх улсын хөгжил цэцэглэлтийн боломжийг бий болгох хэрэгтэй. Мөн дэлхийн эв нэгдлийн төлөө эерэг үүрэг гүйцэтгэх ёстой” гэж хэлснийг онцолжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинд айлчилж, Хятадын дарга Си Жиньпин болон тэргүүлэх дипломатч Ван И нартай уулзаж, Орос, Украины дайн, Тайвань зэрэг асуудлын талаар хэлэлцжээ. Мөн хиймэл оюун ухаан, фентанил, Газын зурвасын мөргөлдөөн, Өмнөд Хятадын тэнгисийн маргаан зэрэг бусад өргөн хүрээтэй сэдвийг ч орхигдуулаагүй аж. Ажиглагчдын үзэж байгаагаар, хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений энэхүү айлчлал нь Бээжин, Вашингтоны яриа хэлэлцээ, дипломат харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой явдал болсон гэж дүгнэжээ.

 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын байнгын болон түр хороод хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь ажлын хэсэг, байнгын хороодын 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 334 тоот
ХОЁР. БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Нийгмийн бодлогын байнгын хороо ·     Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 10.00 “Их засаг”
2 Хууль зүйн байнгын хороо ·   Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

12.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ ·  Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай/

·  Түр хорооны тогтоолын төсөл /Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай/

·   Түр хорооны тогтоолын төсөл /Сонсголд гэрч дуудах тухай/

  14.00 “Их засаг”
4 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ·      Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

15.00 “Үндсэн хууль”
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Хандармаа: Цагдаа хүүхдийн бичлэгийг түгээснээр олон нийтийн дундах нэр хүндээ улам алдсан үйлдэл боллоо DNN.mn

Өсвөр насны гурван хүү нийтийн тээврийн автобусны сандлыг зүсч гэмтээсэн бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн долоо хоногт түгсэн. Удалгүй цагдаагийн байгууллага хөвгүүдийг олж тогтоон, сэрэмжлүүлэг нэрээр бас дахин бичлэг хийж түгээсэн. Уг бичлэгт хөвгүүдийн дуу хоолой, өмссөн хувцас, биеийн пропорц зэрэг чухал мэдээллүүд шууд дүрслэгдсэн. Ингэснээр олон нйитийн сүлжээнд өсвөр насны хөвгүүд шүүмжлэлийн бай болсон нь хүүхдийн эрхийг зөрчсөн явдал гэж харж болохоор байгаа юм. Энэ талаар өмгөөлөгч М.Хандармаа, хүүхдийн сэтгэл зүйч Б.Уянга нартай ярилцлаа.


Өмгөөлөгч М.Хандармаа: Эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдийн зураг, бичлэгийг сошиалд түгээх хориотой

-Мэдээж тухайн хүүхдүүдийн үйлдэл ёс суртахууны хувьд буруу. Хүүхэд аливаа сайн сайхан байгаа зүйлийг муу муухай болгож байгаа нь үе тэнгийнхэндээ буруу үлгэр дуурайл үзүүлсэн хэрэг. Түүн дээр зөвтгөх боломжгүй.

Харин хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд тавих нь ноцтой асуудал. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.2-т өөрийнх нь болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуудүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашиглахыг хориглодог. Түүнээс гадна зөрчлийн хэрэгт ч, эрүүгийн хэрэгт ч бай албан ёсоор гэм буруутайд тооцоогүй байхад гэм буруутай гэж үзэн хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах, сошиалд түгээх нь хууль бус.

-Тэр тусмаа хүүхэд өөрөө эрх зүйн чадамжгүй субьект гэдэг байх аа?

-Хүүхдийн онцлог бол өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй. Гэтэл өөрийнх нь дүрс бичлэг сошиалд түгсэнээр нийгэмд гадуурхагдах, найз нөхдийнхөө дунд элэг доог болох, олон хүмүүс тэднийг чичлэх сөрөг үр дагавартай. Ингэснээр хүүхдэд хамгийн түрүүнд алга болох, амиа хорлох сэдэл төрдөг гэж үздэг. Тиймээс ийм байдлаар шууд дүрс бичлэгийг түгээх маш эрсдэлтэй. Дүрс бичлэг хийхгүйгээр эцэг эх, асран хамгаалагч, харгалзах хүмүүсээр хохирлыг барагдуулж, сануулаад өнгөрөх ёстой.

