Categories
мэдээ нийгэм

Н.Мөнхбат, Ч.Отгочулуу нарын давж заалдах шатны шүүх хурал болно DNN.mn

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Н.Мөнхбатад 4 жилЧ, .Отгочулууд 2 жилийн хорих ял оноосон билээ.

Тэгвэл тэд давж заалдсан. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Цэндбаатар мэргэжлийн бокст ес дараалан яллаа DNN.mn

Мэргэжлийн бокст хүч сорьж буй Э.Цэндбаатар PROBOX холбооны ээлжит тулаанаа хийлээ. Түүний мэргэжлийн дэвжээн дээрх ес дэх тулааны өрсөлдөгч нь гвиней гаралтай канад боксчин Мохамед Соумаоро байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобус баазуудыг нэгтгэнэ DNN.mn

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, баталлаа.

2023-2024 онд улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хот их багтаамжтай, дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, бага оврын 50 автобусыг худалдан авах ажлыг эхлүүлсэн. Шинээр худалдан авч буй их багтаамжтай дизель 600 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудад төлбөртэйгээр ашиглуулна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Морингийн даваа, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Тахилтад автобусны дулаан зогсоол, хөдөлгөөний удирдлагын төв, засвар үйлчилгээний төв, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий хоёр цогцолбор төвийг тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор хүний нөөц, автобааз, барилга байгууламж, техникийн хүчин чадлыг оновчтой хуваарилан зохион байгуулах шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс Зорчигч тээврийн нэгтгэл, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-уудыг өөрчлөн зохион байгуулж, гурван ОНӨААТҮГ болгохоор НИТХ-аас шийдвэрлэлээ.

Тодруулбал,

-Автобус нэг ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр бааз, “Тэнүүн огоо” ХХК-ийн нэгдүгээр баазуудыг нэгтгэх,

-Автобус хоёр ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг ашиглах,

-Автобус гурав ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн дөрөвдүгээр бааз, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ийн шинээр баригдаж буй баазуудыг нэгтгэх,

-Автобус дөрөв ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн хоёр, гуравдугаар баазыг нэгтгэх

-Автобус тав ОНӨААТҮГ-т Морингийн даваанд баригдаж буй шинэ баазыг нэгтгэхээр хэлэлцэн баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын гурав хоногт нийт нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ

Ойрын гурав хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -38…-43 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -31…-36 градус, Их нууруудын хотгор, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -27…-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор -18…-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33…-35 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: Бид өмнө олгосон газрыг цуцлах үйл ажиллагааг л маш сайн хийж байна DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Нийслэлийн газрын наймаа, замбараагүй газар олголт үе, үеийн БОАЖ-ын сайдтай холбоотой гэж нийслэлийн Засаг дарга саяхан мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолоор Богд хан уулын дархан цаазат газрын хил, заагийг тогтоож өгсөн. Нийслэлтэй энэ огт хамаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт газрууд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагддаг. Харин нийслэл тусдаа. Өнгөрсөн 2011 онд тухайн үеийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга, БОАЖ-ын сайд нар дээр хэлсэн УИХ-ын тогтоолоор тогтоосон Богд хан уулын дархан цаазат газрын хил, заагийг өөрчлөөд газар олголт хийж эхэлсэн байдаг.

-Яг аль орчмын газрууд вэ?

