Categories
мэдээ нийгэм цаг-үе

У.Тамир: “Харилцаа холбооны салбарын үсрэнгүй хөгжлийн түлхүүр “нууц” нь төрийн оролцоогүй, хараат бус зохицуулалттай байсных DNN.mn

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн хувьд мэдээлэл харилцаа холбооны салбарт үйлчилгээ үзүүлдэг, харилцаа холбооны технологийн дэвшилд гарц нээж буй тоглогчдын нэгдэл юм. Ингээд тус ассоциацийн Гүйцэтгэх захирал У.Тамиртай ярилцсанаа хүргэе.


-Дэлхий дахины хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь технологийн салбар болж хувирлаа.Тэгвэл энэ салбарын үндэс суурийг бүрдүүлж байгаа Монголын мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийн түвшин хаана явж байна вэ?

-Харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг 100 хүнд ноогдох хэрэг­лэгчийн тоогоор илэр­хийлдэг.Монгол улс энэ үзүүлэлтээрээ дэлхийн дундаж үзүүлэлтээс 27.2 нэгжээр өндөр байгаа.Монгол Улсын хэмжээнд 49 мянган км шилэн кабелийн сүлжээг байгуулсан.Тодруулбал 330 сум бүгд сүлжээнд холбогдсон, өндөр хурдны интернэтэд холбогдоод байна. Ингэснээр манай улсын хүн амын 99 хувь нь өндөр хурдны интернэтийг дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй  хямд  үнээр ашиглаж байна.

Өндөр хөгжилтэйд тооцогдож буй АНУ манайхтай ижил буюу 99 хувь, Шинэ Зеланд 95.9 хувь, Канад 93.8 хувьтай бий. Ингээд харьцуулаад харахад өргөн уудам нутагт тархан суурьшсан монголчууд бид харилцаа холбооны нэвтрэлт, түүний хэрэглээгээрээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэж яваа.Сүлжээ нэвтрэлтийн үзүү­лэлтээ­рээ ч дэлхийн дунджаас дээгүүрт орж байгаа. Бүх аймаг, сумдад 3G, 4G сүлжээг хүргэж, уг сүлжээгээр дамжсан дата 2020 оноос хойш гэхэд л 3.2 дахин өссөн байна. Монголчууд бид өөрсдөө мэддэггүй ч энэ бол маш чухал үзүүлэлт юм.Дэлхий нийтийн хөгжлөө дагаад энэ салбар сүүлийн 25 жилийн хугацаанд бусад салбараа бодвол бие даан, үсрэнгүй хөгжиж байгаа салбар гэдэг нь олон улсад ч хүлээн зөвшөөрөгдөж байгаа.

-Сүүлийн 25 жилийн хуга­цаанд манай улсад энэ салбар үсрэнгүй хөгжсөн гэлээ шүү дээ.Зарим тодорхой жишээнүүдийг дурдаж болох уу?

-Тухайлбал, үүрэн холбооны 4G LTE сүлжээг 2016 онд улс орон даяар амжилттай нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь улс болсон. Давхардсан тоогоор нийт 4.8 сая үүрэн холбооны хэрэглэгчдийн маань 70.5 хувь нь энэ технологийн үр шимийг хүртэж байна.Дээр дурдсанаар үндсэн суурь дэд бүтцийг бий болгосноор Монгол улсад сүүлийн жилүүдэд цахим шилжилт эрс эрчимжиж, төрийн үйлчилгээнд, нийгэм эдийн засгийн салбар бүрд технологийн дэвшлийг ашиглан хөгжлийг хурдасгах боломжийг бий болгож байна.Үүний зэрэгцээ иргэн бүрд үзүүлж буй үр нөлөөг нь харвал зүгээр л өнөөдөр гар утасгүйгээр, интернэтгүйгээр оршин байх боломжгүй болсон шүү дээ.

Жишээ нь: хөдөө орон нутагт малчид маань малын бэлчээр дээрээ видео дуудлага хийж, хот сууринд сурч байгаа хүүхэд  рүүгээ   интернэт банк ашиглан гүйлгээ хийж байна. Зарим цаг, зав мөнгө үрдэг байсан үйлчилгээг цахимаар хэдхэн минут секундэд авдаг болсон гэх мэт жишээ дурдвал олон.

Бид л мэдээлэл технологийн салбарын хөгжилтэй холбож харахгүй байгаагаас биш интернэт, сүлжээг даган олон боломж, ажлын байр, иргэдийн орлого нэмэгдэж буй жишээ олон бий.

Дэлхийн банкны судалгаагаар 4G технологи нэвтэрсэн улс орнуудад ядуурал 4.3 хувь хүртэл буурч  байгаа эерэг үзүүлэлт гарсан байсан.

Манай үүрэн холбооны оператор компаниуд 2022 оноос 5G технологийг нэвтрүүлэх туршилтыг хэрэгжүүлж, зарим хөрөнгө оруулалтуудаа хэдийнэ хийгээд байна. 3G технологийн үед бид гар утаснаасаа интернэт ашиглах, төрөл бүрийн контент үзэх боломжтой ч чанарын хувьд тааруухан байсан бол 4G технологи ашигласнаараа илүү өндөр чанартай видео контент үзэх, шууд бичлэг дамжуулах боломжийг хүртэж, өнөөдөр хүн бүрийн гар утасны үндсэн хэрэглээ болоод байна. Тэгвэл 5G технологийн дамжуулалтын илүү өндөр хурд, маш бага хоцрогдол нь хүн ба төхөөрөмжийн харилцаанаас гадна төхөөрөмж хоорондын мэдээлэл дамжуулдаг, төхөөрөмжийг бодит хугацаанд алсаас удирдах боломжийг авчирна.Ингээд бодохоор Монгол улсын харилцаа холбооны салбар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, одоогоор ийм хөгжлийн хурдыг зөвхөн манай салбарт мэдэрч байгаа гэдэгтэй санал нийлэх байх аа.

-Салбарын хурдацтай хөгжилд технологийн ком­паниудын  бүтээн байгуулалт, үүн дээр нэмэгдээд салбарын эрүүл тогтолцоо бас нөлөөлж байгаа байх?

-Манай улс харилцаа холбооны салбар зах зээлийн харилцаанд зөв, оновчтой шилжсэн гэж боддог.

