Categories
мэдээ соёл-урлаг

Алтжин хаа явна. Агуу хаан Клеопатрагийн асрагч эх болчихсон явна! DNN.mn

1980 оны дунд үеэс Монголын түүхэн уран сайхны “Мандухай цэцэн хатан” киноны Алтжин хатны дүрээр олны танил болж үзэгчдийн дунд шуугиан тарьсан нэгэн жүжигчин бүсгүй байдаг. Түүнийг Намсрайн Отгонтогос гэдэг ч монголчууд “Алтжин хатан” хэмээнэ. Монголын анхны түүхэн кино “Цогт тайж”-ийн дараах түүхэн баатар эмэгтэй Мандухай цэцэн хатны гол дүрээс дутахгүй олныг шуугиулсан Алтжин хатан гэж хэн бэ? Мандухай хатны цухлыг хөдөлгөсөн дүр бол Алтжин хатан. Мандуул хааны Их хатан Юнгэний дүү Алтжин хатан хаанаас гараад ирэв? Тухайн үед ёстой л хэн хүнийг гайхшируулсан дүр билээ. Энэхүү Алтжин хатны дүрийг чадварлаг бүтээсэн залуу гоо бүсгүй бол одоо миний уулзан ярилцаж байгаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Намсрайн Отгонтогос юм. Алтжин хатан хаа явна гэж Монголын үзэгчид эрж сурсаар байна. Алтжин хатан ч нээрэн хаана явна вэ? Олон жил нам гүм яваа жүжигчин Н.Отгонтогостой шинэ театрын, шинэ жүжигт тоглохоор бэлтгэл хийж байхад нь уулзлаа.


Нэг. Алтан тайзыг шууд цэвэрлэдэггүй, цэвэрлэгч нь ч зэрэг зиндаатай байдаг

-Жүжигчин хүний адис авшиг оршсон газар бол театр буюу Урлагийн сүм билээ. Та нэлээн олон жилийн хойно тайзандаа гарч байгаа гэв үү?

-Урлагийн замд гараад 40 жилийг туулжээ. Театрын алтан тайзанд гаралгүй 20 жил өнгөрчихөж. Хүмүүс ч мартаа биз дээ бараг. Тайзанд л гараагүй удсанаас биш би ч кино дэлгэцэнд хааяа гарч, сүүлийн жилүүдээ Монголынхоо кино урлагт зориулсаар л яваа. Киноны ард нэлээн их юм хийж бүтээж байгааг маань хүмүүс мэдэхгүй л дээ. Харин тайзанд гарч ирэх болсон нь залуу жүжигчин дүү нарын буян. Дүү нар уриад л гэнэт том дүр бүтээх үүрэг өгчихлөө л дөө. “Монгол театр” гэж шив шинэ тайз нээж байна. Энэ тайзан дээрээ дэлхийн сонгодог жүжиг эхлэн тавих гэж байна. “Монгол театр”-ыг үүсгэн байгуулагч нь манай залуу жүжигчин Н. Баярмаа, УДЭТ-ын найруулагч А.Чингүүн, Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын дарга Э.Идэрболд гэж гурван залуу. Энэ шинэ театрыг байгуулсан залуус маань нийслэлийн “Улаанбаатар” театрт байрлаж дэлхийн агуу хаан Клеопатра их хатны тухай шинэ жүжиг хийж байгаа. Намайг энэ том сонгодог жүжгийнхээ гол дүр Клеопатраг өсгөсөн асрагч эхийн түүхэн дүрд тоглохыг урьсан. Английн жүжгийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Бэрнард Шоугийн ” Цезарь Клеопатра ” жүжгийн зохиол дээр нь гардаг асрагч эх Фтатитита. Энэ дүр бол Клеопатраг хатан болгохын төлөө, улмаар дэлхийн хаан болгохын төлөө амь насаа өгөхөөс ч буцахгүй байдаг асрагч эхийн дүр юм. Клеопатраг Дэлхийн агуу хаан болгоход тусалсан асрагч эх нь гэсэн үг. Клеопатра хаан бол дэлхийн анхны эмэгтэй хаан. Бас Клеопатрагийн дүр бол дэлхийд ч маш алдартай. Яагаад энэ эмэгтэйг дэлхийн хамгийн хүчирхэг хатан хаан болгов оо. Египетээс гадна зэргэлдээ Ромын эзэнт гүрний хаан болохыг хүсч түүндээ хүрдэг. Энэ их хүчирхэг эмэгтэйг өсгөсөн хүн гэхээр түүнээс хавь илүү эмэгтэй гэсэн үг байх нь ээ? Энэ бас их ээдрээтэй дүр. Клеопатра өөрөө их ухаантай, сэргэлэн цовоо, их олон хэлээр ярьдаг хүн байсан байгаа юм. Клеопатрагийн дүү нь хаан болох байсан. Гэтэл тэр дүүгээ түлхэж хаяад өөрөө хаан болсон.

-Клеопатрагийн сүүдэр, нөгөө талаас зүрхэнд нь шингэсэн шахуу ийм асрагчийн дүр шдээ, тийм ээ. Энэ дүрийг бүтээж, та тайзан дээрээ эргэн ирнэ гэдэг бол танд ч бас сонин онцлог болж байгаа болов уу?

-Онцлог болж байна. Ер нь би 2005 оноос хойш тайзан дээр гараагүй. Тийм амар биш. Дүү нар надад итгээд сонгодог жүжгэнд урьсанд маш их баярлаж байна. Уран бүтээлчидтэй ажиллаж байсан тэр туршлага гэх юмуу эргэж сэргэж байна л даа. Хэрвээ өмнө нь тайзны урлагт хүчээ өгч ажиллаж байгаагүй байсан бол энэ жүжигт ажиллахад маш хэцүү байх байсан. Гэтэл энд ажиллахад яалт ч үгүй театр суурьтай байсан хүн учраас болж байна. Эхлээд би нэлээн айж эмээж, нас ахисан хойно тайзанд гарахад яадаг бол гэсэн зовнил байсан. Гэтэл залуу уран бүтээлчидтэй ажиллаад ирсэн чинь бүх юм сэргээд аягүй сайхан болчихлоо. 20 жилийн өмнөх байтугай хоёр жилийн өмнө ажиллаж байсан мэт сэтгэгдэл төрж, урамтай сайхан байна. Тайз бол их өндөр хариуцлага шаарддаг. Энэ жүжгийг босгох гэж Боловсролын их сургуулийн түүхийн ухааны тэнхим, утга зохиолын багш нартай хүртэл уулзаж судалгаа хийж, ажиллаж байгаа. Энэ жүжиг нөр их хөдөлмөр, маш их судалгаа шаардсан бүтээл. Энэ жүжиг бидний хуучин цагаас илүү техник технологи хөгжсөн үеийнх. Техник технологийн шинэ эрин үетэй зохицож ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Жүжгийн онцлог нь олон зууны өмнөх зохиолчдын түүхэн туульсын бүтээл, тэр хоёр том зохиолчийн тусдаа хоёр жүжгийг нийлүүлчихсэн. Эдгээр зохиол нь хоорондоо бүтэн зуун жилийн зайтай. Тийм түүхэн туульсын жүжгийг нэг болгон босгоно гэдэг бол их зориг. Намайг орж ирэхэд залуус Бэрнард Шоу, Шекспир хоёрын зохиолыг нийлүүлээд бэлдчихсэн байсан. Зохиолын задаргаа дээр дүрүүд зохицох нь уу, үгүй юу гэдэг дээр маш их ярилцсан. Эхний хэсэг бол Цезарь Клеопатра хоёрын хайр сэтгэл, дараагийнх нь Антони Клеопатра хоёрын хайр сэтгэл гардаг. Энэ нь зөрчилдөх юмгүй зохицож байгаа нь жүжгийн онцлог.