-Эхний бичлэгийг автобус компаниас түгээсэн бололтой юм билээ. Нэг ёсондоо томчууд, иргэд гэсэн үг шүү дээ. Насанд хүрэгчид өөрсдөө хүүхдийн эрхийн мэдлэг, мэдрэмжгүй үйлдэл хийчихлээ гэж үзэж болох уу?

-Манайд нийтээрээ, нийгмээрээ хүний эрхийн мэдлэг, хандлага муу байна шүү дээ. Хүүхдийн талаарх сайн муу ямар ч зүйлийг олон нийтийн сүлжээнд байршуулахдаа эцэг эх, асран хамгаалагчаас нь заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. Хэдийгээр хүүхэд хөөрхөн харагдаж байгаа ч, эсвэл буруу зүйл хийсэн ч түүний дүрс бичлэг, зургийг тавих эрх хэнд ч байхгүй. Энэ талаар иргэд огт мэдлэггүй байна.

-Гэтэл хууль сахиулагч цагдаагийн байгууллага дахин ийм хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гаргалаа. Цагдаа өөрсдөө хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг, хамгийн их ярьдаг хүмүүс шүү дээ?

-Уг нь цагдаа насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авсан бол эцэг эх, асран хамгаалагч, өмгөөлөгч оролцуулах хуультай. Энэ нөхцөл байдлаас харахад өмгөөлөгч байгаагүй бололтой. Хэрэв байсан бол хэзээ ч ийм бичлэг хийлгэхгүй. Энэ бол хүүхдийн эрхийг зөрчсөн явдал.

Ялангуяа цагдаа нартай холбоотой ноцтой хэрэг шалгагдаж байгаа. Энэ тухай иргэд олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжилсэн харагдсан. Тэгэхээс ч аргагүй. Цагдаагийн байгууллага өөрсдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа зөрччихлөө. Эрх үүрэг хамгийн их ярьдаг хүмүүс өөрсдөө шударга, тэгш үйлчлэхгүй байна.

-Хууль сахиулах байгууллага ийм шударга бус, тэгш бус хандах нь нийгэмд ямар нөлөөллийг үзүүлдэг юм бол?

-Иргэд олон нийт цагдаагийн байгууллагад итгэдэггүй. Энэ байдлыг у лам нэмэгдүүлэх үйлдэл л болж байна. Хууль хүчнийхэн танил талтай, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг гэдэг ойлголт олон нийтэд өндөр байдаг. Үүнийг улам бэхжүүлж өгч байна. Хэрвээ үнэхээр цагдаа хууль журмаа баримталдаг бол хүүхдийн бичлэгийг олон нийтэд түгээхгүй. Сэрэмжлүүлэг болгож, мэдээлэл бэлтгээд өнгөрөх боломжтой. Мэдээж хохирлыг эцэг эх асран хамгаалагчдаас нь гаргуулж таарна.

Хүүхдийн сэтгэл зүйч Б.Уянга: Хүүхдийн буруу үйлдлийг сошиалд шууд мэдээлсэн нь хөгжих боломжийг хаана

-Автобусны суудлын бүрээсийг урж гэмтээсэн хөвгүүдийн бичлэгийг та харсан байх. Энэ өдрүүдэд тэдгээр хүүхдүүд хамгийн муу муухай, хүмүүжилгүй нэрийг зүүж байх шиг байна. Хөвгүүдийн сэтгэл зүйд яаж тусч байгаа бол?

