Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Мал өлдөж, тамирдсандаа үхэж, малчид ядарч туйлдсандаа уйлж байна DNN.mn

Нэгэн жаранд тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл Монгол Улсад ид болж байна. Нийт нутгийн 80 орчим хувь нь цастай, 21 аймгийн дийлэнх нь буюу 19 аймаг зудтай байгаа. Тэр дундаа нутгийн зүүн хэсгээр нэлэнхүйдээ төмөр зудтай байгаа нь хүн, мал амьдрах нөхцөлийг асар хүндрүүлсэн байдалтай байна. Төвийн болон хойд, баруун бүсээр ч зудын эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах, хүндэрсэн аймаг, сум, багт хүрч, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, мал, малчдад туслах шуурхай багийн хуваарилалт гарган ажиллуулж байна. Энэ хүрээнд бид өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай багт нэгдэн Төв аймгийн зургаан сумаар хоёр багт хуваагдан явлаа.

Ингэхдээ Төв аймгийн баруун болон баруун урд талын сумд болох Лүн, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан гэсэн зургаан сумаар явж, нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь очиж сурвалжиллаа. Эхний очсон газар Төв аймгийн Эрдэнэсант сум байв. Тус сумын хувьд Төв аймгийн бусад сумаас нөхцөл байдал хамгийн их хүндэрчээ. Төв замаараа Эрдэнэсант руу саадгүй явсан ч сумын төвөөс холгүй орших айлын хот руу очно гэдэг жийп автомашины хувьд ямар ч боломжгүй болтол цас даржээ. Бартаат замын “хаан”, туулах чадвар сайтай, хурд хүчний гайхамшиг гэж яригддаг “V8” хөдөлгүүртэй ланд-200, 300, бүрэн тоногтой ниссан патрол, уаз-469-үүд энэ хөр цасанд зүтгэх нь хүүхдийн удирдлагатай машин гэлтэй. Алсаас хүчтэйхэн дайрсан ч автомашины хамартай зэрэгцэх цасанд тулж мөргөөд л зогсож байв. Ийнхүү ёстой хоёр алхам хойшилж гаргасан мөрөөрөө дахин дайрч, цасаа ухаж нэг алхам урагш чадан ядан явсаар эхний айлдаа очлоо. Том, хүчтэй жийп ингэж явж байхад малчдын унаа тэрэг, тэр дундаа портер бол энэ хатуу цасанд ёстой шонгүй юм байх. Магадгүй хөнгөхөн мотоцикль, жижиг автомашинууд хатуу цастай газраар нь цөмөрчихгүй бол явчихмаар санагдлаа.

Бидний эхний очсон айлын эзэд гэрийнхээ доохно талд хунгарласан цас малтаад зогсож байв. Цаана нь алга дарам газрын цасыг хүрздэж гаргаад тойруулан овоолжээ. Тэр багахан тойрог дотор зуднаар мэнд үлдсэн хэдэн богоо оруулчихсан харагдана. Сульдсан тамиргүй харагдах хэдэн мал нь хагдарсан хатуу дэрс, өвс зулгаах гэхээс илүү цас хунгарт шигдэхгүй хуурай хөрсөн дээр хөлөө амрааж, шороо үнэрлэн зогсоно. Энэхүү айлын өвөлжөө нь сумын төвөөс баруун хойд зүгт ердөө 16-хан километр зайтай. Гэвч зам харгуй хаагдаж төв зам руугаа орох битгий хэл өвөлжөө хавиараа явган алхахад ч хүнд хэцүү болжээ.