-Таны бүтээж байгаа асрагч эх Фтатитита бол Бернард Шоугийн зохиол дээр эмгэнэлт дүрээр гардаг. Клеопатра чинь асрагч эхийгээ алдаг биз дээ. Амийг нь егүүтгээд л. Гэтэл энэ жүжиг дээр арай өөрөөр тавигдаж байгаа гэсэн?

-Энэ жүжиг дээр Клеопатра асрагч эхийгээ алахгүй. Тэр нь онцлог болж байгаа байх.

-Таны хамгийн анхны тайз хаана байсан. Аль тайзанд хэдэн настайдаа гарч байсан бэ?

-Би чинь эхлээд цэвэрлэгчээр ажилд орж тайз руу ойртсон сонин түүхтэй. Улсын хүүхэлдэйн театрын дарга Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Чойсон гуайгаар хэлүүлж байж Улсын драмын театрт цэвэрлэгчээр ажилд орж байлаа. Жүжигчний анги сургууль таараагүй үе таарсан болохоор л театрын цэвэрлэгч ч болсон хамаагүй хиймээр санагдсан.

-Цэвэрлэгчээр ажлын гараагаа эхэлсэн гэхээр чинь театрын алтан тайзыг шүүрдээд цэвэрлэх их л гоё байх даа гэж бодогдож байна шүү?

-Би цэвэрлэгч болохын тулд Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойсон гуайгаар хэлүүлж цэвэрлэгч болж байлаа. “Чи юм хийж чадах юм уу?” гэж асуугаад тэр үеийн боловсон хүчин Дагвадорж гэж хүн намайг авахгүй гэхэд нь Чойсон даргаар яриулж байж цэвэрлэгч болсон нь тэр л дээ. Эхлээд өлгүүрийн хэсгийн подволыг цэвэрлэдэг байлаа. Тэгээд арай дээшээ ахиад жүжигчдийн өрөөг цэвэрлэдэг болсон. Цэвэрлэгч ч гэсэн зэрэг зиндаатай. Гэвч гурван сарын дараа би цэвэрлэгчээсээ хөөгдсөн юм. Пионерын байгууллагын шинэ жилийн арга хэмжээн дээр жүжигчин Баасансүрэн гэдэг залуутай хамт хөтлөгч хийх гэж явж байгаад, нөгөө Дагвадорж даргадаа баригдаад, ажлын дундуур халтуур хийлээ гээд цэвэрлэгчээсээ хөөгдсөн. Цэвэрлэгч бол уг нь 280 төгрөгийн цалинтай, үйлчлэгчээсээ ч доогуур ажилчин шүү дээ.

Хоёр. “Мандухай цэцэн хатан” киноны Алтжингийн хэсгийгзөвхөн надад зориулж бичсэн гэдгээБалжиннямнайруулагч сүүлд нь хэлсэн…

-Цэвэрлэгчээсээ хөөгдөөд яав. Алтан тайз шүүрдэх байтугай ажилгүй болчихоор чинь хэцүү дээ?

-Баларсан л даа. Өнөөх Чойсон гуай дээрээ очиж Улсын хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчин болсон. Анхны дүр бол Улсын хүүхэлдэйн театрын “Алладины шидэт дэнлүү” жүжгийн гол дүр Бүдүрт тоглосон.

-Таныг тайзны ард шахуу туслан жүжигчний маягтай ажиллаж байхад дэлгэц рүү хэн уруу татсан бэ?

-Би цэвэрлэгчээс хөөгдөөд бүтэлгүйтсэн нь аз болсон ч юмуу гэж одоо бодогддог. Дагалдан жүжигчин болж суга ахисан. За тэгээд аз од улам гийсэн дээ. 1985 оны зургадугаар сард алдарт Д.Жигжид найруулагчийн анхааралд өртсөн дөө. Д.Жигжид найруулагч Ш.Нацагдоржийн “Мандухай” романыг кино болгон найруулах гэж байж. Монголын олон гоё охид, хүүхнүүдтэй киноны пробонд орсон. Азаар Алтжин хатны дүрд тэнцсэн юм. Кино үйлдвэрт очиж проб өгөөд гарч явахдаа “Тунгалаг тамир” киноны Дулмаад тоглож алдаршсан Дэлгэржаргал эгчтэй таарсан. Дээгий эгч охиноо Алтжингийн дүрд проб өгүүлээд явж байж. Тэр үед намайг Ж.Бунтар найруулагчтай танилцуулав. Дэлгэржаргал эгч Дарханы театрын жүжигчин байлаа. Намайг жүжигчин болоход их нөлөөлсөн хүн бол Дэлгэржаргал эгч байхгүй юу. Би чинь наймдугаар ангиасаа урлагийн гоо зүй судлаад эхэлсэн хүүхэд байсан юм. Дэлгэржаргал эгч ч “Жүжигчин болсноос судлаач болсон нь дээр” гэдэг байлаа. Гэвч Дэлгэржаргал эгч Ж.Бунтар найруулагчтай танилцуулсан чинь бүр өөр боломж гарч ирсэн. Ж.Бунтар найруулагч “Алив павилон руу буцаж оръё. Би чамайг нэг кинонд пробдоод орхие” гэсэн. Тэгээд “Ирж яваа цаг” кинонд пробдоод. Тэгсэн чинь өнөөх кино чинь “Мандухай цэцэн хатан”-аас өмнө хийгдээд үзэгчдэд хүрлээ. Өвөрхангайн Бүрд суманд гурван сарын турш кино зурганд явж байлаа. Тэгээд л “Ирж яваа цаг” кинонд анхныхаа дүрийг бүтээсэн. Нэгдлийн даргын дүү охин Солонгын дүр.

-Тэр дүр чинь хотын охины дүр байсан бил үү?

-Тийм, хотын охины дүр. Гэхдээ жаахан сурлага муутай, сургуульд тэнцэж чадаагүй эрх танхи охины дүр. Тэгээд мал дээр гаргая, амьдрал үзүүлье гэж эрх дураараа охиныг говийн малчин Шадавынд авчирч дүүгээ хөдөөгийн ажилд сургаж буй дүр л дээ. Тэнд л гэрт өсөөгүй хүн чинь ёстой хөдөөний охин болсон доо. Тэр кинон дээр хонины гэдэс арилгаж сурч байлаа. Морь унаж сурлаа. Гүү, үнээ саахыг сурлаа. Хөдөөний охин болохын тулд их юм хийж сурсан. Анхны киноны дүрээс сурсан зүйл одоо ч миний амьдралд их хэрэг болж байна. Монгол гэрийн хөшгийг ч мэддэггүй байлаа шүү дээ. Миний анхны дүр бол тэр.

-Та тэгэхээр бараг хоёр ч киноны дэндүү өөр дүрийг зэрэг шахуу бүтээж жүжигчний гараагаа их л сонирхолтой эхэлсэн юм байна. Эхний энгийн охины дүрээс туульсын том киноны Алтжин хатны дүр рүү ороход сонин байжээ. Батмөнх даян хааны өврийг хөвсөлзүүлээд, үзэгчдийг өндөлзүүлж байсан дүр чинь таныг ёстой л од болгосон биз дээ?

