Categories
гадаад мэдээ

Ардчиллын төлөв байдал DNN.mn

Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (IDEA)-гээс энэ сарын хоёрны пүрэв гаригт Стокгольм хотноо “Дэлхийн ардчиллын төлөв байдал”-ыг танилцууллаа. Тайлангийн тухай нийтлэлийн эхэнд Сакчай Лалит/AP-д тавигдсан/-ын “Бангкок дахь цагдаа нарын өмнө зогсож буй алиалагчийн хувцас өмссөн ардчиллыг дэмжин жагсагч” фото зургийг тавьж, сүүлийн зургаан жилийн хугацаанд дэлхий дахинд ардчиллын түвшин хэрхэн буурсан тухай баримтуудыг дурдаж, “Дэлхийн ардчилсан улс орнуудын бараг тал хувьд нь ардчиллын түвшин буурсан” гэсэн дүгнэлтийг DW онцлов.

“Дэлхийн ардчиллын төлөв байдал” тайланд дэлхийн 173 орны 85-д нь сүүлийн таван жилийн хугацаанд дор хаяж нэг салбарт нь ардчиллын стандарт суларсан байна гэж тэмдэглэн Европ, Ази, Хойд Америкийн түүхэн, хүчтэй ардчилсан уламжлалтай гэгддэг улсуудад ч энэхүү сөрөг хандлага гарч байгаа баримтуудыг дурджээ. “Америкийн нийгмийн бүлгүүдийн тэгш байдал буурч, Австри дахь хэвлэлийн эрх чөлөө хумигдаж, Их Британид шударга ёсны эрх чөлөө хүртэх явдал буурах гэх мэтээр тогтвортой байсан ардчилал уналтад орж байна” гэж анхааруулжээ. Мөн Унгар, Австри, Перу зэрэг улсууд шүүхийн явцад улс төрийн дарамт шахалт үзүүлж, хууль дээдлэх ёсыг сулруулж байгаа баримтуудыг нийтэлжээ.

Орос, Беларусь, Азербайжан, Турк улсуудын ардчиллын түвшний үзүүлэлтүүд нь Европын дунджаас хамаагүй доогуур түвшинд хүрснийг харгалзан Европын төв хэсгээс “тусгаарласан” болохыг уг тайланд бичсэн байна. Энэхүү тайланг бичилцсэн Майкл Рэйни “2023 онд ардчиллын чиглэлээр ахиц дэвшил гарсан улс орноос ардчилал суларч байгаа тоо нь олон байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд дэлхийн ардчиллын түвшин ингэж буурч байгаа явдал нь 1975 оноос энэхүү судалгааг хийж эхэлснээс хойших IDEA-д тэмдэглэгдсэн хамгийн урт хугацаанд үргэлжилж буй “ардчиллын уналт болж байна” гэж онцлон тэмдэглэв. Тэрбээр COVID-19 тахалтай холбогдон ардчиллын бууралт гарсныг онцолсон байна.

IDEA дэлхийн ардчиллын түвшин ийнхүү буурч байгааг амьжиргааны өртөг нэмэгдэж, цаг уурын өөрчлөлт болон Украинд Оросын түрэмгийлэл гэх мэт бусад зэвсэгт мөргөлдөөний нөлөөллөөс болж буй хямралтай уялдуулж үзэх ёстой гэж тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч уг тайланд зарим эерэг өөрчлөлтүүдийг тэмдэглэв. Төв Европын хэд хэдэн оронд хууль дээдлэх салбарын байдал сайжирч, Африкийн хэд хэдэн улсад авлигын түвшин буурч, улс төрийн амьдралд иргэдийн оролцоо нэмэгдсэн тухай баримтуудыг хавсаргажээ.

Энэхүү тайланг энгийн үгээр тайлбарлан дутуу зүйлийг нь нэмж дурдвал, Өнөөдөр НҮБ-д гишүүн 193 мөн ажиглагч эрхтэй хоёр улс бий. Эдгээрээс ардчилал ямар нэг хэмжээгээр байдаг хэмээн 173 улсыг авч бүрэн ардчилалтай 20, Монгол мэтийн хагас ардчилалтай 54 улсыг нийлүүлэн ардчилсан улсын ангилалд багтаадаг. Мөн холимог тогтолцоотой гэсэн ангилалд 34 улс байгаа бөгөөд үлдсэн улс нь дарангуйллын тогтолцоотой ч ардчиллын ямар нэг элементийг хадгалдаг улсууд юм. Харин Ардчилал суларсан гээд байгаа нь энэхүү 173 улсад төр, засгийн албан хаагчид баялаг бүтээгчдээ ойлгохгүйгээс хүнд суртал үүсгэн, ажилд нь саад болж бас янз бүрийн арга хэрэглэн авлигажаад байгааг хэлж байгаа хэрэг. Харин төр, засгийн албан хаагчид ингэж ардчиллыг сулруулж буйн үндсэн шалтгаан нь тэд бусад иргэдтэйгээ адил маргаашдаа итгэх эдийн засгийн боломжгүй байгаа явдал. Өөрөөр хэлбэл Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлснээс хойш ардчилсан улсуудад хэрэгцээний өртөг эрс нэмэгдэн улс татвараар төсөв бүрдүүлж, иргэд цалингаараа хангалттай амьдарч чадахгүй болчхоод байна. Гэхдээ Аж үйлдвэрийн IV хувьсгал хэрэгцээний өртгийн эрс нэмэгдлийг зохицуулах хэн ч аль ч хувьцааг худалдан авах цоо шинэ боломжийг бий болгож өгсөн. Иймээс хангалттай төсөв, орлого бүрдүүлэх ганц гарц нь иргэд төдийгүй яам, агентлагийн албан хаагчид эхний шатанд тогтвортой валют олох дотоодын хуулийн этгээдийн хувьцааг худалдан авч тогтмол орлого олж, энэхүү орлогын тодорхой хэсгээр дараагийн ээлжид дэлхийн том компаниудын хувьцааг худалдан авч төсөв болон орлогоо бүрдүүлэх явдал. Ингэж гэмээ нь төр, засгийн албан хаагчид өөрсдөө баялаг бүтээгчид болж баялаг бүтээгчдийг ойлгодог болсноор хүнд суртал бүрэн арилах төдийгүй хувьцааны орлогын ачаар маргаашдаа итгэх эдийн засгийн баттай итгэл бүрдэн авилгаар хөөцөлдөх шаардлагагүй болно. Ийнхүү хүнд суртал, авлига бүрэн арилж ардчилал бэхжих гол үндэс бий болсноор байгаль хамгаалал, орчны бохирдол, хотын түгжрэл, гэмт хэрэг, зөрчил, хүүхэд хамгаалал, тэтгэмж, тэтгэвэр, цалин хангамж, орон сууц, спорт цогцолбор, эмнэлэг, боловсролын асуудал нэг мөр зөв шийдэгдэнэ.

