Categories
мэдээ эдийн-засаг

Биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 1.019.299 тоннд хүрчээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 04 дүгээр сард 1,019,299 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэж нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу “Эрдэнэс Тавантолгой”” ХК, Монголын хөрөнгийн биржтэй хамтран 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийт 83 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж нийтдээ 17,6 сая тонн нүүрс борлуулаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 10 сая тонн нүүрс экспортлоод байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Чинбатад холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно DNN.mn

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:30 цагт зарлагдсан байна.

Тус прокурорын газраас “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮСХ: Нийт айл өрхийн тоо өмнөх оноос 41.9 мянгаар нэмэгджээ DNN.mn

Монгол Улсын нийт айл өрхийн тоо 983.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 41.9 мянгаар нэмэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин нийт хүн амын тоо 3.5 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 47.2 мянга буюу 1.4 хувиар нэмэгдсэн байна.

Нийт айл өрхийн тоо өмнөх оноос 41.9 мянгаар нэмэгджээ

Categories
мэдээ үндэсний-бөx

Ирэх сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 3-нд 13:00 цагаас Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 барилдаан,
  • 4-нд 13:00 цагаас Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 5-нд 13:00 цагаас “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 10-нд 13:00 цагаас Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 11-нд 13:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолын хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 16-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 18-нд 13:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 19-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 23-нд 13:00 цагаас Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 26-нд 13:00 цагаас Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 30-нд 13:00 цагаас Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 31-нд 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам”, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Мөн ирэх сард “Үндэсний Алтан цомын төлөөх” багийн барилдаанууд болно. Үүнд:

  • 20-нд 19:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
  • 21-нд 19:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
  • 24-нд 13:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан,
  • 25-нд 13:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын алтан медалийн төлөөх барилдаан,
Categories
мэдээ нийгэм

Хачгаар дамжих халдварт өвчний тандалт шинжилгээ хийв DNN.mn

Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон АНУ-ын Флоридагийн Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны эктопаразит болон эктопаразитаар дамжих халдварын үүсгэгчийн тархалтыг тогтоох судалгаа”-ны хүрээнд Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хачиг цуглуулан, молекул биологийн шинжилгээнд хамруулахаар дээжиллээ.

Судалгааг 2024 оны дөрөвдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон дээрх аймгуудын Зоонозын өвчин судлалын төв, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 14 мэргэжилтэн хамтран хийлээ.

Өмнөговь аймаг дахь тандалт судалгааг уг төвийн 2024 оны зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Булган, Сэврэй, Гурвантэс сумдын нутагт хийсэн. Шинжилгээгээр хачгийн тархалт, нягтшил, зүйлийн бүрдэл, хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоохоор ажиллалаа гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

“Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөгөөр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгнө DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөгийг 2024 оны тавдугаар сарын 01-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.

Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө.   Иргэд та бүхэн Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй өдөрлөгт болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад /Мишээл, Драгон, Дүнжингарав, Баянгол, Баянхошуу, Сэлбэ/ хүрэлцэн ирж, мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Баянхангай суманд сайжруулсан түлшинд 3 хүүхэд угаартаж, 2 нь газар дээрээ нас баржээ DNN.mn

Иргэд шахмал түлшинд угаартаж, амиа алдсан харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байна. Өнгөрсөн сард Сонгинохайрхан дүүрэгт нэг гэрт 10 хүн угаартаж амиа алдсан. Тэгвэл 4 дүгээр сард энд тэнд хэд хэдэн хүн угаартаж амиа алдлаа. Он гарснаас хойш нийт 932 хүн угаартаж, 20 хүн нас барсан талаар албан эх сурвалжийн өгсөн мэдээлэл бий. Энэ нь зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгдсэн хэрэг. Харин сүүлийн үед орон нутагт ч иргэд угаартаж, нас барсан тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, 4 дүгээр сарын 2-ны шөнө Төв аймгийн Баянхангай суманд гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай явдал болжээ. Энэ талаар бид тус суманд очиж сурвалжиллаа.

