Categories
нийгэм цаг-үе

“МИАТ” компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин эхлүүллээ DNN.mn

“МИАТ” ТӨХК-ийн орон нутгийн нислэгийн нээлт “Чингис хаан” олон улсын нисэх буудлын талбайд боллоо.

2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан МИАТ ТӨХК 2008 онд зогсоогоод байсан орон нутгийн нислэгээ дахин сэргээж 9 аймгийн чиглэлд шууд нислэг үйлдэхээр болж, 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ дахин эхлүүллээ.

Орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг болсноор жуулчид төдийгүй орон нутгийн иргэд ч аялал жуулчлалын гол бүс нутгууд руу түргэн шуурхай аялах боломжтой болж байгаа юм.

Манай улс 1956 оны долдугаар сарын 7-ны өдөр “АН-2” агаарын хөлгөөр зорчигч шуудан тээврийн анхны тогтмол нислэг хийж байжээ.

Энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Монгол Улсын Засгийн газраас 2022-2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн нислэгийг нээж байгаа нь Монголд зочилж ирж буй жуулчид болон орон нутгийн иргэдийг түргэн шуурхай зорчих таатай боломжийг олгож байна. Мөн 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ дахин эхлүүллээ. “МИАТ” компани 1956 оноос 2008 он хүртэл 21 аймаг руу нислэг үйлдэж байсан. Сүүлийн үед орон нутгийн нислэгийн тизний үнэ гадагшаа нисэх үнээс үнэтэй болсон. Бид орон нутгийн нислэгээ яаралтай эхлүүлэх үүднээс ӨАБНУ-ын “CEM AIR” компаниас CRJ-200 маркийн агаарын хөлгийг нойтон түрээсээр оруулж ирж байгаа.

“МИАТ” ТӨХК хуурай түрээс болон худалдан авах зорилготой хоёр онгоцийг оны сүүлээр оруулж ирнэ. Улаанбаатар-Мөрөн, Улаанбаатарт-Ховд, Улаанбаатар-Өлгий чиглэлд хангалттай урсгалтай байгаа. Хүний тооноос үл хамааран нислэгээ тогтмол явуулна. Суудал дүүргэлт бага байсан ч цаашдаа орон нутгийн иргэд, жуулчдыг орон нутгийн нислэгээр явдаг болгох, хэрэв нислэг нэгээс хоёр жилдээ тогтмолж болоод ирвэл нислэг тоог нэмнэ. Өлгий, Ховд, Мөрөнгийн чиглэлийн нислэг хүлээлтээс дээгүүр байгаа. Өчигдрөөс /2023.06.29/ наадмын хямдрал зарласан. Суудал дүүргэлт бага байгаа аймгууд руу 40 хувийн хямдрал зарласан. Жишээлбэл, Улаанбаатар-Даланзадгад руу нэг талдаа 170 мянган төгрөөг нисэх үнийн тариф гаргасан. Долдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ” гэлээ.

Үндэсний баяр наадмыг тохиолдуулан орон нутгийн нислэгт хямдрал зарлажээ


“МИАТ” ТӨХК-ийн маркетингийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэболд “Өнөөдрөөс эхлэн есдүгээр сарыг дуустал долоо хоногт 2-4 удаагийн давтамжтай найман чиглэлд нислэг үйлдэж байна. Тухайлбал, Ховд аймгийн чиглэлд долоо хоногт гурван удаа, Өмнөговийн чиглэлд долоо хоногт гурван удаа, Говь-Алтай хоёр, Хөвсгөл дөрөв, Увс хоёр, Баян-Өлгий хоёр, Завхан гурав, Дорнод аймаг руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэж байна. Мөн Үндэсний баяр наадмыг тохиолдуулан тусгайлан тариф гаргаж байгаа. Даланзадгад чиглэлд хамгийн хямд буюу нэг талдаа 194 мянган төгрөг, хоёр талдаа 380 мянган төгрөг байгаа. Улаангом чиглэлд 276 мянган төгрөг, хоёр талдаа 548 мянган төгрөг болсон ” хэмээн ярилаа.


Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд, хоёр талын тийзийн үнэ:

  1. Ховд аймгийн Ховд хот руу нэг талдаа 405-451 мянган төгрөг, хоёр талдаа 810-902 мянга төгрөг,
  2. Баян-Өлгий аймгийн Өлгий хот руу нэг талдаа 405-451 мянган төгрөг, хоёр талдаа 810-902 мянга төгрөг
  3. Увс аймгийн Улаангом хот руу 800-852 мянган төгрөг
  4. Завхан аймгийн Улиастай хот руу 633-752 мянган төгрөг
  5. Говь-Алтай аймгийн Алтай хот руу 733-852 мянган төгрөг
  6. Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу 500-680 мянган төгрөг
  7. Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу 500-680 мянган төгрөг
  8. Дорнод аймгийн Чойбалсан хот руу 537-617 мянган төгрөгөөр хоёр талдаа нисэх боломжтой болжээ.

 

Categories
гадаад

​Путины эсрэг бослого ба орос иргэд DNN.mn

Евгений Пригожинийн зэвсэгт бослого эхэлсэн шигээ хурдан дуусч, энэ явдлынталаар шинжээчид одоо ч маргалдсаар байна. Харин BBC” энэ үйл явдлын талаар ямар бодолтой байгааг өөрийн орос уншигчдаасаа асууж, ямар хариулт авснаа нийтэлсэн байна.

