Categories
мэдээ нийгэм томилолт

Элсэн далайн баянбүрд болсон Жүнвэй хот DNN.mn

БНХАУ-ын Ниншя Хотонгийн өөртөө засах орон нь евро азийг холбосон шинэ гүүр ажээ. Тодотговол, төв, баруун азийн эдийн засгийн коридорын гол зангилаанд оршдог муж юм байна. Торгоны замын эдийн засгийн бүсийн стратегийн чухал тулгуур болох энэ нутагт зам тээвэр, дэд бүтэц сүрхий хөгжжээ. Ниншяг сүлжсэн гурван цагираг, дөрвөн босоо, зургаан хэвтээ чиглэлийн хурдны зам бий. Тяньжин боомттой төмөр зам болон усан замаар холбогддог байна. Тийм болохоор тус мужид үйлдвэрлэл, худалдаа наймаа, аялал жуулчлал хөгжихгүй байхын аргагүй. Тэр дундаа хөдөө аж ахуйн эко үйлдвэрлэлээрээ Няншя үнэхээр алдартай юм билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус мужид зочлоход орон нутгийн удирдлагууд нь хамгийн түрүүнд ухаалаг хүлэмжээ танилцуулав. “Кайсэн” нэртэй хөдөө аж ахуйн парк нь Ниншягийн нийслэл Иньчуаниас 50 км-ийн зайтай аж. Наран ургахтай зэрэгцэн хөдөлсөн Ерөнхийлөгчийн цуваа нэг цаг хэртэй давхиад зорьсон газартаа ирлээ. Гадна тал нь нарны панеллиудаар тоноглогдсон нүсэр том хүлэмж рүү орвол автомат төхөөрөмж дээр тасралтгүй бүтээгдэхүүн савлаж байв. Хэдэн алхмын зайтай хаалганы цаана тариалангийн талбай харагдана. Тэнгэр гэрэлтсэн цэлмэг дээвэртэй саруулхан хүлэмж дэх зэрэгцүүлэн өрсөн урт, урт ёмкс дээр улаан лооль завсар зайгүй боловсорч байв. Ойн төгөлд ороод ирсэн юм шиг мэдрэмж төрүүлэхүйц энэ хүлэмж 60-аад мянган метр квадрат талбайтай. Тэнд “Мао Тай Лан” гэдэг жимсний улаан лоолийн сортыг голлон тариалдаг юм байна. Жилд 4000 тонн ургац хураадаг аж. Анх 155 сая юанийн хөрөнгөөр боссон “Кайсэн” хүлэмжээс өдгөө жилд 100 гаруй сая юанийн орлого олдог тухай танилцуулав. Хүлэмжийн гол онцлог нь хөрсгүй тариалалт эрхэлдэг явдал. Дээрээс нь автомат усалгаатай. Бас бордоо орлуулах ухаалаг төхөөрөмж байрлуулжээ.

Паркийн гадна хананд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ материалыг ашигласан нь дэвшилтэт шийдэл болж чаджээ. Эдний үйлдвэрлэсэн нарны эрчим хүч нь өдөр тутмын үйл ажиллагааг нь саадгүй явуулахад бүрэн хангадаг байна. Ер нь хүлэмжид орохоор амьсгалахад төвөгтэй, хөлс урсаад байдаг даа. Тэгвэл “Кайсэн” ухаалаг хүлэмжид тийм зовлон байхгүй. Темпратур, чийгшил гээд бүгдийг ухаалгаар шийдэж, ургацад хамгийн тохиромжтой орчныг бүрдүүлжээ. Тэнд 12 сар тасралтгүй ургац авах боломжтой дэлхийн хамгийн дэвшилтэт технологиор тариалангийн аж ахуй эрхэлж байна. “Кайсэн” хүлэмжийн загварыг Хятадын 17 мужид хөгжүүлээд эхэлжээ. Мөн энэ төрлийн аж ахуйг эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд туршлагаасаа харамжгүй хуваалцаж, сургадаг байна. Хөрсгүй ухаалаг хүлэмжийн нэг метр квадрат талбайгаас 80 кг хүртэл ургац авдаг гэнэ лээ.

Ийнхүү ухаалаг хүлэмжтэй танилцсаны дараа Жүнвэй хот руу хөдлөв. Улаанбаатараас Дархан орох хэртэй замыг бид хоёр цагт туулж хүрлээ. Орон нутгийн зам гэхэд хүний урманд тор гэх энхэл донхолгүй нь сайхан юм. Замд тасралтгүй үргэлжлэх элсэн цөлийг хучсан ногоон байгууламжууд өнгө алаглан харагдана. Энэ бүгд хүний гараар бүтсэн гэхээр ямар их хүч хөдөлмөр орсон бол. Аргагүй л хүний олноор байгалийн сайхныг цогцлоож дээ гэх бодол хөвөрнө. Хятадууд бол цөлжилттэйгөө тууштай тэмцэж байгаа ард түмэн. Учир нь 1975 оноос хойш тус улсын элсэн цөл хурдацтай тэлж, олон тосгод эзгүйрч байгаа тухай бишгүй мэдээлдэг байв. Хятадын Засгийн газар зөв менежмент явуулсны үр дүнд экологийн дүрвэгчдийн хөдөлгөөн зогссон төдийгүй элсэн цөлийн ногоон хотууд сүндэрлэн боссон юм. Үүний тод зураглал нь Жүнвэй хот. Өнөөдөр Хятадын баруун бүсийн аялал жуулчлалын урсгал тэр чигтээ энэ хотод төвлөрдөг юм билээ.

