Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

“Монгол бахархлын өдөр” 128 бөх барилдана DNN.mn

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр” тохиож байна.

Энэ өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой, чансаа сайтай 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 13 цагаас болно.

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна. Энэ дагуу маргааш бүх нийтээр амрах юм.

Эх сурвалж: Монгол үндэсний бөхийн холбоо

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд нэг шөнийн дотор найман хүн цасан шуурганд амиа алдах нь бараг Изриаль Хамасын дайнаас ч ширүүн үү DNN.mn

Одоогоос зургаа хоногийн өмнө буюу энэ сарын 4-5-нд шилжих шөнө орон нутагт цаг агаарын хүндрэлийн улмаас долоон том хүн, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болов. Эндсэн хүмүүсийн долоо нь Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын нутагт бол нэг нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нүүдэл хийж байгаад, зарим нь малаа хариулж яваад цасан шуурганд төөрч, осгосон болохыг Онцгой байдлын байгууллага мэдээллээ. Энхийн цагт нэг шөнийн дотор олон хүн эндэнэ гэдэг хачирхалтай явдал. Тэр тусмаа нүүдэлчин уламжлалтай, хөдөө аж ахуйн орон гэгддэг Монгол орны малчид мал дээрээ олноороо амиа алдах нь байж болох үзэгдэл үү.

Монгол орон угаас эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -45 хэм хүрч хүйтэрдэг, зундаа +45 гарах аймаг, сумд олон. Цас, бороо, шуурга жилийн дөрвөн улиралд байдаг л үзэгдэл. Манайх шиг оронд саяны цасан шуурга цаг уурын хэвийн нэг үзэгдэлдээ орно. Харин ч өвлийн эхэн сар учраас агаарын хэм тэгтлээ хүйтрээгүй байсан үе. Ийм нөхцөлд бид найман хүнээ цаг бусаар алдчихаад хоосон эмгэнэн суух тийм ч зохистой үйлдэл биш ээ.

Өнөөдөр малчдын хэрэглээнээс бараг гарсан радио гэдэг хэвлэл мэдээллийн нэг төрлийн хэрэгсэл хуучин үед чухамдаа цаг агаарын мэдээг авдаг гол хэрэгсэл байв шүү. Мэдээж улсын баяр наадам, дуу хөгжим, цаг үеийн мэдээллийг сонсож ирсэн. Гэхдээ радио хэрэглэх гол зорилго бол хуучны малчид тэнгэр хангайгаа хэрхэх төлөвийг

сонсож, аж амьдрал, нүүдэл суудлаа тохируулдаг нэг ёсны соёл болон төлөвшсөн байлаа. Хуучны малчид, хөгшид радиогоороо цас борооны мэдээг сонсож байгаад нүүдэл суудлаа товлодог, айл саахалтдаа дуулгадаг уламжлалтай байв. Ерөөсөө л малчин хүний амьдрал цаг агаартай салшгүй холбоотой.

Харин өнөөдөр цаг өөр болж, радио ч ихэнх малчны хэрэглээнээс гарсан. Малчин өрх бүр гэртээ телевиз суурилуулчихсан, гар утас хэрэглэдэг болсон үе. Бүхий л шугамаар цаг уурын мэдээллийг бараг хахтал гэдэг шиг авч байгаа гэсэн үг. Энэ удаагийн цаг агаарын хүндрэх төлөвийг бараг нэг сарын өмнөөс цаг уурын байгууллага анхааруулж эхэлсэн. Ид есийн үе биш, өвлийн эхэн сар, бараг эхний шахам их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тухай урьдчилсан мэдээлэлд Монголын бүх хэвлэл анхааруулга хандуулж, мэдээлсэн. Анхааруулга сэрэмжлүүлэг өгсөөр байхад найман хүний алтан амь үрэгддэг байдал Монголоос өөр байхгүй. Дэлхийн хоёр талд өрнөж буй Орос Украин, Израил Хамасын дайн биш. Өөрийн эх орондоо, даваа нугачаа бүрийг нь мэддэг эх нутагтаа цас шуурах төдийд ийм олуулаа эндэж байгаа үндэстэн манайх л болж таарлаа.