“Энэ бол улс төрийн шоу. Энэ хоёр хүн (Путин, Пригожин) хоёулаа хэвлэл мэдээллийн сайн манипуляторууд. Лукашенко финалд ор ирж нэмэлт “оноо” авсан байж магадгүй. Украины нөхцөл байдлын тухай миний бодолПригожины видео мессеж дээр хэлсэнтэй зарчмын хувьд давхцаж байна. Тухайлбал, авлигаар армиа хүчгүй болгосон гэдэгтэй. Гэхдээ би бүх зүйл яг ямар нөхцөл байдалтай байгааг мэдэхгүй байна. Бас яагаад бослого зохион байгуулагдсаныг сайн ойлгохгүй байна. Учир нь энэ бүхэн яг л 90-ээд оны Оросын гэмт хэргийн бүлэглэл хоорондын дайн шиг харагдаж байна, Зүгээр л арай өөр цар хүрээтэй байна.

А., Москва

“Оросын армийн сөнөн унаж буй нисдэг тэрэгнүүд бас онгоц, Воронеж дахь газрын тос, түлшний баазын дэлбэрэлт, ухсан зам, төв замд хөндөлдүүлэн тавьсан элс ачсан том ачааны машинууд, Москва орох гүүрний хамгаалалтын бодит бичлэгийг үзэж, харж байсан ч болж буй үйл явдлыг театрчилсан жүжиг гэсэн мэдрэмж өдөржингөө бүр орой болтол надаас салсангүй.

Р., Екатеринбург

“Энэ бослого гэгч нь надад муухан дэглэлттэй, маш муу жүжигчидтэй театрын драмын жүжиг шиг санагдсан. Учир нь жинхэнэ бослого “Ляпкин-Тяпкин” болох Шойгу, Герасимов хоёроос огт өөр зүйл шаардах байсан.

А., (дайн эхлэхээс өмнө Оросоос гарч Киевт ирсэн)

“Энэ амралтын өдрүүдэд ОХУ-д болсон “бослого” хоёр ижил төстэй мэдрэмж төрүүлэв. Эхнийх нь миний төрсөн эх орны эрх мэдлийг булаан авсан “элитүүдийн” хөшигний цаадах тэмцэл ил гарч жирийн иргэд тэдэнд огт итгэдэггүй гэдэг нь маштодорхой болов. Хоёрдугаарт, болж буй үйл явдалдУкраинчууд болон бидний бодлын зөрүү бүр ч ойлгомжтой боллоо. Учир нь ойр дотны хүмүүс маань “Хараач! Бослого! Дайны там удахгүй дуусч магадгүй! ”гэж хэлэхийг сонсоод хэний ч дотор “Найдвар ч ойрхон харагдахгүй байна даа… ” гэж бодогдож байгаа.

Т., Чита

“Улс орон маань Иргэний дайны босгон дээр аль хэдий нь ирсэн гэдэг аймшигт байдлыг бүгд харж таг мэлэрсэн. Болсон үйл явдал улс орныг маань ийм байдалд хүргэсэн хүн засгийн эрхэнд үлдэхэсвэл бүх Оросыг Украин руу дайруулж “махны машин”-д оруулах гэмт хэрэгтэн оронд нь суух уу гэсэн асуудал үүсгэсэн. Харин энэ нөхцөл байдал дайны үед анх удаа хүн амын олонхийн санал нэгтэй баяр баясгаланг төрүүлсэн. Энэ явдал бидний ирээдүйг улам бүрхэг байгааг харуулж байна.

Орост засгийн эрхийг авахын тулд Москвагийн гарнизоны удирдлагад олигтойхон хахууль өгөхөд л хангалттай. Гэхдээ болсон явдлаар Кремлийн “элитүүд”-ийн тэмцэл, шинэ төрийн эргэлт, тэр ч байтугай иргэний дайн гарах магадлал багассангүй харин ч нэмэгдэж, магадгүй оны эцэс гэхэддээд хэмжээнд хүрэх байх.

М.

“Үймээн намайг гайхшруулсангүй. Учир нь Пригожин болон цэргийн удирдлагын хоорондох зөрчилдөөнямар нэгэн байдлаар шийдэгдэх ёстой байв. Гэхдээ түүний төгсгөл нь ойлгомжгүй болов. Довтолж буй тал гэнэт гэнэдүүлэх нь ялахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Пригожин энэ боломжийг ашигласан ч хэрэгжүүлсэнгүй. Энэ нь түүний төлөвлөгөө хоёр, гурав дахь зорилготой байсныг харуулж байна. Е.Пригожин Ерөнхийлөгчийн сонгуульд орох эрх мэдлийн төлөөх тэмцэлд улс төрийн оноо цуглуулах гэж оролдсон байх бүрэн боломжтой. Тэр маш олон дэмжигчидтэй болсон. Түүнд бас хэвлэл мэдээлэл, мөнгө хөрөнгөний нөөц бий.

Е., Муров

“Бямба гаригийн өглөө би хамаатан садан дээрээ очсон, тэр сайхан мөчид бүгд зурагтын өмнө сууж Ерөнхийлөгчийн үг хэлэхийг сонссон.Путин хэлсэн үгэндээ ямар нэгэн нэр дурдаагүй учир би юу ч ойлгоогүй. Харин хамаатангууд маань “Пригожин бослого гаргасан” гэж надад хэлсэн. Би өдөржин улсын сувгуудыг харж байсан бөгөөд бас л юу ч ойлгоогүй. Орой хотод ирж гар утсаа засвараас авч би “Telegram, Instagram”-ыг уншиж сая учрыг нь ойлгосон. Дүгнэлт: Холбооны улсын сувгуудыг үзэгчид л одоогийн Оросын төр, засгийн гол сонгогчид байдаг.