-Ёстой сонин л доо. Аз, эз зэрэгцсэн юм болсон. Мандухай хатны киног Д.Жигжид найруулахаа болилоо гээд бөөн юм болсон л доо. Тэр үед олон дүр солигдсон ч миний дүр солигдоогүй нь харин аз гэх үү. Найруулагч нь Б.Балжинням болжээ. Жүжигчдээ шинээр сонгож байгаа л гэсэн. “Ирж яваа цаг” киноны дуу оруулалт дээр байж байсан чинь Б.Балжинням дуудсан. Надад зузаан зохиол өгөөд чи энэ зохиолыг унш гэлээ. Би “Хэний дүрийг унших вэ” гэхгүй юу. Тэгсэн чинь Мандуул хааны хөгшин хатны туслах шивэгчиний дүрийг унш гэлээ. Уучлаарай! Би тэгвэл уншихгүй ээ гээд зохиолоо буцаагаад өглөө. Тэгсэн чинь Балжинням уурлаад “Чи хатны дүр болохоор уншаад, шивэгчний дүр болохоор уншдаггүй хүн үү?” гэхээр нь би “Тийм ээ” гээд гүрийгээд зогсоод байлаа. Тэрийг бодохоор би тэр үед ямар ч зоригтой байсан юм. Яагаад ч тэгээд хэлчихсэн юм гээд гайхдаг. Дараа нь харин магадгүй тэгж гүрийснээрээ Алтжин хатанд тоглох эрхээ улам ч баталгаажуулсан санагддаг. Мандухай кинондоо л намайг ямар ч байсан авч үлдэх хөшүүрэг нь болсон байх. Бүр сүүлд Б.Балжинням найруулагч “Тогос оо, чи мөн ч сонин шүү. Энэ кинонд орохын тулд хүмүүс шивэгчин ч болтугай тоглоё гээд зүтгэж байсан. Гэтэл чи дүр голоод зогсож байсан хүн шүү дээ” гээд намайг шоолоод байдаг байсан юм. Тэр бүү хэл Батмөнх хааны өвөрт нүцгэн ордог хэсгийг өөрөө нэмж бичээд кино зургийг авсан юм байна лээ.

-Алтжингийн дүрд их олон охин, бүсгүй шалгуулсан гэсэн дээ…? Олон ч хүн чамд тусалсан гэдэг байх аа?

-Өө нээрэн тийм. Ганц Алтжингийн дүрийг кинондоо авч үлдэх гэж найруулагч Балжинням гуай ч их зовсон байдаг. Хатуу хяналт, хаалттай цагт хүүхнийг нүцгэлж хааны өвөрт орууллаа гээд л…Кино гарсны дараа ч түүхчид, урлаг судлаачид ч уурлаад л…үзэгчид дуртай байсан ч үзэл сурталд болохгүй гэцгээгээд л… Ер нь Алтжингийн дүрийг нийгмээрээ л сайн муугаар хэлэлцсэн үе байдаг. Монголын кинонд гарч байгаагүй халуун хөнжлийн явдлыг авч үлдэх гэж Балжиннямд хэцүү л байсан байх. Гэвч авч үлдэж чадсан. Харин надад бол гол дүрийн Мандухайд тоглосон Н.Сувдаа эгч их нөлөөлсөн шүү дээ. Бүр намайг анх пробонд ороход л Н.Сувдаа эгч тусалсан байдаг юм. Учир нь “Оготны нүхэн дэх сувд” гэгчээр та нар гадуур өөр хүүхэн хайж цаг алдаад яах вэ. Хүүхэлдэйн театрт нэг сайхан охин бий. Тэр охиныг очоод үзээтхээч ээ гээд байж. Гавьяат жүжигчин Баяжихын Пүрвээ гуай ч үүнийг батлан ярьж байсан шүү. Сүүлд хоёрхон л охин үлдлээ гэж ярьцгаагаад. Тэгсэн чинь би Ж.Батцэцэг эгчтэй тунасан байсан. Ээ Дарь эх минь гэж. Тухайн үед Ж.Батцэцэг чинь олон кинонд тоглосон жинхэнэ од болчихсон жүжигчин шүү дээ. Олон охин дундаас шалгарч үлдсэндээ их баярласан шүү. Хамгийн гоё нь намайг сайхан төрүүлж өгсөн аав ээждээ илүү баярласан. Гоо сайхан төрүүлнэ гэдэг чинь аав ээжийн л ач гавьяа шүү дээ ер нь.

Гурав. Шавьгүй шүү дээби, кастингийн найруулагч буюу Дүр сонголтын найруулагчаар ажиллаж олон сайхан жүжигчдийгкиноны од болгосондоо бахархдаг

-Алтжингийн дүр бол тухайн үед Мандухайгаасаа ч илүү олны анхаарлыг татаж нийгмийн хурц сэдэв болсон шүү дээ. Та ч их зоримог байж дээ?

-Тухайн үе чинь социализмын оргил цаг байсан. Тэр хаалттай нийгэмд хүн нүцгэлээд гараад ирнэ гэдэг чинь найруулагчийн л мундаг шийдэл байхгүй юу. Найруулагч тэр хэсгийг хамгаалж, тасдуулахгүй авч үлдсэн. Тухайн үед олон шалгуураар ордог байсан шүү дээ. Одоо бол би Б.Балжинням найруулагчдаа баярладаг юм. Зохиол дээрээ нүцгэлнэ гэж бичээгүй. Найруулагч өөрөө л зориуд тэр хэсгийг гараараа нэмж бичиж байсан юм билээ. Амарбаясгалант хийд рүү байгалийн зураг авахаар явахад Балжинням найруулагч гар бичмэлээ надад өгсөн. Одоо тэр гар бичмэл нь надад байгаа. “Алтжин буюу Отгонтогост дурсгав” гэж бичсэн байдаг юм.

-Та бол дагалдан жүжигчнээр эхэлж ажилласан хүн. Уран бүтээлдээ голдуу туслах дүрүүдийг бүтээсэн байна. Гэхдээ туслах гээд жижигддэггүй, хүнд их хүрдэг байсан. Үүний учир юу вэ?

-Энэ асуултын хариултыг би өгмөөргүй байна. Намайг дүрдээ сонгож авсан найруулагч нар маань хариулаасай гэж би хүсч байна. Даанч бурхан болцгоож дээ. Миний ээж надад хэлж байсан. “Миний охин Тунгалаг тамирын Дулмаа шиг их сайхан эмэгтэй дүрийг бүтээж болохгүй юу гэж асууж байсан юм. Дүрийг би сонгодоггүй. Найруулагч нар дүрдээ тохирох жүжигчнээ сонгодог учраас энэ асуултад хариулахад хэцүү л юм байна.

-Жүжигчний үнэмлэхээ өвөртлөөгүй жүжигчин, үнэмлэх дипломоо өвөртөлсөн жүжигчин гэж байдаг. Таны хувьд диплом өвөртлөөгүй байхдаа л кино дэлгэцэнд мөнхөрсөн. Үнэмлэхээ аваад жүжиглэх, үнэмлэхгүй жүжиглэхийн ялгаа танд мэдрэгдэж л байсан байх даа?

-Би бол ерөөсөө багшийг шүтэж амьдардаг. Миний анхны багш бол Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр. Их сонин. Намайг цэвэрлэгч байхад Оросын нэрт зохиолч В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийг драмын театрт тавигдаж байхад нь би Гантөмөр жүжигчинд суфлер буюу үг сануулагчийг хийж өгч байлаа. Дараа нь СУИС-ийн анхны элсэлт авахад шалгалт өгч тэнцсэн. Манай ангийн багшаар Ц.Гантөмөр ажилласан. Тэр том хүний гарынх нь шавь гэхээр бахархалтай байдаг. Юм гэдэг тийм л учир ерөөлтэй юм билээ. За тэр үнэмлэхтэй байх, байхгүй гэдэг бол хүн өөрөө л мэдэх хэрэг. Хүн өөрөө л хөдөлмөрлөж л чадах юм бол үнэмлэх дипломны хэрэг нэг их байхгүй дээ. Жүжигчин болно гэж зүтгэсээр байгаад, кино драмын шалгалтад хоёр удаа унаад, гурав дахь дээр нь би тэнцэж байсан. Ц.Гантөмөр багш маань ч “Жүжигчид гэлтгүй хүн бүхэн алхам тутамдаа суралцаж байдаг” гэж хэлдэг байсан. “Хэн надад дүр өгөх вэ гэж хүлээж суухын оронд би юу хийх вэ, уран бүтээл дээр нь яаж туслах вэ?” гэж бодож олон жил өөрийгөө дайчлан огтхон ч завгүй өнгөрүүлсээр өнөөдрийг хүрлээ.

