Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын соёлын өдрүүд эхэллээ DNN.mn

Цар тахлын улмаас завсарлаад байсан БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо эхэллээ.

Өчигдөр Соёлын төв өргөөнд “Хятад орныг танин мэдэх” нэрийн дор нээлтээ хийсэн соёлын өдрүүд наймдугаар сарын 30 өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрийн хооронд үргэлжилнэ.

Түүнчлэн “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэжээ. Тоглолтоор БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголт авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломж олгох юм.

Үүнээс гадна Өвөр Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар өнөөдөр улсын хоёрдугаар эмнэлэгт үзлэг, эмчилгээг хийж байгаа бол, маргааш Налайх дүүрэгт энэхүү үзлэг, эмчилгээг хийх юм. Энэ үед иргэд эмч нарт үзүүлж, оношлуулах, эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой.

Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд кино өдөрлөг, олон ангит киног хүлээлгэн өгөх юм. Мөн дууны уралдааны гала тоглолтыг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт 2 иргэн машинтайгаа нуурын усанд осолдож нас баржээ DNN.mn

Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй 2 хүн амь хохирсон харамсалтай хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар бүртгэлд аван шалгаж байна.

Иймд иргэд Та бүхэн гол, мөрөн, нуур гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗТХЯ-наас мэдэгдэл гаргалаа DNN.mn

Сүүлийн үед нэр бүхий зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв” -тэй холбоотой илт гүтгэлгийн чанартай худал ташаа мэдээллийг зориуд зохион байгуулалттайгаар, захиалгатайгаар тараах боллоо.

Тухайлбал “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлэх асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд хөндлөнгөөс оролцож ашиг сонирхлын зөрчил гаргасан мэтээр гүтгэн, улайран дайрч байна.

“Драгон холдинг” ХХК-ийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс үүдэн замын түгжрэл нэмэгдэж, гэмт хэрэг зөрчил олноор гарч, хог хаягдал бөөгнөрөн иргэд оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар  Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн алба,  СХД-ийн иргэд болон зорчигч үйлчлүүлэгчид олон жилийн турш удаа дараа гомдол санал гаргаж байсан билээ.

Үүнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас байгуулагдсан ажлын хэсэг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн хот хоорондын нийтийн тээвэр эрхлэгчид, зорчигчдын эрх ашиг, тэдний эрэлт хэрэгцээ, авто замын багтаамж хүрэлцээ, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэр төлөвлөлт, зохион байгуулалтад үзүүлэх нөлөө зэргийг харгалзан “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Энэ ажилд ЗТХЯ болон Зам тээврийн хөгжлийн сайд хөндлөнгөөс оролцож, ямарваа нэг тушаал шийдвэр гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Гэтэл Даам.mn болон Мurch.mn  зэрэг нэр бүхий мэдээллийн сайтууд амин хувийн ашиг сонирхлоо нийтийн эрх ашгаас илүүд үзсэн увайгүй этгээдүүдийн захиалгаар бодит байдлыг илт гуйвуулсан худал мэдээлэл тарааж Зам Тээврийн Хөгжлийн яам болон Зам Тээврийн Хөгжлийн сайдын нэр хүндэд зориуд санаатай халдаж буй тул асуудлыг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхээ үүгээр мэдэгдэж байна.

Мөн иргэд олон нийт Та бүхнийг нийтийн нийтлэг эрх ашигт илтэд харшилсан энэ мэт худал ташаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж ятгах тусам нягталж, гүтгэх тусам шүүн тунгааж эх сурвалжтай бодит мэдээлэл авч байхыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн эрсдэлтэй бүс дэх барилга байгууламжуудыг албадан буулгаж эхэллээ DNN.mn

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон холбогдох албаныхан тухайн байршлуудад захирамжийг танилцуулж, мэдээлэл өглөө.

  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Шунхлай” ХХК-ийн ШТС

  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гүйцэтгэж буй “Акуа Гарден” хотхоны хоёр блок

  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “S’Outlet” дэлгүүрийн хоёр блок барилга нь Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж буй юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Тухайн барилга байгууламжууд нь үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул газар чөлөөлөх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсантай холбоотойгоор албадан буулгах захирамж гарсан. Иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй тул уг барилгуудад яаралтай арга хэмжээ авах нэн шаардлагатай байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл тус бүртэй уулзаж, ярилцсан. Өнөөдөр байршил тус бүр дээр ирж, удирдлагуудад нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг албан ёсоор танилцуулж байна.

