Categories
мэдээ нийгэм

Угаарын хий хордлогоос сэрэмжлүүлж байна DNN.mn

Иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг авна уу.

-Яндангийн цонолт, халалтаас хамгаалах – Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах. Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийн дээврээс 60-80см-ээс дээш байх.

-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх – Гал түймрийн шалтгааны 36.5 хувь нь ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн гарч буй учир халуун үнс, нурмаа тагтай үнсний саванд хийх хэвших.

-Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх – Бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж хайлсан, залгуур унтраалга нь эвдэрсэн болон бусад гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байхыг анхааруулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ DNN.mn

Дорнод аймгийн Матад суманд өчигдөр гарсан хээрийн гал түймрийг гуравдугаар сарын 30-ны 00:05 цагт бүрэн унтраасан талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Түймрийн голомтод Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Матад сумын ЗДТГ, Газрын тосны 19-р талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд үүрэг гүйцэтгэжээ.

Урьдчилсан байдлаар 8,000га хээрийн талбай гал түймэрт өртсөн байна.

Categories
мэдээ спорт

Г.Наранцэцэг Их дуулгаас долоо дахь медалиа хүртлээ DNN.mn

Турк улсын Анталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн болж байна.

Тус тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээнд манай улсаас нийт 20 (эрэгтэй ес, эмэгтэй 11) жүдоч хүч үзэж буйгаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын тамирчин Г.Наранцэцэг Бразилын бөхийг ялснаар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Их дуулга тэмцээний долоо дахь медалиа гардаж байгаа ба Антальягийн Их дуулгын гурав дахь (2022 онд алт, 2023, 2024 онд хүрэл) медалиа хүртэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.03.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 54 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүний 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан үг хэлсэн юм.

Тус өдрийн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, эрдэмтэн, судлаачдын санал, дүгнэлт, олон улсын байгууллагуудын зөвлөмж гэх зэрэгт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, батлах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хэллээ. Улсын Их Хурал төслийн хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд холбогдох ажлын хэсгийг байгуулж, эрдэмтэн, судлаачид, улс төрийн нам, эвслүүд, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэргийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг сайжруулах боломжтой гэж үзэж байгаагаа мөн дурдсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Үндсэн хуулийн цэц нь хүний үндсэн эрхийн маргааныг хянан хэлэлцдэг буюу иргэдийн үндсэн эрхийн баталгааг хангадаг гол механизм болж, чанаржиж, шүүхийн статустай ажиллах зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг онцлоод, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 37 гишүүний 67.6 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв. Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан тул ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 70.3 хувь нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан.

Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасныг баримтлан “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын олон талт олон улсын гэрээтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, өргөн мэдүүлэх, Монгол Улсын олон талт олон улсын гэрээ болон холбогдох тайлбаруудыг орчуулж, хэвлэн нийтлэх, олон улсын гэрээний хэрэгжилт хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхжуулах, олон улсын гэрээний талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын гэрээний зүйл, заалтын практик хэрэглээг бий болгох, хэрэгжилт хариуцах төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах, солилцох цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан хэмээн Б.Энх-Амгалан гишүүн танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн Байнгын хорооны саналаар “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлаж, засвар хийх хуваарь DNN.mn

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг танилцууллаа.

Хэрэглэгч та бүхэн ЭНД дарж, цахилгаан засварын өдөр, цаг, байршилтай танилцаж тухайн өдрийн ажилаа төлөвлөж, зохицуулаарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Алтан чагнуур”-ын эзнээр 15 эмч тодорлоо DNN.mn

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Алтан чагнуур” шилдэг эмч нарыг шалгаруулах 11 дэх удаагийн арга хэмжээг өчигдөр МҮЭСТО-нд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмч, мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас санаачлан өнгөрсөн жилээс эмч нарын өдрийг баяр ёслол гэхээс илүү эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлдэг, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг хамтдаа эрэлхийлдэг өдөр болгохоор ажиллаж байгаа.

2500 эмчийг хамруулан “Эмч танаараа бахархъя” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэх салбарын асуудлыг та бүхний оролцоотойгоор боловсруулж, тодорхойлохоор төлөвлөсөн. Тиймээс арга хэмжээндээ идэвхтэй оролцоорой” гэсэн юм.