Яг өнөөдрийн байдлаар мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар нь улс орны тэргүүлэх салбар мөн үү мөн.Гэхдээ энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд төрөөс ангид, цэвэр зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явж ирсэн нь дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх үндсэн шалтгаан болсон юм.Тодруулбал зах зээлийн харилцаанд шил­жих реформын бодлогын гол цөм нь төрийн бодлого болон зах зээлийн харилцааны зохи­цуулалтыгхооронд нь тусгаарлах байсан ба ингэснээрээ гадаадын болон хувийн хөрөнгө оруулалт, оролцоог бий болгож өрсөлдөөнийг нэвтрүүлэх замаар салбарыг либеральчилсан.Үүний дараа зах зээлийг үе шаттайгаар нээснээр үйлчилгээ эрхлэх хувийн хэвшлүүд нэмэгдэж, интернэт, интернэтэд суурилсан үйлчилгээнүүд нэвтэр­сэн. Төр нь бодлогын зорилго, зорилтууд, хүрсэн болон хүрэх үр дүнгээ тодорхойлж, харин зах зээлд тоглогчдын харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий зохи­цуулах бай­гууллага нь ажиллаж, зах зээлд төрийн өмчит болон хувийн хэвшлийн ААН-үүд яг ижил нөхцлөөр, ижил төрлийн лицензийн хүрээнд зах зээлд өрсөлдөх боломжийг олгосон юм.

Дэлхийн 150  гаруй улс орнууд яг энэ маягаар бие даасан зохи­цуулах байгууллагатай байдаг. Англи (Ofcom), Австралийн  (ACMA), Сингапурын (IMDA) гэх мэт олон олон зохицуулах байгууллагуудын жишгээр манай зохицуулах хороо ажилладаг.

Энэ салбарт компаниуд төрөөс ангид байснаар өөрсдийн зүгээс томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт  технологийг нэвтрүүлж, өрсөлдөөний үр дүнд үнэ тариф буурч, хэрэглэгчид нь дагаад өсөж, шинэ шинэ  хэрэглээг бий болгосоор байна. Үүний зэрэгцээ төрийн өмчит компаниуд нь яг ижил зах зээлд  хүчтэй хувийн хэвшилтэй өрсөлддөг тул бусад салбарын төрийн өмчит компаниудаас өөр хандлагатай, бизнес төвтэй компаниуд байдаг онцлогтой.  Түүхийн ийм үе шатуудын турш энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд харилцаа холбооны салбарын үсрэнгүй хөгжлийн түлхүүр “нууц” нь зах зээлийн харилцаанд төрийн оролцоог бага байлгаж, либералчлалыг зөв эхлүүлж хөгжүүлсэн хараат бус зохицуулалттай байсных гэж боддог.

-Тэгэхээр  харилцаа   холбооны зохи­цуулах байгууллага өөрөө их чухал институци юм байна. Гэхдээ яаж энэ тогтолцоогоо хадгалж явах вэ.Асуудлууд байдаг уу?

-Зохицуулах байгууллага нь төр биш юм.Хүмүүс  төрийн бай­гууллага гэж ихээхэн андуурдаг.

Зохицуулах байгуул­лагын үндсэн мөн чанар нь биз­нес эрхлэгчдэд чөлөөт өрсөлдөөн, хэрэг­лэгч­дэд өрсөл­дөөнөөс хүртэх үр шим, төрөөс тодорхойлсон хөгж­лийн зорилтыг хангах гэсэн гурван тулгуур эрх ашгийн огтлолцол дээрх төр, бизнес эрх­лэгчид болон хэрэг­лэгчдийн эрх ашгийн тэнцвэрийг хангахад оршдог.

Тэрээр зах зээлд тоглогчдын “үндсэн дүрэм”-ийг тодорхойлж, энэхүү “дүрэм” нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг хангаж чадах, үр ашигтай, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог.Үүний тулд зах зээлийн нөхцөл байдлыг тандаж, хаана ямар зохицуулалт хийх вэ гэдгээ тодорхойлж явдаг.Гэхдээ технологийн хөгжил, бизнесийн загваруудын өөрч­лөлттэй уялдуулж их эсвэл бага зохицуулагдах уу гэдэг нь тодорхойлогддог, өөрийн гэсэн зохицуулалтын арга хэрэгслийг ашиглаж маш уян хатан зохи­цуулалт хийгддэг.Тийм учраас ийм зохицуулалтыг төрөөс эсвэл хуулинд хатуу зааж зохицуулах боломжгүй байдаг.

Нэг жишээ дурдъя л даа.2014 онд сүлжээ хооронд дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх тухай нэмэлтийг“Харилцаа хол­бооны тухай хууль”-нд оруулсан боловч практикт хэрэгжээгүй.Учир нь зохицуулах байгууллага нь зах зээл, өрсөлдөөний нөхцөл байдлыг байнга тандан судалж, анализ хийж байдгийн хувьд ийм зохицуулалтыг либеральчлалын аль шатанд нэвтрүүлэх вэ гэдгийг тодорхойлох ёстой байдаг. Тухайн үед  дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх үе нь цаг хугацааны хувьд өнгөрчихсөн байсан. Энэ үйлчилгээ 2G үйл­чилгээний хувьд үр ашигтай байх магадлалтай байсан боловч 2014 онд манай улсад үүрэн холбооны 4G технологи нэвтрэх нь нэгэнт тодорхой болж улмаар мобайл дата эн тэргүүний ач холбогдолтой болсон байсан учраас энэ нь үр ашиггүй хөрөнгө оруулалт болох байсан. Тиймээс дараачийн технологийн шинэчлэлдээ хөрөнгө оруулалт оруулахыг бизнес эрхлэгчид илүүд үзсэн учраас бодит ажил болж чадаагүй.

Дахиад нэг жишээ, яг дээрхтэй ижил, үндэсний  рөүминг  үйлчил­гээг нэвтрүүлэх асуудлаар Харил­цаа холбооны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ дээр саяхан хөндөгдсөн.Үүнд нэвтрүүлэхээр санаархаж буй нэг үйлчилгээ нь Үндэсний рөүминг гэж харж байна. Энэ үйлчилгээг ихэнхидээ үүрэн холбооны үйлчилгээний тусгай зөвшөөрлийг бүсчилсэн байдлаар олгосон улс орнууд нэвтрүүлсэн байдаг.Харин манай улсын хувьд бүх үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд Монгол улсын нутаг дэвсгэрт гэсэн үүрэг хүлээлгэсэн байдаг.Тиймээс нэг уулан дээр оператор бүр өөрийнантен цамхагийг байгуулсан гэсэн үг юм.Харин хөрөнгө оруулалтын үр ашиг, өрсөлдөөний нөхцөл байдлаа тооцон үзээд дэд бүтэц, сүлжээгээ хувааж, хамтарч ажиллах нь одоогийн зохицуулалтаараа нээлттэй байгаа, хамтран ашиглаж буй тохиолдлууд олон бий. Тэгэхээр үүнийг хуулиар үүрэгжүүлэх биш зохицуулах байгууллагын(light regulation) бага оролцоотой зохицуулалтаар явж байгаа одоогийн нөхцөл хамгийн зөв юм.

Харин хуулиар зохицуулна гэдэг нь өнөөдрийг хүртэл 20-30 жилийн  турш  компаниуд өөрийнхөө хөрөнгөөр барьж байгуулчихсан сүлжээг “бусдад ашиглуул” гэж төрөөс захиргаадаж байгаатай адил юм.

