Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

16 дахь удаагийн улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно DNN.mn

Жем интернэшнл ХХК-ийн нэрэмжит “Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” бөхийн барилдаан 2-р сарын 5-нд 12 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой бөгөөд Харцага цолтнууддаа хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.

Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” бөхийн барилдаанд хамгийн анх 2006 онд улсын харцага Г.Элбэг түрүүлж байв. Харин 2020 онд өнөөгийн залуу аварга О.Хангай улсын харцага цолтой байхдаа түрүүлж байсан түүхтэй билээ.

Categories
мэдээ цаг-үе

НОСК: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг гаргалаа DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, Нийслэлийн Орон сууцны корпораци компанийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

Энэ хүрээнд нийслэлээс орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон сууцны түрээсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар танилцууллаа. Ингэснээр иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэнэ гэдгийг тус корпораци танилцууллаа.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн 3 жилд 3000 орчмоор нэмэгдсэн байна. Гэвч татвар ноогдуулснаар иргэдийн эргэн төлөлтийн дүн зээлийн эргэн төлөлтөд хүрэхгүй байх, дутах эрсдэл үүсэж байгаа аж.

Хурлын үеэр НӨАТ-ын тухай хуулийн 13.1 дэх заалтаар НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой бөгөөд санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа нэмж эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэдгийг холбогдох мэргэжилтэн онцолсон юм. Энэ нь иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангахаас гадна байгууллагын ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх эерэг талтай гэв. Түүнчлэн уг байгууллага нь татварын ачааллыг бууруулах зорилгоор компанийн өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээг нэмэгдүүлэх, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналтай байгаа юм. Уг асуудлыг дэмжиж, намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр боллоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Увс аймгийн Тэс суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Өнөө өглөө 07:05 цагт Увс аймгийн Тэс сумын орчимд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт нь сумын төвөөс зүүн хойд зүгт 15 километрийн зайд байсан тухай Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Даваасүрэн: Монголын эдийн засагт дархлаа хэрэгтэй байна DNN.mn

Эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг хүнд байна гэж нэлээд удаан хугацаанд ярьж ирлээ. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлөөд байна вэ?

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байна. Нэгд, инфляцийн түвшин өндөр байна. Сүүлийн 15 сарын туршид инфляци 10 хувиас доош буусангүй. Үүнтэй хавсарсан нэг зүйл бол валютын ханш. Өнгөрсөн оны хоёр сард нэг ам.долларын албан ханш 2850 төгрөг байсан. Өнөөдөр 3490-д хүрчихээд байна. Жил орчмын хугацаад монгол төгрөг гадаад валютын эсрэг 20 гаруй хувиар суларлаа.Ханшийн сулрал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа.

Дараагийн шинж тэмдэг бол гадаад өрийн асуудал. Монгол Улсад санхүүгийн зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй учраас гаднаас зээл авдаг. Нийт зээлийн 95 хувь нь гадаад валютаар авсан зээл. Тэгэхээр ханш, үнийн өсөлт, гадаад өр төлбөртэй холбоотой том хүндрэл эдийн засагт бий болчихоод байна.

-Ковидын жилүүд эдийн засагт нэлээд хүнд туссан. Одоо л сайжрах ёстой гэсэн хүлээлт нийтээрээ байгаа. Сайн мэдээ бий юү?

-Эдийн засгийн энэ хүндрэл цаг зуурынх уу, эсвэл ужгирсан уу, ковидын өмнөх үетэй харьцуулахад эдийн засаг муудсан уу, сайжрах төлөв байна уу, үгүй юү, онилсон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй, эдийн засгаа хурдан сэргээе гэх мэтээр ярьж байна. Гол нь үүний цаад учир шалтгааныг олж тогтоон, өнөөдрийн нөхцөл байдал яагаад үүссэн хүчин зүйлийг шинжилж, оношоо зөв гаргаж, эдийн засагт эмчилгээ хийх нь маш чухал. Манай улсын ДНБ-ий хэлбэлзлийн 60 гаруй хувь нь дэлхийн зах зээл дээр гарч байгаа өөрчлөлтөөр тодорхойлогдож байна. Тэгэхээр дэлхийн зах зээл, өмнөд хойд хөршийн нөлөөлөл, эдийн засгийн үйл явц манай эдийн засагт ямар хүчтэй нөлөөлж байна вэ гэдэг нь шууд харагдаж байгаа байх. Бид ДНБ-ий хэлбэлзлийн ердөө 40 орчим хувийг л чиглүүлэх боломжтой байна. Үлдсэн 60 гаруй хувь нь биднээс хамаарахгүйгээр гадна талд шийдэгдэж байна гэсэн үг. Энэ бол Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг вэ гэдгийг харуулж байгаа үзүүлэлт юм.

Дэлхийн зах зээл ковидтой холбоотойгоор сүүлийн жилүүдэд маш тодорхой бус байдалтай болсон. Ер нь тодорхой байдаггүй л дээ. Гэхдээ тодорхой бус байдал улам бүр нэмэгдэж байна.