Дэлхийн эмч нарын өдрийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах зорилгоор олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж, тэмдэглэдэг гэдгийг тус холбооны тэргүүн Ч.Нарантуяа онцлоод Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн салбарын ажилчдаа эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах, үйл ажиллагааг үндэсний түвшинд зохион байгуулан, үндсэн цалинг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулж ЭМЯ-тай түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж байгааг хэлсэн.

Тус холбооноос эмч нарыг алдаршуулах “Алтан чагнуур”-ын эздийг тодруулах арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн шилдгүүдийг нарийн мэргэшлийн 15 төрөлд тодруулахаар шийдвэрлэсэн байна. “Алтан чагнуур”-ын төлөө нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшиж, нарийн мэргэшлийн төрлөөр анагаах, эмчлэх, эрдэм судлалын ажил, бүтээл туурвилаараа манлайлсан 15 эмчийг шалгаруулав.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзнээр

“Дотрын анагаах судлал”-ын төрөлд УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эрхлэгч Д.Жавзан-Орлом,
“Хүүхэд судлал”-ын төрөлд СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч З.Ганчулуун,
“Мэс засал судлал”-ын төрөлд УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий,
“Дүрс оношилгоо судлал”-ын төрөлд ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн их эмч С.Норжмаа,
“Эх барих, эмэгтэйчүүд судлал”-ийн төрөлд Амгалан амаржих газар ТМЭ-ийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Даваацэцэг,
“Гэмтэл согог судлал”-ын төрөлд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч П.Баярсайхан,
“Мэдрэл судлал, сэтгэц судлал”-ын төрөлд УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа,
“Халдварт өвчин, арьс судлал”-ын төрөлд ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн их эмч М.Ууганчимэг,
“Хавдар судлал, эмгэг судлал”-ын төрөлд ЭСҮТ-ийн анатомийн эмгэг судлаач эмч Э.Ундармаа,
“Эрчимт эмчилгээ судлал, мэдээгүйжүүлэг судлал”-ын төрөлд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Ц.Эрдэнэбаяр,
“Яаралтай тусламж судлал”-ын төрөлд УГТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч О.Янжив,
“Нүд судлал, чих хамар хоолой судлал, нүүр ам судлал”-ын төрөлд БЗД-ийн ЭМТ-ийн Шүдний их эмч Э.Батцэцэг,
“Уламжлалт анагаах ухаан, сэргээн засал судлал”-ын төрөлд УАУТХ-ийн Дотоод хяналт шалгалтын албаны дарга, уламжлалт анагаах ухааны их эмч Д.Баярмаа,
“Сумын эрүүл мэнд, өрхийн анагаах ухаан”-ны төрөлд Т.Батзул,
“Нийгмийн эрүүл мэнд судлал”-ын төрөлд ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны тархвар судлаач эмч Ц.Отгонцэцэг нар тодорлоо.

Шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ч.Нарантуяа нарын хүмүүс гардууллаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Boeing загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч Л.Номин боллоо DNN.mn

”МИАТ ТӨХК”-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ”Boeing-737” агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдлээ.

Ингэснээр тэрбээр ”Boeing” загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч болж байгаа аж.

МИАТ ТӨХК-ийн нисгэгч Л.Номин  “Би 2018 онд Канад улсад нисгэгчээр төгссөн. Таван жилийн хугацаанд завсарласны дараа нисгэгчийн карьер маань үргэлжилж байгаад маш их баяртай байна.

Бие даасан нислэгээ хийхээс өмнө 200 цаг “Line training” хийдэг. Шалгуулаад, нислэгээ хийгээд багш нартайгаа байнга хамт явдаг. Өөрийгөө бэлэн болсон гэж бодож байгаа учраас сандрал бага байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бид гадагш гаргаж буй маханд биш импортын хүнсэндээ илүү анхаармаар байна” гэв DNN.mn

Мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх улсын (ахлах) байцаагчийн дүгнэлттэй 49 үйлдвэрийн дүгнэлтийг цуцаллаа. Эмээлтийн махны үйлдвэрүүд ихэнх нь улирлын шалтгааны улмаас одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байна. Эмээлтэд байрлалтай махны үйлдвэрүүд болон тэнд үйлдвэрлэгдсэн, боловсруулагдсан махнууд хаашаа нийлүүлэгддэг талаар үйлдвэрийн төлөөлөлтэй ярилцлаа. (Тэрээр нэрээ нууцлахыг хүсэв).


