Month: October 2023
Газын зурвас дахь Аль-Ахли Аль-Маадани эмнэлэгт болсон халдлагын улмаас 800 хүн амь үрэгдлээ гэж Al Arabiya телевиз мэдээллээ. Үүнээс өмнө Газын Эрүүл мэндийн яам 500 хүн амиа алдаж, шархадсан гэж мэдээлж байсан юм. Израилын армийн зүгээс явуулж буй халдлагаас зугтсан иргэд тус эмнэлэгт хоргодож байжээ.
Тухайлбал Израилийн армийн агаарын цохилтод эмнэлэг өртсөн гэж Хамасын тал мэдээлж байгаа бол Хамасын харвасан пуужинд алдаа гарснаас эмнэлэг оногдсон гэж Израилийн тал тайлбарлажээ.
Одоогоор талуудын мэдэгдлийг гуравдагч эх сурвалжаар батлах боломжгүй байна.
Хамасын засгийн газрын эрүүл мэндийн яам эмнэлэгт амь үрэгдсэн хүний тоог 500 гэж мэдээлсэн бол иргэний хамгааллын сайд нь 300 гэж мэдээлжээ. Энэхүү эмгэнэлт явдлаас өмнө 11 өдөр үргэлжилсэн Израилийн агаарын цохилтод нийтдээ 3,000 орчим хүн амиа алдсаныг Палестины тал мэдээлж байв.
Харин Газа руу тусламж оруулах асуудлаар НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Египеттэй хэлэлцээ хийхээр тус улсыг зорьж байна. Газын зурваст хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн гэж НҮБ үзэж байгаа юм.
Энэ үеэр Хамас бүлэглэл Газын Зурваст тогтоосон бүслэлтийг авч, хил хязгаарыг нээсэн нөхцөлд барьцааны хүмүүсийг суллана гэдгээ дүрс бичлэгээр мэдэгджээ. Газын Зурваст 200-250 орчим барьцааны хүн байгаа, тэднийг ямар улсын иргэд болохыг тогтоох боломжгүй, аюулгүй газарт байлгаж байгаа гэж Хамасын төлөөлөгч мэдэгджээ. Францын гадаад харилцааны сайд Леванд очсон бол Германы канцлер Израилыг зорих гэж байна. Оросын ерөнхийлөгч Бээжинг зорихын өмнө мөн бүс нутгийн улсуудын эрх баригчидтай утсаар ярьж, нөхцөл байдлыг бүс нутгийн дайн руу шилжүүлэхгүй байх нь чухлыг онцолсон байна.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны аравдугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн давхардал, хийдлийг арилгах, уг хуулиар хүүхэд хамгааллын үйлчилгээний хувьсах зардлыг батлах эрх зүйн үндсийг бий болгох, Хүүхдийн эрхийг хамгаалахад эцэг, эх, олон нийт, байгууллага, хуулийн этгээдийн үүргийг нарийвчлан тусгах, хүүхэд хамгаалал гэр бүлийн чиглэлээр ажиллах нийгмийн ажилтныг давтан сургах лицензжүүлэх, үйлчилгээний үр дүнг тооцох, эрх зүйн зохицуулалтыг бий болгох замаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг илүү нарийвчлан зохицуулна гэж заасныг үндэслэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсныг сайд танилцуулгадаа дурдсан.
Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хүүхэд хамгаалал нь бүх нийтийн үйл хэрэг байх зарчимд тулгуурлан Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, хүн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоотой уялдуулж Засгийн газар хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага зохион байгуулалт, хамгааллын үйлчилгээний хэлбэр, кэйс менежмент, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж хуулийн давхардал, хийдлийг арилгаж, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцооны эрх зүйн үндсийг бий болгохыг зорьсон гэв.
Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг Монгол Улсын нутаг дэвсгэрт түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран үйлчлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлж, хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан хамтарсан ба хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүрэг, сум хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн удирдлагад ажиллуулах, Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж ашиглах нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ.
Мөн гэр бүл, нийгмийн орчинд хүүхэд хамгаалах харилцааг өргөжүүлж, шинээр хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал, хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, хүүхэд хамгааллын кэйс менежментийн алхам хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр тус бүрээр тусгах зардлыг кэйст тулгуурлан тогтоох, хуулийн этгээд цалингийн нийт сангийн нэгээс доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг хүүхэд хамгааллын бодлогод төсөвлөхөөр тусгажээ.
Түүнчлэн төсөлд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллага, олон нийт сайн дурын ажилтны дэмжлэг туслалцаа, хүүхдийн оролцоотойгоор зохион байгуулж, барилга байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч, эсвэл хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл оруулах, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгож, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр, төрлийг тодорхойлох, хөгжлийн үйлчилгээний аргачлал, нормативыг батлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна.
Хууль батлагдсанаар хүүхэд хамгаалах төрийн байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрд хүргэх боломж бүрдэнэ. Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ. Хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирч, хамгаалал шаардлагатай хүүхэд бүрд чанартай, цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад 20 гаруй удаагийн хэлэлцүүлэг хийж, Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхдийн дунд хэлэлцүүлэг хийж, санал авсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсныг Х.Булгантуяа сайд дурдсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Ц.Идэрбат, Б.Баярсайхан, Д.Батлут, С.Ганбаатар, С.Одонтуяа, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Монгол Улсад хүүхэд хамгааллын асуудлыг шинэ шатанд гаргах цаг болсныг тэмдэглээд Чингэлтэй дүүргийн 20 мянган өрхөд нэг л хүүхдийн эрхийн байцаагч байгаа нь хүүхэд хамгааллын асуудалд хүний нөөцийн бодлогыг нэн тэргүүнд боловсруулж шийдвэрлэх, цаашлаад хөрөнгө санхүү дутмаг байгаа нь харагдаж байна. Улсын төсөвт хүүхэд хамгааллын зардалд найман тэрбум төгрөг төсөвлөсөн хэдий ч үндсэн асуудалдаа оновчтой зарцуулахгүй байна” гэсэн саналыг хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар “Хуулийн төслийн үзэл баримтлалд монголчуудын түүхэн уламжлалыг тусгах, хүүхэд хамгааллаас гадна уг төслийг соён гэгээрүүлэхэд чиглүүлэх шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн орон нутаг дахь төсвийг тодорхой шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх, Хүний Эрхийн Үндэсний комиссын хүүхдийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэх, салбарын яам хүүхдийн хүчирхийллээс хамгаалах төв болон хүүхэд хамгаалах байруудыг тохижуулах зэргээр хүүхэд хамгааллын мөнгийг оновчтой зарцуулах нь чухал” гэсэн саналтай байлаа. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, “Хуулийн төслийн хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь зүйлд 10 гаруйхан хэсэг, заалттай асуудлыг оруулж ирсэн нь хангалтгүй байгаа нь харагдаж байна. Миний бие Цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгааллын талаар хуулийн төсөл боловсруулсан, удахгүй өргөн барина. Хүүхэд хамгааллын асуудалд хүний нөөц, хөрөнгө санхүү дутмаг гэж та бүхэн ярьж байгаа ч салбарын яам ажиллаж буй арга барил, явуулж байгаа бодлогодоо дүгнэлт хийх шаардлагатай” хэмээв.