-Нисэх, Яармаг тал руугаа их. Нэг ёсондоо УИХ-аас гаргасан тогтоолыг зөрчсөн. БОАЖЯ, нийслэл, БХБЯ-наас 2011-2023 оны хооронд давхацсан газар олголт их явсан нь үүнтэй холбоотой. Тийм ч болохоор тухайн тогтоолыг өөрчилж, газрын хил, заагийг өөрчилсөн албан тушаалтнууд дээр хууль хяналтын байгууллагынхан хэрэг үүсгээд явж байгаа юм билээ. Ноднин жил БОАЖЯ, НЗДТГ, БХБЯ хамтарсан уулзалт хийсэн. Тус уулзалтаар 1995 оны энэ тогтоолыг хэрэгжүүлэх, манай яам нийслэлийн буюу тусгай хамгаалалтад байгаагүй газарт өөрийн харьяа гэдэг нэрээр газар олголт хийснийг цуцлахаар болсон. Мөн ноднингийн нэгдүгээр сарын 29-нд 1995 оны УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангахыг манай яаманд даалгасан БОХХАА-н байнгын хорооны тогтоол гарсан. Ингээд ажлын хэсэг байгуулагдаад ажилласан. Улмаар тавдугаар сард хил, заагийг тухайн тогтоолд нийцүүлэх шийдвэр гаргаад тухайн үед авсан 80 орчим газар дээр сонсох үйл ажиллагаа хийгээд цуцлахаар болсон. Гэхдээ тухайн албан тушаалтны буруутай үйлдэл учраас иргэн, аж ахуйн нэгжүүдийг хохироохгүй байх асуудлыг манай яам хөндөж оруулсан. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж байгаа энэ цаг үед бид бүх зүйлийг буцааж эмх цэгцэнд нь оруулах ажлыг хийж байна. Тийм болохоор газар олголттой холбоотой бүх ажлыг цахимжуулсан. Мөн ноднин жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулиар газар олголтыг зөвхөн сонгон шалгаруулалтаар хийхээр болсон. Тиймээс манай яам өнөөдрийг хүртэл нэг ч газар олгоогүй. Одоо бид зөвхөн цуцлах, хязгаарлалтын бүсээс хамгаалалтын бүсэд нэмж авах ажлуудыг хийж байна. Мөн ноднин их хэмжээний үер болсон учраас Богд хан уулаас гарч байгаа усны зам дээр олгосон бүх газрыг цуцалж байна. Цуцлах үйл ажиллагааг л бид маш сайн хийж байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 10 сая орчим метр квадрат газрыг цуцалсан.

-Газрыг нь цуцалсан иргэн, аж ахуйн нэгжид өөр газар олгох, нөхөн төлбөр өгч байгаа юу?

-Хуулиараа сонсох ажиллагаа хийгдээд, түүний хүрээнд УИХ, Байнгын хорооны тогтоолын дагуу бүгдэд нь мэдэгдэж байгаа. Зөвшөөрч байвал газраа дүйцүүлэн авч болно. Харин авахгүй, шүүхдэнэ гэвэл өөрсдийнх нь эрхийг нээлттэй үлдээсэн. Иргэн, аж ахуйн нэгжүүд аль болох хохирохгүй байх ёстой. Гэхдээ тусгай хамгаалалттай газар нутаг хуулийнхаа дагуу ямар нэгэн зөрчилгүй байх ёстой.

-УИХ-ын 1995 оны тогтоолоор хил, заагт нь Зайсангийн ам, Нүхт зэрэг газрууд ордог уу?

-Бүгд орно. Нисэх-Яармагийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийг 2013 онд НИТХ-аас баталсан. Дараа жил нь дэд бүтэц татах зөвшөөрөл олгож, 2015 онд хоёр давхраас дээш давхар барилга барьж болохгүй гэсэн стандартыг нь аваад хаячихсан. Тэгээд л өндөр, өндөр барилгууд барьж эхэлсэн. Анх 2011 онд хил, заагийг нь өөрчилж байгаад л энэ бүхнийг эхлүүлсэн байдаг.

-Таныг Хөвсгөл нуурын урд эрэг, Алагцар орчимд прокуроруудад газар олгосон гэдэг асуудал 2022 онд гарч байсан. Энэ чухам юу болсон юм бэ?

-Ноднин бол огт газар олгоогүй. Харин 2022 онд 12 иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон. Энэ дотор тухайн орон нутагтаа амьдарч байгаа 10 иргэн бий. Мөн нэг аж ахуйн нгэжид өгсөн бол нөгөө нь таны ярьж байгаа асуудал. Үндсэн хуульд ялгаварлан гадуурхахгүй байхыг зааж өгсөн. Тийм ч болохоор тэр, энэ байна гэхгүйгээр тухайн байгууллагуудаас ирсэн хүсэлтийг үндэслээд боломжтой гэсэн тохиолдолд газар олгодог. Би сайдаар томилогдсоноосоо хойш АТГ-ын комиссарыг яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартаа шилжүүлэн ажиллуулсан. Түүнээс өмнө чухам юу байсныг мэдэхгүй. Гэхдээ яамнаас газар олгодог. Түүн дээр нь авлига их яригддаг. Нэмээд шонхор, ховор ан агнуур, ургамал, байгаль орчны үнэлгээ, менежмэнтийн төлөвлөгөөнүүд гээд маш олон асуудал байсан. Харин бид эдгээрийг цогцоор нь шийдсэн. Өнөөдөр газар олголт зогссон. Шонхорын асуудлыг Ерөнхийлөгчийн тамгын газарт, ан агнуур, ургамал, самрыг аймгуудад нь шилжүүлсэн. Самрын ард маш их асуудал яригддаг, авлига их явдаг юм билээ. Ан агнуурыг дуудлага худалдааны зарчимд шилжүүлсэн. Ингэхээр ямар ч авлига байх боломжгүй. Засгийн газраас ноднин жилийг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Бид шат дараатай ажлуудыг хийж байгаа. Авлигын үндсэн нөхцөл, суурийг тасдах ёстой. Түүнээс биш хэдэн авлигчийг барьж хорихоос илүү авлига үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Засгийн газраас аялал жуулчлал дээр нэлээд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Харин энэ жилийн өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагаануудыг зудаас үүдэн болиулах, хойшлуулах тухай яриа гарсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Бид зудтай тэмцэхийн тулд мөнгө, санхүүжилт хэрэгтэй. Нэг хэсэг газар зудтай байлаа гээд нөгөө хэсгийн хүмүүс орлогогүй болж болохгүй. “Хөх сувд” мөсний баяраас хамгийн их орлого олдог нь нутгийн иргэд байдаг. Тийм болохоор бид бүх арга хэмжээг хийдгээр нь хийнэ. Ингэж байж иргэдийнхээ олдог орлогыг таслахгүй байж чадна. Засгийн газар эдгээр арга хэмжээг цуцалчих шиг амархан зүйл байхгүй. Гэхдээ ингэвэл эцсийн дүндээ ард иргэд, аж ахуйн нэгжүүд л хохирно.