Үнэндээ нэг цаг хугацаанд олон хүн эрсэддэг явдал бол дайн, байгалийн том хэмжээний гамшиг, гэнэтийн осол аваар зэрэг л байдаг. Хойд мөсөн далайд аялж явсан аялагчдад, магадгүй Эверестэд авирч буй уулчдад гэнэтийн ийм явдал тохиолдож болзошгүй юм. Гэтэл Монголын хөдөөд, төрж өссөн нутагтаа, малчид ганц шөнийн дотор ийм олуулаа эндэж, олон хүүхэд, гэр бүл өнчирч үлдэнэ гэдэг тун харамсалтай.

Үүний гол шалтгаан ерөөсөө бид үгэн дохио анхааруулга яриа зэргийг огт тоодоггүй, хүлээн авдаггүй болчихжээ. Хатуухан хэлэхэд үгэн яриагаар дохио авч сураагүй байна. “Цас орно, шуурна гэнэ” гэхэд “Хөөх, тийм үү” гэж эргэцүүлдэггүй, боддоггүй болчихсоны илрэл. Нэг сарын өмнөөс бүх сувгаар цаг агаарын төлөв байдлыг сэрэмжлүүлээд байхад нүүдэл суудал хийж, ямар ч бэлтгэлгүй малд гарч явсан болж таарлаа шүү дээ. Нөгөө, Монголын “яагуузай л гэж” гэдэг алдарт зан яг ийм үед үйлчилсэн гэсэн үг. Хүнээ алдсан хүмүүст хатуухан л сонсогдож мэднэ. Гэвч ард үлдсэн ар гэрийн хүмүүст ийм л харуусал хамгийн түрүүнд бууж буй. Тусламж, дэмжлэг шуурхай байх, байхгүй тухай дараагийн асуудал. Магадгүй сум, багийн дарга нар нь малчдаа нэг бүрчлэн татаж чангааж байгаад бас шилэн хүзүү рүү нь нэг сайн дэлсэж өгөөд “Хөөе, сэрэмжлээрэй. Цас орох нь, шуурах нь байна шүү” гэж хэлэх байсан уу.

Ер нь бид яагаад ийм сэрэмжгүй, нэгнийхээ хэлсэн, анхааруулсныг үл тоодог болчихов. Монголчууд бид нийтээрээ нэгэндээ худлаа ярьдаг хэрэг үү. Дөрвөн уулын дундаа сошиал сүлжээнд дэвж, улстөржиж суудаг нийслэлчүүд нэгэндээ худлаа ярьдаг гэвэл бараг итгэхээр. Хүн юм ярихаар огт үнэмшдэггүй, худал дэмий ярьж байна гэж боддог болсны гай юм. Хэт их мэдээлэл хүмүүсийг ийм байдалд оруулдаг. Хүн толгойтой болгон нь мэдэмхийрээд байхад ингэхээс ч яах вэ. Телевиз, утсаар мэдээлэл аваагүй гэвэл ядаж саахалт айлууд нэгэндээ орж гарах зуурт цаг агаарын сэрэмж мэдээг дамжуулмаар юм. Өвлийн сар гарчихлаа гэдгийг хэн бүхэн мэдээд малд явахдаа дулаан дээл хувцас, холбоо барих хэрэгсэл, хоол ундаа зэхээд гардаггүй хэрэг үү. Хээр талд яваа хэнд ч энэ бүхэн хэрэгтэй эд зүйлс. Гэнэт цаг агаар муудах эрсдэлийг малчид тооцоолж сурсан баймаар.