М., Челябинск

“Энэ амралтын өдрүүдийн мэдээг би Украинд халдан довтолсон эхний өдрүүдийн адил татралтгүй үзсэн боловч сэтгэл хөдлөл маань мэдээжийн хэрэг огт өөр байсан. Бухимдал бус илүү их сонирхол, сониуч зандаахөтлөгдсөн”

Э., Астана

“Би энэ сарын 23-24-нд шилжих шөнө “Шударга ёсны жагсаал”-ын тухай мэдээ сонссон. Би гайхсан ч интернетээс хэтэрдэггүй бас нэгэн дуулиан гэж бодоод орондоо оров. Өглөө сэрээд биөглөөний цайгаа тайван уусан. Дараа нь би “YouTube”-г асааж, “Вагнер” PMC-ийн отрядууд тус улсын гол хот руу янз бүрийн замаар хөдөлж байгааг мэдэх үед энэ нь аймшигтай бас нэгэн зэрэг сонирхолтой байлаа. Яагаад ч юм тэдний давшилтыг хэн ч зогсоож чадахгүй байсан нь үнэхээр сонин санагдсан.

I.L., Питтсбург, АНУ

“Миний хамгийн их айдаг зүйл болөглөө сэрээд Орост иргэний дайн эхэлсэн тухай мэдээний гарчиг харах явдал. Оросын нийгмийн олонх нь Оросын арми болон вагнерчуудыг дэмждэггүй гэдгийг бимэдэж байсан. Маргаашнь зэвсэгт мөргөлдөөний тухай мэдээ гараагүйд баярласан. Гэхдээ би Воронежийн талаар тэнд амьдардаг найзаасаа мэдсэн. Дараа нь тэр Москва дахь найзтайгаа холбогдож, түүний эргэн тойронд юу болж байгааг мэдсэн. Тэдний хариулт миний толгойд түгшүүр, асуултууд нэмж байв. Би олон найз нөхөдтэйгээ байнга холбоотой байсан, би өөрөө Мурманскаас ирсэн бөгөөд тэнд ч бас олон найз нөхөдтэй. .

Л., Воронеж

“Тээврийн хэрэгслийн цуваа бараг Воронеж хүрэхэд Автомашины худалдааны газар,газрын тосны баазын ойролцоо дэлбэрэлт болж дараа нь байлдааны нисдэг тэрэгнүүдийг буудан унагаж тулалдаанб чимээ сонсогдоход хотын бүх оршин суугчид сандарч эхэлсэн ба шатахуун түгээх станцууд дээр асар их дараалал үүсч, замын түгжрэл үүссэн. Ямартай ч энэхүү цэргийн эргэлт хийх оролдлого ньзэвсэгт бослоын өмнө Путин ямар сул дорой байгааг харууллаа.”

М., Новосибирск

“Анхаарал татсан зүйл бол Путины хаанчлалын дэглэмийн гол тулгуур нь ерөнхийлөгчийн бахархал буюу хамгаалалтын алба, суртал ухуулга биш, харин иргэний засаг захиргаа байсан нь тодорхой болов. Энэ өдрүүдэд арми, Үндэсний гвардийнхан, ОМОН-ууд удирдлагатайгаа хаа нэгтээ алга болж, “Кадыровчууд”Ростов руу ойртож ч зүрхэлсэнгүй, суртал ухуулагчид чимээгүй байсан бөгөөд зөвхөн захирагчид л ерөнхийлөгчид үнэнч байгаа гэдгээ харуулав.

И., Саратов

Их Британи улс өөрийн хуульчдыг Оросын компаниудад зөвлөгөө өгөхийг хориглосон хууль батална гэж мэдээлжээ. Их Британийн Ерөнхий прокурор Алекс Чалк “Их Британийн хууль эрх зүйн тогтолцоо нь олон улсын олон гэрээ, бизнесийн гол цөм бөгөөд бид Орост бидний мэдлэг, туршлагаас ашиг хүртэхийг цаашид зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.

Украины Краматорск хот руу Оросын арми пуужингаар харвасантай холбогдуулан тус улсын Гадаад хэргийн яам ОХУ-д албан ёсоор эсэргүүцлийн ноот илгээнэ гэж Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро мэдэгдэв. “Орос Колумбын гурван энгийн иргэн рүү дайрлаа. Ингэснээр дайны дүрмийг зөрчиж байна. Гадаад хэргийн яам Кремльд эсэргүүцлийн дипломат нот бичиг гардуулах ёстой” гэж Петро хэлжээ.

Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Валерий Залужный АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Миллитэй утсаар ярьж “Украин сөрөг довтолгооны үеэр стратегийн санаачлагыг гартаа авсан” гэж мэдэгджээ.

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож Литва болон Европын Холбооны удирдагчидтай уулзахаар Бельгид ирэх долоодугаар сарын 11-нээс дөрвөн өдрийн айлчлал хийх болжээ.Тэрбээр мөн Ойрхи Дорнодын орнуудтай эдийн засаг, аюулгүй байдлын харилцаагаа гүнзгийрүүлэх зорилгоор ирэх сарын сүүлээр Саудын Араб, АНЭУ, Катарт айлчлахаар төлөвлөж буйгаа Либерал Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ хэлжээ.

Вагнерийн хөлсний цэргүүд Беларусийн нутаг дэвсгэрт шилжин ирсний хариуд Польш улс зүүн хилийн хамгаалалтаа бэхжүүлж байна гэж Польшийн Ерөнхий сайдын орлогч Ярослав Качинский Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны хурлын дараа мэдэгдэв.

“The Moscow Times” сонин Ерөнхийлөгч В.Путины өгсөн үүрэг даалгаврын дагуу Е.Пригожинтой холбоотой албан тушаалтнуудыг шалгаж, улмаар генерал Сергей Суровикиныг баривчилсан тухаймэдээлжээ. Харин Оросын Батлан хамгаалах яам энэ мэдээллийг батлаагүй байна.