Энэ үеэр Байнгын хорооны дарга П.Анужин хуулийн төслийг гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Иймд хуулийн төсөл, хүүхэд хамгааллын бодлогын талаарх гишүүдийн асуултад бүрэн дүүрэн мэдээлэл өгөх, оновчтой хариулахад салбарын яамны удирдлага, холбогдох байгууллагын албан тушаалтнуудад онцгойлон анхаарууллаа.
Эцэст нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламент 126 гишүүнтэй болно. Үүнтэй холбоотой ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ-ын бүтэц яаж өөрчлөгдөх талаар судлаачийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад хууль зүйн ухааны доктор, профессор, хуульч, өмгөөлөгч С.Отгонгэрэлтэй ярилцлаа.
-2024 онд Монголын парламентын түүхэнд цоо шинэ үе эхэлнэ. Парламент 126 гишүүнтэй болсноор УИХ-ын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт орох вэ?
-Юун түрүүнд ирэх оны ээлжит сонгуулиас өмнө Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Уг хуулийн зургадугаар зүйлд “УИХ-ын бүрэлдэхүүн” гэсэн хэсэг байгаа. Тодруулбал, энэ хуулийн 6.1-д парламент нь УИХ-ын сонгуулиар сонгогдсон 76 гишүүнээс бүрдэнэ гэж байгаа. Тэгвэл “Улсын Их Хурлын нийт гишүүн” гэж ойлгох энэхүү бүрэлдэхүүнийг 126 болгож өөрчлөх ёстой. Мөн хуулийн 6.2-т заасны дагуу парламентын ээлжит сонгуулийн дараа УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, тангаргаа өргөсөн бол УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцдог. Тэгэхээр энэ 57 гэсэн тоог бас өөрчлөх шаардлагатай. 126-гийн дөрөвний гурав нь 95 гишүүн байна. Дараагаар нь УИХ-ын олонх, цөөнхийн асуудлыг бас зайлшгүй хуульчилж таарна. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.1-д сонгуулийн дүнгээр парламентад 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг УИХ дахь олонх гэж тодорхойлсон байдаг. Ер нь олонх гэдэг нь “50+1” хувь шүү дээ. Иймд 126-гийн олонх нь 64 гишүүн байна. Дараагийн шинэ парламент бүрэлдэхээс өмнө хамгийн түрүүнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульдаа дээрх нэмэлт, өөрчлөлт хийх ёстой гэж харж байгаа.
-УИХ дахь намын бүлгүүд хэрхэн бүрэлдэх бол?
-Одоо үйлчилж байгаа хуулийн зохицуулалтаар сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна. Өөрөөр хэлбэл, найман гишүүн гэдэг бол 76-гийн 10.5 хувь нь юм. Энэ тооцооллоор авч үзвэл 126-гаас дор хаяж 13 суудал авч байж намын бүлэг байгуулна гэсэн үг. Тэгэхээр ирэх парламентад сонгогдсон аль нэг нам эвсэл 13 гишүүнтэй бол бүлэг байгуулах эрхтэй болно.
-Гишүүдийн тоо нэмэгдэхээр шинээр байнгын хороо байгуулах болов уу. Одоо нэг гишүүн хэд хэдэн байнгын хороонд харьяалагддаг. Байнгын хороод зэрэг хуралдахаар ирц бүрдэхгүй, УИХ-ын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг тал бий шүү дээ?
-Өнөөдөр хуулиараа 11 байнгын хороо ажиллаж байна. Гишүүдийн тоо 126 боллоо гээд байнгын хороодынхоо тоог нэмэх эсэх нь тухайн парламентын л бүрэн эрхийн асуудал. Магадгүй одоогийн байнгын хороодын тоо нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл УИХ-ын онцгой бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгосон.
Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.4-т УИХ, Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх онцгой эрхтэй гэж тодотгосон байдаг. Энэ эрхийнхээ дагуу УИХ өөрөө байнгын хороодын болон түүний гишүүдийн тоог тогтоно. Ингэхдээ хэдэн байнгын хороотой байх, нэг гишүүн нэг байнгын хороонд харьяалагдах эсэх нь хүртэл УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал.
-УИХ-ын дарга болон дэд дарга ямар байх вэ?
-УИХ-ын дарга мөн л ялгаагүй. Парламентад хэдэн бүлэг бий болох вэ гэдгээс хамаарна. 126 гишүүнтэй байгуулагдсан УИХ-д сонгуулийн дүнгээр 13-аас доошгүй суудал авсан улс төрийн нам, эвсэл бүлэг байгуулж болно. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэж заасан. Тэгэхээр 126 гишүүнтэй парламентад хэдэн бүлэг байгуулагдана, тэр бүрээс дэд даргыг сонгоно. Харин УИХ-ын даргын хувьд аль нам эвсэл олонх болно, тэндээс сонгоно.
-Парламентын гишүүдийн тоо нэмэгдэхээр хууль батлах хугацаа сунжирна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүн бүр асуулт тавих, үг хэлдэг жишиг бий. Судлаачийн хувьд та энэ үзэгдлийг яаж харж байна вэ. Олон улсын туршлага ямар байдаг юм бэ?
-Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гишүүд асуулт асуух, үг хэлэх журам гэж бий. Үүнд гишүүний асуулт асуух хугацаа дөрвөн минутаас илүүгүй байна. Нэмэлтээр асуух бол нэг минутаас хэтрэхгүй. Гишүүний асуултад хариулах хугацаа дөрвөн минутад багтана. Нэмэлт тайлбар өгөх бол нэг минутаас илүүгүй хоёр удаа байна. Харин хуралдаанд байр сууриа илэрхийлж үг хэлэх дээд хугацаа нь таван минут байх хуулийн зохицуулалттай. Парламентад сонгогдож гарч ирсэн гишүүд бол ард түмний төлөөлөл. Тиймээс хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор үгээ хэлнэ, асуултаа асууна. Тэр утгаараа гишүүний үг хэлэх, асуулт тавих хугацаанд өөрчлөлт орохгүй байх. Нөгөө талд чуулганы нэгдсэн хуралдаанд яг 126 хүн суугаад ирэхээр хэтэрхий сунжрах асуудал үүснэ. Манай парламентын тогтолцоо их зовлонтой. Гишүүн болгон үг хэлдэг. Гурав, дөрвөн зуун гишүүнтэй гадны парламентын туршлагаас харахад бүлгээ төлөөлж үг хэлдэг. Яг санал хураалтын өмнө хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байгаа талыг төлөөлж эсвэл дэмжихгүй байгаа талыг төлөөлж тус бүр нэг минутад бүлгээ төлөөлж байр сууриа илэрхийлдэг. Барууны орнуудад ч ялгаагүй бүлгээ юм уу байнгын хороогоо төлөөлөөд үг хэлдэг байх жишээний. Харин манайх цөөхөн гишүүнтэй болохоор хүн болгонд үг хэлэх эрхийг нь олгодог тогтсон заншилтай. Цаашид үүнийгээ бас дагаад явах л байх. Хэрэв 126 гишүүнтэй болчихоод үг хэлж, асуулт асуух хугацаа дэндүү сунжирч байна гэж үзвэл Дэгийн тухай хуулиа эргэж харахаас өөр замгүй.