-Аливаа зүйл хоёр талтай байдаг. Мэдээж цагдаагийн байгууллага ажлаа хийсэн байх. Дараа нь дахин ийм асуудал гарах вий, хүүхдүүд ийм үйлдэл хийх вий гэдгээс сэрэмжлүүлэхийг хүссэн байх. Харин хүүхдийн сэтгэл зүй талаас авч үзвэл тэдгээр хөвгүүд маш том сургамж авна. Шууд хэлбэл, олон нийтийн дунд ичгэвтэр байдалд орно. “Нөгөө гурав чинь байна, наад гурваасаа болгоомжил, эд зүйлс гэмтээчихнэ” гэх байдлаар хандана.

Хөвгүүд “Хүмүүс бидэн рүү юу гэж хандах бол, яаж уурлах бол. Одоо яасан ч итгэхгүй байх” гэсэн сэтгэлгээний айдас түгшүүртэй эхэлнэ. Ингэснээр дараа нь ямар нэгэн зүйлийг сонирхохоо болино. Шинэ зүйл нээж үзэх, өөрийгөө хөгжүүлэх гэхээс илүү айдаст авна. Яагаад гэвэл “Би ийм зүйл хийж болохгүй” гэдэг хаалтыг ингээд тавьчихлаа. Олон нийтийн сүлжээгээр тэднийг ийм байдалтай мэдээлж, шүүмжилж байгаа нь хүүхэд хөгжих боломжийг шууд хаасан явдал болно.

-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог бас өөр биз?

-Бичлэгт гарч буй хөвгүүд 11, 12-той л харагдаж байна. Ийм насан дээр хүүхдүүдэд юм бүхэн сонин санагдана. Магадгүй автобусны суудлын бүрээс яаж бүтсэн юм бол, яаж хийдэг юм бол гээд хуулж үзсэн. Хуулагдаад байхаар сэдэл төрөөд улам хуулсан. Харин ч шинээр авсан автобус нь, эд материал нь чанаргүй юм байна гэдгийг гаргаж ирлээ. Нөгөө талаар үүнээс илүү сайнаар яаж хийж болох вэ гэж сэтгэсэн ч байж болно. Ийм нөхцөл байдал байж болзошгүй гэдгийг харгалзахгүйгээр гурван бяцхан хүүг буруутгаж байгаа нь томчуудын ухамсаргүй үйлдэл. Ахархан бодолтой л байна. Хүүхдүүдийг дэндүү их буруутгах гэж оролдсон байна.

Гэр бүлийнх нь хүрээнд сануулаад өнгөрч болно. Хэдийгээр бичлэгт нүүрэн хэсгийг нь бүдгэрүүлсэн ч биеийнх нь ерөнхий пропорцоор нь анги хамт олон, найзууд нь таньчихсан. Үүнийг томчууд огт авч хэлэлцээгүй, ойлгоогүй байна.

-Тэр тусмаа хүүхдийн эрх хамгаалдаг хууль сахиулагч цагдаа нар хөвгүүдээр бичлэг хийж түгээж болох юм уу?

-Юм бүхэн шалтгаантай байдаг. Тухайн байгууллага ямар сэтгэлгээ, ямар өнцгөөр ойлгуулах, мессэж өгөх гэснийг тодорхой мэдэхгүй юм. Гэхдээ хүүхдийн дүрс бичлэгийг ингэж гаргана гэдэг хүүхдийн сэтгэхүй, ээж аав, найз нөхдийнх нь тухайн хүүхдүүдийг үнэлэх үнэлэмжийг шууд бууруулсан үйлдэл болсон. Хүүхэд эргэн тойрондоо үнэлэгдэх, хүндэтгэл хүлээхийг, дэмжүүлэхийг хүсдэг. Энэ байдлаас болоод өөрийнхөө хийж чадах зүйлийг хийхгүй болох вий гэдэг энэ тохиолдлын сөрөг үр дагавар.

-Томчуудын дунд “би багадаа, сурагч байхад нэг удаа багш маань, эсвэл хэн нэгэн намайг ингэж хэлсэн. Намайг ингэж загнаж, гомдоосноос болж би сурахаа больсон. би хичээхээ больсон” гэх яриа үе үе сонсогддог. магадгүй хүүхдэд томчууд, багш сурган хүмүүжүүлэгчид юуг яаж хэлэхээ маш сайн бодох ёстой юм шиг санагддаг. Зөв үү?