Маш товчоор өнөөдөр дэлхийн ардчилал зөвхөн үзэл бодлоо илэрхийлэх эрх хэмээх өнчин тулгууртай байгаа учир бага зэрэг салхи гарахад л шурган унаж, шороотой хутгалдаад байгаа юм. Харин энгийн иргэд болон төр, засгийн албан хаагчид хувьцаа эзэмшиж унтаад босохдоо л валютын орлого олдог болсноор эдийн засгийн хэмээх бас нэг гол тулгуур нэмэгдэн ардчилал хоёр хөл дээрээ бат зогсож чадах төдийгүй “алиалагч” хэмээх хочноосоо үүрд ангижирна. Харин хөгжил, дэвшлийг оосорлон арагш нь татаж буй татвар зөвхөн бүртгэлийн үүрэг гүйцэтгэх ёстой юм.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна DNN.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж буй гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тухайлбал, энэ оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт “Б” гэгч нь нэр бүхий 6 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хуулийн зохицуулалттай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 оны 2 дахь ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 10-нд дуусна DNN.mn

2023 оны 2 дахь ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна.
Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ба хасаж болохгүй гэдгийг анхаарна уу. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
 
Categories
энтертаймент-ертөнц

“Трио” кино “Free Speech Film” олон улсын кино наадмын шилдэг зургаан киноны нэгээр шалгарчээ DNN.mn

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио уран сайхны кино АНУ-д болж буй “Free Speech Film олон улсын кино наадамд оролцож байна.

Тус наадамд 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн дэлгэцийн бүтээлүүд өрсөлдөж байгаа бөгөөд “Трио” шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна. Энэ нь тус киноны 19 дэх олон улсын шагнал юм. “Трио” уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийж байв.

May be an image of text that says "FREE SPEECH AWARD OFFICIAL SELECTION"

Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвийг энэ кинонд хөндсөн.

“Трио” уран сайхны кино нь Тайланд, АНУ, Канад, Польш, Эстони, Улаанбаатарын кино наадмаас шагнал хүртээд байсан юм.  

Categories
мэдээ нийгэм

Эрдэм шинжилгээний илтгэл, контентын уралдааны шилдгүүд тодорлоо DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл болон Монголын хуульчдын холбоо хамтран Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхтэй холбоотой санал, санаачилгыг дэмжих, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор эрдэм шинжилгээний илтгэлийн болон хөдөлгөөнт дүрс (видео), дүр бүтээх (анимэйшн) шторк бичлэгийн уралдааныг 2023 оны есдүгээр сарын 14-ний өдөр зарласан.

Судлаач, хуульч, эрх зүйч, иргэдээс тус уралдаанд ирүүлсэн 23 бүтээлээс ажлын хэсэг 8 бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулж, 10-р сарын 30-нд хэлэлцүүллээ.

Хоёрдугаар шатны шалгаруулалтаар эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны тэргүүн байранд судлаач Б.Баасансүрэн, Н.Мөнхтуяа нарын “Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын механизмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл, дэд байранд эрх зүйч Б.Ариунзаяагийн “Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын механизмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл, гутгаар байранд судлаач Э.Баасандэмбэрэл, Д.Ганчимэг нарын “Цахим эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтын асуудал ба олон улсын туршлага” сэдэвт илтгэл тус тус шалгарчээ.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаар иргэдэд энгийн хялбар байдлаар ойлгуулах дүрст хөдөлгөөнт зураг (контент), дүр бүтээх (анимэйшн) бичлэг, шторкийн уралдааны тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга Э.Цолмонгийн бүтээл, дэд байранд Баянгол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчдын хамтын бүтээл,  гутгаар байранд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Я.Долгормаагийн бүтээл тус тус шалгарсан юм.

Шилдэг бүтээлийн шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн,  Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д. Түмэнжаргал нар гардуулав.

 

Categories
мэдээ улс-төр

“Нүүрсний хулгай”-н талаарх мэдээлэл, баримтыг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ DNN.mn

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд “Нүүрсний хулгай”-н талаарх мэдээлэл, баримтыг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулсан.

Тус Хянан шалгах түр хороо Түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөө, хянан шалгагч, шинжээч нарыг шинэчлэн баталсан бөгөөд иргэдээс “Нүүрсний хулгай”-н талаарх мэдээлэл, баримтыг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ.

УИХ-ын хянан шалгах Түр хороотой хамтарч ажиллаж, ирүүлсэн мэдээллийг тус дэд хороо хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж, Түр хорооны сонсголд оруулах юм байна. sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй гэдгийг Түр хорооны дарга, УИХын гишүүн Б.Энхбаяр мэдэгдлээ.

 

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.9 хувиар өсчээ DNN.mn

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 10 сарын дүнгээр 20033.6 сая ам.доллар болов. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 2898.6 сая ам.доллар буюу 16.9 хувиар өсчээ.

Ингэснээр экспортын дүн нь импортынхоос 4914.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Гадаад худалдааны энэ оны эхний 10 сарын гүйцэтгэлийг экспортын 525662, импортын 251641 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ. Үүнээс, тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 27408, импортын 1092 мэдүүлэг байсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Өвөлжилт хүндхэн эхэлж байна гэв DNN.mn

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хөдөө орон нутагт үргэлжлэн орсон цас хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн. Энэ талаар сурвалжиллаа. Өнгөрсөн өдрүүдэд нөхцөл байдал улс орон даяар ямар байсан талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгтэй ярилцлаа.