Тус аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтнуудад авах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Хамгийн гол нь иргэдийн амь нас аюулгүй байдалд эрсдэл, аюул үүсээд буй тул шүүхийн процессыг хүлээн, ажлыг удаашруулж, замхруулж болохгүй. Сэлбэ, Дунд голын орчимд газар олгосон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Дээрх барилга байгууламжууд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул буулгах шаардлагатай гэсэн Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлтэд үндэслэн, хуульд заасны дагуу албадан буулгах захирамж гарсан. Албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж, буруутай этгээдээр эргэн төлүүлэх зарчмаар хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Тиймээс шуурхай шийдвэрлэх боломжтой асуудлуудыг яаралтай шийдвэрлэж, хүндрэлтэй асуудалд хуулийн байгууллагатай хамтран ажиллах юм. Гарч буй дүгнэлт, захирамж, шийдвэрүүд бүгд хуулийн заалтад үндэслэсэн хэмээв.

Дээрх аж ахуйн нэгжүүд захирамжийг хүлээн авсан бөгөөд захирамжтай холбоотойгоор шүүх байгууллагад хандах боломжтой. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

МСҮТ, коллежийн сургалтын хугацаа энэ жилийн элсэлтээс эхлээд 3 жил боллоо DNN.mn

БШУЯ-аас “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа дараах мэдээллийг өглөө.

Шинэ батлагдсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиар хуучин “Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллеж” гэж байсан нь “Мэргэжлийн боловсролын сургууль болон политехник коллеж” болж өөрчлөгдөж байгаа юм байна.

Мөн ерөнхий эрдмийн агуулгад өөрчлөлт орж байгаа учраас өмнө нь 2.5 жилээр суралцаж төгсдөг байсан бол энэ жилийн элсэлтээс эхлээд гурван жилийн сургалтын хугацаатай болж өөрчлөгджээ.

Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад жил болгон дунджаар 20,000 хүүхэд элсдэг байна. Энэ жилийн хувьд 9 болон 12-р ангийн төгсөгчийн тоо нэмэгдсэн учраас элсэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Жилд хоёр удаа буюу өвөл, намар элсэлт авдаг учраас одоогийн байдлаар 60 хувийн элсэлттэй байгаа юм байна.

Түүнчлэн өмнөх жилээс эхлээд боловсролын нэгдсэн мэдээллийн удирдлагын системд бүртгэл явуулж байгаа учраас ЕБС болон дээд боловсролын байгууллагад давхар суралцаж байгаа хүүхдийг давхар бүртгэх боломжгүй гэдгийг тэрбээр онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

15 жилээс дээш хугацаанд тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг их сургуульд үнэгүй сургана DNN.mn

БШУЯ-нд “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд багш нарын нийгмийн байдлыг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх, үнэлэмжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир танилцууллаа.

Тэрээр “Аймаг, сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг болон дунд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш эхний таван жил болон дараагийн гурван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авахаар хуульчилсан. Мөн төрийн болон орон нутгийн цэцэрлэг сургуульд 15 жилээс дээш хугацаанд тасралтгүй хугацаанд ажилласан багшийн нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулна. Гэхдээ тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцсан тохиолдол сургалтын төлбөрөөс чөлөөлөх аж.

Categories
мэдээ цаг-үе

Гадаадад тэтгэлгээр суралцах 310 хүүхдийн нэрс DNN.mn

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2023 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо.

Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр журмын шалгуурыг шалган,  болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.

Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэлийн Боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан, нийт 310 хүүхдийн нэрийг зарлаж байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2022 онд өөрчлөлт орсон.

Шинэчилсэн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, “гадаад хэл-математик”, “гадаад хэл-физик”, “гадаад хэл-хими”, “гадаад хэл-биологи” гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авч, онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол болзол хангах юм.

Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.

Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм.

Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгнө.

Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоот. 99949945, 99045597

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

 Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч экспортлогч орон болох бүрэн боломжтой DNN.mn

Дэлхий даяар нүүрсний хэрэглээ хумигдаж буй энэ үед Монгол улс нүүрсний баялаг нөөцийнхөө үнэ цэнийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход анхаарч байна. Энэ хүрээнд нүүрсийг гүн боловсруулж устөрөгч гарган авах төслийг эхлүүлээд байна.