Өнөөдрийн малчид хүн хүч муу болсон. Энэ байдлаа бодоод цаг агаар хүнд өдөр малаа хашаа хороондоо хашаад өнгөрөөж ч болох байлаа. Ерөөсөө 21 дүгээр зуунд мэдээллийн эрин үе төгсөрч байгаа нөхцөлд ямар ч эрсдэлийг даван туулах боломжийг А-Я хүртэл заачихсан шүү дээ. Эрс тэс уур амьсгалтай Монгол орны малчид энэ талаар нийслэлчүүдээс ч илүү мэдлэг, мэдээлэлтэй суух ёстой. Хуучны өвгөчүүд бол амьдралаараа заадаг байсаан. Тэр уламжлал, дээр нь орчин үеийн мэдээллээс аваад хөдөөд эрсдэл, эндэгдэл битгий хэл хэнээс ч тансаг сайхан амьдарчих боломж бүрэн дүүрэн бий болсон. Даанч манай малчид дур зоргын мал аж ахуй “эрхэлдэг” болсоор өнөөдөр ийм эрсдэл үүрэхэд хүргэж байна гэж хэлэхэд ч болох. Энэ тухай манай сонин байнга хөндөж ирсэн. Мал маллагаа гэдэг арга ухаан хаягдчихсан, зоргоор нь бэлчээрлүүлдэг. Өглөө малаа дагаад гардаг малчин ховор болсон. Гэрээсээ дурандаж байгаад эрх биш орой нэг хотлуулдаг. Бүх малчин ийм биш л дээ. Ийм үзэгдэл мал аж ахуйн салбарт бий болчихсон учраас цаг уурын хүндрэлтэй үед хүнд үр дагаврыг хүртэж байгаа явдал шүү дээ. Ийм байдалтай малчин өрхүүд гэнэт цас, бороо ороход “Мал” гээд л ухасхийгээд гарцгаадаг. Дулаан бүлээн хувцас, хэрэглэл, гэнэтийн нөхцөл байдалд хэрэглэх эд зүйлс базаахгүйгээр гэрийн нимгэн цамцан дээрээ тэрлэг нөмрөөд л, бүсээ хагас дутуу бүслээд хаалга саван одоцгоодог. Байгалийн хуулийг хүн өөрийн нүцгэн биеэр сөрж гарах боломжгүй. Малаа олохгүй бол яах вэ, гэрээсээ хэр хол зайд яваад буцах вэ гэх мэт наад захын амьдралтай боломжуудыг малчин өрхүүд аль ч улиралд хэвшүүлчихсэн байх ёстой. Үр хүүхдүүддээ ч зааж зөвлөж сургаж байх. Дэлхийн хүн ам ийм л байдаг. Өнөөдөр цас, зуднаас цаадахыг яаж давж амьд гарах тухай арга замыг шинжлэх ухаанаар батлаад, тайлбарлаад зөвлөсөн үй олон мэдээллүүд интернэтээр нэг бий. Амьдралд хэрэгтэй ийм зүйлсэд суралцаж, ашиглахгүй байгаагийн илрэл шүү дээ.

Ерөөсөө энэ удаа ч биш, ганц мал аж ахуйн салбарт ч биш. Улаанбаатар хотод хэдхэн сарын өмнө ид зуны улиралд буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд их хэмжээний бороо ороод л цаг агаар сэрүүсэхэд нүүрс түлж, тэр шөнө 25 хүн угаартаж, найман хүн газар дээрээ амиа алдсан айхавтар явдал болсон доо. Мэргэжлийн байгууллагууд энэ цаг зуурын ослыг хохирогчид гэрийнхээ өрхийг бүтээчихсэн, яндангаа авчихсан, хаалтаа хаачихсан, утаа мэдрэгчээ ажиллуулаагүй гэх зэргээр тайлбарлаад өнгөрсөн.

Үүнээс харахад бид аливаа эрсдэлтэй зүйлд бэлэн байх, эрсдэлээс хамгаалах нөхцөл боломжийг бүрдүүлэх, бэлдэх, өөрөөр хэлбэл сөрөн тэсвэрлэх чадвараа алдсаар байгаагийн гашуун түүхүүд эдгээр л болж таарч байна. Нийгэм ч ийм эмх замбараагүй, сахилга батгүй болж гүйцсэн. Нийтээрээ бид амьдралаа ийм маягаар л хөтлөн явуулж байна гэхэд хилсдэхгүй. Өглөө ажил эхлэхэд яс цагаа бариад чанартай бүтээмжтэй ажиллаад, гэр бүлдээ цаг зарцуулаад, өөртөө цаг гаргадаг бүтээлч байдалтай монгол хүнийг олоод ирээч гэвэл цөөхөн дөө. Мэдээж хөндлөнгийн хүчин зүйлүүд нөлөөлж буй ч монголчууд бидний амьдрал нийтээрээ ийм зохион байгуулалтгүй, хашир хэрсүү биш, аливаа эрсдэлд бэлтгэлгүй болсон нь үнэн. Өнгөрсөн зуны үерийн нөхцөл байдлыг эргэн санахад ч тэр.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.11.16-17/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·      Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/