-Өнөөдөр УИХ-ын гишүүдийн бараг гуравны нэг нь давхар дээлтэй байна. Парламент 126 гишүүнтэй болсноор УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд ямар эерэг дүр зураг харагдаж байна вэ?
-Засгийн газар нь нөлөө багатай, Их хурал ирцийн асуудалгүй болно. Аль, аль нь ажлаа сайн хийнэ. УИХ-ын гишүүд Засгийн газарт давхар суухыг нь хуулиараа зөвшөөрчихсөн. Аль нам олонх болно, тэр нь давхар дээлээ өмсөөд ажлаа хийнэ. Том зургаараа УИХ, Засгийн газар зөв голдиролоороо ажиллана. Гүйцэтгэх засаглал ажлаа хийх бололцоотой олон гишүүнтэй болж байна. УИХ ч гэсэн өөрийнхөө чиглэлээр ажиллана. Одоо 76-гийн гуравны нэг нь Засгийн газрын гишүүн байна. Монгол Улсын Засгийн газрын бүтэц одоо Ерөнхий сайдтайгаа нийлээд 22-уулаа байгаа. Энэ тоо бол 126-гийн тавны нэг нь гэсэн үг. Цаана нь 100 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг хангалттай явуулна. Сонгогчдын төлөөллөө хэрэгжүүлэх, хуулиа батлах, гүйцэтгэх засаглалд хяналт тавьж чадна. 126-гийн олонх 64 байна гэж үзвэл эрх баригч намын 25 гишүүн сайд хийхэд цаана нь асуудалгүй байна шүү дээ.
Английн парламентын 600 гишүүний 90 орчим нь давхар дээлээ өмсөөд Засгийн газартаа ажилладаг. Сайд нь, салбарын сайд, түүний тэргүүн дэд сайдууд нь бүгд парламентын гишүүн байдаг. Парламентын тогтолцоотой орны гол онцлог сонгуулиар сонгогчдодоо “Бид наад ажлыг чинь хийнэ. Биднийг сонго” гээд парламентад олонх болдог. Гэтэл манайх буруу тогтолцоогоор яваад байдаг. Давхар дээл гэсэн ойлгомжгүй нэр томьёо хэрэглэж улстөрчид УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөөд байсан. Жишээлбэл, сөрөг хүчин байхдаа давхар дээл өмсч болохгүй гэж шүүмжилдэг. Харин эрх баригч болонгуутаа давхар дээл өмсөнө гээд дайраад байдаг байсан. Харин одоо УИХ 126 гишүүнтэй болчихоор энэ нөлөө буюу улс төрийн тоглолт нь арилна.
Ирэх 2024 онд манай улсын парламентын түүхэнд анх удаа тун сонирхолтой сонгууль болох гэж байна. Гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалаад далайд гарцгүй, хоёрхон хөрштэй, жижиг орны хувьд манай улс ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлэх ёстой. Гудамжинд гараад улстөржөөд байж болохгүй. Улс орон тогтворгүй болно. Харин парламентдаа том, жижиг намуудаа оруулж ирээд асуудлаа ил тод ярьдаг байх нь зөв. Ер нь парламентын засаглалтай улсын хувьд цөөнхөө сонсдог олонхоороо шийдвэрээ гаргаад явдаг зарчмаа бариад явах нь зүйтэй. Судлаачийн хувьд УИХ 126 гишүүнтэй болбол эерэг тал нь илүү харагдаж байгаа. Парламентын гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр нийгмийн олон талын төлөөлөл сайн хангагдана. Холимог тогтолцоогоор сонгуулиа явуулахаар намын санал гээгдэхгүй. Жижиг намууд парламентад орж ирнэ. Ямар нэгэн байдлаар хэн, хэн нь гоншигонохгүй, гомдоллохгүй. Маш сонирхолтой сонгууль болно.
М.МӨНХЦЭЦЭГ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах багц хуулийн төслийн талаар зэрэг 23 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Энэ сарын 17-ны 11:40 цагаас иргэдээс цахимаар санал хурааж эхэлсэн. Өнөө өглөөний байдлаар 38 мянган хүн санал өгсөн байна.
Бусад улсуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт нь татварын урамшуулал гэдэг ойлголтод хамаардаг тул ерөнхий утгаараа тухайн орны татварын тогтолцоо, тодорхой төрлийн татвар, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж үздэг байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэх, далд эдийн засгийг бууруулах боломжтой юм байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргажээ.
Гарын үсэг цуглуулах иргэдийн тоо: 100,000
Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 94,195 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.
Үүнээс
- А-80 авто бензин 3,375 тонн
- АИ-92 авто бензин 28,541 тонн
- АИ-95 авто бензин 2,005 тонн
- Дизель түлш 58,824 тонн үлдэгдэлтэй байна.
Өөрөөр хэлбэл А-80 авто бензин 20 хоног, АИ-92 авто бензин 23 хоног, АИ-95 авто бензин 15 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 8,907 тонн, Хангайн бүс 4,875 тонн, Төвийн бүс 22,810 тонн, Зүүн бүс 4,542 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байгаа аж.
2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1,894.1 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнээс
- А-80 авто бензин 20.5 мянган тонн
- АИ-92 авто бензин 538.4 мянган тонн
- АИ-95/98 авто бензин 13.3 мянган тонн
- Дизель түлш 1,044.8 мянган тонн
- ТС-1 /онгоцны түлш/ 44.3 мянган тонн
- Жет А-1 түлш 35.6 мянган тонн
- бусад бүтээгдэхүүн 196.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолжээ.
Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар
Монголд D.Parliament.mn вебсайт болон D-Parliament апп өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийгээд удаагүй байна. Энэхүү цахим систем төр дэх иргэдийн оролцоог үнэмлэхүй өндөр түвшинд авчирлаа. Ер нь бол иргэд бодит утгаараа төрийн эрхийг барилцах боломж бүрдэв. Одоо ганцхан иргэн бүр идэвхтэйгээр ашиглах л чухал байна. Ямар учиртай цахим систем бэ гэвэл УИХ-аас шинээр батлагдах хуулийн төслүүдийг бүрэн эхээр нь эдгээр сайтад нийтэлж байгаа юм. Хууль санаачлах эрхтэй Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, бусад субъектууд нь санаачлан боловсруулсан хуулийн төслүүдээ тэр чигээр нь энэхүү цахим системд байршуулж, үүнд нь иргэн бүр нээлттэй саналаа өгнө. Дэмжих, эсэргүүцэх, саналаа бичих гурван үйлдэлтэй. Хууль, дүрэм журмын дагуу хуулийн төслийн зүйл, заалт бүгдэд иргэдийн өгсөн санал хүсэлтэд тухайн хуулийг боловсруулж байгаа Ажлын хэсгийнхэн заавал хариулт өгөх үүрэгтэй. Тэр бүү хэл иргэдийн тодорхой саналууд протоколын байдлаар УИХ-ын архивт хадгалагдана. Тухайн хуулийн төсөл дээр иргэдийн үнэмлэхүй олонх нэгдмэл байр суурьтай санал өгсөн бол түүнд нь зориулсан тухайлсан Ажлын хэсэг байгуулах, хэлэлцэх юм байна. Жишээ нь, 25 мянган иргэн хуулийн нэг заалт дээр санал нэгдсэн бол УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэх мэт.