Г.АМАРСАНАА

Categories
үндэсний-бөx цаг-үе

Аварга цолтой бөх 9 давбал “даян аварга” цол олгоно DNN.mn

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2023.06.28/ Шадар сайд С.Амарсайхан танилцуулахдаа “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3-т аварга, арслан цолтой бөх түрүүлсэн тохиолдолд олгох цолны зохицуулалтыг орхигдуулсан нь хийдэл үүсгэж байна. Тиймээс улсын баяр наадамд түрүүлсэн бөхөд олгох цолыг нарийвчлан заах шаардлагатай байна.

Энэ хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан боловч энэ нь зөвхөн улсын баяр наадмын барилдаанд хамааралтай бөгөөд аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах барилдаанаас допингийн шинжилгээг зайлшгүй авах шаардлагатай байна. Тиймээс аймгийн баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахыг хуульчилахаар тусгалаа.

Мөн аймгийн наадамд 128-аас дээш 256 бөх барилдахыг Үндэсний их баяр наадмын тухай хуулиар хязгаарласан нь тухайн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийг барилдуулах нөхцөлийг хангахгүй байна. Үүнийг өөрчилснөөр тэгш ойн баяр наадамд 256 бөх барилдуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн 1921 оноос эхлэн зохион байгуулж ирсэн Цэргийн баяр наадмыг зохион байгуулах, түүнд цол олгохтой холбоотой зохицуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмж тусгах шаардлагатай байна. Тус наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд аймгийн баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдтэй адилтах цол олгоно” гэлээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3.6-д “Улсын арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга; 9.3.7.улсын аварга цолтой бөх ес даван түрүүлбэл улсын даян аварга цол олгоно” хэмээн заахаар хуулийн төсөлд тусгажээ.

Categories
соёл-урлаг туслах-ангилал

​​Б.Анужин: Уран бүтээлч хүний хамгийн сайхан зүйл бол тайзан дээр гарах мэдрэмж DNN.mn

“B Production”-ы артист Б.Анужинтай ярилцлаа.


-Таны энэ зуны хамгийн том зорилго юу байгаа вэ?

-Энэ намраас өөрийн зохиосон дуугаа цацахаар бэлтгэл ажилдаа орчихсон явж байгаа.

Дуу хөгжим гэдэг таны бодлоор..?

-Хөгжим бол миний хувьд хобби, ажил бас мөрөөдөл. Тиймээс дуу хөгжим амьдралын салшгүй нэг хэсэг. Энэ л зүйлээс аз жаргал, эрч хүч, эрх чөлөөг мэдэрдэг. Дуу дуулж байхдаа илүү хичээх хэрэгтэй гэдгээ ойлгодог. Дуу хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй.

-Уран бүтээлч болоод ойлгож, сурсан зүйл нь юу байсан бэ?

-Нэг уран бүтээл хийхэд маш олон хүн ажилладаг. Хүнтэй хамтарч ажиллах, хүний үгийг дааж сурсан.

Амьдралдаа хийж байсан хамгийн галзуу үйлдэл юу байв?

-Оюутан байх үедээ л хамгийн галзуу үйлдлүүдийг хийж байсан. Найзуудтайгаа их сахилгагүйтнэ. Олон хүний нүдэн дээр усан оргилуур руу үсэрч, Пантомын шалан дээр хэвтэж байлаа. Найзуудтайгаа байхад юу ч хамаагүй хийхэд бэлэн болчихдог. Жаахан байсан болоод ч тэр үү хээгүй, гэнэн томоогүй байжээ.

Хэрвээ ямар нэг нууц чадвартай болбол та яах байсан бэ?

-Нисэхийг л хүсэх байсан даа. “Үүлэн дундуур” дууны клип шигээ.

-Уран бүтээлч байхын хүндрэлтэй зүйлсийг дурдвал…?

-Хүмүүсийн цуу яриа, 100 хувь өөрөөр минь хүлээн зөвшөөрч чаддаггүй нь таагүй санагддаг.

-Хүмүүсийн таагүй хандлагаас болж өөрийгөө голж байсан удаа бий юү?

-Тийм ээ. Хүмүүс намайг бандгар гэдэг байсан. Өөрийгөө дэлгэцээр харахад нээрээ л бандгар юм шиг санагдаад байсан учраас ковидын үеийг ашиглан турахаар шийдсэн. Тэгээд л өглөө болгон эрчимтэйгээр дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн. Дэглэм бариад 54-42кг болж турсан.

-Шантарсан эсвэл гунигтай үедээ ихэвчлэн юу хийдэг вэ?

-Хэцүү үедээ туйлдаа хүртэл ядарснаа мэдэрдэг. Шантармаар хэцүү үедээ өмнөө тавьсан зорилгоо санадаг. Би иймхэн зүйлд шантраад яах вэ, надад дахиад хийх зүйлс их байгаа. Энэ чинь дөнгөж эхлэл шүү дээ гэж боддог(инээв).

-Уран бүтээл хийх эрч хүчээ хэрхэн нөхдөг вэ?

-Тайзан дээрээс л эрч хүчээ авдаг даа. Уран бүтээлч хүний хамгийн сайхан зүйл бол тайзан дээр гарах мэдрэмж гэж боддог. Тэдний алга ташилт, намайг хүндэлж байгаад нь урамшиж цаашид хичээх ёстойг минь сануулдаг.

-Та бие даасан тоглолтоо хэзээгээр хийх төлөвлөгөөтэй байна?

-Ойрын 1-2 жилдээ тоглолт хийх бодолгүй байгаа. Одоогоор дуунуудаа илүү чанартай болгох тал дээр ажиллаж, суралцаж байна.