-Төв банк бол инфляцийн түвшинг нэлээд өөдрөгөөр төсөөлж байгаа. бодит байдал бол таны хэлснээр хоёр оронтой тооноос буух шинжгүй болчихлоо. Бодлого нь буруу байна уу, бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна уу?

-Манайх инфляцийн түвшинг хэрэглээний үнийн индексээр тооцдог. Гэтэл хэрэглээний үнийн индексийн хэлбэлзлийн 50 орчим хувь нь импортын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой байна. 2024 оны эхний хагасыг дуустал дэлхий дахинаа инфляцийн түвшин буурахгүй байх төлөвтэй байна. Дэлхийн зах зээл дээр инфляцийн түвшин буурахгүй байна гэдэг түүнийг бас дахиад л тэр чигээр нь манайх импортолж авна гэсэн үг.

Манайд эерэг талын прогнозууд бий. Энэ оны дунд хүрэхэд инфляцийн түвшинг нэг оронтой тоонд оруулна гэсэн хүлээлт бий. Гэхдээ бодит байдал амаргүй байгааг хэлэх хэрэгтэй. Нэгд, 10 гаруй хувийн инфляцитай байна гэдэг сар тутам хүмүүсийн орлогоос 10 гаруй хувийн татвар авч байгаатай адилхан. Дээр нь 10 хувийн инфляцийн нөлөө тогтмол орлоготой хүмүүсийн орлогыг 42 хувь хүртэл бууруулсан судалгаа байна. Хүмүүс бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гаарч байна гэж ярьж байгаа нь орлогод нь тийм хэмжээний хүнд цохилт өгч байна гэсэн үг. Дээр нь инфляцийн хоёр дахь нөлөө гэж бий. Инфляцийн түвшин бага зэрэг буурсан ч ужиг нь үлдэж, нөлөөлөл нь удаан хугацаанд хадгалагдах шинж чанартай. АНУ-д 1980-аад оны үед хийсэн судалгаа байдаг. Инфляци 5 хувиар өсөхөд ажилгүйдлийн түвшин 3 хувиар нэмэгдсэнтэй адил сэтгэл ханамжгүй байдал бий болсон. Өндөр инфляцитай байгаа тохиолдолд иргэд ажил хийх үү үгүй юү гэдэг сонголт хийхэд хүрдэг. Нэг ёсондоо энэ бол зөвхөн барааны үнэ өсөөд байна гэдэг ойлголт биш юм, өргөн цар хүрээтэй асуудал.

Валютын ханшийн тухайд ханш чангарахын хэрээр бий болж байгаа нэг том нөлөө бол хүмүүсийн монгол төгрөгт итгэх итгэл суларч байна. Долларжих хандлага өсөж байна. Долларжилт нэмэгдэхийн хэрээр Монголбанк Мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх, бодлогын зорилтот түвшнээ хангаж ажиллах орон зай хумигдана. Энэ бол аюултай зүйл.

-Эдийн засаг яагаад ийм хүнд байдалд хүрчихэв. Хүндрэлээс гарах арга замыг судлаач мэргэжлийн хүний хувьд харж байгаа болов уу?

-Монгол Улс тэнцвэргүй, тогтворгүй, тодорхой бус эдийн засгийн төлөв рүү улам бүр яваад байна. Асуудлын зөвхөн нэг тал, ил хэсгийг хараад асуудлыг шийдчихэж чадахгүйд хүрсэн. Эдийн засагч хүний хувьд дархлааны тухай асуудлыг хөндмөөр байна. Дархлаа гэдэг бол эдийн засаг өөрөө өөрөөрөө илаарших явц юм. Хүн өөрийнхөө дархлааг хүчээр, янз бүрийн тариа хийгээд сэргээдэггүйтэй адил эдийн засагт ч гэсэн таарсан, таараагүй бодлого зарлаж хэрэгжүүлээд хүндрэлээс гарчихгүй. Тэгэхээр манай эдийн засагт тулгараад байгаа асуудал нь дархлаатай байх, дархлааг нь дэмжих явдал болоод байна. Эдийн засаг дархлаатай байх, гадна дотны нөлөөнд бага автдаг байх, эдийн засагт чиглэсэн шийдвэрүүд нь оновчтой байх, нэгэнт гаргасан шийдвэрээ сайн хэрэгжүүлдэг байх, дээр нь бүх түвшиндээ шийдвэрийг хэрэгжүүлэх чин хүсэлтэй, чадамжтай, чадвартай боловсон хүчинтэй байх гээд олон зүйлээс хамаарна.