-Өнгөрсөн өдрүүдийн цаснаар орон даяар нөхцөл байдал ямар байв?

-Онцгой байдлын байгууллагаас арваннэгдүгээр сарын 3-6-ны өглөөг хүртэлх хугацаанд 46 техник хэрэгсэлтэйгээр 280 алба хаагч ажилласан. 12 аймгийн 24 суманд үүрэг гүйцэтгэсэн. Нийт ажиллах хугацаанд гал түймрийн дуудлага, цасанд боогдсон, хээр төөрсөн гэх дуудлагууд давамгайлсан. Энэхүү дуудлагуудыг буцаагаад дүгнээд үзэхээр малчид, ард иргэд, тээвэрчид маань цаг агаарын мэдээг анхаарч сонсож, түүндээ дүн шинжилгээ хийгээд холын замд гармаар байна. Малаа хол бэлчээмээргүй байна. Бага насны хүүхдээ малд явуулмааргүй байна. Яг энэ өдрүүдээр отор нүүдэл хийх, хаваржаанаас өвөлжөөндөө буух гэх мэт нүүдэл хийсэн дуудлага мэдээлэл давамгайлсан. Тиймээс малчид, иргэд цаг агаарын мэдээг сонсож дүн шинжилгээ хийгээд, дараа дараагийн үйл ажиллагааг төлөвлөдөг байх шаардлага тулгараад байна. Цаг уур болон мэргэжлийн байгууллагуудаас мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулж байгаа. Үүн дээр

мэдээллийн эх сурвалжууд, хэвлэл мэдээллийн бүх байгууллага байнга хамтран ажиллаж, бүх сувгаар дамжуулан, мэдээлж байна. Гэвч иргэд өөрсдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж харамсалтай зүйлүүд тохиолдож байна.

-Цахим сүлжээнд арван иргэн осгож нас барсан гэсэн мэдээлэл явж байна лээ?

-Найман хүн амь насаа алдсан гэсэн харамсалтай мэдээлэл байна.

-Малын тоо толгой хорогдсон уу?

-Мал олноор хорогдсон тохиолдол одоогоор бүртгэгдээгүй.

-Зам даваа гүвээнд машин хаагдаж боогдлоо гэсэн дуудлага их байсан уу?

-Улаанбаатар хотын хоёр дүүрэг, найман аймгийн нутагт зам даваа боогдлоо гэдэг нийт 42 дуудлага ирсэн. Эдгээр дуудлагаас 152 иргэний амь насыг авран хамгаалсан. 42 тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг Онцгой байдлын алба хаагчид зохион байгуулсан.

-Одоогоор хаалттай зам бий юу?

-Одоо зам хаагдсан зүйл байхгүй. Бүх зорчих хэсгийг нээсэн.


ОБЕГ-аас дээрх мэдээллийг өглөө. Завхан аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга Ө.Болдоос тодруулахад “Завхан аймгийн төв цас ихтэй байгаа. Хөдөө орон нутгаар маш их цас орсон.

Одоо дахин шуурах юм бол зудын байдалд орох эрсдэл үүссэн. Өвөлжилт хүндхэн эхэлж байна. Онцгой байдлын газарт машин суусан, төөрсөн, цаснаар мал уруудсан гэх дуудлага их ирсэн. Хүн хохирсон, мал хорогдсон зүйл одоогоор байхгүй” гэв.

Төв аймгийн Эрдэнэсант суманд үргэлжлэн орсон цасны улмаас таван насанд хүрсэн иргэн, нэг хүүхэд цасан шуурганд төөрч, осгож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяагаас тодрууллаа.


-Танай суманд нэлээд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн мэдээлэлтэй байна. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогоор сумын нийт нутаг дэвсгэрээр цасан бүрхүүл тогтсон. Цасны зузаан багадаа 34-40 см. Энэ бол хамгийн нийтлэг хэмжээ. Гуу жалга дүүрсэн, баг хоорондын машин техник явдаг замууд бүгд хаагдсан. Хөдөө сумаас төв рүү орж ирдэг замууд бүгд хаагдсан. Иймэрхүү л байдалтай байлаа. Тэр өдөр эхэндээ бороо орсон. Үргэлжлээд цас болсон учраас маш их нягтаршсан, доороо мөстэй болчихсон. Өвөлжилт нэлээд хүндрэх төлөвтэй эхэлж байна.

-Энэ өдрүүдэд дуудлага мэдээлэл их ирсэн үү. Хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдсэн байсан?

-Шуурганд төөрлөө, малтайгаа уруудлаа гэсэн 12 иргэний дуудлага мэдээлэл сумын Онцгой комисст ирсэн. Үүнээс насанд хүрсэн таван хүн, нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэлтэй байна. Шуурганд осолдож нас барсан.

-Мал хорогдсон талаар мэдээлэл бий юу?

-Одоогоор мал хорогдсон тухай мэдээлэл ирсэн зүйл алга. Намрын шуурганд мал хорогдох нь бага байдаг. Гэхдээ одоо ямар нөхцөл байдалтай байна гэхээр ер нь их олон айл тэрхүү шуурганаар малаа алдсан. Олон ч айл малаа олж, шүүж, бүртгэж амжаагүй байна. Ерөнхийдөө айлууд малынхаа эрэлд их явж байна. Одоогоор мал олон тоогоор хорогдсон, хохирол амссан гэсэн мэдээлэл байхгүй. Өнөөдөр (өчигдөр) сумаас ажлын хэсэг гараад багуудад ажиллаж байна. Тэрхүү мэдээлэл нэгтгэгдэж гарсны дараа хорогдсон малын тоо толгой мэдэгдэх байх. Түүний дараа л хорогдсон малын тоо мэдээлэгдэх болов уу гэж бодож байна.

-Сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл байдлаа хэр хангасан бэ?