Бидний очсон Жүнвэйгийн Шапотугийн байгалийн хамгаалалтын бүс бол Тэнгэр элсэн цөлийн зүүн өмнөд зах аж. Өвөрмонгол, Гальсу, Ниншя гэсэн гурван мужийн уулзварт оршдог байна. Тэнгэр элсэн цөл нь хамрах хүрээгээр улсдаа дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг. Газрын зураг дээр Монгол, Хятадын нутгийг хавсран оршдог Говийн элсэн цөлийн урд хэсэг болох нь тод харагдана. Жүнвэй хотын нийт нутаг дэвсгэр нь 17 мянган хавтгай дөрвөлжин км гэнэ. Нийт нутгийнх нь 22 хувийг элсэн цөл эзэлдэг юм байна. Түүхэнд элсэн шуурганы хамгийн ноцтой гамшгууд тохиож байсан гэдгээрээ алдартай. 1950-иад оны эхээр Тэнгэр элсэн цөл Жүнвэй хотоос ердөө дөрөв, тавхан км-ийн зайд тулж ирж байжээ. Хүчтэй салхи, элсэн шуургын улмаас энэ бүс нутгийн амьдрал үндсэндээ зогсож байсан гэхэд хилсдэхгүй. Газар тариалан, үйлдвэрлэл гээд хүнтэй юутайгаа дайжиж, Шар мөрний экологийн аюулгүй байдалд ноцтой аюул тулгарч байсан гэдэг. Шапотугийн энэ хэсэг гэхэд 100 метр хүртэлх өндөртэй хөдөлгөөнт элсэн манханаар бүрхэгдэж байжээ. Улмаар төмөр замын хөдөлгөөнд хүртэл саад учруулж байсан гэнэ. Тэр цагаас хойш Жүнвэй хотын иргэд цөлжилттэйгөө тууштай тэмцэж иржээ.

Жүнвэйчүүдийн элсний нүүдлийг барьж чадсан аргыг “Өвсний тор” гэж нэрлэдэг юм билээ. Зах бараа нь үзэгдэхгүй элсэн цөлийг шоо хэлбэрээр хээлэн сүлжсэн юм шиг зураглал Иньчуаниас Шапотуд хөтлөн авчирсан нь тэрхүү “Өвсний тор” аж. Технологийн хувьд тун энгийн. Улаан буудайн сүрлийг хөдөлж буй элсэн манхан дээр 1х1 метрийн хэмжээтэй дөрвөлжилж хэрнэ гэсэн үг. Нэг метрийн урттай сүрлийг элсэн дээр хөндлөн эгнүүлж дэвсэх юм билээ. Ингэж дэвссэн сүрлийнхээ яг гол хавьцаа дээргүүр нь том гэгч нь дугуй хэлбэртэй, пад пад гэсэн тачигнасан дуутай өнхөрдөг төхөөрөмж явуулна. Энэ үед сүрэл элс рүү 40-50 см хэртэй шигтгэж сууж өгнө. Өөрөөр хэлбэл, сүрлийн хоёр зах нь хөрсөн дээр босч ирнэ гэсэн үг. Бас зарим нь хүрзээр сүрлээ гишгэж, торлож байгаа харагдсан. Хөндлөн сүрэл дээр хүрзээ байрлуулж байгаад элсэнд далд ортол нь ганц л гишгэчих юм билээ. Сүрэл хөгцөрч, мууддаггүй онцлогтой учраас он удаан жил элсний нүүдлийг барих боломжтой. Торлож хашсан элсэн дээр гишгэхэд яг л энгийн газар шиг хав хатуу болжээ. Тэр дөрвөлжин болгонд янз янзын мод, ургамал суулгасан нь анхаарал татлаа. Бараг арав гаруй төрлийн мод ургуулсан туршлагаасаа энэ нутгийнхан ярьж байв. “Өвсний тор”-ыг элсэнд шигтгэх процесс тун энгийн. Шапотугийн байгалийн хамгаалалттай бүсэд ердөө 20-иод хүн л энэ ажлыг хийж байгаа харагдсан. Голдуу өндөр настай хүмүүс тааваараа ажиллаж байна лээ.

Элсийг сүрлээр торлож, нүүдлийг нь тогтоон барьж байгаа энэ арга нь дэлхийд шалгарсан дэвшилтэт технологи. Давхар түймрээс сэргийлэх, ойжуулалтын бүс байгуулан усжуулалтын системийг нь хүртэл цогцоор шийджээ. Иймд НҮБ-аас “Дэлхийн байгаль орчныг хамгаалах шилдэг 500” цол олгосон байна. Жүнвэйчүүдийн нөр их хөдөлмөрийн үр шимээр 100 мянган га элсэн цөл ногоон ой болжээ. Хамгийн чухал нь Тэнгэр цөл 25 км-ээр ухарсан байна. Энэ нутаг дахь байгалийн ургамлын тоо 25-45 төрөлд хүрч нэмэгдсэн зэрэг олон сайхан эерэг өөрчлөлтүүд гарчээ. Жаран жилийн тэртээ элсэн далайд живэхдээ тулж байсан Жүнвэй хот өнөөдөр хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна. “Шапатоү” байгалийн хамгаалалтын бүсийг зорих жуулчдын тоо жилд 15 саяд хүрчээ. Эндээс 10 тэрбум юанийн орлого олдог гэсэн. Тэр хэрээр цөл рүү шилжин суурьших урсгал ч нэмэгдэх болсон байна.

Сониноос энэ нутгийн элсэн манхан дундах “Цөлийн од” зочид буудал нь жуулчдын хөлд битүү дарагддаг аж. Нэг өрөө нь хоногийн монгол мөнгөөр 1.5 сая орчим төгрөг. Захиалгын дараалал нь ч дийлдэхгүй. Хэдэн сараар урт дараалал үүссэн байдаг гэсэн. Элсэн цөлийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж болдгийг утгаар нь харуулсан бүтээн байгуулалт аж.

Жүнвэйчүүд ийнхүү цөлийн эрхшээлээс ангижрахын төлөө уйгагүй зүтгэсний үр дүнд элсэн далайн баянбүрд болон хөгжиж байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголын нууц товчоон”-ыг дэлгэрэнгүй тайлбартайгаар бүтээлээ DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы нээлт МУИС-ийн байранд боллоо.

Ерөнхийлөгч номын нээлтийн ёслолд оролцон, Монгол судлалыг нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, “Монголын нууц товчоон” судлалын түүхэнд өндөр үнэлэгдэх бүтээл туурвисан эрдэмтэн судлаач нарт талархал илэрхийлэв.

Энэ бүтээл Чингис хаан болон түүний залгамжлагчдын бүтээсэн түүх, их өвийг алдаршуулан мөнхжүүлж, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэхэд онцгой чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа онцлов.

Мөн түүхт энэ өдрийг тохиолдуулан их хааны насан туршдаа баримталж явсан зарчим, хөвгүүд, охид, шадар түшмэд, цэргийн жанждаас эхлээд ард иргэддээ бие, хэл, сэтгэлээ хэрхэн авч явах, төр улсаа хэрхэн засах зэргийг зааж сургасан билиг сургаалыг сурвалжлан эмхэтгэсэн “Чингис хааны билиг сургаал” бүтээлийг ард түмэндээ өргөн барьж байгааг хэлэв.