Дархлааг сэргээхийн тулд янз бүрийн таарсан, таараагүй эм тариа хийгээд байвал сэргээх биш муутгах аюултай.Сүүлд нь ямар ч эм тариа хийгээд хүлээж авахаа болино. Эдийн засаг яг л үүнтэй адил …

Өнөөдөр үүссэн нөхцөл байдал нь эдийн засаг төрөлжөөгүй, уул уурхай эрдэс баялгийн экспортын орлогоос шууд хамааралтай, эмзэг бүтэцтэйн дээр хүний хөгжилдөө хөрөнгө оруулалт хийгээгүй нь хамгийн сул тал болоод байна. Дэлхийн банкны 2020 оны тайланд Монгол Улс нь хүний хөгжил болон институцидээ уул уурхайтай эн тэнцүү ач холбогдол өгөхгүй бол байгалийн баялгийн хараалтай нүүр тулах эрсдэлтэйг онцолсон.

-Хүний тухай асуудлыг эдийн засгийн салбарт онцолж ярих нь бага. Сонин содон шийдэл сонсогдож байна шүү…?

-Монголчууд бид цөөхүүлээ, тиймээс монгол хүн ховор, үнэтэй капитал юм. Энэ цөөн, ховор капиталын үнэ цэнийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой. Хүний капиталыг хөгжүүлэхийн тулд хоёрхон замаар хөрөнгө оруулалт хийдэг. Тэр бол эрүүл мэнд, боловсрол. Гэтэл уул уурхай эрчимтэй хөгжсөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн их орхигдсон зүйл нь монгол хүн. Уул уурхайн салбараас орж ирж байгаа нэмүү өртгийн талаар шинжилгээ хийхэд 1 ам.доллар тутмаас 99 центийг зөвхөн хэрэглээнд зарцуулсан, нэг цент хүрэхгүйг нь хуримтлуулсан байгаа юм. Зүгээр л өнөөдрөө аргацаасан эдийн засагтай явж ирсэн гэсэн үг. Энэ бол хамгийн том алдаа. Цөөн хүн амтай учраас нэг хүний үнэ цэнэ маш өндөр байхад түүндээ маш бага хөрөнгө оруулалт хийж ирсэн. Энэ бол бидэнд дэлдэж байгаа маш том дохио. Хайхрахгүй байж хэрхэвч болохгүй.

Өнөөдрийн эдийн засагт шийдвэрийг төр гаргасан, төрийн оролцоо маш өндөр байна. Эдийн засагт эргэлдэж байгаа 10 төгрөг тутмын 6 нь төрийн мөнгө байна. Угтаа хувийн сектор, төрийн бусад инститициуд бие даасан хараат бус байдлаар ажиллах, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг, чадвартай чадамжтай, өрсөлдөөнтэй ажиллах ажиллах орон зай, механизм үгүйлэгдэж байна. Эдийн засагт төрийн оролцоо маш их байна, энэ хэрээр төр данхайж байна. Энэ нь эдийн засгийн дархлаа муудаж, өвчин газар авахад нөлөөлж байна.

-Ийм муу жишгээр уруудаж байгаа улс орнуудыг бид мэднэ л дээ. Монголтой ч зүйрлэх нь бий. Гэхдээ бас ч гэж тэдний араас орчихоогүй байх гэсэн найдвар бий шүү…?

-Дорнбуш нарын макро эдийн засагчид 1990-ээд онд Латин Америкийн орнуудын популизмын үе шатыг шинжилж судалсан байдаг. Тэдний судалгаагаар нийгэмд тэгш бус байдал өндөр болоод ирэхээр нийгмийн бухимдал нэмэгддэг. Нийгмийн бухимдлыг багасгахын тулд төсвөө нэмье, халамжаараа намжаая гээд мөнгө тараадаг. Богино хугацаанд харахаар өсөлт гараад байгаа юм шиг, түүнийг харсан хүмүүс “Энэ Засгийн газар сайн ажиллаж байна” гэдэг. Өнгөрсөн хугацаанд манай улсын төсөв тэлээд л байсан. 2017 онд 7 их наяд төгрөг байсан бол зургаан жил хүрэхгүй хугацаанд гурав дахин өсчихлөө. Гэтэл манай эдийн засагт чадамж, бүтээмж, потенциал нь өссөн үү гэвэл үгүй. Ерөөсөө түр зуурын эмчилгээ,олон нийтээс дэмжлэг хүлээхийн тулд төсвөө тэлсээр ирсэн. Төсөв тэлэхийн хэрээр нийт нийлүүлэлт нэмэгдсэн. Энэ нь инфляцийн түвшин өсөхөд нөлөөлсөн. Хэрэглэгчийн итгэлийн судалгааны дүнгээс харахад инфляци өснө гэсэн хүлээлт иргэдийн дунд өндөр байна. Бид Латин Америкийн орнууд шиг амаргүй чөтгөрийн тойрогт эргэлдэж эхэллээ, тийм шинж тэмдэг ажиглагдах боллоо. Энэ тойрогт орсон улс орон 30-40 жил болдог гэсэн тооцоо байна.

-Гарцыг та тодорхой нэрлээч?