Ерөөсөө энэ нь л Монголын ард түмнийг УИХ-ын гишүүдтэй нэг статустай болгож байгаа үйл явц юм. Онцгой дэвшил хөгжил билээ. Ардчилсан нийгэмд жинхэнэ утгаараа ард иргэд төр засгаа барьж эхэллээ гэсэн үг. Энэ боломжоо л ард түмэн ашиглах цаг иржээ. Тухайлбал НӨАТ-ыг таван хувь болгоё гэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард иргэдийн зүгээс энэхүү d.parliament.mn цахим сайтад санал болгож, үүнийгээ хэдэн мянгаараа дэмжин давалгаалж болно. Ингэж чадвал тухайн хуулийг хэлэлцэхээс өөр замгүй болно. Эсвэл НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь биш, таван хувь болгоё гэж ч иргэд санаачилж болно. Иргэдийн энэ мэт ашигтай санал үр дүнд хүрэх боломжийг энэхүү d.parliament.mn сайт нийгэмд олгож байна.
Ард иргэд засгийн эрхийг барих боломж улам их нээгдлээ гэдгийг л уншигчдадаа хүргэж байгаа хэрэг шүү дээ. Өнөөдөр иргэдийн амьдралд хэрэгтэй, нэн даруй засч сайжруулах шаардлагатай олон хууль бий. Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэх Шадар сайд С.Амарсайханы санаачилсан хууль бол ард түмний хүсэн хүлээж байгаа хууль. Дээрх цахим системд иргэд хэдэн мянгаараа ипотекийн зээлийг зургаан хувьд шилжүүлье гэсэн санал өгөхөд хуульд өөрчлөлт орох боломжтой. Энэ мэтээр банк санхүү, татварын хөнгөлөлт дээр иргэд хуулиа онцгойлон судалж, санал нэгтэйгээр өөрчлөлт хийе гэцгээвэл цаана чинь d.parliament.mn гэсэн хууль тогтоох засаглалд оролцох боломж бий болсон шүү.
Тухайлбал СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль… гэх мэтчилэн ард иргэдийн амьдралд өдөр тутамд хэрэглэгдэж байгаа, гэхдээ үр дүн нь сөргөөр туссан олон арван хууль бий. Эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, засч сайжруулах цаг болсныг нийгэм даяараа шуугиж өнөөдөрт ирлээ. Тэгээд өөрчлөхөд яагаад байгаа юм бэ. Амьдралд нийцэхгүй байна гэдгийг бид алхам тутамдаа харж, шүүмжилж байгаа учир эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт орох нь гарцаагүй юм. Тэр цаг нь ирэхээр d.parliament.mn сайтад хуулиудын нэмэл
өөрчлөлт, тэдгээрийн төслүүд тавигдаж, ард иргэдээс санал авах нь тодорхой. Энэ хугацаа ирсэн учраас Монголын иргэн бүр хамгийн түрүүнд
гар утсандаа энэхүү сайтыг татаж, энэхүү аппликейшнийг суулгаж өдөр бүхэн ухаж төнхөж, харж байх зайлшгүй шаардлагатай боллоо. Ард иргэд маань шүүмжлээд байгаа төр засгаа хянах, улмаар эрх мэдлээс нь хуваалцах боломжийг өнөөдөртөө энэхүү цахим систем бий болгож байгаа юм. Та бүхэн энэ боломжийг ашиглаж, иргэнийхээ эрхийг эдэлнэ үү.
Ер нь бол ардчилсан нийгмийн үндсэн хоёр зүйл бол хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө хоёр юм. Энэ хоёр том агуулгаар монголчууд бид нийгмээ харж, эрх зүйт төрөө барих ёстой. Бид хэр эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байна вэ гэдэгт л парламентын засаглалын сайн, муу мөн чанар оршино. Жижиг дэлгүүрийн эзэн бол татварын дарамт болон элдэв хяналт шалгалтын дарамтыг өдөр бүр мэдэрч байдаг. Тэгвэл тэр дэлгүүрийн эзэн татварын хууль болон төрийн хяналтын тогтолцооны хуулиудыг сайн судалж, улмаар d.parliament.mn сайттай “найзалж явахад” өөрийнхөө эрхийг эдэлж чадна гэсэн үг.
УИХ-д “Хуулийн лобби”-г тодорхой бүлэглэл, том компани группүүд, бүр гадны хөрөнгө оруулагчид хийж чадаж байна гэсэн шүүмжлэл нийгэмд их байдаг. Аль ч улс оронд “Хуулийн лобби” гэдэг нэршил асар хүчтэй нэр томьёо юм. Үүнийг хийж чадна гэдэг бол үндсэндээ тэр улс орон, ард түмнийг захирч байна гэсэн үг. Хуулийн дор л хүн төрөлхтөн амьдардаг. Монголчууд үүнийг өөрөөс нь маш хол, их дээгүүр хийгддэг үйл явц гэж ойлгож ирсэн. Тэгвэл тийм биш болжээ, монголчууд аа. Тэрхүү хуулийн лобби гэдэг зүйлийг ард иргэд та бид өдөр тутам хийх боломжтой боллоо. Тэр нь энэхүү d.parliament.mn сайт гэдгийг дахин давтан хэлье.
Басчиг өнөөдрийн Монголын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас ард түмэндээ төрийн жолоог хамтдаа атгалцах боломжийг олгож байна гэж ойлгож байна. Одоо ганцхан та бидний идэвх, технологийн дэвшлийг ашиглах чадвар, ардчилсан нийгэмд амьдарч буй иргэн гэдгээ ойлгох ухамсар, утасныхаа цаанаас уур хилэнгээ гаргах биш, утсаа ашиглаж улс орноо удирдалцах ухаан шаардсан цаг үедээ ирлээ. Монгол Улсын иргэн та D.Parliament.mn вебсайт болон D-Parliament апп-ийг өдөр бүр ашигла, энэ нь таны төрийн эрх мэдлээс барилцаж буй хэлбэр юм.