МАЛЧНЫ ХОТОНД МАЛЫНХ НЬ 10 ХУВИЙГ Л ҮЛДЭЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ГАМШИГ ИД ЯВАГДАЖ БАЙНА

Ийм маягтай арав гаруй хоног болж байгаа гэдгийг гэрийн эзэн болох Эрдэнэсант сумын малчин Г.Галсандорж хэлж байлаа. Тэрээр “Манай энд цас зудын байдал эрт эхэлсэн. Өнгөрсөн жилийн намар оройхон буюу 11 дүгээр сарын эхээр орсон их цаснаас хойш өнөөдрийг хүртэл бараан газар харуулсангүй цас орж, заримдаа хүчтэй шуурч байна. Бид 40 дөнгөж гарч байгаа хүмүүс. Хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд маань сумын төвд хичээлдээ явж, сургуулийн дотуур байранд амьдардаг. Хоёр хүүхдээ эргэж очиж чадалгүй бараг сар орчим боллоо. Утсаар л холбогдож байна. Энэ жилийн өвөл маш хүнд байсан. Энэ хавар ч бүр илүү хүнд болж байна. Цагаан сарын баяр гэдгийг энэ жил л бид огт тоосонгүй өнгөрлөө. Одоо болтол аав, ээж ах дүүстэйгээ золгож чадаагүй л байна. Өөрсдөө хоосон хоночихгүй, үлдсэн хэдэн бага малаа үхүүлчихгүйхэн шиг л хаврын урт өдрийг өнгөрөөж байна даа” гэсээр нулимс дуслуулан зовлон бэрхшээлээ ярилаа. Үнэхээр зудын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчээ. Гамшигт үзэгдэл удаан үргэлжлэхийн хэрээр энэ бүсэд амьдарч байгаа хүн, мал ялгаагүй туйлдаж, ядарч, шантарч байгаа нь бодитой үнэн ажээ. Малчид нь ядарсандаа уйлж, мал нь өлдөж, даарч бээрсэндээ хотондоо үхэж байгаа энэ мэт дүр зураг хөдөөгийн ихэнх малчны хотонд тохиож байна. Айлын эзэгтэй “Хоёр хүүхэд ч яах вэ, дулаахан байранд хичээл номоо сайн үзээд сууж байхад удахгүй уулзчихаж болно биз. Хамгийн гол нь зам харгуй хаагдсанаас болж хэдэн малдаа өвс, тэжээл татаж авах боломжгүй болсон” гэдгийг хэллээ. Үнэхээр энэ айлд задлаад талдаа орчихсон ганц шуудай хивэг, тэжээл л үлдэж. Өвөлжөөн дээрээ хураасан өвсний үлдэгдлээ цуглуулан малдаа өгч байгаа нь өр эмтэрмээр ажээ.

Яг энэ хүнд цаг үед Засгийн газраас тусламж ирж, өвс, тэжээл, хүнс, эрүүл мэндийн багц олгосонд малчид баярлаж байв. Өвс, тэжээл, хоол хүнстэй болж баярласнаас илүүтэйгээр зам харгуй гаргаад өвөлжөөнд нь ирсэнд туйлын их баяртай байгаагаа илэрхийлж байсан юм. Малчдын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол өвс, тэжээл, хоол хүнс гэхээс илүү чөлөөтэй явах зам харгуй ажээ. Зам нээлттэй байвал өвс, тэжээлээ авчихна, хоол хүнсээ цуглуулчихна. Үр хүүхдээ эргэж тойроод байна гэдэг хамгийн чухал гэдгийг малчид хэлж байлаа.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: ХҮНДЭРСЭН ГАЗРУУДАД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ НЬ ЗАМ ХАРГУЙ ГАРГАХ АЖИЛ БАЙНА

Тиймээс Засгийн газрын зүгээс өвөлжилт, хаваржилт хүндэрсэн газруудад нэн тэргүүнд зам харгуй гаргахаар ажиллаж байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Бидний ирсэн эхний суманд нөхцөл байдал хүнд байна. Эрдэнэсант сум өнгөрсөн жилийн сүүлээр явагдсан мал тооллогын дүн мэдээгээр нийт 404 мянга орчим мал тоолуулж. Гэтэл өнөөдрийн байдлаар 630 өрхийн 23 мянган мал хорогдсон мэдээ бий. Гэтэл цаашид цаг агаарын нөхцөл байдал сайжрах яагаа ч үгүй байна. Зарим малчдын хувьд нөөц боломжоо хэдийнэ шавхсан нь зудын эрсдэл улам нэмэгдэж, мал хорогдох нөхцөл байдлыг эрчимжүүлж байгаа юм. Тиймээс Засгийн газрын зүгээс нөхцөл байдал хүндэрсэн малчдад хүнс, эрүүл мэндийн багц болон өвс, тэжээлийн тусламж ийнхүү хүргүүлж байна. Мөн сумын төв орох зам гаргахад шаардагдах машин техник, шатахууны асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Ер нь асуудалтай танилцах биш, газар дээр нь шийдвэрлэх зорилготойгоор явж байна. Асуудал тодорхой, тиймээс асуудлаа бид яаж шийдэх вэ гэдгээ шуурхай хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллах ёстой. Эрдэнэсант сумын нийт нутаг дэвсгэр хатуу цасан бүрхүүлтэй байгаа. Тиймээс нэн тэргүүнд зам харгуй гаргах ажлыг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд нөхцөл байдал харьцангуй дээр байгаа Дархан-Уул аймгаас хоёр ковш ирүүлж, зам гаргахаар боллоо. Нэмэлтээр таван тонн түлш, 80 тонн хивэг, улаанбуудайг малчдад олгохоор шийдвэрлэлээ. Мөн зарим сумдын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай автомашин олгох зэрэг ажлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна” гэв.

ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД ТАВЬСАН СУМДЫН ӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Ийнхүү зам харгуй хүндрэлтэй нөхцөл байдалд өдрийн тал шахуу хугацаанд явж ирсэн эхний айлын хаваржилт ямаршуу байгаатай танилцаж, Засгийн газрын тусламж, сэтгэлийн дэм өгснөөр дараагийн сум руу хөдөллөө. Эрдэнэсантаас наашилж Өндөрширээт суманд ирлээ. Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэр бүхэлдээ цасан бүрхүүлтэй, зарим газраараа мөсөн зудтай байна. Ерөнхий нөхцөл байдал Эрэдэнэсант сумтай адилхан аж. Цасны зузаан хээр тал газраараа 40-50 см, гуу жалгандаа 60-110см болж, гурван багийн 825 км зам цасанд боогдсон талаарх мэдээллийг аймаг, сумын онцгой комиссоос өглөө. Яг өнөөдрийн байдлаар тус сумын нийт малын гуч гаруй хувь нь хорогдсон гэв. Сумын 504 малчин өрх 2023 оны сүүлээр 218 мянган толгой мал тоолуулсан бол он гарсаар малын зүй бус хорогдол 11 мянгыг давжээ. Цаашид ч энэ тоо нэмэгдэх эрсдэл өндөр байгаа гэв. Тиймээс Сангийн сайдаар ахлуулсан шуурхай баг тус сумын нөхцөл байдлын мэдээллийг сонсож, асуудлыг нь шийдвэрлэлээ. Өндөрширээт сумын хэмжээнд туулах чадвар сайтай нэг автомашин байдаг тэр нь мотор нь цохиж, явах боломжгүй болжээ. Тиймээс ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олгох асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг Сангийн сайд хэллээ.

Мөн удаан үргэлжилж байгаа зуднаар сумын хэмжээнд зам харгуй гаргах, малчдын хотонд өвс тэжээл хүргэх зорилгоор шатахуун түгээх станцуудаас өр тавьж түлш, бензиний хэрэглээг зохицуулж ирсэн байна. Харин энэхүү өр нь нийтдээ 20 гаруй сая төгрөг болсон гэдгийг Өндөрширээт сумын Засаг дарга шуурхай багийн хүмүүст танилцуулсан юм. Сангийн сайд шатахуун түгээх газруудад тавьсан 20 сая төгрөгийн өрийг тэглэх, нэмж таван тонн түлш, бензин олгох, мөн хивэг, улаанбуудай нэмж 40 тонныг олгох, өвс тэжээлийн хоёр сарын нөөцийг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ. Бидний явсан бусад сумдад ч нөхцөл байдал болон тулгамдсан асуудал адилхан байв.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

2024.03.02 / БЯМБА ГАРИГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ГУРВАН ХӨХ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
Наран ургах, шингэх: 07.31-18.38
Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Уул

Аргын тооллын 3 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын 22, Онгоц одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:31-18:38. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 02-ноос 2024 оны 03 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    02-нд Халх голын сав газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 04-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 03-нд  Алтайн уулархаг нутгаар, 04-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -17…-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ DNN.mn

10 хоногийн урьдчилсан мэдээ: 2024 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


Хур тунадас: 03 дугаар сарын 01-нд Хөвсгөлийн уулсаар, 02-нд Халх голын сав газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 07-нд  Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 03 дугаар сарын 01,02-нд говь, тал, хээрийн нутгаар, 03-нд Алтайн уулархаг нутгаар, 04-нд зарим газраар, 07-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28…-33 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус, өдөртөө +1…+6 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус  хүйтэн байна. 04-нд ихэнх нутгаар, 05-нд нутгийн хагаст хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 03-04-нд ялимгүй цас орно.

Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-29 градус, бусад хэсгээр -18…-23 градус, өдөртөө бүх хэсгээр -3….-8 градус хүйтэн байна. 04,05-нд хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Юнеско-ийн монголын үндэсний комиссын гишүүдийн хурал болов DNN.mn

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс (МҮК)-ын гишүүдийн хурал энэ оны 2 дугаар сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов.

Хурлыг нээж Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг үг хэлж, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаа холбоо зэрэг үндсэн 5 салбарын хүрээнд 2023 онд хийсэн томоохон ажлуудыг онцлон тэмдэглэж, цаашид Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхэд салбарын яам, түнш байгууллагуудын нягт хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал болохыг онцлон тэмдэглэв.

Үүний дараа ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан тус комиссын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг комиссын гишүүдэд танилцуулав.

Энэхүү хуралд ГХЯ, Соёлын яам, БОАЖЯ, БШУЯ, ХНХЯ, ЦХХХЯ, УУХҮЯ зэрэг холбогдох яамдын төлөөллөөс гадна Шинжлэх ухааны академи, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Геопаркийн Үндэсний Хороо, Монголын Урлагийн Зөвлөл, Соёлын өвийн үндэсний төв зэрэг байгууллагын 30 гаруй төлөөлөгч оролцож,  Монгол Улс, ЮНЕСКО-ийн  харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд манай улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд гарсан ололт амжилт, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэж, саналаа солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Хохирогчийн сэтгэцэд учруулсан хохирлыг 22 сая төгрөгөөр үнэлж, төлүүлэхээр болжээ DNN.mn

Багануур дүүргийн прокурорын газраас иргэн М-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс М-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн байна.

Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд 450.000-5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульд заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болон шүүгдэгчийн байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан, шүүхээс М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх 3 төрлийн ялуудаас торгох ялыг сонгож оногдуулсан байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заажээ.

Дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг харгалзан, шүүхээс нөхөн төлбөрийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бус, 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх” хэмжээгээр тооцож, 22.000.000 (550.000х40=22.000.000) төгрөгийг М-ээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШӨХТГ: Гурил үйлдвэрлэгчид 2023 онд 5-9 удаа үнэ нэмсэн байна DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас улаанбуудайн гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүн мэдээллийн эхэнд ШӨХТГ-аас 2022 онд улаанбуудайн гурил үйлдвэрлэгч томоохон 8 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар “Улаанбаатар гурил”, “Од групп” зэрэг компани нь  буудайн гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль ногдуулсан бөгөөд хэрэг шүүхийн шатанд явж байгаа талаар дурдаад “Сүүлийн үед иргэд, хэрэглэгчдээс гурилын үнийн өсөлттэй холбоотой гомдол, санал түлхүү ирж байна. 2023 онд хийсэн судалгаагаар дээдийн дээд гурил 635, дээд гурил 405,  нэгдүгээр гурил 267, хоёрдугаар гурил 154 төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Иймд ШӨХТГ-аас цаашид хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаа мэдэгдэж байна. Мөн Монгол Улсад гурилын импортын асуудал хязгаарлалттай байдаг. Үндэсний гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ тогтоож байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна. Энэ нь цаашид импортын хязгаарлалтыг цуцалж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох нөхцөлд хүргэж байгаа бөгөөд ингэснээр үнийн өрсөлдөөн бий болж хэрэглэгчдэд сонголт хийх боломж нээгдэнэ гэж үзэж байна” гэлээ.

Барааны нэр Нийт өсөлт Өсөлтийн хувь (2023/01-2024/01) Өсөлт мөнгөн дүнгээр (2023/01-2024/01)
Дээдийн дээд, савласан, кг 5 удаа 19% 635 төгрөг
Дээд, савласан, кг 9 удаа 16% 405 төгрөг
I зэрэг, савласан, кг 9 удаа 12% 267 төгрөг
II зэрэг, савласан, кг 8 удаа 11% 154 төгрөг

 

Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын сан уншлага, үйлчилгээг түр хугацаагаар хаахаар болжээ DNN.mn

Монгол Улсын Үндэсний номын сан шинэ байраа ашиглалтад хүлээн авч, салбарлан нүүх бэлтгэл ажил хийхтэй холбоотойгоор 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг зохион байгуулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.