-Үеийнхэндээ хандаж урмын үг хэлээч?

Шантрахгүй, урдаа тавьсан зорилгодоо хүрч тууштайгаар мөрөөдлийнхөө төлөө илүү их цаг гарга, хөдөлмөрлө, сур. Өнгөрөөж буй цаг минут тутмаа аз жаргалтай хэрнээ маш үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээгээрэй.

У.ЭНХЖИН

Т.МИЧИДМАА

Categories
онцлох-нийтлэл улс-төр

О.Зундуйдорж: УИХ-ын гишүүд эрх мэдлээ ашиглан ирээдүйгээсээ урвасан үйлдэл хийсэнд харамсаж байна DNN.mn

Боловсролын багц хуульд тусгагдаад байсан англи хэлийг гуравдугаар ангиас эхлэн заах тухай асуудал хэлэлцүүлгийн явцад унасан. Энэ талаар залуучуудын төлөөлөл, Олон улсын эрх зүй судлаач О.Зундуйдоржтой ярилцлаа.


-УИХ-ын чуулганы хуралдаанаар англи хэлийг бага ангиас зааж эхлэх тухай заалт унасантай холбоотой та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмнийг төлөөлж байгаа.

Ялангуяа олонхын саналаар сонгогдож, ард түмний төлөө зүтгэнэ гээд тангаргаа өргөсөн хүмүүс. Тэд англи хэлний заалтыг унагасан нь өөрсдийнхөө үндсэн үүргээс ухарсан үйлдэл гэж харагдаж байна. Тэгвэл өнөөдөр дэлхий ертөнц ганцхан англи хэл дээр оршиж байна. Арилжаа наймаа, шинжлэх ухаан, хуулийн зөвлөх үйлчилгээ, утга уран зохиол гээд бүх зүйл англи хэл дээр байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр сурах эрхтэй гэж заасан. Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд гарааны тэгш бус байдал буюу дабль стандартаар буюу хоёр нүүрээр төр хандаж байна. Мэдээж ардчилсан оронд хүмүүсийн сонгох эрх нь нээлттэй учраас хувийн сургуулиуд бага ангиас нь англи болон хятад гээд гадаад хэлийг үзэж байна. Тэгвэл улсын сургууль үнэ төлбөргүй зааж байна. Бид энэ асуудлыг углуургаар нь авч үзэх ёстой. Жишээлбэл, англи хэлийг зургаа болон 12 настайгаас эхэлж үзэхийн ялгаа ажлын байран дээр тод ялгарч байна. Бид сүүлийн 20 жилийн боловсролдоо дүн шинжилгээ өгмөөр байгаа юм. Тухайн сурагч тавдугаар ангиасаа англи хэл үзсэнээр ямар түвшинд бэлтгэгдсэн бэ гэдэг боловсролын чанарыг харах ёстой. Дараа нь ажил олгогч байгууллага хамгийн чухал. Аль ч салбар англи хэлтэй бол давуу гээд амьжиргаанд нь ахиц өгч байна. Тэгвэл өнөөдөр яагаад англи хэлтэй хүнд ажил олгогч нар давуу боломж олгоод байна вэ гэхээр дэлхийгээс мэдээлэл татах чадварын хувьд, хэлэлцээрийн хувьд давуу байдаг бий болоод байгаа юм. Тэгвэл Монгол Улс цөөн хүн амтай, ардчилсан орон. Тэгэхээр бидэнд ямар боловсрол, ямар бүтээгдэхүүн илүү вэ гэдэг зөв сонголтыг хийж байж зөв урагшилна. Сонголт байхгүй тохиолдолд бид өнгөрсөн 20, 30 жилийнхээ түүхийг харахад шууд орос хэлийг сонголтгүй үзсээр ирсэн. Ардчиллын хамгийн гол үнэт зүйл бол сонгох эрх.

-Манай УИХ-ын гишүүд англи хэл багаасаа үзвэл эх хэл, өв соёлоо мартана. Улмаар үндэсний дархлаанд нөлөөлнө гээд эсэргүүцээд байгаа шүү дээ?

-Сөрөг кноп дарсан УИХ-ын гишүүдийн нэрсийг эхнээс нь дурдаад өөрсдөөс нь асуумаар байгаа юм. Тэд өөрсдөө англи хэлтэй. Тэгсэн мөртлөө монгол хэлээ мартсан уу гэж асуумаар байгаа юм. Тэдний өөрсдийнх нь хүүхдүүд Боловсролын зээлийн сангийн бүх тэтгэлгийг авчихсан байх жишээтэй. Тэр дундаа АНУ, Канад, Австрали гэх зэрэг орнуудад сурсан байгаа юм. Эдгээр хүмүүс англи хэлний чухал үр нөлөө ямар их ач холбогдолтойг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ хүмүүс өөрсдийнхөө хүүхдүүдэд байгаа давуу эрхээ урт хугацаанд хадгалахын тулд нийтийн эрх ашгийг хохироож байна. Яагаад гэвэл өөрсдөө, үр хүүхдүүд нь англи хэл сурчихсан. Хэрэв ард түмнийг англи хэлтэй болгочих юм бол жинхэнэ энгийн иргэдийг төлөөлөх мэдлэгтэй, чадвартай, боловсон хүчин дэлхийн зах зээлд өөрийгөө илэрхийлж чаддаг, мөнгө босгож чаддаг, дэлхийд монгол улсыг төлөөлөх чадамжтай хүмүүс бэлтгэгдээд ирэхээр тэдгээр хүмүүс танил тал, сүлжээ, фракц, намаараа хувааж иддэг тогтолцоо устана гэхээс айж байгаа. Тийм болохоор англи хэлний заалтыг эсэргүүцээд байна гэж харж байна. Ард түмнээс сонгогдсон хүмүүс ардын хүүхдүүдэд англи хэл заахыг хориглож байгаа нь байж боломгүй зүйл. Энэ бол Монголын нийтлэг эрх ашгийн эсрэг хамгийн том гэмт үйлдэл боллоо. Энэ бол түүхэнд үлдэх сөрөг кноп дарагчид. Хүн аливаа гадаад хэлийг сурч эзэмшихдээ өөрийнхөө үндсэн хэлийг, өөрийнхөө үндсэн ойлголтыг дандаа давхар сайжруулж байдаг.