-Танай үйлдвэр одоогоор ямар үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаасан, хориглосон зүйл байгаа юу?

-Би өөрөө малын мах худалдах, борлуулах салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Манай компанийн хувьд монгол эзэнтэй, монгол ажилчидтай. Орос, Хятад, Турк, Солонгос зэрэг орнууд руу малын мах экспортолдог. Заримдаа хувь хүн, албан байгууллагын хүсэлтээр мал бойлох үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн 11 дүгээр сард явуулсан хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил, асуудал гараагүй. Бүх үйл ажиллагаа маань стандартын дагуу явагдаж, татвараа ч ном журмын дагуу төлдөг. Манай үйл ажиллагааг хааж, хориглосон зүйл байхгүй, одоогоор хөлдөөгч зэрэг тоног төхөөрөмжиндөө засвар үйлчилгээ хийгээд ирэх саруудын бэлтгэл ажлаа базааж байна.

-Эмээлтийн махны үйлдвэрүүд чанар, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, махыг угаадаг зэрэг асуудал гарсан шүү дээ?

-Нэгдүгээрт, миний мэдэхээр Эмээлтэд цөөн хэдэн махны үйлдвэр л монгол эзэнтэй. Бусад нь ямар нэг гадаад хүний санхүүжилттэй. Монгол хүн бол мэдээж мах угаахгүй, угаасан мах идэхгүй. Харин тэдгээр гадаад удирдлагатай үйлдвэрүүд махыг усанд хийж хонуулаад, усыг нь дахин солих замаар цэвэрлэдэг бололтой байдаг.

-Тэгэхээр та мах угаадаг гэдгийг үгүйсгэхгүй байна уу?

-Тийм ээ, гэхдээ манай үйлдвэр гэхэд тийм үйл ажиллагаа явуулдаггүй. Малын махыг бид угаадаггүй. Зарим нэг хятад эзэнтэй, гадаад эзэнтэй газрууд угаадаг байх.

-Тэдгээр газрууд хот руу мах нийлүүлдэг үү?

-Чи нэг төсөөлөөд үз. Монгол Улсад махны бизнес хийж байгаа хятад хүний оронд өөрийгөө тавиад үзээрэй. Хятад наймаачин монголчуудаас мах аваад монголчуудад буцааж зарах тийм тэнэг байх уу даа. Тэд манайхны худалдаачид, наймаачдаас нэг кг махыг найм орчим мянган төгрөгөөр аваад, хил гаргаад нэмүү өртөг шингээгээд 16000, 17000 төгрөгөөр зарж байгаа хүмүүс. Тэдэнд “Хүчит шонхор” захын худалдаачидтай зэрэгцэж мах зарах ч юм уу, гуанзны газарт мах нийлүүлэх ямар ч шаардлага байхгүй. Олигтой ашиг ч олохгүй. Их хэмжээний мөнгө зарчихсан гадаад хүмүүс гадаадад зарж сайн ашиг хийхээ бодохоос биш юу гэж “Хүчит шонхор” дээр зарж 100 төгрөг унагаахыг бодох юм. Тэдгээр хүмүүс Монголд нэг ширхэг ч мах зарахгүй. Эмээлтийн гадаад эзэнтэй махны газрууд бохир мах үйлдвэрлэдэг байлаа гэхэд ширхэгийг ч Монголд зардаггүй. Хятадын хөрөнгө оруулалтай газрууд айгаад юм дуугарахгүй байх нь аргагүй юм даа. Та нарыг ийм зүйл нийтэлвэл ч бас хужаагаас мөнгө авчихсан байна гэх хүмүүс дээ, нийгмийн хар масс.