“Ойн салбарын үндэсний II чуулган”-аар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулах тус үндэсний чуулганд ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.

Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг ойн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж Монгол орны ойрхог чанарыг 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах,  ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд үндэсний чуулганы зорилго оршиж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Сайнзориг: Энэ жил метроны зөвлөх үйлчилгээний санхүүжилтэд 54.6, барилга угсралтын ажилд 333 тэрбум төгрөг төсөвлөсөн DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.


-Улаанбаатар хотод метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр/өчигдөр/ зарлалаа. Нийтдээ хэдэн төгрөгийн өртгөөр ямар ажлыг хэдий хэр хугацаанд хийж гүйцэтгэх юм бэ?

-Метроны асуудал олон жил яригдсан. Энэ хугацаанд хэд, хэдэн оролцогч тооцоо судалгааг хийсэн. Үүнээс хамгийн эцсийн байдлаар Японы ЖАЙКА байгууллага эдийн засгийн тооцоо судалгааг нь хийж өгсөн байдаг. Уг тооцоон дээр үндэслээд бид эхний ээлжинд 17.7 километр урт, 14 зогсоолтой, цагт 10-12 мянган хүн тээвэрлэх боломжтой, Амгалангаас Толгойт чиглэлд Энхтайвны өргөн чөлөөг дагасан шугамыг барьж байгуулах ажил эхэлж байна. ЖАЙКА-гийн судалгаагаар нээлттэй сонгон шалгаруулалтаар явбал энэ төсөл 1.3 их наяд ам.доллар, ЖАЙКА өөрөө хийвэл 1.7 их наяд, олон улсын компаниудтай хоршиж, өөрсдөө тоног төхөөрөмжөө аваад хийвэл 1.5 их наяд ам.долларын өртгөөр барина гэсэн. Тиймээс бид 1.3 их наяд ам.доллар буюу олон улсад нээлттэй тендер зарлах байдлаар хийе гэсэн. Бидэнд метро барьж байсан туршлага байхгүй учраас хяналт тавих, техникийн шийдэл дээр зөвлөлдөх, өртөг зардлыг өсгөхгүй байх дээр анхаарах, ажлууд технологийн дагуу хийгдэж байгаа эсэх дээр хяналт тавиулахын тулд зөвлөх үйлчилгээ авахаар болсон. Ер нь түлхүүр гардуулах нөхцөлтэй энэ мэт томоохон төслийн зөвлөх үйлчилгээ нь төслийн өртгийн 4-6 хувь байдаг юм байна. Тиймээс зөвлөх үйлчилгээ авах олон улсын тендерийг эхний ээлжинд зарлаж байгаа юм. Ингэсний дараа шалгарсан компанитайгаа зөвлөлдөөд барьж байгуулах компанийг шалгаруулах тендерийн бичиг баримтыг боловсруулж, тавдугаар сарын сүүлээр зарлана. Цаад талын хугацаа есдүгээр сар гэхэд метро барьж байгуулах компани шалгарчихна гэж үзэж байгаа

Тэгэхээр байршлын, геологи, гедрогеологийн судалгаанууд, газар чөлөөлөлт, тунель ухах машинаа суурилуулах, бараа материалаа татах зэрэг бэлтгэл ажлуудыг энэ жилдээ хийгээд барилгын ажлыг эхлүүлнэ. Дээр хэлсэн ЖАЙКА-гийн судалгаагаар 6.6 километр нь тунель, бусад нь гүүрэн байгууламжаар явна. Үүнийг 10 жилийн өмнө хийсэн. Харин бид зөвлөх үйлчилгээний багтайгаа ярьж байгаад шийдлийг нь эцэслэнэ. Метроны төсөл нийтдээ таван жил үргэлжилж, 2029 он гэхэд метротой болно гэсэн итгэл найдвартайгаар ажлаа эхлүүлж байна.

-Уг төслийн зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэхээр тооцсон бэ?