Үүний эхний шатны ажил болох диметилийн эфир гарган авах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг Японы “Unico International Corporation”-тай хамтран боловсруулах гэрээг 8-р сарын 18-нд зохион байгуулагдсан Монгол- Японы бизнес форумын үеэр байгууллаа.

Уг төслийн явц, цаашид гарах үр дүнгийн талаар ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Химийн Инженерчлэлийн Салбарын доктор (Ph.D), дэд профессор, Монгол Улсын Зөвлөх инженер, Нүүрс гүн боловсруулах дэд хорооны ажлын хэсгийн гишүүн Б.Тунгалагтамиртай ярилцлаа.


Юун түрүүнд та мэргэжлийн хүн, судлаачийн хувиар устөрөгчийн талаарх ойлголтыг манай уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөөч? Яагаад хэрэглээ нь нэмэгдэж байгаа юм бэ?

Устөрөгч бол өндөр илчлэгтэй химийн элемент. Эрчим хүч гаргаж авахаас гадна бусад хэлбэрээр ч ашиглах боломжтой түүхий эд. Мөн хүлэмжийн хийг бууруулах үндсэн технологи, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг шинэ шатанд хүргэх хувьсгал авчрагч нь устөрөгч хэмээн Олон улсын эрчим хүчний агентлаг тодорхойлж байгаа. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт болон нүүрсхүчлийн хийг бууруулах зэрэг глобал түвшний томоохон асуудлуудад нар, салхи, усан цахилгаан станц зэрэг нь бүрэн шийдэл болж чадахгүй байгаа ба устөрөгч эрчим хүчний салбарт тогтсон дүрмийг өөрчилнө гэж олон улсын судлаачид үзэж байна. Устөрөгч үйлдвэрлэх хэд хэдэн төрлийн арга бий. Үүнд, нүүрс хийжүүлэх замаар, байгалийн хийнээс, усыг электролизын аргаар задлан ногоон устөрөгч үйлдвэрлэх гэх мэт. Олон улсад өөрсдийн байгалийн баялаг, түүхий эдийн нөөц болон бусад олон эх үүсвэрээс устөрөгчийг үйлдвэрлэх боломжуудыг давхар судалж, хөгжүүлэлт хийж байна.

2020 онд устөрөгчийн хэрэглээ 90 сая тонн хүрэхгүй байсан бол 2030 онд 200 сая тонн, 2050 онд 500 сая тонн болж цаашид өсөх хандлагатай байна. Тиймээс АНУ, Япон, БНХАУ, Австрали, Канад зэрэг технологиор тэргүүлэгч, өндөр хөгжилтэй орнууд устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хэдийнээ анхаарч эхлээд байна.

Манай улс ирээдүйн энэ хөгжлөөс хоцрохгүй байхын тулд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилго бүхий Үндэсний хороог байгуулсан. Тус хорооны дэргэд Нүүрс гүн боловсруулах дэд хороо байгуулагдсанаас гадна, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас 2022 оны 9 дүгээр сард захирамж гаргаж, зарим яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, нүүрс-химийн чиглэлийн эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан Ажлын хэсгийг байгуулсан. Иймд төрийн бодлого, зорилго, чиглэл нэг зүгт байгаа.

Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын төслийн Ажлын хэсгийн гол зорилго нь дэлхий нийтийн түлш, эрчим хүчний гол түүхий эд болох устөрөгч болон тэдгээрийн дагалдах бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, экспортлох судалгааг боловсруулж, ойрын ирээдүйд барьж байгуулахад чиглэж байгаа. Энэхүү хамтарсан ажлын хэсэгт миний бие багтсан. Ажлын хэсгийн хүрээнд дэлхийн хэмжээнд судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Япон улсын Юнико Интернэйшнл, Мицүй, Ориентал Консалтинг компаниудтай хамтран Монгол орны төвийн болон өмнөд, Дорнод бүсийн нүүрсний ордуудын нүүрсний шинж чанар, дэд бүтэц, нүүрсний хийжэх чанарт үндэслэн анхан шатны судалгааг хийсэн.

Анхан шатны судалгаагаар ямар үр дүн гарсан бэ?

Судалгаагаар нүүрс хийжүүлэх шинж чанарыг голчилсон бөгөөд дэд бүтэц болон газарзүйн байршлыг онцгойлон авч үзсэн. Манай улсын Дорнод бүсийн хүрэн нүүрс тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан бөгөөд тухайн бүс нутгийн нүүрсний шинж чанар хийжүүлэхэд нийлэг хийн гарц өндөр, харьцангуй залуу нүүрс учраас урвалын идэвхи сайн байсан. Тиймээс Дорнод бүсийн нүүрс дээр төвлөрч диметилийн эфирийг эхний ээлжинд үйлдвэрлэхэд тохиромжтой гэж үзэж байгаа юм.