-Та багшийг шүтдэг гэж түрүүн ярьсан. 40 жил урлагт зүтгэхдээ олон шавьтай болсон байлгүй дээ?

-Шулуухан хэлэхэд, Кастинг найруулагч буюу дүр сонголтын найруулагч хийж байгаа. Урлагийн ямар ч сургуульд багшилж үзээгүй. Сүүлийн үед киноны дүр сонголтын найруулагч хийж байгаа. Энэ бол киног бүтээх гол дүрийг сонгож олж өгдөг гэсэн үг. Гол дүр болон туслах дүрүүдийг ч сонгоход тусална. Энэ их нарийн чимхлүүр ажил. Ёстой л туршлага зааж хийдэг гэхэд болно. Та санаж байвал манай нам төрийн зүтгэлтэн Ж.Батмөнх гуайн тухай “Бүү март” гэж кино байдаг даа. Тэр киноны Улс төрийн товчооны гишүүд, Сайд нарын зөвлөлийн гишүүн сайд нарын дүрийг би сонгож өгсөн. Бүгдээрээ их адилхан хүн олж дүрээ сайхан бүтээсэн. Тэр түүхэн бодит хүмүүсийн дүрийг сонгоход би өөрөө тэр дарга нарын үед амьдарч байсан болохоор сайн мэднэ. Тэгэхээр адилхан хүн сонгож олоход амар байсан. Иймэрхүү маягаар кино дэлгэцийн дүр сонгох чухал ажил байдаг юм. Сүүлийн шинэ тутмын олон киноны дүрийг сонгож, олж өгч байна. Яг тулсан гарын шавь гэж надад байхгүй. Тэд нар намайг багш гэдэггүй, би ч тэднийг шавь гэдэггүй. Уг нь намайг багш аа гэвэл баярлах л байх.

-Шохой бариад хичээл заасан багш ч бий, тэгж заагаагүй багш ч гэж байдаг шүү дээ. Та тэгэхээр амьдралын их сургуулийн багш болж таарах нь?

-Тийм байж болох л юм. Сүүлийн олон шинэ жүжигчнийг нээж өгснөө бодвол яг л таны хэлсэн шиг юм. Киноны дүр сонгохдоо намайг урьж дуудан кинондоо ажиллуулдаг уран бүтээлчдэд би их баярладаг шүү. Миний гаргаж ирсэн жүжигчдээс Улсын драмын театрын Шинэбаяр гэж залуу бий. Түүнийг анх нээж өгсөн, мартаагүй л байх. “Богд хаан” киноны Дондогдулам хатанд олж тоглуулсан Б.Батсумъяа гэж байгаа. Энэ мэтчилэн олон залуус жүжигчний гараагаа эхлүүлснийг санаж байгаа биз ээ. Олон кино гадаадын кино наадамд амжилттай оролцсон. Ганцханыг жишээлэхэд “Худалдагч охин“ кино 16 кино наадамд оролцож найман Гран приг авсан байдаг.

-Та төрүүлж өсгөсөн аав ээжээ дурсвал…

– Миний аав Алтанхуягийн Намсрай гэж насаараа Худалдааны байгууллагад ажиллаж байсан даа. Дархан хот байгуулагдахад л ирж ажилласан. Ээж маань Гэндэнпилийн Жамбаа гэж насаараа цэцэрлэгийн тогооч хийсэн. Аав ээж минь есөн хүүхэд төрүүлж өсгөн бүгдийг дээд боловсролтой хөдөлмөрч сайхан хүн болгосон доо. Дээрээ хоёр ах, зургаан эгчтэй. Отгон дүү намайгаа аавын оронд аав, ээжийн оронд ээж болон тусалсаар уран бүтээлийн ажилд үргэлж дэмжлэг үзүүлсээр байдагт нь баярладаг шүү. Гэр бүлийн хувьд би ганц хүүтэй. Хоёр ач охинтой, бэр минь гэж хүний сайхан охин байдаг. Ханийг маань Л.Батжаргал гэдэг. Найруулагч, бүжигчин бий. Монгол Улсын гавьяат цолтой. Миний орчин тойрон бас л урлагаар амьсгалсан сайхан орчин. Бид үүндээ л жаргалтай амьдардаг.

 

Ж.БАТСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт газар хөдөлжээ DNN.mn

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт 2024 оны 02 сарын 27-ны 18:16 цагт газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн хүч нь 3.9 магнитуд байжээ гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Алтангадас: Бусдын дуу, бичлэгийг зөвшөөрөлгүй түгээхэд 1-6 сар зорчих эрх хязгаарлах хүртэл ял шийтгэлтэй DNN.mn

Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилчдын ажлын байран дээрээ архидан согтуурсан бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэн.

Уг асуудалтай холбоотойгоор бусдын дүү, дүрс, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр түгээх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэгт тооцогддог болохыг хуульчид анхааруулж байна. Энэ талаар “Онч нүүдэл” хуулийн фирмийн өмгөөлөгч Ш.Алтангадастай ярилцлаа.


– “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилчдын бичлэгийг саяхан олон нийтийн сүлжээнд цацсан. Ажлын байран дээрээ архидан согтуурсан үйлдлийг энд ярихгүй. Харин зөвшөөрөлгүйгээр бусдын дуу, дүрс, бичлэгийг ингэж олон нийтийн сүлжээнд түгээсээр байж болох юм уу?

– Үндсэн хууль болон Хүний эрхийн талаарх олон улсын фактуудад хүний эрхийн талаар тусгасан байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэж тусгасан. Халдашгүй чөлөөтэй байх нь зөвхөн шударга шүүхээр шүүлгээд зогсохгүй маш өргөн ойлголт байдаг. Таны хэлснээр хувь хүний дуу, дүрс, аливаа үзэл бодол, бэлгийн чиг хандлага, харилцаа. нийгмийн байдал зэрэг нь хүний жам ёсны эрх гэж үздэг.

Аливаа улсын иргэншсэн улс болох шалгуур нь Үндсэн хуульдаа хүний эрхийг ямар түвшинд хамгаалж дээдэлж байгаагаар хардаг.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй учраас өөрийн эрхээ хамгаалуулах эрхтэй. Энд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дуу дүрс, бичлэг бүхий орон гэр, ажлын байран дахь зүйлүүд нь иргэний болон захидал харилцааны нууцад ордог. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар ч давхар хамгаалагдаж явдаг. Мөн үүнийг Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулиар хамгаалж байдаг. Эрүүгийн хуулиар нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож байгаа. Зөрчлийн хуулиар бол эрүүгийн гэмт хэргээс түвшний хувьд доогуур аливаа үйлдлийг зөрчилд авч үздэг. Хэний ямар эрхэд хэрхэн, ямар хохирол учруулж байгаагаас шалтгаалж эрүүгийн гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг шийддэг. Нэг ёсондоо хувь хүний зөвшөөрөлгүй дуу, дүрс, бичлэг түгээх нь хориотой зүйл.

– Энэ төрлийн хэрэг гэмт хэрэгт тооцогдох уу, зөрчилд тооцогдох уу?