-Малчин өрхүүд өөрсдийнхөө хэмжээнд малынхаа өвс тэжээлийг бэлтгэсэн. Малчин өрхийн шалгуур үзүүлэлт гэдэг албан даалгаврууд өгөгддөг. Түүнийхээ дагуу бэлтгэлээ хангасан. Өөрсдийнхөө бололцоо, нөөц, хөрөнгө чинээний хэрээр таримал тэжээл, гараар бэлтгэсэн хадлангаа бэлтгэсэн. Манай сум харьцангуй газар тариалан ихтэй учраас тэжээлийн будаа нөөцөлсөн. Ийм л байдалтай өвөлжилтийн бэлтгэлийг хангасан.

-Танай суманд малчин өрх хэд байдаг вэ. Өвөл цаг агаарын байдал хүндэрнэ гэж эхнээсээ мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Энэ талаар малчин өрхүүдэд сэрэмжлүүлэх байдлаар хэр ажиллаж байгаа вэ?

-Манай суманд 938 малчин өрх байгаа. Мэдээллийн хэрэгслүүдээр малчин өрхүүдэд зориулсан цаг агаарын мэдээ маш их тавигдсан. Тэр мэдээллийг бид боломжийн хэрээр мэдээллийн сувгуудаараа шэйрлээд, тааглаад, түгээж байсан. Өөрсдийн фэйсбүүк хуудас, баг бүрийн иргэдтэйгээ харилцдаг фэйсбүүк группүүдээр тараадаг. Дээрээс нь хурал цуглаан болгоноор мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан мэдээлэл ийм байна гэж сануулдаг. Мөн УЦУГ-аас гаргасан албан мэдээллийг иргэдийн гар утсанд масс мессеж хэлбэрээр дамжуулдаг. Дээр нь самбар, үзүүлэн зэргээр мэдээллүүдээ түгээж байсан.

-Тэдгээр 938 малчин өрхөд дараа дараагийн сэрэмжлүүлэг, анхааруулгыг тасралтгүй өгч байна уу?

-Бид цаг агаар урьдчилсан мэдээллүүд дээр үнэлэлт дүгнэлт хийгээд одоо өвөлжилт хүндэрнэ гэдэг нь гарцаагүй боллоо гэдэг дүгнэлтэд хүрсэн. Сумын Онцгой комисс хэд хэдэн удаа хуралдлаа. Нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, үнэлгээ өглөө. Ер нь сумын хэмжээнд цасан бүрхүүл тогтчихлоо. Доод цасан бүрхүүл нь нэлээд их хэмжээний цастай тогтчихсон. Тийм учраас өвөлжилт гарцаагүй хүндрэх нөхцөл байдал руугаа орлоо гэдгийг багууддаа сануулж, ажлын хэсэг гарчихсан ажиллаад явж байна.

-Бусад аймаг, сумдын нутгаас отор нүүдлээр ирсэн малчид байсан уу?

-Одоогоор отроор ирсэн малчин байхгүй. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын зарим малчид байнга сумын зах хязгаараар нутаглаж байдаг. Энэ жилийн хувьд зориод отроор ирсэн малчид алга.

-Цас дагтаршсан гэхээр мал цасан доор дарагдсан өвсийг ухаж идэх боломжгүй болчихсон гэсэн үг үү?

-Боломжгүй болсон.

Сумын хэмжээнд нөхцөл байдал ийм байна. Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийг зорьж байсан иргэн Б.Баттулга тус сумын нутаг дэвсгэрт цасанд боогдон цааш явах аргагүй болсноо сумын фэйсбүүк группэд нийтлэн тусламж хүсчээ.

Иргэн Б.Баттулгатай холбогдон тухайн үед юу болсон талаар тодрууллаа.

-Та хотоос хэдэн цагт гарч, хэзээ Эрдэнэсант суманд очсон бэ?

-Би Улаанбаатар хотоос өдрийн 13:00 цагийн үед гарсан. 10 км газар маш удаан түгжирч, цасанд боогдсон. Ингээд 3-наас 4-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд очсон.

-Тухайн үед цасан шуурга болж байсан шүү дээ. Нөхцөл байдал ямар байсан бэ?

-Үзэгдэх орчин тэр чигтээ хязгаарлагдсан. Машины хаалга, цонх онгойлгох боломжгүй болтол цасан шуурга шуурсан. Эрдэнэсант сумын Онцгой байдлын хэлтсээс арга хэмжээ авсан ч тухайн үед цас түрэх ганц л техник хэрэгсэл байсан. Тэр нь цасаа түрж хүчрэхгүй, зам хаасан нөхцөл байдалтай байсан даа.

-Машин дотор болон гадаа температур тэр үед хэдтэй байсан бэ?

-Машин дотор -2 градус байсан. Гадаах цаг агаарын мэдээлэл худлаа заагаад, аль нь үнэн эсэхийг мэдэх боломж гараагүй. Гадаа 10 секунд зогсоход л гар хайрч, чих халуу дүүгэж байсан.

-Таныг тус сумын фэйсбүүк группэд тусламж хүссэн пост бичихэд хүмүүс тусалсан уу?

-Эрдэнэсант сумын нэг иргэн манайд ирээд хоночих гэж бичсэн. Даанч очих ямар ч боломж байгаагүй. Бас нэг хүн хоол цай дөхүүлээд өгье гэсэн ч хашааны хаалгаа онгойлгож чадахааргүй тийм их цас нөмөрсөн байсан.

Categories
мэдээ нийгэм

Д.Оюунцэцэг: Салбартаа анхдагч “Сорхун” төв ээжүүддээ төрөхийн өмнөх болон дараах үеийн бүхий л асаргаа сувилгааг цогцоор нь үзүүлдэг DNN.mn

“Сорхун” эх, нярайн сувилахуйн төвийн үүсгэн байгуулагч, алдарт эх, лус дархалсан бэр Д.Оюунцэцэгтэй ярилцлаа.


– Эх, нярайн сувилахуйн “Сорхун” төвийн талаар ма­най ээжүүд их л ам сайтай байдаг.Ингэхэд танай төв дөнгөж амаржсан эх, нярайд ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ.Үйл ажиллагааныхаа талаар эхлээд манай уншигч­дад сонирхуулахгүй юу?