Нөгөө талаар Японы судлаачдын зүгээс дэд бүтцийн асуудлыг чухалчилж авч үзсэн. Судалгааны тайланд үндэслэн “Монгол-Японы бизнес форум”-ын үеэр “Устөрөгчийн үйлдвэрлэл ба түүний дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт” хийх төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээг Япон улсын “Unico International” компанитай байгуулж Ажлын хэсгийг төлөөлж Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, төслийн менежер Г.Цогт гарын үсэг зурсан. Япон улсын “Unico International Corporation” компани нь олон улсад аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн зөвлөгөө үзүүлэхээр 1971 онд байгуулагдсан. Өдгөө дэлхий дахинд 500 гаруй төсөл хэрэгжүүлсэн компани юм билээ. Үүнээс гадна, Мицүй компани урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажилд Япон улсын талаас чиглүүлэгчийн хувиар оролцож, хамтран ажиллаж байгаа.

Төсөл хэдэн үе шаттай хэрэгжих вэ?

Уг гэрээний хүрээнд урьдчилсан ТЭЗҮ-ийг 6 сарын хугацаанд боловсруулах юм. Үүгээр технологийн болон эдийн засгийн нарийвчилсан тооцооллууд хийгдэнэ.

Энэхүү урьдчилсан ТЭЗҮ-ийн хүрээнд газарзүйн байршлын хувьд Япон улстай илүү ойр, нүүрсхүчлийн давхар ислийг саармагжуулах, шингээх нөхцөл илүү бүрдсэн, мөн дэд бүтцийн буюу усан хангамж, эрчим хүчний эх үүсвэр боломжтой, харьцангуй сайн зэрэг шалгуураар Дорнод бүсийн нүүрсэнд түшиглэн эхний ээлжинд нүүрсийг хийжүүлэх, улмаар устөрөгчийн зах зээлийн эрэлт хэрэгцээ бүрдэх, тээвэрлэлт, хадгалалтын хөгжүүлэлт боловсронгуй болох хүртэлх хугацаанд завсрын үе шатанд гаргах боломж бүхий диметилийн эфир буюу нийлэг хийг үйлдвэрлэх тооцоо судалгаа

багтах юм. Диметилийн эфирээс дулааны энерги үйлдвэрлэх ба үйлдвэрлэлийн явцад гарах нүүрсхүчлийн хийг Дорнод бүсэд олборлож байгаа нефтийн цооногт шахах замаар олборлолтыг нэмэх боломжтой эсэх судалгаа бас багтана.

ТЭЗҮ-ийн тооцоонд шаардлагатай нүүрс хийжүүлэх туршилтыг Дорнод Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нүүрс химийн хүрээлэнгийн ECUST хийжүүлэгчийн симуляцийн программ хангамж болон Германы Siemens фирмийн лицензийн үндсэн дээр бүтээгдсэн СЕСО хийжүүлэгч дээр тус тус хийлгэхээр холбогдох дээжүүдийг бэлтгэж байна.

Япон улстай яагаад хамтрах болсон бэ? Энэхүү түншлэлийн харилцаанд нөлөөлсөн хүчин зүйлийг та юу гэж харж байна вэ?

 

Манай улсын хувьд ашигт малтмалын баялаг нөөцөө Япон улсын дэвшилтэт, тэргүүн технологид суурилан боловсруулах, энэ чиглэлээр хоёр улсын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах шаардлага туйлын чухал байгаа. 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилж, хоёр улсын төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдсан. Энэ үеэр Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн дэд сайдын зүгээс Монгол улсын нүүрсийг гүн боловсруулж, устөрөгч гаргасан тохиолдолд импортолж авах боломжтой тухайгаа илэрхийлсэн.