-Өмнө нь шийдвэр гаргах түвшний хүмүүс метро барина л гээд байсан болохоос биш шийдвэр гаргаж өгөөгүй. Харин энэ удаад Засгийн газар уг асуудлыг дэмжиж, түүхэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот метрогоо өөрөө барьж байгуулах, энэ хугацаанд нь улсын төсөвт нийслэлээс төвлөрүүлдэг орлогыг багасгана гэсэн амлалт өгсөн. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар баталгаа гаргаж өгнө. Ингээд өчигдөр/уржигдар/ НИТХ хуралдаж, энэ жилийн зөвлөх үйлчилгээний санхүүжилтэд 54.6, метроны барилга угсралтын ажилд 333 тэрбум төгрөгийг баталсан. Үүний адил цаашдаа жил жилд гүйцэтгэлээр нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлээд явна гэж үзэж байгаа. Мөн төр-хувийн хэвшлийн түншлэлээр олон асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Энхтайвны өргөн чөлөө дагасан барилга байгууламж өмчлөгч эзэдтэй хамтарч газар доогуур худалдааны төвүүдийг холбох, шинээр байгуулах, метро дагасан зар сурталчилгаа зэргээс 200-300 сая ам.долларын орлого олохоор төлөвлөж байгаа. Тэгэхээр метрог зөвхөн нийтийн тээвэр гэхээс илүү эдийн засгийн том боломжууд гарч ирнэ гэж харах хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэдийн амьдралын хэмнэлд ч зөв дадал бий болгоно.

-Боловсон хүчний асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Хамгийн чухал асуудал. Тиймээс одооноос эхлээд л боловсон хүчний асуудлыг зэрэгцүүлээд явах ёстой. Манай улсад метро байгуулахад ажиллаж байсан иргэд маш ховор, бусад оронд ажиллаж байгаа цөөн тооны залуус бий. Метроны чиглэлээр номын дуу сонссон 10-аад хүн байна. Зам тээврийн хөгжлийн яам, нийслэлээс эхнээсээ хүмүүсээ сургаад эхэлсэн. Энэ ажил цаашдаа ч хийгдэнэ. Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний стратегийг бид олон улсын байгууллагаар хийлгэж байгаа. Үүнд механикжсан тээврийн хэрэгслээс гадна унадаг дугуй, явганаар зорчих байдлыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг давхар шийдэх ёстой. Ингэж байж иргэд маань ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Энэ хүрээнд явган хүний зам талбайг сайжруулах асуудал ярьж байна. Мөн дүүжин тээврийн ажил зэрэгцээд эхэлсэн. Энэ 10 дугаар сард барилга угсралтын ажил дуусах тооцоотой. Гэхдээ жигдрүүлэх хугацаа нь зургаан сар байдаг. Тиймээс ирэх хавраас дүүжин тээвэр ашиглалтад орно. Энэ мэтчилэн нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг иж бүрнээр нь харж байна. Тиймээс төлөвлөлтөөс нь эхлээд боловсон хүчнээ бэлдэх хэрэгтэй. Цаашдаа метрог аль байгууллага бодлогын хувьд, аль нь хэрэгжүүлэлтийн хувьд авч явахыг шийдэх хэрэгтэй болно. Дээрээс нь хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ.

-Метро, дүүжин тээврийн чиглэлийг хэрхэн сонгосон бэ. Зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байх шиг байсан?

-Амгалангаас Толгойт чиглэлийг сонгосон нь эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй. Учир нь Улаанбаатар хотын өөрийнх нь онцлогтой холбоотой. Өргөөшөө сунаж тогтсон хот учраас үүнийгээ дагаад суурьшлын бүс, хүн амын нягтаршил байдаг. Тиймээс Энхтайвны өргөн чөлөө дагуу зорчилт хөдөлгөөний эрэлт хэрэгцээ байгаа. Тэгэхээр энэ шугам өөрөө өөрийгөө аваад явах хамгийн боломжтой учраас сонгосон. Хоёрдугаарт, метроны шугам баригдсанаар тэр дагуух үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өснө. Харин дүүжин тээврийн хувьд өөр чиглэлд хийх гэхээр газар чөлөөлөлтөөс эхлээд асуудал их бий. Ингэх ёстой гэсэн бодлууд байж болно. Гэхдээ Яармагаас Хархорин чиглэлийн дөрвөн километр дүүжин тээвэр тавигдсанаар Энхтайвны өргөн чөлөөнд байгаа нийтийн тээвэр, метротойгоо холбогдоно. Тээврийн хэрэгслийн холбоосууд маш чухал. Бүх тээврийн хэрэгсэл зэрэгцээд яваад байж болохгүй.