– Манайхаар үйлчлүүлээд гарсан ээжүүд ихэнхдээ л сэтгэл хангалуун байдаг.Энэ нь манай хамт олны энхрий бяцхан үрс хийгээд нялх биетэй ээжүүдийгээ өөрийн юм шиг хайрлан хамгаалж, асарч сувилдаг чин сэтгэлийн үр дүн гэж боддог.Ер нь “Сувилахуйн төв” гэдэг ойлголт, тэр дундаа төрсний дараах эх нярайн сувилахуйн тусламж үйлчилгээ гэдэг бол манай улсын эрүүл мэндийн салбартаа хамгийн залуу салбар юм.Учир нь 2016 онд батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд анхлан “Сувилахуйн дагнасан тусламж үйлчилгээ” гэсэн ойлголт туссан л даа.Уг хуулийн 12 дугаар зүйлд сувилахуйн дагнасан тусламж үйлчилгээний талаар тусгайлан зааж өгсөн байдаг. Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн хуулийн эт­гээд үзүүлж болох бөгөөд Сувилахуйн төвийг байгуулах журам, үзүүлэх тусламж, үйл­чилгээний жагсаалт зэргийг багтаасан эрүүл мэндийн сай­дын журам тушаал 2017 онд батлагдан гарсан. Гэвч дагал­дан гарах стандарт нь удаан хүлээгдэн байж 2019 оны хавар эцэслэн гарсан байдаг.Энэ үеэс манай улсад сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх хууль эрх зүйн орчин нөхцөл бүрдсэн гэж үзэж болно.Манай “Сорхун” сувилахуйн төв нь энэ чиглэлээр тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж буй анхдагч байгууллага гэдгээрээ бахархаж явдаг даа.

Манай төвийн үзүүлдэг тус­ламж үйлчилгээг товчхон илэрхийлбэл дөнгөж төрсөн нялх биетэй ээж болон нярай хүүхдийг төрөх эмнэлгээс шууд хүлээн аваад 10-21 хоног асран сувилж төрсний дараа эх бо­лон нярайд үүсдэг бүхий л асуудлуудыг мэргэжлийн түвшинд шийдэж өгдөг гэж хэлж болно.Нялх биетэй ээжид зориулсан шим тэжээлээр бая­лаг эрүүл хоол хүнсээр үйлчилж, мөн шаардлагатай нарийн мэргэжлийн эмч су­вилагчийн үзлэг эмчилээг цаг алдалгүй хийнэ.Нярай хүүхдийн хувьд тусдаа нярайн тасагт шаардлагатай бүхий л асаргаа сувилгааг хийдэг.Усанд оруулах, иллэг массаж хийх, хамар, чих, хүй цэвэрлэх, угжиж хооллох гэх мэт бүхий л ээжүүд аавуудын гэрийн нөх­цөлд хийдэг асаргаа сувилгааг мэргэжлийн сувилагч, асрагч ээж нар хийдэг.

– Шинэ төрсөн ээжүүдийн сэтгэл зүй мэдээж эмзэг бай­даг.Тэгвэл “Сорхун” төв ээжүүдэд сэтгэл зүйн зөв­лө­гөө өгдөг нь их талар­хууш­тай санагдлаа.Сүүлийн үед ойрхон төрсөн юм уу гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд их деф­ресст орох болсон тухай мэдээллүүд харагдах болжээ.Ийм ээжүүддээ зо­риулж юу гэж зөвлөх вэ?

– Төрсний дараа 10-28 хоногийн хугацаанд ээж болж буй бүсгүйчүүдэд тохиолддог үндсэн асуудлуудын нэг бол сэтгэл санааны тогтворгүй бай­дал юм.Төрсний дараах сэтгэл гутрал гэж тусдаа бие даасан сэтгэл зүйн суд­лагдахуун байна.Ялангуяа анх­лан төрөгсдөд ихээр үүсдэг энэхүү сэтгэл санааны тогт­воргүй байдлыг манай төвд амарч байх хугацаанд нь шийдээд гаргах үүднээс бид мэргэжлийн туршлагатай сэтгэлзүйчийг ажиллуулдаг. Шинээр ирсэн ээжүүдийг сэтгэл зүйчтэйгээ уулзуулж анхан шатны асуумж авч сэтгэл зүйн байдал болон ямар тусламж зөвлөгөө шаардлагатай  байгааг тодорхойлоод үйлчлүүлж байх хугацаанд нь тулж ажилладаг. Хүүхэд төрүүлнэ, ээж болно гэдэг чинь асар их хариуцлага хийгээд хүний амьдралд гардаг эрс өөрчлөлт шүү дээ.Бүх зүйл өөр болдог үе гэх үү дээ.Энэ үед нь түүнийг ойлгож дэмжих, түшиг тулгуур болох ханийн үүрэг хамгаас чухал байдаг шүү гэдгийг л аавууддаа захиж хэлмээр байна.

– Ээжүүдийн алжаал ядар­гааг тайлахад амралтаас гад­на шим тэжээлтэй хоол маш чухал байдаг тухай та дээр дурдлаа.Хоолны хувьд та­найх ямар стандарт барим­талдаг вэ?