Б.Нямаа
Нийслэл нь өвөлдөө утаатай. Улс нь эрчим хүчний асуудалтай байгаа энэ цаг үед эрчим хүчний салбарыг ажил хийдэг, ажил хийх гэж оролддог, асуудлыг аргалчихдаг хүн л удирдах ёстой. Өнгөрсөн жил Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалд орж хөлдөх шахсан. Үүнийг Б.Чойжилсүрэн аргалж чадсан. Ерөнхий сайдын хувьд асуудал нь тулгамдсан салбарыг Б.Чойжилсүрэнд хариуцуулж өгсөн нь ч ийм учиртай байх. Хүйтний ам наашилж байгаа эл өдрүүдэд нийслэл хотын иргэдийг түгшээж байгаа нэг асуудал бол утаа. Өвөл болохоор хүйтэрдэг гэдэг шиг утаа гарч ирэх нь тодорхой. Тиймээс энэ жил утааг огцом бууруулах шаардлага Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт яалт ч үгүй тулгарсан, тулгамдсан асуудал болж байна. Уг асуудлыг зохицуулахын тулд тэрбээр Б.Чойжилсүрэнд хатуу үүрэг өгсөн нь мэдээж. Тиймээс Б.Чойжилсүрэн сайд энэ жилийн утааг огцом бууруулахын тулд хагас кокс түлшийг БНХАУ-аас оруулж ирэх төслийг санаачилсан. Эхний ээлжинд хагас кокс түлшээ урд хөршөөсөө оруулж ирээд нийслэлийн тодорхой бүсүүдэд түлж үзье гэсэн түүний санаа тун зөв байсан. Гэтэл утааг улстөржүүлдэг уламжлалт аргаараа уг асуудалд хандаж эхэлсэн. Үр дүнд нь Б.Чойжилсүрэн сайд хулгайч, луйварчнаараа дуудуулаад дуусч байх шиг. Нийслэлийн утааг бууруулах төслийн багийнхны урам ч хугарсан байх. Гэхдээ нийгмийн нэг хэсэг хүмүүсийн зүгээс ирж байгаа галыг тэрүүхэн тэндээ шингээгээд уг төслөө амжилттай дуусгах боломж Б.Чойжилсүрэн сайдад бий. Цаашлаад Засгийн газрын зүгээс болон эрх баригч намын зүгээс уг асуудалд бага зэрэг улс төрийн дэмжлэг үзүүлчихвэл утааг бууруулах төсөл дахин сэргэх боломжтой гэж байгаа юм. Б.Чойжилсүрэн сайдын хувьд шүүмжлэл, хар, цагаан хэл ам ихтэй бизнес, улс төрийн салбарт олон жил явсан архаг, асуудлыг аргалдаг улстөрч. Гэтэл нийслэлийг утаагүй болгох асуудлыг НИТХ-ын төлөөлөгчдийн улстөржилтөөс болж хаяж байгаа гэж бодохгүй байна. Асуудлыг атгаж авсан бол дуусгах эр хүний болоод улстөрчийн зориг зүрх Б.Чойжилсүрэнд бий гэдгийг улс төрийн хүрээнийхэн тод хэлнэ. Ер нь нийгмийн нэгнийгээ дагасан хийрхэлээс үл хамаараад нийслэлийг утаагүй болгох хагас коксон түлшээ оруулж ир ээ, сайд аа. Хагас коксон түлш гэдэг бол дэлхийн бусад хотуудын утаанаасаа салсан бодит туршлага. Үүнийг заавал нийслэлийн бүх иргэнд ойлгуулах шаардлага байхгүй. Бодит ажил болгоод нүднийх нь өмнө утааг бууруулаад харуулчих. Хагас кокс түлшнээс болоод хүн ард хордоно гэж огт байхгүйг мэргэжлийн хүн баталгаатай хэлж, зөвлөж байна. Улстөржилт, нийгмийн зохион байгуулалттай шүүмжлэлээс айгаад байх хүн биш гэдгийг тань улс төрийн хүрээнийхэн ил тод хэлж байна. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгаад, бодит үр дүнг нийслэлчүүдэд харуулаач, сайд аа. Ирэх жилээс бид хагас коксон түлш боловсруулах үйлдвэрээ барьчихвал утааны асуудал Засгийн газар, цаашлаад Улаанбаатар хотын асуудал биш байхаа болино. Тэр цагт утааг шүүмжилж, таны санаачилсан ажлыг унагах шахсан улстөрчид чинь бид анх утааг бууруулж байсан гээд яриад л явж байна. Улс төр угаасаа л ийм байдаг. Тиймээс утааг бууруулахын тулд зоригтой шийдсэн ажлаа дуусгаж, бодит үр дүнг нийслэлчүүдэд харуул, сайд аа…
Э.МӨНХТҮВШИН
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ цаг үед Монголыг эдийн засгийн ямар нөхцөл цаашид хүлээж байна вэ. Үүнд ирэх 2024 оны төсөв хэрхэн нөлөөлөх бол?
-Манай улсын эдийн засгийн суурь нөхцөл нь экспорт, импортын тээврийн өртөг зардал өндөр. Бид далайд гарцгүй. Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” тайланд улс орнуудын үнэ өртгийг харьцуулсан байдаг.
Улаанбаатар хотоос нэг контейнер ачааг гадаад зах зээлд гаргахад цаг хугацаа, өртөг зардлын хувьд маш өндөр. Гадаад гарцгүй төв Азийн улстай л манайх ойролцоо. Бусад улс орнуудаас маш өндөр.
Гадаадын хөрөнгө оруулалт манайд орж ирээд Улаанбаатарт ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд Солонгос руу гаргалаа гэе. Солонгост очиж байгаа манай бүтээгдэхүүн бусад орнуудаас нэгдүгээрт өндөр үнэтэй очдог. Хоёрдугаарт, цаг хугацаандаа очдоггүй. Тээвэр ложистикийн буюу Замын-Үүд Тяньжин боомт хүртэл төмөр зам, авто зам, дугуйны цариг солих гэхчилэнгээр явсаар байгаад хугацааны хувьд хоцордог. Ийм учраас Монголд гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа боловсруулах салбарын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм.
Уул уурхайн салбар Монголд хамгийн үр ашигтай учраас гадаадын хөрөнгө оруулалт ийшээ орж ирж байгаа юм. Учир нь баялаг нь энд байна. Хоёрдугаарт, худалдан авагч нь дэргэд байгаа учраас бусад орнуудаас харьцангуй өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гарч болж байна.
Уул уурхайн салбар бол 2003 оноос манай улс коксжих нүүрсийг экспортолж эхэлсэн. Экспортын түүхий эдийн 92-94 хувь нь эрдэс түүхий эд болж байна. Хоёрдугаарт, үүн дотроос 75 хувийг нь зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс эзэлж байгаа.
Гуравхан төрлийн түүхий эд экспортын маш их хувийг эзэлж байна. Бусад төрлийн түүхийн эдийн эзлэх хувь хэмжээ бага. Жишээлбэл, газрын тос, жонш бусад металлын орлого 100 гаруй саяар яригдаж байгаа юм.
Бид урт хугацааны хөгжлийн зорилгодоо эдийн засгаа төрөлжүүлнэ гээд биччихсэн. Гэтэл солонгоруулах гээд байгаа аж үйлдвэрийн салбар экспортын дөрөвхөн хувийг эзэлж байна. Хөдөө аж ахуйн гаралтай ноолуур нэхмэл зэрэг зонхилж байна. Орж ирж байгаа хөрөнгө оруулалт ийм байгаа учраас ойрын 10, 20 жилдээ уул уурхайн салбартайгаа л монголчууд амьдрах юм байна. Их сайн төрөлжүүлж чадвал уул уурхайн экспортод эзэлж байгаа хэмжээг 94 хувиас 10 жилийн дараа 85 хувь болгож чадвал том амжилт. Харамсалтай нь одоо хийгдэж байгаа бүх хөрөнгө оруулалт уул уурхайд байгаа учраас энэ хэвээрээ дахиад ч 10 жил явж магадгүй. Учир нь бусад салбарт бид хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Тэр байтугай дэд бүтцийн хоцрогдлоос гадна эрчим хүчний дутагдалтай байгаа шүү дээ. Улаанбаатараас өөр газар үйлдвэр байгуулах гэхээр эрчим хүчний нөөц бололцоо байдаггүй. Ийм бэрхшээлүүд байгаа учраас Монголд аж үйлдвэрийн салбар хөгжинө гэхэд ойрын ирээдүйд маш дутмаг байна.