Яг л “Та хоолны газар ажил­луулдаг байлаа гэж бодъё. Өөрийн хөрөнгөөр байшингаа бариад, бизнестээ хэрэгтэй бүх зүйлдээ хөрөнгө оруулаад бэлтгэлээ  хийчихсэн байтал  төрөөс орол­цоод Балдантай бүтээсэн бүх юмаа хувааж хамт ажил” гэж байгаатай агаар нэг.

Хэрэв хэн хэндээ ашигтай гэж үзээд хүсвэл хуваалцах нь хувь хүмүүсийн хувьд нээлттэй л асуудал биз дээ.

Хуулийн төсөлд “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, хамтран ашиглах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих” гэсэн заалт явж байгаа. Энэ нь “үндэсний рөүминг оруул” гэсэнтэй яг ижил, миний дахин давтан хэлээд байгаа “зах зээл, өрсөлдөөний зохицуулалт”-ыг хуулиар үүрэгжүүлэх гэсэн үйлдэл, хөгжилд чөдөр болох саад болно гэж харж байна. Иймээс салбарын хөгжлийн “амин сүнс” болсон, өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж буй  зөв жишгээсээ гажихыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Нөгөө талаас олон   арван жил хийсэн  хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, шударга бус өрсөлдөөний хөрс суурийг дэмжиж, ямар ч үр ашгийг авчрахгүй, урагшлах биш ухралт хийнэ.

-Тэгвэл технологийн компаниуд төрөөс ангид ямар шийдлүүд гаргаж байгаа бол?

-Тийм ээ.Мэдээж хэрэг улс орон, хэрэглэгчдэд гарч буй хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн шинэ технологи, шинэ үйлчилгээг салбарын байгууллагууд маань нэвтрүүлж хэрэгжүүлсээр ирсэн.Энд ямар нэг шинэ хуулийн заалт, зохицуулалт шаардлагагүйгээр чөлөөтэй хөгжиж ирсэн нь өрсөл­дөөнийхөө зарчмаар хурдтай хөгжих нэг шалтгаан юм.

Яаралтай шийдвэрлэх шаардлагатай, эсвэл цаг үетэй холбоотой тулгарч байгаа асууд­лыг төрөөс заавал ямар нэг хуульд заалт оруулах, өөрчлөлт хийх шаардлагагүй, цаг алдалгүй нэвт­рүүлээд явах боломж оператор компаниуд, энэ салбарын бүх байгууллагуудад нээлттэй хэвээр байх нь чухал.Өнөөдрийг хүртэл яг энэ зарчмаар л явж ирсэн юм.

-Аль ч салбар хөгжихөд хөрөнгө оруулалтын хэмжээ чухал байдаг.Тэгвэл харилцаа холбооны салбар хөгжихөд хөрөнгө оруулалт хангалттай байж чадаж байна уу?

-Монгол шиг хүн ам цөөтэй, газар нутгийн хэмжээ том ийм улс оронд аливаа дэд бүтцийг байгуулах нь асар их хөрөнгө оруулалт шаардагдана.Тэр тусмаа дэлхий нийттэй хөл нийлүүлж, шинэлэг орчин үеийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийн тулд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглах шаардлагатай болдог.Зах  зээлийн багтаамж бага, үнийн хувьд олон улсын дунджаас доогуур. Ийм нөхцөлд шинэ технологи, инновац нэвтрүүлж үйлчилгээнийхээ чанарыг тогтмол сайжруулах нь том сорилт.Техник төхөөрөмж, програм хангамж, тэдгээрийн албан ёсны эрх, тэр ч битгий хэл интернэтийн урсгалыг импортоор гадаад валютаар худалдаж авдаг.Валютын ханш, инфляцын өсөлтөөс хамааран өсөж буй өртөг зардал ихээхэн нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл харилцаа холбооны үнэ тариф нэмэгдэх нь битгий хэл буурсаар байгаа.Нөгөө талаас бид чинь бүрэн либералчлагдсан зах зээлийн ширүүн өрсөлдөөний үр шимээр сонголттой, бага үнэ тарифтай үйлчилгээ авч сурсан үнийн өсөлтөд маш “эмзэг” ханддаг хэрэглэгчидтэй. Нэгж хэрэглэгчээс олох орлого буурсаар байгаа.Гэсэн ч ХХЗХ-оос гаргасан судалгаагаар 2022 онд 366.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн, 2023 оны зөвхөн хагас жилийн байдлаар 231.01 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн, энэ тоо тогтмөл өсөж байгаа. Хэдийгээр ковидын үе байсан ч гэсэн сүүлийн 3 жилд гэхэд л 854 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.2024 онд 5G технологи нэвтрүүлэхэд үүнээс хэдэн арав дахин илүү хөрөнгө оруулалт шаардагдана.Гэхдээ л энэ бол миний өмнө дурдсанчлан урт хугацааны төлөвлөлтөө өөрсдөө хийж чаддаг “эрх чөлөө”-ний хүчээр л хөрөнгө оруулалтаа ч төлөвлөж чадаж байгаагийн илрэл юм даа.Үүний  зэрэгцээ олон мянган хүнийг ажлын байраар хангаж,

сүүлийн гурван жилд  л гэхэд 854 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн

гэхээр энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудаараа бахархахгүй байх аргагүй.

2.Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци мэдээж энэ тал дээр саналаа хэлж ажиллах байх. Танайд хэчнээн  гишүүн компани нэгдээд байна вэ?

-Тийм ээ.Манай ассоциаци нь Монгол Улсын хэмжээнд шилэн кабелийн сүлжээ байгуулан ажиллаж буй Мэдээлэл Холбооны Сүлжээ, Скайнетворкс, үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи Мобайл компаниуд болон Монголын цахилгаан холбоо, Монгол шуудан зэрэг төрийн болон хувийн хэвшлийн компаниудын гишүүнчлэлтэй.

Ассоциаци нь Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын үр ашигтай, эрүүл, тогтвортой өсөлт, хөгжлийг хангах бизнесийн орчныг бий болгох чиглэлээр төр засгийн бодлогын болон, зохицуулалтын байгууллагуудтай үр ашигтай хамтран ажиллах, гишүүдийнхээ хууль  ёсны, нийтлэг ашиг сонирхол, эрхийг хамгаалах, нэгдсэн байр суурийг илэрхийлэх зорилготой. Бид эв нэгдэл, нийтлэг эрх ашиг, нэгдсэн байр суурь, хамтын шийдвэрийг эрхэмлэдэг.

Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

 

Г.СЭЛЭНГЭ

 

 

Categories
мэдээ нийгэм

Гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 16.5 тонн бодис, 15 тонн давс цацжээ DNN.mn

Нэгдүгээр сарын 30-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 25 байгууллагын 403 албан хаагч тусгай зориулалтын 81 машин техниктэйгээр авто замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллалаа.