-Иргэдийн хүлээлтийг эерэг болгох хэрэгтэй. Ингэхдээ өмнөх зүйлээ хийж дуусаагүй мөртлөө шинэ шинэ юм барьж аваад байвал иргэдийн хүлээлт эсрэгээрээ улам сөрөг болно. Дээр нь бодит байдлыг гаргахдаа хэтэрхий их өнгө будаг холимооргүй байгаа юм. Бүр их дордчихсон юм шиг, эсвэл бүр гоё байгаа юм шиг харагдуулахыг хичээх шаардлагагүй. Бидний өнөөдөр амьдарч байгаа чинь агуулга. Агуулга дээрээ тогтохоос биш хэтэрхий хэлбэр дагамааргүй байна. Хэлбэрдсээр байгаад агуулга нь гүйцэхээ болилоо.

Тиймээс ялангуяа төрийн албанд мэдэхгүй зүйлээ хийх гэж оролдох хэрэггүй. Хамгийн сайн мэддэг зүйлээ хиймээр байна. Юм хийсэн юм шиг харагдах гэж хичээхээ болих хэрэгтэй.Эсрэгээрээ хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хамгийн сайнаар хийх тэр боломж, сонголтыг хүмүүст өгөхийн төлөө байх хэрэгтэй. Сингапурын ерөнхий Сайд асан Ли Куан Югийн үгийг би эшлэх дуртай. Нэгэн цагт маш ядуу байсан эдийн засаг өнөөдөр дэлхийн хамгийн баян үндэстэн болсон улс. Тэрээр үндэстнийхээ хөгжлийн нууцын ярихдаа хүндээ хөрөнгө оруулалт хийж, төрийн албанд хамгийн чадварлаг хүмүүсээ ажиллуулсан гэж хэлсэн байдаг. Юу хийхээ яг таг мэддэг, түүнийгээ хамгийн сайнаар хийдэг байж бид урагшаа хөгжинө.

-Та өмнө нь Санхүүгийн зохицуулах хороог удирдаж байсан. Таны үед банк бус санхүүгийн байгууллагын бодлого нэлээд чангарч, сайжирсныг мэднэ. Энэ салбар манайд илүү сайн хөгжих ёстой, засаглал сайтай байх ёстой. Тухайлбал, үйл ажиллагааны мэдээлэл нь ил тод, олон нийтэд нээлттэй байхаас эхлээд засаглал сайжирна гэж ойлгож байгаа?

-Тийм ээ. Ил тод, нээлттэй байдал компанийн засаглалд маш чухал. ББСБ жилд нэг удаа аудитлагдсан тайлангаа төвийн хэвлэлүүд дээр нийтэлж, олон нийтэд мэдээлж байх үүргийг хуулиар хүлээдэг. Энэ нь аудит хийсэн байгууллагын өөрийнх нь ч нэр хүндийн асуудал. ББСБ-ын үйл ажиллагаа хэвийн хэрэгжиж чадаж байна уу гэдгийг баталгаажуулах хэлбэр. Цаашлаад ББСБ-ын өөрийнх нь чадавх нь ямар байгааг олон нийтэд нээлттэй мэдээлэх нь тэдний засаглал, ил тод байдал, өрсөлдөх чадварт эерэг нөлөөтэй. Энэ утгаараа жилд нэг удаа аудитлагдсан тайлангаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэх үүрэг хүлээсэн байдаг. Энэ мэдээллийг гаргахдаа олон нийтэд хамгийн ойлгомжтой, санхүүгийн наад захын мэдлэгтэй хүн ойлгохоор харагдахуйц стандартаар нийтлэх жишиг олон улсад байдаг.

-Ярилцлагын төгсгөлд саяхан хүртсэн шагналын талаар тодруулъя. Олон улсын даатгалын зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үнэлсэн байсан. Сонирхолтой санагдсан л даа…?

-2018-2020 оны хооронд Азийн хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэх зохицуулалттай байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар хоёр удаа сонгогдож ажилласан юм. Тус байгууллагаас сүүлийн 10 жилийн хугацаанд Азийн зарим улсуудад хэрэгжүүлсэн даатгалын бодлого, хөтөлбөр амжилттай болсныг онцлоод өнгөрсөн 10 сард Филиппинд болсон арга хэмжээний үеэр хүндэт өргөмжлөлөөр шагнасан. Германы хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг нь Азийн хөгжлийн банктай хамтраад Азид ядуу буурай иргэдийг даатгалд хамруулах, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгалын шинэ төрлийн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Ази тивд 200 сая бага орлоготой, ядуу иргэдэд даатгалын үйлчилгээ үзүүлэхэд хувь нэмэр оруулсан. Одоо ингээд харахад дөрөв, таван жилийн өмнө хийсэн ажил маань байсан. Хамгийн олзуурхууштай нь аль нэг цаг үед хүний хийсэн, бүтээснийг дэлхий дахинаа үнэлж байдаг юм байна гэж мэдэрсэн. Тийм учраас миний хувьд нэр хүндийн шагнал байлаа.