Үнэхээр эрчим хүчээ хөгжүүлэх гэж байгаа бол цахилгаан эрчим хүч дэд бүтэцдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой. Дор хаяж Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг хоёр эгнээ, цахилгаан болгож, дугуйны цариг сольдоггүй болж байж л Монгол Улсад бусад төрлийн экспорт нэмэгдэх бололцоотой.
-Дэлхийн эдийн засаг удааширч байгаа шалтгаан нь юу вэ?
-2020 хүртэл дэлхийн эдийн засаг харьцангуй өөдрөг байлаа. Дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 4-5 хувьтай байсан. Үүнд эергээр нөлөөлсөн гол зүйл нь хөгжиж байгаа орнууд. Хятад, Энэтхэг, Ирланд, Малайз зэрэг хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт өндөр байсан учраас тэнд ажиллах хүчин олон. Барууны хөрөнгө оруулалт тийшээ их орж байсан. Тухайлбал, Америкийн компаниуд өнгөрсөн жилүүдэд Хятад, Энэтхэг зэрэг орнуудад хөрөнгө оруулалт их хийсэн. Жишээлбэл, Iphone-ийг Хятадад угсардаг. Хятад, Энэтхэг дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хувийг одоо ч эзэлсэн хэвээр байгаа. Гэхдээ удааширч байна.
Хятадын эдийн засаг 1990 оноос хойш ковидыг хүртэл тогтвортой найман хувиар өсөлттэй байсан. Ковидоос хойш Хятадын эдийн засгийн өсөлтийг харвал нэг унаад, 2021 онд буцаад сэргэсэн. Гэхдээ одоо дахин таван хувиасаа унаж байна.
Хятадын эдийн засаг удааширч байгаа шалтгаан нь нэгдүгээрт, эдийн засгаа бүүм болгохын тулд асар их хөрөнгө оруулалт хийчихсэн. Хятадын эдийн засгийн 10 хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар эзэлж байна. Тэнд барьчихсан, борлуулагдаагүй үл хөдлөх хөрөнгө асар их байна.
Ройтерс дээр саяхан гарсан мэдээллээр “Зөвхөн Evergrande компанийн барьсан борлуулагдаагүй орон сууц гэхэд АНУ-ын Манхетэн арлыг хоёр удаа дүүргэх хэмжээний тийм их байна” гэсэн байна лээ. Хятадын 1.4 тэрбум хүн бүгдээрээ шинэ байранд орох боломжтой ийм хэмжээний борлуулагдаагүй орон сууц байна. Хөрөнгө оруулалтаар дэмжээд барьчихсан. Үүнийг барихад шаардагдсан төмөрлөг, цемент нь эдийн засгаа өсгөчихсөн байна. Гэтэл дараа нь борлогдоогүй их хэмжээний хөрөнгө үүсчихсэн. Үүнийг борлуулж барихын тулд үл хөдлөх хөрөнгийн компаниуд өөрсдөө санхүүгийн үйл ажиллагаа явуулчихсан. Зээл авч их хэмжээний зээл иргэдэд олгосон. Энэ нь банкны салбарт их хэмжээний дарамт учруулчихсан. Одоо үл хөдлөх хөрөнгийн салбар дампуурахаас хамаарч Хятадын санхүүгийн салбар хүнд байдалд орж эхэлж байна. Үүнээс сэргийлж БНХАУ гуравдугаар сард болсон хоёр том их хурлынхаа дараа Санхүүгийн зохицуулах хороог төрийн зөвлөлийн түвшний том байгууллага болгосон. Хятадын төв банктай зэрэгцээд санхүүгийн төв байгууллага байна гэсэн үг. Энэ байгууллага зөвхөн макро түвшний санхүүгийн бодлогыг эрхэлдэг болж байгаа. Анхан шатны санхүүгийн байгууллагад зөвшөөрөл олгож, хянах ажиллагааг хийхгүй. Энэ нь Засгийн газрын түвшинд үлдэж байгаа. Ингэж өндөр ач холбогдол өгч байна.
Хятад улсад тулгамдаж байгаа хоёрдугаарх асуудал нь хүн амын хөгшрөл. Мөн залуусын ажилгүйдэл. Долдугаар сарын дүнгээр гарсан наймдугаар сарын үзүүлэлтээр БНХАУ-ын залуусын ажилгүйдэл 21 хувьд хүрсэн гэж мэдээлсэн. Маш өндөр хувьтай. Хятадын залуус дунд “Зүгээр хэвтэх” гэсэн түгээмэл хэллэг гарсан байна. Ажил байхгүй учраас тэдгээр залуус нь цахим тоглоомоор орлого олдог байх жишээний. Тэр олон мэргэжилтэй ажиллах хүчин ажлын байргүй болно гэдэг нь Хятадын цаашдын эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлнө. Учир нь ажиллах хүчин гэдэг бол эдийн засгийн чухал хүчин зүйл. Гэтэл тэр нь бүрэн ашиглагдахгүй болчихож байна. Энэ нь эдийн засгийн саарах том хүчин зүйл болж байна.
Мөн жил бүр хуримтлагдаж байгаа асуудал нь өнгөрсөн онд эхэлсэн Укрианы дайны геополитикийн өрсөлдөөн. Үүнтэй холбогдолтой Тайваний хойгийн асуудал. Тайваний хойгийн асуудал улам бүр зөрчилдөөнтэй болж байна. Асуудал яаж шийдэгдэхээс хамаарч өрнөдийн орнууд болон БНХАУ-ын хооронд зөрчил үүсч байна. Хятадын арми хүчтэй болох вий гэсэн болгоомжлолоос үүдэж АНУ, өрнөдийн орны зүгээс Хятадын технологийн салбарт хориг тавьж байна. АНУ-ын конгресс өнгөрсөн онд “Чип акт хууль”-ийг баталсан. Европын холбоо мөн ийм хууль баталсан. Энэ хуулиар нэгдүгээрт, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг Хятад, Тайваниас хамаарахгүйгээр АНУ-ын газар нутагт үйлдвэрлэдэг болж байна. Одоогоор үйлдвэрүүдээ барьж байна.
Хоёрдугаарт, Америкийн хөрөнгө оруулалтын өндөр технологийн компаниудыг БНХАУ-д хөрөнгө оруулахыг хориглосон. Apple болон бусад олон компани. БНСУ мөн адил.
