Categories
мэдээ нийгэм спорт

Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 9-д эхэлнэ DNN.mn

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 9-12-ны өдрүүдэд болно гэж Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын танхимд болох ба Дэлхийн бөхийн холбооны дүрмийг баримтална.

Эмэгтэй 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, +76 болон эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, +125 кг гэсэн нийт 20 ангиллаар болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэд ирэх сарыг дуустал эрт илрүүлэгт хамрагдах боломжтой DNN.mn

Эрүүл мэндийн яам өнгөрсөн жилээс иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах санаачилга гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байдаггүй боломж. Нэг талаар энэ нь иргэдийн хайнга байдлыг өөгшүүлж буй мэт боловч нөгөө талдаа цөөхөн хүн амтай Монгол Улсад нэг хүний амь нас ч үнэ цэнтэйг харуулж байна. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга гаруй хүн хамрагдаад буй.

Тус эрт илрүүлгийн үзлэг ирэх дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх учир хамрагдаагүй иргэд харьяа эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна.

Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын дээгүүр нисэх агаарын хөлгийн тоо 7 хувиар нэмэгджээ DNN.mn

Ковидын цар тахлаас үүдэн буураад байсан манай улсын дээгүүр дамжин өнгөрөх олон улсын нислэг 7 хувиар өсжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын дээгүүр нийт 598 агаарын хөлөг нисэн өнгөрсөн байна. Энэ талаар ИНЕГ-ын даргын өнөөдөр болсон ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаанаар мэдээллээ. Хуралдаанаар мөн даваа гарагт болсон ЗТХ-ийн сайдын шуурхай хуралдаанаар хэлэлцсэн зарим мэдээллийг хүргэлээ.

Тодруулбал, өнгөрсөн сард Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын хооронд шууд нислэгийн суудлын багтаамж жилд 1.5 сая болж нэмэгджээ. Түүнчлэн энэ оны 3 дугаар сарын 7-нд Кувейт, 9-нд Катар улстай, мөн Казахстан улстай Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах хэлэлцээр, 5 дугаар сард Унгар, Грек улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах талаар мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрөөс орон нутгийн нислэгт татаас олгох, Катар, Кувейт улстай байгуулах Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл, 3 дугаар сарын 15-ны хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсныг танилцуулав.

Тодруулж мэдээлэхэд, өнгөрсөн хоёр жилд олон улсын нөхцөл байдлаас үүдэн олон улс орон агаарын орон зайдаа хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор Монгол Улсаар дамжин өнгөрөх олон улсын нислэгийн тоо 50 орчим хувиар буурсан юм. Нислэгийн оргил үед олон улсын иргэний агаарын тээврийн хөлгийн дамжин өнгөрөлт долоо хоногт 2-3 мянган удаагийн нислэгтэй, дунджаар 8.7 хувиар өсөлттэй байжээ.

Манай улсын агаарын зайг 87 улсын 180 гаруй авиакомпани ашиглаж, дамжин өнгөрөлтийн нислэг гүйцэтгэдэг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 9-10-нд болно DNN.mn

Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 9, 10-нд зохион байгуулах гэж байна.

Бүртгэл ehalamj.mn сайтад явагдах бөгөөд гуравдугаар сарын 7-нд холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгаа өгөх аж.

Энэ удаад нийт бүртгүүлэх боломжтой дээд хязгаарын тоо нь 14,000 байна. Үүнээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаас сонгож авах хүний тоо 2404 бөгөөд эцсийн шалгаруулалт буюу хэлний шалгалт, ур чадварын шалгалтын дүнг нэгтгээд өндөр онооны дарааллаар төлөвлөж буй тоонд тэнцүүлнэ. Ижил оноотой бол багтана хэмээн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдээлэв.

ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

1.Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл

  • Бүртгүүлэх иргэд www.ehalamj.mn-д 2023 оны гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд 09:00-17:30 цагийн хооронд нэвтэрч бүртгэл хийлгэнэ. Бүртгэлийн тооны дээд хязгаарыг и-халамж бүртгэлийн хуудас дээр зааж өгсөн байх бөгөөд бүртгэх квот дуусмагц бүртгэлийн систем хаагдана.
  • Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
  • Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн таван асуултын гуравт нь зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.
  • Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.
  • Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг зургаар оруулна.
  • Бүртгүүлэхдээ гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх, цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан нэг хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна.

2.Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл

  • Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/
  • Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ. Төлбөр төлөгдөж, баталгаажсан иргэнд ХХҮЕГ-ын 131288 тусгай дугаараас бүртгүүлсэн гар утасны дугаарт 5040…. дугаарыг мессэжээр илгээнэ.
  • Бүртгэл хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 9, 10-ны өдрүүдэд 28 ам.доллартой тэнцэх монгол төгрөгийг бүртгэлийн программд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана.
  • Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ.

3. Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага

  • 18- 39 настай байх (1983 оны гуравдугаар сарын 10-наас 2005 оны гуравдугаар сарын 09-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;
  • БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/. Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;
  • Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангиллын визээр бүртгүүлэх боломжгүй.

Мөн шалгалт өгөх хуваарийг hudulmur-halamj.gov.mn, monkor.net сайтад зарлан мэдэгдэх юм байна. Мөн сургалтын байгууллага, хувь иргэдээр дамжуулан залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг ХХҮЕГ-аас зөвлөлөө. Бүртгэгдсэн болон шалгалт өгөх хуваарийг бүртгэлтэй гар утасны дугаарт илгээх бөгөөд 131288 тусгай дугаараас зурвас ирээгүй бол ХХҮЕГ-т өөрийн биеэр очиж мэдээлэл авах хэрэгтэй юм.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Өлзийдэлгэр: Ам.долларын бодлогын хүү ковидын өмнөхтэй адил түвшинд очвол төгрөгийн ханш тогтвортой байх боломжтой DNN.mn

Санхүүгийн шинжээч А.Өлзийдэлгэртэй ярилцлаа.


-Долларын ханш 3500 төгрөг даваад удлаа. Цаашид яахаар байна. Сайн, муу ямар таамаг байна вэ?

-Ер нь долларын ханш үргэлжлэн суларна. Яагаад гэвэл эрэлт нь нийлүүлэлтээсээ өндөр болчихоод байна. Өөрөөр хэлбэл, манай улсад орж ирж байгаа валютын хэмжээ нь гарч байгаагаасаа бага байна гэсэн үг.

Монгол Улс зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс л доллар олж ирж байгааг бүгд мэднэ. Энэ нь монгол хүний хэрэглээнээс өндөр байна. Бид хоол хүнс, хувцас хунар, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлийг гаднаас худалдаж авч байгаа болохоор нүүрс зэсээ зараад олж ирсэн доллараа буцаагаад импортын худалдан авалтад ашиглаад байна. Өөрсдийн дотоодын үйлдвэрлэл байхгүй учраас тэр шүү дээ. Орж ирсэн доллараа тогтоох үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор долларын эрэлт нь нийлүүлэлтээсээ ямагт өндөр байдаг. Монгол Улс импортыг орлосон үйлдвэрлэлтэй, эсвэл өөр салбарт экспорт хийж байж долларын орох урсгалыг нэмэгдүүлснээр төгрөгийн эсрэг сулрах нөхцөл байдал бүрдэх юм.

-Долларын ханшийг тогтвортой барихад Засгийн газраас ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүүгийн түвшинг нам дор байлгах гол хүчин зүйл нь валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх буюу экспортыг өсгөхөд анхаарах шаардлагатай. Засгийн газрын гол хийх ёстой ажил бол уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийхээ экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах юм. Бусад улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахуйц салбарыг олж, нээгээд тэрийгээ дэмжсэнээр экспортоо өсгөх шаардлагатай байна. Нөгөө талаасаа импортыг орлох үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлмээр байна. Хэрэв импортыг орлох бүтээгдэхүүн бий болбол гадагшаа гарах ам.долларын урсгал буурна. Энэ тохиолдолд гадаад валютын эрэлт буурах, валютын ханш тогтворжих боломжтой.

-Ингэхэд доллар ямар тохиолдолд 2000 төгрөгтэй тэнцэх вэ. Тийм боломж байна уу?

-Монгол Улс экспортлогч улс болох юм бол валютын ханш чангарна. Одоо бид эсрэгээрээ бүх зүйлийг гаднаас худалдаж авч байгаа. Тэгсэн хэрнээ гаднаас орж ирдэг доллар нь зөвхөн уул уурхайгаас болохоор долларын ханш 2000 төгрөг болох нь үнэхээр хүнд асуудал л даа.

Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлт, төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийж байгаа. Том зургаараа долларын ханшийг буулгахад нөлөөлж чадах уу. Ийм том бүтээн байгуулалтууд өрнүүлсний үр дүн, өгөөж нь ингэж илрэх ёстой биз дээ?

-Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа нь мэдээж хэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмтэй. Гэхдээ одоогийн барьчихаад байгаа төмөр замууд нь Хятадын хилтэй холбогдоогүй. Яг хил хүрээд зогсчихсон. Өнөөдрийг хүртэл хийсэн энэ хөрөнгө оруулалт бүрэн үр дүнгээ өгөөгүй байна гэсэн үг. Хятадын хилтэй төмөр замаараа холбогдоод тэрүүгээр нь нүүрс, зэс, жонш зэрэг урагшаа гарсны дараа одоогийн хөрөнгө оруулалтууд үр өгөөжтэй болно. Тэгэхгүй л юм бол ямар ч үр дүнгүй, зүгээр л говьд төмөр зам барьчихаад тэрийгээ ашиглахгүй болчихоод байна гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрын бодлого экспортыг нэмэгдүүлэхэд чиглэх шаардлагатай байна. Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь тодорхой хэмжээнд үр дүн гаргаж байгаа ч гэсэн санасан шиг уул уурхайн экспортын дүнг нэмэгдүүлж чадахгүй байна.