Б

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Мөнхбат өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ албан ёсоор чөлөөлөгдөх хүсэлт гаргасан УИХ-ын дөрөв дэх гишүүн боллоо DNN.mn

Парламентын түүхэнд бүрэн эрхээсээ татгалзаж, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн төрийн түшээд цөөхөн байдаг. Тэр дундаа яг өөрийнхөө хүсэлтээр өргөдөл гаргаж, бүрэн эрхээсээ татгалзсан нь хуруу дарам. Зарим нь нам, фракцийнхаа шахалтаар аргагүй эрхэнд гишүүний тэмдгээ “хураалгасан” гэх яриа улс төрийн хүрээнийхний дунд байдаг.

Н.Жанцанноровын хувьд 1993 онд эрүүл мэндийн шалтгаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХхүлээн авсан. Дараа нь 1996 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улсын нууц задруулсан гэх хэрэгт холбогдож, өөрийн сайн дураараа УИХ-ын гишүүнээсээ буусан юм. Дараагийн хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тэрбээр 2012 онд эхнэрийнхээ эрүүл мэндийн төлөө өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдсөн билээ. Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа. Тэрбээр УИХ-ын даргад хаягласан албан бичигт хүндэтгэх шалтгаан дурдсан байна. Ингэхдээ “Настай ээж маань эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна. Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа. Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно. Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс суртахуунтай байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ би дэмжиж байна” гэжээ.

УИХ-ын чуулган завсарласан байгаа энэ үед түүний асуудлыг өнөө маргаашдаа хэлэлцэж шийдвэрлэхгүй нь тодорхой. Иймд Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх хүсэлт ирэх гуравдугаар сард эхлэх хаврын чуулганы үеэр нэг талдаа гарах байх. Түүний өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаж байгаа энэ хандлага төрийн түшээдэд үлгэр болсон ёс суртахууны зөв үйлдэл боллоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

И.Мөнхжаргал: Бүгд нэгдэж нийлэхгүй, тус тусдаа хуралдаад байгаа нь асуудлыг улам төвөгтэй болгож байна DNN.mn

АН-ын генсек И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Танай намын эв нэгдлийн асуудал нийгэмд хүлээлт үүсгэсэн хэвээр байна. АН-ын төв байгууллага ҮБХ-ны олонх Л.Гантөмөрийг намын даргаараа сонгосон. Гэтэл нөгөө талд С.Эрдэнэ цахим санал хураалт явуулж Д.Ганбатыг намын дарга болсныг мэдэгдэв. Улсын дээд шүүх тэдний хэнийг нь намын даргаар бүртгэж авах вэ. Хоёр тал өөрсдийгөө хуулийн зөрчилгүй гэж тайлбарлаад байгаа?

-АН-ын эв нэгдлийн тухай хүн бүр ярьж байгаа нь сайн хэрэг. Намын гишүүд, дэмжигчид бүгд л хаа хаанаа намынхаа эв нэгдлийн асуудлыг хэлэлцээд явж байгаа. Гэхдээ нэг зүйлд бүгдээрээ төвлөрч ойлгох ёстой.

Эв нэгдэл гэдэг бол хэн нэгэн дарга сонгох тухай асуудал биш. Өмнөх олон удаагийн алдаагаа дахин, дахин давтаад байна. Улсын дээд шүүхээс долоон удаа буцаагдсан шийдвэрт “Нэгдэж нийлээд нэг л даргаа сонгоод ирээч ээ” гэдэг ганц тайлбарыг өгсөөр ирсэн. Үүнийгээ бүгд ойлгосон хэрнээ өөр өөрсдийнхөө үйлдлийг зөв гэж яваад байгаа юм. Одоо Дээд шүүхэд Л.Гантөмөр, Д.Ганбат нарын материалыг хүргүүлсэн нь ч хариу нь ойлгомжтой гарна. АН дотооддоо асуудлаа шийдээд, нэгдэж нийлээд нэг хурлаа хийгээд нэг хүнээ даргаараа сонгоод аваад ирээч ээ гэсэн хариугаа давтаж өгөх нь ойлгомжтой болчихоод байна. Ийм байхад намынхаа нэр хүндийг улам унагааж, даргын төлөө тэмцэл явуулаад хэрэггүй юм. Уг нь зөвшилцлийн ширээний ард бүгдээрээ суугаад нэгдэж нийлээд нэг даргаа сонгосон бол үр дүнд хүрэх байлаа. АН эвлэж нэгдэж байж эрх баригчдын дураараа авирлалтыг сөрөх хүчин байх болно.

-Л.Гантөмөрийг сонгоход ҮБХ-ны гишүүд бүгдээрээ намын эв нэгдлийг хангуулъя гэж санал нэгтэйгээр ээлжит бус Их хуралдаа оролцсон юм биш үү. Тухайлбал, танай зүгээс Эв нэгдэл ажлын хэсэгт орж ажилласан уу. АН-ын эв нэгдлийн гарц шийдлийг та юу гэж харж байна вэ?