-Манай эдийн засаг дан ганц уул уурхайгаас хараат байдаг. Харин эдийн засгаа солонгоруулна гэж их олон жил ярьсан. Тэгвэл аялал жуулчлал уул уурхайн төсвийг бүрдүүлдэг дараагийн гол салбар болох боломж байна уу?

-Бид онгон дагшин байгалиа, зэрлэг амьтнаа, нэн ховор ургамал, байгалийн сайхан тогтоцоо сайтар хамгаалж чадвал энэ бол шавхагдашгүй баялаг. Магадгүй манайх шиг нэг дор жилийн дөрвөн улирлыг үзэж чаддаг орон хэд байгаа вэ. Дэлхийд хөндөгдөөгүй үлдсэн сэрүүн хээрийн бүс нь Канад, манайх хоёр л байна. Тиймээс Засгийн газраас ирээдүйд олох орлого маань хаанаас вэ гэдгээ тодорхойлж байгаа. Ноднин жил аялал жуулчлал тэрбум ам.доллар давсан орлого олсон салбар анх удаа боллоо. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хийгдсэн ажил. Засгийн газар тэр чигээрээ ажиллаж байна. Визээс чөлөөлөх ажил, цахимжилт маш сайн явагдаж байна. Аялал жуулчлалын компаниуд маань хичээж байгаа. Цаашдаа уул уурхай мэдээж байж л таарна. Гэхдээ ухдагаас илүү ургуулдаг аялал жуулчлалын салбарыг илүү хөгжүүлснээр доллар оруулж ирэх боломж тэр хэрээр нэмэгдэнэ. Египет улс зөвхөн прамидуудаараа жилийн 10 сая жуулчин, 30 тэрбум ам.доллар олж байна. Харин манайх нүүдэлчин ард түмэн учраас эртний хаадуудын маань орд харш, байшин барилга тэр бүр үлдсэнгүй. Би өөрөө түүхч хүн. Оюутан байхдаа Хархорум хотын туурь дээр очиж археологийн чиглэлээр ажилладаг байсан. Тэгж байхдаа Хархорум хотын дөрвөн замын уулзвар, Өгөдэй хааны ордны туурь, гантиг багануудыг малтлагаар гаргасан. Харамсалтай нь дараа жил нь очиход нөгөө гантиг баганууд айлын хашаанд түлээ хагалдаг суурь болчихсон байсан. Тийм болохоор Соёлын яамтайгаа хамтраад бид түүхийн дурсгалт эд өлгийн зүйлсийг маш сайн хамгаалах ажлуудыг хийж байна.

-Засаг төрөөс нь аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд зүтгээд байна. Гэтэл аялагчдад хамгийн таагүй сэтгэгдэл төрүүлдэг нь зочид буудал, жуулчны баазуудын үйлчилгээ, харилцаа хандлага байдаг. Тиймээс тэднийг хөгжүүлэх тал дээр салбар яамнаас ямар ажлууд хийж байна вэ?