-АНУ оны өмнөхөн бодлогын хүүгээ ойрын хугацаанд буулгахгүй гэж мэдэгдсэн. АНУ-ын Төв банкны бодлогын хүү бидэнд яаж нөлөөлдөг юм бэ?

-Ам.доллар Монгол Улсад гэлтгүй бусад орнуудын валютын эсрэг чангарчихаад байгаа. Доллар яагаад дэлхий нийтийн эсрэг чангараад байна вэ гэхээр бодлогын хүү өссөнтэй холбоотой. Долларын хадгаламж, хөрөнгө оруулалт хийснээр өндөр өгөөж хүртэх боломж нь бий болчихоод байна гэсэн үг. Тэгэхээр дэлхий нийтээр доллар руу шуурснаас болж эрэлт нэмэгдээд тухайн улсын валют сулардаг. Тэгэхээр ам.долларын хүү өндөр байх тусам төгрөгийн ханш суларна гэж ойлгох хэрэгтэй. Ойрын хугацаанд ам.долларын хүү буухгүй гэж АНУ-ын төв банкнаас мэдэгдсэн болохоор төгрөгийн ханш тогтвортой байхад улам хэцүү болно гэсэн үг. Эсрэгээрээ ам.долларын хүү ковидын өмнөхтэй адил хэт нам түвшинд очих юм бол төгрөгийн ханш тогтвортой байх боломжтой. 2020 оны үед 1.6 жилийн хугацаанд долларын ханш 2850 төгрөг дээр тогтвортой байж чадсан. Үүний гол шалтгаан бол тэр үед ам.долларын бодлогын хүү 0.25 хувь байсан. Харин одоо 4.75 хувь болж өссөн байгаа. Тиймээс доллар руу шуурах хүмүүсийн идэвх хүүгийн хувь хэмжээнээс болоод өндөр байгаа нь ханшид сөргөөр нөлөөлөөд байна.

-Ер нь ханшийн эрсдэлийг хэрхэн бууруулж, төгрөгийн үнэгүйдлээс хамгаалах вэ?

-Ерөөсөө л төгрөгийг хамгаалах нь төв банк гэхээс илүү Засгийн газрын хариуцсан ажил байгаа. Тэгэхээр нөгөө л яриад байгаа экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох хэрэгтэй байна. Дээрээс нь 2012 оноос хойш Засгийн газрын зүгээс бондыг ам.доллараар гаргаад явж байгаа. Үүний хүүгийн болон үндсэн бондын төлбөрт гээд валютын зах зээлд дарамт оруулж ирдэг. Нүүрс, зэсээ зараад валют олж ирчихээд зөрүүлээд хувцас хунар, машин техник гээд бүх хэрэглээгээ гаднаас худалдаж авч байгаа. Нэмээд бондын төлбөр гээд ханшид дахиад дарамт орж ирээд байна. Тэгэхээр бондын өрөө бууруулах хэрэгтэй байна. Эсвэл өндөр өр тавьж олсон мөнгөөрөө ирээдүйд экспортыг нэмэгдүүлэх салбарт хөрөнгө оруулах ёстой. Тэр нь буцаад үр өгөөжөө өгч, өр зээлээ ашигтайгаар дардаг байж болох юм. Гэтэл энэ хоёрын аль аль нь хэрэгжихгүй байна. Хөрөнгө оруулалт нь өгөөж муутай. Дээрээс нь зээлийн дүн, бондын төлөлтийн хүү нь ч буурахгүй, үнэ өсөөд яваад байгаа болохоор төгрөгийн ханш үнэгүйдээд байна л даа.

-Бидэнд уул уурхайгаас гадна доллар олох ямар боломжууд байна вэ?

-Дэлхийн зах зээлд монголчуудын үнэ хүргэж зарж чадах зүйл бол уул уурхайн бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл, монгол хүний бүтээмж, ур чадвар дэлхийд үнэлэгдэж чадахгүй байгаа учраас л тэр шүү дээ. Газрын тос, алт, зэс, нүүрс гээд үнэт метал бол биднийг байсан байгаагүй дэлхийн хаана ч борлогдох үнэ цэнэтэй. Яг монгол хүний ур чадвараар бий болсон бүтээгдэхүүн үйлчилгээ байхгүй учраас тэр нь дэлхийн зах зээлд өрсөлдөж чадахгүй байна. Тиймээс дэлхийд тоож байгаа ганц уул уурхайн салбараа зараад амьдарч байгаа хүмүүс шүү дээ, бид. Нөгөө талаар экспортыг дэмжиж, импортыг бууруулахад монгол хүний боловсрол, ур чадвар, бүтээмжийг дээшлүүлэх ёстой. Ингэж чадвал дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлдэг, бүтээгдэхүүн гаргадаг, эсвэл монгол хүнийг тоож ажиллуулдаг болно. Үүнийг дагаад валютын урсгал ч нэмэгдэнэ.