·      “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Бусад

·      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ганибал: Дагалдах хуулиудаар “Эрдэнэс Баянбогд” уурхайг Нийслэл захиран зарцуулах эрхийг бий болгох гэж байна DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-“Эрх баригчид төсөв дагасан хуулиар хулгай хийх замаа засч байна” гэж та мэдээлсэн. Үүнийг илүү тодорхой яриач. Дагалдах яг ямар хуулиар яаж хулгай хийх гээд байна гэж?

-Сүүлийн 10 жилд Монголд маш буруу жишиг тогтож байна. Улсын төсвийг дагалдуулж салбарын хуулиудад өөрчлөлт оруулдаг буруу жишиг хэрээс хэтэрлээ. Энэ жилийн тухайд төсвийг дагалдуулж 21 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна.

Угтаа УИХ баталсан хуульдаа нийцүүлж төсвөө батлах ёстой. Өрийн хязгаарын тухай, Төсвийн хяналтын тухай хууль ч гэдэг юм уу, хуульдаа нийцүүлж төсвөө хийх ёстой. Түүнээс төсвийн хуулийг дагалдуулж бусад хуулийг өөрчлөх биш. Хуулиа өөрчилж байгаад өрийн таазаа нэмчихдэг, Төсвийн хяналтын хуульд өөрчлөлт оруулчихдаг.

-Хууль гэдэг бол бодлого. Монгол төрийн бодлого энэ хэрээр тогтворгүй, дархлаагүй байна гэсэн үг үү?

-Тийм. Хуульд захирагдаж үйл ажиллагаа хийх биш, үйл ажиллагаа хийхийн тулд хуулиа өөрчилдөг жишиг рүү орсон. Урт хугацааны бодлого гэж байхгүй. Жил бүрийн төсвийг дагаж тухайн салбарын бодлого нь автоматаар өөрчлөгдөж байна.

Төсвийн хуулийг оруулж ирж байгаа субъект нь Сангийн яам, ХЗДХ-ийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам. Тэд нийлж байгаад бусад салбарынхаа хуулиудыг өөрчлөөд байна.

Тухайн салбарын органик хууль батлагдахаасаа өмнө салбарын хэлэлцүүлэг хийдэг. 45 хоногийн хугацаанд олон нийтэд нээлттэй байршуулж санал авдаг. Байнгын хорооны гурван шатны хэлэлцүүлэг хийгдсэний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталдаг. Гэтэл төсвийн асуудлаа ярьж байх хооронд дагуулж хууль өөрчлөөд байна.

Үүнийг ухаад үзвэл олон ноцтой асуудал үүсч эхэлж байна. Өмнө нь ковидын үед төсөв дагасан хуулиар маш олон эрх мэдлийг Засгийн газар өөртөө авч байсан. УИХ-ын эрх мэдлийг өөртөө авч байсан. Эргээд харахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах чухал хуулиас олон эрх мэдлийг Засгийн газар өөртөө авсан байна. Тодруулбал, шууд гэрээ байгуулах боломжийг авсан. Энэ хууль нь өнөөдрийн авлига, хүнд суртал, хулгай луйвар гаарах суурь болсон. Засгийн газраас 2022 онд 2.5 их наяд төгрөгийн шууд худалдан авалт хийсэн гэсэн мэдээллийг өгсөн.

Шууд худалдан авалт гэдэг нь нууж хааж байгаад хэн нэгэнд давуу байдал үүсгэх боломжийг өөрсдөдөө олж авч байна гэсэн үг. Жишээлбэл, 2500 төгрөгийн үнэтэй маскийг 25 мянган төгрөгөөр авсан байгаа юм. Нээлттэй зарласан бол төрд 2500 төгрөгөөр худалдаж авах боломж байсан. Харамсалтай нь, хаалттай буюу дарга өөрийн танил талаасаа үнэтэй худалдаж авсан. Тайлбарлахдаа хуулиар шууд худалдаж авч болно гэж өөрчилсөн гэдэг. Үүний ард авлига, хулгай луйвар, эрх мэдлийн давуу байдлаа ашиглах гэхчлэн олон зөрчил гарч байгаа юм. Ногоон автобус ч адил шүү дээ. Шууд худалдан авах эрхийг өөрсдөдөө бий болгож зах зээлийн үнээс үнэтэй хуучин автобус авсан нь хууль зөрчиж. Энэ хулгай луйвраа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн заалтаар хийж байна.