-Дэлхий нийтэд аялал жуулчлалын бүс гэж бий. Тайландын Пүкэт, Вьеатнамын Фукуок, Сингапур, Дубай зэрэг чинь аялал жуулчлалын бүс. Харин тэр бүсээс нь гараад орон нутгийн иргэдийн амьдардаг газар очвол манайхаас дор орчнууд ч бий. Манай улсад аялал жуулчлалын бүс огт алга. Нийт газар нутгаараа нэг бүс болчихоод байна. Тийм болохоор ийм том бүсэд бие засах газар, кочлох үйлчилгээний асуудлыг шийдэх боломжгүй. Тэгээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дотор улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсийг хуульчилж өгсөн. Ингээд хуулийг нь, 110 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл, бодлогыг нь гаргаад өгчихсөн учраас үүнийг иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдөө хийх ёстой. Бид одоо асгах бодлого явуулж байгаа. Манай улс ноднин жил түүхэндээ анх удаа 651.061 жуулчин авсан. Үүнээс илүү яагаад авч чадсангүй вэ гэхээр бидэнд зочид буудал, кемпүүдийн хүртээмж алга. Улаанбаатар хот нэг өдрийн дотор 4000 жуулчин л хүлээж авах ортой. Жилийн турш өдөр бүр тултал аваад байхад л 1.2 сая орчим жуулчин авч чадна. Тиймээс бид байршуулах үйлчилгээгээ сайжруулж, орныхоо тоог нэмэгдүүлэх шаардлагатай.

-Ингэхийн тулд яах ёстой вэ?

-Жуулчин ирэхээс өмнө аж ахуйн нэгжүүд өөрсдөөсөө мөнгө гаргаад орныхоо тоог нэмэгдүүлэхгүй. Учир нь жуулчин ирэхгүй бол тухайн бизнес дампуурна. Тиймээс Засгийн газраас асгах бодлого барьсан. Гадны сурталчилгааг сайн хийсэн. Үүний хүрээнд ноднин жил Монгол Улсын тухай сурталчилгаа мэдээлэл 570 сая гаруй хүнд хүрсэн. Энэ дотроос дээр хэлсэн 651 мянган жуулчин ирсэн. Жуулчин авч байгаа газрууд 100 ортой бол тэр хэмжээндээ л авна. Харин 200 ортой болгоогүйгээс өдөр тутам 100 жуулчин алдаж байна гэсэн ойлголтыг аж ахуйн нэгжүүд аваад Засгийн газрыг хөнгөлөлттэй зээл гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

-Улсын аялал жуулчлалын бүс яг аль хэсгийг хамаарч байгаа вэ?

-Манай улсын нийт газар нутгийн 33.8 сая га талбай нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Гэхдээ тусгай хамгаалалтад ороогүй ч аялал жуулчлалын бүс нутаг болсон газрууд их бий. Бид яагаад аялал жуулчлалын улсын бүс байгуулах шаардлагатай вэ гэхээр тэнд гадны болон дотоодын хөрөнгө оруулалтын орох ёстой. Тэгж байж илүү хөгжинө. Гэхдээ аялал жуулчлалын салбарт тухайн шийдвэр, бодлогыг хэрэгжүүлэгч нь энэ төрлийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд байдаг юм. Тэдэнд итгэл үнэмшил төрсөн цагт энэ нь явна. Тийм ч болохоор Аялал жуулчлалын мэргэжлийн хараат бус холбоог анх удаа байгуулсан. Ингээд өнөөдөр (02.26) миний бие энэ холбоон дээрээ ирээд аялал жуулчлалд цаашдаа юу хийх хэрэгтэйг ярилцаж байна. орон нутгийн иргэд аялал жуулчлалаас хамгийн их ашиг хүртэгч нь байх ёстой. Гэтэл нийслэлээс очоод жуулчны бааз байгуулаад, нутгийн иргэддээ тэр бүр өгөөжгүй газрууд бий. Энэ бүхнийг цэгцэлж, шинээр газар олголтыг шийдэж, стандартыг сайжруулах хэрэгтэй. Үүнийг Засгийн газар хийнэ.

-“Нэг жуулчин-нэг хонь” гэсэн хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлэхээр болсон юм бэ?

-Малчны орлого өнөөдөр мал гэсэн ганцхан суваг дээр байна. Гэхдээ малаа төхөөрч, эсвэл зарж байж л орлогоо олж байгаа. Мэдээж ноос, ноолуур, цагаан идээ гээд бий. Даанч тийм их биш. Тэгэхээр хонь нь амьсгалж байхдаа малчиндаа орлого оруулдаг байж яагаад болохгүй гэж. Гадаадын олон зуун сая хүн өнөөдөр өөрийн гэсэн амьтангүй. Солонгос улсад өнөөдөр 10 сая өрх нохой тэжээж байна. Тэр хүмүүс заавал дэргэд нь байхгүйгээр өөрийн гэсэн амьтантай, малтай байх гэсэн хүсэл сонирхол байна. Түүнд нь түшиглээд бид малчинд орлого оруулж болно. Хэрэв малчин орлоготой болчихвол заавал 1000 хоньтой байх шаардлагагүй.