Энэ хүрээнд авто замын цас мөсийг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 16.5 тонн бодис, 15 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 507.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 1800 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Мартахгүйн тулд ганцхан хором DNN.mn

Ковидын дараа хүмүүс маш мартамхай боллоо гэлцэж бна. Нөлөө бий л байх. Гэхдээ өөрсдөөсөө болоод мартаж санаад байгаагаа анзаарсан нь хэд бол. Юм болгонд санаа зовж, савчсан бидний амьдрал, хэт их сошиалын хэрэглээ хэрэгтэй зүйлийг чинь мартуулаад байна. Өөрөөр хэлбэл, хэрэггүй зүйлд хэт их анхаараад эхлэхээр бусад нь ард хоцорч байна гэсэн үг. Тухайлбал, ковидын хөл хорионы үеэр хүмүүс гэртээ хоёр жил таг хоригдохдоо сошиалын сонин хачнаар л уйдаагаа гаргаж байсан. Тэр байдал нь даамжирсаар өглөө, өдөр, орой зарим нь бүр шөнөжингөө гар утсаа ухаж амьдарч байна. Үүний үр дүнд нэг их хэрэгтэй, хэрэггүй мэдээлэлтэй хүмүүс. Буруу зөв бүү мэд, түүнийгээ л тойрч ярьж, амьдарч байна. Тэр од тэгж гэнэ, энд нэг хүн ингэсэн байна гээд л цуурцгаах.

Бидний жинхэнэ амьдрал ингэхэд хаана байна вэ. Үр хүүхэдтэйгээ тоглох, ханьтайгаа сайхан ярилцах, халуун бүлээрээ тойрч суугаад хооллох маань хүртэл цахим ертөнцийн аль нэг буланд бага багаар гээгдэж хоцорсоор байна. Энэ хэрээр бид мартсаар л байна. Хэдий хүртэл, хаана очтол ингэж мартах юм бол.

Уг нь бол бодит амьдралдаа жаахаан төвлөрчихөд мартахын зовлонгоос ангижрах юм билээ л дээ. Төвлөр гэхээр хэдэн цагийн бясалгал, түүнийг заах багш энэ тэр болоод унав.

Далай ламын эмч манай сонинд ярилцлага өгөхдөө “Амьсгал авч гаргаж байгаагаа нэг минут анзаарахад л төвлөрөл болдог” гэж хэлсэн байдаг. Цай уух, хоол идэхдээ хүртэл гар утсаа ухалгүй амт шимтийг нь бүрэн мэдэрч чадвал төвлөрөл тэр гэсэн. Мартахгүйн тулд ганцхан хором л төвлөр гэсэн утгатай юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг энэ сарын 8, 11, 15, 18-нд аялахгүй DNN.mn

Хоёрдугаар сарын 08, 11, 15, 18-нд Улаанбаатараас Эрээний чиглэлд аялах байсан галт тэрэг Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-тай давхацсан тул аялахгүй болохыг мэдэгдэж байна.

Иймд зорчигч та бүхэн аяллаа эртхэн төлөвлөж, боломжит тээврийн хэрэгслээ сонгон үйлчлүүлээрэй гэж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг олгох тухай хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

– Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.4 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны нэгдүгээр сарын 29-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 3.9 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өссөн байна.

2024 оны нэгдүгээр сарын 29-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг сунгах эсэх санал асуулга өнөөдөр дуусна DNN.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтын хугацаа өнөөдөр үйлчлээд дуусах гэж байна.

Маргаашаас/2024.02.01/ хуучнаараа юу тэгш сондгой зохицуулалтыг үргэлжлүүлэх үү гэдгийг иргэдийн саналаар шийдвэрлэхээр санал асуулга явуулж эхлээд буй.

Иргэдээс авч буй санал асуулга өнөөдөр 17:00 цагт дуусах юм байна. Тиймээс https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч саналаа өгөхийг НЗДТГ-аас уриаллаа.

Нэгдүгээр сарын 29-нөөс эхлүүлсэн Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хугацааг сунгахыг дэмжиж байна уу? гэсэн санал асуулгад одоогийн байдлаар 4,577 иргэн оролцсоноос 2,594 буюу 57% нь дэмжихгүй гэжээ.

Categories
story-news

Э.Батшугар: Монголбанк валютын орлогын тодорхой хувийг арилжааны банкаар дамжуулж байж төгрөгийн ханш чангарах суурь боломж үүснэ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Батшугар: Монголбанк валютын орлогын тодорхой хувийг арилжааны банкаар дамжуулж байж төгрөгийн ханш чангарах суурь боломж үүснэ DNN.mn

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай ярилцлаа.


-УИХ-ын босго намсаж байна, чадамжгүй байна гэх шүүмжлэл тодорхой хүрээнд гардаг байсан. Энэ удаагийн парламент тэр дундаа энэ намрын чуулганаар нүүрсний сонсголыг хийсэн нь авлигын эсрэг том алхам боллоо хэмээн учир мэдэх хүмүүс дүгнэж буй. Та энэ удаагийн намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна?

-Олон хуульд өөрчлөлт орууллаа. Хээл хахууль авлигатай холбоотойгоор ялын бодлогыг чангарууллаа. Дэлхийн хамгийн чанга авлигын эсрэг ялын бодлоготой орны нэг болсон. Ашиг сонирхлын болон зөрчлийн тухай хуулийг баталсан. Энэ нь улстөрч болон төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээд тендерт оролцохгүй, төсөв, сангийн төсөл хөтөлбөрт хамрагдахгүй гэхчилэн чанга зохицуулалттай хуулийг баталлаа.

Намрын чуулганаар реформын шинжтэй хэд хэдэн том хуулийг баталсан. Нэгдүгээрт, бүсчилсэн хөгжлийг дэмжсэн. УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилж баталсан. Бүсчилсэн хөгжил нь Монгол Улсын ирээдүйд маш чухал эерэг дүн авч ирнэ. Улс орон хөгжинө гэвэл бүсчилж хөгжих ёстой. Мөн үндэсний аюулгүй байдал, стратеги, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй. Учир нь өнөөдөр Монголын хүн амын тал хувь нь Улаанбаатарт амьдардаг. Улсын нийт эдийн засгийн 70 орчим хувь нь Улаанбаатарт байна. Нэг ёсондоо Монгол хот улс болох гээд байна л даа. Тиймээс бүсчилж хөгжиж, түгжрэл, бөөгнөрлөөс ангижирвал дагаад хөрсний, агаарын бохирдол зэрэг олон асуудлаасаа давхар салах том гарц. Хоёрдугаарт, бүсчилж жигд хөгжиж байж Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байна.