-Тиймээс хоолны газруудыг чанаргүй мах хэрэглэдэг гэж сэрдэх нь үндэслэлгүй байх нь ээ?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч хоолны газар чанаргүй мах, аль эсвэл хүмүүсийн хэлдгээр үхсэн малын мах хэрэглэхгүй. Өндөр зэрэглэлийн ресторанаас, жижигхэн хуушуурын газраас ч “хямдхан муу мах байна, авах уу” гэж асуувал “хэзээ ч авахгүй” гэж л хариулах вий. Нөгөө талаасаа мах нийлүүлдэг ажил хийнэ гэдэг бол ямарваа нэгэн байгууллага хувь хүнд үргэлжид чанартай мах зарах юм. Бид нэг л удаа муу, амт муутай мах зарах юм бол тэр хоолны газар, дэлгүүр манайхаас дахиж мах авахгүйд хүрнэ. Тиймээс ч чанартай, эрүүл мах нийлүүлдэг маань энэ олон жил махны салбарт амжилттай ажилласан нууц маань байх.

Мөн хиам, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд ч чанартай махаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Би өөрийн биеэр үйлдвэрлэлтэй нь танилцаж байсан хүний хувьд үүнийг баттай хэлнэ. Дээр үед гэртээ хувиараа хиам, махан бүтээгдэхүүн хийдэг байсан зүйл одоо алга болсон шүү дээ.

-Гэхдээ хүмүүс ямар мах хэрэглэж байгааг мэдэх ёсгүй гэж үү?

-Мэдээж гарал үүсэл, хаана үйлдвэрлэгдэж, савлаж баглагдсан нь тодорхой байх ёстой. Гэхдээ бид хүнсний аюулгүй байдалдаа үнэхээр анхаарч байгаа бол гадагшаа гарч байгаа мах ямар байгаад биш, манайд импортлогдож байгаа нарийн ногоо, Хятадаас орж ирдэг сүү, сүүн бүтээгдэхүүний савнууддаа анхаармаар байгаа юм. Түүнчлэн малчид зах дээрээс чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй малын тариа, вакцин авдаг. Түүнийгээ малдаа тарьдаг. Тиймээс хяналтгүй, ямар газар үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй вакцин л маш хортой байх эрсдэлтэй.

-Гадаад эзэнтэй газрууд л махыг угаадаг гэж ойлгох уу?

-Тийм ээ, тэр газруудын үйл ажиллагааг зогсоосон бололтой байсан. Гэхдээ манай иргэд асуудалд хэт өнгөцхөн дүгнэлт хийж, нийтээрээ сохроор юманд итгэх юм. Тэдгээр газрууд гадаад эзэнтэй ч гэсэн маш олон монголчуудыг ажлын байраар хангаж байгаа юм. Тэндээс олон монгол хүн ашиг хүртэж байна. Манайд ажилладаг хүмүүс гэхэд сард 2-3 сая төгрөгөөр цалинждаг.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлгүүрүүд тоглоомын хэсгээ хүүхдийн нүдэнд шууд харагдахгүй байхаар байршуулах үүрэгтэй DNN.mn

Саяхан байрныхаа дэлгүүр лүү талх авах гэж ортол бөөн уйлаан майлаан болж байна. Гурав орчим насны хүү тоглоомын тасгийн өмнө сөхөрч суучихаад ёстой нэг нус, нулимсандаа хутгалдчихсан уйлж байдаг шүү. Ээж нь цаанаас “…явъя миний хүү. Ээж нь дараа мөнгөтэй болохоороо авч өгье” гээд л байн байн учирлан тайлбарлаж байх шиг. Гэтэл уйлж суугаа хүүд явах шинж алга.

Нэг тоглоом харчихаад түүнийгээ авна гэж зүтгэж байгаа нь илт. Энэ мэт жишээ манай эцэг эхчүүдэд өдөр тутам л тохиолддог байх. Олон нийтийн газар хүүхдээ уйлуулах нэг хэцүү. Уйлуулахгүй байя гээд хүссэн тоглоом болгоныг нь авч өгөөд байх ч хэцүү. Түүнчлэн ихэнх тоглоомууд чанаргүй, хүүхдийн эрүүл мэндэд хортой материалаар хийгдсэн атлаа өндөр үнэтэй. Нөгөөтэйгүүр мөнгө санхүү тааруу хүмүүс ч олон.