-Үндсэн асуулт руугаа эргээд оръё. Төсвийн хуулийг дагалдаж өөрчлөгдөх ямар хуульд зөрчилтэй ямар заалт байна вэ?

-Жишээлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 8.15-р зүйлд “Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл УИХ-ын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах тендер шалгаруулалт зарлаж болно”гэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, энэ заалтаар нэг компанид 10 жилийн давуу байдал олгох гэж байна. Хуулийн заалт дээр “хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэх” гэж байгаа юм. Хайгуул олборлолтын ажлыг гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэлх жил гэдэг бол урт хугацааны давуу байдал олгох гэсэн асуудал юм.

Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд тун ноцтой нэг заалт байна. Засгийн газраас танилцуулга бүрдээ Нүүрсийг биржээр зарснаар авлигагүй боллоо. Далд эдийн засаг ил боллоо. Эдийн засаг өгч байна. ДНБ нэмэгдсэн гэхчлэн сүржин сүржин мэдэгдэл хийж байгаа. Гэтэл үүнийхээ эсрэг заалт энэ хуулиар оруулж ирлээ. Энэ хуулийн 10.3-т “Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл УИХ-ын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацаагаар уул уурхайн бүтээгдэхүүн худалдахад энэ хуулийн 10.2 дахь хэсэг хамаарахгүй” гэж өөрчилж байна. 10.2 дахь хэсгээр төрийн өмчит хуулийн этгээдийн борлуулах уул уурхайн бүтээгдэхүүнийг заавал биржээр арилжихгүйгээр шууд гэрээ хийх боломжийг нээж өгч байгаа юм. Танилцуулга дээрээ бүр ингээд бичсэн байна. “Стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын шийдвэр, эсвэл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу урт хугацаагаар уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах харилцаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль үйлчлэхгүй байх өөрчлөлтийг оруулж байна” гэж.

-Яаж ч харсан нэг том төсөл рүү л чиглэж байгаа нь ойлгомжтой юм. Стратегийн гэхээр яг аль орд, аль уурхай руу чиглэж байгаа юм бэ, та шууд хэлээч?

-Тийм. Шуудхан хэлэхэд, Улаанбаатар хотын хамааралтай “Эрдэнэс Баянбогд” нүүрсний уурхайд давуу байдал олгох гэсэн зүйл яваад байна.

-Тэгвэл Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг дагаж мөн л ноцтой заалтууд орж ирж байна гэж та яриандаа хэлсэн?

-Тийм. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Үүнийг дагалдуулж нийт 26 хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Харахаар өнөөх Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ үзүүлэх тухай хуульд гурван зүйл бүхий нэмэлт өөрчлөлт оруулж байна. 34.13-т “Нийслэл хотын хот тохижилт, автозам, халаалт, цэвэр, бохир, усны шугам, үеийн далан сувгийн засвар, арчилгаа, хог хаягдалтай холбоотой бараа ажил үйлчилгээг шууд худалдаж авч болно”.

34.14 “Нийслэл хотод шаардлагатай машин техник, тоног төхөөрөмж, бараа материалыг санхүүгийн түрээсээр худалдаж авах бол шууд худалдаж авч болно”. Мөн Нийслэл хотын аж ахуйн үйл ажиллагааг объект талбайгаар нь засвар үйлчилгээг хариуцсан этгээд гэрээт хугацаанд нэмэлт шаардлагатай үйлчилгээг авах бол шууд худалдан авалт хийх боломжоор хангаж байгаа.

Ер нь энэ хуулийн 34 дүгээр заалт бол шууд гэрээ хийж болно, нууцад оруулж шууд гэрээ хийж болно гэсэн заалтууд байдаг. Энэ гурван заалтаар нийслэлийн хийх бүх ажлыг шууд гэрээ хийж худалдан авч болно гэж байна.