Бүсчилсэн хөгжил нь ойрын болон дунд хугацааны ирээдүйд эдийн зааг, нийгэмд ихээхэн эерэг үр дүнг авч ирнэ. Намрын чуулганаар Монгол Улс түүхэндээ анх удаа 27 их наяд төгрөгийн төсөв баталлаа. Энэ бол “Шинэ сэргэлтийн бодлого” үр дүнгээ өгч байгаагийн бодит илрэл. Мөн Уул уурхайн биржийн тухай хуулийг УИХ-аар баталсны үр дүнд 27 их наяд төгрөгийн төсөв батлах суурь бүрдсэн. Ингэснээр  ДНБ 70 их наяд төгрөгт хүрэх бололцоог бүрэн хангаж өгч байна. Мөн эдийн засгийн өсөлтийг 2023 онд 6.8 хувьд хүргэж чадсан. Монголбанкны гадаад нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн гэхчилэн эерэг үзүүлэлтүүдийг авч ирж байна. Одоо эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхийн тулд өрхийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ бол дараагийн том ажил гэж харж болно.

-Та Инновац, цахим бодлогын байнгын хороог даргалдаг. Энэ намрын чуулганаар танай байнгын хороо хэр үр дүнтэй ажиллав?

-Намрын чуулганаар бидний хамгийн том ажил бол нэр бүхий 109 хуульд цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрөх талаар нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулсан явдал байлаа. Энэ нь “Цахим үндэстэн” болох зорилтын дараагийн шинэ алхам болж байна.Бүхэлд нь харвал төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх гэхээс илүү эдийн засаг, нийгмийн бүх салбарт цахим харилцааны боломжийг нээсэн гэж хэлж болно. Үүнийг дагаад эдийн засгийн том хэмнэлт гарна. Бизнесийн шинэ салбарууд өсч бий болох үүд хаалгыг нээлээ. Тэр дундаа банк санхүүгийн салбар, мөн финтекийн салбар цааш өсөх, хөгжих үүд хаалгыг нээсэн гэж хэлж болно. Мөн хүнд суртал, цаг хугацааны хэмнэлтийг авч ирнэ. Жишээлбэл, өмнө нь компани байгуулахад наад зах нь биечлэн 11 алхам хийдэг байсан. Компанийн дүрмээ батлаад гарын үсэг зураад заавал улсын бүртгэлд цаасаар өгдөг байсныг цахимаар болгосон. Ингэснээр Монгол Улсын иргэн компьютерийн урд сууж байгаад гар утсаараа компани байгуулах бүрэн боломжтой боллоо. Мөн банкинд зайнаас данс нээх боломжийг нээлээ. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх УИХ-ын тогтоолын төслийг оруулж батлууллаа. Тэтгэвэрт гарах гэж байгаа иргэнийг тэр дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тийм бичиг баримтыг авч ир гэж нааш цааш явуулдаг байсныг болиулна. Монгол Улсын иргэн бүр төрийн үйлчилгээг авахдаа ийш тийшээ явж бичиг цаас авч ирдэг бус, нэг ёсондоо бүрэн “нэг цонхны” үйлчилгээтэй болох хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн.

-Жишээ нь, уул уурхайн цахим биржийн арилжаанаас харахад цахим шилжилт нь авлигатай тэмцэх том гарц болж байна, тийм үү?

-Мэдээлэл технологийн систем авлига нэхэхгүй. Хүнд суртал гаргахгүй. Хүн бүрт адил үйлчилгээ үзүүлдэг. Хүнээс, гарын үсгээс хамааралтай болж эхлэхээр л хээл хахууль авлига үүсэх нөхцөл бүрддэг. Үүнээс салах гарц нь цахимжуулах. Цахимд шилжчихээр бүртгэл нь байнга цахимаар ил тод явж байна. Яригдаад байгаа бүртгэлгүй машин нууцаар гарсан, бүртгэлгүй нүүрс гарсан гэдэг асуудал бүрэн байхгүй болж байна. Үүнийг дагаад “алдагдсан боломж”дахиж яригдахгүй. Цахим биржээр нүүрс арилжаалж эхэлснээс хойш гаалиар гарч байгаа Монголын нүүрс бодит эдийн засагт орж Монголбанкны гадаад валютыг нэмэгдүүлж эхэллээ. Өмнө нь долоон ам.доллараар зарсан гэж бүртгэл хийчихээд цаанаа 70, 80 ам.доллараар зардаг асуудал байсан. Үүний зөрүү мөнгийг тодорхой хүмүүс оффшор дансанд, эсвэл өөр нэг байдлаар уусаад алга болдог. Эдийн засагт бодитой нөлөө авч ирдэггүй байсан бол тэрхүү мөнгө Монголдоо үлддэг боллоо. Биржийн арилжаа ч цахимаар явж байгаа. Тэгэхээр мэдээлэл технологийн цахимжилт бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үндэс суурь нь. Үүнээс бид хоцрох ёсгүй. Монголчууд бид цахимыг нутагшуулж, эдийн засгийн өгөөжийг хүртэх гэж зорьж байна.

-УИХ “E-Petition”-ийг нэвтрүүлээд тодорхой асуудалд долоо хон хоногийн дотор 100 мянган иргэний санал авсан. Энэ бол иргэд төлөөллийг хангах маш үр дүнтэй, бодитой хэрэгсэл гэдэг нь харагдлаа?

-“e-Petition” буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийн журмыг 2023 оны нэгдүгээр сард Инновац, цахим бодлогын байнгын хороо баталсан. Үүнийг дагаад аравдугаар сард тус системийг нээсэн. Үүний хамгийн том ач холбогдолтой зүйл нь Монгол Улс иргэнээ цахимаар таньдаг болсон. Нэг хүн нэг удаа л санал өгөх хязгаарлалт хийсэн нь иргэдийн саналыг бодитой болгож байгаа юм. Ямар нэгэн тролл ч гэдэг юм уу, хуурамч санал ирэхгүй гэсэн үг л дээ. Тиймээс цахим гарын үсэг юмуу, банкны дансны эрхээр баталжуулж байж нэвтэрдэг.