Их Эзэн хааны билиг сургаалыг монголчууд бид үеийн үедээ ёс суртахуун, ажил, амьдралын мөрдлөг болгон дээдэлж явах учиртайг тэмдэглэв.

“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы удиртгал хэсэг  ерөнхий ойлголт өгөх мэдлэг, мэдээлэл агуулсан бол үндсэн хэсэгт уг зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга агуулгыг нь нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлажээ.

Түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулснаараа хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай “Монголын нууц товчоон” болж байна.

Монголын түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд түүхийн судалгааны багийг Ц.Цэрэндорж, хэлний судалгааны багийг Ш.Чоймаа нар удирджээ.

“Монголын нууц товчоон” бол Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид хийгээд дөрвөн зуу гаруй түүхт хүмүүсийн амьдрал, үйл хэрэг, Их Монгол Улсын тулгар төр, гадаад харилцаа, байлдан дагуулал, нүүдэлчин ардын ахуй амьдрал, хэл яриа, шашин шүтлэг, зан үйл зэрэг Монголын төдийгүй Евроазийн түүхийн өргөн хүрээтэй асуудлыг яруу сайхнаар дүрслэн өгүүлсэн, түүх, хэл, соёлын үнэлж баршгүй сурвалж бичиг, утга зохиолын охь манлай, дахин давтагдашгүй үнэт бүтээл юм.

Тиймээс 1989 онд “Монголын нууц товчоон” зохиогдсоны 750 жилийн түүхт ойг олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэн өнгөрүүлэхийг ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөл уриалсан түүхтэй.“Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй оронд, англи, азербайжан, болгар, герман, испани, итали, казах, унгар, марати, орос, перс, польш, солонгос, төвөд, тува, турк, франц, хятад, чех, эсперанто, япон зэрэг 30 гаруй хэлээр орчуулж, давхардсан тоогоор 150 гаруй удаа хэвлээд байна.

Их Монгол Улс, Эзэнт гүрний үед холбогдох судалгаа “Монголын нууц товчоон”-той салшгүй холбоотой учир хэл, түүх, соёл, аман зохиол, уран зохиол зэрэг олон талаас нь судлан шинжилсээр ирсэн юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг танайд-өнжье туслах-ангилал

“Хонхны дуу”-нд хөглөгдөж өссөн М.Тулгатынд өнжив DNN.mn

“Урьд шөнө хар дарж зүүдэллээ

Урт гар намайг зовооно

Хэлэх үгийг минь боогдуулж

Харах нүдийг халхална

Аз болж хонх дуугарлаа

Арай ядан нойрноос сэрлээ

Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ

Хонхны дуу биднийг сэрээ…” хэмээх дуу тэртээ 34 жилийн өмнө Монголын ардчиллыг тамгалсан яах аргагүй тод бүтээл билээ. Жавар тачигнасан жиндүү өвлийн хүйтэнд эрх чөлөөнийхөө төлөө жагссан ард түмний зүрх сэтгэл дэх хүсэл тэмүүлэл, итгэлийн галыг “Хонхны дуу” бадрааж, урам зориг нэмж байв. Шинэ, нээлттэй нийгэм байгуулагдах үйл явц өрнөхтэй зэрэгцэн хүн бүхэнд хүлээлт үүсч байлаа. Тэр үед эх орныхоо ирээдүйг мөрөөдөлдөө зурж, алс холын Америк, Итали, Европын орнуудын хөгжилд хүрэх үүд хаалга нээгдлээ гэж догдолж байсан жаал хүү өнөөдөр өрх гэрийн тэргүүн, гурван хүүхдийн аав болсон байна.

Түүнийг Майнбаярын Тулгат гэдэг. Ардчилсан намынх гэхээр монголчууд бүр ч сайн танина. Багаасаа аав, ах нарынхаа дэргэд ардчиллын үнэт зүйл, үзэл санаагаар хүмүүмжсэн тэрбээр өөрийн гэсэн характертай улстөрч. Харин хувь хүн талаасаа нийгэмд тийм ч нээлттэй биш. Энэ удаа бид М.Тулгатынд өнжихөөр гэрт нь зорьж очлоо. Эднийх 13 дугаар хороололд гурван өрөө орон сууцанд даруухан амьдардаг юм билээ. Ерөнхийдөө минимал хэв маягийг эрхэмлэдэг гэмээр цомхон, бас эмх цэгцтэй. Төгөлдөр хуурын дэргэд хоёр ч хийл хөгжим зэрэгцүүлжээ. Харин хоймортоо гран-при, цом, өргөмжлөл зэргийг эгнүүлэн өрсөн нь нүдэнд туслаа. Бас номын сан нь сонирхол татав. Үүдний өрөөний нэг ханаа тэр чигт нь номын сан болгожээ. Энд англи, монгол, япон хэл дээр бичигдсэн маш олон ном өрөөстэй байв. Хамгийн дээд талын тавиур дээр монгол хэлний тайлбар толь хэд хэд харагдлаа. Доод хэсгүүдэд нь хүүхдэд зориулсан япон номууд зонхилжээ.

М.Тулгат эцэг, эхээсээ хоёулаа. Ганц эгчтэй гэсэн. Одоо ЖАЙКА-д ажилладаг. Түүний аав С.Майнбаяр физикийн багш мэргэжилтэй. Гэвч Ардчилсан хувьсгалаас хойш багшаараа огт ажиллаагүй юм билээ.  Яагаад гэвэл төр эргүүлэх ардчиллын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр халагдаж байж. С.Майнбаяр гуай бол партизан. Тэрбээр “Хонхны дуу”-ны автор, талийгаач С.Цогтсайханы төрсөн ах. Тэд Монгол оронд ардчиллын салхийг эргүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүс. Тэгвэл М.Тулгатын ээж Б.Оюун-Эрдэнэ гуай улсдаа урдаа барьдаг цөөхөн эмч нарын нэг. Хүний эх эмч мэргэжлээр сургуулиа төгсөөд эмгэг судлалын салбарт насаараа ажиллажээ. Аливаа өвчний түүх, оношийг давхар хянаж, нарийн судалж, тогтоодог онцлогтой салбартаа мэргэшсэн чадварлаг эмч. Анагаахын салбарынхан нь “Эмч нарын эмч” гэж хэлдэг.Тэд Булган аймгийн угшилтай хүмүүс. Аавынх нь тал Тэшиг, ээж нь Гурванбулагийнх. С.Майнбаяр гуайн аав Л.Сосорбарам бол тухайн үедээ тун хариуцлагатай ажил хийж байсан хүн. Тэрбээр монгол хэл уран зохиолын багш, сургуулийн захирал, “Пеонерийн үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэгвэл М.Тулгатын ээжийнх нь аавыг Улсын хэвлэх үйлдвэрийн орлогч дарга байсан Ц.Бат-Очир гуай гэхээр хуучны улс андахгүй.