Үүнээс гадна хагас дамжуулагчийг үйлдвэрлэдэг хэвлэлийн том машиныг Нидерланд улсад үйлдвэрлэдэг. Тэр машиныг БНХАУ-д нийлүүлэхийг хориглосон. Тиймээс Хятад улс өмнө нь авсан машинаараа үйлдвэрлэнэ. Тэр нь Америк, Солонгостой харьцуулахад хэтэрхий хоцрогдсон технологи л доо. Ийм байдлаар БНХАУ-ын армийн хүчин чадлыг удаашруулж байна. Эдгээр зөрчлүүдээс үүдэж Америкийн технологийн компаниуд Хятадад хөрөнгө оруулахгүй болохоор Хятадад гар утас үйлдвэрлэхээ болино. Компьютер угсрахаа болино. Энэ нь Хятадын эдийн засаг улам удаашрахад нөлөөлж байна. ОУВС Хятадын эдийн засгийн өсөлтийг энэ жил 5 хувь, ирэх онд 4.2 хувь буюу саарах төсөөлөлтэй байна гэж өнгөрөгч долоо хоногт танилцуулсан.
-Хятад найтаавал Монгол ханиад тусдаг гэдэг. Хятадын эдийн засаг сааралттай байгаа энэ үед Монголын эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрнэ гэсэн Сангийн яамны төсөөлөл хэр бодит бол?
-2022 он хүртэл Монголын нүүрсний экспортын хамгийн өндөр амжилт нь 36.5 сая тонн байсан. 2019 онд 36.5 сая тонныг гаргасан. Үүнээс бусад үед 25-30 орчим сая тонныг гаргаж байсан. Геополитикийн зөрчлөөс хамаарч БНХАУ нүүрсийг эрчимтэй худалдаж авч байна. Мөн өөр ч шалтгаан байгаа байх. Хамгийн гол нь одоо 50 сая тонн хүрчихээд байгааг ирэх оны төсвийн төсөөлөл дээр 60 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Техникийн боломж байгаа гэж тайлбарлаж байсан. Техник, тэр дундаа дэд бүтцийн боломжид би нэг их итгэхгүй байгаа. Учир нь ирэх онд ашиглалтад орох төмөр зам үндсэндээ байхгүй. Ганцхан Нарийнсухайтын 20 километр төмөр зам ашиглалтад орно. Түүгээр жилд 10 сая тонныг экспортолно гэсэн байгаа ч ашиглалтад ороод богинын эргэлт гээд тооцоход жилд 3, 4 сая тонн нүүрс экспортлох боломжтой. БНХАУ энэ жилийнх шиг идэвхтэй хэмжээгээр авах вэ гэдэг нь эргэлзээтэй.
Манай гаргаж байгаа нүүрс зөвхөн Өвөр Монголд очиж байгаа. Тэр дундаа ган төмөрлөгийн үйлдвэр төвлөрч байгаа Бугат, Ордост манайхаас гарч байгаа нүүрсний 80 хувь нь очиж байна. Бугатын төмөрлөгийн үйлдвэрийн коксжих нүүрсний хэрэглээ хэд байх вэ гэдгээс хамаарч байна. Нэгдүгээрт, Бугат дотоодоосоо нүүрс авч байна. Түүний үнээс хамаарч байна. Хоёрдугаарт, ОХУ-аас коксжсон нүүрс авах хэмжээгээ улам бүр нэмэгдүүлж байна. Гуравдугаарт, технологийн дэвшлийн өөрчлөлт гарч байна. Урьд нь коксжсон нүүрсээр ган хайлуулах зуух ашигладаг байсан бол Бугатын төмөрлөгийн үйлдвэрт цахилгаан зуух нэгийг суурилуулсан. коксжсон нүүрс хэрэглэхгүйгээр цахилгаанаар ган хайлуулна гэсэн үг. Ган хайлуулдаг найман зуухных нь нэг нь электрон зуух болчихсон. Ийм байдлаар агаарын бохирдолтой тэмцэх бодлого нь идэвхтэй явбал коксжих нүүрсний эрэлт нь улам буурна гэсэн үг. Ийм олон хүчин зүйлээс хамаарч энэ жил манай экспортолсон 50 сая тонн нүүрс ойрын жилүүдэд эвдэгдээгүй рекорддоо хүрч байна гэж миний хувьд үзэж байгаа. Олон улсын байгууллагуудын гаргаж байгаа тайлан ч тийм зүйлийг хэлж байна. Өчигдөр гарсан ОУВС-гийн тайланд гео эдийн засгийн зөрчлөөс хамаарч улс орнуудын түүхий эдийн зах зээлд олон талын өөрчлөлт хөдөлгөөн гарна гэсэн таамаглаж байна. Түүн дотроо түүхий эдээр нь ангилаад биччихсэн байгаа. Үүн дотор үнэ нь өсч магадгүй түүхий эдээр зэс, хөнгөн цагаан хоёрыг нэрлэсэн байгаа юм. Учир нь цахилгаан автомашин, нарны сэргээгдэх эрчим хүч гээд. Харин эсрэгээрээ нүүрс, газрын тосны хэрэглээ төдийлөн өсөхгүй гэсэн таамаглал байгаа.
-Манайх орлогоо төсөөлөхдөө зэсийг 9000 ам.доллараар зарна гэсэн байгаа. Одоогийн үнэ нь долоон мянга хэдэн зуун ам.долларын ханштай байгаа. Тэгэхээр энэ төсөөлөл биелэх боломжтой юу?
-Global Energy Monitor байгууллагаас Хятадын эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний тухай гаргасан тайланд Хятадын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсч байгаа. Хятадын нарны эрчим хүчний хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нь 228 кВт/цаг гэсэн байна лээ. Энэ бол дэлхийн улс орнуудыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг Хятад улс дангаараа хэрэглэж байна гэсэн үг. Тэр дундаа БНХАУ-ын ӨМӨЗО сэргээгдэх эрчим хүч байгуулахад нарны тусгал сайн. Тал нутагтай учраас нөөц ихтэй. Сэргээгдэх эрчим хүчний энэ бодлогоос үүдэн Хятад улсад зэс хөнгөнцагааны хэрэглээ өсч байна гэсэн байна лээ.
Өнгөрсөн онд Хятадын зэсийн хэрэглээ нь 30 хувиар өссөн гэсэн байсан. Энэ бодлого хэвээр үргэлжилбэл зэсийн хэрэглээ өндөр байна. Олон улсын байгууллагуудын судалгаанаас харахад ирэх онд зэсийн үнэ харьцангуй өөдрөг байна.
Ямар нэгэн геополитикийн асуудал үүсчихгүй бол зэс гайгүй байх боломжтой. Гол болгоомжлол нь Тайваний хойгийн асуудал манай гадаад худалдаанд маш таагүй нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ энэ нь дунд хугацаанд л даа. Магадгүй 2025, 2026 онд ч юм уу. Тиймээс ирэх оны тухайд зэсийн үнэ гайгүй байна.
Бидний нэн болгоомжлох зүйл нь нүүрстэй холбоотой. Манай экспортод нүүрс маш том жинтэй. Савлах өндөр эрсдэлтэй. Хэрвээ савлавал өндрөөр тавьсан төсвийн бодлого бүгд худлаа болно.