-АН-ын дүрмийн дагуу намын бүх гишүүд хамтарч сууж байгаад асуудлаа хамтдаа шийдэх гарц байгаа. Түүнээс тус тусдаа хэсэг бүлгээрээ хуралдаж, нөгөө хэсэг нь оролцохгүй гээд гэдийчихээр хэдэн ч удаа эв нэгдэх ажлыг эхлүүлсэн үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Ганц шийдэл нь хамтарч асуудлаа шийдэх. Үүний төлөө ажлын хэсэг гарч ажиллаад хоёрдугаар сарын 18-нд намын Их хурлаа товлоод, тэнд бүгдээрээ цуглаж, асуудлаа тал бүрээсээ ярилцах ёстой. Шаардлагатай бол намын даргаа сонгоод явъя гэдэг гарцыг яриад байна л даа. Энэ санаачилгад бүгд нэгдэж нийлэхгүй, тус тусдаа хуралдаад байгаа нь асуудлыг улам төвөгтэй болгож байна. Бид ямар нэг зүйлийг намын гишүүдийн оролцоон дээр хамтарч шийдэхгүй бол Улсын дээд шүүх дээр очоод “Дотоод асуудлаа шийд. Хамтарч хуралдаад ир” гэдэг хариултыг олон удаа сонссон. Тиймээс хамтарч нэгдэхээс өөр ямар ч гарц харагдахгүй байна. Одоо Дээд шүүхэд намын даргын материалаа өгсөн хүмүүс сарын дараа хариугаа авна. Ингээд намын эвлэж, нэгдэх асуудал дахиад л хойшлогдоно. АН эрх баригчдын тоглоом болж байна.

-Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд АН хоёр талд бужигналаа. Энэ бол улс төрийн намын хувьд урт хугацаа. Гэтэл УИХ-ын сонгууль хаяанд ирчихээд байхад АН эв зүйгээ олохгүй байгаа нь харамсалтай. Ойрын өдрүүдэд ээлжит бус сонгуулийн тов яригдаад эхэлсэн байна шүү дээ …

-Мэдээж энэ тов үнэн байвал АН-ыг хүчгүй, олон хэсэг болгох нь эрх баригчдын зорилго. Намын гишүүдээ харахаар эрх баригчдын тоглоом болоод байгаагаа ойлгох хэмжээний хүмүүс байдаг. Эсвэл барьцаалагдчихаад ингээд тийчлээд байдаг юм уу.

-АН-ын тамганы асуудал байнга яригддаг. Тамга тойрсон хэрүүл хэзээ эцэслэгдэх вэ?

-Манай намын тамганы асуудал анхан шатны шүүх дээр маргаан үүсгэсэн хэвээр байгаа. Давж залдах шатны шүүхэд очсон боловч бүх асуудал нь анхан шат руугаа буцсан. Процессын хувьд ийм байна.

-Та бүхний зүгээс ирэх сонгуульд АН-аас нэр дэвших хүмүүсээ танилцуулсан. Энэ үйлдэл танай намд дахиад маргаан дагуулсан асуудал болохгүй юу?

-АН-ын зүгээс ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтэй залуу боловсон хүчнүүдээ нийтэд таниулах нь улс төрийн намд байдаг л хэвийн үйл ажиллагаа. Энэ нь сонгуулийн маргаашнаас л хийгдэж байх ёстой ажил. Ер нь сонгуульд оролцох шийдвэрийг намын төлөөллийн төв байгууллага гаргаж, нэр дэвшигчээ анхан, дунд шатны гишүүдээрээ хэлэлцүүлж, баталгаажуулаад Сонгуулийн ерөнхий хороо руу хүргүүлдэг. 2020 оноос хойш манай намын даргын суудал онгорхой байгаа шүү дээ. Гэхдээ 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болон нөхөн сонгуульд оролцсон. Одоо орон нутгийн сонгуульд ч манайхаас хүн өрсөлдөх нь нээлттэй. Энэ бол даргатай холбоотой асуудал биш юм. Намыг төлөөлөх эрх бүхий байгууллага нь байгаа учраас хуралдаанаараа шийдвэрээ гаргаад сонгуулийн хуульд нийцсэн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлэхэд хүлээж авна. Харин аль талыг нь хүлээж авах вэ гэдэг маргаан үүсч магадгүй.

Ер нь манай намын маргаан удирдлагын түвшинд болоод байгаа. Жишээлбэл, Өвөрхангай аймагт нэр дэвших хүсэлтэй гурван залуу байлаа гэхэд тэдэнтэй маргах ямар ч удирдлага байхгүй. Тэгэхээр АН сонгуульд оролцох л юм бол нэр дэвшигчид нь тойрог дээрээ танигдах, юу хийх нь үүрэг.