М.Тулгатын хүүхэд насны дурсамж “Чингис” зочид буудлын зүүн талд байрлах Сансрын туннелийн хороололтой холбогддог ажээ. Тухайн үед эдний байранд дандаа нам, төрийн удирдах албаны хүмүүс, жүжигчин, зураач гээд олны танил эрхмүүд амьдардаг байж. Тэрбээр энэ тухай ярихдаа “Хотын дарга Л.Лантуу, улс төрийн товчооны Шарав, Ардын зураач Д.Чойдог, эрдэмтэн Ц.Арвий, хөгжмийн зохиолч С.Мааяа гуай, Ардын жүжигчин Н.Сувдаа гуайнх гээд дандаа элит хүмүүс манай орцонд хөршилдөг байсан сан” гэв. Ардчилсан хувьсгал эхэлж байх үед мань эр дөрөвдүгээр ангийн сурагч байж. Гэрт нь Ардчилсан хувьсгалын партизанууд, аавынх нь найз нөхөд ирж ардчилал эрх чөлөөний талаар сонирхолтой яриа өрнүүлдэг байсан нь одоо ч санаанд нь тод үлджээ. Тэр цагийнх нь дурсамжийг уудлахад “Надад тэдний яриа маш сонирхолтой санагддаг байж билээ. Аавын минь хамгийн хайртай дүү С.Цогтсайхан ах байнга манайд ирж тэдэнтэй бас хуучилдаг байв. Би үе, үе 220 мянгат руу өвөөгийндөө очиж хонохоор Цогоо ах байнга л ном уншиж бас бичээд сууж байдаг. Шөнө дунд юм уу үүрээр гэнэт босч ирээд үзэг, цаасаа шүүрч аваад суухад их л гайхдаг байлаа. Одоо бодох нь ээ, гэнэт юм бичих онгод нь орж, тэрийгээ бушуухан цаасан дээр буулгадаг байсан байх. Манай гэрт ардчиллын яриа өрнөдөггүй өдөр гэж бараг байгаагүй. Би дөрөвдүгээр ангийн хүүхэд гэхэд улс төрийн сүрхий идэвхтэй болчихсон байсан. Тухайн үед уйгаржин бичиг, Чингис хаан гээд үндэсний үнэт зүйлүүд сэргэн түрж гарч ирж байв. “Улаан-Од” сонинд нийтлэгдсэн Монголын нууц товчооны цуврал 21 хөрөг, Баабар гуайн “Бүү март, Мартвал сөнө” ном зэргийг шимтэн уншдаг байлаа. Ямар сайндаа конкурсийнхээ гадаад хэл, математикийн шалгалтыг онц өгчихөөд нийгмийн ухааны шалгалтад бүдэрчихэв дээ. Арга ч үгүй биз, ардчиллаар “өвчилсөн” байсан хүүхэд Марксизм, Ленинзмийн асуултууд ороод ирэнгүүт үсрэхгүй хаачих вэ” гээд инээв. Тэрбээр математик, физик, мэдээлэл зүйн улс, хотын олимпиадуудад оролцож байжээ. Мэдээлэл зүйн улсын олимпиадаас хүрэл медаль авч МУИС-ийн программ хангамжийн ангид урилгаар элсэн орж байв. Гэвч түүний туйлын зорилго өндөр хөгжилтэй орон руу тэр дундаа арлын Японд очиж сурах байжээ. Ингээд төд удалгүй англи хэлийг өөд уруугүй цээжилж Японы Засгийн газрын тэтгэлэг авч чадсан байна. Хоёрдугаар курстээ орох жил Япон явж, тэндээ эдийн засгаар бакалавр, магистраа дүүргэжээ. Их сургуулиа төгсөөд Японд мэдээлэл харилцааны технологийн томоохон компанид ажиллаж байгаад 2010 онд Монголдоо ирсэн байна. Биднийг ийн ярилцан суух зуурт гэрийн эзэгтэй гарын бялуугаараа дайлав. Өнгө өнгийн амтат бялуу, кексийг ширээнд өрсний дараа хүүхдүүдээ урилаа. Гэрийн эзэгтэйн нэрийг Кида Эми гэдэг бөгөөд япон бүсгүй аж. Одоо Японы Элчин сайдын яамны Өвсний үндэс хөтөлбөрийн гэрээт ажилтан юм байна. Тэд оюутан байхдаа танилцаад гэр бүл болжээ. Эднийх гурван хүүхэдтэй. Том хүү Т.Хант одоо 10 дугаар ангид сурдаг. Дунд охин Т.Есүй наймдугаар анги. Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангийн сурагч. Бага хүү Т.Амар хоёрдугаар анги. Том болон бага хөвгүүд гэрийнхээ хажуу талын улсын сургуульд сурдаг юм билээ. Хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар соробан сампин, Хүүхдийн ордны төгөлдөр хуурын дамжаа, балетын дугуйланд явдаг аж. Аав улс төрийн ажилтай болохоор тэр бүр хүүхдүүдээ зөөж, авч чаддаггүй гээд үнэнээ хэлнэ лээ. Харин гэрийн эзэгтэй энэ бүх ажлыг амжуулдаг байна. Бас өдөр бүр оройн хоолны дараа хүүхдийнхээ хөгжмийг нь давтуулдаг гэнэ. “Манай хүн нэг өдөр ч алгасч үзээгүй” гээд гэрийн эзнийг хэлэхэд эхнэр нь “Ер нь хичээл зүтгэл юу юунаас чухал. Хэчнээн дугуйланд сурдаг байлаа гээд өөрөө маш сайн давтаж хичээхгүй бол үр дүнгүй. Тэгэхээр хүүхэд гэртээ хэр их давтахаас шалтгаалж амжилт нь тодорхойлогдоно” гээд инээмсэглэв. К.Эми монголоор их сайн ярихаас гадна энгийн хөгжилтэй маягийн бүсгүй байлаа. Ийн биднийг ярилцаж байх зуурт хажуу өрөөнд төгөлдөр хуур, хийл хөгжим хосолсон сайхан аялгуу эгшиглэв. “Хүүхдүүд маань ирсэн зочдоо хүндэтгэж хөгжим тоглох гэж байна” гээд биднийг нөгөө өрөө рүү урилаа. Т.Хант, Т.Есүй хоёр Чайковскийн аялгууг өргөн барив. Үнэхээр эвлэгхэн тоглодог сүрхий авьяастай хүүхдүүд юм. Тэд өөрсдийнхөө насны ангилалд Монголдоо шилдэг болохыг авсан шагнал, цомууд нь аргагүй батлах аж. Т.Есүй охин жирийн сургуульд сурдаг байхдаа Чех улсад болдог олон улсын өсвөрийн хийлчдийн уралдаанд II байр эзэлж байсан гэнэ. Тухайн үед мэргэжлийн сургуулийн хүүхдүүдээс өндөр амжилт үзүүлсэн гээд гэр бүлийнхэн нь охиноор бахархан ярив. Мөн балетчин Д.Алтанхуягийн найруулдаг “Цөмөөхэй”-гийн гол дүр болох Кларад сонгогдож тоглосон байна. Т.Хант бас Монголын хүүхдийн ордны хийл хөгжмийн уралдаанд гран при авсан байна. К.Эми гурван хүүхдийнхээ хичээл сурлага, урлаг соёлд үзүүлсэн амжилтуудыг тус бүрд нь зузаан гэгч нь хавтсанд нямбай хадгалжээ. Энэ тухай тэрбээр ярихдаа “Монголд аягүй их өргөмжлөл өгдөг. Японд тийм биш болохоор би тоохгүй хаячихдаг байсан. Тэгээд байнга өгдөг гэдгийг ойлгоод хадгалахаар шийдсэн” гээд инээв. К.Эми цаг руу харснаа “Уучлаарай. Охиныг балетын дугуйланд нь хүргэх цаг боллоо. Бид явчихаад ирье. Түр хүлээж байгаарай” гээд хувцаслав. Энэ үед аав нь “Манай охин надаас илүү завгүй. Хичээл сургууль, дугуйлан гээд манай гэрийн хамгийн завгүй хүн” гээд охиндоо амжилт хүсэв. М.Тулгатын гэр бүл нэг нэгэндээ үнэхээр хүндэтгэлтэй эелдэг харилцаатай улс юм. Ээж, аав хоёр бол хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлсэн нь тэдний биеэ авч яваа байдал, төлөвшлөөс илэрхий харагдана. “Уучлаарай”, “Баярлалаа” гэдэг үгийг бие биедээ харамгүй хэлэх нь үнэхээр сайхан.

