“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлгийн үеэр “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М. Энхбадралтай ярилцлаа.
-Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг яаж бүрдүүлэх вэ?
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд тэнцвэртэй, үнэн бодит мэдээлэл хүргэх нь хариуцлагатай редакцуудаас шууд хамааралтай. Энэ салбарт мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд голчлон үйл ажиллагаа явуулах нь эрх тэгш байдлын гол тулгуур. Өнөөгийн нөхцөл байдалд цахим талбар дээр суурилан хэн хүссэн нь мэдээлэл түгээж байна. Жишээлбэл, дурын хүн хувийн цахим хаягаараа мэдээлэл цацаад, лайв хийгээд байх боломжтой эрин үе. Гэхдээ тэр хүнийг хориглох, хязгаарлах, х ариуцлага тооцох боломжгүй. Учир нь тухайн хүн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү дээ. Товчхон хэлбэл, түүнийг үзэж байгаа хүмүүсийн олонхмэдээллийн дархлаатай, ойлголт мэдлэгтэй, баттай бус эх сурвалжийг ялгаж салгадаг, зохисгүй сувгийг “блоколдог”, бусдад хуваалцдаггүй ёс зүйтэй болох хараахан болоогүй байна.
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд хараат бус байж чадаж байна уу?
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн хамаарал бүхий эзэнтэй. Тиймээс х эвлэл мэдээллийн байгууллагуудыг улс төрөөс хараат бусаар ажиллуулна гэдэг үлгэр. Урт хугацааны шийдэл нь хэвлэл мэдээллийн байгууллага нийгмээсээ буюу олон нийтээс санхүүжиж, үйл ажиллагаа явуулж чаддаг болбол хамгийн эрх чөлөөтэй, сонгодог хувилбар байж чадна. Жишээлбэл, аливаа редакц хэн нэгнээс хараат бусаар үйл ажиллагаа явуулж, аль нэг талд үйлчилдэггүй байвал баттай эх сурвалж болж чадна. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, үнэн бодитой сурвалжилдаг болбол иргэдийн итгэлийг хүлээж, олон нийтээс санхүүжих боломжтой болно.
-Хэвлэл мэдээллийн байгууллагын нийгэмд өгөх үнэт зүйл нь юу вэ?
-Сонгогчид мэдээлэл дээр л тулгуурлаж сонголтоо хийдэг. Яагаад гэвэл хүн ямар мэдээлэл хүлээн авч байна түүн дээрээ тулгуурлаж үнэлэлт, дүгнэлт гаргадаг гэсэн үг. Тиймээс иргэдийг үнэн зөв мэдээллээр хангаж, мэдэх эрх олгох ньхамгийн чухал. Угтаа бол хэвлэл мэдээллийн байгууллага хараат бус ажиллаж чадаж байгаа, эсэх тухай л юм. Бусдаар бол хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ур чадвар муу биш. Хэвлэл мэдээллийн байгууллага хараат бус байхын тулд орлоготой, цалинтай, санхүүжилт сайтай байх ёстой. Захиалагч буюу мөнгөтэй талд үйлчлээд эхэлбэл хэвлэл мэдээллийн байгууллага үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй.
-Хэлэлцүүлгийн үеэр эмэгтэйчүүдийн квотын талаарих яригдлаа. Яагаад заавал квот тогтоох шаардлагатай вэ?
-Нийгэмд тодорхой нэг өөрчлөлт хийхийн тулд тухайн нийгмийн сэтгэл зүй, хандлага, мэдлэг нь төлөвшчихсөн бол өөрчлөлт өөрөө явагдана. Монголд сүүлийн хоёр удаагийн парламент дамжаад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь өөрчлөгдөөгүй, буюу 17 хувьтай. Тэнцвэрт байдлыг хангахын тулд одоо байгаа зарчмаараа үргэлжлээд үр дүн авчрахгүй. Учир нь сонгуулийн тухай хууль, сонгуулийн тойргийг тогтоосон хувилбар зэрэг нь шинэ нэр дэвшигч, эмэгтэйчүүд, шинээр улс төрд орж ирж байгаа 50 настай хүний хувьд ч хаалттай, боломжгүй байна. Ийнхүү системээрээ хааж байгаа нөхцөлд бид өөрчлөлтийг хүлээх нь үр ашиггүй. Ямар ч өөрчлөлт, үр дүнд хүрэхгүй.