-Сөрөг хүчингүй эрх баригчид юу хүссэнээ дураараа хийж болдгийг ард түмэн харж байна. Жишээлбэл, хэд хоногийн өмнө Н.Учрал гишүүний санаачилсан цахим хууль гэрлийн хурдаар батлагдаж, олон нийтийн амыг үдэхийг санаархлаа. Иймд АН яаралтай нэгдэж нийлэх ёстой юм биш үү?

-Уг хууль батлагдсантай холбогдуулан АН байр сууриа маш тодорхой илэрхийлж байгаа. Энэ бол ард түмний үзэл бодлоо илэрхийлэхийг хориглож, боомилсон хууль байна гээд Ерөнхийлөгчид манай намын зүгээс хандсан. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн бэлгэдэл, олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй хүн. Энэ хүн улс төрийн намаасаа татгалзаад, бүх ард түмний эв нэгдлийг хангагч болсон. Тиймээс ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж, хориг тавиач гэсэн хүсэлтийг АН-ын зүгээс илгээсэн. Үүнийг хүлээж аваад хориг тавьж байгаад нь талархаж байгаа. Ерөнхийлөгч аль намаас хамаараад сонгогдсоныг нь үл хамааран зөв зүйтэй шийдвэр гаргавал дэмжээд явна.

-Ерөнхийлөгч өөрөө захиалсан хуулиндаа хориг тавилаа. УИХ түүний хоригийг хүлээж авахгүй гэдгийг мэдэж байгаа учраас ийм шийдвэр гаргасан гэж олон нийт харж байгаа бололтой?

-Энэ хоригийг УИХ хүлээж авна гэдэгт итгэж байна. УИХ дахь АН-ын бүлэг уг хоригийг хүлээж авахад идэвхтэй оролцож, үүрэгжүүлэх чиглэл хүргүүлж байгаа. Мөн УИХ-ын даргад энэ хоригийг хүлээж авах тал дээр гишүүддээ ойлгуулах талаас нь шаардсан байгаа. Тэгээд ч энэ хууль нийтээр хэлэлцэгдээгүй. Процессын хувьд хууль зөрчсөн. Хууль батлагдсан өдрөөс хойш Ерөнхийлөгчийн хориг тавих 14 хоногийн хугацаа байдаг. Гэтэл энэ хууль батлагдсан өдрөөсөө хойш гурав хоногийн дараагаас хэрэгжээд явахаар алдаатай юм билээ. Хэрэв энэ хуульд хориг тавихгүй байсан ч Үндсэн хуулийн Цэц дээр очоод унана.

-АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй болгож, улс төрийн нөлөөнөөс ангид байлгах хэрэгтэй гэж та мэдээлсэн. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Авлигын асуудлыг бид өнгөрсөн онуудад эрчимтэй ярьж байсан. 2022 оны сүүлээр нүүрсний хулгайн хэрэг ил болж, ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. АТГ-ын тогтоосноор авлига, албан тушаалын хэргийн улмаас өнгөрсөн 2022 онд улсад учруулсан нийт хохирлын хэмжээ таван их наяд төгрөг гэж зарлагдаж байна. Энэ бол 2022 оны улсын төсвийн дөрөвний нэгээс ч их дүн юм. Ийм байхад иргэд бухимдах нь битгий хэл энэ улс авлигадаа живчихсэн байна шүү дээ. Авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа нийт таван их наяд төгрөгт холбогдсон хүний тоо 100 хүрэхгүй байна. Хэдхэн хүн улсын төсвийн дөрөвний нэгийг хулгайлаад идчихээд ард түмэнд хохирол учруулж байгааг анхаараач ээ. Зөвхөн нүүрсний хулгайд 44 их наяд төгрөгийн авлига яригдаад байна. Улсын төсвийг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө. Авлигатай тэмцэж байсан орнуудын туршлагыг харахаар авлига албан тушаалын хэрэгт холбогдсон нийт улстөрчид нийгмийн анхааралд оруулж, олон нийтийн хяналт дор шийдвэрлэж байж нөлөөллөөс ангид байдаг юм билээ. Ер нь ийм том дүнтэй авлига, албан тушаалын хэргийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд үйлддэг. Энэ нь чимээгүй шалгагдах юм бол цаашид замхардаг. Үүнийг зүгээр хардалтаар яриад байгаа юм биш. Өнгөрсөн онуудад шүүх хуралдаанаар шийдэгдсэн статистикийг үзвэл маш ойлгомжтой харагдана. Яагаад гэвэл манай шүүхийн систем өөрөө ялзрал руу орчихсон. Анхан шатны шүүхээр эрүүгийн зуун хэрэг шийдэгдлээ гэхэд 50 хувь нь давж заалдах шатан дээр очоод өөрчлөлт орчихдог. Тэрний 25 хувь нь хэрэгсэхгүй болоод үлдсэн нь магадлалд өөрчлөлт оруулна гээд явдаг. Цаашаа шийдэгдэж байгаа 50 хэргийн дахиад тэн хагас нь Улсын дээд шүүх дээр очоод өөрчлөлт орчихдог. Үүнийг 2021, 2022 оны шүүхийн тайлан мэдээнээс харвал шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг нь тун цөөхөн байна. Тал нь алга болчихдог. Сөрөг хүчний хувьд авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд энэ төрлийн хэргийг иргэдийн хяналт дор шийдүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар
сарын 2, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 12, хэрцгий
охин одтой, цагаагчин туулай
өдөр. Өдрийн наран 8:19 цагт
мандан, 17:53 цагт жаргана.
Тухайн өдөр гахай жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр,
луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи
татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг
цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал
аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух,
хийморийн дарцаг хатгахад сайн. Газар
хагалах, ус булгийн эх малтах, уул овоо
тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар
яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сүрдмээр шинэтгэлүүд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Даатгалд хамрагдахыг хүсдэггүй, салбарын ачааллаас үүрэлцэх сонирхолгүй хувийн эмнэлгүүдийг зарлаж, хариуцлага хүлээлгэх шаардлагатай” гэснийг I нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Бизнесийн удирдлагын
доктор, эрхзүйч
Б.Лхагважав “НӨАТ-ыг 100
хувь буцааж
өгснөөр хар
зах зээл,
авлигыг устгах
том хөшүүрэг
болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сүрдмээр шинэтгэлүүд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, Дундговь сүүл мушгилаа