-Хүүхэд үргэлж суралцаж явдаг. Томчууд бол ухамсраараа амьдарч байгаа. Нэг ёсондоо ухамсрын түвшин арай өндөр гэсэн үг. Гэтэл томчууд хүүхдэд ойлгуулах гэхээс шууд дарж авахыг боддог. Буулгаж авахын тулд уурладаг, орилдог. Чимээгүй бай, багшийн өөдөөс юм хэллээ. Чам шиг юмны сурах гэж юу байх юм гэх нь ч бий. Ийм үгнүүд зарим хүүхдүүдэд “Би үнэхээр олиггүй гэж үү” гэж бодогдуулдаг. Заримд нь “Би яахаараа олиггүй гэж” гээд улам асдаг, хичээдэг, амжилттай явах нь ч бий. Гол нь хүүхэд бүрийн онцлог өөр өөр.

Хүүхдийг шийтгэх олон төрлийн арга байдаг. Зэмлэж шийтгэх, магтаж шийтгэх, зүйрлэж шийтгэх, урамшуулж шийтгэх, гайхаж шийтгэх гэх мэт. “Чи яагаад ингэв ээ, би чамайг ингэсэн гэж итгэхгүй байна” гэх мэтээр. Гэтэл эдгээрийг биш, шууд л дарж авахын тулд, хүүхдээс хүчтэй гэдгээ нотлохын тулд дайраад байдаг. Илүү сайн аав ээж байхын тулд хичээж байгаа шигээ л харилц. Хүүхэд томчуудын үг, үйлдлээс суралцдаг. Хэчнээн орилж уурлаад баахан үг урсгаад нэмэргүй.

Эх сурвалж: “Өдрийн сони

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь DNN.mn

УБЦТС ТӨХК-иас 2024 оны тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг гаргасан байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэгдсэн дугаарын утсаар мэдээлэл хүргэх болно.

Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг ЭНД дарж харна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЦТС-ын баруун талын авто замыг хааж, засвар хийнэ DNN.mn

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах УБЦТС-ын баруун талын авто замын засвар, шинэчлэлтийг 2024 оны тавдугаар сарын 3-ны 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Таван богд группын уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто замын ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтыг хийж гүйцэтгэх юм байна.

Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 байршил DNN.mn

Энэ долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг УБЗАА-наас гаргажээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 10:30-17:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байна.

Хонь, ямааны махыг гулуузаар нь зарах бөгөөд хонины мах килограмм нь 8,900 төгрөг, ямааны мах килограмм нь 6,700 төгрөг.

2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махны худалдааг иргэдэд хүргэж байсан бол нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа билээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баярмаа: СХД-ээс Чингэлтэй дүүрэг рүү автоматаар 10 мянган хүн шилжсэн нь хардлага төрүүлж байна DNN.mn

Ардчилсан намаас шударга сонгууль явуулах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын дэд дарга болон тус ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаатай ярилцлаа.


-Шударга сонгууль явуулах ажлын хэсэг байгуулсан юм байна. Сонгуулиар ямар зөрчил, гомдлууд их гардаг вэ?

-Монгол Улс парламентын найман сонгууль хийсэн. Гэвч энэ бүрээр элдэв зөрчил, булхай, луйврын талаар гомдол зөрчил тасардаггүй. Хар машинаас өмнө бол цахилгааныг нь салгаж байгаад саналын хуудсуудыг нэгээс нөгөөд бөөнөөр нь шилжүүлэх зэрэг зөрчил гардаг байсан. Харин орчин үед болохоор программ хангамжтай холбоотой зөрчлүүд их байна. Сүүлд хяналтын тооллого гэж хийсэн. Гэтэл хэвлэсэн мэт будсан 200 хуудас гарч байна гэх зэрэг программ хангамжтай холбоотой байгаа юм.