– Агуулгаар нь харахад нийгэмд хүн болгон камертай утастай болсон. Өөрийнхөө үзэл бодлоос өөр түвшинд байгаа, магадгүй өөрийгөө хянах боломжгүй болчихсон хувь хүмүүсийн үг, үйлдлийг дүрсжүүлж аваад олон нийтийн сүлжээнд түгээж, буллидэг болсон. Нэг хэсэг иргэдийн дунд ийм асуудал гардаг байсан бол одоо төрийн байгууллага дотор хэвийн үйл ажиллагааг хянах, гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах чиг үүрэгтэй төрийн тусгай хамгаалалтын байгууллагын эрх бүхий этгээдүүдийн зүгээс бусдын мэдээллийг олон нийтэд цацдаг үзэгдэл бий болж байна.

Мэдээж сая олон нийтэд ил болсон Тавантолгой төмөр зам ХХК-ийн ажилчдын ажлын байран дээрээ архидан согтуурсан үйлдэл тусдаа асуудал. Эрүүгийн хуулиар шалгагдаад явна. Гэтэл хүний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүй дуу, дүрс, бичлэг түгээх нь хуулиар хориотой.

Эрүүгийн хуулийн 13.8-д зөвшөөрөлгүй гэрэл зураг, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах тухай тодорхой тусгасан байдаг. 13.8.1-д оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан cap хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан. Орон байр гэдэгт ажлын байр ч ордог.

– Дуу, дүрс бичлэгийг түгээж бай гаа эх сурвалжийг тодорхойгүй болгох, бүдгэрүүлэх зорилготой байдгийг олон нийт мэднэ. Магадгүй захиалж байгаа этгээд өөрийнхөө хаягаар шууд түгээхгүй. Тэгэхээр анх энэ хууль бус үйлдлийг хийсэн эх сурвалжийг олох боломжтой юу?

– Боломжтой байлгүй яах вэ. Жишээ нь, Таван толгой төмөр зам ХХК-ийн кейс дээр гэхэд дуу, дүрс бичлэгийг хянадаг эрхтэй ямар субъектүүд байдаг нь тодорхой. Тухайн өдөр хэн ажиллаж байв гэдгээс хөөгөөд үзэхэд олдох бүрэн боломжтой.

Тиймээс хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Мэдээж хууль зөрчсөн асуудлыг тусдаа шалгаад явна. Нийгэмд иймэрхүү кейсүүд олон бий. Томоохон аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн мэргэжилтэн, ХАБ зэрэг тодорхой чиг үүрэг хэрэгжүүлдэг субъектийн дүрс бичлэг, зургийг олон нийтийн сүлжээнд тавьж байгаад буруутгадаг явдал нэлээд олон байдаг. Энэ бол хүний дүрс бичлэгийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа үйлдэл мөн. Үүнийг Эрүүгийн хуулийн 13.8-д зааснаар шалгахаас гадна Эрүүгийн 13.14 буюу худал мэдээлэл тараах гэдгээр давхар зүйлчлэгдээд ч явдаг.

Манай хуулийн фирм дээр энэ төрлийн тусламж үйлчилгээ авахаар ханддаг иргэд байдаг. Зөвхөн Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиас гадна хүний нэр төр, алдар хүнд, нийгмийн байдлыг Иргэний хуулиар ч хамгаалсан. Эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэн “Миний дуу дүрс бичлэгийг ашиглаад олон нийтэд худал мэдээлэл тараасан” гэж Иргэний шүүхэд хандаж хариуцагч этгээдээр нэр төрөө сэргээлгэх боломжтой. Няцаах үүрэг нь худал мэдээлэл тараасан этгээдэд байдаг учраас энэ чиглэлээр нэхэмжлэл гаргаад явах нь илүү үр дүнтэй.

– Бусдын дуу, дүрс, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр түгээх нь Зөрчлийн болон Эрүүгийн хуульд ямар ял шийтгэлтэй байдаг вэ?

– Нэгд Зөрчлийн хуулийн 6.22-т зөвшөөрөлгүй гэрэл зураг, дүрс бичлэг түгээсэн бол иргэнийг 200 нэгжтэй тэнцэх мөнгөн дүнгээр, байгууллагыг 2,000 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгоно гэж заасан.

Эрүүгийн хуулийн 13.8-д дээр хэлснээр иргэнийг 450-700 нэгжээр торгох, эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-6 cap зорчих эрхийг хязгаарлах зэргээр шийтгэлтэй. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ дээр яг ийм зүйлчлэлээр хэрэг үүсгэгдэж байсныг санаж байна.

– Нэр төр, алдар хүнд, худал мэдээлэл тараахтай холбоотойгоор иргэд сэтгэл санааны хохирол нэлээд амсдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчлэлээр энэ хохирлыг тооцдог болсон. Энэхүү төрлийн хэрэгт сэтгэл санааны хохирлыг тооцох уу?

– Тухайн иргэн миний гэрэл зураг, дуу дүрсийг зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан гэдэг гомдлоо цагдаагийн байгууллагад эхлээд гаргана. Эрүүгийн хэрэг үүссэний дараа мөрдөгч, прокурорт хандаж шүүх шинжилгээний байгууллагаар сэтгэл санааны хохирлыг тооцуулж болно.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд, олон нийтэд түгээгээд байгаа дуу, дүрс бичлэг зэргийг шүгэл үлээж байна гэж зарим иргэд үздэг. Энэ бол ташаа ойлголт. Шүгэл үлээнэ гэдэг болохгүй байгаа зүйлийг хуульд заасан арга хэрэгслээр илэрхийлж байгаа үйлдлийг хэлнэ. Түүнээс өөр гэмт хэргийг эрүүгийн хэрэг үйлдэх замаар шүгэл үлээнэ гэж ойлгохгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Монголын төрд насаараа зүтгэсэн надад хадгаламж, зуслангийн байр алга” гэж Балхаажав гуай хэлж билээ DNN.mn

Ц.Балхаажав гуай, В.Алзахгүй доктор бид гурав. 2019 он

1984-1990 оны хооронд Намын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан монгол төрийн зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажав гуай маань монгол тооллоор 97 нас хүрээд, улирагч оны сүүлээр бурхны хутгийг олсон билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор тэрээр монгол төрийн зүтгэлтэн гэж ийм л байдаг болов уу гэх бодлыг бататгасан нэгэн байлаа. Ерэн оны эхэн үеэс улс төрийн албанаас хөндийрч ном эрдэм, шинжлэх ухааны гол салбар хүн судлал, философийн судалгаанд эрдэм оюунаа зориулсан байдаг. 2019 оны хавар түүхийн ухааны эрдэмтэн доктор Вандангийн Алзахгүйн өрөөнд бид гурав, бүтэн өдрийн туршид хөөрөлдөж төр нийгмийн нэрт зүтгэлтэн, буурал эрдэмтэн түүнээс бишгүй олон зүйлийг сонирхон асууж байлаа.