Ээж, охин хоёр түгжрэлийн цаг эхлэхээс өмнө бушуухан хөдөлье гээд яаравчлав. Бидний яриа ч хотын түгжрэл рүү чиглэлээ. Нийслэлийн ИТХ-д хоёр, гурван удаа сонгогдсон М.Тулгатын хувьд ямар шийдэл олж хардаг талаар сонирхтол том хүү Т.Хант зөөлөн алхаж ирээд аав руугаа дөхөж суув. “Томоохон хотуудын түгжрэлийг шийдэх энгийн арга бол массаар нь тээвэрлэх байдаг. Дэлхийн эхний 100 хот таваас дээш сая хүн амтай. Манайх шиг 1.6 сая хүнтэй хотод нийтийн тээврээ хөгжүүлчихвэл түгжрэлийг тав дахин бууруулах боломжтой. Хэт төвлөрөл, даац хэтрэлт гээд байгаа. Энэ ерөөсөө биш. Токио гэхэд 37 сая, Дели 32 сая, Шанхай 30 сая хүн амтай. Даац хэтрүүлээд явдаг бол жинхэнэ гамшиг болно шүү дээ. Ер нь 1-2 сая хүн амтай хот менежмент хийхэд тохиромжтой гэж үздэг. Хотыг гоё аваад явахад амархан. Манайх ямар ч асуудалгүй хөгжих боломжтой. Харамсалтай нь хөдөөнөөс шилжин ирэгсдээ хөөгөөд л их дээд сургуулиудаа хотоос гаргана гэхчлэн дандаа буруу концепци яваад байгаа. Хотын оршин суугчдын өдөр тутмын зорчих хөдөлгөөнд нийтийн тээвэр хэрэглэх ёстой. Гэтэл жилээс жилд хүн ам өсч байхад нийтийн тээврийн хэрэглэгчид буурч байгаа. Өнөөдөр нийтийн тээвэр дампуу байгаагаас болж хүмүүс хувийн унаа руугаа хошуурч байна. Метрог дунд, урт хугацаандаа төлөвлөөд явах нь зөв. Газар доорх дулаан хотыг бий болгоно. Өнөөдөр түгжрэлийг нийтийн тээврээр шийдэхийн тулд маршрутын зохион байгуулалтыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Төв шугамтайгаа богино эргэлтээр холбогддог болох ёстой. Офицероос Таваншар хүртэлх 22 км-т автобус хоёр минут тутамд зогсолтгүй ирэх зохион байгуулалтыг бий болговол шийдэгдчихнэ. Одоо зам хаах, төлбөр тогтоох, торгох, тоо хэмжээ заах байдлаар шийдэл эрэлхийлж болохгүй. Зах зээлийн хөгжлийн жам ёсны асуудлаар шийдэгдэх ёстой. Өнөөдөр социалист арга барилаар хотыг удирдах гээд байгаагаас бүх буруу эхэлнэ” гэлээ. Энэ үед аавынхаа яриаг сонсож суусан Т.Хант “Сургууль дээр “Танай аав юу хийдэг вэ” гэж хүүхдүүд асуухаар нь “Улстөрч” гэж хариулдаг. “Танай аав эрх мэдэлтэй болохоороо юу хийх вэ” гэхэд нь “Хотын хэрэггүй хашааг байхгүй болгоно. Түгжрэлийг бас арилгана” гэж хэлдэг. “Яаж түгжрэлийг байхгүй болгох юм бэ. Улаанбаатараас түгжрэл хэзээ ч арилахгүй” гээд хүүхдүүд инээгээд байдаг. Харин би яаж түгжрэл байхгүй болохыг нь хэлж мэдэхгүй болохоор хариулж чаддаггүй байсан. Сая аавыг ярихад маш сайн ойлголоо” гээд аав руу хараад инээмсэглэв.