Өнгөрсөн 2020 оны сонгуулиар бие даагчдын орон нь таслалтай. Бусад хүмүүсийнх хэвийн байх жишээтэй. Мөн Баянгол дүүрэгт нэр дэвшигчийн нэр бүтэн 2-3 цаг алга болсон. Энэ мэт зөрчил шинээр бий болсон.

-Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой гомдол бас их гардаг?

-Нэрсийн жагсаалт бол Иргэний бүртгэл мэдээллийн газарт байгаа үндсэн баазтай тулж байгаа эсэхийг хэн ч мэддэггүй. Шинээр үүсгэдэг. Жишээлбэл, 2020 онд хий хаяг бий болгосон.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Дөрвөн давхар байшинг таван давхар гээд тэр хий давхрынхаа тоотуудад хүмүүсийг бүртгэсэн. Улмаар шинэ иргэний үнэмлэх олгож, санал өгүүлсэн. Надад баримт нь бий.

-Иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн нь гэмт хэрэг юм биш үү?

-Хүн нь бол жинхэнэ. Гэхдээ хоёр иргэний үнэмлэхтэй учраас нэгийг нь хуурамч л гэж үзнэ. “Царцаа” гэдэг чинь энэ юм байна. Энэ нь бүр сүүлдээ их олон төрөл болсон. Бодит хүн олон газар очиж санал өгдөг. Мөн дээрх шиг виртуал ертөнцөд бараг үүсч байна. Эдгээр луйвар хэзээ ч зогсохгүй байгаа юм. Тиймээс манай ажлын хэсэг үүнийг л таслан зогсооё, багасгая гэж байгаа.

-СЕХ болон холбогдох газруудад баримтуудыг нь өгч болдоггүй юм уу?

-Өнгөрсөн 2020 онд булхай, луйврын тухай олон мэдээлэл, баримтуудыг улс төрийн намынхан цуглуулсан.

Гэвч түүнийгээ хаана, хэнд өгөхөө мэдэхгүй байсан учраас улс төрийн намууд нэгдээд ажлын хэсэг байгуулсан. Үүн дотор нь тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр хүртэл орсон. Тэгээд зөрчил бүр дээр дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргаад ТЕГ, СЕХ, УБЕГ, Ерөнхий прокурор, тухайн үеийн Ерөнхийлөгчид хүртэл өгсөн. Харамсалтай нь ямар ч хариу байхгүй.

-Та бүхэн сонгогчдыг дарамталдаг тухай ярьж байсан. Үүнийгээ тайлбарлаач?

-Сонгогчийн боловсрол тааруу байна гэдэг чинь үүнтэй холбоотой. Яаж өргөдөл, гомдол гаргахаа ч мэдэхгүй. Сонгуулиа нууцаар өгөх эрхтэй гэдгээ ч мэдэхгүй байгаа болохоор өмнө нь мөнгө өгч, янз бүрийн халамжид хамруулчихдаг. Тэгээд яг сонгуулиа өгөх гээд ирэхээр нь хар машин хэнд өгч байгааг чинь мэднэ. Камер бичиж байгаа гэх зэргээр дарамталдаг.

-Танай ажлын хэсэг одоо ямар ажлууд хийх вэ?

-Өмнөх сонгуулиар улс төрийн намууд зохион байгуулалтад орж, ажлын хэсэг байгуулан маш их ажил хийсэн. Олон төрлийн зөрчил, мэдээлэл цуглуулаад дүгнэлт гаргачихсан. Тиймээс улс төрийн намуудаа дахин цуглуулж, холбогдох байгууллагуудад өгсөн материалуудынхаа араас явна. Ингээд зогсохгүй гарц, шийдлээ гаргана. Хуулийн төсөл боловсруулж, өөрчлөлт оруулах шаардлагатай бол яаралтай горимоор хэлэлцүүлнэ. Энэ бол эх орны ирээдүйтэй шууд холбоотой зүйл. Гэсэн хэдий ч бид дийлэх боломж тун хомс. Гэхдээ л чадлынхаа хэрээр сонгуулийн булхай, луйврыг засах, багасгах тал дээр ажиллана.