Балхаажав гуай бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын хүн. 1928 онд төрсөн гэдэг. Өвөг эцэг нь Бат-Очир тайжийн хүү Түвдэнсүрэн гэж язгууртан, тамгын бичээчээр он удаан жил ажилласан нэгэн байсан учир түүнд хуучин бичгийн зүг чигийг анх заажээ. 1937 онд түр сургуулийн босго алхаж, тэр өвлөө одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дахь Цагаан оломын бага сургуульд очиж суралцсан байна. “Миний өөрөөр нь овоглодог нагац ах Цэрэнпил цээж тоонд сайн болгосон. Зургаа, долоо настайгаас минь цээжээр тоо бодуулж сургасан, би гэдэг хүн нэг саяын дотор толгой өвдөхгүй хариуг нь шууд хэлдэг байв. Нутагтаа амралтаар очиход багийн дарга зүгээр суулгахгүй, малын тоонд авч явна. Бүр багаасаа л би бичээч хийж, тоо бодож суманд ч, багт ч зарагдаж явсан. Мөн улаа нэхнэ, өртөө хийнэ гээд барагдахгүй их юм үзэж туулж дээ. Цагаан оломд гурван жил суралцаж төгсөөд Завханы дунд сургуульд ирсэн. Дөчөөд оны үе. Говь-Алтай аймаг Завханаас дөнгөж салж тусдаа аймаг болж байсан цаг гээд бодохгүй юу. Улиастайд ирэхэд шар Рэнцэн гэж өндөр багш хүлээж авч хичээл заасан. Их сургуульд сүүлд багшилж байгаад нас барсан алдартай Дашцэдэн багш арван наймхан настай залуу Завханы дунд сургуульд анх кирилл бичиг зааж байсан. Миний кирилл бичиг Дашцэдэн багшийн бичгийн хэлбэр юм. Хавар нь багш болж сумандаа очсон ч хоёр жилийн хугацаанд хөдөө мал малласан. Учир нь яг тэр үед ээжийн бие муудаж, дөчин гурван онд таалал болсон. Ээж минь Түвдэнсүрэнгийн Намнансүрэн гэж хүн байв. Дөчин таван онд би бичиг үсгийн багш болсон. Албан ажилд анх томилогдсон нь тэр. Бичиг үсгийн багш нэг жил хийгээд улаан булангийн эрхлэгч, дараа нь сумын бага сургуулийн захирал болсон. Ингээд дөчин найман онд Улаанбаатар хотноо Намын дээд сургуульд ирсэн” гэж бага залуу насныхаа тухай хуучилсан.

Намын дээд сургуулийг төгсөөд тухайн цагтаа дэлхийн шинжлэх ухааны гол төв болж байсан Москвагийн их сургуулийн философийн ангид тэртээ 1959 онд таван оюутан явсны нэг нь гэдэг. “Философийн шинжлэх ухаан гэдэг чинь ерөөсөө л ертөнцийг үзэх түгээмэл үзэл. Аливаа юмны голыг нь олж үзэх үзэлд сургахыг хэлж байгаа юм. Тоо, физик, хими гээд байгалийн шинжлэх ухаанаар хэрхэн суурь хийж үзэгдэл юмсыг тайлбарлах вэ гэдгийг сургана. Мэдээж байгалийн ухаануудыг заана. Би хими, биологийн чиглэлийг голлож авсан. Байгалийн шинжлэх ухаан философитой нийлэхээрээ юу болох уу гэдэг суурь ойлголтын гаргалгааг хэлж өгдөг” гэж буурал профессор хэлж байсан. Тэрээр одоогоос бараг нэгэн жарны өмнө буюу 1967 онд тухайн үеийн дэд эрдэмтний зэргийг философиор хамгаалаад түүнээсээ гучин жилийн дараа буюу 1997 онд “Хорьдугаар зуун ба хүн судлал” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалсан түүхтэй.

Намын төв хороонд ажилласан тухайгаа ийн өгүүлсэн юм. “Төв хороонд үзэл суртал эрхэлсэн Дэжидийн Чимэддорж дарга нэг өдөр дуудаад “Лхамсүрэн гуай хойшоо эрдмийн зэрэг хамгаалахаар явна. Чи үзэл суртлын хэлтсийн эрхлэгч” болно гэж далан хоёр онд хэлсэн. Ингэж тушаал буулгаад Улс төрийн товчоонд орж батлуулсан. Тэгээд долоон жил үзэл суртлын хэлтсийн дарга хийлээ. Түүний дараа нь С.Жалан-Аажав дарга дуудаад “Чи үзэл суртлын хэлстийн даргыг ажлыг Адъяад өгнө. Чи өөрөө намын байгууллагын хэлтсийн эрхлэгч болно” гэдэг юм. Намын байгууллагын хэлтэст очоод гурван жил болж байтал Гомбожав дарга дуудлаа. “Чи намын байгууллагын хэлтсээс гадаад харилцааны хэлтэст очно” гэв. Ингэж би Төв хороонд гурван хэлтэс дамжсан. Гадаад харилцааны хэлтэст гурван жил болсон. Гадаад яамыг, мөн гадна дотны харилцаа, элчин сайд гээд Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой бүх асуудлыг хариуцна. Чадал чансаа хүрэхгүй зүйл байсан. Намын Төв хорооны нарийн бичгийн даргын хариуцлагатай албанд зүтгэхийг надад Батмөнх дарга хэлсэн. Наян дөрвөн оноос ерэн оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд төрийн өндөр албанд зүтгэсэн. Ерэн оны гуравдугаар сарын онцгой их хурлаар огцорч хөөгдөөд дээлээ үүрээд, номоо тэврээд гэртээ харьсан ийм л түүхтэй” гээд инээд алдаж билээ.

“Цэдэнбал даргатай ойр байсан хүний нэг та яах аргагүй мөн. Ер нь Бал дарга таныг өөр дээрээ авсан гэх яриа байдаг” хэмээн тулгасан асуулт тавихад, Бал даргын цэрэг нь юм чинь би ойр байлгүй яахав. Дуудсан цагт нь яваад орно, ажлаа танилцуулна. Гадаад харилцааны хэлтэс Бал даргын шууд харьяалалд байсан. Намын байгууллагын хэлтэс, үзэл суртлын хэлтэс өөр дарга нараар дамжина. Гадаад харилцааны хэлтэст очсоноос хойш байнга юмаа танилцуулна. Намайг Улс төрийн товчооны хуралд ороход Бал дарга “Би чамайг өөр дээрээ авлаа” гэж хэлээд шууд батлуулж байсан. Бал дарга тэгж намайг өөр дээрээ авсан нь үнэн юм. Гомбожав дарга “Чи надаар заалгалтгүй гадаад харилцааны юмандаа өөрөө суралц” гэж хэлж байсан. Гадаад харилцааны хэлтэст байхад нэг албан бичигт жижиг алдаа гаргаж Бал даргаас бүтэн цаг лекц сонсож байсан удаа бий. Ер нь Бал даргатай өдөр тутам гэх нь юу юм, гэхдээ их л ойр байсан. Заримдаа манай өрөөгөөр ороод ирнэ.

Бал даргыг ороод ирэхэд би чинь босоод харайна биз дээ. Тэгэхэд “Суу суу, ажлаа хий. Би зүгээр л юм сонирхож явна” гэдэг сэн. Их товчхон үүрэг өгдөг байсан. Үг яриа нэг их хэлээд тайлбарлаж удаад байхгүй. Хүнийг урдаар буруутгах, наануу цаануу болохгүй. “Энэ чинь ийм ийм учиртай, тэр улсуудыг чи сайн мэдэх үү, судалсан уу” гэнэ. Тэгээд өөрөө заримыг нь хэлж өгнө дөө. 1988 онд хойно байхад нь очиж уулзсан. Даргын авгай Филатоватай утсаар яриад “Москвад ирснийх дарга та хоёртой уулзаж болох уу” гэхэд “Болно” гэж зөвшөөрсөн. Дөчин хэдэн минут уулзсан. Комиссар нь Чулуун байсан. Авгайтай эхлээд Улаанбаатарын амьдралын тухай жаахан ярилцсан. Авгай Улаанбаатарын амьдралыг юу гэж харж байна, та нар энэ хүнийг юу гэж боддог уу гэж Бал даргын тухай асууж байсан. Ингээд цаанаас дарга орж ирсэн. Намайг хараад шууд таньсан. “Чи хаачиж яваа юм” гэж асууж билээ. Даргад тэр үед нэг дутагдалтай нь мартаж санах асуудал байсан. “Тэр хаана байгаа вэ” гэж зарим нэг хүний тухай дахин дахин асууна. Дарга бол хүмүүсийг овог нэртэй нь шууд хэлдэг, тийм онцгой ойтой хүн байсан юм. “Монголын байдал ямар байна” гэхээс өөр зүйл нэг их асуугаагүй. Тэгтэл авгай “Одоо болно, чи ядарчихлаа” гээд даргыг цаад өрөө рүү нь оруулсан. Тэр бол бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байсан гэв.