–  Мэдээж төрсөн ээжид тохи­рох зөв хоолыг өгөх нь туйлын чухал.Манай монголчууд дөн­гөж төрсөн бэрдээ, охиндоо шинэ хонь гаргаж шинэхэн махаар шөл хийж уулгадаг соёл­той ард түмэн.Энэ нь нялх биетэй ээжид аль болох шинэ­лэг, шүүслэг махаар амттай хийгээд шим тэжээлтэй хоол хийж өгөхийг хичээж буй хэрэг юм л даа.Манай “Сорхун” Эх нярайн сувилахуйн төв нь мэргэжлийн хоолзүйч болон эмнэлгийн тогооч нарийнхаа тус­ламжтай зөвхөн төрсөн ээжид зориулсан хоолны жор боловсруулан үйлчилж байна.Манайх Монголдоо анхдагч төрсний дараах сувилахуйн төвийн хувьд шинэлэг энэхүү үйлчилгээг эх орондоо нэвт­рүүлэхдээ энэ төрлийн үйл­чилгээ хамгийн өргөн хөгжсөн БНСУ-ын туршлагыг олон жил судалж байлаа.Хоол нь ямар байдаг юм бол.Бариа массаж нь юу юу хийж байна.Үүнээс манайд таарах тохирорх нь юу байна.Бас эсрэгээрээ манай соёл, уур амьсгалд тохирохгүй нь юу юу байна гэхчлэн маш их судалж байлаа даа.Тэр явцад хоол зүйн тал дээр нэг зүйл ойлгож авсан нь ээжүүдэд өгөх хоолыг аль болох давс султай, жигнэж чанаж болгосон, элдэв амтлагч гэхээс илүү шим тэжээл чанартай хүнсний материалаар өөрөөр нь амталж хийх нь зөв юм байна.Тэгээд шим тэжээлээр баялаг байхын зэрэгцээ илчлэг буюу калор багатай нэг үгээр хэлбэл эрүүл хоол байх ёстой.Мөн орц найр­лага талаасаа ээжүүдийн идэж байгаа хоол нь сав агшаах, ха­ван хөөхийн зэрэгцээ хөхөнд сүү сайн оруулах үйлчилгээтэй байх ёстой байдаг.Иймд адил­хан хоол боловч орц найр­лагын хувьд энгийн тусгай тийм найрлагуудыг заавал хийх жи­шээтэй.Манайх амарч су­вилуулж буй ээжүүддээ өдрийн гурван удаагийн хоол, хоёр удаагийн зууш өгөхийн зэрэгцээ сүүтэй цай гэх зэрэг уух зүйлээр хангалттай үйлчилдэг.Ингэж сайн хооллоод л байхад ээжүүд маань сувиллаас гарах үедээ дунджаар 5-10 кг жин хаяад галбиржаад л гардаг байгаа.

– Манай монголчууд төрс­ний дараа гам барихыг их чухалчилдаг.Харин гадаад эмэг­тэйчүүдэд тийм ойлголт бай­даг­гүй Ингэхэд гам ба­рихын ач холбогдол юу вэ?

-Төрсний дараах гам барих гэдэг ойлголт ази тивд, тэр дундаа хүйтэн ширүүн эрс тэс уур амьсгалтай төв Азийн хэдхэн улсад л байгаад байх шиг.Адилхан ази хүмүүс боловч харьцангуй халуун дулаан уур амьсгалтай Япон, Хятад, Зүүн өмнөд Азийн улсуудад бол тийм ойлголт бас байхгүй.Харин бидэнтэй энэ гам барих ёс заншил, соёл маш ижил улс бол БНСУ юм л даа.Тиймдээ ч энэ улсад хамгийн сайн хөгжсөн, эрүүл мэндийн тусламж үйл­чилгээний нэг биеэ даасан салбар болтолоо хөгжөөд байгаа юм.Бараг Ази тивийн тусгаар улсууд дундаас ийм гам барих ёс заншилтай улсууд гэвэл Монгол, Солонгос хоёр л улс байгаа байх шүү.Эмэгтэй хүн хэвлийдээ ургаа арван сарын турш тээх явцад аарцаг, нуруу, хавирга, цээж гээд бүх үе мөчинд ачаалал ирдэг.Үүний зэрэгцээ эмэгтэй хүний бие махбодь маань төрөх үйл явцад бэлтгэн дааврын нөлөөгөөр бүхий л үе мөч холбогч эдүүд сунаж зөөлөрч байдаг.Ингэж сунаж зөөлөрсөн үе мөч хол­богч эдүүд олон сарын турш хүнд ачаалал авсанаар эмэгтэй хүн өөрөө их ядарна.Араг яс үе мөчид зарим төрлийн өөрчлөлтүүд үүсдэг.Энэ бүх өөрчлөлтүүд төрсний дараа 40-100 хоногийн дотор буцаад хэвийн байдалдаа шилждэг.Энэ үеийг бидний өвөг дээдэс эрт дээр үеэс гам барьж биеэ энхрийлэх ёстой хамгийн чухал хугацаа гэж үзэж хүйтэн усанд гар хөлөө дүрэхгүй, салхи савир авч даарахгүй байх, хамаагүй хүнд юм өргөхгүй байх зэргээр анхааруулж ирсэн уламжлалтай шүү дээ.Дээрээс нь сайн унтаж амраад элдэв санаа сэтгэл зовоосон зүйлгүй тайван бай­хыг захиж хэлдэг байлаа.Эр­гээд бодоод үзэхэд манай өвөг дээдэс үнэхээр л анагаах ухааны үндэслэлтэй л зүйлүүдийг захиж хэлдэг байж л дээ.Эмэгтэй хүн энэ­хүү чухал үе буюу 40-60 хонгийг л өөртөө анхааралтай, өөрийгөө хайрлаж өнгөрөөх юм бол цаашдын олон жилийн амьдралдаа эрүүл саруул эрч хүчтэй байх нөхцөл бололцоо бүрддэг юм шүү гэж захиж хэлмээр байна.Мэдээж энэ үед ээж, аавууд болон халамжит ханийн үүрэг хамгаас чухал. Миний үед бол ханьтайгаа хамт ээжийгээ дуудаад л гэртээ гам бариад л үзэж тардаг байлаа шүү дээ(инээв). Одоо нийгэм өөрчлөгдөж, хүн амын дийлэнх нь суурин иргэншилд шилжсэн энэ их завгүй амьдралын урс­галд гэрийн нөхцөлд гам барих, асаргаа сувилгаа хий­нэ гэдэг амаргүй болсон.Иймд мэр­гэжлийн хүмүүст нь даатгаад сэтгэл амар байх нь хаа хаанаа хэрэгтэй зүйл гэж боддог.

– Анхлан төрж байгаа ээжүүдэд элбэг тохиолддог асуудал бол хөхөнд сүү орохгүй байх, хөхний толгой нь хагарах зэрэг байдаг.Тэгэхээр танайх энэ тал дээр ямар арга хэмжээ авдаг вэ?