Иймээс уг асуудлыг дэлхийн бусад хотуудад зохицуулсан журам байдаг аж. Тэр нь хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд хүүхдийн тоглоомын тасагтай бол хэсгийг бага насны хүүхдэд шууд харагдахгүй, далд байршуулж борлуулахаар журамдаа заасан байдаг гэнэ. Зөвхөн эцэг, эхчүүдийн сонирхлоор тоглоомын тасгаар явах нөхцөлийг тухайн худалдааны төв бүрдүүлэх үүрэгтэй байдаг аж. Тэр бүү хэл хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд хүүхдийн тоглоомын тасагтай байхыг хуулиар хориглодог хотууд ч цөөнгүй. Гэтэл манайд уг асуудлыг зохицуулсан журам байдаггүйгээс болоод дэлгүүр болгон ашиг орлогоо бодож хүүхдийн сонирхлыг ашиглан тоглоомын тасгаа үүдэндээ байршуулдаг нь нууц биш.

Тиймээс ийм дэлгүүр, худалдааны төвүүдээр хүүхэдтэйгээ хамт үйлчлүүлэхээс татгалзаарай. Нөгөөтэйгүүр холбогдох албаныхан дэлхийн бусад хотуудын жишгээр дээрх асуудлыг зохицуулсан журмыг батлах, мөрдүүлэх нэн шаардлагатай байгааг эцэг эхчүүд хэлж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Хунан: Манай улсад архидалт маш их байна. Тэр тусмаа баяр ёслолын үеэр улам ихэсч хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг DNN.mn

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунантай ярилцлаа.


-Хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал манай улсад ямар байна вэ. ХЭҮК-ын илтгэлд энэ асуудал яаж тусгагдав?

-Дэлхийн аль ч улс хүүхдийн эрхийг нэгт гэж авч үздэг. Гэвч манай улсад хүүхдийн эрх маш ихээр зөрчигддөг. 2023 оны судалгаагаар асрамжийн газарт байгаа өнчин хүүхдүүд ямар шалтгаанаар өнчирсөн гэх асуудлыг авч үзэхэд 86 хувь нь эцэг эх нь нас барсан. 1.94 хувь нь эцэг эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хасуулсан.

Үлдсэн нь сураггүй алга болсон болон бусад шалтгаантай гэж гарсан. Монгол Улсын хэмжээнд 21 байгууллагын 30 асрамж халамжийн төвд 924 хүүхэд амьдарч байгаа гэсэн судалгаа өнгөрсөн онд гарсан. Асрамжийн газар хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг авдаг байсан бол амьдралын шаардлагаар тэнд амьдарч байгаа гэр бүлтэй хүүхдүүд тал хувийг нь эзэлж байна.

-Гэр бүлтэй хэрнээ асрамжийн газарт очиж байгаа гэдгийг тодруулахгүй юу?

-Шууд хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдээ үл хайхарсан, архины хамааралтай холбоотой. Үнэхээр асрамжид аваачихаас өөр арга үлдээгүй болсон болохоор л очиж байгаа.

Гэртээ байвал эрсдэлд орно, тогтмол хүчирхийллийн хохирогч болно. Хамгийн ойрын жишээ гэхэд, цэргийн баяраар аав ээж нь ахуйн хүрээнд архидан согтуурч хүүхдээ мартсанаас болж амь нас нь эрсдэлд орох шахсан. Тийм орчинд байлгаж хүүхдийн амь насыг эрсдэлд оруулах уу, асрамжийн газар аваачих уу гэдэг асуудал гарч ирдэг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр өнөөдөр манай улсад архидалт маш их байна. Тэр тусмаа баяр наадам болохоор улам ихэсч, хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг. Асрамжид байгаа хүүхдүүдийн тал хувь нь гэр бүлтэй байна гэдэг тэр хэмжээгээр хүүхдийн хүчирхийлэл их байна гэсэн үг.