-Алт, хүдэр, зэс, нүүрс гээд гадагшаа гаргаж байгаа эрдэс баялгийнхаа орлогыг төв банкаар дамжуулдаг болбол долларын нөөц нэмэгдэж, ханш нь буурах юм биш үү. Ер нь Оюу толгой зэрэг стратегийн том ордуудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоо зэрэг төв банкаар дамждаг болбол манай улсын эдийн засаг тэлэх боломжтой гэдэг шүү дээ. Энэ тал дээр ямар шийдэл байж болох вэ?

-Ер нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого арилжааны болон төв банкны алинаар нь ч орж ирэх нь валютын ханшид хамаагүй. Харин орж ирж байгаа валютын дүн л чухал. Манай улсад орж ирэх валютын дүн өндөр байх тусам ханш тогтвортой байна гэсэн үг. Одоо процесс яаж явж байгаа вэ гэхээр Эрдэнэт, Оюу толгой, Эрдэнэс Таван толгой зэрэг компаниуд экспортын орлогоо төв банкинд зардаг. Төв банк эдгээр компаниудаас худалдаж авсан доллараа арилжааны банкуудад хуваарилна. Арилжааны банкууд нь төв банкнаас худалдаж авсан валютаа иргэд, байгууллагуудад зардаг. Иргэд, байгууллагууд нь гадаад төлбөр тооцоогоо хийх маягаар явж байгаа. Тэгэхээр экспортын орлого аль ч банкинд төвлөрөх нь хамаагүй. Манай улсад орж ирж байгаа валютын дүнгийн хэмжээ л чухал болчихоод байгаа юм. Төв банкаар одоо ихэнх экспортын орлогын урсгал орж ирж байгаа. Хэрэв Оюу толгой, Эрдэнэс Таван толгой, Эрдэнэт үйлдвэрүүд шууд арилжааны банкуудад валютаа зардаг байсан бол томоохон банкууд өндөр үнээр ч юм уу, их хэмжээгээр худалдан авах боломжтой. Энэ үед жижиг банкууд валютгүй хоцроод зах зээлд бүр ч илүү хомсдол бий болж, огцом савлагаа үүсдэг. Төв банк бол тухайн арилжааны банкны гадаад гуйвуулгын хэмжээ, харилцагчдынх нь идэвх зэрэг хэмжээнд нь суурилаад хуваарилж байгаа юм. Энэ бол гэнэтийн савлагаа болохоос сэргийлэх нэг арга хэмжээ. Тэрнээс валютын ханшийн суурь зүйлд ямар ч нөлөөгүй болчихоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Сэргэлэн: Манай улс булангийн орнууд руу экспорт хийж эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх боломж байна DNN.mn


Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Катар, Кувейтэд Монголын соёлын өдрүүд арга хэмжээ удахгүй зохиогдох юм байна. Та тус арга хэмжээний ач холбогдол, үр нөлөөний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улс Катар улстай дипломат харилцаа тогтоосны 25 жил, Кувейт улстай дипломат харилцаа тогтоосны 48 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд хоёр улс улс төрийн сайн харилцаатай явж ирсэн. Кувейт улс руу Ирак улс 1990 онд довтлоход дайныг эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэж байсан анхны улс Монгол учраас Кувейтийн ард түмэн, Засгийн газар үүнийг их өндрөөр үнэлдэг. Тийм учраас улс төрийн маш сайн харилцаатай явж ирсэн. Тэгвэл улс төрийн энэхүү сайн харилцааг соёл, эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэх бодлогыг одоо явуулж байна.

Тиймээс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсыг сурталчлах зорилгоор “Wel­come to Mongolia” арга хэмжээг Катар улсад гуравдугаар сарын 4, 5, 6-нд, Кувейт улсад гуравдугаар сарын 8, 9-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тус арга хэмжээний хүрээнд нэгдүгээрт, Монгол-Катар, Монгол-Кувейтийн бизнес эрхлэгчдийн форум болно. Энэ арга хэмжээнд оролцохоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгж, ноос ноолуур, аялал жуулчлал, зочид буудал, хөрөнгө оруулалтын чиглэлийн 40-өөд бизнес төлөөлөгчид Монголоос ирэх төлөвтэй байна. Мөн энэ төрлийн бизнес эрхэлдэг Катар, Кувейтийн компаниуд уг форумд оролцоно. Монголын компаниуд энэ үеэр экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргана. Хоёр талуудын бизнес эрхлэгчид уулзаж санал бодлоо солилцох, харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж цаашид хамтарч ажиллах анхны нөхцөл бололцоог нээж өгч байгаа гэдгээрээ уг форум онцлогтой. Түүнчлэн Монголын Үндэсний урлагийн их театрын хамт олон ирж Монголынхоо үндэсний өв соёлыг сурталчлах урлагийн тоглолтыг Кувейт, Катарын театруудад зохион байгуулна.