-Аялал жуулчлалд үнэхээр анхаарч байгаа. Гэтэл байгаль орчны салбар нь жаахан орхигдоод байна уу гэсэн яриа ч байна. Сүүлийн жилүүдэд байгаль орчин талдаа ямар, ямар ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ?

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эвдэгдэж орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ гэж оруулсан. Бид өнөөдрийн байдлаар 12353 га газрыг нөхөн сэргээгээд байна. Байгалийн дагалдах баялгийг бид үр өгөөжтэй байлгахын тулд дуудлага худалдаанд шилжүүлэхээс эхлээд нөхөрлөлийн зарчимд тулгуурлан хийгээд явж байгаа. Хуулиудад ч тодорхой өөрчлөлтүүд орсон. Усны төлбөрийг нэмэгдүүлснээр Булган аймаг жилдээ 16-18 тэрбум төгрөгийн орлого олдог болсон. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил орхигдсоноос үүдэн 735 мянган га талбай өртсөнөөс ноднин жилд бид 270 орчим мянган га талбайг нь ойн хөнөөлт шавжнаас салгасан. Ингэснээр нэг тэрбум орчим модыг аварч, хамгаалсан. Харин энэ онд 461 мянган га талбайг цэвэрлэнэ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж байна. Бид 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл 41.2 сая мод тарьж ургуулсан. Жилд 62 сая тарьц, суулгацтай, 12 тонн үрийн нөөцтэй болсон. Байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулж, 71 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар төвлөрүүлсэн. Байгаль хамгаалагчдын маань дундаж цалин 1.7-2.3 сая төгрөг болж, дөрвөн ээлжийн хувцас, унаатай боллоо. Гадаадын орнуудад туршлага судалж байна. БОАЖЯ-наас нойлын асуудлыг олон жил хөндсөн. Харин анх удаа ус цаг уурын өртөө харуулынхан маань дотроо бие засах газартай болсон гээд олон ажлууд байна. Нийтдээ 11 хөв цөөрөм байгуулсан. Энэ нь эргээд тухайн газар нутгийнхаа эко системд маш чухал зүйл. Энэ жил Ганга, Эрээн, Өгий нууруудыг сэргээх ажилд есөн тэрбум төгрөг тавьсан. Намайг ажил авч байхад нэг килограмм самарнаас олдог байсан орлогын 1.7-6.7 ам.доллар байсан. Харин бид 2022 онд 12 ам.доллар болгосон. Одоо ч энэ тоо өсч байгаа. Энэ мэтчилэн манай яам байгаль орчиноо, аялал жуулчлалаа ч орхилгүйгээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Өнгөрсөн онд 651.061 жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалдаг Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны энэ оны эхний хуралдаан өнөөдөр боллоо.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлан, бодлого арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Тухайлбал, 2023 онд жуулчдад зориулах эвент арга хэмжээний төлөвлөгөө болон санхүүжилтийг Засгийн газраас гаргаж 69 арга хэмжээ, үүнээс онцлох 23 хөтөлбөрийг дэмжин ажиллажээ. БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын жуулчдад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр гаргаж, аялал жуулчлалын салбарын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах гадаад сурталчилгаа маркетингийн цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр цахим орчинд манай орныг сонирхох хэрэглэгчдийн хандалт нэмэгдэж байна. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл аймагт “Хөх баавгай” хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутагт “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг эхлүүлэн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, буцаан олгох зэрэг ажил хэрэгжиж байна.
Монгол Улсыг 2024 онд гадаадад сурталчлах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Go MonGOlia” арга хэмжээг зорилтот орнуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ удаагийн Үндэсний хорооны хурлаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлж тухай бүр Үндэсний хороо болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх чиг үүрэг бүхий  Ажлын алба байгуулж, Монголд ирсэн жуулчдын ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжих шийдвэрүүдийг гаргалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсад хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2302 иргэн байна DNN.mn

Дөрвөн жилд нэг удаа тохиодог өндөр жил буюу хоёрдугаар сарын 29-н өнөөдөр тохиож байна.