-Метро барьснаар түгжрэлийг хэр хэмжээнд бууруулах вэ. Мөн метро ашгаа хэдий хэр хугацаанд нөхөх вэ?

-ЖАЙКА-гийн 2013 онд хийсэн судалгаагаар метро 600 төгрөгөөр үнээ тогтоовол ашигтай гэж байсан. Түүнээс хойш үнэд олон хүчин зүйлүүд нөлөөлөхөөр байгаа. Магадгүй эрчим хүчний бага зэрэг өсөлттэй байгаа нь ч нөлөөлнө. Тийм болохоор 600 төгрөгийг жаахан нэмэх үү гэдгийг бид тухайн үед нь шийднэ. Хэдэн буудал нь 600 төгрөг байх юм. Эсвэл Амгалангаас Толгойт хүртэл 1000 төгрөг байх уу гэдгийг тооцоо судалгаан дээр үндэслэн шийдэх учиртай. Ер нь метро яг энэ шугамаараа зардлаа нөхөх бүрэн боломжтой. Харин дараа дараагийн шугамуудыг хэрхэх талаар бид бодож байгаа. Хоёр дахь шугамыг босоо буюу Долоон буудлаас Яармаг, мөн нэг, хоёрдугаар шугамаа холбосон тойрог шугам хийнэ. Мөн Таван шараас Нисэх, цаашаа Хөшигийн хөндий хүртэл байна. Яагаад гэхээр Хөшигийн хөндийг дагасан хэд хэдэн бүтээн байгуулалт бий. Энэ хавраас Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хууль эрх зүйн орчныг оруулж байгаатай ч холбоотой.

-Метро ашиглалтад ортол таван жилийн зай байгаа юм байна. Тэгэхээр нийтийн тээврийн салбар яг одоо ямар байдалтай байгаа вэ. Автобусны хүрэлцээ, жолооч нарыг нэмэгдүүлэх дээр нийслэлээс ямар ажлууд хийх вэ?

-Хувийн болон орон нутгийн өмчит автобус компаниудад ажиллаж байгаа нийт жолооч нарын цалин 3.5 сая төгрөг болох шийдвэр өчигдөр/уржигдар/ албан ёсоор эцэслэгдсэн. Биднээс шалтгаалах санхүүгийн болон хууль эрх зүйн бүхий л зүйлс батлагдсан. Харин үүнийхээ дагуу бид жолооч нартаа шаардлага тавина. Энэ сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тавьж байсан программ хангамжийг өөрчилнө. UB смарт картыг орлож, сайжруулсан хувилбарыг тавина. Өөрөөр хэлбэл, карт уншилт болон бодит зорчилт хоёрыг тулгадаг, хяналт тавих камер болон программ хангамжийн системийг суурилуулна. Төлбөрөө төлдөггүй, бэлэн мөнгөөр явдаг хүмүүс зорчилтын тоонд ордоггүй учраас нийтийн тээврийн төлөвлөлт хийж болохгүй байгаа юм. Тиймээс бодит тоогоо гаргаж байж автобуснуудын маршрут, тоог гаргана. Нийслэлд өдөртөө 1000 орчим автобусыг үйлчилгээнд гаргадаг. Жолоочийн хүрэлцээ тааруу байсан. Тиймээс дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээр дамжуулан 161 иргэнийг сургаж, автобусны жолооч болгосон.

-Өдөрт 1000 төгрөгөөр зорчих асуудал эцэслэгдчихсэн үү?

-Энэ шийдвэр маань ХЗДХЯ-нд бүртгэгдээд Захиргааны хэмжээний актын улсын эмхтгэлд хэвлэгдээд хүчин төгөлдөр болно. Одоо бол 500 төгрөг боловч 30 минутын дотор дамжин суух ёстой байгаа. Харин үүнийг өдөрт дөрвөн удаа 1000 төгрөгөөр зорчих байдлаар шийдэж өгсөн. Мөн ирэх жилүүдээс оюутнуудын зорчилтыг ч бодолцож үзнэ. Орон нутгийн төсвөөс 100 хувь дааж байгааг хална. Дандаа үнэгүй байгаад байж болохгүй. Дээрээс нь ахмадуудын зорчилт дээр ч шийдэл гаргана. Яг бодит зорчилтыг нь харгалзана. Тухайн ахмад настны картыг 30 мянгаар цэнэглээд 10 мянгаар нь зорчсон байвал 20 мянган төгрөгийг нь буцаан татах байдлаар явахгүй бол тэр хүнийг зорчоогүй байхад нь 20 мянган төгрөгийг нь автобус компаниуд аваад байна.