Мөн манай улсаас уран зураачид ирж Монгол орныхоо өв соёл, аж амьдрал, түүх соёл, ёс заншлыг харуулсан уран зургийн үзэсгэлэнгээ тухайн улсын ард түмэнд дэлгэж танилцуулна. Загвар өмсөгчид үндэсний хувцас, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудынхаа үйл ажиллагааг сурталчлах зэргээр иж бүрэн арга хэмжээ болно. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулж эх орноо сурталчлах зорилгоор Катар, Кувейт улсад энэхүү арга хэмжээг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа юм.

-Та Элчин сайдаар томилогдох үеэрээ булангийн орнуудтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах чиглэлд анхаарч ажиллана гэж байсан тань тод сонсогдож байсан. Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Би Кувейт улсад Элчин сайдаар томилогдож ирээд найман сар болж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс биечлэн үүрэг болгосны дагуу экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах чиглэлээр манай Элчин сайдын яамны хамт олон идэвхтэй ажиллаж байна. Кувейт, Катарын болон булангийн орнуудын зах зээл нь мах махан бүтээгдэхүүний экспортын хувьд бид зорилтот зах зээл гэж тодорхойлдог. Тиймээс Монголоос мах авах хүсэлтэй Катар, Кувейтийн 20 гаруй компанитай уулзалт хийсэн. Тэдгээр компаниуд бүгд Монголоос мах худалдаж авах хүсэлтээ Элчин сайдын яаманд албан ёсоор ирүүлсэн. Монгол Улсыг сурталчлах өдрүүдийн хүрээнд эдгээр компаниуд манай компаниудтай уулзаж мах импортоор авах талаар яриа хэлэлцээр хийнэ. Ингээд булангийн зургаан оронд бүх чиглэлд мах экспортлох нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Булангийн орнууд хонины махыг голлон хэрэглэдэг. Мах импортлох хүсэлтэй дээрх компаниуд толгой, шийр, гэдэс дотрыг мөн худалдан авах хүсэлтээ ирүүлсэн. Энд хангалттай зах зээл байгаа учраас манай улс дотооддоо зохион байгуулалтаа сайн хийж, нөхцөл шаардлагыг бүрэн хангаад махаа экспортлох ажил л үлдэж байна. Хэрвээ бид махны экспортоо амжилттай эхлүүлчихвэл уул уурхайгаас харьяат эдийн засагтай болчихоод байгаа манай улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх боломж гарч ирнэ гэж харж байна.

Түүнчлэн хоёр орны хооронд шууд нислэгтэй болсноор мах, махан бүтээгдэхүүний экспортыг онгоцоор тээвэрлэх боломж нь нээгдэнэ. Бид халал сертификатыг Монгол Улс өөрөө олгодог болох асуудлаар булангийн орнуудын зөвлөлийн магадлан итгэмжлэлийн төвтэй нягт хамтран ажиллаж байна. Өнөөдөр (2023.02.27) мэргэжлийн байгууллагуудтай онлайн уулзалтууд хийлээ. Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн байгууллагаас Монгол Улсад мэргэжилтнүүд очиж магадлан итгэмжлэх ажил ойрын өдрүүдэд хийгдэнэ.

-Катар, Кувейт руу мах экспортлохын тулд бид нэн тэргүүнд юунд анхаарах хэрэгтэй байна вэ?

-Булангийн орнуудын тавьж байгаа гол шаардлага нь халал стандарт. Манай улс халал стандартыг ерөнхийдөө хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тиймээс уг стандартын дагуу махаа бэлтгэн нийлүүлэх бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар бид Казахстан, Туркменистан, Иран зэрэг орон руу ийм стандартаар мах экспортолж байгаа учраас бидэнд туршлага бололцоо, махны үйлдвэрүүдийн техник боловсон хүчин хангалттай бий.

Катар, Кувейт руу мах экспортлох чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газартай сүүлийн зургаан сар өдөр тутам хамтран ажиллаж байна. Тиймээс танай сониноор дамжуулж Элчин сайдын яамны зүгээс энэхүү байгууллагууддаа талархал илэрхийлж байна.

-Цаашид өөр ямар ажлууд эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?

-“Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулж Катар, Кувейтийн ард түмэн, төрийн байгууллагуудад эх орноо сурталчилснаар бидний зорьж байгаа аялал жуулчлалын салбарын хөгжил, хөдөө аж ахуйн салбарын экспортын асуудал, боловсрол соёл шинжлэх ухаан эрүүл мэндийн салбарт бидний хамтын ажиллагаа ихээхэн өргөжин тэлнэ гэж итгэж байна. Эдгээр орнууд Монгол Улсад их элэгтэй байдаг. Кувейт улс манай улсад Түлэнхийн төв, “Өндөрхаан” нисэх буудлыг барьж өгч байгаа. Мөн Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км автозам, Тайширын усан цахилгаан станцыг барьж өгсөн зэргээр хамтын ажиллагааны арвин баялаг түүх бий. Эдгээр түүхийг илүү баяжуулж экспортын нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдээр төрөлжүүлж, бусад төрлийн хөрөнгө оруулалтыг татах бололцоо их байна.