Манай улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,302 иргэн байна гэдгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Тус өдөр мэндэлсэн иргэдийн 1,143 нь Улаанбаатар хотод байгаа бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 93 хүн амьдарч байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Намуудын жагсаалтад орох ханш дөрвөн тэрбум төгрөг гэв үү DNN.mn

УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Энэ жилийн сонгууль бүх талаараа өөр арга барилаар явагдана. Учир нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг төрийг төвхнүүлэх эрх зүйн систем бүхэлдээ өөрчлөгдсөн. Юун түрүүнд УИХ-ын 126 гишүүнийг иргэд, улс төрийн намууд гаргаж ирнэ. Ингэхдээ 76 гишүүнийг нь тойргоос ард түмэн сонгоно. Харин улс төрийн намууд үлдсэн 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргачлалаар гаргаад ирнэ.

Гол нь сонгууль яаж явагдах вэ. Тойргийн хувьд бүсчилсэн системээр гэж байгаа. Нэг бүсээс 3-10 хүн гарч ирэхээр хуульчилсан. Тэр утгаараа горилогчид аль хэдийнэ бүс бүс рүүгээ очиж, сонгогчдодоо таалагдах ажлаа эхлүүлчихсэн. Харин намын жагсаалтаар орох хүмүүсийн хувьд хамгийн чухал нь мөнгө болсон уу гэлтэй. Томсгосон тойрогт нэр дэвшиж ялахын тулд улстөрчдийн хувьд ч, намын хувьд ч асар их мөнгө, санхүүжилт босгох шаардлагатай. Тиймээс өмнөх шигээ 100, 500 сая төгрөг өгөөд намын жагсаалтад орно гэж горьдолтгүй ажээ. Намын жагсаалтын ханш зөвхөн өнөөдөр яригдаж байгаа шинэ сэдэв огт биш. Он гарахаас ч өмнө зарим улс төрийн намууд ханшаа тогтоогоод эхэлчихсэнийг мэдэхгүй хүн гэж байхгүй. Тухайлбал, ХҮН намын жагсаалтын хоёрт бичигдэх ханш зургаан тэрбум төгрөгөөс эхэлж байгааг улс төрийн хүрээнд ил тод ярих болж.

Тус намын хувьд энэ сонгуулиар УИХ-ын ганц суудлаа нэлээд өсгөх боломжтой гэдэг. Тэр утгаараа намын жагсаалтын 1-5-д бичигдэх ханш багадаа дөрвөн тэрбум төгрөг байхаар байна. УИХ-д нэг суудалтай ХҮН намын ханш ийм байхад нөгөө хоёр том намын хувьд ямар ханштай гэдэг нь тодорхой биз. Сонгуулиар манай нам хэд орчим хувийн санал авах уу, түүнийгээ хувь тэнцүүлсэн байдлаар бодоход намаасаа тэд орчим хүн УИХ-д суулгах нь гэдэг тооцооллоо энэ хоёр том нам хэдийнэ хийчихсэн байгаа.

Улс төрийн хүрээнд болон судлаачдын хэлж байгаагаар энэ сонгуульд МАН-ын жагсаалтын эхний 20-д бичигдсэн улстөрчдөд УИХ-д суух магадлал өндөр байгаа аж. Харин АН-ын хувьд 10 суудал. Бусад намуудын хувьд үлдсэн 18 суудлыг хувааж орж ирэх бололтой гэнэ. Тэгэхээр ХҮН намын жагсаалтын хоёрт бичигдэх ханш зургаан тэрбум юм бол МАН-ын хоёрт бичигдэх ханш 20-30 тэрбум байж мэдэх нь. Хоёроос хойшоо буюу 5-10 дугаар байр бол 10-15 тэрбум, 10-20 дугаар байрт бичигдэх бол 4-10 тэрбум гэх мэт жагсаалт нь 40 хүртлээ үнэ ханш нь өөр өөр байх бололтой. АН-ын хувьд жагсаалтын хоёрт бичигдэх ханш нь 15-20 тэрбум төгрөг гэх.

Мөн түүнээс хойш жагсаалтын тоо нэмэгдэх тусам үнэ ханш нь багасах эдийн засгийн тооцоолол харагдаж байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар улстөрчид намын жагсаалтад орох бол дундаж доод ханш дөрвөн тэрбум төгрөгөөс эхлэхээр байгаа юм. Улс төрийн хүрээнд яригдаж байгаа энэхүү ханшийн мэдээлэл үнэн бол 4-10 тэрбум төгрөгтэй байхад л аль нэг улс төрийн намын жагсаалтын эхний 10-т бичигдэх боломжтой ажээ.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч О.Батхүү: Уурхайчдын илүү цаг ажиллаад ахиу цалин авах боломжийг нь Монголын Үйлдвэрчний эвлэл хуулиар хаасан DNN.mn