Монгол улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн гэдэг. Гэтэл бидний гол худалдан авагч БНХАУ нүүрсний хэрэглээгээ үе шаттайгаар бууруулахаар зарлачихаад байгаа. Тухайлбал, 2035 он гэхэд нийт нүүрсний хэрэглээгээ 30 хувиар бууруулахаар зорьж байгаа юм билээ. Тиймээс бид асар их нүүрсний нөөцөө

боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өөр том зах зээлүүдэд нийлүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Харин нөгөө талд дэлхий дээр хамгийн анх устөрөгчийн үндэсний стратегиа баталсан Япон улс устөрөгчийг бүх түвшинд нэвтрүүлэхээр хөгжүүлэлт хийж байна. Одоо Япон улсын Засгийн Газар нүүрснээс устөрөгч гарган авах төслийг Австралитай хамтран хэрэгжүүлж 9000 гаруй км зам туулж усан онгоцоор тээвэрлэн авчирч байгаа.

Ажлын хэсгийн гишүүний хувьд миний харж байгаагаар Монгол Улс тээвэр ложистикийн асуудлаа зөв, оновчтой шийдвэрлэж чадах аваас Австралийн нүүрснээс гарган авч байгаа устөрөгчтэй өрсөлдөх бүрэн боломжтой бөгөөд Австралийг бодвол Монголын Дорнод бүс нутаг нь тээврийн зайн хувьд 2 дахин бага гэдэг нь давуу тал болно. Ер нь Японы судлаачид энэ талыг илүү харж байгаа.

Япон улс 2030 он гэхэд гурван сая тонн устөрөгчийн хэрэглээтэй болно гэж тооцоолж байгаа учраас манай улсын нүүрсийг гүн боловсруулж, устөрөгч гаргасан тохиолдолд импортолж авах сонирхол байна гэж бодож байна.

Их сонирхолтой өнцөг байна л даа. Тэгэхээр тээвэрлэлт, дэд бүтцийн асуудлыг хэрхэн зохицуулна гэсэн үг вэ? Хэрхэн яаж төмөр замаар тээвэрлэх вэ?

Японы талаас ч юун түрүүнд дэд бүтцийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа. Учир нь манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход дэд бүтэц буюу тээвэрлэлтийн асуудал хүндрэл үүсгэдэг. Дорнод бүсийн нүүрсний ордуудаас гүн боловсруулах байдлаар устөрөгч гарган авлаа гэхэд Япон улсад экспортлох гарц хэрэгтэй. Бидэнд байгаа нэг боломж нь Чойбалсангаас Бичигтийн боомт хүртэлх Зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замыг 1435 мм буюу нарийн царигаар дэлхийн стандартад нийцүүлж баривал Бичигтийн боомтоос 1135 км яваад БНХАУ-ын Жинжоу далайн боомтод хүрэх бололцоотой. Ийм байдлаар энэ төмөр замыг баривал манай улс экспортын маш чухал бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд нийлүүлж, эдийн засагт бодитой үр нөлөө үзүүлж, өрсөлдөх чадвараа мэдэгдэхүйц дээшлүүлнэ. Нөгөө талаар дээрхи чиглэлд төмөр замын цариг нарийнаар шийдвэрлэгдвэл Хятадын транзит тээврийг явуулах ч боломж бүрдэнэ. Чойбалсан хот ложистикийн том төв болох боломжтой. Улаанбаатар-Замын үүд, Улаанбаатар-Чойбалсангийн зай үндсэндээ адилхан. Манай улсын хилд хамгийн ойр байгаа далайн боомт бол дээр дурдсан Жинжоу боомт юм билээ.

Өнөөдөр бид Замын-Үүд-Тяньжин гэсэн өндөр ачаалал бүхий ганцхан гарцыг л ашиглаж байсан бол өөр ийм хувилбар байна. Японы тал үүнийг л илүү онцолж харж байгаа ба манай төр засгийн шийдвэр их чухал болоод байна. Иймд нэн яаралтай төмөр замын бодлогоо эргэн харж дээрхи чиглэлийн царигийг өөрчлөх шаардлагатай. Бид ирээдүй рүүгээ харсан, эдийн засгийн дараагийн тулгуураа харсан байдлаар зөв бодлого гаргах хэрэгтэй байна даа.

Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн залуучуудын ДАШТ-д оролцсон тамирчид эх орондоо ирлээ DNN.mn

Казахстан улсын Астана хотноо 8-р сарын 21-27-ны өдрүүдэд жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд дэлхийн 45 улсын 1500 орчим тамирчид хуран чуулж, U16, U18, U21 насны ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Энэ удаагийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь бүсгүй ангилалд зохион байгуулагдсан учраас аль ч өнгийн бүстэй тамирчид хоорондоо таарч өрсөлдсөн нь тамирчдын ур чадварыг сорисон, туршлага нэмж өгсөн юм. Манай улсын хувьд 7-р сарын 14-21-ний өдрүүдэд эх орондоо насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээний дараа манай тамирчид тасралтгүй бэлтгэлээ хангаж, Казахстаныг зорисон. Астанад манай улсаас 40 тамирчид хүч үзсэн бөгөөд нийт 1 мөнгө, 4 хүрэл медалийг хүртэж 10 гаруй тамирчид медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай тамирчдын энэхүү амжилт нь залуучуудын ангилал дахь анхны түүхэн амжилт гэсэн тодотголтой байснаараа онцлогтой байв. Тодруулбал U16 насны ангилалд 73 кг-ийн жинд Б.Бат-эрдэнэ мөнгөн медаль хүртсэн нь залуучуудын дэлхийн аваргад Монгол тамирчин финалд хүч үзсэн анхны удаагийнх болсон юм. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, удаахи тойргууддаа Румын, Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг ялж, аваргын төлөө Канад улсын тамирчинтай учраа таарч хожигдсоноор мөнгөн медаль хүртсэн юм. Мөн U16 насанд манай хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн. “BB” академийн тамирчин Түвшинжаргалын Мөнхдөл ДАШТ-ий 16 хүртэлх насны -60 кг-ийн жинд Узбекистан, ОХУ, АНЭУ-ын тамирчдыг ялж хүрэл медаль хүртсэн бол “Art Souve Mongolian BJJ” клубийн тамирчин Билэгтийн Билгүүнтэй ДАШТ-ий 16 хүртэлх насны -50 кг-ийн жинд Узбекистан, АНЭУ, Кыргизстан, ОХУ зэрэг 6 улсын тамирчидтай барилдаж 5 ялж, 1 ялагдсан амжилтаар хүрэл медаль хүртсэн байна.

Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр U21 насны тэмцээн зохиогдож, манай улсаас 16 тамирчин хүч үзэж, Э.Сумъяабэйс, А.Цагаанбилэг нар хүрэл медаль, 6 тамирчин шагналт 5-р байрт шалгарлаа.

U21 насны ангилалд Энхбаярын Сумъяабэйс эхний тойрогтоо Канадын тамирчин Марин Жэймсийг ялж, дараагийн тойрогт АНЭУ-ын тамирчин Алсувайди Омарт ялагдаж, улмаар Израилын бөх Вачтелл Баракийг буулган авч, торгуулийн барилдаанд БНСУ-ын Ким Сеон Минийг ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөө Э.Сумъяабэйс Кыргызстаны бөх Урмак Илиазбек Уулуг илүүрхсэнээр хүрэл медалийн эзэн боллоо.Жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -57 кг-ийн жинд Алтангэрэлийн Цагаанбилэг өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт Герман улсын тамирчинг 8-0-ээр, удаах тойрогтоо Австрийн тамирчинг ялж, Израилын бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон юм. Хүрэл медалийн төлөө Цагаанбилэг АНЭУ-ын тамирчинтай таарч 7-5-аар буулган авснаар залуучуудын дэлхийн аваргын медальтан боллоо. Ийнхүү амжилттайгаар дэлхийн дэвжээнд өрсөлдсөн Монголын баг тамирчид автобусаар 3300 орчим км-ийг туулсаар өнгөрөгч шөнө эх орондоо хүрэлцэн ирлээ.

Categories
мэдээ нийгэм

Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг сайд Б.Бат-Эрдэнэ ахална DNN.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ.

Үндэсний зөвлөл нь допингийн эсрэг үйл ажиллагааг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хөндлөнгийн хяналт тавих, зөвлөх, мэдээлэл солилцох үүрэгтэй.

Харин Допингийн эсрэг үндэсний байгууллагын допингийн шинжилгээтэй холбогдох үйл ажиллагаанд оролцохгүй, шинжилгээний явцын бие даасан байдлыг хатуу мөрдөх юм байна.

Тус зөвлөлийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга ахалж бүрэлдэхүүнд спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, Допингийн эсрэг үндэсний төв, хууль, эрүүл мэнд, цагдаа, гааль, авлигатай тэмцэх газрын төлөөлөл багтжээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар 2022 онд томилсон байдаг. Тэрбээр Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг ахлахаар болж байна.

Энэхүү зөвлөл байгуулагдсанаар манай улсын допингийн эсрэг үйл ажиллагааны эрхзүйн орчин бүрдсэн гэж үзэж болох аж.