-Өмнө нь нийслэлийн энэ ордын асуудал яригдаж ирсэн л дээ. Гэхдээ та голлох хувь эзэмшигч, нөөц, эдийн засгийн бодит үр нөлөөний талаар мэдээлэл өгөөч?

-Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж төрийн өмчийн хэлбэрээр үү, эсвэл олон нийтийн нээлттэй компани байгуулах уу гэдгийг тохирох ёстой. Мөн олж байгаа үр ашгийг юунд зарцуулах гэхчлэн шийдлээ гаргах ёстой. Үнэхээр нийслэлд заавал байх ёстой юу. Байх ёстой бол яагаад гэхчлэнгээр хэлэлцэж шийдвэр гаргах хэрэгтэй. Газрын доорх баялаг ард түмний өмч шүү дээ. Энэ бол уран хайж яваад илрүүлсэн орд. Тиймээс тэрхүү ордыг хэрхэн ашиглахыг УИХ-аар хэлэлцэж шийдсэн бол УИХ-ын гишүүд, ч иргэд ч хардахгүй байсан. Яагаад Засгийн газраас ордын 66 хувийг нийслэлд өгч байгаа юм бэ. Яагаад Эрдэнэс Монгол 34 хувийг нь авч байгаа юм бэ. Орон нутгийнхан яагаад хувь эзэмшихгүй байгаа юм бэ. Энэ бол далд нууц хийгдсэн асуудал болох гээд байгаа юм. Гол асуудал нь энэ уурхайг ашиглаж метро, LRT, BRT барина гээд яваад байна. Ордынх нь нөөц нь тодорхой биш байгаа бол яагаад үүнийг олон улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчтай яриад яваа юм бэ. Бидэнд ийм орд байгаа гэсэн аман яриагаар гадаадын хөрөнгө оруулагчид гэрээ, хэлцэл хийхгүй.

Ордын нөөц нь тодорхой биш байгаа гээд татвар төлөгчдийн өгсөн төсвийн мөнгөнөөс хайгуулын мөнгө тавьж байна. Энд маш замбараагүй, ойлгомжгүй асуудлууд явж байна. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж эцэслэн шийдэж, харин Засгийн газар ордыг Монголын иргэдэд хамгийн өндөр үр ашигтайгаар яаж ашиглах вэ гэдэг ТЭЗҮ-г эхлээд гаргах ёстой. Түүнээс гэнэтхэн орд яриад, тэгснээ энэ ордоор метро барих гэж хашгираад байгаа юм.

-Метроны төлбөрийг нүүрсээр өгнө л гэж мэдээлснээс ордыг хэлээгүй?

-Тийм. Ямар нүүрс хаанаас өгөх гээд байгаа нь тодорхойгүй мөртлөө цаана нь нууц тодорхойгүй асуудал яваад байгаа учраас хардлага төрүүлээд байгаа юм.

-Холбогдох албан тушаалтанд асуулга тавьж мэдээлэл авч болно шүү дээ. Ер нь иргэдэд цогц мэдээлэл өгөх үүднээс та асуулга тавьж болох уу?

-Асуулга тавиад авсан мэдээлэл байгаа л даа. Гэхдээ тэр нь хангалттай бус мэдээлэл байгаа юм. Нийслэлийн энэ асуудал дээр асуулга тавих зайлшгүй шаардлага гарч байна. Асуулга тавиад УИХ руу татан оруулах шаардлага гарч ирж байна. Энэ асуудлаар Засгийн газарт болон нийслэлд албан шаардлагуудыг УИХ-ын индрээс зөндөө хэлж, тавьсан. Хамгийн гол нь тэр асуудлаа оруулж ирэхгүй байна. Мэдээллээ оруулна л гэдэг.