-Англи хэлтэй болсноор ирээдүйд ямар боломжууд нээгдэх вэ?

-Хиймэл оюун ухаан дээр суурилсан платформуудыг ашигласнаар хүн ямар ч ур чадварыг эзэмших боломжтой. Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ интернэт гарцтай гэдгээ мартаж болохгүй. Тэгэхээр интернэтээр өнөөдөр дэлхий дахины мэдээллийг монгол болон англи хэлээр хайж байгаад эх сурвалжуудыг авч үзвэл тэнгэр газар шиг. Тэгэхээр энэ их мэдээллийн далайд бид өөрсдийнхөө боломжийг хөгжүүлэх үүд нээгдэх гарц нь англи хэл юм. Орон зай цаг хугацаанаас үл хамаарсан ажлын байрууд дэлхий дээр тогтсон байна. Дэлхийгээр аялах явцдаа өөрийнхөө ажлыг онлайнаар хийх платформын эрэл хайгуул хийдэг. Тэр нь өндөр санхүүжилттэй байдаг. Сүүлийн үед онлайн ажлын байрыг чадавхжуулж байна гэдэг бол дэлхийн ямар ч оронд байсан тэндээсээ ажиллаж, амьдрах боломжтой. Дорнодын Буйр сумын иргэн өндөр хурдны интернэттэй байх юм бол Нью-Йоркт ажиллаад доллар олох бүрэн боломж байна. Энэ бол өөрөө хүн төрөлхтний түүхэнд байгаагүй боломж. Тэгэхээр энэ бүхнийг хязгаарлаж, англи хэлийг бага ангиас эхлэн заахыг хориглож байгаад харамсалтай байна. Долларын эсрэг төгрөгийг чангаруулах хамгийн зөв гарц бол монгол залууст боломж олгож, боловсролоор нь дэлхийгээс орлого оруулах талаар УИХ, Засгийн газар ярих ёстой. Харамсалтай нь, энэ шийдвэр Монголын ирээдүйд хамгийн том саад боллоо. Үр хүүхэд, ирээдүйнхээ боломжийг хаачихлаа.

Хуулийн төслийг харахад долоо хоногт 3-4 удаа л англи хэлний хичээл орох юм билээ. Гэтэл Монголын үгийн санг ашиглахгүйгээр, бүх хичээл англи хэл дээр явна гэж эндүүрээд байх шиг байна. Энэ бол эрхэм гишүүдийн хэлээд байгаа шиг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөл асуудал биш.

-Бас төсөвт зардал нэмэгдэнэ гэж хараад байгаа бололтой?

-Хүний нөөцийн асуудал биш. Англи хэлийг бүрэн эзэмшсэн хүн яг өнөөдрийн улсын сургуулиудын авч байгаа цалингаар багшлах уу. Гурван нүүр орчуулаад олох хэмжээний цалингаар бүтэн сар ажиллаж стресстэх хүн байх уу. Тэгэхээр өнөөдөр бид байгалийн баялгийнхаа дөнгөж 2-3 хувиар боловсролынхоо салбарыг шинэчлэх асуудал байгаа. Багш бэлтгэдэг сургуулиудын босго оноог дээшлүүлэх, хангамжийг сайжруулах, нийгмийн баталгааг нь өгснөөрөө шинэ боловсон хүчин татах сонирхуулах тэр нөхцөл нь бүрдэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад багшийн цалин сайдтай ижил хэмжээнд байдаг. Норвеги, Финланд, Швейцарь зэрэг орнуудад багшийн цалин хангамж маш өндөр. Тэр хэрээр босго нь өндөр шалгууртай байдаг. Харин өнөөдөр манай улсад гадаадын хөрөнгө оруулагч компаниуд орж ирлээ гэхэд заавал орчуулагчаар дамжуулсаар байх юм уу. Шууд тэр хүмүүстэй дипломат уулзалт, гэрээ хэлцэл хийх ёстой. Тэгвэл төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүсийн англи хэлний боловсрол, хэрэглээ ямар байгаа билээ дээ. Яаж дэлхий дахинд шившиг болж байна. Энэ бол боловсролын горыг нийтээрээ амсаж байгаагийн илрэл. Хэрэв англи хэлийг магадгүй 20, 30 жилийн өмнөөс бид бүгдээрээ сурсан бол Монгол Улсын хөгжил өнөөдөр ийм байхгүй. Хөнгөн жишээ хэлэхэд Тайвань гэхэд дэлхийн чипний 70-аад хувийг нийлүүлж байна. Тэд мундаг чадалтайдаа биш. Зөвхөн дэд бүтэц болон боловсрол нь дэлхий нийтийн хэрэглээтэй ойртсон. Үүний гол холбоос нь төрийн албанд нь байгаа бүх хүмүүс англи хэлтэй байгаа юм. Тэгэхээр монголчуудад тулгардаг хэлний бэрхшээл санхүү эдийн засаг, ахуй амьдралд асар том гай болдог.