– Манай “Сорхун” сувилахуйн төв нь 20 гаруй жилийн турш­лагатай, зөвлөх зэргийн мэр­гэж­­лийн бариа засалчаар ах­­­­луулсан баг ажиллаж хөх­­­­­­ний бариа, асаргааг цаг алдал­­гүй хийдэг.Ингэснээр хөх зангирах гэх мэт зовиур үүс­­сэн үед шуурхай арга хэмжээ авч шийдэж байна.Мөн өрөө болгонд автомат сайн чанарын хөхний саалтуур байхын зэрэгцээ мэргэжлийн эмч сувилагч нар хөхөө зөв амлуулах, зөв хөхүүлэх дадлыг заан сургаж ажилладаг.Иймд ээжүүдэд хөхний толгой хагарах зэрэг асуудал бараг гардагүй.Гэрийн нөхцөл бол энэ мэт олон л бэрхшээл тулгардаг шүү дээ.Хүүхдийн шарлалтын асуудал байна, ээж өөрөө оёдол­той шархтай төрсөн бол түүнийгээ үзүүлж харуулах, цэвэрлэгээ боолт хийлгэх гээд л эмнэлэг рүүгээ хэд хэд очих ажил гардаг.Энэ тоолонд нөгөө л гам алдах үндэс болж байдаг.Манайх байнгын хүүхэд нярайн нарийн мэргэжлийн эмчтэй тул хүүхдүүн шарлалт хооллолт гэх мэт бүхий л зүйлүүдийг хянаад ээжүүддээ зөвлөгөө мэдээлэл тогтмол өгдөг.Бас эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй тул ээжүүдээ үзээд сав умайн агшилт, оёдол шарх зэргээ хянаад эмчилгээг тэр дор нь хийгээд өгдөг тул заавал гарч ороод гам алдаад байхгүйгээр сэтгэл амар тэнхэрдэг дээ.

– Амаржсан эх, нярай төрөх эмнэлгээс шууд танайд ирж болдог байх нь ээ.Урьдчилж өрөөгөө захиалах ёстой юу?

– Манайх бол төрөөд л шууд төрөх эмнэлгээс ээж бо­лон нярайгаа хүлээн авдаг.Гэх­дээ заавал урьдчилан 1-2 сарын өмнө гэрээгээ хийж за­­хиал­гаа баталгаажуулсан байх шаардлагатай.Ингэсэн тохиол­долд бид таны төрөх өд­рийг тааруулаад таны захиал­сан өрөөг бэлэн байлгах болно.Манайх ачаалал ихтэй байдаг тул сонирхож байгаа ээжүүд байвал урьдчилан ирж үзээд бүхий л зүйлээ асууж тодруулж сайхан ярилцаад таалагдсан тохиолдолд гэрээгээ хийж за­хиалгаа баталгаажуулаарай л гэж хэлмээр байна даа.

– Жирэмсэн  ээжүүдэд ямар үйл­чилгээ үзүүлдэг вэ?

– Жирэмсэн ээжүүдийн  хувьд хорд­­лого, ачаалал зэргээс ха­­­маараад   ядрах  сульдах асуу­дал элбэг. Ялангуяа ойр ойрхон жирэмсэлж буй бүсгүйчүүд мөн тэр дундаа хожуу үеийн хордлоготой ээжүүдийн хувьд эмчилгээ асаргаа туйлын шаардлагатай байдаг. Гэвч тэглээ гээд эмнэлэгт хэвтэх хэцүү… Очих, үйлчилгээ авах газар байдаггүй байсан бол манай сувилахуйн төвд ирж хэвтээд өөрт тохирсон шим тэжээлтэй хоол цайгаар үйлч­лүүлэхийн зэрэгцээ унтаж амраад, алжаал тайлж хаван буулгах зөөлөн бариа массаж хийлгээд сайхан сувилуулах боломжтой юм.Магадгүй бас ийм үйлчилгээ хайж байгаа ээж аавууд байвал манайд хандаж болно.Бид төрсний дараах болон төрөхийн өмнөх үеийн бүхий л асаргаа сувилгааг цогцоор нь үзүүлдэг.

– Эмч, ажилтнуудынхаа ур чадварын талаар хуваал­цахгүй юу.Нэг эмч, сувилагч хэдэн эх, нярай хариуцдаг вэ?

– Манай сувилахуйн төв нь хүүхэд нярайн нарийн мэр­гэжлийн эмч, эх барих эмэг­тэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч, уламжлалт анагаах ухааны тэр дундаа бариа заслын зөв­лөх зэргийн бариач бага эмч, эх баригч, сувилагч, хоолзүйч, сэтгэлзүйч гээд нярай хүүхэд болон нялх биетэй ээжүүдийг асрах сувилахад хэрэгтэй мэргэжлийн боловсон хүчнийг бүрэн бүрдүүлж чадсан. Энэ нь “Сорхун” төвийн гол давуу тал юм.Манай хамт олон төрсний дараах эх нярайн сувилахуйн чиглэлээрээ ажиллаж бай­гаа Монголдоо хамгийн турш­лагатай хүмүүс гэдгийг заавал онцлон хэлмээр байна.Солонгос улсын мэргэжилтэн ирж манай үйл ажиллагаатай танилцах үедээ хүний нөөцийн хангамжийг үнэхээр их гайхан сайшааж байсан л даа.Тэр хүн “Манай Солонгос улсад төрсний дараах сувилахуйн төвд танайх шиг ийм байнгын нарийн мэргэжлийн эмч ажил­ладаггүй, сэтгэлзүйч байдаггүй” гээд биднээс сурах зүйл их байна гэж хэлж байсан шүү.Салбартаа анхдагч, таван жилийн туршлагатай хамт олон гэдгээрээ бид үргэлж бахархдаг.

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Баярцэнгэл: Дээд түвшний дарга нарын ёс зүйгүй үйлдэл нийгмийн хэм хэмжээ, ёс зүйг эвдэж байдаг DNN.mn

Рояаль ОУИС-ийн багш, сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Шат шатны дарга нар авлига авсан, нүүрс хулгайлсан, тендер будилуулсан зэрэг хэргээр баривчлагдсан тухай мэдээлэл ар араасаа цацагдаж байна. Энэ нь тухайн нийгэмдээ ямар нөлөө үзүүлдэг юм бэ. Ажил нь төрөл бүтэхгүй, юу ч хийхгүй байгаа сэтгэгдлийг масст төрүүлж байдаг уу?