Баянхангай сум бол хүмүүсийн сайн мэддэг Атарын сангийн аж ахуй билээ. Сумын төв нь төв зам дагуух гуанзнуудаас хойш таван километр зайтай. Биднийг сумын төв рүү явж байхад зам зуур автомашин нь эвдрээд зогсчихсон өсвөр насны гурван хүүхэд, нэг ахимаг насны эмэгтэй таарав. Энэ айл Баянхангай сумынх аж. Ахимаг насны эмэгтэй “Манай машин эвдэрчихлээ. Энэ гурван хүүхдийг сумын төв рүү дөхүүлээд өгөөч” гэв. Бид ч гурван хүүхдийг аваад сум руу хөдөллөө. Зам зуур манай машинд суусан хүүхдүүд хоорондоо ангийнх нь найз угаартаж, нас барсан талаар ярив. Сонирхоод асуутал “Саяхан манай суманд гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь нас барсан. Тэр нас барсан хоёр хүүхдийн нэг нь манай анги” гэв.

Бид тэр хүүгээс “Чи хэддүгээр анги вэ. Хэдэн настай вэ” гэж асуутал “Би 16-тай. 11 дүгээр ангид сурдаг” гэж байна. Угаартаж нас барсан охин хичээл сурлагадаа гайгүй, нийтэч зантай гэдгийг ангийнх нь хүүхэд хэллээ.

Бид хүүхдүүдийг гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд, зорьсон айлаа сурагласаар очив. Хашааных нь үүдэнд очоод хартал гэр нь эзгүй, цоожтой байлаа. Энэ эзгүй айлын баруун талын онгорхой хаалгатай хашаан дотор нэг эмэгтэй ойр орчмоо цэвэрлэж байгаатай таарлаа. Түүнээс хажуу айлд нь болсон явдлын талаар лавлав. Тэрээр “Нэлээд хэд хоногийн өмнө болсон хэрэг. Бид яг тэр үеэр Улаанбаатар хот руу явчихсан байсан. Гэртээ ирээд л манай хөршийн хүүхдүүд угаартаж нас барсан гэдгийг мэдсэн. Одоо ээж, аав нь том охиноо эмчлүүлээд хотод байгаа юм билээ. Хоёр бага охин нь өнгөрсөн. Бидэнд өөр мэдэх зүйл алга байна” гэлээ.

Дараа нь бид амиа алдсан 16 настай охинд хичээл ордог багштай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.


“ХОРИОТОЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ҮНЭ НЬ ХЯМД БОЛОХООР ШАХМАЛ ТҮЛШ ТҮЛДЭГ”

-Танай суманд хүүхдүүд угаартаж, амиа алдсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Үнэн. Тийм хэрэг саяхан гарсан. Амиа алдсан нэг охин нь манай сургуулийн 11 дүгээр ангийн сурагч байсан.

-Яг хэзээ болсон явдал вэ. Та санаж байна уу?

-Санаж байна. 4 дүгээр сарын 2-нд болсон. Бид тэр үед сум орон нутгийн удирдлагуудтай хамт хаваржилтын нөхцөл байдал гээд малчидтай уулзаад явж байсан. Ийм хэрэг боллоо гээд бүгд буцаад сумандаа ирцгээсэн. Харамсалтай нь хоёр хүүхэд өнгөрчихсөн байсан.

-Угаартаж амиа алдсан гэдэг нь тогтоогдсон байх, тийм үү?

-Шинжээчийн дүгнэлт нь эцэслэгдэж гарсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар угаар таж нас барлаа гэдэг мэдээллийг холбогдох хүмүүст нь өгсөн байна лээ.

-Гурван хүүхэд угаартсан гэдэг мэдээлэл байгаа шүү дээ. Нэг нь 16 настай, танай сургуулийн 11 дүгээр ангийн охин байж. Нөгөө хоёр нь ямар хүүхдүүд байсан юм бол?

-Эгч дүү гурвуулаа гэртээ байсан юм билээ. Том нь 18 настай. Дундах нь манай сургуулийн охин, 16 настай. Харин бага нь бүр нялх хүүхэд, хөөрхий. Хоёр настай байсан. Ийм гурван охин гэртээ байж байгаад угаартсан нь харамсалтай. Том нь азаар амьд гарсан. Одоо Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа байх. Гэхдээ нэлээд хүнд байна гэж дуулдсан. Нөгөө хоёр охины хувьд тэр орой нас барсан юм билээ.