Яриан завсраа бас нэг сонин юм хэлсэн нь Бал дарга Хрущёв хоёрын хоорондын харилцааны асуудал. “Сталины хөшөөг буулгаж хая, Чойбалсанг буруутга” гэж Хрущёв Цэдэнбалд тушаах маягаар хэлдэг байсныг тэрээр шуудхан хэлсэн. “Чойбалсангаа

бид хэзээ ч муулахгүй, тэр хүний Монгол Улсын тусгаар тогтнолд баримталж байсан ардач байр суурь их зөв байсан. Сталин бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах байтугай олж авахад гол байр суурь баримталж байсан. Тиймээс Сталиныг монголчууд бид үзэн ядах боломжгүй, хөшөөг нь буулгахгүй” гэж Бал дарга Хрущёвын өөдөөс эрсхэн хэлж, тусгаар улсын эзэн гэдгээ харуулж чадаж байсныг дурдаад Хрушёвын олон удаагийн үүрэг даалгаврыг хүлээж аваагүйг нь хэлсэн. Энэ бол хожим эргээд бодоход Балхаажав гуай цаг түүхийн гэрч болсон хүний бас нэг хэлэх ёстой үг байж дээ гэж эрхгүй бодогддог юм.

Өвгөнөөс Жамсрангийн Самбуу гуай, Батмөнх дарга, Түмэнбаярын Рагчаа гээд монгол төрийг удирдаж байсан хүмүүсийн тухай нэг бүрчлэн асуухад эхлээд Самбуу гуайн тухай дурсаж билээ. “Самбуу гуай намайг танина, би бол сайн танина. “Амьдралын сургаал” ч бил үү хуучин бичгийн номоо кирилл болгож надаар хуулуулсан юм. “Энэ номыг чи кириллд оруулаатах. Чамд хугацаа тогтоохгүй ээ” гэж хэлээд өглөө. 50, 60-аад хуудас ном байсан. Самбуу гуай тэр үед АИХ-ын дарга байсан. Би өнөөхийг нь гурав хоногийн дотор бичээд өгчихлөө. “Чи сайн хийсэн биз” гэж асууж байсан. Яг л байгаагаар нь хийхийг бодсон гэдгээ хэллээ. Түүнээс хойш нэг жил тойрсны дараа АИХ-ын нарийн бичгийн дарга Готов гуай “Чамайг Самбуу дарга дуудаж байна” гэдэг юм. Дахиад л бас нэг ном өгөх нь дээ, яаж хийж өгнө дээ гэж бодоод орсон чинь 400 төгрөг өглөө. Дандаа тавьтын дэвсгэрт. “Чи миний номыг сайн хийсэн байна лээ” гэв. Дарга аа, би зүгээр л бичээд өгсөн шүү дээ гэтэл “чи ав ав” гэдэг юм. Тэгээд би одоо хүртэл нэг 50 төгрөгийг нь хадгалдаг юм. Нэг номын завсар хийчихсэн, хаана байгааг нь олохгүй байгаа. Том ногоон далбагар тавьтын дэвсгэрт. Хуучны мөнгө их том байсан. Далаад оноос мөнгө жижиг болсон. Ном сөхөх бүрийдээ Самбуу гуайн өнөө миний хадгалсан тавьтын дэвсгэрт байж байх вий гэж горьдож хардаг юм” гээд бас л инээвхийлж байсан сан.

Батмөнх даргын тухайд тэр хоёр найз нөхөд хүмүүс. Намын дээд сургуульд хамт багшилж байсан гэдэг. Дараа нь Төв хороонд нэг хэлтэст, нэг дор ажиллаж байсан.

Батмөнх гуайг Их сургуулийн захирал байхад нь Төв хороонд авчрах саналыг Балхаажав найз нь гаргасан байдаг. Батмөнх гуай 1974 онд Төв хороонд ирж шинжлэх ухаан боловсролын хэлтсийн эрхлэгч болж удаа ч Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга болж дараахан нь Ерөнхий сайд болоод Балхаажав гуайн хошигнож хэлснээр түүнд гүйцэгдэхээ байсан гэдэг. “Төрийн ажилд нь би хутгалдаж оролцдоггүй, үндсэндээ хол хөндий байсан. Намайг дуудаж уулзаад ажил төрөл яриад энээ тэрээ болоод байхгүй. Гэхдээ найзууд юм хойно хааяа уулзаж ярилцалгүй яахав. Харин Батмөнх дарга намайг Намын Төв хорооны нарийн бичгийн дарга болгоё гэдэг саналыг тавьсан юм билээ. Би ч энэ хүнд тусалж, дэмжиж ойр байх нь зөв гэж бодсон. Бид хоёр хөдөө гадаа хамт явж л байсан. Хааяа тамхиа татаж, дэмий ярих гээд манай өрөөгөөр ороод ирнэ. Нэг үеийн багш нар хойно нэгнээсээ цэрвээд байлгүй дэмий юм ярина. Тэгээд би “За одоо намайг тамхиар утаж болсон бол та явна уу” гэхээр инээд алдаад гараад явдаг сан. Мэдлэгтэй, чадалтай даруухан, их ажилсаг хүн. Ажлыг бол хийж чаддаг хүн байсан” гэж хэлсэн.

Балхаажав гуай 100 шахам наслахдаа номын ширээний араас сэтгэл салгаагүй, жинхэнэ номын, мөнхүү төрийн хар хүн байсан. Тэрээр өөрийнх нь өгүүлснээр 30 гаруй боть, дөч гаруй товхимол, эрдэм шинжилгээний өгүүллэг гэвэл 140-өөд, бусад сонин хэвлэлд бичсэн барьсан юм гэвэл тоо гаргах, багцаалахын аргагүй тэр чигээрээ Монгол төр, шинжлэх ухааны “Сурах бичиг” байлаа. “Би чинь хувийн дэг гэж айхтар юманд захирагдаж явдаг хүн. Нэгдүгээрт эрт босох.Өглөөний 4, 5 гээд сэрчихдэг. Сэрсэн хэрнээ хий дэмий хэвтээд байдаггүй. Юухан хээхэн хийгээд, бичиг цаастайгаа зууралдана. Дараагийн зүйл бол юмыг заавал бодох. Бод гэдэг даалгавар бол миний ээжийн даалгавар, гэр бүлийн даалгавар, мөн төрийн ажлын даалгавар байсан. Хонинд явсан ч хаагуур хариулах уу, яах уу ийх үү гэж боддог байсан. Урьдаар сайн бодож байж шийдээ гаргадаг. Шийд гарсны дараа бол буруу зөв нь хамаагүй, түүгээрээ л явна. Гурав дахь нь буруу юмнаас зайдуу байж цээрлэж, жигшсэн бол түүнээ зайлшгүй хадгал гэсэн зарчим. Архи, тамхи, элдэв бусын хараал хэрүүл, хүнтэй муудалцах гээд тэр бүгдийг би дэмий гэж үздэг. Мөн их идэж болохгүй. Энэ нь цадтал идээд залхуурч болохгүй гэдэг ойлголт биш. Ерөөсөө ходоод гэдсээ мөнхөд өлмөн зэлмэн байлгах гэдэг утга. За тэгээд маш их явган явах хэрэгтэй гэж үзнэ. Чи бол хонь хариулж явган явж сурсан хүн, энэ хөдөлгөөнийг хэзээд ч алдаж болохгүй гэдэг шийдлийг хэвшил болгосон. Би өглөө оройдоо байшингаа явган тойрдог. Таягтай таяггүй хамаагүй явна” гэж амьдралынхаа философийг хэлсэн.