Categories
гадаад

Фэйсбүүкийн боссыг гардан тулаанд дуудсан Илон Маск бэлтгэлээ эхэлжээ DNN.mn

Олон асуудлаар санал зөрөлддөг Америкийн технологийн салбарын хоёр тэрбумтан дэвжээн дээр тулалдах тухай яриа гараад удаагүй байна.

Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск өнгөрсөн оны аравдугаар сард Твиттер сошиал платформыг өндөр үнээр худалдаж авсан билээ. Тэгвэл Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Закербэрг удахгүй Твиттерийн шууд өрсөлдөгч болох текстэд суурилсан сошиал платформ зах зээлд гаргахаар бэлдэж байгаа гэсэн мэдээлэл тарсан нь Маскийг нэлээд эгдүүцүүлсэн юм.

Саяхан Маск түүнтэй тулалдахад бэлэн байгаагаа сошиал сүлжээгээр илэрхийлж байв. Маргааш нь Закербэрг дуудлагыг хүлээж авснаа Инстаграм хуудсандаа бичсэн байна.

39 настай Закербэргийн хувьд сүүлийн үед жиү жицү болон биеийн хүчний спортоор идэвхтэй хичээллэж, чамгүй амжилт гаргаад байгаа.

зураг

Харин өчигдөр 52 нас хүрсэн Маск өөрийгөө багадаа сайн зодолддог байсан тухай саяхан UFC холимог тулааны холбооны ерөнхийлөгч Дана Уайтад ярьж байжээ.

Уайт тэдний тулааныг зохион байгуулах асуудлаар тус тусад нь утсаар ярьсныхаа дараа хоёр тэрбумтан үүнд “нэлээд нухацтай” хандаж байгааг мэдээлсэн юм.

Тэгвэл Маск үнэнээсээ энэ тулаанд бэлдэж эхэлсэн бололтой. Өчигдөр Бразил жиү жицүгийн хар бүстэй подкастер Лэкс Фридман түүнтэй хичээллэж байгаагаа харуулсан гэрэл зургуудыг сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

зураг

UFC тулааны домогт тамирчин Жорж Сен Пьер саяхан бас Маскийн бэлтгэлийг хангаж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд өөрөөс нь зөвшөөрсөн хариу авсан юм.

Маскийн хувьд 180 см өндөр, 81 кг жинтэй бол Закербэрг 170 см өндөр, 70 кг жинтэй юм байна.

Закербэрг шиг спортоор тууштай хичээллэдэггүй ч Маскийн хувьд том бие нь давуу тал болж магадгүй гэж зарим ажиглагчид дүгнэжээ.

 

Эх сурвалж: New York Post

 

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Буйр нуураас илэрсэн Escherichia coli, Salmonella Shigella нянгаас болж загас үхээгүй DNN.mn

Монгол орны хамгийн олон төрөл зүйлийн загастай гэгддэг Буйр нууранд загас олон тоогоор үхсэн асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Буйр нууранд 10 омгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг гэдэг. Тэр дундаас мөнгөлөг хэлтэг загас сүүлийн сар орчмын хугацаанд олноор үхжээ.

Байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагууд энэ сарын 7-ны өдөр газар дээр нь ажиллан, хөрс уснаас дээж аван шинжилгээ авсан байгаа юм. Шинжилгээний хариугаар “Буйр нуурын 39 зүйлийн загаснаас зөвхөн мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна. Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.

Нуурын ус, хөрснөөс микробиологийн дээж авахад нэг гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylo­coccus aereus илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан” гэж Байгаль орчин аялал жуулчлалын яам мэдэгдээд байна. Шинжилгээний эцсийн дүгнэлт маргааш гарах аж.

Тиймээс Буйр нуурын уснаас уух, усанд орох, тухайн бүсийн тэжээвэр амьтан, нохойг байнгын уяатай байлгах, үхсэн өвчилсөн загас идэх, зөөвөрлөхийг хориглоод байна. Түүнчлэн шинжилгээний эцсийн хариу гартал тандалт хийх, үхсэн, устгасан загасыг бүртгэх, дээж авах, шинжилгээг үргэлжлүүлэх, нуур орчмын мал амьтдад эмнэл зүйн шинж тэмдэг илэрч буй эсэхийг тандах, нуур орчимд нутаглаж буй иргэд, малчдад анхааруулга сэрэмжлүүлэг хүргэхийг БОАЖЯ-наас чиглэл болгожээ.

Тэгвэл Буйр нуурын загасны энэ их хорогдол гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shi­gella/ байх боломжгүй гэж зарим мэргэжлийн хүмүүс тайлбарлах боллоо.

Дорнод аймгийн иргэдтэй холбогдоход “Биднийг бужигнахаас өмнө Хятадын тал Буйр нуурын загас үржүүлгийн хэсгээ бүрмөсөн хаасан нь анхаарал татаж байгаа юм. Торон хашаа татаад юу ч оруулахгүй болгочихсон. Хэзээ ч Буйрт байгаагүй яст мэлхий, жадан хошуут гээд амьтад нуурнаас гарсан. Буйр нуурын үржлийн хэсэг нь Хятадын талд байдаг. Хэлтэг загасны хумхай өвчин битүү орчинд үржүүлэг хийдэг газраас гардаг гэж хүмүүс ярьж байна. Энд ажиллаж байгаа мэргэжлийнхэн, хилийнхэн бүгд л энэ талаар хэлж байгаа ч хамаагүй ярьж чадахгүй байгаа бололтой. Ноднин зүгээр байсан нуур энэ жил гэнэт малын бааснаас бохирдоод үй түмээрээ хэлтэг загас үхсэн гэдэг нэг л үнэмшилгүй байна” гэж байлаа.