-Арай оройтож ажлаа эхлүүлж байгаа юм биш үү. Ямар нэгэн үр дүнд хүрч амжих уу?

-Амжихын төлөө л явна. Эрх баригчид нэн яаралтай горимоор хүний үг, үзэл бодлоо илэрхийлэхийг хорьсон хууль баталж байсан. Тийм болохоор эх орны хувь тавилантай холбоотой асуудлаар хууль хэлэлцэж болно гэж бодож байгаа.

-Энэ сонгуультай холбоотой мэдээлэл ирж байна уу?

-Ирж байгаа. Жишээлбэл, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ерөө суманд байдаг бүх ажилтнаа шилжүүлсэн. Ингэхдээ дургүйцсэн хүмүүсийг нь дарамталж таслан зогсоосон явдал гарсан. Мөн СХД-ээс Чингэлтэй дүүрэг рүү 10-аад мянган хүнийг автоматаар саяхан шилжүүлсэн.

-ЦХХХ-ны сайд тойргоо сольсонтой холбоотой гэж үзэж болох уу?

-Тийм гэж хардаж байна. Шууд автоматаар шилжүүлсэн. Бид хамтрахгүй л бол аалзны тор шиг хэрсэн зүйлтэй тэмцэж дийлэхгүй. Ер нь ардчиллын хамгийн гол суурь, үнэт зүйл нь чөлөөт сонгууль байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд манайх ардчиллаас дандаа ухарч байгаа. шүүх нь хараат байна гээд дүгнэгдчихсэн. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх байхгүй гэж дүгнэсэн байна. Гадаадын зээл тусламж аваад хариу тайлагнадаггүй. Энэ мэт асар олон зүйлийг дүгнээд 21 байраар ухраасан. Сонгууль шударга явагддаг эсэх гээд бас том ангилал байгаа. Би өөрөө яг үүнийг судалдаг хүн. Гэтэл үүнийг эрх баригчид хуураад шударга явагдаж байгаа мэтээр хэлдэг. Тэгэхээр нь олон улсын байгууллагууд нотлох баримт нэхдэг ч эрх баригчид гаргаж өгдөггүй. Гадныхан нотлох баримт байхгүй учраас шударга бус сонгууль явдаг гэж хэлж чаддаггүй юм байна.

Харин энэ задраад нотлох баримтын хүрээнд шударга бус сонгууль явдаг гээд зарлачихвал гажуудсан ардчилал гэсэн ангиллаасаа бид унаад сонгуульчлагдсан авториторизм гэсэн байдал руу шилжинэ.

Ингэвэл олон улсуудын хамтын ажиллагаа, зээл тусламж гээд олон зүйлд асар хортой.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ DNN.mn

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн баасан гаригт болно. Мэдээж энэ өдөр бүх нийтээрээ амарна байх. Сонгуулийн тухай хуулиндаа ийм зохицуулалттай. Гэвч онцгой, цагдаа, эмнэлэг, ачаа тээвэр, уул уурхай гээд 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой салбарууд “Саналаа өгнө” гээд зогсчихдоггүй. Бас үйлчилгээний газрууд бүгд энгийн өдрүүдтэй адил ажилладаг. Өмнөх сонгуулиудын ирцээс харахад тухайн өдөр ээлжтэй байж таарсан ажилчид саналаа өгч чаддаггүй юм билээ. Өнөөдөр уул уурхай, ачаа тээврийн салбарт гэхэд л нийтдээ 60 гаруй мянган хүн ажиллаж байгаа гэсэн статистик олж харав. Хоёр ээлжтэй байлаа гэхэд тэдний тал нь сонгуулиа өгч чадахгүй гэсэн үг. Зөвхөн энэ салбарт 30 мянган санал гээгдэхээр байна. Уг нь Сонгуулийн тухай хуулийн 66.16-д “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заажээ. Тэгэхээр ажил олгогчид ирэх зургадугаар сарын 28-нд ээлж нь таарч байгаа ажилчдадаа ямар нэгэн байдлаар чөлөө өгч саналыг нь өгүүлэх хэрэгтэй байна. Үүнийг эртнээс зохион байгуулж, ухаалаг маневр хийж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалцгаая, ажил олгогчид оо!