Хажууд М.Тулгатын бага хүү Т.Амар дөрөв болон таван талт шоог тасралтгүй эвлүүлэн сууна. Гар хурууны хөдөлгөөн нь хурдан шаламгай гэж жигтэйхэн. Гурван оронтой тоог тооны машин шиг л хурдан үржүүлээд хариуг нь хэлж орхив. Хүү бас хийл хөгжим хөөрхөн тоглочихдог авьяастай юм билээ. Удалгүй хаалга дуугарч гэрийн эзэгтэй орж ирэв. К.Эми айлын ганц охин юм байна. Аав, ээж нь өвөөгийнх нь цахилгааны барааны дэлгүүрийн санхүү, борлуулалт хариуцан ажилладаг байжээ. Аав нь сүүлд өөрийнхөө сонирхлоор удон гоймонгийн газар ажиллуулдаг болсон гэнэ. Энэ газар нь Францын “Mi­chelin Guide” рестораны зэрэглэл тогтоодог алдартай хөтөч номд орсон гэхээр нэлээд хөдөлмөрч хүмүүс аж. К.Эми хадмуудынхаа талаар ярихдаа “Манай хүн Японд сурдаг байхдаа аав, ээж рүүгээ захидал бичдэг байв. Тэр үед интернэт хөгжөөгүй ч байж. Хариу нь тээ хойно, хэдэн сарын дараа ирнэ. Хадмууд маань надад үнэхээр сайн. Төрсөн охин шигээ хандаж, хайрладагт үнэхээр баярладаг. Одоо сошиал хөгжчихсөн болохоор бид Япон руу байнга л аав, ээжтэйгээ царайгаа хараад ярьдаг” гэв. Түүнээс нөхрийнхөө улс төрийнх нь замналын талаар ямар бодолтой байдгийг сонирхоход “Манай хүн Японд оюутан байхын нийгмийн идэвхтэй бас өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл бодол, хүсэл зорилготой байсан. Одоо ч тэр байр суурь нь хэвээрээ байгаа. Монгол орноо жаахан ч гэсэн сайн, сайхан болгочихвол миний хүүхдүүдийн ирээдүй юм даа гээд нөхрийгөө дэмждэг. Анх Тулгааг улс төрд ороход нь бид хоёр нэг л зарчим баримтална гээд ярилцаж байсан. Цэвэр идеальны улстөрч байх ёстой гэж. Би нөхрийгөө ёс зүйтэй, үзэл бодолдоо тууштай, зөв улстөрч гэдгээр нь үнэхээр бахархдаг” гэв.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Шинэ хамба Д.Жавзандоржийг энэ сарын 18-нд ширээнд нь зална DNN.mn

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Чойжамц үүрэгт алба хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан.

Түүний хүсэлтийг ёсоор болгож, шинэ хамбыг томилсон бөгөөд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билэгт өдөр тус хийдийн Батцагаан цогчэн дуганд зохион байгуулна.

Аргын тооллоор арваннэгдүгээр сарын 18-ны 11.00-12.20 цагт болно гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд болно гэж Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
story-news

Төрийн далбааг мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Төрийн далбааг мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Categories
мэдээ нийгэм

“Монгол бахархлын өдөр”-ийн хөтөлбөр DNN.mn

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр” тохиож байна.

Монгол бахархлын өдрийн хөтөлбөрийг танилцуулъя:

  • 07.50 цагт Монгол Улсын Төрийн далбааг мандуулна
  • 08.30 цагт  Төрийн тугийг цэнгүүлнэ
  • 09.20 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын нууц товчоон” дэлгэрэнгүй тайлбартай номын нээлтийн ёслолд оролцоно /МУИС/
  • 11.00 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулна
  • 12.30 цагт  Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ
  • 14.00 цагт “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн болно /”Чингис хаан” музей/
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутагт зорчихдоо шатахууны нөөц, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхааруулж байна DNN.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас  өгсөн мэдээллээр өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нутгийн баруун хагаст, 15-ны өдөр ихэнх нутгаар, 16-ны өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын нөхцөл муудах төлөвтэй байна.

Иймд ойрын 2-3 хоногт хөдөө орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, сэрэмжлүүлэг, анхааруулгыг мөрдөж, болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс шатахууны нөөц, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж явахыг Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ФОТО: Төрийн далбааг мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв DNN.mn

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ. 

Тэр бээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг  өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсныг нь Монголын төр ийнхүү үнэлж байгааг тэмдэглэв.

1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор:

  • Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд,
  • Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчилах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнадаг юм.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхмүүд:

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
  • 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
  • 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж,
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
  • 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл,
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай,
  • 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр,
  • 2019 онд The Hu хамтлаг,
  • 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,
  • 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,
  • 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов,
  • 2022 онд АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН найман жил засаглахдаа яагаад юу ч хийсэнгүй вэ? DNN.mn

Эрх баригч МАН сүүлийн найман жил засаглаж, Монгол төрийг удирдаж байна. 2016 онд засгийн эрхийг авч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсноос хойш, он гарсаар найм дахь жилийнхээ сонгуультай золгож байна. Ингэж найман жил засаглан, ард түмний итгэлийг хүлээн дараалсан хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч улс орны хөгжилд нэмэр болохоор ганц ч бүтээн байгуулалт хийсэнгүй. Хэдэн мухар төмөр зам л тавилаа. Өөрөөр хийсэн бүтээсэн юм алга. Харин АН-ын үед 100 хувь эх орны мэдэлд авчирсан Эрдэнэт үйлдвэрийг хураан авч, мөн тэртээ тэргүй ажил нь хууль журмынхаа дагуу явж байсан Оюу толгойн далд бүтээн байгуулалтыг өөрсдөө явуулсан мэтээр шоу хийсэн. Өөрөөр гийгүүлсэн юм үнэндээ байхгүй. Эрдэнэтийг булаан авсан шигээ Салхитын мөнгөний ордоос аваад аль л мөнгөтэй, өнгөтэй бүхнийг төр дээрэмдэж авсан. “Эрдэнэс Таван толгой”-д бүрэн эрхт төлөөлөгч томилоод л, орон нутгийн гэгдэх Ажнай Бат-Эрдэнийн “Таван толгой”-д мөн л бүрэн эрхт төлөөлөгч томилоод. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, өөр юу байна, бүх л газрыг булаан авч, данс тооцоог нь атган, өөрсдийнхөө төлөөлөгчдөө томилсон. Ард түмэн Ардын намыг юу ч хийсэнгүй, дээрээс нь нүүрсний хэргээс аваад улс орноо тонон дээрэмдэж, чоно борооноор гэдэг шиг Ковидоор далимдуулан байгаа бүхнээ цөлмөснийг хорсолтойгоор ярьж байна. Үнэхээр л эрх баригч энэ нам эх орноо элгээр нь бүрмөсөн хэвтүүлчихлээ.