Гэхдээ энэ систем шинэ зүйл биш. Герман, Англи, Солонгос зэрэг улсууд “Petition”-ийг сүүлийн 50 жил байнгын хэрэглэж байна. Манай нэг онцлог нь үүнийг цахимаар хийж байна. Цаг хугацаа, хүнд суртлыг арилгаж шууд хийх бололцоог нь нээж өгч байна. Ийн Монгол Улсын иргэн бүр өнөөгийн парламентын 77 дахь гишүүн болох бололцоог нээсэн. Иргэд тулгамдаж байгаа асуудлаараа УИХ-аар хууль батлуулах боломжийг  нээсэн. Тухайн асуудлыг 100 мянган иргэн дэмжвэл хуулийн төсөл болж, УИХаар хэлэл цүүлэгдэнэ. Ийм нөлөөг үзүүлэх бодит боломж нээгдсэн. Жишээ нь, УИХ-ын дарга НӨАТ-ын буцаан олголтын асуудлаарх саналыг байршуулсан. Маш богино хугацаанд 100 мянган хүний санал авсан. Үүний дагуу УИХ-ын дарга энэ асуудлыг Төсвийн байнгын хороо руу шилжүүлсэн. Төсвийн байнгын хороонд ажлын хэсэг гарсан. Одоо тэр ажил татварын том реформын эхлэл болсон. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж бодож байна. Монгол Улс нэгдсэн татварын системтэй гэж олон нийт хардаг. Гэтэл салбар бүрт татварын дарамт нь өөр байдаг. Уул уурхай салбарын татварын дарамт нь мэдээлэл технологийн ч юм уу, бусад салбарынхтай адил байгаа нь шударга бус байна. Тиймээс салбар бүрийн татварын дарамтад дүн шинжилгээ хийнэ. Үүний зөв зохицуулалт нь юу байна, яаж тэрхүү зохицуулалтыг хийж, тодорхой салбарын нийгмийн хариуцлагыг өндөр болгох вэ гэдэг асуудал яригдана.

-Та эдийн засагч хүн. Тиймээс 2024 оны эдийн засгийн төлөвийг ярилцъя. 2024 онд эдийн засагт сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйл нь эрчим хүч гэж шинжээчид мэдэгдэж байгаа. Та 2024 оны Монголын эдийн засгийг хэрхэн харж байна. Манайд ямар эрсдлүүд тулгарах бол?

-Мэдээж эрсдэл бий. Гэхдээ эдийн засгийн пирамидыг харахад Монгол Улсын эдийн засаг долоон хувийн өсөлттэй байх болов уу. Учир нь нэгдүгээрт, манай улсын худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан. 15 тэрбум ам.долларын экспортыг Монгол Улс хийж чадлаа. 70 сая тонн нүүрс экспортоллоо. Төлбөрийн тэнцэл 900-аад сая төгрөгөөр эерэг гарсан. Монголбанкны валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн гэхчилэнгээр Монголын түүхэнд байгаагүй эерэг үзүүлэлтүүд гарсан. Түүнчлэн анх удаа нэг тэрбум ам.долларыг аялал жуулчлалын салбараас оллоо. Аялал жуулчлал Монголын эдийн засгийн дараагийн том тулгуур болох бололцоо байна гэдэг нь үүнээс харагдаж байна. Мөн Засгийн газар Монголоо сурталчлах ажлыг амжилттай хийсний үр дүнд Монгол Улс аялахад хамгийн таатай, хамгийн сонирхолтой орнуудын тоонд 2024 онд орсон. Тиймээс энэ жил 600 мянгаас илүү, бараг нэг сая жуулчин авах бололцоо бүрдсэн. Үүнийг дагаад үйлчилгээ, аялал жуулчлалын салбар хөгжих, ажлын байр, орлого нэмэгдэх бололцоотой болсон. Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн дийлэнх хэсэг нь уул уурхайн салбараас гарна. Урт хугацаанд боловсруулах үйлдвэр гэхчилэнгээр явах ёстой л доо.

-Эдийн засагт нүүрс гол нөлөөтэй. Төсөвт та вигд сан дүнгээсээ ч их хэмжээгээр нүүрсний экспорт хийх боломжтой талаар та ярьдаг. Гэтэл нүүрсний эрэлт өнөөгийнх шигээ байх уу гэсэн бол гоомжлолыг нөгөө талаас хүмүүс тавьдаг шүү дээ?

-2024 оны төсөв дээр 60 сая тонн нүүрс экспортолно гэсэн зорилт тавьсан. Бодит хүлээлтийг харахад энэ жил 75 сая тонн нүүрс экспортлох бололцоотой гэж харж байна. Учир нь коксожсон нүүрсний хэрэглээ БНХАУ-д өндөр байна. 2023 онд БНХАУ-ын дотоодын эдийн засаг 5.2 хувиар өслөө. Дэлхийн хоёр том эдийн засгийн нэг нь ингэж өсч байгаа нь манайд эерэг зүйл. БНХАУ-ыг харахад коксожсон нүүрсний эрэлт хэвээрээ байна. Гурван хувиар өснө гэсэн шинжээчдийн дүгнэлт бий. БНХАУ мөнгөний бодлого болон Засгийн газрын төсвөөр эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд 740-аад тэрбум ам.долларыг эдийн засгийг идэвхжүүлэх бодлогод зарцуулсан.

Мөн 400-аад тэрбум ам.долларыг үл хөдлөх болон барилгын салбар руугаа хийх төлөвлөгөө гаргасан. Барилга баригдана гэдэг нь арматур, төмөр, гангийн эрэлт нэмэгдэнэ. БНХАУ энэ жил ойролцоогоор нэг тэрбум тонн ган хайлуулах прогнозыг шинжээчид гаргасан. Нэг тонн ган хайлуулахад дунджаар 700 кг коксожсон нүүрс шаардагддаг. Мөн дотоодын хэрэгцээ гэхээсээ илүү гадаадад их хэмжээний боловсруулсан төмөр болон ган экспортолдог. 2023 онд Хятадын арматурын экспорт гэхэд 43 хувиар өссөн. Түүнчлэн орон нутаг, дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Тиймээс коксожсон нүүрсний эрэлт өндөр байх нь ойлгомжтой.

Сараар нь харвал, манай улс өнгөрөгч 11, 12 дугаар сард түүхэн дээд хэмжээнд нүүрс экспортолсон. Ялангуяа 11 дүгээр сард 7.9 сая тонн нүүрс экспортолж чадсан. Энэ юутай холбоотой вэ гэхээр ОХУ түүхий эд экспортын тариф, татвар тавьсан. БНХАУ Оросоос их хэмжээний нүүрс авдаг байснаа багасгаад Монголоос авдаг болсон. Өөрөөр хэлбэл, Оросын нүүрс нь илүү үнэтэй, Монголынх хямд болчихоор зах зээлийн өрсөлдөөний зарчмаар манайхаас шууд авч эхэлж байна.

Түүнчлэн манайх Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд боомтын нэвтрэх чадамжийг дээшлүүлсэн. AGV автомат технологийг нэвтрүүлсэн. Түүнчлэн төмөр замын асуудал ч мөн яригдаж байна. Гашуунсухайтаас Зүүнбаян хүртэл төмөр зам баригдсан. Мөн Ханги-Мандалын төмөр зам гэхчилэнгээрбоомтын сэргэлт эрчимтэй явагдаж байна. Төмөр замын холболтоо хийчихвэл манай экспорт их хэмжээгээр өсөх бололцоо нээгдэнэ.