Кувейтийн хөгжлийн сан гэж бий. Катарын сан гэж бий. Эдгээр сангууд Монгол Улсад хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ Элчин сайдад нотолсон. ТЭЗҮ нь бэлэн томоохон төслүүд байвал санхүүжилтийгнь өгье гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Мөн Катар, Кувейтийн бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийе, мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үүн дотор ингэний хоормог, гүүний саамыг боловсруулах чиглэлд хамтарч ажиллая гэж байгаа. Сүү, сүүний чиглэлээс гадна ноос ноолуур, аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр хамтарч ажиллая гэж байгаа. Бизнес форум, уулзалт нь манай хоёр орны бизнес эрхлэгчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх байх гэж бодож байна.

-Монгол-Кувейтийн хооронд шууд нислэгтэй болох тухай мэдээлж байсан. Энэ хэзээнээс эхлэх вэ?

-2023 оны гуравдугаар сарын 5-9-ны хооронд Монгол Улсыг сурталчилах “Welcome to Мongolia” арга хэмжээний үеэр хоёр улсын Зам, тээврийн сайд нартай Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газар хоорондын агаарын хэлэлцээр хийж, гарын үсэг зурж гэрээ байгуулна. Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсаас Катар, Кувейт улс руу нислэгтэй болно. Экспортын бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг Монгол руу авч ирэх зэргээр том боломж нээгдэж байгаа учраас энэхүү агаарын хэлэлцээрийн ач холбогдол нь өндөр юм.

-Гэрээг байгуулснаар хэзээнээс яг шууд нислэг хийгдэж эхлэх төлөвтэй байгаа бол?

-Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсанаар тухайн улс орнуудын иргэний нисэхийн байгууллагууд, холбогдох мэргэжлийн гэрээ хэлэлцээр, техникийн шаардлагуудаа тохирч зорчигчийн болон ачаа тээврийн шууд нислэг хийх боломж нээгдэнэ. Бид анхны нислэгийг энэ ондоо багтаж хийгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Хоёр улсын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бид юунд анхаарах хэрэгтэй гэж та харж байна. Энэ чиглэлд одоо яг ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Булангийн орнуудаас жуулчдыг эх орондоо татахаар ажиллаж байна. Манай улсын БОАЖЯ Катар, Кувейттэй аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахаар бэлтгэж байна. Маш ойрын хугацаанд гэрээнд гарын үсэг зурна. Ингээд аялал жуулчлалын компаниуд хоорондоо харилцаа холбоо тогтоож жуулчдаа татаж ирүүлэх, бүх зүйлдээ хамтарч зохион байгуулах ажил нээгдэнэ. Бид бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй чанартайгаар энэ зах зээлд нийлүүлбэл манай улсад үлдэх өгөөж нь илүү өндөр байна гэдэг утгаараааялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын зорилтот зах зээл булангийн орнууд гэж бодлогодоо тодорхойлж оруулаад үүнийхээ төлөө ажиллаж байна.

-Та Монгол Улсын иргэний хувьд дэлхийн хамгийн баян хоёр орны хөгжил дэвшлийг анхаарч судалж, өөрийн нүдээр харж мэдэрч байгаа байх. Монгол Улс маань яаж энэ зэрэгт хүрэх вэ гэж боддог л байх..

-Кувейт байгалийн баялаг, газрын хийн арвин нөөцтэй. Энэ хэмжээгээрээ өндөр орлоготой, ард түмэн нь ч элбэг дэлбэг сайхан амьдардаг юм байна.

Нийт хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортоор авдаг. Тиймээс энэ улсад өөрийн үйлдвэрлэж чадах хамгийн сайн бүтээгдэхүүнээ экспортлох нь чухал гэж харж байна. Тиймээс ярианы эхэнд хэлсэнчлэн мах, сүү, гурилан зэрэг хүнсний бүтээгдэхүүн, мөн ноос ноолуур, хивс зэргийг экспортлох бүрэн боломж байна. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт бидний хамтын ажиллагаанд маш том боломж байна. Үүнээс гадна энэхүү улсаас хямд үнэтэй бензин импортолж авах боломж байна. Энд литр бензин Монгол төгрөгөөр 980 орчим төгрөгийн үнэтэй байна. Ийм хямд үнэтэй бензинийг эх орондоо нийлүүлэхсэн гэсэн бодол төрдөг. Тийм ч учраас холбогдох иргэд, байгууллагуудтай энэ чиглэлээр ажлууд яриа хэлэлцээрийн түвшинд байна.