Эхлээд сууриа засч байна. Метро ч юм уу, LRT, BRT-г санхүүжүүлэх хэмжээнд хооронд нь холбох хуулийн гарцуудаа бий болгохоор биржгүйгээр бүтээгдэхүүнээ гаргаж болно л гэж байна. Гэрээ хийж болно л гэж байна. Энэ заалт бүрийн цаана Нийслэл уурхайг захиран зарцуулах боломжийг бий болгох гээд байна. Ер нь орон нутаг өөрөө уурхайтай байна гэдэг утгагүй зүйл. Монгол Улс төрийн өмчөөсөө салъя гээд 30 жил болж байна. Гэтэл сүүлийн долоон жил бүх зүйлийг төр рүү татаж авч байна. Төр татаж авахаар дарга анги бий болдог. Дарга анги шууд шийдвэр гаргадаг, шууд гэрээ хийдэг эрхээ олоод авбал социализм гэдэг хуучин нийгэм рүүгээ бид яваад орчихно шүү дээ. Ард түмний нээлттэй хяналт байхгүй. Бүх юм нь шууд болон нууцад орж байгаа гэрээ контракт хийчихдэг боллоо. Нууцад оруулж хийсэн 17 их наяд төгрөгийн оффтэйк гэрээ бидэнд бий. Тэрнийхээ учрыг өнөөдрийг хүртэл олоогүй байна. Нууц гээд хаачихсан. Нууцад оруулахааргүй зүйлийг сүүлийн үед нууцад оруулж байгаад олон нийтээс далд шууд гэрээ байгуулдаг асуудал их гарах боллоо. Хамгийн сүүлийн жишээ ногоон автобус.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн эргэн тойронд энэ асуудлууд бий болж байна. Энэхүү хуулийг сүүлийн долоон жилд хэрхэн ашигласан, хэрхэн өөрчилсөн, үүний хүрээнд хэдэн шууд, нууц гэрээ хийсэн гэдгийг ил болгохоор Түр хороо байгуулах санаачилгыг миний бие гаргасан. Түр хорооны зорилго хуулийг өөрчлөх замаар хулгай яваад байна. Тиймээс хуулийг өөрчилж хийсэн бүх ажил үйлчилгээг шалгаж олон нийтэд мэдээллийг ил болгох ёстой. Тэгж байж Монгол Улс авлига, хулгай луйвраасаа сална. Авлигын эсрэг тэмцэл, бодлого гэхчлэнгээр сүржигнэсэн мэдээллээр улстөржих биш, эхний ээлжид энэ мэдээллээ л үнэн зөвөөр олон нийтэд ил болгочих хэрэгтэй. Юунд нь нуудаг юм бэ. Ер нь мэдээлэл нууц байвал асуудал байна л гэж харах хэрэгтэй.

2016 онд Монгол Улс авлигын индексээр 160 орноос 87-т орж байсан бол өнгөрсөн жил 116-т орсон. Өөрөөр хэлбэл, авлига ихэсч байна гэсэн үг. Авлигатай тэмцэх биш улам өөгшүүлж байна гэсэн үг. Авлигын индексээр арагш ухрахад гол нөлөөлсөн зүйл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өөрсдөдөө давуу эрх олгох, гэрээ байгуулах, худалдан авч байгаа асуудал.

-Хот бие даасан эдийн засагтай байхад энэ орд чиглэж байгаа. Юу нь буруу юм бэ. Ер нь энэ чиглэлд хуулиуд батлагдсан гэнэ дээ?

-Орон нутгийн нэгж өөрсдөө бие даан хөгжих бодлого нь зөв. Үндсэн хуулиар ч, Нэгжийн тухай (ярианы нэршлээр) тухайн орон нутаг өөрийн боломж дээр тулгуурлаж нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг нээж өгөх ёстой гэж байгаа. Харамсалтай нь Нэгжийн тухай хуульд албан ёсны боломжийг нь тодорхой зааж өгөөгүй.

Гэхдээ нийслэл Улаанбаатар өөрөө том потенциалтай. Яахаараа Дорноговь аймагт байгаа ордыг тэд эзэмших ёстой гэж. Улаанбаатар хотын өөрийн газар нутаг дээр, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж болно. Орон нутгийг хөгжүүлэхэд чиглүүлж байгаа юм бол Дорноговийнхон ашиглах ёстой шүү дээ. Тэнд бүс нутгийн хөгжлийг бий болговол Улаанбаатарт багтаж шингэхгүй байгаа хүмүүс тийшээ нүүж очоод амьдарна шүү дээ. Түүнээс тэнд байгаа уурхайг ашиглаж энд байгаа метрог барина гэж ярьж байгаа нь логикийн хувьд буруу. Заавал яагаад нийслэл вэ гэдэг нь асуудал.