Мета компанид Х.Нямбаатар биш
монголчууд төртэйгөө хамт доромжлуулсан
гэдгийг бүгдээрээ ойлгоё

“IHC койн өснө гэж итгүүлсээр байсан учир 140 сая
төгрөгөө оруулаад хоёр сая болтол нь салхинд хийсгэлээ” гэснийг VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Антарктидын озоны цоорол багасжээ DNN.mn

Өмнөх жилүүдтэй харьцуулахад Антарктидын озоны цоорол багассаныг эрдэмтэд тогтоожээ.

NASA болон Агаар мандлын судалгааны хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн оны аравдугаар сард Антарктидын озоны цоорлын нийт талбайн хэмжээг ойролцоогоор 23.2 сая км2 гэж тооцоолжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм. NASA-гийн мэдээлснээр сүүлийн 20-иод жил озоны цоорол буурсан үзүүлэлттэй байна гэв. Добсоны гэх спектрофотометрийг ашиглан озоны цоорлын хэмжээг тогтоох бөгөөд агаар мандлын босоо баганад озоны агуулгыг тооцоолдог.

Озоны давхарга нь дэлхийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Мөн түүнчлэн озоны хийн нягтрал маш бага хэсгийг “озоны цоорол” хэмээн нэрийддэг. Эрдэмтэд анх 1974 онд нарны гэрэл, хлор эсвэл бромын агуулгатай бодисууд нэгдэж, озоны цоорол үүсгэдэг гэдгийг тогтоож байсан бол 1985 онд Антарктидын озоны цоорлыг илрүүлсэн юм. 1987 оны Монреалын протоколын дагуу дэлхийн улс орнууд хлор болон фторын хэрэглээг хязгаарлах болсон.

Тус цоорол нь үзүүлэлтийн хувьд багасах, битүүрэх, томрох боломжтой. Тухайлбал 2020 оны тавдугаар сард Антарктидын цооролд битүүрсэн үзүүлэлттэй байсан бол тун удалгүй цоорол дахин үүсжээ.

Categories
мэдээ нийгэм

Францад бүх нийтийн ажил хаялт болж байна DNN.mn

Тэтгэврт гарах насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн ажил хаялт өчигдөр Франц улсад эхэлжээ. Тус улсын үйлдвэрчний эвлэлүүд өнгөрсөн сарын хугацаанд хоёр дахь удаагаа бүх нийтийн ажил хаялт зарлаж буй нь энэ юм. Өмнөх нь өнгөрсөн сарын 19-нд болж байв.

Өнөөдөр Францын хотуудад 500 мянга гаруй хөдөлмөрчид гудамжинд гарч ирэн эсэргүүцлээ илэрхийлсэн нь 2010 оноос хойш хамгийн өргөн хүрээтэй жагсаал байсан гэж хэвлэлүүдэд бичиж байна. Тэгэхэд Ерөнхийлөгч Н.Сакози тэтгэвэрт гарах насыг хоёроор нэмж, 62 болгож байсан аж. Харин Энэ удаа Э.Макрон дахин оёроор нэмж, 64 болгох гэж байгаа юм. Тэрбээр энэ санаачилгаа “Тэтгэврийн санг дампуурлаас аврахын тулд” гэж тайлбарлаж буй ч иргэд хүлээж авах дургүй байгаа юм.

Энэ удаад тус улсын хамгийн том найман үйлдвэрчний эвлэл ажил хаясан. Ингэснээр улс даяар сургууль, цэцэрлэг ажиллахгүй, нийтийн тээвэр зогсоод байна.