Сонгогч олон итгэл хүлээлгээд байхад олны итгэлийг яагаад зүтгэлээр хариулж болдоггүй юм бол, яагаад засгийн эрхийг авчихаад улс орныхоо төлөө юу ч хийдэггүй юм бол гээд нарийн ажиглаад байхаар МАН-ын цаана Орос байдаг юм шиг байна. Тиймдээ энэ намын ярьсан, хэлсэн бүхэн хий хоосон үг байдаг бололтой. Ард түмэндээ хүнийрхүү сэтгэлээр хүйтэн хандаад байдгийн учир нь үүнтэй холбоотой юм шиг байна. Бүгдээрээ бодъё л доо. Төмөр зам, цахилгаан станц, усан цахилгаан станц гээд улс орны жинхэнэ гол стратегийн том том төслүүд яагаад энэ олон жил яригдаад эцэст нь үлгэр болоод жаргав.Ховдын Эрдэнэбүрэнгийн УЦС мөн Шүрэн, Эгийн голын УЦС, Багануур, Тавдугаар цахилгаан станц гээд манай ярьсан бүхэн Оросын болоод Оросыг хамгаалагч МАН-ын улстөрчдийн эсэргүүцэлтэй тулаад хөдөлдөггүй. “Багануурын цахилгаан станцыг танай намын нөхөд зогсоосон. Тэд арай тагнуул биш биз дээ. Хоёр УЦС-ын ажил өнөөдрийг хүртэл яваагүй. Цахилгаан эрчим хүчээ нэмэгдүүлэхээр хийсэн оролдлого болгоныг үгүйсгэдэг бүхэл бүтэн бүлэгтэй болчихлоо. Энэ хүмүүс ямар зорилготой вэ” гэж УИХ-ын гишүүн Н.Ганибал чуулган дээр МАН-ын нөхдөөс ам асууж байсан.

Эрдэнэбүрэнгийн УЦС аль 1960-аад оны дунд үеэс яригдсан ч одоо хэр нь ажилд ороогүй байна. Хэрвээ энэ станц ажилд орвол баруун аймгууд эрчим хүчээр хангагдана. Эгийн голын усан цахилгаан станц ямар эсэргүүцэлтэй тулж ирснийг бүгд мэдэж байгаа. “Байгаль нуур сүйрнэ” гээд оросууд тэгнээд хэвтчихдэг. Оросоос манайд ирсэн сэтэртэй бүхэн “Монголчууд нэг ч цахилгаан станц болон УЦС барьж болохгүй. III цахилгаан станцыг чинь бид өргөтгөж өгөхөд анхааръя. Эрчим хүчний хэрэгцээг чинь Галуут нуурын УЦС-аас хангах болно” гэж хэлэхэд манай эрх баригчид үг дуугүй толгой дохидог. Хоёр жилийн өмнө Засгийн газрынх нь орлогч В.В.Абрамченко гэдэг авгай ирээд ташаа тулан даналзаад юу болов. “Тусгаар улс байна даа, өөрсдөө станцаа мэддэггүй юм уу” гэхэд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Манай улс 1990-ээд оны эхээр Монголоос ОХУ руу орсон ямар нэгэн гол нуур дээр УЦС баривал Оросын талаас зөвшөөрөл авахаар гэрээ байгуулсан. Тиймээс Эгийн голын УЦС дээр Оросоос зөвшөөрөл авах ёстой” гэж хэлж байсан. Зөвхөн Ч.Хүрэлбаатар ч биш Ардын намын эрх баригчид бүгд Оросоос асууна гэдгээ хэлнэ. Оросууд бүр сүүлдээ усны нөөц бий болгохыг ч хорьж цагддаг болсон. Хэдэн жилийн өмнө Улз гол дээр инженерийн байгууламж барьж байна, усны нөөц бий болгож байна гэж яаж дарамталж байлаа.

Цахилгаан станц болоод УЦС-ын тухайд ийм хөөрхийлөлтэй, өрөвдмөөр арчаагүй үнэн дүр байдал харагдаж байна. Тэгвэл Монголд үйл ажиллагаа явуулж байсан Канадын “Хан ресурс” ураны компанийг мөн л оросууд болиулж, Монголыг хөгжүүлэх барууны хөрөнгө оруулалтыг таслан зогсоосон. Үүнийг хийсэн хүн нь тухайн үед Ардын намын дарга, Ерөнхий сайд байсан С.Баяр. Тэрбээр 2008 оны хавар Орост айлчилсныхаа дараа шууд Мардайн ордтой танилцаж, тэндээсээ нисдэг тэргээр Чита руу Краснокаменскт Приаргуны уурхай, химийн үйлдвэрт зочилсон байдаг. Түүнийг Оросын ураны “Росатом”-ын С.Кириенко авч явсан байдаг. Приаргуны химийн үйлдвэр бол хуучин Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошуунуудыг хийдэг байсан газар. С.Баяр Приаргуны үйлдвэрт очоод ирснийхээ дараа ҮАБЗ-өөр зөвлөмж гаргуулж, цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн тухай хуулийг батлуулсан. Энэ бүхнийг Оросын үгээр хийсэн нь хэнд ч тодорхой. Канадын “Хан ресурс” Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгч 350 сая ам.доллар нэхэмжлэхэд, мөнгийг нь бид төлчихнө гэж оросууд хэлсэн ч төлөөгүй. Сүүлдээ хуульч гаргаж өгье, арбитрт ялагдахгүй гэсэн ч тэр бүхэн худлаа болж манай улс 70 сая ам.долларын өрөнд унаж байсан. Тэгвэл Америкууд Мянганы сорилтын сангаар дамжуулаад манай төмөр замыг хоёр болгож, хос төмөр зам тавих ажил Да.Ганболдыг Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга байхад шийдэгдсэн байсан ч Орос болиулсан.