-Энэ онд нийслэлд шинээр ямар, ямар зам тавигдах вэ?

-Автозам ашигласны төлбөрөөс орж ирдэг 77 тэрбум төгрөгөөр л зам засварын ажлыг хийх төлөвтэй байгаа. Нарны зам зэрэг замын өргөтгөлийн ажлыг хийнэ. Гэр хорооллын холбоос замууд шинээр тавигдана. Содон хорооллын арын замыг гүйцээх ажлууд бас байна. Энэ жилдээ хоёр нүхэн гарцын ажил дуусна. Таван шарын төмөр замын гарам дээр очиж гацаад түгжрэл үүсдэг байдлыг арилгахын тулд нүхэн гарцаар гардаг болгож байгаа. Лабораторийн уулзвараас урагшаа төмөр зам доогуур нүхэн гарц гаргаж, Яармагаас давж ирэх гүүртэй холбоно.

-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Цаашдаа нийслэл эрчим хүчний хэрэглээгээ хэрхэх вэ?

-Манай улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 81 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 18 хувийг импортоор авдаг. БНХАУ-аас авч байгааг уул уурхайн компаниуд, Оюу толгой компани хэрэглэж байгаа. Харин ОХУ-аас зарим аймгууд болон нийслэлийн оргил ачааллыг дэмжих зорилгоор авч байна. Цаашдаа төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ өсөх хандлага ч байна. Тиймээс эрчим хүчний асуудал дээр төр-хувийн хэвшлийн түншлэлийг эхлүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Бөөрөлжүүтийн усан цахилгаан станцын төсөл дээр Улаанбаатар хот хамтран ажиллахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн төсөл хэрэгжүүлэгч компани 300 мВт-ын хүчин чадалтай төслийг хэрэгжүүлж байгаа. Харин бидний сонирхол бол 600, болбол нэмэгдүүлэх боломжоор нь нэмж 900 болгох сонирхол бий. Ингэж эрчим хүчний асуудлаа шийдэж байж бид нийслэлийн тэлэлт, дагуул хотуудын бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн паркууд, метроныхоо хэрэгцээ шаардлагыг хангах учиртай. Ер нь Бөөрөлжүүтийн төслийг хэрэгжүүлэгч компани 300-гаас дээш өргөтгөсөн тохиолдолд төрийн оролцоо шаардлагатай гэдгийг хэлж байгаа. Тиймээс бид яриа хэлэлцээрийг хийж байна. Бөөрөлжүүт Улаанбаатар хотоос 130 километрийн зайтай. Тэгэхээр төвийн эрчим хүчиндээ хоёр шугамаар холбоно. Нэг нь Багануурын дамжуулах станц, нөгөө нь Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байгаа дэд станцаар дамжуулан хэрэглээнд оруулна. Эдийн засаг нэмэгдэж, уул уурхайн экспорт өсөж байгаа боловч түүнийг нь шингээж авах инженерингийн дэд бүтэц Монгол Улсын хэмжээнд хомс. Тэгэхээр бодлогын түвшинд асуудлыг авч үзэж, энэ мэт томоохон төслүүд дээрээ монголчууд маань дуу нэгтэй байх ёстой. Мөн нийслэлийн хувьд дулаан хангамжийн асуудал ч дутагдалтай. Улаанбаатар хотыг тойрсон хэсэгчилсэн 23 дулааны станц барих ёстой гэсэн шийдлийг бид гаргасан. Үүний есийнх нь ТЭЗҮ хийгдсэн, Эрчим хүчний яам хамтран ажиллаж байна. Бусдыг нь төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ гэсэн байр суурьтай байгаа. Холбогдох хуулийн төслийг боловсруулаад Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Мөн Дамбадаржаагийн дулааны станц баригдаж байгаа. Ирэх жил Дэнжийн 1000 орчимд газан дулааны станц барихаар газар чөлөөлөлтийн ажлыг нь хийсэн.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