-Тэгвэл халамжийн төвд байгаа хүүхдүүдэд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ. Та бүхэн хянаж шалгаж үзэв үү?

-Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, өсөлт хөгжлийн хоцрогдлыг арилгах, асрамж халамжийн төв дэх эцэг, эхтэй хүүхдүүдийн тоо буурахгүй байх, хүүхэд бүрд сурах бичиг, дүрэмт хувцас хүрэлцээгүй, хандив тусламжаар аргацааж байгаа нь хүүхэд ялгаварлан гадуурхалтад өртөх эрсдэлтэй гэж үздэг. Хүүхдүүд тодорхой хэмжээнд МСҮТ, Их, дээд сургуульд хамрагдаж байгаа хэдий ч төгсөж байгаа хүүхдийн тоо бага. Эргэн нэгтгэгдэх үйлчилгээний хангалтгүй гэх мэт асуудлууд их байдаг. Мөн сургуулийн орчинд нэмэлт мөнгөн хураамж, жишээлбэл ангийн фондны мөнгө, аялал зугаалга, ангиараа биеийн тамирын хувцсаар жигдрэх, хонхны баяр, тэмдэглэлт баяраар ангиараа нийлэх зэрэг арга хэмжээнд тухай бүр оролцох боломжгүйгээс ялгаварлан гадуурхагдах нөхцөлийг үүсгэдэг.

Асрамж халамжийн төвд ирж буй хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртсөн, гэмт хэргийн хохирогч, шүүхээр шийтгүүлсэн, хууль зөрчсөн зэрэг асуудлаар ирсэн хэдий ч хүүхдэд зориулсан хөтөлбөр, төлөвлөгөө гаргадаггүй.

Тохирсон мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа байдал хангалтгүй, зарим төвүүд сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээний ач холбогдлыг ойлгоогүй, сэтгэл зүйчгүй байх жишээтэй.

-Нийгмийн хамгаалал хүртэх эрхийн хэрэгжилт хэр байна вэ?

-Манай улсад мөнгөний тусламж авах эрхийн зөрчил түгээмэл гарсаар байгаа. Эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл нас барсан боловч нас барсны гэрчилгээ байхгүй.

Эцэг эх нь сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан. Гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эцэг, эх нь нас барсан бүтэн өнчин хүүхдүүдэд онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авч чадахгүй байна.

-Асрамжийн газарт байгаа хүүхдүүд дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цөөнгүй байдаг. Тэд насанд хүрээд гарахад төрөөс ямар нэгэн тусламж үйлчилгээ үзүүлдэг үү?

-Нэг удаагийн дэмжлэг гээд 1.2 сая төгрөг олгодог. Энэ нь мэдээж бас хангалттай хэмжээний биш. Наад захын халамжийг тооцоход насанд хүрчихсэн учир хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө өгөхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй бол халамж гээд дунджаар 325 мянган төгрөг өгнө. Ийм хэмжээний мөнгөөр амьдарна гэдэг боломжгүй зүйл. Нэг ёсондоо төр иргэдээ доромжилж байна. Өнгөрсөн онд гэхэд асрамжийн газарт хүнд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 92 хүүхэд байна гэж тоологдсон. Үүнээс хүнд хэлбэрийн буюу байнгын асаргаа шаардлагатай 27 хүүхэд байна.

-Асрамжийн газрын хүртээмжийн талаар тодруулмаар байна?

-Улсын хэмжээнд хувийн болон улсын нийт 30 асрамжийн газар байдаг. Үүний дөрөв нь аймаг орон нутагт бий. Тодруулбал, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул, Орхон гэсэн аймагт байдаг. Аймаг болгонд нэг асрамжийн газар байх ёстой. Заавал өнчин гэлтгүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах байранд түр байлгаж байгаад дахиад нөгөө хүчирхийлэл рүү нь явуулчихдаг. Нэгэнт л хүүхдээ хүчирхийлдэг хүн гэнэт ухаараад хүүхдээ хайрлана гэж байхгүй шүү дээ. Энэ л тулгамдаж байгаа асуудлуудын нэг.

О.ХҮРЭЛЗАЯА