Уурхайчдын цалин хөлс буурч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуультай хамаатай эсэх асуудлаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Оюу толгой компани ажилчдынхаа цалинг 30 орчим хувь бууруулсан талаарх мэдээллийг ажилчид нь өгсөн. Таны хувьд энэ асуудлыг компани бус Хөдөлмөрийн хуультай холбоотой гэж жиргэсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Оюу толгой дээр юу болсныг би сайн мэдэхгүй. Харин миний санаж байгаагаар жил гаруйн өмнө Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт орсон юм. Өөрчлөлт орохдоо ростер буюу цагийн хуваарийг өөрчилсөн. Хуучин 14 хоног ажиллаад долоо хоног амардаг хуваариар явдаг байлаа шүү дээ. Эсвэл 10/20 ч юм уу. Гэтэл шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар уг хуваарийг 14/14 болгочихсон байхгүй юу.

-Ажиллах, амрах өдрийг тэнцүү болгосон гэсэн үг үү. Ингэхээр ямар асуудал үүсч байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, хүн ажил хийсэн цагаараа цалингаа бодуулж авдаг. Ямар ч газар тийм. Хийснээрээ хөлсөө авах зарчимтай. Ажил хийгээгүй бол цалин бодогдохгүй шүү дээ. Тэгэхээр хуучин нэг хүн 21 хоног ажиллаад долоо хоног амардаг байсан бол одоо хуулиараа 14 хоног ажиллаад 14 хоног амарч байна. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна гэхээр ажиллаж байгаа өдөр нь бага учир түүнийг дагаад цалин нь бууж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, бага цаг ажилласан гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр 14/14 болсноороо тухайн компани ээлжээ нөхөхийн тулд дахин нэг ээлж нэмж авах шаардлагатай болно. Хоёр ээлжтэй байсан компаниуд ээлжээ гурав болгоно. Гуравтай байсан нь дөрөв болгоно гэх мэт.

-Тухайн үед энэхүү асуудлыг компаниуд ярьдаг байсан биз дээ?

-Та санаж байгаа бол тухайн үед Монполиметийнхэн асуудал үүсгэж байсан. МАК ч ярьж байсан. Юу гэхээр хөдөө гадаа байдаг том уурхайнууд хүн хүчний асуудал хомсдож эхэлсэн. Ингээд хүнээ нэмж авахын тулд цалингаа өсгөхөөр жижиг уурхайнуудад ажиллаж байсан хүмүүс том уурхай руугаа орчихдог. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд энэхүү ростерыг 14/14 болгох ажлыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо маш идэвхтэй хийсэн. Тухайн үед уг хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байсан. Тэр үед ҮЭХ талбай дээр гарч жагсаал хийж, 14/14 болгохыг хүчтэй шаардаж байсан шүү дээ. Бүр ажлын хэсгийн гишүүд рүү мессэж бичиж, сүүлдээ орж уулзаж байсан.

Хөдөө орон нутагт олон цагаар ажиллаж байгаа хүмүүсийн ар гэр, нийгмийн хэрэгцээ хүнд байдалтай байна. Тиймээс 14/14 болгох шаардлагатай гэдгийг тухайн үед ҮЭХ хэлж байсан. Ингээд ажлын хэсгийн ахлагч гишүүн Ц.Мөнх-Оргил нарын хүмүүс тус шаардлагыг хүлээн авч болно гэдгээ хэлсэн. Гэхдээ нэг зүйлийг тухайн үед онцгой анхааруулж хэлж байсан. Тэр нь ростерыг 14/14 болгочихоор уурхайн ажилчдын цалин хөлс шууд багасна гэдгийг хэлсэн. Хариуд нь ҮЭХ уг асуудлыг маш сайн ойлгож байгаагаа хэлж байсан юм. Тэгээд л Хөдөлмөрийн тухай хуульд сүүлийн 20 гаруй жил орж байгаагүй том өөрчлөлт орсон санагдаж байна.

-Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулиас болж уурхайчдын цалин хөлс багассан гэсэн үг үү. Хуульд уг асуудлыг яаж тусгаж өгөх байсан юм бэ?

-Манай улсын хувьд уг асуудлыг угтаа нээлттэй орхичихсон бол зүгээр байх байлаа. Өөрөөр хэлбэл, 14/14-өөрөө ажиллуулах нь ажиллуулаад, бололцоогүй зарим нь 21/7-гоороо явна гээд нээлттэй заагаад өгчих ёстой байсан. Уурхайчдын цалин багасаад ирэхээр хэвлэлийн хурал хийж харагдсан. Тэгэхээр аль нэг компани цалингаа буулгалаа гэхээс илүү цалин буурах эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж хуульд ийм заалт оруулахыг хүчээр тулгасан газар бол Монголын үйлдвэрчний эвлэл. Үйлдвэрчний эвлэл бол цалин нэмэх асуудлаар л тэмцдэг болохоос биш буурах эрсдэлтэйг нь мэдсэн атлаа хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан.