-Жишээлбэл?
-Одоогийн том тойрогт буюу дөрвөн аймагт өрсөлдөж байгаа шинэ нэр дэвшигчийн хувьд сонгуулийн сурталчилгааны хугацаанд өөрийгөө таниулах, сурталчлах ажлыг хийхэд бусад туршлагатай улстөрчтэй тэгш өрсөлдөх боломжгүй. Илүү мөнгөтэй, илүү олонд танигдсан хүмүүст зориулагдсан сонгууль болох гэж байна. Үүнийг би шударга бус, хортой, шинэчлэгдэж өөрчлөгдөөгүй сонгууль гэж тодорхойлно.
-Сонгогчид мэдлэг боловсролтой байх нь мөн чухал, тийм үү?
-Тийм ээ, цаашид олон нийтийн хандлага ойлголт сайжрах шаардлагатай байна. Сонгуульд санал өгч байгаа иргэд сонголтоороо дамжуулж чухам ямар чиг үүрэгтэй хүнийг сонгож байгаа талаараа ойлголт мэдлэггүй байна. Сонгуульд өрсөлдөж байгаа хүнээс юуг шаардах, ямар хүчин зүйлс дээр үндэслэж сонголт хийх ёстойгоо иргэд мэддэг байх ёстой. УИХ-ын гишүүн иргэдийг төлөөлдөг, хууль тогтоодог, хуулийн хэрэгжилт болон гүйцэтгэх засаглалд хяналт тавьдаг гэдгийг иргэд мэдэх хэрэгтэй. Сонгогчид нэр дэвшигчдээс юу хүсэх, шаардах ёстойгоо мэдэхгүй хэвээр байвал бид зөв сонголт хийж чадахгүй.
-Жендерийн хувьд чухал бус, ямар мэргэжил боловсролтой хүн иргэдийг төлөөлөх нь чухал биш гэж үү?
-Эмэгтэйчүүдийг эмэгтэй хүн л төлөөлж чадна, залуучуудыг залуу нэр дэвшигчид л ойлгоно гэж хандах нь зохистой биш. Парламентад сууж байгаа бол нийгмийн бүх давхаргыг төлөөлөх чадвартай байх ёстой. УИХ-ын гишүүд зөвхөн өөрт нь санал өгсөн хүмүүсийг биш, нийт улс орны эрх ашгийг төлөөлж ажиллах ёстой. Тэр байтугай өөрийнх нь эсрэг санал өгсөн, өөрийнх нь эсрэг сонгуулиар ажиллаж байсан хүнийг ч төлөөлж тэнд сууж байгаа гэдгээ ойлгох ёстой. Тиймээс гишүүн хүн олон талт төлөөллийг төлөөлөх чадвартай хүмүүс байх ёстой. Зөвхөн төлөөлөх чадвараасаа гадна хууль батлах, санаачлах, гүйцэтгэх засаглалд хяналт тавих чадавх, мэдлэг боловсролтой байх ёстой. Парламент бол энгийн үгээр бид гурван саяулаа цуглаад асуудлаа хэлэлцэж чадахгүй учраас өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг сонгуулиар сонгож байгаа л хэрэг. Иргэд гишүүдэд шаардлага тавьж, хариуцлага нэхэх эрхтэй. Малчин хүнийг малчин байж л төлөөлж чадна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Харин малчдыг төлөөлж ажиллаж чадах хүн байх хэрэгтэй. Бүх талын эрх ашгийг төлөөлөх чадвартай парламент бий болох нь хамгийн чухал.