Энэ тухай мэргэжлийн микробиологич тайлбарлахдаа “/E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ нь хүнд байх ёсгүй. Гэхдээ байгаль дээр бол байдаг нянгууд. Мэдээж аль аль нь өвчин үүсгэнэ. Магадгүй Буйр нуурын усанд энэ хоёр төрлийн нян зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан бол зөвхөн хэлтэг гэлтгүй бүхий л загасыг өвчлүүлнэ. Гэтэл зөвхөн нэг төрлийн загас хорогдсоныг харахад вирусийн гаралтай байсан болов уу гэж харж байна. Үүнийг урт хугацааны судалгаагаар л тодорхой болгох боломжтой. Манайд яг энэ төрлийн загасны судалгаа нилээд ховор. Тиймээс уншиж судлах зүйл маш их. Дэлхийн бусад улс орнуудад, гол мөрнүүдэд хэлтэг загас ямар өвчнөөр голдуу өвчилдөг, юунаас гаралтай байдаг гэх мэтчилэн том том сэтгүүл, шинжлэх ухааны материалууд уншиж судалж байж дээр нь шинжилгээнүүд хийж байж дүгнэлт гарах ёстой. Яахав манай зарим том лабораториуд ПСР шинжилгээ хийдэг. Праймерыг нь гаднаас авчирч байгаад шинжлэх боломжтой. Өвчний праймер болгон өөр өөр. Нэг ёсондоо ДНК-ийн дарааллыг шалгана гэсэн үг. Энэ дараалал зөв байна уу гэдгийг праймераар шалгадаг. Ямар нэгэн өвчний вирус байлаа гэхэд загасан дотор тэр эс нь орсон эсэхийг шалгадаг” гэсэн юм.


Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас албан ёсоор зарлаад буй Escherichia coli, Salmonella Shigel­la гэх нянгийн талаар өөр нэгэн мэргэжлийн микробиологичоос тодруулсан юм. Тэрбээр нэрээр нууцлахыг хүссэн билээ.


– Escherichia coli савханцарын талаар тайлбарлаж өгөхгүй юү?

– Escherichia coli бол халуун цуст хүн, амьтны гэдсэнд байдаг савханцар. Гэхдээ мэдээж байх ёсгүй л дээ. Манайд үе үе илэрдэг. Яахав онц аюултай биш. Маш их хэмжээгээр байх юм бол суулгалт өгдөг, бөөлжүүлдэг, хордлого өгдөг. Хөрсөнд ялангуяа байх магадлалтай.

-Тэгвэл Salmonella Shigella-гийн тухайд?

-Энэ бол өвчин үүсгэгч нян.

-Загас энэ хоёр төрлийн нянгаас болж үхэх боломжтой юу?

-Боломжгүй. Escheri­chia coli гэхэд халуун цуст амьтны гэдсэнд байдаг учир загасанд байх боломжгүй. Загас бол вирусийн халдвараар л үхсэн байх магадлалтай.

-Та Буйр нуурын хэлтэг загас олноор үхсэнийг дуулсан байх. Мэргэжлийн хүний хувьд загас үхсэн шалтгааныг юу гэж дүгнэж байна вэ?

-Тусдаа мөөгөнцөрийн төрлийн вирусээс үүдсэн болов уу гэж харсан. Гэхдээ манайд вирус шинжлэх лаборатори байхгүй шүү дээ.

Гэтэл Байгаль орчин аялал жуулалчлалын яамнаас дээрх хоёр төрлийн нян илэрсэн гээд мэдээлээд байгаа шүү дээ. Худлаа гэсэн үг үү?

-Дээрх хоёр төрлийн нян бол аль ч газрын ус, хөрсөнд үе үе илэрдэг. Тэглээ гээд загас үхдэггүй. Загас хорогдсон шалтгааныг тодорхойлох вирусийн шинжилгээний лаборатори байхгүй учир манай албаны хүмүүс, салбарын мэргэжилтнүүд шинжлэх ухааны талаас нь ижил төстэй кейсүүд судлаад тайлбарлаж байгаа явдал гэсэн юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
нийгэм эдийн-засаг

Тариалан эрхлэгч өрхийн 44.5 хувь нь төвийн бүсэд байна DNN.mn

Тариалан эрхлэгч өрхийн 44.5 хувь нь төвийн, 20.3 хувь нь хангайн, 17.9 хувь нь баруун, 9.7 хувь нь зүүн бүсэд, 7.7 хувь нь Улаанбаатар хотод байрлаж байна.

Харин тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын 51.9 хувь нь төвийн, 20.9 хувь нь хангайн, 14.6 хувь нь баруун, 8.7 хувь нь зүүн бүсэд, 3.9 хувь нь Улаанбаатар хотод тариалан эрхэлж байна.

Categories
нийгэм эдийн-засаг

Ахмадын тэтгэврийг дараах сайтаар шалгана DNN.mn

Засгийн газрын энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаар цалин, тэтгэвэр шинэчлэн тогтоох тогтоолыг баталсан.

Тус тогтоолоор тэтгэвэр тогтооход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчилсэн юм. Ингэснээр тэтгэврийг шинэчлэн бодох, мөн нийт тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэхээр тооцоолж буй.

Тэтгэвэр нь хэрхэн нэмэгдэх тухай мэдээллийг ахмадууд цахимаар шалгах боломжтой аж.

Тодруулбал, https://daatguulagch.ndaatgal.mn/ сайтад хандан өөрийн мэдээллийг дэлгэрэнгүйгээр харах боломжтой юм.

Categories
нийгэм цаг-үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр хийх засварын хуваарийн мэдээллийг хүргэж байна. Иймээс хэрэглэгч та бүхэн засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг: www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.