Монголын зовлон метро, LRT, BRT юм бол төсөв дээр оруулж ирж ярих ёстой. Метро баривал төдий хэмжээний хөрөнгө шаардлагатай. Олон улсын ийм төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлээд хийж болох юм байна. Эсвэл зээл авч барих уу. Аль ордыг зарж яаж хийх вэ гэдгээ Монгол Улсын Засгийн газар бодлогоор авч хийх ёстой. Түүнээс дөрвөн жилээр солигддог Нийслэлийн Засаг дарга үүнд урт хугацааны гэрээ хийх гэж яваа нь буруу. Тэр том төслийг бодит ажил бодитоор хэрэгжүүлэхийн тулд тогтвортой бодлогоор ингэж дэмжиж хэрэгжүүлэх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 13, Сумъяа гариг. Билгийн тооллын битүүн, Онгоц одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 07:54 цагт мандан, 17:18 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна DNN.mn

11-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч  Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -2…+3 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-23 градус, бусад хэсгээр -14…-16 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “МАН найман жил засаглахдаа яагаад юу ч хийсэнгүй вэ?” хэмээн өгүүллээ DNN.mn

Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Ирэх жилийн төсвийн онцлог нь Нийслэлийн
төвлөрлийг бууруулж, хөдөөг хөгжүүлэхэд чиглэж байна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

ТАНАЙД ӨНЖЬЕ: “Хонхны дуу”-нд хөглөгдөж өссөн М.Тулгатынд өнжив

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “МАН найман жил засаглахдаа яагаад юу ч хийсэнгүй вэ?” хэмээн өгүүллээ.

Улсын начин Ө.Батзул “Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахгүй гэж ярьж болохгүй шүү” гэлээ.

МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн
дизайн технологийн багш Г.Бямба-Эрдэнэ “Дроныг өөрсдийнхөөрөө угсраад хөгжүүлэх боломжтой” гэв.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

3, 4 дүгээр ангийнханд долоо хоногт нэг удаа “Eduten” платформ дээр математикийн хичээл орно DNN.mn

Математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих “Eduten” платформыг хэрэгжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангийн багш нарыг бэлтгэх сургалтыг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ) зохион байгуулжээ.

Тодруулбал 2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс 10-ны өдрүүдэд платформыг сургалтад нэвтрүүлж, бага боловсролын 4,248 багш, 700 сургалтын менежерийг танхимын болон цахим сургалтаар бэлдэв.

Сургалтыг Үндэсний дэмжлэгийн баг, “Eduten” платформын сургалт арга зүйн баг, үндэсний сургагч багш нар удирдан чиглүүлж аймаг болон нийслэлд БШУГ, НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.

Сургалтын үр дүнд:

  • Платформд 3, 4 дүгээр ангийн нийт багш, сурагчдыг хэрэглэгчээр бүртгэн
  • “Еduten” платформ дахь даалгаврын төрлүүд, математикийн сургалтын хөтөлбөрийн нийцэлд уялдуулан хичээлийн агуулга, арга зүйг төлөвлөж
  • Цахим системийн хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар нэгдсэн ойлголттой болсон юм.

Платформыг сургалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ийнхүү хангаснаар 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс буюу энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн ерөнхий боловсролын 3, 4 дүгээр ангид долоо хоногт нэг удаа математикийн хичээлийг “Еduten” платформ дээр зохион байгуулна гэж БЕГ-аас мэдээлэв.

Уг платформ нь хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан байдлаар боловсруулсан 200,000 гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай аж. Мөн багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем юм.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.


2023 оны 11-р сарын 12-ны 20 цагаас 11-р сарын 13-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -28-33 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч  Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.


2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн зарим чиглэл хуучин Драгон төвөөс явдаг болно DNN.mn

Авто тээврийн үндэсний төвөөс орон нутгийн зарим чиглэлд зорчих иргэдэд маргаашаас буюу арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн өөрчлөлт орох юм байна.

Төв, Дундговь, Өмнөговь, болон Сэлэнгэ аймгийн чиглэлийг арваннэгдүгээр маргаашаас эхлэн хуучин Драгон төвөөс эхлэн явуулах аж. Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээ ч тус байршил руу шилжих юм байна.