Манай улс уул уурхайн баялагтайгаас гадна хөдөө аж ахуйн орон шүү дээ. Тиймээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс их хэмжээний орлого олдог баймаар байна. Боломж нь ч энд их байна гэдгийг ярианы эхэнд дурдлаа шүү дээ. Түүнчлэн эх орныхоо онгон дагшин үзэсгэлэнт байгалиа сурталчилж тодорхой хэмжээний орлого олох боломж байна. Тиймээс аль аль талдаа идэвхтэй үр дүнтэй хамтарч ажиллаж чадвал бид энэ өндөр хөгжилтэй улс оронд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж аж амьдралаа дээшлүүлж чадна. Энэ утгаараа манай яамны хамт олны хувьд хоёр орны хамтын ажиллагааг бүхий л чиглэлд сайжруулах, идэвхтэй ажиллахыг эрмэлзэж байна. Эдийн засгийн үр ашгийг ярихаас гадна хоёр орны ард түмний хамтын ажиллагааг соёл боловсрол, мэдээлэл технологи, шинжлэх ухааны салбарт илүү их нягт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага байна. Иймээс гуравдугаар сард болох соёлын арга хэмжээнд онцгойлон анхаарал хандуулж байна.

Нэмж хэлэхэд Катар улс руу манайх бүх төрлийн паспортаар визгүй зорчихоор болсон. Хоёр орны Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурснаар манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломж нээгдэнэ. Энэ ажил маш ойрын хугацаанд хийгдэнэ гэж харж байна.

-Нэг орноос шатахууны хамааралтай болчихоод байгаа энэ үед та өөр улсаас эх үүсвэр оруулж ирэхээр эрмэлзэж байгаа талаараа дурдлаа. Хямд үнэтэй шатахуун Кувейтээс авахын тулд бид нэн түрүүнд ямар ажлыг зохион байгуулах шаардлага байна вэ?

-Бид нэлээн алс зайд оршдог. Гэхдээ Хятадаар дамжуулж далайн тээврээр шатахуун худалдаж авах боломж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 онд хамтран ажиллах санамж байгуулаад гарын үсэг зурсан юм билээ. Үүнийг үргэлжлүүлж манай улсын Засгийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд, харъяалсан бодлогын яамнаас тодорхой хэмжээний санал ирүүлж хариуцсан байгууллагатай уулзалт, яриа хэлэлцээр хийвэл энэ ажил үр дүнд хүрэх болов уу гэж харж байна. Манай улсын шатахуун нийлүүлдэг хувийн компаниуд хамтарч ажиллах саналаа ирүүлж байна.

Бизнес форумын үеэр зарим нэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирнэ. Тэр үеэр мэргэжлийн байгууллагуудтай уулзаж ярилцах болов уу.

-Ярилцлагын төгсгөлд сонирхож асуухад Катар, Кувейтэд монголчууд хэр их байдаг вэ?

-Монголчууд цөөхөн байдаг. Кувейтэд манай элчин сайдын яамны ажилтнууд аж төрж байна. Катарт цөөн тооны иргэд байдаг. Цар тахлаас шалтгаалж ихэнх нь нутаг буцсан. Катар, Кувейт улс уур амьсгалын хувьд маш их халдаг учраас энд монгол хүн ирж амьдрахад тодорхой хэмжээний бэрхшээл учирдаг болов уу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Монголчуудын өв уламжлал болсон сар шинийн дараахан хоёулаа ярилцаж байна. Тиймээс та ерөөлийн сайхан үгээр ярилцлагаа жаргааж өгнө үү?

-Монгол Улс болон Катар, Кувейтийн хоорондын хамтын ажиллагаа цаашид улам эрчимжиж үр дүнтэй болно гэж итгэж байна. Эх орондоо бодит үр дүн авч ирэхийн төлөө манай Элчин сайдын яам мөн хичээж ажиллах болно гэдгийг Өдрийн сониноор дамжуулж Монгол түмэндээ хэлье. Ирж байгаа туулай жилдээ юу санасан есөн цагаан хүсэл нь бүтэж, аз жаргалтай сайхан амьдрахын ерөөлийг Монголынхоо ард түмэндээ дэвшүүлье.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 2, Бархасбадь гариг.
Билгийн тооллын давхарласан
10, өглөгт охин одтой, шарагчин
хонь өдөр. Өдрийн наран 7:32
цагт мандан, 18:37 цагт жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь,
нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг
түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс
эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх,
доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг
даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх,
мал худалдан авах, мал түгээх, сахил санваар
авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн
дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх,
уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой,
бич, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эрч, хүч ихсэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Шуналын уулзвар: Үнийн хорооноос “Шөхтөг” хүртэлх шастир” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүр Хуульч, өмгөөлөгч С.Тэгшжаргал “Төрийн
албан хаагч зохион
байгуулалттай гэмт
бүлэг байгуулсан
тохиолдолд
хүндрүүлж зүйлчилнэ”
гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

АН-ын дарга Лу.Гантөмөр “Чадамжгүй
болсон УИХ-ыг
сонгуульд
зориулсан төсөв
батлахаас нь
өмнө тараах
шаардлагатай” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Шуналын уулзвар: Үнийн хорооноос “Шөхтөг” хүртэлх шастир” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Халимаг эр Б.Баатарыг Монгол Улс хилээрээ
оруулалгүй гуравдагч орон руу гаргалаа

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдор жийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Хувь хүн сугалаа явуулсан
тохиолдолд ямар нэгэн
байдлаар хариуцлага
хүлээлгэх, татвар ногдуулах
боломжгүй гэв.



Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Монгол залуус Чингис хааны тухай “Netflix”-т гаргах кино бүтээнэ DNN.mn

Монгол уран бүтээлчид Чингис хааны тухай олон улсын стандартад нийцсэн олон ангит кино бүтээх төсөлд нэгджээ.

Тэд төслийн зорилгоо “Дэлхий дахинд Чингис хааны энх тайвнаар зэрэгцэн орших үзэл санааг түгээн, монгол үндэсний брендинг хийх” хэмээн тодорхойлсон байна. Кино уран бүтээлчид нэгдсэн шалтгаанаа, “Монгол үндэстний сэтгэлгээний онцлог, гүн ухааны асуудал, эзэнт гүрэн бий болсон нууцыг монгол зохиолчийн драматургийн шийдлээр зангидаж, монголоос анх удаа “Netflix” платформд гаргах түвшний бүтээл туурвих цаг нь болсон” хэмээн тайлбарлаж байна.

Энэхүү киног зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” романаар бүтээх аж. Төслийн Ерөнхий найруулагчаар УДЭТ болон “Орфей” театр, фильмийн найруулагч М.Батболд, ерөнхий продюсерээр зохиолч С.Жаргалсайханы хүү “Сорогдогийн Жаргалсайхан” сангийн тэргүүн Ж.Билгүүн, “Орфей” театр, фильмийн захирал Т.Ариунчимэг нар, кино зохиолчоор утга зохиол судлаач Я.Баяраа ажиллах юм.

Кино зохиолыг бүтээх үйл явцад зохиолчдын багаас гадна түүхч, судлаачдын баг оролцож буй аж.

“Чингис хааны нууц түүх” төсөл нь үндэсний брендинг, Чингис хааны үзэл санаа, үйл хэргийг дэлхий дахинд эерэгээр түгээн дэлгэрүүлэх сонирхол, амбицтай хэн бүхэнд нээлттэй төсөл аж.

Categories
мэдээ нийгэм

ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо DNN.mn

ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо. ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа өмнөх шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй байгааг анхааруулж, биелэлтийг ханган удаашралтай байгаа ажлуудыг ойрын хугацаанд дуусгах чиглэл өглөө.

Мөн даваа гарагт болсон Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаар хэлэлцсэн зарим мэдээллийг хүргэлээ. Тухайлбал:

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс дээгүүр нийт 598 агаарын хөлөг нисэн өнгөрсөн нь өмнөх долоо хоногоос 7 хувиар өссөн байна.
Энэ сард Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Тус хэлэлцээрийн үр дүнд хоёр улс хооронд шууд нислэгийн суудлын багтаамж жилд 1,5 сая болж нэмэгдсэн.

Гуравдугаар сарын 7-нд Кувейт, 9-нд Катар Улстай, мөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Казакстан Улстай Нисэхийн эрэн хайх авран туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, тавдугаар сард Унгар, Грек Улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна.

Гуравдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрөөс орон нутгийн нислэгт татаас олгох асуудлыг, Катар, Кувейт Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл, гуравдугаар сарын 15-ны хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсныг танилцуулав.

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хуралдаанд оролцсон алба нэгжүүдийн удирдлагуудын санал хүсэлтийг сонсож, ажлын явцыг хэлэлцээд хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Тухайлбал:

-Дотоод IMCAA систем ашиглалттай холбоотой ажилтнуудаас авсан санал асуулгын дүнг нэгтгэж, гуравдугаар сарын 3-ны өдрийн дотор танилцуулах;
-Ажилтнуудын ажлын байрны зураг авалтыг дуусгаж, гуравдугаар сарын 10-ны дотор танилцуулах;
-Салбар нэгжүүд 2022 оны шийдвэрлэгдээгүй албан бичгүүдээ шийдвэрлэж, хаах, архивын нэгж бүрдүүлж шилжүүлэх;
-Ажилтнуудын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээг харгалзан цалингийн шатлал нэмэх асуудлыг дуусгаж, танилцуулах;
-Цалингийн нэмэгдлийг энэ 7 хоногт багтаан олгох зохион байгуулалтын арга хэмжээ авах;
-Албан бичгийн шийдвэрлэлтийн хугацаа хэтрүүлэхгүй байхад бүх алба нэгжийн удирдлагууд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: ИНЕГ