Монголчууд найман удаагийн УИХ-ын сонгуулийн ард гарсан улс. Гэвч саналын ирц жилээс жилд буурсаар ирлээ. Хамгийн өндөр үзүүлэлттэй жил нь1992 он байв. Ардчилал ялж, шинэ нийгэм байгуулагдсан анхны УИХ-ын сонгууль болохоор сонгогчдын идэвх, оролцоо ч сайн байсан биз. Тэр үед саналын ирц 95 хувьтай байжээ. Тэгвэл 2020 оны сонгуулиар энэ тоо бараг 30 хувиар унасан байгаа юм. Өнөө жил сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн болохоор ирц бүр ч доошилж мэднэ, магадгүй 50 хувьдаа ч хүрэхгүй байх талтайг судлаачид хэлж байна. Саналын ирцийг нэмэгдүүлэх хамгийн том хүч бол эдийн засгийн хөшүүрэг. Өөрөөр хэлбэл, саналаа өгсөн хүмүүсийг урамшуулах кампанит ажил өрнүүлэх ёстой. Үүнийг бизнес эрхлэгчид л хийж чадна. Тэр нь юу вэ гэвэл,томоохон бизнесмэнүүд эх оронч санаачилга гаргаад зөвхөн саналаа өгсөн хүмүүст зориулсан хямдрал, урамшуулал зарлах гэх мэт арга хэмжээ авмаар байна. Жишээлбэл, “Номин”, “И-март”, “Сансар”, “Оргил” гэх мэт хүнсний том дэлгүүрүүд сонгуульд санал өгсөн тэмдэглэгээтэй хүнд арван хувийн урамшуулал өгдөг ч юм уу. Эсвэл үндэсний брэндүүд болон импортын бараа худалдаалдаг эзэд яг сонгуульд зориулсан хямдрал зарлаж яагаад болохгүй гэж. Саналаа өгсөн хүмүүс энэ эрхийг эдлэх боломжтой гээд онцгойлон зарлавал сонгуулийн ирцийг өсгөж чадна даа. Баар, ресторан, караокенууд ч мөн адилхан. Саналаа өгсөн залууст өнөөдөр “2+1” пивоны урамшуулалтай, караокед нэг цаг үнэгүй дуулуулна гэх маягаар хөнгөлөлт, урамшуулалтай менью гаргачихвал их зүгээр. Ер нь 30-аас доош насны залуус руу чиглэсэн иймэрхүү хямдрал, урамшууллыг бизнесийнхэн түлхүү явуулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл 2020 оны сонгуулийн ирцийг харахад нийт санал өгсөн хүмүүсийн ердөө арав гаруйхан хувь нь 18-25 насны залуус байна лээ. Олон улсад хүртэл сонгуулийн ирц буурах шалтгааныг сонгогчдын насжилттай холбож тайлбарладаг. Нийгэм залуужих тусам сонгуулийн идэвх суларч, ирц буурдаг байна. Манай улсын нийт хүн амын 40 хувийг залуучууд бүрдүүлдэг. Тэгэхээр энэ насныханд зориулсан эдийн засгийн хөшүүрэг саналын рекордыг эвдэхэд үр дүнтэй байж мэднэ. Монголчуудын хамаг мөнгийг хамдаг өөр нэг салбар бол шүдний эмнэлэг. Орон сууцны булан тохой бүрт нэг шүдний эмнэлэг зоолттой байж байдаг шүү дээ. Тэд ээлжит хямдрал урамшууллаа санал өгсөн үйлчлүүлэгчдэдээ зориулна гэдгээ эртнээс зарлах хэрэгтэй. Шатахуун түгээх станцууд мөн ялгаагүй саналаа өгчихөөд ирсэн жолооч нарт купон бэлэглэдэг ч юм уу. Энэ мэтчилэн бизнесийнхэн дор бүрнээ орон даяар үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлмэгц фэйсбүүк, твиттер, инстаграм гээд сошиалаар давлагаалаарай. Ахан дүүс, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамтрагчид, клубийн гишүүдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа заавал өгөхийг ард түмэндээ уриалцгаая. Сонгуулийн өдөр болмогч санал өгсөн зургаараа гоёж, бусдадаа нөлөөлцгөөе. “Бидний найзууд дунд санал өгөөгүй хүн байхгүй”, “Манай группийнхэн саналаа өглөө. Та ч бас өгөөрэй”, “Ангиараа анхны сонгуульдаа оролцлоо” гэх зэргээр цөмөөрөө хуруун дээрх бэхэн тэмдэглэгээгээрээ гангарч, сошиалд давлагаа үүсгээрэй. Өнөөдөр монголчууд бүгд сошиалд “амьдарч” байгаа. Тэнд нэг нэгийгээ даган дуурайх маш их нөлөөллийн хүч оршдог болохоор хэдүүлээ эртнээс сонгуульд саналаа өгөхийг уриалж байх хэрэгтэй байна. Дараа нь сонгуулийн үр дүнг ам булаалдан ярьцгааж, сошиалаар гонгинохгүйн тулд заавал саналаа өгдөг болъё.