-Тэгэхээр компанийн хувьд шинэ хуулиа л барьж ажилласан гэсэн үг үү?

-Миний хувьд аль нэг компанийн асуудлыг огт мэдэхгүй шүү. Ажилчдын хэвлэлийн хурлыг харж байхад цалин нь 25-30 хувь буурсан гэдгээ хэлж байсан. Мэдээж бага хугацаанд ажиллаж байгаа болохоор бага л цалин авна шүү дээ. Олон хоног ажиллавал төдий чинээ их цалин авна. Ингээд жилд 240 хоног ажилладаг байсан хүмүүс 180 хоног ажилладаг болно. Ажиллах хоног нь 1/3-ээр буурахаар авдаг цалин нь 30 хувиар буурч таарна. Гэхдээ манай үйлдвэр, уурхайд ажиллаж байгаа хүмүүс хоёр хуваагддаг юм билээ. Зарим нь 14/14 болгож хуульчилсан нь зөв гэдэг. Зарим нь зээлтэй болохоороо илүү цаг ажиллаад ахиу цалин авсан нь зүгээр. Гэтэл урт цагаар ажиллах боломжийг хуулиар хязгаарлачихлаа гэдэг.

-Хуульч хүнийхээ хувьд уг асуудлыг хэрхэн шийдэх нь зүйтэй гэж харж байна. Хуулийн заалтыг нь таны хэлснээр нээлттэй болгочих хэрэгтэй юү?

-Мэдээж хуулийн заалтаа эргэж харах ёстой. Учир нь аж ахуйн нэгж, иргэн хоёрт төр сонголтыг нь өгдөг байх хэрэгтэй. Жишээлбэл, манайх жижиг уурхайтай байлаа гэж бодоход 14/7 хоногийн ростероор хүнээ ажиллуулмаар байна. Учир нь цөөхөн хүн ажиллуулаад илүү цалин өгдөг болно. Гэтэл Оюу толгой, Эрдэнэт, Таван толгой гэх мэт санхүүгийн хувьд бие даачихсан энэ том компаниуд ажилчдадаа бодоод 14/14 хоногийн ростероор явна. Тэгэхээр энэ сонголтыг хуулиараа ажил олгогч болон ажилчдад нь өгчих ёстой байсан. Гэтэл ажилчид болон ажил олгогчид хүссэнээрээ ажиллах байсныг ийнхүү хуулиар хатуу заагаад өгчихөж байгаа юм. Тэгэхээр эцсийн бүлэгтээ хүмүүсийн цалин буурах зохицуулалт л болчихож байгаа хэрэг.

-Уг зохицуулалт их энгийн, ойлгомжтой санагдах юм. Яагаад цалин буурна гэсэн эрсдэлийг тооцохгүйгээр УИХ баталчихсан юм бол?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөл явж байх үед Монголын үйлдвэрчний эвлэл хүчтэй тэмцэл хийсэн шүү дээ. Жагсаал, тэмцэл хийгээд байгаа болохоор УИХ-ын гишүүд шаардлагыг нь хүлээн аваад уг хуулийг өөрчилсөн. Угтаа манай улсын хувьд зарим ажил мэргэжил цаг улирлын шинжтэй байдаг. Барилга, уул уурхайн салбар тэр чигтээ улирлын чанартай явагддаг. Тэр утгаараа дулааны улиралд ахиу цаг ажиллаж байгаад овоо хэдэн төгрөг хураачихъя, тэгээд өвөл хүйтрэхээр сайхан амарчихна даа гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг. Гэтэл энэ боломжийг нь хуулиар хаачихаж байгаа юм. Илүү цаг ажиллаад ахиу цалин авах боломжийг нь Үйлдвэрчний эвлэл хуулиар хаасан. Одоо жилийн хагаст нь уурхай ажиллаж байна. Энэ хугацааных нь дахиад талд нь хүн ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр ямар л олигтой цалин авах билээ дээ. Цаашид энэхүү асуудлыг эрх зүйн хувьд өөрчлөх, иргэн, аж ахуйн нэгжид нь боломж, сонголтыг нь нээлттэй болгох шаардлагатай.

Э.МӨНХ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 29, Бархасбадь гариг. Билгийн тооллын 20, Салхины эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 07:34 цагт мандаж 18:35 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.