-Нэг сумын хүмүүс болохоор тэр хүүхдүүдийн ээж, аавыг нь таних байх. Сумын төвд байдаг хүмүүс үү. Ямар ажил эрхэлдэг юм бол?

-Бүр сайн танихгүй ээ. Гэхдээ мэдэлгүй яах вэ, нэг нутаг усны хүмүүс юм чинь. Ээж, аав нь залуу хүмүүс. Одоо гуч гаруйхан настай л хүмүүс. Ээж нь манай сумын цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад саяхан гарсан юм билээ. Аав нь нутгаасаа хол, Улаанбаатар хотод ажил хийдэг сураг сонсогддог. Амьдралынхаа төлөө таарсан ажил болгоныг л хийдэг юм шиг байна лээ.

-Яагаад гурван хүүхдээ харах хүнгүйгээр гэрт нь үлдээчхээд явсан юм бол. Ээж нь тэр үед байхгүй байсан юм болов уу?

-Цаад шалтгааныг нь би сайн мэдэхгүй. Амьдралынхаа төлөө ажил төрлөө хийцгээгээд л явдаг байсан байх. Гэр бүлийн хувьд багагүй асуудалтай юм шиг байна лээ. Хүүхдийн эрх ч зөрчигдөж байсан байж магадгүй. Сумын хамтарсан хурал гэж болдог. Тэр үеэр энэ гэр бүлийг сум, орон нутаг анхааралдаа авахгүй бол болохгүй. Учир нь гэр бүлийн хувьд тогтворгүй харилцаатай гэж хэлж байсныг сонссон.

-Тогтворгүй гэдэг нь юу гэсэн үг юм бол?

– Аав нь 14 хоног ажиллаад, 14 хоног гэртээ байдаг. Ийм ажлын хуваарьтай болохоор гэр бүлийн харилцаа тогтворгүй болж эхэлдэг. Олон залуу гэр бүл үүнээс болоод хөндийрдөг шүү дээ.  Яг л тэр жишээ энэ гэр бүлд тохиолдсон байх.

-Яагаад энэ гэр бүлийг онцлон анхаарах шаардлага үүссэн юм бол?

-Гэр бүлийн хувьд бага сага асуудал байсан юм шиг байна лээ. Хүмүүсийн амьдралд тэр бүр оролцох эрх бидэнд байхгүй шүү дээ. Гэхдээ ээж нь гурван хүүхдээ үлдээгээд мөн л Улаанбаатар хот руу явчихдаг гэж сонссон. Аав нь бас Улаанбаатар хотод ажилладаг. Эцэг, эх нь ингээд явчихаар ард нь энэ хүүхдүүд харах хүнгүй үлдчихээд байна. Тэр дундаа хамгийн бага охин болох хоёр настай хүүхэд энэ гэр бүлийн төрсөн охин биш. Ээжийнх нь дүүгийнх нь охин. Тиймээс энэ гурван хүүхдийг анхаарах шаардлагатай гэдгийг хэлсэн. Харамсалтай нь гэнэт ийм явдал болчихлоо. Ер нь орон нутагт гэр бүлийн их том асуудлыг хөндөж ярих цаг болсон байх гэж боддог.

-Амиа алдсан 16 настай охины төрсөн дүү биш гэсэн үг үү?

-Биш. Манай 16 настай сурагч охины ээжийнх нь дүүгийн хүүхэд нь тэр хоёр настай жаахан охин байсан юм билээ. Тэр охины ээж төрөхийн хүндрэлээр өөд болсон гэж дуулсан. Тэгээд эгч нь охиныг нь өргөж авсан гэдэг. Харамсалтай нь өөрийнх нь охин болоод дүүгийнх нь хоёр настай хүүхэд хамт угаартаад өнгөрчихлөө. Үнэхээр харамсалтай хэрэг.

-Юунаас болж угаартсан юм бол?