-Сангийн яамнаас ирэх онд инфляцийг 8.5 хувьд барина гэж мэдээлсэн. Энэ боломжтой юу?
-Сүүлд Монголбанк үүнд болгоомжилж бодлогын хүүгээ хөдөлгөөгүй. Цаашид өсч магадгүй гэсэн болгоомжлол байгаа. Учир нь ирэх оны төсөв яаж гарах вэ гэдгээс хамаарах байсан. Тэгсэн Монголбанкны болгоомжлолоор боллоо. Хэрвээ Засгийн газар болгоомжтой төсөв оруулсан бол өнгөрсөн оны төсөв дээр цалин тэтгэврийн гурван их наядыг нэмээд нийт 24 их наядын зарлагатай байхад болохоор байсан. Гэтэл 27 гээд хамаагүй өндөр байгаа юм.
27 их наяд дотор цалин тэтгэврийн нэмэгдэл 3.6 их наяд төгрөг, мөн ирэх оны дөрөвдүгээр сард нэмэгдэх 800 тэрбум гэхээр 4.6 их наяд зөвхөн цалинд явж байна. Цалин тэтгэврийн 40 хувь нь хүнсний зарлагад зарцуулагддаг. Тиймээс ирэх онд хүнсний хэрэглээ маш их болно. Тэр хэмжээгээр манай дотоодын үйлдвэрлэл хүнсний хэрэгцээг нь хангах уу. Хоёрдугаарт, импортоос хамаарсан хүнсний хэрэглээ их бий. Жишээлбэл, нарийн ногоо. Үүнийг тасралтгүй тээвэрлэж чадах уу. Гуравдугаарт, иргэдийн гарт очиж байгаа 4.6 их наядаас гадна ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлаас хамаарч хавар барилгын материалын импорт эрс өсч эхэлдэг.
Энэ үед Замын-Үүдийн тээвэр ложистикийн асуудал сайн байхгүй бол тээвэрлэлтийн үнэ хэд дахин өсч эхэлдэг. Ингэвэл өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Барилгын материалын үнэ өснө. Ингээд дөрөвдүгээр сард цалин нэмсний дараа инфляци хоёр оронтой тоо руу орох магадлал өндөр. Тиймээс Монголбанкны зорилт биелэгдэхгүй, худлаа болж хувирч байна. Төсөв мөнгөний бодлого яавч ийм байж нийцэхгүй.
-Эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. Гэтэл манайх айлгаад явуулчихдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд ямар бодлого барих хэрэгтэй вэ?
-Хууль эрх зүйн орчин тогтвортой бус байна. Тэр дундаа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй байна. Байнга төслүүдийг нь байнга гацааж, унагаагаад байхаар зөвхөн уул уурхай салбарт л хөрөнгө оруулалт орж ирж байна. Ерөнхийлөгч Франц улсад хийсэн айлчлалаараа Орано майнинг компанитай хөрөнгө оруулалтын суурь зарчмыг тохирлоо.
Гуравдагч орнуудтай хийж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ амжилттай болбол дараа дараагийн төслүүд нааштай болно. Тиймээс амжилттай яваа төслүүдээ унагаахгүй байх ёстой. Тэр дундаа нэгэнт гадаад худалдаандаа хоёр хөрш давамгай болчихсон өнөөгийн нөхцөлд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт манайд зайлшгүй хэрэгтэй. Учир нь улс орны эдийн засгийн аюулгүй байдал гэдэг утгаараа. Тиймээс Оюу толгой чухал. Францын Орано майнинг чухал. Ийм байдлаар манайх гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын тээг саадыг нэлээд хөнгөвчлөх ёстой.
Жишээлбэл, дээр ярьсан АНУ-ын Chip act хууль зөвхөн Америкийн компаниудад зориулсан хууль биш. Тэр хуулиар Солонгосын, Тайваний хагас дамжуулагчийн компани америк руу хөрөнгө оруулалт хийж байгаа. Татварын маш тааламжтай нөхцөл. Ийм байдлаар зорьсон салбартаа хөрөнгө оруулалтын тааламжтай боломж олгох ёстой. Манайд тэр дундаа эрчим хүч амин чухал болчихоод байна. Хоёрдугаарх нь, төмөр зам. Төмөр зам огт урагшлахгүй байна. Алтанбулаг-Замын-Үүд манай хөгжлийн гол гацаа болж хувирч байна. Үүнд шинэчлэл хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ийм хөрөнгө оруулалтад татварын тусгай орчин бүрдүүлэх, магадгүй эхний жилүүдэд газрын төлбөрөөс чөлөөлнө гэдэг ч юм уу ийм байдлаар татахгүй бол уул уурхайгаас бусад салбарт манайд хөрөнгө оруулалт орж ирэх боломж тун бага. Хоёр хөрш орж ирнэ үү гэхээс биш энэ салбарт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт орж ирэхэд маш хэцүү байна.
Хоёр хөршөөс бусад орнууд хөрөнгө оруулалт хийх гэхээр үнэ өртөг өндөр болоод байгаа юм. ТЭЦ-5-ын төсөлд Италийн компанийг үнэ өртөг өндөр гэсэн шалтгаанаар манайхан шалгарсан тендерийг нь цуцалчихсан юм байна лээ. Нэгэнт шалгарсан компанийг сонгоод явуулчих ёстой байсан юм.
-Манайх үр дүнд суурилсан төсөвтэй байхын тулд ямар асуудлыг нэн тэргүүнд засах ёстой вэ?
-Төсвийн тухай хуульд байгаа төсвийн зардлын хяналт гэж бий. Тэрхүү зардлын хяналт нь одоогоор зардлын зүйлээр, төсвийн ерөнхийлөн захирагчаар гэсэн хоёр зүйлээр байдаг. Үүнд хөтөлбөрөөр санхүүжүүлэх гэсэн үг оруулах ёстой. Яг ямар сайдын багцын юуг хөтөлбөр болгох вэ гэдгээ анхаарах ёстой. Жишээлбэл, хууль хүчний байгууллага эхний жилүүдэд хөтөлбөрт шилжихгүй байж магадгүй. Эхний жилүүдэд эрүүл мэнд, боловсрол, нийтийн үйлчилгээ, соёлын үйлчилгээ зэрэг хөтөлбөрт шилжих бүрэн бололцоотой. Үүнд ямар үр дүнд чиглэж байгааг маш оновчтой тодорхойлох ёстой. Зорьсон үр дүнд хүрсэн байвал санхүүжилтийг бүрэн олгоно. Манайд зардлаа төлөвлөхдөө баахан хурал, зөвлөгөөнүүд хийнэ гэчихдэг. Хурал, зөвлөгөөн хийснээр ямар үр дүн гарсан нь тодорхойгүй байдаг. Тиймээс хөтөлбөр үр дүнд чиглэх ёстой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулна гэсэн бол бууруулах хөтөлбөр байхаас хурал зөвлөгөөн хийснээр буурахгүй. Үр ашиггүй зардлыг төсөвт тусгахгүй байх ёстой.
Р.ХИШИГЖАРГАЛ