Хоёрдугаарт, дэлхий нийтийн ковидын дараах эдийн засгийг харахад эхний хоёр жил үйлчилгээний салбар болон аялал жуулчлалын салбар их эрчимтэй өссөн. Харин аж үйлдвэрийн салбар бүрэн сэргэж чадаагүй байна. 2024 онд дэлхий нийтээр аж үйлдвэрийн салбарын өсөлт эрчимтэй явагдана гэсэн хүлээлт байгаа. Тэр дундаа Герман, АНУ, БНХАУ-ынх. БНХАУ-ын эдийн засгийн бүтцийн дийлэнх нь түүхий эд үйлдвэрлэж экспортод гаргадаг байснаа болиод нэгдүгээрт, дотоодын хэрэглээ. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэр. Гуравдугаарт, мэдээлэл технологийн салбар руу анхаарч эхэлж байна. Энэ бол манайд эерэг мэдээ. Учир нь зэсийн эрэлт, үнэ дээр эерэг нөлөө авч ирнэ. Тэр дундаа цахилгаан машины борлуулалт дэлхийд моданд орж байна. Нийт борлуулж байгаа машины 12 хувийг цахилгаан машин эзэлж байна. Харин Хятад улс үүний 26 хувийг эзэлж байгаа. Өнгөрөгч онд Хятадын цахилгаан машины BYD компани Tesla-г давчихлаа. Нэг цахилгаан машин үйлдвэрлэхэд 90 кг зэс шаардагддаг. Энгийн машин үйлдвэрлэхэд 14-20 кг зэс шаардлагатай. Өөрөөр хэлбэл, их хэмжээний зэсийн эрэлт харагдаж байна. 2024 онд дэлхий нийтэд борлуулагдаж байгаа машины 20 хувийг цахилгаан машины эрэлт эзэлнэ гэдэг дүгнэлтийг шинжээчид гаргасан. Тэгэхээр шинээр 11 сая цахилгаан машин зарагдахаар байна. Учир нь дэлхий нийт дунджаар 50-55 сая машин шинээр үйлдвэрлэдэг. Үүний 20 хувь нь гэж тооцоолохоор 11 сая машин гэсэн үг. Тэгвэл нэг машинд дунджаар 90 кг зэс шаардлагатай гэхээр дэлхийд эрэлт нь байж байна л гэсэн үг.

-Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахын тулд ямар бодлого хэрэгтэй вэ. Иргэдийн бодит орлого өсөхгүй байна шүү дээ?

-2024 оны улсын төсвийг батлахдаа тодорхой салбаруудыг дэмжих төсөв баталсан. Тэр нь боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс гаалийн татвар авахгүй, чөлөөлсөн. Ингэснээр 2024, 2025 онд боловсруулах үйлдвэр эрчимтэй хөгжих бололцоо үүссэн. Нүүрс угаах, ноолуур, зэс боловсруулах гэхчилэн аж үйлдвэрийн сэргэлтийн том төслүүд бий. Цаасан дээр байгаа эдгээр төслүүд бодит болж Монголын экспортыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох бололцоо нээгдсэн.

Эдийн засгийн өсөлтийг иргэдийн бодит орлогод шингээж эерэг нөлөө авч ирэхийн тулд анхаарах хоёр чухал зүйл бий. Нэгдүгээрх нь, үнийн өсөлт. Үнийн өсөлт нь худалдан авах чадварыг шууд бууруулж байгаа. 2024 оны сүүлээр Монголын үнийн өсөлт 7.9 хувьд хүрсэн. Нэг оронтой тоонд орсон сайн хэрэг. Гэхдээ бүтцийг нь харвал 7.9 хувийн 42 хувь мах, гурил, будааны үнийн өсөлт эзэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж байна. 2024, 2025 онуудад үр шимээ өгч эхэлнэ гэж бодож байна.

Үнийн өсөлт, тэр дундаа хүнсний үнийн өсөлтөд онцгой анхаарах ёстой. Тээвэр логистикийн болон гадаад үнийн өсөлт ковидын үеэс харьцангуй буурсан. Тиймээс манай улсын үнийн өсөлтийн гол асуудал нь хүнс дээр байна. Үүн дээр Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллаж байж нийлүүлтээ яаж хийх, ямар механизмаар авч ирэх гэдэгт онцгой анхаарах ёстой. Бид махны үнийн өсөлттэй жил бүр тулж байна. Нөөцийн махны механизм ажиллахгүй байгаагийн бодит жишээ энэ. Тиймээс нөөцийн мах бүрдүүлэхээс илүү зах зээлийн бусад шинэлэг механизм бий болгох нь зүйтэй. Ялангуяа орон нутгийн бүсчилсэн ХАБ-ууд байгуулж, зуншлага тарган байгаа газраас мал мах авч бусад газрууд руугаа тараадаг балансыг нь зөв олдог механизм хэрэгтэй байна.

Хоёрдугаарх нь, банкны зээлийн хүү. Банкны зээлийн хүүг буруулж байж бодит орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажлын байр бий болгож, үүгээрээ дамжуулж эдийн засгаа өсгөж, татвар, экспортын орлогыг нэмэгдүүлэх нь зөв. Аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийе гэхээр мэдээж банкнаас зээл авах шаардлага гардаг. Гэтэл банкны хүү өндөр, дээр нь тоног төхөөрөмжөө худалдаж авч хүүгээ төлж ашиг хийхийн тулд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөнө. Ингэж байж ашигтай ажиллаж, зээлийн хүүгээ дарах чадвартай болно. Энэ нь үнийн өсөлт авч ирээд байгаа юм. Тиймээс үүн дээр анхаарч ажиллах нь зөв.

-Анхаарч ажиллана гэхээр ямар зохицуулалт хийх тухай та ярьж байна вэ. Жишээ нь зээлийн хүүг буулгах ямар гарц байгаа юм бэ?

-Зээлийн хүү Монголбанкны бодлогын хүүтэй шууд хамааралтай байдаг. Бодлогын хүүгээ буулгах суурь нөхцөлийг эхлээд үүсгэх ёстой. Энэ нь юу гэхээр өнөөх инфляци. Эдгээр нь бие биетэйгээ шууд уялдаатай байдаг. Өнөөдөр инфляц нэг оронтой тоо руу орж 7.9 хувьд хүрлээ гэсэн статистик гарч байна Цаашдаа хүнсний нийлүүлэлтийн механизмаа зөв хэрэгжүүлж чадвал зорилтод үнийн өсөлтийг зургаан хувьд барина гэж Монголбанк “Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл”-д тусгаж батлуулсан. Зургаа хувьдаа хүрчихвэл хүнсний барааны инфляци буурах бололцоо бүрдэнэ.

Гэхдээ өнөөдөр Монголын М2 буюу мөнгөний нийлүүлэлт 38 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг дагаад эдийн засгийн хэт хөөргөдөл үүсэх нөхцөл бий болох гээд байдаг. Үүнийг дарахын тулд,мөн валют, төгрөгийн ханшаа тогтвортой байлгахын тулд Монголбанк бодлогын хүүгээ 13 хувь болгож өсгөсөн. Өнөөдөр ч хэвээр хадгалсаар байна. Тэгэхээр хэрвээ инфляци тодорхой хэмжээнд бага түвшинд байж, валютын ханш төлбөрийн эерэг тэнцлээс хамаарч тогтвортой байвал бодлогын хүүгээ бууруулах бүрэн нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно.

Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой болон Монголд ам.доллар оруулж ирдэг бусад том аж ахуйн нэгжүүдийнхээ валютын орлогыг Монголбанк өөрөө төгрөг болгодог. Ингээд тэр ам.доллараар нь гадаад валютын нөөцийг бүрдүүлж байна. Өнөөдөр гадаад валютын албан нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нөхцөлд валютын тодорхой хувийг нь арилжааны банк, зах руугаа нийлүүлэх нь зөв. Ингэж байж төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш сулрах суурь нөхцөл байдал үүснэ.

Хоёрдугаарт, Монголбанк шууд ченж хийгээд байхаар мөнгөний нийлүүлэлтээогцом өсгөөд байгаа юм. Монголдоо арилжааны банкуудын харилцах дансанд экспортын орлого нь бүрдэж, тухайн аж ахуйн нэгжүүд нь цалингаа тавих болон бусад үйлчилгээ авахын тулд ам.доллараа төгрөг болгож солиулаад арилжааны банкуудын төгрөг ам.долларын активын зохистой харьцаанд ам.доллар нэмэгдчихвэл арилжааны банкууд хоорондоо ам.доллараа арилжаалах, бүр төгрөг олдохгүй бол Монголбанк руу ам.доллар зарах нөхцөл үүсч байж органикаар ам.долларын ханш буурна.

Тэгэхгүй өнөөдөр арилжааны банкуудад ам.доллар органикаар өсөхгүй байна. Үүний бодит жишээ нь, Мон голбанк долоо хоногт хоёр удаа гадаад валютаа дуудлага худалдаагаар дунджаар 100 сая ам.доллар нийлүүлж байгаа юм. Ингэж байж арилжааны банкуудын ам.долларын хэрэгцээг хангаж байна. Тиймээс илүү экспортын орлоготой аж ахуйн нэгжүүдийн харилцах дансыг нь дотоодын банкны дилерүүд сольж, зарж, худалдаж авбал энэ нь төгрөгийн ханшийг сулруулах үндсэн нөхцөл үүснэ. Тиймээс ийм арга хэмжээг 2024 онд Монголбанк хийх ёстой гэж эдийн засагч хүний хувьд би боддог.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Мөнгөтэй хүн л улс төр хийдэг юм шүү дээ… DNN.mn

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, сайд, дарга болох мөрөөдөлтэй улстөрчид ордноор дүүрэн хольхилдоно. Яг л багш нараасаа дүн гуйж, хамаг зовлонгоо хэлэн шаргууцалдах оюутнууд шиг шаагилдаж байна. Гэхдээ ихэнх нь мөнгөгүй. Мөнгөтэй байсан ч өөрөөсөө нэг ч төгрөг зарлагадахгүйгээр сонгуульд өрсөлдөх сонирхолтой улстөрчид олон бий. Угтаа улс төрийг мөнгөтэй хүн хийдэг гэдгийг дэлхийн аль ч улс орны улс төрийн үйл явцаас тодорхой харж болно. Харин манайд энэ зарчим эсрэгээрээ ажилладаг нь сонин. Мөнгөгүй атлаа улс төрийг сонирхож, энд тэнд хор хутган бусдын нэр төрийг харлуулж, улмаар түүгээрээ зарим сонгогчдод таалагдан нэр дэвших муу аргатай. Энэ аргандаа бүр гаршчихсан улстөрчид ч цөөнгүй. Гэхдээ одоо цаг үе өөр болсон. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн бусдаар хэлүүлэлтгүй мэддэг болж. Тиймээс улиг болсон мөнгөгүй улс төрчдийн энэ арга одоо хол явахгүй биз. Харин жинхэнэ улс төрийг мөнгөтэй, мэдлэгтэй хүмүүс хийдэг гэдэг зарчим энэ сонгуулиар хүчтэй үйлчлэхээр харагдаж байна. Энэ бол ардчилсан улс орнуудад тогтсон эрүүл зарчим. Дэлхийн улс төрийн энэхүү сонгодог жишгийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Монголд тод харуулж чадлаа. Тэрээр энэ парламентын эд эс байсан ч явцын дунд албан тушаалын хэрэгт нэр холбогдож, гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Улмаар сүүлийн хоёр жил гаруй чимээгүй байсан тэрээр улс төрд дахин орж ирж байгаагаа чангаар зарлалаа. Түүний хувьд ирэх сонгуулиар Монголын ногоон нам, МүАН-ыг нэгтгэн “Үндэсний эвсэл” байгуулан оролцохоо мэдэгсэн. Энэхүү мэдэгдэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ердийн цаг үеийн үйл явдал байдлаар цацагдсангүй. Харин эсрэгээрээ Монголын өдөр тутмын бүх сонины нэгдүгээр нүүрт энэхүү мэдэгдлээ нийтлүүлэн ард түмэнд хүргэлээ. Н.Номтойбаяр бол байдаг л нэг улстөрч биш. Тэр ч утгаараа тэрээр Монголын улс төрд нүүр бардам орж ирж байгаагаа зарлахын тулд Монголын өдөр тутмын бүх сонинд төлбөрөө төлж, нэгдүгээр нүүр дээр нь мэдэгдлээ тамгалав. Ингэж зангарагатайгаар улс төрд орж ирж байгаагаа зарладаг хүн цөөхөн. Хувь улстөрч битгий хэл улс төрийн намуудаас ч ийм эрүүл зарчим гарах нь ховордсон. Эрх баригч нам мөнгөтэй. Тэр чинээгээрээ Монголын улс төрийг удирдаж байгаа. Харин сөрөг хүчин болох Ардчилсан намаас ард түмэн улс төрийн зоригтой том акц өрнүүлэхийг өнгөрсөн хугацаанд анхааралттай ажиглалаа. Гэвч тэд хоорондоо толхилцож, маргалдсанаас өөр онцгой зүйлгүйгээр ээлжит сонгуультай золгож байна. Үнэндээ сөрөг хүчинд мөнгө алга. Мөнгөгүй учраас хүссэнээрээ улс төр хийж чадахгүй байгаа нь нууц биш. Хөрөнгө мөнгө босгож чаддаг, зарж, зарцуулж чаддаг улс төрийн нам, улстөрчид л ирэх сонгуулиар ялна. Түүнээс биш аль гоё сайхан ярьсан нам, улстөрчид улс төр хийдэггүй. Угаасаа улс төр хийх ямар ч боломжгүй. Тиймээс ардчилсан, чөлөөт зах зээлтэй орнуудын адил эрүүл, ил тод эдийн засгийн аргаар улс төр хийх цаг нь болсон.