“Мянганы сорилтын сан манайд 188 сая ам.доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгоё гэсэн шийдвэрт хүрээд, хоёр жил гаруй хөөцөлдсөний эцэст энэ төсөл батлагдаад гарын үсэг зурагдчихсан, яг хэрэгжиж эхлэхийн даваан дээр Оросын тал эсэргүүцсэн. Хамтарсан аж ахуйн нэгж учраас гадаадын гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг хийлгэхгүй гэсэн болзол тавьсан. Өөрийнхөө нутаг дээр байгаа төмөр замыг шинэчлэх асуудлыг Монгол Улс өөрөө мэддэггүй. Бид стратегийн ордуудаа түшиглээд аль улс руу юу зөөх, ямар үнээр худалдахаа 100 хувь бие дааж шийдэх бололцоогүй болоод байна” гэж Да.Ганболд тухайн үед харамсалтайгаар хэлж байсан. Хос төмөр замтай болж бидний хараанаас алдуурах нь гэдгийг оросууд мэдээд, төмөр замын дарга В.И.Якунин Монголд сандран ирж байсан. “Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд л байдаг” гээд шууд болиулсныг бид мэднэ. Хэрвээ 2010-аад оны үед өргөн нарийн хос төмөр замтай болчихсон бол Монгол Улс өнөөдөр Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Америк, Европын бүх оронтой төмөр замаар дамжин холбогдох хөгжлийн хамгийн том үүр уурхай нээгдэх байлаа. Гэвч энэхүү алтан боломжийг бид Оросын үгэнд автаж алдсан.“Богдхан” төмөр зам гэж бас нэг тод жишээ байна. 2014 онд Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр замууд” хувьцаат нийгэмлэг хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийн дагуу “Богдхан” төмөр замыг тавихаар тохирсон. Рашаант өртөөнөөс Богд уулын урдуур тойрч Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн болон Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин 170 км үргэлжлэхээр ТЭЗҮ нь батлагдаж, шаваа тавьсан ч одоо хүртэл сураг чимээгүй. Сүүлд, Зам тээврийн сайд С.Бямбацогт “Богдхан төмөр замын төсөл өндөр үнээр хийгдсэнийг шалгахаар бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон” гэж мэдэгдсэн. Уул нь энэ төмөр зам экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, хотын түгжрэлийг 57 хувь бууруулах, Хөшигийн хөндийн дагуул хотуудын бүтээн байгуулалт эрчимжиж, тээвэр логистик бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах ач холбогдолтой байсан. Сая хотод тэг зогсолт болоход 47 удаа галт тэрэг нэвтэрсэн нь гол нөлөө боллоо гэдгийг албаныхан хэлж байсан. Гэтэл хотын түгжээг бууруулах Богдхан төмөр зам бас л оросуудын биднийгээ могдорлох ээлжит үлгэр байв уу. “Бид хийгээд өгье, бидэнтэй л хамт бай” гэж оросууд хэлдэг. Ардын намынхан тэр үгэнд нь итгээд “орос ах” хийгээд өгнө гээд хий хоосон горьдож хөөрцгөөдөг. Нөгөөдүүл нь хийсэн ч юм байхгүй, эцэст нь Монголын бүтээн байгуулалтын том ажлууд дээр өгүүлсэнчлэн таг зогсдог. Ардын намыг ард нийтээрээ сонгосноор улс орон ийм байдалтай явж ирлээ. Тэгэхээр Оросын үгнээс гардаггүй, Монголдоо юу ч хийдэггүй энэ намыг дахин сонгож төрийг удирдуулах хэрэг байна уу. Ер нь оросуудын байгуулж өгсөн нам ч гэж ярьдаг. Бүтээн байгуулалт гээд үзэхээр АН-ын үед л бүх ажил бужигнаж эхэлсэн байдаг. Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд яаж ажиллаж байлаа. Ганцхан жишээ хэлэхэд ихэнх аймгийг нийслэл хоттой засмал замаар холбож, “гудамж” төслөөр хот өнгөө засч, Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлж Токио, Сөүлтэй өрсөлдөх шинэ Улаанбаатарыг бий болгохоор зүтгэж байв. З.Энхболд Таван толгойг ард түмэнд үлдээсэн, Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хийсэн, Эрдэнэтийг эх орондоо авчирсан гээд өнөөдөр ард түмнийг хоногийн хоолтой нь залгуулж байгаа энэ бүх ажлыг ардчиллынхан дөрвөн жил засаглахдаа хийсэн байдаг. Ардчиллынхан ажил хийгээд, бүтээн байгуулалт өрнөөд ард түмний цалин цаваг нэмэгдээд, амьдрал өөрчлөгдөөд ирэнгүүт Ардын намынхан сурснаараа дагуулж гуядах ажлаа эхэлдэг. Амьдрал дээшилсэн хүмүүсийн омог дээр АН-ыг яаж тонгорч шороонд булахаа МАН-ынхан сайн чадна. Тэгээд л төрийн сэнтийд гараад ирдэг. МАН засагласан найман жилд татвар нэмэгдэж, цалин буурч, ард түмний нүдний гал бөхөхийг бид харж байна. Авлигажсан улс хэрхэн яаж дампуурч болдгийг бид биеэрээ мэдэрч байна. Хот маань автобус унаа ч байхгүй өвлийн хүйтэнтэй золгож, гудманд гуйлгачин мэт чичирсэн ард түмнээ харахад хөөрхийлөлтэй байна. Ийм улсад хэн аж төрөхийг бодох юм бэ. Япон, Солонгос гарах гэж нийтээрээ зүтгэж байгааг буруутгах аргагүй. Тиймээс монголчууд минь ирэх оны сонгуулиа бодолтой хийгээрэй дээ. МАН-ын цаана Орос байдгийг мартаж болохгүй. Орос биднийг огтоос хөгжүүлдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ яг үнэндээ бол Орос биднийг хөгжүүлэх үүрэггүй. Дэлхийн түүхэнд ах дүү улс гэж байдаггүй. Монголыг хөгжүүлнэ гэдэг Оросын эрх ашигт өөрт нь хохиролтой. Харин орос ах нар хийж өгнө, тэд л биднийг хөгжүүлнэ гэж итгэн хөөрцөглөж тэнэглэдэг МАН-аас салах хэрэгтэй.

Д.Батболд