Улс орныг удирдаж, хүнийг захирч байгаа хүн өөрөө юм мэддэг байх ёстой. Өөрөө маш өндөр боловсролтой юм мэддэг байж хүнийг удирдана. Юм мэдэхгүй, хуучин мэдлэгт дулдуйдсан, аманд байгаа зүйлээрээ хүнийг удирдаж болохгүй. Өөрөө маш их ажилсаг байж бусдад үлгэр дуурайл үзүүлнэ. Төрийн хүний хэлсэн үг хийж байгаа ажил нь ноён нуруутай байх ёстой. Хүн чанарыг бүрэн хадгалж чадсан байх ёстой. Хэлсэн үг, хийсэн зүйлдээ эзэн байх ёстой. Тэр зүйл нь улс орны хөгжилд нэмэр болох тухай яригдахаас биш хувь хүний өөрийнх нь юм болж үнэлэгдэх ёсгүй гэдэг зарчмыг тэр хатуу барьдаг, чухамхүү ухамсарт амьдралынхаа мөрдлөг болгосон нь туулсан замналаас нь илхэн харагддаг байв. Намын төв хороог олон жил удирдаж, Монгол төрийн жолоог атгалцаж явсан түүнд хувийн шунал, хувийн амбиц гэж байгаагүй юм уу даа гэх бодол төрдөг. Манайхны үг ч байдаг даа. Хуучны хүмүүст шунал байгаагүй гэж.

Балхаажав гуай гэхэд л өөрийнх нь өчсөнөөр бичгийн нэг хар машинтай, улсынх байсан учир эргүүлээд тушаасан. Хувьдаа унах машингүй, зуслангийн байшингүй, хадгаламж гэж байхгүй, илүү орон сууц элдэв шалдав юм байхгүй, ерөөсөө л хийх ёстой ажлаа хийж, үүрэх ёстой ачаагаа үүрч, улс орныхоо төлөө зүтгээд албаа өгсөн ийм л хүн. Ямар сайндаа 07 га газраа хүртэл төрөөс олж авч чадаагүй. Ар гүнтэд нэг газар өгнө л гэж дуулдсан. Өнөөг хүртэл чимээгүй байна. Би ч хөөцөлдөж энээ тэрээ болохгүй юм, манай хүүхдүүд ч тийм зүйлд сонирхол муутай намайг дуурайсан хүмүүс юм гэж нэгэнтээ хэлж байхав. Цэрэнпилийн Балхаажав хэмээх ийм л ухаант буурлаас үгийг нь сонсож, ном бүтээлийг нь гардаж, мэндтэй устай явсандаа бага балчир би баярладаг. Улс орны алтан хувь заяаг атгалцаж явсан түүхэн хүмүүний гавьяаг бахархан дурсах нь хойч үе бидний үүрэг мөн гэж бодном.

 

Categories
гадаад мэдээ

ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авна DNN.mn

Цахимаар болсон G7-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Фумио Кишида “Япон улс Украинд ОХУ-аас явуулж буй дайн үргэлжилж байгаатай холбогдуулан Оросын иргэд, байгууллагуудад нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэж мэдэгдэв.

“NHK World” сувгийн мэдээлснээр, Японы ерөнхий сайд тулалдааны талбарт байдал хүндэрч, байлдааны ажиллагаа сунжирч байгаа тул одоо ардчиллыг дэмжигчид Украинтай эв нэгдлээ илэрхийлэх цаг болоод байна.

Иймээс Украиныг дэмжих асуудал энэ онд түүний кабинетийн тэргүүлэх чиглэлийн нэг хэвээр байх болно гэж хэлсэн хэмээн мэдээлэв.

Онлайн уулзалтын эхнээс G7-ын удирдагчид Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн илтгэлийг сонсож, санал солилцсон байна. Энэхүү уулзалтын дарааG7-ийн удирдагчид мэдэгдэл гаргаж “Бид Украины ард түмний ирээдүйн төлөөх тэмцэлд ялалтыг нь баталгаажуулж, иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтооход тусалж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэжээ.

Тэд ОХУ-ын орлогыг, тэр дундаа эрчим хүчний худалдаанаас олж буй орлогыг бууруулах арга хэмжээ авах, мөн ОХУ-ыг санхүүгийн хувьд дэмждэг гуравдагч орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах болно гэж амласан байна.

ОХУ Украинд өргөн хэмжээний дайн эхлүүлсний хоёр жилийн ойг тохиолдуулан Европын Холбоо, АНУ, Их Британи Оросын эсрэг нэмэлт арга хэмжээ аваад байгаа бөгөөд Япон улс ч ийм арга хэмжээ авна гэдгээ ийнхүү нийтэд ил тод мэдэгдэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Алтны илэрцтэй 38 шуудай чулууг эд мөрийн баримтаар хураан авчээ DNN.mn

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хоёр удаагийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад иргэн Г.З нь бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдаж, ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг илрүүлж, алтны илэрцтэй 38 шуудай чулууг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.

Categories
мэдээ нийгэм

Дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр газрыг төсөл хэлбэрээр худалдана DNN.mn

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн, нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, тусгасан.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Богдхан уулын хилийн цэстэй холбоотойгоор үүсэж байсан маргааныг БОАЖЯ-тай эцэслэн шийдвэрлэж, тодорхой хэмжээний газрыг нийслэлийн эрх хэмжээнд шилжүүлэн шийдвэрлэж байгаа. Түүнчлэн 2003 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Үүнээс хамгийн багадаа 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Газрын эрхтэй холбоотой дээрх судалгааг нарийвчлан тооцоолж, судалж чадвал илүү их орлого төвлөрүүлэх боломжтой.

Өмнө нь газрыг төсөл болгож ашиглуулалгүй шууд эзэмших, ашиглах эрхийг олгодог байсан. Үүнээс улбаалан газрын наймаа дэлгэрсэн гэхэд буруудахгүй. Ийм алдааг дахин давталгүйгээр шинэ дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр төсөл хэлбэрээр зарахаар төлөвлөж байна” хэмээн онцолсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа DNN.mn

2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна.

Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр эхэлсэн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18.00 цагт дуусна.

Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаар буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авах юм.

2024 оны элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар махны нийлүүлэлтийн талаарх асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар,

  • “Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Махны нийлүүлэлтийн талаар
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
  • Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар,
  • “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай”  Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай,
  • “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”
  • Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудлын талаар зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

852 ширхэг хуурамч архи хураан авчээ DNN.mn

Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газартай хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Тухайлбал, энэ оны 1, 2 дугаар сард хүнсний бөөний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,  согтууруулах ундааг гар дээрээс борлуулсан, 21 насанд хүрээгүй хүнд зарсан, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундаа худалдсан 27 зөрчил илрүүлжээ. Үүнээс 22 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, зөрчил гаргагчийг 500.000-аас 5 сая хүртэл төгрөгөөр торгосон бол гэмт хэргийн шинжтэй 5 зөрчлийг эрүүгийн журмаар шалгуулахаар болсон байна.

Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй “Jack daniels”, “Jim Beam”,  “Ballentines”, “Wild Turkey”, “Jagermeicter”, “Chivas regal”, “Johnnie Walker”, “Jameson”, “Armenia”,  “Martini”, “Balleys”, “Чанар” зэрэг 852 ширхэг согтууруулах ундааг хураан авч, журмын дагуу шийдвэрлэжээ.