Өөрсдийнхөө саналаар байгуулсан төр засгийг гаргаж ирэхийн тулд сонгуулийн ирцийг өндөр болгомоор байна. Энэ жил сонгуулийн ирцийг 90 хувьд хүргэе гэвэл зайлшгүй эдийн засгийн хөшүүрэг чухал гэдгийг дахин хэлье. Үүнийг төр засгаас явуулах боломжгүй. Явууллаа гэхэд “Эрх баригчид санал худалдаж авсан” гээд сөрөг хүчний намууд бөөн холион бантан болгоно. Төрийн зүгээс хийж чадах ганц ажил нь сонгуулийн шинэ системийг олон нийтэд таниулсан ухуулга сурталчилгааг эртнээс зохион байгуулж байх явдал юм. Өнөө жил сонгууль томсгосон тойргоор явагдана. Сонгогчид будилж, төөрөх нь гарцаагүй. Өмнөх сонгуульд гурван хүний нэр дугуйлах гэж л сүйд болдог байсан сонгогчид энэ удаа 20-30 нэр дэвшигчдээс арав хүртэлх мандатын тоог гүйцээж дугуйлна гээд бод доо. Энэ хэрээр санал өгөх хугацаа уртасч, ирцэд нөлөөлөхийг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр бүгдээрээ санал өгөхөөсөө өмнө манай тойрог хэдэн мандаттай юм, аль, аль намаас хэн хэн, ямар ямар бодлогоор өрсөлдөж байгааг урьдаар судалж, мэдсэн байх ёстой шүү. Үүнийхээ дараа саналын хуудасны заавартай сайтар танилцчихвал сонголтоо хийхэд түүртэх юмгүй дээ.

Сонгуулийн шинэ тогтолцоо ойлгомжгүй юм гээд санал өгөхөөс татгалзаж огт болохгүй. Аль ч намд саналаа өгч болно. Тэр бол сонгогчийн итгэл үнэмшил, сонголтын асуудал. Хамгийн гол нь сонгуульд ард түмний өөрсдийнх нь санал бүрэн тусч байх ёстой. Ардчилсан Монгол Улсын иргэн бүр засаг төрийнхөө үйл ажиллагаанд оролцдог байх хэрэгтэй. Ирээдүй хойчийнхоо төлөө сэтгэл зовниж, хуруугаа хөдөлгөж, төрийн төлөө боож үхэхээс наагуур байгаа “оготно” бидний хамгийн анхны бас энгийн хөдөлгөөн бол саналаа өгөх юм. Тийм болохоор заавал саналаа өгцгөөе, монголчууд аа.

М.МӨНХЦЭЦЭГ