-Олны анхаарлыг татсан үйл хэрэг иргэдийн сэтгэл зүй, амьдралдаа хандах хандлагад салшгүй нөлөөллийг үзүүлсээр ирсэн. Заавал эргэх холбоо үүсдэг. Нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй байдал зөвхөн манай улсад тулгамдаагүй. Дээд түвшний ажил алба эрхэлж буй хүмүүсийн ёс зүйгүй үйлдэл, нийгэмд тарж буй фактууд иргэдийн шударга байдлыг хэмлэсээр байна. Тухайлбал нийгмийн хэм хэмжээ ёс зүйг эвдэж байна. Сонгуулийн цикл, тогтолцооны гажуудал бүхий нийгмийг байгуулаад эрүүл сэтгэлгээ алдагдсан гэж хэлж болно. Иргэд өөрсдөө шударга зүйлийг нэхэхгүй, гаж үзэгдлийг харьцуулж, өөрсдийн хүрээлэн буй орчинд эрх ашгаа илүү тулгаж сэтгэл ханамж авахыг илүүд үзэх болсон. Бурууг зөвөөс ялгах сэтгэлгээ үгүй болсон гэж хэлж болно.

-Нийгэмд ийм сэтгэгдэл төрүүлэхийн хор уршиг нь өнөөдөр яаж илэрч байна вэ?

-Иргэдийн сэтгэл хөдлөл, ухамсаргүй байдал илрэн гарах хандлага дээр тулгуурласан хариу урвал дээр шударга бус нийгмийн орчин давамгайлна. Үүнд медиа үүрэг мөн адил сөргийг дэмжих хандлагыг ихэсгэх хүчин зүйл болсон. Нийгмийн сэтгэл зүй үнэн бодитыг тусад нь авч үзэх хэмжээнд хүрэхгүй, эд нар иддэг юм байна, иддэг уудаг нөхцөл нь байна, дэмждэг хэсэг нь байна.

Энэ хандлага нийгмийн хамгийн нэгж хэсэгт амьдарч буй хүмүүсийн орчиндоо үзүүлж буй нөлөөлөлд ч харагдаад эхэлсэн шүү дээ. Наад захын жишээг онцлоход цэцэрлэгийн багшид элдэв янзын бэлэг сэлт өгдөг. Бэлэг авсан багш нь хүүхэдтэй нь илүү нягт ажилладаг. Энэ нь жижиг асуудал мэт харагдавч шат шатны дарга нарын авлигын хэрэг нь нийгэмдээ ингэж тусч байгаа юм.

Хэт эмоци дээр тулгуурласан нийгмийн сэтгэл зүйг жолооддог тогтолцоо манайд бий болсон. Иргэд сөрөг мэдээлэлд анализ хийх хэмжээний биш, зөв бурууг ялгах учир зүйг олохгүй хэсэгтээ л шуурч бухимддаг. Гэхдээ тэд өөрсдөө үүнийхээ нэг хэсэг болж байгаагаа огт анзаардаггүй. Мэдээлэлд дүн шинжилгээ хийж эрүүлээр харах чадамжгүй байна л даа. Шуураад, дэмий л бухимдаж сэтгэл зүйгээ хямраагаад л.

-Тэдэнд хариуцлага тооцож зохих шийтгэлийг оногдуулсан тухай мэдээлэл үүнтэй ижил хэмжээнд цацагдаж байх шаардлагатай юу?

-Тийм. Хариуцлагын тогтолцоо байхгүй, асуудал дэгдэж хэсэгтээ шуурахаас биш эргээд хариуцлага тооцож шийдвэр гаргалт байхгүй учраас нийгмийн сэтгэл зүйд эрүүл байдал үүсэхгүй байгаа юм. Энэ нь өнөөдрийн бидний амьдралдаа хандаж буй зан үйлд бэлхнээ харагдана. Нэг хэлнэ, нэг зэмлэнэ, тусган авах чадвар сул. Ижил хэмжээний цацагдах хэмжээнд шийдэгдсэн асуудлууд алга. Шударга үнэний мэдрэмж сул, тогтвортой шийдвэр гаргах хэмжээнд хүрэхгүй байна.

-Түүнчлэн олныг сэрдхийлгэсэн хэргүүд хэд хэд гарлаа. Дунд сургуулийн охиныг авч яваад амийг нь хөнөөлөө гэдэг ч юм уу. Ийм хэргүүд нийгэмд хэрхэн нөлөөлдөг юм бэ. Хэн нэгэнд гэмт хэрэг үйлдэх сэдэл болдог уу, эсвэл сэрэмж болж байна уу?

-Сэтгэл хөдлөл өндөр иргэдийн сэтгэл зүйд айдас төрүүлэх, эрүүл бус сэтгэл зүйтэй хэсгийн загатнасан газарт маажих л үйл явц үргэлжлээд дуусдаг. Нийт мэдээллийн дийлэнх нь стресс, түгшүүр өгөхөөс эрүүл мэдээллээр хангах хэмжээнд бус байна. Хүчирхийллийн мэдээлэл хүнд сэдэл ч төрүүлнэ. Нөгөө талдаа сэрэмжлүүлэг ч болдог. Сүүлийн жишээнээс хойш л эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь өөрөө хүргэж өгдөг болсон шүү дээ. Тухайн бүс нутагт камерын хяналт сайжирсан байх жишээтэй.

Бид мэдээллийн урсгалыг бид хорьж дийлэхгүй. Мэдээлэл хүргэх үүргээ биелүүлэхээс, мэдлэг дамжуулалт, иргэдийн боловсролд тулгуурласан сэтгүүл зүй хийхгүй байгаа гэж хардаг. Тухайн нийгэмд түрж буй мэдээлэл бүр иргэдэд хүрэх албагүй. Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байгаа, тэр чигээрээ айж байгаа, тэр чигээрээ зөв гэж талцаж хуваагдсан үндсэн чиглэлгүй хийссэн нийгэм л бий болоод удлаа.