-Тэр орой манай суманд бороо орсон. Энэ үед өрхөө бүтээх гээд яндангаа сугалсан юм гэсэн. Тэгээд л гүйцэд унтраагүй галаас угаар тархаж, битүү гэрт унтаж байсан хүүхдүүдэд аюул учирсан болов уу гэсэн таамаг байна. Гол нь тэднийх түүхий нүүрс биш, Улаанбаатар хотод түлдэг сайжруулсан шахмал түлш түлж байсан юм билээ.

-Та түрүүн орон нутаг дахь гэр бүлийн асуудал хүнд байгаа гэдгийг хэллээ. Яг ямар асуудал орон нутагт байна вэ?

-Сум орон нутагт гэр бүл салалт өндөр байгаа. Салалтын гол шалтгаан нь тогтвортой ажлын байр байхгүйгээс болдог. Суманд гэр бүлээрээ амьдаръя гэхээр малгүй бол амьжиргаагаа залгуулахад хэцүү. Цөөн хэдхэн л ажлын байр байгааг бүгд мэднэ. Тэр нь дүүрчхээр бусад хүмүүс юу хийх вэ. Мэдээж манайх шиг хоттой ойрхон сум бол Улаанбаатарт очоод ажил хийхийг бодно. Үүнээс болоод гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алга болдог. Би багш мэргэжилтэй. Аав, ээж нь гэрээсээ хол ажилладаг хүүхдүүдийн сэтгэл санаа, сурлага, зан ааш нь тэс өөр байдаг. Мөн аав, ээж нь хоорондоо харилцаа муутай байгаа гэр бүлийн хүүхдүүдийн сэтгэл санаа ч тогтворгүй, байнга стресс бухимдалтай явдаг. Үүнийг багш хүн болгон мэддэг, мэдэрдэг болов уу. Тиймээс гэр бүлийн асуудлыг хот, хөдөө гэлтгүй шийдэх хэрэгтэй байгаа юм.

-Сайжруулсан түлш түлж байсан гэж хэлсэн. Уг нь энэ түлшийг нийслэлээс гаргахыг хориглодог биш бил үү?

-Шахмал түлш гэж их муухай зүйл байна. Таны хэлдгээр орон нутаг руу гаргах нь хориотой. Гэхдээ манайхан л болсон хойно үнэ хямд, илч дулааныг нь бодоод, яаж ийгээд авчраад түлчихсэн байдаг. Одоо ч зарим айл сайжруулсан түлш түлж л байгаа байх. Орон нутагт “Портер”-той шахмал түлш зарж байгаа хүн ч цөөнгүй байдаг. Тэр хүмүүсийг цагдаагийнхан барьж, зогсоосон гэсэн. Иймэрхүү зөрчил их гардаг болсон.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

2024 оны эхний улиралд 6600 хуулийн этгээд шинээр бүртгүүлжээ DNN.mn

Аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, хөрөнгө, үйлдвэрлэл, ажиллагчдын тоо, цалин, үйл ажиллагааны чиглэл зэрэг үндсэн үзүүлэлтийг багтаасан өгөгдлийн санг Статистикийн бизнес регистр (СБР)-ийн сан гэдэг.

Тус санд бүртгэлтэй хуулийн этгээдийг авч үзэхэд:

  • 191.4 мянга буюу 79.5 хувь нь компани,
  • 31.7мянга буюу 13.2 хувь нь төрийн бус байгууллага,
  • 5.4 мянга буюу 2.2 хувь нь нөхөрлөл,
  • 5.0 мянга буюу 2.1 хувь нь төсвийн байгууллага,
  • 4. 9 мянга буюу 2.0 хувь нь хоршоо,

Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 180.0 мянга буюу 74.7хувь нь Улаанбаатар хотод байрладаг.

Хуулийн этгээдийг бүсээр авч үзвэл:

  • Төвийн бүсэд 21600,
  • Хангайн бүсэд 18000,
  • Баруун бүсэд 13800,
  • Зүүн бүсэд 7400,

Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 4.3-5.4 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа бол Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.7-1.5 мянга байна.

Статистикийн бизнес регистрийн санд 2024 оны эхний улирлын байдлаар бүртгэлтэй 240.8 мянган хуулийн этгээдийн 40.6 хувь нь үйл ажиллагаа явуулж, 59.4 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байх юм.

Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 95.4 мянга буюу 66.7 хувь нь үйл ажиллагаа түр зогсоосон. Харин үлдсэн 33.3 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй байна. Үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  • 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд 84.9 хувь,
  • 10-19 ажиллагчидтай хуулийн этгээд 7.2 хувь,
  • 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд 5.1 хувь,
  • 50 ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд 2.8 хувь,

Энэ санд 2024 оны эхний улирлын байдлаар 240.8 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас 6600 нь 1 дүгээр улиралд шинээр нэмэгджээ.

Статистик үр дүнг олж авахын тулд өгөгдлийг цуглуулдаг. Дараа нь дүрсэлж судалж үздэг, дүн шинжилгээ, харьцуулалт хийх, өөрчлөлтийг бий болгох зорилготой гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна.

Манай улсын хувьд статистикийг нийгэм, эдийн засгийн юмс үзэгдлийн тоон илрэлийг чанартай нь холбон тэдгээрийн хөгжлийн зүй тогтлыг тодорхой орон зай, цаг хугацаанд судлахад ашиглах болжээ.

Categories
мэдээ спорт

НХЛ-д ч гэлээ плей офф эхлэв DNN.mn

Хойд Америкийн мэргэжлийн хоккейн лиг НХЛ-д улирлын тоглолт дуусч плей оффт багтсан 16 багийн нэрс тодорлоо.

Дорнодконференци

Баг тоглолт оноо

1 Рэйнжерс 82 114

2 Каролина 82 111

3 Флорида 82 110

4 Бостон 82 109

5 Торонто 82 102

6 Тампа-Бэй 82 98

7 Айлэндерс 82 94

8 Вашингтон 82 91

Өрнөдконференци

Баг тоглолт оноо

1 Даллас 82 113

2 Виннипэг 82 110

3 Ванкувэр 82 109

4 Колорадо 82 107

5 Эдмонтон 82 104

6 Лос-Анжелес 82 99

7 Нэшвилл 82 99

8 Вегас 82 98

Хойд Америкийн хоккей нь сагсан бөмбөгөө бодвол тун ээдрээтэй плей оффын тэмцээн өрнүүлдгээрээ алдартай. Ер нь эхний шатанд лидер баг нь хомоол багтаа амархан хожигдчихдог уламжлал зөндөө байдаг тул урьдчилаад тэр энэ түрүүлнэ гээд мэдэмхийрэхэд тун осолтой. Гэхдээ мэргэжилтнүүд өнөөдөртөө дөрвөн багт илүү найдвар тавьж байгаа юм билээ. Эдгээр нь “Каролина Харрикэйнс”, “Колорадо Эвеланш”, “Флорида Пантерз”, “Даллас Старс” нар бөгөөд сайн анзаарвал бүсээ тэргүүлсэн Рэйнжерс тэдний эгнээнд багтсангүй. Нью-Йоркийн баг хамгийн өндөр оноотой улирлыг дуусгаж Ерөнхийлөгчийн цом хүртсэн баг юм, уг нь. Гэтэл 2013 оноос хойш улирлаа тэргүүлсэн баг эцэстээ Стэнлийн цомд түрүүлж чаддаггүй гэх хар хэл ам гүйгээд байдаг. Ер нь энэ баг хасагдах шат эхлэхээр жаахан суучихдаг асуудал байдаг нь түүнд найдвар өгөхгүй байгаагийн шалтгаан байх л даа.

Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэстэй таарвал хэт их ойртохгүй, тууж цуцаахгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Цоохор ирвэс шинээр эзэмшил нутгаа тогтоохоор явж байгаа тул үргээж цуцаахгүй байхыг анхааруулж байна

Цоохор ирвэс нь орооноос бусад үедээ ганцаараа амьдардаг бөгөөд нэгнийхээ эзэмшил нутагт хамтран амьдардаггүй. Нас бие гүйцсэн цоохор ирвэс шинээр эзэмшил газар нутгаа тогтоохоор явж байгаа тул малчид, ард иргэд цоохор ирвэстэй таарсан тохиолдолд хэт их ойртохгүй байх, уулын амьтан тул тал хээр таарвал туулгаж цуцаахгүй байхыг анхаарна уу. Түүнд шинэ эзэмшил нутгаа олоход та бүхэн ухамсартай хандаарай

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар